Doljinsüren

Basic information
Interviewee ID: 990127
Name: Doljinsüren
Parent's name: Batmönh
Ovog: Ööld
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired / herder, kindergarten teacher
Belief: Buddhist
Born in: Galt sum, Hövsgöl aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
cultural campaigns
work
childhood
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
cultural campaigns
children's education
collectivization
childhood
schoolchildren's life
collectivization
Five year plan
cultural campaigns
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Манай судалгаанд оролцон ярилцлага өгч байгаад баярлалаа. Өөрийнхөө тухай хуучлахгүй юу?
Должинсүрэн -
За би 1943 онд Гал суманд төрж, өсөхдөө ээж аавын гар дээр өссөн. Би 10-уулаа, айлын 6 дахь охин болж төрсөн. Одоо би 65-тай. Миний ээж аав, манай аав улсын сайн малчин болж байсан. Ээж маань, ээжийнхээ гар дээр бид нар өсч манай ээж, аав биднийг ёстой сайн хүн болгосоон. Бид нар малд явахдаа ч гэсэн, дан дэрсгэн хоёр хоёроороо явна ш дээ юм юманд. Тэгээд л жилгүй гарсан юм, хоёр хоёроороо л малд явна жаахан жаахан хүүхдүүд. Ээж маань ямар сайндаа л гурван хүүхдээ гаргачихаад л гурав хоноод л үнээ малаа саадаг барьдаг гэж ярьдаг байсан юм даа. Одоотой адилхан тийм байхгүй ш дээ. Гурав хоноод малдаа гардаг, үнээгээ саадаг байсан гэж ярьдаг байсан, хүүхдүүд нь жижигхэн байсан болохоор. Тэгээд аав маань өнгөрөөд, ааваасаа хойш ээжийнхээ гар дээр бид нар өсч ториноод, сургууль соёлоор яваад л тэгээл долдугаар анги төгссөн. Манай ах нар цэрэгт явах нь яваад бүгдээрээ цэрэгт явсан. Манай ээжээс уул нь арван зургаан хүүхэд гарсан юм ш дээ. Тэгээд 16 хүүхдээс яахав энэ Улаанбаатард хотод, Архангайд энэ тэр сургуулиар явсан хүүхдүүд нь өнгөрчихдөг байгаад. Цэргийн алба хаасан хүүхдүүд нь дан сургуульгүй, цэрэг зохидог байсан юм гэнэ лээ. Тэгээд манай хамгийн том ах чиг малчин, фермийн эрхлэгч. Бид нар дор дороо л би одоо хөдөө бас 15 наснаасаа л шалгах саальчин хийж байлаа. 17 нас хүртлээ шалгах саальчин хийгээд. Шалгах саальчин хийнэ гэдэг чинь одоо хүний, фермийн үнээг дамжиж саана ш дээ. Нэг айлын үхрийг өнөөдөр, нэгийг нь маргааш ингээд л хот айлаар яваад. Тэгээд тэр хүүхнүүдээс их саана, их саавал их л дургүй байдаг байлаа. Тиймэрхүү л явлаа шалгах саальчин хийж. Тэгээл яахав дээ хийснийхээ хирээр л хөлсөө авна өнөө сүүг нь тэр хүнээс өөрийнхөө үнээг саагаад, саасан сүүнийх нь хөлсийг би өөр дээрээ тушаагаад л авна ш дээ мөнгийг нь. Тэгээд, тэгж байлаа. Сонин юм шүү. Тэгээд их саачихаар бас улсууд нь тугал бодсонгүй гэж их дургүй, дургүй байж билээ. Болно болно, одоо болно гээд л тиймэрхүү юм яриад л тэгээд шалгах саальчин хийж байлаа. Сүүлд нь бие дааж үнээ авч 2 жил үнээ саалаа. 2, 3 ч жил үнээ саав уу даа. Тэгээд л явж байгаад амьдралын эрхээр энэ Хөвсгөл аймагтаа орж ирж ажил хийгээд л. Яслийн, цэцэрлэгийн багшаар ажиллаж байлаа хүүхдүүдийн нь багш болоод л. Тэгээд л хүүхдийн багш хийсээр яваад л 27 жил ажиллаад л тэтгэвэрт гарлаа. Энэ хүнтэйгээ, нөхөртэйгөө бид 2 чинь одоо 1970 онд суусан. 1970 онд суугаад л би хүнээс одоо, операци хийлгээд өөрөө хүүхэд гаргаж болохгүй гээд л хүнээс би 5 хүүхэд өргөж авлаа даа. 5 хүүхэд өргөж аваад л бид хоёр амьдрал ахуйгаа тэгээл өдөр нь ажилдаа яваад л, орой нь гэрийнхээ ажлыг хийнэ. Түлээ модоо ч гэсэн хүүхдээ ороож гадаа суулгачихаад л түлээгээ хөрөөдөөл л, үүдээ онгойлгочихоод л чийдэнгийнхээ гэрэлд тэгж байлаа даа. Тэгж явж л ёстой амьдрахын эрхэнд их зүтгэлээ.
Цэцэгжаргал -
Та хэдэн оны үеээс Мөрөнгийн төвд орж ирсэн бэ?
Должинсүрэн -
1967 онд орж ирсэн. 1967 онд Мөрөнгийн төвд орж ирээд анх цэцэрлэгт орж ажиллаж байлаа. Тэгээд цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллаж байж байгаад л тэр чигтээ явсаар байгаад л тэгээд л хань ижилтэй болоод л. Саальчин байж байгаад цэцэрлэгийн багш болох гоё л байсан сайхан. Ажилдаа сонирхолтой дуртай.
Цэцэгжаргал -
Тухайн үеийн цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ яаж харилцаж байв? Тэр үеийн хүүхдүүдийн талаар?
Должинсүрэн -
Тухайн үеийн цэцэрлэгийн багш нар чинь одоо ерөөсөө хүүхдүүддээ тэгээд л одоо заах л ёстой юмаа, хичээлээ заана, дуугаа заана, тэгээд л бүх л юмаа хийндээ. 20-иод, 20-25 хүүхэдтэй байсан байхаа даа, тэгж ажилладаг байсан. Олон хүүхэд, эцэг эхтэйгээ л сайн ажиллавал тэгээд л ер нь сайхандаа сайхан. Эцэг эх хүрээлээд авчихдаг юм ш дээ угаасаа.
Цэцэгжаргал -
Тэр үед цэцэрлэгийн хүүхдүүдийг ямар хөтөлбөрөөр хүмүүжүүлж байсан бэ?
Должинсүрэн -
Одоо голдуу ерөөсөө, тоо тоо л гэж ярьдаг байсан ш дээ дээр үед. Тоо, дуу хөгжим, биеийн тамир л их хийдэг байсан. Тиймэрхүү юм л хийдэг байсан. Тэгээд тэр чинь дотроо анги анги ялгаатай ш дээ. Өлгий анги, мөлхөө анги, дунд анги, 3 нас, 4 нас гэх мэт насаараа. Би ч дунд анги дээр л байсан. Одоо тэгээд манай хүүхдүүд энэ тэр бий шүү дээ. Одоо Улаанбаатарт Нямжав гээд л нөгөө нэг олимпиад, юуны нэрэмжит энэ тэр гээд байдаг Нямжав багшийн хүү хүртэл над дээр байсан. Том залуучууд /инээв/, гуч гарсан дөч шахсан хүмүүс байгаа шүү дээ.
Цэцэгжаргал -
Та бага байхдаа шалгах саальчин хийж байсан гэсэн, тэр ер нь ямар ажил вэ?
Должинсүрэн -
Энэ улсуудыг чинь ерөөсөө их бага сааж байна гээд. Үнээ малыг их нормондоо сааж байна уу, үгүй юу гэдгийг л үздэг байсан байхдаа. Тийм, тэгэхээр өшөө хүн хүний үнээг саахаар их саана ш дээ. Тийм л юутай байсан.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад мал нийгэмчлэх, нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан уу? Та тэр үеийг дурсана уу?
Должинсүрэн -
Тэр үед чинь мал нэгдэлд оруулна гэж байсан. Нэгдэлд орсон хүн чинь малаа нийгэмчлэнэ. Мянга есөн зуун тавин хэдэн онд малаа нийгэмчлээд л тэгээд л нэгдэлдээ манай аав орж байсан. Ороод л тэгээд л, их малтай манайх. Тэгээд л хоттой хонио туугаад л явдаг байсандаа. Нэгдэлд тэгээд л аваачаад л өгчихнө, цөөхөн хэдэн юмаа авч хоцрооод л. Нэгдлийн гишүүн болбол ер нь 50 толгой мал авч хоцорч байсан. Тэгээд л бусдыг нь өгчихнө дөө, туугаад л аваачаад өгчихнө. Манай ээж, хамгийн том ахтай л туугаад л нэг айлд аваачиж өгч байсан.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь яагаад нэгдэлжих болсон бэ? Хүмүүс хэрхэн нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдсан бэ?
Должинсүрэн -
Хувийн малаа, дан хувийн өмчтөнгүүд байсан. Тэгэхээр нэгдэлд бүгдээрээ орж адил тэгш эрхтэй болж, ер нь дээр доор гэхгүй адилхан тэгээд л малаа өгөөд л тавь, тавин толгой мал авч хоцроод л тэгээд л хувьчилсан юм даа. Тэр үед чинь их хэцүү тэгээд нэгдэлд орчихно. Тэрүүнээс өмнө бол их хэцүү ш дээ. Бид нар чинь их жижигхэн сургууль соёлд ингээд явахад ерөөсөө өнөө нэг таван жилийн төлөвлөгөө энэ тэр гэж их хатуу байсан юм чинь. Тэр 5 жилийн төлөвлөгөө энэ тэрээр чинь улсууд чинь 5 жилийн төлөвлөгөө биелүүлэх гэж байгаа гээд ноос үс, энэ оноогоод өгчихнө. Нэг хэдэн мал ална, техникийн тос гэж өнөөхийг нь хураагаад л авчихна. Нэг хэдэн идэш хоол иднэ, нэг хэдэн арьс марьсыг чинь ерөөсөө хүүхэддээ ч дээл хийж өгөх юмгүй л хураагаад авчихдаг байсан юм чинь. Тийм хатуу байсан. Хонь гэхэд 2 төгрөг байсан юм чинь. Тэгэхээр чинь ерөөсөө сул л тэр айлын юмыг чинь авчихна. Тэгээд л 5 жилийн төлөвлөгөө гэхэд чинь, тэр байтугай ширдэг мэдэг, гудас мудасаа ч ханзалж сэмлэж өгч байсан үе шүү дээ. Тийм айхтар байсан.
Тэгээд нэгдэлд орохоор чинь гоё болохгүй юу. Дан өнөө их мал ч байхгүй, бид нар би хөөрч байсан /инээв/, их мал хариулахгүй гээд. Их малд чинь тэгээд одоо ерөөсөө 2, 2-оороо л дүү нартайгаа бид нар чинь ингээд 2, 2-оороо хонинд явна тал талыг нь аваад. Их малтай, ямар сайндаа нэгдэлд хонио туугаад явахад үнэндээ хөөрч байсан. Одоо хонь цөөхөн болчихсон тэгж хөөрч л байсан юм даа. Ээж ямар сайндаа нүгэлтэй золигнууд гэж аашилж байсан /инээв/. Тэгж байж билээ хөөрхий.
Цэцэгжаргал -
Тэр 5 жилийн төлөвлөгөө гэж нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө байсан юмуу?
Должинсүрэн -
Тийм өмнө байсан. Тэр 5 жилийн төлөвлөгөө гэдэг чинь тийм айхтар. Ямар сайндаа манай аав олон жижигхэн хүүхдүүдтэй, хүүхэддээ дээл хийж өгөх гээд нэг ганц хоёр нэхий нөгөө танзан дээрээ тавьчихсан байсан. Гүй та нар хүн яваад л байх шиг байна гараач гэсэн чинь өнөөхийг чинь тэгээд л үзчихсэн тэгээд л авч байгаа юм чинь. Тийм хэцүү. Бид нар чинь ёстой нэг нэхий дээл, пөөнийсөн пөөнийсөн нэхий дээл өмсөөд л муусайн туйтан гутал өмсөөд л тэгж л өссөн. Сургуульд явна даавуугаар уут хийж үүрээд л. Ном дэвтэр гэж олдохгүй ээ ганц нэгхэн ном, дэвтэр. Ном байхгүй ээ. Ганц харандаа олдвол их юм. Тэгээд л тийм палаж малааж, гоё гоё цамц мамц байхгүй ээ, байхгүй. Тэгээд л нүцгэн шахуу л. Тэгээд л яахуу нэг хөдсөн дээл өмсөөд л байж байлаа ерөөсөө л. Та нарт ярихад бол худлаа л гэнэ, худлаа л гэдэг юм чинь угаасаа.
Цэцэгжаргал -
Тэр 5 жилийн төлөвлөгөөгөөр айлуудын юмыг хурааж байсан гэсэн?
Должинсүрэн -
Агент ирээд л авчихна ш дээ угаасаа. Улсаас тийм, айл бүрт оноочихно. Тэгээд л нөгөө агент нь ирээд л сумын дарга, багийн дарга, агент гэж байсан юм. Тэд нар нь ирээд л тэгээд хичнээн мал идсэн, тийм тос, тийм техникийн тос гээд л. Техникийн тосыг чинь зүгээр малаа алаад л тэнхээгээр нь базаад л /өөх тосыг нь/, цав цагаан болгоод л махаа идэж байсийн. Тэгээд л гүзээлээд л өгнө, тэгээд л аваад явна ш дээ. Тэгээд бид нар чинь юу байхав дээ нэг хярамцаг мярамцаг, шар будаахан мудаахан иднэ. Ер нь нэг тиймэрхүү, тэр үеийн хүүхдүүд иймэрхүү л байсан. Бишгүй олон хүүхдүүдтэй айлууд бол хэцүү ш дээ. Их малтайгийнхаа чинээр их хоол идчихгүй. Ерөөсөө л аль муугий нь л түүж иднэ. Тэр 5 жилийн төлөвлөгөө гэдгийг чинь биелүүлэх гэж ёстой махаа иддэг байсан. Тийм хэцүү хувьсгалын үед.
Цэцэгжаргал -
Тэр 5 жилийн төлөвлөгөөг биелүүлээгүй, төлж чадахгүй тохиолдолд яадаг байсан бэ?
Должинсүрэн -
Төлж чадахгүй тохиолдолд одоо тэрийг чухам яадаг байсийн… Заавал л авна. Ерөөсөө, заавал авна. Өгнө ер нь тийм байсан.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөний зар ер нь хөдөөгүүр хэрхэн тарсан бэ? Хүмүүсийн тэр нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдах сонирхлыг нь юу төрүүлсэн бол?
Должинсүрэн -
Тэр үед яахав өнөө шинэ, шинэ юм л гарч ирж байгаа болохоор шинэ. Одоо юу гэх юм дээ, ёстой шинэ төр л юмуудаа, төр эргэж байгаа л гэсэн үг юм уу даа. Тийм л үг юмуудаа. Тэгээд л ерөөсөө нөгөө зар яваад л. Бригадуудаар өнөө бригадын дарга нар чинь яваад л тэгээд ерөөсөө нэгдэлд элс, элсэхгүй бол болохгүй.Элс элс гээд л ингээд явна. Тэгээд л дахин дахин яваад л байна. Тэгээд л элссэн дээ.
Цэцэгжаргал -
Тухайн үед хүмүүс нэгдэлд элсэхдээ яаж элсдэг байсан бэ?
Должинсүрэн -
Тэгээд л өмч хөрөнгөө л хураалгана. Малаа л хураалгана. Малтай нь малаа хураалгана. Тэгээд яахуу байхгүй нь байгаа чигээрээ л их бага ч гэсэн юм өгч л тэгдэг байсан, тэгж л ор байсан юм. Тэгээд л нэгдлийн гишүүн болно. Нэгдлийн гишүүн болбол хонин дээр очих нь хонин дээр очоод л, сааль саах нь сааль саагаад л. Тэгээд л би үнээн дээр очоод л шалгах саальчин ч хийж байлаа. Сүүлд нь өөрөө бие дааж үнээ ч авч байлаа. Бага байлаадаа яахав 15, 16-хан настай байлаа.
Цэцэгжаргал -
Тухайн үед нэгдэлжүүлэх явцыг хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
Должинсүрэн -
Харин их баяртай хүлээж авч байсан. Яахав баячууд нь жаахан таруухан шиг хүлээж авч байсан. Их малтай, жаахан баян шиг улс нь жаахан сүүлчийг нь харж байсан тэгэхэд бол. Үнэндээ тэгж харж байсан. Тэгээд нэг тааруухан шиг их их гялс гялс орж л байсан. Их малтай нь их малаа өгчөөд л, тааруу шиг нь өнөө нэгдлийн мал авч маллаад л. Тэгж л байсан юм.
Нэгдлийн гишүүн болчихоод л би, манай эгч 16 хүрчихээд л. Би дагалдаад бид 2 үнээ аваад л ферм дээр тэгээд л саальчин болоод. Манай нэг ах фермийн эрхлэгч хийгээд л, манай дүү нар үхэр харна. Цугаараа л хоёр хүүхэд үхэр хараад л. Манай нэг дүү Цэдэн, Гонгорсүрэн хоёр үхэр харна. Бусад нь жаахан бага шиг. Тэгээд л иймэрхүү л байлаа.
Тэгээд манай ээж чинь бас болоогүй ээ 60 хүрч байж нэг өнчин хүүхэд хоцорчихоод, түүнийг бас авах хүн байхгүй ээ. 7 ч хоноогүй хүүхэд хэн ч авахгүй, ээж нь үхчихээд л, тийм хүүхэд өргөж аваад л тэр олон хүүхдийн хажуугаар, 10 хүүхэдтэй байж өргөж аваад л. Тэгээд л өнөөхийгөө нэг юм малласаар байгаад л хүн хийгээд л, цэрэгт явуулаад, техниккум төгсгөөд. Тэгээд л өнөөх маань ижийгээ их харж хандсаан. Сайхан маллаж, сайхан харж хандсан, авгай нь их эмч.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөний үед хүүхдүүд, таны үеийн залуучууд яаж элсдэг байсан бэ?
Должинсүрэн -
Адилхан элсэж байсан, цугаараа л элсэнэ. Гэр бүлээрээ элсэж байсан. Насанд хүрсэн л, 16 хүрсэн бол нэгдэлд гишүүн болсон.
Цэцэгжаргал -
Гэр бүлээрээ л хувь нийлүүлдэг байсан уу, гэр бүлийн гишүүн бүр өгдөг байсан уу?
Должинсүрэн -
Гэр бүлээрээ л. Тэр айлд хэдэн насанд хүрсэн хүүхэд байна, тэд бүгдээрээ л нэгдэлийн гишүүн болно. Тэр айл их ч, бага ч мал идээгээ л өгнө. Тэгээд л элсэнэ. Тэгээд л дор дороо л ажил хийнэ. Ажил хийхгүй хүн гэж ерөөсөө байхгүй, ажил хийнэ.
Цэцэгжаргал -
Тухайн үед танайх хэд орчим толгой мал нийгэмчилж байсан бэ?
Должинсүрэн -
Тухайн үед чинь одоо нэг 400, 500-аад мал нийгэмчилж байсан байхаа лав. Их малтай л даа манайх, улсын аврага малчингийн орон суурь гээд.
Цэцэгжаргал -
Мал нийгэмчлэх үед хүмүүс малаа нуух тохиолд гарч байсан уу?
Должинсүрэн -
Гарч байсан. Хүн малаа тэгж дарж гэнээ, ингэж дарж гэнээ энэ тэр гэж тийм юм хаа сайгүй байсан байхаа. Гаралгүй яахуу. Модонд уячиж гэнэ, хярд ууланд туугаад гаргачиж гэнэ уул хадаар энэ тэр гэж д ярьдаг байсан. Тэгээд л зарим нь яахав уул хадаар яваад л олж ирнэ. Тэгээд л тиймэрхүү л байсан. Хээр мал тууна. Тийм юм зөндөө гарч байсан.
Цэцэгжаргал -
Тэр нуусан малыг олох ажлын хэсэг гарч байсан уу?
Должинсүрэн -
Яахав тэгээд л харж байсан тусгай тийм уул хадаар явдаг байсан. Тэгээд л малтай айлуудын чинь барагцаа бас байдаг байсан. Тиймэрхүү л байсан байх.
Цэцэгжаргал -
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгдэлжих хөдөлгөөний талаар цацдаг байсан уу, Ухуулга л сурталчилгааг яаж явуулдаг байсан бэ?
Должинсүрэн -
Явдаг байсан ухуулга, суртачилгаа. Сурталчилгаа, нэг ухуулгын дэвтэр ном гэж байсан юмаа. Сонин монин тийм юман дээр гардаг л байсан. Тийм юмыг бид нар чинь их уншинаа. Тэгээд л ферм дээр, нэгдэлд элсчихээр чинь бас фермээрээ тийм зохион байгуулалттай шүү дээ. Тэгээд л фермийн эрхлэгчтэй, тэр нь олон нийтийн ажил явуулдаг. Хүмүүс дуу хөгжим, ном зом үзнэ. Бичиг үсэг мэдэхгүйд нь заана, тэгээд л ер нь бүжиг танз энэ тэр явуулаад бас их соёлтой. Бүүр сонин уншлага энэ тэр хийнэ. Бүүр тусгай байр майртай, гэр мэр улсаас, сумаас өгчихнө. Тэгээд л тэрүүндээ ёстой нэг нижгэнэж өгнө дөө шөнө. Сааль, малаа янзалчихаад, дуулаад л бүжиглээд л, их гоёоо тийм л байсан.
Цэцэгжаргал -
Тухайн үеийн нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдахыг уриалсан тэр сонин сэтгүүлүүдэд юун тухай өгүүлдэг байсан бэ? Радиогийн нэвтрүүлэг явдаг байсан уу?
Должинсүрэн -
Радио гэж яахав дээ нэг “эх орон” радио гэж хөдөө нэг гайгүй шиг айлуудад байдаг л байсан байх. Гэхдээ яахав явалгүй яахав, соёлтой. Тэр чинь бас соёлын довтолгоо энэ тэр гэж байсан болохоор.
Цэцэгжаргал -
Сонин сэтгүүл дээр юун тухай өгүүлдэг басйан юм бэ нэгдэлжих хөдөлгөөний үед?
Должинсүрэн -
Нэгдэлжих хөдөлгөөнд одоо яахав дээ, тэгээд л нэгдэлчид ороод, хувийн өмчтөнгүүдийг нэгдэлд оруулж байсан. Тэр үед чинь бурхан тахилыг чиг нууж хаагаад л, аяга шанагаа тэгээд соёлын довтолгоо гээд л аяга шанагаа тэгж арч, ингэж арч гээд л зүгээр ерөөсөө их хатуу байжээ дээ.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөний үед ухуулагч нар юу ярьдаг байсан бэ?
Должинсүрэн -
Тусгай, явдаг юм. Ухуулагч нар яваад л яах вэ дээ энэ аймаг, сумдуудад болж байгаа юмыг чинь байнга л ярьж явна ш дээ. Тэгээд л сонин уншлага энэ тэр хийгээд л хөдөө чинь. Бас нэгдэлд орсноор л гэгээрч байгаа юм чинь. Тэрнээс биш ил зуухтай, нэгдэлд ороогүй байхад чинь улсууд чинь бараг л ил зуухтай, утаанд утуулаад л тийм л байсан юм чинь. Тэгээд л нэгдэлд ороод л, соёлжоод л. Гэр мэр нь цагаан болоод л, яндан зуух тавиад л. Тэгээд аегүй соёлтой болж байхгүй юу.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөнд хүмүүс хэрхэн хандаж байсан бэ?
Должинсүрэн -
Дуртай л хандаж байсан. Яахав дургүй хүн ч л байсан байх. Гэхдээ дуртай хандаж байсан.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсний дараа хүмүүсийн ахуйн болон оюун санааны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Должинсүрэн -
Өөрчлөгдсөөн өөрчлөгдсөн, их өөрчлөгдсөн. Оюун санааны хувьд бол одоо тэгээд л ажил хийвэл мөнгө олно шүү дээ, амьдрал дээшлэнэ шүү дээ. Тэр үед чинь ямар нэг 20-30 хан төгрөг авахад л их мөнгө шүү дээ. Тэрүүгээр чинь зөндөө юм хийнэ. Тэр чинь цай гэхэд 2 цаас, тамхи чинь 2 цаас тиймэрхүү байсан юм чинь. Гурил будаа чиг нэгдлээс өгнө, олдохгүй шүү дээ. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөөгүй байхад бол олдохгүй шүү дээ хувьсгалын үед бол. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөнөөс хойш гурил будаа яахав тэгээд нэг юм болоод л. Дор дороо ажил хийгээд ирэхээр чинь, өнөө олон бүлтэй айл гэхэд л дор дороо ажил хийгээд байхад чинь хамгийн наад тал нь л нэг хөнжил гудсаа хийгээд авчихна. Хувцас хунараа өөд нь татаад авчихна. Тэгээд л хамгийн наад тал нь монгол гутал өмсөөд байсан хүмүүс чинь бакиалан гутал олоод өмсчихнө. Шаал анги болж байгаа юм чинь, шаал анги хөгжиж байсан. Тэгэхэд бид нар бас, тэрнээс хойш чинь хөдөө байгаад л сүүлд нь сургууль соёлоор яваад л яахад чинь дор дороо л топхийтэл амьдраад л, гоё гоё юм өмсөнө ш дээ. Гоё гоё юм өмсөөд л тэгээд ирж байгаан.
Цэцэгжаргал -
Нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдсанаар танай гэр бүлд ямар өөрчлөлт гарсан бэ?
Должинсүрэн -
Гүй харин тэгээд л дор дороо ажил хийж байгаа юм. Дор дороо л хувцас хунараа таваарлаад л. Тэгж байгаа юмыг нь хурааж аваад л хуниад л байхгүй ш дээ, дураараа л. Юу л, хөдөлмөр л хийвэл тэгээд л болно. Машин түлээ хийсэн ч мөнгө авна.
Үхэр хариулсан ч гэсэн нэг 100 шахуу төгрөг авчихна. Үнээ саасан ч гэсэн 100-аад шахуу төгрөг авчихна. Тэр чинь тэгээд л тэр хүүхдүүд өөрөө өөрсөндөө л, манай ээж чиг бид нарын хийсэн юмыг авдаггүй. Бид өөрөө өөрсөндөө л тэр мөнгөө зарцуулдаг байсан. Тэгээд өөрсөндөө л гутал хувцасандаа оруулаад л. Манай ээж бол их тайван л даа. Уурлаж байх юм ер байдаггүй.
Цэцэгжаргал -
Танай хөгжил цэцэглэл дараа нь яаж явагдсан бэ?
Должинсүрэн -
Манай нэгдлийн төв суман дээрээ том төв нь байгаад л. Бригадын төв гэж нээсэн. Бригадын төв, сум болгон бригадын төвтэй. Бригадынхаа төв дээр тэгээд л намын гишүүд, агент, одоо тэгээд л бригадын тэр өнөө намын гишүүдийг хариуцдаг намын ахлагч махлагч, сонин тараагч энэ тэр байж л байлаа. Тийм улсууд байсан. Тэгээд л бид нар чинь нэгдэлд л элсээд авахаар тэгээд яахав дээ дор дороо л ажилтай. Ажилгүй хүн гэж ерөөсөө байхгүй. Их л ажил хийнэ. Ажил хийж л мөнгө олно. Өглөө үнээгээ саачихаад л тэгээд л өвсөндөө явна. өвсөнд яваад л өдөр, орой шуугиж давхиж ирээд л. Өдаржин өвсөнд явчихаад л тэгээд л орой ирээд л саалиа саана. Хамаг ажлаа өглөө яагаа ч үгүй 5 цагаас л эхэлж босоод л тэгээд л ажлаа амжуулна даа. Өвс хадлангаа авна. Бүх л ажлаа хийнэ ерөөсөө л. Тэгээд айлуудын амьдрал ахуй дээшиллээ, дээшилсэн ерөөсөө. Тэгээд ёстой сүүлийн үед талх тариагаа бариад л идчихнэ. Будаа элбэг болчихно. Элсэн чихэр эд нар чинь зүгээр нэг хамаа намаагүй л байсан ш дээ, сайхан байж. Тэгээд л бид нар чинь одоо ёстой 22-ийн торгыг чинь бараг харыг л авч дээл хийж өмсөх гэж боддог байлаа ш дээ. Их элбэг ээ, сайхан байж. өнөөх л хөдөлмөрийнхөө хөлсөөр их юм авна даа. Тэгээд л, тиймэрхүү байлаа. Тэгээд л хүнтэй суух нь суугаад л, авгай авах нь авна. Айл гэр болоход чинь дээр үед одоотой адилгүй ш дээ ерөөсөө. Зүгээр л нэг жижигхэн гэр барьж аваад л, нэг 2 авдар тавиад л ор тавьчихвал тэгээд л тэр айл. Тэгээд л ганц хоёр данх манх байвал ерөөсөө тийм нэг одоотой адил тийм юм юу ч байхгүй байсан ш дээ. Тэгж л нийлж байлаа.
Цэцэгжаргал -
Нэгдэлийн гишүүд хоорондоо гэрлэхэд ямар нэг хөнгөлөлт, урамшуулал байсан уу?
Должинсүрэн -
Байхгүй ээ байхгү. Тийм юм ер юу ч байхгүй. Хойно харин, тэр үедээ байхгүй байгаад нилээн хойно хэдэн онд билээ дээ 1970-аад онд билүү, 70-аад онд байхаа ингээд хоорондоо гэрлэхэд нь эмэгтэйд нь охин бяруу, эрэгтэйд нь эр даага өгч байсан. Нэг тийм юм хойно гарсан даа харин. Тэгж өгч туслаж байсан байгаан. Туслах юу байхав, айл болж байсан хүнд өгч байсан. Нэг тийм юм өгч байлаа. Тэгэхэд улсууд чинь тиймэрхүү л амьдралтай. Одоо бол ерөөсөө бүх юм бэлэн. Бүүр ерөөсөө дутуу, дундгүй л гүйцээдэг болчихжээ.
Цэцэгжаргал -
Тухайн нэгдэлд элссэн, элсээгүй хүн хоёрын хооронд ер нь ялгаа байсан уу?
Должинсүрэн -
За нэгдэлийн гишүүн болоогүй улсуудыг жаахан хавчиж байсан байх шүү. Жаахан хавчиж барьж байсан. Үгүй одоо тэгээд л нутаг уснаасаа нэгдлийн гишүүн биш хүн энэ тэр чинь бас шахагдах талруугаа орж байсан байх, юм шиг байна лээ. Нутгаа их булаацалдана даа. Дээр үед чинь ерөөсөө нутгаа булаацалдаад л, дээлээ хүүлэлцээд л, орилолдоод л байдаг л байсан. Нутаг нутгаа зааглаад авчихсан. Тэгээд өнөө нутагруугаа л ерөөсөө тэрний мал орчихлоо, энэний мал орчихлоо гээл. Нэгдлээс өмнө жаахан тийм айхтар байсан юм. Тэгээд л харин нэгдэл гарснаас хойш л ерөөсөө яахав дээ, тэгээд л сайхан болсон юм. Газар нутгийн маргаан нилээд тасарсан. Нэгдлээс өмнө хүмүүс ёстой нутаг дээрээс болж зодолдож байсан.
Цэцэгжаргал -
Та түрүүн соёлын довтолгоон гэж дурдаад өнгөрсөн. Тухайн үед соёлын довтолгоо гэж ер нь юу болж байсан бэ?
Должинсүрэн -
Соёлын довтолгоо гэж ерөөсөө энэ айл өрхүүдийг чинь ерөөсөө бүх л одоо юу гэж ярьдаг юм бэ дээ. Ерөөсөө ариун цэврийг шалгаад л ерөөсөө тэгээд л айлуудын чинь хөнжлийн даавуу үзээд л, тогоо шанагыг чинь ариун цэврийг шалгаад. Тал, хөнжил хиртэй бол өнөөхийг нь авч яваад л талыг нь угаагаад, талыг нь хар хэвээр нь авчирч байсан юм даа. Одоо бас жаахан тэгж, айхтар байсан юм. Нэг айл гэхэд л хүн болгон хөнжлийн даавуутай, ээлжтэй, хүн болгон л гарын алчууртай, сандал гэхэд л хичнээн 4-6 гэж байсан байхаа. Хөнжлийн даавуу гэхэд л хүн болгон ээлж ээлжтэй, дор дороо. Тэгээд л сольж барихад өрхийн гэрчилгээ энэ тэр өгдөг байсан. Би ч л гэсэн тэр гэрчилгээг нь авч л явлаа.
Цэцэгжаргал -
Тэр гэрчилгээг ямар болзол хангаж авч байсан бэ?
Должинсүрэн -
Тэгээд дээр нь ойр орчны ариун цэвэр, бүх л ариун цэвэр ерөөсөө тэгээд л гэр орноо ариун цэвэр байлгах. Ер нь тэр айлд л бүрэн гүйцэд л тэр ээлж мээлжийнх нь юуг бүрэн гүйцээсэн айлд л өгч байсан. Тэгээд багийн даргаас тодорхойлолт хийнэ. Тэгж л өгнө дөө. Тэгээд л цагаан хоолойгоор яваад л, машинаар цагаан хоолой тавьж яваад л тэгээд л шалгаад байна даа. Тийм хүнд хатуу байсан шүү тэр чинь харин.
Цэцэгжаргал -
Машинаар цагаан хоолойтой явна аа?
Должинсүрэн -
Ммммм, цагаан хоолойтой улсууд одооных шиг ингээд л айлуудын гудмаар яваад л, тэгээд л тэр айл тийм байна, энэ айл ийм байна гээд л шалгаад л. Хэсэг хүмүүс шалгаад л тэгээд яваад байхгүй юу. Тийм л сүрхий байсан юм. Цагаан хоолойгоор яагаав нөгөө орилж ярьдаг тийм юм. Ярина ш дээ тэр айл тийм сайн, энэ айл ийм сайн гээд л. Тэр нь муу байна энэ тэр гэж.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгоог хүмүүс ер нь яаж хүлээж авч байсан юм бэ?
Должинсүрэн -
Тэр чинь айл болгон л ёстой хариуцлагатай хүлээж авч байсан. Ер нь тэгээд биелүүлэхийн төлөө л байсан даа.
Цэцэгжаргал -
Яагаад ер нь соёлын довтолгоо хэрэгтэй гэж үзсэн юм болоо?
Должинсүрэн -
Тэгж байж л айл соёлжиж байгаа юм чинь. Айлууд тэгж тогтмол ариун цэвэрч болчихгүй юу. Тэр чинь тэрүүн дээр чинь одоо тэрүүн дээр чинь одоо дуу ч, шүлэг ч байсан. Одоо би мартчихаж дээ. Тийм юмнууд хүртэл бид нараар яс цээжлүүлээд тэгдэг байж тэрий нь даанч мартчихаж.
Цэцэгжаргал -
Ганц хоёр мөр ч гэсэн санаанд орохгүй байна уу.
Должинсүрэн -
Санаанд орохгүй байна. Багийхныг бол багаас нь, аймгийхныг бол аймгаас нь цээжлүүлнэ. Дээр үед чинь ерөөсөө лут байлаа ш дээ уул нь тиймэрхүү юмандаа бол, хувьсгалын үед.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үед хүмүүсээс юу юу шаарддаг байсан бэ?
Должинсүрэн -
Ерөөсөө л тийм, одоо сонин дээр бичсэн юмнуудаа л биелүүлнэ дээ. Тийм материал байдаг байсан юм. Тэрүүнийгээ л яг биелүүлнэ. Биелүүлсэн хүнийг л, айлд тэгээд л тэрэнд орно доо. Хатуу, хатуу.
Цэцэгжаргал -
Ямар материал байсныг та санаж байна уу?
Должинсүрэн -
Одоо яахав дээ хамгийн наад тал нь танайх хэдэн хөнжилтэй вэ, хэдэн ээлжтэй вэ, хэдэн ам бүлтэй вэ гээд л. Тэгээд тэр нь хөнжлийн даавууг нь үзнэ, хөнжлийг нь үзнэ. Тэгээд нэг 6-8 хөнжил байдаг байхаа. 6 хөнжилтэй бол ээлжтэй. Тэгээд л дотуур хувцас гэхэд л ээлж ээлжээрээ. Тэгээд л дор дороо хийнэ юмаа. Хувцсаа бөөн зөөн хийхгүй ш дээ одоо. Дор дороо л нэг хайрцганд хийнэ. Тэгээд л хүн ирээд л үзэхэд өнөөхийгөө хувцсаа гарга гэхэд дор дороо өөрснийхийгөө л гаргана. Тийм л байсан юм. Тэгээд аяга шанаганы алчуур гээд бүх л юм байсан тэр айлд. Тэгээд хотоо хот орчин, хөдөөнийхөн бол хот орчныг чинь бүүр цэвэрлүүлээд, тэгээд л тойруулаад л тэг татуулна ш дээ. Чулуугаар ингээд тойруулаад л хол газар. Тэгээд л 50км, 50н м ч билүү тэгээд л өнөөхийг чинь тэг татаад л тэр доторхийг бүгдийг нь хоггүй болгоно. Тийм цэвэрхэн байлгадаг байсан. Төвийхөн бол яахав төвийнхийгөө. Соёлын довтолгоо гэж айхтар байсан юмаа, айхтар байсан юм. Тэгээд тийм байгаад л байхаар чинь хүн чинь аяндаа, айл өрхүүд чинь юмаа угаадаг болж байгаа юм, хирээ угаадаг болж байгаа юм. Усанд ордог болж байгаа юм. Тэгээд хот орчноо цэвэрлэдэг болж байгаа юм. Тэгээд л ус цас авдаг газраа хүртэл их цэвэрхэн, тийм л болчихож байгаа юм чинь. Тэгсээр тэгсээр энэ улс чинь хөгжөөд л хаа сайгүй тийм байсан. Тэгээд л хөгжөөд л ийм сайхан болж байгаа байхгүй юу.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үеэр шалгалтыг явуулахдаа яаж шалгадаг байсан бэ?
Должинсүрэн -
Шалгана, айлд ороод ерөөсөө ингээд аяганыхаа алчуурыг гаргаад ир, за хувцсаа гаргаад ир, тэгээд л хэдэн ээлжийн ор хөнжлийн даавуутай, хэдэн ээлжийн хувцастай вэ, гарын алчуур чинь хэдэн ээлж байна ингэж шалгана. Тэгээд л хиртэй миртэй хөнжлийн даавуу энэ тэр хиртэй байвал аваад явчихдаг байсан юм чинь. Тэгээд өнөөхийг нь талыг нь угаагаад цэмбийтэл угаагаад л, талыг нь хиртэй нь гаргаад ингээд хурал хийгээд үзүүлдэг байсан. Тийм хатуу байсан юм.
Цэцэгжаргал -
Хурал?
Должинсүрэн -
Тийм тэр хот айлын хурал хийгээд тэгээд л яана даа. Тэгж үзүүлээд л амьтан хүнийг чинь зүгээр сүйдэлдэг байжээ. Жигшүүлж байгаан. Үс толгойг нь угаалгаж тийм байсан юм. Тийм, тэгээд л бөөс хуурсыг нь хүртэл үзнэ шүү дээ ерөөсөө. Тайчаад л үзнэ, тийм байсан.
Цэцэгжаргал -
Тусгай комисс гардаг байсан гэсэн үг үү?
Должинсүрэн -
Эмнэлгээс голдуу явдаг. Комисс эмнэлэг мэмлэг. Тэгээд л энд тэндхийн л хариуцлагатай улсууд явдаг.
Цэцэгжаргал -
Шаардлагыг нь хангаагүй бол яадаг байсан бэ?
Должинсүрэн -
Тэгээд ер нь л хангана даа. Бараг л хангана даа яахав. Тэгээд яахав дараа ирэхэд, тэдэнд ирнэ ирэхэд хийгээрэй тийм болго гэнэ. Тэгээд өнөөхийг нь биелүүлнэ л дээ. Дараа ирэхэд нь зүгээр цэмбийтэл нь.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үед хугацаатай үүрэг өгдөг байсан уу?
Должинсүрэн -
Тэгдэг хугацаатай үүрэг өгдөг байсан юм. 3 хоноод ирэхэд тийм юмаа сайхан угааж цэвэрлэ. Ингэж хүүхэд багачуудаа тархи толгойг нь угаа, ус цасанд оруул гээд ингэж л хэлдэг байж. Тэгээд эргээд ирэхэд нь өнөөхийг нь хийчихсэн л байна л даа, хийчинэ. Тэгээд л бага сага хийгээд л ингэсээр яваад л тэгээд л тэр айл гэдэг чинь цэцэглэнэ биз дээ.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үеэр шаардлага хангаагүйгээс болоод шийтгэгдэж байсан тохиолдол байдаг уу?
Должинсүрэн -
Торгууль тавьдаг байсан байх. Яахав бүр болохгүйг нь торгодог байсан.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үеэр хүүхдүүдэд, эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай шаардлагууд тавьдаг байсан уу?
Должинсүрэн -
Тэр улсуудад ямар л байна, юугаа л хангаж чадаагүйгээ дор дороо хийх нь хийнэ. Яахав тэр шаадлагатай бүгдийг л хэлнэ. Тухайлбал тэгээд л та тэрийгээ үс толгойгоо засуул, тэгж хувцасаа янзал ингэж сайхан өмс гээд л. Эхнэрүүдэд нь болохоор та гэрээ сайн цэвэрлэ гэр орон чинь заваан байна гээд л. Одоо хамгийн наад тал нь л хөдөөний айлуудын бурхан тахил эд нарыг ил гаргахгүй ш дээ ерөөсөө. Бурхан тахилаа далд хийгээгүй бол нуу барь гэнэ. Ерөөсөө болохгүй гэнэ. Эмэгтэйчүүдэд нь тэр байтугай аяга шанагыг арчлаа гэхэд л аяганы ёроолыг сайн арчиж бай гэж хэлдэг байж, тийм айхтар байсан юм. Одоо аягны тэр ёроолын дугаригийг нь сайн арч гэж заадаг байж. Тэгээд л бүр заагаад л хурал хийгээд л тэгээд л явна ш дээ. Тэгж арчиж бай, цэвэрлэж бай гээд. Аягныхаа алчуурыг цэвэрхэн байлга гэдэг байсан.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны үед бурхан тахилыг буулгадаг байсан юм уу?
Должинсүрэн -
Буулгадаг байсан юм. Ерөөсөө дээр үеэсээ л тэр тэгээд л бурхан ерөөсөө ил тавиулдгүй байсан юм чинь. Хүнд аягандаа цай хийж өгөхдөө ирмэгдүү барьж бай, хуруугаа дотогш нь хийж болохгүй энэ тэр гэнэ ш дээ. Тийм нарийн байсан юм.
Цэцэгжаргал -
Хүмүүсийн харилцааны хувьд зааж байсан ч юмуу зөвлөж байсан ч юм байдаг уу?
Должинсүрэн -
Зөвлөнө зөвлөнө, зөндөө зөвлөнө. Одоо тэгнэ, ингэнэ тийм хувцас хунараа тэгж яаа гээд л. Тэгээд л айл гэрээ сайхан зөв боловсон бай. Хүүхэд багачуудаа зөв хүмүүжүүл ингээд л яриад байна ш дээ. Ухуулга их явдаг байсан юм. Тэгээд л тэр болгоныг нь хийчихнэ. Хийхгүй бол тэгээд бас болохгүй л дээ. Тэгээд л тэр болгоныг нь хийгээд л. Сайхан гоё цэвэрхэн айлуудад тийм соёлын довтолгооны “соёлч айлын гэрчилгээ” өгдөг байсан юм. Бүүр гэрчилгээгээ тийм номын сан дээр нь хадна. Номгүй байж болохгүй заавал номын сантай байна, заавал номтой байна. Тэгээд л юмаа их цэгцтэй тийм л байдаг байж.
Цэцэгжаргал -
Хүмүүсийг биеэ яаж авч явах талаар норм тогтоож байсан уу?
Должинсүрэн -
Тогтоож өгөөгүй ээ. Хүнтэй сайхан, зөв харьц л гэнэ. Зөв харьцаж, зөв боловсон харилцаж сургах гэж их үзэж байсан даа.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгоо хэдээс хэдэн онд өрнөж байсан бэ? Оргил үе нь хэзээ байсан бэ?
Должинсүрэн -
Оргил үе нь одоо 1957, 58 оноос л 1965, 66 оны үед байсан байх аа. Тэгж л өрнөж байсан юм даг. 1965 бишээ за яахав 65, 1970 он шахуу байсан байна.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгоо өрнөснөөр нийгмийн ямар салбарт ахиц өөрчлөл гарсан бэ? Хүмүүсийн амьдралд ямар үр нөлөө үзүүлсэн бэ?
Должинсүрэн -
Нийгэм, хүнтэй зөв харьцана, зөв боловсон харьцана. Тэгээд л ариун цэвэрч, айл болгон тэр юуг ёстой л үзэлцдэг байсан. Сайхан цэвэрхэн цэмцгэр тэр айл өөдтэй өнгөтэй. Ерөөсөө бүгд л нэгэн жигд амьдрал, ерөөсөө тэр айл өнөөдөр гоё байгаад маргааш муухай болчихгүй ш дээ. Тэр л яг янзаараа бүх юм жин тан, цэвэрхэн цэмцгэр болсон. 7 хоноод л усанд орно, 7 хоног бүр хувцасаа солино, ерөөсөө л жин тан.
Цэцэгжаргал -
Хөдөөгийн малчдын усанд орох ажлыг яаж зохиолн байгуулсан бол?
Должинсүрэн -
Халуун устай болчихсон. Тэрүүндээ өөрсдөө усаа халаагаад л усанд орчихно. Тэр соёлын довтолгооны үед чинь тийм сайхан болчихгүй юу. Бүүр байр майртай, байшин сав бариад авна ш дээ. Тэгээд усаа халаагаад л тэрүүндээ усандаа орчихно. Хэн дуртай нь усандаа орно. Бүүр тийм байсан юм. Их сайхан байсан, болчихсон байхгүй юу.
Цэцэгжаргал -
Тэгээд соёлын довтолгооны тэр цэвэрч байдал хэвээр үргэлжилсэн үү?
Должинсүрэн -
Хэвшчихгүй юу. Хэвшчихсэн бүүр. Тэгээд л хэвшээд ерөөсөө л өдий хүртэл хэвшээд явчихгүй юу. Тэр бас нөлөөтэй их сайхан юм байсан шүү дээ уул нь. Хүнийг ёстой сургаж чаддаг цэвэрч нямбай сургана, хүүхэд багачуудыг аривч хямгач болгоно. Ер нь л сайхан байсан.
Цэцэгжаргал -
Соёлын довтолгооны талаарх мэдээллийг ард иргэдэд яаж хүргэж байсан бэ?
Должинсүрэн -
Соёлын довтолгооны мэдээллийг тэр радиогоор, хэвлэлээр захиална. Хэвлэл номоо захиална. Тэгээд ухуулагчид их явна. Ухуулагчид тэгээд тэр соёлынхоо талын юмыг ярина даа ер нь зөв боловсон соёлч байдлыг л хангах тухай.
Цэцэгжаргал -
За таны бага нас тэр үеийн хүүхдүүдээс юугаараа ялгаатай байсан бэ?
Должинсүрэн -
За миний бага нас, бид нар яахав 1 дүгээр ангиасаа сургуульд яваад л 7 дугаар анги төгсдөг байлаа. 7 анги төгсөөд л ингээд яахад, хүүхдүүд хүүхэд наснаасаа нээх ялгарах ч юмгүй дээ. Ижилхэн палааж хийж өмсөөд л, ижилхэн хувцас өмсөөд л нээх тэгдэг байлаа томхон ангид орохоороо ижилхэн. Тэгээд л хичээл номоо давтана. Би мөн нугардаг байлаа. Тэрүүгээрээ жаахан ялгаатай байж. Нугарна, сургуульд байхдаа нугараад л. Бага ангиасаа 4 анги төгстлөө нугардаг байсан. Тэгээд л хүүхдүүд ямар сайндаа байрандаа оруулж нугаруулаад л дэвтэр өгнө гээд л нугруулдаг байлаа /инээв/. Тэр бас яахав дээ онцлог юм даа. Тэр нугралтыг багш нар л заадаг байсан юм. Биеийн тамир дээр л заадаг байсан. Хоёр гурван хүүхдүүд нугардаг байсан юм.
Цэцэгжаргал -
Дотуур байрны амьдрал ямархуу байсан бэ?
Должинсүрэн -
Тийм, дотуур байранд байсан. Дотуур байранд байхад яахав дээ болж л байсан яахав. Хоол унд нь жаахан тааруухан байдаг байхаа даа одоо бодоход. Өлөн зэлмэн гэгчээр л ах дүүгийнхэндээ хоноод л тэгээд сургууль соёлоо төгсөөд л явцгаадаг байлаа.
Цэцэгжаргал -
Дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн хоорондын харилцаа ямархуу байсан бэ?
Должинсүрэн -
Хөөрхөн ш дээ, гайгүй ээ. Цугаараа л дор дороо үерхдэгээрээ үерхээд л, явдгаараа яваад л тиймэрхүү л байж. Тэгээд манай ангийнхан чинь тэгээд, 1954 онд төгссөн хүүхдүүд энэ тэр нийлээд л. Ноднин нийллэг хийсэн, цугаараа 60 гарчихаад л бага насаа дурсаж нэг нийлж амралтанд 7 хонов уу даа. Дан томчуулууд байна лээ.
Цэцэгжаргал -
Тэр үеийн хүүхдүүд ямар хичээл голдуу үздэг байв? Ямар хүмүүжлийн ажил зохиодог байсан бэ?
Должинсүрэн -
Тэр үеийн хүүхдүүд ялгаагүй ондооныхтой төстэй л хичээл үзнэ л дээ. Ерөөсөө хичээл бол гайгүй ш дээ. Хүмүүжлийн ажил яахав дээ байрын багш магш л хүмүүжлийн ажил явуулдаг л байсан. Жишээлбэл тэгээд л сургуулийн хүүхдүүд чинь одоо тэгээд байрны хүүхдүүдэд тэгээд байрын хүмүүжлийн ажил энэ тэр гээд л. Тэмцээн явагдалгүй яахав. Тэмцээн зохионо.
Цэцэгжаргал -
Та ямар кинонд дуртай байсан бэ?.
Должинсүрэн -
Кино үзэлгүй яахав. Тэр үеийн кинонууд чинь их гоё л доо. Цугаараа л кинонд ордог байж. Тэгээд ямарч гэх юм бэ дээ одоо, кино болгонд л дуртай даа ер нь. Кино үзэх амархан байсан 50 төгрөгөөр л үзнэ хүүхэд.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцаа ямар байсан бэ?
Должинсүрэн -
Үгүй одоо ерөөсөө уурлаж уцаарлах юм байхгүй ш дээ. Дээр үеийн улсууд чинь их тайван. Одооны хүүхдүүдтэй чинь адилхан ингээд л архи дарс уугаад явахгүй, хүмүүжил доголдохгүй ээ. Ерөөсөө л тэр орчиндоо зохицчихсон. Эцэг эх нь нээх их уурлаж уцаарлаад, загнаад бариад байх юм байхгүй. Тэгэхээр сургуульдаа явах нь яваад л, гэртээ ирээд л гэрийнхээ ажлаа хийгээд л, малдаа явах нь яваад л, гэрийнхээ ажлаа хийгээд л угаасаа тийм л байсан. Тийм бага насанд чинь ер нь тэгж хүүхдээ зодоод л байгаа юм байхгүй ш дээ. Мэдэхгүй, их тайван.
Цэцэгжаргал -
Таны ээжийн олон хүүхдүүдийг өсгөсөн сурган хүмүүжүүлэх арга барил нь ямар байсан бэ?
Должинсүрэн -
Манай ээж бол ерөөсөө их тайван, уурладаггүй хүн байсан. Уур уцаар юу ч байхгүй. Бид нарт ерөөсөө ингэ тэг гэж ерөөсөө нээх юм хэлэхгүй. Бид яг л зөнгөөрөө, тэгээд уурлахгүй аашлахгүй болохоор чинь тэгээд яах вэ дээ тэгээд л яг аяыг нь дагаад л байдаг байсан юм байлгүй. Ерөөсөө тийм л хүмүүжилтэй. Манай дүү нар, ах нар эгч нар ерөөсөө тийм болохгүй айхтар юм ерөөсөө байхгүй, архи дарс уухгүй цугаараа дор дороо ажилтай. Ах нарын хүүхдүүд мянгат малчин. Миний дүү чиг л мянгат малчин болоод л. Дүүгийн хүүхдүүд энэ тэр чинь том том ажил хийгээд л хот хүрээгүй ингээд л багш магш том том ажил хийгээд л явж байгаа. Ерөөсөө тун сайн, манай ам бүл чинь 100 гаруй одоо.
Цэцэгжаргал -
Таны амьдралын туршид ер нь хүүхэд багачуудын амьдралд ямар өөрчлөлт гарав?
Должинсүрэн -
Хүүхдүүдийн амьдралд их өөрчлөлт гаралгүй яахав. Дээр үеийн хүүхэд чинь их хэцүү байсан юм чинь амьдрал. Тэгээд л дор дороо л өөрсдөө нэг 15,16 хүрвэл дор дороо л ажил хийгээд л, мөнгө олоод л өөрсдийгөө болгоод л явна. Одооны хүүхдүүд чинь дан бэлэнчилгээ. Тэгээд л хар нялхаасаа л гоё гоё юм эдээл, гоё гоё юм өмсөөд л, зүүгээд л. Хөдөөгүүр голдуу тийм юм байхгүй байсан юм чинь. Тэгээд л ёстой бор зүрхээрээ л. Одооны хүүхдүүд арай дэндүү нь байгаа юм.
Цэцэгжаргал -
Социализмын үеийн хүүхдүүдийн онцлог юу вэ?
Должинсүрэн -
Тэр үеийн хүүхдүүд бол бас яахав дээ нэг хөдсөн дээлтэй, маажиг гуталтай. Гайгүй шиг нь тэгс хийгээд л. Ер нь нэг муу сайн монгол дээл, үстэй дээлээ өмсөөд л нэг монгол гутал чирээд л 7-р анги төгстөл тийм л байсан муу сайн хүүхдүүд. Хэний ч хүүхэд ялгаагүй нэхий дээл өмсөж, монгол гуталтай хичээл номондоо явна. Одоо ч гэсэн бага ангийн зурган дээр цугаараа л монгол дээл, монгол гуталтай. Одоо 7 төгссөн хүүхдүүд байгаадаа тиймэрхүү л байсан юм.
Цэцэгжаргал -
Таны бага нас, таны цэцэрлэгт багшлаж байсан үеийн хүүхдүүдийн хооронд ямар ялгаа байна?
Должинсүрэн -
Ялгаатай байлгүй яахав. Одоо цэцэрлэгт мэцэрлэгээр ажиллаж байх үед чинь одоо тэгээд том залуу хүүхэн болчихсон гялалзаж явалгүй яахав дээ.
Цэцэгжаргал -
Хүүхдүүдийн хувьд?
Должинсүрэн -
Шаал анги, бидний хүүхэд насны үе гэвэл ерөөсөө яахав дээ нэг пөөнийсөн юмнууд. Ёстой л бор зүрхээрээ, хөдөөний хүүхдүүд эд нар чинь зүгээр жинхэнэ ориг хүүхэд гэх юмуу даа. Одооны хүүхдүүд чинь яахав дээ тэгээд л аль амттайг нь идээд л, аль гоёыг нь өмсөөд л дураараа ингээд л явж байна. Цаг нь ч сайхан болчихсон юм уу, болчихсон юм даа. Тухайлбал бид нар одоо бага байхдаа хоёр хоёроороо /инээв/ ус цасаа авна, мөс зөсөө үүрнэ их ажил хийж байсан ш дээ. Түлээ модонд явна. Чадах чинээгээрээ л нэг 10-аад настай байхад чинь тэр фермийн хашааны мод шургаагыг чинь хөрөөдөж унгаад л, тэгээд л дор дороо л ажил хийдэг байлаа. Хүнд хүчир ажил одоо хийж байсан юм даа. Хашаа хороогоо цэвэрлэнэ, гэр орноо цэвэрлэнэ, тэгээд малдаа явна.
Цэцэгжаргал -
Таныг хүүхэд байхад охид хөвгүүдийн ажлын хооронд ялгаа байсан уу?
Должинсүрэн -
Охид, хөвгүүдийн ажлын хооронд ялгаа байлгүй яахав. Банди нар нь үхэр мал хариулаад л явчихна. Охидууд нь болохоороо гэр орны ажил хийнэ, үнээ малаа саана, түлээ модоо бэлтгэнэ. Оёх хатгах юмнууд чинь лааны гэрэлд л юмаа оёдог байлаа ш дээ. Шөнө суугаад л лааны гэрэлд л дүү нарынхаа хувцас хунарыг хийгээд л суудаг байж эгчдээ тус болоод л. Одоо миний хүүхдүүдийн үед бол одоо сайхан өсч байна даа. Бид нар хүүхдүүдээ цэцэрлэгээр хүмүүжүүлээд л, сургуульд суулгаад л. Айл орон болох нь болоод л, хүнтэй суух нь суугаад л хоёр гурван хүүхэдтэй ингээд л явж байна. Бид ч хүүхдүүдээ чадах чинээгээрээ л өсгөх юм даа. Тэгээд л урьдны юмгүй, идэж өмсөх, эдлэх юм их болчихсон юмуу. Мөнгөтэй л бол бараа нь ч элбэг болж. Одоо тэгээд л ач зээгээ л асарч сууна.
Цэцэгжаргал -
Манай аман түүх төслийн судалгаанд оролцож нэгдэлжүүлэх хөдөлгөөн болон соёлын довтолгооны талаар сонирхолтой ярилцлага өгсөнд их баярлалаа.
Должинсүрэн -
За та нарт ч гэсэн баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.