Algaa


Basic information
Interviewee ID: 990048
Name: Algaa
Parent's name: Shadrav
Ovog: Targad
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: Chingeltei service sector inspector
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
relations between men and women
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Манай ярилцлагад оролцогч Алгаа эгч бид хоёр 4 хоногийн дараа яриагаа түүний гэрт нь үргэлжлүүлж байна. Та бид хоёр ярьж байсан сэдвээ үргэлжлүүлээд ярилцах уу. 1970-1990 оны хооронд пионерын байгууллагад ажиллаж байхад. Пинонерын байгууллага намын үзэл суртал олон нийтийн ажлыг их хийдэг байсан гэж ярьж байсан тэр тухай, ер нь ямар үйл явдал болдог байв. Таны сэтгэлд ямар үйл явдал их тод үлдсэн байна тэр тухай ярих уу?

Алгаа -

Тэгэхээр нэг намын үед бол намын үзэл суртал гэж маш их хүчтэй ажил зохион байгуулагддаг байсан. Энэ үед нам МАХН-ын хувьсгалт залуучуудын багууллага их хүчтэй ажиллаж байсан. Тэгээд намын, эвлэлийн, халаа гээд пионерын байгууллага гэдгээрээ соёл олон түмний ажилд оролцдог байсан. Тэр үеийн залуучуудын үйл ажиллагаа тэдний дунд зохиогддог арга хэмжээнүүд хүчтэй, түүнд залуучууд өөрсдөө ч их идэвхтэй орно. Яагаад вэ гэхэрээ биеийн тамирын уралдаан тэмцээн, тэгээд концерт үдэшлэг уулзлалт гээд долоо хоног бүр завгүй ажиллаж байсан. Тэр үед хөгжим техник хэрэгсэл хангалтгүй магнитофонд ая дуугаа тавиад л бичлэг хийгээд тэрнийгээ тавиад явуулдаг байсан. Суманд болохоор клуб гэж байсан. Тэр нь болохоор орон тооны 1 хүн ажиллладаг. Баяан хөгжимд тэр бүх асуудлаа хамруулаад л бүжиг уулзалт юу байдгийн бүгдийг нь хамруулдаг байсан. Энэ нь болохоор залуучуудыг өв тэгш хүмүүжүүлнэ гэж л тэр үедээ ярьж байсан. Тэр арга хэмжээнд нилээн хүч хөдөлмөрөө гаргаж ажилладаг байлаа. Зав ч байдаггүй байлаа. 1 дэх өдрийн өглөө бүр хүмүүжлийн яриа болно. 5 дахь өдөр лекц болно хагас сайн бүтэн сайнд үдэшлэг болно гээд л энэ бүгд ажлуудад бол бид цаг завгүй л ажилладаг байсан.

Хишигсүрэн -

Тэр үед сумын хүүхэд багачууд, залуучууд, сумын ард иргэдэд соёлын үйлчилгээ урлагийн үйлчилгээ гэж юу байв. Ямар кино ший үздэг байв. Яаж тэр урлаг жүжгийн хэрэгцээг нь яаж хангадаг байсан бэ?

Алгаа -

Тэр үед сумын клуб гэж байна. Тэрэнд болохоор техник хэрэгсэл хөгжмийн зэмсэг гэдэг юм маш их ховор байсан. тэгэхдээ байгаа бололцоогоо ашиглаад л... намайг 4-р ангид байхад сумын хэмжээнд ганцхан “мандалин” тоглодог хүүхэд байсан. Тэрнийгээ дуурайгаад л мандалины клуб ажилуулдаг жишээтэй иймэрхүү юмнууд явдаг байсан. Тэгэхдээ дээр үед бол яг 1970-1990№ээд онуудад албан газруудын хооронд АСТ гэж их тэмцээн уулзалт үдэшлэгүүд явдаг байсан. Жишээ нь багш нарын баярыг угтаж багш нар бие дааж концерт тоглодог байсан. Албан байгууллагаууд бие дааж концерт тоглоно. Жүжиг тоглоно тэрэнд бол бид нар маш их идэвхитэй оролцодог байлаа. “Хайран хүмүүс” гээд хэний зохиол ч билээ тэр жүжгийг манай сумын залуучууд бэлдэж манай нөхөр бид хоёр хүүхдүүдээ Адилзаяа гэж манай оюутан хүүхэд тухайн үед дөнгөж сууж байсан. Аймгийн драмын театрын тайзан дээр жүжиг тоглоход тэр хүүхдээ гаргаж өлгийтэй хүүхдээ авч яваад л жүжиг толглодог байсан. Энэ юунд бол иргэд маш их идэвхитэй оролцодог. Зарим хүчин чадалтай сайн зохион байгуулагдсан сумдууд бол бусад сумдаараа аймгийн хэмжээнд явж тоглолт хийдэг байсан. Тэгээд соёлын арга хэмжээ гээд авто мухлаг гээд соёлын авто үйлчилгээ явагддаг байлаа. Тэрэнд бол микрофон дотор нь тавиад залуучууд банзан гитараар хөгжим тоглодог байлаа. Цахилгаан хөгжим болгож байгаа нь тэр. Хөгжим гэдэг юм байгаагүй шахуу. Тийм маягаар хөгжим техникээ ашигладаг байлаа. Малчдад урлаг соёлын үйлчилгээ их үзүүлдэг байсан. Кино бол нөгөө гар аргаар юугаа хурааж гараараа эргүүлж кино механикч киногоо гаргадаг байсан. 1970-1980 он үед бол суманд нэг кино механикч байна, кино бол одооных шиг бүх телевиз мэдээллийн хэрэгсэл бол хангалттай биш учраас кино механикч л кино гаргадаг. Залуучуудын хайр сэтгэлийн тухай ч юмуу тиймэрхүү кино гарахаар кино механикч нь гараараа киноныхоо урдуур хаадаг байсан. Тэгээд хаалт хийгээд... нэг залуу 2 хос танилцах гээд нэг газар явдаг ч юмуу одооных шиг бүх зүйл илэн далангүй байгаагүй болохоор нэг үнсэлт ч юмуу тийм юмыг бид нарт үзүүлдэггүй гараараа аппаратныхаа урт талыг хаачихдаг байсан. Тэр нь бас нэг талаар хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлж ч байсан. Нөгөө талаар бас тийм бүдүүлэг гэдэг ч юмуу одоотой харьцуулахад тийм л үе байж дээ. Оройн цагаар хүүхдүүдийг кино үзүүлэхгүй. Том хүмүүсийн кинод бол тэрнийг үзэх гэж ялангуяа эрэгтэй хүүхдүүд клубын хаалгаар нааш,цааш их гүйнэ жижүүр багшид баригдана. Маргааш өглөө нь арга хэмжээ авагдаж шийтгэгдэнэ.

Хишигсүрэн -

Том хүний кино, хүүхдийн кино гээд ялгахад хүртэл тэр киноных нь агуулга ялгаатай ирдэг байсан юм уу?

Алгаа -

Агуулга нь ялгаатай биш. Тэгээд л тэрнийг хүүхдэд үзүүлмээргүй юм гарахаар чинь л тэр кино механикч чинь тэр алгаараа хааж байгаад тэрнийг нь өнгөрөөчихдөг тэгээд оройн цагаар болохоор нөгөө кино байгаагаараа гардаг учраас хүүхдүүд ялангуяа шилжилтийн насны хүүхдүүд тэрнийг үзэх гэж гүйдэг байж л дээ.

Хишигсүрэн -

Таныг ажиллаж байсан. Хөдөө ажиллаж байснаа хотод орж жирээд ажиллаж байна. Энэ таны ажиллаж байсан үеүдэд эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого төрөөс баримталдаг байсан бэ. Эмэгтэйчүүдийн байр суурь хэрхэн өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүдэд хандах хандлага яаж өөрчлөгдөж байна. Яг зэрэгцээд эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөж байна вэ?

Алгаа -

Бид нарыг ажиллаж байсан үед эмэгтэйчүүдийн байгууллага маш хүчтэй ажиллаж байсан. Сумын хэмжээнд тэргүүний малчин, саальчин эмэгтэйчүүд юмуу халамжит эх юм уу янз янзын цол хэргэмтэй ажлууд зохиодог байсан. Тэгэхдээ хөдөө орон нутагт эмэгтэйчүүдийн байгууллага орон тооны бус сайн дурын үндсэн дээр ингэж оролцож явдаг байсан. Тэгээд тэр үед эмэгтэй хүний оролцоо, нийгэмд эзлэх байр суурь бол асар их хумигдсан тийм цаг үе байлаа л даа. Суманд би анх 1990 онд МАХН-ын гишүүнээр элсэхэд 1990 онд бол манай сумын 80-аад намын гишүүнээс 2 нь л эмэгтэй гишүүн байсан. 3 ч байсан юмуу. Сайнжаргал, Янжив багш, Тэрбиш гээд хүмүүс байсан. Дараа нь бол нилээд хожуу Насанжаргал багш гээд л 1980-оноос хойшоо л эмэгтэйчүүдийн байр суурь нь арай түгээмэл болж ирсэн. Энэ утгаараа бол жишээ нь өнөөдөртэй харьцуулаад харахад сумын төрийн удирдахад оролцож байгаа эмэгтэйчүүдийн байр суурь ер нь бараг байхгүй байсан. Одоо бол тэр үетэй харьцуулахад арай илүү болсон. Бараг хаьцуулаад үзэхэд бол эрэгтэйчүүдтэй бараг нэг адил болж байгаа юм болов уу гэж санагддаг.

Хишигсүрэн -

Юу нь нөлөөлөв эмэгтэйчүүдийн байдал өөрчлөгдөхөд?

Алгаа -

Энд бол нийгмийн хөгжил, дэлхий дахины глобалчлал, даяарчлал эд нартай л холбоотой байх.

Хишигсүрэн -

Эрэгтэйчүүдийн байдал ер нь ямар байна вэ?

Алгаа -

Эрэгтэйчүүдийн байдал бол яахав ер тэгээд өрх гэрийн бол... эрэгтэй хүн бол тухайн айлын ноён нуруу гэдэг юм чинь эрэгтэй хүн бол тухайн айл өрхийг авч явдаг байсан монгол ёс заншил уламжлал ч гэх юмуу тэр байр суурь бол өнөө цагтай харьцуулаад үзэхэд зарим талаараа бас бидний үеийн байр сууринаас доогуур болсон болов уу. Яагаад гэхлээр өнөөдөр ер нь өрх гэрийн амьдралыг эмэгтэй хүн авч явдаг, эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь бол өрх гэрийн хэмжээнд тухайн байгууллагын хэмжээнд ч аваад үзэхэд бол аливаа нийгмийн ажил амьдралд оролцох хүрээ нь бол тэлэгдсэн юм шиг санагддаг. Яагаад тэгж байна уу гэхлээр нийгмийн тухайн цаг үеээсээ л болж байна. Хоёрдугаарт эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх боловсруулах тал дээр эрэгтэйчүүдийг бодоход арай давуу юмуу. Одооны хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт суралцаж байгааг харахад инхэнхи нь л дандаа охидууд байдаг. Тэр утгаараа цаашдаа гараад ажлын байран дээр ажиллахад эмэгтэйчүүд болохоор мэргэжил эзэмшсэн. Эрэгтэйчүүд болохоор тэгс ингэс хийгээд л сургууль соёлоос гараад цаашдаа бол мэргэжил боловсрол эзэмших өөрийгөө хөгжүүлэх тал дээр хоцорч байгаа юм шиг санагддаг.

Хишигсүрэн -

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн талаар социализмын үед ямар бодлого явуулдаг байсан бэ. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн талаар бие даасан ямар нэгэн бодлого байсан уу?

Алгаа -

Бие даасан бодлого, ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй байсан тухайн үед олон нийтийн байгууллага гэдэг утгаараа ажиллаж байсан болохоос биш эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлого ч гэдэг юмуу тийм зүйл байхгүй байсан. Гэхдээ эмэгтэйчүүдийн, тухайн үедээ олон нийтийн байгууллагууд хүчтэй ажиллаж байсан юм шиг бодогддог юм.

Хишигсүрэн -

Яагаад?

Алгаа -

Тэр нь нэг намын үзэл суртал байсан болохоор тэрнийхээ хүрээнд ахмадууд, залуучууд, гэсэн энэ утгаараа бие даасан өөрсдөө байр сууриа илэрхийлж ажиллах тал дээр санаачлагатай ажиллаж байна ч гэдэг юмуу даа.

Хишигсүрэн -

Гэр бүлийн талаар ямар бодлого арга хэмжээ авч байв?

Алгаа -

Гэр бүлийн талаар баримтлах үзэл баримтлал, үндсэн чиглэл гэдэг зүйл чинь сүүлийн үед гарч ирлээ шүү дээ. Бид нарын үед гэр бүлийн талаар баримтлах чиглэл гэж юм ховор байсан. Гэр бүлийн талаарх хуулиуд, тэрэнтэй холбогдож гарсан тогтоолууд болохоор ер нь гэр бүл 1990 оноос хойш гарсан болохоос биш 1990 оноос баримтладаг тийм зүйл байгаагүй байх.

Хишигсүрэн -

Жишээлбэл олон хүүхэдтэй өрх айлыг дэмждэг, олон хүүхэдтэй эхчүүдийг дэмждэг тэр зүйл чинь тэр үед их хүчтэй байсан юм бишүү?

Алгаа -

Тэр талаараа бол эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалалын тал дээр төрөөс нилээн бодлого явуулж байсан байна лээ. Яагаад гэхлээр 8 хүүхэдтэй эхэд төрөөс алдарт эхийн 1-р одон 5 хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн 2-р одон ч юмуу. Тэр үед чинь 1 хүүхдэд 2000 төгрөг өгч байсан байх. 8 юмуу 5 хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө гэж олгож байсан. Тэр нь тухайн өрх гэрт бол асар их дэмжлэг үзүүлж байсан. 5-аас дээш хүүхэдтэй айл бол аймаар их мөнгө авч байна л гэдэг байсан. Тэр үеийн 1000 төгрөг гэдэг чинь одоогийн бараг 100 000 төгрөг биз. Эднийг ингээд бодоод үзэхээр төрөөс эмэгтэйчүүдийн талаар арга хэмжээ авч байсан юм байна л даа.

Хишигсүрэн -

Социализмын үед айлууд их олон хүүхэдтэй байлаа ш дээ. Тэр олон хүүхэдтэй байхад юу гол нөхцлийг юу бүрдүүлдэг байсан бэ?

Алгаа -

Тиймээ. Олон хүүхэдтэй байх тухай юу. Тэр олон хүүхэдтэй байх асуудал нь чинь. Хүн болгон тийм олон хүүхэдтэй байхыг хүсдэггүй ш дээ. Тэгээд яагаад олон хүүхэдтэй байсан гэхээр өнөөдрийнх шиг эмэгтэйчүүдийн тухай асуудал дээр хөндөгдөж яригдана л даа. Одооных шиг олон хүүхэд төрүүлэхгүй юмсан гээд бодоод явдаг хэрнээ. Нөгөө жирэмсэн болоод 5 хүүхэд ч юмуу төрүүлдэг. Одооных шиг юмуу хүссэн үедээ хүүхэд төрүүнэ гэдэг зүйл байгаагүй .Төрөөс жирэмсэнээс хамгаалах арга хэрэгслийн талаарх ухуулга сурталчилгаа хомс байсан. Ялангуяа жирэмслэлтээс хамгаалах талаар хөдөөний эхчүүд бол ямар ч ойлголт байхгүй. Тийм учраас олдоо л бол гаргадаг байсан.

Хишигсүрэн -

Хүүхдийнхээ хүмүүжилд хүмүүс ер нь ямархуу байдлаар ханддаг байв. Социализмын үед өрх гэрт олон хүүхэд л өсөх тухай яригдана шүү дээ тэрнийг яаж хүмүүжүүлж байв? Танай гэр бүл болон аав ээжийн чинь амьдралаас харж байхад?

Алгаа -

Социализмын үед бол үнэхээр олон хүүхэдтэй айл тухайн үед чинь одоо нийгмийн талаасаа авад үзэхэд хүндрэлтэй асуудал зөндөө байсан. Хувцас хунараас өгсүүлдээд цөмийг нь өөрсдөө оёно. Гурил будаа гээд л идэж уух юм гэхлээр маш их бэрхшээлтэй байсан. Гэхдээ дээр үед олон хүүхэдтэй айл гээд бас нэг цөөн хүүхэдтэй айлаас дутахгүйгээр хүмүүжилтэй ч гэдэг ч юмуу. Олон хүүхэдтэй байх тусмаа хүүхэддээ тавих анхаарал зэрэг ер нь олон хүүхэдтэй айлын хүүхдүүд бие биенээ хүндэлдэг олуулаа байхаар идэж уух юмаа ч гэсэн хувааж идэж уудаг маягаар. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн хүмүүжил бол цөөн хүүхэдтэй айлынхаас их илүү өндөр байсан байх гэж боддог. Яагаад вэ гэхлээр олон хүүхдүүд чинь яагаа ч үгүй бага наснаасаа дүү нараа асардаг, идэж уух юмаа бэлддэг, дүү нарынхаа хувцас хунарыг угаах цэвэрлэх тал дээр илүү их ажилладаг. Монгол уламжлалт арга ухаантай холбоотой ч юмуу олон хүүхэдтэй айлын хүүхдүүд бол нилээд хүмүүжилтэй дэглэмтэй, нийгмийн хамт олныхоо дунд байр сууриа олж ажиллах ч юмуу төлөвших бол гэр бүлийн хэмжээнд шийдэгдэж байсан юм шиг санагддаг. Социализмын үед болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийн талаар яримаар юмнууд байгаа юм. Социализмын үед бол эрэгтэй хүмүүсийн гол үүрэг бол эмэгтэй хүмүүсээс бодоход хялбар ч гэдэг юм уу. Эмэгтэйчүүд болохоор гэр орноо авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, одооны шиг хувцас хунар, идэж уух зүйлээ дэлгүүрээс авчихгүй. Бүх гэр орныхноо хувцсыг оёно, хоолыг бэлдэнэ гээд бүх юм гар ажиллагаатай байсан болохоор эмэгтэй хүмүүс завгүй, байнга гэр орондоо байж байдаг. Эрэгтэй хүмүүс болохоор зарим нэг тухайн ажил албаа хийнэ зарим нь болохоор амьдралын боломжтой эрэгтэй хүмүүс авгай нь хэдэн хүүхэд гаргаж байгааг ч мэдэхгүй гэр орны амьдралаа юу болж байгааг мэдэхгүй архиа уугаад морины дэл дээр хийсч явах ч тохиолдол зөндөө байсан. Тэгэхээр социализмын үеийг бодохоор эрэгтэй хүмүүсийг бодоход эмэгтэй хүмүүсийн гэр бүл нийгэмдээ эзлэх байр суурь нь ачаалал ихтэй байсан.

Хишигсүрэн -

Та эцэг эхээсээ хэдүүлээ билээ?

Алгаа -

11-үүлээ Ш.

Хишигсүрэн -

За энэ 11 хүүхийн эрэгтэй эмэгтэйчүүд нь ямархуу ажил амьдралтай байв, танай аав ээжүүд энэ хүүхдүүддээ яаж ханддаг байв?

Алгаа -

Манайх бол 11 хүүхэдтэй. 8 нь охин 3-нь эрэгтэй байсан. Манай аав болохоор гэр орны ажилд их бага оролцоно. Худалдаа наймаа, хурдан жороо морь гээд явчихдаг. Ээж гэр орныхоо ажлыг бүгдийг нь хийдэг. Гэхдээ бид нар ааваасаа их айдаг. Манай аав бол зарчимч их хатуу шаардлагатай. Аав хэрвээ хөдөө гадаа явж байгаад л ирэх юм бол бид нар ааваасаа айгаад л гадаа тоглож байсан бол аягүй их дэглэмтэй байсан. Бид нар гэрийнхээ хоймороор дураараа явдаггүй байсан. Гэрийн баганы доод талаар зуухны ёроолоор тойроод суучихдаг. 11 хүүхдээс ганц нэг хүүхэд л дээгүүр явна. Аавын хажуугаар явна. Хоол унд гарахаар аавын хажууд сууж ганц нэг хавирга идэх ч юмуу тийм зүйл ганц нэг хүүхдэд байна. Бусад нь бол ээжийн хажуугаар галын доод талаар байна. Чанга чөлөөтэй дугарч болохгүй гэх мэтчилэнгийн. Унтахдаа хоёр хоёроороо унтана. Мэдээж ор байхгүй газраар даараад тэр нэг дэвсгэр гээд л тухайн үедээ өөрийн гэсэн юмтай л байсан байхдаа тэр маягаар өслөө. Бид 2 олон хүүхэдтэй ч гэсэн назгай, цамаан байдалд дургүй хүүхдүүдээ цэцэрлэгт өгнө. Манай хүүхдүүдийн үед бол аав ээжийнхтэй харьцуулахад арай хөнгөн. Цэцэрлэг ажилладаг байсан нь хөдөлмөрийг их хөнгөвчилдөг байсан. Оройд хүүхдүүдийнхээ хувцсыг угаана, хүүхдүүд хувцсаа жимбийтэл эвхээд тавина. Гутлаа дээрээс нь доош нь хүртлээ жагсаагаад тавьчихна гэх мэтчилэнгийн нарийн нарийн дэглэмүүд байсан. Гэр орныхоо хүмүүжлээр хүүхэд хүмүүждэг байсан. Манай сургуульд хамт ажилладаг байсан Бэгзсүрэн багш гээд 10-аад хүүхэдтэй багш айл байсан тэднийхээр жишээ авахад хоол ... бууз хийнэ бууз хийсэн үед бол тэр айл хамгийн бага хүүхдүүдээс эхлээд эхний жигнүүрийнхээс өгөөд эхэлнэ. Одооных шиг 2,3 үетэй жигнүүртэй байгаагүй. 30 бууз болдог нэг л жигнүүртэй байсан. Тэр жигнүүр бол айл болгонд байдаггүй. Тэр нь сумын төвийн бололцооны сэхээтэн айлд байдаг байсан. Тэгээд тэднийх болохоор буузаа гаргаад бага хүүхдээсээ эхэлж хооллодог байсан. Цадсаных нь дараа бусад нь дараалж иддэг байсан гэж ярьдаг. Яагаад вэ гэхлээр дэглэмтэй нэг л цадсан бол дахиж идэхгүй дэглэмтэй, тэгж сурсан байсан. Тэгэхээр дээр үеийн хүүхдүүд их хүмүүжилтэй байсан. Багш айлын гэрт ороод ирэхэд багш нараасаа их эмээнэ. Багш гэрт нь орчихлоо гээд зугтаад алга болчихно. Ангийн багш ирлээ гээд дуулахаар орж ирэхгүй. Бас нэг дээр үеийн хүүхдүүдийн авууштай тал нь айлд ахмад юмуу танихгүй хүн орж ирэхэд хүүхдээ гаргадаг байсан. Хүний яриаг сонгохгүй хүүхдүүд оролцохгүй гэж. Одоо бас хүүхдүүд чинь хажуунаас зэрэгцэж ярих гээд л тийм тохиолдол гардаг. Тэгээд тэр чинь дээр үед орон сууц гэж байхгүй зочин ирсэн ч л гэрт дотор байсан байгаа юм. Гэрт байдаг болохоор томчуудын ярианд хүүхдээ оролцуулахгүйн тулд гадуур ажил хийлгэх гээд явуулчихдаг байсан. Бас нэг юм ярих гэж бодогдож байсан алга болчихлоо... /бодоод олсонгүй/

Хишигсүрэн -

За яахав, Таныг өөрийнхөө амьдрал, ажлын талаар олон сайхан зүйл ярьсанад их талархаж байна. Баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.