Tseren


Basic information
Interviewee ID: 990078
Name: Tseren
Parent's name: Dash Norovmyadag
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Torguud

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: treatment methodologist (?)
Belief: Buddhist, shamanism
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Fortune teller, bone-sett (Үзмэрч,бариач)
Father's profession: Tom Lama


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
keepsakes / material culture
work
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Би сая танд ажил судалгааныхаа талаар танилцуулсан болохоор одоо ярилцлагаа авч болно тиймээ?

Цэрэн -

Болно.

Ариун-Ундрах -

Та намтраасаа эхлээд ярих уу?

Цэрэн -

За баярлалаа Миний бие 1950 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Миний төрсөн нутаг бол маш сайхан устай уултай сайхан нутаг байсан. Багадаа ээж аавынхаа гар дээр өсөж хүмүүжээд 8 настайдаа сургуульд орсон. 1959 онд наашаа Налайх руу шилжин ирсэн. Шилжин ирсэн шалтгаан бол манай ах Амарзаяа Налайхын уурхайд илгээлтээр ирсэн. Ахынхаа араас манай ээж, эгч бид гурав ирсэн байгаа. Би бол эхээс гурвуулаа. Нутгаас шилжиж ирээд манай аавын хамаатан Данзан гэдэг айлд ирсэн тэр үед хөдөө тог чийдэн тийм юм байхгүй байсан. Тэгээд тэр айлд ирсэн чинь гэрэл асаад бид нар маш их баярлаж гэрлийг нэг асаагаад нэг унтраагаад унтраалгаар анх тэгж гэрэл харсан. Тэгээд манай ах ажилдаа ороод би сургуульдаа ороод Налайхын арван жилийн сургуулийн 2-р ангид Гомбожав багшийн ангид орсон юм. Манай Гомбожав багш бидэнд их хайртай бидэнд цааш суралцах боломж өгч надад бол маш их урам зориг хайрлаж байсан. Манай ах дугуй унадаг байсан. Би ахынхаа дугуй унаад газар уруу нэг том шарвааран өмдтэй тэр хурдтай чигээрээ яваад онхолдоод төмөр замын хашлага мөргөж зогсоод дугуй унадаг болсон байгаа. 59 оноос эхлэн дугуй унадаг болсон. Тэрнээс хойш дугуйн спортоор хичээллэдэг болсон. Сургуульд ороход онц сурсан гээд манай багш 60 онд юм байна. 2-р ангиа төгсдөг жил намайг Сөгнөгөрийн пионерийн зусланд 30 хоног явуулсан. 30 хоног гэдэг бол жаахан 9 настай хүүхдэд маш их урт хугацаа байсан. Манай сургуулиас шилдэг сурагч гээд 7, 8 хүүхэд явсан. Дээд талын бүлгийн удирдагч багш Наймаахүү багш намайг аваад явж байгаа юм. Хотод ахындаа аваачиж хонуулаад маргааш өглөө нь талбай дээрээс Нацагдоржийн хөшөөний дэргэдээс пионерийн зусланд амрахаар явж байгаа юм. Сөгнөгөр зусланд явахдаа маш их юм сурч авсан. Тэр үед дуучин Цэрэндолгор Галхүү нар хамт амарсан. Нэг бүлгэмд дандаа онц сурсан хүүхдүүд очиж амардаг. Бид бие биенээсээ маш их суралцдаг байсан. Дараа жил нь бас пионерийн зусланд амраасан. 9-р анги хүртлээ би пионерийн зусланд амарсан Сэлбэ зусланд бас их олон найз нартаа болсон. Сэлбийн зусланд амарч байхад Герман, Украйн, Зөвлөлтийн хүүхдүүд ирж байсан. Бас Болгараас хүүхдүүд ирж амардаг байсан. Би 60 метрийн уралдаанд түрүүлсэн. Манай ангийнхан намар ирээд ярьдаг байхгүй юу. Яаж амарсан тухайгаа 60 метрийн уралдаанд түрүүллээ. Лимоны ундаагаар шагнууллаа гээд ярьсан чинь манай ангийнхан надад 60 милл гээд нэр өгчихсөн. Надад би нэлээн их хочтой явдаг байсан. Хурдан гүйдэг учраас. Би гүйдэг, урт өндөрт хариадаг бас диск шидэлт хийдэг байсан. Намар сургуулийн спартакиад болдог. Тэгээд би энэ төрлүүдээрээ ороод нэгдүгээр байранд ордог. Нэгдүгээр байранд орсон хүүхдийг 10 төгрөгөөр шагнадаг. 10-аад төрөлд нэгдүгээр байранд ороод арав арван төгрөг авсаар байгаад гэртээ бараг 100 төгрөгтэй ирдэг. Манай ангид Галбадрах гээд айлын ганц хүү 5-р ангид байсан. Манайтай айл байдаг байсан. Тэрний аав нь Самдан гээд бензин колонкийн дарга байсан. Намайг зуны амралтаар бензин колонкод ажилд оруулаад 6, 7,8,9-р ангидаа бензин колонкод ажил хийдэг. Тийм сайхан өгөөмөр сэтгэлтэй тийм жаахан хүүхдээр бензин колонкийн ажил хийлгэж байдаг. Цалин сард 300 төгрөг өгдөг байсан. Түгээгчийн ажил нь тэгээд манай тэр Налайхын бензин колонкийн хашаа их том бензинийг бол автоматаар дарж өгдөг бусад масло тоснуудыг хийж өгдөг. Поошигноос утгаж граммлаж өгдөг. Жолооч нар ирээд өөрсдөө тосоо хийж аваад би бензинийг нь автоматаар дараад хийгээд өгчихдөг тийм сайхан байсан юм.

Ариун-Ундрах -

300 төгрөг гэдэг их мөнгө

Цэрэн -

Их цалин хүүхдийг багаас нь ажилсаг болгох манай сургуулиас тийм даалгавар өгдөг байсан. Зуныхаа амралтаар ажил хийгээрэй гээд даалгавар өгдөг байсан. 15 хоног пионерийн зусланд амардаг байсан. 7-р анги төгсдөг жил Сэлбийн амралтанд амрах урилга өгсөн байхгүй юу. Багш нар тэнд амрах гээд явж байсан чинь манай төр засгийн захиргааны үүдэн дээрээс нэг хүн намайг дуудсан байхгүй юу миний хүү нааш ир гээд би найз Булгаа гээд одоо энэ Улаанбаатар дээд сургуулийн менежер багш тэр миний найз би тэр найзтайгаа явж байсан юм. Пионерийн зуслангийн урилга авах гээд явж байсан байхгүй юу. Манай Данзан багш чи том биетэй хүүхэд байна спартакиадад оролцох уу? Чи дугуй унаж чадах уу? Гэсэн чадна гэлээ. Тэгье тэгье гээд би зуслангийн урилгаа Булгаа найздаа өгөөд би өөрөө дугуйн тэмцээнд орохоор болоод тэгээд Монголын бүх ард түмний 3-р спартакиадад оролцоод нэгдүгээр байр эзлээд Налайхад зохих хэмжээний медаль шагнал аваад эрэгтэй хоёр эмэгтэй нэг гурван хүн хотод Улаанбаатарт оролцох болоод Дамдиндорж Цэрэндорж хоёр манай хоёр алтан медаль аваад би бас медаль аваад Налайхдаа цомтой том мөнгөн цомтой тэгж ирж байсан юм. Анхны цом авах үүдийг бид Налайхад нээж өгч байсан. Дараа дараагийн спартакиадад манайх дандаа медальтай тэгж явдаг байсан. Ер манай багш нар намайг их дэмждэг сургуульд байхад. Манай ээж ах хоёр бас их дэмжинэ. Би айлын бага охин 65 онд дугуйн тэмцээнд явж байгаа юм. 66 онд Өмнөговь аймагт гар бөмбөгийн бүсийн уулзалт гээд би 8-р анги хамгий бага нь бусад нь дандаа ажил хийдэг. Албан хаагч нар байсан. Тэгээд явахад намайг даарчихна гээд манай Жамбаа багш дасгалжуулагч багш биеийн тамир спортын хорооны дарга намайг өвөр дээрээ суулгаад кабин дотор хаа байсан Өмнөговь аймаг хүртэл 11 сард явсан юм. Тэнд очоод манайх бүсийн тэмцээнд түрүүлсэн. Тэнд төв хорооны сайд Цэдэнбал дарга ирлээ. Тамирчидтай уулзалт хийгээд оройн бид нар юм үзээд юм үзсэн чинь Цэдэнбал даргын хажууд намайг суулгалаа. Айгаад сайдаас царай руу нь хараад л сайд кармаанаасаа цагаан алчуур гаргаж амаа арчаад л миний хүү ямар сурч байгаа вэ? Гэсэн сайн сурч байгаа гэлээ. Спортоор хичээллэдэг үү? Хичээллэдэг гээд надтай их энгийн яриад Өмнөговь аймгийн урлагийн тоглолт үзээд л буцаад байрандаа ирсэн байрандаа ирсэний дараа хүмүүс Цэдэнбал дарга юу асууж байна юу ярьж байна гээд хүмүүс надаас сонирхож асуугаад би тийм юм асуулаа их сайхан байлаа гэсэн мөртлөө сайдаас бас айгаад байгаа байхгүй юу. Бие хачин болоод айгаад байсан боловч их сайхан байсан. Дараа нь би Цэдэнбал сайдтай 1975 онд Төв аймагт ажлаар очоод байхдаа дахиж хоёрдахь удаагаа тааралдаад Мандуширийн хийд үзэхээр явж байсан их сайхан байсан намайг хараад хоёрдахь удаагаа таарч байна. Сайн хүүхэд байна гээд тэгж байсан. Намайг 8-р ангид байхад боловсролын системд өөрчлөлт ороод 8-р анги төгсгөх болсон түүний урьд 7-р анги төгсгөөд хувиарладаг байсан.

Ариун-Ундрах -

8 биш 7 төгсгөдөг байсан юм байна тиймээ?

Цэрэн -

Тийм бид анхны 8-р анги төгсөгчид болсон. Улсын хэмжээнд боловсролын систем 66 онд тэгж өөрчлөгдсөн байхгүй юу. Манай ангиас олон хүүхэд техниккум авсан. 10-р ангид нэг 10 гаруй л хүүхэд орсон. Сурлага сайтай хүүхдүүдээ 10-р ангид оруулсан байгаа юм. 9-р ангид ороход Буяндэлгэр багш манай ангийг дааж авсан. Манай анги 8в ангитай нийлээд нэг анги болж байгаа юм. Ангийн багш Буяндэлгэр шинэ төгсөж ирсэн залуухан химийн багш бид нарт их юм зааж сургасан. Цуглуулга яаж хийх вэ? ажлаа яаж төлөвлөх, хичээлээ яаж давтах, эцэг эхтэйгээ яаж харьцаж байх, олон төрлийн зөвөлгөө бидэнд өгдөг байсан. Тэр зөвөлгөөнийг бид маш сайн биелүүлдэг. Багш л юу гэж хэлнэ бид бүгдийн биелүүлдэг байсан. Манай анги 24 хүүхэдтэй тэрнээс 9 эмэгтэй тэрнээс одоо 4 хүүхэд бурхан болсон 9 эмэгтэйн байж байгаа. Ер нь манай анги их нийтэч нэг нэгэндээ их тусладаг сургууль нийгмийн ажилд их оролцдог. Энэ жил бид 10-р анги төгссөн 40 жилийн уулзалтаа хийсэн. Манай ангийн дарга Ханджав ном бичээд бид нарын тухай ном бичсэн. Хэвлээд бидэнд өгсөн. Бас манай сургуулийн 70 жилийн ой боллоо. 70 жилийн ойн намтар номонд миний тухай орсон их сайхан болсон байна лээ. 10-р ангиа төгсөөд Анагаахын дунд сургуульд орсон анх анагаахын дээд сургуульд орчихсон байтал манай ахын бие муудаад тэгээд манай ах 71 онд нас барсан. Манай ах эгч хоёр аягүй олон хүүхэдтэй тэр хүүхдүүдийг харж хандахад миний туслалцаа хэрэгтэй байсан учраас дунд сургуульд орсон дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд Налайхдаа ирж эмнэлэгт дунд мэргэжилтэнгүүдийн даргаар ажилд орсон. Төгсөж ирээд удирдах зөвлөлийн дарга хийсэн 40 гаруй жил

Ариун-Ундрах -

Тасралтгүй удирдах ажил хийсэн

Цэрэн -

: 40 гаруй жил хийсэн. Дараа нь 92 оноос захиргаанд 1-р хорооны зохион байгуулагчаар ажиллаад 2000 онд тэтгэвэртэй гарсан. Тэрнээс хойш Улаан загалмайд арга зүйч хийж байгаад 2003 оноос Налайхын хөгжил төрийн бус байгууллага байгуулаад одоо хүртэл хийгээд удирдах зөвлөлдөө явж байгаа. Налайх хөгжил төрийн бус байгуулга юу хийдэг вэ гэхээр зэрэг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Налайхын эмзэг бүлгийн айл өрхийн 3000 гаруй хүүхдийг хөтөлбөрт хамруулаад хүүхдүүдийн эцэг эхтэй хамтарч ажилладаг байсан. Тэр эх эцгийг чадваржуулах гэр бүлийн сургалтанд суулгах зан харилцааны сургалтанд суулгах, ур чадварын сургалтанд суулгах амьдрах ухааны сургалтанд суулгах ер нь тэгээд тэд нартай хамтарч их ажилладаг. Тэр хүмүүс ч гэсэн бид нарын зохиосон ажилд их идэвхтэй оролцдог. Дэлхий зөн олон улсын байгууллагатай 6 жил хамтарч ажиллаад тэр залуучуудаас би өөрөө маш их юм сурч авсан.

Ариун-Ундрах -

Өмнөх ярианаас би нэг зүйл асуумаар байна .7-р анги төгсөөд дээшээгээ явдаг байсан юмуу 10-р ангид орох гэж

Цэрэн -

Тийм 65 он хүртэл Монголын боловсролын систем 7-р анги төгсөөд техниккумд мэргэжлийн сургуульд оруулдаг байсан байхгүй юу. 66 оноос боловсролын систем том болоод гадаадын сургуулийн систем рүү оруулж байгаа юм байна лээ. Тэгээд 8-р анги төгсөөд ордог болсон байхгүй юу. Тэр жил бас тэгсэн юмаа 9,10 анги төгссөн хүүхэд 11-р ангиар төгссөн гээд бас нэг тийм юм 1,2 жил болсон юмаа. Сүүлдээ тэр нь больсон.

Ариун-Ундрах -

Туршилт маягаар

Цэрэн -

Тийм туршилт маягаар тэгээд тэрнээс хойш 8-р анги төгсгөх болсон байхгүй юу.

Ариун-Ундрах -

Тэр үед пионерийн зуслан их байсан уу?

Цэрэн -

Миний үед Сэлбэ, Сөгнөгөр хоёр байсан сүүлдээ бол харин их пионерийн зуслан нэмэгдсэн. Филотова гуай Найрамдал зуслан бий болгож өгсөн. Налайхад бол Жавхлан зусланг бий болгож өгсөн. Филотова бол үр хүүхдийн төлөө маш их анхаардаг эмэгтэй байсан. Филотова гуай намайг зусланд амарч байхад ирдэг байсан. Бид нартай гар бариад л бид нартай бүжиглээд л дуу зааж өгөөд л бид нар тэр орос дууг нь аймаар амархан сурдаг. 2 цагийн дотор бид нар тэр орос дууг нь сурчихдаг байсан. Тэгээд бид нар Филотова гуайтай хамт дуулаад л их баярладаг байсан.

Ариун-Ундрах -

Та бензин колонкод ажиллаж байсан тухай ярьсан тэр үед бензин колонк ховор байсан уу ?

Цэрэн -

Ер нь ховор аймаг болгонд л нэг л бензин колонк байдаг. Манай Налайхад ганцхан бензин колонк байдаг байсан. Одоогийнх шиг ийм олон байгаагүй. Тэр үед хулгай зэлгээ гэж байхгүй тэр том хашаан дотор нөгөө тос поошиг дотор ил л байж байдаг. Хэн ч хулгай хийж авахгүй тэгээд их сайхан жолооч нар нь их элэгсэг сайхан ааштай би тийм жаахан хүүхэд ажиллаж байхад их сайхан хүлээж авдаг миний үгэнд ордог.

Ариун-Ундрах -

Сая таны амьдралын тухай сонслоо. Ер нь спортыг их дэмждэг байсан юм байна тиймээ?

Цэрэн -

Их дэмждэг. Бүсийн тэмцээн их зохиогдоно. Тэр үеэр хоол өгдөг тогооч нар нь бид нартай их эелдэг харьцдаг. Сайн чанарын хоол өгдөг. Бид нарын гол амжилт гаргадаг нь байранд байлгана. Тэр 20 хоногт хоолоор хангаад бас эмч нар байнга бид нарын биеийг үзнэ. Зөвөлгөөн их өгдөг. Тэр нь спортын амжилт гаргахад их нөлөөлдөг байсан. Би чинь 68 онд нөхөртөйгөө анх танилцаад манай нөхөр бас дугуйгаар хичээллэдэг байсан. Дугуйн спортоор хичээллэж байгаад бид нар медаль аваад биеийн тамир спорт хороонд дээр манай дасгалжуулагч та хоёр хоорондоо танилц. Та хоёр ийм их амжилт гаргаж байгаа юм чинь гэр бүл болсон нь дээр спортын хүмүүс гэр бүл байх нь бие биеэ сайн ойлгодог тийм ч юмуу гэж бодоод бид хоёр 69 онд гэр бүл болоод манай анхны хүү гарсан. Манай нөхөр чинь спортын мастер тэгээд 4-р спартакиадад оролцож анхны рекорд амжилт тогтоож байсан. Дараа нь улсын дугуйн спортын шигшээ багийн гишүүн болж олон улсын тэмцээнд хоёулаа оролцдог байсан. Орос Хятадаас тамирчид ирж оролцдог байсан. Бид хоёр хоёулаа олон улсын хэмжээний мастер цолтой. Тэгээд бас бид нарыг 65 онд тэмцээнд ороход цусны шинжилгээ авсан байхгүй юу. Тэгсэн чинь би 1-р зэргийн цустай манай нөхөр бас 1-р зэргийн цустай тэгсэн чинь эмнэлгээс бид нарыг донорын юунд элсүүлчихсэн. Бид нар жил болгон цусаа хүмүүс өгдөг. Донорын холбооноос надад хүндэт медаль өгсөн. Хүндэт донор болсон. Улаан загалмайн хүмүүнлэгийн үйлсэд 40 гаруй жил ажиллаж байна. Хүмүүс цусаа өгнө ядарч зүдэрсэн хүмүүс хувцас хунар өгдөг. Сэтгэлийн дэм өгнө. Гэрт нь очиж асарч сувилна. Миний 91 онд асарч байсан өвгөн одоо 101 настай дүүргийн хамгийн өндөр настай Надмид гээд хөгшин байгаа. Тэр хөгшинтэй 80 настай байхад нь уулзаж байсан байхгүй юу. Та 100 нас хүрнэ би таныг асрана. Байнга ирж байна. Хоёулаа найраа хийнэ гээд ярьж байсан байхгүй юу одоо тэр хөгшин маань 101 настай. 101 насныхаа найрыг хийгээд аягүй цэвэрч нямбай тэр хөгшин ярих юм байхгүй мундаг нямбай. Би эвлэлийн байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа бүх аймгаар 18 аймагт явж үзсэн. 18 аймагт сувилагч, эх баригч эмч нарыг бэлтгэх ажилд манай эрүүлийг хамгаалах яамнаас надыг томилож жил болгон нэг сар, зарим аймагт Хэнтий Дорнод аймагт 10 сар явж бэлдэж байсан тэгж бэлддэг байсан юм. Хүмүүс их ховор ялангуяа сувилагч их ховор асрагч нарыг 30 хоног сургалтанд хамруулаад очиж газар дээр зааж өгөөд сургаад дотор, эх барих эмэгтэйчүүд гээд төрөлжүүлээд зааж сургадаг байсан. Дадлага хийлгээд шалгалт аваад тэгж нэлээд олон сувилагч эх баригч нарыг бэлдэж өгсөн байгаа. Бүх аймгаар явсан Монгол улсын бүх аймгаар явахад маш гоё байгаль үнэхээр гоё маш гайхамшигтай очсон аймаг болгондоо лекц уншина. Ариун цэвэр соёлжилт гээд лекц уншдаг байсан юм. Тэр яаж амьдрах уу? Амьдрах ухааны талаар ярьж өгдөг. Би дээр үед дэлгүүрийн хувцас авч өмсдөггүй дандаа өөрөө хийж өмсдөг байсан. Бүх юмаа өөрөө хийдэг малгай ороолт бээлий гээд бүх юмаа өөрөө хийж өмсдөг байсан. Оёод нэхээд өмсчихдөг ах эгч манай хүүхдүүд нийлээд 20 хүүхэд байдаг. 20 хүүхдийн хувцас оёж нэхэж өгөөд эгч ах нартай цамц нэхэж өгдөг. Бүх юмыг өөрөө хийдэг нэг их унтахгүй их бага унтдаг. Номоо уншина талхаа барина. Гадна талдаа ногоо тарина. Хувийн жаахан аж ахуй хөгжүүлдэг. Одоо гэр дээрээ үхэртэй үнээний сүүгээр тараг бүрж иднэ. Төрөл бүрийн юм хийхийг бодно доо. Маш их завгүй ажилладаг уулзалт өдөрлөг гээд л тэгээд эмнэлэгт ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн даргаар 15 жил ажилласан. Тэгж ажиллаж байхад хүмүүс надад шаардлага их тавьдаг би тэрийг нь их биелүүлдэг. Нөгөө хүмүүст би их шаардлага тавьдаг тэд их биелүүлдэг байсан юм. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл чинь дүүрэгтэй 15 жил нэгдүгээр байранд явлаа шүү дээ. Тэгэхэд манай эмнэлэг 23 тасагтай 400 ажилчинтай байсан юм. 400 ажилчны 80% нь эмэгтэйчүүд байсан юм.

Ариун-Ундрах -

Хэдэн оноос бэ?

Цэрэн -

75 оноос сургууль төгсөж ирээд л эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдоод 25 настай төгсөж ирж байсан. Би төрөл бүрийн дугуйлан ажиллуулдаг байсан юм. Тэр хүмүүс чинь өөрсдийнхөө гэр орны янз бүрийн юм хувцас хунараа өөрсдөө нэхдэг байсан. Малгайг бол төрөл бүрээр нь нэхэж өмсдөг байсан. Би их баярлаж явдаг байхгүй юу. Тэр үед 60 хэдэн настай хүмүүс миний үгэнд ороод малгай оёоод өмсдөг байсан юм. 60 хэдтэй хүн ш дээ. Одоо тэр үеийн хүмүүс надад ирээд хэлдэг байхгүй юу асар их юм сургаж байсан бид нар тэр үед их дургүй байсан одоо зах зээлд ороод их хэрэг болж байгаа тухайгаа ярьж байсан. Бид нар тэр үед хуримтлал үүсгээд тасаг тасгаараа за энэ сард Цэцгээ эмч хөргөгч авсан. Ирэх сард Цэндсүрэн авна гэдэг ч юмуу хуримтлал үүсгээд тэгж авдаг байсан юм. Сервиз их авдаг 20, 30 ширхэгтэй сервиз байдаг байсан юм. Танайх угаалгын машин авна шүү гээд хуваагаад өгчихсөн. 23 тасаг байдаг байсан юм. Мартын 8, хүүхдийн баяраар янз бүрийн арга хэмжээ их зохиодог. Онц сурсан хүүхдүүдээ хүлээж авна. Эмзэг бүлгийнхээ хүүхдүүдийг хүлээж авдаг тийм байсан юм. Тэр үеийн манай дарга нар ажлыг маш их дэмждэг. Сүрэнбадам эмч тэд нар чинь яваад хөгжим аваад ирнэ. Бид нар чинь үлээвэр хөгжимтэй үдэшлэг зохиогоод маш их хамтач эмнэлэгт ажиллаж байхад сайхан байсан. Тэр хүмүүс миний үгэнд их орохоор зэрэг би их урамшдаг байсан шиг байгаа юм. Олон айлын амьдрал сайжирсан даа. Ямар нэг нь зовлон тохиолдоход бид хамт олноороо очдог тусладаг. Манай ээж 82 онд нас барахад манай аав нас барахад 400 хүн ирж байсан. Тэгэхээр тэр 400 хүн намайг их хайрладаг байсан шиг байгаа юм. Одоо бодоод байхад тэр үед би залуу байсан болохоор ойлгодоггүй байсан шиг байгаа юм. Нас ахиад ирэхээр зэрэг тэр бүхнээ бодоход тэд намайг их хайрладаг би тэд нараа их хайрладаг байсан байгаа юм.

Ариун-Ундрах -

Таны амьдралд бусдаас онцгой гэх юм байгаа юу? Миний амьдрал үүгээрээ л нэг онцгой шүү гэмээр зүйл байгаа юу?

Цэрэн -

Бусдаас онцгой юм гэх бол миний багаасаа авсан баярын бичиг диплом медаль, фото зураг энэ бүгдийгээ цуглуулж байсан. Би багаасаа зураг авдаг. Ахаасаа зураг авахыг сурсан өөрийнхөө хийж байсан бүх юмнуудаа фото зургаар баримтжуулсан. Шагнал урамшил бүх юмаа тусгайд нь одоо надад 20 альбом байгаа . 62 оноос хойших 500 урилга байна. 62 оны пионерийн зуслангийн урилга гэх мэт бүх урилга цуглуулахад одоо надад 500 урилга байна. Сургууль төгсөж ирсний дараа манай төр захиргааны байгууллага их анхаарал тавьдаг байж л дээ. 75 оноос 2000он хүртэл хорооныхоо сонгуулийн нарийн бичгийн даргыг 11 удаа хийсэн байна. Сонгуулийн нарийн бичгийн дарга чинь үнэмлэх дээр маш их гарын зурна шүү дээ. 2000, 3000 гарын үсэг зурна тэр бүгдийгээ би цуглуулаад сая харсан чинь 11 удаа нарийн бичгийн дарга хийсэн байна. Архивт миний гарын үсэг зурсан тэр баримт хадгалагдаж байгаа юм байна л даа. Хорооны засаг дарга зохион байгуулагч хийж байхдаа удирдлагын академид 48 настай байхдаа сурч байсан. 9 хорооны засаг дарга нар манай хороон дээр ирж туршлага солилцож байсан. 95 онд тэгээд намайг 45 хоног удирдлагын академид суралцуулж байсан. Шагналын шугамаар төрийн захиргааны удирдлагын академид суралцуулсан. Тэнд сураад их юм сурч авсан их юм хийсэн. Хороог их цэгцтэй болгосон. Жнь: Партизаны гудамж, Уурхайчдын гудамж гээд маш олон гудамжтай хоёр гудамж нэг нэг нэртэй хаалганы дугаар нь нэгээс аваад 20 хүртэл тэр надад их төвөгтэй юм шиг санагдаад партизаны 1,2 уурхайчдын 1,2 гээд байдаг. Түргэн тусламж, гал гарахад хаалганы дугаар нэг байх нь их хэцүү тэгээд ажлаа аваад Бадралаас эхлээд Бадралын 1, Бадралын 2, Бадралын 3 гээд 17 гудамжтай айлын хаалганы дугаар давхцахгүй Бадралын 1-ээс эхлээд 1 гээд явчихдаг. Явсаар байгаад 322-оор дуусна. Тэгээд уурхайчин гээд эхлэн уурхайчин 22 гудамжтай тэгээд Баянзүрх гээд эхлэнэ. Ерөөсөө хаалганы дугаар давхцахгүй хар зураг гаргаад бичиж байгаа надад эвхмэл бичээд хадгалчихсан байгаа. За энэ айл ногоо тарьдаг, энэ айл ахмад настай, айл энэ айл ахмад дайчин, энэ айл өрх толгойлсон эмэгтэй, энэ айл 10 хүүхэдтэй, гээд бүгдийн тодлоод тэмдэглээд бичээд авчихсан. Зургаа хараад л хүмүүст танилцуулчихдаг. Энэ айл ийм онцлогтой гээд зургаа хараад хэлээд өгчихдөг. Үзүүлэх сургалтын үеэр үзүүлсэн. Энэ айл архидах эрсдэл байгаа гээд тэмдэглэчихсэн цагдаагийн хэсгийхэн энэ айлд хулгай хийдэг хүн байгаа гээд хар зураасаар тэмдэглэчихсэн. Цагдаагийхан миний тэр зургийг аягүй хурдан хувилж авсан. За за ёстой сайхан юм байна гээд хувилаад авчихсан. Миний үед 1500 өрх байсан.

Ариун-Ундрах -

Тэр үед гэр хороолол их байсан тиймээ?

Цэрэн -

Их байсан 1500 өрхийн 6000 хүн би бараг бүгдийн цээжээр мэддэг байсан. Цээжилчихсэн захиргааныхан надаас асууна. Ялангуяа манай халамжийн байгууллагаас их асууна би шууд шууд хэлээд өгчихдөг. Цээжинд ороод ирнэ тэдний хүүхэд тийм гоц авъяастай тэр хүүхдийг сургуульд оруулна. Тэр хүүхдийг ажилд оруулна. Олон хүүхэдтэй айлын хүүхдийг оёдлын тогоочийн гээд л янз бүрийн курсэд их суулгана. Дамжаанд сургана. Тэр хүүхдүүд төгсөж ирээд бид нар туслана. Нэлээд олон хүүхдүүд төрийн сангийн зээлээр сургууль төгссөн. Тэр хүүхдүүдэд гадны байгууллагатай ярилцаж байгаад хувцас хунар авч өгдөг. Цэвэгнямын аав Нямдорж манай анги байхгүй юу

Ариун-Ундрах -

Одоо энэ сумочин уу?

Цэрэн -

Бид 8-р анги хамт төгссөн ээж Цэвэлмааг нь бас сайн таньдаг гэрт очдог. Хорооны ажилд Цэвэлмаа их тусладаг. Боловсролтой цэцэрлэгт ажиллаж байсан байнга туслана. Өөрсдөө л нийгмийн идэвхээрээ тусладаг. Манай хорооныхон их тусалдаг. Би түүнийг хийгээд өгье би туслая тийм дамжаанд суулгая гээд л хашаа хороогоо бол нийтээрээ гараад л цэвэрлэчихдэг. Би чинь цагаан хоолойгоор зараа тараадаг. Өнөөдөр цэвэрлэгээний өдөр хэдүүлээ хороогоо цэвэрхэн байлгая. Хашаагаа будъя гээд бүгдээрээ оохороор хашаагаа будаад

Ариун-Ундрах -

Зэрэг будаад ?

Цэрэн -

Зэрэг будаад үндэснийхээ угалз хээг тавиад явдаг. Тэгээд ер нь номер давхцахгүй болохоор их сайхан болсон. Гал команд түргэнийхэн надад баяр хүргэж байсан. Манай хорооны адилаар бүх хороо адилхан болсон. Хороонд ажиллаж байсан гол гол амжилтууд тийм байна. Тэгээд өрх толгойлсон эмэгтэйчүүдээ тусгайдаа цуглуулдаг болсон. Амьдрах ухааны хичээл өөрөө зааж өгдөг байсан. Би тийм юмыг тэгж хийдэг байсан та нар бас хийвэл яасан юм бэ Бас охидод алхаа гишгээ биеэ яаж авч явах талаар заадаг байсан.

Ариун-Ундрах -

Социализмын үед өрх толгойлсон эмэгтэйчүүд бага байсан байх тийм үү?

Цэрэн -

Бага байсан. Ер нь бага байсан. Осол аваараар нас бардаг байсан. Хүмүүсийн амьдрал тэгш сайхан байсан. Бүгдээрээ ажилтай ажилгүй хүн байхгүй залуучууд бүгд ажилтай. Тэр үед тэнэмэл хүүхэд гэж байхгүй архи уудаг хүн цөөхөн би ч гэсэн хүмүүстэй нийлээд архи уудаг хэтрүүлж ууна гэж байхгүй. Бие биедээ шагнал авахад очиж баяр хүргэдэг. Социалист хөдөлмөрийн бригад гэж байдаг. Үйлдвэрчний эвлэл их сайн ажилладаг. Социалист хөдөлмөрийн бригад гэдэг нь 10 хүн нэг бригад болно. Үйлдвэрийн ажилчид манай эмнэлэг бол тасаг тасгаараа жнь: манай уурхай 1500 ажилчинтай нэлээд хэдэн бригад байдаг. Бие биенээсээ суралцана.

Ариун-Ундрах -

Хоорондоо өрсөлдөх үү?

Цэрэн -

Бригад гэхэд төлөвлөгөө нормоо хэдэн хувиар биелүүллээ гээд шилний үйлдвэр адилхан бригад гэдэг чинь хамтарч нэг л хүн болж ажиллаж байгаа байхгүй юу. Нэгнийхэн аав нас барсан ч юмуу хүүхэд нь өвдсөн үед фонд гаргаад нэг нэгэндээ тусалдаг. Гэр орныг нь цэвэрлэж өгнө. Хашаа хороог нь цэвэрлэнэ. Гэр орноо цэвэрлэхгүй бохир айлд бригадаараа очоод ингэж цэвэрлэ гээд зааж өгдөг. Дахиж тэр айлд очоод байхгүй тэр хүн ч гэсэн ичнэ биз дээ. Хүмүүжлийн зүйл маш их байдаг байсан.

Ариун-Ундрах -

Тэр үед соёлын довтолгоо гэж яг юу вэ? Бид сайн мэдэхгүй байгаа юм.

Цэрэн -

Соёлын довтолгоо гэдэг нь хүмүүсийг нийгэмшүүлэх ,соёлын довтолгоо гэдэг нь хүмүүсийг соёлч байлгах гэсэн уриа бие бялдар нь соёлч зан харьцаагаараа соёл, ажлын байрны өрөө тасалгаа соёлч, гэр орон, хашаа хороо, соёлч, гудамж дүүрэг нь соёлч манай Налайх чинь соёлч хот болж байсан ш дээ. Соёлч гэж юугаар үүсэж байна уу гэхээр хүмүүс нь соёлч хоорондоо сайхан харьцдаг. Соёлтой хувцасладаг. Гаж буруу хувцас өмсөхгүй,үсээ их гоё засуулдаг өндөр халимагтай тэр ингээд намираад их гоё одоо тийм гоё үсээ засуулсан залуучууд байхгүй байна ш дээ. Охидууд нь үсээ гоё ургуулна ингэж их үсээ тайруулахгүй. Сургуульд байхад эмэгтэй хүүхдүүд лент зүүдэг цагаан улаан янз бүрийн өнгийн цэцэг зангидаад л жнь манай анги цагаан ленттэй нөгөө анги маань ягаан ленттэй өөр нэг анги нь ногоон ленттэй үсээ тэгж хамаагүй тайрахгүй их цэвэрхэн хувцас хунараа их цэвэрхэн өмсдөг. Жнь: Манай тэнд Гэрэл ресторан гэж байсан байхгүй юу одоо бар орчихоод байгаа гуанз ресторанд хувцасаа тайлж сууцгаана. Арван жилийн хүүхдүүд рестораны үүдэнд зогсоно. Ахаа та малгайгаа аваарай, хувцасаа тайлж хоол идээрэй гутал нь тоостой орж ирнэ гаднаас хүмүүс гутлын арчуулна. Нөгөө хүмүүсийн гарын угаалгана. Тэгээд нөгөө хүн чинь хувцастайгаа гуанз луу орохгүй хувцсыг нь сайхан тайлуулаад оруулна. Хүүхдүүд эргүүлээр өнөөдөр би очсон бол маргааш хоёр нь очно. Хоёр хоёр хүүхэд очно тэгээд пионерийнхоо галастукийг зүүчихнэ. Тэгээд ахаа та гутлаа арчаарай, хувцсаа тайлаарай , гараа угаагаарай гэж заавал хэлнэ. Тэгээд нөгөө хүн чинь орно. Тэгээд нөгөө үйлчлэгч нар нь үйлчлээд эхэлнэ. Гуанзны үйлчлэгч нарын хувцас их гоё байсан. Аяга шаазан таваг савнууд их сайхан чанартай. Хоолоо өөрийнхөө тарьсан ногоогоороо хийнэ. Яг цэвэр оргиналь ногоогоо хэрэглэдэг байлаа. Манай налайхын урд талаар тэр чигээрээ байцаа төмс тарьдаг байсан. Манайх тусгай бойтой тэр газраа малаа нядлана. Маш цэвэрхэн хоол унд хэрэглэдэг байсан.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгоо эхлүүлэх болсон шалтгаан юу вэ? Хаанаас тийм даалгавар өгч байсан вэ?

Цэрэн -

Намын төв хороонд үзэл суртлын хэлтэс гэж ажилладаг байсан. Үзэл суртлын хэлтэсийн хуралд соёлын довтолгоог эхлүүлсэн. Хөдөөний хүмүүс хотод орж ирж байгаа байхгүй юу. Ер нь улсын хэмжээнд хөдөө гадаагүй соёлын довтолгоог эхлүүлсэн.

Ариун-Ундрах -

Хэдэн онд эхэлсэн бэ?

Цэрэн -

Тавиад онд эхэлсэн байх шүү. Намайг жаахан байхад эхэлсэн байсан. Аяганы алчуур гэхэд чинь хоёр гурван ээлж, хүн бүр алчууртай. Тэгээд хүн бүр сойзтой оотой байна. Орны цагаан хэрэглэл дээр үед чинь манай монголд орны цагаан хэрэглэл гэж байхгүй байсан. Үстэй арьсаар хөнжил хийгээд тэгээд хөнжил рүүгээ шууд шургаад орчихдог. Одооны мишок шиг шуургаад орчихдог байсан байхгүй юу. Манай дарга нар чинь гадаадын орнуудаар яваад цагаан хэрэглэл гэж ийм юм байдаг гэдгийг мэдэж ирсэн юм шиг байна лээ. Тэгээд дараа нь хүмүүсээ цагаан хэрэглэлтэй болгосон. Айл болгон хоёр ээлжийн цагаан хэрэглэлтэй байна. Манай эмнэлгийн гарамгай амжилт чинь соёлын довтолгоонд сайн ажилласан. Манай эрүүлийг хамгаалах систем бүх аймаг дээрээ сайн ажилласан. Унтлагын хувцас гэж байдаггүй байлаа. Гадаадаас ирсэн хүн унтлагын хувцсаа өмсчихөөд гудамжинд явж байсан. Унтлагын хувцас гэдгээ мэдэхгүй тийм байсан. Тэгээд цагаан хэрэглэлтэй болсны дараа унтлагын хувцастай болсон. Дараа нь монголчууд чинь хүүхдээ өвөртлөөд унтчихдаг байхгүй юу. Сүүлдээ хүүхдээ өвөртлөж унтахаа болиод 30 төгрөгний үнэтэй цагаан ор хүүхдэдээ засаж өгөөд тусад нь цагаан хэрэглэл тааруулж өгөөд, нярай хүүхдээ бол хүүхдийн тэрэг гэж гарч байсан тэргэн дээр нь унтуулдаг байсан. Эмнэлэгийн ажилчин бид нар айлуудыг шалгана.

Ариун-Ундрах -

Та шалгадаг байсан уу?

Цэрэн -

Эмнэлгийн ажилчид 3 дахь өдөр болгон яриа хийдэг байсан. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ тийм учраас танайх цэвэрхэн байна ийм байна гээд

Ариун-Ундрах -

Айл болгоноор орох уу?

Цэрэн -

Айл болгоноор орно. Би гэхэд чинь одооны 40-р байрыг хариуцдаг байсан. 40-р байр 60 айлтай. Тэр 60 айлаар 3 дахь өдөр үдээс хойш орно. Тэгээд хүүхдүүдийн гарын сайр энэ тэрийг нэг бүрчлэн үзнэ. Цагаан хэрэглэлийг зайлшгүй үзнэ. Аяганы алчуур , тунбучик сав , орны завсар элдэв янзын зүйл оймс гутал янз бүрийн юм тавина ш дээ манайхан дээр үед . Тэгээд соёлын довтолгооноор цэгцтэй болгож ирсэн. Хувцас хунарыг яаж өмсөх вэ бүгдийн соёлын довтолгооноор зааж өгсөн. Монголын хүн ам 3 дахин өссөн бол соёлын довтолгооны ач тус. Ямар ч байсан хүүхдүүд хиртэй аяганд уухгүй. Дээр үед чинь шар өвчин тийм их байгаагүй. Гайгуу байсан одоо л их гараад байгаа болохоос. Гараа аягаа сайн угаана. Их цэвэрч соёлын довтолгооноор болвол хүмүүс бүр хүлээж байдаг байхгүй юу. 3 дахь өдөр хашаа гадна тал хаалга маалгаа цэвэрлэчихсэн. 3 дахь өдөр заавал хүмүүс ирнэ шүү гээд гэр орноо цэвэрлэчихсэн. Хүмүүс нь эмнэлгийн ажилчны үгэнд ордог. Манай хүүхдүүд гэсэн миний үгэнд орохгүй Гэрэлмаа гээд хүүхэн шалгадаг байсан. Одоо Гэрэлмаа эгч ирнэ гээд гар хөлөө угаагаад вазелин түрхээд энд тэнд хаясан гутал мутлаа янзлаад би ч Гэрэлмаа ирнэ шүү гээд хэлчихнэ. Гэрэлмаад би түрүүлээд хэлчихдэг байхгүй юу манайд ийм дутагдал байгаа шүү чи очоод сайн хэлж өгөөрөй гээд. Хүн чинь өөрийн хүн хэлэхээр хүлээж авдаггүй ,хүний хүн хэлэхээр сайн хүлээж авдаг. Тэгээд ирээд манай хүүхдүүдийн бүх юмыг үзээд чи шүдээ угааж байна уу үгүй юу гээд бүх юмыг харна. Нөгөөх чинь өглөө босоод Гэрэлмаа эгч ирнэ гээд бүх юмаа жин тан болгочихоод үдээс өмнө явах нь яваад үдээс хойш хүлээгээд байж байна. Жаахан дээр үед бал гэж байхгүй байсан юм чернель гээд байдаг. Бид үзгээ дотор нь дүрээд бичдэг байсан. 10 жилд байхад гинж хийдэг цаасыг усан будгаар будаад гинжлээд тэгж сүлд модоо чимдэг байсан юм. Янз бүрийн амьтан өөрсдөө зураад манай ангид хөөрхөн зурдаг хүүхдүүд их байсан юм. Тэд нар чинь зураад соёлын довтолгооны үед ч тийм байдаг байсан. Цонхоо сайхан арчина. Айлын орцоор ороод цонхоо арчсан үгүйг шалгана. Зарим айл цонхоо арчихаа мэдэхгүй ингэж арчдаг юм гэж зааж өгнө. Бүх юмыг зааж өгнө. Ногоогоо ингэж хөшиглөнө. Зарим хүмүүс ногоо идэж чаддаггүй байлаа. 60 хэдэн онд чинь төмс иддэггүй байсан. Хэрэггүй гээд идэхгүй гаргаад гаргаад хаячихдаг. Тэр нь хөлдчихдөг сүүлдээ бид ногоог ингэж хөшиглөнө. Хүний биед ийм тустай байцаа ийм ашигтай гэдгийг нь айлд очиж зааж өгдөг. Бичээд хальслах аргын зааж өгдөг. Тэр үед гадаадаас ногоо хальслах багаж орж ирсэн. Ногоогоо хальсалж байгаад хутга нь халтираад гараа аваад хаячихдаг байхгүй юу. Тэгээд тэрэндээ түүртээд маргааш нь ногоотой хоол идэхгүй тийм болохоор бид нар сүүлд оросын дэлгүүрээс ногоо хальслах багаж авч өгсөн

Ариун-Ундрах -

Та одоо айлуудаар яваад шалгана. Биелүүлээгүй байвал яах вэ? Сануулга өгөх үү?

Цэрэн -

Сануулга өгнө. Зүйр цэцэн үг хэлнэ. Ариун цэврийн талаар манай мэргэдийн хэлсэн зүйр үг аягүй их байдаг байхгүй юу тэр зүйр үгнээс хэлнэ. Бас нөгөө хүмүүсээ аргадана. Миний дүү ажил ихтэй байсан байх дараа ирэхэд цэвэрлэчихэээрэй гээд их аргадана. Би ерөөсөө уурлахгүй. Бүр болохгүй бол эгч нь хөнжлийн чинь даавууг авч яваад өөрийнхөө угаалгын машинд угаагаад өгье гээд хэлдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг үгүй ээ танаар юу гэж угаалгаж байх юм. Бид өөрсдөө угаачихъя зарим нь бүр угаачихаад таны өрөөнд аваад очъё гэдэг. Сургуульд байхдаа би ариун цэврийн дарга байсан юм. Хүүхдүүдийн ариун цэвэр үзнэ. Хумс үзнэ. За зүүн хөлийн хумс гээд командаар үздэг. Гутлаа тайлаад бүгд зүүн хөлөө гаргаад үзүүлэхэд бэлэн болдог. Дараа үзэхдээ хоёр гар, хоёр хөл, хүзүү, хүйсээ гарга гээд тэр үед бид нартай сургуулийн эмч хамтарч ажилладаг хөвөнгөөр хүйсийн хиртэй байна уу хиргүй байна уу үздэг. Арчиж үздэг байсан юм.

Ариун-Ундрах -

Тэр үед шаардлагыг өндөр хүлээж авах уу?

Цэрэн -

Хүлээж авна эсэргүүцэж уурлах хүн ерөөсөө байхгүй. Миний буруу манай буруу гэж л ярьдаг байсан юм. Соёлын довтолгооны үед хүүхэд бүр ханцуйвчтай гутлын алчууртай гутлаа арчиж орж ирдэг. Биеийн тамирын зааланд хэрэглэх матрас хүрэлцэхгүй өөрсдөө хуучин хувцсаа цуглуулж матрас хийж өгдөг байсан. Манай анги тэр матрасынхаа гадуур савхиар бүрээд тэр нь дээрээ тоглодог байсан юм. Соёлын довтолгооны үеэр байрны гадна тал маш цэвэрхэн гудамжинд хог цаас хаяхгүй гудамжинд хогийн сав их тавьсан айлын хашааны гадна хүртэл хогийн сав байна. Одоо хүмүүс хогийн саваа хулгайлж аваад байгаа байхгүй юу. Хүүхдүүд аягүй хүмүүжилтэй анги дээрээ хог цаас хаяхгүй цүнхэндээ хогоо авч яваад гэртээ очоод хаядаг байсан. Соёлын довтолгооны үед хүмүүс маш их гэгээрсэн. Жнь: 7-р анги төгссөн хүүхдүүд оройн ангиар 10-р анги төгссөн. Хүмүүс маш их ном уншина. Ажилчин албан хаагч нар дугуйланд сууна. Би гэхэд чинь намын дугуйланд сууна. Хагас сайн өдрийн 730 лекцтэй тэр ярианд суухын тулд 5 цаг гэж босоод хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь бэлдээд 7 цагт гэрээсээ гарна. Эмнэлэг хүртэл 30 минут явдаг байсан юм. Улс төрийн яриа танилцуулга их хийдэг хүмүүсийн ухамсар их дээшилсэн. Тэр яриа нь дээр тэр тасаг муу гарсан гээд л ярина шүү дээ. Айл өрх албан газар сайн ажиллах юм бол гэрчилгээ өгдөг. Ардын хувьсгалын 60 жилийн ойг угтаж аян зохион байгуулсан. Гурав гурван жилээр аян зохион байгуулдаг байсан. Энэ миний гэрчилгээ ингэж байгаа юм. 60 жилийн ойг угтаж Налайх хотыг соёлч хот болгох Тохижилт үйлчилгээний гурван жилийн аянд оролцсон Цэрэн танд соёлч үйлчлэгч гэрчилгээ олгов гэж байгаа юм. Би хүмүүст үйлчилж байгаа юм. Соёлч хамт олон, соёлч цех тасаг, ингэж хийдэг байсан юм. Улаан загалмайн нийгэмлэг, Налайхын эмэгтэйчүүдийн зөвлөл, эрүүл мэндийн хэлтэс гээд гурван байгууллага хамтарч явуулдаг байсан байхгүй юу. Энэ их ач холбогдолтой. Номын тэмцээн зохион байгуулна. Нацагдоржийн болзол хангасан гээд би гэрчилгээ авсан. Ер нь их ном уншдаг байсан. Соёлын довтолгоо хүмүүст их нөлөөлсөн бүх талаараа ухамсарт нь зарим үед би тэр довтолгоог дахиж хийгээсэй гэж боддог байхгүй юу.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгоо хэзээ хүртэл үргэлжилсэн бэ?

Цэрэн -

Ер нь байж л байсан ш дээ. 90 он хүртэл байж л байсан. 3 сарын аян 2 жилийн аян гээд байж л байсан. Ардчиллаас хойш л алга болсон ш дээ. Жнь: 4-р сарын 22 нд коммунист суботникээ хийнэ. Албан байгууллага маш их бэлдэнэ. Заавал бүтээлч ажил хийдэг байсан юм. Хороо ч гэсэн адилхан бүтээлч ажил хийнэ. Бүтээлч ажил хийхийн тулд сарын өмнө жилийн өмнөөс заавал бэлтгэл хийнэ. Бид нар тэгээд тэр өдрөө бүтээлч ажлаа хийдэг байсан. Хийж чадахгүй ажлаа хамт олноороо хийдэг. Зам тавих цэцгийн талбай бий болгох, хүлэмж бий болгох их гоё гоё юм хийдэг. Одоо бид нар хийж чаддаг юмаа хийж чадахгүй болоод байгаа байхгүй юу. 90 оноос өмнө хийж чаддаг байсан. Орой үдэш явж байгаа хүмүүсийг хязгаарладаг. Жнь: 8 цагаас хойш хүүхэд, залуучууд явахгүй. Гэртээ номоо уншина. Хэрэв оюутан байх юм бол уншлагын номын санд 10 цаг хүртэл сууна. Гудамжинд дэмий явахгүй. Нэг нэгэнтэйгээ хов зөөх цаг ерөөсөө гарахгүй

Ариун-Ундрах -

Тэр үеийн хүмүүсийг их хүмүүжилтэй гэж ярьдаг тиймээ?

Цэрэн -

Маш их хүмүүжилтэй. Одоо чинь ерөнхийлөгчээ аваачиж муулаад л их хурлын гишүүдээ муулаад л ерөөсөө хүндэтгэхгүй. Бид нар дарга нараа маш их хүндэтгэдэг байсан. Даргадаа асар их тусалдаг бид нар тэр хүнийг ажлаа хийж боломжийн хангаж өгдөг. Тэр хүн чинь олон хүн удирдаж байгаа учраа ном унших хэрэгтэй, бас эрүүл байх хэрэгтэй,

Ариун-Ундрах -

Соёлын довтолгоо явснаар манай ямар ямар салбарт өөрчлөлт гарсан бэ? Жнь: эрүүл мэндийн салбарт гарсан өөрчлөлт

Цэрэн -

Соёлын довтолгооны ач тусаар үйлчилгээний газрууд маш их сайжирсан. Ахуй хангамж, бас үйлчлүүлж байгаа хүмүүсийн зан харьцаа маш их сайжирсан. Жнь: Холбооны байгууллага гэхэд хүн ороход тухтай байх, залгагч нарын харьцаа маш их дээшилсэн. Тэгж ажиллаж чадахгүй бол шууд ажлаас нь хална. Дахин дахин шаардлага тавиад байхгүй тэр үед шаардлага их хатуу байсан. Чи ийм зөрчил гаргасан учир халлаа гээд л шууд халдаг. Тийм зөрчил гаргадаг хүн маш ховор маш хариуцлагатай цаг маш сайн барьдаг 10-20 минутын өмнө ажилдаа ирнэ. Заавал цагтай уралдаж ирэхгүй. Үйлчилгээний ажилтан 30 минутын өмнө ирээд халаадаа өмсөөд

Ариун-Ундрах -

Монголчуудын цаг барихгүй байгаа нь сүүлд гарч ирсэн?

Цэрэн -

Сүүлд гарч ирсэн. Дээр үед цагийн юм цагтай л байдаг байсан. Цаг маш сайн барьдаг байсан.

Ариун-Ундрах -

Сургууль төгссөн хүн ажилгүй байна гэсэн юм байхгүй?

Цэрэн -

Байхгүй бүгд ажилтай. Соёлын довтолгооны үед манай улсын хүн бүр боловсролтой болсон. Бага ангиасаа гарах сургууль завсардах тийм юм байхгүй болсон ш дээ. Соёлын довтолгооны ачаар бүх л хүүхэд сургуульд сурдаг. Хороо захиргаа сургуульд ороогүй хүүхэд байх юм бол эцэг эхтэй нь ярьж байгаад оруулдаг. Боловсролын салбар асар их амжилтанд гарсан. Шинжлэх ухааны байгууллагад ч гэсэн соёлын довтолгоо нөлөөлсөн. Ер манай улсын хөдөө аж ахуйн салбар ч гэсэн сайхан болсон. Бүх салбарт маш их амжилтыг бий болгосон. Би заримдаа айлд орохоорооо дээр үе шигээ шаардлага тавьчихдаг байхгүй юу. Та соёлын довтолгооныхоо шаардлагыг тавьж байна уу гэдэг байхгүй юу би тэгж байна гэдэг юм. Дээр үед шаардлага тавихад маш сайхан хүлээж авдаг байсан. Одоо бол дарамтлаж байна гэдэг байхгүй юу. Тийм биш хүн ер нь нэг нэгэндээ шаардлага тавьж байх хэрэгтэй байхгүй юу. Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш цоорохгүй гэдэг чинь үнэн байхгүй юу. Хүн өөрт байгаа мэдлэгээ хүнд харамгүй хэлж өгч байх ёстой байхгүй юу. Хүнд юм хэлэхгүй бол хичнээн сайхан мэдлэгтэй байгаад хэрэг болохгүй.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгоо эерэг сайн талтай байсан байна. Жижиг сөрөг зүйл байсан уу?

Цэрэн -

Ер тийм сөрөг зүйл гэх юм байхгүй дээ.

Ариун-Ундрах -

Ер нь хүмүүсийг их албадаг байсан байна ш дээ. Гэвч эсэргүүцэх хүн байгаагүй юм байна тиймээ?

Цэрэн -

Эсэргүүцэх хүн байхгүй. Эрэгтэй хүмүүс маш гоё үсээ засдаг байсан. Тэр соёлын довтолгооны үед одоо тийм залуучууд бараг алга. Та нар тэр дээр үеийн дарга эрдэмтэн багш нарын зургийг хар үнэн гоё байсан . Эмэгтэйчүүдийн охидын үс бас маш гоё байсан. Нүүрэндээ гарандаа ямар тос түрхэх бүгдийн хэлж өгдөг байсан. Глицирин маш их өгдөг байсан. Манай эрүүлийг хамгаалах хэлтэс. Хүүхдүүд шороон дээр тоглоод гар нь хагараад шарх үүсдэг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Соёлын довтолгоо явуулж байхад бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?

Цэрэн -

Бараа таваар их ховор саван их ховор цагаан хэрэглэл ховор саванг манайх өөрсдөө хийдэг байсан ш дээ. Манай савангийн үйлдвэрт, намуу цэцэг гээд нүүр гарын саван асар их тослогтой их гоё саван байсан. Сайхан үнэртэй

Ариун-Ундрах -

Шүлэг байдаг биз дээ?

Цэрэн -

Тийм манайх өөрсдөө хийдэг байсан юм. Соёлын довтолгооны үеэр үйлдвэрийн хаалга асар ихээр нээгдсэн. Соёлын довтолгооноос өмнө тавчик их өмсдөг болсон өмнө нь гуталтайгаа ороод явчихдаг байсан. Төрөл бүрийн тавчик үйлдвэрлээд, савангийн үйлдвэр байна, барааны саван гэхэд хэдэн төрлөөр хийчихдэг. Дараа нь өөрсдөө шампуниа өөрсдөө хийдэг болсон их гоё. Манай үйлдвэрийн шампунь чинь хаг их сайн арилгадаг. Өөрийн эх үйлдвэрийн бараа учраас гар сайртуулахгүй чанартай байсан.

Ариун-Ундрах -

Хөдөө орон нутагт хэр хэрэгжсэн бэ?

Цэрэн -

Маш сайн хэрэгжсэн. Би бас хөдөө очиж байсан. Жнь хөдөөний айлууд тас хар эсгий бүрээстэй байлаа ш дээ. Тэгээд соёлын довтолгооны үеэр бүгд цагаан даавуун бүрээс дотор хөшигтэй болж байгаа юм. Маш их өөрчлөгдсөн хот хороогоо яаж цэвэрлэх, зарим нь малынхаа баасыг авахгүй ш дээ тэр нь дээр нь хүүхэд нь бүдэрч унаад гараа хугалах тийм юм байдаг байсан. Төрөл бүрийн ухуулагч нар явдаг тэр хүмүүстэй семинар өгдөг. Ухуулагч нар дээрээс өгч байгаа тэр үүрэг даалгавар семинарийг маш сайн биелүүлдэг.

Ариун-Ундрах -

Бүр дээрээс нь өгөх үү?

Цэрэн -

Монгол ардын хувьсгалт намын үзэл суртлын хороо хянана. Янз бүрийн дуу янз бүрийн яриаг гаргахгүй. Яахав ажилчид янз бүрийн санал шүүмж хэлдэг тэрийг нь маш сайхан хүлээж авдаг. Хариуг нь тэр хүндээ заавал мэдэгддэг. Бичгээр юмуу амаар өгдөг байсан. Малаа ч гэсэн муу малаа нядлана. Зуд болохоос өмнө муу мал чинь үхнэ шүү дээ. Арьс ширээ өөрсдөө боловсруулдаг. Арьс нь хувцас их өмсдөг. Өөрсдийнхөө үйлдвэрийн барааг их хэрэглэдэг. Гадна талд хөл арчдаг алчуур гаргадаг байсан. Тэгэхээр чинь үйлдвэр бас их хөгжиж байсан байхгүй юу. Гудас дорож хүнийг эрүүл байлгах зузаан зузаан даавууг өөрсдөө үйлдвэрлэдэг байсан. Малчид өөрсдөө арьсаа элдээд дээлэээ хийгээд өмсчихдөг. Ямар ч нейлон юм хэрэглэхгүй учраас хүмүүс нь их эрүүл байсан байхгүй юу. Цэвэр малынхаа бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.

Ариун-Ундрах -

Айл болгон цагаан хэрэглэл айл болгон тийм юм хэрэглэнэ гэхээр зэрэг хүмүүс нь бүгд ажил хийдэг ч гэсэн эдийн засгийн хувьд ямар байсан бол

Цэрэн -

Бэрхшээлтэй олон хүүхэдтэй айл тэр цагаан хэрэглэл авах хэцүү тэр чинь 25 төгрөг нэг хүнийх тэр үеийн 25 төгрөг бол их үнэтэй байсан. Тэр үед бараа таваар эд материал үнэтэй идэх юм нь хямдхан байсан. 10 мөнгөөр шүдэнз 40 мөнгөөр талх авдаг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Хөрөнгө мөнгөөс шалтгаалаад тэр юмыг нь авч чадахгүй юм гарч байсан уу?

Цэрэн -

Гарч байсан. Тэр бүхнийг хамтын хүчээр нийлээд хамт олноороо шийдээд өгчихдөг байсан. Бригадын хамт олон хуримтлал үүсгээд нэг нэг төгрөгөөр тэр үеийн нэг төгрөг их мөнгө байсан.

Ариун-Ундрах -

Бие биенээ их өөд нь татдаг.

Цэрэн -

Маш их дээш нь татдаг байсан. Оймс ноосон өмд манайхан өөрсдөө хийдэг байсан ш дээ. Тэгээд бэлдээд бэлдээд өгдөг байсан юм. Манай үйлдвэрийн драпан пальто, тэмээний ноосон майк өмсөнө. Хүн хатгаа тусахгүй уушги муудахгүй өвчлөл маш бага байсан. Одоо нейлон хувцас өмсөөд бөөр муутай гутал маш сайхан хийдэг. Би том биетэй учраас хүүхдийн гутлын үйлдвэрт очиж 39 размерийн гутал хийлгэж авч байсан. Гутал нь чийг татахгүй

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд соёлын довтолгоо Монголчуудыг их нийгэмшүүлж өгсөн юм байна тиймээ?

Цэрэн -

Маш их нийгэмшүүлсэн

Ариун-Ундрах -

За хоёулаа өнөөдрийн ярилцлагаа өндөрлөөд дараа үргэлжүүлье

Цэрэн -

За баярлалаа

Ариун-Ундрах -

баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.