Horloo


Basic information
Interviewee ID: 990003
Name: Horloo
Parent's name: Ravdan
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
privatization
cultural campaigns
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

cultural campaigns
repression
collectivization
urbanization
city life
Chinese
industrialization
student life (in the Soviet Union)
belief
authority
privatization
democracy
Choibalsan's funeral


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Таны амьдралд ямар нэгэн зүйл маш гүнзгий нөлөөлсөн явдал бий юу? Та хэдэн онд төрсөн бэ?

Хорлоо -

Би 1945 оны 3-р сард төрсөн. Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Онцгой үйл явдал гэх юм болбол би чинь одоо, тэр үед.. одоо нялх,... ой хүрээгүй насандаа хүнд өвчилж,.. тэгээд, одоо эмнэлэгт хэвтэж байхдаа их гүн, тийм., арьсны, харшлын гүн хордлогонд орсон юм шиг байгаа юмаа. Тэрнийг би ямар өөрөө мэдэх биш, эцэг эхээс сонсоход одоо тэр үеийн эмнэлэг бол эмчилж чадаагүй. Ер нь намайг нөгөө ертөнцөд явна гэж байхад одоо хар бор аргын хүмүүс одоо юу яасан, дэмжсэний хүчээр тэр өвчин дээрээсээ аваад хөлнийхөө улаар хүртэл тууралт гарч эдгэрсэн юмаа. Энэ өвчин одоо... ямар өвчин байсныг сайн мэдэхгүй үлдсэн. Зүгээр, одоо ингээд бодож байхад боловсон эмнэлгийн эмчилгээний үр дүн ч байсан юм билүү гэх шиг бодол төрдөг юмаа.

Сайнбилэг -

Та 1945 онд төрсөн гэлээ тэр үед хүмүүс төрсөн он сараа мэддэггүй байлаа ш дээ, хэдэн оныг нь ч мэдэхгүй нэг намар л төрсөн юм гэнэлээ гээд зохиочихсон байдаг ш дээ?

Хорлоо -

Үгүй, би бол өөрийн төрсөн оноо мэдэж байгаа. Яагаад гэвэл, яагаад гэвэл, нөгөө, манай эмнэлэгт орос эмч нар байсан учраас бид, надыг төрөхөд бичиг баримтжуулж байсан. Тэгээд 3 сарын13-нд төрснөө мэддэг. Тэр үед дайн болж байсан. Дэлхийн II дайн. Тэр дайн хэдийгээр Монголд болоогүй ч гэсэн тэр дайны үр нөлөөгөөр хүнс, хоол тэжээлээр дутмаг байсан. Дутмаг байсан даа.

Сайнбилэг -

Төрснөөс хойшхи амьдралаа ярьж өгөөч? Бодвол бага сургуульд орсон байж таараа.

Хорлоо -

За би тэгээд л тэгж хүнд өвчтэй байж, байж 6 нас хүрээд, тэгээд, 6 настайдаа сургуульд орсон. Тэгээд УБ-т агаар таарахгүй байсан учраас коклюш гэдэг өвчин туссан.

Сайнбилэг -

Ямар өвчин юм бэ?

Хорлоо -

Монгол хэлээр бол хөхүүл ханиад гэсэн үг. Тэгээд агаар устай газар байх ёстой гээд тэгээд сургуулиасаа гараад, замдаа явахдаа машины кабины шилийг онгойлгоод агаар амьсгалуул гэж. Тэгээд өвлийн хүйтэн байсан болохоор ээж маань агаар амьсгалуулаад, тэгээд, нутагтаа очоод сургуулиасаа гараад, тэгээд эдгэрсэн. Тэгээд 1-р ангидаа Архангайд 1-р ангид орж суралцаад 1-3, 1,2,3, жил болоод, 3-р ангиа төгсөөд, тэгээд, хотод буцаж ирээд, 4,5-р ангийг УБ хотод сургуульд сураад, тэгээд бас дахиад л, буцаад 10-р ангиа Архангайдаа төгссөн. Дунд сургуулийг бол тэгж төгссөн.

Сайнбилэг -

Та 10-р ангиа Архангайд төгссөн гэлээ. Тэр үед ер нь аймгийн төвийн амьдрал ямаршуу байсан бэ? Дэлгүүр хоршоо ч юмуу, засаг захиргаа ч юмуу, сургууль дээр амьдрал яаж өрнөдөг байсан бэ?

Хорлоо -

Тэгэхэд чинь мах ховор байсан. Тэгээд картын системээр биш л дээ, зүгээр л ерөнхийдөө ховор, мах, аймгийн төв хуучин газар болохоороо яахав, мах зардаг ганц, хоёрхон цэг байдаг байсан. Тэгээд би нөгөө, ангийнхаа найзыг дагуулж, тэднийх мах авч байгаа болж оочерлож байж 2 айлын нормын мах авдаг байсан. Бас норм тогтоочихсон л байдаг байсан юм байна л даа, тэр үедээ. Сайн л бол 2,3 кг мах өгч байсан юм болов уу даа. Ангийнхаа хүүхэдтэй их өглөө босч, оочерлоноо.Тэгээд нөгөө, өглөө эрт босч оочерлоод аваад, тэгээд, их оочерлож авдаг байсан. Махны хувьд тийм. Амьдрал бол тэгээд нэг загварын тийм хэвийн л. Ямар гэж хэлмээр юм бэ дээ. Хүүхэд байсан болохоор өглөө хичээлдээ яваад л, өдөр хичээлээсээ ирээд л, гэрийнхээ ажлыг хийгээд, гэр орноо цэвэрлээд, хашаа байшингийнхаа юмыг хийгээд, усаа авна, түлээгээ хөрөөднө, бэлдэнэ. За тэгээд дүү нарыгаа ус цасанд оруулна. Хагас бүтэн сайнаар бөөн л ажилтай байдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Дайны үе гэж байна ш дээ?

Хорлоо -

Дайны дараах үе, дайны дараах үе чинь бол юу ч мэдэхгүй үед таарсан байхгүй юу. Дайны дараах үе бол би мэдэхгүй л дээ.Миний сургуульд байх үе бол дайны дараах үе нэлээд цэгцэрчихсэн, бас ч гэж хүн ам амьдрал нь гайгүй болчихсон үе ш дээ. Тэгээд 2 эгч маань хотод байсан болохоор хотоос хүнс тэжээл, хоол моолны юм мөнгө төгрөг илгээнэ. Тийм болохоор нэг их дутаж гачигдсан юм нь гайгүй. Бусад айлууд ч гэсэн тийм амьдралтай нэг их ядуу, бүр их ядуу, гуйлга гуйгаад байсан хүмүүс байгаагүй ш дээ.

Сайнбилэг -

Та соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ? Хэрхэн явагддаг байсан бэ?

Хорлоо -

Соёлын довтолгооны талаар бол харин зөндөө их юм мэднээ.

Сайнбилэг -

Яаж явагддаг байсан юм бэ?

Хорлоо -

Тэр чинь ингээд л одоо айлуудад цэвэр байх талаар лекц их уншинаа.

Сайнбилэг -

Хэн уншина гэж?

Хорлоо -

Эвлэлийн байгууллагууд, соёлын байгууллагууд чинь, айлуудаар явж тийм байна, тэдэн ээлжийн орны хэрэглэлтэй байна, сав суулгаа ингэж угаадаг талаар зөндөө их хэрэгцээтэй юмыг хэлдэг байхгүй юу. Яг соёлын довтолгооны үеэр би анхныхаа хүүхдийг гаргаж байсан ш дээ. Соёлын довтолгоон өнгөрөөд шалгаж байх үед эхнийхээ хүүхдийг гаргаж байсан. Тэр үед надад хөгтэй явдал болж байсныг хэлэх үү? Хэрэггүй юу?

Сайнбилэг -

Зүгээр, зүгээр.

Хорлоо -

Би тэгсэн чинь хүүхдээ гаргачихаад 2 хонож байсан чинь, соёлын довтолгооны комисс эмнэлэг дээр ирэх боловоо. Тэгсэн чинь би эхнийхээ хүүхдийг төрүүлчихсэн юу ч мэдэхгүй байж байсан чинь, миний ор пар луу харчихсан, толгойгоо пар луу харуулаад унтаж байсан юм байна. Тэгсэн чинь, миний нүүрээр ингээд овойгоод, юм гараад нэлдээ хавдчихваа. Тэгсэн чинь эмч орж ирээд намайг..., энэ одоо яачихав, ийчихэв гээд., ..Би одоо их хөөрдөг юм байгаа юм. Мэдэлгүй пар луу толгойгоо харуулж унтаад, нүүрээр юм гарчихлаа гээд тэгсэн чинь, өө энэ яртай хүүхнийг төрөхөд байлгаж болохгүй. Төрөх тасагт ийм яртай хүүхэн байж болохгүй, энэнийг өөр тийш нь аваач гэдэг юм байнаа. Тэгсэн чинь, бүүр тэр дотрын тасаг ч юмуу, юу ч юм, дотроо нэг өөр газар хэвтүүлчихсэн. Комиссын шалгалт өнгөртөл хэвтэхээр болоод явуулаваа. Тэгээд л би чинь хүүхдээ хөхүүлнэ гээд надад чинь зөндөө л хол газар хэвтүүлчих шиг санагдсан. Тэгээд хүүхдийг маань авчирч хөхүүлнэ. Цагаар. Тэгээд шалгалт өнгөрсний дараагаар буцаж ирж хэвтэж байсан. Тийм инээдтэй явдал байсан. Соёлын довтолгооны үеэр. Соёлын довтолгооны үеэр чинь айлуудаар чинь шалгахдаа, айлуудаар яваад, танай ор дэвсгэрийн чинь сольдог даавуу аль вэ, хэдэн ээлжийн даавуутай байна? Хэдэн ээлжийн дотуур хувцастай байна? Дотуур хувцас байна уу, үгүй юу. Гэр оронд чинь тоос тортог юу байна? Хир буртаг юу байна? Тэгж шалгадаг байсан ш дээ, бүр. Би нэг өөр юм яричих уу? Тэгсэн чинь нөгөө Болдын авгай нөгөө соёлын довтолгооны үеэр Хар хоринд байж байсан байхгүй юу. Соёлын довтолгооны үеэр ор хөнжлийн даавууг нь үзэх гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь би төчнөөн торгон дээл бий, үйтэн хуар дээл бий гээд гаргаад үзүүлсэн гэсэн /инээв/. Нөгөө шалгалтын зорилгыг ойлгохгүй тэгсэн гэсэн ш дээ.

Сайнбилэг -

Соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд ер нь яаж нөлөөлсөн, хүмүүс яаж хүлээж авсан бэ?

Хорлоо -

Өө тэр соёлын довтолгоо маш зөв зүйтэй асуудал байсан. Тэрний хүчээр хир буртаг, цэвэрч амьдрал, хүн чинь цэвэр байх ёстой, цэвэр байвал өвчин тусахгүй гэдэг талаар маш их юм мэдэж сурсан. Зөв арга хэмжээ авсан гэж би тухайн үедээ боддог байсан. Хүмүүс харин тэрийг буруу юм хийж байна гэж эмзэглэж хүлээж авч байгаагүй, яагаад гэвэл, хүмүүс чинь илүү сайхан амьдрах гэж байна гэдгийг ухамсарлаж байсан юм шиг байгаа юм. Би л лав элдэв эсэргүүцэлтэй байхыг нь үзээгүй.

Сайнбилэг -

Ер нь хүмүүсээс юу юу шаарддаг байсан бэ?

Хорлоо -

Цэвэрч байх, ариун цэвэрч байх, гэр орондоо эрүүл байлгахын тулд ингэх ёстой гэдгийг л ухуулж байсан. Том ажил гэж боддог ерөөсөө. Ухуулж байсан. Элдэв өвчин чинь юунаас болдог вэ гэдгийг ухуулж байсан. Энэ бол хувьсгалын дараах үеэс хүмүүсийн амьдрал өөр болчихсон мөртлөөсөө жигд биш байсан учраас. Тэрийг хүмүүс зөв зүйтэй гэж хүлээж авч байсан.

Сайнбилэг -

Соёлын довтолгооны үеэр ямар ямар салбарт өөрчлөлт гарсан бэ. Мэдээж эрүүл мэндийн салбарт, халдварт өвчин их багассан байх?

Хорлоо -

Өөрчлөлтүүд маш их болсон. Хүн эрүүл амьдрах ёстой гэдгээ ухаарсан. Амьдрах соёл гэдгийг мэдэрсэн. Том л арга хэмжээ гэж бодож байна. Өөрчлөлт орсон. Тэрбайтугай манай ээж бүр ингээд, гудамжны ахлагч байсан. Энэ нь гэртээ суудаг хөгшчүүлийг цуглуулаад, нөгөөдүүл чинь хогоо гадаа хаяхгүй, гудамжаа цэвэрлэдэг, тогтмол цагт гарч хогоо цэвэрлэнэ. Тийм журманд оруулсан ш дээ. Нэг их цэвэрхэн болгосон ш дээ, ерөөсөө. Шалгана, шаардлага тавина. Хогоо гадаа асгаж байгаа улсуудыг чинь зэмлэнэ, цааш нааш нь хэлж торгуулах ч арга хэмжээ авахуулж байсан юм билүү, манай ээж л гүйгээд байсан даг. Би сайн мэдэж байна.

Сайнбилэг -

Шаардлага хангаагүй тохиолдолд юу болдог байсан бэ?

Хорлоо -

Шаардлага хангаагүй тохиолдолд нөгөөдүүл чинь хэлнэ. Хэлэхээр тэд нар чинь тэгж эсэргүүцэж тэгэхгүй, юм хумаа гараад л цэвэрлэнэ.Тэднийх одоо тийм байсан чинь ингээд тэднийх юмаа цэвэрчихлээ л гэдэг байсан. Тэрнээс хэрүүл, хараал болдоггүй байсан.

Сайнбилэг -

Та хэлмэгдүүлэлтийн талаар юу мэдэх вэ? Танай гэр бүлд ер нь хэлмэгдсэн хүн байдаг уу?

Хорлоо -

Хэлмэгдүүлэлтийн талаар чинь би ерөөсөө яг мэдэхгүй байлаа ч гэсэн бас сонссон юм нэлээн их бий. Яагаад гэвэл, аавын ах нь хэлмэгдүүлэлтээр бариад аваад явчихсан гэдэг.

Сайнбилэг -

Лам хүн байсан уу?

Хорлоо -

Мэдэхгүй, лам биш байхаа. Зургийг нь харахад зүгээр хар хүн байсан байх.

Сайнбилэг -

Таны төрсөн аавын ах уу?

Хорлоо -

Өргөж авсан аавын ах, нэрийг нь би түрүүн санах гээд олохгүй болчихсон байсан. Одоо энэ Ойдовын Туяа билүү, нөгөө нэг хүүхэн бий ш дээ, тэрний өвөө байгаа юм.Туяа гээд түрүүн УИХ-д дэвшээд яагаад байсан, одоо нэг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын тэргүүн байгаа байхаа.

Сайнбилэг -

Тэр хүн чинь яаж хэлмэгдэж байсныг тодорхой ярина уу?

Хорлоо -

За, тэр хүн чинь.., үгүй байж байхад нь бариад аваад явчихсан гэнэлээ.

Сайнбилэг -

Хэн барьж авах уу, Дотоод Явдлын Яам уу?

Хорлоо -

Яам л байж таараа. Тэгээд, ууланд нуугдчихсан байсан гэж ярьдаг шүү. Барьж байна гэдэг сургаар л. Доодоо энэнийг ёстой гоё ярина.

Сайнбилэг -

Та мэддэг сонссон юмныхаа тухай ярьж өгөөч?

Хорлоо -

Тэгээд тэр ахыг бариад аваад явчихсан. Ерөөсөө сураг чимээгүй болчихсон ш дээ.

Сайнбилэг -

Ямар хүн байсан болоод барьчихав?

Хорлоо -

Тэр хүн чинь ажил ямар юмаа байхав. Лам л байсан байх бодвол. Ламархуу л байсан болоод тэр байх даа. Тэр чинь эхний үеийн хэлмэгдэлт. Харин нөгөө Цэдэнсамбуу ахын үеийнх бол хэрэгүй юу?

Сайнбилэг -

Болно.

Хорлоо -

Цэдэнсамбуу ахын үед чинь дууг урвуулан дуулсан гэдэг шалтгаанаар хэлмэгдсэн ш дээ.

Сайнбилэг -

Цэдэнсамбуу гуай чинь ямар албан тушаалтай хүн байсан бэ? Таны хэн билээ?

Хорлоо -

Хүргэн ах. Тэгээд тэр хүн бол сүүлчийн хэлмэгдүүлэлтээ. Лам нарын хэргээс шал ондоо. Ондоо ш дээ. Зөвлөлтийн сүлд дууг л нөгөө хорошему гэж дуулдгийг нь л нехорошему гэж дуулсан гэдэг ш дээ. Айлын найран дээр тэгээд дуулчихсан чинь л маргааш нь барьж аваад явчихсан гэдэг ш дээ. Дууг урвуулж дуулсан. Оросын төрийн дууллыг урвуулж дуулсан гэдгээр хэргээр. Тэр үедээ офицерийн сургуулийн эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Офицерийн сургууль гэдэг чинь Монголд мундаг эрчүүдийг хүмүүжүүлдэг сургууль байлаа ш дээ.

Сайнбилэг -

Тэр хэдэн оны явдал вэ?

Хорлоо -

Тэр чинь .., 1900 1940-өөд оных байхаа.

Сайнбилэг -

Тэр үед ЗХУ-ын төрийн дууллыг буруу зөрүү дуулсан гээд ямар ял шийтгэл оноосон?

Хорлоо -

За тэгээд, бүр хорьсон, шоронд суусан ш дээ. Тэгээд бүр сүүлд нь одоо бол бүр цагаатгагдсан гэж байгааш дээ. Тэгсэн мөртлөө цагаатгалынх нь материал олдоогүй. Бид нарт цагаатгасан гэж хэлж байсан мөртлөөсөө тэгээд цагаадаагүй юм шиг байналээ, гэж Эрдэнэчулуун тэгсэн ш дээ.

Сайнбилэг -

Тэр үед 2-3 жил суучихаад гараад ирнэ гэдэг чинь цагаатгасан гэсэн үг үү? Эсвэл шийтгэлээ хүлээчихсэн гэсэн үг үү?

Хорлоо -

Шийтгүүлээд ялаа хүлээчихсэн л гэсэн үг байхгүй юу. Тэгээд дараа нь цагаатгана гэдэг чинь тэрнийг хэрэгсэхгүй болгож байгаа гэсэн үг ш дээ. Тэгээд хэлмэгдэлтийн үе л байхгүй юу, бас тэр чинь бүүр тэр дээр үеийн лам нарын хэргээс сүүлд, Чойбалсангийн үе.

Сайнбилэг -

Тэр үед баригдсан хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан?

Хорлоо -

Өө, тэр гуай тэгээд.., тэр гуай тэгээд явсаан л гэдэг байсан. Баригдаад явчихсаан л гэдэг байсан байх. Би бол тэрнийг чихээрээ сонсож байгаагүй болохоор мэдэхгүй.

Сайнбилэг -

Тэр үед хэлмэгдэлтийг төр засаг юу гэж тайлбарладаг байсан? Бодвол радио, телевиз байсан биз дээ?

Хорлоо -

Радио л байсан. Өө, энэ нам засгийн эсрэг юм хийсэн. Бодвол нам засгийн эсрэг юм хийсэн л гэж хэлж байсан байх даа.

Сайнбилэг -

Та сайн санахгүй байна уу?

Хорлоо -

Ахынхыг болбол алиныг нь ч гэсэн мэдэхгүй байна. Мэдэхгүй, юу гэж хэлж байсан юм бол.

Сайнбилэг -

Та ямар шашин шүтдэг вэ? Шашин шүтдэг үү ер нь?

Хорлоо -

Би..., чинь одоо, шарын шашнаа л шүтдэг гэж хэлье дээ.

Сайнбилэг -

Яг шүтдэг үү, үгүй юу?

Хорлоо -

Шүтдэг. Ямар хэмжээнд гэж асуувал хэмжээгээ хэлэхээс биш/инээв/.

Сайнбилэг -

Та Архангай аймагт өссөн ш дээ. Тэнд 10 жилээ төгссөн. Та нэгдэлжих хөдөлгөөний тухай мэдэх үү?

Хорлоо -

Мэднээ.

Сайнбилэг -

Хүмүүс яаж нэгдэлждэг байсан юм бол?

Хорлоо -

Нэгдэлжих хөдөлгөөн чинь улсуудыг бас цочирдуулж байсан юм байдгийм шүү. Зарим их малтай, хуйтай хүмүүс бол дургүйхэн хүлээж авч байсан. Цэдэнсамбуу ах чинь энэ нэгдэлжих хөдөлгөөний үеэр чинь Архангайд ХАА-н удирдах газарт ажиллаж байсан ш дээ. Тэгсэн чинь аав мал нийгэмчлэх гээд л яриаг сонсоод, нэгдэлжих хөдөлгөөний талаар юм сонсож л дээ. Энэ улсууд чинь ер нь их эвгүй байна шүү! Мал хуйг минь дахиж авах, 2 дахь нийгэмчлэх, нийгэмчлэх гэж ярьж байсан юм. Нэгдэлжих хөдөлгөөнийг чинь нийгэмчлэх гэж ярьж байсан юм. Мал нийгэмчлэх. Эхлээд байгуулахын тулд малыг чинь ардуудаас авна ш дээ.

Хурааж авах гэж хэлэх ч бүдүүлэг л юм л даа. Нийгэмчлэх гэж ярьдаг байсан малаа. Одоо ахиад ингэж нийгэмчлэх юм бол одоо энэ ардууд чинь босч мэдэхээр байна шүү гээд л ахад хэлж байсан. Өө, ерөөсөө л нийгэмчлэхийг чинь хүчээр хийж байсан юм чинь. Хүчээр хийж байсан л гэж би ойлгодог ш дээ. Миний ойлгосноор бол. Зүгээр ингээд л, олон малтай айлуудыг чинь ёстой зүгээр өч төчнөөнөөр нь хуу аваад л, мал муутай улсууд бол ямар юмаа өгөхөв, их малтай улсууд л ер нь дургүйцэж байсан байхаа, эхний үед бол. Тэгээд тэр малыг нийгэмчлэх асуудал чинь 2 ч удаа болсон шүү. Тэгээд л тэр 2 дахь дээр нь ах тэгж хэлж байсан шиг байгаа юм.

Сайнбилэг -

Та түрүүн хүмүүс босч магадгүй гэлээ тэр ямар учиртай юм бэ?

Хорлоо -

Тэр ч яахав, эсэргүүцэх хандлага хүмүүс ярьж байсан байна л даа. Тэгээд аав ахад л тэгж хэлж байсныг мэдэхээс биш хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй.

Сайнбилэг -

Та аймгийн төв дээр өссөн. Тэр үед юу юу болж байсныг нүдээрээ харав уу?

Хорлоо -

Нэгдэлжих хөдөлгөөний үед үү, сайн мэдэхгүй.

Сайнбилэг -

Хүмүүс малаа нуудаг байсан уу?

Хорлоо -

Мэдэхгүй. Кино байдаг ш дээ /инээв/. Нуудаг байсан байлгүй дээ.

Сайнбилэг -

Та 10-н жилээ Архангай аймагт төгсөөд дараа нь яасан?

Хорлоо -

Тэгээд л хуваарь аваад Оросод сургуульд явсан.

Сайнбилэг -

Ямар хотод? Ямар мэргэжлээр?

Хорлоо -

Одесса хотод. ЗХУ-д тээ. Одесса хотод. 10-р ангиа төгсөөд л шууд явсан.Тэнд яваад л, төгсөөд.

Сайнбилэг -

Улаанбаатрыг бараг үзээгүй байж байгаад Орос руу явчихсан юм байна ш дээ?

Хорлоо -

Үгүй. Би УБ-т хуучин зөндөө амьдарч байсан болохоор УБ-г мэддэг. 3-н жил байсан ш дээ. 1900...-н 63 онд 10 төгссөн гэдэг чинь тавин, би 6-н настай чинь хэд вэ? 1951, 1952, 54.., 54-өөс 56 онд болж байна.

Сайнбилэг -

Тэгэхэд УБ ер нь ямаршуу байсан? Ямар сэтгэгдэлтэй байсан? Юу байдаг байсан?

Хорлоо -

УБ-т ингээд хужаанууд морин тэрэгтэй. Морин тэргэн дээрээ сүйхтэй. Мориных нь туурайд тахтай. Тэгээд л цементэн талбай дээр таг таг гээд явдаг. Аягүй гоё байсаан. Тэр үед хамгийн том байшин барилгууд бол байсан ш дээ. Драмын театр, төрийн ордон,.. урт цагаан чинь одоогийн байшин биш л дээ, хятдуудын ряд (эгнээ) байсан. Ленин клуб байсан, Энэ төв сад (цэцэрлэгт хүрээлэн) чинь баригдчихсан байсан. Энэ хүүхдийн больница (эмнэлэг) байсан. Тийм том барилгууд бол энэ хэд л байсан шиг байна даа. Хөдөө аж ахуй яам заам энэ чинь нөгөө Японы юугаар баригдчихсан юмнууд байсан байхгүй юу. Тэгээд цементэн гудамжтай. Японы дайны төлбөртөө барьж өгсөн.

Сайнбилэг -

Тэр үед хятад иргэд их байж дээ?

Хорлоо -

Их байсаан. Аймар их байсан. Урт цагаан чинь тэр аяараа хятадын гудамж, хятад ажилчны клуб гэдэг нь бүүр нөгөө Хятад шиаз, шаанз гэж байсан.

Сайнбилэг -

Монгол хятад хүмүүс хоорондоо ямар харилцаатай байсан?

Хорлоо -

Өө ерөөсөө юу ш дээ. Байх л ёстой юм шиг зэрэгцээд л байдаг байсан ш дээ. Хятадууд ёстой боов, талхыг чинь хийнэ. Боов талх тэгээд л ногоо. Тарьсан ногоогоо зарна. Фото зураг, зурагчингууд их байсан. Гуталчингууд байсан. Тэгээд дэлгүүрүүд. Хятад бөс барааг зардаг дэлгүүрүүд байсан. Урт цагаан чинь тэр аяараа Хятадын ряд байсан ш дээ.

Сайнбилэг -

Та хятад айлд зарагдаж байсан гэлүү?

Хорлоо -

Хятад айлд ажиллаж байсан гэж, тэнд амьдарч байсан юм чинь.

Сайнбилэг -

Яагаад тэнд амьдарч байсан юм бэ?

Хорлоо -

Яахав, манай ээж тэр хятад хүнтэй зурвасхан хугацаанд сууж байсан.

Сайнбилэг -

Хэдэн жил?

Хорлоо -

5,6 жил болсон юмуу даа.

Сайнбилэг -

Таны тэр амьдардаг байсан хятад айл чинь юу эрхэлдэг байсан юм бэ?

Хорлоо -

Зурагчин айл байсан.Зөндөө олон хятадууд нэг хашаанд, янз бүрийн ажил эрхэлсэн бөөн хятадууд байсан ш дээ. Би тэр үед 1-р ангид 4-р бага сургууль гээд Арслантай гүүрний тэнд сургуульд явдаг байсан байхгүй юу. Тэгээд явж байхад урт хошуутай автобус явдаг. Одоо байдаг ш дээ. Бөндгөр. Зараа автобус гэдэг билүү, тэрийг. Тэр автобусанд хэдэн буудал явсан ч нэг төгрөг байдаг байсан. 50 мөнгө билүү. 15 мөнгө хөөе. 15 мөнгө байдаг байсан. Хэдэн буудал ч байсан хамаагүй. Би тэгээд сургуульдаа тийм автобусаар явдаг байсан. Урт цагаанаас тэр юу хүртэл. Арслантай гүүр хүртэл Одоо тэр 4-р бага сургууль чинь байгаа ш дээ. Намайг тэгж 1-р ангид сурч байхад Чойбалсан нас барсан.

Сайнбилэг -

Тэр тухай та юу мэдэхэв?

Хорлоо -

Чойбалсан нас барахад тэгэхэд чинь цагаан сар болох гээд улс амьтан юм хумаа бэлдээд л, бид нар тэр хужаагийн хашаанд ээж бид 2 эгчтэй бүгдээрээ байсан байхгүй юу. Тэгээд байж байсан чинь л өглөө босоод л байж байсан чинь эгч уйлаад л хачин юм болоод байхгүй юу. Тэгээд яасан гэсэн чинь тэр Чойбалсан чинь эцэг Чойбалсан гэж хүндэлдэг байсан ш дээ.Тэгсэн чинь эцэг Чойбалсан нас барсан гээд юм болохгүй юу.Тэгээд л бөөн уйлаан майлаан болоод л, хүн болгон нулимс унагаж байсан шүү. Гашуудаж тэгээд би юу яасан, сургууль салах ёс гүйцэтгэнэ гэж Чойбалсантай, жагсаагаад аваад явахгүй юу. Одоо энэ төрийн ордонд оруулсан юм. Тэгсэн чинь би яваад л байсан, яваад л байсан, урд хүүхдүүдийн хөл дээр гишгээд л, арынх нь хүүхэд түлхээд л ингээд яваад байсан. Хаана ч Чойбалсан байгааг олж харж чадалгүй гарч ирсэн. Их л олон шатаар дээшээ доошоо яваад л байсан /инээв/

Сайнбилэг -

Одоо төрийн ордны өмнө байгаа бунхан мөн үү?

Хорлоо -

Биш. Дотор нь байрлуулчихсан байсан. Хаана нь чухам байрлуулсныг олж харж чадаагүй л гарч ирсэн. Бүр дотор нь л орж байсан юм.

Сайнбилэг -

Тэр үед хүмүүс үнэн сэтгэлээсээ гашуудаж байсан уу?

Хорлоо -

Үнэн сэтгэлээсээ уйлж байсан. Эцэг Чойбалсан гэж нэрлэдэг байсан юм чинь. Үнэхээр уйлж байсан. Ээж уйлаад л, эгч уйлаад л. Тэгж байсан.

Сайнбилэг -

Харин тэр хятадууд яаж байсан?

Хорлоо -

Хятадууд тэр үед яаж байсан эмоцийг (сэтгэл хөдлөлийг) харж чадаагүй ээ, би. Бүү мэд.

Сайнбилэг -

Харин тэр хятадууд яаж байсан? Чойбалсан гуайг үнэхээр тахин шүтэж байсан?

Хорлоо -

Тахин шүтэж байсан. Хот чинь ингээд л. Улаан даавуун дээр хар тууз, юу яачихсан, хүн болгон энэ дээрээ хар юм зүүчихсэн, бид нарт, хүүхдүүдэд, зүүгээд л оруулж байсан. Их гашуудаж байсан. Ёстой үнэн. Үнэн сэтгэлээсээ гашуудаж байсан.

Сайнбилэг -

Таны үед жинхэнэ аж үйлдвэржилт болж байсан ш дээ? Ямар үйлдвэрүүд байдаг байсан бэ?

Хорлоо -

Тэр үед чинь аж үйлдвэр байгаагүй байхаа, тэр чинь нэлээн сүүл үед одоо энэ аж үйлдвэрийн комбинат эд нар чинь намайг хотод байх үед байгаагүй байхаа. Барьж эхэлж л байсан байх. Тэр талын ном бий ш дээ, манайд.

Сайнбилэг -

Та зурагчин хятад айлд байсан юм байна ш дээ? Тэд нарын тухай тодорхой мэдэх үү? Юу хийдэг байсан, хэн хэнтэй байдаг байсан?

Хорлоо -

Тэр зурагчин хятад манай ээжтэй суугаад нэг хүүхэд гарсан, 2 хүүхэд гэж хэлж болох юм даа. Дариагийн ээж, Дуламсүрэн 2. Дариагийн ээж бол тэр хятад хүнтэй суухад гэдсэнд нь ирсэн байхгүй юу. Жирэмсэн байхдаа тэр хужаатай суусан. Зурагчин хийдэг хүн байсан. Хашаанд нь их олон хужаанууд байдаг байсан. ...., тэр чинь ингэсэн ш дээ, ээжтэй суугаад Архангайд байж байхад нь гэнэтхэн нутгаас дуудлаа гээд нөгөө хужаа чинь явчихсан байхгүй юу.Тэгсэн чинь манай ээж дахиж ирэхгүй байх гэж санаад аавтай суучихгүй юу. Тэгээд суугаад байж байсан чинь хэдэн жил ч болсон юм бэ дээ, 2 жил болсон юм уу, нөгөө хужаа чинь эргээд ирсэн гэсэн. Эргэж хүрч ирээд ээж дээр Архангайд очсон гэж байгаа юм. Морин тэрэгтэй. Очсон чинь яахав, ээж хүнтэй суусан байсан. Тэгээд зайлуул, нэг, хоёр хоночихоод яваад өгсөн. Тэгээд хотод ирээд суурьшчихаад бас ахиад монгол авгай авсан байхгүй юу. Бүр залуу монгол авгай авсан. Тэр монгол авгайтайгаа байж байсан чинь яасан ч юм мэдэхгүй монгол авгайгаа бас явуулчихсан, монгол авгайгаасаа салаад нутагтаа очоод нутгаасаа хятад авгай аваад хүрээд ирсэн. Тэгсэн мөртлөөсөө бид нар бас очдог, байшин ингээд байгаа ш дээ /заав/. Голынход нь тэр эцэг хужаа амьдардаг, энэ талынх нь 2 өрөөнд манай том эгч амьдардаг. Энэ талынх нь 2 өрөө байдаг. Дуламсүрэн эгч амьдардаг. Ингээд нэг ряд /эгнээ/ байгаа байхгүй юу. Тэнд нь ажилчин хятадууд амьдардаг. Ерөнхийд нь би тэр хашааны зохион байгуулалтыг сайн санаж байгаа. Энэ талд нь агуулах, гуанз, гуанз гэдэг нь тэр хашаанд байгаа бүх хүмүүс хооллодог. Тусдаа гэртээ хоол хийхгүй. Тэнд нэг хужаа нь хоол хийдэг. Тэр хашааны хаалга хүртэл хужаанууд. 10 гаруй хужаа байсан байх шүү. Урд талд нь урд талын айлын байшин. Энд нь нэг том хашаанаасаа өнцөгрөөд тахианы байр хог байдаг газар. Цагаан сар, наадам болохоор зэрэг хэд хэдэн хонь авчраад тавьчихсан байдгийг би санадаг юм. Тэгээд л гаргаж бариад л хэрэглэдэг.

Сайнбилэг -

Тэр үед монгол хүүхнүүд хятадуудтай суух нь их байсан юмуу?

Хорлоо -

Их байсан. Ядуу байсан учраас. Манай ээж бол хөдөө тэнэж явж байхад нь тэр хужааг таньдаг айл чамайг ингэж явж байхаар нэг хүнтэй танилцуулъя гээд хөдөөнөөс аймгийн төв рүү тэр хужаатай суулгасан юм гэнэлээ, зайлуул.

Сайнбилэг -

Хятадуудыг хэдэн онд ч билээ гаргасан ш дээ, тэр тухай та мэдэх үү?

Хорлоо -

Анхныхыг мэдэхгүй. 2 дахь чинь бүр социализмын үед биз дээ.., Гэнэтхэн гарсан. Юу ш дээ, Тэр эхний гаралтаар чинь л тэр Нямаа ахын чинь аавыг явуулсан ш дээ. Пүрэвээгийн аав эд нар чинь тэгээд..,

Сайнбилэг -

Тэр үед ер нь УБ хотын амьдрал ямар байсан бэ?

Хорлоо -

УБ хот чинь одоо.., ямар гэж хэлэх үү, Хятадууд бол тэр хүнс хоолны юмыг ерөөсөө барьж байсан, ерөөсөө. Зах зээлийг, бараан зах гэж байсан. Хүнсний зах гэж байсан. 2 том зах руу л ерөөсөө. Хүмүүс юмаа авна. Торго дурдан бараа таваар чинь тэр урт цагаан чинь китайские ряды (хятадын эгнээнүүд) байсан. Ерөөсөө хятадууд л ихэнхийг нь хийдэг байсан ш дээ. Монголчууд юу хийж байсныг ёстой мэдэхгүй.

Сайнбилэг -

Оросууд байсан уу?

Хорлоо -

Оросууд чинь, консулын дэнж гэж байсан. Тэнд чинь оросууд байсан ш дээ. Гэхдээ оросууд их олон байгаагүй.

Сайнбилэг -

Та 10-р ангиа Архангайд төгсөөд Одессад очсон юм байна. Украйн гэсэн үг ш дээ. Аймгийн төвөөс хөдөөнөөс ирсэн хүүхэд шууд ЗХУ –д явахад ямар сэтгэгдэлтэй байсан? Олуулаа явсан уу? Ямар байсан?

Хорлоо -

Тэр үед чинь бид Монголын үндэсний сэхээтнүүдийг бий болгох гэж тэр үеийн нам засгаас шийдвэрлээд байсан үе. Ёстой хичнээн зуун мянгаараа 10-р анги төгсөн, хүүхдүүд орос руу явж байсан ш дээ.Нэг аймаг 7-8 хүүхэд явж байсан. Намайг 63 онд явж байхад бүхэл бүтэн суудлын вагон пиг дүүрэн, их олуулаа явж байсан шүү. Ялангуяа хөнгөн хүнсний салбарын сэхээтнүүдийг бий болгох эхний шахуу аян байсан шиг байгаа юм. Яагаад гэвэл аж үйлдвэрийн комбинат, үйлдвэрүүд баригдчихсан, ажиллах боловсон хүчин маш их хэрэгтэй байсан юм шиг байгаа юм. Энэ 3, 4 гурилын үйлдвэрүүд, талхны үйлдвэрүүд, арьс шир, ноос боловсруулах үйлдвэр, энэ аж үйлдвэрийн комбинат эд нар чинь ашиглалтанд орсон байсан. Тэнд боловсон хүчин хэрэгтэй байснаас нам засаг тийм бодлого явуулж байсан юм шиг байгаа юм. Тэгээд маш олноор нь сургуульд явуулж байсан. Анх вагонд сууж үзээд л, ёстой нээрээ алтан Москваг ч харах гээд л, алт нь хаанаа байна гээд л, Москва дөхөж байна, дөхөж байна гээд л, вагоны цонхоор харахад нөгөө сүмийн оройны шаргал нь алт гэдэг нь энэ юм байна, алтан Москва гэдэг нь энэ юм байна гээд л харж байсан. Аягүй баярлаж байсан. Ийм газар хөл тавьж үзэх гэж гээд л, улс эх орондоо баярлаад л, ёстой ач буяныг нь хариулна.., Монгол орноо хөгжүүлнэ, үнэхээр үнэн сэтгэлээсээ бодож байсан.

Сайнбилэг -

Тэр үед үнэхээр бүгдээрээ үнэн сэтгэлээсээ тэгж бодож байв уу?

Хорлоо -

Бүгдээрээ, бүгдээрээ тийм байсан. Ёстой гоё. Ямар сайндаа замдаа хоорондоо хэрэлдэхэв, монгол, казахстан хэрэлдээд. Монгол гоё гоё л гэнэ. Хараач энэ Оросын энэ нутгийг хар гээд байсан байхгүй юу, бид нартай хамт явсан казак. Тэгсэн чинь ёстой битгий дэмий юм яриад бай, манайх гоё, чи муу юу юм бэ, чи муу урвагч энэ тэр гээд л хэрэлдэж байсан/ инээв/ Тэгсэн мөртлөө эх орондоо хайртай л байхгүй юу. Манай сургуульд очиж байгаа Монголын казак байхгүй юу. Ажиллаж байгаад ирсэн бид нараас арай ахмад л даа тэр хүн. Тэгээд л тэр нөгөө тариалагийн талбайнуудыг нөгөө юу яадаг ш дээ.., салхинаас хамгаалахад гоё гоё дөрвөлжлөөд мод тарьчихдаг байхгүй юу. Газар чинь ногоороод л гоё, байхгүй юу. Тэгсэн чинь Оросын нутаг чинь ямар гоё юм, манайх ёстой юу юм бэ гээд л казак тэгж байгаа юм. Дөнгөж чи хөл тавингаа урвагч, чи муу, муухай ч байлаа эх орондоо хайртай гээд Махбал бид 2 л тэгж байсан юм шиг байгаа юм. Хэрэлдээд/инээв/. Манай Архангай бол эх оронч үзлийг нэлээн сайн суулгасан юм шиг байгаа юм. Тэрбайтугай сүлд дууллаа сонсохдоо үнэхээр л..., эх орноо хайрладаг..., гоё л мэдрэмжтэй байдаг байсан ш дээ.

Сайнбилэг -

Хэдэн жил сурав? Тэр чинь Украйнд ш дээ. Оросуудаасаа өөр үү, ямар байдаг байсан?

Хорлоо -

5 жил. Ёстой гоё санагддаг байсан. Дөнгөж оччихоод цаашаагаа вагон чинь солигдоод явна ш дээ, тэр хооронд нь Бауминий нэрэмжит энергитикийн дээд сургууль гэж байсан юм. Москвад тэр сургуулийн дотуур байранд хонуулсан юм биднийг. 27 хүүхэд Одессийн хөнгөн хүнсний дээд сургуульд очих ёстой байхгүй юу. Тэгээд бид хэд тэр байранд хоноод өөр вокзалаас явна ш дээ. Очихдоо Ярославскийн вокзалаас Киевский вокзал руу яваад л. Москвад 1 хонож байгаа юм чинь улаан талбайгаар яваад л ёстой гоё байсан. Оросын амьдрал, манай амьдрал 2 чинь шал ондоо юм чинь , ямар гоё газар ирэв, ямар гоё юм бэ гээд л. Ёстой зүгээр нүд бүлтрэхээ шахаж байсан даа.

Сайнбилэг -

Атаархсан гэсэн үг үү?

Хорлоо -

Атаархал биш юмаа. Бахархал юм даа. Ийм юмыг чинь хүн чинь бүтээчихдэг юм байна. Ийм сайхан юм байдаг юм байна.Тэгээд..., нэг хаалгыг хараад энэ оросууд чинь ямар эх орондоо хайртай юм, ямар юмандаа гамтай, ямар сайхан улсууд уу гэж биширч байсан. Юуны хаалга гэдгээ одоо санахгүй л байгаа байхгүй юу, Тэр хаалга хүрэн хаалга. Мөлийсөн зандан шиг л гоё хаалга, тэгсэн мөртлөөсөө хүний гарын аяар элэгдээд хонхойчихсон, тэр нь муухай харгдахгүй байхгүй юу. Өм, цөм биш, хүний юугаар мөлийсөн. Энэ нь бол юмандаа яасан гамтай юм бэ л гэж бодож хүндэлж байсан. Аягүй гоё. Тэгээд эхний үед бол юу ч харж мэдэхгүй л байхгүй юу. 1,2 яваад ирсэн чинь Эрхүү, Улаан-Үдэ нь тэр цаад амьдралаасаа их ондоо, байна гэдгийг ялгаж харж чадсан. Москва эд нарт эхлээд ядуувтар л байсан юм байна лээ. Одесса бол шал ондоо. Нөхцөлгүй баян. Хүмүүс нь бол баян улсууд байсан. Яагаад гэвэл тэд нар чинь дандаа Еврейчүүд шахуу юм чинь. Еврейчүүд юм чинь Одессийнхан.

Сайнбилэг -

10 төгсөхөд чинь хүмүүс шашин шүтлэгтэй л байсан байж таараа. Төр засгаас их хавчина, шүтлэгээ яаж авч үлдсэн юм бэ?

Хорлоо -

Нууц байсан ш дээ. Манайх гэхэд л одоо ээж аав 2-н бол жижиг бурхан байсан л даа, нөгөөдхийгөө ил тавихгүй, харанхуй өрөөндөө хийдэг байсан. Манай хажуу талын айл чинь лам айл байсан байхгүй юу. Тэр лам айлынх нэг хөгшин лам, нэг эрэгтэй хүн гээд хоёулахнаа байдаг байсан. Тэр бол их мундаг лам хүн байсан л даа. Тэгээд дандаа нууц, хаалга нь түгжээтэй, хэнд ч хаалгаа онгойлгодоггүй. Ганцхан манайх ч мэддэг байсан юмуу, мэддэг цөөхөн хүмүүс байсан юм байгаа юм, зайлуул. Их олон бурхантай, манай ээжид шүтэж бай гээд 2 бурхан өгсөн. Ийм том 2 бурхан өгсөн ш дээ /гараа алдлав/. Ээж нууц арынхаа өрөөндөө хийчихээд , зул хүж асааж, мөргөдөг байсан.

Сайнбилэг -

Тэгж байгаад баригдвал яах уу?

Хорлоо -

Баригдвал.., болохгүй гэдгийг мэдрээд л хүмүүс нууж байсан. Баригдсан гэж сонсоогүй, нуугдмал л байсан юм ямар ч гэсэн.

Сайнбилэг -

Төр нь шашин шүтлэгт яаж нөлөөлсөн байж таарахав?

Хорлоо -

Шашин шүтлэг бол хар тамхи юм гэсэн үзлээр л шашин шүтэж болохгүй л гэж ухуулдаг байсан юм байлгүй. Тийм учраас л нэг хэсэг таг хориотой байхгүй юу.

Сайнбилэг -

Та нар тэр үед шашинд итгэдэг байсан уу, яаж шүтдэг байсан бэ?

Хорлоо -

Үгүй.., одоо ... миний хүслийг биелүүлээрэй гэж мөргөчихөөд л гараад ирдэг байсан. Шүтлэг мөн үү, биш үү бүү мэд /инээв/

Сайнбилэг -

Оросод сургуульд сурч ирээд юу хийв?

Хорлоо -

Намайг төгсөөд ирэхэд яамдууд байсан юм чинь, төгсөөд ирсэн боловсон хүчнүүдээ аймаг аймагт хуваарилаад л, хуваарийн дагуу Булганы гурилын үйлдвэр явсан.

Сайнбилэг -

Та Архангайн хүн. Тэндээ очъё гэвэл хуваарилах уу ?

Хорлоо -

Гурилын үйлдвэр байхгүй юм чинь. Дорнод руу хуваарилсан ш дээ бид 2-г. Тэгсэн чинь Эрдэнээ бид 2 чинь нэг гэр бүлийн болчихсон байхгүй юу. Тэгэхээр чинь нутаг нутагтаа ойрхон, Булганы гурилын үйлдвэрт оч гэсэн. Тэгээд л Булганы гурилын үйлдвэрт очиж байхгүй юу. Хар хорин гэхээр хүнтэй байсан.

Сайнбилэг -

Булганы гурилын үйлдвэрт очиход ямар байв, үйлдвэр? ажилчид?

Хорлоо -

Очиход үйлдвэр нь ...., 10 шахуу жил ажиллачихсан, тоног төхөөрөмж нь хуучирсан, ажил нь жаахан тийм доголдолтой байсан. Бид 2-уулаа очиж байгаа юм чинь тэр үйлдвэрийг сэргээхийн тулд ажилласан даа.

Сайнбилэг -

Хэдэн жил ажиллав?

Хорлоо -

6 жил. Дараа нь яамны шийдвэрээр гурилын үйлдвэрийн нэгдэл гэж байгуулагдаад тэр нэгдэлд ажиллахаар ирсэн ш дээ.

Сайнбилэг -

Хэдэн онд?

Хорлоо -

1974 оноос

Сайнбилэг -

Булганд 6 жил ажиллаад ирэхэд УБ яаж өөрчлөгдсөн байсан бэ?

Хорлоо -

Үйлдвэрүүд баригдсан. Ид л социализмын үеийн үйлдвэрүүд жигдрээд ажилд орчихсон, гурилын систем гэдэг чинь бүр яамандаа тусдаа болохоор гурилын үйлдвэрийн нэгдэл гэж байгуулагдаад бүх улсынхаа хэмжээний гурилын үйлдвэрүүдийг удирдаж байхаар гурилын үйлдвэрийн нэгдэл гэж байгуулагдаад, яамныхаа харьяа тэгээд, дээрээс нь мал аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд тэжээлийн үйлдвэрүүд баригдсан. Тэгээд, гурил тэжээлийн үйлдвэр гэж яамнаасаа гарч ирсэн байхгүй юу. Тэнд ажиллахаар ирж байсан даа.

Сайнбилэг -

Та тэнд хэдэн жил ажиллав?

Хорлоо -

Би чинь гурилын үйлдвэрийн нэгдэлд 3 дах удаагаа буцаж ажиллаж байсан ш дээ.

Сайнбилэг -

Та дараа нь аль яаманд ажиллаж байсан гэлээ?

Хорлоо -

Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд.

Сайнбилэг -

Тэр үед сайд, дарга, жирийн ажилчдын хооронд ямаршуухан харьцаатай байсан бэ? Даргаасаа их айх уу?

Хорлоо -

Тэр үед, айх гэж хэлэх хаашаа юм, дарга нь даргынхаа хэмжээнд, удирдлагын дор ажиллаж байгаа инженер, албан тушаалтнууд, бол албан тушаалтныхаа хэр хэмжээг мэддэг, ер нь хэвийн л харьцаатай байсан. Заавал ч үгүй нэг.., үгүй яахав.., дээрэлхдэг барьдаг, дарамталдаг, тийм юм мэр сэр байдаг л байсан байх л даа. Ихэнхдээ бол дуулгавартай, удирдах ажилтан юу гэж хэлнэ тэрийг биелүүлдэг, биелүүлэхийг хичээдэг. Заавал ч үгүй.., дарамталдаг юм нэг их тохиолдож байгаагүй.

Сайнбилэг -

Оросын мэргэжилтнүүд их байсан уу?

Хорлоо -

Оросын мэргэжилтнүүд их байдаг байсан.

Сайнбилэг -

Монголчууд тэд нартай ямар харьцаатай байсан бэ?

Хорлоо -

Ахан дүүсийн харьцаатай байсан.

Сайнбилэг -

Ах дүүгийн гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

Хорлоо -

Яахав дээ, нөхөрсөг. Орос мэргэжилтнүүдийн хувьд эд нарыг үнэхээр юманд сургая гэж хичээдэг байсан, нөгөөдөх нь бол суралцъя, энэ хүнээс юмыг нь мэдэж авъя гэсэн багш шавийн харьцаатай байдаг байсан.

Сайнбилэг -

Та л тэгж боддог байж магадгүй юу? Бусад улсууд ерөнхийдөө л тийм харьцаатай байсан гэж үү?

Хорлоо -

Энэ бол ихэнхдээ л тиймэрхүү харьцаатай байсан. Ихэнхдээ л эерэг талдаа. Сөрөг муу талыг тийм ноцтой юм байсныг би мэдэхгүй, ихэнхдээ л сайн л байсан. Яагаад гэвэл манай салбарын чинь ихэнх нь л Зөвлөлтийн тусламжаар баригдсан үйлдвэрүүд байсан учраас Зөвлөлтийн мэргэжилтнүүд тэднийгээ муу байлгая гэж бодохгүй ш дээ. Бодохгүй учраас монголчуудад юмыг нь зөв зааж өгөх хэрэгтэй биз дээ. Муу харьцаатай байж болох ч үгүй байсан. Муу харьцаатай байгаагүй.

Сайнбилэг -

Таныг бага байхад чинь радио телевиз байсан уу?

Хорлоо -

Телевиз чинь 1965 оны үед бий болсон учраас минй хүүхэд насанд байгаагүй. Дээд сургууль төгсөөд ирэхэд л зурагт гарсан байсан ш дээ. Радио бол байсан.

Сайнбилэг -

Та яаманд байж байгаад Дорнод аймаг руу шилжсэн гэсэн, юу хийж байсан бэ?

Хорлоо -

Заа.., Дорнод аймагт Зөвлөлтийн барилгын трестэд монгол ажилчдын захиргааны дарга хийж байсан.

Сайнбилэг -

Таны нөхөр Дорнод аймагт намын дарга байсан, тэнд Орос ажилчид их байсан, тэнд орос монголын харьцаа таны ярьж байсан шиг тийм л байсан уу?

Хорлоо -

Тийм сайн байсан.

Сайнбилэг -

90 онд ардчилал ялаад өмч хувьчлал гэж болсон ш дээ, өмч хувьчлалыг анх яаж зарласан бэ?

Хорлоо -

Оо.., ерөөсөө яасан ш дээ...., / бодлогоширон удав/ Ямар амархан мартдаг юм бэ, Би бүр бөгжөө зарж байгаад ГИК /гурилын компани/ хувьцааг авч байсан ш дээ.

Сайнбилэг -

Улаан цэнхэр тасалбар гээд?

Хорлоо -

Өө, тэгэхэд тэгж байсан. Би Үндэсний Хөгжлийн Газар ажиллаж байсан болохоор хувьчлалын юманд яагаагүй. Манай нөхөр тэр компанийн хувь эзэмшигч болохын тулд би бөгжөө зарж мөнгө тусалж өгч байсан.

Сайнбилэг -

Таны өдөр тутмын амьдралд хувьчлал яаж нөлөөлсөн юм бэ?

Хорлоо -

Хувьчлалаар бол байраа хувьчилж авсан, нөхрийн компанид хувь нийлүүлэгч болсон, тэндээс хувьчлагдсан учраас ноогдол ашиг хүртэж байсан.

Сайнбилэг -

Өмч хувьчлал орон даяар яаж явагдсан б:э?

Хорлоо -

Шударга бус, зарим юм нь шударга бусаа..,шударга бус.

Сайнбилэг -

Ямар аргаар зарим хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн бэ?

Хорлоо -

Тэд нар бол өмч хувьчлалын асуудлыг гүнзгий судалсан, мэдэж байсан учраас мэдэхгүй хүмүүсийг байдлыг ашиглалаа гэх юмуу, тэгээд сүрхий мэдэж байсан хүмүүс том обьектыг бага үнээр хувьчилж авсан юм шиг санагддаг. Энэ бол зүгээр л миний бодол.

Сайнбилэг -

Та ардчилсан хувьсгалыг юу гэж боддог вэ?

Хорлоо -

Ардчилсан хувьсгал бол хувьсгалынх нь хувьд бол зөв, аа тэр ардчилсан хувьсгалыг буруу тийш нь залсан хүмүүс, хувийн сонирхлын үүднээс буруу тийш нь явуулсан хүмүүст би дургүй.

Сайнбилэг -

Тийм ямар хүн байна?

Хорлоо -

Жишээ нь, Элбэгдорж, өөрснөө л баяжих гээд ард түмнийг бодож байгаа юм байхгүй л байна ш дээ. Ардчилалын алтан хараацайнууд өөрсдөө л юмаа авсан болохоос ард түмнийг хамтад нь авч сайжруулсан юм юу байгаа юм бэ. Яахав, өмчтэй болгосны хувьд болгосон л доо, сайн ч юм байгаа, муу ч юм байгаа.

Сайнбилэг -

Ардчилал танд юу авчирсан юм бэ?

Хорлоо -

Ардчилалын юунд хүн дуртай юмаа хийж болж байна. Энэ нь сайхан юм байна л даа. Гэтэл социализмаар хүмүүжсэн хүнд бол их хэцүү. Хамаг хувь заяагаа улсдаа даатгачихсан болохоор, юм болгоныг өөрөө шийддэг болохоор, хүндрэлтэй тал нь тэр/ удаан бодлогоширов/

Сайнбилэг -

Өөр таньд яримаар юм байна уу?

Хорлоо -

Ардчилсан хөдөлгөөнд юм нь хүмүүсийг, хүүхдийг, хүнийг, эрүүл мэндийг, баталгаатай эмчлүүлдэг байсан социализмын үеийг одоо гүйцэхгүй л байна л даа. Социализмын үед бүх нийтээр нь эрүүл мэндийг хамгаалдаг, хариуцдаг байсан. Гэтэл ардчилалын үе өөрөө өөрийгөө л юу яахгүй бол бүгд үнэ төлбөртэй хэцүү байна ш дээ. Бас боловсрол үнэ төлбөргүй сургадаг байсан, би өөрөө социализмын хүн болохоор үнэ төлбөргүй сургалт, үнэ төлбөргүй эрүүл мэндээ хамгаалуулах 2-тоо л их хоргодож байна даа. Тэрнээс бусад нь ардчилалд бол болж байна. Энэ 2 л социализмынхаа байдлаар байвал зүгээр санагдаад байна.

Сайнбилэг -

Өөр ?

Хорлоо -

Өөр ч юмгүй шив дээ.

Сайнбилэг -

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Хорлоо -

Танд ч бас баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.