Tsohio
![](../assets/images/interviewees/990045.jpg)
Basic information
Interviewee ID: 990045
Name: Tsohio
Parent's name: Jamts
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired (previous job illegibile)
Belief: none
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
collectivization
education / cultural production
travel
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
cultural campaigns
army
school
collectivization
car
People's Revolutionary Party
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За би Өмнөговь аймгийн Манлай суманд Жамцын Цохио гуайтай уулзаж байна. Ингээд Цохио гуайд судалгааныхаа учрыг тайлбарласан, ингээд та миний асуусан одоо хүссэн тэр зөвшөөрлийг өгч байна уу зөвшөөрч байна уу?
Цохио -
За зөвшөөрч байна.
Оюунтунгалаг -
За тэгвэл та өөрийнхөө түүхийг, хэзээ хаана төрөв, хэний хүүхэд болж төрөв, хаана төрөв, ингээд өөрийнхөө намтар түүхээс эхлээд яриач?
Цохио -
За би 1931 онд энэ Манлай сумын зүүн урд талд Баянгол гэдэг газар төрсөн. Миний эцэг Жамц гэж байсан, эх Пунцагмаа гэж байсан. Тэгээд яахав дээ миний төрсөн тэр үе, өссөн үе болвол за амьдрал ахуй тааруу хөдөөний айл өрх малчин айл өрх бол одоо тийм борчууд гэж яригддаг тийм л айлын нэг нь л байсан л даа манайх мал хөрөнгө цөөтэй, тийм юутай байлаа. Тэгээд яахав дээ энэ ган гачиг одоо зуд бороо орохгүй ийм явдал бол ер нь бас дээр үеэс үе үе тохиолдож байсан. Тэгээд бас нүүгээд ойр орчмын залгаа сумдын нутгаар нутаглаж бас явж одоо манайх бол Дорноговийн Мандах сумын нутгаар бол ер нь бүтэн жил шахуу нүүж явж байлаа. За тэгээд тэгж явж байгаад тэгээд би 11 насыг хүрээд 1942 онд бага сургуульд орсон, за бага сургуульд ороод яахав нэг 30-аад хүүхэдтэй Халтар гэж багштай ийм ангид эхэлж А үсэг заалгаж эхэлсэн, тэгээд би бол одоо 4-р анги төгсөнө гэхэд 1946 онд төгсөх ёстой хүн, тэгээд ар гэрт бол хүн бүлгүй бололцоогүй одоо тийм байсан учраас 2 жил бол завсардсан байгаа юм, тэгээд 1948 онд 4-р ангиа төгсөж байсан. За тэгээд бол яахав хөдөө гараад ажил бас баг, сум багаас хий гэсэн ажил хийж бас тэгж явсан тэгээд говь нутагт одоо боловсон хүчин ховор учраас тэгээд сүүл сүүлдээ ажил хийгээд бас нэг арай шат ахиад тэгээд байсан, болоод тэрүү тэгээд би сумандаа бол янз бүрийн ажил хийсэн, тэгээд би ер нь энэ Манлай, Өмнөговийн зүүн талын 5 сумыг бол ер бүгдийг нь одоо их бага хэмжээний ажлаар бол ажил хийж байсан даа, эвлэлийн үүрийн даргаас эхлээд, тэгээд хамгийн сүүлд бол ардын хянан шалгах хорооны дарга гэж 16 жил болсон, миний хамгийн тогтвортой ажилласан юу бол тэр л байгаа юм. Тэгээд 91 онд тэтгэвэрт гарсан, 60 хүрээд, за тиймэрхүү шүү байсан. Тэгээд намайг багад бол яахав соёлын довтолгоон гэж бол ажил бас өрнөдөг, айл болгон одоо утаатай гэрийнхээ утааг цэвэрлэдэг, за тэгэхээр тэр үед бол тосон будаг гэж байхгүй зосоор гэрээ зосддог тийм байсан, зос гэж одоо яахав энэ байгальд байдаг нэг хуурай юу бий л дээ, тийм будгархуу юм бий, тэрүүгээр л зосддог нэг үе, тэгээд л утаа униар модныхоо утаа униарыг бол хусдаг тийм үе эхэлж байсан юм. Манай аймгийн дарга 50 хэдэн онд Дамбажамц гэж хүн байсан. Тэр хүн бол тэр ажлыг их эрмүүн хийлгэж байсан санагддаг юм. За тэгээд тэрнээс хойш чинь одоо тэгээд би ч яахав зүүн талынхаа сумдад эвлэлийн үүрийн даргаар 3 сум дамжсан, дараа нь за аймгийн төлөвлөгөөний комисст нэг хэдэн сар болсон, тэрнийг ч яахав эс тооцсон ч, би тэгээд л суманд бол бригадын дарга байлаа нэгдэлжсэн хойно, за тэгээд захиргааны орлогч, намын үүрийн орлогч, намын үүрийн дарга тэгээд ардын хянан шалгах хороон дарга гэсэн ажлуудыг бол хийсэн. За тэгээд би ер нь ажил хийж байх хугацаандаа тэр хийж байгаа ажилдаа нэг эзэн болох юмсан, болгож бүтээх юмсан гэсэн эрмэлзэл бол надад их байдаг байсан. Тийм учраас яахав тэгээд төр засаг бол надад бас чамгүй одоо шагнал хүртээсэн, тэрэнд бол баярлаж байдаг юм. Би болвол яахав ер нэг ууган албан хаагчийн нэг бол гэж болох тийм л хүн, тэгээд за тэр дээхнэ үед болвол одоо энэ социализмийн үе, ялангуяа одоо 40-с хойш 50 хэдэн он, 60-аад онд болвол ер нь одоо ухай нь багийн дарга гэхэд л болвол их олон төрлийн ажил хариуцдаг аян жинд хөдөлгөдөг, тэмээн хөсгөөр одоо Улаанбаатар, Алтанбулагаас жин тээдэг, тэгээд түүхий эд гээд л цуглуулдаг, гэрээлүүлдэг, ангийн үс гэрээлүүлдэг, зээрийн мах одоо бэлтгүүлдэг, тэгээд ер нь өөрийнхөө унаагаар тэр багийн айлуудыг хэсдэг багийн дарга болвол тийм ажилтай хүн, тэр бол хүнд ажилтай юм шиг байсан зүгээр би болвол багийн дарга байгаагүй гэхдээ багийн нэгэн тэргүүлэгч энэ тэр гээд бас зарагдаад явдаг айл хэсдэг бас тийм хүний нэг байлаа. За тэгээд яахав сүүлийн үед болвол суманд ажиллаж байхад мөн л хөдөө гадаа явах айл амьтан хэсэх хүнийг зохион байгуулж одоо тухайн цаг үеийн ажилд одоо оролцуулах иймэрхүү ажлууд бол аль ч суманд мунддаггүй байсан л даа. Тэгэхээр би ер нэг үндсэндээ өөрийгөө 40 шахуу жил одоо хөдөөний айл хэссэн хүн гэж хэлж бол бараг болно. Эхний үед бол морь тэмээгээр явдаг байсан сүүлийн хэдэн жил яахав дээ нөгөө мотоциклээр айл хэсдэг ийм л байлаа. За тэгээд өөр одоо ярих юу байдаг бол доо.
Оюунтунгалаг -
За танай аав ээж ямар улсууд байв, бага насныхаа тухай дэлгэрүүлээч?
Цохио -
За бага нас яахав дээ тэгээд ер нь дээр үед юм ховор байсан. Амьдрал бол тийм хялбар бололцоотой байж чадаагүй юм аа, за тэгээд багийн агентад нэг гурил будаа тэмээгээр одоо тээж хөдөө айлаар хэсэх, тэгээд тэрийгээ өрхийн нэг кг, хүний нэг кг гэх жишээтэйгээр одоо тэгж хуваарьтай, тэгж тараадаг тийм байсан. Тэгээд ер нь цагийн сайхан жил болвол одоо сулхир, сарилж гээд одоо байгалиас ургадаг юмыг түүж авдаг, би эцэг эхээ дагаад бас тийм ажилд одоо бишгүй явж л байсан. Тэгээд тийм юмаар болвол амьдралаа залгуулдаг тийм байлаа. Би бол яахав ээ бага наснаасаа эхлээд тэмээ унадаг, морь унадаг, тийм байсан, тэгээд моринд бол одоо хүртэл хорхой хэвээрээ зүгээр, моринд мордож чадахаа байсан хэрнээ тийм л байдаг юм. Тэгээд ер нь манай эцэг эх болвол ер нь жирийн л малчин улсууд байсан тийм, тэгэхдээ нэг аян жинд бол явж байгаагүй, аян жинд явах чадвар ч муутай улс байсан.
Оюунтунгалаг -
Та чинь ээж ааваасаа олуулаа байв уу?
Цохио -
Долоо байсан юмаа, одоо нэг 5 нь байж байна, дээд тал нь 85, 86-тай, доод тал нэг 60 хэдтэй тийм улсууд одоо 5 байж л байна.
Оюунтунгалаг -
Ээж аав бол мал малладаг л улсууд байсан?
Цохио -
Өө мал л маллана, өөр юм хийнэ гэж байхгүй, өөр хийх ч юм байхгүй л дээ манай энд чинь, тариа будаа тарина энэ тэр гэж байх биш дээ тэгээд ус ч үгүй юм даа, тиймэрхүү амьдралтай байсан. Тэгээд би нэг 51-с 54 онд цэрэгт яваад тэгээд цэргээс ирэхэд л сумнаас дуудаад л тэгээд эвлэлийн үүрийн дарга болгосон, тэрнээс хойш бас нэг албан хаагч гээд тэгээд сумын төвд суугаад тэгээд би энэ Манлайд бол голыг нь суусан, тэгээд Ам богд, Цогтцэций, Ханхонгор, Цогт-Овоо энэ сумдад одоо урт богино хугацаагаар сууж л байсан.
Оюунтунгалаг -
Бас их олон сумуудаар явсан байна шүү дээ тийм ээ?
Цохио -
Тийм.
Оюунтунгалаг -
Бас их олон суманд ажилласан байн шүү дээ та тийм ээ?
Цохио -
Тэгж байсан.
Оюунтунгалаг -
Ганц Манлайд биш, тэгэхээр тэр үед таныг цэргээс ирэхээр чинь дуудлаа гэж байна шүү дээ. Та цэрэгт хаана алба хаав, тэгээд ер нь тэр үед бас цэргээс ирсэн улсууд бас их ажил албатай залгадаг байсан тийм ээ?
Цохио -
Тийм
Оюунтунгалаг -
Тэгэхээр яасан цэргээс ирэхдээ одоо бас нилээд боловсорч, мэдлэгтэй болоод ирдэг байсан юм уу, ажил мэргэжилтэй болоод ирдэг байсан юм уу, та цэрэгт яг хаана алба хаав?
Цохио -
Би цэрэгт Улаанбаатарт, Улаанхуаранд 3 жил болсон хүн. Намайг цэрэгт явж байх үед бол тийм дайн тулааны янз бүрийн юм бол болж байгаагүй л дээ. Тэгээд л цэргээс ирэхдээ ирээд л хөдөө хэдхэн малтай, малаа эргүүлээд эцэг эхдээ туслаад тэгээд л байж байхад л тэгээд дуудаад тэгээд эвлэлийн үүрийн, эвлэлийн гишүүдийн хурлаар намайг сонгож байсан юм. Тэгээд л тэрнээс хойш бол би мал дээр хөдөө гэр оронд бол нэг их тусалж чадаагүй тэгээд л.
Оюунтунгалаг -
Цэрэгт бол ер нь юу сурав, цэргийн 3 жил ер нь ямар байв, одоо тэр үеийн цэрэгт чинь одоо өнөөдрийн энэ яриад байгаа цэргийн дэглэлт ч байдаг юм уу, оны ялгаа ч юм уу тийм юм ер байв уу, холын одоо цэргүүдийг хот яаж хүлээж авав ер нь?
Цохио -
Өө яахав тэр цэргийн дэглэлт, оны ялгаа янз бүрийн тийм юм бол намайг байх үед огт байдаагүй байсан, тэгээд ердөө цэргүүд бол мөртөө тэр үеийн цэрэг ч одоо яахав дээ цэргийн дүрмэндээ захирагдаад тэгээд юу яа ер нь тийм юм бол огт байгаагүй ээ. Цэрэгт яахав би нэг Сүхбаатарын тасалгаа гээд нэг тийм юмны эрхлэгч, за тэгээд бага дарга байсан нэг, түрүүч цолтой, салаан туслах энэ тэр гэсэн тийм юм, тэгээд сумангийн бичээч энэ тэр гээд нэг тийм мэтийн юм хийж л байсан.
Тэгээд яахав би болвол ер нь нэг бичиг үсэг 4-р анги төгссөн боловч бичигт болвол бичгийн хэлбэр юугаар бол нилээд сайнд тооцогддог байсан, тэгээд тэрнийг түшиглэсэн гээд намайг албанд оруулсан байх, тийм.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо ер нь ирж байгаа цэргүүд ихэвчлэн бичиг үсэгтэй байв уу, яадаг байв, тэр цэрэгт бичиг үсэг зааж байв уу ер нь, цэргүүд ирж байгаа цэргүүдийн түвшин боловсрол ер нь ямар байсан бэ?
Цохио -
За яахав ээ, тэр үед ч нэг дунд зэрэг л байсан байх, зүгээр, надад бол нэг тийм юм зааж байсан хүн, цэрэгт бол зааж байгаагүй. Тэгэхдээ нэг бичиг үсгийн шалгалт авдаг байсан, тэгээд аваад заахад нь заадаг заахгүйд нь заадаггүй л байсан байх. Би зүгээр тэнд заалгаж байгаагүй, тийм. Тэгээд яахав ер нь явцын дунд бол би монгол бичиг гайгүй оролддог байсан тэгээд, монгол бичиг сурсан сүүлдээ одоо хурал цуглаан янз бүрий тэмдэгллийг болвол энэ монгол бичгээр их бичдэг, ноорог зоорог тэгдэг л байлаа л даа. Одоо нас ахиад ирэхээр юм хийж, бичдэг барьдаг юм өнгөрч юмаа, тэгээд чадахаа байх юм, гар салгалах юм тэгээд.
Оюунтунгалаг -
Цэргийн 3 жил ер нь удаан байв уу, гэр орноо санадаг байв уу?
Цохио -
Эхлээд удаан байдаг байсан юм шиг л санагддаг байсан, эхний нэг жилд, тэгээд сүүлдээ бол гайгүй болчих юм билээ л дээ, тэгээд сүүлдээ түргэн өнгөрчихдөг юмаа, би 54 оны хавар л халагдсан юм байгаа юм. Тэгэхдээ цэрэгт би болвол холбооны ангид байсан, танкийн ангид байсан, за тэндээс болвол нэг их мэргэжил олоод бариад байна гэх юм болвол байхгүй л дээ. Яахав холбоонд нэг цахилгаан салаанд нь нэг байдаг л байсан, тэгэхдээ цахилгааны юм гайгүй заалгаж барьж бас эрхбиш тэр үедээ бол юм сурч байсан зүгээр, одоо болвол тэр чинь “А” ч үгүй болж л дээ.
Оюунтунгалаг -
Тэр үед ч цэргийн хоол хүнсний хангамж ямар вэ, одоо зэрэг дэв тушаалын ялгаа хэр байх вэ?
Цохио -
Өө яахав хоол хүнс бол бололцоотой л доо, зүгээр бор гурилын талх идээд, тэгээд хоол бол яахав ээ би цэрэгт 3 жил болоход өлсөж байгаагүй л юмдаг, болоод л байсан.
Оюунтунгалаг -
Гэр орноос эргэлт юм очих уу, уулзалдах уу
Цохио -
Өө манайд чинь одоо эргэнэ гэж ер нь байгаагүй, 3 жилд манай эцэг эхэд ч тийм чадал байгаагүй, тийм бололцоо ч байгаагүй, хааяа нэг аяны жингийн хүнийг уулзаад ирээрэй энэ тэр гээд нэг дээд тал нь нэг 50 төгрөг энэ тэр өгөөд явуулсан байдаг байсан, тийм.
Оюунтунгалаг -
Тэгж л нутгийн хүмүүстэйгээ уулздаг /инээв/.
Цохио -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд 3 жил бол ээж аавтайгаа бол уулзаагүй?
Цохио -
Уулзаагүй л байж байгаад тэгээд л ирсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр 50 төгрөг, жишээ нь 50 төгрөгөөр одоо юу хийх вэ тэр үед?
Цохио -
Өө тэгээд яахав дээ тэгээд цэрэгт хуваагаад л жаахан чихэр, ёотон тийм юманд өгнө дөө, тийм, харин би хэдийнээ тамхи татдаг хүн зүгээр тэгэхэдээ тамхийг цэрэгт очоод сурсан, нормын тамхи гээд 300 гр улаан тамхи, нэг 5 хайрцаг шүдэнз, татдаг татдаггүй хамаагүй сар болгон өгдөг байсан. Тэгж байж би тамхинд орчихсон золиг байгаа юм, тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр татдаггүй цэргүүд нормоо яах вэ?
Цохио -
Аа татдагтаа өгнө, зарах гэж бас оролдоно, тэгээд зарах гээд авах хүн бас олдохгүй ээ, дэлгүүрийн үнээр л өгөх гэнэ, дэлгүүрт нь зөндөө байдаг юм болохоор хүн авдаггүй байсан.
Оюунтунгалаг -
/инээв/ Тэр үед чинь одоо цэргүүд чинь ер нь цалин хөлс авна тийм ээ үгүй юу?
Цохио -
Үгүй ээ би чинь 3 цаасны цалинтай байсан юм. Тэгээд нэг бага дарга, салаан туслах энэ тэр болоод 15 цаасны цалинтай болж байсан юм. Тэгээд 15 цаас гэдэг чинь асар их мөнгө шиг тэгж санагддаг л байсан /инээв/. Тэгээд яахав дээ үзвэр энэ тэрийг л үзнэ дээ, өнөө мөнгөөрөө.
Оюунтунгалаг -
Цэргийн ангидаа үзэх үү, гарч үзэх юм уу?
Цохио -
Аа бас энд тэнд тоглолт болоход аваачиж үзүүлдэг энэ тэр байсан юмаа, цэргүүдийг, явж үзэхийг зөвшөөрдөг, үгүй бол бөөнөөр нь зохион байгуулалттай жагсаалаар явж үздэг тийм л байсан.
Оюунтунгалаг -
Ямар үзвэр үздэг байв, таны сэтгэлээс гардаггүй ч юмуу их сонин санагдаж байсан ямар кино, үзвэр байна?
Цохио -
Аа одоо цэргийн дуу бүжгийн чуулгийн концертыг бол их үзсэн, тэгээд гадны одоо урлагын янз бүрийн тоглолтууд ирж, анги дээр их тоглоно, тийм, тэрнийг их үздэг байсан. Гол нь концертууд л байдаг байсан даа. Тэгээд нэг театр меатрт бол нэг их ордоггүй байсан, тийм юм үздэггүй байсан.
Оюунтунгалаг -
Сургуульдаа бол ер үзвэр үздэг байсан уу та, сургуульд сурагч байхдаа 4 жил, 6 жил одоо тэгээд завсарттайгаа нийлээд 6 жил сурсан биз дээ тийм ээ, тэр хооронд ер нь?
Цохио -
Аа яахав ээ, орон нутгийн концерт, монцерт нэг тийм мэтийн юм бас үзнэ л дээ.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо телевизор, радио эд нар гарчихсан байсан тийм ээ?
Цохио -
Телевизор байхгүй байсан, сургуульд байхад бол телевизор ямар юм байх вэ, радио ч одоо бас ховор байлаа шүү дээ, намайг сургуульд ороход бас нэг их байдаггүй байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо сургуулийн байр гэж ямар юм байх вэ, танд ер нь сургууль ямар санагдаж байсан бэ, багш нар чинь ямар хүмүүс байв?
Цохио -
Өө сургууль яахав ээ, нэг тийм болж бүтэхгүй юм байхгүй л дээ, тэгээд олон хүүхэд, үе тэнгийн хүүхдүүд ер нь шуугиж дарвиад тэгээд л байдаг байсан. Гол нь гэрэн байртай, гэр ангитай байсан шүү дээ тэгэхэд чинь, байшин гэх юм байхгүй. Сургуулийн дотуур байр ч одоо нэг дотуур байр, анги гэж нэг арваад гэр л байх. Тэгээд сүүлд байшинтай болсон, би ер нь надаас, намайг сургуулиас гарсан хойно л энэ барилга энэ тэр л баригдсан уу гэхээс тэрнээс өмнө бол баригдаагүй. За тэгээд сургуулийн багш нар ч одоо, за нэрийг нь мартчихжээ, энэ Намжил гэж захирал байсан, Шархүү гэж захирал байлаа.
Оюунтунгалаг -
Олон хичээл орох уу тэр үед?
Цохио -
Цөөхөн, одоог бодвол цөөхөн л дөө, зүгээр тэгэхдээ бас өдөрт нэг 4 цаг л хийдэг байсан байх даа, тийм л юм байна. Одоо мартчихжээ заримыг нь тийм.
Оюунтунгалаг -
Та ер нь бичиг үсэг сурахад дуртай байв уу ?
Цохио -
Аа дуртай байсан, яахав дээ бичгийн хэлбэр, галбир энэ тэр бол би бас зүгээр хүүхдийн тоонд ордог байсан юм. Тэгээд, тэгээд тэрүүндээ урамшдаг ч юм уу ер нь тасалдахгүй тэгээд юу яасан л даа, тэгээд сүүлдээ ажил хийгээд ирэхээр бичих юм их болоод ирэхээр хүний бичиг үсэг, ном, хэлбэр бол заавал засагддаг юм байна лээ.
Оюунтунгалаг -
Та сурагч байхдаа сургуульд сурч байхдаа одоо хаана, гэрээсээ очиж явж, ирж очих уу, дотуур байранд энэ тэрд байв уу?
Цохио -
За голцуу, голцуухан гэрээс. Манай эцэг харж суудаг байсан юм. Тэгээд дандаа гадуур сууж байсан ер нь, байранд нэг их сууж байгаагүй. Тэгээд сүүлдээ би чинь дунд сургууль энэ тэрд яваагүй энд бага сургуулиа 2 жил алгассан хүн тэгээд цаашаа дунд сургуульд бол яваагүй юм байгаа юм, ар гэрийн гачигдал гээд, тийм. Ер нь мал хөрөнгө муутай одоо юу мал хөрөнгө цөөхөн, хүн бүл муутай, эх эцэг 2-оос өөр юм байдаггүй, тийм л байсан л даа.
Оюунтунгалаг -
Та айлын хэд дэх хүүхэд билээ?
Цохио -
Би 5 дахь нь болов уу гэж санадаг юм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр бусад ах, эгч нар хаачсан байх вэ одоо, тэгээд ээж, аавтайгаа хоёулхнаа, гурвуулхнаа байхад?
Цохио -
Тэр хүүхдүүдийг чинь хагасыг нь хүнд үрчлүүлсэн, одоо энэ Мандах суманд 2 байсан юм, нэг нь би одоо, тэгээд гэрт болвол нэг их юу байгаагүй ээ. Тэр нөгөө.
Оюунтунгалаг -
Ах эгч нар бас сургууль соёлоор явсан уу?
Цохио -
Сургууль соёлоор нэг их явсан юм байхгүй ээ, тэгээд миний дүү нар болвол яахав зүгээр бас эрх биш нэг их дээшээ яваад байсан юм болвол байхгүй зүгээр. Тэгэхдээ сургуульд сурцгааж л байсан, мөн манай эцэг хардагаараа хараад л тэгж л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд аав чинь одоо та нарыг харж байх үед ээж ч яахав малаа маллаад хөдөөнөө байж л байна?
Цохио -
Тэгнэ, тэгнэ, тэгдэг байсан, тийм нэг цөөхөн бог малтай, цөөхөн тэмээ, адуутай хэзээний нэг үхэр байдаггүй, тийм л айл байсан л даа.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь хүмүүс бас хүүхэд их өргүүлсэн, өргөж авсан, би өргөмөл хүүхэд гэж ярих юм. Тэгээд танайх яагаад тэр хүүхдүүдээ өргүүлж байсан юм болоо?
Цохио -
За мэдэхгүй, 40-өөд оны онд манайх энэ нүүгээд Мандахын нутагт явж байсан, тэгэхэд бол манай байгаа хэдэн мал их эцэнхий, амьдрал их дорой байсан. Тэгээд тэнд миний дүү гарч ч байсан явдал бий. Тэгээд нутгийн улсууд хүүхдийг чинь авъя, баръя гэхэд өгчихдөг л байсан, тэр амьдралаас шалтгаалж байсан байх. Тийм л юм бий дээ. Амьдрал муухан болохоор тэгээд хүүхдээ хүнд өгчихөж л байсан, хоёрыг л Мандахад өгсөн юмдаг
Оюунтунгалаг -
Тэгээд тэр ах эгч, нартайгаа хожим хойно ч юм уу, тэр үедээ ер нь холбоо харилцаатай байсан уу?
Цохио -
Байлгүй дээ, байлгүй дээ, холбоо харилцаа ч одоо тэр Мандахад өгсөн 2 хүүхдийн одоо нэг нь бий, нэг нь нас барчихсан юм..
Оюунтунгалаг -
Тэр үед ээж, аав чинь очиж уулздаг барьдаг ч юм уу эсвэл нөгөө өргөж авсан ээж, аав нь авчирч уулзуулдаг ч юм уу тийм юм ер нь байсан уу?
Цохио -
Байсан, байсан, одоо хүртэл ирж надтай миний дүү нар учраас ирж золгож тэгж л байдаг. Тэгэхдээ настай юмнууд бий дээ, 60 нилээн гарчихсан 70 хүрч байгаа, зарим нь 70 хүрсэн тийм юм бий. Манайх ер нь гурван хүүхдээ лав хүнд өгсөн юм байгаа юм тийм, үрчлүүлсэн юм. Тэгээд одоо тэднийх байж л байгаа, одоо Дорноговийн Айраг суманд байж л байдаг юм, нэг хөгшин бий, тэр мэтээр.
Оюунтунгалаг -
Одоо үр хүүхдүүд нь, та нарын үр хүүхдүүд хоорондоо бие биенийгээ танина?
Цохио -
Өө танина, танина, уулзана, учирна. Тэр талаар бол жигтэйхэн сайн.
Оюунтунгалаг -
Танай ээж аав ер нь мал ахуйгаа хир арчилдаг хүмүүс байв, та нарт юу гэж сургадаг, ажил хөдөлмөр заадаг хүмүүс байв уу?
Цохио -
Малчин улсууд байсан, өө ямар зүг байх вэ, одоо эцгийн хууль бол одоо хэзээ ч мартахааргүй чухал юм энэ тэр хэлж өгдөг л байсан даа, манай эцэг уг нь Хэнтий аймгийн гарлын хүн байсан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын юм шиг байгаа юм. Зүгээр тэр ч тэр үед бол хошуу гэж байсан учраас сум гэж байгаагүй учраас би бас нэг Дэлгэрхааны л хүн байсан юм шиг байна л ээ. Эх болвол Дорноговийн Мандах сумын Сайхандулаан сумын хүн байсан. Тэгээд энэ манай эх болвол энэ суманд хүнд үрчлэгдсэн хүн байж, эцэг болвол энэ Өлгий хийдэд шавилан сууна гэж нутгаас гарч наашаа явж байгаад тэгээд энд ирээд тэгээд манай эхтэй нийлээд тэгээд энэ хонхорын улс болсон юм билээ. Тийм түүхтэй л юм билээ.
Оюунтунгалаг -
Тэгж Хэнтийн хүн эндхийн хүн болж?
Цохио -
Тийм,. Дорноговийн Сайхандулааны хүн байсан юмаа эх бол, одоо миний 65 онд эцэг нас барсан, 71 онд эх нас барсан. За би ч яахав дээ тэгээд албан ажилтай тийм л байж, байлаа л даа.
Оюунтунгалаг -
За ингээд цэрэгт яваад ирлээ. Тэгээд үндсэндээ албан ажилтай боллоо тийм ээ.
Цохио -
Тийм.
Оюунтунгалаг -
За ямар ажлаас эхэлсэн билээ та чинь, Эвлэлийн үүрийн даргаас?
Цохио -
Эвлэлийн үүрийн даргаас эхэлсэн.
Оюунтунгалаг -
Тэр үеийн эвлэлийн үүрийн дарга юу хийх вэ, гишүүд нь гэж ямар улсууд байх вэ?
Цохио -
Тэр үеийн залуучууд чинь ер нь одоо архи дарс уухгүй үгүй ер нь жигтэйхэн хүний үг номоор, их уриалга тийм байсан юм шүү дээ, эвлэлийн хуралд одоо их бүрэн ирдэг. Эвлэлийн гишүүдийн семинар земинар болоход цугаараа ирдэг. Газрын хаанаас одоо 70, 80 км 100-гаад км–ийн цаанаас өвөл тэмээгээр, зун мориор тэгээд эвлэлийн хуралд ирнэ. Тэгээд би яахав энд бас нилээн эвлэлийн үүрийн дарга байх хугацаандаа би ер нь эвлэлийн эгнээг өргөтгөх гэж бас нилээн анхаардаг байсан. Тэгээд энэ Манлайд ч бас олон хүн элсүүлж байсан, Ханхонгорт очиж нэг жил болсон, тэгээд нэг 20-иод гишүүн хүлээж аваад 40-өөд, ганц жил болоод 40-өөд гишүүнтэй болгоод тэгээд л орхиж байсан юмдаг, тийм.
Оюунтунгалаг -
Ямар ажил зохиох вэ?
Цохио -
Аан.
Оюунтунгалаг -
Юу хийх вэ, ер нь эвлэлийн үүр ямар үүрэгтэй вэ, ямар ажил эрхэлдэг вэ?
Цохио -
Эвлэлийн үүр чинь одоо гишүүдийн тэр үед гишүүдийнхээ хүмүүжил мэдлэгийг дээшлүүлэх ялангуяа гишүүн биш одоо залуучуудын хурал мурал энэ тэр бол бас тусгай хийдэг одоо хөдөө багууд дээр энэ тэр хийдэг, хийлгэдэг, тэрүүгээр яахав дээ тэгээд нилээд л мэдлэг боловсрол, хүмүүжлийн тухай л яриа хөөрөө л хийдэг байсан. Тэгээд яахав залуучуудын хүчээр бол ус гаргах, худаг гаргах, хороо барих тийм ажил л ер нь аль ч суманд хийгддэг байлаа, тийм. Тэрнийг зохион байгуулж бас хийлгэдэг байсан.
Оюунтунгалаг -
Ер нь олон худаг гаргаж байв уу?
Цохио -
Аа бас нэг 4, 5 худаг гаргасан л байх.
Оюунтунгалаг -
Тэр үед ч эвлэлийн гишүүд татвар төлөх үү?
Цохио -
Төлнөө, тэгэхдээ яахав дээ нэг тарифтай тэгээд гавих юм үгүй ээ, тэгээд тэр үед чинь зарим нь хэдэн мөнгө, төгрөг хүргэж өгдөг хүн ер нь цөөхөн байсан байлгүй дээ, юу үгүй гол нь мөнгө, цалингүй улсаас болвол ер нь жаахан юм авдаг байсан, цалинтайд нь бол цалингийн тэдэн хувь гэсэн юм байдаг, аа тэдэн хувь гэсэн юм байдаг, тийм л юугаар хураана. Татвараа тэгээд аймагт эвлэлийн хороонд шилжүүлнэ, тийм л байсан даа.
Оюунтунгалаг -
Тэр үед ч ер нь эвлэлийн даргын үг бол одоо гишүүдэд ер нь яаж хүрэх вэ, даргыг нь ер юу гэж үзэх вэ, яаж үзэх вэ?
Цохио -
Өө, хэн мэдэх вэ, миний байсан суманд болвол ер нь тийм эсэргүүцдэг, хэрэлддэг, ийм зохиож байгаа ажлыг эсэргүүцдэг тийм хүн эвлэлийн гишүүн бол гарч байгаагүй. Эвлэлийн гишүүн архи, дарс ууна гэж байхгүй, тэгэхэд. Энэ шилтэй архи гэдэг юм бол бас маш ховор, малчин айлууд нэг тогоо нэрнэ үү гэхээс, тэрнээс өөр юм бол байдаггүй байсан.
Оюунтунгалаг -
Гишүүддээ янз бүрийн арга хэмжээ авдаг байв уу?
Цохио -
За нэг их сүйдтэй юм байхгүй дээ, авахаар юм. Аа нэг анхааруулах, барих, нэг хурал, цуглаан дээр бас нэг донгодох барих тийм юм бас байх нь байдаг л байх. Гэхдээ тэр нь бол хуралд олон ирдэггүй, хурал тасалсан, одоо тиймэрхүү хүнд л явагдана уу гэхээс тэгж сахилгагүйтлээ, барилаа гэх юм бол байдаггүй байсан, байдаггүй байжээ.
Оюунтунгалаг -
Ер нь соёл олон түмний ажил их зохиох уу?
Цохио -
Бас зохионоо, олон нийтийн үдэшлэг гээд бас нэг юм хийдэг л байсан, ялангуяа хурлынхаа үеэр.
Оюунтунгалаг -
Ямар хөгжимтэй хаана, юу зохиох вэ?
Цохио -
За даа, нэг гармон, мандолин мэтээс хэтрэхгүй дээ, хөгжим бол.Тэрнийг нь барьдаг хүн бас нь цөөхөн дөө тэгээд.
Оюунтунгалаг -
Тэр үеийн залуучууд ч ер нь ямар бүжиг бүжиглэдэг байв ер нь, хэн заах вэ тэрийг бас, заадаг өдөр байх уу?
Цохио -
За даа бас нэг заадаг хүн мэр сэр байна даа, нөгөө хүмүүн төрөлхтөн, жаахан дулмаа, задгай цагаан энэ тэр гээд нэг тийм мэтийн юм хийцгээдэг л байсан. Тэгээд яах вэ сүүлийн үед вальс энэ тэр гээд бүжиг хийнэ л дээ.
Оюунтунгалаг -
Та өөрөө хийдэг байв уу?
Цохио -
Бас нэг тэр үедээ бас залуучуудаа дагуулах гээд бас нэг босдог л байсан даа.
Оюунтунгалаг -
/инээв/
Цохио -
/инээв/
Оюунтунгалаг -
Бүжиг мөнгөтэй юу, тасалбар энэ тэр байх уу?
Цохио -
Байхгүй, байхгүй. Тийм юм огт байхгүй, тийм юм байдаггүй байсан юм /хоолойгоо засав/.
Оюунтунгалаг -
Тэр үед одоо бүжиглэх газар, клуб энэ тэр гэж бол байсан уу?
Цохио -
Аан?
Оюунтунгалаг -
Клуб, бүжиглэх газар байсан уу?
Цохио -
За даа, нэг клуб, улаан булан гэж сум болгонд бас нэг юм байдаг тэндээ л хийнэ л дээ. Тэгэхэд чинь одоо улаан булан нэртэй байсан. Клуб гэж нэг их байхгүй ээ, клуб чинь хожууны нэр шүү дээ, одоо соёлын төв гэх болж. За тиймэрхүү.
Оюунтунгалаг -
За ингээд дараа нь одоо ямар ажил хийлээ?
Цохио -
Тэгээд, тэгээд би эндээс Ханхонгорт очоод Ханхонгороос Цэцийд ирсэн, тэгсэн, 56 онд одоо энэ 57 онд Манлайд одоо тэр чинь ердөө нэгдэлжиж байсан үе л дээ, нэгдэл эхэлж л байсан үе. Тэгээд нэг жижиг нэгдэл байгуулагдаж, тэгээд одоо энэ Нямбуу дарга, аймгийн намын хорооны дарга байсан, тэр жижиг нэгдэлд очиж дарга хий гэж, тэгээд нэг жижиг, Баянжаргалан гэж нэг жижигхэн нэгдлийн дарга болж байсан. Тэгээд сүүлдээ нөгөө жижиг нэгдлүүд нийлээд цомхотгогдож л байгаа ухаан нь нийлж л байсан даа, тэгээд, тэгээд би аймгийн төлөвлөгөөний комисст намын үүр хийчихээд тэнд нэг хэдэн сар тоо бүртгэгч хийгээд, тэгээд Манлайд бригадын даргаар ирээд нэг 3 жил болсон. Бригадын дарга байж байхад, сумын орлогч болоод тэгээд сумын орлогч бас нэг хэдэн сар хийгээд тэгээд намын үүрийн даргаар сонгогдоод тэгээд нэг 6 жил намын үүрйин дарга хийгээд, тэгээд нэг бие муудаад, өвдөөд тэгээд гуйж байгаад гараад биеэ эмчлүүлж явж байгаад ирсэн. Тэгсэн Ханбогдод очиж нэгдлийн орлогч хий гэсэн, тэгээд Ханбогдод очиж 1 жил болсон. Уг нь хийж чадаагүй би аж ахуйн ажил хийж үзээгүй учраас хэцүү юм билээ, тэгээд тэрнээс бол гуйж байгаад гарсан. Тэгээд эргээд энд намын үүрийн орлогч бас нэг жаахан хийж байтал, ардын хянан шалгах хороон дарга хий гээд тэгээд Цогт-Овоод очиж хийсэн. Тэгээд Цогт-Овоо, энэ Манлай хоёрт би 16 жил болсоон, тэгээд Ардын хяналтын ажлыг байгуулагдахаас нь эхлээд татан буугдах нь хүртэл хийж байгаад тэгээд л, тэгээд миний тэтгэвэрт гарах тэр ажил татан буугдах, миний тэтгэвэрт гарах 2 зэрэгцсэн юм даа, тэгээд, тэтгэвэрт гараад нэг хэдэн хонь, ямаатай болоод хөдөө бас нэг арваад жил боллоо. Тэгээд сүүлдээ тэнхэл ч болилоо доо тэгээд одоо суман дээр ирээд тэгээд байж байна.
Оюунтунгалаг -
Та чинь хэдэн онд тэтгэвэрт гарсан билээ ?
Цохио -
91 онд.
Оюунтунгалаг -
Та түрүүн хэллээ шүү дээ, Эвлэлийн үүрийн даргаасаа одоо жижиг нэгдлийн дарга анх болсон гэж тэр үед ер нь нэгдэл ямар байв, хүмүүс орох орохгүй нь ямар байв, тэр үед олон гишүүнтэй байв уу?
Цохио -
Аа нилээн гишүүнтэй, жаахан гуйнаа бас. Сүүлийн үед болвол хүн нэмж ороод байдаг байсан, айлууд. Тэгээд нилээн олон одоо хичнээн өрх нэгдэлд орсон байлаа даа, Баянжаргалан гэдэг нэгдэл байсан л юмдаг. Энэ зүүн талын хоёр багаас л олон айл орсон доо. Тэгж байтал тэгээд өнөө жижиг нэгдлүүдийг чинь юу яагаад нэгтгээд, тэгсэн юм байгаа юм. Гурван нэгдэл байсан, гурван жижиг нэгдэл байсан даа, тэр гурвыг нэгтгэсэн юм сүүлдээ. Тэр нэгдлээ татан буугдаж байх үед манай нэгдлээс л лав энэ Мандах руу, Хатанбулаг руу, Ханбогд руу энэ тэр зарим нь тийшээ орно гээд ийшээ орж нэгдлээ тараахад бас их дургуй байсан шүү улсууд, тийм л байлаа.
Оюунтунгалаг -
Тэр үед нэгдэлд орох хүн яах вэ, ямар өмч хөрөнгө нийлүүлэх ёстой, тийм дүрэм журам бий тийм ээ ?
Цохио -
Байсан байсан, тийм. Хэнийх хичнээн мал нийгэмчлэх үү, нэгдлийн хувь хөрөнгөнд бас хэдэн төгрөг өгнө, тэгээд ямар мал хариуцаж, ямар ажил хийх вэ энэ тэр гэдгийгээ тохирно л доо, тийм. Тэгж л юу яаж байсан л даа
Оюунтунгалаг -
Мал нийлүүлэхгүй айл байх уу, малгүй айл байж болно шүү дээ тийм ээ ?
Цохио -
Өө тийм, болноо малгүй энэ тэр, нэг их огт малгүй айл гэж нэг их юм байгаагүй байх аа, манай нэгдлийн хувьд бол.
Оюунтунгалаг -
Нэгдэл тэгээд одоо нийгэмчилсэн малыг нь яах вэ?
Цохио -
Өө тэрнийг чинь тэгээд маллах улсууд нь хонь маллах айлд хонийг нь, тэмээ маллах айлд тэмээг нь тэгээд төрөлжүүлээд, хүнд маллагаанд өгчихнө л дөө, тийм. Тэр улсууд өөрсдөө тууж аваачиж өгнө. Тэгээд нэгдэл руу шилжүүлэв гээд бичээд өгнө. Нэгдэл чинь бас дотроо бригадтай л даа, тэгэхэд. Бригад гээд, бригадын дарга гээд нэг 2 бригадтай л байсан. Бригадын дарга нар шилжүүлгэ бичээд хэнийд хэдэн мал өгөх бололцоотой, хэдэн мал маллах бололцоотой байна тэр нормдоо хүрээгүй дутуу байвал тэгээд тийм айлд нь нэмээд өгнө малыг нь тийм л байлаа.
Оюунтунгалаг -
Хүмүүс ер нь нэгдэлд их цуварч оров уу?
Цохио -
Жаахан цуварсан, 50 юу билээ, 56 оны, 56 оноос ер нь нэгдлийн эхэлж байгуулагдсан шүү дээ энэ суманд, тэгээд 59 онд л ер нь бүрэн орсон, хамрагдсан юм байгаа юм. Тэгээд зарим нь бол нэгдлийн байдал майдал хараад орохгүй байгаад л байдаг байсан, тэгж байгаад тэгээд сүүлдээ л орсон. Хүчээр, хүчдүүлж орсон ч айл байдаг юм мэр сэр, байдаг л байсан байх.
Оюунтунгалаг -
Яаж хүчдэж оруулах вэ?
Цохио -
Ухуулга л их хийдэг л байлаа /инээв/.
Оюунтунгалаг -
За ямар ухуулга хийх вэ, та хийж явав уу /инээв/?
Цохио -
Аа би ч нэг их тэгж яваагүй дээ, тэр аймгаас дарга нар энэ тэр ирээд хуралдуулаад л, тэгээд л тэр улсуудыг нь дуудаж хуралд оролцуулаад л энэ тэр тэгээд, тэгээд аль ч суманд тэгж л байсан юм билээ.
Оюунтунгалаг -
Та нарт одоо аймгаас даалгавар өгнө тийм ээ, гишүүдээ одоо бүгдийг нь нийгэм юу нэгдэлд оруул энэ тэр гэсэн тийм даалгавар ирдэг байсан уу?
Цохио -
Аа, ирэлгүй дээ тэр чинь. Одоо тэр Нямбуу дарга чинь аймгийн намын хорооны дарга байсан, тэр хүн чинь ер нь их явдаг байсан шүү дээ, сумд хэсээд л аль тэр нэгдлээс татгалзсан барьсан улсуудтай чинь уулзаад л нилээн ширүүн хүн /инээв/, заримыг нь ч зад загнадаг байсан байх /инээв/, олны жишгээс хоцорлоо барилаа гээд. Нямбуу дарга энэ Ханбогд энэ тэрд Нямбуу даргад загнуулаад орж байсан хүмүүс байдаг л юм билээ. Тэгээд Өмнөговь чинь хамгийн анх нийтээрээ нэгдэл нэгдэлжсэн гэж улсад тийм үнэлэлт авч байсаан.
Оюунтунгалаг -
Аа бас?
Цохио -
Тийм, манай аймгийн хувьд бол, тэр бол Нямбуу дарга л голыг нь хийж, тэгж байсан даа. За тэгээд тиймэрхүү.
Оюунтунгалаг -
Нэгдлийн дарга чинь одоо сум, нэгдлийг хоёуланг нь зэрэг хариуцна, тэр үед чинь бас сум гэж тусдаа байсан?
Цохио -
Аа тэгэхэд эхлээд бол сум нь тусгаар захиргааны дарга, сумын захиргаа гэж тусгай байж байгаад хэдэн оноос билээ дээ сум, нэгдэл гээд нэгдлийн, нөгөө нэгдлүүд нийлээд бөөгнөрөөд ганц том нэгдэл болохоороо нэгдлийн дарга, сумын дарга хоёр нэг хүн болсон юм шүү дээ. Тэрнээс биш, эхлээд болвол сум, нэгдэл гэж байгаагүй юм, тиймэрхүү.
Оюунтунгалаг -
Нэгдлийн тэгээд хөрөнгийг ер нь яаж зарцуулав, одоо бас их олон мал нэг дор төвлөрлөө шүү дээ тийм ээ, одоо нэгдлийн гишүүдэд нөгөө өвлийн идэш мидэшийг яаж хуваарилах вэ, нэгдлээс хуваарилах уу?
Цохио -
Тэгнээ, энэ чинь тэгээд ер нь эхлээд болвол одоо бригадын дарга, тоо бүртгэгч, тэгээд сумын нэгдлийн одоо хариуцлагатай улсуудад нормлож хүнсний малыг, нормлоод өгдөг байсан юм, 2 хонь нэг ямаа ч гэх юм уу, 2 хонь 2 ямаа ч гэх юм уу одоо тэгж байсан. Тэгээд сүүлдээ бол төвлөрсөн нядалгаа хийгээд тэндээсээ махаа худалддаг, тийм болсон. Хүнс энэ тэрийг бол тэгнэ, сүү цагаан идээ энэ тэрийг бол нормоор өгдөг байлаа л даа, эхний үед ялангуяа 59-60 онд бол.
Оюунтунгалаг -
Одоо ухаандаа нөгөө, малчдынхаа боловсруулсан цагаан идээг бүгдийг нэг дор цугуулаад?
Цохио -
Тийм, тэр малчдын тушаасан юмыг чинь тэр чинь танайх төчнөөн кг ааруул, төчнөөн кг шар тос, тэдэн литр сүү тушаагаарай гэсэн даалгавар өгчихнө. Тэрнийг чинь тэр эхний үедээ бол сүрхий биелүүлдэг байсан, тэгээд тэрнийгээ малчиддаа худалдаж борлуулахыг нь борлуулна, тэгээд тэр малчидад бас өгдөг байсан юм шүү тэрнийг чинь тараагаад. Тэгээд хариуцлагатнууддаа нормлоод таван кг хурууд, ааруул ав, хоёр кг шар тос ав гээд үнэ төлбөргүй тэгээд өгдөг л байсан. Тэрнээс нь хүртэж л байсан бас, тийм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та нэгдлийн дарга байлаа шүү дээ. Тэгээд та өөрөө хувь хүнийхээ хувьд нэгдлийн гишүүн байсан уу, гишүүн энд элсэж байсан уу, захиргааны ажилтан гээд явж байсан уу?
Цохио -
/инээв/ Биш ээ, би албан ёсоор нэг их элсэж байгаагүй юм шүү дээ үгүй тэгээд сүүлдээ нэгдлийн гишүүнд юу яасан, би бас хурлаар сонгогдсон хүн шүү дээ тэр нэгдлийн даргаар. Намайг Нямбуу дарга болвол Манлайдаа жижиг нэгдлийн дарга хийгээд байдаг, тэгээд эх эцэгдээ ойртох юм барих юм гээд тэгээд, тэгээд л би ирсэн юм л даа, тэгээд ирээд л тэр нэгдлийн ажлыг л одоо зохион байгуулаад л тэгээд улсууд авчиж өгч явуулж энэ хойшоо нүүж барьж тэгж л байсан. Тэрнээс биш үгүй тэгээд нэгдлийн гишүүн л байж таарна л даа. Тэгээд ер нь албан ёсоор элсэж байсан санаанд байдаггүй л юм.
Оюунтунгалаг -
За танай ээж, аав бол нэгдэлд элсэж байв уу, яаж элсэж байв, хэдий үед нь элсэж байв?.
Цохио -
Тэд нар бол, тэд нар бол элссэн. Элсээд л нэгдлийн нэг цөөхөн мал малладаг л байсан, тийм. Тэмээ л маллаж байсан байх манай эх, эцэг, тэгээд л нас эцэст лээ л нэгдлийн малтай л байж байгаад тэгээд сүүлдээ ч яахав нас нь өндөр болоод тэгээд норм зорм гэхээ байсан л даа. Тэгээд миний дүү бас 2 ч дүү байсан тэд нар нормын малтай тийм л байсан.
Оюунтунгалаг -
Танай ээж, аавын амьдрал зүгээр таны бодож байснаар нэгдэлд байхаасаа өмнөх, нэгдэлд орсноосоо хойш амьдралд нь их өөрчлөлт орсон гэж боддог уу та?
Цохио -
Эхний үед болвол их хүнд байсан юм шиг байгаа юм. Өөрсдийнх нь ярьж хэлж байх нь, би ч бас мэдээ орсон цагаасаа хойш болвол бас мэднэ. Тэгээд сүүлдээ бол яахав дээ арай л засраад үгүй дээ нэг нормын юм авахгүй, байгаа мөнгө сангаараа бас нэг юм худалдаад авчихад юм нь бэлэн болсон байдаг байсан, тиймэрхүү л байсан. Тэгээд ер нь яах вэ, бололцоотой л байсан. Сүүлдээ болвол тийм л байсан, тэгэхэд ч яахав ноос, үс цөөн ч гэсэн малын ноос, үс бас хөөрхөн мөнгө болно. За харин манай эх, эцэг тэтгэвэр гэж нэг их юм авч байгаагүй дээ, тэр тэтгэврийн хэмжээнд хүрээгүй нас барсан байх. Тийм болов уу гэж бодож байна. Эх бол яахав урд бас олон хүүхэд гаргаж байсан юм гэж бас нэг удаа лав нилээн хэдэн төгрөг өгсөн байсан, тиймэрхүү л юм байгаа юм.
Оюунтунгалаг -
Дараа нь ямар ажил хийсэн билээ та, жижиг нэгдлээ өгөөд, намын хороон дарга, намын үүрийн дарга хий л үү?
Цохио -
Өө тийм ээ. Тэр нэгдлээ өгөөд аймгийн захиргаанд очиж төлөвлөгөөний комисст тоо бүртгэгч хийж байсан. Тэр чинь арай жил хүрээгүй байх. Тэгээд тэгэхэд тэр үед чинь сум нэгдлүүд нөгөө томорчихсон, ухай нь сум болгон нэг нэг том нэгдэлтэй болсон, тийм байхад тэгээд л дээгүүр томхон албан хаагчдыг нэгдлийн даргаар томилоод л намын хорооны товчоогоор, багахан хүнийг нь бригадын даргаар томилоод л тэгдэг л байсан л даа, тэгээд, би Манлайд очиж бригадын хийе гэсэн нэг их дуртай зөвшөөрсөн. Тэгээд л ирсэн байгаа юм. Тэгээд би нэг 3 жил бригадын дарга хийсэн. Тэгээд, тэгээд сумын орлогч болсон, захиргааны орлогч тэр чинь нэг захиргааны орлогч гэдэг чинь үндсэндээ мал, аж ахуйг хариуцдаг, тоо бүртгэл хариуцдаг хүн байгаа юм, тэгээд 80 мянга хүрвэл орлогчтой байдаг сумын мал, 80 хүрээгүй байвал орлогчийн орон тоо байдаггүй тийм байсан цаг. Тэгээд тэр сумын мал 80 мянга хүрсэн байсан юм байлгүй, би орлогч болсон, тэгээд нэг бас л жил арай хүрээгүй байхад намын хурлаа хийгээд намайг энэ намын үүрийн даргаар сонгоод тэгээд би тэрнийг нь 6 жил л хийсэн дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд саяны түрүүн ярьснаа тодруулаач та, тэгэхээр юу гэсэн үг вэ малынх тоонд, малынх нь тооноос харгалзаж?
Цохио -
Сумын орлогч.
Оюунтунгалаг -
Орлогч дарга байх үгүйг, орлогч даргатай байх үгүйг?
Цохио -
Тэгдэг байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд хүний тоо харгалзахгүй юу?
Цохио -
Харгалзахгүй, мал, мал, тоо бүртгэл л хариуцсан хүн байдаг юм л даа, тэр сумын орлогч гэдэг чинь. Тэр сумын орлогч нь сумын мал 80 мянга хүрээгүй байвал орлогчийн орон тоо байдаггүй, 80 мянга хүрэхээр нь л болвол орлогчийн орон тоо өгдөг тийм байсан юм. Тэгээд бас тийм, намайг ажиллаж байхад бас тиймэрхүү л байсан байх аа.
Оюунтунгалаг -
Тэгээд 80 мянган малын ашиг, шимийг тооцно гэдэг бас их том ажлаа тийм ээ?
Цохио -
Тийм ээ зүгээр, тэр ч яахав ээ сүүлхэн үед юм, ашиг шимийг болвол нэгдэл тооцно, нэгдэл өөрөө тооцно. Зүгээр ер нь малын тоо, тоо, тооллого, мэдээ бүртгэл, тийм мэтийг юмыг бол сумын орлогч хариуцна. За тэгээд хариуцахгүй юм ховор л доо тэр чинь.
Оюунтунгалаг -
Тоо, мэдээ байнга гаргаж өгөх үү, хаана гаргаж өгөх вэ?
Цохио -
Аа тэгнэ тэгнэ тэр чинь аймагт л явуулна.
Оюунтунгалаг -
Ямар, ямар тоо гаргаж өгөх вэ жишээ нь?
Цохио -
/инээв/ Малынхаа өвөл, өвөл тооллого яваад л тооныхоо товчоо, дүн мэдээг нь гаргаад, гаргаж явуулна, тэгээд л ер нь цаг ямагт л одоо ямарч хугацаагаар гаргаж байсан юм би ч одоо мартчихаж, төл бойжилт, малын хорогдол, зүй бус хорогдол энэ тэр дандаа мэдээтэй шүү дээ. Тэгээд тэрнийг л өнөө баг, бригадаасаа цуглуулж, юу авч тэр баг, бригад энэ тэр мэдээгээ цаг хугацаандаа өгөөд сурчихсан тэгээд тэрнийг нэгтгээд явуулдаг, барьдаг тийм л юм байсан, ажилтай байсан.
Оюунтунгалаг -
Тэгэхээр одоо зүгээр улсын статистикийг харж байхад одоо бол хүн амаа арван жил тутамд нэг тоолдог Монгол улс тийм ээ. Тэр үед бол малаа ер нь, одоо жишээ нь ер нь 56 онд нэг том тооллого болоод, тэгээд 80-аад онд болсон байх шиг байдаг юм хүн амын тооллого бол, тэгэхээр малаа бол жил болгон тоолдог байсан уу?
Цохио -
Жил болгон тоолно, одоо ч тоолж л байгаа биз. Тэр харин дээхнэ үед болвол малыг намар тоолдог байсан, сүүлдээ нэгдэлжсэнээс хойш өвөл тоолдог болсон юм.
Оюунтунгалаг -
Тэр үед хүнээ тоолдог байсан уу, таны одоо энд та хүн тоолж жил болгон?
Цохио -
Яахав, хүн, хүний нэг айлуудаас хүний тоо моог авна л даа зүгээр тэгэхдээ жинхэнэ хүн амын тооллого гэж бол нэг их төд гээд байхгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед чинь 80 мянган малтай гэдэг чинь нэг хүнд ер нь танай яг сумын хэмжээнд, сум нэгдлийн хэмжээнд нэг хүнд хэдэн мал оногддог байсан бэ, танай сум одоо хүн ам ихтэй байв уу?
Цохио -
/инээв/ Мэдэхгүй ээ.
Оюунтунгалаг -
Хүн ам нь их байв уу, хэд байв ер нь?
Цохио -
Одооныхоос арай цөөн ч байсан даа, 2000 гаруй л байсан байх даа. Одоо нэг 3000-аад л хүнтэй байх даа.
Оюунтунгалаг -
Ер нь бол монголын сумдын хүн амын тоо бол нэг 2500-аас нэг 3500 бараг гарахгүй, 3000-д л хэлбэлздэг юм шиг байна аа тийм ээ?
Цохио -
Өө тэгнэ, тэгнэ, тэгнэ. Энэ манай говьд тэгээд хүн цөөн, одоо харин жаахан хүн элбэг, арай нэг олшроод байх л шиг байдаг юм. Нэг үе хүүхэд л их байдаг л байсан, тэгээд хүүхдүүд нилээд тоог нь ахиулж өгсөн байлгүй дээ хө. Тэгээд яахав төв суурин газрын хүн бол олон болсон юм даа.
Оюунтунгалаг -
Та хэзээ намд элсэв?
Цохио -
Би 56 онд элссэн.
Оюунтунгалаг -
Өөрөө саналаараа элсэв үү, цаанаас нь элс гэж шаардав уу?
Цохио -
Элс гээд байдаг байсан. Би 56 онд элссэн юм чинь одоо 52 жил болж байгаа юм уу даа, тийм, тийм л байна.
Оюунтунгалаг -
Тэгээд намын үүрийн дарга хийсэн тийм ээ?
Цохио -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тэгэхээр намын үүрийн дарга, сум нэгдлийн даргын ажил хоорондоо их ялгаатай юу?
Цохио -
Өө ялгаатай байсан, намын ажил, сум нэгдлийн дарга ч одоо захиргаа төр, аж ахуйн ажлаа л юу яана л даа сум нэгдэл, нэгдлийн дарга бол тийм л байна. Тэгэхдээ одоо намын үүрийн дарга гэдэг чинь одоо захиргааны гишүүн, захиргааны хурал хийхэд тэнд оролцож л байна. Сум, нэгдлийн дарга бол намын үүрийн товчоо хуралдана гэхэд товчооны гишүүн тэнд оролцож л байна, ер нь оролцохгүй юм бол ховор доо. Тэгээд олон нийтийн байгууллагуудын ажлыг намын байгууллага хариуцана. Тэгээд эвлэл, үйлдвэрчин, спортын, биеийн тамир янз бүрийн л юм байна аа.
Оюунтунгалаг -
Одоо намын гишүүн хэвээрээ юу?
Цохио -
Би юу. Хэвээрээ, хэвээрээ л явдаг. Намын хурал болоход очиж оролцдог юм, суудаг юм, тэгээд л одоо ч тэгээд өтөлчихөөр ч одоо тэгээд хуралд суувал дээд нь тэр бусдаар хийж чадах юм байхгүй тийм л болчихож.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь ер нь хүмүүсийг намд яаж элсүүлдэг байсан юм бэ?
Цохио -
Намд элсүүлэхэд ч одоо урд намд орж гарч байсан хүн болвол 2 жилийн орлогчоор элсдэг, гурван гишүүний батлан даалттай л элсдэг, намд орж байгаагүй шинээр орж байгаа хүн болвол нэг жилийн орлогчоор, 2 хүний батлан даалттай, тэгж элсдэг байсан. Одоо бол тийм юм байхгүй дээ.
Оюунтунгалаг -
Батлан даалтаар элсэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
Цохио -
Энэ хүн одоо тийм, тийм одоо намд ороход харшлах юм байхгүй, ямар нэгэн гажиггүй, намын дүрэм програмыг биелүүлж чадах хүн гэсэн одоо баталгаа л өгч байгаа юм даа ухаа нь, тийм юм байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо олон хүн орлогчоосоо жинхэнэ болж чадахгүй энэ тэр тохиолдолд?
Цохио -
Аа тийм хүн гарнаа бас, тэгэхдээ цөөн гарна. Надад нэг их тийм хүн тааралдаж байгаагүй. Тэгээд жинхлэхэд дахиад өргөдөл, батлан даалт гаргуулдаг байсан юм даа, нэг жил болоод. Тийм дүрэмтэй, тийм л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр орлогч байж байгаад жинхэлж чадахгүй байна шүү дээ, тэгэхээр тэр батлан даалцсан хүмүүс нь одоо бас нэг асуудал үүсэх үү, үгүй юу?
Цохио -
Мэдэхгүй ээ, нэг их тийм асуудал үүсгэж барьж нэг гэм зэм, батлан даагчид нь зэм хүртээж байсан юм надад лав тааралдаж байгаагүй учраас би мэдэхгүй байна. Ер нь тэгээд жил болчихоод элсэж чадахгүй байсан тийм юм надад тааралдаж байгаагүй. Тэгээд эхлээд бол сайн шалгууртай авдаг байсан учраас, элсүүлдэг байсан учраас тийм байдаг байсан байх аа, гайгүй байх аа.
Оюунтунгалаг -
Намд элсэх шалгуур нь юу байх вэ?
Цохио -
Ажил төрөл, мэдлэг, гарал үүсэл янз бүрийн л юм байна л даа. Гарал үүслээс л эхэлнэ.
Оюунтунгалаг -
Гарал үүсэл нь гэдэг нь юу байх вэ?
Цохио -
Энэ чинь одоо язгууртан ямар л байдаг юм тийм хүний хүүхдийг нэг арай элсүүлдэггүй л байсан байх, лам байсан улсыг бас жаахан татгалздаг л байсан байх, тийм мэтийн юмнууд байна л даа. Зүгээр ажил хөдөлмөр сайтай, амжилт бүтээл гаргасан тийм юмыг их хардаг болсон доо, сүүлийн үед ялангуяа нэгдэлжсэнээс хойш бол аварга маврага болсон тийм улсыг нэг их харгалзахгүй л юу яадаг тийм юм элсдэг л байсан, элсүүлдэг л байсан.
Оюунтунгалаг -
Та тэгээд энд янз бүрийн ажил, одоо албан хаагч хийгээд ухаандаа ээж, ааваасаа бол өрх тусгаарлачихлаа шүү дээ?
Цохио -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд хаагуур яаж амьдарч явав, одоо өөрөө гэр бариад ганцаараа амьдрах юмуу, ах, дүүгийндээ амьдардаг байсан уу?
Цохио -
Өө эхлээд ч яахав нэг жаахан жижиг гэр барьж өгөөд тэгээд тэрүүндээ амьдарч байсан тэгээд 58 оноос авгай авч айл болж л байлаа л даа. Тэгээд одоо 2008 онд 50 жил нэг гэрт байсан хөгшинтэй л байдаг юм би.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Цохио -
/инээв/
Оюунтунгалаг -
Тэгээд 58 онд анх гэр бүл болохдоо яаж айл болж байв?
Цохио -
Аа яахав дээ тэгээд бас нэг Цохиогийнх гээд нэг айл шовойж л байсан даа тэндээ.
Оюунтунгалаг -
Одоо тэр үеийн чинь айл, хүмүүс ер нь айл болохдоо эд хогшил юу авч гарах вэ, гэрээсээ юу тусгаарлаж одоо хуваарилаж, одоо ээж аав чинь мэдээж өрх тасалж юу хөрөнгө тасалж өгч л байсан байх тийм ээ?
Цохио -
Аа, нэг их хөрөнгө таслаад сүйд болоогүй дээ манайд тийм нэг их таслаад байх хөрөнгө ч байгаагүй зүгээр, яахав дээ нэг тавилга мавилга юм хумаа бол өөрсдөө бэлдэлгүй дээ.
Оюунтунгалаг -
Таны гэр бүлийн хүн тэр үед юу хийдэг байв?
Цохио -
Малчин байсан юм аа. Тэгээд сүүлдээ сумандаа ирээд, суугаад сум хэсэхэд тэгээд л хамт л явдаг байлаа даа. Одоо ч одоо бол яах вэ, нэг хоёр хөгшин байна, хэдэн хүүхэдтэй, байсан юм даа тэгээд 8 хүүхэдтэй байсан юм даа, хоёрыг нь том болгоод насанд хүргээд 40 нас хүргээд тэгээд хоёрыг нь үгүй хийчихлээ, алдчихлаа, үхүүлчихлэээ
Оюунтунгалаг -
Одоо 6 хүүхэд байна?
Цохио -
Одоо 6 байна.
Оюунтунгалаг -
Хүүхдүүд ямар ажил хийх вэ?
Цохио -
Өө газар газар л байна. Хот ч нэг бий, байж л байгаа. Чойрт ч нэг байж байгаа. Дорноговьт ч нэг байж л байгаа. Энд нэг 2 нь байна. Зарим нь тэгээд албны ажил хийгээд байгаа юм байхгүй ээ. Тэгээд бид нарыг нэг тэжээх төдий. Тэгээд наймаа энэ тэр эргүүлээд тэгж л байдаг юм.
Оюунтунгалаг -
Малчин болсон хүүхэд байгаа уу?
Цохио -
Байхгүй ээ, амины нэг хэдхэн мал айлд л байж байгаа.
Оюунтунгалаг -
Танайх чинь одоо 6 хүүхэд, 8 хүүхэд гэдэг чинь хүүхдийн мөнгө авдаг байсан тийм ээ?
Цохио -
Авдаг аа, авч байсан.
Оюунтунгалаг -
Танайх хэдэн оноос эхэлж хүүхдийн мөнгө авав, хүүхдийн мөнгө ер нь хэд ирдэг байлаа?
Цохио -
Энэ чинь юу билээ 400 хэд ирдэг байлаа даа энэ чинь. Би чинь нэг их энэ чинь надад өгч байгаа юм шүү гэж санадаггүй байсан болоод тоог нь тогтоогоогүй юм байлгүй дээ /инээв/.
Оюунтунгалаг -
/инээв/. Хүүхдийн мөнгө таны мэдлийн мөнгө байв уу, эхнэрийнх чинь мэдлийн мөнгө байв уу?
Цохио -
Одоо яахав тэгээд хоёулаа л зарцуулж байсан даа тэр, эх нь гол нь зарцуулалгүй дээ, тэгдэг л байсан. Би чинь өөрөө цалинтай хүн.
Оюунтунгалаг -
Хүмүүс ярихдаа хүүхдийн мөнгөөрөө ихэвчлэн одоо, одоо юу гэдэг юм дээ гайгүй хөдөлгөөнгүй эд хогшил гэдэг юм уу оёдлын машин, телевизор энэ тэр авч байсан гэж ярих юм билээ. Танайх ер нь хүүхдийн мөнгөөрөө, бас л тэр чинь нилээн бөөн мөнгө орж ирж байгаа шүү дээ.
Цохио -
Гол нь идэж ууж ч байсан байх аа даа, ер нь хэн мэдэх вэ. Тэгээд бас нэг, авгай ч бас нэг жаал зугаа ажил хийдэг л байсан.
Оюунтунгалаг -
Авгай чинь бол таныг дагаад ингээд өөр газруудаар явахдаа ажил хийх үү?
Цохио -
Аа бас хийж л байсан, энэ холбоонд ч байж л байсан, дэлгүүрийн худалдагч энэ тэр тийм мэтийн юм хийж л байсан. Номын санд ч бас байж байсан. Тэгээд угын нэг их мэргэжилтэй хүн биш бол учраас тэр олдсон, хий гэсэн юмыг л хийнэ л дээ.
Оюунтунгалаг -
Хүүхдүүд бол нэгэнт та хэд төв дээр байгаа учраас хүүхдүүд дотуур байр энэ тэр бол дамжаагүй?
Цохио -
Аан.
Оюунтунгалаг -
Ерөнхийдөө хүүхдүүд чинь сургууль, соёлд орохдоо танайх төв дээр байдаг айл учраас одоо малчдын хүүхэд шиг дотуур байр энэ тэр нэг их хэсээгүй байх нь?
Цохио -
Үгүй, үгүй.
Оюунтунгалаг -
Дандаа гэрээсээ л?
Цохио -
Гэрээсээ л байна тийм, манай хүүхэд бол тийм байна.
Оюунтунгалаг -
Танай хүүхдүүд бол ерөнхийдөө бүгд сургууль соёлоор явсан?
Цохио -
За яахав нэг тийм, жаал зугаа сургуультай. Сургуульгүй нэг ер нь голцуухан 10 төгссөн л байх тэгээд тийм.
Оюунтунгалаг -
Таны ер нь яг хүүхдүүдээ сургадаг, хүмүүжүүлдэг гол зарчим та хэлж ярьдаг юм ер нь юу вэ?
Цохио -
Яахав ер нь өөрийнхөө биеэр нь нэг жаал үлгэрлэж байвал дээр юм уу гэж санадаг юм, зүгээр нэг олон үг хэлээд байснаас, тэгээд нэг болох бүтэхгүй юманд битгий оролцож бай гэсэн юм хэлэлгүй дээ, хэлж л байдаг юм.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ер нь гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу, эргээд бодож байхад маш их гүн гүнзгий нөлөөлсөн, таны амьдралд эргэлт хийсэн ч байдаг юм уу, гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Цохио -
За нэг их юу л байгаа биз дээ. Нэг их юм байхгүй байх аа. Яахав дээ нэг ардын хяналтын ажил хийж байхдаа нэг Оросын Хакас мужид нэг явж л байсан. Өөр газар бол би яваагүй гадагшаа, тэгээд энэ дотооддоо бол бас хурал зөвөлгөөн энэ тэрд бол бас оролцож л байсан л даа.
Оюунтунгалаг -
Таны амьдралд бусдаас ялгарах онцгой зүйл бий юу?
Цохио -
Байхгүй, байхгүй, юу байх вэ дээ.
Оюунтунгалаг -
Та ер нь машин техникийг анх хэзээ харж байв, ямар санагдаж байв?
Цохио -
Машин хэдийд үзсэн бэ гэж үү?
Оюунтунгалаг -
Тийм анх?
Цохио -
/инээв/ За даа багадаа 10-аад нас хүрч байсан уу үгүй юу энэ Улаанбаатараас одоо энэ Өлгий руу, Өлгийд цэргийн том двиз байгуулагдаад тэгээд ерөнхийдөө зүүн тээгүүр зам гарчихсан тэгээд тэнд бас ойрхон нутаглаж байсан тэгээд л ачааны машин их цувдаг, явдаг байсан тэрийг их хараад л их зогсдог, очиж мөрийг нь үздэг тийм л байсан даа.
Оюунтунгалаг -
Мөр нь ямар санагдаж байв ер нь, сонин байв уу?
Цохио -
Сонин л байлгүй дээ тэр үедээ сонин л байсан. Миний анх машин үзсэн тэр л байх тийм.
Оюунтунгалаг -
Та бас олон янзын ажил хийж байсан, маш олон янзын техник технологийн хөгжлийг харж явлаа тийм ээ. Одоо юу гэхээр нэгдэлд олон янзын машин станц гээд тэр нэг мал аж ахуйн машинт станц гээд л газар тариалангийн техник хэрэгсэл гээд л ер нь их олон юм орж ирж байлаа шүү дээ. Ер нь таны бодлоор хамгийн гайхамшигтай техник технологи юу байв, машин, компьютер, мал аж ахуйн тэр техник хэрэгслүүд, онгоц ч байдаг юм уу, компьютер ч байдаг юм уу, ер нь таны бодлоор хамгийн гайхамшигтай техник технологи ер нь юу юм бэ, юу гэж боддог вэ?
Цохио -
Аа мэдэхгүй зүгээр одоо, одоо ч тийм гайхамшигтай юм зүгээр мундахаа байсан л юм байна шүү дээ. Аан тийм юм байдаг юм байж л гэж бодохоос одоо энэ компьютер байна, гар утас энэ бүхнийг чинь одоо би гайхаж л байдаг юм даа. Бодвол хүн л хийсэн байх, хүний ухаан яаж хүрч хийдэг эд вэ гэсэн юм бодогдож л байдаг юм. Түүнээс өөрөөр одоо нэг их тийм сүрхий орчин үеийн мундаг юмнуудыг бол үзээгүй л дээ. Харин тэр Хакас мужид Енисей мөрний усан цахилгаан станц гэдгийг үзэж тэрнийг нэг их гайхаж сэтгэл хөдөлж л байсан.
Оюунтунгалаг -
Бас, говь ч ус багатай газрын хүн?
Цохио -
Өө тийм, усгүй газрын хүн тэр усан цахилгаан станц мундаг лут л юм байсан. Одоо хэвээрээ байдаг юм уу үгүй юм уу бүү мэд. Тэрнийг л үзсэн дээ би ч, өшөө нэг их юу яагаагүй ээ, Эрхүү энэ тэрээр явсан.
Оюунтунгалаг -
Танд дурсгалтай эд зүйл байдаг уу?
Цохио -
Байхгүй ээ.
Оюунтунгалаг -
Тэгвэл танд ер нь бас олон албан хаагч хийгээд л бас л их хариуцлагатай ч ажлыг олон жил хийж явсан, танд ер нь хадгалж байдаг тэмдэглэлийн дэвтэр ч байдаг юм уу, ажлаа хөтөлж байсан ч юм байдаг уу, захидал, зураг юмнууд ер нь байдаг уу?
Цохио -
Өө тийм юм нэг их юм байхгүй, өөрийн үү?
Оюунтунгалаг -
Тийм, өөрийнх ч юм уу, албаных ч юм уу хадгалж байсан, одоо хүртэл хадгалаад бас нандигнаад явж байдаг тийм юм ер нь танд байдаг уу?
Цохио -
Байхгүй ээ. Би нэг 65 онд билүү дээ, Самбуу даргын 70 насны ой болж тэгэхэд би намын үүрийн дарга байсан юм. Тэгээд нөгөө аймгийн дарга Жаалхүү дарга байсан юм. Тэгээд нэг тэр 70 насны ойн ёслолд нэг намайг нэг очуулсан юм аа. Тэгээд тэгэхэд нэг Самбуу даргатай хамт Өмнөговийн төлөөлөгчид нэг зураг авхуулсан, би тэрнийгээ л нэг их хадгалдаг юм, тий. Тэгээд яахав дээ сүүлийн үед бол энэ сум орны үүх түүх энэ тэрийг бас нэг жаал судлах гэж оролдсон, судалж бас нилээн юм, ном зом энэ тэр гарсан юм энэ тэр бий л дээ.
Оюунтунгалаг -
Сумынхаа түүхийг бичсэн?
Цохио -
Тийм ээ, Манлай сум 80 жилд гэсэн энэ тэр тийм ном бий. Тэгээд энэ би материал цуглуулж юу яаж энэ Санжаадорж редакторлож, хэвлүүлж энэ тэр найруулга үг үсгийн найруулга энэ тэр тэгсэн юм байгаа, тэгээд.
Оюунтунгалаг -
Та ямар шугмаар тэр Хакас руу явж байсан юм бэ?
Цохио -
Үгүй тэгээд ардын хяналтын туршлага судална гэж, тэгж байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед танай хөдөөнөөс хүмүүс гадаад руу хүн явдаг байв уу?
Цохио -
Өө тэр ч яахав дээ, аймаг л явуулъя л гэсэн хүнээ явуулдаг байсан юм. Тэгээд аймгийн ардын хянан шалгах хороон маань хэдэн хүн явуул тэрний бүрэлдэхүүнд орж явж байсан юм аа, дөрвүүлээ яваад.
Оюунтунгалаг -
Удаан явж байв уу, олон хоног явж байсан уу?
Цохио -
Үгүй тэр Хакасын Давкан хотод нэг 7 хоносон. Тэгээд яахав дээ өдөр өнжихгүй л юм үзээд гадуур яваад тэгээд л байдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь ер нь гадаад барааг, одоо гадаадын бараа, оросын бараа ч гэдэг юм уу их орж ирдэг байсан уу, ер нь гадаад барааг одоо эдэлж хэрэглэж, хаанаас яаж худалдаж авдаг байсан бэ?
Цохио -
Үгүй одоо явсан хүн худалдаж авчирдаг л байсан байх зүгээр тэгээд 2 улсын хэлэлцээгээр бол оросын бараа ирэлгүй дээ, зөндөө ирдэг л байсан. Тэгээд Оросын тэгэхэд Зөвлөлт холбоот улс гэж байсан юм чинь.
Оюунтунгалаг -
За за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.