Жуурай овогтой Дэжид


Dejid

1953 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5. Хоёр охин нэг хүүтэй. 1977 онд Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг оёдлын инженер технологич мэргэжлээр төгссөн.


1977 оноос Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч, үйлдвэрийн ерөнхий инженер, Шилмэл загвар компанийн дэд захирал зэрэг албан тушаалд 35,36 жил ажилласан. Одоо Шилмэл загвар компанид зөвлөхөөр ажилладаг.


Монголын 20-р зууны аман түүхийн төсөл тухайн үеийн нийгмийн тогтолцоо, хүмүүсийн ажил, амьдрал, соёл боловсролын түвшин, үйлдвэржилт, гадаад харилцаа, шашин шүтлэг гээд олон чухал асуудлыг хөндөн түүхчилсэн нь ач холбогдолтой болсон.


Уулзаж ярилцлага өгч байсан хүмүүс маань их сэтгэл дүүрэн байсан. Би өөрөө ч төслийн хүрээнд халх, үзэмчин, барга, дарьганга, буриад гээд ястаны зан үйл, ахуй соёл, нутаг орчны онцлог болон төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсийн ажиллаж амьдарч байсан энгийн түүх намтраас мэдээгүй, сонсоогүй олон зүйлийг мэдэж боловсорч байлаа. Мөн өөрийн орны үзэсгэлэнтэй сайхан газар Хоргын тогоо, Тайхар чулуу, Чулуутын гол, Орхоны хүрхрээ, далайн түвшнээс дээш 2500м өргөгдсөн өндөр уулс, тал хээрийн бүс гээд байгаль дэлхийн цогцоос гадна орон нутгийг судлах музей, гайхамшигт үзмэрүүдийг ярилцлага хийх явцдаа үзэж танилцсан. Би өөрөө хотод өссөн болохоор хөдөөгийн малчдын цаг наргүй ажил, амьдарлын төлөөх тэмцэл, орчин үед шилжин орсон түүхэн боломжийн тухай сонсч, ярилцаж мэдсэн.


20-р зуунд Монголчууд орчин үеийн нийгмийн дэвшилд хүрэхийн тулд олон сайхан зүйлийг хийж, үйлдвэржүүлж хөдөө аж ахуйгаа эрчимжсэн технологиор хөгжүүлж төвлөрсөн цэвэр бохир дулааны системтэй хот, уул уурхай гээд том бүтээн байгуулалтыг бий болгосон. Гэвч харамсалтай нь ганцхан жишээ дурьдахад хувьчлалын нэрийн дор Монголын II-догч том хот аймгийн төв Дорнодын хивсний болон хүнсний үйлдвэр, 800 машины авто засварын болон ахуйн үйлчилгээний төв гээд 1980 онд намайг томилолтоор очиж байхад жишиг болж байсан олон сайхан үйлдвэр аж ахуйн газар устаж үгүй болсон байсан. Энэ бол аюул байлаа. Тухайн объектыг хэрхэн үнэгүйдүүлэн хувьчилж гадаад дотоодод бэлтгэгдсэн дээд тусгай мэргэжлийн олон хүн ажилгүй болсоны заримаас нь ярилцлага хүртэл авсан. Төсөлд хамрагдсан аль ч сэдвийг хөндсөн хувь хүний амьдрал түүхтэй холбохоор үнэхээрийн сонин байсан.


Ингээд 20-р зууны аман түүхийн төслийг санаачлан зохион байгуулсан хүмүүст дахин талархал илэрхийлье.


Энд дарж Дэжидийн авсан бүх ярилцалгийг үзнэ үү.