Choijamts


Basic information
Interviewee ID: 990901
Name: Choijamts
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: [unknown]

Additional Information
Education: [unknown]
Notes on education:
Work:
Belief:
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession:
Father's profession:


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Click here to submit your own keywords for this interview

Please click to read an English summary of this interview

Transcription:



The Oral History of Twentieth Century Mongolia

Бямбажав -

За тэгэхээр энэ Английн Кембрижийн их сургууль болон манай ОУМСХ хамтран хэрэгжүүлж байгаа “Аман түүх” хэмээх энэ төсөлд та оролцож байгаад би маш их талархаж байнаа. За тэгэхээр ярилцлага эхлэхээс өмнө танаас асууж лавлах, тохиролцох хэдэн зүйл байгаа юмаа. Нэгдүгээрт нь юу гэхээр таны бидэнд ярьсан бүх яриаг дуу хураагчаар болон бичгээр үлдээх бөгөөд дараа нь Кембриж болон Монголд хувилан үлдээж архивлан хадгалах болно. Ирээдүйд таны өгсөн энэ ярилцлага олон судлаачдад судалгааны материал болох бөгөөд мөн бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хийгээд ном сэтгүүл болгон хэвлэнэ. Тэгэхээр та энэ бүхнийг уг зорилгуудаар хэрэглүүлэхийг бидэнд зөвшөөрөх үү?

Чойжамц -

Зөвшөөрнөө.

Бямбажав -

Өө за. За бас нэг өөр зүйл байна. Та өөрийнхөө нэрийг нууцалж үлдээх үү, аль эсвэл нуухгүй байх уу?

Чойжамц -

Нуугаад ч яах юм билээ?

Бямбажав -

Аан, за за. За ингээд одоо хоёулаа ярилцлагаа эхлэе. Та тэгэхээр одоо юуны өмнө одоо бага насныхаа тухай одоо та юу дурсаж явдаг, танд юу санагдаж байна? Тэр бүхнийгээ тухай илэн далангүй ярьж эхэлнэ үү?

Чойжамц -

За тэгье. Би 1928 онд тэр үеийн Хантайшир уулын аймгийн Хилэн Сартуулын хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт ард Балжиннямын, малчин ард Балжиннямын 3-р хүү болж төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн нар, эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад (хн…) мал маллаж, хурга ишиг тугалтай маллаж, хөөцөлдөж өссөн ийм жирийн л нэгэн малчин ардын хүү. Миний түүх, бага насны түүх бол Монголын ард түмний тэр үеийн хүмүүсийн одоо айлын хүүхдийн нэгэн адил тийм л түүх, тийм л амьдралаар явсан тийм л одоо түүх байгаа юм. 1 наснаас 7 нас хүртэл эцэг эхийн нар дээр байж байгаад 6 наснаасаа эхлэн одоо тэр үед манай Галуутын хүрээний нэлээн сайн лам гэгдэж байсан Содов гэдэг хүнд шавь орж, тэнд 1 жил гаран Төвд ном заалгаж байлаа. Төвд ном заалгах … заалгаж байх тэр үед, хугацаанд … Төвд номыг номын үсгийг заалгаж байхад Монголоор нэг өөр хэлээд, жинхэнэ унших, ном мом болоод унших дээр өөр болоод хувирдаг учраас Төвд хэлийг би, бичиг сурсангүй ээ. Тэгээд багшдаа нэг өдөр хэлсэн. Юу гэж хэлсэн гэхээр “Би энэ таны номыг чинь би сурахгүй юм байнаа. Та надад Монголоор заахдаа нэг дуудлагаар заадаг. Аан уншихаар өөр заадаг. Аан, өөр дуудлагаар заадаг болохоор энийг чинь би сурч чадахгүй” гээд ингэж хэлээд “Би больлоо” гэж хэлээд ингээд больчихвоо. Энэний дараагаар манай нутгийн хоёр хохь тайж Гэгдоржид, аан… Дашхүү тайж гэж хоёр тайж байсан. Тэр 2 маань нэг нь, Дашхүү тайж нь зун манайхан айл аймаг саахалт байдаг, Гэгдоржид тайж нь өвөлд бид нар ойролцоо говьд байдаг. Ийм хоёр тайж. Нэгээр нь өвөл Монгол бичиг, дөрвөн аргын, хуучин монгол бичиг, дөрвөн аргын тоо. Аан нөгөөдөх нь мөн зун монгол бичиг, дөрвөн аргын тоо заалгаж, ингээд 8 насандаа монгол бичгийг бичдэг уншдаг болгосон. Энэ хоёр хүн бол үнэхэр одоо сайн одоо тэр үеийн монгол бичгээр, бичгийг гаргуун мэддэг ийм хоёр тайж байсан. Энэ хоёр тайжийн хүчинд би монгол бичгээ юу …заалгаж болсон. Манай нутаг чинь аан… монгол улсын одоо хамгийн хүйтэн газар гэж тооцогддог тийм ч учраас аан… манай хошуу болбол өвөл хангайд байх бололцоо байхгүй. Яагаад гэвэл хүйтэн болно. Цас их унадаг. Тийм болохлоор унаа уншны аргыг олоод говьд нүүдэг. Тэгээд говьд бол яахав өнтэй жил нь бол яахав их бага Баянхайрга орно. Зарим хүнд хэцүү жил болбол бүр Баянхонгор аймгийн, одоогийн Баянхонгор аймгийн хойд тал хүртэл бараг 200-гаад км нүүнэ, нүүж өвлийг барна. За энэ нь болбол юу гэсэн үг вэ гэхээр малаа аан… арчлах хамгааалах, малын зуд турханаас хамгаалах ийм зорилготой ингэж нүүдэг байсан. Ингээд хаврын 3-р сараас эхлээд эргэж Хангай руугаа нүүнэ. Хангай руугаа нүүхдээ өдөрт нэг 10 км, 20 км орчим газар нүүгээд тэгээд бууна. Тэндээ нэг 2-3 хоноод, ахиад дараачийнхаа буудал дээр бууна. Иймэрхүү янзаар нүүсээр байгаад Хангай, Говь хоёрын завсар аан… нутагт ирж, малаа төллөж, төллөлж дуусгана. Аан тэндээ мөн одоо малаа хөнгөлнө. Энэ нь бол юу гэж байгаав гэхлээр оройтож голдож хангайд гараад, гарч ирсэн хойноо малаа хөнгөлөхөөр нөгөө одоо ялаа, өтнөөс хамгаалж, тэгээд хамгаалж, тэнд мал, хурга ишгээ хөнгөлсний дараагаар одоо 5 сарын сүүлч, 6 сарын эхээр Хангайдаа гарч ирж, ингээд зусландаа гарч, ингээд гардаг юмаа. Хангайд гарч ирнэ гэхдээр яахав гэхдээр зөвхөн зуныхаа одоо байдлаар л одоо гарч ирнэ. Зусах байдлаараа. За энэ нь юу гэсэн үг үү гэхээр өвөл хэрэглэж байсан хувцас хунар, өвөл хэрэглэж байсан гэрийнхээ давхаргыг говьдоо зооворт зТогоод, зоовор гэдэг нь юу вэ гэхдээр аан… говь, өвөлжөөндөө газар ухаад ч юмуу, хадны ангалагт ч юмуу өвөлд хэрэглэж байсан гутал хувцас ч, дээл хувцасаа тэнд нь булж, хадны ангалагт орхиод хангайд хөнгөн гарч ирнэ. Хангайдаа гарч ирээд зун нь хэрэглэдэг хувцас, зун нь хэрэглэж байсан сааль, малын саалийн сав суулгыг мөн хангайд зоовроосоо гаргаж ирээд тэгээд хангайдаа гарч ирнэ. За хангайд гарч ирээд яахав гэхдээр хүүхэд бидний ажил юу байдаг вэ гэхдээр хурга тугалаа хариулах, хонио хариулах, за хангайд болбол яахав дээ бид нар чинь хамаатан садан ч юм уу, сайн танил найз ийм гэсэн 7-8 гэр нэг хот болно. Хот болоод малаа нийлүүлээд хамтарч одоо малаа хариулна. Малаа арчлана, хамгаална. За тэгээд хонины ээлж, айл бүр хонины ээлжтэй. Нэг 7-оос найм есөн хоног болоод хонины ээлж маань эргэж ирнэ. Хонио хариулна. Аан (дуу өндөрсөж сэргэв) хонины ээлжгүй өдөр бид нар чинь одоо яахав гэхдээр гэр бүлийнхэндээ, аав ээждээ туслана. Усаа авна. Модоо аан… ууланд гарч мод зөөнө. Аан… Зэлээ цэвэрлэнэ. Мөн одоо малын баасыг овоолоод шавааны аргал хийж бэлдэнэ. Ингэсээр 9 сарын одоо аравдаар говь руугаа нүүнэ. Яагаад гэвэл 9 сарын тавдаар юм уу, эхээр манай нутагт чинь цас орж хүйтэн болж эхэлнэ. Тэгээд нүүсээр, аан… хангай говийнхоо завсар намаржаандаа буудаг. Намаржаандаа буугаад тэгээд намаржаандаа бууж, тэндээ байж байгаад тэгээд өвөл болох дээр, бүр өвөл говь руугаа ингээд орчихдог, нүүгээд орчихдогийм. Өвөл болбол бид нар мөн л өвөлжөөндөө хоёр гурван айл л байна. Хоёр гурван айл чинь мөн л хонио, хонь малаа ээлжилж хариулна. Хонины ээлжтэй. Өвлийн цагт одоо болбол яахав аан… хонио ээлжилж хариулна. Өвөл бол хэцүү л дээ. Хатуу. Үнэхээр хэцүү. Гэлээ ч гэсэн одоо яахав дээ. Одоо бид нар л хониндоо явдаг юм чинь. Хонио хариулдаг юм чннь. Өглөөд бол нэг яахав хонио бэлчээчихнэ. Манайх нэг нохойтой байсан. Нэг айл бүр нэг, нэг нэг нохойтой байсан. Манай нохой нэг, нэг нохой байсан. Тэр бол айхтар их хоточ, айхтар их анч нохой. Тэрнийгээ дагуулаад л, тэр маань ч одоо өглөө босоод л нар гарахын үед л хотоо тойроод л нэг, хоёр гурав хуцна. Аан тэгтэл хонь маань босно. Шээнэ. Тэгээд л мань эр, ижий маань нохойдоо хоол өгөөд л. Аан… хоолыг нь өгчихөөд л, тэгээд л би ч өглөөнийхөө цай ундыг уучихаад нэг ээзгий нэг баахан, жаахан өвөртлөөд, нэг бөөрөнхий цагаан тос сонингийн цаасанд боож өвөртлөөд л. Нэг муу шилбүүр бариад л хониндоо явна даа. Тэгээд л нэг… (санаа алдав) гэрээсээ хол нэг 10 км-ын цаана хонио хариулна. Орой нэг аан… бүрэнхий, харанхуй бүрэнхий болоход хонио хотлуулна. Нохой маань хонио дагуулаад л, хонио хойноос нь хөөгөөд л, тэгээд л орж ирдэг байсан. Ийм л ажилтай. Ийм л хөгийн амьтан л. Хөгийн явдал ч юу байхав дээ. Багад тохиолдсон миний нэг санаанаас гардаггүй нэг зүйлийг яръя гэж бодож байна. Юув гэх дээр. Манайх. Аан… (мм) Говь өвөлжөөнөөсөө хангай гарч ирэх хугацаандаа нэг, долоо найман удаа нүүж, хангайдаа гарч ирнэ. За ингэхдээ яахав аан… би түрүүн хэлсэн. Малаа хөнгөлнө. Хөнгөлснийхөө дараагаар л жинхэнэ хангайдаа гарч ирнэ. Тэгээд тэр “Хээр цагаан толгой” гээд говь хангайн завсар газар байдаг нэг тийм жижигхэн уулын өвөрт манайх гэрээрээ буусан. Тэгээд тэндээсээ аан… хангайдаа гарч ирэхэд нэг, гучаад км. Гучаад км гэдэг маань нэг урт л нүүдэл л дээ. Тэгээд би болбол хонио туугаад, манай аав ээжийн гэр, нөгөө айлын 3 гэр маань ачаагаа ачаад л, ачлагаа, ачлагаа дагаад л, үхрээ туугаад л, одоо ингээд түрүүлээд явчихна. Би нохойтойгоо хонио хариулаад, хонио аажимхан туугаад, хариул хариул… Хонь хариулах журмаар хонио туугаад. Одоо ингэж явсаар байгаад газрын дунд орж ирэхэд харанхуй болдог юм байнаа. Тэр чинь одоо өдөр нэлээн уртасчихсан. Ийм үе шүү дээ. 6 сарын эхээр. Тэгж туусаар туусаар байгаад замын дунд болоход сөнө харанхуй боллоо. Тэр яг зам дээр минь тэр аан… “Шар нуруунуудын жалга” гэж нэх том жалга байдаг юм. Их өндөр хэц эрэгтэй. Дээрээсээ ямар ч амьтан орох арга байхгүй. Ганцхан баруун талаасаа ордог ийм одоо амтай ч гэх юм уу даа. Тийм. Тэгээд нохойтойгоо хоёулаа л шөнө хониныхоо цаагуур ороод, хонио энэ жалга руу … Би энэ баруун гараар нь хонио ороод, хонио энэ жалганд хийгээд, жалганд оруулаад. Тэгээд хоёулаа хонио тэр жалганд оруулаад, жалганы мухарт хориод. Тэгээд тэр жалганы мухарт нэг жаахан тийм тунасан устай. Жаахан булагтай ч байсийм байхаа даа. Тэр уснаасаа хоёулаа, нохойтойгоо хоёулаа хувааж ууна. Тэгээд нэг боорцог моорцог-гийн цутгамал гэх мэтийн нэг тийм идэх уух юм өвөртлүүлээд л. Тэгээд л тэрнийгээ хоёулаа хувааж идээд л. Тэгээд л хониныхоо, жалганы аман дээр хоёулаа ирийтэл суугаад л өгсөн чинь хоёулаа унтчихжээ. Маргааш өглөө нь боссон чинь нар гарцан байна. Нохой маань нөгөө эрт сэрдэг юм болохдээр хуцаад явчихлаа. Босоод ирсэн чинь нар гарцөөн байж байна. Тэгээд хоёулаа хонио жалганыхаа, аасаа гаргаад туугаад, наашаа явж байтал манай гэрийнханаас, айлын хүмүүс бид, аан … хонио угтаж, бид хоёрыг угтаж, морьтой хүн ирэв. Тэгээд хонио туусаар байгаад орой нэг 4 цагийн үед гэртээ ирж байсан. Тэгээд л хоёулаа нэг хоол унд идэж, гэдсээ гарч, тэгж байж.

Энүүгээр би юу хэлэх гэж байнав гэхдээр тэр үеийн Монгол айлын нохой гэдэг чинь малчин. Тийм л нохой байсийм. Их том нохой. Манай нохой бол тийм цагаан зүрхтэй, сүүлний нь үзүүр нь цагаан. Хар нохой байсан. Аан… Хүнд дасдаггүй тийм нохой байжээ. Ингээд аан… Байсаар аан… 1939 он хүртэл хөдөө мал маллаж байсан. За хөдөө зуны цагт болбол хот айлаараа малаа хамжиж дэмжиж, бүгдээрээ хамтран маллаж ингэж байсан.

За манайх болбол нэг тийм аан … Олон малтай, баян чинээлэг айл байгаагүй. Манайх болбол нэг их тийм ядуу ч айл байгаагүй. За нэг аан … Хонь ямаа нийлсэн нэг 25-30 бог малтай. За, Сартуул болбол ерөөсөө Монгол үхэр гэж байдаггүй. Дандаа сарлагтай. За нэг том жижиг, эр охин нийлсэн нэг 23, 24 сарлагтай. Тэрнээс нэг арван гурав дөрвөн үнээ саана. Аан… олон малтай айлууд маань болбол яахав гэхдээр аан … олон хоньтой, хонь ямаатай айлууд бол манай нутгийн одоо тийм цөөн малтай айлуудад холбоо хонь өгч зун саалгадаг. Аан тэгээд зун саалгаад, сүү шимийг нь бид нар авна. Аан 7 сард хонины ноос хөөрөхөөр нь бид ноосыг нь хяргаж, тэр айлд өгнө. За тэгэхлээр тэр айл болбол яахав тэрний хөлсөнд нь болбол нэг, хоёр шуудай юмуу, гурван шуудай ноос өгнө. Аан манайх бол тэр ноосыг нь аваад нэг хоёр гурван жил болсоны дараагаар нэг гэрийн бүрээс эсгий хийдэг. Тэгээд л олны, бие биенийхээ дэмжлэгэнд л малаа маллаж, сүү саалиа хурааж, ингэж л авдаг л, ийм л байсан даа. Их ч тусч, их ч сайхан зантай тийм айлууд байдагсан.

Аан … Өвөл зуны улиралд болбол ер нь тэгээд л нэг л, хоёр гурван гэрээрээ, долоо найман гэрээрээ хот айл гэж. Одоо болбол (дуу нь өндөрсөв) улсууд хот айл гэж ингэж ингэж бий болчихлоо ингэж ярьдаг. Энэ болбол хот айл гэж одоо л ийм болсон юм бишээ. Монголын ард түмэн чинь өөрийнхөө түүхэнд, хэдэн зуун жилийн түүхийн туршид хамтран ажиллаж аан … айл хотлоороо хамтран ажиллаж, айл хотлоороо хамтран амьдарч, малаа өсгөж, хамтарч ажиллаж байж, байсан ийм л, ийм түүхтэй юм. Тэгээд одоо яагаад ч юм одоо манай зарим түүхчид, зарим одоо улс төрчид хот айлын систем гэдэг ийм юмыг одоо л бий болчихсон юм шиг ярьдагийм. Энэ чинь тийм байгаагүй юм шүү.

Монгол хүн гэдэг чинь өөрийнхөө энэ байгальд тохирсон, энэ байгалийн бүтээгдэхүүн. Мал маань ч гэсэн энэ байгалийн бүтээгдэхүүн учраас өөрийнхөө олон зуун жилийн, түүхэн олон зуун жилийн туршид энэ хамтран ажиллах энэ юм нь ашигтай тустайг ойлгож, хамтран ажиллаж, хот айлын системээр ажиллаж байсан юм шүү гэдгийг би энэ далимд ер нь зориуд хэлье гэж бодож байна.

За нөгөө нэг юу … Аан … явдал нь юу гэхдээр. Монгол хүн байгаль орчинтойгоо, аан … байгаль орчноо хамгалаах, байгаль орчноосоо хишиг хүртэх, байгалийн ан амьтанаа хамгаалах, ан амьтаныхаа хишгийг хүртэх гэж нэг ийм юм, явдал, юм, явдал байсан. Энэ үнэхээр одоо байгаль орчноо шүтдэг, байгаль орчноосоо хишиг хүртдэг. Аан байгаль орчноо ч хамгаалдаг байсан. Ан амьтанаа ч гэсэн хишиг хүртэж, ан амьтанаа ч гэсэн хамгаалдаг байсан. Би энийг юун дээр тулгуурлаж хэлж байнав гэхдээр, хүн өөрөө, монголын хүн өөрөө Монгол нутгийн байгалийн бүтээгдэхүүн. Энэ Монгол нутгийн байгаль дээр байж байгаа мал, ан амьтан, энэ дотор чоно хүртэл хамаарна гэж. Энэ бол бас л Монгол нутгийн байгалийн бүтээгдэхүүн. Чоныг одоо бид нар малын дайсан гэдэг. Аан чоно мал барьж иднээ. Ан амьтанаа ч барьж иднэ. Аан хүн мөн адилхан. Малаа ч маллана. Малаа ч өсгөнө. Малаа ч барьж иднэ. Малаа ч иднэ. Энэ болбол одоо байх ёстой зүйл. Гэхдээ бид нар хэтэрхий нэг талыг барьж болохгүй. Яагаад гэвэл чоно бас л хүнтэй адилхан энэ байгалийн бүтээгдэхүүн. Чоно бас л амьдрах ёстой. Амьдрах эрхтэй. Амьдрах хувь заяатай. Амьдрахдаа тэр чоно чинь юугаар амьдрахав гэхдээр мөн л хүнтэй адилхан мал барьж иднэ. Ан амьтанаа барьж иднэ. Аан хүн тэрэнтэй адилхан. Түүгээр ч барахгүй хүн маань малаасаа дор. Зарим үед. Хэдэн зуугаар нь одоо. Ялангуяа одоо болбол хэдэн зуугаар нь тэр алс холын нутгаас машинаар ачиж, энд авчирч, баяр ёслолын үеэр одоо нийслэлийн улсуудад худалдаад л. Тэр улсууд нь тэр олон мянган малыг алж идэж. Түүгээр ч барахгүй нэг, хоёр гурав хоноод дахиад л хонь барьж ирж, хонь алж иддэг. Бидний үед чинь тийм байгаагүй юм. Бид нар одоо аан… үед чинь малаа ч одоо хамгаална. Малаа ч ашиглана. Аан тэрэнтэй адилхан аан чоно ч бас одоо тэр тэр малыг идэх ёстой. Хүн ч малаараа одоо амьдарч байх ёстой. Энэ нэг ийм юм зүйл байна. Монгол хүн аан … бол их ухаантай, их одоо ард түмэн. Би энийг юугаар хэлэх гэж байна вэ гэхдээр Монгол хүн малынхаа арьс ширийг өөрснөө боловсруулж, өөрснөө боловсруулсан арьсаараа гутал хувцасаа хийнэ. Өөрснөө элдэж боловсруулдаг. Ийм байсан. Монголын арьс шир боловсруулах технологи гэдэг маань дэлхий дээр бараг хосгүй, тийм технологи. Энэ технологи гэдэг нөгөө нэг ямар технологи байсан бэ гэхдээр ерөөсөө л амьтаны гаралтай байга … биш. Байгалийн гаралтай түүхий эдээр арьс ширээ бидний идээлж боловсруулаад, элдээд, талхиад, хянгардаад, хэдрэгдээд, ингээд арьсаа боловсруулдаг. Энэ технологи болбол одоо ерөөсөө хаа ч байхгүй. За орчин үед болбол яахав арьс ширийг түргэн хугацааны дотор боловсруулах зорилгоор химийн бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсон. Энэ химийн бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг болсоноор арьс ширийг боловсруулах явдал түргэссэн нь үнэн. Энэ бол ашигтай тал. Аа нөгөө талаас бол байгальд их хортой. Тэр арьсий нь боловсруулсан химийн бүтээгдэхүүнийг чинь одоо хаяхаас өөр арга байхгүй. Байхгүй ш дээ. Тэгээд тэр маань байгальд их хор муу нөлөөтэй. Байгальдаа ч л, хүн амьтан, ан амьтан, мал аж ахуй эндээ хүртэл одоо их хортой, ийм технологи. Аа Монголын өөрснийн боловсруулж хийсэн тэр технологи болбол байгальд ямар ч хор байхгүй. Ийм л технологи. За арьс шир боловсруулах технологийн хувьд энэ ноосоо ч гэсэн бид нар мөн л Монголын өөрс өөрийнхөө Монгол технологиор хужир давсаараа угаагаад, ингээд л хэрэглэдэг. Тэгээд л аан … эсгийгээ хийнэ. Эсгийгээ … Хийсэн эсгийгээгээрээ ширдэгээ хийнэ. Гэрээ бүрнэ. Гэрээ аан… бүрнэ. Малынхаа тохомыг хийнэ. Ингэж л боловсруулдаг байсан.

За нөгөө нэг асуудал бол би байгаль орчноо их хамгаалдаг байсан гэж. Монголчууд болбол аан … Байгалиа үнэхээр сайн хамгаалж, байгалиа хамгаалж, их сайхан ханддаг байсан ийм заншилтай. Жишээлэх юм бол, Монголчууд болбол одоо модонд гараад модыг, залуу модыг огтолдоггүй. Дандаан тийм модны унасан мөчир, өгөрсөн модыг авч түлээндээ хэрэглэдэг. Нэг онцлог энэ.

Нөгөө нэг онцлог нь юув гэхдээр хөдөөгийн малчин ардууд болбол модноос уургын мод авдаг. Уургын мод авахдаа их учиртай. Зүгээр очоод нэг огтлоод авчихдаггүй. Дүлчингийн саа гээд нэг тийм саа .. аан … Дүлчингийн саарал гээд нэг тийм саарал шороо байдаг. Тэр газраа очиж одоо аан … Ийм зорилгоор одоо мод огтолж авна. Энийг одоо огтлоход одоо зөвшөөрөл ч гэдэг юм уу, аан … одоо битгий муухай дошгин битгий загнаарай. Байгалиа одоо тэгж тахиж байгаа ийм зорилго нь болбол “Дүлчингийн саа”-гаа цацаад тэр орчиндоо. Аан тэгээд модыг болбол нэг, хоёр чавчиж л. Нарийхан, урт мод, тэгшхэн модыг хоёр л чавчиж. Тэгээд л тэр чавчсан аан… өнөө үлдэж байгаа хожуул дээр нь “Дүлчингийн саа”-гаа ингэж асгаад, тэгээд модоо аваад, тэгээд тэр дор нь өнөө мөчрүүдийг нь ингэж цайруулж, тэр доороо ингэж үлдээгээд, модоо аваад л, ингээд л явдаг. Түүнээс илүүгээр бол одоо тэгж илүү мод авна гэж байхгүй.

За зуны цагт бол аан … болбол одоо ан ман хийнэ гэж байхгүй. Намар болбол яахав нэг аан … буга юм уу, нэг бол гөрөөс ч юм уу, нэг бол ч одоо хэрэгцээтэй үедээ нэгийг л авч агнана. Түүнээс илүүгээр бол хоёр гурваар нь тэгж агнахгүй. Аан … тарвагыг болбол одоогийнхонтой адилхан тэгж хэдэн зуугаар нь хяддаггүй. Аан нэг, хоёр. Сайн л бол нэг хоёр гурван тарвага л ална. Тэрүүгээрээ, тэрүүгээ тэгж буудаж алахгүй. Хавхаар барина. Тэгээд л тэрнийгээ чанаж идээд л. Ингээд л болдог. Өөрөөр одоо тэгж одоо хамаагүй одоогийн улсуудтай адилхан том том машин, хурдан хүчтэй машин хэрэглээд л, хурдан буу одоо буугаар буудаж, арав хорь, гуч дөч. Одоо саяхан нэг сонин дээр гарсан байна лээ дээ. Зуугаад чоно аллаа л гэнэ. Тэгж чоныг алдаггүй. Чоно бол олддоггүй л дээ. Аан … Тэгэхдээ чоно болбол өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас байгалийн хуулиар өөрийнхөө тоог тэгшитгэж явдаг. Ер нь ан амьтан болбол өөрийнхөө тоог өөрөө тэгшитгэж явдаг. Тийм болох учраас хэтэрхий их одоо өсөж олон болох нь тун ховор. Ийм байжээ.

Ингээд 1939 онд Улаанбаатарт орж ирж, эцэг эх маань … Эцэг эхтэйгээ Улаанбаатарт орж ирж, 1940 онд Улаанбаатар хотын 5-р сургуульд … 10-р бага сургууль гэж байсан даа. Тэнд орж, 1-р ангид орж суралцаж байлаа.

Бямбажав -

За та түрүүн нохойтой байсан гэж ярьсан.

Чойжамц -

Тийн.

Бямбажав -

Тэр нохойныхоо тухай та илүү, өөр санаж байгаа зүйл байвал ярихгүй юу?

Чойжамц -

Тэр нохойг 1937 онд манай тэр үеийн Түдэвтэй сумын захиргааны галч, бичээч, зарлага гээд сумын захиргаанд нэг тийм орон тоон дээр ажилладаг байсан. Тэгээд яахав, тэр үед яахав дээ нэг нохойн гөлөг олж авсан. Тэгээд бид нар нэг нөгөө гурил будаагаа сард нэг удаа сумын захиргаа орж, сумын төв орж, гурил будаа авах, авах гэж ингэж ороход аав маань тийм нэг хөөрхөн хар гөлөг тэжээж. Хөгшин. Тэрнийгээ гэртээ авчирсан. За тэгээд гэртээ авчирахад, авчраад аан … Манайх тэжээсэн. Тэр бол үнэхээр хөөрхөн гөлөг байсан. Тэр гөлгийг бага жоохан байхад нь манай дүү бид хоёр өвөртөлж унтдаг. Тэгээд л яахав нэг жилийн болсон. Тэр нохой бол маш том нохой. Жинхэнэ монгол бан … Банхар. “Тайган халтар” гэдэг нохой. Хар сүүлтэй, цагаан нүүртэй, хав хар нохой. Хүнд дасна гэж байхгүй. Малд их сайн. Тийм нохой байсан. Тэгээд 1938 онд. Өнөө 39 оны өвөл манайх өвөлжөөндөө байж байхдаа аан … нөгөө хүнсээ гаргаад, хүнсээ гаргаад байж байсан. Манай айлын Батжав гэж нэг нөхөр байсан. Тэр, нөгөө хүнд дасдаггүй, айхтар тийм нохой байсан учраас тэрэн дээр аваачаад хор өгчихсөн. Тэр үед одоо бид нар учрыг нь сайн мэдээгүй байсан. Нэг өглөө босоод л, ингээд л харсан. Нохой маань үүдэн дээрээ даарцан, чичирцэн, уйлцан. Ингээд л байж байсан. Юу болсон, яахаа больсон юм бол гэсэн чинь өнөөх чинь л одоо зүгээр сүйд болоод л, даарч, чичрээд л. Ингээд л. Тэгээд тэр нохой маань ч тэгээд тэр дороо тэгээд хор идээд л үхчихлээ. Тэгээд тэр аан … нохойг Монгол ёсоор аан… Аав бид хоёр сүүлийг нь огтолж аваад, дөрвөн тавхайг нь ингээд огтолж, аан … Одоо хорыг нь гаргах зорилгоор ингээд дөрвөн тавхайг нь цусыг нь гаргаад л. Одоо зүгээр болгох гэсэн л оролдлого л доо. Уг нь тэгээд л болдог л байсан. Аа тэр болбол хэтэрсэн байсан. Хэтрээд хорл… Хэтэрхий хордсон байсан. Тэгээд тэр маань үхцэн. Тэгээд тэрнийгээ хоёулаа тэр өвөлжөөнийхөө урд талд нэг жижигхэн ийм жижигхэн овоо, толгой байдаг юм. Тэр толгой давуулаад тэр урд талд нь нэг ийм урагшаа харсан нэг тийм жижигхэн хамар хөтөр. Хөтөр өвстэй том монхор, тийм ийм товгор довон. Одоо хамар л гэж Монгол ярьдагдаа. Тэр хамран дээр одоо Монгол ёсоор өнөө нохойгоо тавиад, тэгээд л оршуулцан. Тэгээд тэрнийг одоо аан … мнний санаанаас тэгж оршуулсан гэдгийг ингэж байсан. Аан тэгтэл би 1989 онд нутагтаа нэг очсон. Тэгээд тэр өвөлжөө, хаваржаа, зуслангийнхаа гээд намаржаагаар очоод. Тэгээд гэв гэнэтхэн тэр нохойгоо санаад. Өвөлжөөнийхөө урд талын тэр нохой тавьсан газраа очиход тэр тавьсан газраа нохойн маань яс тэр чигээрээ байж байсан. Тэгээд би их уйлж байж билээ. Тийм сайхан нохой байж билээ гэж. Миний тэр нохой бол их хөөрхөн, их сайхан. Монголчууд тэрнийг “Тайган халтар” гэж нэрлэдэг. Ийм л нохой байсан юм даа. Нохойтойгоо хуваан … Хоол ундаа хувааж иднэ. Нохойтойгоо таргаа хувааж иднэ. Нохойтойгоо ааруул ээзгийгээ хувааж иддэг. Цэвэрч. Тэрүүгээрээ нохойгоо тоглоно. Нохойгоо чөдөрлөнө. Ногтолно. Тэгээд л хүүхэд … (хоолой нь зангирав) Тэр үеийн хүүхэд л ямар л байсан тэр л замаар нохойтойгоо тоглож, нохой, аан … нохойтойгоо хамт л байдаг байсан. Тэр үед ямар, хүүхдүүд ямар одоотойгоо адилхан тоглоом наадам гэж байсан биш. Тоглоом наадамыг бол яахав уулын чулуугаар гэр барьж тоглоно. За, морины хомоолоор аан … одоо аан … морь, морины хомоолоор морь болгож, тоолж тоглодог л байсан л даа. Тийм жамаар л , тэгээд л тоглодог л, тийм л байсан. Тэгээд тэр нохойгоо их өрөвддөг. Одоо хүртэл миний тэр нохой нүдэнд харагддаг ш дээ. (уртаар санаа алдав) Иймэрхүү л байсан даа. Өөр ч одоо юу ярихав?

Миний бага нас бол одоо иймэрхүү л өнгөр… Аан …, хүүхэд ахуй 1940 он хүртэл, 40-өөд, 39 он хүртэлх миний бага нас нэг иймэрхүү л байдлаар өнгөрсөн. За яахав тэр үед болбол яахав цаг хугацааны өөрчлөлт, өөрчлөлт, нийгмийн хөгжлийн өөрчлөлт зэрэг, зэргээс болоод Бурхан шашин устсан. Лам нар баригдсан. Нэлээд хэсэг лам нар нь одоо ал… Аан … хэлмэгдэж, амь үрэгдсэн. Нэлээд хэсэг лам нар устсан. Их л юм. Гэндэнжав, Тогоо гэж нэг хоёр лам байсан. Тэр хоёр 1938 онд баригдаад, тэгээд 1939 онд манайхыг энд ирж, нэгдүгээр арван жилийн сургуулийн барилган дээр ажиллаж байгаад, тэгээд тэр хоёр сайн ажилласаны учир “Алтан гадас” одонгоор шагнуулаад л, тэгээд нутагтаа буцаж байсан. Бас тийм сонин юм байсан юм шүү. “Алтан гадас” одонгоор. Хэрэгтэй ялтан болж ирээд, буцахад нь “Алтан гадас” одонгоор шагнасан. Яагаад гэвэл одоо тэр нэгдүгээр арван жилийн чинь барилга дээр ажилласан тэр маршал Чойбалсан, Ленин, Сталины нэг товгор дүрс байсан ш дээ. Тэрнийг хийлцсэн учраас тэгээд тэр хоёр хүн “Алтан гадас” одонгоор шагнуулаад л, тэгээд л явж байсан байгаа юм. Гэндэнжав, Тогоо, Тогоо гэж хоёр лам байсан. Хоёр сайн. Одоо мундаг лам байсандаа. Ийм хоёр лам. Тэгээд буцаж байсан. За өөр юу ярихав?

Бямбажав -

Тэр хоёр хүний тухай та хэр зэрэг мэдэх вэ?

Чойжамц -

Аан? Тэр хоёр хүний тухай юу? Аан тэр хоёр бол яахав дээ. Нэг нь ер нь гал … Галуутай хүрээн дээр сууж байсан хоёр лам л даа. Нэг нь одоо унзад байсан байх. Аан тэгээд хааяа одоо тэр Галуутайн хүрээ гэдэг чинь одоо ер нь баруун аймагтаа нэлээн том хүрээний нэг. Арван хэдэн дугантай. Тийм байсан. Тэрэн дотор нөгөөх чинь Чойжин дугана, Чогчин дугана, Сахиусан дугана, за Майдарын дугана, Сангайн дугана, аан … Хүнгийн … аан … биш ээ Хүнгийн дугана. Аан … Майдарын дугана … Жанрайсигийн дугана гээд ингээд нэг арав гаран дугантай. Арван хоёр гурван дугантай ийм том хийд байсан. За нэг аан ойролцТогоор нэг … зуу гаран ламтай байсиймаа. Ийм том хийд байсан. Яахав манай нутаг бол одоо яахав дээ. Аан манай сум болбол ганц тийм аан … хүрээтэй. Аан яахав манай суманд залгаа Сангийн сум болбол бас Хойд Хүрээ ч гэж нэрлэдэг бид. Тэвшийн Хүрээ ч гэж нэрлэдэг байсан. Тэнд бас л нэлээн хэдэн дугантай. Арваад шахуу дугантай. Аан зунд чинь манай тэр хоёр хийдүүд чинь яадаг байсан бэ гэхдээр Ганжуур Данжуурыг хойд хүрээнд аан … урд хүрээн дээр уншаад, хойд хүрээнд аваачиж, тэмээн жингээр аваачиж, нэг тийм баахан цагаан тэмээн дээр ачаад, улаан одоо юмаар бүтээсэн. Ингэж байж хойд хүрээн дээр аваачдаг. Аваачиж байсан. Хойд хүрээнээсээ урагшаа мөн л өнөөдөх тийм цагаан тэмээнүүд дээрээ ачаад урд хүрээн дээрээ авчирч буулгадаг. Ингээд авчирдаг. Авчирч уншдаг. Ийм байсан. Аан нөгөө нэг найман сарын эхээр бол нэг яахав, найман сарын аравдаар Майдарын цам болно. Аан … Тэн дээрээ бол одоо Майдар эргэнэ. Сор зална. Ганжуур Данжуураа уншина. Иймэрхүү байсан даа. Манай аав ижий болбол яахав. Аав ижий хоёр маань жирийн л нэг хөдөөгийн хатагтай. Аав маань бол хуучин Монгол бичиг мэддэг. Төвд ном мэддэг. Ийм л тийм хүн. Нэлээн одоо сайн мэднэ. Манайх болбол яахав. Ганцхан манайх ч гэж. Ерөөсөө манай нутгийн Сартуулууд бол жилд нэг удаагаа, зуны цагт, намрын цагт жасаа уншуулдаг. Айл бүхэн. За ингээд нэг, хоёр гурван лам нар ирж, жасаа уншчихдаг. Галаа тахьчихдаг. Хангай дэлхийгээ тахьчихдаг. Ийм … заншилтай. Тэр заншлынхаа ёсоор манайх бол нэг ийм жасааг жилд нэг удаа уншуулчихдаг. Ийм л айл байсан. За … Би түрүүн арьс шир боловсруулах арга гээд нэг юм хэлсэн. Манай нутаг чинь одоо арга технологи сайн байсан гэж ингэж ярьсан. Бид нар чинь яадаг уу гэхдээр өвлийн цагт болбол суурин сууж байхдаа юм уу, өвөлжөөндөө байх цагтаа одоо элдүүрээр элддэг. Нэхийгээ элдэнэ. Ямаа, хонь ямааныхаа арьсыг элдэнэ. Аан, хурга ишигнийхээ арьсыг элдэнэ. Аан үхрийнхээ арьсаар болбол бид нар аан … зүсээд, үхрээ нядлаад одоо дууссаны дараагаар үхрийнхээ арьсыг сур болгож, нарийхан ингэж аан зүсээд тэгээд гэрээ бүслээд хөлдөөчихдөг. Аан тэгээд нэг, хоёр гурав хоносоны дараагаар тэр чинь жаахан урь идсэн байдаг. Урь идэхдээр зэрэг л тэр чинь нөгөө нэг аан … хөлдүү сураа аваачиж, үсий нь хусаад, тэгээд гадаа пин дээр гаргаад тавьчихна. Тэгээд тэн дээрээ байж байгаад хавар хоёр гурван сарын үед ч юм уу, дөрөв таван сарын үед хүртэл тэн дээрээ байж байгаад бүүр тэр чинь ингээд урь идчихнэ. Тэгэхдээн зэрэг нь яахав гэхдээр сураа, өнөө … Түүхий сураа ингэж ганд хийгээд, идээлээд, боловсруулаад, тэгээд дараагаар нь нөгөө сураа элдэнэ. Сураа нүднэ. Сураа элдэнэ. Дараагаар нь одоо аан цагаанд хийнэ. Цагаанд хийнэ гэдэг болбол шар сураа хийнэ. Үгүй бол цагаан сураа хийнэ. Үгүй болбол тэгээд шимэлдэг … Өнөө шингэнийхээ аан … тосыг сэмжээр … Аан малынхаа сэмжээ хөшиглөж хайлуулаад, тосыг нь гаргаж авсаны дараагаар үлдсэн “шимэлдэг” гэж нэг юм байдаг. Шимэлдэгээрээ бид нар тэр сураа тосолчихдог. Тэгээд л аргамжааныхаа сураа хийчихдэг.

Аан зуны цагт болбол яахав аан ноос үсээ боловсруулна. Ноос үсээ боловсруулахдаа яахав гэхдээр эсгийгээр … Эсгий хийнэ гэж. Эсгий хийхээсээ өмнө нэг, долоо найман хоногийн өмнө ноосоо савна. Ноосоо угаана. Ноосоо хатаана. Ноосоо савна. За тэгээд савсан ноосоороо аан … ноос, одоо тэр хялгас, дэл, сүүлээрээ бид, одоо Монголчууд чинь дээс томно. Хошлонгоо хийнэ. Гэр, гэрийнхээ бүслүүрийг хийнэ. Гэрийнхээ бүрээсний оосор бүчийг хийнэ. Ингээд л боловсруулдаг даа. Аан ер нь өвөл зуны цагт ч л ялгаа байхгүй. Ер нь одоо хөдөөгийн айлууд гэдэг чинь үргэлж ажилтай. За тэгээд л өвөл болох дээр зуны хувцас хийнэ. Зун нь ч гэсэн өвлийнхөө хувцасыг одоо хийнэ. Аан тэр одоогийн … Бидэн … биднүүсийн одоо ммм … бага байж байх тэр үед чинь бол юу байсан бэ гэхдээр нэх торго дурдан өмсөөд байхгүй. Даалимбаар өнгөлнө. Даалимбаар тэрлэг хийнэ. Даалимбаар үстэй дээлээ өнгөлнө. Аан тиймэрхүү л. Аан (дуу нь өндөрсөв) тэхдээ л, тэхдээ ч бас болбол голдуу нэг тийм аан шаравтар өнгийн, улаан шар өнгийн даалимба, шар өнгийн даалимба, хөх өнгийн даалимбаар дээл тэрлэгээ хийнэ. Авгайчууд бол арай тэрнийг бодоход арай тийм тод өнгийн юмаар … дээл тэрлэгээ хийж өмсөнө.

За зуны цагт болбол бид нар чинь мах идэхгүй. Дандаан аан … дандаа цагаан идээгээрээ байдаг. За яахав хүүхдүүд чинь одоо зуны цагт махсаж эхлэхээрээ одоо хүүхдүүд чинь зурам алж, зурамныхаа махыг … нөгөө арьсыг нь аваад, өвчөөд. Тэгээд гэдсий нь хагалаад, гэдэс дотры нь аваад, тэгээд одоо нууц маягаар уулын, гэрээсээ нэлээн зайдуу газар, гэрээсээ шүдэнз нууцаар авч гараад, тэгээд нөгөө алсан зурамаа цэвэрлээд, арьсы нь аваад. Тэгээд чулуу улайтгаад, тэгээд улайсгасан чулууныхаа завсар өнөө алсан зурамныхаа махыгаа аваачаад хийчихнэ. Тэгээд нэг, дөрөв таван минут л болдог байсан байх даа. Нэг, арав арваад ч минут болохгүй. Дөрөв таван минут л. Жоохон юм чинь. Яахав дээ. Дороо болчихно. Тэгээд зурамныхаа махыг … Зурамны мах гэдэг чинь заавал ижий аавд баригдана ш дээ. (дуу нь өндөрсөв) Ижий аавд баригдах чинь ч ёстой нэг хэмх зодуулна шүү дээ. Сураар (инээв). Чөдрөөр (инээв) одоо ороолгуулна ш дээ. Тэгээд л одоо “Чамайг ахиад зурам алж идсэн байвал даа! ¨стой …” гэж гэж ингэж хэлнэ. Тэгээд л одоо яахав дээ. Хашрахгүй мөн л нэг, хоёр гурав хоногийн дараа дахиад л зурмаа ч ална, дахиад л зодуулна. Тэгээд мөн аан … одоо манай одоо Сартуулууд чинь их сонин. Хүүхдүүд нь их энхрий. Аан за тэгээд хөл, хөл хүндтэй, одоо … Жирэмсэн аан … эмэгтэйчүүдээ айхтар их энхрийлж, айхтар их хүндэтгэнэ. Яагаад уу, яагаад би энийг хэлж байгаам бэ гэхдээр одоо, яг одоо зуны тэр үеэр тарваганы мах болбол тэр эмэгтэйд өхгүй. Ангийн мах болбол одоо тэр жирэмсэн эмэгтэйд өгдөггүй. Ангийн мах, тарваганы махыг хүүхдэд тэр болгон өгөөд байхгүй. Өгдөггүй. Цээрлүүлдэг. Аан энэ чинь одоо юу юм бэ гэхдээр л хүүхдүүдээ ерөөсөө … иймээ тиймээ одоо өвчин энэ тэр тусчих вий, сэжиглэх вий, айх вий гэж ингэж бодсоны үндсэн дээр л одоо тэгэж ангийн мах, ан амьтаныг чинь ч л ерөөсөө үзүүлэхгүй. Тэр ч битгий хэл одоо хүүхдүүдийн дэргэд, эмэгтэйчүүдийн дэргэд хонь малаа гаргах, тийм явдалыг үзүүлэхгүй. Харуулах ч үгүй. Зүгээр хонь малаа алаад, гаргаад одоо, өвчөөд, одоо гэдэс гүзээгий нь гаргаад цэвэрлэх болсон цагт нь л айлын гэзэгт, гэзэгтүүд, айлын одоо авгайчууд очиж, одоо өнөө гэдсүүдийг нь цэвэрлэнэ үү гэхээс биш яг одоо тэр малыг муулж байх, аан … мал нядлаж байх, мал гаргаж байх тэр үед нь болбол, одоо аан … хүүхдүүд эмэгтэйчүүдийг чинь тэнд байлгадаггүй. Ерөөсөө (дуу нь өндөрсөв) хүүхдүүд чинь мал, малын нядлаж байх үед ерөөсөө хүүхдэд үзүүл, үзүүлдэггүйм даа. За яахав, одоо улсууд бол ярих байх л даа. Тэр үед чинь айлууд чинь одоо мал нядлахдаа өдөр судры нь үзүүлдэг, аан … мал нядлах өдрөө Бурхандаа зул барьдаг. За энэ болбол яахав шашны юм биш шиг байгаа юм. Бас нэг соёлын асуудал байсан шиг байгаа юм. Соёлын асуудал. Малаа хүндэтгэдэг. Хүндэтгэсэн ийм ийм нэг соёлын асуудал байсан. Ммм… Би болбол соёлын асуудал байсан гэж ялгадаг. Бурхан шашинтай, одоо мөргөсөндөө, шашин их шүтсэндээ биш, зүгээр л харин нэг шууд л малаа хүндэтгэж, малаа хайрлаж, ингэж байдаг. Тэгээд манай нутаг чинь одоо өөрийнхөө тэжээсэн малыг алж иддэггүй. Хүнс энэ тэр гаргахдаа бол дандаа өөр айлаас малыг малаар нь сольдогийм уу, үгүй болбол аан … айлаас худалдаж авдаг. За тэр үед болбол яахав. Нэг ямаа худалдаж авч иднээ гэхэд нэг, арван мөнгө. Хонь нэг, арван таван мөнгө. Үхэр нэг, арав, арван таван төгрөг байжээ. Тэр үеийн мөнгөний ханш гэдэг чинь их (дуу нь өндөрсөв) өндөр байж. Ийм л. За тэрнээс л одоо ухаан нь хорин мөнгө, хорин таван мөнгөөр гэсэн нэг хаа … одоо нэг муу аан … үрчийсэн, одоо, нэг муу ямааны хаа үнэтэй зарлаа. Хонио үнэтэй зарлаа гэж ингэж. Тэрнээс одоо, тэрнийхээс худалдаж авч идэхгүйм. Өөр айлаас худалдаж авна гэж. Өөр улсаас гэдэг чинь өнөө гэрийн аав ижий нар чинь өөр улстай очиж нэг, арав арван таван мөнгөөр хонь ямаагаа худалдаж авч, ингэж өвлийнхөө хүнсэнд хэрэглэдэг байсан байхгүй юу. Тэр их сонин. Тэгээд ерөөсөө өөрийнхөө гэж байсан малыг, өөрийнхөө арчилсан малыг алж идэх гэж ерөөсөө байхгүй. Ийм сонин байлаа. Тэр үед, аан … тийм заншилтай байсан.

Аан … Манайх болбол тийм их эрх мал, малтай байсан. Манай нутгийн чинь хонь нь болбол одоо тийм, их том том эвэртэй, угалзын эвэр шиг, аргалын угалзын эвэр шиг том эвэртэй. Аан янгир ямааны эвэр шиг тийм сэлэм шиг тийм том эвэртэй ямаатай. За энэ юу болов гэлээ гэхдээр аан зуны цагт намрын цагт, зуны цагт манай тэнд чинь аргаль, угалз, янгир чинь, ямаа чинь нөгөө хонь хургатай нийлчихдэг. Монголын одоо … Хариулж явахад хонь хургатай хүрч ирээд нийлчихдэг. Тэгээд нөгөө ороо нь орохынхоо үеэр аан … тэжээвэр хонь ямаатайгаа нийлээд, тэгээд тэндээс чинь эвэрт, одоо хурга нь үл … Хурга ишиг нь үлддэг юм байна л даа. Тэгээд манай нутагт чинь одоо тэгээд л нөгөө хуц тавихдаа болбол тийм мундаг том эвэртэй, аан … Одоо хонио, ямаагаа, хуц ухнаа тавина. Аан тэр чанараараа одоо тэр хуц ухнын үр, одоо тэр үр, үр одоо, аа … гаралтай хурга ишиг гэдэг чинь маш том биетэй, тийм хонь байдаг байхгүй юу. Сартуул хонь гэж. Тийм тусгай үүлдрийн сартуул хонь гэж нэх том. Ийм одоо энэ Монголын энэ төв нутгийн, төвийн, зүүн зүгийн хонь ямаатай адилгүй тийм том биетэй тийм аа … ямаа, хоньтой байсан юм. Танай одоо нутаг ч гэсэн одоо тийм юм байсан. Ийм юм бий дээ. Одоо ч гэсэн тэр заншил хэвээрээ байгаа. Та нутаг ч гэсэн тийм л байгаа ш дээ. (уртаар санаа алдав) Би нэг сонин юм явдал яръя. Манайхан тэр Сутай нуур гэж, Сутай уул гэж том уул байдаг юм. Тэрний өвөрт Цагаан гол гэж нэг тийм урагшаа харсан ам. Жоохон булагтай. Тэнд нэг, долоо найман гэр нэг, хот айл. Дэжээхүү, Доржийхүү, Сааван, Сэрээтэр, Гурван нүдэн, Галсан тойнхон, манайхан, Бат Очирынхон аан… Ингээд нэг, ингээд долоо найман гэр айл. Тэгээд манайх нэг, хоёр нэг, цагаан ямаа, нэг хөх ямаа хоёртой. Их том эвэртэй. Тэр хоёрыг манай дүү бид хоёр мөргөдөг болгоод сургачихсан. Малыг мөргөдөг бол … болгож сургахад маш амархан. Ишиг, жижигхэн ишиг хурга байхад нь ингээд гараар хатгаад л, ингээд л өнөө малын чинь духанд ингээд л байхад чинь ганган. Зүгээр л шөргөөцөлдөхөөр чинь, өнөөх чинь. Өнөө жижигхэн муу нялх амьтан чинь одоо шувт л ингэж явдаг юм, нэг их сүрхий ингээд мөргөөд байх. Аан тэгээд нэг хэд хоносоны дараагаар ингээд л өнөөхийг чинь ингээд толгойнд нь ингээд аан … гараа атгаад л ингээд байхад чинь өнөөдөх чинь өөрөө ингээд мөргөдөг болно. За тэгээд л (дуу нь өндөрсөв) нэг, гурав дөрвөн хоногийн зайтай долоо найм удаа тэгээд л гараа мөргүүлээд л. Ааа … мөргүүлсэний эцэст өнөө мал чинь ёстой мөргөдөг мал болдогийм даа. Тэгээд тэр нэг аа … өглөө тэр манай тэр хойд талд Доржийхүү гээд нэг айл. Тэр бол яахав баян айлын аа … хүргэн. Баян айл байсан. Тэднийх тэгээд нэг жаахан онгироодуу. Орилоод л … Орилж чарл, орилж хашгирсан нэг тийм нөхөр байсан. Аан тэгээд л яахав дээ. Манайх өнөө муу нохой чинь хүн барьчих гээд болохгүй. Аа тэгээд сарлаг нөгөө нохойгий чинь үзэхгүй. Үгүй. Сарлаг зэлэн дээр байсан цагт тэр нохой гэрийн гадаа л огтоо (дуу нь өндөрсөв) Аа … хойдох уулын энгэрийн чулууны том том хадан цохионы сүүдэрт очоод хэвтчихнэ. Тэгсэн чинь нэг өглөө өнөө Доржийхүү чинь л манайх уруу л орж ирэх санаатай л, цээж нүцгэн. Нээх том Монгол далбалзсан оймстой ингээд л орж ирээд л байж. Манай тэр хоёр ямаа яг гэрийнхээ хаалганы хатавчны хоёр талд хоёулаа бие биен рүүгээ харж хэвтэнэ. Яахав тэр үед чинь ямар модон хаалга байсан биш. Дандаа ийм эсгий үүдтэй. Эсгийнхээ үүдийг манайх ингээд яраад л, нөгөө тотгон дээрээ тавьцан. Тэгээд л өнөө Доржийхүү чинь гэрийн баруун талаар тойрч ирээд л. Тэгээд тэр хөх ямааны аа гэрээр орсон. Аа .. гэрийн баруун хатавчинд ч хэвтэж байсан. Тэгээд л өнөө хөх ямааны урдуур гартал хошуунд нь өнөө гутлаараа хүргэчихэж. Гутлынхаа аа … ммм … аа … түрийг нь хүрчихсэн байхгүй юу. Шүргээд л гарсан байх. Тэгсэн өнөөх чинь л одоо тэр хөх ямаа нь л их тааламжгүй л болсийн болов уу даа. Намайг одоо … юу гэж ч бодсийм. Доромжилж байна ч гэж бодсийм уу? Нэг их босоод л, нэг их сайхан суниагаад л. Тэгээд л өнөө Доржийхүү чинь ингээд л гэрт ороод л. Орох санаатай ингээд бөхийтөл өнөө мал чинь ар талаас нь тарх гээд л, ингээд л (Хоёр гараа мөргөлдүүлээд инээв) мөргөөд хаяваа. Аа тэгээд л манай эгч, манай дүү эд нар болбол тэр баруунтай нөгөө шавааны аргал гэртээ оруулах санаатай шавааны аргал өнөө арганд … аргаа аваачаад, шавааны аргалаасаа аргандаа хийгээд л. Ингээд л хараад л сууж байсан л өнөө хөх ямаа чинь мөргөөд хаяцан. Аа гурвуулаа чинь өө … үхтэлээ хөхрөөд л. Тэрэн дээр чинь ээ дээ мөн ёстой нэг сайхан юм боллоо доо. Үгүй мөн их хөхөрлөө дөө. Тэгээд л тэрнээс хойш тэр Доржийхүү … энд … манайд орж ирэхдээ энд … хоёр ухна байна уу, үгүй юу. Өө … Балжинням гуай наад хоёр ухнаа, хоёр ямаагаа зайлуул.Танай хоёр ухна чинь одоо мөргөчихнө гээд. Тэрнээс хойш манайд тэгж хамаагүй орж ирэхээ больчихож билээ. Манай одоо … Аан … хүүхдийн л зан л юм даа. Одоо тэр сарлагийн тугалыг мөн л одоо тиймэрхүү маягаар мөргөдөг болчихож байгаам. Их сонин. Одоо мал одоо мөргөөд л … Голдуу мөргөдөг болдог. Яагаад гэвэл бид л тэгээд сургацийм чинь. Сургадаг юм чинь. Нэг тийм. Хөг … хөгийн л юм байдаг сан даа.

Арав болох гэж байна. Аравд тав дутуу байна. За нэг иймэрхүү л юм өнөөдөр ярих уу даа. За маргаашаас, маргаашнаас эхлээд 39 оноос хойш маргаашнаас …

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.