Shiremmes
![](../assets/images/interviewees/990042.jpg)
Basic information
Interviewee ID: 990042
Name: Shiremmes
Parent's name: Batbayar
Ovog: Malynhan
Sex: f
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Lün sum, Töv aimag
Lives in: Lün sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
democracy
collectivization
privatization
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Ulaanbaatar
Central Post Office
desertification
democracy
collective farm
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Ширэммэс эгчээ хоёулаа яриагаа үргэлжлүүлээд хоёулаа хот, хотжих асуудлын тухай, бас үйлдвэр аж ахуйн газрууд, яаж байгуулагдаж байсан, та тэр үед хаана юу хийж байв? Ардчилал таны амьдралд яаж нөлөөлөв? Ер нь нийгмийн техник, технологийн хөгжил яаж таны амьдралд нөлөөлөв? Та анх тэр тээврийн хэрэгсэл, тэр техник технологийн амжилтаас яаж хүртэж байв аа? Энэ тухайгаа яриач.
Ширэммэс -
За энэ машин техникийг бол би яахав юунд, багадаа энд, манай энд шуудангийн машин явдаг байсан болохоос, би 51 гэсэн машинаараа шууданд их явдаг байсан. Тэрүүгээрээ би Улаанбаатар хот орж байсан. Тэгээд Улаанбаатар хот ороход бол Пабид гэж тийм жижиг тэрэг, тийм жижигхэн улаан автобус
Оюунтунгалаг -
Пабид?
Ширэммэс -
Улаан тийм автобус. Пабид.
Оюунтунгалаг -
Аа за.
Ширэммэс -
Тийм улаан автобус явдаг байсан юм. Тэр 2 л ер нь голцуу тээврийн хэрэгсэлд, одооных шиг тийм такси магси гэдэг юм нэг их явдаггүй байсан. Дандаа албан газрын тийм машинууд, улаан автобус 2 л их байдаг байсан даа. Одооных шиг тийм тролейбус, марлейбус гэсэн юм байгаагүй. Автобус л голдуу тээврийн хэрэгсэл, унаа, зорчигчдын тийм юм, нааш цааш нь хүргэж өгдөг тийм л юм.
Оюунтунгалаг -
За та тэгээд тээврийн хэрэгсэлд анх яаж сууж байв? Танд ямар санагдаж байв ер нь? Хүмүүс их сонин юм ярьдаг л даа. Үнэр танар нь хэцүү байсан ч гэдэг юм уу, анх дууг нь сонсоод айж байсан ч гэдэг юм уу сонин юм ярьдаг юм билээ. Таны хувьд анх тээврийн хэрэгслэлүүдийг үзээд анх ямар сэтгэгдэл төрж байв?
Ширэммэс -
Эхлээд бол яахав дээ, олон хүн суусан машин их гоё л санагддаг байсан л даа. Тэгээд яаж сууж үзье даа гэж боддог байсан. Тэгээд нэг өдөр эгчтэйгээ гарсан. Их дэлгүүр мэлгүүр орж үзээд, тэгээд автобусанд суугаад, их олон хүнтэй, шахцалддаггүй л байсан. Одооных шиг шахцалддаггүй байсан юм аа. Цөөхөн цөөхөн хүн суугаад, тэгээд их гоё том улаан автобус яваад их дэлгүүрийн тэнд зогсдог байсан. Одоо их дэлгүүр чинь одоо нилээн л зайтай байсан юм байна. Одоо бодож байхад чинь. Нилээн олон буудал яваад л бууж байсан. Мөн манай ахын найз нар жижиг тэрэг барьдаг байсан учраас би бас жижиг тэргэнд нилээн хэдэн удаа сууж үзсэн. Бензин тосны үнэр нэг үедээ сайхан гоё ч юм шиг, үнэртээд баймаар ч юм шиг, бас тэгээд гоё байдаг байсан. Сүүлдээ тэгээд дасаад мэдэхээ байсан. Шинэхэн үедээ гоё үнэртээд баймаар ч юм шиг тийм нэг гоё байдаг байсан.
Оюунтунгалаг -
Та анх хотод ирж байхад хот ямар санагдаж байв? Сүүлд нь хотод олон удаа очсон, 10 жил хотод сурсан, дараа нь 5 жил Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурсан ингээд ерөнхийдөө бараг л нилээн олон жил, 20-иод жил хотод байсан хүн ш дээ. Тэгэхээр хотын хөгжил таньд яаж өөрчлөгдөж байгаа санагдав? Яаж өөрчлөгдөж байна таны нүдэн дээр?
Ширэммэс -
Өө байшин барилга их олноор нэмэгдэж, надыг бага байхад чинь их дэлгүүр гэж хааяа нэг ороход их дэлгүүр гэж байдаггүй, одоо хуучин дүрслэх урлагийн музейд их дэлгүүр гэж байдаг байсан. Сүүлд нилээн надыг одоо 1, 2 дугаар анги, 3, 4 дүгээр ангид ч байхад юм уу даа тэр үед шинэ их дэлгүүр гэж гоё их дэлгүүр баригдсан. Ер нь олон байшингууд бол намайг сургуульд орж байхад, 40, 50 мянгатаас өөр нээх олон байшингууд байдаггүй байсан. Тэгээд тэрнээс хойш болвол 120 мянгат, тэр 12 дугаар хороолол тиймээ оросуудын хүч хөрөнгөөр баригдсан. Тийм тийм гоё гоё байшин, 15 дугаар хороолол, 12 дугаар хороолол гээд л. Гоё районууд олноор бол байгуулагдсан. Жилээс жил ирэх тутам аягүй их өргөжиж, гоё олон байшин босч байсан л даа. Олон үйлдвэрүүд бол их гоё ажиллаж байсан. Үйлдвэр комбинат гээд л, үйлдвэр комбинат тэр хавьд чинь гутлын үйлдвэр, хивсний үйлдвэр энэ тэр гээд л их олон үйлдвэрүүд, ноосны үйлдвэр гээд л бүх л төрлийн үйлдвэрүүд ажиллаж байсан. Манайх бол тэр үйлдвэрээрээ бол маш их сайн ш дээ. Түүхий эдээ сайн борлуулдаг, яадаг. Түүхий эдийг сайн ашигладаг, арьс марьсийг бол их элддэг, нэхий дээл мээлийг хийдэг, гутал мутлыг өөрсдөө хийдэг, арьс ширээ бол боловсруулчихдаг, ноосоо угаачихдаг, ноосны үйлдвэр мүүлдвэр гээд л бүх л үйлдвэрүүд ажилладаг сайн байсан. Гутлын үйлдвэрт л гэхэд Чехын мэргэжилтнүүд ирээд л, зааварчилгаа өгөөд л, Чехүүд их ажилладаг байсан. Үйлдвэр комбинат гээд их том район байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд та бас үйлдвэр аж ахуйн газруудын нэг болсон холбоонд ажиллаж байсан тийм ээ? Тэгээд холбооны техник хэрэгсэл юу байв ер нь? Холбоо чинь ямар аппарат, техник хэрэгсэлтэй байв?
Ширэммэс -
Хот хоорондын станцад би ажиллаж байсан. Тэнд болвол тийм одоо юу ч гэдэг билээ дээ залгагчийн хажууд, толгойдоо зүүдэг нэг юм байдаг байсан. Тийм юм толгойдоо зүүдэг байсан. Сүүлдээ тэгээд бүүр нэг автомат болсон юм шиг байна лээ дээ. Намайг тэр үед байхад өөрсдөө зүүдэг.
Оюунтунгалаг -
Чихэвчтэй
Ширэммэс -
Чихэвчтэй тийм байсан. Би ер нь чихэвчтэй тэр үед байж байгаад л өөр газар шилжсэн л дээ. Гэхдээ урьд нь бол тэрнээс их боловсронгуй биш л байсан юм байна лээ л дээ. Намайг хотод харьцангуй боловсронгуй гоё болчихсон гээд л олон юм суулгачихсан, техник хэрэгсэл нь тусдаа, техникийн газар нь тусдаа, санадаг, шалгадаг, хянадаг аппараттай гоё л байсан. Ер нь холбоо бол их гоё газар ш дээ. Бас л улсын нэг томоохон юм, чих нүд болсон тийм гоё газар. Юм бүхэн дуулгаж байдаг. Хүний дуулаагүй юмыг холбоогоор дуулчихсан байна.
Оюунтунгалаг -
Тэр үед ер нь холбооны нууцлал ямар байв? Хүмүүсийн яриа сонсогдох уу? Нууц байх уу? Далд байх уу?
Ширэммэс -
Нууц бол, яръя гэвэл, сонсъё гэвэл бүхнийг л сонсоно ш дээ. Гэхдээ болбол цаанаас нь нууцлал их өндөртэй. Тийм янз бүрийн юмыг цааш нь нааш нь ярьж болохгүй. Тийм юутай. Чагная, хүний яриаг чагная гэвэл чөлөөтэй л чагначихна. Тэгээд дарга нар чинь шууд утастай. Тэр шууд утсыг хариуцдаг тусдаа хүнтэй. Тэгээд тэр дарга нар чинь жаахан удаахан авах юм бол загнана, уурлана. Хурдан хурдан залгангуут нь дор дор нь өөрсдийнхөө номер номерыг хэлээд л, тэр сонсож байна гээд л, тэдэн номер сонсож байна гээд л хариу өгдөг. Тэгээд л тийм газар руу ярих хэрэгтэй байна. Гадаадын тийм тийм номер хэрэгтэй байна гээд л тэгдэг. Тэрийг бол хамгийн түрүүн залгадаг. Дарга нарын номерыг хамгийн түрүүн л залгаж өгдөг. Тэрний дараа яаралтай яриа ороод, тэгээд сүүлд нь энгийн яриа ордог.
Оюунтунгалаг -
Одоо холбоо их тасалддаг байв уу ер нь?
Ширэммэс -
Холбооны шугам бас тасалдах, гэмтэл их гардаг. Хойд захын сумдууд хөдөөгүүр их гэмтэл гардаг. Тэрнээс биш хот дотор бол тасалдахгүй ээ сайн. Хааяа хааяа тэр холын сумдууд нь шугам гэмтчихлээ гэж ярьдаг, шугам нь их гэмтдэг байсан. Нэг хоёр хоног энэ тэр гэмтэлтэй байна. Ярихгүй саатдаг байсан.
Оюунтунгалаг -
Одоо бол жишээ нь танай сумын холбоо энэ тэр тасалддаг уу?
Ширэммэс -
Одоо ч бараг холбоогоор ярих хүн бараг байхгүй болчихсон байна ш дээ. Дандаа гар утсаараа шууд ярьчихдаг. Холбоо ер нь уг нь 24 цагийн үйл ажиллагаатай байсан. Одоо бол өглөө 8-аас орой 8 хүртэл яагаад л, тэгээд тэрнээс цааш бол холбоо байхгүй. Холбоон дээр бараг хүн гэж ярихгүй шахуу болчихсон байна. Гар утас хөгжчихсөн учраас. Хүн болгон шахуу гар утастай, тэрүүгээрээ ярьчихдаг.
Дээр үед чинь байшин сүлжээд дундуур нь явчихдаг зайтай байдаг, тэр мэрийг мэддэг байсан. Одоо ингээд ороход бүгд бөглөрчихсөн, завсар зай гэж бараг байхгүй, байшин барилга жаахан л зай байхад тэр болгонд байшин барьчихдаг. Битүү байшин, өндөр өндөр байшингууд.
Оюунтунгалаг -
Улаанбаатарт?
Ширэммэс -
Тийм, Улаанбаатарт. Зай завсар аягүй муутай, чигжүү, олон байшин болчихсон байна.
Оюунтунгалаг -
Ер нь танд энэ хотын амьдрал таалагддаг уу? Хотын амьдрал ер нь юу нь танд таатай санагддаг, юу нь их онцгүй санагддаг уу?
Ширэммэс -
онцгүй санагддаг нь дэндүү их битүү байшин болсон, зай завсар байхгүй, ногоон байгууламж аягүй муутай, тийм учраас агаар аягүй их бохирдолтой. Тэр нь надад их таалагддаггүй. Уг нь болвол улсын нийслэл юм чинь сайхан л, хааяа нэг ороход сайхан л гоё л байдаг л даа. Тийм учраас 2, 3 хонохоор л зэрэг хоолой гашуун оргиод, агаарын бохирдол маш их ёстой нээрээ. Агаарын бохирдол аягүй ихтэй.
Оюунтунгалаг -
Та одоо бол хотод амьдарч чадах уу?
Ширэммэс -
Амьдарч байснаа бодоход, тэр үед бол агаарын бохирдол байхгүй, Улаанбаатар бол гоё агаар магаар сайхантай, тэнгэр сайхан байж л дээ тиймээ. Одоо бол амьдарч чадахгүй байх аа. Их утаа униар ихтэй. Агаарын бохирдол ихтэй, ер нь амьсгалж явахад бэрх дээ. Тийм учраас хөдөө, аль болохоор, одоо хүн болгон л хөдөө, аль эрүүл агаартай газрыг зорьж, тэр рүү л явж байна ш дээ одоо.
Оюунтунгалаг -
Тэгээд хоёулаа агаарын тухай ярьсных өөр, танай орон нутгийн агаар байгалийн тухай яръя л даа. Танай орон нутгийн байгаль ер нь сүүлийн үед их өөрчлөгдөв үү? Байгаль экологийн, та бас тэр мэргэжлийн хүн тийм ээ, энэ байгаль экологийн хувьд танай орон нутаг чинь яаж өөрчлөгдөж байна?
Ширэммэс -
Манай орон нутгийн байгаль болбол цөлжилт их явагдаж байгаа. Модтойгоо, устайгаа их буруу харьцсанаас мод бургас мургасыг их хядаж, өвөл нь одоо түлшинд их хэрэглэдэг. Тийм учраас болбол тэр мод нь хувхайраад, ойчоод, тийм учраас нөгөө ус нь доошлоод, хайрга, чулуу нь ихдээд, тэгээд ерөөсөө бүүр ус нь багасчихсан. Тийм учраас их цөлжиж байгаа. Элс ихтэй, шороо ер нь, ургамал ургахаасаа илүү дандаа л өмхий өвс голдуу, хүн иддэг, мал иддэг өвс ургахын оронд, мал идэхгүй, өмхий өвс, тийм л юмнууд ургаж байгаа учраас малын тэжжл тэвээрэг их муудчихсан. Тийм, идэх өвс их багатай. Дандаа цөл голдуу элс шороогоор шуурчихна. Ургамлын нөмрөг гэдэг нь хөрсөн дэх ургамлын үндэсгүй болчихсон. Ойрын хэдэн жил нөгөө хур бороо ч багатай болоод тэр юм уу, ургамал маш их үндэс нь хувхайрч, цөлжих хэлбэрт орчихсон. Хүнд болчихоод байгаа.
Оюунтунгалаг -
Ямар сайн өөрчлөлтүүд байнаа? Ямар муу өөрчлөлтүүд байна? Ер нь ганцхан тэр түлээ түлшинд ашиглахаас гадна, өөрөөр ер нь танай байгаль орчин эвдэгдэж байгаа, тийм зохион байгуулалттайгаар эвдэрч байгаа тэр юм байна уу?
Ширэммэс -
Яг манай нутагт тийм юм бургаснаас өөр онц гойд юм байхгүй. Ер нь энэ Заамар маамар гээд л байгаа бол алт малт гээд л ухаад л, хөрс шороог нь онгичоод л, буцаагаад эргээд нөгөөдөхийн сэргээгдэх ажил явагдахгүй байгаа учраас тэгээд, малын бэлчээр талбай ч багасаад.
Оюунтунгалаг -
Гэхдээ ингээд харж байхад Туул бас л их багассан байна тийм ээ, төвшин нь?
Ширэммэс -
Туул багассан. Дээгүүрээ төвшин нь багасаад байгаа учраас л усныхан хэмжээ аягүй багасчихаад байгаа юм. Тэрнээс биш манай энд бургаснаас өөр нээх наана нь ашиглаад байгаа тийм юм, алт малт гээд л тийм янз бүрийн юм байхгүй учраас. Энэ бургаснаас өөр нэг их яагаад байх, нөлөөлөөд байх юм юм бол гайгүй л дээ.
Оюунтунгалаг -
Танай сум чинь Төв аймгийн Лүн сум. Лүн сумд ер нь олон гол байдаг уу?
Ширэммэс -
Ганцхан туул гол л байдаг. Манай сумыг Туул гол л дайрч өнгөрдөг.
Оюунтунгалаг -
Танай сумын газар усны хувьд нэр ус ч юм уу, өөрчлөгдөж байв уу ер нь?
Ширэммэс -
Манай сум чинь, манай сум чинь уул нь дээр үед Төв аймгийн төв нь гэж ярьдаг л даа. Одоо энд нэг дүнзэн байшин байдаг тэр бол бас энэ аймгийн захиргаа байсан тийм түүхтэй. Тэгээд тийм учраас болвол овоо юутай л даа. Дурсгалтай газар ихтэй, манайх уг нь ашиглавал. Одоо энэ хойно бол хуучин захиргаа байсан юуг бол одоо засч сэлбэх гээд үүдэнд нь хөшөө мөшөө босгоод, хүн амьтан ирээд, ингээд засч сэлбэнэ гээд ашиглах гээд яагаад байгаа л даа, сэргээж. Дээр үеийн дүнзэн байшин. Аа энд нэг олон дүнзэн байшин байсан гэдэг л дээ. Одоо тэр 16 дугаар сургуулийн байшин болвол энд байсан байшин. Тийшээ зөөж аваачиж барьсан байшин. Энэ Лүнд аймгийн төв байж байхад барьсан байшингууд юм гэсэн. Бас яг энэ адилхан улаан дүнзэн байшин байдаг.
3, 3-н ширхэг тийм том дан дүнзээр хийгдсэн тийм байшин байдаг. Тэгээд Төв аймгийн төв байхдаа энд байж байсан байшинг тийш нь зөөж аваачиж, сургуулийн байр болгосон гэж тэгж ярьдаг.
Оюунтунгалаг -
Тийш нь гэж Улаанбаатар руу юу?
Ширэммэс -
Улаанбаатар руу зөөж.
Оюунтунгалаг -
Аа тэрнээс өөрөөр бол уул усны нэр ч юмуу?
Ширэммэс -
Уул усны нэр ч юм уу тийм юм өөрчлөгдсөн юм байхгүй. Төв аймгийн төв байж байгаад сүүлдээ ингээд сум болсон. Лүн, хэзээний л Лүн гэж ярьдаг байсан.
Оюунтунгалаг -
Танай суманд хүмүүс хаанаас нь бургас их авч байна гэсэн үг үү ер нь?
Ширэммэс -
Ер нь одоо гүүрний эндээ төвийнхөн бол гүүрний зүүн баруун талаас нь их авдаг. Дээшлээд, бүүр дээшлээд ирэхээрээ бас өвлийн түлшинд хийдэг бас бэлддэг юм шиг байгаа юм аа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр энэ бас л мэдээж Туул голын төвшинд бас л нөлөөлнө ш дээ.
Ширэммэс -
Усны төвшинд нөлөөлнө. Усны төвшин доошилж байгаа.
Оюунтунгалаг -
Танд ер нь цөлжилт явагдаж байгаа нь, танай нутагт яаж мэдрэгдэж байна.
Ширэммэс -
Цөлжилт явагдаж байгаа нь өвс ургамал ургахаа больж байна тиймээ. Ургамлын нөмрөг багасч байна. Ер нь дандаа элс л байна уу гэхээс ер нь ургамал ургах нь ховор, өмхий өвс ихдэж байна. Малын тэжээл болох тийм өвс нь бага, дандаа өмхий өвс, шарилж голдуу ургачихаж байна.
Оюунтунгалаг -
Аахан. Одоо хоёулаа бас сэдвээ өөрчлөе дөө. Тэгэхээр би бас өмнө нь танд энэ сэдвийн тухай хэлж байсан. Юу гэхээр ардчилал. Тэгээд ардчилал таны амьдралд яаж нөлөөлөв өө? Яг энэ ардчилал өрнөж байхад та хаана байв аа? Ер нь ардчиллын үед та юу хийж байсан бэ?
Ширэммэс -
Би ардчиллын үед хүнсний, энд сумын хүнсний дэлгүүрт ажиллаж байсаан. Ардчилал бол ер нь ард түмэнд бас нилээн юм өгсөн л дөө. Малыг бол малч эзэнд нь өгсөн тиймээ, малтай болгосон. Бас тухайн, тодорхой хэмжээний хувь хүнийг хувийн өмчтэй болгосон юм бий. Гэхдээ болбол бас юмыг, тэрний хажуугаар бас устгалт маш их явагдсан. Тэр нэг өөрсдөнд нь буцааж өгч байгаа, хувийн өмчинд нь өгч байгаа нэрийдлээр, ялангуяа хөдөө аж ахуй бас их нэрвэгдсэн гэж би боддог. Машин тэрэг нь хувьд тараад, ганц нэг хүний мэдэлд оччихоод, тэгээд тэр нь нөгөө сангийн аж ахуй махуй нь тараад, өвс тэжээл тарих, тариа ногоо тарих ажил маш их хоцрогдож, өөрийнхөө хүнсний хэрэгцээг хангадаг байсан нөгөө Монгол улс маань бүүр гаднаас юу аваад, гаднаас гурил, хүнсний ногоо, дандаа хужаагийн хүнсний ногоо энэ тэр аваад, ингэж байгаа нь надад бас ард түмний амьдралд ч гэсэн эрүүл ахуйд ч гэсэн бас их хор нөлөөтэй, буруу ажил явагдсан болов уу даа гэж би бас санаж бодож явдаг.
Одоо Атрын III аян явсан учраас одоо өөрсдийнхөө тарьсан, өөрийнхөө газар шороонд, газар шороо хөрсөнд тарьсан, үр тариа хүнсний ногоог хэрэглэх болохоороо улам л сайхан болох л байх даа.
Оюунтунгалаг -
Ардчилал ер нь таны амьдрал, таны амьдралыг яаж өөрчлөв?
Ширэммэс -
За би ч одоо яахав дээ. Хувийнхаа хэдэн малыг маллаад, тодорхой хэмжээний мал бас өгсөн л дөө. Тэрүүгээрээ, тэр нь бас өсч үржээд, миний амьдрал тэрүүгээрээ бас нөлөөлж л байгаа.
Оюунтунгалаг -
Ардчилал ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай тусч байсан болов уу?
Ширэммэс -
За ер нь адилхан байх даа. Нэг их ч ялгарах юм байхгүй.
Оюунтунгалаг -
Та анх ардчиллыг гарч байхад, танд ер нь, таны амьдралд ер нь юу өгөх байх гэж бодож байсан бэ?
Ширэммэс -
Ардчилал уу, ардчиллыг анх гарч байхад үед болбол, зохих хэмжээний бас л хүний амьдрал сайжрах байх л гэж бодож байсан. Тэгээд яг тэр хэмжээнд бас хүрээгүй л дээ. Бүх юм нь хувьд, дэндүү их эрт хувьчлагдчихсан ч юм уу, бас үйлдвэр мүүлдвэрийг бол тараагаад, одоо бол ажиллаж байгаа үйлдвэр цөөхөн, бүгд л дандаа гадаадын том том эзэдтэй болчихсон, тийм учраас болбол муу нөлөөтэй, ардчилал бас янз янзын муу нөлөө бас их байсан юм байна даа гэж боддог.
Оюунтунгалаг -
Танай нутгийн хувьд ардчилал яаж нөлөөлөв? Танай нутагт, танай суманд? Сумын хөгжил ч юм уу, одоо сумын зохион байгуулалтанд ардчилал нөлөөлж өөрчлөгдсөн юм байна уу?
Ширэммэс -
Яг тэр сумын хөгжил мөгжилд нөлөөлсөн юм, ардчилал манай суманд нөлөөлсөн юм нь үнэндээ бага гэж би боддог оо. Байшин, хөгжилд, манай сум их хөгжиж дэвжиж, байшин барилга баригдаж байгаа юм байхгүй. Яг л мөн байдаг хэвээрээ л байдаг учир ардчилал манай суманд нэг их нөлөө үзүүлээгүй. Тийм сайн талаар тусаагүй юм болов уу даа гэж боддог ш дээ. Тэр зохион байгуулж байгаа улсуудаасаа ч болдог л байх. Ардчилал бол тэгж манай суманд нөлөөтэйгээр тусч чадаагүй л байх гэж бодож байгаа.
Оюунтунгалаг -
Та бас нилээн техникийн сонирхож, бас техникийн талаар олон юм оролдож байсан юм байна ш дээ тийм ээ? Өөрөө ч бас техниктэй харилцдаг мэргэжил сонгож авсан байна ш дээ. Социализмын үед ер нь ямар ямар шинэ технологиуд, техник технологиуд нэвтэрч байв? Таны амьдралд энэ техник технологиуд ямар үр дагавар авчрав?
Ширэммэс -
Социализмын үед Оросоос юу, эрчтэй, хүчтэй, чадалтай, үр ашигтай тийм техникүүд ирдэг байсан ш дээ. Одоо тэгээд янз бүрийн трактор байна, үр суулгагч машинууд байна, өргөгч селк мелк гээл янз бүрийн юм их ирдэг байсан. Тэр бол тодорхой хэмжээгээр Монголын хөдөө аж ахуйд маш их нөлөөлдөг байсан. Ер нь л бараг эвдрэнэ барина гэхгүй, эвдэрсэн ч гэлээ гэсэн бас Монголчлоод засчихад их дөхөмтэй тийм. Одоо бол дан л хужаа мужаагаас ирж байгаа юу бол тэр болгон тэгж л яг Оросын техник шиг Монголчлоод, баргийн нэг юмыг нь солиод ингээд ажиллачихмаар тийм техник ховор л юм шиг харагдаж байгаа юм.
Оюунтунгалаг -
Ингээд эргээд бодоод харж байхад ер нь таны амьдралд хамгийн гайхамшигтай технологи ер нь юу байсан бэ? Таны хувьд хамгийн гайхамшигтай технологи юу юм бэ? Кино юм уу? Тийм телевизор юм уу? Машин техник юм уу? Компьютер юм уу? ер нь хамгийн гайхамшигтай технологи юу юм та ер нь юу гэж бодож байна?
Ширэммэс -
За ер нь дэвшилттэй технологи компьютер байна, гар утас байна тиймээ? Хүний хэрэгцээг ийм сайхан, хаа байгаа гадаад орноос ч гэсэн хооронд нь яриад уулзуулчих юм, хэлэх ярих юмыг дамжуулжих юм, гар утас байна, компьютер байна. Ер нь л тэгээд, ер нь дэвшилттэй юмнууд их л байна л даа тийм. Гол нь энэ хоёроо мөн өөрийнхөө мэргэжил, холбоонд нилээн ажилласан хүний хувьд ч юм уу, гар утас, компьютер хоёрыг нилээн гайхамшигтай технологи байна гэж бодож байгаа ш дээ тийм.
Оюунтунгалаг -
Аахан, тэгэхээр хоёулаа ярилцлагаа өндөрлөх ерөнхийдөө дөхөж байна л даа. Тэгээд та бас одоо 50 нилээд гарсан хүн ер нь, ээж аав чинь ч их өндөр насласан улсууд байна. Тэгээд ээж ааваас өвлөсөн ч юм уу таны одоо, танд ер нь хамгийн дурсгалтай ямар эд зүйлүүд байдаг вэ? Эд зүйл, өвлөсөн ч юм уу, эсвэл өөрөө худалдаж анхны цалингаараа авсан ч гэдэг юм уу, танд ер нь хамгийн дурсгалтай эд зүйл юу байна? Одоо байдаг уу танд?
Ширэммэс -
Дурсгалтай эд зүйл гээд байх юм ч одоо юу байдаг юм бол доо. Ээж аавын өвлүүлж өгсөн за энэ бурхан шүтээнээ тахиж явахад л, явдаг. Тэрнээс биш өөр нэг их өвлөөд авчихсан тийм юм болбол тийм юм алга даа. Ээж ааваасаа яасан бурханыг нь өөд нь татаж, арчилж, цэвэрлэж явах юмсан гэж л боддог.
Оюунтунгалаг -
Аа зүгээр өөрөө бүтээсэн ч юм уу, хүн амьтны дурсгасан ч юм уу, ямар нэгэн дурсгалтай, цалин мөнгөөрөө худалдаж авсан ч байдаг юм уу, тийм ямар нэгэн дурсгалтай эд зүйл ер нь байдаг уу?
Ширэммэс -
Байхгүй байхаа.
Оюунтунгалаг -
Тэгээд байнга авч явж байдаг ч юм уу, тийм ээ. Байнга таны авдранд байж байдаг, хүндтэй байр эзэлж байдаг тийм эд зүйл ер нь байна уу танд?
Ширэммэс -
Байхгүй. Санагдахгүй байна. Байхгүй байхаа.
Оюунтунгалаг -
Хоёулаа одоо нэгдэлжих хөдөлгөөний тухай яръя л даа. Тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөний үед та хаана байв? Ээж аав чинь хаана байв? Ээж аав чинь ер нь нэгдлийн гишүүн байсан уу үгүй юу? Нэгдэлд яаж элсэж байв?
Ширэммэс -
Манай ээж аав нэгдлийн гишүүн байсаан. Нэгдэлд анх, би бол жаахан байсан учраас тэр болгон сайн мэдэхгүй. Ээж аав болбол ярьсныг л ярихаас биш би бол би өөрөө бол тэр үед нас бага байсан учраас сайн мэдэхгүй л дээ.
Манай ээж аав нэгдэлд анх ороод нэг нь саальчин хийж байсан нэг нь адуу хариулж байсан, адуучин байсан. Тэгээд нилээн л нэгдэлжих хөдөлгөөн яагаад л, нэгдэлжих хөдөлгөөн болоод, нилээн л их юу яадаг байсан юм шиг байгаа юм аа. Ажил ихтэй, шаардлага өндөртэй, янз янзын ажил их яадаг. Адуу мадууг чинь хамтын хүчээр бол дийлчихдэг. Хонь малыг чинь хамтын хүчээр хяргачихдаг. Тийм хамтын ажиллагаа нэгдэлжих хөдөлгөөний үед бол дэлгэрсэн байсан юм шиг байгаа юм аа.
Нэгдэлжих хөдөлгөөний үед бол янз янзын гар үйлдвэрүүд их байгуулагдаж байсан юм шиг байгаа юм. Манай сум дээр хүртэл тэр “Артель” гээд л бас нилээн хэдэн хүн ажилчихдаг, сумын хэмжээнд нилээн хэдэн хүн ажилчихдаг тийм юмнууд байсан. Аа шээзгий савар энэ тэр хийдэг тийм юмнууд нилээн их байсан. Ер нь хамтын хүчээр л нэгдэлжих хөдөлгөөн үед чинь хамтын хүчээр л ажлыг их амжуулдаг. Гүү мүү барихад ч гэсэн нэгдлийн гүү энэ тэр гээд л яагаад олон хүний хүчээр барьчихдаг. Саам маамаа айраг таргаа эсгээд борлуулчихдаг тийм л байсан юм шиг байгаа юм. Ер нь бүх юмыг л хамтын хүчээр хийчихдэг, нилээн л их үр дүнтэй байсан юм болов уу даа гэж боддог ш дээ. Ер нь миний үед ч гэсэн нэгдэл байхад сумаас чинь улсууд гараад л айл амьтны хонийг бүгдээрээ нийлээд хяргаад өгчихдөг, тиймэрхүү юм зөндөө байдаг байсан. Өөр одоо чинь нэгдэлжих хөдөлгөөний үед хамтын, хамтач ажиллагаа их л дэлгэрсэн тийм л байсан байх гэж боддог.
Оюунтунгалаг -
Тэгээд танай нэгдэл чинь хэзээ тарав ер нь?
Ширэммэс -
Нэгдэл тэгээд сая энэ ардчиллын үеэр нэгдэл чинь бараг тарсан даа. Бүх юмыг чинь нөгөө л ард түмэндээ хувааж өгөөд л, ийш тийш нь зарж үрээд л тэгээд л нэгдэл гэж байхаа болиод л. Тэгээд бүх юм л хувьд гарсан учраас нэгдэл тэгээд тарсан. Мал ч хувьд гарсан, нэгдэлд байсан тэр хөдөө аж ахуйн техник мехник, бүх л юм эзэмшиж байсан эзэндээ хувьчлагдчихсан учраас нэгдэл яг тэр үеэр л тарж хурал юмаа хийж, нэгдэл гэж хамтаар ажилладаг тийм хүчин байхгүй болсон.
Оюунтунгалаг -
Таны бодлоор ер нь таны ээж аав одоо өөрийн малаа бас нийгэмчилсэн байгаа ш дээ нэгдэлд тийм ээ, нэгдэлд нийлүүлээд. Нэгдэлд орсноор ер нь танай ээж аавын амьдрал сайжирсан гэж үздэг үү та? Өөрсдөө ер нь юу гэж үздэг байсан бол?
Ширэммэс -
Өө нэгдэлжих, нэгдэлд ороод амьдрал сайжралгүй яахав. Амьдрал тодорхой хэмжээ ажил хөдөлмөр хийгээд тэрнийхээ хөлсөнд цалин мөнгө аваад, тэр хэмжээгээрээ болбол хүний амьдрал сайжирч байсан сайжирсан. Хэдий чинээ л ажил сайн хийнэ үү тэр хэмжээгээрээ мөнгө авдаг, нэр хүнд нь сайжирдаг, хурал цуглаанд их явдаг тийм байсан.
Оюунтунгалаг -
Танайх ер нь нэгдэлд олон мал нийлүүлж байсан уу?
Ширэммэс -
Өө 700, 800-гаад мянган мал, манайх бол овоо хөрөнгөтэй айл байсан юм шиг байгаа юм. Тэгээд 700, 800-гаад мал нийлүүлж байсан. Нэгдэлд яаж ч байсан өгч байсан юм шиг байгаа юм. Нэгдэлжих, нэгдэл байгуулахад тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд нэгдлээс олон мал маллаж байсан уу?
Ширэммэс -
Тэгээд нэгдлээс олон мал маллаад, аав эхлээд адуу хариулж байсан. Сүүлдээ бол үхэр хариулдаг болсон, тэгээд сүүлдээ үхэр хариулж байгаад аав маань тэтгэвэртээ гарсан даа.
Оюунтунгалаг -
Ээж чинь бол саальчин байсаар байгаад?
Ширэммэс -
Ээж саальчин байсан. Саальчин байсаар байгаад тэгээд л тэтгэвэртээ гарсан.
Оюунтунгалаг -
Тэгээд нэгдэл тарахад ээжид чинь одоо хувь хөрөнгө, мал оногдсон уу?
Ширэммэс -
Нэгдэл тарахад ер нь хой хэмжээний мал өрхөд оногдсон шүү. Хүн болгонд шахуу л, хүний тоогоор тодорхой хэмжээний мал оногдсон. Тэр болгоноо тэгээд бол авсаан тийм .
Оюунтунгалаг -
Ер нь нэгдэл бол зар тараахдаа яг тэр нэгдэл анх нийгэмчлэн, анх юмаа, хөрөнгөө нийгэмчилж орж байсан хүмүүстээ энэ хувь хөрөнгөө тэгш хуваасан гэж үздэг үү? Та ер нь юу гэж боддог уу?
Ширэммэс -
Тэгш хуваасан гэж үздэггүй ээ.
Оюунтунгалаг -
За
Ширэммэс -
Тэгш хуваагаагүй. Ер нь дээр үед хичнээн олон мал, хөрөнгө нэгдэлд өгч байсан тэр хэмжээгээрээ бол тэр арай ахиухан ч авдаг юм уу тийм юм байгаагүй. Аа гаднаас ирээд ганц хоёр жил ажиллаж байсан хүн ч гэсэн мөн адилхан тэр хэмжээний мал авч байсан учраас тэгш бус л гэж би боддог.
Оюунтунгалаг -
Ер нь нэгдэл задарсан нь зөв үү?
Ширэммэс -
Нэгдэл задарсан нь ер нь буруу ч юм уу даа гэж би боддогийн тийм. Одоо бол юм болгон хувь дээр очоод тэр, тэгээд тэр хүн цаашид ажиллуулж чадах хүн ч байна, чадахгүй хүн ч байна тийм ээ. Нэгдэл гэдэг маань бол хамтын хүчээр ажлыг хийж байгаа учраас нилээн юмыг амжуулдаг байсан. Нилээн юмыг хийдэг байсан учраас нэгдэлжих, тэр хамтын хүчний ажиллагаа илүү юм болов уу даа гэж би боддог юмаа.
Оюунтунгалаг -
Аа ээж чинь болохоор юу гэж ярьдаг уу? нэгдлийн тухай. Нэгдлийн тарсан, байгуулагдсан тухай.
Ширэммэс -
Ер нь нэгдэл байснаараа бидэнд бол бүх юм, тэгэхдээ яахав нэгдэл бол бэлэнчлэх сэтгэлгээ ихтэй, юмыг бол бэлдэж их өгдөг байсан байнаа. Нэгдлийн үед бол усыг хүртэл хаваржаа, өвөлжөөн дээр нь зөөгөөд өгчихдөг байсан энэ тэр гээд л сайн юмнууд их л байсан л даа. Малыг нь хүртэл хонь малыг очоод хамтын хүчээр хяргаад өгчихдөг. Бэлэнчлэх сэтгэлгээ их суулгасан тийм байсан юм байна даа. Одоо тэгээд бүх юмыг бэлэнчлэх гээд байдаг болчихсон үе байжээ. Одоо бол тийм биш юм чинь юм болгон жаахан тиймэрхүү тал гараад байна даа гэж боддог.
Оюунтунгалаг -
Нэмж яримаар, нэмж хэлмээр дутуу ярьсан ч юм уу тэгж бодогдож байгаа юм байна уу?
Ширэммэс -
Гайгүй байхдаа. Бараг л бүх юмаа бараг шахуу ярьчихлаа гэж бодож байна ш дээ.
Оюунтунгалаг -
За, за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.