Dulmaa


Basic information
Interviewee ID: 990057
Name: Dulmaa
Parent's name: Gochoo
Ovog: Namtai
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired (ih emch)
Belief: Buddhist
Born in: Eröö sum, Selenge aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
education / cultural production
collectivization
work
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Дулмаа -

Би 1932 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Шагдар харуул гэдэг газар төрсөн хүн. Бага наснаасаа малчин хүүхэд яаж амьдардаг тэр жамаар амьдарч хонь хургаа хариулж, морь унаж, хүний хүүхэдтэй тоглож наадаж цаг үеийг өнгөрөөж байлаа. Би бүр бага байхдаа 3 настай байхдаа морь унаж сурсан. Морь унаад хургаа хариулаад, бэлчээрээс тугал хургаа туугаад ирдэг байсан гэж ярьдаг юм. Гэхдээ би тэрийгээ мэддэггүй юм багаасаа морь унаж сурсан гэж ээж ааваасаа сонссон юм аа.

Биднийг бага байхад одооны хүүхдүүд шиг тоглох тоглоом их өөр бид нар юугаар тоглодог байсан гэхээр шагайгаар тоглоно, морь уралдуулж тоглоно, айл гэр болж тоглоно, зун зуслан дээр элстэй газар нойтон элс дээр хашаа байшин барьж, мал хийж ингэж л тоглодог байсан. Ингээд 1941 онд сургуульд орсон юм. Гэхдээ сургуульд орхоосоо өмнө 1938 онд манай улс даяар их хэлмэгдүүлэлт явагдсан юм. Энэ хэлмэгдүүлэлтэнд манай аав, аавын дүү аавын хүргэн дүү, ах дүү олон улсууд, манай нутгийнхан бараг тэр чигээрээ л хэлмэгдсэн юм.

Аа ингээд хэлмэгдээд яасан улсуудыг бол ямар хэлмэгдүүлэлт, ямар хэрэг хүлээлгэж байсан гэхээр японы тагнуул, Гэндэн, Дэмидийн хамсаатан, октябрын хувьсгалаас оргож ирсэн ийм мэтийн хэлмэгдүүлэлтээр ямар үндэслэлгүйгээр 10 жил хорьж, заримыг нь буудан алж ингэж хэлмэгдүүлж байсан. Бидний эцгүүдийг ингэж хэлмэгдүүлсэнээс гадна бүх хөрөнгө хогшилыг нь хурааж авч байсан. Манайхаас л гэхэд ээж маань ярьдаг юм. 77 толгой адуу, 37 толгой үхэр, 160-аад хонь ямаа хурааж авсан. Тэгэхэд манайд ганцхан унагалах гүү, ганцхан тугалах үнээ үлдсэн тэгээд бүгдийг хурааж авсан. Гэрийн хогшилоос бол ер нь өөдтэй өнгөтэй бүхнийг эмээл хазаараас эхлээд, өмсөх гутал хувцас, бөгж алт мөнгөн эдлэл байна цөмийг хураасан. Бид нар ингээд аав маань 10 жил хоригдоод явахлаар ээж маань 3 хүүхэдтэй үлдсэн. Хамгийн том нь би 6 настай, миний дараах дүү 3 настай, тэрний дараа дүү 28 хоногтой байсан. Ингээд хамаг хөрөнгө хогшил оо хураалгаад амьдрахын ирэхээр намар өвс хадлан их хадаж, айлын үхэр малыг тэжээнэ уулнаас түлээ мод авчираад тэрийгээ хөрөөдөж хагалаад Алтанбулаг аваачиж зардаг байсан. Алтанбулаг аваачиж зараад хэдэн төгрөг болгоод тэрийгээ гурил будаа, даалимба даавуу авч бидэнд өмсөх хувцас хийж өгдөг тийм хэцүү, ер нь тэр үеийн манай нутгийнхан тиймэрхүү л амьдарч байсан. Бүх айлын эрэгтэйчүүдийг барьж авсан. Ингэсээр байтал 1941 он болоод би 9 нас хүрч Алтанбулгын дунд сургуульд орсон.

Эхлээд сургуульд ороход бол тэр жилээс эхлээд уйгаржин Монгол бичгийг халж кирилл үсэг хэрэглэдэг болсон. Тэгээд кирилл үсгийг гэхдээ би гэртээ ээжээрээ тоо заалгаад 1000-ын дотор тоолчихдог, 100-ийн дотор чөлөөтэй нэмж хасаад тэрийг мэддэг, үржүүлэхийн хүрдийг бараг цээжилсэн аа тэгэхэд сургуульд ороходоо бол 9 сарын 1-нд хичээл ордог байхад би 10 сарын 25- нд сургуульд орсон. Яагаад гэвэл 2 дүүг харах хүн байхгүй учраас дүүг маань харуулна гээд нэг жилийн чөлөө сургуулиас авна гээд энэ жил явуулж чадахгүй хойтон жил явуулна гээд тэгээд байж байсан чинь 10 сарын 20 дээр сумын захиргаанаас хүүхдээ заавал сургуульд явуул сургуулийн орон тоо гүйцээгүй гэж тэгээд би хоцорч очсон. Гэхдээ би тоогоо бодож чаддаг, хүрдээ мэддэг болохоор, аа үсгээ дор нь сурсан. Тэгээд сурч байхдаа хөдөөний хүүхэд учраас хүүхдийн халдварт өвчин короор өвдөөд 1 сар эмнэлэгт хэвтлээ. Эмнэлэгт нэг сар хэвтчихээд гараад ирсэн чинь сар илүү болоод салхин цэцгээр өвдлөө. Бас сар шахуу эмнэлэгт хэвтлээ. Тэгээд гараад байж байсан чинь хавар 5 сар болж байгаа юм чинь. Тэгсэн бас гахайн хавдраар өвдлөө. Тэгээд тэр олон өвчинийг өнгөрөөгөөд бүр онц сураад байсан байгаа юм. Одоо надад зураг нь байдаг юм. Багштайгаа авхуулсан онц сурлагатан гээд 5-6 хүүхдийн зураг байдаг юм. Тэгээд нэгдүгээр аниа онц дүнтэй төгсөөд ирсэн. Тэр үед дайн байлдаан, эд хогшилоо хураалгаад ядуу болсон 1-рт, 2-рт 1941 онд эх орны дайн эхэлсэн. Тийм учраас юм бол бүр ховордсон. Гурил будаа ч ховор болсон, өмсөх зүүх бараа ч ховор болсон. Тэгээд би байранд сууж байсан сургуулийн дотуур байранд. Тэгэхлээр хөдөөний хүүхэд учраас ногоо төмс идэж сураагүй, байцаатай, төмстэй хоолыг идэж чадахгүй махыг нь түүж иднэ тэгээд бараг өөр юм иддэггүй, хар талх өгнө тэрийг нь иднэ. Тиймэрхүү хоолтой дотуур байранд амьдардаг байсан. Тэгэхээр манай ээж хөдөөнөөс зөөхий тос, талх тариа таньдаг айлд тавиад өгдөг охиныг маань хагс, бүтэн сайн өдөр дуудаж авчираад юмыг нь идүүлж уулгаж байгаарай гээд тэгээд би бүтэн хагас сайн өдөр очиж манай нэг багшийнх л байсан л даа. Сургуулийн хичээлийн эрхлэгч хийнэ. Тэгээд р нь тэр үед бол дэвтэр бол ховор их зузаан баргар хар урт цаас байсан та нар бараг мэдэхгүй байх, социализмын үед бид дэлгүүрээс нэг юм авахлаар нэг цаасанд боогоод өгдөг байсан даа хар зузаан цаас тэрийг чинь дэвтэр шиг дөрвөлжин хуваагаад шугамдаад хичээлээ бичнэ. Чернилийн сав гэж нэг төмөр сав байна тэр нь бас их ховор. 2 хүүхэд нэг паартан дээр сууна эхний хүүхэд чернил байхгүй арын хүүхдээс дүрнэ. Тэрний арын хүүхэд байхгүй бол арынхаа паартнаас дүрж бичнэ. Чернил нь ч ховор одооных шиг бал үзэг байхгүй ш дээ. 86, шумуул үзэг гээд хүүхдүүд л нэр өгөөд өгсөн байх тийм л юмаар модон иштэй шургуулчаад дүрж бичдэг тиймэрхүү байсан. Энэ бол 1945 онд дайн дуустал иймэрхүү байсан.

Тэр үед хуучин монгол бичгээ халаад кирил үсэг хуучин монгол бичгээсээ сурахад амар л даа. Тэгж санагддаг байсан надад. Ер нь ч амархан даа. Тэр үеийн хичээл бол бага ангид яахав дээ 4 аргын тоо, монгол хэл орж байгаад 5-р ангиас төрөлжсөн газарзүй, орос хэлийг 5-р ангиас зааж байсан юм. Орос хэл заахдаа 7 хоногт нэг цаг л орно. Эхлээд папа мамагаас эхлээд ойр зуурын юмыг л заадаг, дүрэм заадаггүй 7-8-р ангиас дүрмээ заадаг байсан. 1951 онд бид нар 10-р анги төгслөө. Тэгэхэд манай сургуулийг Бумцэнд даргын нэрэмжит болсон юм. Аа 1951 оноос л бол одоогийн энэ Улсын Их Хурал гэж сонгодог байсан ш дээ. Тэрний чинь саналыг нууцаар авч депутат гэдэг хүнийг дэвшүүлээд тойргоор тэгээд тэний төлөө саналаа өгдөг одоогийнхтой адил өрсөлдөгч гэж байхгүй. Нэг л хүн дэвшүүлдэг тэрнийхээ төлөө саналаа өгөх ёстой, тийм л ухуулга сурталчилгаа явдаг. Тэр үед чинь нэг намын систем байсан болохоор намаас ямар бодлого явуулна тэрийг хэрэгжүүлэх бүх ард түмний үүрэг байлаа ш дээ. 1947-1948 оноос л анхдугаар таван жилийн төлөвлөгөө Чойбалсангын нэрэмжит таван жилийн төлөвлөгөө гэж гарсан. Тэр 5 жилийн төлөвлөгөөгөөр яадаг байсан гэхээр нэг айл хэдэн малтай байна тийм ээ энэ жил тэрийгээ төд болгож өсгө өө гэж үүрэг өгнө. Мал бүрээс төчнөөн литр сүү улсад тушаа, төдөн кг ноос үс тушаа, төчнөөн кг ноолуур тушаа гээд малд чинь толгой бүрээр нь бас мах тушаа гээд, толгой бүр нь нэг үхрээс төчнөөн кг мах, нэг үнээ төчнөөн литр сүү өнгө гэсэн нормтой. Тэгээд нормоо биелүүлэхгүй бол яланд унана ш дээ. Тийм хатуу хуультай байсан. Манай нутгийнхан чинь бас үүлдэр угсааг нь бас сайжруулсан юм шиг байгаа юм. Сүү ихтэй үнээтэй байсан, говь руу тэрйигээ биелүүлж чадахгүй тийм учраас шоронд орсон хүн чиг олон байдаг, амиа хорлосон хүн чиг байдаг. Ялаас айж тийм хатуу байсан. Энэ чинь 5-р таван жил гэж явж байгаад 6-р таван жил гээд энэ ардчилал гарч ирж төлөвлөгөө байхгүй болсон байхдаа.

Ер нь дайны үед чинь тусламж бэлэг явуулна гэж хэдэн хоньтой бол нэг хонь явуулна, хэдэн адуутай бол нэг морь явуулна. Сайн дурын гэсэн нэртэй хэрэг дээрээ албан журмаар л авдаг тиймэрхүү хатуу дүрэмтэй л байсан даа.

Тэр үеийн хүүхдүүд бид одоогийн хүүхдүүдтэй адилгүй бүгд монгол дээлээ өмсөнө, орос хувцас нэвтрээгүй, хөдөөний зарим хүүхдүүд том монгол гуталтайгаа, өвөл анги дээр үстэй дээлтэйгээ ирнэ, анги нь халуун хөлсөө гоожуулаад арчаад сууцгаадаг байлаа ш дээ. Дээлээ тайлаад өлгөх өлгүүр чиг байхгүй, дотроо янз бүрийн хувцастай ш дээ. Тэр үед чинь Алтанбулаг овоо соёлжсон аймгийн тоонд орно. Алтанбулгын сургууль чинь 1921 онд хувьсгал ялж дараа жил нь 1922 онд байгуулагдсан. Тэр үед Ховд, Сэлэнгэ, Баянтүмэн гэдэг чинь Чойбалсан аймаг биздээ анхны аймаг байгуулагдаж байхад баригдсан шүү дээ манай сургууль чинь эртний түүхтэй.

Эрдэнэтуяа -

Бумцэндийн нэрэмжит сургууль юм уу сүүлд нь болсон юм уу?

Дулмаа -

Сүүлд 1951 онд болсон юм. Тэрнээс өмнө Алтанбулгын 10-н жилийн сургууль гэж байсан юм. Алтанбудгын сургууль байхдаа 7-н жилийн сургууль байж байгаад бид нар долоогоо төгсөөд цааш цаашаа явахгүйгээр тэндээ орсон юм. Тэгээд анхны төгсөлт нь 1951 онд бид нар байсан.

Эрдэнэтуяа -

Анхны 10-р анги уу?

Дулмаа -

Тийм анхны 10-р анги.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд 10-н жил болсон бэ? 10-н жилийн систем эрт нэвтэрсэн юм байна ш дээ тийм ээ?

Дулмаа -

Тийм байх 1951 онд л анхныхаа төгсөлтийг хийсэн юм. Бид нар анхны төгсөлт нь. Тэгээд сургуулиа төгсөөд тэр үед чинь ийм байлаа бас. Бүх нийтийг соёлжуулах үүрэг бол зорилго бол улсаас тавьж байсан юм. 10-р анги төгссөн бид нарыг бүгдээрээ Улаанбаатар яв дээд сургууьд орно, өөрсдийнхөө зардлаар оч, очсон хойно чинь зардлыг чинь өгнө өө гэж ингэж байсан юм. Би тэгээд араваа төгсчихөөд 8 сарын 20 дээр Улаанбаатар ирж байгаа юм. Сургуульд орох гэж. Тэгээд ирээд Их сургуульд багш болох санаатай багшийн ангид шалгалт өгдөг юм байна аа. Тэгэхэд чинь их сургуулийн намын хороо дээр чинь бүх бичиг баримтыг нь яагаад, тэнд хувийн хэрэг ирсэн байдаг юм байна л даа. Тэгээд би багш болох гээд шалгалтаа өгөөд тэнцчихлээ. Монгол хэлний шалгалтыг Чойжилын Чимидэд өглөө, орос хэлний шалгалтыг Гергоривна гэж нэг орос багш байсан тэрэнд өглөө, өөр утга зохиолын шалгалтыг хэнд өгч байлаа мартсан байна.

Эрдэнэтуяа -

Монгол хэлний багш болох юм уу?

Дулмаа -

Тийм монгол хэлний ангид орох гэж өгч байгаа. Тэгээд намын хороогоор батлуулах гэж байгаа тэгсэн Монгол хэлний анги гүйцсэн гээд тэгсэн тэрэндээ би их итгэлтэй хойтон жил ирж орьё гээд тэгсэн чинь Пүрэвээ гээд намын хорооны дарга байсан үгүй ер чи бас би 10-н жилээ хоёрхон сайнтай төгссөн бусад нь онц байсан, тэгсэн ийм сайн сурлагатай хүүхэд байж чи яаж явлаа буцаж яваад жил алдах нь улсад эмч бэлтгэх шаардлага их байхад чи эмнэлгийн ангид ор тэгээд яахав орчихлоо. Оруулаад хичээл эхлээд явлаа анатомын хичээл үзээд явахад чинь эхлээд тэр шарил эд нарт ойртож үзээгүй хүн чинь их айна, шөнө зүүдлэнэ. Тэгээд ерөөсөө анагаахаасаа гарья, хойтон жил багшийнхаа ангид орьё гээд тэгсэн манай декан Сэрээтэр одоо ШУА-ын нарийн бичиг байсан тэгээд декан дээр ороод одоо би харилаа айж байна уйлахгүй юу тэгсэн Сэрээтэр багш инээгээд чи их буруу юм хийж байна гэрээ санаад уйлж байна уу, харина гээд уйлана гэсэн чинь юу гэсэн үг вэ болохгүй ээ, хойтон жил хөдөө явлаа хөдөөний малчин хүүхэн болно, хөдөөний нэг хар хүнтэй суугаад хөдөөний хүүхэн болох юм уу чи. Тэгээд байж байтал чиний үеийн хүүхнүүд аймгийн төв, Улаанбаатарт сайхан эмч болоод хүн эмчилээд ингээд явж байхад чи малчин хүүхэн болчихоно ш дээ. Чи эмч болоход айх юм байхгүй яваандаа дасна чи хичээлдээ яв, чамайг чөлөөлөхгүй гэдэг юм байна. Сургууль тэгж байхад яахав дээ. Тэгээд би их сургуульд ороход чинь бүх хичээл орос хэл дээр. Тэгээд эхний лекцийг Жигжиддорж гэж багш орос хэл дээр уншлаа. Тэгээд нөгөө томьёогоо мэдхээс биш өөр юм мэдэхгүй ерөөсөө хоёр цаг лекц уншихлаар Явлени гээд нэг үгтэй, физик эта наук физик изучаит юу юу ч билээ дээ тиймэрхүү юмыг нь бичиж аваад 2 цаг лекц уншихад энд тэндээс ганц үг дуулаад тэрийгээ нэг хуулдаг юм боллоо л доо. Одоо ингээд харж байхад зарим нь юм бичээд, зарим нь юм хийхгүй байгаа харагдана. Тэгээд би сурах гэж хэцүү юм байна даа гэж бодож байлаа. Ангийнхаа Сэлэнгээс хамт ирсэн 6 хүүхэд анагаахад хамт орсон. Тэд нараасаа асуулаа та нар бичиж авч байна уу гэсэн нөгөө хэд адилхан. Тэгсээр яваад яваандаа болох байлгүй дээ гээд зоригжоод нөгөө анатомоосоо ч айхаа байлаа бүр шамддаг боллоо. Өвөл шалгалт өгнө тэгээд муу авчихвал хасагдаад бүр сургуульгүй болно ш дээ. Айхаа ч байлаа нөгөөдөхөө хийх гээд өдөр шөнөгүй суугаад тэгсээр яваад өвлийн хагас жилээр 3 шалгалт өгсөн юм. 2 нь зачаит, нэг нь дүнтэй байсан юм. Тэгээд хагас жилээр сайн гарчихдаг юм.

Сайн гарчихаад 14 хоног амарчихаад тэгээд нөгөө стипент авахгүй юу. Тэгсэн нөгөө цалин маань тавин төгрөгөөр нэмэгдсэн байдаг байгаа. Тэгээд сайн сурвал сурлагын юу нэмэгддэг гэдгийг тэр үед мэдэхгүй л явж байлаа л даа. Стипент 200 байсан чинь 250 төгрөг болчихгүй юу. Тэгэхлээр тэр үед чинь их мөнгө шүү дээ. Тэр үеийн мөнгө их хатуу мөнгө байсан. Тэрэндээ урамшаад л дараа хаврынхаа шалгалтыг өгсөн чинь 2-3 дундтай бусдыг нь сайн өгчихлөө. Тэгсэн чинь нөгөө юуг маань 9 сар хүртэл өгөөд 9 сарын нэгэн гэсэн чинь нөгөө мөнгөө хасчихдаг юм байна аа. Тэгээд тэрнээс шантарсан юм байхгүй, бүх хичээл орос дээр 2-3 монгол багштай орос дээр заана. Тэгээд 5 жилийн дараа төгсөхөд орос хэлээр мэргэжилээрээ номоо уншиж ойлгодог болоод шалгалтаа орос дээр өгсөн. Би диплом дээр 40-н хэдэн хичээл бичигдсэн байгаа юм. Тэрнээс 12-13 нь дундтай бусад нь сайн, онц өгсөн байна лээ. Тэгээд би 5-р анги төгсөхдөө 390 төгрөгний цалинтай байсан юм байна лээ. Тэр бол их өндөр стипент. Анги дэвших тусам нэмэгдэл нь нэмэгдээд эхлээд тавь байсан бол дараа нь 75, 200 гээд ингээд нэмэгдээд явчихдаг. Би бол 5-р ангиа төгсөхдөө 390 төгрөгний стипент авч байсан. Тэгээд сургууль төгслөө тэгээд хөдөө хуваарилагдаад, хань ижилтэй болоод Өмнөговь явсан. Ингээд 1956 онд очиход бол хөдөө их хэцүү ерөөсөө гуравхан эмчтэй

Эрдэнэтуяа -

Аймгийн төв үү?

Дулмаа -

Аймгийн төв. 75 ортой, 3 их эмчтэй тэгээд хөдөө 10-н хэдэн сумтай дуудлага ирнэ. Тэгээд нэг нь дуудлагандаа явна, 2 нь 70-н хэдэн өвчтөнөө үзнэ. Хүүхдийн байна, эмэгтэйчүүл байна, сүрьеэ байна бүх л дотрын тасаг байна, бүх тасаг нэг дор харин сүрьеэ бол арай нэг жижиг тусдаа байшинд байна. Тэр үлдсэн хоёр эмч 70-н хэдэн өвчтөнөө үзнэ. Хөдөө явсан эмч чинь захын сумд 300-400 км явна ш дээ. Өдөр шөнөгүй ганц машинтай тэгээд ирэхэд чинь бас нэг сумаас дуудлага ирсэн байна. Нөгөө нэг эмч маань машин аа хоёр ээлжийн жолоочтой машинаа бариад нөгөөдөх нь дуудлагандаа явна. Ингээд ерөөсөө амарах зай байхгүй, бүтэн хагас сайн ч гэж байхгүй тэгээд жижүүр хийнэ. Маш их ачаалалтай ажилдаг байсан. Ингээд 1957 он болоход Зөвлөлтөөс Монголыг арьс өнгөний өвчинөөс салгах экспедиц гэж гарсан юм. Аймгийн төвд. Тэр бол маш сайн ажилласан. Бүх хүнийг толгой дараалан эрияагкц босгоман гэдэг юм даа судасны цусыг нь аваад шинжилээд одоо өнгөний өвчин байна уу үгүй юу яр тэмбүү байна уу үгүй юу тэр нь цусны шинжилгээгээр гардаг. Тэрийг чинь маш сайн эмчилсэн. Тэгээд 1960-аад оноос эхлээд л Монголд хүн амын төрөлт маш их болсон. Хэлмэгдүүлэлт их болсон.

Соёлын довтолгоон гэж улсаас зохион байгуулалттай ажил хийсэн. Соёлын довтолгооноор чинь айл болгоныг ор хөнжлийн даавуутай бол, 2 ээлжийн ор хөнжлийн даавуутай бол, хүн ирэхэд тусдаа нөмрүүлэх хөнжил, даавуу бэлд, хүн бүр нүүр гарын алчууртай бай, саван хэрэглэ, толгой тархиа угаа, 7 хоногт усанд орж бай гэж хот хөдөөгүй ухуулга явуулаад хөдөө, хотгүй ариун цэвэр сайжирсан ш дээ. Энэ бол маш том ололт. Эрүүл мэндийн хувьд их амжилт гаргасан. Ингээд би хөдөө ажиллаж байгаад 2 жил болоод эрүүлийг хамгаалах яамны шийдвэрээр Улаанбаатарт орж ирээд эх нялхасын төвд тэр үед бол хүүхдийн төв полинец гэж байсан даа. Тэнд ажилласан. Хүүхдийн төв полинец чинь тэр үед биднийг оюутан байхад 1955 онд 500 ортой хүүхдийн полинец нээсэн ш дээ Гандангийн дэнж дээр чинь.

Эрдэнэтуяа -

Одоо энэ хуучин уу? Гандангийн буудлын ард байдаг уу?

Дулмаа -

Тийм. Тэгээд энд 1958 онд ирээд эрүүлийн хамгаалах яаман дээр орлоо. Томилолтоо авах гэж хаана очих тэгсэн чинь хүүхдийн полинецэд хүүхдийн эмч бол гэж. Биднийг тэр үед төгсөж байхад чинь нарийн мэргэжилээр биш обшеи төгсдөг байсан байхгүй юу. Бүгдээрээ хүний их эмч гэсэн мэргжилтэй, нарийн мэргэжилийг гарсан хойноо л эзэмшидэг. Тийм байсан одооныхтой адилхан дотрын эмч, эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч гэж байхгүй. Тэгээд хүүхдийн полинецэп очлоо. Тэгэхдээ жирэмсэн байсан. Цогбадрах жирэмсэн. 2 сар ажиллаад текрэтээ аваад тэгээд дараагаар нь үргэлжлүүлж ажиллаад тэрнээс хойш тэтгэвэрт гарилаа хүүхдийн полинецэд өөр хаашаа ч очоогүй, ганцхан газар 28 жил ажиллаа. Улсад 30 жил ажилласаны 28 жил нь хүүхдийн полинец, 2 жил нь Өмнөговьд ажилласан. 500 ортой гэдэг чинь Улаанбаатар хотын бүх хүүхдийг авна. Эхэндээ тийм байсан. Тэгээд хөдөөнөөс ирсэн хүнд өвчтөнүүдийг бүгдийг нь авна. Тэгээд энэ чинь багтхаа болиод, Улаанбаатрын хүн ам ч нэмэгдлээ, хөдөөнөөс хүүхэд ирэхэ нь ч олширлоо. Тэгээд сүүлдээ 4 районд чинь зуу зуун ортой хүүхдийн полинец байгуулсан юм. Тэгээд энэ үйл явдал 1960-аад оноос эхэлсэн байх. 1956-1957 оны үеэс хэсгийн эмч гэдгийг байгуулж, хороо бүрд нэг эмч машинтай, нэг сувилагчтай тэгээд тэр хорооныхоо хүүхдийг амбултороор үздэг, гэрт нь дуудлагаар очиж үздэг. Эмнэлгийн тусламжийг хүн ардад ойртуулж байгаа нэг хэлбэр юм. Тийм байсан тэгээд сүүлдээ хүнд хүүхдүүдээ манай төвд авчирдаг байсан. Төв эмнэлгийн эмч бид нар хөдөөнийхөө дуудлагыг хариуцана, аймгаас дуудлага ирэхэд эмч нар өөрсдөө явдаг. Тэгээд явж зөвөлгөө өгдөг. Хүүхдийн төв полинц дээр чинь анагаах ухааны дээд сургуулийн 1960-аад оноос ч юм уу хүүхдийн анги нээсэн.

Эрдэнэтуяа -

Хүүхдийн эмчийн анги уу?

Дулмаа -

Тэрний карт нь манай төв эмнэлэг дээр байдаг. Тэгээд тэнд мжргэжил дэшлүүлэх ажил явагддаг байх. Гадаадад мэргжил дээшлүүлэх гэж явуулдаг болсон. Энийг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зардлаар явуулдаг. Би бол 8 сар явсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар. Москвад 3 сар, Прагад 2 сар, Болгарт 3 сар болж байна уу. Тэгэхэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цалин хангамж сайн, дандаа доллараар цалинждаг, өндөр мэргэжилийн багш нар хичээл заана. Баруун европ социалист орнууд чинь бүгд л орос хэл дээр хичээл явуулдаг, Болгар бол орос хэлтэй ойролцоо, Чехэд орос хэл мэдэхгүй эмч нар байхгүй. Тийм л байсан. Тэгээд 8 сарын мэргэжил дээшлүүлж ирээд би бол яасан 1969 онд яваад 1970 оны хавар ирсэн. Ирээд эх нялхасын төвд одооны эрчимт эмчилгээний палат гэдгийг нээсэн. Гадаад орнуудад бүгд тийм байсан байхгүй юу. Эрдэм шинжилгээний эстиманяц гэж тэндээс санаачилж 10 ортой, хүлээн авах тасаг дээр хүлээн авах тасгийн эрхлэгч байсан. 5 ортой эрчимт эмчилгээний палат нээгээд, сүүлдээ 10 ортой эрчимт эмчилгээний тасаг болгосон юм. Ингэж өргөжүүлж байсан юм. Тэгээд энэ үед Улаанбаатрын хүн ам ч олон болж өвчтөнүүд нэмэгдэж байсан. Зарим үед ханиад томуу гарахлаар чинь 500 ортой полинец чинь 800 өвчтөнтэй болдог. Нэг орон дээр 2 хүүхдийг 2 тийш нь харуулаад ингэж авдаг байлаа ш дээ. Тийм үе байсан. Одоо бол тийм биш л дээ. Одоо бол дүүрэг болгон чинь өөрсдөө том том эмнэлэгтэй болчихлоо. Эх нядхасын төв чинь улсын эмнэлгийн шинжилгээний төв болчихлоо. Тийм олон өвчитөн байлгахаа байсан. Хөдөө эмнэлгүүд сайн болчихлоо. Хүүхдийн эмч энд факультет нээгээд хүүхдийн мэргэжилийн эмч нар бэлддэг болчихлоо. Нөгөө 550 ортой хүүхдийн полинец чинь мэс заслын тасагтай, хамар хоолойн тасагтай, тэгээд бусад нь дотрын тасагтай, сургуулийн насны хүүхдийн тасаг гэж байдаг сургуулийн насны хүүхэд авдаг. Зүрх судасны тасаг гээд байдаг төрөлжсөн одоо бүр улам нарийн боллоо ш дээ. Тэгээд энд 28 жил ажилласан, гадаадад явж мэргэжил дээшлүүлсэн байх. Гадаадад мэргэжил дээшлүүлэх юунд улсаас их анхаарч байсны хүч л дээ. Манай эмч нар бол гадаадад явахад бол их гологддоггүй ш дээ. Техник технологи, багаж тийм юм л болохоос биш мэдлэгийн хувьд бол Монгол эмч нар бол р нь сайн гэдэг юм ш дээ. Ингэж ажиллаж байгаад 1989 онд тэтгэвэртээ гарлаа. Энд ажиллаж байхдаа бол социализмын үед хүний хөдөлмөрийг бол зүй ёсоор бол үнэлж байсан. Нэг намын системтэй хүнийг байнга хөдөлмөрийг үнэлэхгүй байхгүй л дээ. Би чинь шинэ тасаг нээгээд шинэ санаачлага гаргалаа, ер нь ажил нь сайн байна гээд тэгээд 1973 онд Ардын Их Хурлын депутадаар сонгогдож байсан. Үйлдвэрийн эвлэлийн их хуралд сууж байсан. Улсаас одон медалиар шагнагдаж байлаа. Хөдөлмөрийг бол улс үнэлдэг л байсан. Тэгэхдээ бол чи их олон өвчтөн үзлээ, чинийх бага байна гэж цалин дээр бол өөрчлөлт байхгүй. Хичнээн олон хүүхэд үзлээ ч үндсэн цалингаа авна, тэр тасаг цөөхөн өвчтөнтэй гээд цалин хасагдахгүй. Авдаг мөнгө өө л авдаг. Тэгээд одоо ардчилалын үед чинь их өөр болоо биздээ. Ардчилал гарсанаас хойш би ажилласан биш. Тэгээд биднийг залуу ажиллаж байх үед улсын хэмжээнд бичиг үсэг үл мэдэх явдалыг устгана гээд улсын хэмжээгээр соёлын доьтолгоо ариун цэврийг сайжруулах, бичиг үсэг үл мэдэх явдалыг устгах гээд хөдөө орон нутагт багш нарыг ажиллуулаад бүх л хүнд үсэг зааж, сургууль завсардах явдалыг бараг хуулиар хориглох шахуу юм болоод заавал хүүхдээ сурга, заавал явуул гэж л ингэж явуулдаг.

Социализмын үед бол ажилгүйдэл гэж байгаагүй. Ганц нэг ажил хийгээгүй хүнийг чинь тэр ажил хийгээгүй байна гээд ёстой эвэртэй туулай үзсэн юм шиг, тэдний хүүхэд ажил хийдэггүй юм байна, ажилд ордоггүй юм байна гээд гайхдаг байсан ш дээ. Бүх хүнийг ажиллаар хангаж байсан.

Эрүүл мэндийн хувьд бол ерөөсөө их анхаарч байсан. Улсаас их төсөв төлөвлөж өгдөг. Хүүхдийн полинецэд гэхэд л чинь тэмээний махаар идүүлсэн хоол идүүлэхгүй, ямааны мах идүүлэхгүй, ердөө л хонь үхрийн махаар л хоол хийж өгнө ш дээ хүүхдүүдэд. Сүүний тасагтай сүү уух хүүхэд байвал сүү яаж өгнө, тараг өгнө, цагаан идээгээр хангах тусгай тасаг ажиллуулж байсан. Захиалгаар тэдэн хүүхдэд сүү, тараг авна. Сүүний тасаг арваад хүнтэй бүхэл бүтэн тасаг ажиллдаг байлаа.

Би бол социализмын үед бол хамгийн гол юм нь бол Монголчуудыг бичиг үсэггүй явдалаас ангижруулсан, бүх хүн амаа эрүүлжүүлсэн энэ бол хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй бодрит үнэн. Социализмын үед бол бичиг үсэг мэддэггүй хүн цөөхөн. Өнгөний өвчин гэдэг бол бараг устсан. Биднийг бага байхад чинь хамаргүй, хамраа боосон тэмбүүнээс болоод хамаргүй болсон улсууд бол их байдаг байсан. Одоо бол үзье гээд ч үзэгдэхгүй болсон. Монголын хүн амыг олшруулахын тулд улсаас бодлого явуулсан. 4 хүүхэдтэй бол улсаас хүүхдийн мөнгө олгодог, 5 хүүхэдтэй бол нэг хүүхдэд оногдох мөнгийг их болгосон. Таван хүүхэдтэй эхэд одон олгодог, долоон хүүхдээс хүүхэдтэй эхэд нэгдүгээр зэргийн одон олгодог. Хүүхдэд олгодог мөнгө нь их болдог энэ мэтчилэнгээр хүүхдээ эрүүл өсгөхөд их анхаардаг байсан. Гадна, дотно эмч нараа явуулж байсан нь гаднаас эмч нар авчирч ажиллуулж сургалт зохион байгуулах ажлыг их хийж байсан. Хөдөө ч гэсэн ялгаагүй хүүхдийн эмч нарыг хотод жилд нэг удаа авчирч мэргэжилийг дээшлүүлж, тэр хоорон өндөр зэргийн эмч нарыг оронд нь хөдөө ажиллуулдаг мэс засал дээр ялгаагүй, эмэгтэйчүүд дээр ч ялгаа байхгүй тийм ажлыг өргөн зохион байгуулж байсан. Тэгээд бас долоо хонгийн нэг өдрийг урьдчилан сэргийлэх эмнэлэг гэгээрлийн ажил гэж зориуд цаг гаргаж өгдөг байсан ш дээ. Тэр өдөр эмч яах вэ гэхээр 4 цаг ажиллаад үдээс хойш бүх хугацаанд бол айлуудаар явж ариун цэврийг шалгана, эмнэлэг гэгээрлийн суртал ухуулга хийнэ. Жишээ нь хотын хэмжээгээр шар өвчин дэгдсэн бол шар өвчинөөс яаж урьдчилан сжргийлэх вэ, энэний тулд юу хийх вэ, тэрийг чинь айл өрхөөр явж зааж өгнө. Гараа ингэж угаа, савангаар угаахад сайн болно оо, хүн бүр тусдаа алчууртай байж бай, нэг хүн чинь өвдвөл аяга тавгийг тусгаарла эсвэл эмнэлэгт хэвтүүл энэ бүх ажлыг долоо хоногийн нэг өдөр зориулж эмнэлэг гэгээрлийн ажил гэж явуулдаг байсан бол тэрнээс гадна хүмүүсийн дунд өвчтэй хүмүүсийг хяналтандаа авна гэж ийм юм зохион байгуулсан. Жишээ нь уушигны архаг өвчтэй хүн байвал уушигны эмчийн хяналтанд тэр хүнийг цааш нь үгдэрүүлж хүндрүүлэхгүй байх үүднээс хяналтанд аваад тодорхой хугацаанд эмчээсээ ирж зөвөлгөө аваад сүрьеэг бол улсаас үнэгүй эмчилдэг. Одоо ч гэсэн хэвээрээ байх. Сүрьеэ гээд тусгай том клиникүүд нээгдсэн ш дээ. Тэрнээс гадна амралт сувилалын газар бий болсон ш дээ, эмнэлгийн харьяа. Жишээлбэл зүрхний өвчтэй хүн байвал эмнэлэгт эмчлүүлчээд дараа нь зүрхний сувилалд явах жишээтэй. Гэдэс ходоодны өвчтэй хүн гэхэд чинь эмчилгээний дараа сувилалд явуулах ийм амбултор эмнэлгүүдийг байгуулсан.

Социализмын үед ерөөсөө боловсролтой, эрүүл байлгах дээр их ажилласан гэж боддог.

Эрдэнэтуяа -

Яагаад энэ хоёр дээр голлон анхаарсан юм бол?

Дулмаа -

Яагаад гэвэл эрүүл хүн ард нь бичиг үсэг соёлтой байж, тэр нь ухамсартай байж байж улс орон хөгжинө. Хүн ам нь олон болж байж манай орон чинь алслагдмал нутагтай одоо л 2,5 сая болж байна бидний үед 1,5 1,8 сая л гэж байсан. 1,5 сая км нутагт чинь 1,5 сая хүн байна гэдэг чинь 1 км2 нутагт чинь нэг л хүн оногдож байна гэсэн үг биздээ. Тэгэхээр 1 км нутагт нэг хүн ганцаараа очоод байхгүй ш дээ. Бөөнөөрөө хамтраад МАА-аа эрхлэнэ бөөн зэлүүд нутаг гарч байгаа биздээ. Хүн нь олон байж байж үйлдвэр хөгжинө биздээ. Хүн амаа өсгөх шаардлага нэг талаасаа гарч ирж байна. Эх орноо хөгжүүлэхэд хүний хүчин зүйл хэрэгтэй тийм учраас боловсролтой мэдлэгтэй ажилчин анги ч байна уу, сэхээтэн анги ч байна уу тэр хэрэгтэй. Тийм учраас хүнээ соёлжуулахад сургууль соёлоор явуулах, дээд сургууль сургах тухайн мэргэжил олгох дээр улсаас их анхаарч байсан. Бидний үед чинь техник мэргэжилийн сургууль гээд байлаа. Сонирхосон хүүхдүүд барилгачин болж байлаа, гагнуурчин, барилгачин, оёдолчин янз бүрийн мэргэжилээр л тмс-ээр сурсан хүүхдүүд ажиллаад хөдөлмөрийн баатар болсон хүмүүс байлаа. Миний мэдхийн Хэрлэн баатар гээд байлаа хөдөлмөрийн баатар барилгачин барилгын техникум төгссөн. Оёдолчин их хурлын гишүүн байлаа бас л ТМС төгссөн тийм улсууд ажил мэргэжилээрээ шалгарсан. Тийм улс зөндөөн байсан. Одооноос л энэ техник мэргэжилийн сургуулийг чинь дахин байгуулж эхэлж байна ш дээ. Нэг үе устгаад хаясан тийм ээ. Мэргэжилтэй боловсон хүчин чинь бүгд дээд боловсролтой эрдэмтэн болчихвол хэн хар ажил хийх вэ дээ. Тэр үед улсаас бодлоготой л тэгж байсан байх.

Манайд чинь 1956 оноос нэгдэлжих хөдөлгөөн гээч юм чинь өрнөсөн ш дээ. 1956 онд бид нарыг хөдөө байхад Өмнөговьд сургуульд төгсөөд очоод байхад нэгдэлжих хөдөлгөөн гээд гарлаа.

Эрдэнэтуяа -

1956 онд уу?

Дулмаа -

Тийм. Тэгж гараад 1957 оноос малыг нь жинхэнэ хурааж авсан гэх юм уу даа. Жишээ нь гэхэд 1000 гаран малтай айл

Эрдэнэтуяа -

Хаанахын?

Дулмаа -

Өмнөговьд. Тэднийхээр жишээ болгод хэлэхэд 150 толгой мал үлдээгээд бусдыг нь бүгдийг нь нийгэмчиллээ гээд туугаад аваад явж байсан. Тэр чинь тэгээд ярихдаа бол наана аа ард түмэн сайн дураараа нэгдэлжиж байна аа гэж яриад байгаа юм. Ачар дээрээ улсын бодлого, намын бодлого шийдвэр улс орныг нэгдэлжүүлнэ гээд. Тэгэхлээр хүн бүр л зарим нь сайн дураараа ордог юм аа гэхэд хүн бзхэн 1000 толгой малаа өгчихөөд хоосон үлдье гэж бодохгүй биздээ. Засгийн шийдвэр, улсын шийдвэрийг зөрчивөл тэр хүнд хариуцлага ноогднодоо тэр үеийн хуулиар. Тэгэхээр аргагүй эрхэнд малаа өгнө. Тэгээд манай хадам хөгшин 150 толгойдоо хэдэн толгойг нь хонь хэдэн толгойг нь адуу, хэдэн толгойг нь үхэр гэж үлдээгээд бусдыг нь манай өвгөн ах ярьсан байхгүй юу. Манайх төчнөөн толгой мал нийгэмчилсэн гээд 860 мал нийгэмчилсэн гэсэн. Хонь, үхэр, ямаа, адуу тэд гээд бичиг авсан сүүлд хэзээ нэгэн цагт буцааж өгч магадгүй энэ баримт бичиг гээд нэгдлйин даргаар гарын үсэг зуруулаад тамга даруулаад авсан байхгүй юу. Тэрийг хадгалаад байсан юм. Тэгээд байсан чинь сүүлдээ 150 толгойгоо болиод 75 толгой болгоод, хангайд бүр 50 болгосон юм 25 юм уу тэгээд хасаад хасаад байсан байхгүй юу. Тэгсэн манай өвгөн ах өө энэ чинь ерөөсөө эргүүлж өгөх нь битгий хэл улам нэмж аваад байх юм байна энэ бичиг ч хэрэггүй юм байна гээд хаясан байхгүй юу. Тэгээд би хэлж байсан юм яахав дээ хоол нэхэх юм биш байж л байг гэж. Улам хасаад байгаа юм чинь эргүүлж өгөхгүй гээд хаяж байсан юм. Сая ардчилал гараад манай дүү очоод тэр талаараа ярьсан чинь тэр байсан нэгдлийн контор нь шатаад бичиг баримт нь шатаад алга болсон. Тэгж хэлээд юу ч өгөөгүй ш дээ. Тэр үд нэгдлийн юу нь шатсан гэсэн л дээ. Тэгээд тэрийг хөөцөлдөөд явбал хажууд нь байсан гэрчүүд байж л байгаа ш дээ. Яагаад өгөөгүй гэхээр та нар малаа өгчихөөд өөрснөө нэгдэлд ажиллаагүй ш дээ гэж хэлсэн байна лээ. Малаа хураалгачихаад бид хот ороод ирсэн дүү нарч бас араас хот ороод ирсэн байхгүй юу. Нэгдэлжих хөдөлгөөнд айлуудын малыг аваад зарим нэг айл нэгдэлд орохгүй байсан байхгүй юу. Тэгэхлээр бэлчээрээр нь хавчина, нутаг усаар нь хавчина, нийгмийн малын бэлчээр, нийгмийн малын худаг тэгээд тэр улсууд чинь хавчигдаад ирэхийн эрхээр аргагүйн эрхэнд нэгдэл орж байсан юм.

Эрдэнэтуяа -

Ямар улсууд нь нэгдэлд орохоос татгалзаж байсан бэ?

Дулмаа -

Ихэнхи дээ чинээлэг улсууд нь татгалзаж байсан. Говь руу бол айлууд бол мал ихтэй байсан юм байна лээ. Манай хадмынх гэхэд л 1000 малтай гэхэд л ах дүү нар нь 700-800 малтай нийгэмчилсэн, дор хаяж 500 мал нийгэмчилсэн гэдэг юм байна лээ. Тэр үед байгаль цаг уурын өөрчлөлт одоогынхтой харьцуулахад гайгүй байсан. Говьд чинь өвс хадна гэсэн юм байхгүй ш дээ. Гар тэжээл гээд хүмүүл таана аа хурааж аваад, аарцтай холиод нэг, хоёр шуудай бэлдэж авдаг юм. Тэрийгээ өө их тэжээл бэлдсэн гэж ярина. Тэгээд тэрийгээ их цасан шуурга болсон үед төл малдаа өгдөг, ядарсан эцсэн малдаа өгнө. Элэг юу эд нарыг нь тэжээлд хэрглэдэг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Яаж?

Дулмаа -

Хүмүүл таана юутайгаа холиод ядарсан малд өгдөг юм байна лээ. Говьд бол хадах өвс байхгүй ш дээ говьд ерөөсөө. Тиймэрхүү маягаар юм аа бэлддэг байсан. Нэгдэлд орохоор чинь яг өөрийнхөө малыг маллаж байгаа юм шиг. Тэр олон малыг чинь хүчрэхгүй ш дээ. Дээр үед бол тойрч яваад тэр малыг нь тэр эзэн дээр нь маллуулдаг, тэр эзэн дээр чинь маллахлаар чинь манай өвгөнийх чинь 700-800 толгой малтай бараг 900 толгой мал малладаг 2 хөгшин нас нь өндөр болж байгаа тийм ээ 60 гарсан хоёр хүн чинь 1000 толгой малыг маллана гэдэг чинь урьд чинь юунд орохоос өмнө манай өвгөний дүү чинь мал дээр малаа маллаад байсан байхгүй юу. Малаа нийгэмчилчихээр чинь тэр хоёр хөгшин яаж маллах вэ дээ. Тэгээд бид нар ээж аавыг татаад авсан тэгээд тэр малыг нэгдлийн мал болоод явсан. Тэгээд тэрнийг чинь эзэмших эрх байхгүй ш дээ. Нэгдлийн малаас чинь нэг ч мал дутааж болохгүй, хичнээн эм хонь байна хойтон төчнөөн хурга ав. Төчнөөн ямаа бол төчнөөн ямаа гээд төлөвлөгөө өгнө ш дээ. Тэрэнд нь хүргэхгүй бол муу малчин гэхээс гадна малыг ямар санаатай хорогдуулав, ял шийтгэл оногдоно ш дээ. Тэгэхээр улсууд чинь аргагүй эрхэнд өөр амьжиргааны эх үүсвэр байхгүй юм чинь маллаад явхаас өөр нөхцөлгүй тийм байсан. Нэгдэлд орохоос өмнө чинь олон малтай улсыг чинь хавчиж байсан. Яахав гэхлээр чинь би түрүүн хэлж байсан даа мал чинь хонины толгойгоор ч юм уу, ямааны толгойгоор ч юм уу төчнөөн грамм хөвөн заавал тушаа, төчнөөн кг ноос тушаа, үхэр байлаа гэхэд төчнөөн кг мах тушаа, адуу байлаа гэхэд төчнөөн кг адууны хөөвөр тушаа, тэмээний ноос төчнөөнийг тушаа гээд малын тоо толгойгоор нь нэг малаас тэмээнээс 5 кг ноос ав. 50 тэмээтэй бол 250 кг ноос болох нь уу тийм юм тушаа тэрийгээ тушааж байж биелүүлээгүй бол улсын норм төлөвлөгөө биелүүлээгүй гээд бас яланд унана. Маш хүнд нөхцөлтэй яаж байсан. Гэхдээ Цэдэнбал дарга бол нэгдэлжих хөдөлгөөн бол 1921 оны ардын хувьсгалаас илүү ач холбогдолтой гэж анмын хурл дээр дүгнэж хэлж байсан. Тэрийг бол сүүлд Баабар бол хэтрүүлгэ гэж байна лээ. Ард түмнийхээ юмыг хурааж авчихаад тэрийгээ өөрийн ашиг сонирхолд тохируулаад ардын хувьсгалаас илүү ач холбогдолтой гэж дүгнэлээ гэж гэсэн байна лээ. Тэгээд ардчилал гартал чинь нэгдлийн малыг өсгөх гээд Монголын малыг өсгөх 30 сая болгоно гээд 28 сая болгоно гээд тэр нь ч болдоггүй, 25 сая болгоно гэсэн болдоггүй, 22 сая гэлээ болдоггүй, бүр сүүлдээ 19 сая болгоно гэж тэгээд сүүлдээ хувьд очсоноос хойш 10-н хэдэн жилд чинь 40 сая гараад явчихаж байгаа биздээ.

Нэгдэл чинь бас харж үзэх тал бас бий. Одоо манайх чинь оросоос тусламж авдаг ш дээ тийм ээ малаа бол маш хямд үнээр амьдаар нь 4-5 суурь мал жил бүр гаргадаг байсан. Тэгж гардаггүй байсан бол Монголын мал өсөх тал байсан байх. 4-5 сая малыг амьдаар нь гаргадаг. Аа тэгээд заримдаа эдийн засагчид бол ерөөсөө дэлхийн зах зээлийн ханшаас бол маш доогуур авдаг байсан гэж байгаа юм. Тэрнийхээ оронд юу өгдөг гэхээр баахан машин техник өгдөг, байшин барилга барь өгнө, сургууль соёлыг барьж өгнө тийм тийм юмдаа суулгачихдаг байсан байх л даа. Тэгээд ардчилал үүссэнээс хойш малаа ч гаргахаа байсан, мал ч хувьд очсон тэгээд ингэж их өслөө ш дээ. Иймэрхүү л байна даа.

Эрдэнэтуяа -

Одоо ч мал өсөөд бэлчээр нь муудаж байна даа тийм ээ?

Дулмаа -

Тийм. Бэлчээр нь муудаж байна. Аа дээр үед газар тариалан их хөгжөөгүй байсан тийм ээ, одоо хангайн бүсэд чинь тариалан эрхэлхээр чинь тэр хэмжээгээрбэлчээр багасч байгаа юм ш дээ. Социализмын үед чинь газар тариаланг чинь үржил шимтэй газар тариалж байсан. Тэр үед ч хүн ч их цөөхөн байж, энэ цаг агаарын өөрчлөлт ч гайгүй байж тэгээд дотоодоо бүрэн хангаад Оросод экспорчлож байсан гурил аа. Тэр бол бодит үнэн. Тэгээд 1990 оноос эхлээд сангийн аж ахуйнуудыг чинь хувьчлаад, тэгээд тхник эд нар ч байхгүй болоод, оросоос орж ирэх юм ч бага болсон. Тэгээд үр тариагаа муу болсоноо энэ жилээс атрын 3-р аян гэдгийг чинь зохион байгуулаад бас цаг агаар сайхан байсан шүү дээ. Тэрнээс жил бүхэн ийм байгаа бол үр тариагаа аваад л байна. Ийм байхгүй цаг агаарын гачигдал болоод ган зуд болох юм бол ийм тариа битгий хэл энэний тал тариаг авч чадахгүй л болно ш дээ. Энэ бол байгалийн эрхшээлд байгаагийн нэг хэрэг.

Эрдэнэтуяа -

Та ер нь хувьчлалд яаж оролцож байсан? Юм авч чадсан уу?

Дулмаа -

Юугаа авах юм манай эмнэлэг чинь юугаа хувьчлах юм. Эмнэлэгт хувьчлах юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Нөгөө тасалбарууд?

Дулмаа -

Тэр бол яахав авсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд м болгож чадсан уу?

Дулмаа -

Чадаагүй. Ерөөсөө манайх чинь 4 хүн нэг хүн хэдэн төгрөгний хувьчлал билээ 10 төгрөгний хувьчлал билүү

Эрдэнэтуяа -

3000 төгрөг, 10000 төгрөг

Дулмаа -

Тэрнийгээ мах комбинатад л өгсөн. Тэгээд ноогдол ашиг ч гэж олж авсан юм байхгүй. Хөөцөлдөх ч хүн байхгүй. Цогбадрахад хэлэхлээр за тэрнээс юу ирдэг юм. Тэрийг хөөцөлддөг завтай хүн алга. Оргилынх ч авсан юм байхгүй тэр одоо хэний ашиг болж яваа юм бүү мэд.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгж сайн ашиглаж чадаагүй вэ?

Дулмаа -

Нэгдүгээрт хувьчлах тэрний үнэ цэнийг ойлгож мэдсэн ч юм алга, хүүхдүүд чинь тэр үедээ ажилтай тэрийгээ борлуулаад олон хувьцаа худалдаж авахыг мэдлэггүй байлаа ш дээ. Тэгсээр байтал чинь тэгсээр юу ч гэх юм бэ дээ нэг мэдэх нээ брокерын пүүсээсээ очиж авсан юмгүй, хэнд ч оруулсан юмгүй тэгээд өнгөрсөн манайх бол хувьчлалаас олж авсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Хувьчлал анх яаж гарч байсан? Аажимдаа юу эсвэл нэг л өглөө юу?

Дулмаа -

Нэг л жилийн дотор тэр юу билээ хөх хуудас билүү

Эрдэнэтуяа -

Яагаан тасалбар, цэнхэр тасалбар

Дулмаа -

Ягаан тасалбар тэрний чинь ч нэрийг ч мартаж. Тэрийг ч хөөцөлдөөд манайх ч юм ч болгосонгүй тэрний учрыг мэдсэн хүмүүс юм болгож авсан байх л даа. Тэрийг мэдэхгүй улсууд зараад байсан. Учрыг мэдсэн улсууд чинь 5000 төгрөгний тасалбарыг нэг архиар зарж л байсан. Тэрийг чинь цуглуулаад нэг газар өгсөн бол бөөн хөрөнгө л болох байсан байна л даа одоо бодож байх нь. Тэгж ч мэдсэн юм байхгүй тэгээд л өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Суртадчилгаа муу явагдсанаас болсон уу?

Дулмаа -

Сурталчилгаа ч муу явагдсан. Тэрийг чинь би одоо бодох нээ мэддэг хэдэн хүмүүс өөрсдийнхөө хүрээнд зохион байгуулаад жирийн ард түмэн иэрийг мэдэхгүй алдаад өнгөрсөн гэж боддог. Одоо боддог юм.

Эрдэнэтуяа -

Зурагтаар бол юу гэж мэдэгдэж байсан?

Дулмаа -

Зурагтаар бол онцын юм ярьдаггүй л байсан. Зурагтаар гэхэд л Улсын бага хурал гээд бага хурлын мэдээ гарч байна чагнаарай энэ тэр хууль баталсан гэж ярьхаас хувьчлалын үнэ цэнэ, хөх ягаан тасалбар аа ингэж ашиглана гэж сурталчилгаа жирийн иргэдийн дунд их яваагүй. Одоо бодоод байхнээ учрыг нь мэддэг улсууд л тэрийг чинь юм болгож авсанаас жирийн олон түмэн олонхи нь юм болгож чадаагүй над шиг л өнгөрөөсөн байх.

Эрдэнэтуяа -

Багадаа морь уралдуулах гээд тоглоом тоглож байсан гэж байна ш дээ тийм ээ?

Дулмаа -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэрийг ер нь хэн зааж өгдөг байсан бэ?

Дулмаа -

Яахав дээ уламжлал, Монголчуудын гэр бүлийн уламжлал өөр их орчин үеийн тоглоом байсангүй. Шагайгаараа морь уралдуулна, хашаа хороогоо барина. Тэрний малчин ахуй за нэг хониндоо яваад, нэг би адуундаа яваад ирье гэнэ, эмэгтэйчүүд нь хонио сааж байна гээд, сүүгээ хөөрүүлье, сүүгээ машиндья ингэж л тоглоно ш дээ. Айл гэр болоод цагаан сар болж байна танайд очно, бэлэг өгч байна гээд хоорондоо жижиг сажиг юмаараа шаазангын хэлтэрхий, шилний хэлтэрхий тийм нэг юмнуудыг шаагай голдуу байна даа. Элсээ овоолоод хашаагаа барьчихана, гэрээ барьчихана, хашаандаа хоргод, шагайгаар малаа хийгээд томоохоныг нь үхэр бэлчиж байна бэлчээртээ явчихлаа хөөе чи хургаа туугаад ир хонио саах боллоо гэдэг ч юм уу томчуулын дотор ямар ажил өрнөнө хүүхдүүд тэрийг дуурайж тэгж л тоглодог байлаа. Монголчууд эртнээс шагай шүүрэх гээд тэр бол хараа хурц болдог их ашигтай юм байна лээ л дээ. Няслаж тоглоно энэ чинь бас гарын юу эд нарт бол хэрэгтэй л дээ. Монголчууд чинь багаасаа морио унадаг, ер нь морь унаж өсөөгүй хүүхэд байхгүй хөдөө. Одоо 4-5 настай хүүхэд морь унаад явбал ойчино гээд ухаан алдчихаар байна. Тэгэхэд чинь би өөрөө мэдэхгүй би 5 настайдаа юу болж байсаныг мэдээд байгаа юм. Тэгэхээр би 3-4 настайдаа морь унаж сурсан байх. Тохомоо гээчихээд тэнд уначихлаа л гэж хэлж байдаг байсан. Тэгээд нэг удаа тохомоо гээчихсэн чинь нэг ийм жалга байна аа тэрэнд морио оруулаад унасан тохомоо авчихаад жалгын эргээр мориндоо уначихаар санагдаад байсан байхгүй юу. Тэгээд мориноосоо буучихлаа. Тохомоо тавьчихаад эрэг рүү орох гэсэн чинь морь ч орж өгдөггүй ээ. Нэг татсаар байгаад оруулаад морин дээрээ мордох гэтэл тохом маань дахин унахгүй юу тэгэхээр нь тэр чигт нь хаячихаад.

Тэгээд тохомоо хаяад ирэхлээр өө Цэрэндулам тохомоо хаячихаж гээд хүн авчирч өгдөг байсан. Тэр их номхон морь байсан шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Жаахан хүүхэд болохоор их л номхон морь унуулдаг байсан байлгүй?

Дулмаа -

Тэгэлгүй яахав тэгээд бас жаахан л байсан байгаа юм би тэрийгээ мэддэггүй юм. Орой үнээ саах болоод үхэр туугаад ир гээд тэгээд тэр үеийн хүүхдийн заншил хэний л хүүхэд байна бүгдийг нь туугаад ирдэг тэгээд туугаад ирсэн байна л даа. Ээж орой сүүгээ машиндаад, би ч унтаж байгаа юм. Тэгсэн Очир гуайн Цэрэнхуай ирж гэнээ. Цэрэндулам орой үхэрт явсан гэнэ манай нэг үхэр алга байна шаварт суусан юм уу яасан бол гээд асууж гэнэ намайг сэрээгээд. Тэгсэн чинь тушаатай юм чинь туугаад явахгүй байна лээ гээд гэсэн гэнэ. Тэр нь ямар учиртай вэ гэхээр өглөө нөгөө тийчлээд байхаар нь дээсээр тушсан байж л дээ. Тэгээд нөгөө дээсээ аваагүй, нөгөө дэх нь ус гатлаад дээс норохлоороо агшаад явж чадахгүй ш дээ. Өө өглөө би тушаад саасан юм тэгээд яагаад мартчихаж тэгээд хаахна байсан юмбол гээд надаас орж ирж асууж байсан юм. Би тэрийгээ мэддэггүй ш дээ их л жаахан байсан байгаа юм. Тушаатай юм чинь туугаад явахгүй гээд орхисон гэж /инээв/.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэр хавийн айлын бүх үхрийг тууж авчирдаг байсан?

Дулмаа -

Бэлчээрт байсаныг бүгдийг нь авчирдаг. Ер нь тэр үед айлын малыг ялгаж болохгүй та нар үүрээд явж байгаа биш хөлөөрөө явж байгаа юм чинь. Туугаад ирэх хэрэгтэй л гэдэг.

Эрдэнэтуяа -

Тэгж сургадаг байсан?

Дулмаа -

Хүүхдийг хонь малд явахад хэний ч хонь байсан бүгдийг тууж ирнэ. Энд тэнд явж байхад хэний мал хаана байгааг хараад тэдний мал тэнд явж байна гээд ээж аавдаа хэлдэг тэгээд бие биенээсээ сураад, тэр үед чинь дуран их ховор байсан биз. Тэгээд тэнд байгаа гээд чиглээд явдаг. Бидний үед бол усыг их цэвэр байлгах ёстой гэдэг сүүтэй сав, шанагаар хутгаж болохгүй гэдэг

Эрдэнэтуяа -

Голын усыг уу?

Дулмаа -

Голын усыг. Голын усанд бохир юм аа угааж болохгүй, хэрэв угаавал тусгай пөмпөнд голоос зайдуу ушааж угаадас аа голтой ойр асгаж болохгүй гээд их цээрлэдэг байсан. Тэр битгий хэл морь аргамжина ш дээ тэгээд гадас зоогоод тэрийгээ авна. Гадсыг авахгүй бол яадаг гэхээр би ээжээ асууж байсан байхгүй юу. Тэгсэн гарт өргөс орохоор өвддөг биздээ гэсэн өвддөг гэлээ тэгвэл газарч гэсэн өвдөж байгаа ш дээ. Газар өвдөхгүй ээ гээд би дэвсээд дэвсээд ёо ёо гэхгүй байна гээд тэгж байсан юм.

Эрдэнэтуяа -

Хүүхэд л байсан болохоор шууд утгаар нь ойлгодог байсан байх л даа.

Дулмаа -

Өвдөхгүй л байна ш дээ гээд тэгж байсан. Мойль жимс түүнэ ш дээ тэгэхээр том том мөчирөөр нь ерөөсөө тасдахгүй ш дээ. Та нар ингээд мөчирөөр нь аюбал хойтон жил юугаа идэх юм. Болохгүй. 5-10-аар бөнжигнөсөн тэрүүгээр нь түүнэ ш дээ. Тэгээд жимсийг түүхэд яахгүй, түлээнд явбал нойтон мод авахгүй хуурай мод л авна ш дээ. Тэр битгий хэл Алтанбулгын сургуульд байхдаа түлшээ хүүхдүүд нь бэлддэг байсан. Багш нар удирдаад төчнөөн куб мод хийнэ гээд дандаа хуурай мод үааж өгнө. Ногоон юутай мод унагачихаад тэрийгээ нууна, багш харчихвал та нар яагаад нойтог мод унагасан, энэ аль ангийн мөчиртэй мод унагасан, ногоон мод унагасан ингэдэг. Тэр үеийн багш, сурагч бүгд тийм хүмүүжилтэй. Ерөөсөө нойтон мод огтолдоггүй гэдгийг ойлгодог байсан. Одоо бол мөнгөний төлөө ажиллаж байна ш дээ. Байгаль хамгаалах хэрэггүй мөнгө л олж байвал устгаж байгаагаа ойлгохгүй, мөнгөний шуналд автагдчихаад

Эрдэнэтуяа -

Энэ ер нь юутай холбоотой бол?

Дулмаа -

Энэ бол хүний ухамсартай холбоотой. Тэр үед ээж аав байгаль хамгаалах ерөөсөө ингэж хэлдэг байсан ш дээ. Газар дэлхий гэдэг чинь ерөөсөө хэрэв байгальтайгаа, газартайгаа муу харьцах юм бол байгаль эргээд л ахриугаа авдаг юм. Яаж хариугаа авдаг юм гээд хүүхдүүд сонирхоод асуулаа л даа. Модоо огтолчихвол гол ширгэдэг юм, нойтон модоо огтолчихвол мод чинь цөөрчихдөг юм, хязгааргүй тоогүй юм гэж байдаггүй, юм бүхэн тоотоой хязгаартай. Хүний нас ч хязгаартай, мод ч гэсэн хамаагүй энд тэндгүй ургадаггүй хязгаартай гэж сургадаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө шинээр ургаж байгаа зулзаган модыг огтол, гишгэж болохгүй, цэцэг навчийг тасдаж болохгүй энэ чинь бас өвддөг юм. Тэгээд бас би хүүхэд болохоор өвс өвдөнө гэж юу байдаг юм гээд, бурханаас заяасан юм чинь хайрлах л хэрэгтэй, ерөөсөө нутаг орноо, ус голоо, уул овоогоо тахиж шүтэж явах хэрэгтэй манай ээж бол ингэж хэлж байсан. Аав ээж нь бурхантай цагийн улс учраас бурханаа шүтээд үхнэ, та нар бурхангүй цагийн улс төрийнхөө сүлдэн залбирч яв, хүнд заавал шүтэж явах ёстой нэг зүйл байх ёстой шүтлэггүй хүн гэдэг чинь ерөөсөө зэрлэг хүнтэй л адилхан. Бид нар бурханаа шүтнэ, та нар төрийн сүлдээ шүтэж яв л гэж захидаг юм. Нэрээ л нэг юманд шүтэж бурханд бол бурханы сургаальд үнэнч, төрийн сүлдэнд шүтдэг бол төр маань тайван амгалан байгаасаа, төр түвшин амгалан байгаасай, төрийн ажил бүтэмжтэй байгаасай гэж л залбирана биздээ. Заавал юм шүтэж яв гэдэг чинь үнэн л юм билээ.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад лам нарт шавь орно гэдэг асуудал байсан уу?

Дулмаа -

Манай ээж ингэж ярьдаг би чинь 1932 оны хүн 1935 онд цагаан сарын дараа манайх Жасаа уншуулна гээд олон лам уриад ном уншуулдаг байсан юм байна лээ. Би мэддэг юм манайх торгон дээр зуруулсан олон зурмал бурхантай байсан. Цагаан сараар гэрийн хоймроор нэг их олон бурхан дэлгэсэн, гүнгэрваа доторх бурхануудаа гаргаад тавьчихана бүр хачин гоё. Цагаан сар болохоор ширмэл ширдэг ээ оруулж ирээд дэвсчихэнэ, бүх юм аа угаагаад айл чинь маш гоё болно ш дээ. Гаднах орчин оо цэвэрлэчихнэ. Тэгээд манайх жил бүхэн жасаа уншуулдаг байсан. Би нэг 3-тай байсан юм уу мэддэг юм. Лам нар ингэж ярьсан гээд ярьдаг юм. Бид ч цөвүүн цагийг үзэх муу заяатай улс байна даа Улаанбаатарыг Их хүрээ гэж л ярина ш дээ. Тэр тэр бид нарын мэддэг том лам нарыг барьсан гэнэ одоо ингээд шашин ер нь мөхөх тийшээ болж байх шиг байна гэхдээ нэг жаран мөхөөд сэхнэ гэж. Тэгэхээр одоо 1930-аад оны үед шашныг бүрэн хаалаа ш дээ тэгээд 1990-ээд онд сэхлээ гэдэг чинь яг 60 жил болж байгаа биздээ. Тэгэхээр тэр лам нар бас мэдсэн байгаа юм. Бид тэрийг үзэхгүй ээ тэр сайн цагийг эд нар үзнэ гээд бд нарыг зааж байсан гэдэг юм билээ. Тэгэхээр нь би үзнэ би үзнэ гэж би тэгж байсан гэдэг юм. Лам нар хойчид юу болохыг мэдэж байсан гэж боддог юм. Манай тэндээс 1938 онд олон лам нар тэр Рэгзэн, Лувсанцэрэн хэн билээ. Лувсанцэрэн гэж их эрдэмтэй лам байсан юм. Манай аавыг бол ингэсэн байна лээ Лувсанцэрэнгийн хамсаатан Лувсанцэрэн гэдэг нь тэр лам тэрийг яагаад хамсаатан гэхлээр манай өөрсдийгөө даатгасан гэх юм уу хайшаа юм жил бүр ном авчирч уншуулдаг, ийм тийм юм үзүүлэх харуулах болбол тэрнээс асуудаг байсан байна л даа. Тэгээд тэр лам Хүдрийн хүн байж. Тэгээд Алтанбулаг эд нар орохоороо дандаа манайд буудаг тийм хүн байж. Тэгээд тэртээ чинь барихгүй юу. Тэгээд тэрийг буудсан гэнэ лээ. Тэгээд тэр Лувсанцэрэнгийн хамсаатан. Гэндэн, Дэмидийн тагнуул үгүй хамсаатан, японы тагнуул япон гэж хаана ямар улс байдаг аа ч мэдэхгүй байж хөдөөний малчин нэрээ үлгэр шиг юм байгаа биздээ. Японы тагнуул, Гэндэн, Лувсанцэрэнгийн хамсаатан, цуурхал тараагч бас болоогүй тэр юуг нь үзэхэд тийм байсан. Тэгж ялласан байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Сүүлд нь цагаадсан уу?

Дулмаа -

Тэгсэн тэрэн дээр харин дээр харин тэгсэн байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд буцаж гарч ирсэн үү?

Дулмаа -

Аав уу гарч ирсэн. 6 жил болоод гарч ирсэн.

Эрдэнэтуяа -

Яагаад тийм эрт гарч ирсэн юм?

Дулмаа -

Үгүй яахав дээ бас ажил төрөл сайн хийж байсаныг нь, үнэндээ энэ хэлмэгдүүлэлт чинь оросын заавраар болсон хэлмэгдүүлэлт шүү дээ. Оросод ч хичнээн саяар нь ч алсан юм, хэлмэгдүүлсэн юм. Тэгээд энэ Баабарын ном уншиж байхад чинь Гэндэн хэлсэн байна лээ ш дээ: танайх лам нараа устгасан уу гэхэд нь үгүй гээд тэгсэн. Тэгвэл та нар ламтай байгаа цагтаа бол социализмыг байгуулж чадахгүй, лам нараа түргэн яах хэрэгтэй гээд тэгээд ирээд лам нараа бариад энэ юу чинь эхэлсэн ш дээ. Хамгийн их хэлмэгдүүлэлт чинь 1937 оны 9 сар гэдэг юм билээ. 1937 оны 9 сард дандаа сэхээтнүүдийн барьж 14 хүнийг буудсан ш дээ. Тэр 14 дотор чинь Байгалийн хадам аав Зориг байна ш дээ Зоргийн аав Ядамсүрэн гэж байсан юм. Тэр чинь улсын прокурор байсан хүн. Тэгээд Буяннэмэх гээд зохиолч байсан, дарьжав гээд цэргийн яамны том том дарга нар байсан эд нарыг чинь дандаа, цэрэг талаасаа, сэхээтэн талаасаа бариад 14 хүнийг ерөөсөө шууд юу байхгүйгээр буудаж алсан.

Эрдэнэтуяа -

Юу байхгүйгээр?

Дулмаа -

Ялын тогтоол, заавар байхгүйгээр. Хүчээр аваачид алах гээд том нүх ухаж уу дотоодын ногоон малгайтангууд л нүх ухаж байсан байна л даа. Тэгсэн тэрүүгээр 14-15 настай хүүхэд мал харж яваад хүүхэд болохоор юу хийж байгаа юм бол гээд хүрээд ирсэн байхгүй юу тэр ногоон малгайтны нүх ухаж байгаа дээр. Тэгэхлээр тэрийг удирдаж байсан дарга нь энэ цааш нь тараана энийг үгүй хийх хэрэгтэй гээд хүүхдийг тэнд нь буудаад алсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд цуг булсан?

Дулмаа -

Тэгээд шууд тэр хүүхэд чинь зүгээр мал эргүүлж яваад тэндээс асуугаад ирэхээр энэ энд ийм тийм нүх ухаж байна гээд цааш нь тараачихана гээд тэнд нь буудаж алчихаад эцэг эх нь хүүхдээ хаачсаныг ч мэдэхгүй өнгөрөө биздээ. Тэгээд одоо хэлж байна лээ ш дээ тэр 14 хүний биш 15 хүний шарил байх ёстой гээд тэнд байсан жолооч сүүлд дурдитгалаа ярьсан байна лээ. Тэнд 14-15-тай хүүхэд сонирхоод асууж тэгээд цааш нь тараана гээд шууд буудаад алдсан гэж. Ямар ч гэмгүй хүүхэд. Тэгээд бас болоогүй даалгавар өгөөд ногоон малгайтангууд Хараагаас тэдэн хүн, Ерөөгөөс тэдэн хүн барьж ир гээд. Малд явж байсан малчиныг нэмээд авчираад тэгээд ялтан болгоод тэр чинь бүр авах хууль дүрэм гэж байхгүй ерөөсөө тийм байсан байдаг юм. Манай аав ярьдаг юм нэг гэрт нөгөөдүүлийг хорьдог юм байна л даа. Багтахгүй ачсан мах шиг бие бие дээрээ давхралдаад, овоороод тэгээд тэнд бие засах ганц хувинтай, тэр олон халиж асгараад гэр бол замбараа байхгүй. Аа тэр алах хүнийг бол шөнө дуудаад аваад явсан хүн буцаж ирдэггүй байсан гэдэг. Бодвол аваачиж алдаг байсан байлгүй.

Эрдэнэтуяа -

Алах хүнээ тэгэхээр шөнө дууддаг байсан юм уу?

Дулмаа -

Тэгж л алдаг байна л даа. Шөнө дуудагдаад явсан хүн эргэж ирдэггүй. Өдөр нь дуудагдаад ирсэн хүнийг байцаагаад ухаантай, ухаангүй амьтан орж ирнэ. Түлхэж хаячихаад муу эсэргүү нар гээд гаднаас нь цоожилчихоод хаячихдаг байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Ер нь яг ямар улсуудыг нь алдаг байсан юм бол?

Дулмаа -

Тэр 14-ийн хэргээр буудуулсан хүмүүс чинь цөм л цагаадсан ш дээ. Дээрээс л танай болохгүй байна гэсэн баривчил л гэсэн даалгавар өгсөн, тэрэн дотор үнэхээр хувьсгалын эсэргүү улсууд байсан юм уу, манай нутгаас баригдсан хүмүүс бүгд л баригдлаа ш дээ. Алагдсан нэг нь алагдаад л өнгөрсөн, алагдаадгүй нэг нь энэ 1990 оны юугаар цагаатгагдсан л байна. Тэгэхлээр бол бүгдийг нь хашрах гэсэн юм уу ямар улс төрийн зорилготой юм. Тэгээд тэр олон мал хаашаа очсон мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Хурааж авсан малнууд уу?

Дулмаа -

Тийм. Хэний мэдэлд орсон юм бүү мэд. Өө бас ээж ярьдаг юм манай Чагтаад Хүдэрт байсан ш дээ. Тэр бас Хүдэр харуулын эрчүүлийг бариад хөрөнгө малыг хураагаад зун явжээ. Тэгсэн замдаа тугалсан, үнээний дэлэн хөх нь сарайсан, тугалыг нь зөнд нь хаясан, хонь мал хургалсан чинь өтсөн гээд бүр мал өрөвдмөөр, сая тугалсан үнээ, хонины дэлэн хөх нь саарайсан, хавдсан. Тэгээд нөгөө Халуун хошууны гацаа гэж нэг талдаа гол, нөгөө талд нь их том хад тэгээд ийм нарийн замаар явна. Тэр замаар мал туухаар чинь явахгүй ш дээ. Устай бас голтой. Тэгээд хүчээр олон хүн туугаад зарим нь унана. Түрүүчийнх нь тэр шавар усанд ороод зоогдсон мал дээгүүр нь гүүр болоод үхсэн мал дээгүүрээ туугаад, 1938 онд тэр хадан хошууны гацаа гэдэг газар малын сэгээр дүүрсэн, чоно нохой эргэлдсэн, малын сэг яс гэдэг чинь цайрсан байсан гэж ярьдаг юм. Тэрийг үхүүлчхэж ч байна, хувьдаа. Тэгээд манай малыг хурааж аваад тэглээ гэж байна ш дээ тэгээд тэр бичгэн дээр нь морь 6, морин тэрэг 2 өшөө юу гэж бичсэн байна гэнэ лээ ерөөсөө 10 хэдхэн малын тоо бичсэн байна гэнэ лээ.

Эрдэнэтуяа -

Зуун хэдэн мал авчихаад уу?

Дулмаа -

Тийм. 74 адуу, 34 үхэр, 160-аад хонь, 20-иод ямаа авсан.

Эрдэнэтуяа -

Өө бараг 300-аад мал авсан байна ш дээ.

Дулмаа -

Манайх чинь тэр үедээ өвсний машинтай, сүүний машинтай, оёдолын машинтай, тармууртай, газар хагалдаг плухтор орчин үеэр бол тэр үеийн бүх л технологийг манай аав ээж, манай нутгийнхан бүгд тийм юмтай байсан. Манай оёдолын машиныг айл аваад юм оёод авсан байсан болохоор үлдсэн. Сүүний машин өвөл болохоор сүү машиндахгүй болохоор хураагаад амбаарт хайрцаганд хураагаад тавьсан байсан. Тэгээд сүүний машин үлдсэн. Тэгээд өвсний машин тармууртай нь, плухтортой нь бүр чарга тэрэг хүртэл хураасан. 2-3 чарга, 3-4 тэрэг тэрийг бүгдийг тоногтой нь аваад явсан. Тэгээд ээж хэлдэг юм манайхаас бол манай аавын хэт хутга мөнгөн сүлжмэл байдаг ш дээ тэрийг нь хоёр гарын алган дээр давдаг тийм их мөнгөтэй уран хүнээр хийлгэсэн маш их мөнгөтэй хэт хутга байсан. Тэгээд гадагшаа гарахдаа зүгээд явдаг байсан тэгээд аавыг баривчилаад явахлаар аав зүүгээгүй тэгээд хутга аа ав гэж байж хутгаа аваад тэгээд шоронд орохлоор нь хутгыг нь сугалаад авалгүй яахав дээ. Тэгээд нэг хүний л хувийн өмч болж байгаабайхгүй юу. Тэгээд аавын гарт бөгж байсан. Урьд өдөр нь аав Алтанбулаг ороод ирсэн. Тэгээд бөгжөө, хутгаа ч зүүгээд явсан ирээд унинд зүүгээд орхисон байсанаас нэг алтан бөгж үлдсэн. Ээжийн үсний хэрэглэл гээд их гоё хэрэглэл байсан. Шүр томтой, юу томтой тэр байхгүй. Аавын мөнгөн тоногтой эмээл, гахай нандийн гөлөмтэй, мөнгөн баавартай эмээл хулсан ташуур тэрийг тэр чигээр нь авсан. Манайх ерөөсөө ганцхан мөнгөн хазаар, ногт байсан тэрийг авсан. Тэгээд гэрийн юмыг бүгдийг нь авсан гэж байгаа юм. Үхрийн пэн байна ш дээ тэрний тэрүүгээр өвсөөр хучсан байсан нэг дээрээс нь гараад ац модоор хатгаж сэрээгээр нэг дороос нь хатгаж юм аа нуусан байна уу гэж. Тэгж хүртэл шалгаж байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Юу ч үлдээхгүй?

Дулмаа -

Юу ч үлдээхгүй. Тэгээд 3 нялх хүүхэдтэй хүнийг ганц тугалах үнээ, ганц унагалах гүү тэгээд ганц ч хонь үлдээгээгүй. Тэгээд манай хашаан доогуур шургаж ордог айхтар ямаа байсан юм байна лээ. Тэр ямаа юм хураалгахын урд өдөр айлын хашаанд ороод ишигнүүдээ дагуулаад айлын хашаанд ороод айлын хоньтой үлдсэн байхгүй юу. Тэр л үлдээд 10-аад ямаа үлдсэн. 4-5 ямаал 10-аад ишигтэйгээ үлдсэн юм уу даа. Тэрнээс өөр юу хонь үлдээгүй. Айл амьтан надад ганц хонь ч өгдөг юм, дүү ганц хурга ч өгдөг юм уу тэгээд аавыг гарч ирэхэд 30-40 хоньтой болсон.

Эрдэнэтуяа -

Овоо болсон айн?

Дулмаа -

Тийм. Мал чинь үржихээ хүрвэл үрждэг юм. Тийм байсан гэдэг юм. Тэгээд бүх юмыг хурааж авсан ш дээ. Аа тэгээд манай 2 бурхан одоо бол урлагын бүтээл биздээ торгон дээр зурсан бурханууд, тэгээд гуулин бурхан

Эрдэнэтуяа -

Бүгдийг нь аваад явсан нь уу?

Дулмаа -

Бүгдийг нь аваад явсан. Тэгээд тахил зулыг ээж хэлдэг юм иймэрхүү л байдаг ийм том мөнгөн цөгц байсан гэдэг. Орой зул барихад өглөө хүртэл барьдаг. Нөгөө цөгцөнд барьсан зул өгдөө барихад орой болтол байдаг. Тэгээд 2 зулаар 24 цаг барьдаг байсан гэж. Тэр хоёр мөнгөн цөгцийг аваад, нэг жижиг мөнгөн цөгцийг үлдээгээд, тэр мөнгөн цөгц одоо бий.

Эрдэнэтуяа -

Танд уу?

Дулмаа -

Отгоныд. Тэгээд тэр олон бурхан номнууд байсан. Алтангэрэл гэдэг судар тэр хэвээрээ байсан, юу юу ч гэдэг билээ 3-4 номны нэр хэлдэг юм. Тэр байсан тэгээд дээж өргөх тэр чинь бас их хориотой. Яагаад гэвэл бурхан шашныг хорьж байгаа болохоор дээж өргөх чинь бурханы холбогдолтой болоод явчихдаг. Үнээгээ нөгөө пин дотроо хүн харж байгаад нууцаар дээжээ өргөөд өргөдөг байсан.

Эрдэнэтуяа -

Хүмүүс харвал бас ховлох уу?

Дулмаа -

Ховлож мэднэ гэж айж байхгүй юу даа. Манай тэнд чинь ямарваа нэг ажилд чинь хүмүүсийг өөрсдийнхөө талд элсүүлдэг юм байна л даа. Ногоон малгайтангууд чинь. Санжжав гээд нэг хүн байсан байхгүй юу. Тэр л нутгийнхныгаа тэр ийм, тэр ийм гэж хурааж явж байгаа хүмүүст хэлж өгдөг. Өөрөө баригдаагүй үлдсэн. Тэднийх тийм юмтай байгаа гээд. Манайх чинь ээж хэлдэг юм ш дээ. Ээжийн аавын ээж талаас уламжилж ирсэн 37 ширхэг алтан зоос байсан юм гэнэ лээ. Хамгийн том нь хуучины 20 мөнгөний хэмжээтэй, тэгээд 15 мөнгөний хэртэй, хамгийн жижиг нь 10 мөнгөний хэртэй Николай хааны толгойтой алтан 37 зоос байсан гэдэг юм.

Эрдэнэтуяа -

Николай хаан?

Дулмаа -

Тийм Николай хаан. Тэгээд 20 мөнгөнийх нь хэдэн ч рублийнх юм ээж мэдэхгүй тийм л 37 зоос ээж л ээж ааваас нь өвлүүлээд ирсэн байсан. Манай ээжийн аав нас барчихаад ээж нь үлдсэн байхгүй юу тэгээд хэлсэн юм гэнэ лээ. Энэ олон үед дамжиж ирсэн эдээ. Тэгээд Базаржав Дэжид гээд дүү нь байсан юм. Тэд нарыгаа аайл гэр болгоод гарсан хойно Гочоо өөрөө мэдээд дүү нартаа юу өгөхийг нь өгөх юм байгаа биз та хоёрын юм, та нарын юм гэж хэлсэн гэдэг. Тэгээд аав тарааж өгөөгүй л байсан юм байна лээ. Тэгээд тэр 37 ширхэг алтан зоос тэр чигээрээ

Эрдэнэтуяа -

Хураагдсан уу?

Дулмаа -

Тэр чигтээ хураагдсан ш дээ. Тэр чинь хураахлаараа яасан гэхлээр наад хурган дотортой дээлтэй Алтанбулаг орсон байсан ш дээ тэрийг өмсөж яваад орой нь ирээд орны толгой дээрээ тавьсан байгаа биз. Тэрийг хүртэл хамаж аваад яваад дарж байгаад манай баруун гэрт улаан авдарт хамаг л баыйх л юмыг хийгээд манай ээж хэлдэг юм аав ээж хоёр чинь хоёулаа нэг нэг шинэ хурган дотортой дээлтэй байсан, хятад торгон өнгөтэй. Тэгээд 2 дээлийн хурган дотор байсан хоёулаа нэг нэг дээл хийлгэнэ гээд байсан, тэгээд бас өнгийг нь авсан байсан. Тэр хоёр дээлний хурганы арьс, торго, тэр зоос, олигтой л дээл хувцас юу л байна тэрийг сайн шинэ юм аа хийдэг авдартаа л байсан. Тэгээд тэрэн дээр нэмж чихиж аваад яваад өгсөн. Гэж ярьдаг юм.

Эрдэнэтуяа -

Ер нь хэдэн хүн орж ирж байсан гэдэг вэ?

Дулмаа -

Улаан нүдэн Намсрай, Санжаа гээд 2 хүн хураасан гэдэг юм.

Эрдэнэтуяа -

Тэр хоёр нь ямар учиртай хүмүүс юм?

Дулмаа -

Энэ яахав ногоон малгайтануудын даалгавараар явж байгаа тийшээ явж юм хурааж ир гээд тэгээд тэд нар чинь юмыг их идсэн гэдэг юм билээ. Би тэгээд ээжээсээ манайхаас тийм юм хурааж авсан гээд Санжаа, Намсарай хоёр чинь бичиг хийж өгсөн юм уу гэсэн Санжаа, Намсрай тэр хоёрыг алнаа гэсэн ч мэдэхгүй юм чинь юугаа бичиж өгдөг юм. Бүхий л юмыг хийж аваад л явсан. Лацдаад яг тэрүүндээ хийснээ авч яваагүй орхисон юм гэнэ лээ. Тэгэхлээр би 6 настай дүү Дорж чинь 3 настай байсан юм уу. Эд нар чинь лацыг сонирхоод эвдчихэнэ биздээ. Тэгэхээр нь Намсрай нь билүү, Санжаа билүү чи энэ лац онгойлгоод юм авсан байвал чамайг аваачиж шоронд хийнэ гэж ээжийг хэлсэн гэдэг юм билээ. Тэгэхээр ээж хэлж л дээ би энийг онгойлгож авахгүй ээ учир мэдэхгүй энэ хүүхдүүд хэцүү л байна даа гэж. Аа тэгвэл чи хүүхэд онгойлгосон гэж түрий барьж юм авах нь уу гэж тэгээд бас айгаад Дэжгээг хэлж авдараа буруу харуулж тавьж байсан гэдэг юм билээ. Тийм айхтар тэгээд ирээд авахдаа бас болоогүй манай аавынх чинь их олон адуутай байсан. Тэгээп Пүрэв ах хэлдэг юм. Танай 70-н хэдэн адуу, Лавайн 70-н хэдэн адуу ингээд 150 гаран адууг аавын эмээ нь байсан байхгүй юу. Хөгшин ээжий тэгээд Пүрэв, ах хоёр Ерөө рүү оторт аваачиж өгч тэр чинь 1937 оны намар л байна л даа. Тэгээд эмээ хэлж удаан явахлаар шөнө болоод яасан удаан явдаг юм гэдэг, жаахан хурдан явахлаар хайлган цагт адуу хөөлөө гэж загнадаг тэгээд учрыг нь олдоггүй адуунуудыг нь хүргэж өгсөн байна аа. Тэгээд манай ах чинь аав баригдаад шоронд орчихлоор улсууд дуулаад биздээ эсэргүүний мал маллаж байна ч гэдэг юм уу адууг маань отроор маллаж байсан хүн манай адуу авчираад өгч байна манайд. Манайх чинь яг хил дээр юм чинь. Энэ урсаж байгаа голоос малаа усална, эний цаана л гарвал оросын хил.

Эрдэнэтуяа -

Гарч болохгүй юу?

Дулмаа -

Болохгүй. Тэгээд хураагаад аваад яваагүй юм чинь өөрийн малыг орос руу гаргачихгүй гээд л тэр олон 70 хэдэн адуу чинь манаад тэнд хонолтой биш дураар нь усалчихаад л тэгээд л ууланд гаргаад л байж. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө олон адуу чинь ус уучаад цаашаа грач байна гэнэ ээ. Тэгсэн тэр Санжжав гэдэг хүн эзэн нь эсэргүү эзнээ дагаад мал нь эсэргүү хил давах нь гэж 2 манай хоёр адууг буудаж алсан гэж байгаа. Тийм тэнэг юм байх уу даа. Инээдтэй байгаа биздээ.

Эрдэнэтуяа -

Юм мэдэхгүй мал уу?

Дулмаа -

Тийм. Тийм л тэнэг л хүн байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Тэр хэдэн адуу үлдсэн үү цаашаа явсан уу?

Дулмаа -

Тэгээд тэрийг чинь тэгээд бүгдийг нь хураагаад аваад явахгүй юу даа.

Эрдэнэтуяа -

Өө нөгөө Санжжав нь ховлоод уу?

Дулмаа -

Тэр чинь яахав дээ ерөөсөө юмыг чинь битүүмжилчихээр олон хүн ирээд тэр олон малыг чинь тууж явна. Тэгээд тэр тэргэ чарга дээр чинь юм аа хүлээд л, хураасан юм аа ачина барина бөөн л юм болж л явнга ш дээ.

Эрдэнэтуяа -

Танайхаас 3 хүн хэлмэгдсэн гэсэн ш дээ?

Дулмаа -

Тийм.

Эрдэнэтуяа -

Нэг дор барьсан уу үгүй юу?

Дулмаа -

Нэг дор нэг дор.

Эрдэнэтуяа -

Нэг газар байрлаж байсан гэж үү, зэрэг авч явсан уу?

Дулмаа -

Үгүй. Эхлээд манай аавыг Ханд гэдэг хүнтэй, чи манай Нанжид эд нарыг таних билүү.

Эрдэнэтуяа -

Үгүй ээ.

Дулмаа -

Цагаан эд нарыг танихгүй юу. Тэд нарын аав.

Эрдэнэтуяа -

Хамаатан уу үгүй юу? Зүгээр нутгийн хүн үү?

Дулмаа -

Нутгийн хүн. Тэр хоёрыг барьсан юм. Тэгээд тэр чинь нэг сард. Тэгээд тэд нарыг барьсанаас хойш тэгээд Хүдрээс, Хазайгаас, Ерөөгөөс улсуудыг бариад бариад ингээд буудаад байсан гэж байгаа юм. Хавар 4 сарын үед ээжийн чинь аавыг Очиргуай байна ш дээ тэр хоёрыг Хүдэрт хуралд оч гээд хуралд очиж. Багын хурал. Хуралд очоод хурал тартал Гончиг гэдэг хүн Данзан, Очир хоёр надтай хамт явна аа гэж. Яах гэж байгаа юм гэсэн баривчилах гэж байгаа юм тэгсэн чинь тэдний аав хэлж л дээ Данзан одоо хоёулаа яах вэ гэж тэгсэн үгүй ээ Очир нь Данзандаа хэлж л дээ. Тэгсэн Данзан хэлж гэнэ. Оломоо чангал гээд чангалаад эмээлээд засаад барих гэж байсан хүн Гончиг гээд хүн байж л дээ. Гадаа уян дээр тэгж ярьж байсан аа нөгөө хоёр чинь олом оо чангалаад хоёулаа морио унаад ташуур өгөөд Чагтаа руугаа давхижээ. Хойноос нь тэр Гончиг гэдэг нь ч давхиж. Нөгөө 3 чинь хойно урдаа ороод л Чагтаа хүрээд ирж гэнэ. Чагтаа хүрч ирээд тэр Гончиг нь Дансран өвөөгийнд чинь хонож. Өвөөгийн чинь аав. Маргааш өглөө нь нөгөө хоёрыг чинь тэр шөнө өө л баривчилах даалгавартай гээд хэлсэн юм байлгүй дээ. Би баривчлагдахгүй гээд зугтаах эрх байхгүй хамаг амьтаныг барьж байгаа юм чинь ямар хэрэг хийгээгүй хүн чинь яагаад намайг барих гээд байгаа юм гээд явжээ. Гэхдээ тэр хоёрыг барьж явахдаа Гарамжав гэдэг хүн тэдний урдхан талд байж тэднийд буугаад Гарамжавыг нэмж бариад 3 болгоод Алтанбулаг аваад явжээ. Алтанбулагт аваачаад нөгөө шоронгийн хүнд л хэлдэг юм биздээ. Нөгөө шоронгийн хүн гарч ирээд нөгөө тууж аваачсан Гончигийг нэмээд 4 болгоод нөгөө гэртээ хашчихажээ. Барьж ирсэн хүнтэй хамт. Тэгээд тэр үед шорон нь багтхаа байгаад гэр гэрт л хорьдог л байж л дээ. Гэрээр нь дүүрэн хүн багтаж суухын аргагүй. Тэгээд Гончигтойгоо нөгөө хоёр чинь байцаасан болдог юм биздээ. Тэгээд хэлдэг л юм нь японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэдэг л юм байна л даа. Өө би хувьсгалын эсэргүү юм байхгүй малаа маллаад амьдарч байгаа гээд хэлээ биздээ. Японы тагнуул гэхээр тэр япон хаана байдгийг ч мэдэхгүй юм чинь. Аа чи битгий худлаа хэлээд бай гээд цуурхал тарааж байсан гэсэн ял тулгаад нөгөөдүүлийг нь хэд хоног байцаасан болоод тэгж байгаад л 10 жилийн ял өгөөд шоронд гаргаад байдаг. Гончиг нь ч 10 жил, Гарамжав нь 10 жил Очир, Данзан 4-үүлээ 10 жил. Тэрний өмнө орсон бүх хүмүүсийг чинь заримыг нь алдаг, заримыг нь 10 жил өгдөг тэрнээс 10 алхаас өөр юу байхгүй. Тэгээд байж байтал манай Бадархүү ах чинь. Гал командад ажилтай байсан юм байна лээ. 5 сар болоод манайхан чинь зусланд гарч байгаа юм. Зусланд Дүгэрээ гэдэг газар гардаг байсан. Тэгээд байтал чинь тэр хавиар баригдаагүй хүн бараг байхгүй болчихож. Манай аав ээж хоёр таван сард тэр нутгаас Алтанбулаг орсон чинь Базаржавыг шоронд хийчихэжээ гэж байсан. Тэгээд бас хийсэн хэрэг байхгүй л бас баригдаж байгаагаа бүгдээрээ л мэдэж байгаа ш дээ. Яагаад ингэж барьж байгааг гайхаад. Тэгсэн нэг өдөр хэдэн хүн орж ирээд тэдний чинь бас л мал хөрөнгийг нь хураагаад авчихаж байгаа юм чинь. Тэгээд шоронд орчихоод газарт явахад чинь 2 сар гэлүү 3 сар ч гэлүү шоронд байж л дээ. Тэгээд асуудаг л юм нь аа нөгөөдхийг чинь Алтанбулаг ажил хийж байсан болохоор чинь Алтанбулагт энд тэнд гал гардаг юм байна аа тэрийг чи санаатай тавьсан уу, галдан шатаасан уу, үгүй ээ би үүрэгт ажлаа хийж байсан. Аа чи тэрийг шатаасан байх ёстой хэний даалгавараар хийсэн японы тагнуул уу ийм л юм тулгадаг, тэгээд үгүй л гэдэг үгүй гээд ч нэмэр байдаггүй, нотлох баримт ч байхгүй бас л 10 жилийн ял. Тэгээд манай нутаг чинь 10-аадхан айл байсан ш дээ Чагтан харуулд чинь. Тэгээд Гомбожав гээд нэг залуухан хүн байсан тэр цэрэгт явсан байсан. Тэр баригдаагүй үлдсэн. Аа бас Гүрхай гээд нэг хөгшин байсан нөхөр нь нас барсан тэгээд тэднийхэн бас хураагдаагүй, бас Мичигмаа гээд бас олон хүүхэдтэй нөхөр нь нас барсан юм уу, салсан юм уу тийм нэг авгай байсан тэднийх юм нь хураагдаагүй. Бүх эрэгтэй хүнийг нь барьсан айлын чинь бүх юмыг нь авсан тэгэд Чагтанд мал залч гэх юм байхгүй арав тавхан малтай, айлд ганц хоёр үхэр үлдээвэл үлдээгээд, ганц нэг морь, тав гурван хонь үлдээгээд үлдээхгүй бол үлдээхгүй, мал байхгүй зэлүүд болсон. Хэдэн хүнтэй л үлдсэн байж байгаа. Тэгээд тэндээ 1938 оноос хойш амьдраад байтал чинь 1941 онд чинь эх орны 2-р дайн эхэллээ ш дээ. Тэгэхлээр сумаас та нар хил хязгаар газар, яг хил дээр ш дээ манай нутаг чинь, хил хязгаар газар байж болохгүй эсвэл ерөөсөө Хранруу нүүгээд, хүүхдүүдээ Алтанбулгын сургуульд оруулаад Хранруу нүүгээд Ерөө рүү нүүсэн айл бараг байхгүй. Тэгээд Чагтаа чинь эзгүй болоод одоо ч гэсэн хүн амьтан байхгүй эзгүй зэлүүд нутаг л байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Өөр хэлмэгдэлт болж байсан уу? 1938 оноос өөр? Баабарын номон дээр нилээд олон хэлмэгдүүлэлт байдаг ш дээ?

Дулмаа -

Тэр ч яахав дээ 1938 оноос өмнө 1932 онд чинь лам нарын эсэргүү бослого гээд гарсан юм. Хөвсгөлд, Архангайд танкийг лам нар олсоор хүллээ гээд нэг онигдоод шиг юм байдаг ш дээ. Тэр үед чинь лам нарын чинь сүм хийдийг шатаагаад, алдартай лам нарыг чинь шорон оронд хориод байхад чинь шавь лам нар чинь бослого гаргаж байсан байхгүй юу. Шашинаа хамгаалж. Тэгээд тэд нарыг цөмийг нь цэргийн хүчээр дарсан ш дээ. Хөвсгөлд бас тийм бослого гарсан тэрийг бас дарсан. Архангайд гарсан тэрийг дарсан. Хамтрал коммун гээд 1930 хэдэн онд байгуулж байсан юм гэнэ лээ. Тэгэхлээр айлуудын малыг сайн дурын нэрээр бас хурааж аваад оросын хамтралын журмаар байхаа даа. Тэр үед хүн ам ч цөөн мал олддоггүй, тэгээд сүүлдээ аргагүйн эрхэнд тараасан. Ээж аав хамтрал коммун гээд мал хурааж баысан тухай ярьдаг юм. Тэгээд яаж тараасан яаж буцааж өгсөнийг мэдэхгүй. Би тодорхой мэдэхгүй асууж лавлаж байгаагүй. Энэ дээр бас хамтрал коммун байгуулж байсан эмэгтэйчүүдийн үсийг тайрч байсан ингээд тайраад, ногоон малгай өмсүүлээд, цэрэг бүсийг нь бүслүүлээд хувьсгалт залуучуудын гишүүн гээд үсийг нь тайраад нугалаа завхарал гарч л байсан. Тэгээд энэ чинь 1937 оны үеэс л эхлээд л 1942 оны үед гайгүй болсон. Бөөнөөр нь барьж хорьдог нь гайгүй болоод тэгээд мэр сэр төр засгийн бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг чинь нам төрийн эсрэг гээд сэхээтэн голдуу улсыг барьж байсан. 1950-аад оны үед чинь Төмөр-Очирын хэрэг гээд хэсэг сэхээтнийг хэлмэгдүүлсэн. 1960-аад оны үед Цэдэнбалыг гутаасан Лоохууз, Нямбуу, Сурмаажавын хэрэг гээд эд нарыг чинь бараг 25 жил цөллөгөнд байлгасан ш дээ. Тэгээд ардчилалын үеэр л суллагдаж гарч ирсэн. Энэ хооронд чинь эдний хамсаатангууд гээд чинь 1938 он шигээ л Лоохуузын хамсаатан, Сурмаажавын хамсаатан, Нямбуугийн хамсаатан гээд бөөн сэхээтэнүүдийг чинь ажил төрлөөс нь халаад нэг ёсондоо цөллөг ийш тийм хот орох эрх байхгүй, хүүхэд нь гадагшаа сургуульд явах эрх байхгүй, тэр сумнаасаа өөр тийшээ явахгүй л аймгийн дотоодоос хамгаалахаас зөвшөөрөл авна. Бас л тийм л хяналтан доор улс төрийн хоригдолууд байсан ш дээ. Тэгээд 1990 онд л суллаж хэлмэгдүүлэлт байхгүй болж байна. Ардын хувьсгал 1921 онд үүссэн, тэгээд 1922, 1923 оноос л лам нараа устгаад, Бодоо, Данзан гээд хувьсгалд оролцож явсан хүмүүсийг чинь алсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Төмөр-Очирын хэрэг гэж, Лоохууз, Сурмаажавын хэрэг гэж ямар хэрэг юм?

Дулмаа -

Цэдэнбалынхаа ажлыг, арга ажиллагааг л шүүмжилсэн л хүн л дээ. Их өндөр боловсролтой хүн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Төмөр-Очир гэж үү?

Дулмаа -

Тийм. Намын хорооны нарийн бичиг байсан. Сүүлдээ л Цэдэнбалтай л харшилдаж л эхэлсэн байхгүй юу. Тэгээд л бас сэхээтэний төөрөгдөл гээд юугаар л. Төмөр-Очир чинь ганцаараа ч биш их сургуулийн багш Ламжав хүн олон жилээр хоригдож байсан юмдаг. Сэхээтэний төөрөгдөл гээд юугаар. Тэгээд хэнийг чинь намын төв хорооны нарийн бичгийн дарга байхад нь хойшоо амар гээд явуулчихаад тэр хойгуур нь яагаад Төмөр-Очирыг авсан. Хэнийг онгоцоор ирэхэд нь машинаар тасч аваагүй, юуг нь тасалсан байсан. Тэгээд хөдөө хөөгөөд ай бүгд хурал хийсэн юмс байлгүй дээ чи эсэргүү ажил хийсэн гэж ажлаас нь буулгаад хөдөө дарханд явуулж байгаад алагдсан ш дээ. Алсан хүн олдохгүй л байгаа ш дээ. Улс төрийн аллага л гэж үздэг л юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Лоохууз, Сурмаажав, Нямбуугийн хэрэг гэж?

Дулмаа -

Тэд нар ч яахав 1964 онд төв хорооны бүгд хурал 12 саод байна уу, 1 сарл байна уу тэрэн дээр тэр гурав гурвуулаа Москвад коммунист намын сургуульд сурч байсан юм. Тэрг сэхээтнүүд манай намын ажил буруу байна аа, Цэдэнбалын ажил муу байна, ард түмний амьдрал дээшлэхгүй байна, ард түмэн цоорхой гэртэй байна, нэгдлийн хониноос шинэ шөл хийх хонины мэдэлгүй байна. Өчнөөн өөрсдийхөө малыг хураалгачихаад, өөрсдөө маллаж байж ийм эрх мэдэлгүй ядуу дорой байна энэ тэр гээд байж болохгүй гээд ард түмнийхээ амьдралыг сайжруулах хэрэгтэй, ялангуяа малчидын амьдрал, тэгээд энэ нэгдэлжих хөдөлгөөн чинь зөв ч юм уу буруу ч юм уу ийм утга санаатай юм. Тэгээд Монгол хөгжил бол ерөөсөө ганцхан орос улсын хараат байна гэж шүүмжилсэн юм байлгүй тэгээд энэ 3 Цэдэнбалыг шүүмжилээд тэгээд бүгд хурал тэр гурвыг дагахаар болчихгүй юу тэгэхээр нь бүгд хурал аа завсарлуулаад нөгөө гурвыг нөгөөдүүлтэй нийлүүлэхгүй байж байгаад төлөөлөгчид дотор чинь Цэдэнбалын талынхан олуулаа эд нар намын эсрэг буруу юм хийж байна, эд нарыг намаас зайлуулах хэрэгтэй гэсэн тийм опериац явуулаад энэ гурвыг чинь хуралаас, намаас нь хасаад намын эсэргүү бүлэг гээд хөдөө цөлсөн байхгүй юу. Нямбууг чинь би бол сайн танина яагаад гэвэл бид нар Өмнөговьд байхад аймгийн намын хорооны даргаар очиж байсан юм. Авгай нь эмч хүн бид хамт ажиллаж байсан юм. Нямбуугуй манай хоёр манайх 49-60-р байр байхад тэднийх манай хойд талын байшинд. Тэгсэн чинь тэр хуралаар Нямбуу шиг л муу хүн байхгүй гээд телевизээр яриад эхлэхгүй юу. Тэгсэн манай их сургуулийн багш ирэхгүй юу эд нар ийм болж байна. Ийм өрөвдөлтэй юм болоод та нар гэрээр нь очивол хамсааиан нь болно шүү. Энийг чинь хараад өчнөөн хүн айлын цонхоор хараад зогсож байгаа хэн эднийх рүү орох нь вэ, хэн гарах нь вэ гээд хараад байж байгаа гээд хэлсэн байхгүй юу. Нэрээ тэгээд харсан чинь машин дээр тэр чинь бүр өвлийн хүйтэн ш дээ. Ачааны машин дээр юмыг нь ачуулаад, тэгээд ачуулчихаад байрыг нь хурааж аваад өөр хүнд өгөөд эхнэр нь өвлийн хүйтэнд 4 хүүхэд ээ аваад Дорнодын Эрээнцавд ажиллахаар цөлөгдөж очсон ш дээ. Тэгээд би уржинан юм уу даа Цэрэндолгортой авгайг нь Цэрэндолгор гэдэг юм. Бид хоёр тааралдаад 2-р эмнэлэг дээр тэгээд тэгсэн гээд учраа ярихгүй юу. Өө тэгэлгүй яахав бид нар чинь хорин хэдэн жил эрх мэдэлгүй байлаа. Манай өвгөн чинь их сургуульд декан байсан байхгүй юу. Тэгээд Нямбуугуйан хүүхэд Ганболд гэж хүүг тэнд байхал нь би нэрийг нь мэднэ л дээ. Наашаа цаашаа очдог орж гардаг байсан. Ганболд төгсөөд хойшоо явах гэсэн чинь явуулаагүй юм байна аа сурлага сайтай толгойтой хүүхэд бий. Сэргэлэн гээд охинтой байсан юм. Сэргэлэн бас энд сурч байгаа толгойтой охин бий гэж ярьж байсан. Нямбуугийн хүүхэд өөрийнхөө овгоор байсан, Сурмаажав хүүхдээ өөр хүүхдийн овгон дээр оруулсан. Тэгээд хойш нь сургуульд явуулсан. Төр эд нарыг 25 жил хоричихоод ардчилалаар суллаад тэгээд эд нар чинь ардчилсан намын гишүүн болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ юү? Тэр гурвын ар гэрийнхэн үү?

Дулмаа -

Үгүй тэд нар чинь өөрснөө. Ардчилалын анхны хурал болоход чинь тэд нар оролцсон. Ардчилсан намын гишүүд эд нар гээд байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Лоохууз, Сурмаажав, Нямбуу нь одоо амьд уу?

Дулмаа -

Нямбуу гуай нас барсан. Сурмаажав нас барсан. Лоохууз л байгаа. Нямбуу гуай 2 жилийн өмнө хавар нас барсан.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд нь яасан?

Дулмаа -

Яахав боовсрол эзэмшээд их сайн явж байгаа ш дээ. 25-н Д гээд нэг нэвтрүүлэг явдаг ш дээ. Тэр нэвтрүүлэгээр Нямбуу гуай яриа хийж байна лээ. 2 хүүтэй, 2 охинтой, 2 хүргэн, 2 бэргэн өчнөөн ач зээтэй бүгдээрээ сайхан мэргэжилтэй сайн сайхан явж байна аа. Бид хорин хэдэн жил хөдөө гадаа зовж явсан ч гэсэн хүүхдүүд маань боловсрол олсон инэгж ярьж байсан.

Эрдэнэтуяа -

Монгол хэр шахаж хавчиж байсан юм бол тэр хүүхдүүдийг нь?

Дулмаа -

Гадагш нь сургууль соёл явуулахгүй Төмөр-Очиргуайн авгай Минжбадгар гээд авгай бид Шарга морьтод хамт лагерьт гарч байсан юм. Тэгэхэд манай хөргөгчинд юм аа хийдэг байсан байхгүй юу. Тэгээд манайд орж ирээд ярина. Өвгөн маань тэгээд тэгээд би наашаа ирсэн. Өвгөнийг чинь хаашаа явж байна, хэнтэй уулзаж байна тэрийг нүд салгахгүй харж байдаг байсан хэрнээ л алуулдаг шөнө нь нахяам мэдээгүй юм гэнэ лээ. Тэгээд хэнийч санаанд орохгүй биз гэж байсан ш дээ. Тэгээд алсан хүн нь олдоогүй ш дээ. Тэгээд Нямбуугуйн хүүхдийг гадагш нь явуулаагүйгээс энд сурсан. Лоохуузыг мэдэхгүй ээ. Лоохууз чинь бас хичнээн хэлмэгдэв дээ. Цөллөгөнд байж байгаад малчин болгосон. Лоохууз чинь өөрөө гарын дүйтэй болохоор Монгол гутал оёод, гөлөм оёод зараад хонь малтай болоод овоо хөрөнгөтэй болсон чинь хөрөнгөтөн боллоо гээд бас юмыг нь хураагаад шийтгээд ба Хөвсгөл билүү хаашаа билээ явуулсан. Тэгээд ар гэр нь хамт дагаад явахад хэцүү юм. Тэгээд худлаа салаад авгай хүүхдээсээ саллаа гэж шүүхээр орж дотроо яриад амьдралаа бодоод хамт байвал ар гэр гээд хавчаад унана. Тийм болохоор нь худлаа салаад, авгай хүүхдээ энд нь орхиод хөдөөгүүр цөллөгдөж яваад ирсэн юм. Сурмаажав гэдэг чинь Бор-Өндрийн уурхай гэдэг газар том боловсролтой хүн ш дээ тэнд нярав билүү, нягтлан хийж байсан гэсэн. Нямбуу гуай ч бас нярав хийж байсан, малчин ч хийж байсан.

Эрдэнэтуяа -

Байнга хараа хяналтанд уу?

Дулмаа -

Байнга.

Эрдэнэтуяа -

Хатуу хянадаг байсан уу?

Дулмаа -

Тэр чинь орон нутагт нь тагнуулууд муу гар хөлийн үзүүр болсон улсууд зөндөө л байгаа ш дээ чи Нямбууг харж бай гээд үүрэг өгчихдөг тэгээд хаашаа явсаныг нь хараад л нахяамнаас цалин аваад л тиймэрхүү хүн зөндөө л байгаа ш дээ. Тэрнээс бол буутай хараад байгаагүй байх л даа. Би 1962 онд юм уу даа Дорнод аймагт дуудлагаар очсон юм. Тэгээд Нямбуу гуайг Эрээнцавд байгаа гэж дуулаад эмч нартаа хэлэхгүй юу би Нямбуугуайтай Өмнөговьд цуг байсан очоод уулзчихаж болохгүй юу гэсэн болохгүй чи хэрэгт орно тэр чинь хүний хяналтанд байдаг юм. Нямбуугийнхаар хэн оров, хэн орж гарч байна, хэдэн удаа уулзсан бүгдийг хяналтанд чи бас л эсэргүү болно. Тэгээд би айгаад очиж чадаагүй ш дээ. Тийм л хяналтанд л байдаг байсан юм билээ.

Эрдэнэтуяа -

Орсон гарсан, уулзсан учирсан хүнийг хамсаатан нь гээд бариад?

Дулмаа -

Тийм бариад л.

Эрдэнэтуяа -

Мэдээлэл өгдөг, дамжуулдаг л гэдэг байх л даа. Эхнэрийг нь бас ажлаас нь чөлөөлсөн үү?

Дулмаа -

Үгүй ээ эхнэрийнх нь үдсэн ажлыг хийлгэж байсан. Цэрэндолгорыг бол ажлыг нь хийлгэж байсан.

Эрдэнэтуяа -

Эрээнцавд уу?

Дулмаа -

Эрээнцавд. Ажлаа хйиж байсан. Сурмаажавын чинь авгай багш Чулуун гээд ажлаа хийж байсан. Чулууныг ч би танина дарханы эдлэлийн механик хийж байсан юм. Хүүхдээ харин өөр хүний нэр дээр болгож байж ах дүүгийнхээ нэр дээр болгож байж хойш нь сургуульд явуулсан гэж ярьж байсан.

Эрдэнэтуяа -

Хяналтанд байж яаж тэрийг зохицуулсан юм бол оо? Хүүхдээ өөр хүний нэр дээр байлгаж?

Дулмаа -

Үгүй яахав дээ тэр үед чинь хүүхдээ үрчлүүлэх юм байна биздээ.

Эрдэнэтуяа -

Аа тийм нэрээ л.

Дулмаа -

Тийм. Би ялтан болсон энэ хүүхдийг тэжээж чадахгүй гээд ах дүүгийнхээ нэрэн дээр оруулаад тэр маягаар л үргэлжилж байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэр Лоохууз, Сурмаажав, Нямбуу эд нарыг тийм юм гаргаж байхад хүмүүс хэр дэмжиж байсан? Санад шүүмжлэл гаргаж байхад?

Дулмаа -

Тэр чинь яагаад гэвэл намын бүгд хурал хийлээ, намын бүгд хурал чинь хаалттай болно сонин хэвлэлд гарахгүй юм чинь Цэдэнбалыг юу гээд шүүмжилсэн бид нар мэдэхгүй ш дээ. Сонин хэвлэлд юу гэж гарна гэхээр эд нар намын эсэргүү ухуулга суртал хийлээ, намын эсрэг тэрсүү үзэлтэн гээд элдэв муугаар хэлээд байхад аа тийм гэж ойлгохоос цаад үнэн учрыг би мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Энэ талаар хүмүүс ярьдаг байсан уу?

Дулмаа -

Сэхээтэнүүд бол мэдэж л байсан байх ил дэмжие гэхээр бүгд л эсэргүү болчих гээд тийм учраас өөр хоорондоо яриад тийм.

Эрдэнэтуяа -

Танайхаас 3 хүн баригдсан гэж байсан энэ 3 зүгээр малчин байсан уу, лам хувраг хүн байсан уу?

Дулмаа -

Лам биш ерийн л хар хүн байсан. Яалаа гэж бидний хүргэн болох Данзан чинь лам хүн байсан ш дээ. Нөгөө хоёр нь хар хүн.

Эрдэнэтуяа -

Хар хувцастай лам байсан уу, лам хувцастай лам байсан уу?

Дулмаа -

Лам нар лам хувцасаа өмсөөд хийддээ суух нь 1937 онд цөөрсөн, тэрнээс өмнө 1930-аад оноос өмнө Чагтайн дугана гэж байсан юм. Тэнд бол лам нар чинь тэр лам хувцасаа өмсөөд, хурал номоо уншаад сүм дугана их гоё байсан. Тэнд очиж байсан их л бага байсан даа. 2 давхар гоё байшин байсан. Жил жилээр аажим аажимаар лам нар хавчигдаад бариад ирэхэд лам нар айгаад л болиод байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Далд хэлбэрээр?

Дулмаа -

Далд хэлбэрээр явж байсан байх.

Эрдэнэтуяа -

Эдгээр хэлмэгдсэн хүмүүсийг 1990 оноос л цагаатгасан байх, тэрнээс өмнө эсэргүүний хүүхэд гээд янз бүрийн дарамт байсан уу? Ажил амьдралд чинь?

Дулмаа -

Надад бол үнэндээ нөлөөлсөн юм байхгүй эсэргүүний хүүхэд гээд. Бага байхад эрэгтэй эмэгтэй хүүхэд муудалцахад манай тэр Доржийн хүүхэд эсэргүүний хүүхэд гэхээр зодолддог байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Өөр хүүхдүүд тэгж шоолдог байсан гэж үү?

Дулмаа -

Намайг эмэгтэй гээд эсэргүүний хүүхэд гээд энэ тэр гэж байсан юм байхгүй. Сургууль соёлд ороход тэгээгүй. Би намын даргадаа хэлсэн би намд орохгүй яагаад ч орохгүй гэж байгаа. Тэгээд намын даргадаа хэлэхгүй юу аав тэгж байсан олон хүний дотор танай аав эсэргүү гээд, яагаад эсэргүү гэсэн эд нар гээд асуудал гарвал хар төвөг яршиг гэсэн. Миний ээжийн төрсөн ах лам Булганы хүн л дээ. Булганы ямар хийдэд ч сууж байсан юм жирийн л шашныхаа мөрийг хөөгөөд явсан эсэргүү гээд л алагдсан. Тэгээд бас буриадуудыг бас хомроглон алсан. Лам нар бол төрийн эсрэг ямар ч буруу юм хийсэн юм байхгүй. Хэлмэгдүүлэлт гэж боддог юм. Чи тэрэнд санаа зовоод байх юм байхгүй. Малчин гээд биччих. Аа тэгээд тэрийг чамаас асуух хүн ч гарахгүй байх. Асуух хүн гарвал би хариултыг нь өгөмц гэж хэлсэн. Тэгээд ор гээд тэгээд би яахав тэгэхлээрээ би бичихдээ ингэж баригдсан тэгээд цагаадсан, цагаагдсан гэж бичээрэй гэсэн. Тэгээд надаас танай аав ямар хэргээр орсон юм, яагаад цагаадсан юм, ямар ял эдэлж байсан гэж асуусан хүн байгаагүй.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд юм?

Дулмаа -

Би анх 1960 онд орсон. Үгүй ээ 1961 онд юм байна. Тэгээд би их хурлын депутат болно ш дээ тэгсэн чинь намын үүрийн дарга хэлж байна аа. Дотоод яамнаас манай ээж аав хоёр дээр нууцаар очиж уулздаг юм байна. Өнөө эсэргүүний хүүхэд чинь гэдэг ч юм уу очиж уулзаад аав ээж орсон гарсан хүнд цай унд болоод юм ярьж л байна тэгээд цай хоол унд идүүлээд явуулаа биздээ. Тэгээд ирсэн хоёр сайхан хөгшин байна ундтай устай, орсон гарсантай ярьсан хөөрсөн жирийн л хоёр сайхан буурал байна гэж хэлсэн байна лээ.

Эрдэнэтуяа -

Бас тэгж туршдаг айн?

Дулмаа -

Дотоод яам чинь тэгж шалгадаг юм байна лээ. Эсэргүү хэвээрээ байна уу, төрд ямар санаатай байх нь вэ гээд шалгадаг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Хүүхэд нь төрд орж байна ямар санаа бодол агуулж ард юу гэж сууж байна?

Дулмаа -

Тийм тэгж шалгадаг юм байна лээ. Төрд орсон хойно оо яах нь вэ гэж шалгадаг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Уул нь ч чанга л байсан юм байна тийм ээ? Нэг талаараа хэлмэгдүүлэлт нь жаахан. 1937-1938 оны үед хүмүүс хэлмэгдсэн байхад танай ээж чинь ярьж байсан уу хүмүүс тэгж байна гээд хэлмэгдүүлэлтийн талаар ярьж байсан уу?

Дулмаа -

Ингэж байна лээ ээж Чагтаагаас манай аав баригдаагүй байхад л хүмүүс баригдлаа гэж дуулддаг, тэгээд хөрөнгө хогшилыг нь хурааж байна гээд л дуулддаг тэгээд ээж аав хоёр хоорондоо ярьж л дээ. Юу болоод байгаа юм яах улс билээ бид гэж. Тэгэхээр аав хэлж хийсэн хэрэг байхгүй бидэнд тэр улсыг чинь японы тагнуул л гэнэ, ардын дайсан л гэдэг юм бид галдан шатаагаагүй, хулгай дээрэм хийгээгүй мөрөөрөөр л ээж ааваасаа авсан малаа маллаад, үр хүүхдээ өсгөөд хэрэг хийсэнгүй жирийн л амьдарч байгаа. Тэгэхлээр биднийг юу гэж бариа аж дээ гэж ярьдаг байсан. Тэгэхлээр үнэхээр тийм байсан юм чинь хэрэг хийгээгүй юмчинь ирээд барина гэж санахгүй л байсан. Тэгсэн нэг өдөр ирээд бариад нэг бичиг үззлдэг юм гэнэ. Тэр барьсан бичгийг нь Намсрай тэр хоёр чинь мэдэхгүй ш дээ. Алтанбулгын дотоод яамнаас л өгсөн бичиг байдаг л юм байлгүй, тэр тэрийг барь гэдэг юм байлгүй. Тэгээд л бариад аавыг аваад л явдаг тэгээд л хамаг юмыг нь битүүмжилчихээд л энэнд хүрч болохгүй гэчихээд аавыг аваад явсан. Тэгээд ээж очиж эргэнэ гэж Пүрэвдорж ээжээс гараад 28 хоноод байж байсан хүүхдийг чинь өвлийн хүйтэнд аваад явах юм уу, орхиод явахад хэн харах юм би 6-тай. Тэгээд эдний ээж Дэжигээ очиж харж, Алтанбулгаас хоол цай аваачна гэхээр их хэцүү. Тэд нар чинь олон жил болсон болохоор гэнэт юм идүүлж болдоггүй ш дээ. Гэдэс нь зангирч үхдэг байхгүй юу. Тэгээд манай эмээ хэлж байгаа юм. Өлсөж байгаа хүнп их юм өгч болдоггүй юм. Эхлээд ерөөсөө ёотон юм уу нэг юу өгвөл энийгээ хүлхээд л энийгээ дуусгана тэгээд дараа нэгийг хүлхэж дуусгана тэгээд хагас балга цай ууна тэгж байж жаахан юм иднэ тэгэхгүй юм гэнэт идэх юм бол гэдэс чинь ягширтал наалдсан байдаг байхгүй юу олон хоног хоосон байж байгаад тэгээд юм идэхлээр чинь нөгөө дэх чинь онгойхгүй зарим нэг газраа ороод, зарим нэг газраа орохгүй тэр хоосон гэдсийг чинь бие биетэйгээ орооцолдчихдог тэгээд гэдэс зангирах гэдэг юм болдог байхгүй юу. Тийм учраас хамаагүй юм өгч болдоггүй. Тэгээд аавд нэг шар тос аваачаад тэгээд тэрийгээ долоодог тэгж байж юм идэж ууж байсан. Мэдэхгүй байсан учраас гэрээсээ мах чанаад тэгээд аваачаад өгдөг, хэдэн цагийн дараа үхдэг байсан гэж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь өөрөө тэрийг мэддэг байсан байх тийм ээ?

Дулмаа -

Хэлж явуулсан.

Эрдэнэтуяа -

Аан явахад нь уу? Аан эргэж байгаа хүнд нь үү?

Дулмаа -

Эргэж байгаа хүнд нь. Тэгэхэд бол залуу улс аав чинь 34 –тэй, ээж чинь 31-тэй байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь хаана хоригдож байсан юм бэ?

Дулмаа -

Алтанбулагт. Ял аваад 10 жил тэгээд гарлаа ш дээ. Угтаалын сангийн аж ахуй гээд Төв аймгийн угтаалын сангийн аж ахуйд шоронгийн ажил, тэгээд Алтанбулаг тэрний урд тариа ногоо тарьж, үгүй яахав улаан будаа тарьдаг, төмс ногоо тарьдаг тэр нь шоронгийнхоо хоригдлуудыг тэжээх аж ахуй маягийн байсан юм уу даа. Тэгээд талх тариа тарьж, мужааны ажлаар чарга эд нар засах гээд цаг наргүй ажлаад үүр цайхад л босч хар талх цай уугаад цагтаа туугаад хоригдлууд ажилдаа гардаг. Өдөр нь нэг юм идүүлээд орой харанхуй шөнө болтол цаг наргүй ажил хийдэг байсан гэдэг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд харин эрт суллагдсан юм байна ш дээ? Шоронгоос суллагдсаны дараа арас нь хараа хяналт байсан уу? Эсэргүүний хүн шоронгоос гараас юу хийх нь вэ гээд ч юм уу?

Дулмаа -

Цаана байсан л байлгүй. Би яаж мэдэх вэ. Хүн харж бафйна яхнаж байна гэж бид мэдэхгүй. Нууцаар хардаг тагнадаг хүн байсан л байлгүй.

Эрдэнэтуяа -

Амьдрахад нь ер нь сөрөг нөлөө гаргаж байсан уу? Эсэргүү байсан гээд энд?

Дулмаа -

За эсэргүү гээд малаа маллахад нь саад болсон юм байхгүй. Тэр үед ямар улс төрийн ажилд оролцоод баг сумын дарга гээд хийж явсан биш дээ улс төрийн ажлаас хөндий л байсан ш дээ. Гарч иргэний амьдралаар амьдраад чи малаа олон болгочихлоо ч юм уу элдвийн ял сонсогож байсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Бадаржав гэж хэн бэ?

Дулмаа -

Аавын төрсөн дүү? Дарь эгч эд нарын аав. Бас л 10-н жилийн ял аваад

Эрдэнэтуяа -

Хэдэн жил хоригдсон?

Дулмаа -

Ааваас түрүүн гараад ирсэн ш дээ. 4 жил болоод гарсан юм уу даа. Данзан ах чинь бүтэн 10 жил танай аав чинь.

Эрдэнэтуяа -

Тэрийгээ ер нь юу гэж ярьдаг вэ? Арай эрт гарсан, арай орой гарсан аа?

Дулмаа -

Аав эд нар бол ажлаа сайн хийсэн, ноогдсон юм аа хийсэн худлаа үнэн заль гаргаагүй, хүнд ажлыг нь орхигдуулаагүй одоогоор бол норм төлөвлөгөөгөө сайн биелүүлээд л явсан юм байна л даа. Тэгээд дүрэм журмыг нь сайн сахидаг байсан байна л даа. Оргож барьсан юм байхгүй, хэл ам гаргасан юм байхгүй хэлсэнийг нь хийгээд явж байсан болохоор сая юу гэнэ вэ шоронгийн хүмүүжигч сайн хүмүүжи байна гэнэ үү тэрэн шиг л байсан юм байлгүй дээ.

Эрдэнэтуяа -

1961 онд та намд элсэн гэж байна ш дээ тэгэхэд цагаатгасан гэж юм яригдаж байсан уу? 1960-н хэдэн цатаагсан гэж зарим хүмүүс ярих юм?

Дулмаа -

Тэр үед нам төрд том ажил хийж байсан Баасанжав намын төв хорооны дарга байсан тэрний охин манайд эмч байсан юм даа тэр байна өөр хэд хэдэн тэр үедээ л нам засагт дээгүүр алба хашиж байсан. 1960-аад оны үед чинь цагаатгах 1957-1958 оны үед чинь оросод чинь Сталиныхаа бузар булайг шүүмжилсэн хурал болсон Сталинаа буруутгасан байхгүй юу. Тэгээд Сталин чинь маш их хэлмэгдүүлэлт хийсэн байхгүй юу өчнөөн сая тариачныг, өчнөөн сая ажилчиныг алж хядсан байхгүй юу. Сталины буруу алдаа гээд манайд ч гэсэн Чойбалсанг тахиж шүтэх явдал байсан тэр бол буруу гэж үзээд тэгээд энэ их эсэргүү хэрэг явдлыг авч хуралдсан юм. Авч үзээд ирэхлээр Гэндэн даргатай тусгай комисс байгуулсан юм. Тэгээд тэр Гэндэн бол энэ олон юу бол хэлс хэрэг юм байна аа гээд ирэхлээр чинь Чойбалсан, Цэдэнбалын нэр холбогдоод ирэхгүй юу. Тэр үед чинь Цэдэнбал том дарга болчихоод байсан үе. Тэгэхээр Цэдэнбал өөрийн нэр холбогдоод ирэхлээр тэр комиссыг татан буулгасан гэж байгаа юм. Татан буулгаагүй ажиллаж байх хугацаандаа нам төрийн дээгүүр албан тушаал хашиж байсан улсуудыг цагаатгасан юм. Сонин хэвлэл дээр зураг хөрөгтэй нь гаргаад ингэж ингэж хэлмэгдсэн байна гээд тэгээд тэр үеэс л эхлээд цагаатгах нь зүйтэй юм гээд хэлс хэрэг байсан юм байна, тэр олон дотор бол эсэргүү хүн байсан л байж таарана л даа. Жинхэнэ эсэргүү эсэргүү бишийг салгаж жирийн хэлэмгдсэн хүмүүсээ цагаатгах хэрэгтэй гэж цагаатгалын комисс яасан байхгүй юу. Комисс байгуулаад цагаатгаж эхлээд тайштай улсууд байна дотор 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хэлс хэрэг гэдэг нь танигдаад ирсэн байхгүй юу. Тэгээд тэр хэлмэгдүүлэлтийн халуурал буурсаар байгаад ардчилалд хүрч ирсэн. Тэгээд цагаатгалын юу чинь 37-38000 хүн хэлмэгдсэн гэж үздэг биздээ. Тэрнээс чинь одоо цагаатгасаар байгаад 1000 хүрэхгүй хүний хэрэг үлдээд байгаа гэв үү дээ.

Эрдэнэтуяа -

Цагаатгаагүй юу?

Дулмаа -

Тийм. Бичиг баримт нь олдохгүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед зарим хүмүүс ярих юм билээ 1990 хэдэн он гараад цагаатгаад бичиг баримт авах гэхээр бараг байцаалт аваагүй, бараг хэдэн настай, хаана амьдардаг тэгээд л бараг шууд ял тулгаад цаазлах юм уу, хорих ял өгч байсан байна?

Дулмаа -

Тэр чинь ерөөсөө эсвэл цаазал, эсвэл 10 жил тэрнээс 3 жил, 2 жил гэсэн юм байхгүй. Амьд үлдээвэл 10 жил, тэгээд цаазлах. Тэр үеийн байцааж байгаа улсууд чинь ширүүн, дориун, хатуу, хэрцгий, аймшигийн байсан гэдэг ш дээ. Ийм өндөр сандал дээр гаргаад хүнийг чинь

Эрдэнэтуяа -

Хөл нь хүрэхгүй юу?

Дулмаа -

Хөл нь хүрэхгүй газар дээр тэгэхээр хүний чинь шингэн нь хөл рүүгээ болоод явж чаддаггүй болно. Тэгэхээр нь чирж аваачаад битгий маягла гээд хоридог гэрт нь чихчихдэг. Тэндээ үхсэн ч хамаа байхгүй сэхвэл аз болоод сэхэхгүй бол хохь ерөөсөө. Тэрэнд хариуцлага хүлээх хүн нэг ч байхгүй. Тэр битгий хэл аав ярьж байсан ш дээ. Аавтай хоригдож байсан нэг хүнийг дуудаж байцаагдаж байж л дээ. Нөгөө дэх чинь би тийм хэрэг хийгээгүй гэж. Тэгсэн тэр байцааж байсан хүн тамхи татдаг хүн байж тэгээд ингэж алгадаад хажуу тийшээ болно тиймээ тэгээд цогтой тамхиа чихэнд нь хийж байсан гэж. Тийм хэрцгий. Тэгээд нөгөө хүн орилоод орь дуу тавиад чих чинь эмзэг биздээ тэгээд хэсэг ухаан алдаж байсан гэнэ. Тэгээд тэр чинь өшөө битгий маягла гээд дээрээс нь дусаагаад чих нь ийм болоод түлэгдсэн хүн байсан гэж. Тийм харгис байсан. Тэр дотоод яамныханд чинь хязгааргүй эрх олгосон, та нар энэ хүний байцаагаад эсэргүү илэрвэл алахыг нь ал, алахгүйг нь 10 жил өг шийдвэр өгсөн.

Эрдэнэтуяа -

Дотоод яамны хүмүүсийн хамаатнууд нь хэлмэгдэж байсан болов уу? Тэр талаар сонсогдож байсан уу? Хамаатан садан аа барьж байсан юм болов уу?

Дулмаа -

Би тэр талаар ерөөсөө сонсоогүй. Сонирхож ч асууж байгаагүй. Тэр юу л юм билээ. Улсуудыг юм аа хураагаад аваад явлаа ш дээ тэгэхлээр манайхаар жишээ авахад алт мөнгө авлаа гэхэд тэрийг улсад аваачиж өгсөн үү, замдаа өөрөө авсан уу хэн ч мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр айлаас тийм юм авсан гэсэн бичиг ч байхгүй?

Дулмаа -

Ямар сайндаа манайхыг 6 морь, 2 чарга гэнэ үү тэрэг байсан тэгж л бичсэн байна гэсэн ш дээ. Тэр 70-н хэдэн адуу, 30-40 үхэр, 50-60 хонь гэдэг чинь ерөөсөө байхгүй. 6 морь 2 чарга гэлүү, 2 тэрэг, тэр л үнэтэй эмээл хазаар ээж хэлдэг юм хоолны том цагаан төмпөн байдаг ш дээ тийм манайх ганцхан луу сийлбэртэй хээтэй мөнгөн аяга байдаг тэр нь өвөг дээдсээс уламжилж ирсэн тэрэндээ цагаан сараар бурхан дээрээ идээ засдаг байсан тэрийгээ авсан. 2 том мөнгөн цөгч авсан, тагшин аяга гээд байдаг байсан тэр манай их байсан. Авдаранд доороосоо дээш хураагаад өрсөн байдаг байсан тэрийг авсан. Надад хийсэн хурган дотортой дээлийг манай охины минь дээл гэхлээр дуугүй бай гээд авч авдар луу чихэж байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Бүх л юмыг цөлмөж байсан? Өнгөтэй өөд болгоныг авч байсан?

Дулмаа -

Өнгөтэй өөдтэй болгоныг авч байсан тэгээд тэрийг улсад аваачиж өгч байсан уу, хураасан улсууд идсэн үү би мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Зарим хүмүүс ярьдаг юм? Хурааж авч байсан юмнуудыг хураасан хүмүүс нь энд тэнд өмсөж зүүгээд явж байдаг гэж?

Дулмаа -

Тэрийг нь ганжуур Цэрэндорж гуайн манай худ ш дээ Цэрэндорж тэгээд Дашмаа эгч ярьсан. Дашмаа эгч өөрөө их уран хүн байхгүй юу. Ширдэг ширдэг юм байна л даа. Тэгээд хөх цэмбээр хөвөөлдөг

Эрдэнэтуяа -

Эмждэг гэж үү?

Дулмаа -

Эмждэг. Тэгээд тэр хэдэн ширдэг Ганжуургуайг шоронд ороход хураасан юм байна л даа. Тэрийг нахиу Пүрэвжав гэдэг хүн хураасан юм. Тэгээд сүүлд Хяраанд ирчихээд нэг айлд орсон чинь хэний ч билээ дээ орсон чинь нөгөө ширдэг нүдэнд нь тусаад байна гэнэ. Тэгээд хүний нүд харж байгаа нөгөө дэхээ сөхөж бариад үзсэн чинь яг өөрийн нь ширсэн ширдэг байна гэнэ. Тэгээд тэр хүнээс асууж та чинь ямар сайхан ширдэг ширдэг хүн бэ гэж тэгсэн өө би ширж чадах вэ нахиу Пүрэвжаваас авсан гэж. Нахиу Пүрэвжав гэдэг нь тэдний юмыг хурааж авсан хүн юм. Тэгэхээр хувьдаа аваад нахиу Пүрэвжаваас хониор авсан гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аан хүмүүс тэгээд мал хөрөнгөөр зараад завшиж л байсан юм шиг байна аа даа?

Дулмаа -

Үгүй тэгэхээр хураасан хүн чинь манай юмыг Пүрэвжав хураагаад замдаа өөртөө шингээж авчихаад сүүлд хэдэн жилийн дараа хүнд зарж байсан байна ш дээ. Тэр хүн би Пүрэвжаваас хонь өгч байж авсан юм гэж.

Эрдэнэтуяа -

Жаахан хэрэг намжсаны дараа?

Дулмаа -

Тийм. Юм мартагдсан намдсан хойно.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс асууж сураглаж явах зүрх зориг байхгүй байсан байх тийм ээ?

Дулмаа -

Байхгүй ш дээ. Өөрөө бас эсэргүү болно.

Эрдэнэтуяа -

Тэгээд манай хөрөнгө гэж асууж явдаггүй байсан байх л даа? Тэр авсан энэ тэр гэж?

Дулмаа -

Яагаад гэвэл чи тэр эсэргүүний хойноос явах ямар хэрэгтэй юм. Чи бас эсэргүүний хамсаатан уу гээд шоронд хийнэ ш дээ. Тэгэхээр айгаад юу ч хэлж чадахгүй. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Манай Монголын хүмүүс яагаад тийм номхон дөлгөөн байсан юм бол? Юутай холбоотой юм бол?

Дулмаа -

Тэр ч нэгдүгээрт бурхан шашинтайгаач холбоотой байдаг байх, 2-рт тийм хэлмэгдэлд орж байгаагүй болохоор гэнэт тийм юм болоод айх юм болоод эхнийх нь тэр 14 хүний хэрэг 1937 оны 9 сарын хэдэн ч билээ 14 хүнийг буудаад алчихлаа. Дандаа том тушаалын тэр чинь улсад дамжигдаад дуулдаж л байгаа ш дээ. Тэр эсэргүү гээд баригдаад алуулчихлаа. Тэгэхээр манай аав ээжийг эсэргүү гээд барьчихлаа гэхэд чинь тэрний хойноос хүн хөөцөлдөөд явбал эсэргүүний хамсаатан байна гээд бас л барьна ш дээ. Тэр тэрнээс нь айгаад асууж сураглахгүй ш дээ. Манай нөхөр хэрэг хийгээгүй ямар хэргээр чи барьчихаад байгаа юм гаргаад суллаад тавь гээд хэлбэл өө энэ эсэргүүний эхнэр юу гэж хэлээд байгаа юм шоронд бариад хий гэхээр хэн ч хорихгүй ш дээ. Бариад шоронд хорих эрх нь байна. Тийм болохоор чинь тэгж явж чадахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс тэр баригдсан хүмүүсийн талаар хаанаас мэддэг байсан бэ?Хүмүүсийг хэлмэгдүүлээд барилаа ш дээ тэр улсууд хоригдлоо алагдлаа гэсэн талаар яаж мэддэг байсан юм бол? Буудагдсан хүмүүсийг яаж сэдэх вэ?

Дулмаа -

Очоод асуудаг биздээ. Асуудаг байсан юм уу яадаг байсан, бие биенээсээ дуулдаг байсан юм уу одоо лав л Задь гээд нэг хүн Хяраанд байсан. Тэр л буудуулсан. Тэгээд тэр хөгшин нь ярьдаг байсан. Өвгөнийг бариад явсан тэгээд хэдэн хоногийн дараа будуулсан гэсэн тэгээд тэрийг яаж мэдсэн гэхээр хамт байсан ужлсууд нь шөнө аваад явсан гэсэн. Тэгээд шөнө аваад явсан хүн хэзээ ч ирдэггүй гэж манай аав ээж хэлж байгаа. Шөнө өө авч яваад шөнө өө бууддаг байсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд сүүлд цагаатгагдах үед л буудуулсан гэж мэдэх үү?

Дулмаа -

Цагаатгахаар хэрэг материалыг нь үзэхлээр 10 жилийн ял авсан байна аа, эвсэл алах ял авсан байна аа гэж бичсэн байдаг байна.

Эрдэнэтуяа -

Хорих ял авч байсан хүмүүс ер нь бүгд эргэж ирж байсан болох уу? Аав чинь юу гэж ярьж байсан тэнд үхэж байсан хүн байсан гэнэ үү?

Дулмаа -

Үхсэн хүн байлгүй яахав дээ өчнөөнөөрөө үхсэн байдаг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Шоронд байхдаа 10 жилийн ял авсан байхдаа юу?

Дулмаа -

10 –н жилийн ялаа аваад ч, зарим нь ялаа аваагүй байцаагдаж хоригдож байхдаа бие биеэн дээрээ гишгүүлээд, өлсөж үхэж байсан янз бүрээр л өвчин дусаад үхэж байсан байна. Ихэвчилээд залуу улсууд байсан болохоор залуу насны тэвчээрээр тэр үеийн улсууд чинь дандаа залуучууд байсан ш дээ. Манай аав гэхэд л 34-тэй, авай гэхэд л ааваас 3 дүү гэдэг чинь 31-тэй, Дансран ах чинь бас хэдтэй байсан юм 30-аад насны хэд л байсан юм чинь. Залуунасны юугаар л давж гарч байсан байх. Бас ярьдаг юм хүдэрт бас нэг айлын хүүг нь барьж тэгсэн өвгөн аав нь өвчтэй хэвтэж байж.

Эрдэнэтуяа -

Өвөө нь гэсэн үг үү?

Дулмаа -

Баригдсан хүний аав нь гэсэн үг. Тэгсэн чинь нэг нь энэ яагаад байшлаад хэвтэж байгаа юм, байшлаагүй ээ өвчтэй байгаа юм аа, энэ муу хог байшлаж л байхгүй юу өвчтэй хүнийг дээлийг нь өмсүүлээд машин дээр суулгаад Алтанбулаг оролгүй өвчтэй хүн үхэж байсан гэж байгаа ш дээ. Үхчихлээ гэхэд замаас гаргаж чулуудчихаад явж байсан гэдэг.

Эрдэнэтуяа -

Тийм харгис түрэмгий байсан байна тийм ээ?

Дулмаа -

Ёстой хүнийг чинь малаас дор үзэж байсан.

Эрдэнэтуяа -

Аягүй бол мал бол хөрөнгө гээд дээдлэх байсан байх тийм ээ?

Дулмаа -

Тэгээд бас сонин дээрээс уншиж байхад тоо өгдөг байсан гэж байгаа юм. Чи дотоод яамны хүн бол нэг хүн чи өнөөдөр 10 хүн барьж ир. Тэгээд манай Хяраанд очихлоор 10 байхгүй 7 ч юм уу 6 хүн барилаа гэж бодоход Хяраанаар дайраад гэмгүй байсан хоёр хүнийг бариад 10 болгоод очих жишээтэй. Тийм төлөвлөгөөтэй байсан гэж байгаа юм ш дээ. Өнөөдөр 10 хүн барина, маргааш хорин хүн барина тэр бол яг үнэн.

Эрдэнэтуяа -

Та тэр сонсож дуулж байх нээ танай нутгаас бариндаж байсан хүмүүсийн хүүхдүүд нь хэр хавчигдаж байсан талаар сонсогдож байсан уу? Гайгүй юу?

Дулмаа -

Хавчигдлаа гээд шорон оронд хийж байсан юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тушаал дэвших ч юм уу?

Дулмаа -

Тэр талаар бол байсан. Янз бүрийн хурал цуглаан дээр шүүмжилдэг, үг хэлхээсээ айдаг байсан. Яагаад гэвэл эсэргүүний хүүхэд бас эсэргүүний залгамж хий жбайна тэрний даалгавараар эцэг эх нь тэгээд зовсон болохоор үр хүүхэд нь тэрнээс болгоомжлоод дахин шоронд орохоос айгаад хий гэсэн юмыг нь хийгээд дуугүй л хүлцэнгүй л явхаас биш эсэргүүцээд энэ төрийн цаана гарч яаж чадахгүй гэсэн ойлголттой хий гэсэн юмыг нь дуугүй хийгээд элдэв юмгүй л байсан. Эсэргүүний хүүхэд гээд сонгуулиас хасаж байсан юм уу үгүй юм уу би тэрийг мэдэхгүй байна сонгууль гэдэг чинь улс төрийн ажил тийм ээ

Эрдэнэтуяа -

За

Дулмаа -

Сонгох, сонгогдох эрхийг эдэлж байсан, эдэлж байгаагүйг би бага байсан байхаар сайн мэдэхгүй байна. Намайг сургуульд орсон хойно л хурал цуглаан дээр шүүмжлэл хэлээд ч юм уу барилаа хийлээ гэж дуулдаж байгаагүй. Гэхдээ хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүд бол болгоомжтой л байсан. Нам төрийн эсрэг янз бүрийн шүүмжлэл ажил муу байна гэж шүүмжлэх бол хориотой л байсан байх.

Эрдэнэтуяа -

Та сая анкет бөглөхөд 1932 оны 2-р сарын 15 гэж байна ш дээ яг энэөдрөө төрсөн үү?

Дулмаа -

Үгүй ээ энийг тодруулж сайн мэдэхгүй байна намайг төрж байх үед чинь одоо төрсөний гэрчилгээ гэж байсангүй, эцэг эх улсууд чинь бичиг үсэг байсангүй тийм болохоор яг тодорхой мэддэггүй, зарим нэг улс бол яахав хүүхдүүдээ тэмдэглэж авсан байдаг. Ихэнхидээ бол бидний үед бол Монгол тооллоор, билгийн тооллоор хаврын дун сар, өвлийн дунд сар, тэр сард төрсөн, тэр жил тэддүгээр жарны тэр тийм жил төрсөн гэж ярьдаг байсан. Тэгэхэд бол манай ээж бол миний төрсөн он сар өдрийг мартдаггүй, манай ээж их хүндрэлтэй төрсөн. Гэртээ төрүүлчихээд эмнэлэгт очиж ихэсээ гардуулж авсан байхгүй юу. Тэгээд эмнэлэгээс гараад гарч ирэхэд нь би төрсөнөөс хойно 9 хоногийн дараа цагаан сар болсон гэнэ лээ. Тэгээд тэр 1932 он оны цагаан сарыг үзэхэд бол 2 сарын 5-нд байгаа юм. Тэгээд 9 хоногийн өмнө гэхээр 1 сарын 28, ээж маань харин пүрэв гаригт төрсөн гэдгийг баттай баталж байгаа юм. Тийм болохоор би 1932 оны нэг сарын наймны Пүрэв гаригт гарсан нь баталгаатай үнэн. Тэрийгээ мэдэхээсээ өмнө яахав цагаан сарын өмнө төрсөн гэдгээрээ 2 сарын 15 нд гээд бичиг баримт явдаг байсан юм аа.

Эрдэнэтуяа -

Тэр үед хэлмэгдүүлэлтийн талаар ямар нэгэн тайлбар хийж байсан уу?

Дулмаа -

Хийж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Сүүлд нь? Цагаатгахаас өмнө, социалист нийгмийн үед зурагт радиагоор ч юм уу?

Дулмаа -

Хийж байгаагүй. Ерөөсөө энийг хав дарсан. Харин 1960 хэдэн оны үеэс л намын дотор шударга үнэний төлөө явж байсан байж тараа ш дээ олны дотор. Тэд нараас энэ хэлмэгдүүлэлтийн талаар ярьж эхэлсэн, 2-рт 1958 оны үед зөвлөлтөд Сталиныг шүүмжилж нэг хүнийг тахин шүтэх явдалыг шүүмжилж эхэлсэн. Энэнтэй уялдаад Монголд ч гэсэн уур амьсгал орж ирээд Чойбалсанг тахин шүтэх асуудал яригдаж эхэлсэн. Чойбалсангийн үед энэ хэлмэгдүүлэлт явсан болохоор хэлмэгдүүлэлтийн тухай тэр үеийн сэхээтнүүдийн дотор нам төрийн дотор ажиллаж байгаа шударга улсуудын дотор хэлмэгдүүлэтийн үнэн чанарыг олох эрмэлзлэлүүд гарч эхэлсэн. Тийм учраас 1960 –аад оны үед цагаатгах ажлын комисс гэдгийг байгуулаад түрүүчээс нь нам төрд алба хашиж байсан өндөр албан тушаалын хүмүүсийг цагаатгаад эхэлсэн. Ингээд явж байтал цагаатгалын ажил, хэлмэгдүүлэлтийн ажил бол Чойбалсан, Цэдэнбалтай холбоотой болсон нь илэрмэгц Цэдэнбал цагаатгах ажлыг төдийлөн яараагүй орхигдуулсан. Ингээд ардчилал 1990 онд гарч ирж энийг чинь чухал асуудал болгон гаргаж ирж авч хэлэлцээд цагаатгаж эхэлсэн ш дээ. Тийм л учиртай.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Дулмаа -

Энэ юутай холбоотйо юу

Эрдэнэтуяа -

Ер нь таны амьдралд өөрчлөлт оруулсан ч юм уу, сайнаар ч юм уу, муугаар ч юм уу өөрчлөлт оруулсан тийм үйл явдал байдаг уу?

Дулмаа -

Хэлмэгдүүлэлт үү?

Эрдэнэтуяа -

Үгүй ер нь таны амьдралд заавал хэлмэгдүүлэлт биш? Ажилтай холбоотой, хэлмэгдэлттэй холбоотой, нэгдэлжих хөдөлгөөнөөр ч юм уу ер нь ямар ч үйл явдал байж болно?

Дулмаа -

Байлгүй яахав мэдээж. Хэлмэгдэлтээс болоод хөрөнгө зоорио хураалгаад гуйлгачин боллоо 1-рт, 2-рт овоо хэдэн мал өсөөд хөрөнгөжиж байсан чинь нэгдэлжих хөдөлгөөн болоод хамаг мал хөрөнгө хураагаад аваад явсан. Малчин хүний гол амжиргаа чинь мал аж ахуй ш дээ. Тэгээд хэлмэгдүүлэлтээр нэг хураагаад, нэгдэлжих хөдөлгөөн гэж нэг хураагаад хэрвээ мал сүрэг олон байсан бол бидний амьдарал бүгдийнх нь амьдрал ах дүү, үр хүүхэд аав ээжийн хэнгүйх нь л амьдрал дээр байх байсан биздээ. Малаа хураалгаад цөөхөн тооны малтай улсууд чинь амьдралд чинь хүрэлцээгүй явдал гарч ирнэ ш дээ. Тэгэхээр амьдралын хувьд бас нөлөөлсөн. Нэгдэлжих хөдөлгөөн ч нөлөөлсөн, 1937-1938 оны хэлдмэгдүүлэлт ч нөлөөлсөн аль аль нь нөлөөлсөн. Тэгж л боддог.

Эрдэнэтуяа -

Таны амьдарлд ер бусын ба онцгой гэх зүйл бий юу?

Дулмаа -

Нэг их онцгойроод байх ч юу байфхав дээ. Тэр үеийн хүүхдүүдийн адил сургууль соёлоор яваад 10-н жилийн сургууль төгслөө. Дараа нь дээд сургууль төгслөө. Тэгээд мэргэжилийнхээ дагуу улсын байгууллага олон жил ажиллаа. Тэгээд ажиллаж байхдаа бол нэгэнт эмч хүний мэргэжил гэдэг бол ерөөсөө ямар намын гишүүн байна вэ, улс төрийн ажилтан байна уу хамаагүй хүний төлөө ажиллах тангарагтай учраас ард түмний үр хүүхдийг эмчлэх ажилд өөрийн мэргэжил мэдлэгээ зориулж ажилласан, тэгээд ч яахав төрөөс намайг үнэлэж одон медалиудаар шагнаж байсан, их хурлын гишүүн болгож байсан, район дүүргийн депутатаар сонгож олон нийтийн ажилд оролцож байсан чи эсэргүүний хүүхэд ингэлээ гээд шахаж хавчиж байсан юм байхгүй. Ийм л байна даа.

Эрдэнэтуяа -

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Дулмаа -

Баярлалаа танд.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.