Giimaa
![](../assets/images/interviewees/990072.jpg)
Basic information
Interviewee ID: 990072
Name: Giimaa
Parent's name: Haltar
Ovog: Tsagaan tug
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: International finance economist
Work: retired
Belief: Buddhist
Born in: Sulinheeriin sum, Dornogovi aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: baga emch
Father's profession: Border troops office, colonel
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
belief
work
urban issues
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Бид хоёр 2 дахь удаагаа уулзаж ярихаар болоод байна. Бараг 10-аад хоногийн дараа хийж байгаа байх. Өнөөдөр бид 2 өмч хувьчлалтай холбоотой асуудлаар ярья. Тэр Социалист өмчийн тэр том бааз хэрхэн яаж задарсан, тэр их бүтээн байгуулалт хэрхэн яаж их богино хугацаанд алга болсон гэсэн сэдвээр ярихаар эхлэж байна.
Гиймаа -
Өмч хувьчлал бол Монголд 1991 оноос суурь тавигдаад 1992-1993 онд явагдсан. Тэгэхдээ би бол өмч хувьчлалыг бол....их өмч хувьчлал гэдгээрээ том том үйлдвэрийн газруудыг мөнгөтэй хүмүүс авсан. Бага хувьчлал гэдэг нь хүн болгонд 10000 төгрөгний үнэтэй бичгийг тараасан. Би бол үүнийг амьдралаараа туулаагүй. Яагаад гэвэл манайх 1991 оны 4-р сараас гадаадад томилолтоор яваад өгсөн учраас яг юу болсон яасан ийснийг зүгээр л амьтан хүний ярианаас, тэр үеийн сонин хэвлэлийн байдлаас мэднэ үү гэхээс биш үнэндээ тэр нарийн юмнуудыг бол мэдэхгүй. Яаж явагдсан бэ гээд бодохоор чинь зэрэг өмч хувьчлалыг материал хангамжинд ойрхон газар, дэлгүүр хоршоонд ойрхон газар бага зэргийн үйлдэвүүдэд ойрхон ер нь материал хангамжинд ойрхон газар ажиллаж байсан хүмүүс л өмч хувьчлалынхаа тасалбараар өөрийнхөө албан газарт байсан бүх л өмчийг хувьчлаад авчихсан би үүнийг бол сайн хэлнэ. Хангамжийн газар гэхэд чинь гадаад худалдааны шугамаар гадаадаас авч ирж байсан өчнөөн дөчнөөн хэдэн саяаар хэлэгдэх бараа материалыг тэнд ажиллаж байсан хүмүүс чинь өмч хувьчлалын 10000 төгрөгний тасалбар өгсөн ш дээ. Тэрүүгээр л авчихсан байсан. Улсын өмчийг 1-2 жилийн дотор бүгдийг нь авсан. За яахав том том үйлдвэр аж ахуйн газруудыг арай чадаагүй байх. Гэхдээ Аж Үйлдвэрийн Газар гэдэг чинь ноос угаах үйлдвэртэй, арьс шир боловсруулах үйлдвэртэй их том газар байсан. Тэр үедээ Социализмын материал техникийн бааз гэдэг шиг их том үйлдвэржсэн газар байсныг өмч хувьчлалаар аваад тэрнийг чинь хувьцаа гаргаж хувьцааг нь ард нийтэд тараахаар чинь тэр хувьцааг хэзээ хэрэг болох юм бэ яах ч юм бэ гэдгийг хүн ойлгохгүй тэрнийг зүгээр л өнөө маргаашийнхаа талхнаас өгөөд л тэгээд тэр үед энэ талаар жаахан мэдлэгтэй мөнгө төгрөгтэй улсууд бүх юмыг хувьчлаад авсан гэж боддог. Манайд хувьчлал их буруу явагдсан гэж үздэг. Ер нь бол Социализмын үед баян, ядуу гэж байдаггүй байлаа. Яагаад гэвэл хүн болгон хөдөлмөрлөдөг, хөдөлмөрлсөнийхөө хэрээрээр цалин авдаг. Доод талын цалинг цэвэрлэгч авахад 280 төгрөг авдаг. Тэр мөнгийг тэр үеийн ханшаар бодоход ямар ч гэсэн хоосон хонохгүй, хэзээ ч хоосон хонохгүй тэрүүгээр амьдралаа залгуулаад явах боломжтой байсан. Тансаг байх нь юу юм бэ гэхдээ л хоосон хонохгүй байсан. Дээд сүрхий сайхан ажил хийдэг байсан улсууд бол яахав. Тийм л юм болж байсан юм. Тэр улсуудад очиж байсан өмч хувьчлалын тасалбарын үнэ цэнийг мэдээгүй учраас бараг өнөө маргаашийн талхнаасаа л зарсан болов уу даа.
Хишигсүрэн -
Тэр үедээ инфляци их өндөр байсан....
Гиймаа -
Инфляцийн суурийг тавьсан хүн бол Бямбасүрэн ш дээ. 1991 онд 20-р тогтоол гаргаад л 1991 оны 1-р сараас юмны үнийг 2 дахин нэмээд хаячихсан. Энэ инфляцийг шууд өсгөчихсөн хүн ш дээ.
Хишигсүрэн -
Нэг ийм юм болсон юм шиг байгаа юм. За яахав 10000 төгрөгний өмч хувьчлалын эрхийн бичгийн бүх хүнд тэгш хувиарлаж олголоо гэж байгаа боловч тэр нь их, бага хувьчлал гээд 3000 төгрөг 7000 төгрөгний цэнхэр, ягаан тасалбар гэж орж ирж байгаа. Тэгээд 10000-өөр үнэлэгдэж байгаа үнэ чинь Социализмын үеийн тэр үнэлгээ ш дээ. Тэгэнгүүтээ ягаан тасалбарыг хүний гар дээрээс бэлэн мөнгөөр худалдаж аваад тэгээд тэрүүгээрээ үл хөдлөх хөрөнгө өмч авсан юм шиг байгаа юм. тэр үедээ яасан гэхээр нөгөө 3000 төгрөгөөр үнэлэгдэж байсан Социализмын өмч чинь.... мөнгөний ханш бараг 100 дахин уначихсан тэр үед юу ч биш болж байгаа байхгүй юу тиймээ?
Гиймаа -
Тийм өмч хувьчлал буруу явагдсан учраас ийм их баян ядуугийн ялгаа ингэж их эрс тэс гарч ирсэн. Мэдээлэлд жаахан ойрхон улсууд л хагартлаа баяжаад өнгөрсөн. Тэгээд л ерөөсөө ихэнх масс юу ч үгүй л хоцорсон. Тэгээд би боддог юм. Дан ялангуяа өмч хөрөнгөнд ойр байсан хүмүүс байна. Материал хангамжийн газар байна, том том баазууд байсан ш дээ. Бөөний худалдааны том бааз байлаа, хүнсний том бааз байлаа тэгээд материал хангамжийн 6-н том газрууд байлаа. Аж Үйлдвэрийн Материал Хангамж, Хөдөө Аж Ахуйн Материал Хангамж, Техник Материал Хангамж, Материал Импекс гээд энэ бүх юм Комплекс Импорт Нэгдэл гэж хэлээд Социализмын үед Социалист орнуудаас үнэ төлбөргүй зээл тусламжаар ирж байсан юмнууд асар их байсан. Тэрүүгээр хөлжиж хөрөнгөжсөн хүмүүс одоогийн энэ Их Хурлын гишүүд дотор байна ш дээ. Тэд нар бол ерөөсөө яг тэр зээлийн хөрөнгийг муугаар ярих юм бол өөрсдөө идэж уугаад гарч ирсэн тийм л улсууд. Ийм л юм болсон юм. Тийм учраас би энэ өмч хувьчлалыг буруу хийсэн гэж боддог.
Хишигсүрэн -
Одоо аж үйлдвэрүүдийг сэргээнэ гэж ярьдаг боллоо. Тухайн үедээ ямар бодлого ямар ойлголттойгоор тэр олон үйлдвэрүүдийг материаллаг баазыг нь алга болгочихсон юм бол гэсэн харамсмаар юм бодогдоод байдаг байхгүй юу.
Гиймаа -
Тийм. Тэр бүхнийг хувьдаа өмч авах гэж оролдсон хүмүүсийн л ажил болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл Социалист нийгэмд байж байгаад бүх юм улсын мэдэлд байхаар зэрэг чинь бид нар одоо чөлөөт зах зээлд орж байгаа болохоор бүх юм хувийн өмч дээр тулгуурлах ёстой гэсэн. Хувийн өмч дээр тулугуурлъя гэж яг хийсэн бол уг нь хүндээ бүх юмаа тэгш хуваарилах ёстой гэтэл тэгээгүй. Хувьчлалын эрхийн бичиг гэж 10 000 төгрөгний үнэтэй тийм юм гаргаад л тэрнийг нь хүмүүс овжин ашигласан байна.
Хишигсүрэн -
Танайх жишээлбэл өмч хувьчлалынхаа тасалбарыг юу болгосон бэ?
Гиймаа -
Манайх чинь 1994 оны 7-р сар хүртэл гадаадад байж байгаад ирсэн байхгүй юу. Тэгээд яахав манай хүүхдүүд ирэхэд та нарын өмч хувьчлалын тасалбар гээд 10000 төгрөгний үнэтэй нэг тийм юм хадгалчихсан байсан. Нөгөөдүүл чинь хаана юунд оруулахаа мэдэхгүй. Тэгээд би ирээд бас гайгүй шиг орлоготой газруудад нөгөөдөхөө оруулчих санаатай үзсэн чинь бүгд байхгүй. Тэгэхэд чинь Хөрөнгийн Бирж гэдэг чинь тийм харилцаа эрхэлдэггүй байсан ш дээ. Тэр үед брокерийн пүүсүүд байгуулагдаж байсан юм шиг байгаа юм. Тэгээд 2,3-н брокерийн пүүс байгуулж байгаад би бас Улаанбаатар, Баянгол,Говийн хувьцааг авчих санаатай өөрөө хөрөнгө оруулчих санаатай. Эрдэнэт рүү хувьцаагаа оруулчих санаатай яваад тэгсэн чинь тэд нар бүгдийг нь юу яасан байна ахиж хувьцаа гаргаж зарахгүй ээ гэсэн. Тэгээд би Зоос Гоёлд оруулж байсан юм. Зоос гоёлд чинь оруулахгүй юу. 10-аад жил болж байгаад манай хүү ноднин хувьцааныхаа ашгийг авъя гэсэн чинь 100 төгрөгний хувьцаа чинь ноогдол ашиг нь 30 төгрөг ч гарсан гэлүү дээ. 7 төгрөг ч гарсан гэлүү нэг тийм юм болсон /ярилцагч инээв/. Тэгээд манай хүү Бадрах тэрнийг чинь өөр юманд оруулсан байх. Тэгээд тэр хувьцаа ерөөсөө үнэгүйдсэн. Тэрэнтэй адилхан манай гэр бүл чинь хүүхдүүд маань ч гэсэн эдийн засгийн талаар өөрсдөө зохих мэдлэгтэй хүмүүс ш дээ. Тэгэхэд л бид нар юу ч үгүй хоцорч байгаа юм л даа. Тэгтэл тийм улсууд зөндөө байгаа ш дээ. Тэрнийг буруу явсан л гэж боддог. Нэгдүгээрт бол яг тэр үед манайх байхгүй байсан. 1991-1994 оны 7-р сард ирж байгаа хүмүүс чинь бүх авдаг юмаа аваад тараадаг юмаа тараагаад ашигтай юмнуудыг нь бүгдийг нь зогсоогоод хичнээн сайхан үйлдвэрүүд ажиллаж байсан билээ, арьс шир боловсруулахаас эхлээд гутлын үйлдвэр хүртэл ажиллаж байсан юм чинь бүгд л зээл тусламжаар байгуулагдсан Монголоос хөрөнгө гаргаагүй байгуулагдсан тийм юмнуудыг авлаа ч гэсэн чадвартай улсуудад нь өгөөд тэр хэмжээгээр тэр үеийн бодлого л буруу явсан гэж боддог. Бямбасүрэнг л буруу бодлого явуулсан л гэж үздэг.
Хишигсүрэн -
Социализмын үед танай аав, ээж, та өөрийн шашин шүтэлгийн байдал ямар байсан бэ. Сүсэг бишрэлтэй байсан уу. Чөлөөтэй болсоноос хойш ямар өөрчлөлт гарсан бэ?
Гиймаа -
Манай аав ээж 2 чинь багаасаа сургуулиар явчихсан ерөөсөө шашин шүтлэг гэсэн ойлголтгүй байсан ш дээ. Бид нар гандан дээр ч очиж үзээгүй. Гандан гэж тийм газар байдаг лам нар байдаг гэсэн л юм мэднэ үү гэхээс биш өөр ямар ч ойлголтгүй байж байгаад сүүлд 1990-д оноос ....1990-ээд он бишээ 4-5 жилийн өмнөөс л цагаан сар болохоор ном уншуулдаг жилд нэг удаа очиж хийморийн сан тавиулдаг бүх хүүхдүүддээ ном уншуулдаг болсон ш дээ. Тэрнээс өмнө ямар ч тийм ойлголт байгаагүй.
Хишигсүрэн -
Цэвэр атейст хүмүүжилтэй байсан байна тийм үү?
Гиймаа -
Ямар сайндаа 1992 онд билүү 1993 онд манайхыг Москвад байхад Далай лам Москвагын элчин сайдын яаманд айлчласан юм. Би тэр айлчлалаар хүүхдүүдээ дагуулж элчин сайд дээр очоод Далай ламын гарын үсэг авч байсан гарын үсэг нь бий. Тэр үед худалдаж авч байсан Далай Ламын зураг нь надад байдаг юм. Өөр шашин шүтлэг гэж мэддэггүй байсан. Угаасаа ч тэр үед маань тийм юугүй болохоор итгэл үнэмшил байхгүй байлаа. Гэхдээ яахав сүүлийн үед бол цагаан сараар заавал ч үгүй мөрөө гаргана. Манай нөхөр эрэгтэй хүүхдүүд мөрөө гаргана. Цагаан сараар сүүлийн 5-6 жил тэмдэглэдэг болсон. Манай ээж чинь ах дүү хамаатан дотроо хамгийн өндөр настан нь болсон. Тэгээд тэмдэглэдэг болсон. Цагаан сараар очоод ном уншуулдаг. “Алтан ганжуур”-ыг хүүхдүүддээ уншуулдаг даа. Тийм л байна. Жилд нэг удаа.....би өчирдөр бурхан багшийн дүйчин өдөр гээд Ганданд очиж зул өргөөд манай Бадрахын таньдаг нэг лам байдаг юм. Тэр залуу ижийг минь нас барахад ирж буяны үйлийг нь хийж байсан сүрхий залуу. Сүүлдээ Энэтхэгт очиж 3-н жил болж байгаад ноднин ирсэн. Тэгээд энэ жил манайд ирж ном уншиж өгсөн. Сая би очоод “Алтан ганжуур” уншдаг хуралд суудаг юм. Тэр лам дээрээ очиж адис авчихаад, нэг зул өргөчихөөд л ирсэн. Цагаан сараар үр хүүхдүүд маань мөрөө гаргана. Унших номыг нь би очоод хүүхдүүддээ уншиулчихна. Тийм л байдаг.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд бусад хүний амьдралаас онцгой юм бий юу?
Гиймаа -
Онцгой л байж таараа ш дээ. Яагаад гэвэл би бол дэлхийгээр сайхан аялсан. Энэ чинь хүнд олдохгүй сайхан завшаан ш дээ. Америкт 3-н жил явлаа. Америкийн 4-5 мужаар явж үзсэн. Америкийн 4-н ерөнхийлөгчийн хадан дээр сийлсэн хөшөө байдаг тэрэнд очиж үзлээ. Вашингтонд очлоо, Балтиморт очлоо, Илинойст байлаа. Тэгээд наашаагаа машинаар аялахад чинь сайхан 7 хоног хэртээ аялаад үзчихэж байгаа юм чинь. Энэ бол газар үзэж нүд тайлж байна гэсэн үг ш дээ.
Хишигсүрэн -
Социализмын үед таны хийж байсан ажил танай нөхрийн хийж байсан ажил чинь гадаад улс орнуудтай холбоотой. Гадаадад жирийн хүмүүсийг бодвол томилолтоор байнга явдаг байсан байна ш дээ. Тэгэхээр Оросуудаас өөр ямар хүмүүстэй жирийн иргэн хүн харилцаж болдог байсан юм бэ. Ямар хүмүүс Монголд ирдэг байсан юм бэ ямар хүмүүс гадагшаа явдаг байсан бэ?
Гиймаа -
Ер нь Оросоос өөр газар гэх юм бол Европын их дээд сургуулиудад зөндөө Монгол оюутнуудыг сургаж байсан. Германд байсан, Чехэд байсан, Румынд байсан, Польшид байсан, Унгарт, Болгарт байсан. Югаславт хүртэл оюутан сургаж байсан. Тэгэхээр зэрэг бас боловсон хүчнийг бол бэлтгэж байсан. Тэр үед Орост сургууль төгсөж ирсэн оютнуудаас Европод сургууль төгссөн улсуудын хандлага, асуудалд хандаж байгаа хандлага энэ тэр нь шал өөр байдаг байсан. Бид нар чинь яагаад ч юм бэ Орост сургууль төгссөн болохоор тэгэх ёстой гэдэг шиг л тэгж асуудалд ханддаг байхад. Тэд нар бол заавал ч үгүй даргын үгэнд орох албагүй өөрийнхөө хийх ёстой юмыг л хийнэ гэсэн талаас нь ч юмуу илүү арай чөлөөтэй сэтгэлгээтэй, илүү нүд тайлсан гэмээр тийм харилцаа ажиглагддаг байсан.
Хишигсүрэн -
Таныг ажлаар гадагшаа явж байхад тухайн үедээ ямар сэтгэгдэл төрдөг байсан бэ. Тухайн үедээ Социалист гэгдэж байсан бусад орнууд руу явдаг байлаа ш дээ. Тэгэхэд ер нь таньд ямар харьцуулалт буудаг байсан бэ?
Гиймаа -
Ер нь бол хөгжсөн сайхан улс орон байсан. Би оюутан байхдаа Леннинградад очиж Эрмитажийг үзэж байлаа. Тэгээд Германд очиж уран зургийн галлерей үзэж байсан. Ер нь юм үзэж явах чинь сайхан ш дээ. Европын орнууд бол үнэхээр хөгжилтэй. Ялангуяа Герман эд нар бол тухайн үедээ хөгжилтэй сайхан байсан.
Хишигсүрэн -
Таны хийж байсан ажил чинь тухайн үедээ гадаад бусад орнуудтай худалдаа арилжаа хийдэг тийм салбарт ажиллаж байна ш дээ. Тэгэхээр чинь ер нь Социализм, Капитализм гэсэн 2 том системын хоорондох ялгааг ажил дээрээ сайн анзаарч байгаа ш дээ. Тэгэхээр тэнд үнэхээр бид нарын төсөөлж байгаа шиг тийм нийгэм байгаа гэж хувь хүнийхээ хувьд боддог байсан уу?
Гиймаа -
Боддог байсан. Тэгэхэд би хөрөнгөтөн орныг баян нь бол үнэхээр баян ядуу улсууд бол зөндөө их үгээгүй ядуучууд байгаа гэж ингэж л бодож байсан. Тэгэхэд Монголд бид нарыг амьдарч байх үед гудамжинд гарсан гуйлагчин ч юмуу. Ядуу тийм хүн байгаагүй. Ажилгүй хүн ч гэж бараг байгаагүй ш дээ. Тэгэхээр Капиталист нийгэм гэдэг чинь баяжих нэг нь хэт баяжчихдаг ядуучууд нь гуйлга гуйгаад байж байдаг гэдгийг чинь Социалист нийгмийн телевиз мэдээллээр хүлээж авна. Тийм л ойлголттой байсан. Тэгэхэд Оростой харьцуулахад Европын орнууд айхавтар хөгжилтэй, сайхан хөгжсөн байсан ш дээ. Орос бол яахав дээ ер нь амьдрал ахуй тал дээрээ хүмүүсийн хэрэглээ эд нар бол бараг Монголоос муу ш дээ. Хувцас хэрэглээний хувьд эд нар чинь. Монгол чинь бас дэлхийн улсуудтай худалдаа хийж байна. Хятадаас гэхэд л сайхан чанартай ноосон цамц хүрээд ирж байна. Ямар сайндаа бид нар оюутан байхдаа Хятадаас авч ирсэн ноосон цамцыг Оросуудад худалдаад стипент дээрээ нэмэр болгоод л байдаг байсан.
Хишигсүрэн -
Хүмүүсийн амьдрал нь тийм байлаа гэхэд шударга ёсны тухай ойлголт ч гэдэг юмуу, чөлөөт байдал, ардчилал энэ тэрний тухай ер нь үнэт зүйлийнх нь хувьд энэ хоёрын хооронд байгаа ялгааг хувь хүн яаж мэдэрдэг байсан бэ?
Гиймаа -
Ер нь оюутан байхдаа. Тэрнийг ерөөсөө тийм ойлголт байгаагүй. Манай сургууль надыг очиход чинь Хятад оюутнууд сурч байсан. Тэгээд 1961 онд байдал хурцадсан ш дээ. 1960 оны эцсээс эхлээд хятадууд бүх оюутнуудаа татсан ш дээ. Хоорондоо харилцаа муудаад л. Хятад энэ хоёрын хооронд харилцаа муудахад Хятадууд шууд оюутнуудаа татсан ш дээ.
Хишигсүрэн -
1980-аад оны дунд үе биз дээ. Брежнев нас бараад Оросын бүх том Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нар чинь нэг нэг жилийн зайтай нас бараад. Тэгээд Горбачев гарч ирээд өөрчлөн байгуулалт гээд яриад эхэлсэн ш дээ. Яг энэ өөрчлөлт эхлэж байх энэ үед та Монголд байгаа жирийн сэхээтэн хүн тэр үйл явдлыг яаж хүлээж авч байсан бэ?
Гиймаа -
Ер нь Орос бол ялангуяа Андраповын үед аюултай юманд орж байсан. КГБ-ын тийм юманд шилжсэн болов уу гэж боддог. Орос чинь Хрущевийн үед яг миний сурч байх үед их сайхан болж ирсэн ш дээ. Их сайхан эрүүл саруул уур амьсгалтай. Амьдралын өртөг ч гэсэн хямдхан ер нь овоо чөлөөтэй болж эхэлсэн ш дээ. Тэгээд эргээд л Брежневын үе ялангуяа Черненко, Андраповын үед Оросод байдал эргээд хатуу хяналтанд орсон юм шиг байна лээ. Тэгээд л Горбачев гарч ирж яг тэрнийг чинь зад тавьсан.
Хишигсүрэн -
Горбачевын өөрчлөн байгуулалтын тухай 1985-1990 он хүртэл их хүчтэй сурталчилаад ярьдаг байсан ш дээ. Тэгэхээр тэр өөрчлөн байгуулалтын тухай үзэл санаа зүгээр жирийн сэхээтэн хүний хувьд яаж ойлгогдож яаж хүлээж авч байсан бэ?
Гиймаа -
Оросын өөрчлөлтийг би юу гэж боддог байсан бэ гэхээр ард түмэндээ бүх...энэ чинь сүүлд бодоод байхад бид нар дэлхий дээр болж байгаа юмыг тэр тэгж байна энэ ингэж байна гэж л зөвхөн Оросын юмыг харж байгаа өнцөгөөс харж дүгнэж байсан байна ш дээ. Хүн чинь сайнтай муутай янз бүрийн юмнаас мэдээлэл сонсоод байх юм бол хүн чинь өөртөө нэг дүгнэлт гарганаа даа тиймээ. Одоо өнөөдрийн байдлаар Оросыг бол бас их хувь хүний засаглал Медведевийн үед бас их дэмий болж байна гэж ойлгож байна. Телевиз үзэж байхад ерөөсөө дискусс /мэтгэлцээн/ гэх мэт чөлөөтэй юм байхгүй болчихлоо. Ер нь Оросууд харж байхад аюултай юманд орж байна тэр нь анзаарагдаж байна. Тэгээд хэд хэдэн тийм...үнэхээр яахав Оросууд бас өмч хувьчлалаар яг манайх шиг задраад бас л сүйхээтэй хэсэг хүмүүс нь улсын хамаг юмыг нь өмчилж авсан л даа. “Юкос”-ын захирлыг татвар төлсөнгүй гээд л хорьчихож байна ш дээ. Энэ бол аюултай ш дээ. Би үүнийг шоронд оруулалгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан болов уу гэж боддог. Одоо энэ киноноос харахад мужийн амбан захирагч болно гэдэг чинь аюултай их хөрөнгө мөнгөний эзэн болдог байх нь байна ш дээ. Тэрний төлөө хүн алж байна ш дээ. Эцсийн эцэст хөрөнгө мөнгөний төлөө ингэж явж байна ш дээ. Тэгээд хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөөх тэмцэл янз бүрийн бохир аргаар Оросод байтугай Монголд хүртэл явагдаж байна. Нэг талаар ардчилал хөгжөөд сайхан байлаа ч гэсэн үнэн хэрэг дээрээ Их Хуралд гарах гэж өчнөөн мөнгө төгрөг хаяж байгаа хүмүүс эцсийн эцэст өөрийнхөө хөрөнгө мөнгийг бэхжүүлж хуучин бол улсын хөрөнгийг хувьчлаад авчихлаа. Одоо яаж байна уу гэхээр гадаадаас зээл тусламж, янз бүрийн улсын телефон утас тавина ч гэдэг юмуу зам тавина ч гэдэг юмуу төсвөөс гарч байгаа мөнгийг хувь хүн л хувьдаа аваад байна ш дээ. Хувьдаа авдаг ямар арга зам байна гэхээр төрийн дээд тушаалд очих юмуу эсвэл УИХ-ын гишүүн болж байж энэ бүхнээс хувийнхаа аж амьдрал, ах дүү хамаатан садныхаа амьдралыг дээшлүүлж байна ш дээ. Үнэндээ эх орныхоо төлөө улсынхаа төлөө яаж энэ 2 сая хүнийг бүгдийг нь хоолтой ундтай хангалуун тэгш амьдралтай болгъе гэж бодож байгаа хүн ерөөсөө байхгүй. Зөвхөн хувийнхаа хэдэн юуг баяжуулж өргөжүүлчих үү. Яаж ямар аргаар хөрөнгө мөнгөө аривжуулах уу гэсэн ийм л чиглэлтэй болчихсон.
Хишигсүрэн -
Хятадтай 1960-аад оноос харилцаа муудсан Монголд ч хаалттай болсон. Ер нь Азийн ямар улс орнуудтай Монголд таныг ажиллаж байхад худалдаа хийдэг байсан юм бэ?
Гиймаа -
Ази руу бид нар Солонгос, Вьетнам, Хятадтай хийдэг байсан юм. 1990-ээд оноос Японтой худалдаа хийж эхэлсэн. Японы анхын худалдааны хэлэлцээр байгуулагдаад л тэгээд Японд худалдаа хариуцасан хүн томилогдоод ажиллаж байсан ш дээ. Одоо энэ “Наран Трейд”-ийн захирал Болдхэт чинь анхны Худалдаа Эдийн Засгийн атешше гэдэг нэрээр Элчин Сайдын Яаманд явсан. Тэгээд Болдхэт ирэхдээ нэг зурагт авч ирсэн юм. Одоо бодоход өргөн дэлгэцийн нилээн том Sonny телевиз аваад ирсэн. Бид нар хамт ажиллаж байхад ш дээ. Дотоод Яамнаас ирж Болдхэтийг шалгаж байсан. /ярилцагч инээв/ Ямар юм аваад ирэв гээд л. Болдхэт ирэхдээ албаны юм гээд оруулаад ирсэн тэгээд энэ яах гэж албанд авав яав гээд л тийм байцаалт явуулаад тэгээд сүүлдээ албаных ч биш болоод өөрөө томилолтоор явахдаа гэртээ нэг телевиз аваад ирсэн нь Дотоод Яаманд асуудал очоод манай нэгдэлийг яагаад ингэсэн юм гээд бөөн юм болж байсан /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Японоос электрон бараа авдаг байсан юмуу. Юу авдаг байсан юм бэ?
Гиймаа -
Японоос ерөөсөө сүүлд нь валютын дэлгүүрүүддээ юм авч эхэлсэн. Надыг ажиллаж байх үед бол. Тэгээд сүүлдээ электрон бараануудыг чинь авсан ш дээ.
Хишигсүрэн -
Валютын дэлгүүр гэдэг чинь юу байсан юм бэ?
Гиймаа -
Валютын дэлгүүр гэж...Улаанбаатарт чинь гадаадын дипломат газрын улсууд ажиллаж амьдарч байлаа. Тэгээд бас гадаадад бас манайхан чинь элчин сайдын шугамаар ч юмуу валютаар цалинждаг...бид нар чинь Лаос руу монгол эмч нарыг явуулж байлаа. Олон улсын шугамаар 6-н сар ч гэдэг юмуу манай мэргэжилтнүүд валютын өндөр цалин аваад эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр тэр улсууд чинь тэр болгонд телевиз, приставка эд нарыг чинь зөөгөөд байлтаа нь биш тэгэхийн тулд энэ валютын дэлгүүр гэж эргэлтэнд оруулахын тулд бий болгосон. Дээр үед зөвхөн архи тамхи л оруулж ирдэг байснаа болиод сүүлдээ бүх л ойр зуурын хэрэглээний зүйл, телевиз, цахилгаан бараанаас эхлээд тийм юмнуудыг чинь бүгдийг нь авч ирсэн. Хүний гар дээр байгаа валютыг л эргэлтэнд оруулж байхын тулд валютын дэлгүүрийн нээсэн.
Хишигсүрэн -
Ямар ч байсан зурагт, хөргөгч ч гэдэг юмуу тиймэрхүү барааны хомсдол их байсан тиймээ?
Гиймаа -
Тийм. Айл болгон тийм байсан. Би хүртэл Гадаад Худалдааны Нэгдэлд ажиллаж байхад чинь дэлгүүрээс очоод хивс юмуу, Румыны мебель авч чадахгүй л байсан ш дээ. Дарханы нэхий дээл ч юмуу авч чадахгүй л байсан. Тэрнийг яаж авч байсан гэхээр хангамжийнхантай ярьж байж, ажлынхаа хэдэн улсуудтай нийлж байж хивс ч авдаг юмуу. Эсвэл Румыны мебель ор авъя гэдэг ч юмуу тэгж цохолт хийлгүүлж байж нэг дэлгүүрээр гаргуулж авч байсан ш дээ. Анх удаа дарханы нэхий дээлийг чинь зүгээр дэлгүүрээс авч чадахгүй л байлаа ш дээ. 20-р дэлгүүрт их ирнэ. 20-р дэлгүүрийн дарга дээр очоод дарханы нэхий дээл авах гэсэн юм гэж хэлж авдаг байсан /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Тэгэхээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гэдэг маань зах зээлийнхээ эрэлт хэрэгцээг хангана гэсэн ойлголт байхгүй нь..
Гиймаа -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр төлөвлөгдсөн бараа материал дандаа хомсдолтой нийлүүлэлт нь бага л явж байсан байна ш дээ. Тиймээ?
Гиймаа -
Тийм. Яахав дээ тэрнийг өргөн хэрэглээнд зарж чадахгүй. Яахав тийм ховор юм цахилгаан хэрэгсэл энэ тэрийг валютын дэлгүүрээр зараад 1990 онд манайх анх Монгол Импекс Нэгдэлтэй хэлэлцээр хийгээд их дэлгүүрийн 4-н давхарыг засуулаад Солонгосын компанитай...
Хишигсүрэн -
Хойд Солонгосын уу?
Гиймаа -
Үгүй Өмнөд Солонгосын компанитай анх харилцаа тогтоогоод их дэлгүүрээс 14-н худалдагчийг 14 хоногын сургалтанд явуулсан юм тэгээд хүрч ирээд их дэлгүүрийн 4-н давхарыг засаад...чи тэр үед байсан уу 1991 онд?
Хишигсүрэн -
Байгаагүй.
Гиймаа -
Тэгээд их дэлгүүрийн 4-н давхарт анх Өмнөд Солонгосын барааг анх авч ирж зарсан ш дээ. Тэгээд ямар сайндаа...манайх чинь тэгээд 4-н сард гадагшаа явсан юм. Тэгээд эхний бараа ирээд тэгээд яг ингэж зарагдаад. 14-н худалдагчийг Өмнөд Солонгост явуулаад яаж худалдаа хийж хүнтэй харилцадаг юм бэ тэрнийг суралцуулаад дараагийн 14 хүнийг сургана гэж байсан. Тэгээд манайхан Монгол Импексийн үлдсэн хүмүүс тэр бараанаас цөмөөрөө нэг нэг юм авсан байна л даа. Тэгээд юм авсан чинь До яамныхан бүгдийг нь дуудаж шалгасан гэсэн. Чи энэ барааг яах гэж авсан юм бэ. Яагаад өөрсдөө захиалж авч ирчихээд ард түмэнд худалдахгүй өөрсдөө авч байгаа юм бэ гэсэн гэнэ лээ. Тэр үед бид чинь гадагшаа дотогшоо явахгүй бол аятайхан хувцас олж чадахгүй юм чинь. Тэр үед Орос дэлгүүрт орно. Тэнд хүн болгон орохгүй. Тэгээд гайгүйхэн шиг хувцас хунар өмсье гэхээр чинь костюм, цув гээд бэлэн хувцас, цамц, хүүхдийн хувцас гээд янз бүрийн хувцас оруулж ирж байсан. Тэгээд тэрнээс нөгөөдүүл чинь нэг нэгийг авсан чинь би одоо өөрийнхөө хэрэгцээнд нэг ширхэг юм авсан гэж бүгдийг нь гарын үсэг зурж хүнд байцаагдаж байсан гэж одоо манайхан ярьдаг юм /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Би хөдөө суманд байсан болохоор очерлож юм авна гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгэхдээ дэлгүүрт юу ирдэг байсан юм бүү мэд. Дэлгүүр нээгдэх цагийг хүлээгээд сумын төвийн бүх хүмүүс очоод овооржихсон. Дэлгүүрийн хаалга нээгдэнгүүт пар хийж дайрч ороод л дэлгүүр хүүхэд хөгшидгүй дүүрчихдэг байсан. Дэлгүүрээс юу авдаг байсан юм бэ санахгүй байна л даа. Төсөөлөгдөхгүй байна ш дээ. Улаанбаатарт тор барьчихаад урт цуваа үүсгээд очерлож байгаад махаа авдаг өөр юу авдаг билээ?
Гиймаа -
Мах сүү, талхаа л авдаг ш дээ.
Хишигсүрэн -
Яагаад тийм очер үүсдэг байсан юм болоо?
Гиймаа -
Ер нь тийм хангамж л бага байсан байгаа юм. Дэлгүүр хоршоо цөөхөн байсан ш дээ. Хангамж нь ч бага дэлгүүр нь ч цөөн. Дээр үед Хятад торгыг дэлгүүрээс авна гэсэн ойлголт байхгүй байсан байх шүү.
Хишигсүрэн -
Тэгээд яах уу?
Гиймаа -
Бүү мэд манай ээж тэр үйтэн хуар эд нарыг чинь арын хаалгаар л авч хэрэглэдэг байсан юм. Таньдаг хүнийх нь нөхөр нь хотын бараа баазад нярав хийдэг байсан. Яг жинхэнэ торгоны нярав тэгээд л цагаан сар, наадмаар шинэ дээл хийдэг. Заавал ч үгүй наадам, цагаан сараар дээл хийнэ. Цагаан сарыг тэр үеийн хүмүүс тэмдэглэдэггүй зүгээр сэмхэн зарим нь тэмдэглэдэг байсан байх. Ямар ч гэсэн улсын наадмаар дээл хийж өмсөхөд тэр торгыг дандаа л арын хаалгаар манай ээж авч байсан юм даг.
Хишигсүрэн -
Би санадаг юм. Манай ээж надыг бүр жаахан байхад хотод байдаг ах руугаа үйтэн хуар захиад 2 жил болоод гэлүү авч өгч байсан гэсэн. Булган малгай бас 3 жил хүлээж байж авч өмсөж байсан гэсэн. Булган малгай өмссөнөөрөө тэр сумандаа 2 дахь нь гэлүү 3 дахь нь гэсэн.
Гиймаа -
Үнэхээр тийм байсан. Дэлгүүрт барааны хангамж үнэхээр муу байсан. Ялангуяа 1990-ээд оны эхээр 1989 онд бол би хотоос дэлгүүрээс мах авч хоол хийнэ гэдэг бол хэцүү байсан ш дээ. Тэгэхэд бид нар бол яахав Орос дэлгүүрийн үнэмлэхтэй. Орос дэлгүүрийн үнэмлэхийг ажил хийж байгаагынхаа шугамаар гадаад дотоодын хүмүүс байнга ирдэг, Оросын худалдааны газартай харилцаатай болохоор арын хаалгаар олж авч байсан. Тэгээд үнэмлэх авна гэдэг чинь мах, масло, өндөгний очерт хэзээ ч зогсохгүй. Оросод юу зардаг уу ойр зуурын хэрэгцээний бараагаа Орос дэлгүүрээс л хангадаг тийм байсан ш дээ.
Хишигсүрэн -
Бас оюутан болоод хүрч ирэхэд картын үе байсан. Тэгээд манай ангийн оюутаны байранд байдаг хүүхдүүд “хүнсний 4-р дэлгүүр”-ээс талхаа ээлжээр очерлож авдаг байсан. Нэг удаа ийм юм болж байлаа. Яасан гэхээр талхиндаа очерлож байгаа гэж багшид бүртгүүлдэг байлаа. Оюутны нэг тасагт нэг өрх гэж үзээд нэг архи өгдөг байсан. Тэгээд архийг нь шагалчихдаг байсан.
Гиймаа -
Тийм нэг өрх гэж өгдөг байсан. Манайх 1991 оны 4-н сард яг картын бараанд орж байхад явж байсан. Тэгээд бид нар хойноос хүүхдүүддээ юу явуулдаг байсан бэ гэхээр дандаа идэх юм явуулдаг байсан. Манай хүүхдүүд амралтаараа яваад очно тэгэхэд ерөөсөө л консерив, сосик гэх мэт дандаа идэх юм авдаг байсан.
Хишигсүрэн -
Оюутан байхад картын талхандаа явах гээд өглөө 5-н цагт бослуу 6-н цагт бослуудаа босоод автобус яваагүй байхад 2 буудал газар алхаж очоод тэгээд очерлож байгаад 9-н цагт дэлгүүр онгойдог. Дэлгүүр онгойхгүй байгаа юмаа цонхоороо талхаа өгнө. Тэгээд очерлож аймар юм болж байж талх авч гарч ирж байснаа санадаг юм.
Гиймаа -
Тийм байсан юм. тэр үед хамгийн гол нь нөгөө хүүхдүүд чинь картныхаа архийг зараад оронд нь хиам авдаг байсан гэж ярьдаг юм. 1994 онд үнэхээр амьдрал хэцүү байсан. Бид нарыг очиход Орос картын бараатай байсан ш дээ. Тэгэхдээ яахав бид нар дипломатууд гэж хэлээд тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Тэндээс бид хүнсээ цуглуулдаг байсан. Ерийн дэлгүүрүүд нь карттай байсан. Манай хүүхдүүд гэрийнхээ хажууд хүнсий дэлгүүртэй тэнд нь талхтай тэгээд сургуульд нь ерөөсөө л тавхан алхамын зайтай байсан байгаа юм. Тэгээд Түвшээ 8-р ангид байсан, Бадрах 5-6-р ангид байсан байх. Тэгээд Түвшээ чинь хичээлээсээ тараад үдээс хойш нь тэр хүнсний дэлгүүрийн видео прокатанд ажилладаг бйасан юм. Тэр прокатных нь эзэн нь Түвшээд яадаг. Түвшээ сүүлдээ надад сайхан гуяны цул мах эд нарыг авч өгдөг. Ээжээ юу хэрэгтэй вэ гээд гуяны ясгүй хэсэг цул мах аваад өгчихдөг байсан. Тэгээд сүүлдээ 10-р ангиа төгсөөд наашаа Монгол руу ирсэн. Тэрний дараа Бадрах тэр прокатанд нь ажиллаж байсан. Тэгээд Бадрах ээжээ таньд юу хэрэгтэй байна гээд тэр дэлгүүрээс арын хаалгаар махаа зөөчихдөг л байсан.
Хишигсүрэн -
Их дэлгүүр хивс авахаар очерлож байсан хүмүүс мөнгө атгачихдаг байсан байна л даа. Ингээд атгачихсан байхад нь хулгайч нар атгасан гарынх нь завсараар сонин хуйлж оруулж түлхээд мөнгийг нь авчихдаг байсан гэж ярьдаг ш дээ.
Гиймаа -
Тэр тийм байх. Одоо бол сайхан болжээ. Юу л юу байна.
Хишигсүрэн -
Одоо бол юм бүхэн чөлөөлөгдөөд зах зээлийн нийгмийн үр шим илэрч байна.
Гиймаа -
Тийм. Энэ байдал чинь 2000 оноос л ерөнхийдөө гайгүй боллоо ш дээ. Хуучин чинь ер нь юм олдохгүй байсан. Одоо бол мөнгөтэй л бол юу авч болж байна. Тэгэхэдээ хүний баян ядуугийн ялгаа асар их болсон. Энэ ялгаа эцсийн эцэст юунаас болсон гэхээр өмч хувьчлал буруу хийснээс л болсон.
Хишигсүрэн -
Бид хоёрын ярилцлага ингээд өндөрлөж байна...
Гиймаа -
Би энэд шашны талаар оршуулгын талаар хэдэн юм ярьж болох уу?
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав за...
Гиймаа -
Манай нөхөр /ярилцагч бодолхийлэв/ ...2004 онд нас барсан юм. Сахарын өвчнөөр олон жил өвдсөн. Хүү маань Японд сурч байсан охин маань Америкт сурч байсан. Түвшээ бол сурч байсан учраас аавынхаа оршуулганд оролцож чадсан охин маань чадаагүй. Тэгээд тэр үед яг чандарладаг үе байсан. Тэгээд яахав бид нар чандарласан юм. Тэгээд чандарлачихаад тэнд чандараа жил илүү хадгалж байгаад нутагт нь Зүүнхараагын “Ширхэнцэг” гэдэг ууланд авчиж чандарыг нь өргөсөн. Ер нь бодож байхад дэмий л чандарлуулж гэж боддог би. Тэгж санагддаг.
Хишигсүрэн -
Жишээ нь намайг бага байхад манай эмээ айхватар ухаантай цэцэн хүн байсан юм. Тэр хүн болохоор хамгийн сайн оршуулгын сайн хэлбэр бол...намайг та нар битгий хайрцганд хийгээрэй зүгээр л тавьчих гэж ярьдаг. Тэгээд намайг ухаан орж байхад л “үхнэ” гэж ярьдаг байсан хүн намайг их сургууль төгсөхөд л нас барсан л даа. Тэгээд тэр хүнийг хүүхэд байх үед тэр ёс байсан байна. Тийм болохоор тэрнийгээ хэлээд байгаа юм байна л даа. Тэгээд дараа нь яахав оршуулга хийдэг тэр нэг үе яваад манайд энэ чандарлах ёс чинь 70-н давхарт багтахаа болиод, газар байхгүй гэсэн асуудлыг шийдэх нэг хэлбэр нь тэр болсон. Монголд ер нь тийм ёс байсан юм уу?
Гиймаа -
Монголд дээр үед хүнийг чинь ил задгай тавьчихдаг байсан ш дээ. Тэгээд ил задгай тавихаар нохой шувуу идээд нэг хоногын дотор тэр хүний биенээс юм байхгүй болдог байсан гэсэн.
Хишигсүрэн -
Та яагаад чандарлах нь буруу гэж бодож байна вэ?
Гиймаа -
Яагаад гэвэл одоо манай охин чинь ирнэ ш дээ. Одоо тэгээд юу гэж ярьдаг вэ гэхээр би аавынхаа газар дээр очих юмсан гэж ярьдаг. Тэгээд....
Хишигсүрэн -
Дурсах хүндэтгэх юм байхгүй гэдэг талаас нь ярих гэж байна уу?
Гиймаа -
Яг тийм тэр талаасаа бодоход тийм байна. Тэгээд бид нар “ханш нээх” гэдэг өдөр байна ш дээ. Тэр өдрөөр манай аавын шарил “Алтан өлгийд” байдаг юм. Яагаад гэвэл хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн учраас тэр. Тэгээд бид нар чинь аавын шарил дээр очоод сэргээгээд, зан үйлээ хийгээд. Сүүгээ өргөөд, арц хүжээ асаагаад ингээд яг аав дээрээ очиж байгаа юм шиг болж байгаа байхгүй юу. Ижий маань 70-н давхарт байдаг. Ижий дээрээ очоод бас тийм үйл хийчихэж байгаа юм. Гэтэл одоо манай хүүхдүүд бол яг аав гээд зориод очих газаргүй болчихсон юм.
Хишигсүрэн -
Тухайн үедээ тэрнийг бодохгүй хийсэн байна тиймээ?
Гиймаа -
Тийм би тухайн үедээ тэрнийг бодолгүй хийсэн байна. Яагаад гэхээр миний охин Монголд очихоороо аавтайгаа хаана очих юм бэ гээд уйлж байсан байхгүй юу /ярилцагч уйлав/.
Хишигсүрэн -
Ер нь тэр газрын асуудлыг шийдэх гээд л .....манайд ер нь чандарладаг уламжлал байхгүй. Тэгээд тэр “ханш нээх” өдөр хийдэг ёслол чинь энэ тэнд явж байгаад газар дээр очно гэдэг ёслол чинь нилээд тийм их утгатай юм байсан байгаа юм шүү тиймээ?
Гиймаа -
Тийм тийм. Одоо бодоход чинь манай аав 1978 онд. нас барсан юм байна. Тэгэхэд чинь бид нар жилд нэг удаа аав дээрээ очоод юм хумыг нь сэргээгээд сүүгээ өргөөд арц хүжээ буугуйлаад бүх хүүхдүүд очиход чинь уулзаж байгаа юм шиг сайхан байгаа байхгүй юу /ярилцагч хоолой нь зангирав/. Тэгээд ижий дээрээ очиж байгаа юм. Ижий маань 70-н давхарт байгаа газар нь нилээд сайхан уулын орой дээр байгаа.
Хишигсүрэн -
Тийм юм байна шүү тийм ээ?
Гиймаа -
Тэрнийг бол их бодмоор юм билээ. Тэгээд манай охин Монголд очихоороо аав дээрээ хаана очих юм гэж уйлдаг ш дээ /ярилцагч уйлав/.
Хишигсүрэн -
Манайхны нэг эмээ байсан юм. Тэр хүн хүүхэд гаргаагүй. Өргөмөл 2 хүүхэдтэй. Тэгээд талийгаач болоход намайг тэр чандарладаг юманд нь хийгээрэй гээд. Яагаад ч тэгсэн юм бүү мэд. Одоо бас их ойлгогдож байна шүү. Намайг битгий оршуулаарай, чандарлаарай гэсэн гэнэ. Саяхан 5-6 жилийн өмнө байх. Тэгсэн чинь нас барсных нь дараа нөгөө настайчууд нь цугларч ярьж байгаад юу гэж настай хүнийг чандарлаж болохов гээд. Тэр хүний хэлсэнээс эсэргээр нь оршуулах ёслолыг хийчихсэн. Тэгээд өргөж авсан охин нь дараа нь хүний ажил явдалд оролцоод тэр чандарладаг газар очсон чинь тэр хэн ч байсан. Ёс гүйцэтгэж байгаа байдал нь сайхан үйлчилгээтэй байна гэнэ. Тэгээд ийм юманд хийчихдэг байж гэж тэр эгч их харамссан ш дээ. Тэгээд тэр талаасаа тэр хүн бол харахгүй. Хийж байгаа ёслол нь их цэвэрхэн болж байна гэдэг утгаар нь ярьж байсан.
Гиймаа -
Тийм тэр ёслол нь их сайхан байсан. Бид нар чандарыг нь юунд хийгээд Түвшээг иртэл хадгалсан юм. Түвшээ ч яахав тэр үед ч байсан. Түвшээг төгсөөд иртэл тэндээ байсан. Тэгээд л яахав дээ. Одоо хугацаа нь дуусчихлаа одоо яахав гэхээр нь нутагт нь аваачъя гэж Түвшээд хэлсэн.
Хишигсүрэн -
Тэрнийг дахиж нэг ёс үйлдэж болох байсан байж магадгүй байсан байх тийм ээ?
Гиймаа -
Тийм. Тэрнийг Түвшээ талийгаачийн дүүг дагуулж яваад Зүүнхараад яг төрсөн нутагт нь аваачиж өргөсөн байна лээ. Тэгэхдээ одоо бодоход тэрнийг бодоогүй. Тийм учраас одоо бол эргээд очих тийм нэг газар хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Манай ээжийн ээж өргөж авсан ганц охин нь . Тэгээд намайг төгсдөг жил тэр эмээ нас барсан. Тэгээд ээж бас их хүнд хагалгаанд ороод хагалгаагаа даах уу үгүй юу гэдэг түвшинд байж байхад. Тэр хагалгаанд амжилттай орлоо гэдэг мэдээг дөнгөж сонсоод л тэр хүн амьсгал хураасан. Насны төгсөгөлдөө ирээд хавдар болоогүй л дээ. Тэгээд аав ч байдаггүй ээж ч байдаггүй. Аав ээжтэй цуг байсан. Тэгээд хамаатнууд нь нилээд нутаглуулсан. Лам тухайн үедээ ээжийг тэр газар дээр нь очиж болохгүй гэсэн юм байна. 12 жилийн дараа манай ээж би ер нь очих ёстой очмоор байна гээд очсон. Жишээлбэл би тэрнийг тийм ач холбогдол өгч бодохгүй байсан байна ш дээ.
Гиймаа -
Тэгэхэд бол яг охин маань тэгж хэлэхэд ойлгож байгаа юм чинь. Тэгээд ноднин “ханш нээх” өдөр аав дээрээ очоод дараа нь ээж дээрээ очсон чинь нээрээн ингээд байсан бол очно ш дээ гэж бодсон /ярилцагч хоолой нь зангирав/. Тийм болохоор ер нь чандарлах дэмий юм байна гэж бодсон.
Хишигсүрэн -
Тэр талаас нь бас бодох хэрэгтэй юм байна. Манайханд тэр дурсдаг явдал их ач холбогдолтой гүнзгий хүлээж авч байгаа юм байна л даа. Гэтэл тэрнийг арай өөрөөр хүлээж авдаг улсууд байна.
Гиймаа -
Гэхдээ одоо тэр Америкийн Чикаго хотод хамгийн үнэтэй газар бол оршуулгын газар байдаг гэнэ. Тэнд ол оршуулгын их том том...дэлхийд нэртэй Америкийн баян хүмүүс тэр оршуулгын газар байдаг гэж хэлсэн. Тэр оршуулгын газрыг дээр үед худалдаад авчихдаг гэж байна ш дээ. Тэр газрыг худалдаж аваад манай гэр бүлийнхэний газар гэчихдэг.
Хишигсүрэн -
Манайх бол энэ шийдвэрийг гаргахдаа. Манайд ямар газар мундсан биш Улаанбаатараас 20 км ч хамаагүй тийм газрыг гаргаж болно ш дээ. Тэгэхэд тэрнийг бол ер нь бодууштай л байдаг юм байна ш дээ.
Гиймаа -
Тийм. Юм шинчлэгдээд, дэвшээд явна гэж байгаа тэрнийг дөнгөж нээгдсэний дараа бол магадгүй тэрний хийж байгаа ёс энэ тэр нь...хүн чинь голдуу өвөл нас барсан хүний хөдөө хээр очиход чинь хүйтэнд хэцүү...эрх биш өөрсдийнх нь хүмүүс болохоор нэг цаг 2 цаг гадаа байхаас тоохгүй ш дээ. Тэгээд тийм газар чинь дараагийнх нь хурал мурлыг хуруулаад бүх зан үйлийг нь хийхэд цэвэрхэн боловсон сайхан л байгаа юм л даа. Гэхдээ эргээд хэцүү эвгүй, дэмий юм байна л гэж бодсон. Жилд нэг очоод шарилыг нь сайхан цэвэрлэчихдэг зарим хүмүүс чинь мод сайхан цэцэг энэ тэр тарьчихсан тэгээд очоод сүүгээ өргөөд арц хүжээ өргөөд байдаг тэгэхэд чинь яг л ээж аав дээрээ очиж байгаа юм шиг байдаг.
Хишигсүрэн -
Тэгээд бас оршуулгын ёслол хийдэг болж байна. Талийгаачийг араас нь хүндэтгэлтэй үдэж байна гэдэг чинь ер нь хүн адгууснаас ялгараад хүнд итгэл бишрэл бий болж оюун ухаан, ухамсартай болсныг баталдаг. Жишээлбэл оршуулга хүн ухаантай болж эхэлсэний энэ шинжлэх ухааны хамгийн том нотолгоо байхгүй юу.
Гиймаа -
Тийм. Би Монголын талийгаачдаа үддэг ёслолыг их сайхан ёслол гэж боддог юм. Үнэхээр тэр хүнийг хүндэтгэсэн. Талийгаачийн зурхайчаас асууж өдөр сараар нь хэзээ нас барав гэхээр чинь л хүний амьдрал дахь бүх юмыг хэлдэг ш дээ.
Хишигсүрэн -
49 хоног гэхээр чинь бүх юмыг нь ярьдаг гэж байгаа юм ш дээ тиймээ.
Гиймаа -
Тийм тэр лам дээрээ очоод ийм жилтэй ийм хүн байсан юм. Тэгээд тэдэн сарын тэдний өдөр тэдэн цагт нас барсан гэхээр чинь зэрэг л энэ хүн чинь тийм байсан байна. Тэгэсэн байна гээд л зурхайн лам үзээд тэр бүх юмыг нь хэлж байгаа юм ш дээ.
Хишигсүрэн -
Тэр лам яг хэлэх үү?
Гиймаа -
Тэр “алтан сав нээнэ” гэдэг бол айхавтар ёс. Ижийгийн “алтан сав нээлгэх” гэж Гандан дээр байсан их настай тийм....яагаад гэвэл ижийгийн дүүгийн нөхөр тэр ганданд тамгын газрын дарга байсан тийм хүн. Тэгээд бид нар бүр 80 гарсан дүлийдүү лам дээр орсон. Ер нь их хурдан хэлдэг юм шүү ойлгохгүй байв гэсэн. Тэгээд бид нар бүр бичдэг тийм юм барьж орсон. Нэг нь бичээд нэг нь сонсоод тэгж авсан ш дээ. Тэр бол ёстой жинхэнэ аюултай ухаан байна гэж бодсон.
Хишигсүрэн -
Тэр 49 хоног гэдгийг Бурханы шашин шүтдэг хүмүүс Түвдүүд бас хийж байгаа байх тийм ээ?
Гиймаа -
Тийм. Тэр чинь талийгаач болсон хүнийг бас их хүндэтгэж байна ш дээ тиймээ.
Хишигсүрэн -
Тэр Орост номнууд нь байж л байдаг юм. Карл Юнг гэж их том сэтгэл зүйч Түвдүүдийн 49 хоногтой холбоотой зүйлийг задласан юм байна л даа. Сэтгэлзүйн задлан шинжилгээний аргаар. Тэгээд Карл Юнг ...тэр үхлийн дараах 49 хоногтой холбоотой анализыг хийснээр жирийн Европын иргэд Буддизмыг шүтэж тэнд олноороо шүтэгчид болох нэг шалтгаан болж хувирсан гэж бас бичсэн байдаг байхгүй юу. Би тэр номыг олж чадахгүй байгаа юм. Манай нэг найз хүүхэн аав нь нас бараад тэгээд хэрэг болгоод тэрнийг уншсан чинь тэр бол гайхамшигтай. Ер нь бол тэрнийг уншаад бараг айдас хүрч байсан гэж байсан. Далд ертөнц, далд мэдлэг гэж байдаг гэдэгт итгэхээс өөр арга байдаггүй гэж байсан. Тэр номыг унших юмсан гэж бодож байсан.
Гиймаа -
Тийм манайхны шашны зан үйл их нарийн ш дээ. Жишээлбэл хүн нас барахаар зэрэг сүнс нь тэнэж яваа гэж хэлээд байшин бол блокон дээрээ гал асаагаад аргал, мод цуглуулж байгаад утаа гаргаад гал гаргаад тэгээд арц, хүж жаахан шар тос яаж байгаад хүний сүнс тэнэж явдаг тэгээд яг явах газар луу нь явуулахын тулд ингэж байгаа юм гэж хэлдэг юм билээ.
Хишигсүрэн -
Ер нь манай аав хүмүүсийн арын нь ажилд нь их оролцодог хүн ш дээ. Одоо бараг хамаатанууд дотроосоо аав настай нь үлдэж байх шиг байна. Тэгээд тэр ажилд нь явна. Аав л үүнийг их сайн ярих юм байна л даа.
Гиймаа -
Тэгэх байх. Бид нар чинь яг тийм юмны л дагуу хийж байгаа юм чинь. Тэгээд ижий миниь нас барсаны дараа хүн ирж “харын дом” гэж хүн ирж байгаад өрөөгөө харанхуй болгож байгаад тийм юм уншдаг юм билээ. Тэр үед танилцасан нэг лам байгаа. Манай ээжийн ажил дээр ирж байсан Урансайхан гэж нэг лам байгаа. Тэр хүнтэй манай хүү Бадрах сайн найз болсон. Тэгээд гэр орноор нь очдог. Өвөө нь гэж айхавтар бараг л 1921 оны үед том лам байсан тийм хүний хүүхэд юм гэсэн. Тэр хүнд дээр үед өвөөгийнх нь хэрэглэж байсан бүх юм тэрэнд байна гэсэн. Тэрнийг бол аваад үлдсэн байна л даа. Хувьсгалынхан тэр үед мэдсэн бол бүгдийг нь аваад устгачих ёстой байсан. Тэгээд тэр хүүхэд Энэтхэгт явж 3-н жил болоод ирсэн. Одоо Гандан дээр “Алтан ганжуур” уншдаг тэр өрөөнд суугаад ном уншиж байна лээ.
Хишигсүрэн -
За хоёулаа яриагаа өндөрлье. Тэгэх үү.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.