Bazarragchaa
![](../assets/images/interviewees/990025.jpg)
Basic information
Interviewee ID: 990025
Name: Bazarragchaa
Parent's name: Dash
Ovog: Ildenhai
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Ih Jargal sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder (died)
Father's profession: herder (died)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
work
democracy
childhood
education / cultural production
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
student life
military service
privatization
pension
work / labour
private life
black market
democracy
authority
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
За юуны өмнө манай энэ аман түүх судалгааны төсөлд оролцож ярилцлага өгөх гэж болсонд баярлалаа. Тэгээд та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу? Аль аймагт төрсөн, аль суманд төрсөн, эхээс хэдүүлээ вэ? Хүүхэд нас яаж өнгөрөв.
Базаррагчаа -
За би Хөвсгөл аймгийн Их жаргал суманд ард Дашийн гэр бүлд анхдугаар хүүхэд болж төрсөн. Бага насаа мал аж ахуй дээр өнгөрөөгөөд 1957 сургуульд орж анх Их жаргал суманд нэг дүгээр ангид орж төгсөөд 1964 онд Шинэ өдрийн долоон жилээ төгссөн.
Цэцэгжаргал -
Таныг бага сургуульд байхад тухайн үеийн сургууль ямар байсан, хүүхэд насны сонин дурсамжуудаасаа хуваалцана уу?
Базаррагчаа -
За даа одоо чиг тийм сонин гээд байх дурсамж ч юу байх вэ дээ. Бид нар нэг ийм дугуй гараар урласан тийм бойтгон гуталтай, нэхий дээлтэй
Цэцэгжаргал -
Аахаан
Базаррагчаа -
Одоо тийм л сургуульд сурч байлаа. Долоодугаар ангидаа нэг тийм гар хийцийн бойтгон гуталтай, гар хийцний даавуун цүнхтэй явж байж сургууль төгсөж байсан.
Цэцэгжаргал -
Аанхаан
Базаррагчаа -
Одоо тийм дурсамжтай үе гэх юм бол яахав хааяа нэг сумын клубт кино гарна. Түүнийг хүүхдүүдэд үзүүлэхгүй цонхоор нь бид шагайж харах маягтай. Бид нэр ер нь кино мино үзэх юм байдаггүй байсан радио ч байхгүй, кино ч байхгүй одоо нэг л тиймэрхүү л өнгөрөөсөндөө.
Цэцэгжаргал -
Долоон жилийн сургуулиа төгсөөд ер нь хаана ямар ажил хийв? Цааш нь сурсан уу, эсвэл ямар ажил хийсэн үү?
Базаррагчаа -
Шин-Идэрийн долоон жилийг 1964 онд төгсөөд Завхан аймагт барилгын техник мэргэжилийн сургуултд хоёр жил сурч өрлөгчний мэргэжлээр төгсөж ирээд аймгийн барилга конторт өрлөгчин хийж 3, 4 барилгад дээр ажиллаж байгаад 1968 онд ардын цэрэгт явсандаа.
Цэцэгжаргал -
Тухайн үед Хөвсгөлөөс оюутан болоод барилгын сургуульд очлоо. Тухайн үеийн оюутан цагийн дурсамж, оюутнуудын байр байдал нөхцөл ямар байсан бэ? Тухайлбал Хөвсгөлөөс өөр аймагт сурахаар очиход бэрхшээлтэй зүйл байсан уу?
Базаррагчаа -
Тэр үед тийм бэрхшээлтэй хүндрэлтэй зүйл ерөөсөө ч байгаагүй. Биднийг аймгийн төвөөс тусгай бэлдсэн машинд ...30 гаруй хүүхэд явж байсан юмаа манай аймгаас. Тэгээд яваад очиход Завхан аймгийн Улиасиай хотын төв дээр одоо тэр барилгын ТМС-ийн сургуулийн хашаан дотор байр бэлэн, хоол бэлэн, хувцас бэлэн тийм л байдлаар хүлээж авч биднүүдийг сургасан. Орос багштай, мэргэжлийн орос багш нар заадаг байсан. Тэгээл тэнд хоёр жил одоо ном эрдэм, ерөнхий эрдэм үзнэ, практик хийж Завханд бид нар нэг чулуун барилга бариж өгсөн.
Цэцэгжаргал -
Аахаан
Базаррагчаа -
Ахуй үйлчилгээний. Одоо практик л юмдаа. Одоо манай сургууль тэгж л анхны төгсөлтийг л бид нар хийж байсан юм даа. Завханы барилга дээрээс.
Цэцэгжаргал -
Та цэргийн албыг хаана хаав, ямархуу цэрэг байв? Ер нь цэргийн амьдралыг яаж өнгөрөөв?
Базаррагчаа -
За 1968 онд ардын цэрэгт татагдаж очоод Улаан хуаранд арын албаны батлионд очиж нэг жил болоод, 1969 онд Дорно говийн Зүүн баянд мото буудлагын 2-р бригад зохион байгуулагдахад тэнд очиж, мото буудлагын ангид их бууны девизид орж байж байгаад тэндээсээ халагдаж ирсэн.
Цэцэгжаргал -
Хотоос Зүүн баянд шилжин ирэх шалтгаан юу байсан бэ, Ямар цэргүүдийг сонгож явуулсан бэ?
Базаррагчаа -
За ер нь яахуу сонголт ч гэх юм уу юу байсан юм. Батлан хамгаалах яамаас анги бүрээс тэд тэчнээн хүн өг. Цэрэгжилт, байлдааны бэлтгэл сайтай тиймэрхүү хүүхдүүдийг л өг гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэр үед манай арын албанаас 4 цэрэг, нэг рот л байсан юм даа. Бидний цэргүүд Зүүн баянд очиж их бууны девизид цэргийн алба хаасан.
Цэцэгжаргал -
Зүүн баянд цэргийн алба хаахад таньд хүндрэлтэй байсан уу?
Базаррагчаа -
За яахав жирийн хаадаг албаны адилаар хаасан. Орон нутгийн байдалд хангайн хүн говьд очиж байхад жаахан хүндрэлтэй байсан, элсэн шуурга, тэр айхтар халуун нар, тэр голио царцаа янз бүрийн юмнууд нарт дасаагүй байсан болохоор жаахан хүнддүү байсан. Гэхдээ яахав цэргийн цэргийн хүн, тэгээд болоод л болоод л хоёр жил болоод халагдсан.
Цэцэгжаргал -
Тухайн үеийн цэргүүдэд сургалт суталчилгааны ямар ажлууд зохиогддог байсан бэ? Цэргийн эрдэм таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Базаррагчаа -
За сургалт суталчилгааны ажил, ер нь миний бодлын хэмжээнд бол дээд цэгтээ идэвитэй байсан байх. Өглөө босоол бид нар чинь гемнастик хийгээд, тэгээд унд хоолондоо ороод, тэгээд ерөнхий эрдмийн сургуультай бол тэрийгээ үзнэ, аа байлдааны бэлтгэл сургуультай байсан бол тэрүүндээ гарна. Бүх юм цагийн хуваарьтай ер нь тийм зүгээр суух цаг зав ховорхондуу л байдаг байсан даа тэр үед.
Цэцэгжаргал -
Аанхаа. За тэгээд цэргээс халаддаж ирээд хаана амьдрав? Ямар ажил хийв?
Базаррагчаа -
За цэргээс халагдаж ирээд олон ажил хийсэн. Халагдаж ирсэн жилээ аймгийн зам ангид нэг жил болж, одоо Хөвсгөл далайн хоолойн гүүр барилцаад хойшоо Түнэл суманд нэг модон гүүр ингээд хоёр гүүр бариад, тэгээд трактор камбайны курсэд сурч трактор, комбайны жолооч болоод. Тэгээд хүрч ирээд аймгийнбарилга конторт байж байгаад 1984 онд хөдөө гарсан даа.
Цэцэгжаргал -
Барилга конторт ямар ажил хийж байсан бэ?
Базаррагчаа -
Барилга конторт ерөөсөө л нормын ажил тувт хийж байсан.
Цэцэгжаргал -
Хөдөө гарах болсон шалтгаан юу байсан вэ?
Базаррагчаа -
За яахуу хөдөө гарах болсон шалтгаан гэвэл аймгийн төв дээр байгаад байж болох л байсан. Гэхдээ хөдөө гарвал таван малтай болох юмсан, бас нэг амьдрал ахуйгаа жаахан дээшлүүлэх юмсан гэсэн бодолтой хөдөө гарсан. Ах дүү нараа бараадсан. Тэр үед ах дүү нар хөдөө малтай голдуу байдаг байсан. Тэгээд хөдөө гарсан юм даа.
Цэцэгжаргал -
Аль суманд гарсан вэ?
Базаррагчаа -
Галт суманд гарсан.
Цэцэгжаргал -
Хөдөө шилжиж очоод малаа хаанаас авсан? Худалдаж авсан уу?
Базаррагчаа -
За яахав хөдөө очоод идэш хоол бол эхний жил ах, дүү нар хангаж өгөж байсан даа. Дараа жилээс нь өөрийнхөө ажил хийсэн хөлсөөрөө мал ахуй янз бүрийн юм худалдаж авч ах, дүү нар дээрээ тавиад...тэгээд л өөрийн гэсэн тоолуулах малтай болсон.
Цэцэгжаргал -
Сумын төв дээр байсан юм уу? Хөдөө байсан юм уу?
Базаррагчаа -
Сумын төв дээр.
Цэцэгжаргал -
Сумын төв дээр ажил хийв үү? Ямар ажил хийсэн бэ?
Базаррагчаа -
Сумын төв дээр ажил хийсэн. Эхлээд очихдоо Галт суманд хашаа, худгийн бригадын даргаар очсон. Тэгээд бригадын даргаар нэг жил ажлаад, нэгдлийн туслах нягтлан хийсэн. Тэгээд туслах нягтлан байж байгаад өмч хувьчлал гараад тэгээд л хөдөө мал дээр гарсан даа.
Цэцэгжаргал -
Өмч хувьчлал хэдэн оны үед болсон, хэдэн оноос малчин болов?
Базаррагчаа -
Энэ чинь одоо 90 онд биз дээ тэр өмч хувьчлал чинь.1991 онд бид нар өмч хувьчлалаа хийж яг нэгдлийнхээ бүх малыг хувьчилж дуусаад ... би яахуу мал хариуцсан нягтлан байсан. Тэгээд л малаа хувьчилж дуусаад л өөрөө нэг хэдэн мал аваад хөдөө мал дээр гарсан.
Цэцэгжаргал -
Мал анх хувьчилж байхад өөрөө хариуцаад ажиллаж байсан юм байна. Тэр үед мал хувьчлахад бэрхшээлтэй зүйл юу байсан бэ? Тухайн үеийн хувьчлалыг та юу гэж үзэж байв?
Базаррагчаа -
за яахуу тухайн үеийн хувьчлал бид нарт өгөөжөө өгөх нь өгсөөн гэж боддог би яахуу гардаж байсны хувьд. Авч байсан улсууд юу гэж боддогыг мэдэхгүй ер нь. Тэр үедээ юм хатуу байлаа ш дээ. Одоо бид нар чинь ягаан тасалбараараа 3000 төгрөгний мал авна гэхэд хонь 100 төгрөг байсиймаа. 3000 төгрөгний ягаан тасалбараар 30 хонь авдаг байсан. Тэгэхэд мал маллаж байсан хүн 2 төлөг, 5 төлөг, 10 төлөг хорогдуулчихсан байхад нөгөөхийг чинь хувьчлалаас суутгаад авчихдаг. 30 төлөг авах байсан хүнээс чинь 10 төлөг үхүүлчихсэн бол 20 төлөг өгдөг нэгдэл.
Цэцэгжаргал -
Мал маллаж байсан хүнд жаахан хэцүү байсан юм байнаа даа.
Базаррагчаа -
Ер нь бол хэцүүвтэр байсан шүү. Тэгээд яахуу зарим зүйлд нэг нь яахуу сэргэлэн нэг нь бол янз бүрийн юм хийж үхсэн барьсан гэж янз бүрийн мал идээ наашин цааш нь болгох янз бүрийн байсан л байх.
Цэцэгжаргал -
Таны хувьд ягаан тасалбараар авсан уу?
Базаррагчаа -
Бид нар ер нь ягаан тасалбараар хувьчилж авсан. Хонь гэхэд л жижиг үнэтэй л дээ зуун хэдэн төгрөг, үхэр гэхэд л гурван зуун хэдэн төгрөг гээд л тэр үед чинь мал гэхэд хямдхан байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Та тухайн үед ягаан тасалбараараараа боломжийн амьжиргааны малаа хувьчилж авч чадсан уу?
Базаррагчаа -
За би ч одоо... манай хөгшин байна, хүүхдүүд байна нийлээд ямар ч байсан 30 аад хонь, 5 ямаа, 3 тугалтай үнээ, 2 унагатай гүү авч байсан шиг санагдаж байна. За яахуу мал маллаж үзээгүй хүнд анхны хувьд тийм мал авчихад их л мал санагддаг юм байна лээ. Тэгээд яахуу сүүлд нь дан алаад идчих биш аятайхан маллаад би ч өсгөсөн дөө /инээмсэглэв/. Өсгөөд нэг сайн азарга адуутай болсон, 50-60 үхэртэй болсон, 100 гаран богтой болсон. Тэгээд л бүл муутай болохоор өнөөхийгөө маллаж чадахгүй тэгээд л суурин бараадсан.
Цэцэгжаргал -
Албан хаагч хүн малчин болчихоор хүндрэлтэй зүйл байв уу? Хувийн өмчтэй болоод ямар сэтгэгдэл төрж байв?
Базаррагчаа -
Сайхан байсан, малтай хувийн өмчтэй болж байна гэж бодохоор сэтгэл хангалуун байсаан. Би өөрийн юмтай хүн шүү дээ, өөрөө өөрийнхаа малыг маллаж байна, өөрөө өөрийнхөө амьдралын төлөө зүьгэж байна гэж бодоход бол надад сэтгэл хангалуун байсан. Гэхдээ яг мал маллагааны ажлыг яг хийж үзээгүй шахуу, бага насандаа л л нэг хийж байсан хүн чинь шантрах, бороо шороо, өвлийн хүйтэн нойтонд шантрах, няцах юм байлгүй яах вэ дээ байна зүгээр. Гэхдээ яах вэ өөрийнхөө хувийн юмыг маллаж байна гэж бодохоор хүнд бол сэтгэл өег байдаг юм байна лээ.
Цэцэгжаргал -
Таны ойр орчимд амьдарч байсан хамаатан саднуудын хувьд мал хувьчлалаар сэтгэл хангалуун үлдэж чадсан уу? Хувьчлалын дараа малчдын амьдрал ямархуу байсан бэ?
Базаррагчаа -
За яахуу манай ах дүү нарын хувьд ер нь сэтгэл ханамжтай байсан байх гэж бодож байна. Ер нь манай ах дүү нар дотор сэтгэл гонсгор, одоо ч муу ч яваа хүн байхгүй. Түрүүчээсээ 2 ч мянгат малчин төрлөө. Тийм учраас тийм сэтгэл дундуур үлдсэн хүн байхгүй байх.
Цэцэгжаргал -
Та мал хувьчлах ажилд оролцож явсан хүн юм байна. Галт суманд анх мал хувьчлалыг яаж зарлаж, хүмүүст хүргэж байсан бэ?
Базаррагчаа -
Гүй тэрнийг чинь одоо мэдэхгүй, нэг тийм цэнхэр тасалбар ирээл ийм л юмаар л ингээл мал хувьчлах юм гэнэ лээ, ягаан тасалбараар нь мал хувьчлах юм гэнэ лээ, цэнхэр тасалбараар нь үндсэн хөрөнгө хувьчлах юм гэнэ лээ гэсэн нэг ийм л юм дээрээс ирсэн. Тэгээд тэрнийгээ ерөөсөө нэг нэгдэлд ирээл нэг 7 хоногийн өмнө бид нартсуман дээр сумын орлогч нэг семинар өгөөд л, тэгээд л ерөөсөө бүх бригадуудад хөдөө яв гээл бүх албан хаагчдыг хөдөө явуулаал бүх малчдаар орж нэг орж ирээл 7 хоногын дотор л тэгээд л буцаал эргээд гарсан тал тал тийшээ хувьчлал хийхээр.
Цэцэгжаргал -
Тухайн үед хэдэн он байсан бэ? Албан хаагчдын хөдөө ямар ажил хийлгэхээр гаргаж байв?
Базаррагчаа -
Яахуу бид нарыг тэр цэнхэр тасалбарыг хурааж аваад л малыг нь өөрт нь хувьчилж өгөөд, падаан бичээд малын данснаас хасаад, тэгээд таны мал шүү гэж хүлээлгэж өгөөд, аа энэ үлдсэн нь нэгдлийн мал, тэдэн мал үлдэнэ үүнийг зааглаад ир гээд л явуулсан.
Цэцэгжаргал -
Хэдэн он байсан гэнээ?
Базаррагчаа -
1990 он байгаа бид дээ нөгөө хувьчлалын чинь.
Цэцэгжаргал -
Мал хувьчлал хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Малчдад болон мал хувьчлаад авч байсан сумын төвийн иргэдийн амьжиргаанд яаж нөлөөлсөн бэ?
Базаррагчаа -
хүмүүсийн амьжиргаанд сайн талаасаа л нөлөөлсөн байлгүй бодвол. Гэхдээ тэр үед чинь сумын төв гэхэд хоосорч байсан шүү дээ, бүгд хөдөө. Хувьчилсан таван малаа аваал ёстой нөгөө өөрөө өөрийнхөө бор шороон дээр л цөөхөн цөөхөн таван малаа туугаад л тэгээд л очиж байсн үе шүү дээ. Тэгэхдээр тэр хүний амьдралд муу талаасаа нөлөөлөөгүй ээ. Ямар ч байсан өгөөжөө өгөх нь өгсөн, зохих ёсны өгөөжөө өгсөн.
Цэцэгжаргал -
Мал хувьчлалаар малчид төдийгүй сумын төвийн иргэд ч мал хувьчилж авч байсан уу?
Базаррагчаа -
Сумын төвийн улсуудад хувьчлалгүй яадгийн, нэгдлийн гишүүн байсан бүх хүнд өгч байсан шүү дээ. Тэр чинь одоо нэгдлийн гишүүн байсан бүх хүнд өгч байсан, яахуу албан хаагчдад өгөхгүй байсан л даа.
Цэцэгжаргал -
Тухайн үед сумын төв дээр амьдарч байсан хүмүүсийн ямар хэсэг нь албан хаагчид, ямар хэсэг нь нэгдлийн гишүүн гэж хуваагдаж байсан юм бэ?
Базаррагчаа -
Гүй яахуу сургууль, эмнэлэг гээд төсвийн байгууллагын улсууд, яг тэнд ажиллаж байгаа ажиллагсад бол тэр үедээ нэгдлийн гишүүн гэж тооцогддоггүй албан хаагч нар гэж тооцогддог байсан юм. Гэхдээ сумын төв дээр хүүхдээ хараад орж ирсэн хөгшчүүл, хүүхдээ сургуульд суургаж байгаа хөгшин хүмүүс байдаг шүү дээ тэр чинь бүгд нэгдлийн гишүүд. Гэхдээ албан хаагчдын дунд ч нэгдлийн гишүүд байсан.
Цэцэгжаргал -
Аан. Татвар төлдөг байсиймуу.
Базаррагчаа -
Үгүй, татвар төлөхгүй. Нэгдлийн гишүүн гээд хуучин нэгдэлд малаа хувьчилсан анхны, анх нэгдэл байгуулахад малаа хувьчилчихсан албан хаагчид байгаа ш дээ. Тэр 90 оны үед чинь 50-аас дээш насны улсууд бол голдуу нэгдлийн гишүүд байсан. Тэр улсууд бол нэгдлийн гишүүнийхээ үнэмлэхээр нь, яг нутгийн улсууд бол нэг нэгнийгээ мэдэж байгаа юм чинь. Энэ нэгдлийн гишүүн байх учиртай, тэдэн мал хувьчилсан энүүнд мал өгөхгүй бол болохгүй гэсэн байдлаар бид нар өгч байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Тухайн үед мал хувьчлахад нэг хэсэг нь малын хувьчлалаас хүртэж чадахгүй үлдэх, эсвэл нэг хэсэг нь арай илүү хүртэх тийм тохиолдол байсан уу?
Базаррагчаа -
За байгаагүй ээ. Тэр үед бол жигдхэн хувьчлагдсан. Авах ёстой зүйлээ, яг гишүүн жинхэнэ малаа маллаж байгаа хүн бол давуу эрхээрээ өөрийнхөө малнаас шилээд авна. Тэгээд тэр албан хаагч маагч улсууд, сумын төвд байгаа улсуудад тэр сууриас тэчнээн хонь ав гэхэд нэг жаахан тааруухан шиг л юм өгнө ш дээ мэдээжийн хэрэг. Тиймэрхүү байдлаар л хувьчлагдсан. Тэрнээс биш сэтгэл гонсгор, би авах юмаа авч чадсангүйдээ гэж сэтгэл гонсгор үлдсэн хүн Галтад нээх байгаагүй дээ.
Цэцэгжаргал -
Мал хувьчлах үйл явц эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатайгаар туссан уу?
Базаррагчаа -
Тийм ялгаа ерөөсөө байгаагүй, эрэгтэй эмэгтэй ч ялгаагүй, малчин хүний хүүхэд ч хүртэл авсан ш дээ.
Цэцэгжаргал -
Хүүхдүүдэд хүртэл хувьчилж байсан юм байна ш дээ?
Базаррагчаа -
Хүүхдүүдэд нь ч өгч байсан ш дээ, өгнө
Цэцэгжаргал -
Мал маллаж байгаад шууд Мөрөнд шилжиж ирсэн үү? Хэдэн онд, ямар шалтгаанаар буцаад суурин газар бараадах болсон бэ?
Базаррагчаа -
Гүй яахуу, нэгдүгээрт нас жаахан өндөр болсон шиг байна. Тэгээд төв хийсэн малтай болчихсон, тэрнийгээ маллаж чадахаа байгаад ам бүл цөөтэй. Тийм учраас л таван малаа маллаж чадахгүй болохлээр тэрнийгээ зарж борлуулчаал тэгээд төв суурин газар бараадах л гэж орж ирсэн.
Цэцэгжаргал -
Хэдэн онд Мөрөнд шилжиж ирсэн бэ?
Базаррагчаа -
2002 он л юм даа.
Цэцэгжаргал -
Таны амьдралд гүн нөлөөлсөн ямар нэг үйл явдал байдаг уу? Байдаг бол тэр нь юу вэ?
Базаррагчаа -
За одоо тэрийг ёстой санахгүй байна.
Цэцэгжаргал -
Онцгой үйл явдал байсан уу?
Базаррагчаа -
Ёстой тэр нэг онцгой үйл явдал болчлоо доо гэж надад санагдах юм алга.
Цэцэгжаргал -
Таны ажил амьдралын замналаас харахад та албан хаагч байж байгаад гэнэт малчин болох нь тодорхой хэмжээгээр нэг эргэлт байжээ, энд юу нөлөөлсөн бэ?
Базаррагчаа -
Гүй тэр чинь одоо тэр үеийн нийгэм гэх юм уу, нийгэм л юм байгаа бид дээ. Мал хувьчлагдаад л сумын төв дээр би гэхэд мал аж ахуй хариуцсан нягтлан байсан хүн чинь малаа хувьчлаад тараагаад өгчихөөр мал хариуцсан нягтлан гэдэг хүн хэрэггүй болно биз дээ тэгээд л гарахаас өөр аргагүй ш дээ.
Цэцэгжаргал -
Аанхаа, таны малчин болох үйл явцад хувьчлал ....
Базаррагчаа -
Тийм, тэр чинь одоо тэгээд ажилгүй л болж байгаа гэсэн үг ш дээ.
Цэцэгжаргал -
Тухайн үед та өөрийгөө ажилгүй болчлоо гэж илүү мэдэрсэн үү, өөрийн гэсэн өмчтэй болчлоо гэж мэдэрсэн үү?
Базаррагчаа -
Би ажилгүй болчлоо гэж мэдэрсэн. Би одоо тэр үед чинь 50 гарчихсан одоо ер нь 10 аад 15 жилийн дараа тэтгэвэрь орно, тэгэхдээ би одоо дахиад өнөө нийгмийн даатгалын шимтгэл байхгүй, улсад ажилласан жил тасарна гэдэгт харамсаж байсан. Үнэндээ харамсаж байсан. Хоёрдугаарт өөрийн өмчтэй болсон гэдэгтээ бол сэтгэд өег байсан. За яахуу таван малаа маллаад байхад тэтгэвэр ч яах вэ дээ гэнгүй юм бодогддог л юм байна лээ хувийн өмчтэй болчихлээр.
Цэцэгжаргал -
та тэгээд тэтгэвэр тогтоолгож чадсан уу?
Базаррагчаа -
Чадсан.
Цэцэгжаргал -
Яаж?
Базаррагчаа -
Би яахуу тэнд байгаад гарахад улсад 26 жил, 8 сар ажилчихсан байсан тэрүүгээрээ л сая 60 хүрээд тэтгэвэрээ тогтоолгосон.
Цэцэгжаргал -
Насаараа л тогтоолгосон гэсэн үг үү?
Базаррагчаа -
Аанхаа 60 хүрээл тогтоолгосон. Тэрнээс биш би тэрнээс хойш улсад ажиллаад л яваад байсан бол 30 гаран 40 шахуу жил ажилласан байхгүй юу. Тэгэхдээр бас тэтгэвэрийн чинь доогуур тогтдог шалтгаан нь энэ байхгүй юу.
Цэцэгжаргал -
Аанхаа
Базаррагчаа -
Тэгэхлээр бас нэг жаахан хохиролтой л байгаан.
Цэцэгжаргал -
Таны амьдралын туршид хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн зүйл юу вэ? Өөрөөр хэлбэл таны одоо хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралд энэ л нэг онцгой мөч юм даа гэх хэлэхээр үе юу вэ?
Базаррагчаа -
За ёстой мэдэхгүй юмаа. Гүй одоо тэрнийгээ нэг л санахгүй байна. Зүгээр яахуу залуу байхдаа, цэргээс халагдаж ирсэнийхээ дараа за ер нь яах вэ дээ нэг ганц мотоцикл аваад уначих юм сан гэж бодогдоод л явдаг байсан. Тэгээд би нэг шинэ мотоцикл авч уначихаал нэг их хөөрч байсан юм. Өшөө ч нээх их хөөрч байсан юм санагдахгүй байна.
Цэцэгжаргал -
Тухайн үед мотоцикл ямар үнэтэй байсан бэ? Яагаад тэгж их мотоцикл авч унах юм сан гэж хүсч байсан юм бол?
Базаррагчаа -
Гүй одоо Техникт хорхойтой байснаас тэгсэн юм уу. Ер нь тэр үед мотоцикл ховор байлаа ш дээ. Ер нь л чөмөгтэйхэн нь шиг нь л мотоцикл унана шүү. 6000 төгрөгний үнэтэй байсан мотоцикл.
Цэцэгжаргал -
Бас овоо үнэтэй
Базаррагчаа -
Тийн. 3000 ч байсан. 3000 байж байгаад сүүлд нь 6000 болоод сүүлд нь 9000 болсон юм. Би 6000 төгрөг байхад нь авч унаж байсан шинэ мотоцикл. Тэгэхдээ л нилээн хөөрч байсан санагдах юм /Инээв/.
Цэцэгжаргал -
Та ямар ажил хийж байсан бэ тухайн үед?
Базаррагчаа -
Барилгад байсан.
Цэцэгжаргал -
Цалин хангалттай байсан уу?
Базаррагчаа -
Гүй яахуу сард нэг заримдаа 300, зарим сард 1000 хүргэж авна, зарим сард нэг 500-600 авна. Ингэж л хэлбэлздэг байсан нормын ажилтай хүн чинь.
Цэцэгжаргал -
Цалингаараа л мотоцикл аваад уначихсан юм байна. Тэр л их сэтгэл хөдөлгөсөн мөч байж дээ ?
Базаррагчаа -
Тийм, /Инээв/ Их л хөөрч байсан санагддаг юм.
Цэцэгжаргал -
Таны туулж ирсэн амьдралын талаар нилээд ярилцлаа. Манай аман түүх төслийн судалгаа 10 үндсэн сэдвийн дагуу явагдах юм. Таны амьдралын түүхийг сонсоод социализмын үеийн хүмүүсийн ажил хөдөлмөр, түүнд хандах хандлагын талаар илүү гүнзгийрүүлж ярья гэж бодлоо. Тухайн үед хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямар байсан бэ? Энэ байдал 90-ээд оноос хойш яаж өөрчлөгдсөн бэ, ялгаа байх юм уу?
Базаррагчаа -
Байх юмаа. Бидний үед бол яг нэг ажил хариуцаад аваад хийвэл ерөөсөө тэрнийхээ төлөө л, одоо үүнийг л муу хийчихгүй юм сан, аль болох сайн хийх юм сан гэж бүр зүтгэл гаргаж хийдэг байсан бид нар тэр үед. Дээрээс ч хатуу шаарддаг байсан. Одоо нам төвтэй байсан үе юмуу даа. Одоо ер нь тэгээд л намаас тийм ажил явуулж байна та нар ингэж хийх учиртай, тэгж хүнд суртал гаргаж болохгүй, энэ ажлыг тэгж цалгардуулж болохгүй, улсын өмчийг үрэгдүүлж болохгүй шамшигдуулж болохгүй гээд маш хатуу байсан бид нарын үед. Ажилгүй байж болохгүй. Ажилгүй хүнийг бараг ёстой чичилдэг байлаа ш дээ тэр үед чинь бидний үед бол.
Цэцэгжаргал -
Ажилгүй хүнд ямар нэг торгууль оногдуулж байсиймуу?
Базаррагчаа -
Үгүй ээ, тийм юм оногдуулахгүй. Гэхдээ л ер нь ажилгүй хүнд их дургүй дээ. Хүмүүс бол энэ ажилгүй шал дэмий гэж хандана. Тэгээд л ер нь нэг ажилд оруулах л юм, шүүх цагдаа хүртэл ажилд ор гэж шахаж шаардана, ажил хийлгэнэ.
Цэцэгжаргал -
Тэгэхээр тухайн үед ажилгүй хүн ховор байсан гэсэн үг үү?
Базаррагчаа -
Маш ховор \өндөр дуугаар хэлэв\.
Цэцэгжаргал -
Ямар хүмүүс ажилгүй байдаг байсан бэ?
Базаррагчаа -
Ховор доо, ер нь бие муутай тиймэрхүү хүмүүс л ажилгүй байхаас биш ажил бол ер нь хаана ч очсон ажил олдоно шүү дээ. Заавал ажил хийдэг, хийж бай гэж шаарддаг байсан юм бидний үед. Одоо бол ажил хийе гээд олдохгүй байгаа болчихсон байгаам даа.
Цэцэгжаргал -
Орчин үеийн хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямар харагдаж байна?
Базаррагчаа -
За даа ер нь мэдэхгүй одоо ч ер нь нэг сул даа. Ерөөсөө л нэг цаг нөхцөөсөн ажилтай хүмүүс харагдах юм. Одоо хоцорч явж байж болно. Зүгээр одоо нэг албан байгууллага дээр ороод нэг хүнээс нэг юм лавлаад асуухад л, төсвийн байгууллагын янз бүрийн удирдах байгууллага дээр ороод юм лавлахад нэг эрэгтэй ч бай нэг эмэгтэй ч бай компютероо хараад суучина, дуугардаггүй. Мэндлэхээр дуугарахгүй, юм асуухаар дуугарахгүй, тэгээд нөгөөхөө шагайгаад байгаад байна нэг товч мовч дараад л тоглож байдаг ч юм билүү, ажлаа хийдэг ч юм билүү ерөөсөө мэдэх юм алга. Тэгээд дахин дахин шаардаад байхаар урдаас ингэж нэг харчаад \үл тоомсорлосон байдал үзүүлэв\ тэгээд нэг ажил хариуцсан хүн юм болохлээр дуртай дургүй хариулт өгдөг. Аждын хариуцдага маш туу одооны залуучууд \дуугаа өндөрсгөв\.
Цэцэгжаргал -
Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ? Ямар шалгуур тавьдаг байв?
Базаррагчаа -
За бидний үед ч архи дарс уудаггүй, гэр бүлийн тогтвортой хүнийг л дуртай ажилд авдаг байлаа ш дээ ер нь. Энэ шалгуурыг хангасан хүн ажилд ороход хэцүү биш хаанаас ч олдоно. Наадах чинь гол шалгуур ч биш л дээ ер нь.
Цэцэгжаргал -
Хамгийн гол шалгуурууд нь...
Базаррагчаа -
За яахуу ял эдлээгүй зүгээр нэг жирийн иргэд бол хаана ч очоод өргөдөл өгөөд уулзахад ажил байвал авна л даа.
Цэцэгжаргал -
Мэргэжлийн диплом үнэмлэх шаарддаг байсан уу?
Базаррагчаа -
За яахуу мэргэжлийн ажил дээр бол дээд сургуулийн, дээд боловсролтой хүн хийх ёстой ажил энэ тэр гээд бий л дээ. Бас тийм ялгаа зааг байдаг юм шиг байгаан. Нэг албан газрын ерөнхий нягтлан гэхэд доод тал нь техниккум төгссөн хүн байж таарна биз дээ. Жирийн хүн зүгээр очоод ерөнхий нягтлан хийнэ гэж байхгүй биз дээ.
Цэцэгжаргал -
Одоо ажилд орох энэ процесс өөрчлөгдсөн үү?
Базаррагчаа -
За одооны ажилд орж байгаа байдлыг мэдэхгүй ёстой ажил сурдаггүй болохоор. Ёстой тэрийг мэдэх юм алга.
Цэцэгжаргал -
Таны ойр хавьд ажилд орох гэж хайж байсан хүн байна уу?
Базаррагчаа -
Байгаамаа. Би одоо энэ охиныгоо нэг ажилд оруулчдаг юм уу гэж бодоол. Мэргэжил ч байхгүй юм. Ингээд бодоход ер нь нэг тийм хийлгэчих ажил олдохгүй л байгаам даа.
Цэцэгжаргал -
Ажилд оруулчии гэхээр ямар шалгуур тавиад байна вэ?
Базаррагчаа -
Гүй ер нь насны хязгаар тавиад, биеийн өндөр яриад, царай зүс сайтай, за арай өнгө мөнгө ихтэй гэж арай л нэг хэлэхгүй байх юм даа. Тийм л юм яриад байгаам. Зарим нэг нь хөрөнгө мөнгөтэй хүнийг авна гэдэг байхаа.
Цэцэгжаргал -
Та социализмын үед олон ч төрлийн ажил хийж байж, ямар ажлыг хийж байхдаа хамгийн их сэтгэл хангалуун байдаг байсан бэ?
Базаррагчаа -
Дуртай байсан би, ямар ч ажилдаа дуртай байсан. Барилга дээр норм хийгээд тэр барилга дээр өвлийн хүйтэн, зуны халуунд халаад явж байхдаа дуртай байсан. Аан тэр алба хийгээд явж байхдаа ч дуртай байсан. Мал маллаад явж байхдаа ч дуртай байсан. Алинд нь ч дуртай байсан. Хүний амьдралын эх үүсвэр юм чинь. Ажил хийж байж л хүн амьдрана ш дээ. Ажил хийхгүй бол амьдрахгүй.
Цэцэгжаргал -
Социализмын дараа та малчин болсон билүү?
Базаррагчаа -
Өмч хувьчлалаас хойш уу, малчин л болсон, хувийхаа малыг л маллаж байсан.
Цэцэгжаргал -
Таны социализмын үед ажилдаа хандаж байсан хандлага 90-ээд оноос хойш мал хувьчлалын дараа өөрчлөгдсөн үү?
Базаррагчаа -
Өөрчлөгдөөгүй ээ өөрчлөгдөөгүй, зүгээр Социализмын үед, өмч хувьчлалын өмнө би улсад алба хааж байсан хүн, тэрнийхээ төлөө үнэнчээр ажиллаж байсан. Мал маллаад хөдөө гарах дээрээ зэрэг өөрийнхөө хувийн малын төлөө үнэнчээр ажиллахгүй яахуу. Тэрүүнд бол нээх чанарын ялгаа байхгүй биз дээ.
Цэцэгжаргал -
Таны бахархал юу вэ?
Базаррагчаа -
За даа миний бахархал гээд байх юм ч юу байх вэ дээ \инээмсэглэв\. Одоо өдий хүртэл насалчихсан, бас нэг 60 гарталаа ингээд амьд явж байгаадаа л бахархах юм даа. Өшөө яахуу.
Цэцэгжаргал -
Улс орныхоо ч юм уу, нийгмийн талаар бахархаж буй зүйл байна уу?
Базаррагчаа -
Гүй яахуу энд аймгийнхаа төвьд явж байхад заримдаа өөрийнхөө барьсан барилгыг хараад энэ миний барьсан барилга юм шүү, үүн дээр би ажиллаж байсан шүү гээд харахад сайхан байдаг. Аа ажиллаж байсан албан газруудаа гээд жишээлэх юм бол одоо ингээд нэг очоод яахад сөнөчихсөн, хувьчлалаар тараад юу ч үгүй болсон балгас болчихсон байхыг хараад нэг харамсдаг. Иймэрхүү юмнууд ч бас байж л байх юм. Аа бас миний барьсан барилгыг нураагаад юу ч үгүй болгоод тавьчихасан байхыг хараад бас нэг харамсах юм. Тиймэрхүү л байна.
Цэцэгжаргал -
Байсан, бүтээсэн зүйл үгүй болсонд харамсдаг юм байна. Харин жигшин зэвүүцэж байгаа зүйл байна уу? Нийгмийн хувьд ч юм уу...
Базаррагчаа -
Энэ нийгмийн хувьд ч яах вэ дээ зүгээр нээх айхтар жигшээд зэвүү рүрээд байх зүйл ч юу байхуу. Гүй нэг бидний үед үзэгдээгүй бага бага охидууд архи уучихсан, янжуур зуучихсан яваад байгаа л нэг эгдүүн, нүдэнд хүйтэн харагдаад байгаа юм даа.
Цэцэгжаргал -
Социализмын үед ийм үзэгдэл байдаггүй байсан уу?
Базаррагчаа -
За би ер нь 50 гарталаа ер нь үзээгүй.
Цэцэгжаргал -
Энэ үзэгдэлд юу нөлөөлөөд байна вэ таны бодлоор?
Базаррагчаа -
Ер нь мэдэхгүймаа. Юу нөлөөлж байгаа гах юм бэ дээ. Орчин л ... нийгэм нөлөөлдгиймуу, орчин нөлөөлдгиймуу. Одоо ер нь тиймэрхүү л болуу гаж бодож байна даа. Тэрнээс биш тэрнийг чи ингээд архи уухгүй бол болохгүй гэж хэлээд байгаа хүн байхгүй биз дээ. Битгий архи уу л гэж хэлэх байх.
Цэцэгжаргал -
Социализмын үед хамгийн хэцүү санагддаг байсан зүйл юу вэ?
Базаррагчаа -
За тэр ажлын цаг барих л айхтар, өглөө ерөөсөө яс 8 цагт очно. 5 минут хожигдвол цалингаас хасна. Орой яс 6 цагт ажлаас бууна. Тэр цагыг л бид аюултай яс баридаг байсан даа бид. Цаг л маш хатуу баридаг байсан. Шаардлага их өндөр. Ажлын 8 цагыг л яс ажлын байран дээрээ байх ёстой, хийх ажилтай ч бай ажилгүй ч бай тэнд байж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан бидний үед ер нь.
Цэцэгжаргал -
Ажлын цагийг тухайн үед яаж хянадаг байсан бэ тухайн үед?
Базаррагчаа -
Бүртгэгч байна. Нэг албан газар гэхэд л нэг бүртгэгч байна. Заримдаа зарим албан газрууд ээлжлээд цаг бүртгэнэ бие биенийхээ цагийг. Тэгээл хянана шүү дээ. Тэгээд хоцорсон цагаас өнөөх 5 минут, өнөөдөр 5 минут хоцорсон, маргааш 10 минут хоцорсон гээл сард өнөөх чинь 30 хоногт явсаар байтал 2-3 цаг болчдог, төчнөөн төгрөг цалингаас хасчина. Тээх
Цэцэгжаргал -
Цалингаас хасахаас өөрөөр шийтгэж байсан уу?
Базаррагчаа -
За өөрөөр ч нээх тийм шийтгэл байгаагүй. Тийм их онц ноцтой хэрэг хийчихээгүй бол гайгүй л дээ. Цалинтай нь л ярина.
Цэцэгжаргал -
Тухайн үед таны ойр орчимд ажлаас хоцорч ажлын хариуцлага алдаж байсан хүн байсан уу?
Базаррагчаа -
Байсын байгаа биз дээ. Нарийн тооцож байсан биш яаж мэдэхүү.
Цэцэгжаргал -
Та хэр хоцорч цалингаасаа хасуулдаг байв?
Базаррагчаа -
Би ч гайгүй байсаан. Гайгүй \инээв\.
Цэцэгжаргал -
Хамгийн их цалингаас хасуулж байсан үеэ ...
Базаррагчаа -
Ай мэдэхгүй тэр яагаал хасуулж байсын билээ. Ер нь бага байсаан.
Цэцэгжаргал -
Тухайн үед ажил хийж байхад хамгийн хэцүү зүйл нь цаг барих байж. Амархандуу зүйл нь юу байсан бэ?
Базаррагчаа -
Юу гэх юм бэ дээ. Ажил хийж байгаа хүнд амархан юм ч гэж юу байх юм билээ дээ. Яахуу зүгээр, ажлын үед амархан юм юу ч байх билээ дээ.
Цэцэгжаргал -
Социализмын үед та ажил амьдралаа хэрхэн зохицуулж байв? Хувийн амьдрал... Хэдэн онд гэрлэв? Социализмын үед гэрлэхээр ганц бие хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гардаг байсан бэ?
Базаррагчаа -
Гүй яахуу бид нар чинь хувийнхаа юмыг амралтын үеэр л хийнэ шүү дээ хагас, бүтэн сайн өдөр. Хагас сайн өдөр үдээс хойш амрана, бүтэн сайн өдөр хийнэ. Тэгээд л орой, зуны цагт бол 6 цагт ажил тарна, тэрнээс хойш чөлөөтэй. Тэр үедээ хувийнхаа юмыг хийчинхнэ. Хувийн юм бол нээх айхтар сүр бадарсан юм байхгүй ш дээ одоог бодвол. Одоо үе шиг тийм бизнес, наймаа гэсэн юм байх биш. Орой ажлаасаа хүрч ирээл гэртээ нэг хоолоо идчээл тэгээл чөлөөтэй ш дээ. Яахуу нэг радио сонсоно заримдаа, заримдаа сонсонгүй. Телевизор гэж байхгүй. Тийм улч чинь тэгээд гэр зуурынхаа юмыг л хийж суухаас өөр юу хийх вэ дээ. Тийм л байсан.
Цэцэгжаргал -
Тухайн үед гэрлэх, хүүхэд өсгөж байжуулах, сургуульд сургахад бэрхшээлтэй зүйл байсан уу?
Базаррагчаа -
Нээх байхгүй дээ. Тэр үед чинь төрөөс бүхнийг хариуцна. Хүүхэд гаргаал тэрнийг чинь хүүхдийн мөнгийг нь өгнө бүх юмыг нь, тэгээд л ясли, цэцэрлэгт авчина, одоо өлгий анги гээд л байлаа тэр үед чинь ажил хийж байгаа хүмүүст ажил хийхэд чөлөөтэй сайхан байсан ш дээ тэр үед. Төр сайхан хардаг байсан ажил хийж байгаа улсуудыг.
Цэцэгжаргал -
Төр сайхан хардаг байсан гэлээ, Ажил хийж байгаа хүмүүст өөр ямар дэмжлэг үзүүлдэг байсан бэ?
Базаррагчаа -
Гүй одоо тэр чинь юу гэж ярих юм...
Цэцэгжаргал -
өөрөөр хэлбэл ажилчин ангийг төрөөс яаж харж үздэг байсан бэ?
Базаррагчаа -
Бүх юмыг төр даадаг байлаа ш дээ. Сургалт гэхэд л төрийн зардлаар сургуульд сурна. Хувиасаа таван цаас гаргах юм байхгүй дээ. Дээд сургуульд очоод сурсан ч л бүх юм төрийн юунд байсан ш дээ. ЕБС гэхэд үнэ төлбөр байхгүй, ТМС гэхэд төлбөр байхгүй бүгдийг нь төр хариуцдаг бүх юм төрийн нуруун дээр. Ажилчин анги бол ажил хийгээд л цалин аваад л өөрийнхөө амьдралыг зохицуулах юмаа л бодохоос биш бусад талаар санаа зовох юм байхгүй бүх юм төр хариуцаж явсан. Тийм учраас бэлэнчлэх сэтгэлд орчихсон гэх юм уу даа одоо. Тийм л амьдралаар амьдарсан улсууд.
Цэцэгжаргал -
Тэр бэлэнчлэх сэтгэлгээ социализмын дараах үеийн хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Базаррагчаа -
Тэр тийм ажил муутай, залхуу хойрго хүнд хүнд л байсан байх. Зүгээр ер нь бүх юмыг нь... дэлгүүрт ороход мах бэлэн, тэр нь хүнсний зүйл бүрэн байсан, чанартай баталгаатай байсан тийм үеэсээ гараад гэнэтхэн хомсдолд орохоор чинь цочирдох байх л даа. Цочирддог юм байна лээ уулаасаа. Картын бараанд ороол дэлгүүрт гэхэд л лангуун дээр давснаас өөр юм байхгүй болохлээр тэр үедээ цочирддог юм байна лээ. Би л гэхэд тамхи байхгүй болчоол нэг төлгөөр төмхи авч татаж байлаа. Нэг улаан тамхийг нэг төлгөөр авч татаж байсан би. Хэд хэдийг авч татсан би. 1990-ээд онд 1991 онд тийм л байсан.
Цэцэгжаргал -
Хувьчлалын дараа бараа их ховордсог юмаа даа.
Базаррагчаа -
Маш их ховордсон \Дуу чангарав\.
Цэцэгжаргал -
Тэр үед хүмүүсийн хэрэгцээг яаж хангаж байсан бэ?
Базаррагчаа -
Гүй яах вэ дээ, тийм төрөөс гурил будаагий нь картаар өгч байсан. Тамхи татдаг хүнд л гэхэд сард, 2 сард ч юм уу нэг улаан тамхи гэх хэлбэрээр. Тэгээд сүүлд нь хүчрэхээ болиол тэгээл ер нь яах вэ дээ Эрээн лүү ганзгын наймаачид явж эхлээл өнөө гадаад паспорт авч явж эхлээл Хятадын бараатай золгосон юм байгаан. Хүнс ч ялгаагүй бараа ч ялгаагүй одоо дан урд хөршөөс л хангагдаж байна шив дээ, дан хувийн юмаар. Төрөөс бол одоо тэрийг харин бол нуруун дээрээс ачаагаа авсан юм шиг байгаан.
Цэцэгжаргал -
Социализмын үед орчин үеийнх шиг наймаа хийдэг хүмүүс байсан уу?
Базаррагчаа -
Байхгүй. Социализмын үед бол ёстой тийм наймаа хийдэг хүнийг чинь дамын панзчин гэж үзэж ёстой үздэггүй байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Дамын панзчид юу зардаг байсан бэ?
Базаррагчаа -
Гүй яахав дээ, нэг дэлгүүрт 45-ын гутал, эмэгтэй хүний 45 төгрөгний гутал гарах юм гэхтэй зэрэг танил талаараа арын хаалгадаж аваад хөдөө гаргаад тэрүүнийг чинь нэг 100 төгрөгнөөс, 50 төгрөгнөөс, 60 төгрөгнөөс одоо тийм л маягаар л зарж байсан ш дээ. Тэрнээс биш хил давуулж яваад байх биш.
Цэцэгжаргал -
Барааны хомсдлыг далимдуулжуу?
Базаррагчаа -
Аанхаа, барааны хомсдлыг далимдуулж яахуу нөгөө ах дүү нараараа хуйвалдаж , одоо миний нэг төрсөн дүү худалдагч байлаа л гэхэд л тэрнээсээ тэрүүн дээр 45-ын гутал 10 ирсэн байлаа гэхэд 3-ыг нь ямар ч байсан авчина.
Цэцэгжаргал -
Тийм хүмүүс ажил хийдэг байсан уу?
Базаррагчаа -
Дамын наймаагаа ч хийнэ, ажил ч хийнэ. Ховор л доо тийм улс бол ёстой өдрийн од шиг гэж хэлэхээр.
Цэцэгжаргал -
Нийгмээс тэдэнд хандах хандлага бол таны хэлж байгаагаар эсрэл байжээ дээ.
Базаррагчаа -
Тиймээ тийм.
Цэцэгжаргал -
Таныг социализмын үед ажил хийж байхад ажлын хамт олон ямархуу уур амьсгалтай байв, хувь хүмүүёийн хамт олон дундаа эзлэх байр суурь ямар байв?
Базаррагчаа -
За даа ямар ч байгууллагын хамт олон бол их гэр бүлсэг л байсан даа бидний үед ер нь. Бие биедээ тусалдаг, дэмждэг. Жишээлбэл нэг нь өвчтэй зовлонтой болоход тал талаасаа тусалдаг, дэмждэг. Гэр орныг нь барилцаж өгөх тиймэрхүү хэлбэрээр л тусалдаг байсан. Ер нь л гэр бүлсэг д байсэн тэр үеийн ажилчидынх хамт олон.
Цэцэгжаргал -
Хамт олон тэгж гэр бүлсэг болоход нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?
Базаррагчаа -
Гүй одоо тэрүүнд ч нөлөөлөөд байх хүчин зүйлс ч гэж юу байх вэ дээ. Амьдрал нь баталгаатай, амьдрал жигд, ерөөсөө энэ чи бид 2 л гэхэд нэг ижилхэн амьдралтай нэг албан газар ажилладаг улс чинь, авдаг цалин ижил, бие биенээсээ дээр гэрээд байх зүйл байхгүй, бие биенийхээ доор орчих гээд байх юм байхгүй, авдаг цалин баталгаатай, бүх юм тогтмол үнэтэй тийм санаа зовох юмгүй тийм л байсан юм. Тийм учраас тэгж л бие биедээ итгэдэг байсан юм байгаа биз дээ бодвол.
Цэцэгжаргал -
Ижил нөхцөл байдал нөлөөлжээ дээ
Базаррагчаа -
Аанхаа ижил нөхцөл байдалд байсан болохлээрээ гэх юм уу даа.
Цэцэгжаргал -
Ардчилал эхэлж байх үед та мал аж ахуй хариуцсан нягтлан байсан гэсэн. Тэр үед ардчилалыг хэрхэн хүлээж авав, Ардчилалын үйл явцад оролцож байв уу?
Базаррагчаа -
Оролцоогүй ээ оролцоогүй. Бид нар чинь тэр үед хотод өлсгөлөн зарлачихсан байна гэж радиогоор яриал одоо тэрнийг чагнаал, одоо намын байгууллага нэгдлийн албан хаагчдыг цуглууллаал яриа таниулга хийгээл ийм л одоо замбараагүй явдал болж байна, болохгүй гэсэн юм л. Тэр үеийн бидний толгойд чинь эсэргүү шахуу л юм санагдсан. Яахаараа энэ төр засгийн өмнөөс ингэж байдаг улс байдгийн, өлсгөлөн зарлана гэдэг бол хөрөнгөтөн улсад л байдгийн гэсэн маягтай л улс төрийн ухуулга д хийгдэж байсан юм даа.
Цэцэгжаргал -
Тэр үеийн үйл явдал, ардчилалын үйл явц таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Базаррагчаа -
Гүй ер нь амьдралд маш их нөлөөлөл, өөрчлөлт гаргасан байна л даа, ерөөсөө бараг 100 хувь эргүүлээд тавьчихсан гэхэд болх л юм л даа. Тэр чинь төрд ажил хийдэг байсан улсууд хувьдаа ажил хийдэг болсон. Ажил хийгээд төрөөс цалин авдаг байсан улсууд, одоо төрийн албан хаагч гэхэд яахуу төрөөс цалин авдаг юм байгаа биз, мал маллаж байгаа хүн гэхэд ерөөсөө өөрийнхөө малыг д маллаад цалин пүнлүү гэж юм байхгүй малынхаа ашиг шимээр л амь зууна. Нэгдлийн үед бол нэгдлийн мал маллаж байсан хүн бол хөдөлмөрийн хөлс гээл сард мөнгө төгрөг авдаг л байсан. За тэгээд тэр чинь одоо хүнд эрх чөлөө гэж нэг айхтар юм бий болсийн байна л даа. Ардчилалын нээх үгүйсгээд байх юм байхгүй. Хүнийг эрх, эрх чөлөө биднийг чинь хаа хамаагүй газар янз бүрийн юм донгосоод юм яриад байх гэхэд чинь дээр үед чинь одоо ам цуурах хэргээр шоронд орох шахуу байдаг байсан ш дээ. Хамаагүй юм ярьж болдоггүй.
Цэцэгжаргал -
Яг тийм хэргээр шоронд орж байсан тохиолдол байсан уу?
Базаррагчаа -
Байдаг юм гэсэн шүү дээхэн үедээ. Миний үед бол нээх байгаагүй ээ. Дээхэн үедээ ам цуурсан хэргээн шоронд орж байсан хүг байсан юм гэсэн \инээв\
Цэцэгжаргал -
Арчилал яаж таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Базаррагчаа -
Хүний эрх, эрх чөлөөг мэдэрсэн, хувийн өмч гэдгийг мэдэрсэн. Тийн яахуу зүгээр тэр үед өөрөө яахуу зөв ажилласны хүчинд яахуу би одоо гэхэд нэг машин уначихсан л байна. Одоо социализмын үед бол хувийн машин унах энэ тэр бол бараг зүүдлэгдэхгүй байсан ш дээ. Мотоцикл унавал дээд талын унаа тэр байсан. Манай аймгийн төвд гэхэд миний мэдэх хувийн тэрэгтэй 3 хан хүн байсан юм. Одоо энэ 40 гаруй мянган хүн дотор чинь 3 хан хүн хувийн тэрэгтэй, мотоцикл яахуу нэг 50-60 аадхан л байсан юм. Тийм л байсан. Одоо гэхэд ер нь өрх бүр машинтай, машингүй айл бараг байхгүй байхаа бараг. Хөдөөний малчид гэхэд л сансарын антина тавьчихсан, гадаа машин тавьчихсан, мөн хониндоо унадаг хужаа мотоцикл тавьчихсан одоо ер нь ийм л болсон байна ш дээ. Тэгэхээр хүний амьдрал бол, ард түмний амьдрал бол зарим талаараа, удирдах улсууд бол ард түмний амьдрал доройтож байна гэж ярьдаг, миний хувьд бол үүний эсрэг байгаа. Хэзээ бид нар нээх хувьдаа машин уначихсан, хувийн орон сууцанд суучихсан байсан юм. Бүх юм хаагдмал байсан шүү дээ. Тээх тэр талаараа бол тийм тийм өөрчлөлтүүд бол маш их гарсаан. Өөрийнхөө дуртай нутагт очиж дуртай ажлаа хийнэ, дураараа явж болно. Аль ч улс, гадаад дотоодгүй явах эрх байна.
Цэцэгжаргал -
Социализмын үед дуртай орон нутагтаа ажилж, амьдрах боломж байсан юм уу?
Базаррагчаа -
За яахав зүгээр тэрнийг айхтар яс хоридоггүй байсан юмаа. Ер нь шилжүүлэг, мэлжүүлэг гээд янз бүрийн юм баримтууд байсан л байх, нээх айхтар энэ монгол улс дотор явахыг нээх айхтар хоридоггүй л байсан уг нь. Гэхдээ яахав гадаадад гарах бол хязгаартай, гадаад ороноор явах тийм юм байхгүй байсан ш дээ. Одоо бол ер нь мөнгөтөй хүн бол гадаад гараад явчдаг болоо шив дээ.
Цэцэгжаргал -
Анх ардчилал гарч эхлэхэд таны амьдралд юу авчирна, яаж нөлөөлнө гэж төсөөлж байсан бэ?
Базаррагчаа -
Би ерөөсөө тэгэж нөлөөлөх нь дээ гэж бодож байгаагүй. Анх 20- р тогтоол гараад би нар шөнө конторт тайлан гаргаад сууж байсан. Тэгэхэд 20- р тогтоол уншиж байсан. Тэгсэн юмны үнийг 2 дахин нэмлээ, аа төсвийн байгууллагын ажилчдын цалинг 2 дахин нэмлээ л гэж хэлсэн. Тэрнээс яагээл энэ ерөөсөө бахь байдагаараа юм шүү дээ, үхсэн хойшоо юмны үнэ 2 дахин нэмэдээл биз, цалин 2 дахин нэмэгдсэн юм чинь яадагийн гээл ерөөсөө тэр үед бид нарт тийм их айхтар юм бодогдож байгаагүй. Оо энэ бол яахуу байдаг юм байгаа биз гэж бодогдож байсан юм даа.
Цэцэгжаргал -
20- р тогтоол чинь хэдэн онд гарсан бэ?
Базаррагчаа -
90 онд гарсан ш дээ.
Цэцэгжаргал -
20- р тогтоолын дараа амьдрал таны бодсон шиг тэгж хэвээрээ үргэжилсэн үү? 20- р тогтоол ер нь таны амьдралд яаж нөлөөлөв?
Базаррагчаа -
Маш их нөлөөлөлгүй яахав дээ бид нарын амьдралд чинь. Бид нар тэгэхэд чинь би албан хаагч байсан сарын 500 төгрөгний цалин авч байсан. 20- р тогтоолоос хойш сар болсны дараа 1000 төгрөг авсан. Тэр сар болсны дараахан л гэхэд л дэлгүүрт гурил байхгүй, дуусч эхлэж байсан. Ерөөсөө бүх агентуудын гурил хоосон болцон одоо хөдөө ш дээ, сумын төв дээр бүх агентуудын гурил хоосон болцон одоо хөдөө ш дээ сумын төв дээр. Сумын төвийн худалдаа бэлтгэл ангийн гурил ерөөсөө дуусч байсан. Тэгээд яахав ийхэв дээрээ тулаад ерөөсөө одоо ингээд картанд оруулъя, ингэж дураар нь өгч байдгаа болъё гээл. Тэр 20- р тогтоол гарангуут чинь улсууд чинь ерөөсөө мөнгөтөй байгаа өөрийнхөө карманд байсан мөнгөө л бараа болгочихдог юм байлаа ш дээ ерөөсөө хүн чинь юу л байна ерөөсөө хамаа байхгүй аваал бараа болгочихсон. Тэгээл тэр нь айхтар бүтэлтэй болсон юм байхгүй тэгээл барааны хомсдол болоход мөнгөний ханш ч унаад л нөгөө 2 дахин нэмсэн цалин чинь юу байтугай юу ч байхгүй болоод л тэгээл хоосон болдог юм байна лээ. Тэгж л мөнгөний ханш ундаг юм байна лээ дээ ер нь, мөнгөний ханш унана гэдэг бол тэр л юм байна лээ.
Цэцэгжаргал -
Ардчилал монголчуудын хувьд ямар үр нөлөө авчирсан бэ? Тухайлбал таны хувьд?
Базаррагчаа -
Үгүй ээ. Ер нь үр нөлөө гэж хэллээ ш дээ би түрүүн эрх чөлөө, өөрийн дураар байх, хувийн өмчтэй байх, одоо гадаад дотоодод өөрийн дураар явах, дуртай нутгаар явж аялал зугааллаганд явах тэр бүх эрх чөлөө бол нээлттэй болсон. Тэр үед бол хаалттай байсан шүү, үг хэлэх, аа нийтлэх, хэвлэлд нийтлэх тийм энэ тэр юм бол одоо хаалттай л байсан даа. Тэр бол одоо бол бүрэн нээгдсэн.
Цэцэгжаргал -
Таны бодолоор ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай туссан уу?
Базаррагчаа -
За тийм ялгаа ёстой байхгүй байх, мэдэхгүй.
Цэцэгжаргал -
Одоо харахад ардчиллын үйл явц эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай тусч дээ гэхээр юм ажиглагдаж байна уу?
Базаррагчаа -
Байхгүй
Цэцэгжаргал -
Байхгүй юу?
Базаррагчаа -
Ер нь ёстой тэр ардчилал ч арай тэр хүйсээр ялгагдсан юм ер мэдэгддэггүй шүү.
Цэцэгжаргал -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд оролцооны хувьд ямар ялгаа байсан бэ?
Базаррагчаа -
За улс төрийг амьдралд оролцох ялгаа чиг харин жаахан заагтайдуу байсан болов уу, үгүй болов уу. Эмэгтэй хүн ер улс төрийг амьдралд оролцох их багадуу байсан шүү, социализмын үед. Ер нь тийм багадуу маягтай байсан шүү, зүгээр одоо бол нилээн элбэгшиж юм шиг байгаан.
Цэцэгжаргал -
Социализмын үед яагаад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бага байсан юм бол?
Базаррагчаа -
Гүй одоо мэдэхгүй, тэр ер нь голдуу л өрх гэрээ авч явах дээрээ л байсийн болуу даа ер нь. Тэр үеийн нийгэм нь ч нэг тиймэрхүү, хэвшмэл шинжтэй байсан юм уу, ёс монгол гэдэг утгаараа ч тийм байсиймуу.
Цэцэгжаргал -
Социализмын үед ямар хүмүүс эрх мэдэлтэй байсан бэ?
Базаррагчаа -
Социализмын үед эрх мэдэлтэй хүмүүс гэж дарга нарыг л хэлдэг байсан ш дээ. Дарга нар, том том ажил хийдэг тийм улс л байсан.
Цэцэгжаргал -
Байгууллагын дарга ажилчдын хоорондын харилцаа ямар байсан бэ тухайн үед?
Базаррагчаа -
За яах вэ дээ, нэг тийм найрсаг гэхэд ч хаашаа юм, хөндий гэхэд ч хаашаа юм. Ер нь нэг тиймэрхүү л дундыг барьсан хэмжээнд байсан юм уу даа. Дарга нартай бол нээх найзаа гээд мөр алгадаад явах хүн бол байхгүй тэр үед бол албан газрын даргатай. Дарга тэнд явж байна гээд айх маягтай ер нь бол, эмээх голдуу л байсан юм даа.
Цэцэгжаргал -
Эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдлээ яаж хэрэгжүүлдэг байсан бэ?
Базаррагчаа -
Гүй тэр чинь тэр албан байгууллагынхаа хэмжээнд л, одоо юу хийнэ гэсэн тэр чинь одоо даргын л мэдэл ш дээ. Дарга тэр албан байгууллагын хариуцлагатанууд л ярьж манай албан байгууллага дээр тийм ажил хэрэгтэй байна, тийм юм хийх ёстой гээл тэр хариуцлагатанууд хуралдаал тэгээд л тэрнийгээ ажилчдад одоо ийм ийм шийдвэр гарсан, ингэж ажилла гээд л. Дээрээс л юу гэж хэлсэн, дээд талын удирдлагаар л ажиллана шүү дээ бид нар чинь. Өөрснөө нээх толгой мэдээд хийчих ажил гээд байх юм ер нь байхгүй, өөрийнхөө хариуцсан ажлыг тийм ажил хийх ёстой, тэгэх ёстой гэсний дагуу тэрийгээ л хийнэ. Дээд удирдлагаас л юу гэж хэлнэ.
Цэцэгжаргал -
Тухайн үед эрх мэдэлтэй хүмүүс, энгийн ажилчид 2 яаж ялгагддаг байсан бэ, илт харагдахуйц ялгаа мэдрэгддэг байсан уу?
Базаррагчаа -
Аа мэдрэгдэнэ дээ ер нь, одоо том дарга нар гэхэд яахуу зүгээр албаны унаатай, албан байгуулагын дарга нар гэхэл л албаны 69 машинтай, машин унана. Ажилчид бол ерөөсөө явган л таваргана, нийтийн тээвэр гээд байх юм байхгүй ерөөсөө явган таваргана. Аа албан байгууллагын дарга нар өглөө 69 өөрөө ажилд ирнэ, орой гэртээ 69 өөрөө харина. Хангамжийн тухайд гэвэл дарга нарын дэлгүүр гээд тусгай дэлгүүр байлаа, дарга нарт үйлчилдэг одоо тэр авгай нар нь орж юм хумаа идэж уух юмаа цуглуулдаг тусгай дэлгүүртэй. Тийм дэлгүүртэй хүртэл л байсан юм. Ер нь бол тэр үеийн удирдах албан тушаалтангууд бол эрх мэдэл бол нилээн өндөрдүү байсан байхаа одоог бодоход бол, болуу даа ер нь. Одоо чиг эрх мэдэл тэрнээс чиг дутаад байх юм байхгүй байх шиг байнаа янз нь ер нь.
Цэцэгжаргал -
Тухайн үед эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх явдал байсан болуу?
Базаррагчаа -
Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх явдал гах юм бол тэр үед нээх ... байсийн байгаа биз дээ ер нь. Тэр бол ил гарч ирэхгүй ш дээ. Тэр аймгийн намын хорооны товчоо мовчоогоор л ордог байсан юм байгаа биз, тэр бол нууц. Ажилчдаас бол ер нь нууцдуу маягтай явна ш дээ эрх мэдэл хэтрүүлсэн юм бол. Гэхдээ ер нь эрх мэдлийн хэмжээ бол тэр үед бүх юм дээрээсээ хяналттай байдаг болохтэй зэрэг өргөн байсан.
Цэцэгжаргал -
Социализмын үеийн дарга цэрэг, одооны үеийн эзэн ажилтан 2-ын харилцааны хувьд ялгаа байна уу?
Базаррагчаа -
За яах вэ дээ тэр чиг харьцангуй ойлголт юм шив дээ. Одооны эзэн гэдэг чинь өөрийнхөө мөнгөн дээр ажилгүй улсуудыг хөлсөлж авч ажиллуулж байгаа нэг тийм хүн, дээр үеийн удирдах албан тушаалтан гэдэг чинь төрийн өмнөөс одоо тэр доод тушаалын ажилтнуудтайгаа харилцдаг, төрөөс цалин авдаг, тараас хяналт амдаг, төрөөс үүргээ хянуулдаг, ажлаа хянуулдаг тийм л алббан тушаалтан байсан. Одооны энэ эзэн бол дээрээ ямар ч хяналт байхгүй, өөрөө юу хийнэ дуртай юмаа хийнэ, тэгээд дуртай цалингаа өгнө. Аа яамд өнөөдөр гайгүй шиг ажил хийсэн чамд 1000 төгрөг өгнө, чамд 500 төгрөг өгнө гэх бүрэн эрхтэй. Тэр үеийн юу бол дээрээс цалинг нь тогтоогоод өгчихсөн албан газрын. Ажил тасалсан, одоо тийм өр төлбөр гарсанаас бусад юманд бол цалинд ойртох эрх байхгүй тогтоосон цалинг өгдөг, авдаг тийм зарчимтай байсан.
Цэцэгжаргал -
Тэгвэл социализмын үеийн дарга цэрэг, одооны үеийн эзэн ажилтан 2-ын харилцааны хувьд ялгаа байгаа юу?
Базаррагчаа -
За тэр ялгаа байдаг байх, дарга бол дээрээс ямар үүрэг даалгавар өгч байна тэрнийг нэгдүгээрт ажилчдад хэлж ойлгуулж шахна, аан хоёрдугаарт албан байгууллага дотроо ямар ямар ажил хийх юм тэрнийгээ өөрөө төлөвлөж ажилчдаараа хийлгэнэ. Тэгэхэд одооны эзэн бол зүгээр яахуу өөрийнхөө эрх ашгийн төлөө л юм хийж байна ш дээ. Тийм учраас хүнл нэг бага шиг цалин өгөөд ахиухан шиг хүчийг нь авчих юм сан гэсэн ойлголттой л явдаг байх. Ер нь энүүнд нэг бага шиг төгрөг өгөөд олигтойхон ажил хийлгээд авах юм сан цаг нар гэж харгалзахгүйгээр. Тийм бол дээр үеийн дарга нар цагаа сайн бариж байвал цалин бол баталгаатай, ажил таслуулахгүй байлгах тийм л үүрэгтэй. Харилцааны хувьд бол бол яахуу зүгээр аль аль нь бие биетэйгээ харилцдаг байх л даа. Бид нар ч гэсэн дарга нартайгайй харилцдаг л байсан. Харилцалгүй яахуу хүн юм болсон хойно. Тэгэхэд нээх ярваганаад байх юм байхгүй, жирийн ажилчин хүн гэхэд аймгийн намын хорооны даргатай гар бариад байх хүн ховор ш дээ ер нь бол тэр үед. Одоо бол ямар ч ажилтан очоод сайн байна уу гээд янз бүрийн юмаа ярьж болох д байх л даа.
Цэцэгжаргал -
Тухайн үед эрх мэдэлтэй хүмүүст жирийн иргэд яаж ханддаг байсан бэ?
Базаррагчаа -
За ер нь айх голдуу л харагдана даа. Энэ тийм том дарга юм гэнэ лээ, намын хорооны гишүүн, товчооны гишүүн юм гэнэ лээ гээд ер нь айх л голдуу хандана.
Цэцэгжаргал -
Одоо эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ, айх хандлага хадгалагдаж үлдсэн үү?
Базаррагчаа -
Үлдээгүй ээ, тэр байхгүй. Аа энэ нэг яадгийн явж л байдгийн аймгийн засаг дарга юм гэнэ лээ гээл. Ер нь яахуу төр нт хамгаалдаг л биз дээ. Ард түмэн бол, ялангуяа залуучууд бол тэрнийг нээх тоохоо больсон байхоо.
Цэцэгжаргал -
Үл тоомсорлосон байдалтай гэж хэлэх гээд байна уу?
Базаррагчаа -
Тэгж байна, ер нь тэр аа нэг яах вэ дээ нэг ийм юм байж л байдаг гэсэн маягтай л.
Цэцэгжаргал -
Одоо албан байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрх мэдлийн хуваарьлалт өөрчлөгдсөн үү, таны бодлоор эрх мэдэл гэж...
Базаррагчаа -
Эрх мэдэл гэдэг чинь одоо юу гэж хэлэх юм бэ дээ, байгууллагын дарга хүн гэхэд тэр байгууллагынхаа бүх юмыг зохицуулахыг хэлэх юм уу. За яахуу мөнгөн санхүүгээ барих ч яахуу нэг эрх мэдэл байж таарах байлгүй. Санхүүгээ барих, одоо ч гэсэн төрийн албан байгууллагын дарга нар бол тэр төсөв юугаа захиран зарцуулж байгаа ш дээ. Тэр нт л эрх мэдэл болох юм болуу даа.
Цэцэгжаргал -
Өөрийнхөө амьдралын түүх, амьдарч байсан үеийнхээ үйл явц, социализмын үед ажиллаж амьдарч байсан хүмүүсийн ажил, амьдралын талаар дэлгэрэнгүй ярилцсан таньд их баярлалаа.
Базаррагчаа -
За баярлалаа, их эцэж байна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.