Arslan
Basic information
Interviewee ID: 990015
Name: Arslan
Parent's name: Molon
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayangol sum, Övörhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
urban issues
work
education / cultural production
collectivization
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
secondary school
student life
repression
urbanization
cultural campaigns
privatization
belief
collectivization
industrialization
democracy
funeral rituals
nature and environment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Сайн байна уу, та.
Арслан -
Сайн, сайн байна уу, сайхан хаваржиж байна уу, хүүхээ.
Сайнбилэг -
Та сайхан хаваржиж байна уу?
Арслан -
Сайхан л хаваржиж байна.
Сайнбилэг -
Та бидэнд амьдралынхаа түүхийг ярьж өгөхгүй юу? Та хэдэн онд төрсөн бэ?
Арслан -
Би 1930 онд төрсөөн. Өвөрхангай аймгийн Өндөр Өнц сум гэж байсан, тэнд төрсөн хүн дээ. Тэгээд 1940 онд анх сургууль байгуулагдаж, 40 хүүхэдтэй сургууль нээгдсиймаа. Тэгээд яахав, 3, 4 гэр баригдсан байсан. Тэгээд тэр гэрт, яахав сурагч болж ирж байгаа юм. Тэгээд гэр дотор орсон чинь одооныхтой адилгүй, ширээ сандал гэж байхгүй. Шалавч дэвсчихсэн, шалавч гэдгийг нь сайн мэдэхгүй, нөгөө эсгийг л даавуу даалимбаар өнгөлөөд ингэчихсэнийг л шалавч гэдэг юм байна л даа. Тэгээд бид нар чинь ширээ сандал гэж юм байхгүй, 40 онд чинь, 40, 41 онд чинь монгол бичиг заалгасан юм шүү дээ. Тийм.... 4-н багштай тийм сургууль байсан. Бид чинь ширээ сандалгүй учраас багшийн зааж байгаа юмыг нөгөө шалавчин дээрээ суучихаад, самбар дээр бичнэ, тэрийг нь харж хуулаад түрүүлгээ хараад биччихнэ. Тэгэхэд үзэг гэж байгаагүй, одооны цаасыг ам цаас гэдэг байсан. Ам цаасан дээр балын харандаагаар бичнэ. Тэгж л сургууль номоо эхэлсэн юм даа. Бид нарын 40 хүүхэд төгссөн. 44 онд бид нар төгссөн юм байгаа юм. Бидний төгссөн дотроос хамгийн дээд тал нь төрийн шагналт, эрдэмтэн, малын эмч, Дашцэрэн гэж байсан. 40-н хүүхдээс 8 нь л их дээд сургууль төгссөн юм байна л даа. Бусад нь сургуулиар яваагүй. За, манай төгсөлтөөс тэр Дашцэрэнгээс гадна Балдандорж гэж хүний их эмч болоод, эрдэмтэн болоод, тэгээд өөд болсон. За, багш байна, инженер байна, энэ 8 ийм л хүмүүс төгссөн юм байгаа юм. За, сургуулийн байдал бол 2 жил тэр шалавчин дээрээ түрүүлгээ харж хэвтчихээд бичнэ. 3 дахь жилээсээ ширээ сандалтай болж, тэр сумын мужаан нар л хийсэн болтой юм, одоо бодож байхад. 3-р ангиасаа яахав хагас хугас ширээ сандалтай болж, ширээ сандал дээрээ сууж бичдэг болсон юм. Тэр бол яахав, улс хөгжиж байгаа л нэг баримт. Гэхдээ 40 онд улсын хэмжээгээр олон суманд бага сургууль байгуулагдсан юм билээ л дээ. Сүүлд л түүх намтраас үзэж байхад тийм байдаг юм. Тэр үеийн багш нар яахав, 4 аргын тоо мэддэг, монгол бичигтэй тийм хүмүүс багш болж байсан. 3-р ангид ороход харин хотод сургууль төгссөн нэг багш ирж байсан. Тэрнээс хойш багшийн сургууль төгссөн багш нар багшилж байсан юм. Тэгээд 42 оноос крилл үсэг гарч крилл үсэг заалгасан. Тэгээд 3, 4-р ангидаа крилл заалгаад, бага сургууль тиймэрхүү янзтай л эхэлсэн юм байгаа юм. Сумын төв дээр, одоо бодоод байхад сумын төвийг нэг их үзээгүй юм шиг бодогдоод байгаа юм, өнөө сургуульд очиход сумын төв дээр 2,3-хан ганц дан байшингууд байсан. Нэг нь малын эмнэлэг байсан санагдаж байна. 1 нь дэлгүүр, бусад нь сумын захиргаа эд нар л гэрт байрладаг. Тийм байдалтай л бага сургууль төгссөн юм. Тэгээд бид нар номоо цүнхэндээ хийнэ. Цүнхийг бол даалимбаар, эцэг эхүүд оёод цүнх хийгээд, цүнхэн дээрээ 5 хошуу хадчихсан, тийм байдалтай л бага сургуульд суралцаж байсан юм даа, хүүхээ.
Сайнбилэг -
Та төрсөн он сараа сайн мэддэг үү?
Арслан -
Аа. ..Оноо бол яахав мэдэж л байгаа юм. Сар өдрөө бол мэдэхгүй ээ.
Сайнбилэг -
Баримжаагаар тогтоох уу?
Арслан -
Одоо бидний үеийнхэн ярьж байхад 30, 31 онд орсон улсууд зарим нь хоньтой гээд, зарим нь морьтой гээд өнөө эцэг эхүүд сургуульд суухад бүртгэж авахдаа..... за хоньтой гээд хэлчихдэг, морьтой гээд хэлчихдэг, нөгөө жилийг сайн мэддэггүй байж л дээ. Тэгээд сүүлийн үед үзэж байхад тэр чинь 30 он биш юм билээ л дээ, 31 он. Гэхдээ 30 он гээд бичүүлчихсэн, тэрүүгээрээ явдаг юм. Тэр үед хөдөөгийн малчид чинь он сарыг нарийн мэддэггүй байж л дээ.
Сайнбилэг -
Таныг бага сургуульд сурч байхад улс оронд ямар онцлогтой жил байв?
Арслан -
Нарийн мэдэхгүй л юм даа. За яахав, дайн, эх орны дайн эхэлчихсэн, 39 онд, үгүй ээ, 41 онд эхэлсэн ш дээ, дайн чинь. Тиймээ. 39 онд Халхын голын дайн боллоо л гэж ярьж байсан. 41 онд чинь бид нар 2-р анги, эх орны дайн эхэлсээн. Тэр Гитлерийн Герман гэдэг чинь манай СССР (USSR) рүү довтолсон гэнээ гээд л ярьдаг. Багш нар бид нарт ярьж байгаа юм. Тэгэхэд чинь Зөвлөлт Холбоот Улс гэж хэлж мэдэхгүй, СССР (сэсээр) улс л гэж ярьдаг байсан. Дайны үе байсан л даа. Дайны үе байсан болохоор бичиг хэрэглэлийн нарийн ширийн юмнууд нь ховор л байсан байх. Тэгээд яахав, 3-р ангиас чернил үзэг гэдэг гарч, тэгээд 43, 44 оноос дэвтэртэй үзэгтэй болж байсан тийм л үе байсан юм. Эцэг эх нь гэсэн сургуульд сургах жаахан дургүй, хүүхдүүд нь ч зарим нь дургүй. Зарим нь ч яахав, сургуульд сурч, ном эрдэм сурах нь зүйтэй гэж ойлгодог л байсан үе л дээ.
Сайнбилэг -
Хүүхдүүд сургуулиасаа оргодог байсан уу?
Арслан -
Өө....., оргоно. Оргоод л багш нарыгаа зовоогоод л, багш нар нь нөгөө хүүхдүүдээ авчрах гэж хөөцөлдөөд л. Тийм л байсан үе.
Сайнбилэг -
Та яг оргож байсныг л мэддэг бол ярьж өгөөч?
Арслан -
Үгүй ээ... нэг тодорхой мэдэх юм ч алга л даа. Би өөрөө бол оргож байгаагүй ээ. Би нэг хамаатны айлд суудаг байсан. Тэд албан хаагч байсан болохоор бас тэд нараасаа жаахан эмээдэг айдаг. ...Оргох уу? ...Хамт оргох уу? гэсэн улсууд байдаг л байсан. Тэгээд ер нь оргоогүй л юм байгаа юм. Ер нь тэгээд миний бодоход 44 оноос нийт хүмүүсийн, хүүхдүүдийн ойлгоц бол сургуульд суух нь зүйтэй юм, эрдэм ном сурах нь зүйтэй юм гэсэн ойлгоцтой болсон юм болов уу гэж би боддог юм.
Сайнбилэг -
Та бага сургуульд сурчихаад дараа нь ямар сургуульд сурсан бэ?
Арслан -
Би нэг жил хөдөө өнжчихөөд, нөгөө мичин жилийн зуд болоод, манайх ч овоо малтай айл байсан. 2 ах цэрэгт явчихсан, эгчтэйгээ хоёул, цас ухаж, нөгөө үхэр хонио тэжээж, мичин жилээр өнжсөн юм. Тэгээд 44 оны намар сургуульд аймгийн дунд сургуульд суу гэж хөөж ирсэн. Тэгээд би ч дуртай байсан. Эцэг эх, за сургуульд яв яв гээд, 45 онд аймаг дээр дунд сургуульд 5-р ангид очиж суралцсан юм байгаа юм. Тэгэхэд Өвөрхангай аймаг 7-н жилийн сургуультай болж байсан үе.
Сайнбилэг -
Тэнд амьдрал яаж өрнөдөг байв? Дотуур байранд байсан уу?
Арслан -
Би 2 жил ах дүүгийн нэг айлд суусан. Тэгээд 3 дах жилдээ дотуур байранд суусан. Аймгийн дунд сургууль бол овоо барилгатай, нөгөө хөдөөний сумын сургуулийг бодвол нэлээн хөгжчихсөн л байгаа юм тэр үедээ. Хичээлийн байр хүрэлцээтэй, дотуур байртай тийм л байсан.
Сайнбилэг -
Та ах дүүгийн айлд сууж байсан гэлээ. Ямар хүнийд сууж байсан бэ?
Арслан -
Аа, нэг лам байсан. Манай ах дүүгийн нэг өвгөн байсан, тэднийд сууж байсан. Тэр өвгөн маань нөгөө Артель гэж байгуулсан юм шүү дээ, Монголд чинь. Нөгөө лам байсан улсуудаар артель байгуулаад артельд ажилладаг хүн байсан. Миний 2 ах хүрээнд сууж байхдаа бас тэднийд сууж байсан юм. Тийм болохоор хүүхэд сургах талаар жирийн нэг хүнээс өөр ойлгоцтой тийм байсан байгаа вэ. Тэгээд тэр ах өвгөн би одоо боддог юм, намайг сурахад бас их нэмэр болдог. Хааяа нэг сонин ирдэг л байж, надаар уншуулна, өөрөө чагнана. Аа, тэгээд шугамын радио гээд тэр үед тэр үед чинь тоонондоо дугуй хар, одоо... юугаар.... цаасаар хийчихсэн шугамын радио. Ах өвгөн өөрөө чагнана. Энэнийг сайн сонсож бай, улсын юм, сонин юм ярьдаг юм, энэнийг сайн сонсож бай гээд л тэгдэг л байсан. Тэр маань их л нэмэр болдог байж л дээ.
Сайнбилэг -
Та тэр ах ламынхаа тухай тодорхой мэдэх үү? Ямар түүхтэй хүн юм бол?
Арслан -
Лам хүн байсан гэсэн. Манайхны ах дүүгийн. Ном судар эд нараа далд хийчихсэн л байсан. Байшинд хийчихсэн өнөөхөө, юмаар бүтээчихсэн тийм л байдаг байсан. Лам гэдэг чинь боловсролтой тийм улсууд шүү дээ. Эрдэм номтой улсууд. Тийм хүн байсан учраас надад их тус болж ном сур, хичээлдээ сайн шамдаж бай гээд л хэлнэ. Тэр талаар их л тус болж байсан. Тэр радио чагнаж бай гээд л. Араажав гэнэ. Араажав чагнаж бай гэнэ, өөрөө сонин монин надаар уншуулна. Тийм л байсан юм даа, хүүхээ.
Сайнбилэг -
Хэлмэгдсэн үед лам нар их өртсөн шүү дээ, тэр хүн яаж үлдсэн юм бол?
Арслан -
За нэг их жигтэйхэн том лам байгаагүй юм байлгүй. Гэлэн гэдэг чинь одоо манайхаар бол дамжаа, курс төгссөн тийм л лам байсан байх л даа. Тэгээд чухам яагаад баригдаагүйг нь сайн мэдэхгүй. Дээрээс нь томоос нь нь их л барьж байсан юм байлгүй бодвол.
Сайнбилэг -
Та хэлмэгдүүлэлтийн тухай юу мэдэх вэ?
Арслан -
За.. манай ах дүү нараас, тэр хавиас 3-н лам баригдахыг би мэдэж байна. Дэчиншадав сойвон гэж тэр Арвайхээрийн хошууны том лам байсан хүн. Тэрийг баригдсаныг мэдэж байна. Манайхны Оргил гэлэн гэж байсан. Тэрийг л бариуллаа л гэж байсан. Өглөө боссон чинь л манайхан уйлж унжаад л, Ажай Чилхаа гэдэг. Ажай Чилхааг урд шөнө бариад явчихлаа гээд хамаг юмыг нь битүүлчихсэн. Бид нар гэрт нь орсон чинь авдран дээр цаас маас янз бүрийн юм наачихсан, тэр нь битүүмжилсэн юм байна л даа. Тэгээд ах дүү нар ингээд уйлж унжаад л байна. Өө... бас цаг үе их хэцүү болж, лам нарыг ингээд байдаг болсон байна гээд ард түмэн ч зовж л байсан даа, сэтгэл санаагаар унаад. Олон жил шашнаа шүтсэн тэгэлгүй яахав. Тэгдэг л байдаг байсан. Бид нарыг дунд сургуульд аймаг дээр суухад аймгийн зүүн талд цохио байдаг юмаа. Тэнд.....40-н 5,6 оны үе. Өнөө лам нарыг алаад тэнд яасан гээд, нөгөө лам нарын гутал, лам нарын толгойны яс нь байдаг. Тийм л байсныг би мэдэж байгаа юм.
Сайнбилэг -
Тэр ямар нэртэй газар вэ?
Арслан -
Ягаан толгой гэдэг юм. Одоо тэр Ягаан толгойн тэнд чинь айл буугаад, барилга бариад тийм л болчихсон. Тэгээд бид нар сонирхоно. Баахан толгой л байдаг байсан. Тэгээд бид нар зүггүйтэхээрээ нөгөө толгойг чулуугаар хага цохиноо. Тэгдэг л байсан. Тэгээд том хүмүүс мэдчихээд та нар болдоггүй юм, тэгж тоглож болохгүй, лам нарын толгойг тэгж хага цохидог чинь буруу, болохгүй юм шүү гээд хэлдэг л байсан.
Сайнбилэг -
Тэгэхэд та хүүхэд байж, тэр үед томчууд тэр хэлмэгдүүлэлтийн талаар юу гэж ярьдаг байсан бэ?
Арслан -
Үгүй яахав дээ, нөгөө, ардын засаг үүсээд энэ шашныг устгах юм гэнээ. Шашингүй болох юм гэнэ. Тэгээд л устгаж байгаа юм гэнэ, тэгээд лам нарыг л, нөгөө хүрээ хийдийг шатаагаад, лам нарыг баривчлаад Монгол улсын хэмжээгээр 700 гаран сүм хийд устгасан гэж ярьдаг шүү дээ.Тэр....аймгийн нэлээн хэдэн дуган, сүм байсан байгаа юм, би тэрийг муухан мэдээд байна. Тэднийг бүгдийг нь шатаагаад байхгүй болгосон юм байналээ. Арвайхээрийн хүрээ гэж улсад нэртэй том хүрээ байсан юм байна.
Сайнбилэг -
Тэр үед радио, хэвлэлээр хэлмэгдүүлэлтийг төр засаг юу гэж тайлбарладаг байсан бэ?
Арслан -
Одоо сайн мэдэхгүй юм.
Сайнбилэг -
Томчууд юу гэж ярих вэ?
Арслан -
Одоо нөгөө, социализм гэдэг нийгэмд л орж байгаа юм гэнэ. СССР-ийг дагаад л. Социализм гэдгийг байгуулахад шашин хэрэггүй юм гэнээ. Шашин эсрэг юм гэнээ. Шашингүй байж л тэр социализм гэдгийг байгуулах юм гэнэ. Багш нар ч гэсэн тиймэрхүү байдлаар л хэлдэг байсан даа.
Сайнбилэг -
Та аймагт сургуульд сураад дараа нь яасан бэ?
Арслан -
Тэгээд би чинь 7-р ангидаа орохдоо, 1 жил дотуур байранд суусан гэсэн ш дээ, дотуур байранд байсан. Тэгээд 7 төгсөөд, хотод сургуульд ирсэн юмаа. Манай эцэг эх ч өөрснөө ном эрдэмгүй, малчин хүмүүс. Яагаад харин овоо намайг сургуульд нь явуулаад байсан юм. Би өөрөө ч бас дуртай л байсан. Сурлагаар муугүй. Яахав нэг дунд, сайн л сурчихдаг нэг тийм хүүхэд байсан.
Сайнбилэг -
Та бүр хөдөөнөөс сумын төв, сумын төвөөс аймгийн төв, аймгаас УБ-т иржээ. Танд анх УБ ямар санагдаж байв?
Арслан -
Өө, тэгээд, хотод сургуульд хүүхэд их дуртай байлаа. Тэгээд хотод ирээд ямар сургуульд сурахаа өөрөө мэдэхгүй. Манайхан танил нэг айл үйлдвэр комбинатад ажилладаг хүн очсон юм, амралтаараа, тэрийг дагуулаад, нэг хонины мах өгөөд нэг хэдэн төгрөг өгөөд. За энэ хүүхэд сургуульд явахаар болсоон. Энэ хүүхдийг чи тэр Соль сайдынд хүргээд өгчихөөрэй, ямар сургуульд орохыг нь тэр Соль сайд л мэднэ дээ. Соль гэдэг нь манайхны ах дүүгийн эмэгтэй хүн байсан юм. Гадаад худалдааны яамны орлогч сайд болсон юм байна, тэр жил. Соль сайд л гэж манайхан ярих. Би өөрөө үзээ ч үгүй, мэдээ ч үгүй. Аав нь манай аавтай ойрхон ах дүү. Тэд нарыг нь цөмийг нь мэднэ. Тэгж л хот руу анх орж ирсэн. Тэгээд л тэр Дондов гэдэг хүн байсан юм. Авгайтайгаа цуг очсон юм. Тэгээд нэг ачааны машинд, ачаан дээр суугаад л ирж байсан юм. Тэр үед Өвөрхангайгаас хотод ирэхэд чинь 2 хонож ирнэ шүү дээ, машинаар. Ямар учиртай байсан юм. Жолооч нь муу байсан юм уу, техник нь муу байна гэж баймааргүй юм. Тэгээд л явсаар байгаад л тэгж таардаг байсан байх л даа. Зам ч яахав, шороон замтай. Тэгээд одоо буудал байсан. Буудал гэж ярьдаг юм. Өвөрхангайн Баян-Өндөрт нэг хонодог юм, наашаагаа яваад Төв аймгийн Бүрэн сумаас нааш нэг хонодог юм. Тэгээд 2 хоноод ирж байсан юм. Тэгээд Дондов гуай ирчихээд за бид 2 маргааш ажилтай, ажил их байдаг юмаа гээд. Дараагийн сайн өдөр л хүргэж өгье. Тэр нь 7 хоног юм байгаа юм. 2 жаахан хүүхэдтэй тэр айл, чи 2 дүүгээ хараад байж байгаарай гээд л. Бид 2 өглөө ажилдаа явдаг гээд. Тэгсэн чинь нэг юм дуугарах юмаа. Тэр нь юу гэхээр нөгөө үйлдвэр, ажилдаа орох яндан дуугардаг юм байна. Яндангийн дуугаар ажилдаа ордог. Албан хаагч ч ялгаагүй, ажилчин ч ялгаагүй. Тэрийг нь сонсоно. Яндан тэр үйлдвэрийн тэнд миний байсан айлын дэргэд ойрхон юм. Нээх чанга дуугардаг. Яндан дуугарах юм гээд, тэрийг үзээд, сонирхож л байсан юм. Үгүй бас сонин юмаа гээд л.тэгээд бид нар Сонгино Хайрханы тэнд ирэхэд одоо УБ цухуйж байна гээд, Дондов гуай надад хэлдэг. Тэгсэн чинь 2-хон өндөр юм харагдана. Нэг нь гандан байна. Нөгөө нь одоо энэ 4-н давхар 1-р 10 жил. Тэр үед чинь 1-р 10 жилээс өөр дөрвөн давхар байсангүй. Тэгж л хамгийн түрүүнд 2 л өндөр юм харагдаж, одоотой адилхан барилга марилга бага л байсан даа. Тэгж л өө бас сонин сайхан, гоё юм байдаг юм байна л гэж сонирхож байсан.
Сайнбилэг -
Та УБ-т ирээд ямар сургуульд оров?
Арслан -
Тэгээд өнөө айл чинь завгүй. 7 хоног хүүхдийг нь сахиад дараагийн сайн өдөр чамайг Соль сайдынд хүргэж өгнө гээд. Тэгээд Дондов гуай намайг дагуулаад явлаа. Зах гэдгийг үзүүллээ. За энэ бараан зах, энэ малын зах гээд л. Малын зах гэхэд л үхэр адуу, одоо энэ бүх төрлийн малууд хэсэг хэсгээрээ овоорчихсон, малын зах гэж энэнийг хэлдэг юм. Бараан зах энэ гээд. Өө.... (уулга алдав) хүн амьтан бужигнасан, ёстой нэг олон хүн үзээгүй юм чинь тэгэлгүй яахав дээ. За мөн сонин сайхан санагдаж хараад л, гайхаад л, ийш тийшээ хараад л, нөгөө юм хүмийг нь сонирхоод л тийм л байсан. За тэгээд зах дээр тэр үед машин, автобус ховор, байхгүй шахуу байсан даа. Ганц хаалгатай тийм автобус байдаг байсан. Тэгээд хүмүүсийн явдаг тээвэр нь юу байсан гэхээр хужаагийн морин тэрэг. Хятадууд морин тэрэгтэй. Морин тэргэнд нь суугаад морин тэрэг нь дээгүүрээ нэг бүрхүүлтэй суудаг нь, тийм л янзтай хотыг анх харсан. Тэгээд Соль сайдын ажлыг ч сайн мэдэхгүй, гэрийг нь ч мэдэхгүй. Нөхөр нь Дотоод Яаманд ажилладаг юм гэнэлээ. Тэнд л чамайг хүргэж өгье гээд. Одоо энэ Өндөр гэгээн Занабазар гуайн музей байна шүү дээ. Тэрний чинь зүүн талд Дотоод Яамны байшин, нэлээн олон модон байшин байсан байгаа юм. Тэнд дагуулаад очноо намайг. Тэгээд Соль эгчийн нөхрийг нь хэн гэдгийг мэдэхгүй. Тэгээд тэр Дондов гуай л мэддэг байж л дээ. Нөхөр нь энд байдаг гэж. Тэгээд тэр модон байшингуудын нэгэнд нь орлоо. Коридорт бид 2 зогсож байсан чинь, эмэгтэй хүн гараад ирлээ. Гоё хувцастай, офицер хүн л байсан байх даа одоо бодоход. За яах гэж байна та нар? ..Энэ хүүхэд хөдөөнөөс сургуульд ирсэн юмаа. Соль гуайнд очих юм гэнэ. Солийн нөхөр энд ажилладаг юм гэнэлээ. Дэмчин гэдэг хүн гэнэлээ гэж байна. Аа тэгээд.....нэг өрөөнд ороод ирсэн нэлээн хэдэн хүн....Өө гоё гоё хувцастай бодвол хурандаа юм байна л даа, офицерууд сууж байна. За тэгээд хэнтэй уулзах нь вэ хүүхээ л гэсэн. Дондов гуай хэлсэн болохоор Дэмчиг гуайтай уулзнаа л гэсэн. Ямар Дэмчиг вэ? гэнэ. Нэрийг нь мэдэхээс биш цолыг нь албан тушаалыг нь мэдэх биш, Солийн Дэмчиг гэсэн чинь нөгөөдүүл чинь хөхрөлдөөд. Авгайгийнх нь нэрээр хэлчихгүй юу. Өө, чи Өвөрхангайгаас ирсэн хүүхэд үү, гэлээ, тиймээ л гэлээ. Цэрэнчимэд дүү юу л гэлээ, тиймээ л гэлээ. Тэгээд нөгөө хүн чинь за би явъя гэлээ. Дэмчиг гуай манайх энүүхэнд байдаг гээд зааж өгч байнаа. Одоо энэ хуучин Ард кинотеатр байна шүү дээ, тэрний урдхан талд юм байна. Ингээд зааж өгөөд, ингээд, ингээд яв гээд заалгаад явлаа. Олдоггүй ээ. Дахиад эргээд ирэхэд, өө за одоо ажил тарахаар хамт явъя даа, чи тэнд сууж бай гээд. Тэгээд жаахан хүлээж хүлээж л. Ажил ч нарийн байсан даа. Гараад намайг хүргээд өгөх юм бол 10 минутын л ажил байсан даа. Тэгээд орой нь ажил тараад тэднийд очоод, Соль эгч л чи ямар сургуульд орох вэ? гэнэ, ямраа мэдэхгүй. Тэгсэн чинь багшийн сургуульд орох уу, гэнэ. Тэгье л гэсэн. Тэгсэн чинь л утсаар ярьж байнаа. Багшийн сургуулийн захирал Палаан захирал дээр аваачиж өгч бүртгүүлнэ гээд. Маргааш нь Соль эгчийн нэг хүүхэд нь дагуулаад багшийн сургууль дээр оччихлоо. Элдэв кинотеатрын наахна байсан юм. Тэнд чинь Элдэв кинотеатрын наадхи чинь нил гэр байсан шүү дээ. Тийм. Тэгээд очоод бүртгүүлээд, Тэгээд тэр хүүхэд Арслан ахаа та эргээд явах замаа мэдэх үү гээд заагаад өгч байгаа юм. Олноо л гэлээ. Нээрээ ч төөрөх юм байхгүй байсан юм чинь. Тэгж л багшийн сургуульд орсон юм даа.
Сайнбилэг -
Багшийн сургуульд та хэдэн жил сурав? Амьдрал яаж өрнөдөг байсан бэ?
Арслан -
Яахав, эхний жил тэр Соль эгчийн аавынд нь байсан. Дараачийн жилээс дотуур байранд орсон юм. Багшийн сургууль одоо энэ багшийн дээд сургуулийн цаад талын цэцэрлэгийн багшийн сургууль гэж байлаа ш дээ, тэр үед багшийн техникум гэдэг байсан юм. Тэгээд наад тал чинь энэ, багшийн дээд чинь Засгийн газар байсан юм. Тэгээд Засгийн газар манай сургууль 2-ын хооронд модон хашаатай. Бид нар ямар сайндаа манай гуанз чинь засгийн газар луу харсан цонхтой. Тэгээд бид нь маршал Чойбалсанг харъя гээд харагдахгүй, машин орж ирээд л цаашаа алга болчихдог. Засгийн газрыг чинь тойроод хойд талд нь очиж буудаг байсан юм байна л даа. Тиймэрхүү л янзтай байдаг байсан. Яахав, байранд бол хоол жаахан, дайны дараа үе болохоор хоол жаахан тааруу, хоолондоо цадахгүй, хужаа тогоочтой байсан. Хужаа бол гоё л хоол хийнэ. Заримдаа гадуур гарч ах дүүгийн айлд очиж хоол иддэг. Иймэрхүү л байсан юм. Бид монгол дээлтэй, монгол гуталтай тийм л хүүхдүүд ирсэн. Тэгээд бүртгүүлсэн чинь манайд нэг хориод хүүхэд бүртгүүлсэн. Тэгээд сүүлдээ бүртгүүлээд 1-р курсын хүүхдүүд болсон. Хүүхдүүдтэй танилцаад тэгж л анх багшийн сургуульд орсон юм. Багшийн сургуулийн багш нар чинь нөгөө алдартай багш нар л байж байсан юм даа. Палаан захирал гэж нэртэй алдартай, сүрхий хүн байсан юм. Тэгээд тэр одоо багш нар гэхэд л Маамхүү гэж биеийн тамирын мундаг хүн байсан. Сүүлд нь гэгээрлийн яамны сайд болсон Жамсран гээд. Жамсран гуай багш байсан, Долгормаа багш, Тамжид багш, Дунгаржав багш гээд ингээд алдартай, алдартай багш нар, Цэвэгжав гэж монгол хэл бичгийн алдартай багш авгай байсан. Ийм улсуудаар л эхэлж ном заалгасан, тэд нар ч сургахын төлөө чухам анхаарна ч гэж жигтэйхэн. Бид нарын хүүхдүүд ч сурах идэвхи сайтай, сахилга баттай, ийм л байсан юм даа.
Сайнбилэг -
Хөдөөнөөс хот руу орж ирэхэд хүмүүс нь ямар ялгаатай харагддаг байсан бэ?
Арслан -
Өө, ихэнх нь гэр. Одоо бид нарын чинь багшийн сургууль ерөнхийдөө ... засгийн газар (ордон) чинь тэр үед байгаагүй юм шүү дээ. Энэний чинь оронд .... бөмбөгөр театр байсан юм. Одоо засгийн газрын чинь зүүн талд бөмбөгөр театр, бөмбөгөр театрын дэргэд нэг 2 давхар барилга байсан. Тэр намын төв хороо ч билүү байсан л юм даа. Чойбалсан эд нар тэр юунд. За тэгээд барилга бол энэ Элдэв-очир кинотеатр, хотын захиргаа, үйлдвэрчний төв зөвлөл, тэгээд гадаад яам, энэ театр байсан. Төв театр гэдэг байлаа. Эд нарыг чинь дандаа олзлогдсон японоор бариулсан юм гэнэлээ. Энэ үйлдвэрчний төв зөвлөл, Элдэв-очир кинотеатр, хотын захиргаа, гадаад яам эд нарыг чинь японы олзлогдсон цэргүүдээр бариулсан гэнэлээ. Бодвол инженер нь орос ч юм уу, монгол байсан байлгүй. Тийм л байдалтай, талбай байдгаараа байсан. Сүхбаатарын хөшөө, өөр нэг их том барилгууд байгаагүй, харин их сургуулийн барилга баригдаж байсан. Бөмбөгөр театр чинь гоё л юм байдаг байсан. Хааяа нэг хүүхдүүдийг юм үзүүлнэ. Тэгээд.... 47 байна уу, 48 онд байна уу, бид нар байранд байсан. Хүүхдүүд шуугилдаад, театр шатаж байна гээд л, бид нар гүйгээд өнөөхийг чинь үзнэ гээд. Энэ талбай чинь нил л гэрэл, нөгөө бөмбөгөр театр чинь шатаад, тэрүүгээр чинь дүүрэн хүмүүс сонирхоод, гал унтраадаг юу нь оролдож л байсан, нөгөө унтраах гэж. Тэгж л бөмбөгөр театр шатаж байхыг харж л байлаа. Хайран сайхан юм гээд л бид нар чинь гаслаад л. За тийм юм. Бас нэг юм нь 49 онд нөгөө төмөр зам октябрийн баяраар ашиглалтанд орсон юм. За одоо төмөр замтай болсон. Вагон гэдэг юм ирэх гэнэ. Нөгөө техникум цөөхөн байсан, хотын хэмжээнд бүгд л вагон үзэх гээд, октябрийн баяраар хүйтэн ч байсан, даарцгаагаад, дулаалж яваарай гээд, багш бид нар чинь техникумд сургууль сургууль дээрээ жагсаад л, вагон ирэхийг хүлээгээд.... ааа...тэгсэн чинь жигтэйхэн хашгирсан юм, урд талдаа Сталиний зургийг хадчихсан, вагон гэдэг чинь ч ирлээ дээ. (инээв). Гоё юм гээд л, хөхрөлдөөд л, сонирхоод л, ямар гоё сайхан юм байдаг юм бэ гээд л. Тэгж төмөр зам тавигдаж нээгдэхийг үзэж байсан. Тийм тиймэрхүү л сонинтой байж байлаа даа.
Сайнбилэг -
Хотын хүмүүсийн амьдрал хувцаслалт нь их ялгаатай юу?
Арслан -
Өө, тэр үед чинь костюмтай хүн чинь албан хаагч нар л байсан байх. 70, 80-н хувь нь монгол хувцастай байсан. Тэр албан хаагч нар, дарга сайд нар, багш нар эд нар пальто, костюмтай байдаг байсан. Хувцасны хувьд тийм ялгаатай байсан.
Сайнбилэг -
Дэлгүүрүүдэд нь юу зардаг байсан бэ?
Арслан -
Өө, янз бүрийн бараа байна, бид нар чинь хөдөөнөөс ирсэн хүүхдүүд, одоо хамгийн гол дэлгүүр нь өндөр хоршоо, одоо энэ Занабазар гуайн нэрэмжит өндөр хоршоо, гэдэг байсан юм. Тэгээд хөдөөнөөс ирэхэд манай нэг ах хэлдэг байсан юм. Өндөр хоршооны хана мана нь шилэн толин ханатай шүү. Хөдөөний хүн мэдэхгүй мөргөчихсөн юм гэнэлээ гээд хэлж байлаа(инээв). Нээрээ сонирхоод л, 2 давхар, Өө... өндөр хоршоо гэдэг чинь ийм гоё юм байдаг юм байна. Одоо бодоход янз бүрийн бараа таваар нэлээн байдаг байсан. Одоо чемодан гэдгийг чинь анх тэнд үзлээ. Өө, чемодан өрөөстэй л байна, тэр өндөр хоршоонд, тийм байдаг юм байна гээд л сонирхоно. Тиймэрхүү л байдалтай байсан даа.
Сайнбилэг -
Та соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ?
Арслан -
Соёлын довтолгоон чинь нэлээд сүүлд эхэлсэн юм шүү (бодов). Ер нь 50-иад оноос эхэлсэн санагдаж байна. Соёлын довтолгоон гэдэг бол их үр дүнтэй, их сайн юм болсон. Ёстой нэг соёлжуулах талаараа анхны суурийг тавьж, их зөв зүйтэй юм болсон байгаа юм. За тэр...соёлын довтолгоо боллоо гээд одоо тэр хөдөөний бичиг үсэггүй хүмүүсийг чинь бичиг үсэгтэй болгоно гээд бүлгэм гэж байгуулж байсан юмаа. Нөгөө сургуульд сураагүй залуучуудыг бүлгэмд суулгадаг. Бүлгэм чинь одоо жилийнх ч байсан, хэдэн сарынх ч гээд янз бүр байсан. Бүх ард түмнийг бичиг үсэгтэй болгоно, соёлын довтолгооны хамгийн гол нь 50-иад онд манай монгол улс дэлхийд, бүх ард түмэн нь бичиг үсэгтэй болсон гэж, одоо бодоход ЮНЕСКО-гоос тэгж зарлаж байсан юм болов уу, тэгж байсан шүү. 50-иад онд чинь үнэхээр эрэгтэйчүүд нь цөм цэрэгт яваад ирсэн, тэгээд бичиг үсэгтэй болсон. Сургуульд сураагүй залуучуудыг бүлгэмд суулгаад, бүлгэмээрээ крилл бичиг зааж, бичиг үсэгтэй болж байсан юмаа. Тэр бол соёлын довтолгооны хамгийн том үр дүн. Тийм л байсан юм. За тэр улсын хөгжлийн үед яахав дээ. Би 50 онд багш болоод суманд очиход сумын төв дээр техникум төгссөн хүн 2-хон байсан. Бүх сум ялгаагүй, дээд боловсролтой хүн 50 онд суманд байгаагүй юм. Тэгээд би багшийн сургууль төгссөн, техникум төгсөөд ирсэн. Нэг нь малын эмч байсан. Тэр нь Завханы Жижээ гээд малын эмч залуу, техникум төгссөн. Техникум төгссөн гээд л сумын төв дээр хамаг лекц, яриа, сонсгол, хамаг юм, нөгөө техникум төгссөн бид 2 л удирдана. Сонин уншлага гэж ярьдаг байлаа, тэр нь юу вэ гэхлээр, өглөө сумын төвийнхөн цуглачихаад, сонингоо барьчихаад, нөгөө сонингоо уншина. өглөөний сонин уншлага гэж ярина тэрийгээ. Тийм. Тэгээд яахав, би чинь 20 настай залуу, айх ичихийг мэдэхгүй, .... бүжиг танц заана, за тэгээд л дуу хөгжим, урлаг уран сайхан гээд бүх ажлыг чинь бид удирдана даа. Тиймэрхүү л байсан юм. Соёлын довтолгоо гэдэг чинь тэгээд л, ариун цэвэр, одоо хүн болгон айл болгон нүүр гарын алчууртай бай, саван сойзтой бай ч гэдэг юм уу, гэх мэтчилэнгийн юмнуудыг үнэхээр нарийн хэлж, соёлын довтолгооны үед чинь үнэхээр соёлжуулах талаар их юм хийсэн шүү. Тэр бол их үр дүнтэй ажил байсан.
Сайнбилэг -
Тэгэхэд яг юу юу болж байсан бэ?
Арслан -
За яахав....хм, сумын төв дээр заа халуун устай болгоно гээд сумын төвийнхөн усанд ордог болоод л, нүүр гарын алчууртай, орны дэвсгэр даавуутай бай гээд л болгосон. Боловсронгуй болгох талаар их юм хийсэн дээ.
Сайнбилэг -
Яг хэн удирдаж хийж байсан бэ, хэн шалгадаг байсан бэ?
Арслан -
Үгүй яахав дээ, дээрээсээ төр засгаас зохион байгуулаад, аймаг аймгаас л сумандаа ирээд, сумын соёлын довтолгооны ажлыг одоо бодоход аймгаас ирж дүгнэдэг, ололт амжилтыг нь хэлдэг тийм л байсан байгаа юм.
Сайнбилэг -
Аймгуудаар шалгаж явдаг байсан уу?
Арслан -
Өө... шалгана, үзнэ. Бид нар чинь 50 онд багш болчихоод айл болгоны хүүхдүүдийг чинь хөнжилтэй болгоно, нүүр гарын алчууртай болгоно, тэрийг нь үздэг, айл болгонд багш нар чинь очиж ...За алив, хүүхдийн чинь хөнжил нь хаана байна, гэхмэтчилэнгээр нүүр гарын алчуур нь аль вэ (инээв) одоо бодоход зарим нь эвхээд далд хийчихдэг байсан гэж боддог юм. Тэгээд л хүн ирэхээр үзүүлдэг. Зарим нь ч хэрэглэдэг л байсан байх. (инээв). Зарим нь ч нэг үзүүлэхийн төлөө л байдаг байсан байх (хөхрөв). Тэр үед чинь хүний өвчин их, малын өвчин их байлаа шүү дээ. Тийм... хүний өвчин гэдэг чинь ... ээ дээ... янз бүрийн одоо.., сумын төв дээр гэхэд л бодож л байна, улаан тарианы хүүхнүүд гээд ирнэ. Тэр нь юу гэхлээр янз бүрийн өвчтэй байсан эмэгтэйчүүдийг эмнэдэг байсан. Улаан тарианы хүүхнүүд ирж байна гээд л сонирхоно. Тэр улаан тариа хийгээд л тэр яр, тэмбүү ч юм уу, өвчтэй байснаас ч уламжилсан юм уу, тийм нэг л.... хүүхнүүд.... эмээдэг. Нөгөө улаан тарианы хүүхнүүд чинь сумын төв дээр улаан тариагаа хийлгэхдээ гоёчихоод ирнэ. өө, торгон дээлээ өмсчихсөн, гоёчихсон (инээв) ирнэ. Тийм л байдаг байсан юмаа. Хүний өвчин яахвээ....60-аад он хүртэл эрүүлжүүлж чадсан шүү, ер нь ард түмнээ. Ер нь тэр үед чинь төр засгийн бодлого айхтар зөв, айхтар зохион байгуулалттай сайн явуулж чадаж байсан. Малын өвчин их гарна. Гол нь үхрийн өвчин их байсан юм даа. Мялзан, боом гээд. Тэрийг яагаад сайн мэдэж байна гэхээр мялзан боом туссан үхрийг алаад газар булж хийдэг байсан юмаа. Тийм учраас сайн мэдэж байгаа юм. Малын эргүү (өвчин) их байсан. Эргүү өвчин. Сүүлдээ 60-н он гэхэд эргүү өвчин байхгүй болсон шүү. Тэр эргүү өвчнийг чинь монголын малын эмч нар эмчлээд, эргүү гэдэг нь элдээ байдаг юм байнаа гэдгийг нь оношлоод, тогтоогоод, олоод, эмнэж байсан юм. Тэгээд хүн малын өвчин үндсэндээ 60 онд ер нь дээр үеийн өвчнүүд устсан шүү. Тэр үед чинь бөөс гэдэг юм байлаа шүү дээ. Өө, хөдөөнийхөн чинь бөөстчихсөн, бөөстэй. Ер нь тэгээд 50-иад оноос бөөс ч байхгүй болсон. Үнэхээр эрүүлжүүлж ч чадсан, малын өвчнийг ч устгаж чадсан, хүний өвчнийг ч устгаж чадсан. Тэр үед чинь гадаад харилцаа гээд ч нэг их онц юм байсан биш. Тэгээд одооны энэ янз бүрийн гадаадын өвчин орж ирсэн юм байхгүй, монголд л байсан хэдэн өвчин үндсэндээ, ЗХУ-ын тусламжтайгаар хүн малын өвчнийг арилгаж чадсан юм шүү. Одоо л дахиад тийм малын өвчин гарлаа, тийм хүний өвчин гарлаа л гэнэ. Энэнийг яахав дээ, даян дэлхийн улс түмэнтэй холбоотой болчихсон болохоор янз бүрийн өвчин дамжаад бий болдог л юм байна л даа,
Сайнбилэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар юу мэдэх вэ? Тэр үед хүмүүс яаж нэгдэлжиж байсан бэ?
Арслан -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо 50 онд эхэлсэн. За, нэгдэл гэж юм байгуулж байгаа юм гээд шаарддаг, шахдаг, зарим нь дургүй, зарим нь дуртай. Энэ чинь хэрэгтэй юм гэнээ гээд ордог, коммун хамтрал гэж байгаад устсан, тэрэн шиг юм болох нь гээд зарим нь тэгдэг. Зарим нь тэр коммун хамтралаас чинь өөр юм гэнэ гээд нэгдэлд ордог. Зарим нь дуртай, зарим нь дургүй. Ер нь 70% нь дургүй байсан байх шүү, бодоод байхад. Тийм. Ер нь нэгдэл байгуулагдаад, бас ард түмний амьдралыг жигдрүүлсэн юм. Нэгдэл байгуулагдаад ер нь ядуу хүнгүй болсон. Баян хүнгүй болсон. Баячуудыг чинь малтайг нь нэгдэлд ор гэж шаардаад, зарим нэгийг нь сүүлдээ хүчээр нэгдэлд оруудаг, тэр хүчээр нэгдэлд оруулдаг нь жаахан буруу болсон. Нэгдэл байгуулагдаад ард түмний амьдрал тэгш болсон шүү, ядуу хүнгүй, баян хүнгүй, цөмөөрөө жигд амьдралтай. Тэгээд нэгдлийн гишүүдийн чинь мал малласны хөлсийг нь өгөөд, нэгдлийн гишүүд чинь тохижоод сайхан. Хөдөөний айл чинь дээр үед бол одоо ор гэж байхгүй байлаа ш дээ, бамбай гэж байсан, ширдгэн дээрээ бамбайн дээрээ хэвтдэг. Нэгдэлд ороод Зөвлөлтөөс ирдэг төмөр ортой, модон ор төмөр ортой болчихсонмөн гудас шалавч дэвсдэг болчихсон, нэгдлийн гишүүд чинь. Ухаан нь дээр үед чинь айл толь гээд байхгүй байлаа ш дээ, нэгдлийн гишүүн болгон чинь төмөр ортой, ...тольтой..., овооо боловсронгуй болж хөгжсөн байгаа юм. Сүүлдээ хамгийн гол алдаа нь юу болсон гэхлээр нэгдлийн гишүүдийн амины малын хэмжээ тогтоочихсон юм. тэр л их буруу болсон. Ухаан нь нэгдлийн гишүүн 100 малтай байгаа гэвэл, 110-120 болчихвол илүү гарсныг нь заавал нэгдэлд нийгэмчилдэг. Тэр их алдаа болсон юм байгаа юм. тэр алдаа болсныг нь хөдөөнөөс , Өвөрхангай аймгийн Уянга сумаас хэдэн малчин, төв хороонд бичиг мэдэгдэж, шалгуулж байсан юм байгаа юм. тэр буруу алдаа болсон. Сүүлдээ ардчилал гараад нэгдлийг устгаад байхгүй болгоод, тэр малыг нь яахав, тэр хүмүүстээ хувьчилж, малыг нь эргүүлж буцааж өгөөд нэгдэл байхгүй болсон юм даа.
Сайнбилэг -
Та түрүүн хүчээр нэгдэлжүүлж байсан гэж ярилаа, яг юу болсон бэ?
Арслан -
Үгүй яахав дээ, мал олонтой нь жаахан дургүй, одоо нэгдэлд элс гээд ятгана. Ухуулна, нэгдлийн ашиг тусыг хэлнэ. Нэгдлийн гишүүдийн амьдрал сайжирчихлаа, та нар хар, та нар мэдэж байгаа биз дээ, хамтын хүчээр амьдарна, хамтын хүч гэдэг чинь ийм байгаа юм, социализмын үед хамтын хүчээр л амьдарна гээд л одоо шаарддаг, шахдаг. Тэгээд л илүү гарсан малыг нь нийгэмчилдэг. Тэрэн дээр л их алдаа болсон юм. Алдаа болсон гэдгийг тэр үедээ хэлж л байсан. Тийм л байгаа юм, нэгдлийн хувьд.
Сайнбилэг -
Өвөрхангай аймгаас хэдэн малчин өргөдөл бичээд шалгуулж байсан гэсэн яг юу болсон бэ?
Арслан -
Би тэгэхэд багш байсан. Тэр чинь тавин....(бодов) долоо, найман онд байна уу даа, Уянга суманд нэлээн малтай, мал нь илүү гарчихсан улсуудыг хүчээр нийгэмчилсэн юм байналээ. Хүчээр нийгэмчлүүлээд. Тэгэхээр хэдэн сүрхий малчид л ер нь алдаа боллоо, буруу болж байна гээд төв хороонд захидал бичсэн юм гэнэлээ. Төв хорооноос чинь шалгалт очоод тэрийг чинь одоо шалгаж бариад тэгээд буруу алдаатай бодлого болсон. Илүү малыг хурааж байсан. Буруу болоод. Тэгээд аймгийн удирдлагууд зарим нь авахуулж л байсан. Тэрийг бол би мэдэж л байна, тавин хэдэн онд. Тэрэн дээр л алдаа, буруу болсон юм байгаа юм. Амины мал нь өсч л байг л дээ. Тиймээ. Тэгээгүй юм шүү. Тэр л буруу алдаа болсон юм байгаа юм, нэгдлийн хувьд бол.
Сайнбилэг -
Манай монголчууд чинь одоо энэ ардчилсан хувьсгал хүртэл сүсэг бишрэлээ хадгалаад л ирсэн байна ш дээ?
Арслан -
Өө, тийм, тэрийг, тэр баривчилснаас хойш чинь одоо тэр бурхан, шашныг устгана гээд айгаад л, далд хийгээд авдранд хийчихсэн. Тийм л байсан. Зарим нь бурханыг нь хурааж аваад шатаагаад, энд тэнд овоолоод тэгдэг л байсан, бид нар мэдэж л байна. Бид нар тэр овоон дээр оччихсон, хөөргийг хүртэл хэрэглүүлэхгүй болчихсон, хөөргийг хүртэл овоон дээр хаячихсан байдаг байсан. Буруу бодлого л явуулсан юм л даа.
Сайнбилэг -
Хүмүүс бурхан шашнаа яаж шүтдэг байсан юм бэ? Нууцаар уу?
Арслан -
Өө, нууцаар л шүтнэ л дээ. Хүн амьтан байхгүй үед л өөрснөө ном мом уншаад л. Би бас санаж л байна, намайг бага байхад манай аав их ном уншдаг л хүн байсан юм. Хар хүн дээ, төрийн хар хүн. Тэгээд л нөгөө аавыгаа дагаад л ном уншина. ....(инээв). Сургуульд байхдаа аавыгаа дагаад маань мэгзэм уншаад тэгдэг л байсан юм. Их хориотой байдаг байсан болохоор айцгаадаг л байсан. Үдэш оройн цагаар л уншина. Ил бурхантай айл байгаагүй л дээ. Сүүлдээ 60 он хүртэл бурхныг ил гарсныг нь хураагаад устгуулсан тийм явдлууд их гарсан. Тэрийг төр засгаас завхрал алдаа болсон ингэж болохгүй гэж хэлж байсан юм шүү, төр засаг, учрыг нь бас ойлгуулж тэр дуулианаар чинь зарим өвчтэй сагсуу, тийм дарга нар чинь айлын бурхныг устгуулдаг байсан юм. Тогоо нэрүүлэхгүй гээд бүрхээрийг нь хүртэл эвдүүлж, хэмхлүүлж, шатаалгаж байсан ийм явдал их гарсан шүү, тогоо нэрэхийг хориод. Төр засгаас тогоо нэрэхийг хорь гэж хэлээгүй байх л даа бодвол.
Наагуур болсон улсууд төр засгаас авсан арга хэмжээнүүдийг далимдуулаад янз бүрийн буруу юм хийдэг улсууд их гарч байсан юм.
Сайнбилэг -
Нугалаа завхрал болж байна тийм үү?
Арслан -
Тийм завхрал. Аль ч нийгмийн үед завхрал байх юм даа ялгаагүй.
Сайнбилэг -
Та хэдэн жил багш хийв?
Арслан -
Би 60 он хүртэл багшлаад эхний 5 жил нь бага сургуулийн эрхлэгч хийж байгаад сүүлийн 5 жил нь сумын бага сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тэр үед чинь сургуулийн хүүхдийн хоолны мах бэлдэнэ, түлээ түлшийг нь бэлдэнэ. Захирлын ажил их байлаа ш дээ, тэр үед чинь. Төсөв юм чинь, батлагдсан төсөвтөө багтаагаад ардуудаас мал худалдаж аваад, худалдаж авсан авсан малаа сургуулийн галч ч юмуу, манаачаар хариулуулаад намар нь алж боолтоо хийж байдаг байсан. Түлээ түлшийг нь бол аймгаас урагш говийн сумд бол аргал өгдөг. Хангайхан мод л өгдөг байсан байлгүй, бодвол. Би дандаа говийн суманд байсан юм чинь, урд талын. Тиймэрхүү янзтай л байдаг байсан. Тэгээд 55, 6 оноос, дээрээс... ард түмнээс мал авч болохгүй ээ, нэгдлээс авч бай гээд. Нэгдлээс дэмжиж байгаа нь тэр байх л даа. Тэгээд бид нар чинь харин амар болсон. Мал худалдаж авах гэж эрэхгүй. Нэгдэлд төсвөө тушаачихаад л нэгдлийн даргатай ярилцаж, гэрээ хэлцлээ хийчихээд төдий хонь авна, төдий үхэр авна, гээд төсөвтөө тохируулаад мөнгөө өгчихөөд намар идэшний цаг болохоор нэгдлээс малаа хүлээж авдаг, ийм л байсан. Тийм.
Сайнбилэг -
Багшилсныхаа дараа юу хийсэн юм бэ, та?
Арслан -
Би 10-н жил багшилчихаад, 60-н онд багшийн дээдэд ирсэн юм. Тэгээд сүүлийн нэг жил нь гэгээрлийн хэлтэс аймгийн захиргаанд хэлж байж мэргэжлээ дээшлүүлье, 10-н жил багшилчихлаа, 9 жил ажиллалаа. Захирлын ажлаас чөлөөлж өгөөд яахав, нэр төр сайтай, гайгүй л ажиллагаатай багш захирал байсан. 3-н жил багшилчихаад улсын тэргүүний багш нарын 2-р их хуралд, Өвөрхангайгаас 4 багш ирж тэрүүний нэгэнд орж багш нарын их хуралд ирж байсан юм байгаа юм. Гайгүй нэр төртэй тэр үед чинь бид архи уудаггүй, тамхи татдаггүй, ихэнх нь тийм байлаа ш дээ. Одоо зөв хүмүүжилтэй л байсан байгаа юм бодоход. Би одоо хүртэл амны тамхи татаж үнэрлэж үзээгүй юм шүү дээ. 35 хүрч байж, хотод ирээд багшийн дээдэд яахав зав чөлөө муутай оюутан. Тэгээд багшийн дээдээс гараад албан газар ажил хийгээд, 35 хүрч байж архи гэдгийг чинь амсаж үзсэн. Тамхи гэдгийг чинь ёстой нэг хэзээний дургүй байсан. Би 65 онд багшийн дээдээ төгсөөд хөдөөнөө яваагүй, санамсаргүй л албан газруудаар ажил эрж явж байгаад гадаад яам гэдгээр ородохъё, гээд урд талын хаалгаар орох гэсэн чинь үгүй, энүүгээр ордоггүй юм, ёслолын хаалга, баруун талд нь жижиг хаалга байгаа тэнд оч гэнэ, тэгээд жижүүр дээр нь очоод уулзаж ярьж байгаад боловсон хүчинтэй нь уулзаад 20-иод хоног шахуу хүлээлгэсэн. Гадаад яам ажилд авах гээд. 7 хоноод ирээрэй, ажил байхгүй байна. Юу ч гэсэн ирээрэй гээд. Ингээд 2 долоо хоног хүлээчихээд тэгээд боловсон хүчний зааварлагч болсон юм. Тэгээд яахав, багш захирал байсан гээд боловсон хүчний зааварлагчаа болгосон. Тэгээд яахав, том яамны боловсон хүчний зааварлагч болоход эхлээд айж л байлаа. Дүгэрсүрэн сайд байсан, сайд Сосорбарам гуай орлогч сайд дуудаж уулзаад за, боловсон хүчний зааварлагч болноо гэж. Тэгээд гадаад яаманд ажилд орж, гадаад яамнаас тэтгэвэртээ гарсан юм даа.
Сайнбилэг -
Тэр үед Монголд ЗХУ-аас олон мэргэжилтэн байлаа ш дээ, мөн өөр социалист орнуудаас ч байсан, гадаадынхан болоод монголчууд ямар харилцаатай байсан бэ?
Арслан -
Намайг багш оюутан сурагч байх үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд л аймаг дээр байдаг байсан. Эмч худалдааны мэргэжилтэн хүн ч байдаг байсан, малын эмч, хүний эмч л голдуу л байсан шиг эхний ээлжинд бол. Багш дунд сургуульд ганц хоёр оросын мэргэжилтэн багш нар байдаг байсан. Эмч багш, малын эмч одоо бодоход, худалдааны газрын хүн Зөвлөлтийн мэргэжилтэн байсан шиг байгаа юм. Энүүгээр л эхэлсэн. Тэгээд сүүлдээ бол бүх л төрлийн мэргэжилтэн газар сайгүй л бий болсон л доо. Бусад социалист орны мэргэжилтэн гээд лав хүн манай аймагт байгаагүй. Зөвхөн Зөвлөлтийн мэргэжилтнүүд л байсан, бусад социалист орны мэргэжилтнүүд бодвол хотод чиглэл чиглэлээрээ л ажилладаг байсан байлгүй.
Сайнбилэг -
Ер нь та тэр үеийн ЗХУ-ын харилцааны талаар юу гэж боддог вэ?
Арслан -
Үгүй яахав дээ. СССР гээд л зөвлөлтийг чинь бид нар шүтчихсэн, хүн болгон Зөвлөлтөд муу байгаагүй юм шүү. Ер нь ард түмэн СССР-ийн хүчээр манай улс хөгжиж байна, СССР дайнд ялсны ачаар л бид нар чинь Гитлерийн Германы харгислал яргалалд ороогүй, юм гээд ер нь бол Зөвлөлтийн ард түмэнд монголчууд сайн байсан юм. Оросууд чинь сайхан санаатай улсууд шүү дээ гээд л. Оросууд ер нь сайхан санаатай гээд. Манайхан чинь хэдийнээс оросын ард түмэнтэй олон зуун мянган жил хаяа хамар нийлж, байсан болохоор орос хүний чанарыг мэддэг, оросууд ер нь сайхан улсууд хээ шаагүй, Зөвлөлтийн ард түмэнд чинь монголын ард түмэн сайн байсан юм, дээдэлдэг тийм л байсан юм. Тэр дайны үед манайхан чинь одоо фронтод морь их өгч байлаа ш дээ, фронтын морь авах гээд оросууд ирсэн гээд ээж бид 2 бага сургуульд байсан үе. Фронтын морь адуу өгнө гээд. Би бас дүү аав эд нартайгаа нийлээд фронтын морь өгөх гээд сумын төв дээр адуугаа туугаад очдог л байлаа. Дайны үед Зөвлөлтийн ард түмэнд туслах талаар монголын ард түмэн үнэхээрийн халуун сэтгэлтэй байсан. Одоо Зөвлөлтийн ард түмэнд л тусалж дайснаа дарвал хэрэгтэй чухам гээд л юмаа хайрладаггүй байсан. Янз бүрийн алт, мөнгөө хүртэл хүн өгч л байсан гэнэлээ. Тэр үед сонин хэвлэлд нэр нь гардаг л байсан. Алтаа дайны тусламжинд өглөө гээд. Адуу ч яахав..., монгол морь чинь дайнд их үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм. нөгөө европын адуутай адилхан тэжээдэггүй, өөрснөө бэлэн байгалийнхаа хоолыг идчихдэг байсан болохоор монгол морийг их хүндэлдэг байсан юм гэнэлээ. Манай морь чинь жижигхэн мөртлөө хурдан, хатуужил тэсвэртэй. Манайх чинь Европыг бодвол 50° хүртэл хүйтэрдэг, тэрийг даадаг өөрснөө хоолоо олоод идчихдэг, монголын адууг Зөвлөлтийн цэргүүд их ач тустай мал байна хатуужилтай, ингэж хүндэлж ярьдаг байсан юм гэнэлээ шүү.
Сайнбилэг -
Аж үйлдвэржилт яаж явагдаж ирэв?
Арслан -
Олон талын үйлдвэр байгуулсан. Тэр үед би түрүүн сонин дээрээс нэг хүний бичсэнийг хараад тэр үед засаг төр бол зөв зохион байгуулж, үнэхээр олж чаддаг байсан гээд. Жишээ нь: арьс ширний үйлдвэр л гэнэ, ноосны үйлдвэр, савхин эдлэлийн үйлдвэр, эсгий үйлдвэр, гутлын үйлдвэр гээд л. Тэгээд социалист орнууд чинь манайхныг тусалж дэмждэг байсан. Манай тэр үеийн удирдлагууд социалист орнуудтай нэг системтэй, тэр нь манайд их ашигтай байсан. Нэг системийн улсууд социалист монголоо хөгжүүлэхэд тусална гээд социалист орнууд чинь их тусалж байсан юм шүү. Махны үйлдвэр, сүүний үйлдвэр бусад юу юуны ч үйлдвэр билээ, тэр үеийн удирдлагууд нэг оронд очиход л, ухаан нь Цэдэнбал дарга нэг оронд очиход л нэг үйлдвэр байгуулах болчихоод л ирдэг. Тэгж л үйлдвэр их түргэн хөгжсөн юм шүү дээ манайд чинь. Өөрснөө юмаа хийчихдэг. Одоо буудай гурил гээд, гурилаа өөрснөө, атраа хөгжүүлээд. Атрын сангийн аж ахуй (САА) гээд Төв аймгийн энэ рүү чинь их л байлаа шүү дээ. Одоо ингээд Өвөрхангайн замаар явахад чинь Залуучуудын САА, ямар ямар САА билээ дээ, газар хагалаад, тариа тариад, гурилаа өөрснөө хангаад, гадаадад гаргаж байсан юм сүүлдээ. Яахав, хүн ам цөөн одоог бодвол. Гэхдээ одоо бодоход гутал хувцас, бүх юмаараа өөрсдийгөө хангаад л байсан. Эсгий гутлын үйлдвэр гээд эсгий гутал хийгээд л, савхин гутлын үйлдвэр гээд савхин гутал хийгээд л. Хүн ам цөөтэй ер нь тэднийгээ хангаж чадаад л байсан. Манай орны сайхан хөгжсөн нь социалист орнуудын их сайхан сэтгэл, харамгүй тусламж, ихээхэн нэмэр хандив болсон шүү дээ. Нэр хүнд ч өсч л байсан манай, одоо ч өссөөр л байна. Одоо даян дэлхийд нэртэй ийм улс болчихоод байна шүү дээ.
Сайнбилэг -
Та насаараа гадаад хэргийн яаманд ажиллажээ, тэр үед дарга цэргийн ялгаа харилцаа ямар байдаг байсан бэ?
Арслан -
Ер нь тэр үед чинь зарчим хатуу байсан. Тэр хатуу зарчимтай байсны ач тусаар л тэр үеийн сэхээтнүүд зөв хүмүүжилтэй, баяжихыг мэдэхгүй, баяжина гэж тэмцэхгүй, юмтай болбол өө тэр шуналтай нөхөр гэж үзэх жишээний л байсан. Тийм л хүмүүжил олгож байсан. Хатуу байсан. Жишээ нь: албан газрын албан хаагч хүн зангиагүй конторт ордоггүй байлаа ш дээ. Зангиагүй ирвэл загнана, чи яагаад зангиа зүүсэнгүй гэж, энэ бол буруу биш зөв л юм. За жишээлбэл, манай гадаад яамны сайд Дүгэрсүрэн гэж маш хатуу шаардлагатай хүн байсан. Манай гадаад яам бол тэр тусмаа хамгийн зарчимтай, дэглэмтэй аргагүй гадаад харилцаа юм болохоор хувцас хунараасаа эхэлье гээд л. Тийм л нарийн зарчимтай байсан. Ер нь нийтдээ л тийм байсан, тэр бол нэлээд хүмүүст зөв хүмүүжилтэй л болгож байсан, хатуу шаардлагатай, зарчимтай тийм л байсан. Одоо хатуу шаардлага байхгүй болсон. Тийм учраас л дээгүүр албан хаагчдын дотроос ингэж юм идлээ, ингэж болохгүй ажил хийлээ, хээл хахууль энэ тэр чинь одоо шаардлага байхгүй болохоор л ингээд болчихоод байгаа юм л даа. Хатуу шаардлага гэдэг чинь хүнийг хүмүүжүүлдэг, зөв замд оруулдаг, зөв амьдруулдаг, ийм л юм байгаа юм шүү дээ. Хатуу шаардлага байхгүй болчихоор манайх чинь энэ ардчилалын үед чинь албан хаагчид хээл хахууль л гэнэ, энэ чинь дээрээсээ л байхаас ард түмэн чинь ямар юмны хээл хахууль байхав дээ. Энэ чинь мэдэлтэй албан хаагч албан тушаалтан ийм улсууд чинь л хээл хахууль. Эд нар чинь л холбогдоод байгаа юм.
Сайнбилэг -
Ардчилал гараад өмч хувьчлал боллоо, өмч хувьчлалын тухай та анх яаж сонсов?
Арслан -
Өмч хувьчлал гэдгээр чинь далимдуулж зальтай улсууд хөдөөд гэхэд сумын дарга ч юмуу, нэгдэл өөрчлөгдөөд яахад чинь далимдуулж их идсэн улсууд их гарсан шүү бас. Энэ чинь албан хаагч л тэгэхээс ард түмэн ямар юмаа яахав. Одоо энэ үйлдвэрүүдийг чинь байхгүй болгоход чинь далимдуулж авсан, ашигласан улсууд их болсон юм гэнэлээ. Тэгсэн байж л таарна даа. Энэнийг чинь ямар ажилчин хүн малчин хүн ямар юмаараа тэрийг авахав. Энэ дээр жаахан буруу өөрчлөлт хийсэн юм даа. Европын социалист орнууд ерөөсөө манайх шиг ардчилал болонгуут далимдуулж үйлдвэрээ устгаад, САА-г устгаад, ингэж хэрэгтэй юмаа устгаагүй юм билээ л дээ. Хараад байхад. Өчигдөр сонин харж байхад эдийн засгийн хамтын ажиллагааны ...ааа... сайд байсан Самдан тэгэхэд Унгарт сайд байсан. Түүнээс хүн асуусан байналээ л дээ. ...Унгар чинь ардчилалд орох...ааа..социалист орнуудаас түрүүнд шахуу хийсэн улс гэж байналээ шүү. Тэгээд би Унгарын туршлагыг нааш нь бичдэг л байсан. Ийм юм ингэж байна, энэ нь манайд бол хэрэгтэй юм гээд л бичдэг байсан. Тийм байдлаар хийгээгүй шууд хамаагүй, манайхан чинь одоо далимдуулаад ардчилалын нэрээр үйлдвэр эд нарыг чинь тараагаад, ингээд. Хувьчлал бол одоо бидэнд юу ч ирээгүй ш дээ. Юу ирэхэв дээ. Сүүлдээ яахав, байрыг хувьчиллаа ингээд л. Тийм. Одоо бид нар энэ байрнаас өөр юмгүй. Өмч хувьчлалын 2 бичиг өгсөн. Тэрүүгээр нь аваад бид нар борлуулж чадаа ч үгүй. Хувьчлалын авдаг газар аваачаад худалдсан. Тэгээд л тэр. өөр юм байхгүй. Бид нарт туссан юм ер нь байхгүй шүү.
Сайнбилэг -
Ямар арга замаар зарим нь бусдаасаа илүү өмч өмчилчихөв?
Арслан -
Өө, яахав, үйлдвэр эд нарыг зарим авхаалжтай зальтай нь үйлдвэрийг чинь ах дүү нартаа аваад, өөртөө аваад, эрх мэдэлтэй албан хаагч нар л тэгнэ шүү дээ. Тэгж л баяжаадахсан улсууд байгаа ш дээ. Тэгээд мань мэтийн албан хаагч ийм улсууд бол ямар юмаа яахав дээ. Бүүр ядуураад байгаа чинь хөөрхий. .. бид албан хаагч чинь яахав, тэтгэвэрийн юугаараа л амьдарч байгаа юм. Тэр хэтэрхий далимдуулж ашигласан улсууд их бий.
Сайнбилэг -
Тэд яг яаж далимдуулж юу хийчихэв?
Арслан -
Үгүй яахав дээ, үйлдвэрийг чинь хувьчиллаа гэхээр зэрэг л тэр үйлдвэрийн дарга байсан хүн нь ч юм уу, тэд нарын танилууд нь тэдний мэдлийн юм болохоор авдгийг нь аваад л, хуваагаад л, ингээд л буруу зам руу оруулсан байхгүй юу. Тэгээд баяждаг нь баяжаад одоо. Тэр сонин дээр бичсэн л байналээ. Тэрбумтангууд их олон болсон юм байна ш дээ, одоо. Тийм маягаар л тэгээд ард түмэн ядуурч, хохирсон улс байгаа юм. Үйлдвэрийн хэдэн зуун мянган ажилчин байсан чинь үйлдвэр хувьчлахаар тэд нар чинь ажилгүй, болоод ажилгүйдэл чинь тэрнээс л үүссэн юм шүү дээ. Энэ үйлдвэрүүд байсан бол. Арай ч устаагүй үйлдвэр чинь хивсний үйлдвэр байна. Савхин эдлэлийн үйлдвэр, нэхий дээлийн үйлдвэр байгаа юм шиг байна. Тэгээд бусад үйлдвэрүүд....хувьчилж аваад ....(хамрын тамхиа татав).
Сайнбилэг -
Ардчилал танд юу авчирсан гэж боддог вэ?
Арслан -
Үгүй яахав, ардчилал бол зайлшгүй гарах ёстой юм чинь, ганц ямар манайхан сүрхийдээ, хэдэн залуу хийчихсэн юм биш, даян дэлхийгээрээ ардчилалд орж байсан юм чинь. Тэрийг дагаад ардчилалд орсон. Энэ бол зөв л дөө. Хүний нийгмийг хараад байхад, нэг нийгэм хэдэн зуун мянган жилээрээ байгаад байдаггүй юм байна л даа. Нэг нийгэм гараад л, өөрчлөгдөөд л. Дахиад өөрчлөгдөөд, феодалын нийгэм гэнэ, хөрөнгөтний нийгэм гэнэ, социалист нийгэм гэнэ, капиталист нийгэм гэнэ. Одоо зах зээлийн нийгэм гээд энэ бол буруу биш, зөв л дөө. Буруу хийчихсэн.. Бидэнд бол яахав, эрх чөлөө л гэж байна. Тэр үед чинь нэг албан газрын дарга хатуухан шүүмжилчих юм бол тэгээд л авахуулна шүү дээ. Одоо бол хэлэх чөлөөтэй, хэвлэх эрх чөлөө хамаагүй чөлөөтэй болсон. Бас энэнийг чинь далимдуулаад эрх чөлөөгөө буруугаар юу яаж байгаа улсууд байна шүү дээ. Хэвлэл мэдээллээр гэхэд албан газрынхаа ч юм уу, нөхдийгөө гүтгээд л. Шар хэвлэл гээд л гарлаа. Бие биенийгээ муу хэлэх, муучлах л ийм юм хэтрээд байна л даа. Одоо бол.... Монгол бол хөгжиж байнаа. Хэзээ ийм их машинтай байлаа, машин бол гудамжиндаа багтахгүй. Одоо хөдөөний малчин чинь хөөрхий яахав, ноолуураа зараад, ерөнхийдөө амьдрал хамаагүй сайжирсан. Би жилд 2 ч юм уу, 3 ч юмуу зундаа Өвөрхангайгаар явдаг. Суман дээр очдог. Манай урд талын сумдаар мотоциклгүй айл байхгүй. Өвөрхангайгаас урагш чинь нил тал. Айл болгон мотоциклтай, машинтай айлууд зөндөө болж байна. Баяжиж байна, гэтэл ядуураад байна ингээд байгаа юм. Ядуураагүй байгаа юм чинь, хэзээ ийм машинтай байлаа. Хэзээ өөрснөө ийм орон сууц барьж байлаа. Улс хэзээ ийм сайхан барилга барьж байлаа. Энэ чинь л ардчилалын хүч шүү дээ.
Сайнбилэг -
Та түрүүн ярьж байсан, дээр үед айлууд бамбай дээр унтдаг гэж байсан, бамбай гэж юу вэ ?
Арслан -
Одоо бамбай гэдэг чинь, энэ ширээ шиг ийм ширмэл дэвсгэр байхгүй юу. Бамбай гэдэг бамбай нэртэй, айл чинь 2, 3 давхарлаад тэрэн дээрээ л хэвтдэг. Ширдэг. Одоогийн энэ хивс л гэсэн үг шүү дээ. өө ширмэл ширдэг чинь ёстой бөх, хонины жинхэнэ цэвэр ноосоор хийгээд өөрснөө сайхан ширээд, манай монголчууд чинь уран ухаантай улс. Гоё ширнэ шүү дээ.ширдэгтэй, тэгээд тэрэн дээрээ бамбайгаа дэвсчихээд тэгээд л тэрэн дээрээ. Бид нар хүүхдүүд бол ширдгэн дээрээ дээлээ нөмөрчихөөд л, унтдаг байсан шүү дээ, тэр үед.
Сайнбилэг -
: Анх радио телевиз гээд гарлаа ш дээ. Та түрүүн анх вагон үзлээ гээд, анх хэзээ онгоц үзсэн бэ?
Арслан -
Онгоцыг чинь хотод ирж байж л үзсэн.
Сайнбилэг -
Ямар сэтгэгдэл төрж байв?
Арслан -
Нисэх онгоц л гээд яриад байдаг. Аймагт бол үзээгүй, Өвөрхангайд гучин хэдэн онд л онгоц бууж байсан юм гэнэлээ. Би тэрийг яаж мэдэхэв дээ. Бид нарыг бага байхад машин хөдөө очно. Машин дагаж гүйгээд л, нөгөө кинон дээр гардаг ш дээ, тэрэн шиг л. Чухам машин ирлээ гээд гүйгээд, адуу мал хүртэл машинаас үргээд. Энэ машины тоос бензиний үнэрээр чинь тэгээд, машинаас үргээд адуу алга болчихлоо гээд эрэл болдог, тийм л байсан. Мал хүртэл нөгөө машиныг чинь үзээгүй юм чинь, тэгж л бид нар машиныг анх үзсэн. Онгоцыг бол анх хотод ирээд л онгоцыг харсан юм байгаа юм. Өө, чухам гоё. Бид нар чинь онгоц явж байна гээд л харна. Тийм л байсан юм байгаа юм.
Сайнбилэг -
Хэзээ анх онгоцонд сууж байв ? Яг яаж байсан бэ?
Арслан -
Өө, нэг ногоон онгоцонд л анх....хотод ирэхээсээ өмнө, багшийн дээдэд ирэхээсээ өмнө онгоцонд сууж үзээгүй, ногоон онгоцонд л сууж анх Өвөрхангай орж байсан юм. Тэгээд дараа нь цагаан онгоц ирсэн юм. Дараа нь ТУ-д (оросын ТУ онгоц) сууж Европын орноор яваад ингээд бодоход их л юм үзсэн шиг санагдаж байна. Гадаадыг Европыг үзнэ гэж боддоггүй л байлаа. Сонин юм шиг санагддаг байсан. Тиймэрхүү л янзтайгаар онгоц гэдгийг чинь харж үзлээ л дээ.
Сайнбилэг -
Телевиз анх хэзээ бий болсон юм бэ?
Арслан -
Телевиз чинь анх 67 онд ЗХУ байгуулж өгөөд тэгэхэд би 28-р сургуульд жил багшлаадахсан юмаа. Тэгэхэд л телевиз анх нээгдээд л. Өндөр антенныг чинь ЗХУ барьж өгөөд л, телевиз чинь 67 онд бий болсон юм шүү дээ. Хөдөө бол араажав гэж ярьдаг байсан даа. Суманд бол байгаагүй, намайг сумын сургуульд байхад аймгийн төв дээр өвгөнийд сууж байхад л аймгийн төвийнхөн радио яачихсан, хөдөө бол очоогүй л байсан. Айлд нэг эгшигт хайрцаг гэж юм гарсан юм гэнээ. Бяхтруул, бяхтруул үзнэ гээд тэднийх бяхтруултай юм гэнэ гээд улсууд очиж үзээд л, тэр чинь 40-өөд онд. Бяхтруул гэж анх тэгж гарч байсан юм. Зурагтаар хааяа нэг гардаг юм. Тэрийг л их сонирхдог байсийм.
Сайнбилэг -
Таныг хүүхэд байхад монголчууд нас барагсдаа яаж оршуулдаг байсан бэ ?
Арслан -
Би чинь ер нь ...... 20 гартлаа хүн оршуулахыг үзээгүй юм. бага байхад л тэр өвгөн, тэр хөгшин өөд болчихсон....залуу хүн ер нь үхдэггүй байсан байхаа бодоход. Тийм хүн өөд болчихсон гээд хөдөө нутаглуулдаг, аваачиж ил тавьдаг. Дор нь тохмын хэрээний эсгий, тэгээд тэрэн дээрээ л оршуулдаг байсан юм гэнэлээ. Яг дэргэд нь үзэж хараагүй, за тэр хөгшин нас барсан. Тэнд нутаглуулсан, хонь хариулж яваад тэрнээс айваа, айх юм байдаггүй юм шүү гээд л. Ил тавьдаг байсан юм. Ер нь монголчууд чинь дээр үеэс л ил тавьдаг байсан юм гэнэлээ.
Сайнбилэг -
Танд 20-р зууны монголчуудын тухай дутуу хэлчихсэн, хэлэх юмсан гэсэн зүйл байна уу ?
Арслан -
Ер нь Монгол чинь Манж Чин улсын дарлалд 200-аад жил боллоо ш дээ. Тэгээд 1911 онд Манжаас тусгаарлаж, Богд хаант Монгол улс байгуулагдаж, тэгэхэд Монгол 650 мянган хүнтэй байсан юм гэнэлээ. Тэгэхэд дэлхий Монгол, Манж улс шиг сөнөлөө гэж байсан гэнэлээ. Монгол бол хөгжих түүхтэй улс юм байна. Энэ юунаас хэлж байна гэхээр одоо эрдэмтэн мэргэдийн яриа, эзэн богд Чингисийн Монгол гэдэг чинь тэнгэрээс заяатай тэнгэрээс гаралтай гэж ярьдаг ш дээ. Тэнгэрээс гаралтай тэнгэрээс заяатай улсаа, тэнгэрээ шүтэж явахад Монгол хэзээ ч буурахгүй, хэзээ ч сөнөхгүй, хөгжиж, мандаж, ингэх ёстой улс юм байна. Эзэн Богд Чингис ингэж л үзэж л байсан байна. Монгол гэдэг чинь үнэхээр агуу юм. Мянган жилийн гаралтай хүн хэдэн зуун мянган хүнийг чинь тодруулсан тэгээд л нөгөө компьютерт оруулаад гаргаад ирсэн чинь мянган жилийн гарамгай хүн манай Чингис гараад ирсэн юм гэнэлээ. Чингисийн Монгол гээд даян дэлхий шүтэж байна. 800-н жилийн ой тэмдгэлсэн чинь нөгөө НҮБ-ээс тийм тогтоол гарсан шүү дээ. Даян дэлхийн улс түмэнд уриалсан, Чингисийн Монголын 800 жилийг тэмдэглэхийг уриалсан уриалга НҮБ гаргаж байсан юм. Дэлхийн хэмжээний улс болчихсон одоо. Монголыг үзнэ гээд одоо, яахав дээ, манайх чинь байгаль нь онгоноороо манайх шиг байгаль нь ихэнх хувь нь онгон тийм улс байдаггүй юм байна л даа. Ихэнх нь газар тариалан хөгжөөд үйлдвэр ингээд л, бага нутагтай. Монгол улсын чинь нутаг Европын 6 оронтой тэнцдэг юм ш дээ. Сая хүрэхгүй хүнтэй, сая хавтгай дөрвөлжин км, нэг хүнд 1 км газар ноогдож байлаа ш дээ. Нөгөө сая хүнтэй байхад чинь, ер нь хөгжих тийм л хувь тавилантай, улс юм гэнэлээ. Тэгээд цаашаа улам л хөгжинө дөө. Даян дэлхийн хүн төрөлхтөн Чингисийн Монгол гээд л шүтэж байна. Дэлхийн анхаарлыг татаж байна. Ийм л хувь заяатай улс юм гэнэлээ. Энэнийг хэлье л гэж бодсон юм.
Сайнбилэг -
Таны бодлоор монгол улсын маань байгаль яаж хувьсан өөрчлөгдөж байгаа харагддаг вэ ?
Арслан -
Өө тэр чинь. Монгол чинь, эцэг тэнгэр эх дэлхийгээ хүндэлдэг шүтдэг. Тэр талаар бол манайхан ховорхон улс даа. Байгалиа шүтэх талаар бол. Намайг биднийг бага байхад газар ухна гэж байхгүй, тэр чулуу хад хөдөлгөж болохгүй шүү чухам, ус руу цагаан идээ янз бүрийн юм хийж болохгүй шүү, тэгж л байгалиа хайрладаг, хүндэлдэг. Миний мэдэж байгаагаар ганцхан шонгийн модны газар л ухдаг. Өөр талаар газар хамаагүй ухдаггүй. Лус савдаг болохгүй шүү. Байгалиа шүтдэг юм шүү, хамгаалдаг юм шүү. Бидэнд эцэг эхчүүд хэлдэг л байсан. Битгий гал руу хамаагүй юм хийгээрэй, элдэв малын үс ноос хийж болдоггүй юм, цэвэр сайхан байлгадаг юм шүү. Дандаа байгалиа хайрлана. Тэр ургамлыг чинь хамаагүй түүж, яаж болдоггүй юм. Дандаа тэгж сургадаг. Байгалиа хайрлахын талаар бол үнэхээр гайхамшигтай. Одоо манайх чинь аймгийн урд талын сум болохоор тийм, том том гол байхгүй. Онгийн гол бол алдартай. Хангайн нуруунаас эх авсан. Манай сумын тал нь байгаа юм. Нөгөө сумын баруун талд жижигхээн гол горхиуд байсан юм. Гол горхи, булаг, шанд. Тэр гол горхи урсаж байхад гялалзсан шар юмнууд хөвөөд байдаг байсийм. Одоо энэ алт юм байна л даа. Эцэг эхүүд тэрийг алт гэдгийг ч мэдэхгүй. Гялалзсан юм. Тэрийг хараад сонирхдог тийм л байсан юм.
Сайнбилэг -
Байгаль орчин таны бодлоор яаж хувирч өөрчлөгдөж байна, таны бодлоор ?
Арслан -
Бид нар чинь бага сургуульд байхад 5 сарын 1-нд тардаг байсан юм. Майн нэгэн мандтугай, манай сургууль тарах болтугай гээд л. Тэгээд л 5 сарын нэгэнд сургууль тарахад ногоо ногоорчихсон байдаг байсан юм. Тэр чинь одоо байгаль их өөрчлөгдөж дээ.. хэдхэн жилийн хооронд. 5 сарын 1-нд зун болчихдог байсан чинь. Одоо ерөөсөө 6 сар хүргэж байж нэг зун болж байна ш дээ. Байгаль үнэхээр амархан өөрчлөгдсөн. Бороо орно гэдэг 3, 4 хоногоор дуу цахилгаангүй, ингээд л шиврээд ордог байсан. Бороо зүсэрчихсэн гээд л. Настай улсууд нэхий дээл эргүүлээд өмсчихсөн, зүсэрсэн борооноор хонь уруудуулчихсан, адуугаа харж, явна. Ингээд. Тэгж бороо ордог байсан юм. Одоо бол тиймгүй болж. Тэнгэр нэг тас няс гээд л, тэнгэр дуугараад ширүүн бороо ороод ороод, үнэхээр байгаль гэдэг чинь хэдхэн жилийн дотор ийм өөр болчихжээ. Манай суманд Дагалтайн дэрс гэж алдартай одоо 70-80-н км үргэлжилсэн, тэр Онгийн голын дагуу тийм дэрс байдаг юм. Монголд алдартай. Тэр дэрс намайг бага сургуульд байхад үхэр адуу үзэгддэггүй байсан юм. Одоо тэр байхгүй болоод, хонь ямаа л нэг үзэгдэхийн төдий болж байна. Тийм их өөрчлөгдсөн байна. Энэ бол байгаль өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна. Бас манай тэнд тэмээ үзэгддэггүй гээд л дэрс байсан. Тэрийг би үнэндээ үзээгүй л дээ. Ингэж л өөрчлөгдсөн юм даа. Тэр дэрс бол үнэхээр гайхамшигтай байсан. Одоо байхгүй болсон. Энэ бол хүний ч буруу биш, байгаль цаанаасаа л ингэж өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна л даа. Тэгээд одоо энэ чинь байгалиа хамгаалъя гээд хүн төрөлхтөн чинь одоо эвсээд найрамдаад, байгаль дэлхийгээ яахав гээд л, Азийн орнууд байгаль дэлхийгээ хамгаалах гээд л сая нэг хурал болоод л манай ерөнхийлөгч оролцоод байж байна. Байгалийн энэ аюулыг яаж багасгах вэ, яах вэ энэ талаар л шинжлэх ухааны үндэстэй бодлого явуулаад байна л даа. Ийм л байна хүүхээ.
Сайнбилэг -
Маш сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа.
Арслан -
Яахав дээ, нарийн ширийн юмыг заримыг нь мартчихаж.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.