Nyamjav
![](../assets/images/interviewees/990032.jpg)
Basic information
Interviewee ID: 990032
Name: Nyamjav
Parent's name: Mijid
Ovog: Lhaimag
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: MUBIS jijüür
Belief: none
Born in: Jargalan sum, Govi-Altai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
new technologies
education / cultural production
environment
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
school
education
films
teaching
wedding
hunting
marmots
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр хоёулаа өмнөх яриагаа үргэлжлүүлье тийм ээ?
Нямжав -
Аанха.
Оюунтунгалаг -
За тэгэхээр та өмнө нь хэлсэн шүү дээ нөгөө сонин захиалуулдаг байсан гэж?
Нямжав -
Тийм, тэр үед чинь ер нь албадлагаар л сонин захиалчихдаг байсан л даа ер нь. Багш хүн гэхэд ерөөсөө сурган хүмүүжүүлэх сэтгүүл “Хүүхдийн хүмүүжил” гэж байсан, за тэгээд уран зохиол их сонирхдог байсан учраас би “Цог”, зураг их сонирхоно тэр юу “Тоншуул” эд нарыг болвол ер нь тасраагүй дээ, “Утга зохиол урлаг”, “Хөдөлмөр” сонин. Тэр үед нөгөө сэхээтнүүдийг бас намд нэг их элсүүлдэггүй идэвхтэн гишүүн гээд юм их хийлгэдэг, “Намын үнэн” захиал гэж байдаг юм, заримдаа захиална, заримдаа захиалахгүй, “Намын үнэн” болвол ер нь ганц тогтмол сонин тэр дээ, “Хөдөлмөр” хоёр л байсан юм. Тэрнийг болвол ер нь бараг насан турш л захиалсан даа, сүүлийн хэдэн жил энэ боловсролтой холбоотой юм нэг их захиалаагүй. ”Өнөөдөр”, “Хань”, хүүхдийн хүмүүжилтэй холбоотойг хүүхдүүдэд өөрт нь захиалаад өгчихдөг юм. Тэгээд ер нь сүүлийн хэдэн жил болвол 3-4 сонин тогтмол захиалж уншдаг юм, хүний сурсан юм чинь ерөөсөө тэгээд болдоггүй юм, нэг л юм уншихгүй болвол ерөөсөө болохгүй, телевиз хараад байгаа хирнээ л заавал нүдээр үзэж унших хүнд болвол их юм өгдөг юм л даа.
Оюунтунгалаг -
Хүүхэд байхдаа, сургуульд сурч байхдаа сонин юм захиалж байв уу ер нь?
Нямжав -
Сургуульд байхад болвол одоо бага сургуульд байхад тийм захиалахаар юм байгаагүй юм аа. Уран зохиолын ном л их уншдаг байсан тэгээд ер нь гэрэл чийдэн гэж байхгүй шүү дээ сумын төв чинь, нилээн хожуу гэрэлтэй болсон. Шөнө дандаа нөгөө аав, ээж, дүү нар унтаад өгөхөөр зэрэг орондоо хэвтэж их ном уншдаг байсан, тэр тэгээд их муу юм байсан байгаа юм, одоо нүдний хараад. Тэгээд миний нүдний хараа чинь их муу л даа, одоо харин тэгээд нас ахиад ирэхээр жаахан холынх нь сайжраад ойрынх нь мууддаг юм байна. Миний холын хараа муу, ойрынх их сайн. Би чинь одоо энэ бугуйн цаг эд нарыг болвол зүгээр энд бүх юмыг нь задалчихаад л угсарчихдаг одоо болвол тийм юм байхгүй болчихсон байгаа юм. Тэгээд тэр ном хэвтэж уншсаны л юу. Ер нь одоо ажиллаж байсан газрынхаа номын сангуудын номыг болвол бүр ер нь бүгдийг уншсан л даа. Тэгээд одоо энэ номыг манай номын санд чинь шинэ юм ирэхгүй юм даа, тэгээд нөгөө түрүүн уншиж байснуудаа голдуу дахиж уншина. Дунд сургуульд ороод бид нар чинь бас л сонин ер нь ховордуухан байсан л даа, Багшийн сургуульд л одоо хэвлэл захиалдаг, Сурган хүмүүжүүлэх сэтгүүлийг болвол тогтмол захиална даа, тэгээд багш болсноос хойш болвол ер нь бололцоотой бүх хэвлэлүүд, ирдэг хэвлэлүүдийг захиалдаг л байсан, тэгэхдээ хоцорч ирнэ л дээ мэдээлэл болвол заавал нэг арван хэдэн хоног, долоо хоногийн хойно ирнэ тэгээд л, тэгэхдээ нөгөө мэргэжлийн юм болохоор тэр чинь хоцордоггүй л байсан юм.
Оюунтунгалаг -
Та түрүүн хэллээ шүү дээ одоо бас ах дүү олуулаа байсан гэж, тэгэхээр та нар ах дүү хэдүүлээ байв, нөгөө танай бусад хүүхдүүд ах дүү нар чинь сургууль соёлд яаж суралцав?
Нямжав -
За би ч одоо эхээс наймуулаа юм байгаа юм. Тэгээд нэг дүү хожим нас барсан, нэг эмэгтэй дүү миний дараачийн дүү, хоёр хүүхэд нь үлдсэн тэгээд тэд нарыг одоо ер нь бүгдийг сургууль соёл, хоолонд нь хүргэсэн дээ дамжуулж.
Оюунтунгалаг -
Та айлын том?
Нямжав -
Тийм, айлын хамгийн том нь. Тэгээд одоо гурав нь Эрдэнэтэд байна, дөрөв нь ч байгаа, тус тусдаа мэргэжил эзэмшчихсэн багш нь багш, Эрдэнэтийн уурхайд экскваторчин, холбоочин тийм л ажил хийцгээж байгаа л даа одоо. Тэд нар ч одоо яахав дээ сүүлийн үед овоо болчихсон, тэр үед чинь сурах бичиг, ер нь тэгээд хувцас хунарыг нь болвол одоо би бүгдийг нь бэлдэж л сургууль соёлоор дамжуулсан л даа.
Оюунтунгалаг -
Тэд нар багадаа яг тань шиг бас ингэж сургуульд сурч байв уу?
Нямжав -
Мөн л бүгд тэр сургуулиар дамжиж явсан.
Оюунтунгалаг -
Тэд нарын тэр сургуулиар дамжиж байсныг харахад таны одоо нөгөө сургуульд байсан үетэй тэд нарынх өөрчлөгдөөд байсан уу, ижил байгаад байсан уу, ер нь шаардлага юм нь, сургалт нь, тэр одоо эдэлж хэрэглэж байгаа зүйл нь гээд өөрчлөгдөж байсан уу?
Нямжав -
Тэс өөр л миний үетэй болвол ер нь зүйрлэхийн аргагүй л дээ, тэд нар чинь ерөөсөө сурах бичиг нь гэхэд одоо бэлэн хэвлээд гаргаад тавьчихсан тэгээд үнэ төлбөргүй хэрэглүүлдэг, номын сангаасаа аваад уншчихсан, өөрсдөө болвол худалдаад авчихна, ганц нэг ховор сурах бичиг миний үед байсан сүүлийн үед болвол тийм байгаагүй л дээ. Миний үед болвол математикийн ном болвол ер нь их ховор, Кирилов юу .. өө авторыг нь мартчихаж би, Арифметик гэсэн нэг ном байсан юм, тэр болвол ер нь олон жил хэрэглэсэн их ч сайхан сайн сурах бичиг байсан, орчуулгын сурах бичиг байсан, тэр одоо болтол надад хадгалаатай байдаг юм, хааяа нэг хүүхдүүдэд өгөөд бодуулдаг юм. Аа эд нарынх чинь болохоор ерөөсөө анги ангиараа бүх сурах бичиг нь гараад ирсэн учраас сурах боломж сайтай, за форм хэрэглэлийн хувьд болвол зүйрлэхийн аргагүй сайхан болсон, анги танхим нь хүртэл тэс өөр болчихож байгаа юм, багш нь хүртэл дандаа дээд мэргэжилтэй багш нар заачихаар чинь болвол сургалтын чанар сайн байсан л даа, эд нар сайхан үед сурчихсан. Одооныхтой болвол арай зүйрлэхэд гүйцэхээргүй байгаа ч гэсэн тэр үедээ болвол бас сайхан дэвшилттэй юмнууд их байсан.
Оюунтунгалаг -
Тэд нар чинь одоо 60, 70-аад оны 60-аад оны сүүлч 70-аад оны сурагч нар тийм ээ?
Нямжав -
Тийм тийм, тэгээд манай хүүхдүүдийн үед болохоор бүх юм ул болчихсон тэгээд одоо төлбөрийн л хүч хүрч байвал муу ч сурах, ямар ч мэргэжлээр сурах боломжтой тэр үед чинь одоо.
Оюунтунгалаг -
Тэгээд өөрчлөгдөөд л яваад л байсан ямар ч байсан?
Нямжав -
Өөрчлөгдөөд л байсан юм тэр чинь. Ер нь тухайн үеийн шаардлага нь ч тийм байсан, боловсролын систем ч олон өөрчлөлт гарсан, бид нарын үед болвол одоо сургууль төгсөөд сурлагаар нь жагсаачихаж байгаад за дээрээс хуваарилачихдаг байлаа л даа. Одоо эд нар чинь болвол мэргэжлээ сонгох боломжтой болчихсон, ямар ч одоо чиглэлээр суралцах бүрэн боломжтой болчихсон байгаа, миний үед чинь болохоор ерөөсөө л ганцхан сурлагаар нь жагсаачихаад л тэгэхдээ тийм оноо моноо гэж байгаагүй л дээ, онц нь эхний юун дээр сайн нь дараа нь за дундчуул нь болвол дараа нь ер нь муу гэдэг дүн авдаг хүүхэд ер нь ховор байсан даа миний үед болвол, ганц нэгхээн тийм бас нэг гажиг мажигтай юмуу оюуны саатал хомсдолтой тийм хүүхдүүд болвол нэг муу дүн авдаг л байсан, тэр нь голдуу тэгээд л саналаараа хөдөө гарчихдаг бусад нь болохоор ирсэн хуваарийг дээрээсээ аваад л явдаг. Миний хувьд болвол Багшийн сургуульд мөн сурлагаар жагсаагаад л, би уг нь болвол нөгөө бас техникийн талын боловсрол эзэмших санаатай тэгээд политехникийн хуваарь, политехникум л гэж ирдэг байлаа л даа, тэрүүнд явчих санаатай, тэгээд тэр жил болвол тийм хуваарь ирээгүй тэгээд багшийн сургуульд явах уу гэсэн явнаа л гэсэн тэгээд л багшийн мэргэжил эзэмшсэн нь тэр л дээ.
Оюунтунгалаг -
Одоо тэр чинь 60-аад оны сүүлч?
Нямжав -
Тийм 60-аад он, би ч 69 онд багш болсон хүн л дээ. 17-той шахуу хүүхэд багш болж ирсэн тэгээд Жаргалан сумд бага ангийн багшаар хуваарилагддаг юм, тэгээд нэг 3-р анги аваад 15 хонож байсан чинь боловсролын хэлтсээс дуудаж байна гэхээр нь яваад очсон, өө танайд багын багш илүүдэлтэй Халиун сумд хөдөлмөрийн багш хий гээд л энэ Норов дарга манай дарга байсан, багш учраас өмнөөс нь юу ч хэлж чадаагүй, тэгээд л Халиун сумд хөдөлмөрийн багш хийсэн л дээ тэрнээс хойш ер нь тувтан хөдөлмөрийн багш хийгээд л сүүлийн нэг 13 жилд нь бага ангийн хичээлийн эрхлэгч хийсэн, тэгэхээр одоо ингээд харьцуулад харахад үнэхээр тэс өөр болчихсон байгаа юм. Одоо манай чинь 3 хүүхэд дээд боловсрол эзэмшээд одоо ирэх жил нэг нь төгсөх юм, дүрслэх урлаг дизайны ангийг хамгийн бага нь төгсөх юм байгаа юм, томыг нь би яахав тэр үед жаахан гартаа дүйтэй болохоор нь ер нь юм үзэг гээд ТМС төгсгөөд тэгээд сүүлд нь техникум төгсөөд л одоо энэ хөдөө жолооч л хийж байх шив дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд ямар ч байсан нөгөө хувь заяа бас техникийн талын чинь юмыг бариулаадахаж тээ?
Нямжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Техникийн багш хийлгээд, хөдөлмөрийн багш болгоод явуулчихаж, тэгээд одоо нөгөө ээж, аав, өвөөгөөс өвлөсөн юм чинь тэгээд л уламжлагдаад ямар ч байсан?
Нямжав -
Тийм, тэр чинь яахав санаандгүй л гэхдээ энэ Норов багш болвол мэддэг л байсан л даа, би чинь дунд сургуульд байхад багш нарын үзүүлэнг хийж өгдөг. Ядмаа гээд л нэг хөгшин багш байлаа, настай хүн. Тэр үед ч одоо ер нь 60 гарчихсан л хөгшин байсан байх, конспектоо бичүүлдэг байсан юм надаар.
Оюунтунгалаг -
За.
Нямжав -
Кирилл бичиг мэдэхгүй, монгол бичигтэй. Тэгээд кириллээр өөрөө эхлээд биччихнэ тэгээд надад дуудаж өгнө би шинэ үсгээр бичиж өгнө, тэгээд нэг хайрцагтай ирис ингээд хажуудаа задлаад тавьчихна, тэгээд л нэг хэсэг бичиж байгаад аманд задлаад өнөө багш хийчихнэ, тэрнийг хүлхээд л би бичээд байдаг, үзүүлэнг нь ..., түүх газар зүйн багш хүн байсан л даа, Багшийн дээдийг эчнээгээр төгссөн, тэр ер нь яагаад кирилл суралгүй төгсчихсөн юм, би ер гайхаад байдаг байхгүй юу, тэгээд л үзүүлэн мүзүүлэнг багш нар чинь их хийлгэнээ, тэгж л бас хүний гарын чинь юу хөгжиж байсан л юм байна лээ л дээ, тухайн үед болвол багш нарт юм хийдэг л тэр чинь өөртөө л бас юм олоод л байсан юм шиг байгаа юм. Тэгээд дунд сургуулийг багш болохоор тэгээд явсангүй л дээ. Тэгээд манай сумынхан тэгж байсан юм, би чинь нөгөө багаасаа өнчин хоцорчихсон бас хэдэн өнчин дүү нартай, ядарсан юмыг хол явууллаа, бусад бололцоотойг нь явуулсангүй гэж бараг бослого гаргах дөхөж байсан гэж байгаа юм тэр чинь.
Оюунтунгалаг -
За, Багшийн сургуульд явахад. Аа биш нөгөө хөдөлмөрийн багшаар явахад?
Нямжав -
Халиун сумд томилогдоод явахад, тэгээд хүний газарт яах вэ дээ хүн чинь тэдний нэг тэр ийм, тийм л юм байсан юм гэх юм байхгүй, хүний газарт чинь их хүндтэй, үнэтэй байдаг юм, тэгээд л тэнд би ер нь сургуулиас сурсан юмаа үргэлжлүүлж жинхэнэ амьдралдаа хэрэгжүүлсэн л дээ. Тэнд чинь одоо нилээн аж ахуй, тэр үед чинь одоо ер нь хурал зөвлөгөөн ч их болдог багш нар, өдөрт болвол ерөөсөө 2-3 цаг хуралдана, тэгээд л ажил тарсны дараа чинь мөн тэгээд л өдөр чинь конспектоо бичнэ, үзүүлэн гээ хийнэ, нөгөөдөхөө комисст шалгуулж батлуулна, тэгээд орой тэдээс тэдийн хооронд хуралдана, дандаа нэг тийм сургуулийн аж ахуй, ажил төрөл гэсэн тийм юм баахан ярина, тэгээд 7 хоногт 1 сонин уншлагатай, сумын төв дээр болохоор бүр нийт албан хаагчдын дунд сонин уншлага гээч юм явдаг, ер нь цаг зав ер нь гардаггүй л байсан юм. Тэгээд нэг хагас, бүтэн сайн өдөр л бид нар чинь бүр нийлж байж л нэг теннис, волейбол, оочер ихтэй тэр чинь нэг муу хөдөөний жижиг зааланд чинь, клуб л гэж ярьдаг, тэр чинь олдоггүй тэгдэг л байсан юм. Хагас бүтэн сайнд л нэг зав гарна. Тэгээд л нэг дарга ирлээ, ангиа янзал, тэгээд л өөрсдөө л угаана тэгж л багш болсон доо, ер нь сургуулийн аж ахуй талд болвол их юм хийсээн.
Оюунтунгалаг -
Тэгээд багш болчихлоо, тэгээд багш болчихоод та эргээд нөгөө боловсролынхоо өөрийнхөө сурч байсан үетэй харьцуулаад үзсэн чинь ер нь таны багш байх, тэр өөрийн чинь багш байсан хүмүүсийн хооронд ялгаа гарч байв уу, ер нь боловсролын байгууллагад одоо ямар өөрчлөлтүүд гарч байв, та өөрөө багш болчихоод эргээд харсан чинь ер нь ямар санагдаж байв?
Нямжав -
Багш болчихоод яахав орчин болвол тэс өөр л дөө, ер нь их сайхан болчихсон байсан тэр үеийн багш нар чинь одоо шинээр бид нар төгсөөд ирлээ ч гэсэн тэр багш нар шиг бас л нөгөө багшийн сургуульд заалгаагүй, хийгээгүй юмнуудыг чинь болвол бид нарт үргэлж зааж, хэлж өгнө, тэд нарыг чинь дагана, үгнээс нь гарахгүй тийм байдлаар л бид, ер нь багшийн сургуульд сураагүй юмаа болвол яг амьдрал дээр л гарч байж сурдаг юм байна л гэдгийг л би ойлгож авсан. Ер нь багшийн сургуульд ч одоо заалгаад л байдаг, заалгаад л байдаг нэгэнт одоо зүгээр би багш болно гэдгээ мэдэж байгаа хирнээ бас л хүүхэд нас байсан болохоор тэр болгон ухамсарладаггүй дутуу дулимаг л байдаг юм байна лээ л дээ, жишээлбэл одоо журналын нэр бичихэд чинь эхлээд А-аас нь эхэлсэн, эхэлж бичээд А-ийн дараа ордог дараа нь Б орсон хүүхдээ бичээд гэх мэтчилэн их нарийн байдаг байсан л даа тэр үед чинь, тэрнийг болвол багшийн сургуулиас би сураагүй, тэр багш нар анзаардаггүй байсан уу, заагаагүй байсан юмуу, заасныг нь анзаараагүй өнгөрсөн байсан юмуу, тэгээд л эхлээд л журнал бичихээс авахуулаад л хүнд чинь ерөөсөө мэдэхгүй, чадахгүй юм таардаг юм, тэгээд л өнөөдүүлээсээ за яаж бичдэг юм, яадаг юм, за хүүхдийг ингээд нэр дуудаад асуухад яаж дуугарвал амар байдаг юм, тэр чинь их л сонин л доо, жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй юмуу, жаахан ээрүүдүү хүүхэд байлаа гэхэд өнөөдөхийн чинь нэрийг их цочимог дуудчих юм болвол гарч ирээд л хаг хуг гээд л гацаад ерөөсөө дуугарч чаддаггүй, за тэрнийг тэгээд мэддэг болж байгаа юм, за тэр бэлдэж байгаарай одоо энэний дараа гарна шүү гээд зөөлөн хэлчихээд тэгээд яахад болвол нөгөө хүүхэд чинь гараад сайхан чөлөөтэй яриад л явна гэх мэтчилэнгийн юмнуудыг болвол дандаа хүн амьдралаас л сурдаг юм байна. Ер нь л өөр байдаг юм байна лээ тийм амьдрал дээр болвол, ер нь ажиллаад л би их юм сурсан юм байна даа л гэж ойлгодог юм, ерөөсөө тэр цаг ашиглах, өөрийнхөө боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэдтэй ажиллах тэр бүх юмыг болвол би амьдралаас л суралцсан л даа. тэр чинь эхлээд л тэр Халиунд очиход чинь би Норов багшийн зөвшөөрөлтэй нэг жилийн хугацаатай очсон ерөөсөө томилолт, тэгээд эргээд нутагт чинь сул гарна, тэгээд дараа жил нь болсон чинь нөгөө манай захирал Дорж гээч хүн байсан даа, их шаардлагатай, их чанга, хатуу хүн байсан юм. Тэгээд нэг жил болсон нөгөө ер нь тэгээд овоо ч юм хийсэн тэгээд л энийг явуулж болохгүй л гэж ойлгосон юм шиг байгаа юм, тэгээд явуулаагүй л дээ. Дараа жил нь одоо би явъя гээд Норов дарга дээр ороод ирсэн чинь өнөө захирал чинь орж ирчихээд наад хүнийг чинь явуулахгүй гээд л тэгсэн тэгээд л одоо би ч бага залуу ч байсан нэг их юм хэлээ ч үгүй тэгээд л гэр орноо авчираад л суурьшсан даа, тэгээд 7 жил болж байж л арай гэж нэг юм тавьсан даа намайг.
Оюунтунгалаг -
Гэр орноо авчирч суурьшина гэдэг чинь юу гэсэн үгүү, ээж, дүү нараа авчирч?
Нямжав -
Тийм, би чинь эхлээд ерөөсөө ганцаараа очсон л доо, 1 жилийн хугацаатай юм чинь бас нааш цааш эд нарыг чирээд яахав, тэгээд цалингийнхаа хэдэн цаасыг аваад, тэгээд нэг 7 жил болсон л доо. Тэгээд тэр хооронд чинь тэднээсээ гэрлэж бараалаад, үр хүүхэдтэй болоод тэгээд 7 жилийн дараа Жаргаланд дахиж очсон л доо, тэгээд Жаргаланд хөдөлмөрийн багш хийж байгаад эрхлэгч болоод л, эрхлэгчээсээ багийн дарга нэг 4 жил хийгээд тэгээд л тэрнээс хойш за даа хүүхдийн дуу чимээ ч хэцүү юм гээд энд 58, 62, 68-р сургуульд багшлаач гээд манай нутгийн нэг хүүхэд захирал нь байдаг юм, тэр нэг 2 удаа гуйсан за даа одоо төвөг би зүгээр нэг ийм жижүүр манааны юм хийе гээд энд орчихсон юм. Тэр үед чинь одоо шаардлага их өндөр, өөрөө ч өөртөө шаардлага тавьдаг, гаднаас ч шаардлага ихтэй ер нь цаг наргүй л ажилчихдаг байсан, тэрүүгээрээ муудаагүй, их л юм сурдаг юм байна лээ, одоотой харьцуулаад харахад болвол нэгдүгээрт багш ч ялгаа алга, оюутан ч ялгаа алга, хүнээр юм хэлүүлэх нэлээн дургүй, өөрийнхөө зөнгөөр л байж байдаг болчихсон юм уу л гэж би ажиглаж байгаа юм. Өөртөө шаардлага байхгүй болдог юм байна.
Оюунтунгалаг -
Тэгээд та ингээд харж байхад ер нь таны бодож байгаа, таны мэдэж байгаа хэмжээнд төрөөс боловсролын байгууллагад ер нь яаж оролцож байв, боловсролыг яаж удирдаж байв, сургуулийг яаж удирдаж байв, ер нь боловсролд төр яаж нөлөөлсөн гэж боддог вэ?
Нямжав -
Ер нь миний сурч байх хугацаанд ч, ажиллаж байх хугацаанд ч гэсэн төрөөс болвол ер нь боловсролыг ер нь сайн хардаг байсан гэж би үздэг юм. Яагаад гэхээр боловсон хүчнийг нь бэлтгээд гээд өгчихөж байна, материаллаг баазыг нь бэхжүүлээд өгчихөж байна, за тэр үзүүлэн гэхэд чинь одоо хуварилаад л бүр сум сумаар нь жил болгон ээлжлээд л өгдөг байсан, тэр үед чинь одоо их сайхан сайхан үзүүлэн хэрэглэл, техник хэрэгсэл эд нар болвол их л байсан, тэр үедээ болвол яг одооны хэрэглэж байгаа техник хэрэгсэл байгаагүй ч гэсэн тухайн үедээ болвол дэвшилттэй техник хэрэгсэл их өгдөг байсан л даа, жишээлбэл одоо хөдөлмөрийн хичээлээр л гэхэд одоо харуул хөрөөний снок, тэгээд призер, гар багаж харуулууд чинь болвол одоо чөлөөтэй хангалттай, 30 хүүхэд нэг ээлжинд хэрэглэчихээр материал бэлдээд өгчихдөг байсан. Тэгээд сүлийн үеийнх нь болвол улам багаж, тоног төхөөрөмж нь боловсронгуй болсон л доо, яам, шалгалт шүүлэг их ирдэг байлаа, хүрээлэнгийн үзлэг гэж, яамны үзлэг гээд л 4 жил, 5 жил болоод л нэг очдог, тэр чинь одоо хүний хийсэн юмыг нэг дүгнэчихдэг, эргээд харчихдаг, за нөгөө тэр ирнэ ш дээ гээд хүн чинь бэлтгэчихдэг тийм үе байсан юм, одоо сүүлийн үед болвол хяналт шалгалтын юмнууд нэг жаахан цөөрсөн байх, улам боловсронгуй л болсон байх. Тийм л байсан юм даа, ер нь бүх юм төрөөс хангагдчихдаг байсан даа, сүүлийн үеийн одоо энэ сургуулиуд чинь ихэнх нь, их дээд сургууль ч олонтой болсон юм байна, тэгээд мэргэжилтэн бэлтгэх дээрээ болвол ажиглаж байхад янз янз алаг цоог л юмуу даа. Хувийн сургуулиуд дотор сайн юм ч их байна, саар юм ч их л харагдаж байх юм, за арай бодоод ярихад энэ төрийн өмчтэй сургуулиуд болвол арай өөр юмуу гэж ажиглагдаж байгаа юм надад. Тэгээд жил болгон хийдэг тэрүүгээрээ одоо нэг жилийнхээ боловсролын хүрээнд болж байгаа өөрчлөлт, өөрчлөх ийм дэвшилттэй юмнуудаа дүгнэж яриад багш нарт одоо их нөр их юм өгдөг байсан учраас ерөөсөө л тэр цэнэгээрээ нэг жилийг багш нар авдаг байсан юм. Тэрнийг чинь тэгээд мэргэжлээр өгнө, нийт дунд нь өгнө, заримдаа өөр аймаг суманд туршлага судлах журмаар үзүүлнэ л дээ, улсын тэргүүний сургууль гэж байхад Завханд очоод л тэр сургуулийг нь үзээд л нийтээрээ байг гэхэд мэргэжлээрээ явна, ээлжилж явна тийм юмнууд болвол нэлээн их сайн хийгддэг байсан, тэр болвол хүнд, сургуульд их юм өгдөг, хэдийгээр хүний хийсэн юмыг дуурайгаад хийж байгаа ч гэсэн бас нэг дэвшилттэй юм гардаг л байсан юм тэрнээс, хамгийн сүүлчийн одоо энэ Бууцагааны биеийн тамирын талбай одоо улсад нэгдүгээр байр эзэлсэн талбай чи явж үзээд зураг хөргийг нь хийж ирээд хэрэгжүүл гээд намайг явуулж байлаа.
Оюунтунгалаг -
Хаана байхад?
Нямжав -
Жаргаланд эрхлэгч байхад, тэгээд би тэрнийг нь ирээд л Жаргаланд нэг тийм талбай байгуулж өгсөн л дөө гэх мэтчилэн л ерөөсөө.
Оюунтунгалаг -
Тэр чинь бүр Баянхонгор явуулж байна гэсэн үг биз дээ?
Нямжав -
Тийм, Баянхонгор тэр чинь.
Оюунтунгалаг -
Баянхонгорын Бууцагаан сумд уу?
Нямжав -
Тийм, 400 гаруй км явж байгаа юм бүр машин дээр дээгүүр нь бүхээг татчихсан сум сумаас нэг нэг хүн.
Оюунтунгалаг -
За.
Нямжав -
Тэгээд тэрнийг чинь аваачиж ажил хэрэг болгож байгаа юм даа. За тэгээд яахав шүүмжлэлтэй хандах юмыг нь шүүмжлэлтэй хандана, яг дуурайх юмаа дуурайна, өөр болгохыг нь өөрчилнө гэх мэтчилэн л одоо боловсролын төлөө зүтгэдэг байсан л даа.
Оюунтунгалаг -
Төр болвол бас л нэлээн чиглүүлж бас хангалтыг нь их сайн хангаж өгдөг байсан байх тээ?
Нямжав -
Тийм, ерөөсөө л багшийг чинь ажиллахаас өөр юмгүй л болгоод тавьчихаж байгаа юм, бүх юм нь бэлэн одоо үзүүлэн, тоног төхөөрөмж, зүгээр одоотой адилхан энэ хэвлэхийн төхөөрөмжүүд болвол тийм сайн байгаагүй л дээ тэр үед чинь, хамгийн гол нь л одоо бичгийн машинаар хувилчихсан нэлээн юмнууд ирнэ, тэгээд тэрнийг нь үзүүлэн мүзүүлэн болгоно, янз бүрийн юм болгоно, олшруулна, тарааж өгөх материал хийнэ. Үзүүлэх нээлттэй хичээл гээч юмыг багш нарын хооронд их явуулна даа, тэр чинь бас хүнд хүнээс сурах юм их байдаг юм, хүнд ч өгчих юм байдаг юм, тэр их зүгээр л байсан. Тэр туршлага судлах ч болвол одоо тэр үед ганц түгээмэл хийж байсан юм бол одоо тэр туслах сонин сэтгүүл дээр хаана юу л гарав, Төмөр багшийн тэр монгол хэл уран зохиолын кабинет л гэхэд чинь Сурган хүмүүжүүлэх сэтгүүл дээр зураг мурагтайгаа тэр тарааж өгөх материал эд нар чинь ингээд л ганц нэгээрээ хэвлэгдээд л гарна, өнөөдөхийг чинь дуурайна, хийнэ. Тэгээд янз бүрийн олимпиадууд их явдаг байлаа, монгол хэлний ч байдаг юмуу, математикийн ч байдаг юмуу, тэгээд сүүлдээ нөгөө үзүүлэх хичээл заах аргын уралдаан тэд нар чинь их юм өгнөө ер нь багш нарт болвол. Тэгээд энд тэндээс төлөөлөгч, яамны улсууд хичээлд их сууна тэр чинь хөдөө. Тэгээд одоо бодоход болвол тэр үедээ болж л байсан юм их л бас л бүдүүлэгдүү хоцрогдуу байж дээ л гэж бодож байгаа юм, тэр техник хэрэгсэлийн хувьд ч гэсэн тухайн үедээ болоод л байсан болохоос биш одоогийн энэ өндөрлөгөөс харахад болвол тэр чинь одоо энэ техник хэрэгсэл эд нар чинь ховор одоо энэ диафильм эд нар чинь болвол төрөл төрлөөрөө мэргэжлээрээ ингээд ингээд хайрцагтайгаа яваад оччихно, хааяа нэг энэ лити мити чинь ерөөсөө байхгүй байсан үе л дээ, хааяа нэг ийм сургалт... аймгийн төв дээр сургалт заах аргын төв мөвүүдэд л ганц нэг байна, семинар, лекцийн үед л тэрнийг нэг ажиллуулж үзүүлнэ. Тэгээд би нэг диафильм гаргадаг нэг тийм хямдхаан сургуулиудад элбэг юм л тэр, зүгээр одоо дуугүй юм л багш тайлбарлаад л зургийг нь дэлгэцэн дээр гаргах үүрэгтэй, тэгээд би нэг бас нэг багш нарын үзүүлэнгийн уралдаан гэж бас болно л доо, шилдэг үзүүлэн шалгаруулдаг ШБОС эд нар гээд л тийм юм болдог, тэгээд нэг тэр диафильм гаргадаг аппаратыг өөрчлөөд удирдлагатай болгоод цахилгаанд залгаад одоо лити л дээ, лити маягаар хийгээд зүгээр эвдэрхий цагны механизм дээр нь зоож байгаад өнөөдөхийг нь нэг муу ийм соосог мосогны реминээр холбоод тэрнийгээ раамлаад туузаа эргүүлдэг юу диафильмээ энэ проектор эд нар ч одоо ер нь ховор л доо хааяа нэг тэгээд л яаж байсан нэг үзүүлэндээ шалгарч л байсан юм, тэгэхэд ч одоо бодохоор их бүдүүлэг л юм хийж байсан байгаа юм, яахав зүгээр нөгөө юуг нь гараараа эргүүлнэ л дээ плёнкоо нэг ийм хажуудаа чихтэй тэрний оронд тэрийг нь яахав удирдлагаар зүгээр шууд автомат л болгож байгаа л хэрэг л дээ. Тэгээд тэрний дараа лити мити чинь тараад л хүрээд ирсэн, тэгээд тэрний чинь хажууд шараа болоод тэрнийг чинь тэгээд хаячихаж байгаа юм чинь.
Оюунтунгалаг -
Тэгээд боловсролыг төр ямар ч байсан удирдаж чиглүүлээд?
Нямжав -
Тийм чиглүүлээд боловсрол болвол ямар ч байсан төрийн хараа хяналтанд байсан л даа. Тийм ч учраас тэгээд энэ бүх улсууд бичигтэн болсон байх. Сүүлд нь одоо тэр монгол хэл энэ уйгаржин бичгийг чинь бас нэг баахан маргаж маргаж нэгдүгээр ангиас нь заана, дунд ангид нь заана эд нар гээд л тэр үед чинь одоо би эрхлэгч байлаа, нэгдүгээр ангид одоо энэ манай нэг охин тэрүүгээр дамжсан л даа, анх эхэлж уйгаржин заагаад тэгээд сүүлд нь дунд ангид нь оруулж байж монгол хэлээ заагаад тэр үед ч бас л их хэцүү л юм байна лээ, хоёр хоёуланг нь мэддэг гэхэд хэцүү, мэддэггүй гэхэд хэцүү болгоод тавьчихсан ямар ч байсан тэгээд сүүлд нь тэр хүүхдүүд чинь ингээд охиноороо төлөөлүүлээд харахад тэгээд л нөгөө ном, сонин хэвлэл нь инэнх нь кирилл дээр байдаг учраас тэрнийг түлхүү яагаад л наадахаа ямар ч байсан нэг уншдаг болдог л юм байна лээ. Туршилтын бас нэг тийм алдаа малдаа байсан л даа тэгээд сүүлдээ тэд нар чинь засагдах нь засагдаад л яваад л ирсэн юм байгаа юм.
Оюунтунгалаг -
Та түрүүн хэллээ нөгөө аав чинь 13 настайдаа нас барсан гэж тэгээд та ер нь нөгөө айлын том хүү юм чинь өрхийн тэргүүлэгч эд нар гэж нэрлэгдэх үү, тэгээд дүү нараа одоо сургуульд та өөрөө хүргэж өгдөг эд нар байсан уу?
Нямжав -
Тэгнэ л дээ тэрнийг чинь одоо хамгийн том хүүхдээр нь л нэрлэнэ. Манай нутагт чинь одоо Нямжав хүү л гэнэ тэр нь хүү гэдэг дагавар нь яахав гэхээр өрх толгойлсон хүүхэд байгаа юмаа л гэсэн үг л дээ тэр чинь, дандаа тийм хүү, тэр хүү л эд нар л гэнэ. Тэгээд энэ хэдийг чинь би чинь өөрөө тэгээд л муу эхдээ нэмэр болоод л одоо тэр 13-тай хүүхэд чинь гэр орноо барьчихна, нүүчихнэ, тэгээд ерөөсөө л одоо эрэгтэй хүний хийх үүргийг бүгдийг нь л гүйцэтгэдэг, дүү нараа сургуульд аваачиж өгнө, тэр үед чинь одоо Баян-Уул 10 жил болчихсон байлаа, тэгээд л мотоциклоор хааяа нэг хагас сайн бүтэн сайнд авчирна, хүргэж өгнө тиймэрхүү байдлаар л юу яасан. Тэгээд л одоо тэр мод, чулуу түлээ бүх л бэлдэх юмнуудыг болвол тэгээд амьтан ах дүү юу бас ажилд дайчлагдана зуны амралт энэ тэрээр өвс хадлан тэр нийтийн ажилд болвол бас л нөгөө өрх тэргүүлж л явна л даа нэг хүн явна гэхээр нөгөө дүү нар чинь бага, ээж тэгээд сааль сүү гэр орныхоо ажлыг хийнэ, тэгээд бүх юм тэнд чинь тэгээд л ер нь болвол ажлыг болвол багаасаа л сурсан даа ер нь, тэгээд одоо ч мөн тэрүүгээрээ л ерөөсөө юмыг санаанд орвол хийж байж л сална, түүнээс хийгээгүй нөхцөлдөө маргааш зарим үед боломжгүй үед болвол маргааш гээд орхичихсон ажил болвол заавал санаанд байж байж л нөгөөдөхөө хийхгүй л бол санаа амардаггүй, тэгээд тэр үеийн тэр сэхээтнүүд болвол хүнээр юм хийгээд сургачихдаг тэгээд ер нь хүний шахалт шаардлагагүй л одоо тэр захирлууд чинь болвол одоо хүнийг тийм л болгочихдог, за одоо хуралтай л гэхэд чинь тэгээд л зарлаж дуулсан л болвол заавал шахаж шаардуулахгүйгээр өөрөө ирээд л суучихдаг тийм л болчихдог юм байна лээ. Тэгээд одоо манай дүү нар, хүүхдүүд ч гэсэн ер нь ажил төрөлд гайгүй шүү ер нь хүний нэг их дор орохгүй оёх шидэх эмэгтэй нь, эрэгтэй нь ойр зуурынхаа хийх юмнуудыг болвол хийчихнэ. Тэгээд одоо энэ төв газар чинь хийх юм багатай учраас бас тэгээд нэг оюуны сурах талын л юмаа л хийнэ үү гэхээр өөр юмгүй болгочихдог юм байна ер нь, хөдөөгийн нөхцөлд бол ерөөсөө л хүн зүгээр суух арга байхгүй тийм.
Оюунтунгалаг -
Та ер нь гадаадад сурч байв уу?
Нямжав -
Гадаад ёстой яваагүй дээ би ер нь. Орос хэлийг болвол харин дунд сургуульд байхдаа би их сайн сонирхдог байсан л даа. Юу ярьж байлаа?
Оюунтунгалаг -
Орос хэл, орос хэл сурсан тухайгаа?
Нямжав -
Аан тийм, тэгээд энэ Базаррагчаа гэж манай монгол хэлний багш энэ Батчулуун багш ч гэсэн орос хэл ордог байсан юм, тэгээд ер нь гайгүй тэр үедээ болвол гайгүй л байсан ямар юмаа нэг их юу яахав дээ, тэгээд багшийн сургуульд болвол яахав нэг тийм дүрэм мүрмийн л юм үзнэ нэг их тийм ярианы юм нэг их өгдөггүй л байсан. Тэгээд гарч ирээд яахав аргагүй шаардлагаар энэ зөвлөлтийн нэг сургууль үйлдвэрлэл гэсэн сэтгүүл гардаг байсан юм мэргэжлийн тэрнийг тэгээд нухсаар байгаад мэргэжлийн юманд гайгүй хальт хультай болж байсан одоо тэгээд эргээд хэрэглэхгүй болохоор бараг алга болсон юм шив дээ, хэрэглэхгүй юм, яахав техникийн одоо нэг янз бүрийн машин техникийн яахав нэг тийм зааварчлагаа энэ тэрийг нь болвол хүнээс гуйлгүй ойлгочихдог л юм өөр нэг их юм байхгүй.
Оюунтунгалаг -
Таныг бага ер нь тэр сургууль дээр чинь ч юмуу, танай суманд янз бүрийн театр, кино, кино ший одоо тийм янз бүрийн үзвэр ирдэг байв уу, та үзэж байв уу, танд их тэр үеэс нөлөөлсөн юм байна уу?
Нямжав -
Өө тэр чинь сумын төв нэг жижигхэн клубтэй, тэндээ киногоо гаргана. Анх эхэлж би чинь сургуульд суугаагүй байхдаа тэр манайхны гадаа нэг улсууд ирээд нэг кино гээч юм гарах юм гэж зарлаад тэгээд одоо энэ Монгол хүү байсан юмуу Алтан түлхүүр л гэдэг нэртэй байсан санагдаад байх юм нэг тийм дуугүй кино.
Оюунтунгалаг -
Дуугүй кино?
Нямжав -
Гадаа гарсан тэрнийг улсууд их сонирхдог байсан нэг тийм одоо аппарат эд нар нь одоо энэ сүүлийн үеийнхээс бүдүүлэгдүү л юм байсан санагддаг юм. Тэгээд сургуульд орсон хойно болвол Өндөр нуруу гээд нэг хүн кино гаргадаг байлаа тэр хөдөө 25 мөнгөөр гаргана, 7 хоногт нэг үзүүлнэ.
Оюунтунгалаг -
Хэдэн мөнгөөрөө?
Нямжав -
Тийм, 25 мөнгөөр үзүүлдэг байсан юм. Тэр үед чинь одоо кино дуутай болчихсон байсан л даа, өнгө мөнгө байхгүй зүгээр хар тийм кино гарна, за урлагын тоглолт бол хааяа хааяа ирнэ, сумын уран сайханчид гэж бас нэг хэсэг улсууд байна тэд нар тэгж л кино үзэж, ер нь ихэнх киног болвол одоо бага ангид үзсэн дээ, тэгэхдээ цөөхөөн нэг киног болвол их олон гаргана.
Оюунтунгалаг -
За.
Нямжав -
Хүүхдүүд бас юу пионерийн шугмаар бас янз бүрийн тоглолтууд өөрсдөө тоглоно хааяа нэг, шинэ жил мэлээр болвол багт наадамаа их гоё тоглодог л байсан, бүүр нөгөө 12 жилийг чинь бодитоор нь хийгээд л баг тийм юмнууд нэлээн хийгддэг байсан. За сумын төвд болвол нэг тийм тоглолт болвол хааяа хааяахан ирнээ одоотой адилхан яг Улаанбаатар энэ тэрээс ямар юм байха вэ зүгээр аймаг маймаг юмуу зэргэлдээ сумуудаас ирж тоглоно. Хүүхдүүд бас жүжиг мүжиг, шог гараа эд нар бэлдэж байгаад тийм юм бэлдэж аваад бас зэргэлдээ сумуудаараа тоглоно сургуулиудтайгаа Баян-Уул, Жаргалан хоорондоо солилцох жишээний тиймэрхүү л үе байсан. За дунд сургуульд орсон хойно болвол бас нэлээн л өргөн болсон л доо, клуб нь томроод л, кино нэлээн давтахаа байгаад ирсэн л дээ бас Зөвлөлтийн тэр үед чинь Монголын киноноос гадна Зөвлөлтийн кинонууд нэлээн тавигдана, ер нь өөр болвол байхгүй л дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд танд ер нь яг ямар кино, ямар үйл явдал нь ч гэдэг юмуу одоо бүр сэтгэлд хоногшиж үлдээд тэрэн шиг болох юмсан ч гэдэг юмуу таны амьдралд нөлөөлж байсан юм байна уу ер нь?
Нямжав -
За нэг их тийм ч юм байхгүй ээ. Тэр Монгол хүүг л их сонирхдог, үнэхээр одоо ийм юм байсан л юм байна даа л гэж ер нь тэр хөдөөгийн амьдралыг чинь зөвхөн бид нар чинь нөгөө сумын хэмжээнээс гарч мэддэггүй байсан учраас тэр киногоор чинь бас арай хүрээ нь өргөжөөд ирэхээр их л гайхдаг байсан л даа бид нар тэгээд жүжигчин нь одоо яадаг юм бол энэ яаж тоглож байж зургийг авдаг юм бол, тэр үед чинь бас нэг их тийм тэр болгон зураг аваад байх юм ерөөсөө байдаггүй хааяа нэг ийм одоо нарны гэрэл мэрэл ашиглаж, эд нарыг ингээд эвлүүлж байгаад кино хийчихдэг юм байх даа гэж л боддог байсан, их л сонин сонин санагдана тэр чинь дуутай гадаадын кино.
Оюунтунгалаг -
Тэгээд гэрэл тусгаж байж яана гэнээ та шилэнд?
Нямжав -
Дулаан гэрлээр бүрхэж байгаад нэг дөрвөлжин хайрцаг хийгээд л нарны гэрэл дээр тавьж байж зураг мургаа угаадаг байсан тэр чинь одоо нөгөө өсгөгч мөсгөгч гээч юм байхгүй, аппарат л хааяа нэг багшид байна тэгээд тэр багш л хааяа нэг тэгж нэг зураг угаана, тухайн үедээ болж л байсан юм хар зураг л даа, өнгөт гэж байх биш. Тэгээд бид нар чинь зураг хөргөө авахуулаад л тэгж угаагаад л сүүлдээ ч тэгээд өсгөгч эд нартай болоод л их сайхан, бид нарыг чинь бас дагуулаад л зураг авч сургаж байна гээд л багш нар чинь бас дугуйлангууд их сайн хичээллэдэг байсан л даа тэр үед чинь янз янзын, зургийн дугуйлан, жүжгийнх, уран зохиолын дугуйлан эд нар гээд, дугуйлангууд болвол их сайн тэр үеийн чинь багш нар ер нь тал бүрийн авъяастай л байсан, аль нэг нэг дугуйлан хариуцаж авна тэгээд ямарч байсан нэг жилдээ болвол тэгээд л сургах юмаа сургачихсан л байдаг байсан даа.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ер нь маш их гүнзгий нөлөөлсөн ямар нэгэн үйл явдал байна уу, тэр ер нь ямар үйл явдал вэ, маш их гүнзгий гүн нөлөөлсөн?
Нямжав -
За ер нь ч яахав тэгээд хүнд янз янзын юм тааралдаж л байдаг юм. Тэгээд ер нь надад одоо их гүнзгий нөлөөлсөн юм болвол ханиасаа хагацсан тэр өдөр л надад их хэцүү байсан юм. Тэгээд хэдэн хүүхдийг нь хүний дайтай болгоё, өсгөе гээд л одоо зүтгэж яваа нь энэ л дээ. Бас баярлах үед баярлаад, гомдох үед гомдож л байсан. Эцэг эх цувраад л нас барж л байсан тэр үед бас нэг хүүхэд байсан болохоороо бас нэг тухайн үедээ гашуудаж байсан тэгээд удалгүй тайтгардаг байсан юм шиг л байгаа юм. Тэгээд ер нь яваандаа болвол хүний ер нь эцэг эхээс илүү хүний хажуудах илүү байдаг юм байна гэдгийг би ойлгож авсан. Тэгээд хүүхдүүддээ одоо ханьтай болсон улсууд одоо хоорондоо эвтэй, эетэй бие биенийхээ үгийг хүндэлж явж бай, хүн амьд байхад нь хажууд нь байхдаа мэддэггүй юмаа ер нь тийм байдаг юм байна шүү аав чинь одоо биеэрээ үзлээ, хажуудахаа хүндэлж яваарай л гэж захидаг юм даа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр олон жил ханилсан уу та хоёр?
Нямжав -
Бид хоёр чинь одоо 73 онд гэрлээд 31 жил ханилж 2004 онд өнгөрсөн л дөө. Тэгээд би одоо боддог нь тэр л дээ ер нь хүний эцэг эхээс ч илүү байдаг юм байна гэж.
Оюунтунгалаг -
Тэгээд та хоёр чинь одоо анх яаж гэрлэж байв, тэгээд одоо хэдэн хүүхэдтэй болов?
Нямжав -
Одоо бид 2 ч яахав манай талийгаачийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш гэж байсан юм дээр үед тэгж ажиллаж байгаад би багш болж ирээд тэгээд яахав танилцаж, үерхэж байж байгаад 73 онд гэрлэсэн л дээ. Тэгээд хүний газар тэр үед ч бас гэрлэхэд хэцүү л дээ ер нь ах дүүгээсээ хол тэгээд багш нар гэдэг чинь сайхан хамт олон байдаг юм чинь нэг нэг ажил дээрээсээ хувааж аваад л би яахав гэрээ бэлдээд л доторх юмнуудаа өөрөө хийгээд бэлэн болгочихсон тэгээд өнөөдүүл чинь гуйхыг нь гуйгаад хонь маланд явах нь яваад тэгээд л нэг өдөр гэрлэчихсэн тэгээд 4 хүүхэдтэй, хоёр нь банди, хоёр нь охин.
Оюунтунгалаг -
Тэгээд ямарч байсан эд хогшил юмаа өөрөө бас бэлдээд?
Нямжав -
Тийм тэр үед чинь яахав зүгээр мод ховор нөгөө багаж байсан учраас өөрөө бэлдээд шал мал эд нарыг чинь болвол өөрөө л хийгээд шүүгээ тэд нарыг чинь өөрөө хийнэ, тэр үед чинь энэ цахилгаан багаж гэж ерөөсөө байхгүй, сургуулиудаар нэг их тэгж тараагүй ганц нэгхэн гайгүй төвийн сургуулиуд болвол снокуудтай, хөдөөний сургуулиуд болвол ховор зүгээр дандаа гар багажтай л байсан тэгээд өөрсдөө тэр үеийн чинь улсууд дандаа гар багажаар л хийнэ л дээ. Сумын төвд нэг модны цехтэй хааяа нэг бүүр том юмаа болвол тэр дээр авч очиж харуулдаж авна, тэгээд бусдыг нь гараар хийчихдэг л байсан юм. Тэр үедээ болвол болж л байсан, одоо болвол тэр тавилга чинь өнөөдөр хүүхдүүдэд тавиад өгөх юм болвол гологдоод хачин юм болохгүй юу.
Оюунтунгалаг -
/инээв/ Таны амьдралд ер нь ер бусын бусдаас онцгой гэж үзэхээр ер нь ямар зүйл байв аа, яагаад та онцгой гэж үздэг вэ ер нь, бусдаас онцгой?
Нямжав -
За даа нэг их тийм бусдаас онцгой ч юм надад нэг их таараагүй ээ.
Оюунтунгалаг -
Ер бусын тохиолдол ч юмуу ер нь тийм юм байна уу, тэгж бодогддог?
Нямжав -
Тэр зүгээр нэг тийм юу л байдаг юм манай нэг өвөг эцгийн нэг тохиолдсон юм тэр л надад их сонин санагддаг юм, тэр мартагдаггүй юм. Манай энэ өвөг удам болвол бүгдээрээ л анчин байсан улсууд гэж байгаа юм. Яахав тэр үед чинь одоо нөгөө амьдрал бас л нэг даржин ядуу бас Алтайгаас ганц нэг юм алаад идчихдэг, хорио цээр нь ч бага л байсан юм шиг байгаа юм. Манай аав болвол ер нь сайн буудна, нүд болвол ер нь гайхалтай хүн байсан гэж тэр хамт явсан, ажиллаж байсан нутаглаж байсан улсууд нь ярьдаг юм. Дурангаас илүү үздэг байсан гэж, нүд үнэхээр хөгжсөн хүн байсан юм гэдэг л юм. Бүүр тэнд дурангаар үзэхгүй байгаа гөрөөсний үс хөдөлж байна л гэж ярьдаг байсан тэр болвол их сайн хараатай байсан юм шиг байгаа юм. Тэгээд би одоо яагаад дуурайдаггүй юм бол гээд байхнээ нөгөө хэвтэж ном уншсны гай л тэрүүгээрээ гарсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр манай өвөг эцэг нөгөө тийм голын сав газар нутаглаж байсан байгаа юм, тэр үед одоо нэг заримдаа эд нар чинь уул хаданд гарахаараа гэр...
Оюунтунгалаг -
Аа тэгээд?
Нямжав -
Тэгээд нэг голын сав газар нутаглаж байсан юм байна, тэгээд эд нар чинь бас дандаа ийм нөгөө унаа ачлага дандаа сарлагаар л ууланд нүүнэ, өөр нэг их юм байхгүй тэгээд заримдаа энэ чинь газар газар нөгөө модны гишүү мишүүгээр урц барина л даа, орон байр тэгээд тэрэндээ шилжээд явчихна заримдаа тэгээд нэг майхантай л байсан юмуу, бага гэртэй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд хашир хөгшин анд явсан байгаа юм. тэгээд нэг буга буудсан байна, тэгээд тэр цахиур буу шүү дээ одооны хурдан буу байхгүй, цахиур буу чинь одоо дадсан хүн л буудна уу гэхээс биш дадаагүй хүн болвол юун амьтан буудахдаа битгий хэл бай буудахад хэцүү л дээ. Тэгээд өнөөдөхөө төхөөрч авчихаад нэг муу унагатай гүү унаж явсан байна л даа тэр анд, төхөөрч тавчихаад унаагаа ойртуулах тэгээд унаагаа ойртуулах гээд хүрээд ирсэн нөгөө унааг нь чоно идчихсэн байна л даа, тэгээд одоо яасан юм бэ дээ тэр даахаараа л үүрсэн юм байлгүй дээ нөгөө бугынхаа махнаас гэртээ нэг юм явмаглаад хүрээд ирсэн чинь гэр нь үерт урсаад явчихсан байсан гэж байгаа юм.
Оюунтунгалаг -
/уулга алдав/
Нямжав -
Тэгээд л манай нөхөр ерөөсөө энэ ангаас боллоо гэдгээ мэдсэн гэж байгаа юм. Тэгээд л ерөөсөө хойдхи урдахдаа захисан юм нь тэр гэж байгаа юм даа, за энэнээс хойш буга руу битгий буу шагайгаарай. Тэгээд тэр буга руу буу битгий шагайж бай гэдгийг аавд захисан тэгээд наад хүүхдүүд нь ч ан хийдэггүй байж. Тэгээд аав надад захиж үлдээсэн дээ одоо манайхан болвол буга руу буу шагайна гэж байхгүй, ер нь шагайхын ч аргагүй сайхан амьтан л даа ер нь буга болвол, тэрнийг л би их гайхдаг юм даа ер нь. Тэр тэгээд одоо алж болдоггүй ан алаад тэр нь таараагүй юм болов уу. Ер нь буга болвол эвэрээ газар тавьж унах юм болвол алсан хүндээ их муу. Буганд мөргөж байж бүр зөвшөөрөл гуйж байж өөрөөс нь бууддаг юм гэнэ лээ л дээ гарцаагүй алах тохиолдолд болвол.
Оюунтунгалаг -
Бугыг?
Нямжав -
Тэрний тэр л их сонин юм. Тэгээд байгальтай буруу харьцах ч байдаг юмуу ер нь тэгээд хүнд чинь бас нэг таардаг таардаггүй ан байдаг юм шиг байгаа юм. Ер нь бугыг болвол нэг их манай нутагт болвол алахгүй л дээ харин согоог эмийг болвол харин хааяа нэг хулгайгаар алчихсан л байдаг л юм. Тийм л юм байдаг юм даа тэрнийг би гайхаад л байдаг юм тэр.
Оюунтунгалаг -
Та ер нь өөрөө та ер нь ан хийдэг үү, хийж байсан уу?
Нямжав -
Би болвол яахав дээ нэг их том ч яагаагүй зүгээр нэг ямаа мамаа хааяа нэг тарвага, туулайны ан хийж байсан л даа.
Оюунтунгалаг -
Ямаа гэдэг нь янгир ямаа юу?
Нямжав -
Тийм, дээх нь үедээ болвол тэр чинь зөвшөөрөл гайгүй л дээ. Сүүлийн үед нөгөө дархан цаазтай болчихоод л алахаа байчихсан болохоос биш. Тарвага болвол тэгээд л хориотой үед нь болвол ганц хийдэг ан л тарвага л даа, манай нутагт тарвага ч элбэгтэй байсан одоо харин ховордчихсон юм шиг байна лээ. Гол нь тэр үе болвол арьсыг нь худалдаж нэг их юу яаж байгаагүй, маханд л болно, нөгөө багаасаа идээд сурчихсан юм чинь ерөөсөө тэгээд тарваганы мах руу л ямар ч танихгүй айлд байж байхад болвол гуйгаад л идчихнэ, хонины махыг болвол хоол хийгээд өгчих гэж гуйхгүй шүү дээ, ангийн мах тийм л байдаг юм. Хааяа нэг энэ зах махаар явж байгаад нэг олоод идчихдэг байсан одоо ч бүр ховордоод олдохоо ч байсан. Сүүлдээ идэхээ байчихаар нэг их санаанд орохоо байчихдаг юм шив дээ. Түүнээс энэ хотод орж ирсний дараа болвол ер нь их үгүйлдэг байсан шүү, заримдаа ч амтагдаад ч байх шиг болоод архины хүн шиг л болчихдог юм шиг байгаа юм.
Оюунтунгалаг -
/инээв/ Сайхан мах шүү уг нь тийм ээ, их сайхан амттай, жаахан идүүлээд зүгээр яачихдаг.
Нямжав -
Тийм, шингүүр сайтай.
Оюунтунгалаг -
Их өег айхтар, амт үнэр их бас өвөрмөц.
Нямжав -
Тэр чинь чаналтаасаа бас ер нь сайхан муухай нь болвол, тарваганы махыг зөөлөн галаар их удаан нитгэлээр хамаад чанах юм болвол их гоё болно. Зүгээр нэг зарим айлууд бол үстэй ноостой нь нэг тэгж ингээд нэг дэв буцалгаад гаргачихсан мах бол нэг их идье гэж бодогддоггүй л юм. нэг их сайхан идчихмээр сайхан чанасан мах бол.
Оюунтунгалаг -
Та тэгээд тарвага агнахдаа бол хангай дэлхийгээс тарвага одоо агнах гэж байна энэ тэр гэж гуйж зөвшөөрөл эд нар авах уу?
Нямжав -
Үгүй ер нь яахав эцэг өвгөдийг дагаж би чинь тэр үед чинь арай нэг буу бариулдаггүй, барих ч үгүй л дээ цахиур буугаар ер нь чадах ч үгүй байсан тэгээд тэд нарын морь малыг л барина л даа, тэгээд нэг хамар даваад буудчихаад ирэхийн хооронд морийг нь бариад л дагуулдаг, тэд нар чинь бас байгаль дэлхийгээ аргаддаг. Тэгээд байгаль дэлхий дээр чинь ангийн юу гэж нэг юм байдаг юмаа одоо мартчихаж “өндөр хөх тэнгэр минь, өвөртөө байгаа...
Оюунтунгалаг -
Аан, өндөр хөх?
Нямжав -
ангийн сүргээсээ хайрла” гэж ийм мөн тийм амны уншлага байдаг юм л даа тэгээд би бас заримыг нь мартчихаж, тэгж байж л буудна л даа. Тэгээд ангийг чинь болвол ямар үзэгдсэн харагдснаар нь алах биш тэгээд хэрэгцээгээ хангаад нэг хорхог боодог хийчихмээр юмаа аваад л тэгээд яваад өгнө л дөө. Хамгийн гол нь ан гэдэг чинь хүнийг цэвэр агаарт бас нэг сайхан амралт л болдог юм л даа. Түүнээс одоо сүүлийн үед болвол тарвагыг чинь нөгөө арьсыг нь хэрэглэх гээд л хядаад чадах чадахгүй амьтан хядаад дуусчихаж байгаа юм. Би болвол тэгж нэг тийм үс ноос, мөнгө олох зорилгоор болвол ерөөсөө алаагүй л дээ, хорхой дарна. Тэгээд энэ бас хааяа нэг юм аваад ирдэг болохоор хүүхдүүд чинь сурчихдаг юм, тэгээд аав юмтай ирнэ гээд л хараад сууж байдаг.
Оюунтунгалаг -
/инээв/
Нямжав -
Тэгээд яахав нэг ээлжийн хорхог, боодогоо хийчихээд л илүү гарснаа идэхээ идчихээд л аваад ирнэ. Сайхан л амралт болдог юм.
Оюунтунгалаг -
За ингээд хоёулаа таны бага нас, сургууль соёлын тухай тийм ээ, ажил эрхэлж байсан тухай чинь үндсэндээ яриад дууслаа шүү дээ тийм ээ.
Нямжав -
Аанха.
Оюунтунгалаг -
За их баярлалаа энэ тухай ярьж өгсөнд.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.