Sünjidmaa
![](../assets/images/interviewees/990059.jpg)
Basic information
Interviewee ID: 990059
Name: Sünjidmaa
Parent's name: Danzan
Ovog: Atagantsongol
Sex: f
Year of Birth: 1951
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Altanbulag sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Та өөрийгөө танилцуулахгүй юу? Ямар хүүхэд байв?
Сүнжидмаа -
Би анх 1951 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраан гэдэг газар Ломбын 4 дэх охин болж төрж байлаа. Төрүүлсэн ээж маань намайг төрсний дариухан төрсний халуун болоод халуураад бие нь муудаад Алтаныбулаг руу эмнэлэгт явсан. Тэгээд намайг Ломбо гэдгийн төрсөн ах Данзангынх өргөж аваад намайг өсгөж хүмүүжүүлсэн юм аа. Данзангынх бол өөрсдөөс нь ерөөсөө хүүхэд гараагүй. Тэгээд надыг дүүгээсээ өргөж авч өсгөж хүмүүжүүлсэн юм аа. Миний өсгөж хүмүүжүүлсэн тэр Данзан гэдэг айл бол малчин айл байсан. Тийм учраас би бага балчираасаа эхлээд дандаа цэцэрлэгээр хүмүүжсэнгүй. Аав ээжийгээ дангаж байсан мал маллахад нь цуг дагаж явдаг байсан. Манай аав ээж бол маш олон малтай голдуу үхэр боловч бас хонь малладаг байсан. Би тэгээд ээжийгээ дагаад сургуульд орохоосоо өмнө хонь хариулахад нь дагаж явдаг байлаа. Гол нь яагаад дагаж явдаг байсан гэхээр хавар намар болохоор цагаан төмс их ургадаг тэгээд намар цагаан төмс түүж иддэг. Тэрэнд их дуртай ээж маань ч их дуртай байсан. Цагаан төмс түүж идэх гээд ээжийгээ дагаж явна. Хонь ямаа чинь ямар нэг дор байгаад байх биш бэлчээд яваад өгнө тэгэхээр ээж маань хонио буцаах гээд явна, би нөгөө цагаан төмсөө түүж идэх гээд тэр хойно үлдчихэнэ тэгээд бас бага байхад даа ээжийгээ зовоогоод нөгөө ээж чинь хонио буцаах гээд байдаг хонь нь хол байдаг би нөгөө төмс түүх гээд хойно үлдээд байдаг тэгж бага балчираасаа аав ээжийгээ дагаж мал маллаж өсөж байлаа.
Ингээд анх 1959 онд 1-р ангил орсон. Одоогийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1-р ангил орж байлаа. Тэр Данзан гэдэг айл бол надаас гадна Дэжид гэдэг авгайнхаа төрсөн ахынхаасаа нэг хүү өөрсдөө хүүхэд гаргаагүй болохоор авгай нь ахынхаасаа нэг хүү, нөхөр нь дүүгийнхээсээ нэг охин өргөж авч өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээд бид хоёр Алтанбулгын сургуульд суралцаж байсан.
Эрдэнэтуяа -
Өргөмөл ахтайгаа хамт уу?
Сүнжидмаа -
Тийм хамт сурч байсан. Алтанбулагт сурч байгаад Сүхбаатар хотод ирсэн. Тэр үеийн аймгийн төв байсан. Сургуульд суралцаж байсан. Биднийг намар аав ээж маань аав маань морин тэргээр сургуульд авчирч өгдөг тэгээд би тэр Сүхбаатар сумын 1-р ангид байхдаа төрсөн аавындаа Ломбо гэдэг аавындаа амьдардаг байсан.
Эрдэнэтуяа -
Аймгийн төв дээр байдаг байсан юм уу?
Сүнжидмаа -
Аймгийн төв дээр байсан. Тэгээд 2-р ангидаа болохоороо Сэлэнгэ аймгийн Дулаанхаан гэдэг газар манайх тийшээ нүүгээд Сэлэнгийн нэг сумд Дулаанхаан гэдэг газар 2-р ангид суралцсан. 2-р ангид суралцаж байхад Дулаанхааны сургууль намайг сурч байхад бага сургууль байсан. Дулаанхааны бага сургууль ердөө 20 гаран хүүхэдтэй, би 2-р ангд очиход 3-р анги, 2-р ангийн хүүхдүүд нэг ангид, 13-н сурагч нийлээд 2,3-р ангийг
Эрдэнэтуяа -
Тийм цөөхөн хүүхэдтэй юү?
Сүнжидмаа -
Тийм. Тэгээд би Дулаанхаанд сурч байх даа Дулаанхааны захирал Буд гэж хүн байсан. Захирал Буд гэдэг айлд би суудаг байсан. Тэгээд гэр маань Дулаанхаан чинь Ерөө голын хойд эрэг дээр байдаг, гэтэл манайх Ерөө голын урд талд нөгөө мал малладаг болохоор аав ээж маань тийм хол тэгээд яадаг байсан гэхээр би сургуульд ирэхдээ мориор ирдэг 2,3 хүүхэдтэй. Заримдаа нөгөө хүүхдүүд хичээлдээ явахгүй болохоор ганцаараа морь унаад одоо бол Дулаанхааны Ерөөгийн гүүр гэж байдаг Ерөөгийн гүүр дээгүүр морь унаад явахад ээж маань тэр урд дов дээр гараад хараад сууж байдаг, гүүр дээгүүр л яаж гардаг болдоо машинаас морь нь үргэдэг болов уу гэж айгаад эргээд морь нь үргээд уначих юм бол тэнд байгаа явган хүн яаж ч иргэж ирэх юм билээ гэхдээл эх хүн болсон хойно санаа нь зовоод л надыг хараад байж байдаг эргэн эргэн харсаар л морьтойгоо гүүр гараад тэгээд хичээлдээ ирдэг байсан. Өвөл болохоор аав маань намайг тэр хавийн 2,3 малчин айлын 2,3 хүүхдүүд нийлээд биднийг чаргаар авчирч өгдөг.
Эрдэнэтуяа -
Өдөр болгон уу?
Сүнжидмаа -
Өдөр болгон өглөө нь авчираад өдөр нь авч явна. Тэгээд цагаан бор морьтой байсан чаргатай бид нарыг авчирдаг тэгээд бид нар хичээл хийгээд байж байхдаа цонхоор хараад л манай аав тэнд явж байна одоо хичээл тархаар явна гээд хоорондоо яриад байж байдаг байсан. Тэгээд өглөө бид нарыг авчирчихаад өдөр хичээл тархаар аваад явдаг тэгээд 2,3-р ангидаа Дулаанхааны сургуульд суралцсан.
Эрдэнэтуяа -
Яагаад Дулаанхаанд?
Сүнжидмаа -
Манайх тэнд нүүгээд очсон болохоор малтайгаа нүүгээд очсон. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум чинь тэнд амьдарч байхдаа цаашаа Хүдэр, Чагтаа одоогийн Чагтаа харуул гэж байдаг тэрүүгээр нутаглаж байсан бэлчээр ихтэй. Тэгээд наашаа юу яагаад нүүгээд Найрамдал нэгдэл гэдэг чинь Дулаанхаанд очсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан нэгдлийн гишүүн байсан юм уу?
Сүнжидмаа -
Нэгдлийн гишүүн байсан. Аав ээж маань насаараа нэгдлийн гишүүн байсан. Тэгээд мал маллаж байсан болохоороо малаа дагаад тийшээ очсон. Бид нарыг сургуульд соёлд сургахын тулд тэр холоос бид нарыг зөөж ирж сургаж байсан байхгүй юу. Аав ээж малчин байсан ч гэсэн багадаа сургуулиас бид нарыг хөндийрүүлэхгүй байнга л тэрүүгээр өвлийн хүйтэнд чинь л чарга дээр суулгаад л том үстэй дээлээр ороогоод л ингээд ирээд суралцаж байсан. Тэгж сурч байсан юм бага ангид байхдаа. 3-р ангид байхад аав маань нас бараад Данзан аав маань тэгээд манайх Шаамарт ирсэн. Шаамарт яагаад ирсэн гэхээр өргөж авсан Алтангэрэл гэдэг ах Шаамрын трактор комбинат гэж одоогийн тмсургууль анх тэнд байгуулагдаж байсан юм. Тэнд тракторчин болсон. Тэнд трактор барьж байсан. Тэгээд ээж бид хоёр ахыг бараадаад тэгээд Шаамарт ирсэн юм. Шаамарт 4- р ангидаа нэг жил суралцсан. Тэгээд 5-р ангидаа Сүхбаатар хотод очиж Шаамар бага сургууьтай байсан болохоор
Эрдэнэтуяа -
Тэгээд Шаамраасаа явж сурах уу?
Сүнжидмаа -
Тийм Шаамраасаа явж сурдаг байсан. Бид нар яаж явдаг байсан гэхээр бас 14 хоног болоод гэртээ ирдэг тэгэхэд бас суудал явж байсан болохоор суудлаар ирж очдог байсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дунд сургуульд байхдаа сурагчийн байранд байсан. 5-р ангиасаа эхлээд л 10-р ангид төгстөл өө Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит 1-р дунд сургуульд сурсан. Тэгэхдээ 6 жил сурагчийн байраар хүмүүжсэн. Тэгээд 1969 оноос 1973 онд хүртэл Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуульд суралцсан. Бас оюутны байранд 9 жил нийтийн байранд сууж байсан болохоороо олон нийт хүүхдүүдтэй байх их дуртай багасаа эхлээд л хүүхдүүдтэй хамт гэрээсээ хөндий хүмүүжсэн. Намайг ер нь 5-р ангиас эхлээд 10-р анги төгстөл манай аав ээж маань Шаамарт байсан юм чинь ердөө миний ээг эхийн хуралд нэг ч удаа ирж сууж байгаагүй би одоо өөрөө өөрийгөө аваад явдаг, багаасаа эхлээд өөрийгөө биеэ даагаад аваад яваад сурсан. 10 жилийн 6 жил сурагчийн байранд дараа нь 4 жил оюутны байранд сураад явсан болохоор намайг ээж эцэг эхийн хуралд суух гэж байхгүй би өөрөө өөрийгөө аваад явдаг. Бумцэндийн нэрэмжит сургуульд сурагчийн байранд байхад эмэгтэйчүүдийн байр гэж одоогийн тэр эрүүлжүүлэх байр болсон байхгүй юу. Тэнд эмэгтэйчүүдийн байрны дарга хйидэг. Тэр хүүхдүүдийг чинь зохион байгуулаад л 7 хоног бөолгон халуун усанд оруулдаг зохион байгуулж, орой болохоор хүүхдүүдээ гадагш нь явуулахгүй гээд л хичээлийг нь давтуулах гээд л номын санд суулгаад
Эрдэнэтуяа -
Байран дотроо номын сантай байсан юм уу?
Сүнжидмаа -
Байран дотроо номын сантай байсан. Тэгээд хүүхдүүдийг зохион байгуулж л байлаа.
Эрдэнэтуяа -
Яагаад ээж чинь хуралд суудаггүй байсан юм? Нэгдлийн гишүүн нэгдлийн малтай байсан уу?
Сүнжидмаа -
Тэгэхэд өөрийн малтай байсан. Тэндээс Сүхбаатар луу очиж хуралд сууна гэж байхгүй л дээ. Өндөр настай байсан болохоороо, гэрийнхээ бүх юмыг хийдэг өвсөө хадна, түлээгээ бэлдэнэ бүх юм аа өөрсдөө хийдэг байсан. Шаамарт байхад манайх чинь олон гахай малладаг байсан. Сүүгээ машиндаад машинынхаа сүүгээр гахайгаа тэжээдэг байсан.
Эрдэнэтуяа -
Шингэн сүүгээр нь үү?
Сүнжидмаа -
Шингэн сүүгээр нь. Шууд л гахайд. Тэгээд тийм байсан болохоор хүмүүс ч гэсэн шингэн сүүгээр тэжээсэн гахай мах нь амттай тийм ч басан учраас хүмүүс дуртай. Тэгээд олон үхэр малтай, тэгээд гахай малладаг тийм байсан болохоор ээж маань хуралд очих боломжгүй байсан.
Тэгээд дараагаар нь 1969 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийн Түүх-нийгмийн ухааны, Түүх-газарзүйн ангид суралцсан 4 жил, тэгээд оюутны байранд байсан. Тэгэхэд хөдөөнөөс ирсэн байсан болохоороо аймгийн төвд байсан ч гэсэн их юм мэддэггүй би анх 1969 оны намар 8 сард анх 8 сарын 25-нд сургуульд бүртгүүлэх гээд бас л өөрөө л ирсэн. Ер нь хүн авч явдаггүй өөрөө ирээд миний төрсөн ах Болд гээд байдаг байхгүй юу тэднийдээ ирсэн чинь 8 сард ирсэн хөлдүү мах гаргаад ирсэн чинь хоол хийх гээд тэгээд би Болдоо ахаас ямар сонин юм бэ 8 сард яагаад хөлдүү мах байгаа юм бэ гэсэн чинь жигтэйхэн инээгээд намайг дагуулаад нааш ир нааш ир гээп энэ хөргөгч гэж тэр үед гарсан байсан юм байна би тэрийг нь мэдэхгүй тэгээд дагуулж ороод хөргөгч эд нар гэж юу ч мэдэхгүй тэгээд дагуулд очоод хөргөгч гэж харуулаад ингэдэг ингээд хөлдөөдөг тэгэд байнга хөлдүү байдаг гэж хэлж өгч байсан юм.
Эрдэнэтуяа -
Ер нь хэдэн оноос хөргөгч гарсан юм бэ?
Сүнжидмаа -
Естой мэдэхгүй тэгэхэд л анх хөргөгч гэж ийм юм байна тэгээд 8 сард мах хөлдүү байна гэдгийг мэдсэн.
Эрдэнэтуяа -
Хөдөө бол махаа яах вэ зун нь?
Сүнжидмаа -
Манайхан чинь зун нь хөргөгч эд нар байхгүй борцлоод л хэрэглэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Намартаа борцлоод өвөл, хавар, зундаа иддэг байсан уу?
Сүнжидмаа -
Зун ч гэсэн хонио алаад борцолчихдог
Эрдэнэтуяа -
Муудчихгүй юу?
Сүнжидмаа -
Муудахгүй. Зун борцлоод утаанд хатаачихана.
Эрдэнэтуяа -
Аргалын утаа юу?
Сүнжидмаа -
Аргалын утаанд тэгээд л хэрэглэдэг. Би ёстой хөргөгч гэдгийг ёстой дуулаагүй байсан. Өөрсдөө хэрэглэж байгаагүй болохоороо мэдэхгүй анх гайхаж ахдаа шоолуулж байлаа.
Эрдэнэтуяа -
Зурагт гэж хэзээ гарсан?
Сүнжидмаа -
Зурагтыг ч бас мэддэггүй байлаа сургууль төгсөөд тэгээд 1973 онд төгсөөд Дулаанхаанд очсон юм. Манайх Дулаанхаанд нүүгээд ирсэн байсан байхгүй юу Шаамраасаа буцаад эргээд. Тэгээд Дулаанхаанд байхад л зурагт бүр багш болоод очсон хойно зурагт гардаг гээд тэгэхэд манайх нэг зурагт авсан юм. Тэр үед үндэсний нэвтрүүлэг гэж байхгүй орос нэвтрүүлэг л явдаг
Эрдэнэтуяа -
Аа үндэсний телевиз орон нутгаар цацаагүй байсан уу?
Сүнжидмаа -
Цацаагүй байсан. Нэг оросын нэвтрүүлэг л явдаг. Манайх нэг зурагттай байсан тэгээд оросын нэвтрүүлэг ээ таруулж мэдэхгүй, тохируулга хийж мэдэхгүй юм чинь айлууд зурагт аваад байхаар ах нөгөө нягтлан байсан болохоор зурагт аваад тэгээд тэрнийгээ ажиллуулж мэдэхгүй өвөл болохоор модон гэртээ гаргаад тавьчихдаг хавар болохоор оруулж ирдэг тэгээд тэндээ байлгасаар байгаад зурагтын маань ард талын утас юуг нь хулгана юу ч үгүй идчихсэн. Тийм байсан юм. Зурагтаа ажиллуулж мэдэхгүй. Ийм л юм байдаг юм байна гэхээс
Эрдэнэтуяа -
Сурагч үе ээ дурсаач? Сургуульд байхдаа юу сурч байв?
Сүнжидмаа -
Биднийг сурагч байх үед чинь ном дэвтэр хичээлийн хэрэглэл чинь элбэг дэлбэг юм байхгүй нимгэн дэвтэр намайг яах үед гарсан байсан.
Эрдэнэтуяа -
Ховор уу?
Сүнжидмаа -
Ховор оросын детрадь гэж. 12 хуудастай тэгээд үзэг болохоороо усанд найруулдаг хуурай чернилл, ямар усанд найруулах вэ гэхээр одоо энэ ус буцалгахлаар тогооны таган дээр уур гардаг ш дээ тэр шингэн болоод тэр нь их сайн найруулдаг, сайн чернилл болдог алтан чернилл болдог гэж, алтан черниллээр бичсэн хүүхдийн дэвтэр гоё харагддаг.
Эрдэнэтуяа -
Хэн тэгдэг юм?
Сүнжидмаа -
Мтэр үеийн хүүхдүүд тэгж байхгүй юу. Хоорондоо ярьж байхгүй юу. Алтан черниллээр бичсэн бол үнэхээр л гялтганаад л гоё харагдана. Алтан чрниллээр бичхийн тулд найруулахдаа хуурай одоогийн дрож байна ш дээ энэ шиг арай жижиг цаасан дотор хуурай чернилл тэр нь оросоос ирдэг
Эрдэнэтуяа -
Ховор уу?
Сүнжидмаа -
Ховор. Тэрийг яах вэ гэхээр ваар саванд хийгээд
Эрдэнэтуяа -
Тэр сав байсан уу?
Сүнжидмаа -
Өөрсдөө л олно. Ийшээ тийшээ явсан хүнд захина. Тэрнийхээ гадна талаар жижиг уут хийгээд тэрэн дотор ваар саваа хийгээд үзэгний иш гэж модон иш байсан үзүүрт нь жижиг төмөр үзэгтэй
Эрдэнэтуяа -
Соруулах уу?
Сүнжидмаа -
Соруулахгүй. Тэгээд дүрж бичдэг. Тэгээд тэр дүрж бичдэг үзэг нь 2, 3 янз. 11 номерын, шумуулан үзэг гэж байна. 11 номерынх гэхээрээ нарийн гарна. Шумуулан үзэг нь бүдүүн бүдүүн гарна. Аа тэгээд черниллээ найруулаад тэрэндээ дүрээд гялалзсан сайхан бүдүүнийг бол гоё гэнэ.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд шумуулан үзэг нь л их гүйлгээтэй юм байна тийм ээ?
Сүнжидмаа -
Тийм бид нартаа л хамгийн сайн нь бас их ховор. Тэрнийг л захиж олж ирж л тэрүүгээр бичсэн хүүхэд л тэр үедээ сайн гэж бие биенээ их магтдаг чиний бичиг сайхан байна, шумуул үзэгтэй юм байна гэж байгаад магтдаг тийм байсан.
Эрдэнэтуяа -
Форм ямар байх вэ?
Сүнжидмаа -
Бидний үед хүрэн форм байсан.
Эрдэнэтуяа -
Форм гарсан байсан уу?
Сүнжидмаа -
Гарсан байсан. Гоёлын парчиг нь цагаан, хичээлийн парчиг нь хар байсан.
Эрдэнэтуяа -
Яаж байгаа юм?
Сүнжидмаа -
Байнга өмсдөг нь хар халтар болохгүй, аа баяр болоод болоод юу яавал цагаан парчтг өмсөнө. Улаан гастуг зүүнэ. Улаан гастугыг байнга л зүүнэ л дээ. Цагаан парчигаа бол баяр ёслолын үед л өмсдөг. Тэгж л гоёдог байлаа. Хүүхэд бүр формтой цагаан захтай дөрвөлжин, эндээ цагаан манжаатагтай
Эрдэнэтуяа -
Эмэгтэй нь?
Сүнжидмаа -
Эмэгтэй нь. Эрэгтэй нь бол зөвхөн цагаан захтай. Хүрэн форм дээр. Аан бид нар бол заавал ханцуйндаа заавал манжаатаг зүүнэ. Бас форм тохой нь цоорчихоно гээд нөхөөсөрхүү юм хийдэг байсан. Тэгж формоо хамгаалдаг, цүнх бол даавуун цүнхтэй, даавуун цүнхэн дээрээ бас их гоёж 5 хошуу улаанаар аа би бол багаасаа ер нь цэнхэр өнгөнд их дуртай тэгээд цүнхэн дээрээ цэнхэр даавуун цүнхэн дээр улаан таван хошуу оёулаад л хамгйин гоё цүнх гэж ангийнхандаа хэлүүлж магтуулна аа. Гоё цүнхтэй гэж.
Эрдэнэтуяа -
Хэн оёх вэ?
Сүнжидмаа -
Ээж маань л оёж өгдөг байсан. Өнгө цэнхэр дээр улаан таван хошуутай
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсрол олж авдаг байсан бэ? Таных шиг сургууль соёлоор олох уу эсвэл нөгөө нэг гэрийн ламд шавь орох гэж байдаг ш дээ дээр үед яаж боловсрол олж авч байсан бэ?
Сүнжидмаа -
Сургуулиар л голдуу эзэмшдэг байсан. Бидний үеийнхэн сургуулиар боловсрол олж малчин байсан ч гэсэн хэдий хол мал малладаг байсан ч суманд заавал хүүхдээ сургуульд аваачиж өгдөг байсан. Тэр үед хүүхдүүдээ заавал боловсролтой болгох ёстой гэж боддог байсан. Манай аав ээж яагаад гэвэл тэдний үед ном, сургууль соёл гэж байгаагүй болохоор өөрсдөө ном мэддэггүй, манай ээж ердөө ном мэдэхгүй тэгээд өөрсөд шигээ болчихоно гээд бид нарыг чинь заавал боловсролтой болгох гээд сургуульд явуулдаг байсан. Ээж маань саальчин байсан болохоор тэр үе соёлын довтолгооны үе байсан тэгээд саальчидад бичиг үсэг заадаг байсан юм. Зуны амралтаар гэртээ байж байхад саальчид нь өглөө 4-5 цагт босоод үнээгээ саана тэгээд үнээгээ саагаад машин ирээд аваад явна, литрлэж аваад тэгээд сүүгээ өгчөөд тугалаа гаргаад хэсэг унтана амаоч тэгээд 12, 1 цагаас тэд нарт хичээл заана. Манай ээж солгой гараараа бичдэг үсэг бичих гээд би ээжээс арай дээр. Сургуульд сурч байгаа болохоор ээждээ зааж өгнө. Тэгээд ээжийнхээ гарыг барьж байгаад л үсгийг нь бичүүлдэг байсан. Саальчидад ч гэсэн тэгж хичээл ном зааж бичиг үсэг сургаж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд сурсан уу ээж чинь?
Сүнжидмаа -
Муухан шиг л сурсан даа.
Эрдэнэтуяа -
Юм уншиж чадах уу?
Сүнжидмаа -
Ер нь тааруухан уншина даа.
Эрдэнэтуяа -
Бүр огт мэдэхгүй байсан уу?
Сүнжидмаа -
Огт мэдэхгүй байсан. Тэгээд заалгаад нэрээ биччихэнэ, тэгээд бага зэрэг уншина. Өөрсдөө тийм байсан болохоор биднийг сургах гэсэн л зорилготой тэгээд сургадаг байсан.
Эрдэнэтуяа -
Та нарт ер нь хүүхдээ сурга гэж ухуулга сурталчилгаа хийдэг байсан уу?
Сүнжидмаа -
Ер нь тэр үд сургах хэрэгтэй гэдгийг ойлгож байсан. Сурталчилгаа явдаг байсан учраас л сургадаг байсан.
Эрдэнэтуяа -
Та нарыг сурга гэж эхлээд сургуульд оруулсан уу? Эсвэл ээж аав чинь өөрсдөө оруулсан уу? Сургуульд орох хэр дуртай байсан?
Сүнжидмаа -
Тэр битгий хэл 1958 онд 1-р ангид орсон чинь уушгины өвчтэй гээд сургуульд явж болохгүй гээд нэг жил хойшлож байсан юм би. Манай ээж уушиг нь муудсан бол сургуульд явуулаад яахав би өөрөө эмчилчихэнэ. Алираст өгөөд л охиноо эмчилчихэнэ гээд намайг бүр тэр Чагтаа руу аваад явчихсан. Тэгээд намар аваачаав хавар гэхэд аньс идүүлсээр байгаад эдгээсэн. Ёстой сэвгүй эдгэдэг юм байна лээ. Тэгээд л би дараа жил нь нэгдүгээр ангид орж байсан юм. Би өөрөө сургуульд явах их дуртай.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Сүнжидмаа -
Айлын үе тэнгийн хүүхдүүд чинь ном сураад байхаар чинь сурах л ёстой гээд ойлголттой тэгээд сургуульд сурч байсан. Бүр тэр холоос Чагтаагаас
Эрдэнэтуяа -
Сургуульд сурч байх даа ямар хүмүүжил олж авсан?
Сүнжидмаа -
Хамт олон ч, эвсэг тийм л хүмүүжил олж авсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн багш нар хүүхдүүдэд яаж ханддаг байсан, хичээлд ямар сэтгэлтэй байсан?
Сүнжидмаа -
Ер нь л сургах л зорилготой гэдгээ мэддэг хичээлийг тэр үед заах ёстой юугаар нь л заадаг байсан.
Эрдэнэтуяа -
Ном сурах бичиг байсан уу?
Сүнжидмаа -
Ном гэж байхгүй. Багш л тэр дэвтэр дээр бичиж өгсөн тэрийг бичээд л тэрийгээ л цээжилж, бага байхдаа их цээжилдэг байсан. Биднийг бага ангид байхад Шаамарт байхад Нацагдоржийн тэмдэгтэн гээд 15 ном уншисан хүүхэд болзол хангадаг, 3 улирал дараалан онц сурсан хүүхэд онц сурлагатан гэдэг тэмдэг авдаг тэгээд ёлкоор шинэ жилээр өвгөн ааваас бэлэг авдаг. Тэр өвгөн ааваас бэлэг авахын төлөө онц сурах ёстой гэсэн ойлголттой, тэгээд онц сурахын төлөө, 15-аас дээш ном уншаад л тэр Нацагдоржийн болзолыг хангана гэсэн зорилготой, бас номын сайн нөхөр гэсэн үнэмлэх өгдөг ер нь бид нарыг сурагч байхад чинь пионерийн байгуулага гэж байсан. Пионерийн байгуулага бол бидэнд хүүхдүүдийн дунд маш их ажил зохиодог, идэвхийг өрнүүлдэг номын сайн нөхөр, Нацагдоржийн тэмдэгтэн, онц сурлагатайн гэсэн болзол гаргачихдаг тэрнийг нь биелүүлхийн төлөө л хичээн зүтгэдэг байсан байхгүй юу. Тэгээд би чинь 1973 онд багшийн дээд сургуулийг төгсөөд түүх-газарзүйн багшаар мэргэжил эзэмшээд Дулаанхааны сургуульд анх 2-р ангид сурч байсан сургуульдаа анх багшаар очсон. Тэгээд 1973 оноос 1980 он хүртэл түүх-газарзүйн багш, пионерийн удирдагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед мэргэжилийн багш цөөхөн надыг очиход би л ганцаараа эмэгтэй багш бусад нь дандаа эрэгтэй тэгээд манай сургууль чинь ерөөсөө галлагаатай түлшээ өөрсдөө бэлддэг. Намар болохоор л багш нь сурагчидтайгаа ууланд гарч мод бэлддэг. Би чинь эмэгтэй гэхгүй тэр модонд явж байдаг. Том ангийн хүүхдүүдтэй нэг бригад болоод тэгээд манай бригад дандаа түрүүлдэг, хүүхдүүд хөдөлмөрлөх аргыг сайн эзэмшсэн тийм учраас хүүхдүүдийг зохион байгуулаад бэлдээд өвлийн түлээгээ өөрсдөө бэлдээд, модоороо галлаад Дулаанхааны сургуульд чинь тэгэхэд бага сургууль намайг очиход 7-н жилйин сургууль болсон байгаа юм чинь. Пионерийн байгууллагын удирлагч гэж хүүхдийн байгууллагын ажил хийсэн. 9 жил ажиллаад тэгээд 1981-1982 оны хичээлийн жилээс тэр сургуульдаа захиралаар ажиллаад 5 жил захиралын ажил хийсэн. Тэгээд 1987-1988 онд Сүхбаатар сумын хорооллын 3-р долоон жилийн сургууль гэж байсан юм. Тэнд очиж ажилласан. Тэгээд тэрнээс хойш 21 жил газарзүй байгалийн ухааны хичээлийг зааж байсан. Дулаанхааны сургуульд байхдаа янз бүрийн орос хэл хичээл заадаг орос хэлний багш байхгүй, гэр ахуйн хичээл заадаг байлаа, тэгээд түүх, газарзүйн хичээл заадаг байсан. Харин Сүхбаатар сумын 3-р сургуульд очиход бол харин мэргэжилийн багш нилээд элбэг болчихсон зөвхөн түүх газарзүйн хичээл орж байсан. Тэгээд сүүлдээ түүхийн багш очоод газарзүй байгалийн шинжлэлийн хичээл заадаг болсон. Ингээд 35 жил боловсролын байгуулагад ажиллаж байгаа. Миний онцлог бол 7-8 жилийн сургуульд багшилж байсан. Хамгийн сүүлийн хичээлийн жил л манай сургууль 11-н жил болсон. 11-н жилийн сургуульд ганцхан жил заагаад тэтгэвэртээ гарч байгаа юм. Дандаа 7-8 жилд багшилж байсан болохоор тэтгэвэр хүртэл бага тогтоогддог юм байна лээ. 9-10-р анги чинь ахлах анги болохоороо илүү цалинтай байдаг, бага ангид чинь арай бага.
Эрдэнэтуяа -
Таныг Дулаанхаанд сурагч байхад сургууль ямар байсан, 1973 онд Дулаанхаандаа буцаж ирэхэд өөрчлөгдсөн юм байсан уу? Боловсролын тогтолцоо арай дээшилсэн ч юм уу, хүүхдүүд ямар түвшинд байсан?
Сүнжидмаа -
Шал өөр болсон байсан. Намайг сурч байхад чинь ерөөсөө бага сургууль гээд 20-иодхон хүүхэдтэй 6 сурагчтай, 3 багштай сургууль байсан. Намайг очиход чинь 7-н жилийн сургууль болоод 100 гаран хүүхэдтэй, нэг нэг бүлэгтэй гэдэг чинь 7 ангитай, мэргэжилийн багш нартай болсон, тэр үед 3 багш нь 2,3-р ангид нэг багш, 1-р ангид нэг багш, 4-р ангид нэг багш ингээд 3 багш.
Эрдэнэтуяа -
Дулаанхаанд уу?
Сүнжидмаа -
Тийм. Захиралтайгаа 3 багш.
Эрдэнэтуяа -
Захирал нь хичээл заах уу?
Сүнжидмаа -
Нэг багш нэгдүгээр ангийг хариуцана, 2,3-р ангийг нэг багш хариуцана, 4-р ангийг төгсөх анги гээд захирал өөрөө заадаг тийм байсан. Тэгээд 1973 онд багш болоод очихоор чинь мэргэжилийн өөр өөр хичээлүүд ордог, бага ангитай, 5,6,7 гээд дунд ангитай болсон байгаа юм чинь. Тэгээд намайг 1986 онд Сүхбаатар сум ру явахад 8-н жилийн сургууль болсон. Тэгээд бүр байр өргөтгөөд нилээд том сургуультай болсон. Сургуулийн барилга баригдсан намайг байхад байсан жижиг барилга чинь бүр том болсон. Ер нь тэгээд намайг багш болж ирсэнээс хойш сургуулийн барилга байгууламж нилээд өргөтгөж томорсон. Ялангуяа 7-н жилийн сургуулиуд бол тохилог болж ирсэн. Тэр сургуульд пионерийн удирдагч багш байхдаа пионерийн тэнхимийг 2 удаа байгуулж байсан. Газарзүйн талбайг 2,3 удаа шинэчилж байсан.
Эрдэнэтуяа -
Газарзүйн талбай гэхээр юу юу хийх вэ?
Сүнжидмаа -
Цаг уурын хэмжилтийн талбайг, Флюгер гээд салхины хэмжигч, тэр үеийн сургуулиуд чинь байгууллагууд их тусалдаг. Дулаанхаан чинь мод дамжуулах бааз байсан. Мод дамжуулах бааз чинь том байгууллага учраас маш их тусалдаг тэгээд мод дамжуулах баазаас надад туслаад газарзүйн талбай бүр флюгерийг өөрсдөө хийж байгуулж өгч байсан юм. 2 ч удаа газарзүйн талбай байгуулж байлаа. Газарзүйн кабинетийг 2 ч удаа шинэчилж байлаа. Тэгээд дараа нь захирал болоод би өөрөө сургуулийн музей байгуулж байсан юм. Өөрөө тэр сургуульд бага ангид байсан болохоор тэр сургуулийнхаа бүх намтарыг мэддэг тэгээд сургуулийнхаа тийм түүхийн кабинет музей байгуулж байсан юм. Тэр маань одоо ор сураггүй юу ч үгүй, тэгээд байгуулж байна гэж баярлаад 1,2-р ангийн зураг аа тавиад юу ч байхгүй болсон. Тэгж сургуулийн музей байгуулж байсан. Дулаанхаанд захирал байхдаа ганцхан захирал хийхгүй тэр үед чинь соёл олон түмний ажил маш их зохион байгуулагддаг байлаа Дулаанхаанд байхад 1 дэх өдөр улс төрийн сонсгол гээд
Эрдэнэтуяа -
Тэр нь ?
Сүнжидмаа -
Тэр нь өглөө мэдээлэл хийдэг
Эрдэнэтуяа -
Юуны тухай?
Сүнжидмаа -
Олон улсын байдал талаар
Эрдэнэтуяа -
Хаанаас мэдээлэл олох вэ?
Сүнжидмаа -
Тэр намын байгууллага, үйлдвэрчиний эвлэл зохион байгуулаад, суртал ухуулагч нар тусдаа, тэгээд 2 дахь өдөр үйлдвэрчиний эвлэлийн дугуйлан, 3 дахь өдөр намын дугуйлан, 4 дэх хурал олон нийтийн ажил, 5 дахь өдөр байгууллага сурталчилах ажил өдөрлөг уулзалт гээд зохион байгуулагддаг. Аа тэр нэг дэх өдрийн улс төрийн сонсголыг намын гишүүд байугууллагын дарга нарыгг 2 дахь өдрийн үйлдвэрчиний дугуйланг нам эвлэл үйлдвэрчиний суртал нэвтрүүлэгч нарын семинар аймгийн төвд болдог. Би намын суртал нэвтрүүлэгчээр Дулаанхаанд байхдаа 5,6 жил ажиллаж намын тэргүүний суртал нэвтрүүлэгч гэж тэмдэг, үнэмлэх авч байлаа. Тэгээд өдөр нь хичээлээ заачихаад 3 дахт өдөр болгон намын дугуйлан заана. Тэгээд 7 хоногийн 6 өдөр л дандаа ажилтай, 5 дахь өдөр байгууллага сурталчилах ажил гээд байгууллага болгон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа бэлтгэлийн анги гээд хуваарилчихана. Сурталчилана өөрсдийгөө. Байгууллага аа сурталчилана, концерт тоглоно, жүжиг тоглоно, социалист уралдаан гээд өрнүүлчихсэн. Тийм ажлыг зохион байгуулаад тэгээд урлагын концерт тоглоход би лав 3 жил Дулаанхаан районы тоглолтыг хөтөлж зохион байгуулж явуулдаг байлаа. Би чинь Дулаанхаанд байхдаа 13 сонгуультой, захиралаас гадна
Эрдэнэтуяа -
Сонгуульт ажилтай гэсэн үг үү?
Сүнжидмаа -
Тийм. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга л, үйлдвэрчиний эвлэлийн соёл олон түмнийг хариуцсан эрхлэгч л гэнэ, зөндөөн олон сонгуультай өдөр болгон хурал тасрахгүй. Үдээс хойш хичээл тараад ирэхэд ээж маань юу хараад өнөөдөр хуралтай юу гэж асууна. Ирээд л явдаг. Тэгээд Дулаанхаан хорооны сумын депутатаар 3 удаа сонгогдож байлаа 12 жил. 4 жил болоод нэг сонгууль болдог ш дээ. Тэр үеийн багш нар чинь зөвхөн хичээл заах биш соёл олон түмний ажилд идэвхитэй оролцдог зохион байгуулдаг байсан юм. Анх 1977 онд махнамд элсэн. 1977 оноос хойш намын гишүүн болохоороо зэрэг хорооны депутат намын үүрийн товчооны гишүүн, үйлдвэрчиний эвлэлийн гишүүн гээд маш олон сонгуультай учраас маш их ажлыг зохион байгуулдаг. Дөнгөж төрчихөөд хамгийн том хүү Болдоог гаргачихаад 4 сар болж байсан чинь Дулаанхаан хорооны анхдугаар чуулган болдог юм байна. Депутатаар сонгогдчихоод тэгээд анхдугаар чуулганд очиж эмнэлэг гэгээрлийн ажлын комисс гэж байсан юм. Тэрний байнгын комиссын дарга болохоороо тайлангаа тавина гээд намайг чинь заавал чуулганд оч гээд тэгээд Дулаанхаан хорооны дарга нь машинаа ирүүлээд 2 цаг болоод явна тэгэхэд чинь ээж хүүхэд хөхүүлсэнгүй гээд загнана. Тэгээд л 2 цаг болоод тайлан тавьчихаад ирээд буцааж ирээд явна. Ийм идэвхитэй олон төрлийн сонгуульт ажил хийж явлаа. Тэр байтугай Сэлэнгэ аймгийн эвлэлийн байгууллагаас ААСТ гэж тэр үед намайг дөнгөж багш болж байхад ААСТ их зохион байгуулагддаг байсан. Аймгийн тэргүүний ангийг шалгаруулах ААСТ-ын тоглолт боллоо нэг жил. Манай Дулаанхаан хорооноос чинь 6 гишүүнтэй баг зохион байгуулагдаад л тоглолт хийлээ. Манайх урьд жил нь аймгийн тэргүүний цом авчихсан. Тэрнийгээ дахиж авах гээд тэгээд бүр өвөл би тэгээд сургуулиас ганцаараа багш нараас тэр үед чинь олон түмний ажилд оролцохоор чинь байгууллага маш их дэмждэг. Манай эвлэлийн байгууллага маш их дэмждэг, манай сургуулиас бараг сар шахуу чөлөөлөөд л тэгээд бид нар чинь Сүхбаатар сумын Сэлэнгэ аймгийн бүх сумуудад Хүдэр, Ерөө, Бугант сумуудаар явж ААСТ-ын тоглолт хийлээ. Бүр өвлийн хүйтэнд 30 машин дээр бүхээгтэй. Тэгээд бэлдэж сумуудаар явж бэлдээд аймгийн төв дээр очоод цомынхоо төлөө тэмцээнд оролцсон чинь цомоо алдчих ваа. Тэрнээс хойш манай Дулаанхаан чинь ААСТ-д оролцохоо байсан.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Сүнжидмаа -
Цомоо алдчихлаа гээд. Аягүй их бэлдээд оролцож байсан. Тэрнээс хойш ААСТ зохион байгуулагдхаа больсон. Тэгэхэд сургуулиас ганцаараа явж л байлаа. Тэгэхэд соёл олон түмний ажлыг их дэмждэг байсан.
Эрдэнэтуяа -
Сургууль сурагчидад ямар хүмүүжил олгох вэ? Тэр үеийн сургууль соёлын байгууллага яг ямар хүмүүжил олгох вэ? Цаанаасаа тийм бодлого байх уу? Тэддүгээр ангийн хүүхдэд тийм тийм хүмүүжил олгоно, эсвэл одоо тэр үед чинь 10-н жил хэдий үед байгуулагдсан юм бэ?
Сүнжидмаа -
10-н жилийн сургууль чинь байгуулагдсан байсан ш дээ. Намайг 1-р ангид байхад чинь 1959 онд Бумцэндийн 1-р сургууль чинь 10-н жил байсан. Алтанбулагт анх байгуулагдаад тэгээд нүүгээд Сүхбаатар сум дээр ирсэн.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдэд яг ямар хүмүүжил олгох вэ?
Сүнжидмаа -
Тэр үед чинь намайг птонерийн удирдагч байхад
Эрдэнэтуяа -
Пионерийн удирдагч гэж юу юм бэ?
Сүнжидмаа -
Пионерийн удирдагч гэдэг чинь хүүхдийн байгууллагын дарга байхгүй юу. Хүүхдийн төлөө байгууллага
Эрдэнэтуяа -
Тэгээд хүүхдийн төлөө байгууллага юу хийх вэ?
Сүнжидмаа -
Тэр чинь ёстой хүүхдүүдэд олон түмний ажил явуулдаг байгууллага чинь тэр байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ямар арга замаар?
Сүнжидмаа -
Пионерийн гишүүнд элсдэг тэр үед. Пионерийн гишүүнд элсэхээр тангараг өргөдөг, тэгээд улаан гастуг зүүдэг, сургууль дээр бүлгэмийн зөвлөл гэж ажиллана сурагчидын дунд. Сурагчидын дунд олон нийтийн байгууллага маш олон байсан. Бүлгэмийн зөвлөлийн дарга гэдэг чинь тэр сургуулийн бүх хүүхдүүдийн удирддаг хамгийн том дарга нь хүүхдүүдийнхээ дунд. Бүлэг, бүлгэм гэхээр чинь сургуулиараа нэг бүлгэм болно аа нэг анги бол нэг бүлэг болно, анги дотроо 10, 10 хүүхэдтэй салаа байна тэгээд салаан дарга, бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн зохион байгуулалттай. Миний хамгийн анхны пионерийн удирдагч байхад анхны бүлгэмийн зөвлөлийн дарга байхад Энхтуяа гээд одоо Зэлтэрийн 10-н жилд химийн багш хийдэг юм билээ. Тэрний дараагийн бүлгэмийн зөвлөлийн дарга тэр чинь тэгээд 7-р анги төгсөөд яваад өгнө ш дээ. 8-р ангид тэр Ерөөд 10-н жилийн сургуультай, манай Дулаанхааных төгсөөд Ерөө рүү явдаг. Тэгээд дараагийн бүлгэмийн зөвлөлийн дарга маань одоо Баянжаргал гээд тэр маань одоо Сэлэнгийн төв ТМС-д сургалтын менежер хийж байгаа. Тэгэхээр би ер нь тэр үеийн хүүхдүүдэд сонгуульт ажилд сайн оруулдаг байсан юм байна гэж боддог юм. Бие дааж юм хийж сурсан. Тэр Баянжаргал яадаг байсан гэхээр хэдхэн номтой номын сантай тэр үед чинь сургууль чинь өөрсдөө ном аваад төсөв энэ тэр байхгүй. Тэр үеийн номын санг яаж байгуулдаг байсан гэхээр бүлгэмийн зөвлөлийн 9-н гишүүнтэй тэр хүүхдүүдийг зохион байгуулаад ангиудын дунд зохион байгуулаад гэрээс нь ном авчируулдаг байсан. Тэгээд гэр гэрээс нь ном авчируулаад хүхдүүдийн номыг нэг ангид цуглуулаад тэгээд хичээл тараад тэнд тэнд нь оруулж ном уншуулдаг. Бүх номоо тарааж өгч уншуулаад буцаагаад номоо хурааж аваад өдөр болгон тэгж ном уншуулдаг байсан. Тэр үеийн хүүхдүүд бол аягүй идэвхитэй байсан. Тэгээд бүлгэмийн зөвлөлийн 9 гишүүн чинь хүүхдүүдийн дунд янз бүрийн юмыг сайн зохион байгуулдаг байсан. Тэмцээн уралдаан зохион байгулж Нацагдоржийн болзолыг хангадаг байсан байхгүй юу. Хүүхдийн байгууллага бол хүүхдийн төлөө маш их ажил зохион байгуулдаг байсан. Тэгж багаас нь номтой нөхөрлүүлэх, багаас нь хөдөлмөрч болгох ажлыг зохион байгуулж байсан.
Эрдэнэтуяа -
Хүүхдэд мэдлэг олгохоос нь гадна сайн хүмүүжүүлдэг байсан байна тийм ээ?
Сүнжидмаа -
Тийм. Хүмүүжилд пионерийн байгууллага, эвлэлийн байгууллага эвлэлийн үүр гэж, тэр дундаасаа пионерийн гишүүн чинь 7-н ангиасаа эвлэлд элсдэг. Тэгээд эвлэлийн байгууллага сурагчидын дунд, ахлах ангийн сурагчидийн дунд хүмүүжил олон нийтийн ажлыг маш сайн зохион байгуулдаг. Тэгээд эвлэлээсээ намд элсдэг. Тэр үед намд элсэх чинь маш их өндөр шаардлага тавьдаг, тэр үед улс төрийн товчооны 9-н гишүүн байдаг байсан тэрийг ерөөсөө цээжилсэн, байрлалаар нь Цэдэнбал, Рагчаа гуай гээд баруун гар талд нь, зүүн гар талд нь намд элсэхэд чинь эхлээд намын идэвхтэн гээд 3 жил явна. Тэгээд намын дугуйланд суралцана, намын дүрэм программыг судална, хүмүүжил олон нийтийн ажилд оролцоно тэгээд 3-н жилйин дараагаар махнам энэ хүн манай гишүүн болж болох юм байна гээд орлогч гишүүнээр авна. Орлогч гишүүнээр нэг жил болно тэгээд жинхлэнэ. Жинхлэх дээ аймагт очиж намын байгууллага хурлаар орж тэгээд янз бүрийн асуулт тавина аа тэгж өндөр шалгуур давж байж
Эрдэнэтуяа -
Намд ороход хүмүүжил олох юм байна?
Сүнжидмаа -
Хүмүүжил олно. Намын суртал ухуулагч, нэвтрүүлэгч хийнэ. Би чинь одоо Дулаанхаанд байхад чинь 13 сонгуультай гэрийн бараа харахгүй, бүтэн хагс сайн гэхэд чинь депутат юм чинь 10-н өрх хариуцана. Тэгээд нөгөө сонгогчидтойгоо очиж уулзана. Тэр байтугай тэр хавийн хогийг цэвэрүүлнэ. Хогийг цэвэрлүүлэхдээ яахав гэхээр захиргаанаас нэг сансомоль машин гаргаад өгчихөнө. Айлууд чинь тэр үед хогоо ачихгүй гаднаа ингээд овоолоод л заваарчихана. Заавал шахаж шаардуулаад хогийг нь ачуулаад л тэгж намын үүрэг даалгаварыг биелүүлж байлаа.
Эрдэнэтуяа -
Сургуульд байхад хичээл номоос гадна нэмэлт юу заадаг байсан бэ? Жишээ нь намын талаар заах уу?
Сүнжидмаа -
Намын бодлогыг хэрэгжүүлэх талаар заана ш дээ.
Эрдэнэтуяа -
Намын талаар, нийгэмд байр сууриа олох ч юм уу, нийгмийн хүмүүжил олох талаар юу заах вэ? Математик, монгол хэл гэхээс гадна?
Сүнжидмаа -
Янз бүрийн олон нийтийн ажил явуулна, бүлэг сурталчилах ажил
Эрдэнэтуяа -
Яриа хийх үү?
Сүнжидмаа -
Яриа хийнэ. Уулзалт өдөрлөг хийнэ, ялангуяа ахмадуудтай их хийдэг. Тэгээд яриа зөвөлгөө өгүүлнэ. Байгууллагууд чинь хүүхдүүдийн дунд янз бүрийн уралдаан зарлана. Тэр үед Дулаанхаанд байхад л лав худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн төлөвлөгөө гэж ирнэ тэгээд би депутат байсан юм чинь надаа пионерийн удирдагч байсан болохоор, сургуулийн захирал байсан болохоор албан даалгавар гэж өгнө. Тэр даалгавар надад юу өгөх вэ гэхээр худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн биелүүлэх даалгавар өгнө. Тэр нь яс, техникийн тос, бид нарыг сурагч байхад чинь зуны даалгавар гэж өгдөг байсан. Зуны даалгаварт юу өгдөг байсан гэхээр чинь хүүхэд болгон 10 зурамны арьс авчир.
Эрдэнэтуяа -
Яах юм?
Сүнжидмаа -
Тэр үед чинь зурамны арьс тарваганы арьсыг чинь авдаг байсан ш дээ худалдаа бэлтгэлийн анги чинь. Хүүхдүүд тэрийг чинь хаанаас олох юм. Зуны амралтаар чинь эмэгтэй хүүхдүүд чинь эрэгтэй хүүхдүүдээ гуйгаад, тэрийг чинь ах эгч, аав нь тэрийг чинь агнаж өгдөг байсан ш дээ. Манай ах лав 10 зурамны арьс 10 зурам агнаж өгдөг, цэцэг түүж ургамлыэ хатаамал хийж өгдөг байсан. 10-аас доошгүй ном уншсан байна, уншсан номондоо тэмдэглэл хийнэ, уншсан номныхоо тэмдэглэл хөтөлнө. Дуу шүлэг төдийг сурч ир гэсэн даалгавар өгдөг байсан. Тэр даалгаврыг хийгээд намар зуны даалгавараа хэн сайн хийсэнийг шалгаруулдаг байсан.
Эрдэнэтуяа -
Дотуур байранд байхад ямар байсан?
Сүнжидмаа -
Ёстой гоё, найз нөхөдтэй болно эвсэг болно байраа цэвэрлэнэ, байранд чинь тэргүүний соёлч тасаг шалгаруулна. Номын санд сууна, оёдол нэхмэл хийнэ тасаг болгонд нэг нэг оёдолын машин өгчихөнө өөрсдөө тэр хувцас хунараа оёж өмсөнө. Тийм хүмүүжил олгодог байсан.
Эрдэнэтуяа -
Таныг багш байх, захирал байх хоёрын ялгаа юу байсан? Захирал гээд дээрээс сургуулийг харах ямар байсан?
Сүнжидмаа -
Багш бол хүүхдүүдтэй ажиллахад амар, захирал гэдэг чинь том хүмүүстэй ажиллахад хэцүү гэхдээ болдог байсан. Хамт олныг л бүрдүүлэх юм бол гоё 5 жил болоход сургуулийн хами олныг бүрдүүлж чадсан. Манайх аймгийн тэргүүний сургууль болж байсан. Аймгийн тэргүүний соёлч сургууль болж байсан
Эрдэнэтуяа -
Соёлч гэхээрээ?
Сүнжидмаа -
Соёлч гэхээрээ сургуулиа тохижуулсан, ариун цэврийн талаар тохижуулана, сургалтын материаллаг баазыг тохижуулана, кабинетүүд байгуулсан. Та нарыг сургуульд байхад орос хэлний, тийм юмны кабинет гэдэг шиг би захирал байхдаа Дулаанхаанд байхдаа 5-н кабинет тохижуулсан. Газарзүйн кабинет, орос кабинет, гэр ахуйн кабинет гээд тус тусдаа. Тэгээд кабинет байгуулаад намайг байхад манай сургууль аймагтаа эхний 2,3-т байсан. Хамт олныг маш сайн зохион байгуулж чадвал сайхан. Би өглөө маш эрт ирнэ. Багш нартаа нэг их шаардлага тавихгүй зүгээр хаалган дээр зүгээр хараад зогсож байна ингээд мэндлээд тэгэхээр чинь захирал эрт ирдэг юм чинь эрт очихгүй бол болохгүй гэсэн тийм ойлголттой. Тэгээд хичээл тасалдаг, хичээлээс хоцордог багш гэж байхгүй. Янз бүрийн уралдаан тэмцээн явуулаад л ингээд зохион байгуулаад л ирэхээр хамт олон гоё болоод байгууллага сайхан болоод ирдэг.
Эрдэнэтуяа -
Та сургуулиас өөр газар боловсрол эзэмшсэн үү?
Сүнжидмаа -
Үгүй. Дээд боловсрол эзэмшээд 35 жил багшлахад 2 л газар Дулаанхаан, Сүхбаатарын хорооллын сургуульд л ажиллаж байсан. Олон газар ч яваагүй. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт гэж намайг багш байхад чинь 5,5-н жилээр мэргэжилийг нь дээшлүүлдэг байсан юм. Би чинь 1973 онд төгсөөд 1978 онд мэргэжил дээшлүүлэх семинарт хавар сар шахуу сургалт явуулдаг, 1978 оны 6 сарын сүүлчээр 7 сарын эхээр сургалтанд ирсэн юм. Болдоо дөнгөж төрсөн 3 сар байсан болохоор ээжтэй цуг ирж байсан гэсэн. 2 цаг семинарт суучихаад хагас дутуу суугаад хурдаараа гүйгээд ирэхэд цонхонд дээр тэврээд зогсож байдаг байсан. Тэгээд л хөхүүлчихээд л буцаад явдаг. 5,5 жилээр боловсролыг дээшлүүлдэг байсан. Одоо харин тийм юм ховор болж. Одоо ер нь мөнгөөр л сурдаг болсон байна. Төлбөр төлж байж 14 хоногийн семинарт сурдаг. Тэрнээс бидэн шиг 5 жил болоод авчираад үнэгүй сургуульд явуулхаа больсон.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеэс сурах шат дамжлага одоогийхоос ялгаа юу байна? Ямар өөрчлөлт байна?
Сүнжидмаа -
Одоо боловсрол олгохдоо сургалт семинар байгуулж аймагт зохион байгуулж байна, улсад
Эрдэнэтуяа -
Хүүхдэд боловсрол олгоход өөрчлөлт орсон уу?
Сүнжидмаа -
Хүүхдэд үү өөрчлөлт оролгүй яахав. Анх бага сургууль байгаад бага боловсрол олгож байгаад суурь боловсрол олгоод одоо 12 жилийн боловсрол олгоно гэдэг сургалт их өөрчлөлт орсон байна.
Эрдэнэтуяа -
Таныг багшилж байхад төрөөс яаж боловсролыг удирдаж байсан бэ?
Сүнжидмаа -
Хүүхдүүдэд болоюсрол олгоход ёстой шат дараалсан үйл ажиллагаа явуулдаг байсан. Миний бодоход 1975 онд хүүхдийн жил гээд хүүхдийн төлөө маш их арга хэмжээ авч байсан. Тэгээд жил дараалаад л боловсролын байгууллагыг өөрчлөхөд шинэчлэл гарч л байна л даа. Шинэ шинэ арга хэмжээ авхуулаад 12 жилийн боловсрол олгож байна.
Эрдэнэтуяа -
Таныг байхад ямар ямар арга хэмжээ авч байсан? Санаж байгаагаар, бодож байгаагаар? Багш байхад, сурагч байхад, захирал байхад мэдэгдэж байсан юм байна уу?
Сүнжидмаа -
Сурагч байхад чинь 7,8-р ангиас эхлээд монгол бичгийн хичээлийг зааж байсан юм. Тэгээд байш болсон хойно чинь бага ангид болсон хойно чинь л монгол бичиг заадаг байсан ш дээ. Тэгэхээр жил болгон боловсрлын талаар өөрчлөлт оруулж л байна л даа.
Эрдэнэтуяа -
Таныг байхад кино театр жүжиг гэж байсан уу?
Сүнжидмаа -
Кино театр жүжиг гардаг байсан? Гэхдээ би нэг их явж үздэггүй байсан. Гол нь хөдөө хүмүүжиж байсан болохоороо тийм юм их сонирходоггүй явж үздэггүй, хааяа багш болсон хойно оо шинэ монгол кино гарч байна гээд л монгол кино очиход үздэг байсан. Анхны алхам нөгөө оюутны тухай чинь Алтан намар, Мартагдашгүй намар гэсэн кинонууд тодхон л байдаг юм.
Оюутан байхад чинь намрын ажилд их явдаг байсан ш дээ. Би чинь анх 1973 онд Багшийн дээд сургуулийн оюутан болоод намар хадлан дээр хадлан төмс гээд олон газар явуулдаг байсан л даа. Би Батсүмбэр Мандал гээд байна ш дээ Төв аймгийн Батсүбэрийн аж ахуй Мандалаас зүүн хойшоогоо хөдөө хадлан дээр 15-уулаа ажиллаж байсан. Тэгэхэд би яагаад тэгсэн юм бүү мэд тогоочоор ажиллаж байсан тогооч хийсэн. Тогоочийн ажил чинь маш хүнд ш дээ. Яагаад гэвэл бороо орвол хөвөнтэй хувцас чинь 2,3 хоног хатна. Ажил хийхгүй амраад л байж байна. Өглөө шүүдэр хаттал 10, 11 хүртэл ажилд гарахгүй. Тогооч тэгэхэд өглбөө 5,6 цагт босоод нөгөө хэдийнхээ хоолын хийх гээд тогтмол тийм хүнд ажилтай байсан.
Эрдэнэтуяа -
Ганцаараа юу?
Сүнжидмаа -
Ганцаараа. Биднийг оюутан байхад төмс хүнсний ногоо, хадлан өвсөнд чинь сараар явуулдаг байсан юм чинь. Тэгэхэд биднээс 5 км-ийн цаана ногоон дээр хүүхдүүд ажиллаж байсан. Бас нарийн ногоо дээр ажилладаг хүүхдүүд чинь бас их хэцүү юм байна лээ. Бороо орж байхад чинь байцаагаа авч л байгаа юм чинь. Хурааж байдаг юм байна лээ. Хадлан дээр ажиллаж байгаа хүүхдүүд бол ажилгүй бригадаар явж л байдаг. Би нөгөө майхандаа цай хоолоо хийгээд л байж байдаг. Тэгээд нэгдүгээр курсэд байхдаа хадланд явлаа 2- р курсэдээ энэ Баянцогтын сангийн аж ахуйд тариан дээр тариа чинь харин их гоё юм билээ. Тарианы үтрэм дээр ажиллаад. Тэгээд тариа будаа эргүүлээд л тэгээд 3-р курс дээ зуны амралтаар бид нар Өмнөговь аймгийн Цогт овоо сумд барилга дээр ажилласан юм. Манай ангийнхан яагаад тийшээ явсан юм. Нэг сар говь гэдэг чинь зуны улиралд халуун байхын аргагүй гадаа байшингийн сүүдэрт гараад суухад чинь сэрүү татах юм байхгүй халуун салхи үлээгээд барилга дээр бидний барилга барих ч гэж юу байх вэ сар ажиллаад ирсэн. Тэгээд бид нарт ямар хоол өгдөг байсан гэхээр тэмээний мах, тэмээний мах гэдэг чинь нэг их хар тас хар шөлөн дотор тэгээд нэг жаахан будаатай тийм л шөл иднэ. Тэгээд нэг хачин боорцог усаар зуураад хийсэн. Тэгээд бүр сүүлдээ уйдсан би талх манайхан чинь дандаа талх иддэг юм чинь бүр уйдчаад сумын захиргаанд нь гомдол тавиад хоол унд муу байна гээд тэгээд бид нарыг гуанзанд оруулж байсан юм.
Эрдэнэтуяа -
Ганц удаа юу?
Сүнжидмаа -
Тэрнээс хойш хэд хоног. Гуайнзанд аягүй сайхан хоол идсэн. Тэгээд ажлынхаа зав чөлөөгөөр хөдөө сумаар явлаа. Тэгээд явж байсан чинь бүр ам цангаад болдоггүй. Тэгээд айлаар орж байгаа юм. Айлаар орохоор чинь говийхон чинь юу өгөх вэ гэхээр хоормог гээд нэг эссэн тараг, шар сүү шиг юм, тэгээд аруул өөр юу ч байхгүй. Би тэгээд бүр нэг айлд ороод цай гуйж уулаа. Ам цангаад толгой өвдөөд тэгсэн чинь чи чинь хаанахын хүүхэд вэ ийм багаасаа цай уугаад тэгээд би Сэлэнгийнх гэсэн чинь өө тэгвэл аргагүй аргагүй. Сайхан хүйтэн хар цай өгч байсан юм. Тэгж л явлаа даа. Одооны оюутнууд чинь ажил төрөл гэж явахгүй намар оройн ажил гэж.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь зохион байгуулах уу?
Сүнжидмаа -
Тэгнэ. Цаанаас зохион байгуулна тэгээд сургуулиудад хуваарь өгчихөнө.
Эрдэнэтуяа -
Бүх хүүхэд явах ёстой юу?
Сүнжидмаа -
Явах ёстой.
Эрдэнэтуяа -
Явахгүй тохиолдол байх уу?
Сүнжидмаа -
Нөгөө өвчтэй, акт юутай хүүхдүүд байдаг л байх.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрийг арга хэмжээ авахгүй юу?
Сүнжидмаа -
Нэг их арга хэмжээ авахгүй ээ. Гэхдээ тэр үеийн хүүхдүүд бол явах л сонирхолтой байна. Үнэхээр хүнд бие муутай хүүэд явахгүй. Тэр үеийн хүүхдүүд ч улс нийгмийн төлөө л ажиллах ёстой гэсэн тийм хүмүүжилтэй болсон
Эрдэнэтуяа -
Хаанаас тийм хүмүүжлийг олж авч байна?
Сүнжидмаа -
Сургуульд байхдаа л улс нийгмийнхээ төлөө ажиллаж байх ёстой гээд сургалт тогтсон байсан учраас
Эрдэнэтуяа -
Яаж явуулах вэ?
Сүнжидмаа -
Үнэ төлбөргүй сургалт явагдаж байсан юм чинь. Төр сургаж байгаа учраас төрийнхөө ач ивээлийг хариулж ажиллах ёстой, эрдэм ном сурах ёстой, сургуулиас ямар үүрэг даалгавар өгнө тэрийг биелүүлэх ёстой гээд эцэг эх хүртэл тийм хүмүүжил олгосон юм чинь. Боловсрол эзэмш бидэн шиг малчин болж болохгүй ямар ч байсан эрдэм ном сур гээд ингээд явуулж байгаа юм чинь. Хүүхэд ахуй цагаасаа бага балчираасаа л эцэг эхээсээ л тийм хүмүүжил эзэмшсэн болохоороо л хөдөлмөрч, бусдыг хайрладаг, нам төрийн бодлогооо биелүүлэх ёстой гэсэн хүмүүжил багаасаа авсан байсан.
Эрдэнэтуяа -
Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.