Myagmar
![](../assets/images/interviewees/990049.jpg)
Basic information
Interviewee ID: 990049
Name: Myagmar
Parent's name: Ochir
Ovog: Targad
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education: from films
Work: retired
Belief: none
Born in: Bayandun sum, Dornod aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
childhood
repressions
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Мягмар гуай бид хоёр нь Кембрижийн Их Сургуулийн Монгол ба Дотоод Ази Судлалын Тєвийн “Хорьдугаар Зууны Монголын Аман Тvvх” судалгааны хүрээнд материал бүрдүүлэхэд зориулсан ярилцлага хийхээр тохироод ярилцлагын гэрээгээ хийлээ.
Мягмар гуай та эхлээд Та хаана төрсөн. Хэдэн онд төрсөн. Аав ээж чинь ямар хүмүүс байв. Таны хүүхэд нас яаж өнгөрөв гээд өөрийнхөө амьдралын тухай ярьж өгнө үү?
Мягмар -
За. Би бол 1930 онд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. Миний эцэг эх мал ахуйгаар амьдардаг малчин хүмүүс байсан. Би бол 10 нас хүртлээ бол эх эцгийнхээ гар дээр байж байгаад 10 наснаасаа эхлээд нэгдүгээр ангид орсон түүхтэй. Манай уг гарвал бол.. эх эцгийн нутаг бол хойно... агийн буриад юм. Тэндээс 1924 онд Монголын харъяат болж дагаар орж ирсэн. Дагаар орно гэж хүмүүс их санал тавьсан. Хотод байдаг буриадын хороо дагаар орох хүмүүсийн саналыг уламжилж, нэрсийг нь гаргаад хойш нь явуулаад, зөвлөлтийн засгийн газраас 1928 онд дагаарын асуудлыг зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Ухаандаа энэ хүмүүсийг дагаар орохыг зөвшөөрлөө гэж. Москвагаас ирүүлсэн. Олон хүмүүсийн нэрс явуулаад шүү дээ. Тэр хооронд хойноос хүмүүс нүүж ирээд л байсан.
Хишигсүрэн -
Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй хамаагүй юу?
Мягмар -
Тиймээ. Миний ээжийн төрсөн дүүгийнх хойноос нүүж ирсэн. Тэр хүмүүс Москва руу дагаар орохоор өгсөн өргөдөлд нэр нь ороогүй. Сүүлд ирсэн учраас. 1928 онд бол дагаар батлагдаад нөгөө нэрсээрээ яваад ирнэ ш дээ. Тэгээд хойноос хүмүүс ирсэн.
Хишигсүрэн -
Танай аав ээж өөрсдийн хүсэлтээ тавьж ирсэн гэсэн үгүү?
Мягмар -
Тиймээ. Олон буриадууд хүсэлтээрээ ирсэн. Тэгээд л нөгөө бичгийг нь хараад дагаар батлагдсан нэр нь орсон хүмүүсийг үлдээгээд сүүлд нь нүүж ирсэн нэр ороогүй хүмүүсийг бүгдийг нь хүчээр аваад гарсан. Ингээд 3 хоног Оросын хил, Монголын хилийн дунд хэний ч биш нутаг гэж байдаг даа, тэнд 3 хоног архидаад гүйцээ. Хойноос цэргүүд ирээд аваад явчихсан.
Хишигсүрэн -
Танай ээжийн чинь дүүгийнх Монголд байж байгаад буцаад нүүсэн гэсэн үгүү?
Мягмар -
Тиймээ. Монголд байсан. Буцаагаад хүчээр нүүлгэсэн.
Хишигсүрэн -
Буриадад байхдаа танай эцэг эх юу хийдэг байсан хүмүүс вэ?
Мягмар -
Манай эцэг эх малчин хүмүүс байсан. Манай эцэг чинь ... тэнд худалдааны том пүүс байсан. Тэр пүүсний бие төлөөлөгч монголоос мал авдаг. Малаа усан онгоцоор ачаад аваад Владивосток хүртэл тээгээд хүрдэг, тэндээс зэвсэг авчираад Өвөр монголруу аваачиж зардаг байсан.
Хишигсүрэн -
Оросын харъяат байхдаа юу, өөрөөр хэлбэл 1928 оноос өмнө үү?
Мягмар -
Тиймээ. Тийм ажил хийж байсан хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Цэвэр малчин ч биш юм байна тийм үү?
Мягмар -
Тиймээ. цэвэр малчин биш байсан. Цэвэр Орос хэлтэй хүн байсан. Тэгээд сүүлд нь малчин болсон.
Хишигсүрэн -
Танайх анх Монголруу орж ирэхэд хэдэн хүүхэдтэй байсан юм бэ?
Мягмар -
Манайх анх орж ирэхдээ. Түрүүч гэр, Их авгайн гэр гэж байсан тэнд 4-н хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Эхний эхнэрийн гэсэн үгүү?
Мягмар -
Тиймээ. Тэр нь 4-н хүүхэдтэй байсан.
Эхнэр -
Аав нь хоёр эхнэртэй хүн байсан.
Мягмар -
Тэр чинь малаа дийлэхгүй. Манай ээжийн эгчийг туслах малчнаар л авсан хүн байна лээ л дээ анх. Сүүлдээ нийлсэн юм байна лээ л дээ.
Хишигсүрэн -
Туслах малчнаар авсан залуу эмэгтэйтэйгээ гэсэн үү?
Мягмар -
Тиймээ. Ерөөсөө мал маллаж мэдэхгүй. Шөнө унтахгүй, өдөр босохгүй тийм хүн байхгүй юу. Тэр чинь одоо...
Хишигсүрэн -
Яагаад шөнө унтдаггүй, өдөр босдоггүй байсан юм бэ?
Мягмар -
Ерөөсөө л тийм байсан. 80 гарсан хойноо ч гэсэн унтахгүй. Бид нар хамт байсан.
Эхнэр -
Сонин “чавка” байсан юмаа.
Хишигсүрэн -
Тэгээд 2 эхнэртэйгээ Монгол руу орж ирсэн юмуу?
Мягмар -
Тиймээ. Хоюулантай нь орж ирсэн. Тэр хоёр чинь 4-н хүүхэдтэй ирж байгаа юм ш дээ.
Эхнэр -
4-н хүүтэй хүн байсан. Тэрний отгон хүү О.Цэвэгжав гээд ардын зураач хүн байсан. 20-р зууны юу гэдэг билээ дээ.
Мягмар -
Тиймээ. Цэвэгжав бид хоёр нэг эцэгтэй өөр эхтэй.
Хишигсүрэн -
Хүүхдүүдийнх нь хамгийн том нь Цэвэгжав зураач уу?
Мягмар -
Үгүй ээ хамгийн бага нь. Цэвэгжав зураач
Хишигсүрэн -
20-р зууны манлай зураач хүн тийм үү?
Мягмар -
Тиймээ. 20-р зууны манлай зураач хүн. “Азарганы ноцолдоон” гэж зураг зурсан. Тэдний гэрийг “их гэр” гэж нэрлэнэ.
Хишигсүрэн -
Том гэртээ байсан гэсэн үг үү?
Мягмар -
Үгүй ээ. анхны гэр гэсэн утгатай. Дараа нь манай ээжийг туслах малчнаар авчихаад хоёулаа нийлээд бага гэр болж байгаа юм.
Хишигсүрэн -
Тэгээд бага гэртэйгээ, их гэртэй монгол руу орж ирсэн байхнээ тийм үү?
Мягмар -
Тиймээ?
Хишигсүрэн -
Ирээд малчин айл болсон уу? Тийм 2 эхнэртэй айл монголд ороод ирэхэд чинь... энд тийм 2 эхнэртэй айлыг нутгийн ардууд яаж хүлээж авч байсан бэ?
Мягмар -
Зүгээр л хүлээж авсан. Ер нь буриадуудал тийм зүйл их байсан.
Хишигсүрэн -
Танайхыг нүүж орж ирэхэд та төрөөгүй байсан гэсэн үгүү?
Мягмар -
Тийм. Би 1930 онд төрсөн.
Эхнэр -
Манай хадам ээж хүүхэд тогтдоггүй байсан гэсэн. Үхээд л байдаг үхээд л байдаг. Тэгэхлээр нь нэг айлаас охин өргөж авсан чинь энэ тогтсон гэсэн. Тэгээд 3-н хүүхэдтэй болоод.4-үүлээ болсон.
Хишигсүрэн -
Та 1930 төрсөн байна доороо хэдэн дүүтэй байсан гэсэн үг вэ?
Мягмар -
3-н дүүтэй байсан.
Хишигсүрэн -
3-уулаа эрэгтэй хүүхэд байсан уу?
Мягмар -
Үгүй 1 нь эмэгтэй байсан. Нийлээд 2 эмэгтэй, 2 эрэгтэй байсан.
Хишигсүрэн -
Танай аав монголд ирээд мал малласан байна. Тэр мал нь хувийн мал уу. Тэр малаа хаанаас авч ирсэн бэ?
Мягмар -
Хувийн мал байсан, хойноос авч ирсэн. Тууж орж ирсэн. Их олон малтай байгаагүй. 60-аад хоньтой, 40-өөд үхэртэй, 20-иод адуутай айл байсан. Тэгээд малаа түрүүчийн 4-н хүү нь айл болж гараад тэдэн лүүгээ таслаж өгсөн. Тэгээд манайх өөртөө цөөхөн малтай байсан айлдаа. Тэр чинь айл болгож байгаа юм чинь мал өгнө шүү дээ.
Хишигсүрэн -
Та сургуульд хаана орсон бэ?
Мягмар -
Би Баяндун сумын бага сургуульд 9 настай байхдаа орсон.
Хишигсүрэн -
Сургуульд ороход чинь дургүйцэх ч юмуу эцэг эх чинь оруулахгүй гэсэн юм гаргаж байсан уу. Та өөрөө ер нь юу гэж бодож байсан бэ. 9-н настай үеээ санадаг уу?
Мягмар -
Дургүйцээгүй. Тэрний урьд талд манай аавын дүү нэг лам хүн байсан тэр бас намайг ухаандаа өөртөө татаж лам болгох санаатай. Тийм юм байсан байна лээ. тэр үед буриадын хийд гэж байсан юм билээ. Би тэрнийг нь дургүйцээд лам болохгүй ээ гээд сургуульд орсон.
Хишигсүрэн -
Яаж тэр 9-н настай хүүхэд би лам болохгүй сургуульд орно гэж бодож байсан юм бол оо?
Мягмар -
Харин тийм. Одоо өөрөө ч мэдэхгүй. Лам болохгүй ээ л гэсэн.
Эхнэр -
Одоо хүртгэл лам шүтдэггүй.
Хишигсүрэн -
9-н настай сургуульд орлоо. Тэр үеийн багш нар юу заадаг байваа. Та нарын хичээлийн анги танхим гэж ямархуу юм байсан бэ?
Мягмар -
Манай Баяндун чинь тэр үедээ сургуулийн барилга сайтай дандаа байшинтай байсан.
Хишигсүрэн -
1940 он гэхэд үү?
Мягмар -
Тийм. Сургуулийн байртай дотуур байртай байсан. Ер нь буриадууд чинь байшин барихдаа сүрхий. Анги танимууд нь дандаа дүнзээр барьсан байсан.
Хишигсүрэн -
Нэг ангид хэдэн хүүхэд сурдаг байсан бэ?
Мягмар -
30-аад хүүхэд сурч байсан болов уу гэж бодогдоод байдаг юм. Олуулаа байсан. 20 гаран ч юмуу. манай сургууль чинь анх байгуулагдсан сургууль юм билээ. “Улз” голын буриад хошууны анхны сургууль юм билээ. Анх Баян-уул сумын төв дээр байгуулагдаад Баяндун сумын төвд ирж төвлөрсөн юм билээ. Манай Баяндун сум байшин барилга ихтэй байсан. Хуучин Баяндун суманд чинь татарууд амьдарч байсан юм билээ.
Хишигсүрэн -
Хэдэн онд ямар цаг үед татарууд амьдарч байсан бэ?
Мягмар -
30 хэд 40-өөд онд чинь татарууд байсан. Тийм учраас барилгажсан байсан. Татарууд орон гэрт суудаггүй, дандаа дүнзэн байшинд суудаг байсан. Сургууль нь ч гэсэн байртай.
Хишигсүрэн -
Их эрт соёлжсон сум байсан байна лээ?
Мягмар -
Тиймээ. Их эрт соёлжсон сум байсан. Ганцхан одоо ухаандаа юу л даа... манай тэр сургуульд наад талаасаа Бая-уул, Дашбалбар гээд 3-н сумын хүүхэд ирж сурдаг сургууль нь байхгүй юу. Тэнд чинь Д.Цэгмид гуай байсан байгаа юм. Дашдорж багш гээд байсан. Тэр сургуулийн анхны сурагчид нь олон хүмүүс бий: Биологич хүн байсан Соёлын яамны сайд их олон жил хийж байсан. Ер нь овоо нэртэй нэртэй хүмүүс гарсан шүү.
Хишигсүрэн -
Та нар анх 9-н настай сургуульд ороход тэр 20, 30-аад хүүхдүүдийн дунд охидууд олон орж ирж чадаж байв уу?
Мягмар -
Охидууд тийм их байгаагүй. 3-ны 1 нь л байж чаддаг байсан юмуу бүү мэд. Анхны жилүүдэд миний орох жилээр л дууссан байхдаа... цэрэг маягын формын ногоон дээлтэй байсан. Охидууд нь хөх дээлтэй байсан. Цаанаасаа тавьж өгдөг байсан. Өөрсдийнхөө дээлийг өмсөхгүй. байсан.
Хишигсүрэн -
Галстук зүүх үү, багачуудад пионерын байгууллага ажиллуулж?
Мягмар -
Тиймээ зүүдэг байсан. Их сүртэй байсан.
Хишигсүрэн -
Та нарын багш ер нь ямар хүн байсан бэ?
Мягмар -
Багш нар нь хойнохын буриадууд байсан. Дараа нь манай өөрийн талаас төгсөж ирсэн. Анхны багш бол Сэрээтэр гэж багш байсан. Сүүлдээ захирал болсон. Дараа нь Түдэвийн Дамдинжав гэж багш байсан. Дараа нь буриадуудыг залгаж багш болж байгаа хүмүүс л дээ. Дараа нь Дашдорж гэж багш байсан. Доктор. Тийм тийм улсууд.
Хишигсүрэн -
Та хичээл номондоо ямар хүүхэд байсан бэ?
Мягмар -
Зүгээр л дунд зэргийн хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Тэгээд анх орсон сургуульд хэдэн жил сурсан бэ. Тэгчихээд хаана сурсан бэ?
Мягмар -
4-н жил сурсан. Тэгээд 1945 онд төгсөөд үнэмлэхээ аваад Баян-уулын сургуульд 5-р ангид шилжсэн. Тэнд 1 жил сураад 1945 ону намар зургийн сургууль байгуулагдлаа гэж дуулаад манай ах намайг очиж авсан.
Хишигсүрэн -
Аль ах чинь вэ?
Мягмар -
Цэвэгжав.
Хишигсүрэн -
Цэвэгжав гуай чинь юу билээ?
Мягмар -
Манай эх гэрийн 4-н хүүгийн отгон нь гэсэн үг.
Хишигсүрэн -
Тэр хүн тэгэхэд аль хэдийн Улаанбаатарт ирээд зураач болсон байсан юм байна шүү дээ?
Мягмар -
Тийм. Тэгээд зургийн сургууль байгуулагдлаа гэж байна. 9-н сараас чи тэнд ор гэсэн. Би тэгье тэгье гэсэн хот орохын сайханд болоод. 1945 онд зургийн сургуульд орсон.
Хишигсүрэн -
Хотод ирээд хаана байсан бэ?
Мягмар -
Ахындаа байна ш дээ. Нөгөө хөгшин ээж байна.
Хишигсүрэн -
Тэр 4-н хүүхдийн ээж чинь Улаанбаатарт нүүгээд ирчихсэн бйасан юмуу?
Мягмар -
Тиймээ. Бага хүүгээ дагаад Улаанбаатарт ирсэн байсан. Энд амьдардаг байсан. Би тэрнийг хөгшин ээж гэж нэрлэдэг. Ах бид 3 байдаг байсан.
Хишигсүрэн -
Танай ах чинь түрүүлж хотод орж ирээд зураач болчихсон байсан байна ш дээ. Тэр ах чинь хөдөө малчин байж байгаад яаж зураач болж хотод орж ирсэн юм бол оо?
Мягмар -
Мэдэхгүй. Тэр зүгээр 10-н жилд багш болж гараад Улаанбаатарт үлдсэн байсан. 1937, 1938 онд юмуу даа.
Хишигсүрэн -
Цэвэгжав гуай танайхыг хойноос нүүж ирэхэд том залуу байсан гэсэн үг үү?
Мягмар -
Чухам хэдийд орж ирснийг нь мэдэхгүй юм. Манайх чинь 1928 онд орж ирсэн. Ах 1917 онд төрсөн шүү дээ.
Хишигсүрэн -
Танайхыг нүүж ирэхэд Цэвэгжав гуай 11 настай хүүхэд байсан. Бараг Орос хэлтэй хүн байсан байна шүү дээ тийм үү?
Мягмар -
Орос хэл хальт мөлт мэддэг байсан байх.
Хишигсүрэн -
Тэгээд та хотод орж ирээд ахындаа хөгшин ээжийндээ хамт амьдрдаг байсан байна. Тэгэхлээр ах дүү 2 хоёулаа зураач болно гэхлээр чинь авъяас байна тийм үү? Зүгээр ах чинь дагуулаад ирэхээр нь зураач болсон уу?
Мягмар -
Ах бол нэг их зураг заадаггүй байсан хэрэггүй гээд. 1941 онд би нэг ирчихээд 1 жил болоод явчихсан юм. Дараа нь дайн майн болоод 1945 онд ирж тэр сургуульд орж байгаа нь тэр байхгүй юу.
Хишигсүрэн -
Та сая дайн болсон гэж хэллээ. Дэлхийн 2-р дайн болж байсан байна. Хүүхэд байхад та нарт дайн яаж мэдрэгддэг байсан бэ?
Мягмар -
Дайн эхлэхэд би энд байсан. Индэр дээр хурал болоод эд нар. Оросын нэг зураг байдаг ш дээ. Винтов буу барьчихсан улаан цэргийн зургийг зураад өлгөчихсөн дайн эхэллээ гээд индэр дээр хурал болж байсан.
Хишигсүрэн -
Тэр хурал дээр нь та очсон гэсэн үг үү?
Мягмар -
Би хүүхэд байсан. Сонирхож очиж харж л байхгүй юу даа.
Хишигсүрэн -
Хаана болсон бэ?
Мягмар -
Талбай чинь тэр үед Сүхбаатарын хөшөөний тэр хавьд модон индэр байсан. Тэнд цуглараад л үг хэлээд л ухаандаа Зөвлөлт рүү Герман довтоллоо л гээ биз. Ингээд дайн эхэллээ гэж тийм юм болсон. Тэгээд тэр хавар чинь....дайн эхэлсэн нь 6 сарын 22 юм. Би тэгээд нутаг руугаа яваад иргэж ирээгүй л дээ.
Хишигсүрэн -
Та 1941 онд орж ирэхэд энэ Улаанбаатарт юу байсан бэ. Ямархуу хот байсан бэ?
Мягмар -
Тэр үед чинь Улаанбаатарт хэвлэх үлйдвэрээс хойш чинь юм байгаагүй шүү. Цулгуй байсан. Ганцхан нэг урлагын сургуулийн юмуу 3,4-хөн байшин байсан. Тэр хойд талд нь нилээн хойно л доо 3-н байшин байсан. Тэр юу вэ гэхлээр холбооны анги юм гэнээ гэдэг байсан. Тэрнээс хойших нь тал байсан. 1941 онд 11 настай анх хотод орж ирчихээд дайн эхлэнгүүт буцсан. Цэвэгжав ах багшийн сургуульд орохдоо л хотод орж ирсэн. Багшийн сургуулиа төгсөөд төвийн 10-н жилд багшаар очихдоо ээжийгээ дуудаж авачсан. Хөгшин ээжийг...
Хишигсүрэн -
Дүрслэх урлагын сургуульд хэдэн жил сурсан бэ?
Мягмар -
Би 1945-1948 он гээд 3-н жил сурсан.
Хишигсүрэн -
Таньтай цуг зургийн сургуульд сурсан хүмүүс гэхлээр хэн хэн байсан бэ? Одоо сүүлдээ тэд нар ер нь ямар зураачид болсон бэ?
Мягмар -
Сайн зураачид болсон. Намхайцэрэн багш хичээл зааж байгаа нь тэр./зураг үзүүлэв/ Би энд байна. Дүрслэх урлагын сургуулийг анх төгссөн хүмүүс энэ байна зураг үзүүлэв/. Энэнээс чинь анх ардын зураач болсон Гомбосүрэн гэж, энэ нь Чогсом их том зураач, дараа нь энэ нь сайн зураач байсан Рэнцэн, энэ нь их сайн кино найруулагч болсон Сумхүү....
Хишигсүрэн -
Өвөө түр завсарлая.
Энэ Намхайцэрэн гуайн зураг байна. Киноны том найруулагч Сумхүү гуай танай ангид байсан юм байна. Энэ Чогсом байна. Францын ардын зураач гэж явж байсан.
Яагаад?
Мягмар -
Франц хэлтэй, тэнд очиж ажиллаж байсан юм. Энэ чинь хойно Гадаад хэлний сургууль, Олон улсын харилцааны сургуулийн Франц хэлний ангийг төгссөн. Тэрүүгээр нь ажиллаагүй. Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн хойноо хойшоо явж сурсан. Тэгээд Франц хэлтэй учраас Франц руу явах зураачдыг авч явдаг байсан. Тэд нар нь манай зураач гэдэг, тэгээд Францын ардын зураач болж байсан байх. Энэ дотроос Нямсүрэн сайн зураач болсон. Бусад нь тэгээд л жирийн хүмүүс, зураач нар болсон. Миний анхны багш Чойдог багш./Зураг үзүүлэв/
Хишигсүрэн -
Таны суралцаж зураач болж байсан түүх, тэрнийхээ дараа юу хийсэн бэ. Хэдэн онд сургуулиа төгссөн бэ. Хаана ажиллав. Ажлынхаа гарааг хаанаас эхлэв?
Мягмар -
1948 онд сургуулиа төгссөн. Тэгээд төгсөөд 2 хүн дүрслэх урлагийн газар гэж байсан. Тэнд Гомбосүрэн бид 2 үлдсэн. Бусад нь хөдөө аймгуудаас ирсэн хүүхдүүд байгаа ш дээ. Тэд нар аймаг аймаг руугаа явсан.
Хишигсүрэн -
Та нар юу хийдэг байв даа?
Мягмар -
Дүрслэх урлагын газар гэдэг чинь зураачын хороо болоод чимэглэлийн л ажил хийнэ дээ. Баяр ёслол болохоор албан газруудын захиалгыг аваад баахан удирдагчдын зураг хөрөг зурдаг байсан. Жагсаал болоход барьж явахад хэрэглэх плакат хийдэг. Үйлдвэрийн зураач байсан юмуу даа.
Хишигсүрэн -
Та захиалга гэхгүйгээр уран бүтээл туурвих цаг зав гарч байсан уу?
Мягмар -
Байнаа. Жил болгон хүн үзэсгэлэн гаргана. Тэрүүнд 2 зураг зурж тавих үүрэгтэй байсан.
Хишигсүрэн -
Таны анхны бүтээл байдаг уу?
Мягмар -
Одоо хаана байгааг нь мэдэхгүй л дээ.
Эхнэр -
1960 оноос хойш л бүтээл гаргасан ш дээ. Тэрнээс өмнө чиний бүтээл гэж байхгүй ш дээ.
Мягмар -
Дүрслэх урлагын газар байхдаа бид нар зураг зурж л байсан. Тэрнийг уран сайхны фонд гэдэг газар хадгалж байсан.
Эхнэр -
Киноны сургууль төгсөж ирээд л анх зураг зурсан юм.
Мягмар -
Сургуульдаа зурсан нэг зураг бол миний анхны зураг юм. Сургуульд явж байгаа 2 морьтой хүүхдийн зураг байсан юм.
Хишигсүрэн -
Та хэдэн он хүртэл урчуудын эвлэлд ажилласан байна вэ?
Мягмар -
Үйлдвэрийн зураачаар ажилласан. Сард 18 зураг зурах нормтой, 450 төгрөгний цалинтай байсан.
Хишигсүрэн -
Тэр үедээ цалин хангалттай байсан уу?
Мягмар -
Яахав дээ. Ганц бие хүнд бол болно л доо. 1956 онд хойшоо сургуульд явсан. Явахдаа шууд явах юу олдоогүй л дээ. Би чинь нөгөө киноны зураачын сургуульд явсан.
Эхнэр -
1953 онд ХУ намын гишүүн болсон гэж хэлээч. /Зандрав/
Хишигсүрэн -
Үгүй ээ 1952 онд элссэн юм. Тэр өөр асуудал.
1952 онд гэдэг чинь их залуугаараа намд элссэн байна ш дээ яагаад ингэх болов. 22 настай байсан байна тийм үү?
Мягмар -
Тэр чинь яагаад гэхлээр маршал нас барлаа. Тэр үед чинь дүрслэх үйлдвэрлэлийн газар, кино үйлдэврийг нэгтгэсэн үүрийн дарга байсан тийм болохоор биднийг намын эгнээг бэхжүүлнэ гэж шууд оруулсан.
Хишигсүрэн -
Түүнд Чойбалсан нас барсан нь ямар хамаатай байхав?
Мягмар -
Чойбалсан нас барсан чинь хотын намын хорооны хурлын танхимд бүх эвлэлийн үүрийн дарга нарыг хуралдуулаад ингээд Чойбалсан нас барлаа намын эгнээг бэхжүүлнэ тийм болохоор энэ хуралд оролцсон бүх хүмүүсийг орлогчгүйгээр шууд гишүүнээр авлаа орохгүй хүн байна уу гэлээ. Хэн орохгүй гэхэв бүгдээрээ орьё л гэсэн.
Хишигсүрэн -
Хэдэн хүн байсан бэ?
Мягмар -
Олон хүн байсан. Хотын дарга нар бүгд л байсан байх. Тэгээд л хүчээр орсон. Орохгүй гэж хэлж яаж болох вэ.
Хишигсүрэн -
1955 онд Орос руу явсан байна ш дээ тиймээ?
Мягмар -
Тиймээ 1956 онд. Тэгээд шууд явъя гэхээр орон тоо олдохгүй байсан. Тэгээд гэнэтхэн харин кинонд хүн явуулах болоод. Гэхдээ тэр чинь бөөнөөр нь явуулсан юм. Найруулагч хэдэн хүн, опертар хэдэн хүн, зураач гээд 2 хүн оногдсон. Тэрэнд нь багтаад явсан. Группээр нь явуулсан.
Хишигсүрэн -
Кино урлагыг хөгжүүлэх бодлого байсан болж таарч байна уу?
Мягмар -
Тийм л юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Орос руу юугаар явсан бэ?
Мягмар -
Вагоноор явсан.
Хишигсүрэн -
Тэр үед юу бодогдож байсан бэ?
Мягмар -
Оросод очиход жаахан хэл муутай байсан. Тэр үед ярьж ярьж байснаа. Нэг жил биднийг хэлний бэлтгэл хийлгэе гэж байснаа.... бид нар зурсан зураг хөргөө аваад очсон чинь энэ ч ерөөсөө бэлтгэл хийх хэрэггүй хүмүүс юм байна. Гээд шууд авсан. Хэлтэй хэлгүй хамаагүй гээд.
Хишигсүрэн -
Киноны зураач болохоор ямар сургуульд очсон бэ?
Мягмар -
Москвагын Кино Урлагын Дээд Сургуулийн зургын ангид очсон. Киноны тайз чимэглэлийн зураач гэсэн ангид орсон. Цогзолтой хоёулаа.
Хишигсүрэн -
Танаас өмнө тэр киноны сургуульд Монголоос өөр хүн очиж байсан уу?
Мягмар -
Нэг хүн очсон. Чүлтэм гуай тэнд ороод нэг жил болоод өөр тийшээ шилжсэн юм билээ. Тэрний шогыг ярьдаг юм. Би дийлэхгүй болоод өөр тийшээ явсан юм гэж тэр чинь худлаа л даа жинхэнэ сургууль руу орохоор шийдсэн байгаа юм. Амгалан бас тэгсэн. Амгалан бас хэвлэлд яваад Репин рүү шилжсэн. Би болохоор шилжих ч арга байхгүй тэндээ сурсан.
Хишигсүрэн -
Сургуульд сурч байхад Орос оуютануудаас гадна Монгол оуютнууд байсан байх нээ тийм үү?
Мягмар -
Веьтнам оюутан байсан, Болгар оюутан байсан, 2 Хужаа байсан. Тийм хүмүүс сурч байсан.
Хишигсүрэн -
Сурахад ямар байсан бэ. Хөнгөн байв уу. Ер нь сурч байх үеийн дурсамж гэж юу байна таньд?
Мягмар -
Сурч байхад тийм хөнгөн байж чадаагүй. Яагаад гэхлээр би чинь өдөрт 12 цаг хичээл хийж байсан. Яагад гэхлээр Орос хэлний бэлтгэл гэж 2 цаг сууна, дараа нь лекц байвал сууна, тэгээд мэргэжилийнхээ зургын хичээлд сууна. Тэгээд яг 12 цаг сууна. эхний үед ядарч байсан. Дараа сурдаг юм билээ.
Хишигсүрэн -
Тэгээд хэдэн онд монголд төгсөж ирсэн бэ. Төгсөж ирээд яасан бэ?
Мягмар -
1961 онд төгсөж ирсэн. Төгсөж ирээд диплом хамгаалаагүй ирсэн шүү дээ. Яагаад гэхлээр та нар дипломаа киногоор хамгаал гэж хэлсэн. Орос хүүхдүүд болохоор тэндээ аргалаад нэг бүлэг хийгээд ч юмуу хамгаалсан. Та нар нутагтаа очиж кино хий гэж хэлсэн. За ингээд л хөөгдөж орж ирэв ээ. Ирээд би анх “Гологдсон хүүхэн” дээр анх ажиллаасан шүү. Хойтон жил нь би нөгөө киногоо аваад Орос руу явсан комисс үзээд болж байна гэсэн. Тэгээд дипломоо жинхэнээр нь хамгаалж байсан. Цогзол ямар кино авч очсоныг санахгүй байна.
Хишигсүрэн -
1960-аад оны үед манайх киногоо яаж хийдэг байсан бэ. Их сайн санхүүжилт хийдэг байсан байхнээ тийм ээ?
Мягмар -
1960 оны үед үү. Ер нь киноныхоо төсөвт оруулж хийнэ. Тийм болохоор кинонд хэрэглэх юмаа урьдаар эскиз гэж гар зургаар зурдаг. Энэ эскизэнд л гэхэд тэдэн ширхэг банз орно, мод орно гээд бүгдийг гаргаж өгнө. Тэгж байж тэр киногоо төсвөндөө оруулж өгнө. Тэр төсвөндөө оруулна гэдэг чинь мөнгөтэй болно гэсэн үг шүү дээ. Тэрүүгээрээ худалдаж аваад л киногоо хийдэг байсан.
Хишигсүрэн -
Та ер нь хэдэн кинонд ажилласан бэ?
Мягмар -
40-өөд кинонд ажилласан.
Хишигсүрэн -
Ер таны амьдралд тохиолдож нөлөөлсөн үйл явдал юу вэ. Таны амьдралыг өөрчилсөн ч юмуу зүйл юу вэ?
Мягмар -
Уг нь ч кино зураач болно гэж бодоогүй явж байсан л даа. Нэгэнт л томилолтоор сурахаар явж байгаа байхгүй юу даа. Тэр л намайг жинхэнэ зураач болох замаас хазайлгасан юм. Энэ мэргэжлээр өнөөдрийг хүртэл салахгүй байнга ажилласан даа.
Хишигсүрэн -
40-өөд кино хийсэн гэдэг чинь жилд бараг 1 кино хийж байсан байхнээ тийм үү?
Мягмар -
Тиймээ.
Хишигсүрэн -
Таны хийсэн кинонуудаас ч юмуу киноны зураачаар ажиллах хугацаандаа ямар амжилт үзүүлэв. Ямар гавъяа байгуулав аа?
Эхнэр -
/Ярианд оролцов/ Мундаг кинонууд нь сая 3 дахь өдөр энүүний 3-н кино нь гарсан.
Мягмар -
Төгсөж ирээд хийсэн.... юу бол. Намайг төгсөж ирэхэд кино үйлдвэрт мэргэжлийн зураач байхгүй байсан. Гавар гуай хааяа ажилладаг. Ажил дээр Махбал ажилладаг байсан. Тайз анги гэж байхгүй. Тайз хийдэг газар байхгүй гэсэн үг. Хэдэн хужаа нарыг авч ирээд хөлсөөр ажиллуулдаг байсан. Нэг өдөр ороод ирсэн чинь нөгөө хужаа нар чинь дээд талыг нь битүүлж хүн суухаар болгоод л хийж байна. Тэгэхлээр нь зураачыг нь дуудаад ир битүүлэхгүй юмыг битүүлчихлээ гэсэн. Киноны тайзыг чинь яаж дээд талыг нь битүү хийж болох вэ дээ. Дээд талд гэр тавих юм чинь яаж битүү байж болох юм бэ киноны тайз чинь дээд талдаа онгорхой, гэрэл тавьдаг юм чинь дээд талыг битүүлж хийхээр бол нэмж хийдэг байхгүй юу. Тэгж байсан юм л даа. Тэгээд ирээд би тайз анги байгуулъя гэж асуудал тавьсан юм. Кино үйлдвэрийг тайз ангитай болгоё гэж ярьсан. Ингээд мөнгийг нь бодож үзэв ээ. Тэгсэн чинь 80000 гаруй төгрөг гарч байна шүү.
Хишигсүрэн -
Хэдэн онд вэ?
Мягмар -
1961 онд төгсөж ирсэн гээ биз дээ тиймээ. 80000 гаруй төгрөг гарсанаа бариад хийсэн тооцоогоо бариад Лодойдамба гуай дээр орлоо.
Хишигсүрэн -
Зохиолч Лодойдамба гуай гэсэн үгүү?
Мягмар -
Тийм. Зохиолч Лодойдамба гуай тэр үедээ Соёлын яамны сайд байсан. Ингээд ийм юм хийе тайз анги гэдгийг байгуулъя. Хэдэн хужаа ажиллуулаад яахав. Тайз анги байгуулахад тийм тийм юм хэрэгтэй гээд л Москвад үзсэн юмаа ярьж гарлаа. Одоо 80000 төгрөг хэрэгтэй болохнээ гэсэн. Тэгсэн чинь Лодойдамба гуай аваад. Хэрвээ тайз анги чинь бүтэхгүй бол 80000 төгрөгөө төлж дийлэх юмуу гэж байна шүү. Өө яахав арга нь олдоно биз л гэлээ. Тэр тоглоом юм билээ л дээ зайлуул. Тэгээд Соёлын яамнаас тушаал гарч тайз анги гэдгийг байгуулсан. Чи ер нь зөв хэлсэн байна. Миний санаачилгаар биш л дээ. Би Оросоос авсан, Орос Францаас авсан юм байхгүй юу дээ. Тэгээд анх тушаал гарч, 80000 төгрөгийг нь өгч байж тайз анги, киноны засал чимэглэлийг хийж киноны тайзыг хийдэг тийм анги байгуулагдаж байсан. 1961 он гэсэн үг.
Хишигсүрэн -
Тэгэхлээр кино үйлдвэрт бүхэл бүтэн хэлтэс нээж байсан юм байна тийм үү?
Мягмар -
Одоогоор бол хэлтэс, бүхэл бүтэн анги нээж байсан байна.
Хишигсүрэн -
Таны хийсэн кинонууд дундаас зургийг нь зурсан кинонууд дундаас чинь хамгийн сайн бүтээл болсон гэж боддог хамгийн их хүч хөдөлмөр зарцуулсан бүтээл чинь юу вэ?
Мягмар -
Яахав дээ. Голдуу 2 төрлийн кино хийж байсан. Нэг нь цэргийн кино нөгөөдөх нь түүхэн кино байсан. Цэргийн кинонд бол Аюуш баатарын юуг харуулсан кино байдаг. “Бид мартаагүй” гэдэг кино. Тэр кино тайзны хувьд сайн болсон байх. Зүгээр түүхэн киноны хувьд анх удаа, 2 дахь удаа байсан юмаа. Тэр чинь ямар кино байлаа даа /ярилцагч бодолхийлэв/ “Тэмцэл”-ийн 2-р анги байсан. Тэр 2 бол тухайн үедээ бол овоо том тайз хийсэн. Их мөнгө зарцуулсан гэж шүүмжлэгдэж байсан.
Эхнэр -
/ярианд оролцов/ Оросуудтай хамтарч хийсэн 2 кино чинь юу билээ?
Мягмар -
Оросуудтай хамтарч 2 кино хийсэн. -Говь хянганд тулалдсан нь- сүүлийнх нь нөгөөдөх нь юу билээ. Нөгөө киноныхоо нэрийг мартчихжээ /ярилцагч бодолхийлэв/
Хишигсүрэн -
Та кино зураачийнхаа бүтээлээр төрийн шагнал хүртсэн тийм үү?
Мягмар -
Тэгсэн.
Эхнэр -
/ярианд оролцов/ Гавъяат бас авсан.
Мягмар -
Тэгсэн. 1990 онд авсан байхаа даа. Өө нээрээн саналаа “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” юм байна. Энэ 2 бол Оростой хамтарсан кино юм.
Эхнэр -
/ярианд оролцов/ “Говь хянганд тулалдсан нь” киногоороо төрийн шагналд тодорхойлогдсон чинь Филотова дарга энүүний нэрийг хасаад Орос зураачид нь өгсөн байсан.
Хишигсүрэн -
Яасан гэнээ. Энэ тухай та яриач? Эхний кино чинь ямар кино байсан юм бэ?
Мягмар -
“Гологдсон хүүхэн”.
Хишигсүрэн -
Үгүй ээ Оросуудтай хийсэн анхны киноны чинь тухай асууж байна. Тэр кинон дээр 2 монгол зурачийн нэрийг өгсөн чинь яасан гэнээ?
Мягмар -
“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кино байсан. Тэнд Оросын талын 1 зураач Монголын талаас нэг зураачын нэрийг өгсөн байсан. Тэгээд энэ 2 төрийн шагнал олгоё гэсэн байгаа юм. Тэгсэн чинь нөгөө авгай чинь 2 зураач байхдаа яадаг юм бэ гээд дарахдаа миний нэрийг хасаад миний оронд нэг жүжигчинийг оруулсан байсан. Тийм муухай юм хийсэн ш дээ. Тэрнээс намайг хамгаалах чадалтай хүн байгаагүй тэрнээс айж байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Яагаад Филотова гуай төрийн соёрхолыг хэнд өгөх вэ гэдгийг мэдэж байдаг билээ?
Мягмар -
Мэдэхгүй. Тэр одоо үздэг байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэр тухай нь та яаж мэдсэн бэ?
Мягмар -
Надад хэлж байсан. Оруулсан хүн нь миний шавийн авгай байсан. Би ингээд оруулсан гээд хэлсэн. Төрийн шагналыг сүүлд уржнан жил авсан. Ямар киногоор авсанаа мэдэхгүй байна.
Хишигсүрэн -
Та кино зураачаар ажиллаж байхдаа ер нь ажил дээр чинь шахалт дарамт гэж байсан уу. Эсвэл зүгээр л ажлаа хийгээд явдаг байсан уу?
Мягмар -
Их шахалт дарамт байгаагүй ээ. Гайгүй шүү. Ерөнхийдөө мөнгө төгрөг их бага өгч байна гэх мэтчилэнгийн ажил төрлийн маргаан бол байсан. Нээг их тийм хийлгэхгүй гэж шахаж дарамтлах нь гайгүй байсан шүү.
хоёулаа эргээд ийм сэдэв рүү орьё. Ер нь танай гэр бүл хамаатан садан дотор хэлмэгдсэн хүн байгаа юу?
/Гүн санаа алдав/. Манай аавын дүү.....
Эхнэр -
/ярианд оролцов/ Хөөе нөгөө танай ардын зураач Цэвэгжав чинь гэнэтхэн нэг “абстракт” зураг зураад “эхийн сүү” гэсэн зураг зурсан юм. Тэрнээс болоод урчуудын эвлэлийн хороо чинь бөөн юм болоод. 2 удаагийн төрийн шагналт хүн шүү дээ.
Хишигсүрэн -
2 удаагийн төрийн шагнал авсаныхаа дараа “эхийн сэтгэл”-ийг зураад.....
Эхнэр -
/ярианд оролцов/ тэр үедээ багш хийж байсан.
Мягмар -
Тэр үед ер нь зураачид нэг үе шинэ хэлбэрийг эрнэ гэсэн чинь Балдандоржоос авахуулаад нэг том загас, нэг том нүд зурчихаад л бөөн юм боллоо л доо. Цэвэгжав ах тэгээд “эхийн сэтгэл” зурах гэсэн чинь доошоо буусан нэг цагаан юм. Дөрвөлжин. Тэр нь эхийн сэтгэл гэж шулуун” эхийн сэтгэл цагаан” гэж гэхдээ эх хүнд бол зовлонд ороогддог гээд ийш нь огтолсон нэг хар юмнууд тийм зураг зурчихаад” /энэ хэсгийг их сэтгэл догдолж ярив/ бид чинь бүгдээрээ л загнуулсандаа. 24-р тогтоол гаргуулж, улс төрийн товчоогоор орж загнуулж байлаа. /Ярилцагч инээв/
Хишигсүрэн -
“абстракт” зураг зурлаа гэж тэгж байгаа хэрэг үү?
Мягмар -
Тийм. Би тэр үед нь Шалган Байцаах Комиссын дарга байсан. Тэр хурал дээр Цэдэнбал дарга намайг дуудаж босгоод та Шалган Байцаах Комиссын дарга байж ийм уран бүтээл гарч байхад яагаад Төв Хороонд мэдэгдэггүй юм гэж хэлсэн шүү дээ.
Хишигсүрэн -
Та тэгвэл өөрийнхөө ахын зургийг “биш зураг” зурчихлаа гэж хэлэх ёстой байсан байна шүү дээ тийм ээ?
Мягмар -
Тийм л болж таарах нь. Дээш нь юм бичих ёстой байсан байхгүй юу. Тэгэхээр нь би хэлсэн манай Шалган Байцаах Газрын Комисс нэг их уран бүтээл рүү ордоггүй юм. Би чинь санхүү мөнгө, аймгийн салбаруудын тооцоо мөнгө гээд л явдаг хүн шүү дээ гэж хэлсэн.
Хишигсүрэн -
Та тэгвэл зураач байхаасаа гадна дарга байсан байна тийм үү?
Мягмар -
Шалган байцаах комиссын дарга байсан. Тэр ажлыг 12 жил хийсэн ш дээ би. Урчуудын эвлэлийн хорооны хянан шалгах комиссын даргын ажлыг 12 жил хийсэн.
Хишигсүрэн -
Яасан гэж тэр ажилд таныг тавьсан бэ?
Мягмар -
Мэдэхгүй. Анхан тавьсан. хэрэгтэй байсан юм шиг байна лээ
Эхнэр -
/ярианд оролцов/ Тэр үед энүүн шиг даруухан, хүн шүүмжилж, матаж чаддаггүй хүн хэрэгтэй байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Өө, за зураачиддаа ээлтэй байх талаас нь бодоод бодлоготойгоор тавьсан байна ш дээ.
Эхнэр -
/ярианд оролцов/ Тэгсэн байх. Тэр үед энүүний найз нар байсан Амгалан, Чүлтэм дарга гээд л эд нар чинь хэнийг тавихаа мэднэ ш дээ.
Мягмар -
Тийм л байх. Матаас байхгүй байсан. Тийм учраас яагаад дээш нь мэдэгддэггүй юм гэж загнуулж байгаа нь тэр байхгүй юу. Уран бүтээл бол манайх шалгадаггүйээ. Манайх бол санхүү эдийн засаг, мөнгө төгрөгний асуудал шалгадаг гэж мултрах аргаа зөв хийсэн л дээ.
Эхнэр -
/ярианд оролцов/. Би эд нарын их юмыг мэднээ. Чи наад бичиж байгаа юмаа дарчих. Эдний нэг кино найруулагч Дамдин гээд байсан. Мундаг найруулагч ш дээ. Тэр эд нартай хамт төгссөн. Тэрний тжслагч найруулагч нь Цэцгээ гэж хүүхэн байсан. Тэгээд энэ зураач, тэгээд л хөдөө кинондоо яваад нэг гэр дотор сууж байхгүй юу. Тэгсэн чинь Цэцгээ Дамдин хоёр чинь зодолдсон гэнээ. Тэгсэн чинь нөгөө Цэцгээ нь Дамдинг шүүхэд өгсөн. Тэгээд энийг дуудаж гэнээ, тэгээд энэ хэргийг зураач Мягмар мэднэ гэж хэлж гэнэ. Энэ очоод юу гэж хэлсэн гээч /Эхнэр инээв/ Та энэ хоёрыг зодолдохыг харсан уу гэсэн чинь үгүй гэж гэнэ. Яагаад гэсэн чинь би цаашаа хараад цай чанаж байсан гэсэн гэнэлээ /Бүгд инээлдэв/
Мягмар -
Дамдин Цэцгээг зодсоныг би хараагүй. Би ардаа нүдгүй гэж хэлсэн. /Ярилцагч инээв/
Эхнэр -
/ярианд оролцов/. Муухай онигоо байгаа биз. Жижигхэн дугуй гэрт байгаа байж зодолдохыг харахгүй байна гэж байх уу. Тэрнээс хойш энэ кино үйлдвэрт “бөөрөнхий” гэж нэр авсан. Ёстой муухай амьтан.
Мягмар -
Тэр чинь эвгүй юм билээ. Насаараа хамт ажилчихаад.....
Эхнэр -
/ярианд оролцов/.Яадаг юм бэ тэрнийг чинь. Би бол зодсон л гэж хэлнэ. Дамдингаа өмөөрөөд л би хараагүй ээ цай чанаж байсан гэсэн гэнэлээ. Тэрнээс болоод “бөөрөнхий Мягмар” гэж нэр авсан гэсэн.
Хишигсүрэн -
Тэгэхлээр Цэвэгжав гуай зураг зурсанаас болоод намын төв хороон дээр асуудал үүссэн гэсэн нэг хэлмэгдэлтэй холбоотой үйл явдал таны сэтгэлд байдаг юм байна ш дээ. Яг тэр буриадаас орж ирсэн эцэг эхтэй холбоотой ч юмуу. Яг тэр монголын хэлмэгдүүлэлт явагдаж байсан тэр үед эцэг эхийн чинь ярьдаг ч юмуу тийм зүйл байна уу?
Эхнэр -
/ярианд оролцов/. Эднийх өртөгдөөгүй. Яагаад гэвэл ядуу боловсрол муутай байсан учраас. Боловсролтой Оюун гуай эд нар бол хэлмэгдсэн. Дээгүүр сэхээтэнгүүд нь юу гэдэг юм.
Мягмар -
Малчин байсан.
Хишигсүрэн -
Таны хүүхэд байхад соёлын довтолгоо гэж болж байсан уу?
Эхнэр -
/ярианд оролцов/. тэр чинь гоё ш дээ намайг хүүхэд байхад тэр чинь болсон
Хишигсүрэн -
Тийм үү хэдэн онд вэ?
Мягмар -
Соёлын довтолгоо чинь 2 ч удаа болсон ш дээ.
Эхнэр -
/ярианд оролцов/. тэр чинь гоё байсан. Энэ гэр хороололуудаар чинь яваад л тэргүүний ямар билээ нэр өгдөг байсан юм. Тэгээд хэдэн номтой вэ, хэдэн орны даавуутай вэ, гээд үзнэ тэгэхлээр гоё байгаа биз дээ. Тэгээд л халуун усны байранд очиж долоо хоногт хэдэн удаа усанд орсон бэ. Бүгдийг нь бичнэ нэг тийм том дэвтэртэй тэрэн дээрээ бүгдийг нь бичнэ.
Хишигсүрэн -
Байцаагчтай байсан гэсэн үгүү?
Эхнэр -
/ярианд оролцов/. Тийм ээ. Яг чам шиг охидууд ирээд л бүртгэдэг байсан.
Хишигсүрэн -
Тэр үед танайх яг хаана байсан бэ?
Мягмар -
Манайх гэртээ байсан.
Эхнэр -
/ярианд оролцов/. Энүүний найзийн хажуу өрөөнд хадам ээж, энэ дүү нь авгайтайгаа гээд 6-уулаа байсан. Дүү коридорт эвхдэг ор тавьж унтдаг байсан юм. Энэний найз Цэрэн гээд Киргиз авгайтай нэг хүүтэй хүн байсан. Тэр бас амьдарч байсан. Тэгсэн чинь нөгөө дүү хүү чинь авгай авлаа. Авгайгаа авчираад коридорт л унтдаг байлаа. Манай 2 пацаан киргиз авгайгын хүү арай том нөгөө хүү чинь манай хүүг гарч ирээд түлхээд унагаад байсан юм. Тэгсэн чинь нөгөө эмээ чинь өмөөрч өгнөө. Энэ муу мангар Орос миний хүүг түлхэж унагаад гээд л. Бараг 3-н жил болсон 3-н жил болохоосоо өмнө би улсын банкинд ажилд орсон юм. Бага хүүгээ гараад 20 хоноод байхад ажилд орсон. Улсын банкинд 2 жил ажиллаад байсан. 2 хүүхэд нялх. Том нь ойноосоо хэдэн сар өнгөрч байхад бага нь гарсан байсан. Манай маам гэж энүүний ээж тэд нарыг хардаг байсан. тэгээд л банк руу ажилд гүйнэ тэгээд ирнэ. Тэгээд тэр үед чинь хоол муу. Ногоо байхгүй дандаа мах. Тэгээд Шуурай бид 2 ёстой их сандардаг байсан. Би банк руу гүйнэ. Өдөр хөхүүлэх гэж гүйнэ. Тэгээд би яс арьс болсон. Цагаан юм болсон витамингүй болсон байсан. Тэгж амьдарч байсан чинь энэний найз Сумхүү гээд байдаг тэрний авгай Еврей авгай байсан юм. Тэгсэн чинь энэ хэд чинь, Мягмар, Сумхүү, Цэрэн, Цогзол гээд энэ хэд чинь нэг өрөөнд Москвад амьдарч байсан байхгүй юу. Тэгээд энэ 4-ын 3 нь янз бүрийн авгай аваад Цогзол нь авгайгүй ирсэн юм. Цогзол нь би их айгаад байсан гэж ярьсан байсан.
Хишигсүрэн -
Та 2 Москвад танилцасан уу?
Мягмар -
Үгүй ээ Эрхүүд танилцасан.
Эхнэр -
/ярианд оролцов/. Тэгээд. Ингээд байсан чинь.... Сумхүүгийн авгай еврей авгай байхгүй юу даа. Тэгээд чи ингэж зовж бйахаар Цэдэнбал даргад өргөдөл бич гэж хэлсэн. Тэгэхэд чинь 20 хэдтэй байсан. 30 хүрээгүй байсан. Тэгсэн чинь өргөдөлөө бичээд өгвөө. Тэгээд банкинд байсан чинь хотын намын хороо Орос хэлний багш нарыг их сонгож авдаг байсан гэнэ. Тэгсэн чинь нэг өдөр хотын намын хороо надыг нэг орой дуудлаа. Тэгсэн чинь оройгоор хэдэн цаг та хоёр Орос хэл заагаадах гэсэн. Та давхарын жижүүр, слесарь зэрэг хүмүүст ойр зуурын Орос хэл заа гэсэн. Би Орос хэлний багш биш шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь зүгээрээ заа, гэж хэлсэн. Тэгээд тэнд очоод заагаад байсан чинь 200 төгрөг өгдөг юм байна. Тэгээд заагаад байсан чинь тэдний дарга нь та манайд хүрээд ирээ гээд болдоггүй. Тэгээд банкаас гараад тэднийд очсон. Банкны ажил чинь нарийн ш дээ минут, секунт бүгдийг нь....тэгээд тэнд очсон чинь
Мягмар -
Гадааын мэргэжилтний үйлчлэх газар гэж том газар гэж байсан.
Эхнэр -
/ярианд оролцов/. Тийм том газар байхгүй юу. Засгийн газрын гадаад харилцааны ямар юм гэлээ том газар бйасан юм. Надыг өргөдлөө өг, байргүй ингэж байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэнд очсон чинь НАХЯ-ны нэг хурандаа байсан билүү нэг Бадрах гээд буриад өвгөн байсан юм. Тэр мундаг дэмжээд л. Тэгэхлээр нь би 20 хэдтэй хүн юм чинь яах уу нөгөө өвгөнөөр өргөдөл бичүүлээд л өглөө. Тэгсэн чинь хичнээн хоносон сар болсон уу үгүй юу. Тэр үед чинь дорхоноо хариу өгдөг бйасан ш дээ. Одоо бол өгөх ч үгүй. Тэгсэн чинь нэг өдөр дуудаж байна. Засгийн газрын ордны араас “пропуска” ав гэж байна. Тэгээд ор гэж хэлсэн. Орсон чинь бөөн цагаан толгойтой юм л хүлээж аваад л за миний хүү таны өргөдлийг хүлээж авлаа дарга. Иймэрхүү хариу өглөө гээд өргөдлийг минь өгч байна. Тэгсэн чинь нээх их улаан харандаагаар том биччихсэн Ю. Цэдэнбал гээд тэгсэн чинь энэ хүнийг ажиллуулж байгаа байгууллага та нар ойрхон арга хэмжээ авч өг гэсэн байсан. Өө тэрнийгээ аваад даргадаа өгсөн. Тэгэхэд Зол дарга гэж байсан. Тэгсэн чинь дандаа настай мундаг улсууд бйасан. Тэгээд нөгөөдөхөө өгсөн чинь, за яахав дээ байж л бай гэсэн тэгээд л ажилдаа яваад л байсан чинь нэг өдөр. Бат-Ориг гуай дуудаж байна. Тэгсэн чинь за танайхыг.....манайх чинь 40 мянгатад бйасан ш дээ. Тэгсэн чинь Сумхүүгийнд, Цэрэнгийнд бүгдээрэнд нь байр өгсөн байсан. Тэгээд хойноос авгай авсан хүмүүст бүгдээрэнд нь байр өглөө. Цаанаас Филотовагын үүрэг байсан болов уу гэж сүүлд нь боддог юм. Харж байсан байлгүй бас. Тэгээд байр хуваариллаа, Тэгсэн чинь 120 мянгатад гэнэ. Тэгсэн чинь эхний тэр байр чинь ямар гоё байр байсан бэ, хужаа нарын барьсан. Эхлээд Амгалангийнх орсон байсан. Нэг байранд Амгалангийнхтай таарсан. Шалных нь будаг ёстой гоё. Тэгсэн чинь миний муу 2 хүү нэг нь 3-н настай нэг 4 тэй байсан юм. Тэгсэн ганцхан өрөөнд байсан хүмүүс чинь 3-н өрөөнд орсон чинь 3 өрөө байранд гулгаад л тоглоод л байсан. Тэгээд л тэр байранд ороод орсон хойноо... тэгсэн чинь нэг сар болсон уу даа, дахиад дуудаж байна манай дарга. Орсон чинь манай дарга тэгж байна. Хүүе миний хүү, яав гэлээ чи байна шүү миний хүү 3-н өрөөнөөсөө гараа гэж байна. Яагаад би гардаг юм гэсэн чинь. Тэгсэн чинь энэ Сумхүү гэдэг найруулагч Бал даргын ойрын хамаатан байхгүй. Тэгээд еврей авгайтай тэгэхлээр тэр 2 т 2 өрөө өгсөн юм билээ л дээ. Тэгсэн чинь нөгөө еврей авгай нь 2 өрөөндөө орох дургүй байсан байхгүй юу. Бас 2 хүүхэдтэй. Тэгэхлээр нь амраар нь бодоод надыг тэгж байхгүй юу. Тэгээд Сумхүүд 3-н өрөөгөө өгөх болж байна л даа. Тэгэхлээр нь би тэгсэн “үгүй ээ, би орохгүй” гэсэн. Би бүр хадам эхтэй 2 хүүхэдтэй адилхан ш дээ гэсэн. Тэгээд манай дарга хотын дарга дээр очсон юм байлгүй. 2 хоногийн дараа хотын дарга дуудаж байна. Хотын гүйцэтгэх захиргаа руу очлоо. тэгсэн чинь Бадрах гээд надыг дагаад очсон юм. Тэгээд цаана коридорт зогсож байсан юм. Тэр муу өвөө хөөрхий. Тэгсэн чинь тэр дарга тэгж байна. За хө танай нөхөр чинь орно гэж зөвшөөрсөн. Та яагаад зөвшөөрөхгүй байна гэлээ. Тэгэхлээр нь хэдийд зөвшөөрсөн юм гэсэн чинь үгүй ээ зөвшөөрсөн 4-н давхарт 2 өрөөнд ор гэлээ. Тэгээд ёстой шар хөдлөөд уур хөдлөөд. Тэгсэн...яахлаараа бид тэр өрөөнд ордог юм. Сумхүү чинь хоёулаа нэг жил сургууль төгсөөд ирсэн нэг буриад авгайтай нөгөө нь еврей авгайтай. Нэг нь 2 хүүхэдтэй, нөгөө нь бас 2 хүүхэдтэй. Нэг нь нэг ээжтэй, нөгөө нь нэг ээжтэй тэгэхлээрээ би яагаад 2 өрөөнд орох ёстой юм бэ гэсэн чинь. Тэр хотын дарга юу ч хэлж чадаагүй. Танай нөхөр зөвшөөрсөн ш дээ гэсэн. Тэгээд орой гэртээ ирсэн чинь энэ нүүхээр болчихсон сууж байна. Тэгэд бид 2 ёстой сайхан авалцваа. Чи нүүвэл нүү гэсэн. Чи гараад яв гэсэн тэгээд тэр 3 өрөөндөө үлдсэн.
Хишигсүрэн -
Та тэгвэл сайн тэмцэсэн байна ш дээ. Бүр төв хорооны өөдөөс тийм үү?
Эхнэр -
/ярианд оролцов/. Тэгсэн. Миний авсан байрыг авах гээд байсан. Тэрнийг бодохлоор одоо хүртэл уур хүрээд байдаг.
Хишигсүрэн -
Та ер нь хэдэн онд Монголд орж ирсэн бэ?
Эхнэр -
/ярианд оролцов/. 1960 онд орж ирсэн. Энэ хүнтэй танилцаад л орж ирсэн. Бөөн гай. /Ярилцлагч инээв/ Тэгээд л тэр байрандаа үлдсэн. Уг нь авахдаа өөрийнхөө нэр дээр бичүүлээгүй энүүний нэрэн дээр бичүүлсэн. Одоо хүртэл гай. Улсууд чинь байр аваад л байдаг байсан. Энүүнийг байранд өргөдөлөө өг гэхлээр надад хэн байр өгөх вэ дээ гэдэг байсан. Тэгээд Цогзол энэ хоёр одоо хүртэл байргүй. Энэ өнөөг хүртэл надын байранд л амьдарч байгаа. Энэ чинь миний энэ орыг түрээслээд хэвтэж байгаа юм ./ярилцагч инээв/
Хишигсүрэн -
Та ямар сургууль төгссөн бэ?
Эхнэр -
/ярианд оролцов/. Эдийн засаг, нягтлан бодогчийн сургууль. Насаараа нябо хийсэн.
Хишигсүрэн -
Таны аав ээж буриадад амьдардаг улсуудуу?
Эхнэр -
Тиймээ. Буриадад. Эрхүүгээс 150 км амьдардаг байсан. Манай аав их мундаг тооны багш хүн байсан. Ээж яахав гэрийн авгай л байсан. Тэгээд энүүнтэйгээ байна даа. Одоо 78 нас хүрлээ дээ. Чи асуудаа байртай юу чи гээд. Тэгээд яахав дээ нэгдүгээр ангид энүүний аавыг орохлээр /Хажууд суугаа ач хүүгээ заав/ 15-р хороололд Орос цэцэрлэгт оруулчихсан юм. Тэгэхлээр тийшээ 120-оос явна гэдэг чинь хэцүү ш дээ. Тэгэхлээр чинь байраа солиод. 15-р хороололд 3 өрөөгөөр солиод ирсэн. Тэгээд тэнд ирээд байж байсан. Тэрнийгээ 4 өрөөгөөр солиод. Бас манай нэг дүү анагаахад сурахаар ирсэн юм. Тэгээд 6-уулаа болоод багтахаа болиод л нөгөөдөх чинь хичээл гээд л, нөгөө 2 хүүхэд чинь сургуулть гээд л тэгээд 4-н өрөөнд орсон юм. Энэ /өвгөн лүүгээ заав / 700 төгрөний цалинтай, би 600 төгрөгийн цалинтай. Тэгээд л байрныхаа мөнгийг өгнө. Энэ бол жилд хамгийн их 3, 4 сар гэрт амьдардаг бусад цагт киноны зурганд явдаг байсан жаргаж байсан амьтан байхгүй юу энэ чинь /ёжлож инээв/Тэгээд би хадам ээжтэйгээ 2 хүүхэдтэйгээ. Дараа нь нөгөөдөхөө 3 өрөөгөөр солиод 12 хороололд орсон.
Хишигсүрэн -
1960-аад онд монголд ирээд амьдрахад таньд хэцүү ч юмуу санагддаг байгаагүй юу?
Эхнэр -
Хэцүү байсан. /уулга алдав/
Хишигсүрэн -
Буцаад явчихмаар санагддаггүй байсан уу?
Эхнэр -
Бодоод яахав дээ. 2 дуракыг дагуулаад хаачих уу.
Хишигсүрэн -
2 хүүхэдтэй болчихсон байсан гэсэн үг үү?.
Эхнэр -
Тэр үед чинь эд нарын үзэл суртал гэдэг чинь шал өөр байсан. Орчин үеийн хүүхдүүд бол хаяад л яваад өгнө. Тэр үед энэ “шарик” чинь өөр байсан байхгүй юу. ёстой дурак. Дээд зэргийн дурак байсан.
Хишигсүрэн -
Танай эцэг эх 1960-аад онд амьд байсан уу?
Эхнэр -
Байсан. Саяхан нас барсан папа хэдийд нас барлаа байз.....1978 оны үед нас барсан байх. Миний аав 1971 онд анх удаагаа ирсэн. Тэрнээс хойш энд ирээч үгүй тэгээд бурхан болсон. Мама бол хэд хэдэн удаа ирсэн юм. Тэгээд би хадам ээжтэйгээ амьдраад байдаг амьдраад байдаг.
Хишигсүрэн -
Таны хадам ээж гэхлээр залуу ээж чинь үү?
Эхнэр -
Тийм ээ. Энүүний төрсөн ээж нь /Өвгөн лүүгээ заав/
Хишигсүрэн -
Таны хадам ээж чинь хэзээ хот руу орж ирсэн бэ?
Мягмар -
1950 хэдэн онд орж ирсэн. Энүүнийг сургуульд явахаас өмнө. Эдний 2 дүү нь хотод ирсэн байсан. Энүүний маматай нь би 85 нас хүртэл нь амьдарсан. Энэ бол байхтай үгүйтэй л байсан.
Хишигсүрэн -
Орон сууцны айлд соёлын довтолгоо гэдэг зүйл явагддаг байгаагүй юу?
Эхнэр -
Байсан. Их гоё байсан.
Хишигсүрэн -
Нөгөө даавууг нь шалгаад номыг нь тоолчихоод л гараад явчих уу? Өөр яадаг байсан бэ?
Эхнэр -
Тэгнэ. Өөр яадаг байлаа даа..../ярилцагч бодолхийлэв/ дэвтэр өгдөг байсан. Түүн дээр нь тоог нь тавина. Хэдэн орны даавуутай, хичнээн хөнжилийн даавуутай, хичнээн номтой гээд.... усгүй айлуудыг халуун усанд хэд орсон гээд л тэмдэглэнэ. Тэр усанд орно гэдэг чинь ёстой мундаг байсан. 120-д байхад ус хаагаад байхад бүр төмөр замын халуун усанд ордог байсан. Тэгсэн чинь 120-ын нийтийн душтай халуун ус байсан. Хужаа нар барьсан юм. Одоо нэг зочид буудал байдаг ш дээ. Тэрний залгаа энд талд нь. Аягүй гоё халуун ус байдаг байсан. Дандаа душ, кабинуудтай. Тэгээд л манай 2 хүүхдийг аваачаад оруулахаар их инээдтэй. Нэг нэгнийгээ харчихсан чи шомбоотой юм байна гээд л./ярилцагч инээв/. Тэгээд би хадам ээжийг дагуулаад очно. Нөгөөдөх чинь нүцгэлж сураагүй хүн чинь ичнэ ш дээ. Тэгээд надаас их ичнээ. Чи цаашаа бай, цаашаа бай гээд л./ярилцагч 2-уулаа инээв/. Хөөрхөн. Би бүр угааж өгөх санаатай зогсоод байдаг. Би тэгээд.... Оросууд чинь та нарыг бөөс яр 2-оос нь салгасан хүмүүс байхгүй юу.
Хишигсүрэн -
Оросууд яасан гэнээ?
Эхнэр -
Баахан эмч нарыг оруулаад л ... эдний найз нөгөө ардын зураач Гомбосүрэн гэдгийн авгай арьс өнгөний эмч професор хүн Долгор гуай гээд бий. Одоо ч бий. Өндөр настай 80 гарсан хүн би. Тэр тэгж байсан юм. Манай монголчууд чинь тэмбүү, арьс өнгөний, өвчин, бөөс хуурсандаа баригдсан 600 гэлүү 700 мянган л хүн байсан Оросууд л аварсан шүү дээ гэж ярьдаг байсан.
Хишигсүрэн -
Тэр хүн мэргэжлийн үүднээсээ ярьж байна, тиймүү?
Эхнэр -
Тэр үед мундаг Орос эмч нар бөөнөөрөө бригадаараа ирсэн гэдэг ш дээ.
Мягмар -
Манай Баяндунд л лав өвгөн доктор гээд ийм урт сахалтай /эрүү рүүгээ заав/ оточ байсан. Туслах нь гээд цэргийн хувцастай нагаан буу зүүчихсэн хүн байсан.
Эхнэр -
Яагаав тэр нөгөө Оюуны ээжийн тоглосон кино бий шүү дээ.
Хишигсүрэн -
Тэр хүн чинь хэн билээ Доржпагам гуай билүү?
Эхнэр -
Тийм. Хөөрхий тэр Дорждпагам гуай чинь... манайх 40 мянгатад байдаг байсан манай 2 хүүхэд чинь жижигхэн байсан. Тэгээд манай хорооны эмч хийж, айлуудаар хэсээд явж байсан. Тэгээд манай хадам ээж энэ хоёр нусгайг хараад сууж байдаг байсан. Тэгсэн чинь ирсэн чинь энэ Орос эмч 2 хүүхэдээ хаяад явчихлаа гэж байна. Нөгөө бусад айлаар орох гээд. Тэр 2 нь нөгөө Зориг, өөр хүү нь хэн билээ /ярилцагч бодолхийлэв/
Хишигсүрэн -
Баяр.
Эхнэр -
Тийм. Тэр хоёрын орхиод явчихсан. Тэр 2 нь бас манай 2-той адилхан байхгүй юу. Тэгээд нэг жижигхэн өрөөнд манай хадам ээж 4-н хүүхэдтэй сууж байдаг байсан. Нөгөө Орос эмч чинь бас хүүхдүүдээ орхисон гэчихсэн. Тэгээд нөгөөх чинь хөөрхий 2 хүүхэд чирээд айлаар оролтой нь биш манайд үлдээдэг байсан.
Хишигсүрэн -
Мягмар гуай таны үеийн залуучууд яагаад Оросоос эхнэр авдаг байсан юм бэ? Найзууд чинь Буриад, Еврей, Киргиз эхнэр авч байсан байна. Зориг агсны ээж Доржпалам гуай Орос хүн байсан байна тийм үү?
Мягмар -
Моод байсан байна. Гадаад авгай авна.
Эхнэр -
Моод. Ээ Базарваань. /Ярилцагч инээв/
Хишигсүрэн -
Тэгээд гадаад авгай авсан хүн яадаг байсан бэ?
Эхнэр -
Яадаг байсан юм бүү мэд. Энүүнээс л асуу /ярилцагч инээв/
Мягмар -
Яахав дээ гадаад авгай авдаг л байсан байхгүй юу.
Эхнэр -
Сумхүү нь нөгөө еврей авгайг хаяаад алга болсон. Тэр ч мундаг баян еврей айлын ганц охин байсан юм билээ. Тэгээд энд ирээд амьдрал таалагдахгүй байхгүй юу. 2 хүүхдээ аваад явчихсан юм билээ. Цэрэн нилээн сүүлд салсан 20 хэдэн жил амьдарчихаад салсан.
Хишигсүрэн -
Тэгээд бас нутаг буцсан уу?
Эхнэр -
Шура нутаг буцаагүй ээ. Энд ганцаараа маьдарч байсан. Цэрэн монгол авгайгаа авна гээд зугтаагаад алга болчихгүй юу. Тэгээд л Эрдэнэчимэгийг авч суугаад Шураг хаячихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Та монголд орж ирэхдээ монголоор ярьдаг байсан уу?
Эхнэр -
Ярьдаг байсан. Манайх буриад юутай юм чинь... Би бол хадам ээжтэйгээ цэвэр ярьдаг байсан бол. Хадам ээж буриадаараа ярина, монголоор ярина. Тэгээд тэр Цэрэнгийн авгай Шура саяхан явсан ш дээ. Их сургуульд 40-өөд жил ажилласан байх.
Хишигсүрэн -
Орос хэлний Шура багш уу?
Эхнэр -
Тийм. Цэрэн салсан, Сумхүү салсан энэ одоо хүртэл салаагүй өрвийгөөд салахгүй сууж байгаа юм. /Өвгөнөө ёжлов/
Мягмар -
Би чинь орыг нь түрээслээд байж байгаа.
Эхнэр -
Миний орыг түрээслээд байж байгаа.
Хишигсүрэн -
Та нарын үед гэр бүлийг их сайн дэмждэг байсан байна тийм үү?
Эхнэр -
Сайхан дэмждэг байсан. Хотын намын хорооноос ёстой ингэж барьж байсан./Гараа зангидаж үзүүлэв/
Хишигсүрэн -
Юуг нь барих уу?
Эхнэр -
Гэр бүл салах юм бол “дэмий шүү чи” гэдэг байсан.
Хишигсүрэн -
Гэр бүл салах эсэхийг хотын намын хороо мэддэг байсан гэсэн үгүү?
Эхнэр -
Тийм. Хотын намын хорооны хянан шалгах хорооны гишүүн манай энүүний найз Цэрэндондовын авгай нь ажиллаж байсан. Тэгээд нөгөөдөхөд энэ тэндээс дандаа авгай нар манай нөхөр ингэж байна тэгж байна ийшээ тийшээ явж байна гэж бичдэг байсан байгаа юм. /ярилцагч инээв/ Тэгээд нөхрөө эхнэрүүд нь намын хороо байхад чи муу хаашаа холддог юм бэ гэдэг байсан. Сайхан байсан байна уу? /ярилцагч инээв/
Хишигсүрэн -
Тэр зарчим их сайхан байсан санагддаг уу, тиймээ?
Эхнэр -
Тийм, сайхан байсан. Хүмүүс тийм байх ёстой байсан. Өө тэгээд салан задгай яваад л ардчилсан мардчилсан гээд л худлаа. Тэгээд 18 жил хийсэн Элбэгдоржийн ардчилсан юу таалагдахгүй байгаа. 18 жил ардчилал гэж байгуулчихсан гээд л байсан хаана байна. Өглөө би дэлгүүр ороод дэлгүүрийн охидоос сонуулиа өгсөн үү гэж асуусан чинь өгөөгүй байна гэж хэлсэн хэний төлөө өгөх гэж байна гэсэн чинь нэг нь болохоор МАХН-ын төлөө өгнө нөгөө Чимгээ нь Ардчилсан намын төлөө өгнө гэж байснаа. За за яршиг аль нь ч ялгаагүй юм чинь гэж байсан. Тэгэхлээр нь залуу хүмүүс байж нийгэмийн ажилд идэвхтэй байхад яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь эмээ загнаж байна гээд л үлдсэн.
Хишигсүрэн -
Лиза эгч ажилдаа сайн байсан уу, дуртай байсан уу?
Эхнэр -
Дуртай дээд зэргийн дуртай. Хичнээн ажил хийгээд байсан. Ажил хийгээд явахад ар тал 2 хүүхэд хөгшин эмгэн үдсэн. Тэгээд энүүний дүү нар гээд эд нарыг их харнаа. Энүүний дүүгийн эхнэр 2 долоо хоногийн өмнө нас барсан. Тэгээд ажил явдалд бид явсан. Хүнд нэг ийм.. юм өгөх дуртай. нэг бодлын дурак ч юмуу. Тиймэрхүү амьдрал өнгөрөө конец. Балжинням гэж байдаг ш дээ кино найруулагч. Тэр юм ярихаар “конец фильма” гэж төгсөгдөг байсан. /Ярилцагч инээв/ Тэрэн шиг бид 2-ын яриа “конец фильма”. Энэ надад орныхоо түрээсийг өгөхгүй байна. Энэ 65 оноос хойш миний байранд дамжаад л явж байхаар нэг байрны өргөдөл өгч болно ш дээ. Найзууд нь их хурлын депутат байсан бүгдээрээ. Амгалан байсан, Одон байсан, Гомбосүрэн байсан. Тэр үед депутатыг хорооноос цохуулаад дүүргээс цохуулаад хотын намын хороонд очоод очерт тавиад өгдөг байсан байна. Энүүнийг тэг гэхлээр одоо хүртэл тэгэхгүй байгаа юм. Миний байрыг, орыг түрээслээд байж байна. Амьдралдаа юмыг хөөцөлдөөду ар гэрийнхээ асуудлыг зохицуулаад явдаг хүмүүс байна ш дээ. Энүүнд бол тийм юм байхгүй. Ямар сайндаа 12-р хороололд дамждаг 3-н өрөөнд байсан байхгүй юу. Тэгээд том хүү эхнэртэй болоод тусдаа гараад, бага хүү тэр Маринаг авчираад байж байсан юм. Тэгээд энэ өвгөнд хэлсэн тэр өндөр байшинг Филотова зураачдад зориулж бариулсан гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөхөө өгч чадаагүй байхад нь Филотоваг Элбэгдорж хөөсөн. Би Элбэгдоржийг бодохоор бүр муухай, чалчигнах нь их. Тэгсэн чинь хэн билээ хажуунаас хэлсэн тэнд өгч байна байр гэж хэлсэн. Соёлын яаманд өргөдлөө бич гэсэн. Тэгэхээр нь чи өргөдөлөө бич нөхцөлөө сайжруулъя гэж. Уг нь энэ дурак байхгүй юу. Тэр байраа өөрөө аваад энэ байраа тэрэнд өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Энэ тэгээд миний хэлснээр өргөдөл бичээд орхисон. Тэгээд энэ өөрөө өвөр монголуудтай кино хийнэ гээд дальбигнаад гүйгээд байсан. Тэгсэн чинь өвөр монголоос ирсэн чинь дүү нь соёлын яаманд аваачиж өгөөгүй байсан. Тэгээд тэрнээс хойш байгаад байсан тэр Балжиннямыг ашиглаад байр авахаа мэдэхгүй байгаа юм даа. Тэгсэн чинь танайд байр өглөө танайх нүү гэлээ тэгэхлээр нь нүүсэн. 2 Бэр байсан 2 хүү байсан. Тэгээд нүүгээд очсон тэгээд арай доогуур давхарт орох гээд Думаад 10 доллар өгөөд явуулсан. Тэр 10 доллараа барьж хотын намын хорооны байрны ордер бичдэг хүн дээр очоод 6-р давхарт болгосон байсан. Тэрнээс жаахан илүү өгсөн бол өшөө доошоо буух ёстой байсан байна лээ. Тэгээд л ороод сүрхий юм болоод байж байсан. Тэгсэн чинь энэ байдаггүй ээ. Хэнтийд явж байлуу даа. Тэгээд орсоны дараа сар болж байхад энэ ирсэн гэнэ. Тэгсэн чинь тэр байранд очсон чинь хүн байдаггүй гэнэ. Тэгээд энэ наад тэр байранд орсон гэж мэдэж байсан юм билээ л дээ. Тэгээд ирээд байшингаа аль талаас нь орохыг мэддэгүй гэнээ. Өглөө 6-д юмуу хэдийд хөдөөнөөс орж ирсэн гэнэ. Тэгсэн чинь тэр байшин чинь ийшээ харсан дэлгүүртэй хаалгатай ш дээ./Гараа хойш нь заав/ Тэгээд л тэр шатан дээр нь тамхиа татаад суугаад байж гэнэ. Тэгээд 7 боллоо, 8 боллоо хүн гарч ирдэггүй гэнээ. Тэгээд энэ байр чинь яагаад хүн орж гардаггүй юм бэ гээд араар нь тойроод хүнээс асуусан чинь араасаа ордог ш дээ гэж хэлсэн гэсэн /ярилцагч инээв/. Энэ одоо онигоо юу. Тэгж гэртээ орж байсан ш дээ. Тэгээд бодохоос дургүй хүрээд заримдаа өшиглөмөөр санагддаг ш дээ.
Хишигсүрэн -
Одоо хэдүүлээ энэ ярилцлагаа завсарлая. Дараа тодруулаад нэмээд дэлгэрүүлээд яримаар юмаа маргааш нөгөөдрөөс ярья тэгэх үү.
Эхнэр -
Тэгье, тэгье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.