Bandi

Basic information
Interviewee ID: 990095
Name: Bandi
Parent's name: Tsedenjamts
Ovog: Höh hua
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: goatherd/herder / retired
Belief: Buddhist
Born in: Hanbald sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
politics / politicians
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
democracy
laws
parties
socialism
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Цэдэнжамцын Банди гуайтай уулзаж байна. Тэгэхээр хоёулаа өнөөдөр одоо жаахан улс төржиж таны өмнөх ярилцлаган дээр ярьж байснаар улс төржиж гэдэг юм уу одоо улс төр, албан тушаал, эрх мэдэл ардчиллын тухай ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа яриагаа ардчиллаас эхлэе л дээ. Тэгэхээр та ардчиллын үед яг юу хийж байв, та ардчилалд оролцож байв уу?
Банди -
Би ч яахав тэгээд би ч ардчилалд ер оролцоогүй. Тэгэхдээ ардчиллын гишүүн биш, хувьсгалт намын гишүүн ч биш, би аль ч намын гишүүн биш хүн. Аа зүгээр яахав дээ ардчилал эхлээд зүгээр явагдсан, яахав мал хувьчилж бас яахав зарим хоосон л гээд байна зүгээр, зарим нь баяжчихсан, янз бүр байгаа. Зүгээр тэгэхдээ одоогийн энэ аялаж загнаж байгаа байдал бол ер нь бүтэл муутай л юм шиг л болов уу гэж санагдаад байна. Ардчиллыг чинь ер нь дэмий ч юм уу гэж санамаар л байна шүү. Энэ чинь ер нь одоо тэгээд юуг ч ер нь аль ч учрыг нь мэдэхгүй л байна. Энэ чинь ер нь төр засгаа булаалдаад сонгуулийг ч дандаа луйвар боллоо гэж ард түмний саналыг ингэж булхайлуулаад энэ Элбэгдоржтой 19 хүн чинь ер нь ямар ч бодолтой юм байдаг юм, энэ хөдөлгөөнийг яг Элбэгдоржийг удирдсан гэж би бас бодоод л байдаг юм, үзсэн биш дээ, энэ Батзандан, Магнай энэ буянгийн Жаргалсайхан энэ тэр бол аргагүй яллахаар л юм хийсэн, Элбэгдорж дээрээс нь удирдав уу яав, энийг би удирдсан гэж санадаг юм. Буянгийн Жаргалсайхан яг өдөөчихөөд алга болсон. Тэгээд энэ муу Магнай, Батзандан хоёр нь золиосонд энэ ч хэргийн эзэн, эд ч мөн нь мөн л байх, зүгээр тэгэхдээ бас жаахан золиослогдоод дээр нь эд нар нуугдаад хоцорч байгаа юм биш байгаа даа. Манай хууль төр ер нь нэг үүргээ гүйцэтгэхгүй л болчихлоо л доо.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та 7 сарын 1-ны үйл явдлыг яриад байна тийм ээ?
Банди -
Харин тийм.
Оюунтунгалаг -
Бүр анхнаас нь хоёулаа эхлэе л дээ, тэгэхээр 90-ээд он 80-аад оны сүүлч 90-ээд оны үед та яг юу хийж байсан бэ?
Банди -
Би чинь нэгдлийн мал маллачихаад одоо юу хийх вэ дээ. Нэгдлийн малтай байж байгаад л тэгээд л мал хувьчлахад яахав дээ хэдэн мал л авсан.
Оюунтунгалаг -
Тэр үеийн амьдрал таны амьдрал ямар байв, ардчилал өрнөж таны амьдрал яаж өөрчлөгдөв?
Банди -
Ардчилал өөрчлөгдөөд, үгүй яахав дээ хэдэн мал хүүхэд өгсөн. Зүгээр ер нь социалист нэгдэлд малаа өгснөөс манайх бас малтай л айл байлаа л даа. Тэгээд ерөөсөө миний амьдрал бол ардчилал болоод тийм сайхан юм болчихлоо гэсэн юм байхгүй ээ. Зүгээр харин миний би ч баахан бүдүүлэг хүн шүү дээ. Тэгэхдээ хувьсгалт намыг дэмждэг. Би бас малыг нь маллаж гавъяа шагналыг нь авсан юм болоод энэ намыг дэмждэг болохоос энэ намын гишүүн бишээ би. Аа тэгээд үзэхэд бол энэ засаг захиргаа байхгүй, энэ залуучууд ямар хүмүүжилтэй байна вэ, энэ одоо ингээд үзэхээр ардчилал чинь харин 200-аад жил хөгжсөн Америкийн нэгдсэн улсыг дуурайж байгаа нь энэ гэж ямарч засаг захиргаа байхгүй ардчилал хүний эрх гэдгээр түрий барьж аль ч үгүй болж байна гэж би санаж байна, хэнд ч хэлнэ л гэж боддог миний хувийн санаа бол энэ.
Оюунтунгалаг -
Танд.
Банди -
Энэ ч одоо аль ч үгүй болгоод хаячихлаа, одоо төр засагтаа захирагдахгүй, за тэгээд нам нам гэж нэг их олон нам гэж солиороод л Америкийн нэгдсэн улс хоёр том намтай болж л байна. Тэр хоёр нам нэгнээсээ зөрөхгүй хуулиа явуулаад сонгуулиа хийгээд манай энэ муу хэдхэн юм гэж нэгнээ чулуугаар шидээд нэгнээ алж хядаад энэ яах шиг болж байна вэ. Энэ харин дэмий эрх төрөө булаацалдаад зүгээр ардчиллыг ингэж хийдэггүй болов уу гэж санаж байна би. Ардчиллыг сайхан ард түмнээ удирдах хүнийхээ сайхан сайхны төлөө ингэж ажилладаг болов уу гэж санадаг би ардчиллыг, энэ бол тэгдэггүй зүгээр засгийн эрхэнд гарах гэж хэдхэн бүлэг хүн одоо тэр Алтайгийн хэлдэг яг надтай би тэр Алтай гэдэг хүний хэлдэгтэй санаа нэг. Тэр Алтай нэг эртээр нэг хэллээ дээ телевизээр, тийм, тэр одоо яг л тийм байна. Түүнээс энэ чинь социализмын бөөгнөрүүлсэн жаал юмыг л хувьдаа авчихлаа шүү дээ эд чинь, одоо эд чинь л харин их баяжсан даа. Тэр л үйлдвэр компани юу байдаг юм аль хэрэгтэй юмыг нь л одоо эд чинь л аваад л ингээд л юу яасан. Хувьсгалт намынхан ч авсан л байдаг байлгүй зүгээр аль нь илүү авсан юм би тэрийг мэдэхгүй дээ. Зүгээр ер нь авлига идэж уулаа гээд байх. За ер нь идэж уусан бол хоёулаа идэж уусан болов уу гэж би санадаг. Хэрэв хувьсгалт нам идсэн бол ардчилсан нам идээгүй байхгүй л байх, идэлцсэн л байж таараа. Би энэ тэгээд монголын одоо өнөө хэдэн тонн алт яасан, за хөзөр тавиад өгчихлөө л гэж тийм юм байна уу байхгүй юу, хөзрийн нэрээр халзан Ганболд ардчиллынхан нийлж идсэн юм биш байгаа гэж боддог юм би. Тэр банкны тэр сайхан цул алт одоо байхгүй болсон л гэдэг, байхгүй л болсон л юм байдаг байх даа. Өө тэгээд энэ хөрөнгө одоо ер нь баахан үрэгдэж яаж ч байдаг юм мэдэхгүй. Ардчиллыг сайн хийвэл хүний эрх чөлөө одоо олон ургальч үзэл гэж сайн л юм байх байх, түүнээс тэр 200-аад жил хөгжсөн орныг дорой буурай манайх яг тэр түвшинд шатанд хүрч хөгжиж чадаагүй байж тэрний замаар замнана гэж ингээд аль ч үгүй юм болж байгаа биш байгаа даа, одоо нэг хоёр байдас хөөсөн азарга үрээ байдаг шиг хоёр гунж хөөсөн бууран тайлаг шиг нэг олон нам, 20-иод нам ямар хэрэг байна, 2 сая гарч байгаа ч юм уу үгүй ч юм уу хүнтэй, 20-иод намтай, тэгээд л одоо нэг л олон хүн, нэг л олон толгойтой, олон сүүлтэй могой яваад байхад олон толгойтой могой явж чадаж байна уу үгүй юу, ийм л байгаа юм шүү дээ. Тэгэхээр би энийг ингэж байгааг үзэхгүй. Эвтэй номтой нэгнийгээ удирдаад сайхан хэлж хэлцээд төр засаг гэж тэгж л явмаар юм. Ингээд одоо тангарагаа ч өргөсөн юм байдаггүй, энэ одоо ер нь хэний буруу гэж санадаг вэ өөрөө багш хүн дээ одоо эрдэм боловсрол өндөртэй мэдэж л байгаа. Энэ ер нь хэнд нь буруу нь байна?
Оюунтунгалаг -
Тэгэхээр хоёулаа эргээд л дахиад жаахан түүх сөхөе, 80-аад оны сүүлч 90-ээд оны үеэр тэр ардчилал өрнөж байхад танай энд юу болж байв, энд ардчилал өрнөж байв уу бас?
Банди -
Энд ардчилал нэг их өрнөсөн юм байхгүй. Нэг хэдэн юм л ардчилал нэртэй тэгээд л нэг архи жаахан уудаг, ер нь энэ хөдөлгөөнүүд эд нар чинь нэг жаахан хүний нэг жаахан хог шаардуу юм уу, ухаа нь траншейны байдаг юм уу, өнчин өрөөсөн байдаг юм уу нэг тийм юм л нэг дайрч давшилцаад одоо тэр чулуу модоор шидэх баахан ийм юм л хөдөлчихдөг юм уу, баахан тэгээд байдаг юм уу энэ хөдөлгөөнүүдийг би тэгж гараад байдаг юм болов уу, тэгээд хүн биш зэрлэг, хүмүүжил байхгүй. Одоо яагаад энэ бид чинь одоо эцэг эх, ах дүү, садан төрлөө энэ хүндэлдэг байсан шүү дээ социалист төрийн үед чинь. Тэгвэл одоо өө байхгүй, эцгийгээ ч ална, эхийгээ ч ална, эхнэрээ ч ална, эхнэр нь нөхрөө ална, энэ ер нь хэний буруу байдаг юм бол, энэ ийм цаг үе ардчиллаас хойш, урд байгаагүй биш ганц нэг байсан юм шүү. Зүгээр энэ их олон болдог хэний буруу бол, энэ их хүмүүжилгүй, энэ их дэггүй байдал ноёрхдог ер нь төр засгийн буруу юу, ардчиллын буруу юу аль намын буруу байдаг хоёулангийнх нь буруу байвал байх болуу гэж санадаг юм би.
Оюунтунгалаг -
Таны хүүхдүүд бол одоо ардчиллын үеэр ардчиллыг дэмжиж байв уу?
Банди -
Манай хүүхдүүд.
Оюунтунгалаг -
Та өөрөө ер нь тэр үед нь бол дэмжиж байв уу?
Банди -
Өө би тэр үед нь дэмжээгүй хүн шүү, жаахан ху намаа дэмжээд ер нь тэр нэгдлийн мал тараахыг чинь дэмжихгүй л байсан. Тэр хувьд гараад мал өсчихлөө, тэгэхээр юу юм болов уу даа, ардчиллын эрхбиш ач гавъяа байна тэр. Өө энэ малд энэ тэр. Тэгэхдээ Орост мал өгөхгүй болсноос өссөн дөө бас, энэ чинь орост бэлтгэл гээд хичнээн зуу мянгаар нь авдаг юм чинь, тэр байхгүй боллоо шүү дээ. Бид л өөрсдөө малаа наймаачдад хэдэн мөнгө цааснаас л өгдөг юм уу гэхээс ондоогоор хэзээ энэ мал хөрөнгийг чинь юу яаж байлаа. Энэ чинь Орост л зүгээр эр төлгөө хүртэл, эр шүдлэнгээ хүртэл хамж өгөөд л энэ мах бэлтгэл туугаад явчихаж байсан шүү дээ. Одоо тиймгүй дээрээс бас мал их өслөө. Дан ардчиллын буян ч биш. За яахав нэгдлийн мал бутраасан тэр өмч эзэндээ очсон ийм л байна. Зүгээр хойгуур бол одоо энэ дэмий одоо энэ худаг усаа байхгүй одоо хичнээн сайхан мотортой ус эзэнгүй хаягдаад үрэгдээд, тоногдоод, сайхан хороо бууц ч үрэгдсэн бий, за хойно бол одоо тэр үйлдвэр ажлын одоо сайхан жижиг үйлдвэрүүд чинь одоо байхгүй болсон юм уу даа. Эд нар чинь хувьчилж авчихаад л одоо тэр л мах, талх энэ тэр чинь одоо тэр л Женкогийн Баттулга гэж 17 тонн тэрэг спирт ч авчираад л нэг байдаггүй юм л нэг сайн л дамын худалдаачин бий байхдаа өнөө, энэ намайг бодвол харин ёстой шулж идэж өгөх хүн чинь тэр Баттулгыг юм байх л гэж санадаг. Одоо юм авах, талх гурилын үнэ нэмээд байдаг чинь бүгдийг нь хувьдаа авсан юм шив дээ тэр хүн чинь. Одоо ингээд хамаг юм хувьд ингэж аваад ингэж байдаг зөв ч юм уу буруу ч юм уу, зүгээр энэ дэлхийн олон улс ардчилал, глобалчлана гэж ярьж байна. Харин ч манайхан нэг жаал чулуу модоор цохиод нэг 4, 5 юм үхэхэд сүйд болж байна. Гадаад орнууд төрийн эргэлт хийнэ гэж сайн ч эргүүлж чадаж байна. Сүрхий ч олноор нь алж сүйдэж болж байна шүү дээ. Одоо Замбабиевийг хар хаана улс байна тэгээд Арабын Ирак байна, Афганистан ямар байна вэ, Африкийн орнууд яаж байна одоо эд нарыг очоод үзэхгүй юм даа зүгээр дуулж байна, хэлж байгаагаар бол эд чинь бол сүйд болж байна шүү дээ. Манайх хүн цөөтэй ч орон юм, ер нь манай орон чинь ер нь ажлаа хийхгүй залхуу ч болчихож, хүн нь залхуу ажлаа хийхгүй бол хөгжихгүй л дээ. Хойд, өмнөд хоёр хөршийн колони ч болох юм уу бүү мэд. За хятад хоёулаа манайхыг хөнөөсөн, хоёулаа манайхыг дарлаж байсан түүх тийм байгаа, та нар бол түүх надаас илүү мэднэ. Би бол миний түүх мэднэ гэж ямар юм байхав. Хоёулаа манай аль сайцуулыг, хятадын одоо аль л сайхан юмнуудыг л одоо тэр л юмнууд чинь одоо хятад л аваачиж алсан шүү дээ. Тэгвэл манай лам нар, Амар сайд, Дэмид гээд л аль сэхээтэн сайн тэгээд аль л их юм мэддэг сайн номтой багш лам нар тэр сайхан юмыг чинь л Оросын л тушаалаар л одоо хэлмэгдүүлчихлээ шүү дээ. Одоо тэгээд л тэр сүм хийд тэр их олон сайхан уран барилга одоо тэгээд юу ч үгүй байхгүй болсон, Дэмчиг энэ тэрийг сэргээнэ энэ тэр гээд л гадаадынхан ирж байх юм байна шүү дээ. Тэгээд бодохоор энэ ингэж нэг юмаар нэг юмаа устгаад байна, хийж чадахгүй байна, алинд нь ч байдаг юм байгаа юм. Ерөөсөө ийм царайтай бол монгол улс чинь бол сөнөхийн биш байгаа гэж би бодож байна. Тэр тэгээд ямар байдаг байгаа юм, өөрөө бол сэхээтэн хүн мэдэж л байгаа. Одоо тэгээд л магистр, доктор, профессор юу ч хамгаалдаг юм залуу хүн байна өөрөө одоо багш хийж байгаа хүн чинь нилээн сурах боловсрох бололцоо бий дээ. Хэдэн мэдэхгүй юманд ном заасан нэр хүлээгээд өнгөрдөг юм уу нас чинь, өө дээшээ сурч боловсрох бололцоо байна уу, энэ багшаас чинь би сургууль явъя намайг халаадах гэвэл халах уу чамайг, аа халах уу үгүй юу?
Оюунтунгалаг -
Аа юу гэнэ ээ дахиад хэл дээ?
Банди -
Юу та одоо би Америкт сургуульд явъя хөрөнгө чинь хүрдэг юм бол, зардлаа л төлж чаддаг юм бол би Америкт байна, наад багшийг чинь хая гээд нэг сургууль төгсөөд л сурж байна хийх л юм байгаа биз, та тэгээд явъя даа гэвэл тэгж хаяж болж байна уу, хүний эрхэнд үү, боловсролын яам загнаад чамайг халахгүй чи улсын зардлаар ч байдаг юм уу юу ч гэдэг юм сурах.
Оюунтунгалаг -
Тэгэхгүй байх, тэгэхгүй байх аа, одоо чинь бас сурах боловсрох юм чинь чөлөөтэй болсон шүү дээ.
Банди -
Харин тэгэлгүй дээ, би ч одоо мэдлэг нь багадаад байна аа өөрт чинь.
Оюунтунгалаг -
Үгүй энэ мэдлэг ерөөсөө, таны энэ 80 жилийн амьдралын туршлага мэдлэг гэдэг чинь асар их юм байлгүй яахав дээ энэ чинь.
Банди -
Үгүй ээ би нэг юм асуумаар, үгүй ээ ямар юм нь байх вэ нохой чинь, би одоо.
Оюунтунгалаг -
Тийм учраас л би тантай уулзаж байгаа шүү дээ.
Банди -
Асуумаар юмаа өөрөөс чинь олж өөрөө манай нутгийн хүнтэй амьдарсан хүн юм байна, тэгээд.
Оюунтунгалаг -
Тэгэхээр хоёулаа нэгэнт ингээд улс төр бас албан тушаалын тухай ярьж эхэллээ шүү дээ, тэгэхээр эрх мэдэл албан тушаалын тухай хоёулаа одоо үргэлжлүүлж яръя. Тэгэхээр таны бодлоор социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ, байгууллагын дарга цэрэг нарын хоорондын харилцаанд ялгаа байв уу?
Банди -
Аа даа ялгаа байсан байлгүй дээ. Зүгээр ер нь миний бодлоор юм бол одоо бол энэ миний бодол санааг л та авах гэж байгаа бол парламентийн 76 хүн хэрэг алга, ерөөсөө ажлаа хийж чадахгүй буруу ишэлсэн сүх шиг ийм юм. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал яасан юм гэж би хэлдэг хүн дээ, тийм. Тэгвэл улс буруушаах юм байна лээ. Олон ургальч үзэлтэй парламент их сайхан хууль хийж байгаа, ямар цус нь сайхан байдаг юм, энэ хууль биелэх хуулиа харж явж байна уу одоо энэ улс чинь л одоо хүн алсан хүн хэдэн сая цаас өгчихвөл гараад ирдэг гэж жигтэйхэн хэлэлцэж байна, яагаад ийм болов, хүний амь нас яагаад тийм хачин болов, мөнгө яасан ийм хачин болов, энэ зах зээлээс болов уу, энэ ардчиллаас болов уу би мэдэхгүй, энэ нийгэм нь их янзын өөр тэгээд энэ хүмүүжилгүй, энэ хүний яс чанар их дордсон, тийм. Энэ эрх мэдэл албан тушаалаас болж байдаг юм уу, энэ төр засгийг булаалдана, энэ эрх мэдэл гэдэг чинь хэдхэн бүлэг хүмүүст хийх хэрэгтэй юмаа. Тийм учраас энийг авахын төлөө л тэмцээд байгаа юм, зүгээр харин зөв санаатай зөв яваа хүн нь хэн нь вэ гэдгийг танихад хэцүү байна, танихад хэцүү.
Оюунтунгалаг -
Социализмын үед бол ямар байв?
Банди -
Социализмын үед бол яахав.
Оюунтунгалаг -
Таныг яг ажил хөдөлмөр эрхэлж байх үед ер нь эрх мэдэлтэй хүмүүс?
Банди -
Тиймээ тийм, социализмын үед хууль л чанга байсан, тийм. Одоо хятадын хууль чанга байна шүү дээ, одоо хятад шиг хуультай баймаар байна манайх, тийм. Тэгвэл социализмын үед орох гэж байна муу балар өвгөн л гэнэ биз дээ. Түүнээс хятадын тэр хядчихдаг нь харин буруу байж болно л доо. Түүнээс хуулийг сулхан болгоод одоо хулгай ч жигтэйхэн боллоо. Манай хөдөө хэзээ хулгай хийдэг билээ. Өөрөө аль аймаг вэ?
Оюунтунгалаг -
Би Төв аймгийн хүн.
Банди -
Өө төв аймаг ч жаахан хулгайтай даа, олон янзын, олон янзын хүн байдаг.
Оюунтунгалаг -
Төв нутаг учраас олон аймаг сумаас очдог.
Банди -
Тэгэлгүй, олон аймаг цуглачихаж байгаа юм чинь, тэр Төв аймгийн буруу биш дээ тэр чинь, олон амьтан цугласны л буруу. Манай энэ говь бол тийм олон юм цуглаагүй их сайхан юм байсан юм даа. Тэгвэл одоо хулгай нэгнийхээ малыг хулгай хийж идээд өө тэрнийг чинь одоо яллахаа больсон, доогуур үнэтэй л их л үнэ өгчихвөл жаал тэнсэн өгдөг юм уу тавьж хөөгөөд л одоо байнга хулгай, манай сум чинь хулгайгүй шахуу сум, одоо Манлай шиг хулгайчтай газар байгаа ч юм уу үгүй ч юм уу, тийм болсон.
Оюунтунгалаг -
Төв аймаг, Манлай, Өмнөговь гэхгүй одоо малын хулгай ер нь улс даяар бас нилээд их асуудал болоод байна шүү дээ тийм ээ сүүлийн жилүүдэд, энэ ч бас засаг захиргаатай ч холбоотой байдаг юм уу, эдийн засаг, зах зээлийн харилцаатайгаа ч холбоотой байдаг юм уу, юм юмтай л холбоотой байгаа байх?
Банди -
Өө тийм, тийм зах зээлийн харилцаатай ч байна. Тэгээд өнөө зарим нь бас хэтэрхий ядуурсан, ажил хийдэггүй ч юм уу, арчаагүй ч гэдэг юм уу хэт ядуурчихаад, хөдөлмөр хийхгүй биеийн амар бодож бэлэн сэтгэлгээгээр бэлэн юм олж авах гээд энэ залуучууд хүн алаад, чамайг алаад л ээмгийг чинь авна, чамайг алаад л тэр алтан хүзүүвч, алтан цаг юу байдаг юм тэр хамаг хувцсыг чинь тайчиж аваад явна, энэ чинь одоо ер тэгэхээ тэгж ч байгаа, тэгж ч байна. Би хотод хэвтэж байхад чинь олон янзын хүн тэр эмнэлэгт хэвтэж байна. Тэд нартай ярьж хөөрөхөд мөн тиймэрхүү л байна, олон аймгийн хүн ирж байна тэнд, янз бүрийн хүн их ирж байна.
Оюунтунгалаг -
Тийм, ухаандаа одоо бас нилээн ийм задгай тийшээ болоод байна шүү дээ. Тэр үед бол таны үед ажил хөдөлмөр эрхэлж байх үед чинь нилээн хатуу чанга социализмын үед дэг журамтай байв уу ямар байв ер нь?
Банди -
Аа ямар ч үгүй, дэгтэй байсан, харин чанга дэглэмтэй хатуу сайхан байж, хүн бүгд ажилтай. Тэгэхдээ харин тийм баян хүн байхгүй шүү, тийм баян хүн байхгүй. Тэр нэг улс төрийн товчооны хэдэн гишүүд баяжаад юм болоогүй байх аа даа аръяабал, зүгээр харин нөгөө сангаасаа идэж уугаад л хэрэглэх юмыг нь сангаас тэгээд өөр юманд нэг их баяжиж одооны энэ их хурлын гишүүд шиг хөрөнгөтэй байгаагүй байх гэж санаж байна би бол. Очоод тэдний хөрөнгө малыг, тэдний алт мөнгийг тоолж байсан биш дээ зүгээр. Ер нь нэг тийм байдалтай. Ер нь социализм чинь баян хүнээ үзэж чаддаггүй байсан. Тэгээд ардчилал чинь улам баяж, яаж ч хамаагүй баяж гэж хэлж байсан эхлээд, яаж ч хамаагүй баяж гэдэг чинь л муухай үг юм, яаж ч хамаагүй баяж гэдэг чинь хулгай хийж баяжиж байж болно, чамайг алж юмыг чинь аваад баяжиж болно, за сайхан хөдөлмөрөөрөө баяжиж болно, сайхан хөдөлмөрөөрөө баяжих нь цөөхөн, муухай хөдөлмөрөөр л баяжих дандаа заль, луйвар, авлигал одоо ийм юмаар баяжаад байна. Тэгээд л орлого морлогоо нуудаг яадаг ч байдаг юм, баахан тийм болоод байна. Аль дүүрэг вэ танайх?
Оюунтунгалаг -
Манайх Баянзүрх дүүрэг.
Банди -
Баянзүрх ч дээ бас нэг гэмт хэрэг их гардаг муу ядруу эвгүй дүүрэг юм шиг байдаг юмаа, мэдэхгүй ээ.
Оюунтунгалаг -
Хүн ам ихтэй дүүрэг, хүн ам ихтэй.
Банди -
Тийм, хүн ам хамгийн ихтэй.
Оюунтунгалаг -
Сая чинь бас олон гишүүн олон хүн л нэр дэвшлээ, их том дүүрэг учраас.
Банди -
Тэгсэн, тэгсэн, тэгэлгүй дээ. Тэгээд Баянзүрх дүүрэг чинь нэг хэл амгүй шүү байна уу, энэ чинь олон дүүрэг Баянгол энэ тэр гээд Хэнтий, Дорнод будлиантчихаад л хэл ам татаад л байна шүү дээ.
Оюунтунгалаг -
Тийм.
Банди -
Энэ одоо яаж байдаг юм.
Оюунтунгалаг -
Манай дүүрэгт чинь таны хэлээд байгаа тэр түрүүний өмнөх ярилцлага, өмнөх өдрийнхөө ярилцлагад яриад байсан Алтай гэж хүн чинь л.
Банди -
Тийм, бие даагаад л гараад л ирсэн.
Оюунтунгалаг -
Гэх мэтчилэнгээр манай дүүрэг чинь бас ямар ч байсан сонгууль нь хэрүүл будлиангүй л явсан юм шиг байсан.
Банди -
Тийм, сайхан явчихаж болж байна шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр социализмын үед одоо нэгдлийн даргын хэлсэн үг бол, үгийг бол бүх хүн л дагах ёстой?
Банди -
Тийм, тэгнээ тэгнэ тийм. Нэгдлийн ард түмэн дагаж байсан, нэгдлийн дарга нэгдлээ удирдана, захиргаа, нэгдэл захиргаа нэгдэл хоёрыг давхар удирдаж байсан юм.
Оюунтунгалаг -
За.
Банди -
Тэрний муу ч гэж юу байсан хөөрхий, мэдэхгүй. Тэрний алдааг засахаар мэдлэг байх биш дээ надад, өө болж л байсан юм.
Оюунтунгалаг -
Ард түмэн ер нь нэгдлийнхээ удирдлагыг их хүндэтгэдэг байв уу, малчид энэ тэр.
Банди -
Хүндэтгэдэг байсан, хүндэтгэдэг манайхан нэгдлийн дарга за яахав Жамъянг л их хүндэлж, Жамъян л хүндтэй дарга байлаа шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Банди -
Манайд чинь. За тэгээд яахав дээ сүүлд Эвийхүү дарга гэж байсан. Тэрнийг бас нилээн сайхан хүн юм гэж хүндэлж л байлаа. Тэгээд нэг их удаагүй дээ дарга нар, Жамъян л удсан, нэгдлийн дарга байж байгаад баатар болсон хүн олон бий шүү дээ.
Оюунтунгалаг -
Тийм үү?
Банди -
Тийм, хөдөлмөрийн баатар болсон Доржпалам, Батмөнх энэ тэр гээд л тэр Аварзэд байна, Чойдорж гэж хүн байсан байх дээр үед. Өө тэгээд би тоолж мэдэхгүй байна. Олон нэгдлийн дарга баатар болсон шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд танай аймгаас бол олон хөдөлмөрийн баатар малчин байна уу Өмнөговь аймгаас?
Банди -
Говь аймагт чинь тийм юм тусах нь цөөхөн шүү дээ. Манай аймагт чинь за нэг тэмээчин, хоёр тэмээчин, аа гурван тэмээчин, нэг хоньчин, нэг ямаачин гээд үзэхэд нэг тав зургаан л юм байж байгаад ерөөсөө одоо Мандал-Овоо сумын Хамар, Жижаа гуравхан баатар л байна одоо, малчин баатар. Тээврийн баатар нэг бий ондоо юу ч байхгүй Цэвэгмид гэж хүн бий, баатар.
Оюунтунгалаг -
Тэгэхээр мэдээж баатрууд ажил хөдөлмөрийн үр дүнд төрж гарч байсан тийм ээ?
Банди -
Тэгж л байсан.
Оюунтунгалаг -
Тэгэхээр хүмүүсийн ажилд хандах хандлага ер нь ямар байсан бэ өмнө нь?
Банди -
Сайн байсан шүү аргагүй, би муу байсан гэж хэлж чадахгүй, ер нь сайн байсан. Одоо ажилд хандах хандлага ер нь байхгүй болсон юм шиг л байх юм, ердөө базаахгүй. Хогоо арилга гэсэн ч ер арилгахгүй, одоо ийм л болсон. Хот ч тийм л янзтай байна лээ. Тэгээд ер нь нэг хог одоо гялгар уут хаяж болохгүй л гээд байхад хаа л бол гялгар уут байна шүү дээ хотод чинь, гудмаар явахад хүний машинд суугаад явахад тийм л дандаа л хог тэгээд л цаасны хог тэрнийгээ чинь айл бүр тэрнийгээ хаяхгүй л байвал тэгээд л Улаанбаатар хот цэвэрхэн байхаар тэгэхэд л хичнээн машин хог ачаад л байдаг, тэгэхэд л хогондоо дарагдаад байдаг сонин байна шүү дээ Улаанбаатар тэр чухам одоо.
Оюунтунгалаг -
Тэгэхээр хүмүүсийн ажилд хандах хандлага ингээд нөлөөлнө биз дээ.
Банди -
Муу л байсан болоод тэр байх даа. Хөдөө ч гэсэн онцгүй дээ. Энэ чинь зүгээр тэгээд л одоо хүний эрх гэчихээд одоо зөнд нь тавьчихсан ч юм уу, за тэгээд яахав дээ зүгээр хувийн өмч гэдэг мөн тэр хувийн өмч, нийгмийн өмч гэдэг энэ хоёр дээр хүний сэтгэхүй бол ямар ч байсан хоёр өөр юм байна. Хүн гэдэг амьтан ерөөсөө за манай Монгол улс дээр л ярихад ямар ч байсан тэр хувийн өмчиндөөр их явцуурч байсан, хувийнхаа хоёрийг албаны хорийг байхад ямар ч байсан хувийнхаа хоёрыг түүгээр бордоод л тэрнийгээ сайхан тарган болгох жишээтэй. Одоо нэгдэл байхад тэр муу 50 мал тэр муу 70 малыг чинь тэгж л байсан шүү дээ. Ихийг зүгээр хүн бүгд тэгсэн гэж арай худлаа хэлж болохгүй байх, тэгээд ер нь ихэнх хүн л манай говь нутагт амины хэд л гэдэг байсан.
Оюунтунгалаг -
Хүмүүс одоо социализмын үед ер нь хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?
Банди -
Ажилд орох юу байх вэ, нэгдлийн мал чинь албаар өгчих юм чинь. Тэр бол тэр ажил эрэх юм байхгүй, малчид бол малаа л маллана. Харин малчдын хүүхэд баахан сургууль соёлд явж чадахгүй л байсан. Тэгэхэд чинь одоотой адилхан мөнгийг нь төлж чадахгүй гэх биш дээ, үнэгүй сурна шүү дээ, тийм тэгэхэд малчдын хүүхэд баахан л мал дээр л гарч байсан юм даа. Харин соёл боловсролоор жаахан муу л хүн байсан болов уу.
Оюунтунгалаг -
Та бол ер нь малчныхаа ажилд сэтгэлд хангалуун байсан уу, дуртай байсан уу?
Банди -
Манай хэдэн хүүхэд би сургуульд явуулсан юм ер байхгүй, бараг л малчин болсон, тийм л юм байгаа юм.
Оюунтунгалаг -
Та ер нь малчныхаа ажил дуртай, бахархдаг уу ер нь?
Банди -
Үгүй дээ яахав дээ, нэг их бардаад сүйд болох нь ч юу юм, үгүй тэгээд зүгээр яахав дээ хөөрхий, намайг нэг амьдруулаад цагтаа яахав дээ нэг юм болгож л явлаа, алдаж онох ч юм байлгүй л яахав, их л байсан зүгээр тэгээд яахав ээ яахав энэ малын буянаар би ийм хүргээд л энэ олон түмэнд бас зууны нэг наян хувь нь гайгүй хорин хувь нь муу байдаг байх надад хүний дундаж гэж үзэхэд нэг тэгэхэд олон түмэн наана цаана ядрахад наана цаана одоо ингээд тус болж байдаг, энийг бас малын буян байдаг юм болов уу миний хөдөлмөр ямар юм байх вэ дээ тэр чинь малын л буян шүү дээ. Тэгээд энэ Монголын мал гэдэг буянтай амьтан юм болов уу даа гэж боддог юм. Энэ малын буянаар л би энэ баатар гайхуулаад одон модон аваад л гэр мэр аваад тэгж л байсан, тэр чинь одоо мал л гайгүй маллаж, малын л буян юм даа. Тэгээд энэ малыг буянтай ер нь малчин хүнд мал шиг буянтай юм алга юм болов уу гэж ингэж л бодож байдаг.
Оюунтунгалаг -
Хэцүү зүйл их байсан уу ер нь малчин хийхэд малч хийхэд?
Банди -
Аа малчин хүнд хэцүү зүйл их бий, цаг хүндэрвэл хамгийн хүнд бэрхшээл. Өвөл тэгээд манай энд говьд одоо хадлан ургахгүй тийм учраас одоо ядарсан доройг нь одоо тэжээл тарьж болохгүй, одоо өвс байхгүй, одоо ийм хэцүү юм тохиолдоно. Ус их дутагдалтай, жаал бэлчээртэй малын бэлчээртэй газар одоо ус нь байхгүй, одоо хуучин элбэг, элбэг уснуудаа одоо эвдээд хаячихсан, тоноод хаясан одоо, энэ зах зээл болсноос хойш. Тэгээд одоо ус хангалттай гарахгүй, хэрэв гарвал нэг зуугаад ямаа хангахтай үгүй тээ тийм ус гаргаж байна. Тэр бол одоо огт хэрэг алга. Энэ жил бол одоо тендерт шалгараад ус гаргачихлаа гэсэн тийм царайтай ус гаргасан байж байдаг. Тийм юм бол одоо хэрэг алга гэж боддог юм.
Оюунтунгалаг -
Тэр үед бол нэгдлээс зохицуулаад тэр ус ундыг.
Банди -
Аа тэр үед манай усжуулах.
Оюунтунгалаг -
Газар бэлчээрийг нь хуваарилаад?
Банди -
Усжуулалт сайн ажиллаж байсан, манай усжуулах гайгүй олон ус гаргасан, тэгэхэд л тэр нь малдаа хүрэхгүй байсан. Тэр үеийг бодвол мал чинь өсөөд 40 сая болчихлоо, тэгэхэд хорин хэдэн сая л байгаа биз дээ. Тэгэхээр хорь шахуу саяар 20-иод саяар өсөө биз дээ энэ мал чинь. Тэгэхээр тэр бэлчээрийн хомсдол гэдэг их үнэн одоо тийм л нэг тал байна. За энэ бэлчээр гэдэг одоо айхтар юм даа. Бэлчээр хуваарьтай эзэмшүүлнэ гэж ярьдаг юм, хуваарьтай эзэмшинэ гэдэг чинь чиний нутагт хүн байж болохгүй хөөх л болно. Тэгэхээр газар дэлхий гэдэг нэг жил Манлай дээр гандаж байхад нэг жил Ханбогдод гандаж байх жишээтэй. Тэгээд тэрнийхээ нутагт нүүгээд очих тийм эрхгүй болчихоор яахав, бас олон сүрхий юм бий, тэр дээр энэ мал аж ахуйн эрдэмтэн энэ л их олон хүн зөвлөж байж л хийхээс бишээр нэг хоёр хүний амаар ч хийж л болмооргүй л юм эд шиг санагддаг юм тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед бол хүмүүс бол ерөөсөө л ажил хөдөлмөрийг бол яс л хийдэг байсан уу?
Банди -
Аа хийдэг байсан, тэр үед чинь ер нь зүгээр муу хийдэг хүн байсан, тэр нь муудаа ялгараад л хөдөлмөр авахгүй төлбөрт ойчоод л тэгээд л алдаад л засгийн малыг чинь үхүүлээд л ганц нэгийг нь идээд л одоо тийм юмнууд байлгүй дээ. Жишээлбэл 400, 400-аад ямаа ишиглүүлээд найман ишиг бойжуулсан хүн байна, тэр чинь 398 ишиг үхүүлсэн, ихэртэйгээ тэрнээс ч илүү үхүүлсэн, тэгээд л тэр чинь бол өөдлөхгүй л байлаа шүү дээ амьдрал нь.
Оюунтунгалаг -
Тэгэхээр ажлаа муу хийвэл хариуцлага яг л тооцдог байсан уу?
Банди -
Хариуцлага, хариуцлага тооцож байгаа нь л төлүүлнэ зүгээр, нэгдлийн малаас болоод шоронд орсон хүн бий л юм гэнэ лээ. Зүгээр манай энд тийм олон байхгүй ээ тийм юм би дуулаагүй. Хариуцлага нь л өөрийн амьдралаар хохирч аж амьдрал нь л доройтож тэрнийг л төл гэж хөдөлмөрийн хөлс авахгүй тийм л байлаа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та ер нь одоо үр хүүхдүүддээ, залуучуудад ажил хөдөлмөрийн тухай ер нь яг юу гэж сургадаг вэ, юу гэж захидаг вэ?
Банди -
Би ч юу байхав дээ хэдэн, хэдэн малтай юмнууд л байх юм. Хэдэн малаа л жаал бөөцийлмөөр л юм гэж захихаас өөр за тэгээд энэ одооны хүүхэд чинь үг дуулахаа байсан шүү. Одоо энэ залуучууд чинь тэгмээр юм энэ тэр гэхэд өөдөөс зөв ч гэхгүй за тэгээд айгаад аягүй бол одоо танхайнууд нь ирж зодуулна, юм ч хэлэлтгүй, хэлэхийн ч аргагүй болчихоод байх шиг байна, хэцүү болчихоод байна. Юу гарчихаа хүү минь зурагт аан. Үгүй одоо ялгаа ч юу байх вэ дээ. Адилхан л мал маллаж байгаа юм чинь. Зүгээр амины юм яасан ч яахав гээд хариуцлага нь жаахан суларсан юм болов уу даа одоо, за өсгөдөг нь өсгөөд тэгээд хүн бүгд адилгүй морь болгон жороогүй гэж хүн бүгд адил байхгүй шүү дээ. Малаа өсгөөд арвижуулахыг бодсон хүн ч бий, өө зарж үрээд нэг машин, мотоцикль унаад хоосорч байгаа хүн ч байж л байна, тийм, янз бүр л байна. Манай хөдөө техникжиж байгаа.
Оюунтунгалаг -
За.
Банди -
Тийм, эрхбиш тэр бол гадаадын машин олон л орж ирснээс бишээр ардчиллын буян ч гэж юу байдаг юм, хувьсгалт намын буян ч гэж юу байдаг юм бэ дээ. Зүгээр гадаадтай харилцаа сайжирвал орос, хятад, япон, солонгос, герман улсын машин л их орж ирж айлууд нилээн машинтай болсон тэгээд л хүн бүгд нэг хятадын улаан амархан хэмхэрдэг яава унаад, аваад хэмхэлж байх жишээтэй л болж, түүгээр үзвэл бас амьдрал нь муугүй юм шиг. Чанар муутайхан л юм тэр нь, тийм л харагдаж байдаг юм.
Оюунтунгалаг -
За ингээд өөр хоёулаа зөндөө түүх хууч хөөрлөө шүү дээ.
Банди -
За бишгүй л.
Оюунтунгалаг -
Танд одоо нэмж ярихаар юм байна уу?
Банди -
Өө надад нэмж ярихаар юм алга, харин өөрөөс чинь асуумаар юм л байх юм.
Оюунтунгалаг -
За.
Банди -
Асуумаар юм л байна.
Оюунтунгалаг -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.