Gölgöö
![](../assets/images/interviewees/990006.jpg)
Basic information
Interviewee ID: 990006
Name: Gölgöö
Parent's name: Mishig
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Ööld
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Hotont sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
repressions
childhood
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
secondary school
lama's uprising
belief
collectivization
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Сайн байна уу?
Гөлөгөө -
Сайн. Дүү хүү тарган, тавтай сайхан хаваржиж байна уу?
Сайнбилэг -
Та бидэнд амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу? Та хэдэн онд төрсөн бэ, хаана төрсөн бэ?
Гөлөгөө -
За. Би Монголын талын малчин хүү. 1926 онд, Дээр үеийн Сайн Ноён Ханы, Сүжигт бээсийн хошууны, Бурагтайн гол гэдэг газар төрсөн хүн. Одоогийнхоор бол Архангай аймгийн Хотонт сумын Бурагтайн гол гэдэг газар төрсөн. Миний төрсөн газар бол Уйгарын Хар балгас гэж Монголын түүхийн их уламжлалтай, ийм сайхан нутагт 1926 онд малчин хүү болон төрсөн юм даа. За ингээд, би одоо багаасаа Хотонт сумынхаа сургуульд 10 настайгаасаа анхны сурагч болж орсон. Манай Хотонтын сургууль бол 11 жилийн сургууль байгаа юмаа. За ингээд би Хотонтынхоо сургуульд 1 жил болчихоод, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 7 жилийн сургуульд суралцаж төгссөн. За ингээд 7 жилийн сургуулиа төгсөөд, 1946 онд багшийн сургуульд орж суралцаад, төгсөөд, энэ УБ хотын 1-р сургуульд, одоо манай хажууд байна, байгаль дэлхийн багшаар багшилж байсан юм даа. За ингээд би дараа нь Монгол улсын анхны их сургууль, хуучнаар бол маршал Чойбалсангийн нэрэмжит улсын их сургуульд түүх нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцсан даа. За ингээд би 1953 онд түүхийн шинжлэх ухааны, түүх нийгмийн ухааны дээд мэргэжлээр төгссөн. 1953 онд Архангай аймгийн гүйцэтгэх захиргааны, гэгээрлийн хэлтсийн даргаар гараад, дандаа төрийн захиргааны ажил хийгээд. Би 30 гаруй жилийн төрийн түшээ хүн байгаа юм. Би 18 жилийн аймгийн даргыг бол би хуучнаар Сайн Ноён Ханы одоо, Өвөрхөнгай аймгийн даргаар, дараа нь Булган аймгийн даргаар 18 жил энэ аймгийн дарга хийж нийтдээ 30 гаруй жилийн төрийн түшээ ахмад зүтгэлтэн хүн дээ, би. За ингээд би гавьяаныхаа амралтанд сууж байна. Жаахнаасаа эхлээд би ер нь зүгээр сууж чаддаггүй хүн болохоороо тэтгэвэрт гарсан боловч эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж, эх орон ард түмнээ үргэлж хайрлаж явдаг хүн дээ, би. За одоо би, төрийн бус байгууллагын, 1-рт аймаг хотуудын дарга байсан ахмадуудын холбоонд тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа юм. Дарга нь бол байгаль хамгаалах, экологи, сургалтын төв, нийслэл хотынхоо Хандгайтын ам тэнд хийгээд 20-иод жил, хүүхдүүддээ байгалийнхаа тухай ялангуяа 10, 20-иод шахам модон ургамлын тухай хичээл зааж байна даа. Хөдөөгийн хүүхдийг, зуслангийнхаа хүүхдийг. За ингээд миний гол юм хүүхэддээ эх орныхоо байгалийг хамгаалах талаар бодож, зүтгэж ажиллаж байгаа. Уг нь багш хүн, төрийн ажилдаа 30 гаруй жил зүтгэчихээд одоо 40, 50 жил эх орондоо сэтгэлээ тавьж ажиллаж байгаа ийм л өвгөн байна даа. За ингээд надтай ярилцаж байгаа дүүд баяртай байна. Өөрийн чинь тавьсан асуултад дуртайяа хариулъя, гэж бодож байна.
Сайнбилэг -
Та бага насаа дурсан ярьж өгөхгүй юу?
Гөлөгөө -
Тэгэхэд би 7-н жилийн сургууль гэж байсан юм. Тэгэхэд би өөрийнхөө Хотонт суманд гэрэл, Хотонт сумынхаа сургуулийн 1-р ангид бага сургуульд ороод, тэрнээсээ Архангай аймгийн төвд очиж 4-р анги төгсөж бага сургуулийг 4-р ангидаа. Дунд сургууль 7-р ангитай байсан юм. Тэрийгээ төгсөөд, тэгээд багшийн сургуульдаа ирж суралцаж байсан. Би тэгэхээр бага, дунд, багшийн сургууль, их сургууль төгссөн, анхны оюутан, ахмад оюутан даа. Улсынхаа их сургуулийн 8 дахь төгсөлтийг би төгсөж тэгээд Архангайн гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж явж, за, тэрнээс хойш эх орон ард түмэн гэдэг сэтгэлээс ердөө гардаггүй, үргэлж. 2 сая гаран одоо нэг 500-гаад мянга Монгол ястан, үндэстнийхээ төлөө үргэлж хайрладаг, сая 500 мянган квадрат нутгаа хэнд ч өгөхгүй ээ гэж үргэлж хайрлаж, ялангуяа тусгаар тогтнолын төлөө би маш их боддог хүн дээ,Тийм л байна. Тэгээд би өөрт чинь ярихад манай энэ хойд талын энэ бол Хошой Чин ван Ханддорж гэдэг өргөө байгаа юм. Энэ өргөө бол 1911 онд анхны Монгол улс туг тусгаар тогтносон улсыг Богд хаант Монгол улсыг байгуулсан, тэр үндэсний ардчилсан хувьсгалыг зохион байгуулсан хүн бол чин ван Ханддорж байгаа юм. Өнөөдөр бол Монголын ард түмэнд, Монгол иргэнд, Монгол ястан үндэстэнд, Монгол орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаас илүү, онц чухал, үүрэг бол байхгүй ээ. Тийм учраас хойч үедээ сургамж, энэ хошой чин ван Ханддорж гуайнхаа өргөөнд түүхийн булан байгуулж, бэлдэж байна даа. За ингээд баяраар өөрийн төрсөн нутаг Булган аймгийн 70 жилийн ойгоор энэ түүхийн булангаа нээж олон түмэндээ сонирхуулна. Ингэж бодоод сууж байна, өвгөн ах чинь.
Сайнбилэг -
Бага сургуулийн амьдрал яаж өрнөдөг байсан бэ?
Гөлөгөө -
Би эхлээд ерөөсөө, Архангайд 3-н гэртэй нэг гэрт нь бид нар 10-аад хүүхэд 5 ханатай том гэрт байршдаг. Нэг бага шиг гэрт нь эмэгтэйчүүд байрладаг. 3 дахь гэрт нь гал тогоотой. Архангайд эхлээд гэрт бид нар хичээл эхэлж байсан даа, манай багш гэж, их том монгол гуталтай, монгол сайхан дээлтэй ийм багш хичээл заадаг. Бид ингээд тэндээ 6-7 сар анхныхаа 1-р ангийн хичээлийг хийж байгаад сүүлд нь болиод Архангай аймгийн Цэцэрлэг хотын бага сургуульд суралцсан. Малчны хүү учраас Архангайд дотуур байранд суудаг байлаа. Багш нар нь надад их хайртай. Би тэр багш нарт эмэгтэй багш нь эх шиг .... ингэж одоо хайрладаг байсан. Нэг сонин ярихад би малчны хүүхэд учраас нөгөө ногоо идэж чаддаггүй байнаа. Тэгээд одоо 7 хоногт 4 дэх өдөр ногооныхоо хоол өгдөг байсан. Би тэгэхээр ногоо идэж чадахгүй болохоороо ногоотой хоолоо өөрийнхөө ангийн хүүхдэд өгчихөөд,өөрөө тэр өдөр бараг хоосон шахуу, энд тэндээс 20,30,40-н мөнгө олоод, гуанзанд орж хоол олж иддэг, ийм л байсан даа. Тэгээд сүүлдээ би сургуулиа төгсөөд, багшийн сургуульд ирээд ногоонд орсон. Одоо бол ёстой Рэцэн багшийн хэлдэг шиг ногоог мал шиг иддэг болчихсон ийм л байна даа. Хуучин малчны хүү байсан учраас уг нь махаа идээд, сүүлээ хөхөж, сүүгээ ууж, сүүлээ хөхөж одоо ногоог мал шиг идэж байна даа /инээв/. Ер нь тэгээд ногоо болбол сүүлийн үед шинжлэх ухааны эрдэмтэд нас уртасгах, хүний урт удаан наслах, хүний биеийг сайхан, эрүүл энх байлгахад, одоо...., ногоо ялангуяа, өөрийн тарьсан, өссөн нутгийн хөрсөнд ургасан ногоо болбол маш их чухал юмаа. Тийм учраас ногоог болбол гадны Хятадаас, энд тэндээс ирсэн ногоог иддэггүй, том ч бай, жижиг ч бай, өөрийнхөө тарьсан төмс ногоог сонгинотойгоо иддэг. Тийм учраас ер нь цаашдаа залуу хойч үедээ сургамж болгоход өөрийнхөө төрсөн өссөн, Монголынхоо хөрсөнд ургасан ногоог идэхэд нэг ёсондоо эм болж хувирч байгаа юмаа. Төрсөн өссөн нутгийн агаар, төрсөн өссөн нутгийн ургамал, ногоо, төрсөн өссөн нутгийн малын сүү гэдэг, чинь эрүүл энх, урт удаан наслахын гол үндэс нь байгаа юм шүү. Би Жишээ нь; сонирхуулж ярихад, би гадаадад явж ажиллаж байсан. Би заримдаа цонхийсон ядруу болдог. Чехэд элчинд ажиллаж байсан. Тэгээд одоо ахынд (ЗХУ) ч бас юу яаж байлаа. Тэгэхэд ирээд ерөөсөө баян Бургатай гэж ярьдаг юм. Хархориноос хойхно 20-иод км, Уйгарын Хар балгасны тэнд өсөж төрсөн хүн. Тэнд хоноход л хацар дээр улаа бутраад, бие сайхан болоод нойр сайхантай. Би тэр Бургатайн голд өөрийнхөө гэрт усанд орж байгаа юм шиг, жаахнаас тоглож өссөн голдоо усанд ороод хэвтээд ирэхэд 7 хоноод хацар дээр улаа бутраад, бие сайхан болоод эрүүлждэг. Улам л тэнхээ ордог байлаа даа. Одоо би 80 гараад наслаад явж байна. Энэ бол жил бүр төрсөн өссөн газраа очиж, төрсөн агаараараа амьсгалж, төрсөн өссөн газрынхаа малын сүүг идэж байна гэдэг чинь нэг ёсондоо эмчилгээ юм даа, энэнийг манай хойч үе залуучууд, төрсөн өссөн нутгийн эх орныхоо энэ их сайхан үнэт баялаг, үнэтэй зүйлийг өөрснөө хэрэглэж байх нь чухал юм даа гэж өвгөн ах чинь бодож байдаг юм.
Сайнбилэг -
Таны бага сургуульд байхад ямар байсан бэ? Зарим хүмүүс хүүхдээ сургуульд өгөхгүй гэж нуудаг байсан гэнэлээ?
Гөлөгөө -
Тэр үед бол хүүхдээ авч үлдэж малаа харуулах гэж, манай малчид манай Бурагтайд хүртэл, тийм юм байсан. Гэтэл миний аав бол талын малчин, алсын ухаантай нэлээн сэргэлэндүү болохоор зэрэг хүүгээ хэдэн малтай хөөцөлдүүлэхгүй, хүүгийнхээ эрдэм ном сурахад би зүтгэнээ гэж, зарим ах дүү нар Мишиг гуай та Гөлгөөг одоо юухэвээ, 2 азарга гаруй адуутай, 200-гаад шахам хоньтой, дунд зэргийн хөрөнгөтэй малчны хүү байгаа юм. Тэгээд, манай ах дүү нар ерөөсөө та хүүгээ хэдэн малаа маллуулж хонь хий гэсэн, миний аав би хүүгийнхээ толгойд өмчийг нь хийж өгнөө, миний хүү юм сурах сэргэлэн хүү гэж, намайг 10 настай байхад Архангай руу 150 гаруй км, газар луу сургуульд явуулсан. Тэгэхээр манай голын малчид гэдэг бол маш их ухаалаг, ганцхан малаа маллахад хүч хүрэхгүй учраас л тэгж үр хүүхдээ дэргэдээ авч хонь болгоё доо гэж байснаас биш манай талын малчид эрдэм номтой болгохын төлөө цөм л их хүсдэг боддог байсан даа. Ийм л юм.
Сайнбилэг -
Таны бага насны үед улс орон ямар оннцлогтой цаг үе байв? Хэлмэгдүүлэлт болж байсан үе үү?
Гөлөгөө -
За энэ бол, би өөрөө түүхийн багш хүн, хичээл ч зааж байсан. өөрөө ч түүхийнхээ судалгааг бол нэлээн уншиж байсан. Энэ хэлмэгдүүлэлт 38, 39 онд ....маршал Чойбалсан жигтэйхэн амьтан хүн хядаж байсан, энэ тэр гээд л лам нарыг бол ерөөсөө хэлмэгдүүлж байлаа гэсэн юм ярьж, байгаа юм. Энэ явдлууд бол болсон юмаа. Хамгийн гол нь юу гэхээр энд болбол төр нийгмийн тэмцэл байсан юм шүү. Юу гэхээр нэг нь ядуучууд ноёдын эсрэг ядуучуудын засаг байгуулна, Оросын холбооны улсыг түшиж, тэр үед ЗХУ гэж байсан, тэр хойд гүрнийг дээр үеэс түшсэн юм шүү. 1908., 9 онд Чин ван Ханддорж эхэлж Оросын 2-р Николай хаантай уулзаж Монголын ард түмнийг Оросын ард түмэнтэй гар бариулж, өгсөн юм байгаа юм. Тийм түүхтэй. Гэтэл нэг хэсэг бол Манж Японтой л яаж, хуучин засаг дарлагч ангийн засаг гэж дээр үед ярьж байсныг хэвээр нь байлгах гэж тэмцсэн. Ер нь засаг төрийн хоорондох тэмцэл явсан байгаа юм шүү. Нэг нь Японыг түшнэ, нөгөө нь бол Шамбалын дайн хийе гээд л. Ингээд манай Архангай аймгийн Тариат суманд гарсан , 22 оны лам нарын эсэргүү бослого гэдэг чинь маш их айхтар юм болоод ардын засгийнхныг амьдаар нь зүрхийг нь сугалж тугаа хүртэл тахиж байсан. Ийм эмгэнэлт байдал гарсан юм шүү. Энэ бол ерөөсөө төр нийгмийн тэмцэл явж, нэг хэсэг нь ядуу, нөгөө хэсэг нь баячууд лам нар нийлээд тэгээд, хоорондоо тэмцээд тэрнээс болж хэлмэгдлийн анхны эх үүсвэр гарч байсан юм шүү. Сүүлдээ далимдуулж нэлээн хэтрүүлсэн явдал ч байсан даа. За тэрийг бол нэг их сайн тодорхой ярьж чадахгүй байна. Тэр үед би жаахан сурагч...багш байсан. Ийм л байгаа юм.
Сайнбилэг -
Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүн бий юу?
Гөлөгөө -
Заа, манай аав бол малчин хүн, манай ах дүү нар бага зэргийн лам нар л байсан. Тийм том тушаалын гэгээн хувилгаан, тэр....хийдийг толгойлж байсан лам байгаагүй ээ. Сүүлдээ бол манайхан бол шарын шашинд хэлмэгдсэн юм байхгүй. Шарын шашны лам нар одоо хэлмэгдүүлсэн гэдэг шүү дээ. Харин залуу ах эд нар хөдөө гараад л, гэр бүлтэй болоод яваад өгсөн. Харин манай Дашчойлон хийд гэж байсан. Хотонт сумын тэр хийдийн цорж лам, том толгой лам нар, том том ламыг бүгдийг барьж аваад явсан, тэр үед. Тэгж манай аав эд нар ярьдаг байгаа юм. Би тэр үед 7 настай байсан. Би мэдэх л юм. Манай хүрээг хаагаад л, хүүхдүүд нь хөдөөнөө гараад л, сургууль соёл гээд, ийм л юм.
Сайнбилэг -
Лам нарыг хэр барьж авч явав? Ардууд энэ тухай юу гэж ярилцаж байв?
Гөлөгөө -
Тэр лам нарын хувьд тэр чинь Тариатынх гээд Рашаантынх, Хөвсгөлийн хойд талаар тэнд бол ерөөсөө Шамбалын дайн хийнэ. Энэ ардын засгийг устгана. 22 он шүү дээ. Тэгэхэд чинь 21 онд хувьсгалт засаг явж байдаг. Мөн үү. 22 он гэдэг чинь манайхаар 32 он шүү дээ. Европ тооллоороо. 32 оны эсэргүү бослого явж байгаа ш дээ. Ерөөсөө л лам нар ардын засгийг устгаад л, хөрөнгөтний засгаа байгуулах л гэж тэмцсэн юм байгаа юм. Тэгээд ардын засаг нэгэнт үүсчихсэн, засаг төр байж байдаг. Тэгээд эд нартай чинь тэрэн дээр чинь... яагаад энэ ардын засаг, монгол ардын хувьсгалт нам яагаад тэгээд тэр лам нарыг ингэж хүрээ хийдийг нь хааваа, гэдэг чинь хамгийн гол нь лам нар хүрээ хийдийнхэн энэ ардын засгийг л устгах гэж төр засгийн тэмцэл хоорондоо явж, ингэж хэлмэгдүүлж эхэлсэн юм байгаа юм шүү. Тэрнээс биш өөр, тэр лам нарт дургүй болоод , тэр.... лам нарын өөрийн буруу байсан юмаа гэж би боддог юм. Тэрнээс биш зүгээр л ядуучуудаа хайрлаад явж байсан бол өөр юм байгаа юм. Тэгэхгүйгээр тэр үеийн сургуулийн багш эд нар, улсуудыг чинь барьж аваад, тэр Тариатын чинь 22 оны эсэргүү европ тооллоор 32 оны эсэргүү чинь маш их муухай юм болж байгаа юм ш дээ. Ерөөсөө сургууль эд нарыг чинь хаагаад л, шатаагаад л, дэлгүүрийг чинь... өнөө лам нар босоод л, ингээд байсан. Тэгээд хамгийн сүүлд нь цэргийн анги очоод дарсан юм байгаа ш дээ. 22 оны эсэргүүг.
Сайнбилэг -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлмэгдүүлэлтийг юу гэж тайлбарладаг байсан бол?
Гөлөгөө -
Тэр үед ерөөсөө Шамбалын дайн хийж, ардын засгийг устгах нь ээ. Ийм учраас хойноос хүртэл ЗХУ чинь бий болчихсон, ер нь шашнаа нэлээн одоо ..... номхотгож, ер нь энэ шашныг ингэж дэвэргэж, даваргаж болохгүй шүү, энэ бол Монгол улсыг устгах нэгэн том арга болж байна шүү, гэж хойноос хүртэл тэр комминтерний төлөөлөгч эд нар баахан юм хэлжээ. Манайхан хүртэл ерөөсөө. Амьдаараа ардын засгийнхаа удирдлагууд, зүтгэлтнүүдээр туг тахиулж байсан улсууд, нэлээн өсөрхсөн байгаа юмаа. Тэр өсөрснийхөө юугаар нэлээн хүчтэй дайрсан юм байгаан. Тэрнээс биш өөр газар ганцхан Тариатын хүрээ биш, ер нь тэгээд Монголын ард түмэн аргагүй юмаа. 22 онд лам нар мөн ч эвгүй муухай юм хийж дээ, гэцгээгээд залбирдгаа залбирцгаагаад. Харин тэгээд сүүлийн үед манай ардчилсан хувьсгалын үед бол, социализмын үед байхгүй байсан ш дээ. Ерөөсөө л ганцхан Дашчойлон хийд. Гандан өөр юм байхгүй. Гэтэл харин одоо энэ 1990 оноос хойш, энд тэндгүй хувилгаан тодруулна гэж давхиад л, янз бүрийн юмнууд их болж байгаа ш дээ. Энэ бол миний бодож байгаагаар шашин төр 2 тусдаа байх хэрэгтэй байгаа юмаа. Сүүлийн үед шашин төр 2 дэндүү холилдоод байх шиг. Юм л бол Гандантэгчилэн хийд, юм л бол Дашчойлон хийд гэж мөргөж давхиад. Одоо аягүй бол энэ шашныхан засгийн эрхэнд гаралцах гээд байна ш дээ. Энэ бол шашин шашнаараа.., төр төрөөрөө. Манай ер нь энэ уугуул .....Түвдийн шашин гэдэг бол манай Монголыг 220 гаруй жил, Манжийнхан, Манж-Хятадынхан дарлаж сорж байлаа. Энэ манайхныг 220 гаран жил дарлагдаж зовж байсны гол арга нь Буддын шашин юм ш дээ. Манайх бол өөрөө, тэнгэр бурхнаа шүтдэг, бөөгийн шашинтай юм шүү.... Монголын.... Чингис хаанаас эхлээд. Тийм учраас би ахмадын хувьд бодож байхад шашны энэ лам нар Дашчойлон хийд, Гандантэгчилэн хийд энэнийгээ хүндэтгэнээ. Тэгэхдээ ингэж дураар нь тавихгүй, шашин шашнаараа төр төрөөрөө. Тэгээд л өөр юм байхгүй. Монгол улсад хамгийн гол юм бол Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, монгол эх орноо хөгжүүлэх, монгол ястан, монгол угсаатнаа өсгөж үржүүлэхийн төлөө, эх орон минь ядаж ойрын 15 жил 5 сая хүнтэй болохсон доо. Дэлхийд байгаа 8,9 сая монгол угсаатан монголчуудаа ирүүлж, энэ газраасаа газар үнэгүй өгч хүнээ л олон болгохсон доо, гэж өвгөн ах чинь хүсэж байдаг даа. Хүн л цөөдөөд байна, ам бүл цөөдөөд байна, тэгэхэд манай урд хөрш миллиард 500 сая хүнтэй явж байна, Тэгэхэд манайх 2 сая гаруйхан муу Цэдэнбал дарга минь Филатова ажаа минь ямар байлаа, 21 онд ардын хувьсгал авахад 20 гаруйхан мянга, /200-н мянга гэдгийг андуурсан болтой/ Америкийн монголч эрдэмтэн, .........Одоо ч ингээд Монгол индиан болох юм байна даа, одоо ч ингээд 100 гаруйхан жилийн дараа Монгол ч ингээд дуусах юм байна даа,....гэж, одоо 100 жил нь 4, 5-хан жилийн дараа болох гэж байна. Тэгэхэд одоо ингээд 2 сая 500 гаруй мянган хүнтэй тусгаар тогтносон Монгол улс байна гэдэг чинь ямар сайхан байна. Энэ талаар өвгөчүүл бид дотроо их бодож, хамгийн их хайрлаж байгаа юм маань Монгол улсынхаа тусгаар тогтнол Монгол орныхоо бүрэн эрхт байдлыг монголын хүндэт иргэн бүр, монголынхоо эзэн бүр, бүгд нойр хоолгүй сэрэмжлэн хамгаалж байх ёстой гэж боддог.
Сайнбилэг -
Социализмын үед сүсэг бишрэл нэлээд хаалттай байсан, яаж сүсэг бишрэлээ хамгаалж , өдий хүртэл шүтэж ирсэн юм бэ?
Гөлөгөө -
Тэгэхээр ах нь социализмын үед төрж 1926 онд төрөөд явж байгаа хүн би. Янз бүрийн алба хааж байлаа, тэгэхэд бид бурхан шашныг бол хүрээ хийдийг хаагаад, хүрээ хийдийг бол бурхан номыг хуучин шигээ уншихгүй болгосон. Харин айл гэрт бол бурхныг нь бурхантай нь, мөн айл гэрийг хуучин лам энэ тэрийг сан ман тавиулаад ингэдэг болбол байсаан, тэрийг бол манай ардын засаг монгол ардын хувьсгалт нам, манай ардчилсан засаг бол, манай өөрийн засаг бол хориглож байгаагүй ээ, ард түмэн өөрөө өөрөөрөө байж байсаан. Гандантэгчилэн хийд хүртэл тэр хэвээр нь байж л байсан, улс амьтан бол мөргөх барих бол одоогийнх шиг бол бөөн бөөнөөрөө яагаагүй ээ. Тэгэхдээ очиж мөргөх бол мөргөж л байсан. Гэртээ бурхан шүтэхийг социализмын үед хориглож хааж байгаагүй шүү. Энэ бол ард түмнээ хүндэтгэж хайрлаж байсан үе байгаа юм.
Сайнбилэг -
Та соёлын довтолгооны үеийн тухай юу мэдэх вэ?
Гөлөгөө -
Соёлын довтолгооны тухай гол асуудал бол бичиг үсэг байсан юмаа. Ард түмнээ, малчдаа бичиг үсэгтэй болгох, малчин ажилчин олон түмнээ сургуультай бүр дор хаяад 7 жилийн сургуультай, 10 жилийн сургуультай болгох, тэгээд их сургууль. Энэ манай улсын үндэсний соёлыг хөгжүүлэхэд Оросын их ард түмэн бид нар орос ах гэдэг, дайн тулалдаанд 42 онд фашизм гитлерийнхэнтэй тэмцэж байсан үедээ манайд, Монгол Улсын Их Сургуулийг 42 онд байгуулж өгсөн уугуул сургууль байж байна шүү. Тэр нь сүүлдээ маршал Чойбалсангийн нэрэмжит болоод. Би энэ ууган сургуулийнхаа 8 дахь төгсөлтөд суралцаж байсан, ууган сургуулийн анхны сурагчид байгаа юм шүү дээ. Тэгээд дараа нь ХААДС (хөдөө аж ахуйн дээд сургууль), АУДС (анагаах ухааны дээд сургууль), одоо бүх дээд сургуулиуд үүсч гарсан. Анхны ууган сургууль бол Улсын Их Сургууль юм шүү дээ, одоо ингээд байж байна. Ийм учиртай юм байгаа юм. Одоо харин энд тэндгүй баахан сургууль байгуулж байгаа нь болбол би их таалдаггүй шүү. Ер нь гол сургууль бол цөөхөн чадалтай сургуулиуд байх хэрэгтэй. Хэлний хувьд юм л бол англи хэл гээд байна. Англи хэл бол сурч болноо. Хамгийн гол нь манай эх оронд, манай хойч үед орос хэл, хятад хэл 2 л чухал байна даа. Би ч бол яахав, хуучин социализмын үед бол гол сурч эзэмшиж байсан хэл бол орос хэл шүү дээ. Бид УИС-д бол орос дээр орос багш нараараа хичээл заалгаж, сургуулиа төгсөж байсаан. Гэтэл одоо юм л бол англи хэл. Энэ ч сайхан л даа, гэхдээ манай Монголд хойч үеэ чөлөөтэй ярьдаг хэл бол орос урд хятад хэлийг бас сурахад болох юмаа гэж бодож байна. Англи бол өөр хэрэг.
Сайнбилэг -
Соёлын довтолгооны үед хүн амаа бичиг үсэгтэй болгохоос гадна ахуйн соёл талд нь ямар арга хэмжээ авч байсан бэ?
Гөлөгөө -
Соёлын довтолгооны гол зүйл бол 90 он хүртэл монголын 2 сая ард түмэн ер нь бичигтэн болсон шүү. Цөмөөрөө. Одоо бол зарим гадаад бодлогод ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь бичигтэй Монгол болсон шүү дээ. Бүгдээрээ бичиг үсэгтэй болж байсан 1-рт, 2-рт соёлын довтолгооны үед маш их анхаарч, байсан асуудал бол үндэснийхээ уламжлалыг хамгаалах, ялангуяа уртын дуу, монголынхоо ард түмний шүтэж биширч байсан дуу аялгуу, талаар бол тэгээд бичиг үсэг, уран сайхан дуу, уран зохиол, Монголынхоо тухай жигтэйхэн сайхан шүлгүүд, том сайхан зохиолууд, тэнд бол их гарч байсаан. Ийм л байгаа. Тэгээд хамгийн гол юм бол хүмүүсийг нэлээн соёлжингуй, биеэ авч явах талаар, ялангуяа энэ гэр бүл болох тал дээр бол бид ер нь бага байхдаа гэр бүл болохын бол өөрснөө толгой дааж гэр бүл болдоггүй байсан. Заавал эцэг эх, заавал ах дүү нарынхаа зөвлөснөөр болж байлаа ш дээ. Жишээ нь чи бод, би дунд сургуульд дараа нь багшийн сургуульд, дараа нь их сургуульд ингэхэд үерхдэг хамт сурч байсан эмэгтэйчүүд, байлгүй яахав. Би тэдэнтэйгээ үерхсэн тоглож, наргиж бүжиглэдэг л байсан. Тэгээд жинхэнэ гэр бүл болоход миний аав ээж 2 нутгаас минь Архангай аймгийнхаа Хотонт сумын миний төрсөн өссөн нутгийн, нэг голын, нэг тохойны, эмэгтэйг надад авч, гэр бүл болгож суулгаж байсан ш дээ. Тэгэхэд, тэр хол юухэвээ, миний хүү өөрийнхөө төрсөн нутаг Бургатайн голынхоо нэг эмэгтэйтэй амьдралаа холбо, гэж надад тэгж байсан. Тэгэхэд Хорлоо чи мэдэж байгаа /хажуудахдаа хэлэв/ талийгаач Нина. Нина гэж нэртэй байсан юм. Орос эмч эх барьж аваад. Яагаад тэгсэн гэхээр талийгчийн гэр бүлд хүүхэд нь тогтддоггүй байсан юм. Нас барчихдаг. Гэтэл тэр үед Архангайн эмнэлэгт орос эмч эх барьж авахгүй юу. Эх барьж аваад, тэгээд, ёсоороо, шинжлэх ухааны үндэслэлтэй, Архангай чинь 2 эмэгтэй доктор байсан ш дээ. Нэг нь эх барьж аваад, яг яасан чинь охин гарсан байгаан. Тэгээд гарангуут нь ээж аав 2 нь ирж уулзаад. За эмчээ, тэр үед орос хэл мэддэг хүн байсан байна л даа, их баярлалаа. За тэгээд эх барьж авсан орос эмчдээ хадаг бариад, их баярлаж байна, миний охин л нэр хайрла гэсэн байгаа юм. Үгүй, хэрэггүй, та нар лам нараараа ахмад хүнээрээ, аав, ээж , эмээ өвөө та нар өөрснөө нэр өг. Би юүхэв, хэрэггүй гэсэн чинь зүгээрээ гээд. Тэгсэн чинь тэр орос яахав, Монголчуудтай их дотно, ..., тэр орос Нина гэж нэр өгсөн байгаа юм. Тэгээд цаашдаа Нинагаараа явж байгаад одоо Хорлоо мэднэ дээ, 7 хүүхэд гаргаад манайх, тэрнээс одоо 3 нь байхгүй, 4 одоо амьд явж байна даа. Цөмөөрөө л улс эх орондоо зүтгэж яваа. Тийм учиртай байдаг байна шүү, ерөөсөө. Гэр бүлийн хувьд бидний хувьд маш чухал юм бол аав, ээж юу гэнэв, тэрийгээ л дагахаас биш, одоо дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж хэнтэй ч хамаагүй суугаад, ..., тэр чинь нэг ёсондоо, энэ манай аав ээж 2 ингэдэг чинь Монгол угсаатан, монгол ястан монголоо монголоор нь байлгах гэсэн нөлөө яаж байгаа манай талын монголчуудын их ухааны, алсын хараа нь энэ юм байгаа шүү. Тэгэхэд нь би өөрөө нутгаасаа, 2-уулаа талийгаачтайгаа сууж ирээд одоо яав. Миний ач зээ 30 гаран 40 шахуу хүн бий ш дээ. Хүүгийнхэн дандаа ач хүү, ачинцар, гээд яваад байна. Охины хүүхэд гал зээ, зээнцэр тэгээд яваад байдаг. Сайхан монголоо хөгжүүлнэ гэдэг чинь ийм бодлоготой байгаа юм шүү. Одоо харин манайхан энэнийг анхаарахгүй, явж байгаа нь тааруухан л байгаа юм.
Сайнбилэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар ярьж өгөөч? Яаж нэгдэж байсан бэ?
Гөлөгөө -
Ах нь нэгдэлжих хөдөлгөөн явж байх үед яг засгийн газар ажиллаж, нэгдэлжих хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Энэ бол ерөөсөө жалгын нэг улс байгаад яахав, ерөөсөө нам засгаас, МАХН-аас ардын засгаас ер нь хамтран эвт шаазгай буга барина гэж, хамтарч хөдөө нутгаа хөгжүүлэхэд бид хамтач үзэл санаа , нэг санаа, нэгдмэл хүч хэрэгтэй, байна гэж ард түмэндээ ухуулж, ярьж, тэгээд сайн дурынх нь үндсэн дээр нэгдэлжих хөдөлгөөнийг зохион байгуулсан юм шүү. Тэгэхэд ах чинь ЗГ байж байсан хөдөө явж бас сум нэгдлийн захиргааг байгуулж, нэгдэлжих хөдөлгөөнийг ард түмнийхээ дунд зохион байгуулалцаж байсан өвгөн байхгүй юу, би. Би өөрөө малчин хүү. Манай аав хүртэл өөрийнхөө хөрөнгөө хүртэл нэгдлийнхээ дундын хөрөнгөд нийлүүлээд , өөрөө 10 гаруй юутай 20-иод бодтой, 20-30хоньтой, үлдсэн дээ. Тэрийг хувийн гэж ярьдаггүй байсан. Амины өмч, амины өмч нь тэр. Хувийх бол ерөөсөө байхгүй, хамгийн гол зорилго нь хүчээ нэгтгэж хамтран амьдралаа зохион байгуулж, улсаа хөгжүүлэх, ХАА-гаа хөгжүүлэх эвт шаазгай буга барина гэж цөмөөрөө хамтран ажиллацгаая гэснээр зохион байгуулсан.
Сайнбилэг -
Нэгдэлжих хөдөлгөөнийг хүмүүс ямар байдлаар хүлээж авч байсан ?
Гөлөгөө -
Нэгдэлжих хөдөлгөөнд бол нэлээн их хөрөнгөтэй баячууд, баян улсууд, нэлээн татгалзаж байсан байгаа юм. Дунд зэргийн хүмүүс ядуувтар нь дунд зэргийн хөрөнгө малтай хүмүүс дуртай орж байсан. Сүүлдээ тэр баян тэр чинь одоо хувийнхаа өмчинд нэлээн автагдчихсан, тэр талаараа нэлээн хүнд л байсан байх. Тэгээд ерөөсөө сүүлдээ аргагүй ухуулга яриа, бүх юугаар яаж байгаад нэгдэлд элсэж байсан. Тийм.
Сайнбилэг -
Их малтай улс нэгдэлд орохгүй гэж малаа нуудаг байсан уу?
Гөлөгөө -
Өө тэр бол байсан байх. Тэгээд нуугаад, нуугаад яахав дээ, зайлуул., яаж ч чадахгүй. Тэр бол хүний л ойр зуурын алдаа юм даа. Харин тэр үед ХАА(хөдөө аж ахуй)-н нэгдэл, би өөрөө тэр үед жижигхэн байлаа. Жижигхэн бишээ, ЗГ-т орж ажиллаж байлаа. 35, 6-тай хүн явж байлаа. Тэгж явж байхад нэгдэлд ор гэж барьж авч шоронд хийж, тэгж албадаж байгаагүй шүү, ерөөсөө л сайн дурынх нь үндсэн дээр. За, Самбуу чи явахгүй байна уу, ...за бод бод, за за яв гээд л... За Цэцгээ чи юу гэж бодож байна гээд..., ....тэгээд...., тэгээд нөгөөдүүл чинь ард түмэн чинь яах нь вэ, ....за Самбуу чи нэгдчих л дээ, юүхэв..., ганцаараа одоо муухай байна ш дээ, тэгж байж, бие биенээрээ яаж байж, нэгдэлжих хөдөлгөөнд. Тэгээд ер нь нэгдэлжих хөдөлгөөн бол монгол улсын хэмжээгээр 300 гаруй нэгдэлтэй, 30 гаруй САА-тай байсан ш дээ. Хичнээн их сайхан төвлөрчихсөн. Нэгдчихсэн үе байлаа. Тэгээд, одоо, энэ шилжилтийн үед алдаатай зохион багуулж 300 гаруй нэгдэл хаачсан бүгд байхгүй, хувьчлаад энд тэндгүй тараагаад, хаячихсан. 30 гаруй САА хаачсан байхгүй. Ийм их айхтар юм хөдөө болсон шүү. Одоо ч яахав, ингээд л явж байна. Цаашдаа хөгжинө дөө л гэж бодож байна.
Сайнбилэг -
Социализмын үед 10-н жил, их дээд сургуулийн амьдрал яаж өрнөдөг вэ? Сургуулиас гадна ямар ажил зохиогддог вэ?
Гөлөгөө -
Сургууль бол жинхэнэ ард түмнийхээ хүүхдийг жинхэнэ залуучуудаа юм сургахын төлөө манай нам засгаас бол их анхаарч байсаан. Ерөнхий боловсролын бага, дунд сургуулиуд бол хөдөөнийх нь дотуур байранд суугаад, хотынхон нь гэрээсээ явдаг байсан. Багшийн сургууль хөдөөнөөс ирсэн хүүхдүүд цөмийг нь авна. Үнэ төлбөргүй сургана. Тэр үед их сайхан юм юу гэхээр их сургуулийнхан бол сард 240 төгрөгний цалинтай сурдаг байсан. Бусад техникум эд нар чинь дотуур байртай, үнэ төлбөргүй хооллодог тэр дотуур байрандаа. Энэнийг бол тэр үед их сайхан юм болбол үнэ төлбөргүй, энэ цөөхөн хэдэн монголчуудынхаа үр хүүхдийг сургаж өгцгөөсөн нь их сайхан санагддаг байсан юм даа. Одоо ардчилалын үедчиг сургууль янз бүр боллоо. Зарим сургуулиуд хувийн маягтай болоод юм сургахаасаа юмыг нь авахын төлөө гэсэн эвгүй алдаа завхрал гэдэг ч юмуу, цаашид хэдхэн цөөхөн монголчууд бид хойч үеэ оюутнууддаа стипендтэй, 2-рт энэ гадаадынхан шиг оройд, үдээс хойш ажил хийж байдаг, үдээс өмнө хичээллэж байдаг. Ийм маягаар өөрсдийнх нь амьдралд тусалж байгууштай байх юмаа. Ер нь цаашдаа ерөнхий боловсролын сургуульд сурахад ялангуяа, хөдөө нутагт, яахав, мал эд нар дэмжлэг болгож авбал авах юм, тэрнээс биш үнэ төлбөргүй, энэ хэдэн цөөхөн ирээдүйн залуучуудаа сургамаар л байх юм. Ямар олон сая хүүхэд сурч байгаа биш. Тэгж л бодож суух юм даа, ахмадууд.
Сайнбилэг -
Улс орон даяар аж үйлдвэржилт яаж явагдсан бэ, энэ нь монголчуудын амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Гөлөгөө -
За тэгэхээр бол манайх аж үйлдвэржилт эхэлж байсаан. Энэ бол Оросын их ард түмний тусламжтайгаар ялангуяа ХАА-н бүтээгдхүүнийг үйлдвэрлэхэд, одоо одоо Богд уулын ард комбинат гээд байгууллаа, арьс ширний үйлдвэрийг Чехийн тусламжтайгаар, Оросын тусламжтайгаар ноос үс, арьс шир боловсруулдаг, хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрийг бид нар голлож байлаа. Сүүлд нь бас нүүрс, гол нь нүүрсний уурхай нүүрсээ ашиглах талаар дараагаар нь ахынхаа тусламжтайгаар Эрдэнэтийн зэс молибдений том үйлдвэр байгуулж эхэлсэн байсан. Бид тэр зэс молибдений үйлдвэр байгуулж байх үед төр нийгмийн ахмад зүтгэлтэн нөхөр Эрдэнээ байна, нөхөр Хорлоо байж байна. Биднийг Булганд ажиллаж анх удаа өөрийнхөө эх орны энэ баялгийг анх эзэмшиж улс ардын аж ахуйдаа хэрэглэхийн төлөө, Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэрийг байгуулж, энэ зэс молибдений үйлдвэрийг байгуулахад манай Эрдэнээ хэн 2 гурил, гурилын үйлдвэрт ажиллаж байлаа, Өвгөн ах чинь ер нь Эрдэнэтийн зэс молибдений үйлдвэрийг байгуулахад бол Оросын нөхөр миний найз Анатолий Васильевич Чикашев тэр зэс молибдений уурхайг байгуулж байсан Евгений Иванович Мартовицкий нартайгаа би нэг дор ёстой жинхэнэ ах дүү шиг ажиллаж хоол унд, мах, Оросынхоо нөхдүүдэд тусалж байсан юм даа. Энэ сэтгэлд сайхан байна. Тэгээд одоо Эрдэнэтийн үйлдвэр ямар байна, манай ахмадууд, Цэдэнбал дарга хүртэл надад, Гөлгөө энэ Эрдэнэт чинь манай Урал юм шүү. Эрдэнэтийнхээ үйлдвэрийг чи Орос нөхөдтэйгээ чи ямар хэл мэдэхгүй биш, эд нартайгаа их сайхан хамтарч зүтгэж байгаа юм байна. Энэнийг Оросууд надад ярьж байна. Гөлөгөө минь чи энэнийгээ улам бэхжүүлж, улам сайхан байлгаарай, гэж надад захиж байсан шүү. Би Булганд 14 жил аймгийн дарга хийсэн. Хорлоо мэдэж байна. Энэ хойдох ард түмэн үнэхээр сайхан та бүхэн цөм мэдэж байна. Ахынд сургууль төгссөн.
Сайнбилэг -
90 онд ардчилсан хувьсгал боллоо. Дараа нь өмч хувьчлалыг яаж зарласан бэ.?
Гөлөгөө -
За, энэ ардчилсан хувьсгал 1990 онд болоод, 1990-ээд онд нам засгийн толгой дээр Батмөнх гуай байлаа. Хамгийн нэг сайхан юм бол, нэгэнт дэлхий нийтийн хөгжлийн дагуу болж байгаа хувирал хувьсгал юмаа. Тийм учраас 1990 онд нэг намын гарт бүх зүйлийг төвлөрүүлж, бүх юмыг нэг төлөвлөгөөгөөр явж байсныг өөрчилж, зах зээлийн эдийн засаг, хүн өөрийнхөө төлөө, эх орныхоо төлөө ажиллахад гол нь чөлөөтэй ажиллах, дур дураараа ямар юм хүснэв, хүссэнээрээ ажиллах, зах зээлийн нийгэмд шилжсэний гол сайхан юм энэ байна. Гэхдээ социализмын үед сайхан юм их бий. Гэхдээ энд яриад яахав. Хамгийн гол сайхан юм бол зах зээлийн эдийн засагт шилжиж, хүн өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж байх чөлөөт зах зээл хөгжилд шилжсэн нь монголчуудад таатай сайхан, байгаа юмаа. Одоо бол нэг дутагдаад байгаа нь дэндүү их дураараа юм л бол би мэдэж байна, одоо манайд их онцгой юм бол энэ төр засгийн засаглах, иргэдээ захирах, энэ ажил их хоцрогдож байнаа. Хүн бүр дураараа юм л бол чи муу социализмийн үеийн заригаадагч, чи яах гэж байна, ардчилал бол чөлөөтэй байх ёстой, гээд зарим улс бүр даварч байна. Одоо бол төр төмөр нүүрээ гаргадаг цаг болж, нэг их алж хядаад байх нь юу юм бэ, захирч бас нэг жаахан даруулгатай баймаар байна гэж төрийн олон жилийн түшээгийн хувьд ах чинь ингэж боддог юм шүү дээ, төр засаг гэдэг чинь нэг ангиас нөгөө ангийг дарангуйлах зэвсэг гэдгийг жаахан сургамаар байгаа юм. Зарим нь бүр дэндүү байгаа юм. Энэнийг манай хэдэн ахмадууд хоорондоо ярьж төрөө их үгүйлж байна, ерөөсөө. Сүүлийн үед нэгнийгээ нөгөөдөө хэлж алуулаад л, нэгийгээ нөгөөдөө хэлж нүдүүлээд л. Захирах дарангуйлах нь хэрэгтэй байна. Гэхдээ ардчилалаа хөгжүүлээд байхад ард түмнээ тайван сайхан байлгаад энэ л хамгийн гол байхгүй юу.
Сайнбилэг -
Өмч хувьчлал гэж боллоо ш дээ?
Гөлөгөө -
тэр өмч хувьчлал гэдэг чинь дэндүү бас хамаагүй, замбараагүй. 300 гаруй нэгдэл хаачсан. Бүгдийг нь устгаад, 30 гаруй САА хаачсан, байхгүй. Энэ үйлдвэрүүдийг зарим зальтай нэгүүд нь зүгээр л хулгай хийгээд, худлаа хэлээд нэг л их баахан баячууд, нэг хэсэг нь одоо хоосроод үлдээд. Энэ бол их уйтгартай, эвгүй, эмгэнэлтэй явдал болсон юм даа. За харин одоо бол энэ ардчилсан засгийн газар манай ард түмэн минь цөмөөрөө чигээ олж овоо нэг одоо эх орноо хөгжүүлэхийн төлөө бас ажиллаж, зүтгэж байна шүү дээ.
Сайнбилэг -
Ямар хэлбэрээр зарим нь бусдаасаа илүү өмч хувьчлаад гараад ирчихвээ?
Гөлөгөө -
Энэ бол ер нь шилжилтийн үед 90 онд ерөөсөө зальтай, тэр үед нэлээн сэргэлэндүү гэх юмуу, тэр улс бол нэгдлүүдийг минь тарааж, САА-нуудыг минь тарааж, үйлдвэрүүдийг минь зогсоож тарааж байх үедээ тэр үед хулгай хийж худлаа ярьж авсан юм. Тэгээд өнөө дундчууд, ядуучууд нь зүгээр амаа ангайгаад үлдчихсэн, жинхэнэ хөдөлгөөнөө зохион байгуулж, байсан хүмүүс ах дүү нар, төрөл садан энүүгээрээ хулгай хийж авсан шүү. Тийм учиртай байгаа юм. Одоо бол яахав дээ, нэг үеэ бодвол, харин одоо энэ Баяр (ерөнхий сайд) бол овоо. Тэр шилжилтийн үед хийсэн алдсан овоо эргүүлж засах, ийм ажил руу орж байгаа. Одоогийн ерөнхий сайд, Баяртаа баярлаж байдаг юм. Хамгийн гол эдийн засгийн юм бол Баярын хийж байгаа Оросын ард түмэнтэй ойртож, ялангуяа энэ уул уурхай, ашигт малтмалыг ашиглахад Эрдэнэтийн туршлагаар ажиллах их хэрэгтэй болоод байгаа биш шүү дээ. Одоо бол хамаагүй. Энд тэндгүй тэр Таван толгой, тэр их одоо том нүүрс, нефть, бензин гарах тийм том уурхайг аваачиж гадаадад өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ, харин тэнд нь сайхан юм харагдсан нь юу гэвэл манай анхны ерөнхийлөгч Очирбат очиж, торгон дээлээ их л мялааж байсан байх. Тэр мялааж байснаар биднийгээ мялаах хэрэгтэй байна ш дээ. За, яахав нэлээн сэргэлэн хүү Баяр гарч ирлээ. Одоо энэ сонгуулиар жинхэнэ Монголоо боддог, эдийн шуналгүй, ард түмнийхээ төлөө боддог, эх орончдыг л гаргаж ирмээр байна. Тэрнээс биш заавал эрдэмтэн, заавал худалдаачид гээд байх юм байхгүй, яахав, мэргэжлийн улс байх нь байна. Гэхдээ хамгийн гол нь ерөөсөө л жинхэнэ эх орноо боддог, юм л болгон хармайгаа онгойлгоод л, яваад байх юм байна ш дээ. Энэ улсууд чинь эх орноо жаахан нэг бодмоор байна шүү. Энэ ард түмнээ ийм л байна.
Сайнбилэг -
За ярилцлага өгсөн танд баярлалаа.
Гөлөгөө -
За ах чинь цааш нь яривал Фидель Кастро шиг 4 цаг ярьж чадна шүү /инээв/
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.