Anonymous


Basic information
Interviewee ID: 990429
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Bürheestiin Gonchig
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired, camel herder, sanitar
Belief: Buddhist
Born in: Tsogttsedii sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
privatization
herding / livestock
illness / health
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

collectivization
cultural campaigns
hospital
camels
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

Нэргүй гуайтай уулзаж байна. Та миний саяны асуусан хоёр зүйлийг зөвшөөрч байна уу? Хэрвээ зөвшөөрч байгаа бол та өөрийнхөө хэзээ, хаана төрсөн? Өөрийнхөө амьдралын түүхийг яриачээ? Таны бага нас хаана өнгөрөв?

Нэргүй -

Оо яахав би Цогтцэций сумын нутагт төрсөн хүн. Цогтцэций сумын Баруун суу гэдэг газар яг төрсөн жил гэвэл 39 оны шарагчин туулай жил төрсөн хүн. Шороон туулай жил төрсөн. 39 онд. Цогтцэцийн бага сургуульд 4-р ангийг дүүргэсэн. Миний боловсрол тэр. 57 он хүртэл мал малласан. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг 55, 6 оноос эхэлж өрнөсөн юм. 55, 6 оноос эхэлж өрнөөд 59 онд бүх нийтээрээ нэгдэлжсэн байхгүй юу. Нэгдэлжих хөдөлгөөн нэгдэлжээд эргээд аймгийнхаа хүн эмнэлэгт ажиллаад тэгээд түүнээс хойш 60 оноос хойш нэгдэлд ажиллаж байгаа хүн. Өөр илүү дутуу юм байхгүй. Яахав дээ. Соёлын довтолгоо гэдэг чинь одоо 55, 6 оноос эхэлсэн шүү дээ. Ер нь болбол. Тэгээд 55, 6 оноос эхлээд хог цэвэрлэх, шатаах, гортиг татахаас эхэлж байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Сүүлдээ нэгдэлжих хөдөлгөөн болсноос хойш соёлын довтолгоо гээд үлээгээд явчихав уу? Тэгсэн байхаа. 64, 5 оны үед л ид болсон л доо. Бүх нийтээрээ боловсролтой болох, бага сургуультай болох, ном бичиггүй бичиг үсэг мэдэхгүй хүн байхгүй болох ийм л талаар хийсэн юм. Тэгээд яахав нэгдэл нийгэмд юу яасан байж байгаад сүүлдээ нэгдэлд очиж бригадын тоо бүртгэгч, тэмээ маллах тийм ажил хийсэн хүн дээ. Би. 1992 онд нэгдэлд тэмээ маллаж байгаад нэгдэл хувьчлагдсан тэр чинь их тодорхой.

Оюунтунгалаг -

Нэгдэлжих хөдөлгөөн эхлэхэд хүмүүс яаж хандав? Ер нь нэгдлийн тухай сурталчилгаа хийж байж тэгсний хүчинд хүмүүс элсэв үү? Хүмүүс дуртай, дургүй элсэж байв уу?

Нэргүй -

Тэр чинь ерөнхийдөө болбол энэ юу л даа. Олон малтай улсыг нэгдэлжүүлэхийн тулд малын татвар гэдэг зүйл маш өндөр байсан байхгүй юу. Мал татвар тэгээд адуунд хүртэл мах оногдуулаад л адууны махыг хониор төлдөг. Үхэр, адуу, тэмээнээс татвар авдаг. Түүнээс олон малтай улс нэгдэлжих хөдөлгөөнд тэгж л орж байсан юм.

Оюунтунгалаг -

Тэгээд мэдээж засаг захиргааны газар байгууллагаас ирээд ухуулга сурталчилгаа хийж байсан байж таарна. Тиймээ? Ард түмэнд юу гэж тайлбарлаж хэлж байв?

Нэргүй -

Нэгдэл чинь нийгэм чинь хөдөлмөрөө хоршиж ажиллана гэсэн сурталчилгаа хийж байсан юм. Бүх хөдөлмөрөө хамтрах юм гэсэн сурталчилгаа хийж байсан. Хүн болгон ярьдаг хөөрдөг байсан байлгүй. Тийм л юм.

Оюунтунгалаг -

Хүмүүс ер нь орохгүй хүн байв уу?

Нэргүй -

Мэдэхгүй ээ. Орохгүй хүн манай энд байгаагүй юм байлгүй. Бүх нийтээрээ нэгдэлжинэ гээд бүх айлууд л орчихсон байсан. 9 онд.

Оюунтунгалаг -

Таны ээж, аав таны ах дүү нар нэгдэлд яаж орж байв?

Нэргүй -

Манайх тэр 56 онд нэгдэлд орж байсан юм. Манайх Цогтцэций сумын Их шанхай нэгдэл байгуулагдаад орж байсан юм.

Оюунтунгалаг -

Цогтцэцийдээ. Тиймээ?

Нэргүй -

Тийм.

Оюунтунгалаг -

Олон мал нийлүүлж байв уу?

Нэргүй -

Чухам мэдэх юм алга. 100 гаруй бог мал, 60, 70-аад бод нийлүүлсэн л байх. Нийгэмчилсэн байх.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Малыг бодлоно гэж нэг юм байсан юм. Тэр үед. Групплэчихдэг байсан. 260-аас дээш бодтой бол өвлүүлдэг юм байна лээ малчид.

Оюунтунгалаг -

Ээж аав чинь нэгдэлд орсноо юу гэж хэлж байв? Нэгдэлд орсноор амьдрал өөрчлөгдлөө гэж байв уу?

Нэргүй -

Манай нэг нагац ах эмэг эх байсан. Тийм л хүнтэй нэг гэрт байсан хүн. Тухайн үедээ малын махны татвар хөнгөрч байсан байх. Өшөө тодорхой мэдэж байгаа юм алга. Яахав болж л байсан л даа. Нагац ах мал малладаг байсан. 100 –гаад хонь малтай үлдээд түүнийгээ маллаж байгаад төв суурин бараадсан юм.

Оюунтунгалаг -

Соёлын довтолгоо гээд та ярьсан ш дээ? Малын хашаанд гортиг татахаас эхлүүлээд гээд ямар ямар шаардлага тавьж юу юуг өөрчлөв?

Нэргүй -

Соёлын довтолгоо чинь гортиг татахаас эхлүүлээд гэр орноо угаах, цэвэрлэх будах ийм л ажил хийсэн юм даа. Тэр үед будагтай айл бараг байхгүй ш дээ. Зүгээр л гэрийн мод барьсан байна уу? гэхээс өөр юм байхгүй. Сүүлд бол яахав дээ. Сүүлд бол жил болоод шинэчилсэн байх. Шинэчилсэн юм. Хүмүүс бичиг үсэг боловсролтой болж бага ангийн боловсролтой болсон. Соёлын довтолгоо соёлжилтын талаар тэгж байсан. Ариун цэврийн талаар маш их юм зохион байгуулж байсан.

Оюунтунгалаг -

Тэр соёлын довтолгооны янз бүрийн шаардлагыг нь хүмүүс эсэргүүцэх ч юмуу? ....

Нэргүй -

Тийм юм байгаагүй. Байгаагүй. Би бас соёлын довтолгооны юунд хийлгүүлж зүтгүүлээд байхгүй ч гэсэн тэгэх ёстой юм. Ингэх ёстой юм. Цэвэрлэх ёстой юм гэсэн юм ярьж л байсан. Түүнийг бол эсэргүүцэж байсан хүн байхгүй. Хүн бүр л чадах чинээгээрээ оролцож байсан. Ер нь.

Оюунтунгалаг -

Муу байсан айлыг яах вэ?

Нэргүй -

Яахав муу байсан айлыг муу байна л гэж байсан. Тодорхой арга хэмжээ авсан, торгосон барьсан юм байгаагүй ээ. Ерөөсөө тийм юм байдаггүй юм. Сайн болгохын төлөө л ажиллаж байсан болохоос биш торгууль моргууль тавьж чи сайн цэвэрлэсэнгүй. Танайх бууцаа цэвэрлэсэнгүй ийм залхуу байна гэж торгож байсан юм байхгүй.

Оюунтунгалаг -

Соёлын довтолгоо хөдөө нутагт сайн юм авч ирэв үү? Ер нь хэрэгтэй юм байв уу?

Нэргүй -

Хэрэгтэй юм авч ирсэн. Айлууд нэгдэлжснээс хойш гэр бараагаа шинэчиллээ. Манай эндхийн айлууд.

Оюунтунгалаг -

За тэгээд таны бага нас руу эргээд оръё хоёулаа. Таны бага нас хаана өнгөрөв? Таны ээж, аав юу хийдэг улсууд байв? Танд юу гэж сургадаг байв? Таны бага нас?

Нэргүй -

Яахав бага сургууль төгсөөд мал дээр байсан.

Оюунтунгалаг -

Та бага сургуульд яаж оров? Хүмүүс тэр үед чинь ...

Нэргүй -

49 онд сургуульд суусан. 49 онд сургуульд суусан хүн би. Өөр тийм юм байхгүй. 8 настай сургуульд ордог байсан байх. Би 10 настай суусан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэр үеийн сургууль гэж ямар байв? Юу заав?

Нэргүй -

Бага сургуульд тоо, монгол хэл хоёр л голлож заана ш дээ. Тоо, монгол хэл хоёрыг л заана.Хуучин бичиг ороогүй юмдаг. Намайг 3-р ангид ороход 4-р ангид үздэг байхад хуучин бичиг үзээгүй тэгээд яасан юм.

Оюунтунгалаг -

Юугаар бичих вэ? Хичээлийн хэрэгсэл юу байх вэ?

Нэргүй -

Хичээлийн хэрэглэл чинь одоо юу шүү дээ. Дүрдэг үзэг шүү дээ. Чернильд дүрээд бичнэ. Дандаа төмөр үзгээр бичнэ. Харандаа шугам тийм л юм байна ш дээ. Илүү дутуу юм байхгүй. Дэвтэр ном ховор. Ном ховор. Хэдэн хүүхдийн дунд нэг номтой байна. Тэр үедээ болж л байсан байх. Номгүй боловч чадаагүй юм байхгүй л юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ийм л юм.

Оюунтунгалаг -

Та багадаа анх хэзээ машин харж байв?

Нэргүй -

Би чинь машиныг чинь 50-иад онд сургуульд сурснаас хойш тэрнээс өмнө харсан л байлгүй. Бага байхад сургуульд суугаагүй байхад энд тэнд Оросын тоочиг машин гэж зогсож л байдаг байсан. Харагдаж л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Сургуульд суусан хойно 51 гэдэг машин анх гарч ирж шуудан хүргэж энэ тэр явж байсан.

Оюунтунгалаг -

Аа ха. Ямар санагдаж байв?

Нэргүй -

Яахав дээ. Сайхан гоё л юм шиг байдаг байсан юм. ЗИС-5 пулуу тэрэг гэдэг байсан юм. Тэгээд 51, пулуу тэрэг бас үзэх нь үзсэн байсан байх. Хамгийн шинэ техник нь 51 л байсан.

Оюунтунгалаг -

Аа ха. Сүртэй юм шиг байв уу?

Нэргүй -

Гайгуу урд чинь машин хаана дуугарна адуу давхиад явчихдаг гэж л байсан юм.

Оюунтунгалаг -

Ээж аав чинь малчин хүмүүс үү?

Нэргүй -

Малчин.

Оюунтунгалаг -

Ямар голдуу малтай байв?

Нэргүй -

Манайх 4 хошуу малтай. Үхэргүй айл. Тэмээ, адуу, хонь , ямаа ийм 4 хошуу малтай.

Оюунтунгалаг -

Та тэгээд 4-р ангиа төгсчихөөд тэгээд цаашдаа бичиг ном хүмүүст заав уу? Тэр үед ихэвчлэн сургууль төгсөөд багшилж байсан байх юм?

Нэргүй -

Үгүй ээ. Би тийм юм заагаагүй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Намайг 4-р анги төгсөхөд бас нэг 7-р анги төгссөн байдаг юмуу? Үгүй дээ хотод очиж 10-р анги төгссөн байдаг юмуу? Ийм хүн багшаар очдог байсан байх л даа.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Надад бол бичиг үсэг зааж байсан юм байхгүй. Өөрөө сурrаад тэгээд болоод гарч л байсан. 4 аргын тоотой, бичдэг тийм л болсон байх.

Оюунтунгалаг -

Тэгээд сургуулиа төгсөөд яалаа та? Ямар ажил хийлээ?

Нэргүй -

Хөдөө л ...

Оюунтунгалаг -

Мал дээрээ.

Нэргүй -

Аймаг дээр очиж хэдэн жил ажилласан. 3 жил

Оюунтунгалаг -

Тэгэхээр хүн эмнэлгийн ажил гэж аймгийн төв дээр яг ямар ажил хийж байв? Та.

Нэргүй -

Оо би нэг одоогоор бол асрагч юмаа тийм ажил хийж байсан.

Оюунтунгалаг -

Ажлын онцлог нь юу байх вэ?

Нэргүй -

Яахав цэвэрлэгээ хийнэ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Шал угаах ч юмуу? Тийм л юм хийнэ ш дээ. Асрагч гэдэг чинь.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Өвчтөнд хийж өгөх юм байвал хийж өгнө. Цэвэрлэх юм байвал цэвэрлэнэ шүү дээ. Эмнэлэгт байхдаа.

Оюунтунгалаг -

Аа ха. Нэг эмнэлэг гэхэд хичнээн хүнтэй? Хичнээн эмчтэй байх вэ?

Нэргүй -

Мэдэхгүй. Би тодорхой мэдэхгүй байна. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт байсан. Асрагчийн үүрэг гүйцэтгэж байсан.

Оюунтунгалаг -

Тэр үеийн хүмүүс, тэр үед айхтар дэгдэж байсан өвчин ч байдаг юмуу? Тийм юм ер нь гарч байв уу? Таныг ажиллаж байхад?

Нэргүй -

Чойбалсан анхаардаг байсан байхгүй юу. Арьс өнгөний отряд гэж байгууллагдаж 58 онд. Тэнд бас их юм хийгдсэн.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэр үед ...

Нэргүй -

Тэр үед 58 онд бүх улсын хэмжээнд бүх хүнийг эрүүлжүүлнэ гэж 2 отряд гаргаж буян үйлдсэн ш дээ. Нийгмийн ямар ч халдварт өвчин гарахгүй болгох ...

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

58 оноос эхлээд 62, 63 он хүртэл явсан даа. Тэр хооронд явсан.

Оюунтунгалаг -

Тэр отряд юу хийх вэ? Тарилга вакцин хийх үү?

Нэргүй -

Нийгмийн халдварт өвчин арьс өнгөний өвчинтэй тэмцэнэ. Арьс өнгөний тарилга хийнэ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хоёр гурван ч тариа хийдэг юм. Их эмч нар хийнэ. Бид нар яахав их эмчийн туслахаар явна. Явна ш дээ. Аймгаас ирээд төдөн хүнд хийх ёстой гэсэн тариануудыг ирсэн хүнд нь тарьж өгөөд явуулна.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хугацаатай юм байсан байхаа. Сар болоод хийдэг байсан байхаа.

Оюунтунгалаг -

Дициллин тариаг уу?

Нэргүй -

Дициллин хийж байсан байхаа.

Оюунтунгалаг -

Хүмүүс ярихдаа ингэж ярьдаг юм байна лээ. Соёлын довтолгооны зорилго бол арьс өнгөний өвчнөөс салгах тэр үед арьс өнгөний өвчин маш их байсан.

Нэргүй -

Арьсны өвчнөөс салсан ш дээ. Арьс өнгөний нийгмийн халдварт өвчин байхгүй болсон. Сүүлийн үед л 70-аад оноос л дахиад эхэлсэн. Тун гайгуу болсон ш дээ.

Оюунтунгалаг -

Ямар өвчин голдуу байх бэ?

Нэргүй -

Тэмбүү хүйтэн тийм л юм байна даа. Тийм л голдуу өвчнөөр өвчилнө шүү дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Зүгээр арьсны загатнуур ч байж болно.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр отряд танай аймаг дээр улаан тариа тарьдаг байсан уу?

Нэргүй -

Улаан тариа тарьж байсан юм. Бас.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тарьж байсан юм. Улаан тариагаар ч эмчилсэн юм. Хөдөөгүүр нэг их улаан тариа хийгээгүй юмаа. Аймаг дээр ирж байсан хүмүүст хийдэг байсан юм. Хөдөөгүүр цөөхөн хийдэг байсан юм. Дициллин нэг хоёр гээд байдаг байсан юм. Гурав гээд дициллин гурав гээд сүүлд гарсан юм. Дициллин нэг гэдэг нь түрүүлж гарсан. Тэр бол Орос мэргэжилтэн их эмч нар хийдэг тариа.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэр арьс өнгөний өвчин анагаах отряд гэж байсан гэж байна ш дээ?

Нэргүй -

Аа ха.

Оюунтунгалаг -

Ямар хүмүүс байх вэ? Хаанахын эмч нар байх вэ? Олон хүн байв уу?

Нэргүй -

Орос, Монгол хоёр их эмчтэй. Орос, Монгол хоёр их эмчтэй. Гурван сувилагч. Гурван жолооч. Асрагч бас гурав байсан байхаа. Бага эмч хоёр.

Оюунтунгалаг -

Хөдөө хээр байрлах уу?

Нэргүй -

Тэр чинь бүр тусдаа эмнэлэг байсан юм.

Оюунтунгалаг -

Тэр хүмүүс төвөөс ирж байгаа юмуу? Хотоос ирж байгаа юмуу?

Нэргүй -

Тэр зарим нь хотоос ирдэг л байсан юм. Лаборантууд бол хотоос ирдэг байсан юм. Аж ахуй эрхлэх тогооч энэ тэр гээд лавтай 15, 6 хүн байсан юм.

Оюунтунгалаг -

Тэгээд энд ер нь тэр эмчилгээнд олон хүн хамрагдаж байсан уу? Арьс өнгөний өвчтэй хүн олон байв уу?

Нэргүй -

Цусны шинжилгээ өгөөд муу гарвал эмчлэгдэнэ. Өвчин байхгүй ч гэсэн цус муу байвал эмчлэгдэнэ. Муу байвал аймаг дээр аваачиж эмчилдэг. Хэрэв шинжилгээ хийгээд цус муу гарвал эмнэлэг тариаг нь хийж өгдөг ийм л байсан.

Оюунтунгалаг -

Аа ха. Та тэнд ажиллаж байсны хувьд ер нь яагаад ийм их өвчтэй байсан бэ? Ямар шалтгаанаар?

Нэргүй -

Тэр үеэс л гарсан өвчин юм чинь хамар нь цоорох, хамар нь унах тийм л өвчин. Тэмбүү өвчин гэдэг чинь тусахгүй эрхтэн гэж байдаггүй өвчин шүү дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ямарч эрхтэнд тусдаг. Хавьтлын замаар л яаж байгаа биз. Хавьтлын замаар л тархсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Олон жил болсон байж л байгаа юм байгаа биз. Хувьсгал болсон ч тэмбүүг тэгж устгаж байсан гэж юм ярьдаггүй юм. Түүхэнд ганц устгал нь тэр юм гэнэлээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тийм л юм гэсэн.

Оюунтунгалаг -

Тэр хоёр жилийн аян бол их амжилттай болж ...

Нэргүй -

Тэр хоёр жилийн аян бол жигтэйхэн амжилттай. Гурван жилийн аян юмаа. Яахав дээ. Гурван жил чинь 58, 59, 60 он энэ гурван жил яваад тэгээд нэг отряд нь татан буугдсан юмаа. Сүүлдээ жил болгон явж үзэж байсан юм. 64, 5, 6 он хүртэл явсан. 4 он хүртэл явсан. 3 жил явсан байхаа.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд арьс өнгөний эмнэлэг тэрнээс хойш барагтай үлдсэн юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ийм л ажилтай юм байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгээд дараа нь та ямар ажил хийв?

Нэргүй -

Дараа нь эмнэлэгт 10 жил болсон. Хүн эмнэлэгт.

Оюунтунгалаг -

Аа ха. Юу хийх вэ?

Нэргүй -

Жижүүрийн сувилагч хийдэг байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд түүнээсээ гарч нэгдэл бригадын тоо бүртгэгч хийж байгаад бригадын тоо бүртгэгчээсээ нэгдлийн тэмээ хэдэн жил 5, 6 жил маллаад тэгээд хийсэн ажил гүйцэж байна.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэгээд та энд эргээд ээлжийн сувилагч хийлээ ш дээ.

Нэргүй -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Та бол анагаахын мэргэжилгүй.

Нэргүй -

Би анагаахын мэргэжилгүй.

Оюунтунгалаг -

Курс төгссөн үү?

Нэргүй -

Курс төгссөн.

Оюунтунгалаг -

Хаана ямар курс төгсөв? Та.

Нэргүй -

Би Архангайд нэг жилийн курс төгссөн.

Оюунтунгалаг -

Өмнөговь аймгаас Архангайд ирж төгссөн үү?

Нэргүй -

Тийм. Өмнөговиос Архангайд очиж ...

Оюунтунгалаг -

Юуны нэг жилийн курс?

Нэргүй -

Сувилагчийн.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Сувилагчийн нэг жилийн курс төгссөн.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэгээд сувилах эрх олгодог нэг жилийн курс юмуу?

Нэргүй -

Тийм. Сувилах, эмчлэх эрх өгнө ш дээ. Тэр чинь сум гэдэг чинь хоёр юмуу? Гурван сувилагчтай. Нэг асрагчтай, нэг тогоочтой тавхан орон тоотой байсан ш дээ. Сумын бага эмчийн салбар гэдэг чинь. Нэг сувилагч нь эх барихаа хариуцаж байсан юм. Нэг нь эмээ хариуцаж байдаг. Нэг нь аж ахуйгаа хариуцаж байдаг. Ийм гурван сувилагч нэг нэг үүрэгтэй.

Оюунтунгалаг -

Аа ха. Та юуг нь хариуцдаг байв?

Нэргүй -

Би чинь одоо аж ахуйг нь хариуцаж л байсан. Эмийг нь хариуцаж л байсан. Эх барихыг нь хариуцаж л байсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Би цөмийг нь хийсэн.

Оюунтунгалаг -

Та энд 10-аад жил сувилагч хийсэн байна ш дээ.

Нэргүй -

Тэгсэн би 10 жил болсон.

Оюунтунгалаг -

Тийм байна. Тэгэхээр аймагт бас хоёр, гурван жил хийчихсэн хүн энд ирсэн. Нэлээд дадлага туршлагатай болсон байна ш дээ.

Нэргүй -

Яахав дээ. Аймагт энд тэнд болж байсан. Энд бол жинхэнэ толгойд ирнэ ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хийх ёстой бол эмч эзгүй бол ирсэн өвчтөнийг үзэж бас эм өгнө. Хүмүүст эм өгдөг ийм журамтай. Жижүүрээ хийнэ. Тухайн үед хүн төрвөл хүлээж авна. Эх барьж авна.

Оюунтунгалаг -

Аа ха. Танай эмнэлэг чинь ямар тусламж үзүүлэх вэ? Ямар тусламж үзүүлж чадахгүй аймаг руу явуулах вэ? Аймаг руу явуулах өвчин бас байна. Тиймээ?

Нэргүй -

Байна. Заалттай л даа.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Дуудах өвчин дуудахгүй өвчин гээд байдаг.

Оюунтунгалаг -

Та ер нь олон хүүхэд эх барьж авсан уу?

Нэргүй -

Мэдэхгүй ээ. Нэлээд болсон байлгүй дээ. Би хоёр жил гаруй хийсэн юм. Хоёр жил гарантай хийсэн. Жилд нэг 50-аас 60 хүүхэд төрдөг юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд яахав дээ. Жижүүр яг таараад төрөх хүн байвал эх барьж авдаг ийм л байж билээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Эмийн сувилагч бол заавал эх баригч яагаад байхгүй.

Оюунтунгалаг -

Хөдөөний эмэгтэйчүүд чинь тэр малчин эмэгтэйчүүд ихэвчлэн төв дээр ирж төрөх үү? Гэртээ төрөх үү? Яах вэ?

Нэргүй -

Өө эмнэлэгт төрнө.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Нэгдэл чинь бол гэр барьчихсан за одоо тэр хүнийг авч ирэх шаардлагатай байна тэр хүн төрөх болж байгаа гэж ир гэдэг хэл өгнө.

Оюунтунгалаг -

Нэгдэл хэлнэ?

Нэргүй -

Нэгдэл ч хэлнэ. Өөрсдөө ч ирнэ. Тэгээд энд амаржихаар ирнэ. Төрөхөөсөө өмнө 7 хоног, төрөөд 7 хоног ингээд 14 хоногийн амралттай. Ийм гэр байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

14 ч юмуу? Яахав дээ. Төрөхийнхөө үйл явцаас болоод ямарч байсан эмнэлэгт 7 хонодог байсан юм. Эмнэлэгт 7 хоноод амралтын байранд 7 хоноод ингээд 14 хоног болоод төрснөөс хойш тэгээд харьдаг байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тийм журамтай байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. За ер нь одоо говийн малчин эмэгтэйчүүд ер нь бол хөдөө мал дээр явж байхдаа ч юмуу? Төрж байсан тохиолдлууд олон байх уу?

Нэргүй -

Үгүй тэр чинь хэн мэдэх вэ? Тэгж төрж ирэхийг бараг мэддэггүй байсан юм. 60 оноос хойш. 60 оноос өмнө тэр төрж гэнэ. Тэр гэртээ төрж гэнэ гэж дуулдаж байсан юм. Сүүлийн 60-аад оноос хойш бол гэртээ төрөх тун тухайн үед гэнэтхэн төрнө үү? гэхээс заавал төв дээр ирж төрүүлдэг. Албан ёсоор энд авчруулдаг. Нэгдэл авч ирж өгдөг ийм л жамтай байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хүндрэл гарч байгаагүй. Сүйд болоод энэ чинь болохгүй. Төрж чадахгүй гэсэн юм ер байхгүй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Одоо үед чинь бол энэ мухар олгой гэдэг чинь байгаагүй шахам өвчин ш дээ. Энэ суманд чинь нэг юмуу? Хоёр хүн мухар олгой ургавал ургана. Тийм байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Одоо бол өдөр болгон шахам байж байна ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Мухар олгой ургаж гэнэ. Тэр эмч дуудаж ирүүлж гэнэ гэж дуулддаг юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Мухар олгойг эндээ эмчилдэггүй?

Нэргүй -

Үгүй. Үгүй. Дуудаад аймгаас эмч ирээд апресс хийчихдэг юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тийм өвчнөөс тийм аюул болсон гэсэн юм гарч байгаагүй. Өвчин цөөхөн.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэр үеийн эмнэлгийн аж ахуйн ажил гэхээрээ ер нь юу байх вэ? Эмнэлэг чинь хэр их хөрөнгөтэй. Хэр их санхүүтэй байгууллага байв?

Нэргүй -

Санхүү гэж ямар юм байх вэ? Аж ахуй гээд байх юу байх вэ? дээ. Цагаан хэрэглэл, ойр зуурын юмнууд байхаас өөр их юм байгаагүй юм. Эмнэлгийн юм гэдэг чинь зөвхөн ойр зуурын хэрэгцээний юм стол ширээ, өвчтөний цагаан хэрэглэл, ор хөнжил гэсэн ийм л юм байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Гал тогооны жаал зугаа юм байдаг.

Оюунтунгалаг -

Олон тасаг өрөөтэй юу?

Нэргүй -

Төрөхийн нэг, амбулаторийн хоёр өрөөтэй. Өвчтөн авч ирдэг нэг өрөөтэй. Тийм гурван өрөөтэй. Энэ хойд талын чулуун байшинд байгаа юм. Гал тогооны өрөөтэй. Халуун усны өрөөтэй. Цомхон, цомхон жаахан өрөөтэй тийм байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

5, 6 өрөө л байсан юм.

Оюунтунгалаг -

Тэр үеийн эмнэлгийн эм тарианы хангамж голцуу хаанахын эм тариа ирэх вэ? Голцуу ямар өвчнөөр өвчилдөг байсан?

Нэргүй -

Эм аптекаас л авдаг. Цэций сум дундын аптектэй байсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

Хэдэн сумын?

Нэргүй -

Ханбогд, манайх орно. Цогт-Овоо ордог байсан.

Оюунтунгалаг -

3, 4 сум нийлээд?

Нэргүй -

Тийм. Сум дундын эмнэлэгтэй байсан байхгүй юу. Хэдэн бага эмчтэй. Тэр үед чинь горьгүй л их 3000 төгрөгний эм авч ирээд л түүнийг борлуулаад л буцаагаад л мөнгийг нь өгөөд л явдаг. Худалдааны журмаар л явдаг. Тэгээд яахав больницэд хэрэглэсэн юм төсвөөсөө гаргаад тийм л юм. Өшөө тийм илүү дутуу юм сүүлийн үед харин энэ барууны орны гэж ярьж байсан юм даа. Унгар, Польшийнх, Болгарынх гээд л Оросын зүү мүү ирдэг. Тийм л байсан юм.

Оюунтунгалаг -

Тэр үед эмч олон солигдох уу? Нэг л эмч байв уу?

Нэргүй -

Сумын эмнэлэг чинь бага эмч солигдоно. Бусад нь солигдоод байх юм байхгүй ш дээ. Тухайн үед шаардлагаар шилжинэ үү? гэхээс өөр юм байхгүй.

Оюунтунгалаг -

Хэдэн эмчтэй байх вэ? Их эмч?

Нэргүй -

Их эмч байхгүй. Ганц л бага эмч.

Оюунтунгалаг -

Өө тийм үү?

Нэргүй -

Бага эмч, гурван сувилагч, нэг асрагч ийм 4 хүн л байна ш дээ. Их эмч байхгүй. Гурван сувилагч, бага эмчтэйгээ, асрагчтайгаа 5 хүн. Их эмч чинь манай энд 67 онд бий болсон юм.

Оюунтунгалаг -

Их эмчийн салбар?

Нэргүй -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэр үеийн бага эмч бас их үүрэгтэй хүн байж?

Нэргүй -

Их үүрэгтэй. Тэр чинь машинаар явж өвчтөн машинаа авч ирж хөтөлж ирсэн юмаар л явна ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха. Танай сумын хамгийн холын цэг чинь хэдэн километр байх вэ? Морь, тэмээгээр удаж очно. Тиймээ?

Нэргүй -

Аюулгүй. Тэгээд сүйд болсон юм байхгүй. Тухайн үеийн орчиндоо таарч байсан юм. Болж л байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Манай чинь одоо хааш хаашаа 80 километр газар. Зүүн тийшээ 80 л байдаг юм. Урагшаа бол 100 гарантай. Баруун тийшээ ч бас нэг 70 орчимтой байна уу? Зүүн урагшаанаа мөн 70, 80 зарим нь ч 100 байна. 100 гарантай байгаагүй ээ. 40, 50 наагуур ирчихсэн байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Эндээ төвлөрсөн салбартай. Багууд бол бага эмч, сувилагч ...

Нэргүй -

За яахав дээ. Сүүлийн үед бригадуудад сувилагч гээд байсан юмаа.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгэхдээ манай энэ эмнэлэг чинь зүүн талд Өгөөмөрийн бригад гэдэгт салбартай байсан юм. Сүүлд 3 бригадтай. 3 бригад нь сувилагчтай болоод тэндээ бага эмчтэй, сувилагчтай тийм л байсан. Сүүлдээ бага эмчтэй болоод л багийн.

Оюунтунгалаг -

Аа ха. Танай энд чинь ер нь эмнэлэг хэзээ байгуулагдсан юм?

Нэргүй -

Оо мэдэхгүй. Мэдэх юм алга. Мартчихаж.

Оюунтунгалаг -

Аа ха. За тэгээд эмнэлэгт ажилласныхаа дараа чинь ямар хийсэн билээ?

Нэргүй -

Бригадын тоо бүртгэгч хийсэн.

Оюунтунгалаг -

Тоо бүртгэгч гэхээр юу хийнэ гэсэн үг вэ?

Нэргүй -

Малын хөдөлгөөн бүх шилжилт ноос үсний тооцоо хийдэг тийм хүн.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэр үед чинь нэгдэл байсан. Тиймээ? Гишүүдээс авах, малаас авах ашиг шимийн тооцоо юу байх вэ? Нэг малаас юу авах вэ?

Нэргүй -

Ямар нас хүйсний мал байна түүнд оногдсон нэгдлээс тийм нормативтэй. Төдийг авна. Төдийг авсан гээд тэр малчид чинь хөдөлмөрийн хөлс олгоно.

Оюунтунгалаг -

Хөдөлмөрийн хөлсийг юугаар бодож олгох вэ?

Нэргүй -

Тэр чинь маллагааны хөлс гэж байна ш дээ. Хонь малладаг хүн 39 мөнгөөр боддог байвал 39 цаас л авна ш дээ.

Оюунтунгалаг -

Аа нэг малаар бодох уу?

Нэргүй -

Хэдэн кило ноос өгсөн. Нэг килограмм хонины ноос өгсөн хүнд нэг төгрөг өгдөг ч юмуу? Ямар байсан юм тийм л хөлстэй байсан. Нэг тэмээ 70 хэдэн мөнгө гэх мэтчилэнгээр байна ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хэд хэд ч байлаа даа.

Оюунтунгалаг -

Аа тэгээд тэр хөдөлмөрийн хөлсний өдрийг нь бодоод өгчих үү? Сард нэг удаа юу?

Нэргүй -

Сард нэг удаа.

Оюунтунгалаг -

Тэр нь хэр хүрэлцээтэй мөнгө байсан бэ?

Нэргүй -

Тухайн үедээ болж л байсан мөнгө. Тухайн үедээ болж л байсан мөнгө.

Оюунтунгалаг -

Аа ха. Одоо тэр нормоо биелүүлэхгүй бол хөдөлмөрийн өдрийн хөлсийг нь хасах уу?

Нэргүй -

Хөдөлмөрийн өдрийг нь хасахгүй л дээ. Тооцоо хийгээд дутуу байх юм бол мөнгөнөөс нь суутгаж л авна. Энэ хүн тийм гачигдалтай байжээ гэвэл нэгдэл зөвлөлийнхөө хурлаар хэлэлцээд л тэр хүнээс дутагдсан юмыг яах юм? Авах уу? Авахгүй юу? гэдгээ хэлэлцэж гаргана ш дээ. Ийм л байна.

Оюунтунгалаг -

Тэр үед нэг багт олон албан хаагч байх уу? Тоо бүртгэгч, багийн дарга гэж ...

Нэргүй -

Тоо бүртгэгч, малын эмч, хүний эмч байвал байна. Нэг зоотехникч, аж ахуйн хэдэн, хоёр агенттай байдаг байсан юм.

Оюунтунгалаг -

Баг хэдэн хүнтэй байх вэ? Хэдэн айл өрхтэй вэ?

Нэргүй -

Байдал байдлаасаа л болно доо. 100 гаруй өрхтэй. Мал малладаг 60 гаруй 70 шахам өрхтэй. Нэгдэл нийгмийн мал хариуцсан 120, 30-аад шахуу хөдөлмөр эрхэлдэг хүнтэй ийм л байдаг юм. Байсан юм.

Оюунтунгалаг -

Тэр үед та өөрөө багийн тоо бүртгэгч ямар цалин авах вэ?

Нэргүй -

Би чинь 300 орчим юм авч байсан байхаа.

Оюунтунгалаг -

Тэр мөнгө ямар байв? Хүрэлцээтэй байв уу?

Нэргүй -

Тухайн үед болж байсан юм.

Оюунтунгалаг -

Түүгээр юу авах вэ? Тэр үед?

Нэргүй -

Яахав дээ. Бүх л хэрэгцээнийхээ юм авна ш дээ.

Оюунтунгалаг -

Хүрнэ?

Нэргүй -

Хүрнэ ш дээ. Кило гурил нэг төгрөг байхад 70 килограммын гурилыг 70 цаасаар л авна ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тийм л байсан юм чинь.

Оюунтунгалаг -

Та нэгдлийн тоо бүртгэгч хийж байхад чинь та өөрөө нэгдлийн гишүүн байх уу?

Нэргүй -

Байж байж хийх ёстой ш дээ.

Оюунтунгалаг -

Та нэгдэлд хэзээ элсэв? Ганцаараа элсэж байв уу? Гэр бүлтэйгээ элсэж байв уу?

Нэргүй -

Тодорхой юмгүй. Сүүлд л нэгдэлд ажилласан. Би чинь улсаасаа гарч нэгдлийн ажлыг хийдэг байсан байхгүй юу. Тэгээд би 15 жил болсон юм. Тэгээд улсын албан хаагч улсын би чинь одоо улсад 25 жил ажилласан хүн тэтгэвэр тогтоолгоход ямарч саадгүй гэж байсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тийм учраас би 25 жил өнгөрчихсөн тэгээд нэгдэлд тэмээ маллая гээд тэмээ малласан.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэр үед багийн тоо бүртгэгч хийж байхад бүх улсын хэмжээний багуудыг шалгаруулах уу? Байр эзлүүлэх үү? Уралдаан зарлах уу?

Нэргүй -

Бас нэг тийм юм явагддаг байсан байхаа. Надад тодорхой юмгүй. Сум 3, 4 багтай түүнийгээ ажлыг нь дүгнэж 1, 2-р байр гэж гаргана л даа. Тэр чинь. Малчдынхаа хэн их олон төл авав? Хэн их олон кило ноос тушаав? гээд хичнээн сүү авав? Нэг малаас хичнээн килограмм ноос авав? гэдгийг цөмийг нь гаргана ш дээ. Тэгээд шалгаруулаад за энэ сумын хэмжээний тэмээний ноосны аварга, хонины ноосны аварга, сүүний аварга, гүүнийх, ингэнийх, хониноос, ямаанаас гээд цугаарангийнх нь аварга шалгардаг байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Малчдыг бол бас их уралдаанд байр эзлүүлж шагнадаг байсан тэр үед.

Нэргүй -

Тэгэлгүй яахав. Сумын аварга болсон хүнд дипломтай 300 цаас өгдөг байсан. 200, 300 цаас янз бүр л дээ. Ашиг шимээсээ болдог байсан байх. Тийм шиг санаж байна.

Оюунтунгалаг -

За тэгээд тэмээчин болсон?

Нэргүй -

Тэмээчин болоод 86 оноос эхлээд хамгийн сүүлд нэгдэл хувьчлагдаад 6 жил нэгдлийн тэмээтэй 7 дахь жил дээрээ тэмээгээ хувьчлалаар аваад 92 онд тэмээгээ хувьчлалаар аваад 7 жил болсон.

Оюунтунгалаг -

Одоо энд чинь нэгдэл хэзээ задарсан юм бэ?

Нэргүй -

Нэгдэл үү?

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

92 онд хувьчлагдсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

91 онд бага хувьчлал гэж явагдаад тэгээд 92 оны өвөл бүх мал хувьчлагдсан юм. Компани гэж үлдээд хэдэн айл байсан юм. Компани гэж байгаад 94 онд тарчихсан юм. Би тэр компанид үлдээгүй ээ. Эхний ээлжинд гарсан.

Оюунтунгалаг -

Та нэгдлийн тэмээчин байхдаа хэдэн тэмээ малладаг байв?

Нэргүй -

Манайх нэг 270-аас 300 тэмээтэй байсан айл. Манай гэр бүлийн хүн багш хүн. 300 тэмээтэй ингээд байсан. 270-аас 300 тэмээтэй байдаг байсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тухайн үеийн зорилго, бодлого 270 гаруй тэмээтэй. Тэгээд ботготойгоо 300 жаахан гараад л заримдаа 300 хүрээд л 300 тэмээтэй л байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэмээ маллах ер нь онцлог нь юу байх вэ?

Нэргүй -

Яахав дээ. Тэгээд ямарч мал сайн сайхан л байдаг юм. Хааяа ямарч мал хэцүү л байдаг юм. Арга эвийг нь олсон хүнд өсгөж болно. Ботго төлөө авчихвал нормоо биелүүлчихвэл сүү, ноос, төл гурав байна.

Оюунтунгалаг -

Жилдээ олон ботго авах уу?

Нэргүй -

За нэг 37, 8-аас 40 ботго л авна. Тийм л байлаа. Ээлжийн 40 ингэтэй.

Оюунтунгалаг -

Ээлжийн гэхээр юу гэсэн үг вэ?

Нэргүй -

Ээлжийн ингэ гэдэг чинь ухаан тэмээ чинь өнжиж төллөдөг амьтан учраас нэг жил төллөсөн ингэ чинь ирэх жил торомтой орно. Тормыг нь дагуулаад тавина. Түүний дараа түрүүчийн ингэ нь эргээд ботголно. 80-аад ингэтэй. 80-аад ингэ чинь хоёр хуваагдаад тийм л байсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ээлжийн гэж ярьдаг.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь ер нь хүмүүс хүнсэндээ тэмээний махыг хэрэглэдэг байв уу?

Нэргүй -

50 хэдэн оноос хойш л хэрэглэсэн юм. Тэр үед бол нэгдэл нийгэм улсын бэлтгэлийн тэмээ мал гээд тэмээ их хэрэглэдэг байсан.

Оюунтунгалаг -

Урд нь яагаад хэрэглэдэггүй байсан юм?

Нэргүй -

Мэдэхгүй. Тэмээний мах иддэггүй байсан юм гэсэн. Би түүнийг сайн мэддэггүй юм. Намайг мэдэх үеэс тэмээ иддэг л байсан юм. Зарим айл иддэг. Зарим айл иддэггүй л байсан.

Оюунтунгалаг -

Нэг тэмээ ойролцоогоор хичнээн кило татах вэ?

Нэргүй -

Тэмээнээс л болно. Тэмээ чинь ойролцоогоор бүдүүн тэмээ 300-аас 400-ийн дундажтай байна. Бүдүүн тэмээ 400 гарантай байна. Бага тэмээ идэхгүй ш дээ. Заавал бүдүүнээс нь идэж таарна.

Оюунтунгалаг -

Та 20-иод ингэтэй гэлээ ш дээ. 270-аас 300 тэмээтэй гэлээ ш дээ. Хичнээн буур байх вэ?

Нэргүй -

Буур хоёр гурван буур байдаг юм. 20-иод ингэнд нэг буур байдаг юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Буур айлын бууртай солино. Сайн буур авч ирнэ барина гэсэн юм байх уу?

Нэргүй -

Байсан юмаа. Манайх Ханбогдоос нэг буур авч ирж байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Үржлийн сайжруулах?

Нэргүй -

Тийм. Буур авч ирээд нэг их удаагүй хоёр жил болоод нэгдэл тарсан. Түүний ашиг шимийг үзээгүй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Яахав дотроосоо нэг нэгнээсээ аваад тавьж л байдаг. Тэднийхээс тэмээ авна. Тэднийхээс буур тавина тийм л байсан юм.

Оюунтунгалаг -

Сүүлийн үед хүмүүс орсон буурийн дош тийм ч юманд сайн. Ийм ч өвчинд сайн гээд хэлдэг болж.

Нэргүй -

Мэдэхгүй. Тодорхой хэлж мэдэхгүй. Дээр үед манайхыг тэмээ маллаж байхад савны өвчтэй хүн хэрэглэж байсан юмуу? Хаашаа юм. Сурдаг л байсан юм. Өгч байгаагүй. Хэрэглэдэггүй болохоор яаж мэдэх вэ? дээ. Өвчинд сайн гэж ярьдаг л юм байна лээ.

Оюунтунгалаг -

Тэмээнд олон янзын өвчин анагаах чадвартай юм олон байх уу?

Нэргүй -

Тодорхой шинжилсэн судалсан юм надад алга. Байдаг л бололтой. Дэд эрдэмтэн Лувсан гэж хүн байдаг юм. Тэмээний талаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн байдаг юм. Одоо ч бий. Тэр өвгөн бас байдаг л бололтой юм хэлж байсан. Тэмээний ноос будаг авдаггүй учраас тэр чигээр нь хийдэг юм гэнэ лээ. Сорын тааруулж хийдэг юм гэсэн.

Оюунтунгалаг -

Аа ха. Танай сум ойролцоогоор хэдэн тэмээтэй байв? Тэр үед тиймээ? Аа тэгээд улсын бэлтгэлд хэдийг нийлүүлдэг байв?

Нэргүй -

Улсын бэлтгэлд жилд янз бүр дээ. 120 тэмээ 200 шахуу тэмээ ч өгдөг байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед танай сум тэмээ ихтэй байв уу? Одоо ер нь хэр болж байна?

Нэргүй -

Одоо хэн мэдэх вэ? дээ. Энэ жилийн тоог дуулаагүй.

Оюунтунгалаг -

Тэмээ ер нь хорогдож байна уу?

Нэргүй -

Тэмээ ер нь их хорогдож байгаа амьтан ш дээ. Сум чинь 7000, 8000 тэмээтэй байсан газар. Өмч хувьчлалын үед жаахан хорогдчихсон.

Оюунтунгалаг -

Таны нөгөө 270-аас 300-аад тэмээг чинь хувьчлалд тараасан гэлээ ш дээ. Та. Яаж тараах вэ? Юу гэсэн үг юм? Айлуудад хуваагаад тараах уу?

Нэргүй -

Эрхийн бичгээр л тараачихдаг юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хувьчлалаар тараагаад өөрсдийнхөө хувьчлалыг авч үлдээд л тэгээд л манайх болбол төв суурин улсад ерөөсөө өгөөгүй. Дандаа малчдад өгсөн. Дандаа малчдад өгсөн.

Оюунтунгалаг -

Та нэгдлийн гишүүн байсан. Өмч хувьчлалаар танд юу оногдов?

Нэргүй -

Төдөн төгрөгний гээд малыг чинь бүгдийг нь хувьчлаад авсан. Манай хувьд бол 3 хүүхэдтэй, хөгшин бид хоёр хувьчлал авсан. Манай нэг хүү тусгай айл болсон байсан. Тусгай хувьчлал авсан. Бишгүй л олон мал авсан.

Оюунтунгалаг -

Аа ха. Өөрөөр хэлбэл танай энд өмч хувьчлал ямар явагдсан гэж та боддог вэ? Өмч хувьчлал ер нь зөв байсан уу? Хийх нь зөв байсан уу? Тэгээд явц нь зөв байв уу? Өмчөө зөв хуваарилаж байв уу?

Нэргүй -

Зөв л хуваарилаж байсан байлгүй дээ. Тэр үед тэр нь буруу хувьчлаж байна. Энэ нь буруу хувьчлаж байна гэсэн юм мэдэж байсан биш. Хуваагаад өгсөн. За танайх төдөн төгрөгний мал авна гэхээр нь аваад л манайх бол олон мал авсан. 40-өөд тэмээ, 40-өөд хонь, ямаа, 20, 30-аад шахуу адуу тийм л юм авсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд авсан улс зарим нь юмаар юм хийгээд болж байна. Зарим нь юу ч үгүй устгаад бас л хэцүү л байна.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Зарим нь болоод л байна. Зарим нь жигтэйхэн сайхан, зарим нь ингээд тэмээ жаахан хэлмэгдсэн дээ. Хувьчлалд. Сумын төв дээр байгаа хүнд чинь 20-иод тэмээ өгчихөөр тэр хүн чинь идэш идэхийг нь идээд л барьж өгөхийг нь өгөөд л ...

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Манайх чинь энэ бригад тэмээ цөөн учраас айлдаа тараагаад болчихсон.

Оюунтунгалаг -

Өөрийнхөө багийнхаа айлуудад.

Нэргүй -

Тийм. Энэ бригадын тэмээ төв рүү баахан хувьчлагдаж энэ тэмээгүй байсан юм чинь ийшээ их гаргасан байхаа. Мэдэхгүй юм.

Оюунтунгалаг -

Тэмээ тэр үед их үрэгдсэн, зарагдсан алга болсон шалтгаан юу вэ? гэхээр бас өөр нутгийн тэмээг чинь өөр бригад руу өөр бэлчээр лүү хуваарилаад хүнд нь хуваарилаад өгчихөөр нутаг юундаа тогтохгүй байдаг юмуу? ...

Нэргүй -

Хувьчилсан бол өгнө ш дээ. Зарим нь бол жигтэйхэн сайхан мал болгочихсон тэмээтэй одоо байж л байна.

Оюунтунгалаг -

Аа ха. Нэгдэл чинь одоо тэмээчдээ хэр харж үздэг байв? Одоо яах вэ? Нэгдлийн тэмээ мал маллахаар чинь идэш уушийг нь нэгдлээс өгөх үү? Яах вэ? Хөдөлмөр өдрийн хөлсийг өгөөд л болчих уу?

Нэргүй -

Хөдөлмөр өдрийн хөлсийг өгөөд л болно. Идэш тэмээний хэрэгцээ, хүнсний тэмээний хэрэгцээ байна гэвэл өгнө. Ийм л байсан. Тэмээ авъя гэвэл өгнө. Үнээ авъя гэвэл өгнө. Бог мал авъя гэвэл болно. Өөрөө малтай учраас тэр чинь бас болно ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха. Үнэгүй өгөх нь тэр малуудыг?

Нэргүй -

Худалдаж авна. Гишүүддээ худалддаг үнэ, гадагшаа худалддаг үнэ хоёр янз байдаг юм.

Оюунтунгалаг -

Үнэ нь хоёр янз?

Нэргүй -

Тийм. Зөвхөн юундаа өгдөг үнэ өөр гадагшаа сумаасаа гадагшаа худалддаг үнэ гээд хоёр янз. Тийм л юм байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэр үеийн нэгдлийн багийн тоо бүртгэгчдийн нэг ажил бол миний сонсож байснаар бас нэг мал хот руу тууж явах ч юмуу? Зарахаар авч явахдаа энэ тэр бичиг мичиг авч явж байв уу? Та тэр эрхийн бичиг их олгодог байв уу?

Нэргүй -

Үгүй. Үгүй.

Оюунтунгалаг -

Хэн тэр бичгийг олгох вэ?

Нэргүй -

Улсын бэлтгэлийн малыг чинь манай тэндээс улсын бэлтгэлийн мал гэж л нядалж л өгдөг болохоос хот руу аваачиж бөөн бөөнөөр зардаг юм байхгүй ш дээ. Нэгдлийн хэдэн малыг туухгүй ш дээ.

Оюунтунгалаг -

Тэгэх үү?

Нэргүй -

Тэгнэ. Улсын бэлтгэлийн адуу гээд нэг өгчихнө. Улсын бэлтгэлийн тэмээ гээд өгнө. Нядлаад өгчихнө. Бэлэн мөнгө авчихна. Ямар ч мал бэлтгэлд өгсөн тэгнэ.

Оюунтунгалаг -

Тэмээнд чинь олон тэмээ хариулж байхад өвчин энэ тэр гарч байв уу?

Нэргүй -

За даа гайгуу. Мэр сэр хамуурдаг байсан. Зарим тэмээ хамуураад тариа мариа хийдэг тийм ажил хийж л байсан. Учиргүй тийм юм гардаггүй байсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Нэг нэлээд тэмээ хорогдсон юмаа.

Оюунтунгалаг -

Хэдэн он бэ?

Нэргүй -

72, 73 70 хэдэн ...

Оюунтунгалаг -

Яадаг өвчин юм тэр?

Нэргүй -

Доголоод хөлдчихдөг. Тийм л өвчин. Яр гардаг. Хөлөнд л голдуу. Дөрвөн мөчид голдуу гардаг тийм өвчин.

Оюунтунгалаг -

Тэр өвчнөөс яаж салж байв?

Нэргүй -

Туулга өгч нэгдсэн журмаар туулга өгч байсан юм. 71 оноос эхлээд 73, 74 онд айхтар гарсан даа. Туулга өгч байсан. Мал эмнэлэг.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Нэгдсэн журмаар. Туулгадаг байсан юм.

Оюунтунгалаг -

Та тэмээчин байхдаа тэнд их явж байв уу?

Нэргүй -

Үгүй. Үгүй. 2, 3 жил л болсон.

Оюунтунгалаг -

Оторлох уу?

Нэргүй -

Оторлоно.

Оюунтунгалаг -

Хол оторлох уу?

Нэргүй -

Хол ч юу байхав. 72 онд сумынх нь нүүгээд зүүн хойшоогоо нүүчихсэн ш дээ. Нэг их хол нүүдэллэж байсан юм байхгүй ээ.

Оюунтунгалаг -

Тэмээ их маллагаа шаарддаг амьтан уу?

Нэргүй -

Оо тэгэлгүй яахав. Тойруулж эргүүлж бүртгэж байхгүй бол олдохгүй. Тэр үеийн тэмээ олон. Хоёр гурваараа тэмээ дагаад явчихдаг. Тэмээг ер нь сайн маллаж тэгж, өдөр болгон дагаад байх нь юу юм сайн хямгадаж байхгүй бол болдоггүй. Хямгадаад байвал тэгж их бутраад байдаггүй юм.

Оюунтунгалаг -

Тэмээ тэр үед их алдагдаг байв уу?

Нэргүй -

Нэг үе их алдагддаг байсан. Алдагданаа. Унаа унаш муутай байж байгаад алдчихна. Сүүлийн үед бол яахав дээ. Сүүлийн үед бол маллаж чаддаг, нутагшуулчихсан гарын тэмээтэй улс бол гайгуу ш дээ. Энд тэндээс хэдэн тэмээ шилжүүлж аваад л буцаагаад алдаад л байдаг. Тэмээ чинь тогтвортой маллаад байвал байгаад л байна.

Оюунтунгалаг -

Тэр үед малын хулгай байв уу?

Нэргүй -

Малын хулгай гайгуу дээ. Алдчихсан алга болчихсон юм байхгүй. Хаа газрын тэмээ явахгүй газар байхгүй. Газар болгонд л байлаа. Ханбогдын тэмээ ч байна. Хань ижил дагуулна уу? гэхээс хулгай хийгээд аваад явчихсан юм нэг их байхгүй ээ. Хулгай бол гайгуу байсан ш дээ. Малын хулгай гайгуу байсан. Одоо үед л болохоо байж байгаа сураг дуулдана.

Оюунтунгалаг -

Та ер нь энэ социализмын үед хийж байсан ажлууддаа дуртай байв уу?

Нэргүй -

Дургүй байгаад ч яадаг юм. Амьдрахын эрхэнд хийж байгаа юм чинь.

Оюунтунгалаг -

Аа ха. Та энэ ажлуудад томилогдож байв уу? Та өөрөө сонирхоод энэ ажлуудыг хийж байв уу?

Нэргүй -

Дандаа томилогдож байсан. Би үүнийг хийхгүй түүнийг хийнэ гэдэггүй байсан. Засаг захиргаа ямар томилолт өгнө түүнийг хийж гүйцэтгэх ёстой байсан шүү дээ. Би маргааш тэр хонийг чинь авъя гэхгүй. Чи тэмээ малла гэсэн бол түүнийг нь авдаг тийм л журамтай, дүрэмтэй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Томилолтоор ажиллана шүү дээ.

Оюунтунгалаг -

Аа ха. Таныг олон жил ажиллаж байхад таны ажилдаа хандах хандлага ер нь өөрчлөгдөж байв уу?

Нэргүй -

Ямар юм нь өөрчлөгдөх вэ?дээ. Хийж байгаа юмаа сайн хийхийн тулд л явна уу? гэхээс биш өөр яахав. ... Хугацаа юмыг нь хожигдуулахгүй цагийн юмыг цагт нь хийнэ.

Оюунтунгалаг -

Ер нь бусад хүмүүс ажилд хандах хандлага нь социализмын дараа ер нь өөрчлөгдөв үү?

Нэргүй -

Өмч нь өөрийн гэсэн учраас бас хямгадалт өөрчлөгдсөн байлгүй дээ. Манай юм гэсэн болохоор нэгдлийн юм байвал өө яахав маллаж л байя гэхгүй эд шүү дээ. Өөр ш дээ.

Оюунтунгалаг -

Таны ажилдаа бахархдаг зүйл нь юу байв? Жигшдэг зүйл юу байв?

Нэргүй -

Надад бахархаад байх юу байх вэ? Өдрийнхөө ажлыг амжуулж байвал надад тэгээд болох нь тэр. Хэдэн мал маллаж байхдаа тоог нь бүрэн байлгаж хийж гүйцэтгэх юмыг нь бүрэн гүйцэтгэж өгөх юмсан гэсэн ийм л эрмэлзэлтэй ажиллана ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Төлийг нь бүрэн аваад ноосыг нь бүрэн тушаагаад, сүүгээ биелүүлчихвэл онд мэнд оруулчихвал хийж байгаа ажил чинь тэр ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха. Жигшдэг зүйл нь юу байх вэ?

Нэргүй -

Ажил хөдөлмөр хийхгүй малаа алдаад байвал амьдрал байхгүй. Заавал төлж таарна ш дээ. Хийж байгаа юмаа бүрэн хийхийг л сайн л хийж байх ёстой л гэдэг тийм л ойлголттой хүн.

Оюунтунгалаг -

Аа ха. Ажлуудын чинь хэцүү нь юу байв? Амар нь юу байв?

Нэргүй -

Хүн хийж байгаа юмаа зөв хийвэл ажил бүтэхээр тийм ажил байна. Мал маллаж байгаа хүнд бол цагийн муу тэр их аюултай. Малын хоол унд нэг хоолтой газар байвал бас зүгээр байна. Устай газар байвал хоолгүй байна. Түүнийг тэгшитгэхийн тулд бас зохих хэмжээний нүүдэл суудал хийх хэрэгтэй болно. Яагаад гэвэл ноосыг нь алдчихгүйн тулд тэмээг сайн хямгадаж байж авна. Тэмээ чинь хавар ганц ноос унагадаг шүрхий амьтан. Тэнд нь сайн байлгаж байгаад л ноосыг бутраачихаагүй тэмээ бол гайгуу байдаг юмаа. Тэгж хашиж хямгадаж байж ноосыг нь аваад тэгээд тавьчихвал гайгуу. Тэгээд яахав. Тухайн үед хий гэсэн ажлыг нь хийж байвал болж л байдаг. Би тийм юм хийсэн гэж бахархаад байх ч юм байхгүй.

Оюунтунгалаг -

Аа ха. Ер нь ажил амьдралаа яаж зохицуулж байв?

Нэргүй -

Яахав дээ. Тухайн үед л өдөр өдөрт нь зохицуулна гэдэг л болно шүү дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Энэ өдөр тэжээл бэлчээр малаа услах ёстой гэдэг юмуу? Төл малд явах байдаг юмуу? Явахааргүй байдаг юмуу? За тэр юмаа хийнэ. Гэр зуур тийм юмаа хийнэ. Малдаа явна. Мал чинь өглөө болгон гэрийн гадаа бэлэн байна гэж юу байх вэ? Тэр чинь хэзээний нэг хэдэн алга байна. Хүн олж ирж авчирч байж нийлүүлнэ. Тийм л байдаг байсан. Мал малладаг хүнд чинь за өнөөдөр тийм тийм ажил болно. Бэлтгэл мал авна ч гэдэг юмуу? Хөдөлмөрийн хөлсний тооцоо хийх байдаг юмуу? Мэдээ сэлт гаргаж өгөх байдаг юмуу? Айл амьтнаас юм бүртгэж ирэх байдаг юмуу? Тэр бүгдийг чинь хийнэ. Тэр ажил чинь өдөр бүр зохицоно ш дээ. 2 цаг төв дээр байх ёстой. Нэг цагт ажилд ирэх ёстой гэсэн юм байдаггүй. Хөдөөний ажил чинь. Тийм юм байхгүй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тухайн үеийн өдөр тутмын шаардлагаас л болно.

Оюунтунгалаг -

Ажил хийж байгаа хүн болгонд өөрийн гэсэн хамт олон байдаг.

Нэргүй -

Аа тэгэлгүй дээ. Ажиллаж байсан хамт олон байж л байна. Мал маллаж байсан ч нутаг усны хамт олон байж таарна ш дээ. Хөөе танай мал тэнд байлаа. Манай мал тэр шүү гээд л би тэр газар явж байхад тэнд байлаа ш дээ гэж ингэж л хамтарч нэг нутаг усны улс тэгж ажиллана. Тэнд явж байна гэнэлээ гэсэн юм байж болдоггүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны хамт олон гэдэг бол таны нутаг усныхан ...

Нэргүй -

Тийм бригад ...

Оюунтунгалаг -

Та ер нь ажилласаар байгаад тэтгэвэртээ гарч тиймээ?

Нэргүй -

Би ч ажилласаар байгаад 92 онд нэгдлийн тэмээ өгчихөөд тэгээд ажилгүй болчихоод 3 жил ажилгүй байж байж тэтгэвэрт гарсан байх.

Оюунтунгалаг -

Аа ха. 92 онд хувьчлал болоод ...

Нэргүй -

Хувьчлалаар малаа тараачихаад 92 онд яахав. 30 хэдэн жил байсан юм чинь тэгээд 95 онд засгийн газрын тогтоол гараад эрэгтэй хүн 55-аас гэж байсан байхаа тогтоол гарсан юм. Түүнд л тэтгэврээ тогтоолгосон юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

30 хэдэн жил ажилласан гээд ...

Оюунтунгалаг -

95 оноос хойш өөрөө мал маллаж байв уу? Та юу хийж байв?

Нэргүй -

Өө мал малласан. 99 оноос өмнө мал маллаж байгаад ач зээ хэдэн хүүхэд харах ажил гараад ...

Оюунтунгалаг -

Хүүхдүүд малчин хүүхэд байгаа юу?

Нэргүй -

Байнаа.

Оюунтунгалаг -

Хүүхдүүд ер нь хаагуур байна? 3 хүүхэд?

Нэргүй -

Ганц хүүхэд Өмнөговийн төв дээр байдаг. Бусад нь дандаа бараг малчин.

Оюунтунгалаг -

Та хүүхдүүдээ ажил хөдөлмөрийн талаар юу гэж сургадаг байв?

Нэргүй -

Ажлыг чинь хүн чинь ер нь хэрэгцээтэй юм байвал хийж байж амьдарна. Тийм л юм хэлдэг хүн. Зүгээр хүний юм хийгээд эцэг эхийнхээ хоол идчихээд яваад байж болохгүй. Хөдөлмөрлөж байж л хөдөлмөрлөсний хэрээр амьдрана шүү дээ. Би хэлдэг юм. Манайхан бол цугаараа мал хөрөнгөтэй. Одоо чинь дөрөв таван айл байна уу?

Оюунтунгалаг -

Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг бэ? Муу талаар ч юмуу? Сайн талаараа ч юмуу?

Нэргүй -

Тодорхой юмгүй. Би бол архи тамхи нэг их хэрэглэдэггүй тийм л хүн. Өшөө тийм сонирхуулаад байх юм байхгүй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ажил амьдралаа сайн зохицуулах энэ хүүхдүүдэд хэлдэг юм. Амьдарч байя гэвэл малтай бай. Малтай байя гэвэл малыг зүй зохистой малла гэж ийм л юм хэлдэг хүн. Таван малчин хүү байна.

Оюунтунгалаг -

Та яг хэдэн хүүхэдтэй юм?

Нэргүй -

Манайх 8 хүүхэдтэй. Зарим нь эндээ зарим нь шилжээд суурьшчихсан байнаа.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой зүйл байдаг уу?

Нэргүй -

Оо тийм юм байхгүй. Жирийн нэг жишгийн л айл. Тийм л байна.

Оюунтунгалаг -

Танд дурсгалтай эд зүйл байдаг уу?

Нэргүй -

Надад тийм дурсгалтай тодорхой зүйл байдаггүй. Энэ чинь байж байх ёстой шүү гэсэн тийм зүйл байдаггүй. Би ерөөсөө тийм зүйл цуглуулдаггүй. Өнөөгийн хэрэгцээгээ л бодно гэхээс биш надад тийм зүйл хэрэггүй. Боломжтой бол боломжтой. Хоолтой бол хоолтой. Өөр юм хэрэг байхгүй ш дээ. Ёстой үхэхэд хэрэг болохгүй гэдэг чинь тэр. Би тийм юм цуглуулдаггүй. Тэгэхдээ би унаа голчлон унадаг хүн. Нэгдлийн мал малласнаас хойш мотоцикл унаж байсан. Тэмээ малын холдсон ойртсоныг дөхүүлж байдаг байсан. Одоо харж байхад малчин улсуудын амьдралыг хэрэгцээ мотоцикл машин хоёр л байна. Яахав сард нэг нүүе гэхэд гадаа машин байна. Мотоцикл байна. Хол юманд ч унаад явж л байдаг. Малд явсан ч унаад явж л байдаг. Өвс ус байхад тэмээгээ унаад малаа эргүүлээд хаашаа ч явж болдог. Морь ч ялгаагүй. Мал маллаж байгаа хүн унаа сайтай байхгүй бол болдоггүй юм. Хамгийн чухал юм тэр.

Оюунтунгалаг -

Та баг дээр ажиллаж байхдаа ямар унаатай байв?

Нэргүй -

Оо би морь тэмээтэй л байсан. Би мотоцикл сотоцикл унаагүй хүн ш дээ. 15 жил бараг л морьтой явсан. Хол ч ойр ч ялгаагүй. Тааруулаад зохицуулаад явна ш дээ. Тэгж л явдаг.

Оюунтунгалаг -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.