Pürevjav
![](../assets/images/interviewees/990002.jpg)
Basic information
Interviewee ID: 990002
Name: Pürevjav
Parent's name: Tserendorj
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Yosonzüil sum, Övörhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder, hunter, worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
collectivization
industrialization
privatization
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
school
officer school
Internal Ministry School
Battle of Halh Gol
industrial center
repression
torture
collective farm
commune
collectivization
Ulaanbaatar
work
bridges
democratization
family
divorce
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Э.Сайнбилэг -
Сайн байна уу, та.
Пүрэвжав -
Сайн байна уу, хүүхээ.
Э.Сайнбилэг -
Та бидэнд өөрийнхөө амьдралыг ярьж өгөөч. Хэдэн онд төрсөн бэ, хаана төрсөн бэ ?
Пүрэвжав -
Би 1927 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг, Хөндий гэдэг газар эхээс 3-уул төрсөн..
Э.Сайнбилэг -
Та төрсөн он сараа яг мэдэхүү ? Зарим хүн сайн мэддэггүй ш дээ?
Пүрэвжав -
Би бас мэдэхгүй, багаасаа эхээсээ өнчирсөн. 4-р анги төгсөх жилээсээ эцгээсээ өнчирсөн. Би ч эцгээсээ асууж байсангүй, манай эцэг ч тодорхой хэлж байсангүй. Би өөрөө л 4 сарын 10-нд төрсөн гээд л сайн дураараа бичүүлчихсэн хүн шүү дээ. Тэрүүгээрээ л явж байгаад тэтгэвэрт гарсан. Би одоо 81 хүрч байна даа.
Э.Сайнбилэг -
Таныг бага байхад улс оронд ямар онцлог үйл явдал болж байв? Тэр нь танд яаж мэдрэгддэг байсан бэ? Өвөрхангайд хөдөөний амьдрал ямаршуу байсан бэ?
Пүрэвжав -
Өвөрхангайд, би их сайн мэдэхгүй байнаа. Багаасаа хотод ороод ирсэн болохоор......одоо......, Хан-Уул дүүрэг, комбинатын тэнд 6-р бага сургууль гэж байсан юм. Тэнд сурч байсан. Тэр сургууль, аж үйлдвэрийн комбинатын 1-р байр гэж одоо ч байгаа байх, 2 давхар цагаан байшин байдаг юм. Тэрний 4, 5, өрөөнд манай бага сургууль байсан. Тэнд л сурч байсан. Ер нь бол яахав, хичээл ном бол одоо, тоо, монгол хэл, байгалийн ухаан, ийм л юм үздэг бага сургууль байсан. Би бага сургуулийг 1932 онд 12-той төгссөн дөө.
Э.Сайнбилэг -
Тэр үед бага сургуулийн амьдрал яаж өрнөдөг байсан бэ?
Пүрэвжав -
Бага сургуулийн амьдрал яахав, багш хичээл заагаад л, бид хуулж аваад, гэртээ ирээд давтана. Зарим үед орой үдшийн цагаар давтлага хийнэ.тэгээд өөрсдөө л голдуу сурч байсан даа. Тэр үед чинь хичээлээс гадна бүлгэм гэж яахвээ, биеийн тамир, .....юу эд нар гээд сүртэй юм байгаагүй ээ, зүгээр одоо юу гэдэг юм бэ дээ...., охидууд нь хөгжим бүжиг, эрэгтэйчүүд нь овоолго иднэ гэдэг юм даа, тийм нэг бие биен дээрээ гарч зогсоод, хөл гарын сургууль хийх, тийм л юм хийдэг байсан даа бид нар.
Э.Сайнбилэг -
Овоолго иднэ гэнээ, тэр ямар учиртай юм бэ?
Пүрэвжав -
Үгүй яахав, хэдэн эрэгтэй хүүхэд, жишээлбэл, чи бид 2 зогсож байнаа, чи бид 2-н мөрөн дээр нэг хүүхэд зогсчихоод, дээр нь бас нэг хүүхэд зогсчихоод, тэгээд урагшаа сойлт (гимнастикийн хэллэг) арагшаа сойлт эргээд, үсэрч буугаад. Тиймэрхүү л юм тоглоно доо.
Э.Сайнбилэг -
Бараг циркийн үзүүлбэр шиг юм байна?
Пүрэвжав -
Тиймэрхүү л юм. Гэхдээ нэг их сүртэй юм биш л дээ. Унах нь унаад л.., хийдэг байсан бид нар. Гадаа бол савлуур, дүүжинтэй, эргэж тойрдог олсоор тойрч яадаг, тийм тоглоомууд. Завсарлагаанаар яахав, тойрч зогсчихоод алчуур шидэх гэсэн тийм юмаар л тоглож байсан. Бидний багын тоглоомнууд.
Э.Сайнбилэг -
Алчуур шиднэ гэж яаж тоглодог вэ?
Пүрэвжав -
Яагаав, нэг нь нэгнийхээ ард алчуур хаячихна ш дээ, би мэдэхгүй байвал намайг гаргаж ирээд торгоно ш дээ. Тэр алчуур шиддэг хүн чинь миний оронд ороод тэгээд би бас дахиад шиднэ. Торгохдоо алчуур шидэх юмандаа оруулдаг байсан. Түүнээс гадна лапто гээд тоглоом байсан. Юугаар цохидог, гахай тоглох, мөнгө цохих ийм л тоглоомууд тоглож байсан даа бидний үед. Тийм нарийн тоглоомууд байгаагүй ш дээ бидний үед. Яахав, шагай байна. Сургууль дээр тоглохгүй л дээ. Нэгнийхээ гэрт очиж шагай атгаж тоглоно ш дээ.
Э.Сайнбилэг -
Мөнгө тоглоно гэж яадаг байсан?
Пүрэвжав -
Мөнгө тоглоно гэж, тэр үед чинь 50-тын улаан мөнгө байсан юм. Нэлээн томоо. Тэрийгээ хэдээр нь давхарлаж байгаад нэгээр нь цохиноо. Нэгээр нь цохихоор газар унана даа, унахаар зарим нь 5-ынхаа тоогоор ч унана, зарим нь сүлдтэй соёмботой талаараа ч унана ш дээ. Соёмботой талаараа унасан мөнгийг л би авна. Ахиад цохиход соёмбо гарахгүй байвал чи аваад цохино. Инэгэдэг л тоглоом байсан.
Э.Сайнбилэг -
Гахай тоглоно гэдэг нь?
Пүрэвжав -
Гахай тоглоно гэдэг нь 5 мод дөрвөлжилж өрчихөөд, дунд нь нэгийг нь боочихоод, 4, 5 м газраас гурилын гулууз шиг урт модоор шидэж байгаа юм л даа. Шидээд тэрийг чинь....., чертатай (хязгаарласан зураас) хааш хаашаагаа м хэртэй. Тэр чертанаас л бүгдийг нь гаргах хэрэгтэй. Тэгж тоглодог байхгүй юу. Тэр чинь гаргаж ч чадна, гаргахгүй байж ч чадна. Нэг хэсгийг нь үлдээж ч болно. Бүгдийг нь нэг цохилтоор гаргаж ч болно. Тийм л тоглоом. Бага сургуулийн амьдрал иймэрхүү л маягтай, зав чөлөөгөөр нь хөл гарын сургууль хийнэ, жагсана. Баяр болохоор бүрээ, бөмбөр, бишгүүрээ цохиод, талбай (төв талбай)дээр чинь жагсана. Комбинатаас чинь дунд голын ногоон гүүр гэж байсан., тэрийг давж ирээд л жагсдаг тийм л байсан ш дээ.
Э.Сайнбилэг -
Октябрийн баяр, наадмаар уу?
Пүрэвжав -
Тийм. Наадмаар тарчихсан (сургууль) байдаг болохоор жагсахгүй л дээ. Майн нэгний баяр. Октябрийн баяр. Тэр баяр болохоор чинь их хөл гарын сургууль хийнээ. Гадаа чинь эгнээгээр нь жагсаачихаад, хөл гарын сургууль хийлгээд, ура хашгируулаад бөмбөр цохиод тийм л байсан.
Э.Сайнбилэг -
Тэр үе ямар онцлогтой үе байсан бэ? Дайны үе үү?
Пүрэвжав -
Ер нь л дайны үе дээ. 39 оны дайн эхлээгүй байсан л даа, намайг бага сургуульд байхад. 39 онд бага сургууль төгсөх жил эхэлсэн юм. Тэр үед дайны үеийн бэлтгэлтэй байсан. Япон чинь 39 онд хамаг юмаа онилчихсон, Монгол Зөвлөлтийн хил рүү, бэлдчихсэх байсан ш дээ. Монголыг эзэлж, оросыг Монголын нутгаар эзэлж авах төлөвлөгөөтэй л бүх юмаа бэлтгэж байсан. Квантуны арми чинь манай зүүн хязгаарт тулж ирчихээд байсан байналээ. Тийм үе байсан. Түүнээс гадна нөгөө 37, 38 оны эсэргүү, Гэндэн, Дэмидийн хэрэг, тэр амаргүй үе чинь ид өрнөж байсан үе шүү дээ.
Э.Сайнбилэг -
Та бага сургууль төгсөөд, дараа нь ямар сургуульд орлоо?
Пүрэвжав -
Бага сургуулиа төгсөөд, 2 жил завсардаад, дараа нь Сүхбаатарын сургууль гэдэгт орсон юм
Э.Сайнбилэг -
Сүхбаатарын сургууль гэж ямар сургууль байдаг байсан бэ?
Пүрэвжав -
.Сүхбаатарын сургууль гэж энэ Ганданд одоо байгаа, дөнгөж дээшээ өгсөөд, одоо нэг Монгол тийм сургууль байдаг гэсэн. Тэр байранд, тэнд байсан бид нар. Тэнд 60-аад хүүхэд байсан байх даа. Тэнд яахав, ерөнхий эрдмийн нөгөө л тоо, монгол хэл, байгалийн шинжлэх ухаан, дэлхийн байдал үзнэ ш дээ, нөгөө бага сургуульд байсан юугаа л үздэг байсан.
Э.Сайнбилэг -
Дэлхийн байдал гэж ямар хичээл вэ?
Пүрэвжав -
Дэлхийн байдал гэдэг чинь одоо юу ш дээ. Газрын зураг, Монголын байгаль, уул нуруу, газар тийм юм л заадаг хичээл ш дээ, монгол төчнөөн аймагтай, тийм тийм газар нутаг нь төчнөөн, далай нуур, одоо юу байдаг юм, тийм л юм заана.
Э.Сайнбилэг -
Газар зүй юмаа даа?
Пүрэвжав -
Газар зүйн хичээл ш дээ, ерөөсөө.
Э.Сайнбилэг -
Тэр бага сургуулиасаа ямар ялгаатай юм бэ?
Пүрэвжав -
Бага сургуулиасс ялгаатай нь тэр чинь цэргийн дэглэмтэй ш дээ. Яг л цэргийн юугаар.... Өглөө 6 цагт босно. Жагсаал... Зэвсгийн бие, анги үзнэ. Винтов, тэр үед чинь винтов, нагаан буу гэж байсан. Тийм юмны бие, анги үзэж, цэргийн дүрэм судална. Олон дүрэм бий ш дээ. Цэргийн сахилга батын дүрэм гээд бий ш дээ, цэргийн л юмнууд түлхүү үзнэ дээ.
Э.Сайнбилэг -
Та хэдэн настай байсан байж таарах вэ?
Пүрэвжав -
12-той, 2 жил завсарлаад, 14, 15-тай л байж таарна.
Э.Сайнбилэг -
Улс орны байдал түгшүүртэй учраас бага насны хүүхдийг хүртэл, цэргийн сургууль руу чиглүүлж байсан юм боловуу?
Пүрэвжав -
Манайхаас гадна Дотоод Яамны сургууль гэж байсан юм. Дотоод Яамны сургууль гэж.
Э.Сайнбилэг -
Тэр 2 сургууль ямар ялгаатай вэ?
Пүрэвжав -
Үгүй яахав. Адилхан л цэргийн боловсрол эзэмшинэ. Дотоод Яамны бага сургууль гэдэг нь тэр чигээрээ, төгсвөл, дотоод Яамныхаа чиглэлээр, чекист болдог юмуу, хилийн цэргийн юу болдог юмуу, тийм л удирдах байгууллагад ажилладаг юмуу, тийм л улсуудыг бэлтгэх зорилготой бага сургууль. Тэрийг чинь төгсөөд, цэргийн ерөнхий сургууль байдаг юм уу, дотоод яамны төв сургууль ч гэж байсан юм, тэрэндээ сурдаг. Тэр төв сургуульдаа сурдаг байсан байх. Бид бол яахав, тэр Сүхбаатарын сургууль төгсөөд, цэргийн ерөнхий сургууль гэж одоо цэргийн дээд сургууль гээд байгаа ш дээ, энэ чинь бол тэр үед дунд офицерүүд гаргадаг, цэргийн дунд сургууль байсан.
Э.Сайнбилэг -
Сүхбаатарын сургуулийн нэг өдөр яаж өнгөрдөг байсан бэ, тэр тухай ярьж өгөөч?
Пүрэвжав -
Үгүй, яахав дээ, Өглөө 6 цагт босно тиймээ. 6 цагт босоод гараад гимнастикаа хийчихнэ. Гимнастикаа хийж орж ирээд нүүр гараа угаана. Тэгээд өглөөнийхөө цайг идэж ууна. Тэрний дараа хичээлдээ орно ш дээ. Өлөө 9-с 1.30 хүртэл хичээллээд үдийн хоолондоо орно. Үдийн хоолноос гараад 2 цагаас 4 цаг хүртэл унтана. 4 цагаасаа босоод буцаад давтлага, цэргийн хөл гарын сургууль, тийм юмаа хийнэ. Орой 6 цагт хоолондоо орно. Хоолны дараа давтлага... , нөгөө л юмаа хийж байгаад, орой 10 цагт, цэргийн газар чинь орой тоо (бүртгэх) гэж босно, цэргийн газар чинь. Тэгээд амарна. Ер нь аль ч цэргийн амьдрал яг л тийм.
Э.Сайнбилэг -
Та улс оронд дайны өмнөх үед тэрний өмнө эсэргүүний хэрэг гэж гарсан гэсэн тэр тухай юу мэдэх вэ?
Пүрэвжав -
Үгүй яахав, тэр 37, 8, 9 оны үеэр 39 оных нь үе байна уу, одоо төв театр гэж байсан юм. Бөмбөгөр ногоон юм. Тэр дотор нөгөө хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмид Мальж эд нарын чинь нөгөө хэргийг шүүж байна, лам нарын хэргийг шүүж байнга гээд, гадна радио продуктор гэдэг тийм нэг дугуй хар юм энд тэнд нь зоочихсон, тэрүүгээр яриад, улсууд гадна нь зогсчихсон чагнаад, би бол орж үзээгүй. Дотор нь бол улсууд орж байсан байх л даа. Удирддаг, шүүдэг улсууд нь байсан л байх, тэр олон улс төлөөлөгч гэдэг улс нь орж сонсож байсан байх, тэр чинь их том театр байсан ш дээ. Бөмбөгөр ногоон театр гэдэг чинь дугуй, одоо тэр циркэрхүү маягтай ногоон.
Э.Сайнбилэг -
Тэнд хүмүүсийг чөлөөтэй оруулж байсан уу?
Пүрэвжав -
Тэгж байсан байлгүй, Биднийг, хүүхдийг бол оруулахгүй. Тэр томчуул чөлөөтэй орсон юм байгаа биз. Би сайн мэдэхгүй, дотор нь хүн байсан л байж таараа.
Э.Сайнбилэг -
Ганц удаа юу, олон удаа болсон уу?
Пүрэвжав -
Олон болсон байх. Би тэрийг нь, гадаа харж баахан зогсож байгаад явсан байх.
Э.Сайнбилэг -
Том хүмүүс тэр үед тэр тухай юу ярьдаг байсан бэ?
Пүрэвжав -
Одоо ингээд хувьсгалын эсэргүүнүүдийг устгаж байна. Манайх одоо Гэндэн, Дэмидийн хэргийг илрүүлж тэр Ёндон хамба нөгөө хэн билээ,тэднийг илрүүлж шүүж, хувьсгалын дайснуудтай тэмцэж байна гэж ярьж тэгж л ухуулдаг байсан.
Э.Сайнбилэг -
Та хэлмэгдэлтийн үеийг мэдэх юм байна? Таны найз нөхөд, хамаатан саднаас хэлмэгсэн хүн бий юу?
Пүрэвжав -
Миний тэр үед миний найз, нөхөд хамаатан саднаас хэлмэгдсэн хүн байхгүй. Би мэдэхгүй, байхгүй. Харин, яахав, манай аав, ......Сангийн яамны сайд Довчин гэж хүн байсан юм. Тэр үед сангийн Яамны сайд байсан. Олон жил хийсэн юм гэсэн. 38 юмуу, 37 онд баригдаад л, тэгээд. Шоронд ороод, хаана ч байсан юм. Луусанд ч байсан юмуу, Тэгтэл яагаад ч манай аав дуулсан юм. ......Довчин одоо баригдаад эсэргүү болчих юм. Тэр тэгэх ёсгүй л хүн дээ. Одоо тийм л байдаг юм байх даа. Юм гэж айхтар байдаг юм байна. Бид 2 бол өвөр түрийдээ л өсч өндийсөн хоёр доо л гэж ярьж, уйлж байхыг би мэддэг юм. Тийм л юм мэднэ. Түүнээс манайхны төрөл садан, миний мэдэх улсуудаас хоригдоод баригдчихсан улсыг мэдэхгүй.
Э.Сайнбилэг -
Тэр Довчин гуайн хувь заяа яаж эргэсэн бол?
Пүрэвжав -
Хувь заяа нь тэгээд цаазлуулсан байх даа. ... Байхгүй..... одоо бол цагаатгагдсан байх л даа. Одоо Өлзийт сумын нутагт Довчин гуайн хөшөө байдаг юм. Би явж үзсэн. Одоо байвал 100 гаран настай хүн байх байсан.
Э.Сайнбилэг -
Тэр үед хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр хэлмэгдэлтийг юу гэж тайлбарладаг байсан бэ?
Пүрэвжав -
Би бол жаахан байхдаа сонин хэвлэл ч нэг их уншиж байсангүй. Бас нэг тийм юмнууд гардаг байсаан. Сонин ч гэдэг юмуу, зурагт хуудсан дээр гаргачихсан, өнгийн будгаар будчихсан, хазгар Гэндэн тэргүүтэй, халимаг Дэмид удаатай, тийм нэг хэдэн хүнийг дараалуулаад шил шилийг нь харуулаад оньслуулчихсан тийм нэг гарсан байхыг би мэддэг юм.
Э.Сайнбилэг -
Зурагт хуудас уу?
Пүрэвжав -
Зурагт хуудас гарчихсан., тийм. Тэнд чинь Дэмид , Гэндэн , зөндөө дөө... Хорлоо, Пүрвээ гуайн ах хэн билээ, тэр хүн юутай эд нар зураг гарсан байсан гэсэн. Пүрэвхорлоо гэдэг биз, тиймээ? Тэр Пүрэв гэдэг нь эсэргүү болсон юм гэнэ билээ. Тийм тийм улсууд байсан юм. Тэрийг бол мэддэг юм. Зөндөө.....зөндөө.... Лааганы эсрэг л гэнэ. Мальтийн хэрэг л гэнэ. Цэргийн газрын чинь олон сайхан том том хүмүүс Даншив, нөгөө Мальт олон хүмүүс хэлмэгдсэн. Цэргээс ч их хэлмэгдсэн. Энэ нам улсын байгууллагад ажиллаж байсан томчуул ч их хэлмэгдсэн. Тэр эсэргүүн гэж энэ бол тэгээд л 2 талын л юутай байх, Оросын талын хатгалгаа сүлбээ, тэд нарын юугаар ч их яасан байх. Тэр үед Монголд чинь Дотоод Яаманд чинь дандаа Оросын чекистүүд байсан ш дээ. Тийм гэнэлээ.
Э.Сайнбилэг -
Тэр хэлмэгдүүлэлт нууцаар явагддаг байсан байсан боловуу?
Пүрэвжав -
Заримыг нь бол нууцаар бариад шүүж явсан байсан гэнэлээ. Ер нь ихэнх нь л тийм байсан байгаа юм. Дотоод Яамны тэр доор их л хатуу чанга дэглэмтэй юманд л хорьж шүүж мөрддөг. Дандаа л шөнө, өндөр сандал дээр суулгаж, яадаг яадаг ч гэнэ үү, тийм байсан гэж улсууд ярьдаг.
Э.Сайнбилэг -
Улсууд тэр өндөр сандал, ярганы талаар юу ярьдаг вэ?
Пүрэвжав -
Улсуудын ярьж байгааг би дуулж байсаан. Ер нь их л хатуу чанга мөрддөг. Дандаа шөнийн цагаар ажиллаж, байцааж шүүдэг, тэнд чинь хөлийг нь чилтэл зогсоодог, эсвэл хөлийг нь газар хүрэхгүй сандал дээр суулгаж байгаад байцаадаг. Тэгээд мэдүүлэг өгөхгүй бол тамхины галаар түлдэг, зоддог. Элдвийн л юм улсууд ярьдаг. Тэгж ярьж байсан ганц нэг хүнийг дуулж л байсан. Манай тэр, тэр яаманд сүү тосны байцаагч Баярсайхан гуай гэж нэг өвгөн байсан байсан даа, наян хэд хүрээд, наяад оны эхээр нас барсан. Тэр бол Чойбалсаны комиссар байсан. Тэгээд хэлмэгдсэн. Тэгэхдээ Баярсайхан гуай тэгдэг, ингэдэг, тэгж шүүлгэж байсан гэдэггүй, зүгээр л Чойбалсан их муу хүн гэж ярьж байсан.
Э.Сайнбилэг -
Яагаад?
Пүрэвжав -
Хэн мэдэхэв. Комиссар нь байсан юм гэнэлээ. Комиссараа бариад орчихоор тэгсэн юмуу, яасан юм, Чойбалсан их муу хүн гэдэг.... Одоо энэ Матадын хүн гэсээн. Өвгөн байсан юм.
Э.Сайнбилэг -
Олон хүн хэлмэгдсэн гэдэг утгаар хэлж байгаа юм болов уу?
Пүрэвжав -
Тэгж байгаа юм байлгүй. Чойбалсан их муу хүн л гэдэг байсан.
Э.Сайнбилэг -
Өөр тодорхой юм ярьж байгаагүй юу?
Пүрэвжав -
Үгүй, тэр их хашир хүн л дээ.
Э.Сайнбилэг -
Тухайн үедээ их хашир байхгүй бол өөрөө эргээд ороогдож магадгүй биз дээ?
Пүрэвжав -
Тийм. Тийм. Тэр бол 70, 80-аад оны үед хамт ажиллаж байсан юм чинь. Яривал ярихаар л болсон үе гэж боддог юм.
Э.Сайнбилэг -
Та соёлын довтолгооны тухай юу мэдэх вэ?
Пүрэвжав -
Би соёлын довтолгооны талаар бол мэднээ. Соёлын довтолгоо болж бичиг үсэггүй хүмүүсийг, бичиг үсэгтэй болгоно. Хөдөөгийн, хотын аль ч газар тэр үед чинь яахав дээ, хааяагүй л халуун ус гэж юм бараг байхгүй байсан ш дээ. Тэгээд хөдөөгийн улсуудыг чинь бичиг үсэгтэй болгох, ядаад л нэг орны цагаан даавуутай, хүн ороод ирэхэд нударгаараа аягаа арчаад өгдөггүй, нэг цагаан марль юм уу, цагаан алчуураар аягаа арчдаг, за нэг ийм юмнаас нь эхлээд л хүмүүст хэвшил болгоход тийм л ажлыг зохион байгуулж хийсэн байх л даа. Соёлын довтолгоо гэдэг чинь тийм л юм байгаа юм.
Э.Сайнбилэг -
УБ-т соёлын довтолгоон яаж явдаг байсан бэ? Шалгалтын комисс гараад шалгадаг байсан гэсэн?
Пүрэвжав -
За яахав, айл гэрээр орж үзэж, харж явдаг л байсан байх. Би тэрийг нь сайн мэдэхгүй юм. Тэр үеэр чинь би сургууль соёлд орчихсон. Тийм байсан. Ер нь соёлын довтолгоон хөдөө хотгүй л их хүчтэй явагдсан.
Э.Сайнбилэг -
Тэр үед хүмүүсээс яг юу шаарддаг байсан бэ?
Пүрэвжав -
Түрүүний миний хэлдгийг л. ... соёлч болвсон байдлыг эхлүүлэх, бичиг үсэгтэй болгох, энэ талын юм. Соёлын довтолгоон гэдэг чинь гол нь энэ л юм л даа.
Э.Сайнбилэг -
Соёлын довтолгооны өмнө хүмүүс ер нь ямаршуу байсан бэ? Ор дэрний цагаан даавуу хэрэглэдэггүй байсан юмуу?
Пүрэвжав -
Хөдөөд бол хэрэглэж байгаагүй байхаа. Би хөдөө байгаагүй болохоор мэдэхгүй. Зарим нь хөдөөний хүн үстэй дээлээ нөмрөөд л , өмдөө хөлөндөө углачихаад л, газар, за нэг ор эд нар байсан л байх. Зарим нь бол ор дэр байсан л байх. Тэгээд л газраар хүүхдүүдээ зулаад л байсан байх. Хотод тиймэрхүү л байсан. Адилхан.
Э.Сайнбилэг -
Усанд ордог байсан болов уу?
Пүрэвжав -
Хотод яахвээ. Зарим газар тавийн халуун ус гээд байсаан. Хөдөө бол мэдэхгүй, Сүүлийн үед байгуулагдсан байх л даа, нэгдэл эд нар байгуулагдаад. Тийм юмнууд бий болж байсан байх.
Э.Сайнбилэг -
Та шашин шүтдэг үү?
Пүрэвжав -
Би бол шүтээд сүйд болдоггүй, шүтэхгүй гээд яагаад байдаггүй. Бас яанаа. Бас нэг шашин яагаад байхгүй ээ.
Э.Сайнбилэг -
Социализмын үед шашин шүтэх нь хориотой шахуу, айлууд бурхан шүтээнээ нуудаг байсан, та тэр тухай юу мэдэх вэ?
Пүрэвжав -
Тийм юм байсаан. Айлд бол бурхан эд нар байхгүй, гэлээ гэхдээ хоймортоо нэг гүнгэрваа гэдэг юм даа, нэг дөрвөлжин модон юман дотор яачихсан бурхан, цөгц, тахил, дамар, хүрд, эд нар байдаг л байсан ш дээ. Зул эд нар өргөчихсөн.
Э.Сайнбилэг -
Ил байх уу?
Пүрэвжав -
Тийм тэр ард нь байж л байсан ш дээ. Тэрийг бол орж ирээд сүйтгээд, устгаад байсныг би мэдэхгүй. Манайх хүртэл, аав байхдаа бас нэг жаахан бурхныхаа өмнө бурхныхаа өмнө, хүрд, дамар эд нар тавьчихаад зул асаачихад байж байдаг. Манайд лав тэгж энэнийгээ хураа гэж байхыг нь мэдэхгүй, зүгээр их том, бурхан тахилтай, том том лам хуврагууд эд нарыг хураасан гэсээн. Ер нь бол шашингүй суртал орж ирсэн ш дээ. Их сургуульд ч хичээлд нь заадаг байсан багш нар.
Э.Сайнбилэг -
Гандан хийд үйл ажиллагаагаа явуулдаг байсан уу? Та цам гэдгийг үзсэн үү?
Пүрэвжав -
Үзэж байсан. Тэр бол 39, 40-н оны үе юмаа даа. Хураагдаж баригдахаас өмнө л тэр юм чинь явж байсан юм. Тэгээд 40-өөд оноос...., байхгүй болгосон ш дээ. Тэгж байгаад энэнийг чинь, яалаа даа, дахиад нэг жижигхэн сэргээгээд багавтар, тэр олон сүм хийдийг чинь юу болгоод л, энэ ганданг чинь олон түмний сүсэг бишрэлийг бодоод л буцаагаад, хязгаартай хэмжээтэйгээр л ажиллуулж байсан байх л гэж би ойлгодог юм.
Э.Сайнбилэг -
Та цамыг нүдээрээ үзсэн үү?
Пүрэвжав -
Цам гэж баг шиг юм өмссөн улсууд, би үзэж байсан. Нөгөө юу хэнгэрэг, цан нүдсэн улсууд, бүжиг шиг юм бүжиглээд байхыг мэддэг юм. Жаахан байсан, бага сургуулийн 3..... дугаар ангид байсан байх. Үзэж байсан.
Э.Сайнбилэг -
Хүмүүс их сүсэг бишрэлтэй үзэж байсан уу?
Пүрэвжав -
Өө, үзэж байсан. Зөндөө л улс байсан. Тэгтэл одооны шиг жагсаал, цуглааныг тарааж байсан шиг тэгж байсныг би мэдэхгүй юм.
Э.Сайнбилэг -
Тэр үе чинь Халх голын дайны үе, тэр үед улс , орон ямар онцлогтой байсан бэ? Эд бараа, таваар хомс байсан байх даа?
Пүрэвжав -
Хомс байсаан. Ер нь ч хомс байсан. Бүр ч хомс байсан. Тэгэхдээ яахав ээ......Амьжиргаатай нэг нь амьдраад л, амьжиргаагүй нэг нь толгой шийр, цувдайгаар хооллоод л, болоод л байсан байх. Ер нь тэгээд тэр үед гэрэл цахилгаан ч гэж юм байгаагүй. Тэр комбинатад чинь яахвээ, Оросын үйлдвэрийн газар гэж нэг юм байсан болохоор гэрэл цахилгаан ч гэж юм байгаагүй. Одоо энэ Баянзүрх захын урд руу нь нэг цагаан байшин байсан. Тэрнээс жаахан гэрэл цахилгаан авдаг. Шөнө оройн цаг болохоор тэрийгээ үгүй бол унтраана, үгүй бол том хар даавуугаар цонхоо хаадаг. Энэ чинь Халхын голын дайн эхлэх гээд зүүн хязгаар дээр Квантуны армиа Монголын эсрэг эгнүүлсэн байсан гэнэлээ ш дээ. Тэгээд дандаа л дайны бэлэн байдалтай. Үйлдвэрүүд ч гэсэн, дандаа л цэргийн хувцас, бээлий, дулаан хувцас, за тэгээд л, цэрэгт нийлүүлэх юмнуудыг л үйлдвэрлэдэг. Тийм л байсан ш дээ.
Э.Сайнбилэг -
Та Сүхбаатарын сургуулиас офицерийн сургуульд орсон гэсэн, тэр тухай яриач?
Пүрэвжав -
Тэгсэн. Тэр офицерийн сургууль бол яахав дээ, Монголд ..., одоо ЗХУ-д Герман довтоллоо гэхэд 41 онд тиймээ, .... Манай зүүн хязгаар тийм ч тааламжтай байгаагүй. Хэдийгээр Халх голын дайн дууслаа ч гэсэн 39 онд, тийм байсан нөхцөлд манай цэргийн хүч чадлыг нэмэгдүүлэхэд, бэлтгэлтэй боловсон хүчин хэрэгтэй, тиймийн тулд дунд сургуулийн 4-р ангиас эхлээд 10-р анги хүртэл сургадаг, ерөнхий боловсролын. 43 онд байгуулагдсан юм. Тэр сургууль ер нь хажуудаа, дэглэм бол их хатуу. Яг л цэргийн. Хүүхэд гэж ялгахгүй. Цэрэг ямар байна, тэрэнтэй л адилхан. Тэр авдаг арга хэмжээ, сахилга алдвал ямар арга хэмжээ авдгав, тэр дүрмийн ёсоор л авна. Энэ чинь хүүхэд шүү гэхгүй. Тэр заах, сургах юмыг бол ...., одоо..., энэ чинь..., тактикийн сургууль гээд гадаа өвлийн хүйтэнд чинь цэмбэн шинельтэй, савхин гуталтай, цэмбэн малгайтай, одоо хойшоогоо Алтан-Өлгий гээд байдаг ш дээ, тэр рүү гараад явчихна. Манай сургууль чинь 43 онд тэр юунд очсон ш дээ. Одоо энэ офицерүүдийн ордон ...., Батлан Хамгаалах Яам байна ш дээ, тэр яамны тэр байранд очсон юм. Тэр байранд чинь Халх голын дайны үеэр манай ...., Зөвлөлтийн 17-р арми гэж байрлаж байсан байхгүй юу. Тэр цэргийн ансамбль, клуб гээд байна ш дээ, цаана нь байгаа, тэнд хичээллэнэ. Наад тэр байранд нь хүүхдүүд байрладаг. Тийм байсаан. Тэгээд тэр хойшоогоо Сүхбаатарын энгэр, одоо Алтан-Өлгий, тэрний тэрүүгээр чинь тактикийн сургууль, галын бэлтгэл буудлагаа хийнэ шүү дээ, өвлийн хүйтэнд. Тэр үед чинь тэгээд л савхин гуталтай, шинельтэй. 4-р ангийн хүүхэд гэдэг чинь 12-13тай л байна. Тэгээд энэ бол хүүхэд эд нар гэхгүй ш дээ. Тэнд чинь ямар дүрэм журам байна, тэрүүгээрээ л. Тийм л хатуу чанд шаардлагатай. Тэгээд их анхаарал тавьдаг, халамж тавьдаг, ийм л сургууль. Бүх юмаар нь хангадаг. Хувцас, хоол унд, хоол унд бол тэр дайны жил, дайны дараахан үед гэсэн ер нь хамгийн л амттай, хамгийн сайн л хоолоор хооллодог байсан. Их сайхан байсан тэнд чинь.
Э.Сайнбилэг -
Та офицерийн сургуулийн өвлийн нэг өдрийн амьдралыг ярьж өгөөч?
Пүрэвжав -
Өнөө л түрүүнийх шүү дээ. Ер нь аль ч офицерийн сургууль бай, одоонийх адилхан байдаг биз. Нэг л дэглэм чанга юутай ш дээ.
Э.Сайнбилэг -
Өглөө хэдэд босох вэ?
Пүрэвжав -
Өглөө 6-д л босно.
Э.Сайнбилэг -
Босоод юу хийх вэ?
Пүрэвжав -
Босоод, гимнастикандаа гараад, орж ирээд нүүр гараа угаагаад, хоол ундандаа ороод л, тэгээд л хичээлдээ орно ш дээ. Офицерийн сургуульд бол тэр чинь өдөр хоолондоо орчихоод, үдээс хойш хичээллээд, тэгээд бас 2-4 цаг хүртэл амраад, тэгээд буцаад л хичээл, үгүй бол гадаа тактикийн сургууль, үгүй бол жагсаалын сургууль, дандаа тийм л юм хийнэ ш дээ.
Э.Сайнбилэг -
Хичээлд яг юу заах вэ?
Пүрэвжав -
4-10 ангийн болвсрол заана. Тэр дотор чинь нөгөө цэргийн галын бэлтгэл, зэвсгийн бие анги, цэргийн дүрмүүд, за тэгээд, тактик, газрын зураг гээд химийн хичээл цэргийн хими тиймэрхүү л хичээлүүд заана даа.
Э.Сайнбилэг -
Офицерүүдийн сургууль төгсөөд дараа нь юу хийв?
Пүрэвжав -
Дараа нь цэргийн ерөнхий сургуульд очсон. Одоо цэргийн дээд сургууль гэсэн үг юм даа. Зөвлөлтийн хуучин элчингийн хойд талд байгаа даа, шар байшин байгаа, хуучин цэргийн клуб гэж байсны наад талд, тэнд 2 жил болсон. Тэрийг төгсөөд цэрэгт 2 сар хэртэй офицер хийж байгаад халагдаад энгийн болсон доо.
Э.Сайнбилэг -
Тэр үед улс оронд ямар онцлогтой үйл явдал болж байсан?
Пүрэвжав -
Тэр үед улс орон гайгүй болж байсан. Гэлээ гэхдээ 45 оны нөгөө чөлөөлөх дайн чинь болсон ш дээ. Зөвлөлтийн цэрэг Монголын хилээр дамжиж урагшаа Долнуур, Хаалган тэр чиглэл рүү яаж байсан. Зөвлөлтийн цэрэг Өвөрмонгол Хятадын нутгийн ард түмнийг Японы импералистүүдээс хамгаалах, чөлөөлөх ариун дайн гэж нэрлэсэн ш дээ.
Э.Сайнбилэг -
Тэр үед та Улаанбаатарт байсан ш дээ, амьдрал ямар байсан бэ?
Пүрэвжав -
Тэр үед чинь гайгүй болсон байсан шүү. Эх орны дайн төгсчихсөн. Харин эх орны дайны үеэр ёстой хүнд байсаан. Бүдүүн гурил.....манайхаар хивэг гээд..... хивэгнээс бүдүүн арзайсан гурил иднэ. Айл хунар ах дүү нараараа ороход тэрүүгээр гамбир хийчихсэн, үгүй бол шөлтэй хоол хийчихсэн. Тийм л байдаг байсан. Бид бол тийм юм үзээгүй ээ. Тэр үед би офицерийн сургуульд байсан болохоор би хангалт сайтай байсан. Цагаан талх идэж, тарган хонины мах, тарган гахайны өөх, ёстой хөрвөөж байгаад л гараад ирсэн.
Э.Сайнбилэг -
Тэгэхэд цэрэг офицерүүдийг их анхаардаг байж дээ, төрөөс?
Пүрэвжав -
Тэгэлгүй яахав. Цэрэг арми чинь их өргөн байсан. 50-иад оноос эхлээд армийг их цомхтгоод эхэлсэн ш дээ. Тэр үед чинь Монголын арми чинь морьт цэрэг л байсан даа. Техник ховортой. Ер нь байсаан. Их бууны анги, хуягт танкийн анги гээд л. Одоотой адилхан пуужингийн хүчтэй анги байхгүй ээ.
Э.Сайнбилэг -
Та цэргийн сургууль төгсөөд дараа нь яасан бэ?
Пүрэвжав -
Цэргийн сургууль төгсөөд, яахвээ, энгийн болоод, төв зөвлөлд 2 жил ажиллаад, дараагаар нь ХАА-н дээд сургуульд орсон. ХААДС–иа төгсөөд, тэгээд тэндээсээ хөдөө нэг жаахан ажиллаж байгаад, хүнсний яаманд, одоо энэ “Зориг сан” байгаа байшинд чинь яам байсаан, тэнд ирж би тэр системдээ явж байгаад 87 онд гарсан даа(тэтгэвэрт). Миний тэр үед Хүнсний яамны сайд Молом гэж хүн бий дээ. Архангайн Хотонтын Чуваандоржийн Молом гэж тэр сайд. Бас Дулмаа гэж 1-р орлогч сайд их сайхан хамт олонтой хамт байсан. Тэрнийхээ дараа гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдэл гэж байгуулагдаад тэнд очиж бид нар танай аав, энэ Хорлоо бид нар.
Э.Сайнбилэг -
Та 2 жил хөдөө ажиллаж байсан гэв үү?
Пүрэвжав -
Ерөөгийн сангийн аж ахуй (САА)-д ажиллаж байсан.
Э.Сайнбилэг -
Тэнд ажиллаж байхад тэндхийн амьдрал УБ-аас ямар ялгаатай байсан бэ, САА-н тухай ярьж өгөөч?
Пүрэвжав -
САА бол их сайхан байсан шүү, хангамж их сайтай. Улсын юугаар яасан байгууллага болохоор мал хөрөнгө ихтэй. Тэр малчид гэдэг чинь хангамж их сайтай, цалин пүнлүүтэй. Нөгөө хөдөлмөр өдөр гээд авахгүй, малынхаа ашиг шим тэрнийхээ хэмжээгээр цалин авдаг.
Э.Сайнбилэг -
Хүмүүс ер нь сэтгэл хангалуун байсан уу?
Пүрэвжав -
Хангалуун байлгүй яахав. Улсаас тэр чинь хамаг юмыг нь өгнө. Хамуу угаах, ноос авах, мал нядлах, мал бэлтгэх эд нар чинь улс л яана. САА бол их онцлогтой ш дээ. Газар тариалан эрхэлнэ.
Э.Сайнбилэг -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар та юу мэдэх вэ ?
Пүрэвжав -
Нэгдэлжих хөдөлгөөн бол Монголын хөдөөгийн малчдыг хоршоолох нэг л хэлбэр юм даа. Хуучин нөгөө коммун хамтрал гэж байсан, тэрэн шиг биш, өөр хэлбэрээр, орчин үеийн.... Ер нь нэгдэлжих хөдөлгөөн маань мал аж ахуйн машинт станц гэж юм гарсан. Тэр бол өвс хадлан тариагаа нэг ёсондоо хүчээ нэгтгэж ажиллаж байсан. Тийм юмны үндсэн дээр малчдыг хоршоолж хүч хөдөлмөрийг нь нэгтгэж, малаа улсдаа нийгэмчилж малаа нийгэмчилсэн малчиддаа нэгдлээс хангадаг. Хүч хөдөлмөрийг нь нэгтгээд нэгдэл гэдэг том байгууллагад тэрнийхээ үндсэн дээр малчдад хөдөлмөр өдөр өнөө олсон ашиг шимд нь ноогдуулж хөдөлмөр өдрийн хөлс, нэг ёсондоо мөнгөн хэлбэрт оруулж өгсөн байхгүй юу, тэр малчдыг. Тэдэн чинь өөрснөө л зарж борлуулдаг, үгүй бол эсгий хийдэг тийм л байсан ш дээ.одоотой адилхан зах зээл гээд борлуулаад байх юм байхгүй. Жалгын нэг байсан улсыг чинь нэгтгээд, зуд болохоор чинь жалгын нэг байсан улс чинь хотоо харлуулаад л хоосон болоод л. Ингэхгүйн тулд л хүч хөдөлмөрийг нь нэгтгэсэн арга хэмжээ шүү дээ.
Э.Сайнбилэг -
Хүмүүс яаж хүлээж авч байв ?
Пүрэвжав -
За тэрэнд бол дуртай ч хүн байна, дургүй ч хүн байна. Энэ нэгдэл гэдэг чинь ямаршуу юм бэ, нөгөө тээр жилийн коммун гэдэг шиг бид нарыг уллачихгүй байгаа гэсэн эргэлзээ байж л таараа ш дээ. Тэрийг чинь л одоо л сайн хүчтэй суртал ухуулга тийм юм явуулж байж л тэрийг чинь яана ш дээ.
Э.Сайнбилэг -
Мал ихтэй байсан улсууд нь их л дургүй байсан байх даа?
Пүрэвжав -
Харин тэгэлгүй яахав. Мал ихтэй нь дургүй байна. Нөгөө нь..., ....ээ нөгөө Итгэлт баян гэдэг шиг малаа зараад мөнгө болгоод авдрандаа хийх санаатай ч хүн байсан байх. Тэнд чинь янз янзын л хүн байна ш дээ. Эргэлзээд энэ одоо яах бол, хүмүүсийн байр байдлыг харъя, ер нь юу болох нь вэ ч гэсэн улс бий л байх, ухамсраараа 10, 5-н малаа өгчихөөд энэ газар нь ороод ажиллая гэсэн улс ч байсан л байх. Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жил чинь 59 онд болсон биз дээ, гэхээр энэ чинь 49 оноос л эхлээд гарч эхэлсэн шүү дээ.
Э.Сайнбилэг -
Коммун гэж?
Пүрэвжав -
Өө, тэр чинь нөгөө ардын хувьсгал ялсны дараа коммун гэж бас энүүн шиг нөгөө бүх малыг нь нийгэмчлээд, тэгээд авчихсан чинь нөгөөдөх нь бутарч яагаад, хамаг мал нь үхэж үрэгдэх нь үрэгдээд, буцаад малчиддаа малыг нь аваачаад өгсөн байхгүй юу. Барууны нугалаа гэдэг чинь тэндээс тэгж гарсан. Хүчээр албадан. Орох нь ор байх нь бай гээгүй. Энэ чинь ингэсэн юм. Тэр коммун гэдэг чинь албадаад байгуулчихгүй юу. Тэгэхээр зэрэг болохгүй болчихож байгаа юм. Нэгдэл бол ерөөсөө албадаагүй. Эхлээд бол албадаагүй. Зугуу зугуухан авч байгаад л хоршоолсон. Би бол тэгж ойлгодог юм.
Э.Сайнбилэг -
Та маш олон газар ажиллажээ, дарга цэрэг нарын харьцаа ямар байсан бэ? Сайд? ажилчин?
Пүрэвжав -
Үгүй яах вэ, бидний үед их зарчимтай байсан. Шаардлага өндөртэй. Шаардлага өндөртэй байна гэдэг чинь хариуцлага сайжирна гэсэн үг. Шаардлагын хэмжээгээр хариуцлага сайжирна биз дээ?Хүн чинь ингээд л нозоороод л, надад хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гээд байвал.... бид нар чинь 7 хоногийн ажлын төлөвлөгөөтөй сарын ажлын төлөвлөгөө бүр мэргэжилтэн хэлтсийн дарга юу байдаг юм, бүгд төлөвлөгөөтэй, хэлтсийн дарга ажилтнаасаа долоо хоног бүрийн 1 дэх өдөр “За чи энэ 7 хоногийн төлөвлөгөөгөө аваад ир” дээр нь тэр батлав гээд гарын үсгээ зурна. Хэлтсийн даргыг орлогч дарга, орлогч сайднараа бодвол, сайд нь баталдаг бизээ. Тийм, бүр өдөр өдрөөр нь ажлын төлөвлөгөөтэй, маргааш бол би яахав гэхээр тэнд очиж тийм юм хийнэ, тэр яамны боловсон хүчинтэй ч гэддэг юм уу, тэр газрын даргатай уулзаж, тэр тэнд байгаа өвс тэжээлийг тийш нь нийлүүлээд тийм тээврийн хүч, тийм машин тэрэг хөөцөлдөнө.төмөр зам орж, Дарханаас –УБ–т өвсний фонд дээр очиж, өвсний вагонуудын тухай замын газар дээр очиж гэх мэтээр өөрийн хариуцсан юман дээрээ л ажлаа төлөвлөнө ш дээ, 7 хоногоор, сараар.
Э.Сайнбилэг -
Таны бодлоор УБ яаж өөрчлөгдөж ирэв? Аж үйлдвэржилт яаж явагдсан бэ?
Пүрэвжав -
Аж үйлдвэржилт бол их өөрчлөгдсөн дөө. Эхлээд комбинат гэж байхад чинь миний мэддэг булигаарын завод гэж байсан, гутлын үйлдвэр гэж байсан, эсгийн завод гэж ийм л юмнууд байсан. Дараа нь Чехийн тусламжаар гутлын үйлдвэрийг өргөтгөсөн. Шевредийн үйлдвэр байгууллаа, шевроны үйлдвэр байлаа. Зөндөө олон үйлдвэрүүд байгуулагдсан. УБ махкомбинат байгуулагдлаа. Хөдөө орон нутаг гэхэд чинь хүнсний комбинатуудыг байгууллаа. 60, 50-н он бол Монголд ХАА, мал аж ахуй орон байсныг чинь мал аж ахуй-аж үйлдвэрийн орон болгож хөгжсөн.
Э.Сайнбилэг -
Хүмүүс их бахтай хүлээж авч байсан даа ?
Пүрэвжав -
Хүлээж авалгүй яахав. Тэр чинь одоо хүн хөдөлмөртэй болно, ажилтай болно. Нэг онцлог нь бол одоотой адилхан бүгд дээд сургууль гээд байдаггүй, бага сургууль, 8-р анги төгсөөд гадаад, дотоодын ТМС-иудад явна. Ихэнх нь орос, дотооддоо л хийж байсан байх. өөр газар байсан юмуу, мэдэхгүй. Барилгын аж үйлдвэрийн бүх л чиглэлээр олон мэргэжилтэн бэлдсэн. Одоо бол тийм юм байхгүй ш дээ. Одоо стипендтэй ТМС байгуулна гээд түрүүчээсээ байгуулж байгаа ш дээ. Нэг үе устгагдсан ш дээ, ардчилалын юугаар. Байхгүй болсон.
Э.Сайнбилэг -
Байгаль орчин яаж өөрчлөгдөв? Туул гол? Сэлбэ гол? Дунд гол?
Пүрэвжав -
Их том байсаан. Туул гол чинь нөгөө сал явдаг байсан. Сал гэж мэдэх үү, олон гуалин холбочихоод, тэр Галтай Булнайгаас мод татаж, Туул голын чинь эрэг дээр буулгаж тэндээсээ гуалин түлээгээ яадаг байсан ш дээ. Одоо бол сал явах юм уу, яах юм мэдэхгүй.
Э.Сайнбилэг -
Таны бодлоор Туул гол хэд дахин багассан бэ?
Пүрэвжав -
Би гүн гүнзгийг нь мэдэхгүй л дээ. Өргөнөөрөө бараг тал хувь нь байхгүй болсон. Баримт нь: Тэр Зайсангийн гүүрээр гарч үзсэн үү, одоо тэр Зайсангийн гүүрний дунд талын 4-н шонгийн дундуур л урсч байгаа байх. Уг нь тийм л байсан бол тэгээд л барьчихгүй юу. Тэр гүүр байгаа хэмжээгээр чинь л байсан байх. Тийм л өргөн байсан. Одоо бол байхгүй ээ. Гүн гүнзгийгээрээ ямрыг нь би мэдэхгүй.
Э.Сайнбилэг -
Сэлбэ гол?
Пүрэвжав -
Сэлбэ гол ч гэсэн өргөн байсан. Одоо энэ чинь миний мэдэхийн 30 билүү, 40-өөд оны үед чинь Сэлбэ гол чинь үерлээд цаад тал нь тэр санхүүгийн сургуулийн тэрүүгээр чинь нэг их шуудайтай, элс овоолоод л, халих гээд л, цэргийн улсууд, энгийн улсууд чинь шуудайтай элсийг ингээд давхарлаад, өндөрлөөд хашлага хийдэг байсан. Сургуульд сурагч байхдаа бас ирж тэгж юм хийж байсан. Бүх хотынхон, ер нь бол хотынхон саяхан болтол субботник хийдэг байсаан. Амралтын өдөр чинь субботник хийж хотоо цэвэрлэдэг, гол усаа янзалдаг. Одоо энэ Сэлбэ голын хашлагануудыг чинь 70-80-аад оны үед хийсэн ш дээ. Энэ чинь миний түрүүчийн хэлдэг шиг шуудайгаар давхарлачихсан юм байсныг цементлээд л. Манай нэгдэл хүртэл ажиллаж байсан. Бас энэ 1-р 10 жил чинь байсан. Гэхдээ бас л 40-н хэдэн онд хоригдлууд барьсан гэнэлээ.
Э.Сайнбилэг -
Ямар хоригдлууд?
Пүрэвжав -
Одоо та нар хараарай. Барьсан он нь аль өнцөг дээр нь байгаа байх. Япон бишээ, Япон чинь Дотоод яам, Хөрөнгийн бирж, Элдэв-Очир кинотеатр, Драмын театр, би тэрийг сайн мэднэ.
Э.Сайнбилэг -
ЗГ-ын ордныг хэн барьсан юм бэ?
Пүрэвжав -
Мэдэхгүй, сайн мэдэхгүй. Лав л Японууд бариагүй байхаа. Япон чинь энэнийг барихад яваад өгсөн байсан.
Э.Сайнбилэг -
Социализмын үед оросууд Монголд их байсан. Тэдэнтэй манайхан ямар харьцаатай байсан?
Пүрэвжав -
Ер нь их л сайн байсан ш дээ.ах нар гээд, Халхын голд нэг экипажид, энхийн бригадад нэг гээд л ахан дүүсийн найрамдал гээд ярьдаг биз дээ. Ийм л байсан. Одоо чиг л байгаа байх. Монголыг оросууд нүд үзүүрлээд байдаггүй байлгүй. Яахав, сүүлийнхэн бол яадаг л биз. Манай гурилын нэгдлийн харьяа тэжээлийн үйлдвэрүүдэд чинь дандаа л оросууд, дандаа л гар бие орлцсон ш дээ. Эдний хүчээр л боссон үйлдвэрүүд ш дээ.
Э.Сайнбилэг -
Та ардчилсан хувьсгалыг юу гэж боддог вэ?
Пүрэвжав -
Ардчилсан хувьсгал бол яахав. Ардчилал бол 90 оноос өмнө байгаагүй биш, байсан биз дээ. Энэ яахав, шинэ хэлбэрээр нэг хүний дарангуйллыг устгахын төлөө л, гарч ирсэн хувьсгал гэж ойлгодог. Ардчилсан нам харин анхныхаа зорилгоор явж байгаа юу гэдэгт харин эргэлздэг. Анх гарч ирсэн шигээ тийм эрч хүчтэй биш, санагддаг надад бол. Ардчилал маань...нэг... хэрүүл.... анархист байдал руу орчихлоо гэж би хувьдаа дүгнэж байдаг. Ардчилагч бай, ху нам ч бай, тэр ногоон цагаан нам нь ч бай, зорилго нь бол энэ Монгол улсын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө гэж би ойлгодог. Гэтэл эд нар чинь тус тусдаа, тус тусдаа юм яриад л, тусдаа нэг их юм боловсруулаад л, өөрснөө байгуулах гээд байгаа юмуу, хаашаа юм. Ер нь ямар ч намын дунд ахмадын байгууллага эмэгтэйчүүдийн байгууллага байна. За тэр намын дэргэд тийм олон дэмждэг байгууллага байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу, би мэдэхгүй. Ер нь тэрийг чинь заавал байгууллагын дэргэд биш, тэр юмаа дэмждэг олон түмэн нь дэмжээд л, дэмждэггүй нь дэмжихгүй ингээд л яваад байвал, энэ чинь ёстой жинхэнэ ардчилал биз дээ. Заавал албаар баахан юм авааччихаад чи муу энэ тэр гэж зүтгээд л, манай ху нам ч адилхан, би тэрийг ч яахгүй, манай намын дэргэд ч залуучуудын холбоо гээд л байна, эмэгтэйчүүдийн холбоо гээд л байж л байна. Ардчилсан намд ч бий. Энэ яах юм бэ, ийм олон элдвийн юм байж байхаар нэгдээд энэ дотроосоо аль нь алийгаа дэмжих нь тэгээд явж байвал, ер болох юм шиг мунхаг ухаанаар боддог юм.
Э.Сайнбилэг -
Өмч хувьчлалаар та юутай болсон бэ?
Пүрэвжав -
Өмч хувьчлалыг анх энэ ногоон, ягаан цаасаар чинь бас нэг юмтай болчих юм гэж бодоод л энэ чинь энэ чинь энэ хэдэн хүүхдийнхээ, манай хөгшин ч амьд л байсан, энэ хэдийнхээ 10-аад хүний юмыг цуглуулаад байж байсан чинь тэр хэдэн төгрөг билээ орсон юмаа тэр чинь. Тэрийг нь өгсөн чинь “Бармаш” гэдэг комбинат байдаг троллейбусны эцсийн буудлын наахна талд тэгсэн байхгүй юу /инээв/. Тэгээд хойно нь дуудаад асуусан чинь заримыг нь Дорнодын ноосны үйлдвэрт, заримыг нь Эрдэнэтийн хүнсний үйлдвэрт, заримыг нь энэ “Бармаш”-д сүүлдээ ердөө яах ч учраа олохгүй, тэгээд хөгшин ч нас бараад, ингээд тэрэнтэй манатай тэгээд өнгөрсөн. Би ч их юм өгсөн биш дээ, зүгээр улс л тараана гэж өгөхөөр нь авсан болохоос биш, нэг ч их хотойгоод байдаггүй, яахав.
Э.Сайнбилэг -
Өмч хувьчлал ямар хэлбэрээр явагдсан бэ?
Пүрэвжав -
Өмч хувьчлалаар над шиг зарим нэг нь хоосон л хоцорсон байх. Овсгоотой чадалтай чансаатай нь бол тэр үеийг чинь далимдуулаад авсан л байх. Энэ их олон баян саятнууд чинь дандаа гахай зөөж байгаад баяжаагүй байх л даа, гэж боддог.
Э.Сайнбилэг -
Тэд ямар аргаар илүү өмч эзэмшчихэв?
Пүрэвжав -
Тэр чинь одоо яадаг юм б дээ, Өмч хувьчлал чинь, бас нэг улсуудын толгой тархийг нь эргүүлж байгаад авчихдаг юм болов уу даа, арай улаан цайм би энэнийг чинь авлаа гэж байгаад авдаггүй л байх л даа. Ямар нэгэн юм байгуулж байгаад л авдаг гэж боддог ш дээ.
Э.Сайнбилэг -
Ардчилал ер нь танд юу авчирсан гэж боддог вэ, та?
Пүрэвжав -
Ардчилал бол Монголын ард түмэнд чөлөөтэй ярих, хэлэх, жагсах, тэр бүх л эрх чөлөөг нь, эд адгуурсаа чөлөөтэй худалдаж борлуулах, ер нь чөлөөтэй л болгож өгсөн дөө. Тэр чөлөөтэй болж өгч байгаагийн далимд нь ардчилалынхаа юугаар, хамгийн гол нь эрхнээсээ гадна үүргээ сайн мэдэж л энэнд оролцох хэрэгтэй л дээ.
Э.Сайнбилэг -
Таны амьдралын туршид гэр бүлийн харилцаа яаж өөрчлөгдөж ирэв гэж та боддог вэ?
Пүрэвжав -
Бидний үеийн гэр бүлийн харьцаа, гэр бүл бол тогтож ирсэн, төрөөс л их арга хэмжээ авсан. Чи бод л доо, Жишээ нь: Би хэрвээ архи уугаад, авгай хүүхдээ зодоод байж байна ш дээ, тэгвэл тэр манай захиргаа чинь надад арга хэмжээ авна ш дээ. Архи уудаг чи тэгдэг ингэдэг гэж, намын байгууллагаар авч хэлэлцэнэ, захиргааны байгууллагаар авч хэлэлцэнэ, олон нийтийн байгууллагаар авч хэлэлцэнэ. За тэгээд болохгүй бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Намын гишүүн байвал намын гишүүнээс нь хөөнө. Гэр бүл салсан бол албан тушаал ахих, дэвших ярих юм байхгүй. Гэр бүлийн талаар тодорхой, тодорхой арга хэмжээг авч байсан. Тэгээд нөгөө хүүхдийн төрсний мөнгө, тэр үед өлгий, сүүний мөнгө гэдэг байсан юм, төрсний дараа мөнгө тэгээд л амралт. Тэгээд тэр эхийн одонгууд чинь тэр социализмын үед л гарсан ш дээ. 1, 2-р зэргийн одон. Одоо тэр мөнгө нь их болоо биз дээ, тэр үед гэр бүлийн талаар том арга хэмжээ авч байсан. Одоо ээж чинь ч мэднэ. Авгайгаасаа салсан хүн албан тушаал ахина гэсэн тооцоо байхгүй дээ. Бараг намын гишүүнтэйгээ байх юм уу, үгүй юмуу л яригддаг байсан. Одоо бол дуртай л яваад өгнө биз дээ.
Э.Сайнбилэг -
Би танаас сонин асуулт асуучихъя. Монголчууд өөд болсон хүнийг яаж оршуулдаг байсан бэ?
Пүрэвжав -
Дээр үед ил тавьдаг байсан гэнэлээ.
Э.Сайнбилэг -
Та өөрөө харж байсан уу?
Пүрэвжав -
За даа, би харж байгаагүй ээ. Ерөөсөө хүмүүсийн ярих нь аваачаад л манайхтай адилхан газар шороо ухаад л, байдаггүй, ил тавиадл, тэр нь 1, 2 хоногийн дотор хэрээ шувуу идээд, энэнийг чинь сайн эд гэж ярьдаг байсан. Хангайн амьтан идэж яачихлаа гэж энэнийг чинь оршуулна гэдэг чинь сүүлд л гарсан байх. Тэгэхэд багаас мэдэхийн л, энэ далан давхар эд нар чинь байсан л байх. Тэнд ил тавьж ч байсан байх, далд тавьж ч байсан байх. Тэр нь ч бас зөв байх. Ил тавьчихвал өвчин зовлон, халдвар гээд зөндөө л юм болно. Одоо чинь бунхалдаг газар байгуулаад, бас нэгийг байгуулна гэж байгаа биз.
Э.Сайнбилэг -
Чандарладаг уу?
Пүрэвжав -
Тийм, чандарладаг. Ил тавьдаг байсан гэнэлээ. Би ямар хөдөө гадаа байсан биш.
Э.Сайнбилэг -
Танд өөр ярьж сонирхуулахаар юм байна уу?
Пүрэвжав -
Өөр ч юу байхав дээ, Иймэрхүү л амьдралтай. Болж байнаа би бол түмний буянд, хамт олон, ажиллаж байсан улсуудтайгаа уулзаад болж л байна.
Э.Сайнбилэг -
Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.