Enhtaivan


Basic information
Interviewee ID: 990069
Name: Enhtaivan
Parent's name: Bagsh
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1957
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: diesel engineer
Belief: Buddhist
Born in: Nalaih sum, Ulaanbaatar aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: none
Father's profession: Engineer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
industrialization
military
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Энхтайван гуай

Энхтайван -

Сайн сайн байна уу?

Ариун-Ундрах -

Би танд Кембрижийн их сургуулиас явуулж байгаа судалгааг танилцуулаад та ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаа тиймээ?

Энхтайван -

Зөвшөөрч байна

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө намтраас эхлээд ярьж өгөөч

Энхтайван -

Би Багш гэдэг айлын хоёрдахь охин болж 1957 оны 1 сарын 12нд төрсөн. Манайх 10 хүүхэдтэй ганцхан аав ажил хийдэг. Ээж ажилгүй гэртээ хүүхдүүдээ хараад байдаг тийм айл байсан. 57 оноос хойш эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 8 настайдаа ерөнхий боловсролын сургуульд орсон. 1973 онд 8-р ангиа төгсөөд тэр үед барилгын 2 гээд Орос руу явуулдаг байсан юм. Барилгын 2 авлаа гээд гүйгээд ирсэн чинь

Ариун-Ундрах -

Барилгын 2 гэж юу юм бэ?

Энхтайван -

Барилгын 2 гэж ТМС барилгын ТМС-ийн хуваарь манай ангийн багш өгсөн. Багш бид хоёр бүх бичиг баримтаа янзлаад гэртээ хүрээд ирсэн чинь манай эмэг ээж дүү хоёр манайтай цуг нэг хашаанд байдаг байсан юм. Юу хийж эмэгтэй хүүхдийг барилгын ТМС-д явуулж байдаг юм гээд. Налайхын ТМС-ийн суурин дизелийн ангийг 75 онд төгссөн. 75 онд төгсчихөөд суурин дизелийн анги чинь хот суурин газар байдаггүй дандаа аймгийн төвд байдаг. Тэгээд аймгийн төв явах гэхээр миний ар гэрийн бололцоо муу. Аав ганцаараа ажил хийдэг. Ээж ажилгүй доороо 8 дүүтэй дээрээ нэг ахтай байсан. Тэгээд гэрийнхэндээ туслахгүй бол болохгүй. Ах маань бие муутай байсан. Аавдаа нэмэр болохын тулд түлш эрчим хүчний яаманд хуваарилагдаад түлш эрчим хүчний яам намайг налайхын уурхайд хуваарилаж өгсөн. Надтай зөндөө олон хүүхдүүд ирсэн. Ар гэрийн гачигдалтай манай ангийн охин ч ирсэн. Налайхын уурхайд би диродчин гээд ус улсын хэмжээнд хардаг ажилд орсон. Тэрэнд би 75 онд төгсөөд 78 он хүртэл 3 жил ажиллаад тэгээд манай ээжийн дүү хүнсний мэргэжлээр төгссөн хүн байсан. Тэр намайг цалин арай ахиу гээд хүнсний цехэд нормчноор оруулсан. 78 оноос 90 он хүртэл нормчин хийж байгаад тэр үед налайхын хүнсний цех татан буугдаад Улаанбаатар чихэр боовны харъяа байсан л даа. 90 оноос нөхрийнхөө ангид цэргийн ангид холбооны залгагч хийж байгаад 90 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Нөхрийнхөө дүүгийн компанид нярав хийж байсан. 2002 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа.

Ариун-Ундрах -

Та амьдралынхаа туршид маш олон ажил хийж байсан байна тийм үү? Тэгэхээр таны хийж байсан ажлуудын тухай хоёулаа ярилъя. Та 75 онд дизельчнээр төгссөн гэсэн. Дизельчин гэсэн мэргэжил яагаад сонгосон бэ?

Энхтайван -

Оросын барилгын хуваарь авна гээд явж байгаад буцаад ороод ирсэн чинь налайхын суурин дизелийн анги л үлдсэн байсан. Тэгээд суурин дизелийн ангид ороод төгссөн. Суурин дизелийн ангид сурч байхдаа 75 оны хавар Хөвсгөлд дадлага хийж байсан. Тэгээд ТМС-ээ төгсөөд хөдөө явах боломж байхгүй тул Налайхын уурхайд диродчноор орж ажилласан.

Ариун-Ундрах -

Та тэгвэл дизельчин гэдэг мэргэжлээрээ ажиллаагүй өөр өөр ажил хийж байсан юм байна тийм үү? Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан вэ?

Энхтайван -

Социализмын үед 7 төгссөн ч бай 8 төгссөн ч бай текник мэргэжлийн сургууль, техникум, дээд сургуульд орно. 8 төгссөн хүн техникумд орно. Дээд сургуульд бол техникумд сайнаас онц дүнтэй байж байж л орно. 8-р ангиа төгсөөд 10-р ангид орсон хүүхдүүд онц сурч байж орно. Сургууль төгссөн хүүхдүүд заавал нэг газар хуваарилагдаж ажилд ордог. Социализмын үед бол үйлдвэр ихтэй ч байж ажилтай ч байж. Бүх хүн ажилтай байсан. Техникум төгссөн хүүхдүүд бол шууд ажилтай байсан. Арын хаалга маалга гэж байхгүй техникум техник мэргэжлийн төгссөн хүн шууд ирээд ажилд ордог тийм байсан юм.

Ариун-Ундрах -

8-р анги төгссөн хүүхэд бас ажил хийх үү?

Энхтайван -

Үгүй ажил хийхгүй 18 нас хүрээгүй хүүхэд ажилд авахгүй техникум техник мэргэжлийн сургууль төгсөж байж ажилд ордог байсан. Тэр үед курс дамжаа гэж байгаагүй. Аа харин жолооны курс гэж байсан 10-р анги төгссөн хүнийг 6 сар сургаж төгсгөдөг байсан.

Ариун-Ундрах -

Та янз бүрийн ажил хийж байсан байна ш дээ. Техникум төгсөөд хуваариладаг байсан байна. Та тэгэхэд нарийн боовны цехэд ажилд яаж орсон бэ?

Энхтайван -

Орон тоо байх юм бол бичиг баримтаа үзүүлээд шууд орно ш дээ. Эхлээд 14 хоног сар гаруй хуучин хүмүүс дээр өгчихдөг юм. Дагаад 14 хоног дотор бараг сурчихдаг юм. Тэгээд л тэр үйлдвэрийн ажилчин болчихдог байсан юм. Налайхад хүнсний том үйлдвэр байж байгаад сүүлд нь цех болоод бүр сүүлд нь Улаанбаатар хотын чихэр боовны үйлдвэрийн тасаг болж хийсэн бүтээгдэхүүн нь борлогдохгүй хөдөө орон нутагт ачуулаад сүүлдээ Улаанбаатарт ойрхон дүүрэг учраас Улаанбаатараас хангаж байя гээд 35 км байхгүй юу. Тэгээд татан буугдаад дараа нь цэргийн ангид орж ажиллаж байсан юм.

Ариун-Ундрах -

Одоо хүмүүс ажилд орох нь яаж өөрчлөгдсөн бэ? Социализмын үеэс

Энхтайван -

Дээр үеийн намын гишүүн хүн чинь аягүй өндөр шалгуураар намд элсдэг байсан ш дээ. Ажлаараа, амьдрал нь хэвийн эхнэр хүүхдээсээ салаагүй үргэлж төлөвлөгөө нормоо биелүүлдэг. Зан харьцаа сайтай тэр бүгдийг харж хувьсгалт нам намдаа авдаг байсан юм. Аягүй олон хурал дамжиж байж ордог байсан юм. Дээр үеийн дарга нар хээл хахуульд идэгдсэн хүн байгаагүй. За нэг үйлдвэр байлаа гэхэд хоёр нэг л хүн байсан байх бусад нь бол үнэнч шударга үйлдвэрийнхээ төлөө хийе бүтээе. Энэ үйлдвэрийг хөгжүүлье энэ үйлдвэрт үнэнчээр ажиллаж байж цалин авна гэсэн хүмүүс байсан. Одоо бол ард түмний эрүүл ахуйг хангахгүй байна. Хэн дуртай нь хүнсний үйлдвэр цех бариад л жижиг байшиндаа хувийн юм хийж байна. Тэр нь одоо стандарт байхгүй хүний эрүүл ахуйд нийцсэн бүтээгдэхүүн хийж байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй байгаа ш дээ. Тэр үеийн дарга нар улсын төлөө зүтгэсэн улс олон байсан гэж бодогддог юм. Одоо бол танил талтай хүн ажилд орно. Танил талгүй бол ажилд орно гэж байхгүй болсон. Техникум, техник мэргэжлийн сургууль бараг байхгүй болсон. Ганцхан Налайхад нэг сургууль байх шиг байна. Тэр нь алтны уурхайд өрөмдлөг хийдэг тийм л хичээл ордог юм шиг байна лээ. Хүнсний ТМС бүгд байхгүй болсон ш дээ Налайхад л нэг ТМС байх шиг байна.

Ариун-Ундрах -

Та түрүүн ямар ямар ажил хийж байсан талаараа цухас цухас дурдсан. Одоо тэр талаараа жаахан дэлгэрэнгүй яръя Налайхын уурхайд ямар ажил хийж эхэлсэн билээ?

Энхтайван -

Налайхын нүүрсний уурхайн уурын зууханд усын хэмжиж байдаг. Уурын зуух чинь усаар эд ангиа хөргөж хүйтэн усаар хангагдаж байх ёстой. Сүлжээнүүдэд паар дотор ус байгаа ш дээ. Тэр ус дүүрэн байна уу дундуур байна уу гэдгийг нь хянаж харж байдаг. Ус нь дундуур болсон үед ноцосоор усыг шахаж өгдөг. Бүтэн 8 цаг тэгж ажилладаг байсан юм. Ээлжинд гараад

Ариун-Ундрах -

Таныг ажиллаж байхад Налайхын тэр том уурхай байсан юм байна тиймээ?

Энхтайван -

Намайг байхад уурхай яг бүтнээрээ ажиллаж байсан юм. Уурхайн тэр халаалтыг тэр уурын зуух л хариуцаж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Та дараа нь нарийн боовны цехэд ажилд орсон уу? Яагаад

Энхтайван -

Тэр хүнсний цехэд манай ээжийн дүү ажиллаж байсан юм. Арай цалин өндөр байсан учраас бас уурхай манай гэрээс хол байсан эмэгтэй хүүхэд ойрхон ажилд явсан нь дээр гээд хүнсний цехийн даргатай нь ярьсан чинь орон тоо байсан. Тэгээд намайг ажилд аваад би 14 хоног дагалдан хийгээд нэг хүнд одоо энэ чиний шавь гээд хүлээлгээд өгчихдөг байсан юм. Тэр хүнээ дагасаар байгаад л тэр боовонд орох стандарт нормыг цээжлэх ёстой. Үйлдвэрт ажиллаж байхад жил болгон мэргэжлийн шалгалт авдаг. Зуурагчаар ажиллаж байсан тасгийн дарга ч хийж байсан. Үйлдвэрт ажиллаж байхдаа 1981 онд хувьсгалт залуучуудын эвлэлийн хүндэт жуух бичгээр шагнуулаад 82 онд үйлдвэрийн хөдөлмөрийн аварга болж байсан. Манайх чинь Улаанбаатар хотын чихэр боовны үйлдвэрийн харъяа байсан ш дээ. Тэгж байхад нь аварга болж байсан. Дараа нь 4, 5 жилийн гавшгайч болж байлаа. Сар болгон төлөвлөгөө нормоо биелүүлдэг гээд сар бүр урамшуулалт цалин авна. Сар бүр 100 мянган төгрөгний урамшуулалт цалин авч байсан. Цалингаас гадна сарын төлөвлөгөө биелсэн гэж нэмэгдэл авч байсан. Тэр чинь хүний амьдралд аягүй их нэмэр болж байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

100 мянга гэдэг чинь одооны ханшаар юм уу? 100 төгрөг юм уу?

Энхтайван -

100 төгрөг тэр үед бид нормоо хийгээд 500 ,600, 700 төгрөг авна. Одоогоор бол 100 төгрөг чинь 100 мянган төгрөг юм даа. Тэр хавьцаа байгаа

Ариун-Ундрах -

Та үйлдвэрт хэдэн жил ажилласан?

Энхтайван -

10 жил ажилласан. Тэгээд тэр үйлдвэр чинь Налайхад боов хийж байснаа бүтээгдэхүүн нь борлохоо болиод анх том үйлдвэр байсан байгаа ш дээ. Архины үйлдвэртэй пүнтүүз хийдэг. Нарийн боов хийдэг. Талх хийдэг том цех байсан байгаа юм. Сүүлдээ Налайх жижиг газар Улаанбаатартай ойрхон. Багасаар багасаар сүүлдээ нарийн боов нь үлдээд талх хоёр нь үлдээд ажиллаж байсан. Тэгээд нарийн боов Налайхдаа борлохоо болиод ажлаасаа халагдаж байсан. Тэгээд нөхрийнхөө цэргийн ангид 95 он хүртэл залгагч хийсэн дээ.

Ариун-Ундрах -

Танай нөхөр ямар хүн байсан бэ?

Энхтайван -

Манай нөхөр Архангай аймгийн Тариат сумын хүн. Архангайд 7-р ангиа төгсөөд хөдөө аж ахуйн техникумын малын эмчийн анги төгссөн. Малын эмчийн ангиа төгсөөд хувиарлагдаад Өмнөговь аймаг явсан. Өмнөговьд очоод гэр орноо санаад ерөөсөө цэрэгт явъя гэж шийдээд очсон чинь чамайг авахгүй зарлага өгөөгүй гээд авахгүй байсан гэсэн. Тэгээд цэргийн хүүхдүүдийг дагаад машинд нь суучихсан гэсэн. Улаанбаатарт Хужирбуланд бүх аймгийн цэргийг карантилсан гэнэ. Тэгээд цэргүүдийг хуваарилаад байсан. Манай нөхрийн хуваарь гарахгүй байгаад байсан. Сүүлдээ энэ хүүхэд яагаад энд байж байдаг билээ гээд Өмнөговиос аваад ирсэн Архангайн хүүхэд. Тэгээд холбооны ангид хуваарилаад цэргийн алба хаасан. Тэгээд офицерийн анги төгсөөд офицер болсон гэсэн. Тэгээд улс төрийн дээд сургууль төгсөөд улс төрийн орлогч хийж байгаад намын дээд төгсөөд орлогч хийж байгаад 90 онд Монгол улс цэргийн ангийг татан буулгаад тоог нь цөөлөөд 20 жил ажилласан гээд тэтгэвэрт гарч байсан юм.

Ариун-Ундрах -

Налайхын цэргийн ангид ажиллаж байхад нь та залгагч хийж байсан юм байна тиймээ?

Энхтайван -

Нөхрөө дагаад явж байдаг. Цэргийн хүн учраас цэргийн хүн чинь хаана хуваарилагдсан тэр газар нь явж байдаг. Ар гэр нь дагаад л явж байдаг. Тэгээд манайх чинь хоёр охинтой манай хүн 90 онд тэтгэвэрт гараад хоёр охиноо хараад хоёр охин маань жаахан байсан юм. Хоёр хүүхэд маань ч овоо болсон 2000 онд нас барсан нөхөр маань

Ариун-Ундрах -

Нарийн боовны үйлдвэрт 10 жил ажилласан гэхээр нэлээд туршлагатай болсон юм байна тиймээ?

Энхтайван -

Анх би үйлдвэрт орж байхдаа аягүй удаан байсан. Үйлдвэрийн норм хийнэ гэдэг чинь төлөвлөгөөтэй цагтай уралдаж ажиллана гэсэн үг ш дээ. Эхлээд надад аягүй хэцүү байсан. Гэвч ажилдаа дуртай байсан учраас амархан сурсан. Урьдын ажлаас олон хүүхнүүдтэй ажилладаг учраас ажилдаа их дуртай сонирхолтой байсан. Социализмын үеийн дарга нар үйлдвэрийн ажилчид их гоё байсан. Оргил үе нь байсан юм болов уу гэж боддог юм. Одоогийнх шиг хээл хахууль авахгүй танил тал харж ажилд авахгүй. Сургууль төгсөөд ирсэн бол диплом, хөдөлмөрийн дэвтрийн харж байгаад л ажилд авчихдаг байсан. Хүний төлөө 7 хоног бүрийн хагас сайн өдөр болгон сонсгол лекц хийдэг. Нэг дэх өдөр болгон соёлын өргөөнд очиж лекцэнд сууна. Эмх цэгцтэй үйлдвэрт ажилласан ч гэсэн 8 цаг л ажиллана. Норм төлөвлөгөөтэй ажлаа хийгээд л явчихдаг. Дарга нар хахууль авч хүнийг гадуурхах юм ерөөсөө байхгүй. Ажилчидтайгаа адилхан харьцдаг. Ажилчид нь үнэнч шударга ажилладаг. Сүүлийн үйлдвэрүүд одоо Налайхад үйлдвэр ч байхгүй дээ. Монголд ТМС Налайхын ТМС л үлдсэн юм биш үү. Олон ТМС, техникумууд байсан тэрнээс Налайхын ТМС л үлдсэн юм шиг байна. Үлдэхдээ цөөхөн ангиар л төгсдөг юм байна. 4,5 анги л төгсөж байгаа юм шиг байна. Тэр үед 10-аад анги байдаг байсан. Нарийн мужаан бүхий л мэргэжлийн ажилчид тэр ТМС-ээр л дамжиж гарч байсан. 2 жил сураад зэрэг аваад гардаг байсан юм. Одоо тийм юм байхгүй болохоор 8-р анги төгссөн ч бай 10-р анги төгссөн ч бай дээд сургууль төгссөн ч бай ажилгүй гээд л сууж байна шүү дээ. Тэр үед Монголд үйлдвэр их байсан. Гутлын үйлдвэр, Шеврогийн үйлдвэр, Арьс ширний үйлдвэр, Хүнсний үйлдвэр зэрэг том том үйлдвэр их байсан. Одоо тэгэхэд арьс ширний үйлдвэр нь цехийн хэмжээнд байх шиг байна. Одоо хүнсний үйлдвэрийн бүх юм автомат болсон байна. Арьс ширний үйлдвэр бас тийм болсон байх л даа. Би орж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэрнээсээ болдог юмуу хүн их цөөхөн ордог болсон байна лээ. Бүх юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан. Гутал гэхэд сайн чанарын гутал өмсдөг байсан. Чийг татахгүй. Шир сайтай, ул сайтай, гутал өмсөж байсан. Одоо бол Хятад ус чийг татдаг гутал өмсөж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Та үйлдвэрт ажиллаж байхдаа ажилдаа их дуртай байсан юм байна тиймээ ? Та түрүүн ярьсан л даа хүмүүсийн ажилдаа хандах хандлагын талаар хүмүүс ажилдаа их дуртай байсан юм байна тиймээ?

Энхтайван -

Хариуцлагатай, уралдаантай, зорилготой, 8 цагт хэдэн кг боов талх үйлдвэрлэх зорилготой, ард түмэндээ эрүүл хүнс өгөхийн төлөө л байсан даа. Ямар ч энд тэндхийн материал ороогүй цэвэр Монголд үйлдвэрлэсэн гурил, бүх юмаа хийдэг байсан. Туслах материал Оросоос л орж ирдэг байсан даа. Оросын туслах материал цэвэр хүний эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн байсан. Үйлдвэр дээр ирж байгаа элсэн чихэр шинжилгээтэй ирдэг байсан. Одоо бол хүнсний аюулгүй байдлын техник аягүй их зөрчигдөж байна. Монгол улс дотроо өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй төмсөө ч тарихгүй хямдхан төмс тариад хямд бордоогоор бордоод хурдан ургана. Хятадууд жилд 2 удаа ургац авдаг. Тэгээд манайх үнэд цохигдоод гурилаа ч хийж чадахгүй төмс ногоогоо ч тарьж чадахгүй болчихсон ш дээ. Одоо сүүлийн үед эрүүл мэндээ бодоод үнэтэй ч гэсэн өөрийнхөө эх нутгийнхаа төмс гурилыг иддэг болж байх шиг байна.

Ариун-Ундрах -

Одооны хүмүүсийн ажилд хандах хандлага тэр үеийнхээс яаж өөрчлөгдсөн вэ? Таны ажилд хандах хандлага өөр болсон уу?

Энхтайван -

Бид нар сургууль төгсөөд төлөвшсөн байдаг. Бид нэг өдөр ч сургууль завсардаагүй , нэг өдөр ажил завсардаагүй хүмүүс социализмын үе хүнийг үнэнч шударга хөдөлмөрлөх бүх нөхцөл байсан болохоор тэр үеийн хүмүүс худлаа хэлэхгүй хүн хуурахгүй хөдөлмөр хийсэн ч яг үнэнчээр зүтгэдэг. Хүний эрүүл мэндийн төлөө би энэ боорцогийг буруу хийчих юм бол акт гарна. Цаана нь хүний эрүүл мэнд зөрчигдөөд хүн үхвэл яана гэсэн зорилготой байсан. Одоо бол тийм юм байхгүй. Хүнсээр хүмүүс их хордож байна. Тэр үед хүнс их сайн байсан. Химийн бодис ороогүй юм болохоор удаан тэсвэртэй хадгалагдана. Тэр үед бүх юм байсан. Ноос нэхий бүгдийг өмсөж байлаа. Нэхийний үйлдвэр байгаа ш дээ нэхий сайнтай дулаахан. Гутлын үйлдвэр гэхэд жижиг цехүүд байдаг юмуу мэдэхгүй байна.

Ариун-Ундрах -

: Та түрүүн баахан шагнал урамшуулал авсан тухай ярилаа ш дээ. Тав таван жилийн гавшгайч гэсэн тэр яадаг юм. Тав таван жилийн төлөвлөгөөтэй холбоотой юу?

Энхтайван -

Жил бүр, би жил битгий хэл өдрийн төлөвлөгөөгөө биелүүлээд сарын төлөвлөгөө рүү ороод тэгээд аварга маварга болоод явдаг байсан. Нормоо таслаагүй, нэг удаа сонсгол таслаагүй, нэг удаа лекц таслаагүй тийм байж байж л гавшгайч болдог. Одоо энэ залуучуудын ажилд хандаж байгаа байдал нь муу болчихсон юм шиг санагддаг. Хүн хуурдаг, худлаа хэлдэг улс их олон болчихсон юм шиг бидний үед тийм хүмүүс өдрийн од шиг ховор, зууд нэг л байдаг байсан байх. Одоо бол зууд нэг л үнэн хэлдэг хүн байх шиг байна.

Ариун-Ундрах -

Яг эсрэг болчихсон

Энхтайван -

Яг эсрэг болчихсон. Ажилгүйдэл хүмүүсийн амьдралд хэцүү тусдаг байх л даа. Ямар ч аргаар байсан ч мөнгө олно гэсэн бодолтой хүмүүсийн хүн чанар их муудсан.

Ариун-Ундрах -

Та үйлдвэрт ажиллаж байхдаа намын гишүүн байсан тийм ээ?

Энхтайван -

Үгүй эхлээд шууд орчихгүй ш дээ ТМС-д байхдаа бид үйлдвэрчний эвлэлийн гишүүн болно. 2-рт хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болдог. Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байхдаа төв хорооны жуух бичгээр шагнуулж байсан. Дараа нь хувьсгалт залуучуудын гишүүнд тохирч байгаа хүнийг цааш нь намын гишүүнээр элсүүлдэг. Шат шатаар явдаг. Монгол ардын хувьсгалт намын гишүүнийг маш өндөр шалгуураар элсүүлдэг. Одоогийнх шиг арын хаалга маалга байхгүй. 1-рт гэр бүлийн байдал тогтвортой. 2-рт миний эгч дүү нар гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ээж аав нь хэрэг төвөгт орж байгаагүй 3-рт төлөвлөгөө нормоо сайн биелүүлдэг. Тэр хүн худлаа хэлдэггүй, ажилдаа сайн, ажлаа тасалдаггүй, тийм байж байж л элсэнэ. Эхлээд ажилчдын хурлаар орно. Дараа нь намын үүрийн хурлаар орно. 2 удаа хурлаар орж байж намын гишүүнд элсдэг. Тийм өндөр шалгууртай байсан. Намын гишүүн болно гэдэг чинь тэр хүнд улам их хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Намын гишүүн хүн өөрөө үлгэр жишээ байна. 2-рт худлаа хэлж болохгүй хуурамч юм хийж болохгүй. Төлөвлөгөө нормоо хийчихдэг. Ард түмэндээ ухуулга сурталчилгаа хийчихдэг. 7 хоног бүр дугуйлан хурал хийнэ. Намын гишүүн хүн юу мэдэж яаж байх ёстойг дугуйланд зааж байдаг.

Ариун-Ундрах -

Намын гишүүн байх нь ямар нэгэн ажилд ороход тушаал дэвшихэд хэрэгтэй юу?

Энхтайван -

Хэрэгтэй байлгүй яахав. Хувьсгалт залуучуудын гишүүн, намын гишүүн хүнийг дараагийн ажил нь дуртай хүлээж авдаг. Яагаад гэвэл социализмын үеийн бүх тогоонд чанагдаад гараад ирсэн хүн байгаа. Шалгуурыг даваад гараад ирсэн. Тийм хүн намын гишүүнээр элсдэг байсан. Бүх хүн намд элсэж чадахгүй шүү дээ. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй ар гэрийн амьдрал нь хэцүү төлөвлөгөө биелүүлж чадахгүй хүмүүс байсан. Хувьсгалт намын гишүүн зүгээр намын гишүүн биш хоёр хүн очвол намын гишүүн хүнийг л авна. Тийм л байсан.

Ариун-Ундрах -

Та одоо хүртэл намын гишүүн үү?

Энхтайван -

Одоо хүртэл намын гишүүн хороон дээр бүртгэл ч байгаа. Үнэмлэх гэрчилгээ ч байгаа. Надад бүх юм нь байгаа.

Ариун-Ундрах -

Намын гишүүн хүн сар бүр татвар төлдөг байсан гэсэн тиймээ?

Энхтайван -

Би чинь орой хүүхэд төрүүлсэн. Хүүхэдгүй хүний татвар төлнө.2-рт ашгийн татвар төлнө. 3-рт үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар, 4-рт залуучуудын бай хувьсгалт намын ч бай татвар төлдөг байсан. Бид нар чинь 4-5 төрлийн татвар төлж байсан. Одоо ч гэсэн татвар төлж байсан баримт нь байгаа.

Ариун-Ундрах -

Та 600 төгрөгийн цалинтай байлаа гэхэд хичнээн төгрөгийн татвар төлөх үү?

Энхтайван -

1% ийн татвар авч байсан байх.

Ариун-Ундрах -

Та ажлын хамт олныхоо талаар ярьж өгөөч

Энхтайван -

Уурын зууханд хөгшин залуу эрэгтэй эмэгтэй янз бүрийн хүмүүс ажиллаж байсан. Үйлдвэрт бол дандаа эмэгтэйчүүд ажилладаг байсан. Манаач савлагч эрэгтэй бусад нь дандаа эмэгтэй. Би тэнд ажиллаж байхдаа бригадын дарга хийж байлаа. 10 хүүхэн нэг бригад байлаа гэхэд би бүгдийн харж байгаа ш дээ. За үүний амьдрал нь хэцүү шүү гайгуу дамжлага дээр ажиллуулна. Цалин гайгуу аваг. За үүний гэр нь хол юм 5 минут хоцрох яах уу. Зарим нь залуу юм чинь ингэж сургаж авна шүү. ТМС төгсөөд хүүхдүүд хүрээд ирнэ. Анхандаа юу ч мэдэхгүй учраас тэр хүүхдүүдийг зохицуулж ажиллана. Бригадын дарга ажил ихтэй. Материалаа хүлээж авна хуваарилана. Тэр олон хүүхнүүдийг зохицуулж ажиллана гэдэг хүнд л дээ. Олон хүүхнүүд хэл ам ихтэй янз бүрийн хүмүүс их байна. Зарим нь амьдрал хэцүү, зарим нь залхуу тэр болгоныг зохицуулж ажиллана. Хүнсний үйлдвэрт сайн ажилладаг хүүхнүүд байсан. Хоорондоо эвтэй найртай хүнсний цехэд чинь залуу охидууд их төгсөж ирнэ. Сар болгон хурим болно. Хуриманд байнга явна. Ариун-Ундрах : Дандаа эмэгтэйчүүд байсан болохоор мартын 8 эмэгтэйчүүдийн баярыг сүртэй тэмдэглэх үү? Энхтайван : Ер нь баяр ёслолыг хамт олноороо их сайхан тэмдэглэнэ. Том үйлдвэр байхад би байгаагүй л дээ. Налайхын цех аягүй том үйлдвэр байсан гэсэн. Намайг жаахан байхад том хүнсний үйлдвэр байгаад архи пүнтүүз , боов , талх бүх юмаа хийдэг байсан. Сүүлдээ багассаар багассаар Улаанбаатарт ойрхон гэдгээрээ багасаж нарийн боов талх 2 үлдсэн. Баахан хүүхнүүд ажиллаж байсан. Тэд нар их сайн ажилладаг ар гэртээ амьдралтай. Охидууд ирээд гайгуу ажиллаж байгаад хүнтэй сууна. Их сайн ажилладаг байсан. Одооных шиг биш. Хүнсний аюулгүйн техникийг сайн барина.

Ариун-Ундрах -

Та өөрийн хувийн амьдрал ажил 2-оо яаж зохицуулдаг байсан бэ?

Энхтайван -

Хүнсний цехэд ажиллаж байхдаа би айлын том гэдгээрээ аавдаа туслах гээд хүнтэй орой суусан. Доороо 7 дүүтэй учраа дүү нарынхаа нэгийг ч гэсэн төгсгөе гээд тэгсээр байтал бараг 30 хүртлээ ганцаараа үйлдвэрт ажиллаж байсан. Ажил гэр хоёрын хооронд явдаг учраас би төлөвлөгөөгөө сайн биелүүлдэг байсан. Тийм учраас сайн ажилладаг байсан байх. Хүүхнүүд ар гэртээ ажилтай үр хүүхэд нь өвдөнө. Надад бол тийм юм байхгүй. Ээж аавдаа тусалдаг ажил гэр хоёрын хооронд явдаг. Намын дугуйлан лекцэндээ явна. Оройгоор 10-р ангиа дүүргэнэ.Үйлдвэрт байж байхдаа хөдөлмөр зохион байгуулах даргын курсэнд суугаад хотод 45 хоногийн курс дамжаагаа төгсөж ирээд жаахан ажиллаж байтал цех маань татан буугаад би тэгээд цэргийн ангид залгагчаар очсон юм даа.

Ариун-Ундрах -

Та чөлөөт цагаараа юу хийх үү? Тэр үед ямар ямар кино гарч байсан бэ?

Энхтайван -

Чөлөөт цагаа маш сайхан өнгөрөөнө. Гэртээ ээж аавдаа ирж тусална. Юмаа нэхнэ, хатгана, кино их үзнэ. Шинэ кино бол байнга үзнэ. Социализмын үед чанартай кинонууд их гардаг. Шинэ кино аягүй их үзнэ. Ээж аавыгаа, дүү нарыгаа дагуулаад кино их үздэг. Ажлын 8 цаг ажилладаг, орой 5 цагт дараагийн ээлж ороод ирдэг ажлаа хүлээлгэж өгөөд гардаг.

Ариун-Ундрах -

Ажил хийж байхад ядрах ч юмуу бэрхшээлтэй зүйл байсан уу?

Энхтайван -

Залуу хүн учраас ажлаа тарж очоод амарчихдаг. Үйлдвэрт ажиллаж байхдаа жил бүр амралтанд явдаг байсан даа. Амралтанд явахад алдсан энергиэ нөхөж байсан байлгүй дээ. Тэр үед гоё гоё амралт байсан. Социализмын үед үйлдвэр дээр амралтын хуваарь хүрээд ирдэг. Энэ сард төчнөөн хүн авна гэсэн 12 сарыг хуваагаад чи энэ сард чи дараа сард гээд хуваагаад амарна даа. Бригадаараа ярьж байгаад би дараа сард амарна шүү. Тийм хэвлэл захиална шүү. Оросын новый тавар сэтгүүл захиалж уншина. Ном их уншдаг. Ном их цуглуулдаг. Шинэ гарсан ном гэртээ авч тавьдаг. Бие биедээ дамжуулж уншина. Ярьж өгдөг тийм байсан юм.

Ариун-Ундрах -

Ажил хийхэд хэцүү зүйл нь юу байсан бэ?

Энхтайван -

Хэцүү зүйл гэж байгаагүй. Өөрөө биеэ зөв амрааж чадвал бидэнд тийм хэцүү зүйл гэж байгаагүй. Өнөөдөр ажилтай маргааш ажилтай босоод сэтгэл зовох юм байхгүй. ТМС-д сурсан хүн 180 төгрөг авдаг. Дээд сургуульд сурч байгаа хүн 200 төгрөг авдаг. Тэр чинь бидэнд хангалттай байсан. Хувцасаа аваад хоолоо идээд төгсөж очоод ажил нь бэлэн бидэнд за өнөөдөр сургуулийн төлбөр яанаа гэх юм байхгүй төлбөр төлөхгүй. Одооны хүүхдүүд төлбөр яанаа төгсөөд юу хийнэ. Ажил байхгүй гэж санаа зовж сурч байна ш дээ.

Ариун-Ундрах -

Сурч байхдаа цалин авч байсан тиймээ?

Энхтайван -

Тийм сурч байхдаа авна. Сард 180 төгрөг

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Энхтайван -

Ажиллаж байсан үе сайхан даа. 82 онд би үйлдвэрийн аварга авна гэж бодоогүй. Манай үйлдвэрийн дарга казак хүн байсан. Хүнсний үйлдвэрт ажиллахад хувцас маш цэвэрхэн байх ёстой л доо. Маск зүүн малгайгаа цардчихдаг. Цэвэрхэн хувцаслана. Ариун цэврийн станц ирж өдөр бүхэн шалгана. Тэгэхэд би дандаа 1-рт ордог байсан юм. Манай мастер Булгаа талхны цехийн Янжин чи ер нь ажил хийдэг юмуу чиний хувцас дандаа цэвэрхэн байх юм гэдэг байсан юм. Хоёр гурван ээлжийн халаадтай түүнийгээ маш цэвэрхэн хэрэглэнэ. Намайг хоорондоо ярьж байгаад 82 онд хөдөлмөрийн аварга болгосон.

Ариун-Ундрах -

Хөдөлмөрийн аварга болоход том том шалгуур байх уу тиймээ?

Энхтайван -

Байлгүй яахав. Тэр хүн тэр онд бүх юмаараа тэргүүний байж байж л аварга болно. Үйлдвэрт ажиллаж байхад нэг юм боллоо л доо. Бид нарыг үйлдвэрт ажиллаж байсан чинь норм нэмэгдээд ажлын төлөвлөгөө буурахгүй юу тэгсэн чинь зарим хүүхнүүд ирээд зарим нь ирэхгүй тэгсэн чинь үйлдвэрээс хурал хийгээд Хөнхөр гээд эдийн засагч авгай байсан юм. Тэр авгай ирж яриа хийсэн тэр үед би бригадын дарга байсан. Үйлдвэрийн норм нэмэгдээд цалин буурсан байна. Та нар үүнд анхаарч ажил гэсэн чинь ажил тасладаг, чөлөө авдаг тийм хүмүүсийн цалин бага гараад маргаан үүсэхгүй юу ийм гарах ёстой байсан тийм гарсан байна гээд тэгээд мастер очиж эдийн засагчийг дуудаж ирсэн байхгүй юу. Би ажилчдаа өмөөрөөд энэ хүмүүс акттай чөлөө авчихсан байгаад сонсоогүй байж болно ш дээ. Энэ хүмүүст үнэнийг л хэлэх ёстой гээд би хэлчихээд гараад явчихсан. Тэгсэн чинь манай эд шалгагч Цэцэгмаа чамайг тэр эдийн засагч хүүхэн аягүй шударга хүүхэн байна гэж хэлсэн гээд тэгж байсан. Тэгээд би тэр том үйлдвэрийн 82 оны аварга болоод Ёолк болох гээд Ёолкоо хотод очиж хийдэг байсан юм. Манай цехийн дарга чи цэвэрхэн хувцаслаарай гэлээ. Тэгээд Их дэлгүүрийн дөрвөн давхарт хийсэн. Том үйлдвэр юм чинь том ресторан том газар хийдэг байсан юм. Том үйлдвэр учраас бараг нэг нэгийгээ танихгүй тэр Хөнхөр гээд авгайг нэг л удаа харсан байх. Тэгсэн намайг Энхтайван баяр хүргэе гээд тэгсэн намайг аягүй шударга гэж манай эд шалгагч авгайд ярьсан байсан.

Ариун-Ундрах -

Та үйлдвэрт ажиллаж байсан талаараа ярилаа. Дараа нь нөхрөө дагаж цэргийн ангид очиж залгагч хийсэн талаар ярьсан. Үйлдвэрээс гарч ажлаа солих болсон шалтгаан нь үйлдвэр татан буугдсантай холбоотой юм байна тиймээ? Тэгээд тэнд очоод өөр ажил хийхэд хэцүү тал нь юу байсан бас амар тал нь юу байсан бэ?

Энхтайван -

Социализмын үед мэргэжилтэй хүн хаана ч очоод ажилласан болно ш дээ. Тэгээд хүнсний цех татан буугдаад нөхрийнхөө цэргийн ангид залгагч хийсэн. Тэр жил холбооны анги нээгдээд залгагчаар ажилд ороход 7 хоног дагалдан хийгээд орчихсон. Цэргийн анги холбоог бодоход цомхон л доо. Налайхад 10-аад цэргийн анги байсан. Захирагч нар өрөөндөө утастай орлогч, жижүүр, улс төрийн орлогч, техникийн орлогч нарын өрөө утастай хотоос батлан хамгаалах яамнаас хоёр газраас холбоо орж ирдэг байсан. Дарга нар ярьдаг тэдний яриаг хооронд нь залгаж өгдөг. Надад тэр ажил амар байсан

Ариун-Ундрах -

Цэргийн ангийн залгагч юм чинь цэргүүдийг ар гэрийхэнтэй нь яриулах уу?

Энхтайван -

Үгүй хэн ч ярих эрх байхгүй. Цаанаас гэрийнх нь захиалга өгөөд ярьж болно. Цэргийн ангийн холбоо гэдэг утгаараа байлдааны бэлэн байдалд байх ёстой. Өдөр шөнөгүй ээлжинд гарна. Ээлж нь 8 цагаар гардаг. Түргэн хугацаанд холбоог холбож өгөх үүрэгтэй нэг ёсны цэргийн хүн болж байна гэсэн үг.

Ариун-Ундрах -

Энэ ажлыг хийхэд танд амархан байсан уу?

Энхтайван -

Амархан байсан. Эхлээд шинэ хүн юм чинь командыг цаасан дээр бичээд наагаад өгчихнө. Түүнийг цээжлээд 38 дахь мөр нь тэр захирагчийнх гээд биччихсэн байдаг. 7 хоногийн л ажил байсан.

Ариун-Ундрах -

Урьд хийж байсан нарийн боовны ажил энэ залгагч хийх хоёрын цалингийн зөрөө хэр байсан бэ?

Энхтайван -

Бараг нарийн боовны цехед байхад сайн хийсэн сардаа 700,800 авдаг хамгийн муу цалин авсан сардаа 600 авдаг байсан. Тэгтэл цэргийн ангийн залгагч сарын 300 төгрөгийн цалинтай байсан. Хийгээд байх юмгүй тогтмол цалинд ороод явчихсан.

Ариун-Ундрах -

Ээлжээр ажиллах уу?

Энхтайван -

Ээлжээр ажиллана. Надтай хамт гурван хүүхэн орж байсан. Дөрвүүлээ 8 цагаар ээлжлээд явчихдаг байсан. Өмнө нь цэргүүд суудаг байсан. Цэргийн анги нэмэгдээд 10 гаруй болсон учраас зайлшгүй хүн авах хэрэгтэй болсон байх.

Ариун-Ундрах -

Ажлаа сольсноор амьдралд чинь өөрчлөлт гарсан биз дээ?

Энхтайван -

Цалин буурч байгаа. Хамгийн бага нь 500 авдаг байсан хүн 300 авахаар цалин буурч байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэр үеийн цэргийн ангид оросууд их байдаг байсан уу?

Энхтайван -

Үгүй угаасаа Налайхад цэргийн анги гэж байгаагүй. Ард нь Төв аймгйин Баянзүрх сум гэж байсан байхгүй юу тэр хэдэн намхан байшингууд дээр цэргийн анги нүүж ирээд ар талын анги гэж байсан түүнд бүх анги байгаа. Хими, холбоо, техникийн гээд нэг цэргийн анги бүх юмаа дагуулаад явж байдаг ш дээ. 10 –аад анги байж байгаад 90 онд татан буугдаад одоо хоёрхон анги байгаа ш дээ. 90 онд цомхотгол болоод хамгийн түрүүн улс төрийн орлогч байсан манай нөхөр ажилгүй болсон.

Ариун-Ундрах -

Таны нөхөр цомхотголд орсны дараа танд янз бүрийн нөлөө өөрчлөлт гарсан уу?

Энхтайван -

Ер нь цэргийн ангид ажиллаж байсан хүмүүст хүнд цохилт болсон. Цэргийн хүн 25 жил ажиллаад тэтгэвэрт гардаг бол манай нөхөр 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Манай нөхөр чинь 40 настай тэтгэвэрт гарч байгаа юм. Эрэгтэй хүний идэр нас байхгүй юу 40 нас 2-рт тэр хүн эдийн засгийн хямралд орж байгаа юм. Тэтгэвэр гэдэг чинь цалингийнхаа тал хувийг авна. Цэргийн хүмүүсийг маш их хохироосон манай амьдрал ч гэсэн хохирч байгаа юм. Манай нөхөр чинь 20 жилээр гарч байгаа учраас хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа учраас ямарч хөнгөлөлт, тэтгэмж байхгүй. Ардчилал гараад хамгийн доод хувиар тэтгэвэр тогтоолгоод хоёр хүүхэд харахаас өөр ажилгүй болж байгаа юм. Би ганцаараа ажилтай 300 төгрөг авдаг тэтгэвэрт 400 авна. Офицер байхдаа 800 төгрөг авч байсан. Амьдрал хэцүү болж байгаа юм чинь гэхдээ яахав нэг нь цалин авдаг нөгөө нь тэтгэвэр авдаг байсан. Одоо ч гэсэн хохирч байгаа. Манай нөхөр 2002 онд нас барсан хоёр охин маань тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэсэн чинь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байсан учраас хувь нь аягүй багаар бодогдож байгаа юм. Манай нөхөр 25 жил ажиллаад тэтгэвэртэй гарсан байсан бол манай энэ хоёр хүүхэд сард 40000 төгрөг авах ёстой байсан юм байна. 23000 авч байна. Сая 2007 онд цомхотголд орж тэтгэвэрт гарсан офицерүүд нөхөн олговор авлаа. Сая төгрөгийн нөхөн олговор өгсөн. Тэгэхэд манай гэр бүл бас авч чадаагүй. Нөхөр нас барсан учраас. Манай гэр бүл аягүй их хохирч байгаа.

Ариун-Ундрах -

Үүнийг танай амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэж ойлгож болох уу?

Энхтайван -

Болно. Хоёр хүүхэдтэй бид дөрөв гэв гэнэт 40 настай тэтгэвэрт гарна гэдэг чинь хэцүү ш дээ. Тэр олон офицерүүд юу хийхэв дээ. Дахиад 5 жил ажилласан бол бид хоёр овоо болох байсан байлгүй дээ. Тэтгэвэр ч овоо тогтоно. Хоёр хүүхэд үлдэхэд овоо нэмэр болох байсан байх. Сая байгаад сая төгрөг авсан бол нэг хүүхдийн маань жилийн төлбөрт хэрэг болно ш дээ.

Ариун-Ундрах -

Та нөхрөө цомхотголд орсны дараа залгагч хийхээ больсон уу?

Энхтайван -

Манай нөхрийн дүү Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж байсан юм. Тэр биднийг хажуудаа авъя гээд манай хоёр охин жаахан байсан юм чинь нөхөр маань хүүхдээ хараад би 95онд өөрийнхөө саналаар ажлаасаа гараад дүүгийнхээ компанид нярав хийсэн. Дүүгийн компани савхин эдлэл оёж орос руу зөөдөг байсан юм. Сүүлдээ нөгөө савхин эдлэл удаан борлогдох болоод хил гаалийн татвар өндөр болоод сүүлд савхиа бэлнээр нь хар зах дээр аваачиж борлуулдог болсон. Үйлдвэрээс авсан савхин дээрээ 10 төгрөг нэмээд зардаг байсан юм. Тэр нь аягүй хурдан зарагддаг байсан. Монголчууд савхин эдлэл их өмсдөг байсан юм байна. Тэгээд арьс ширний үйлдвэртэй гэрээ хийгээд Улаанбаатар хотын цайз зах дээрээс хонины нэхий худалдаж аваад би нярав хийж байсан юм. Машин хөлсөлж аваад хоёр эрэгтэй ажилчин байна. Бид хэд нэхийгээ аваачиж тушаагаад оронд нь савхи аваад зах дээр очиж зардаг байсан юм. Сүүлд нөгөө компани чинь томроод Говь компанитай гэрээ хийгээд хөдөөнөөс ноолуур аваад үйлдвэрт аваачиж өгдөг байсан юм. Анх туршлагагүй хүмүүс мэдэхгүй ноолуур нь дээр ажилладаг хүмүүс байдаг юм байна л даа. Дотор нь шороо хялгас ноос хийгээд нейлон триког тав давхарлаад шороог шүүгээд ноолууранд хийхээр кг татдаг юм байна л даа. Бас хялгас ноос хийдэг байсан байна. Хялгас ноос хямд худалдаж аваад хийж зардаг байсан. Сүүлдээ жижиглэн газраар ноолуур авдаг хүмүүс арга нь нарийсаад кг-ийн туухай 1,3,5-ийн туухай хийж бид нарт харагдахгүйгээр хийж мөнгө олдог байсан байна. Их л олон юм үзэж байлаа. Тэр компанид ажилласнаар олон юм мэдсэн. Ямар компани арьс жинхэнэ хонины арьс ,ямааны , үхрийн арьс байдаг. Нэхийний чанар мэддэг , ноолуурын чанар мэддэг зөндөө юм сурч байгаа юм. Тэгээд нөгөө компани сүүлдээ жижигрээд ажиллахаа байгаад ноолуур болиод сүүлд нь би хувиараа хөдөлмөр хийгээд. Бизнес эрхэлээд яваад өгсөн хоёр хүүхдээ аваад.

Ариун-Ундрах -

1990 онд монголд ардчилсан хувьсгал гарсан. Нийгэм эдийн засгийн маш том том өөрчлөлт гарсан.Социализмын үед та янз бүрийн ажил хийгээд амьдарч байсан. Ардчилсан хувьсгалаас хойш хийсэн ажилд ямар өөрчлөлт гарсан. Яаж амьдрах болсон вэ? Гол амин зуулга юу болсон вэ?

Энхтайван -

социализын үед бид намын гишүүн наймаа хийвэл намаасаа хасагдана. Хар зах дээр явбал хардуулдаг байсан. 1990 онд үйлдвэрүүд татан буугдсан. Үйлдвэр татан буугдахаар ард түмэн ажилгүй болно. Дэлгүүрт давснаас өөр зарах юм байхгүй байсан. Ардчилал ялаад ардчиллынхан хүн бүрийг паспорттай болгоё. Хүн бүр гадаадад гарч бизнес эрхлээд одоо энэ дэлгүүрт байгаа хүнс барааг чинь үйлдвэрийн ажилчид бий болгосон. Наймаанд явж. Сүүлдээ ганзагын наймаанд явж гайгуу болсон нь Улаанбаатарт жижиг үйлдвэр цех бариад ажиллаж байгаа байх.

Ариун-Ундрах -

Тэр үед ганзагын наймаанд аягүй олон хүн гарсан тиймээ?

Энхтайван -

Аягүй их хүн гарсан. Хятад гарсан вагон дүүрэн ачаатай. Ганзагын наймаачид монголд зарахгүй ш дээ. Хятадаас аваад орос луу зарна.

Ариун-Ундрах -

Дэлгүүрийн лангуу дээр ганц давс байсан үед хэцүү байсан уу?

Энхтайван -

Талх, будаа ,элсэн чихэр , архи бүгд картанд орсон. Ам бүлийн тоогоор нэг өрхөд сард нэг архи , нэг хүнд 5 кг гурил ,1 кг элсэн чихэр карт бичгээрээ авна.

Ариун-Ундрах -

Социализмын дараа элбэг байсан байх тийм ээ?

Энхтайван -

Социализмын үед би хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. Боорцог боов борлохоо болиод татан буугдаж байсан. Тэр үе чинь 78 он ш дээ. Хоёрхон жилийн дараа цаг үе өөрчлөгдсөн байна. Нэг мэдсэн чинь илүү гараад байсан боорцог байхгүй. Олдохоо байгаад хоосорсон. Бас үнийн өөрчлөлт орсон байх л даа. Тэр үед борлогдож байсан гурил будааг улсаас өгчихдөг. Гурилыг гурилын үйлдвэрээс ачаад авчихдаг байсан. Сүүлдээ үнийн өөрчлөлт орж үйлдвэрүүд татан буугдсан. Ашиггүй ажилласан. Тэгээд дампуурч байсан байх.

Ариун-Ундрах -

Үнэ өссөнийг засгийн газрын 20-р тогтоолтой холбож ярьдаг тиймээ?

Энхтайван -

20-р тогтоол гэж бүх юм нугарсан байхгүй юу. 20 төгрөгний шүдэнз 40 төгрөг нугаллаа гэсэн үг ш дээ. Үнийн өсөлтөөс болж үйлдвэрүүд дампуурсан. Социализмын үед алдаатай тал байсан гэж би боддог юм . Яагаад гэвэл орлого зарлагын тооцоо их муу байсан байх.

Ариун-Ундрах -

Та надад амьдралынхаа туршид ажиллаж байсан ажлуудаа маш сайн ярьж өгсөнд баярлалаа. Хоёулаа энэ удаагийн ярилцлагаа ингээд өндөрлөе.

Энхтайван -

За баярлалаа.

Ариун-Ундрах -

Танд баярлалаа. Дараа дахин уулзъя.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.