Baatar

Basic information
Interviewee ID: 990073
Name: Baatar
Parent's name: Hüühnee
Ovog: Darhad
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Darhad
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 7th grade
Work: retired, bookkeeper
Belief: Blue shamanism
Born in: Renchenlhümbe sum, Hövsgöl aimag
Lives in: Mandal sum sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
collectivization
belief
cultural campaigns
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Манай өнөөдрийн ярилцлагад Баатар гэдэг хүн оролцож байна. Баатар гуай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа одоогоор Мандал сумын нутаг 5-р багт орших “Тарни”-ийн амралт гэдэг газар, төмөр замын 253-р точект амьдардаг хүн байна. Баатар гуай бидний ярилцлагын зорилготой танилцаад, ярилцлага өгөх зөвшөөрлөө өгөөд, анкетаа бөглөчихөөд ярилцлагаа эхлэж байна. Юуны өмнө Баатар гуай та ер нь ямар нутаг уснаас гаралтай хүн бэ. Хаана төрж өссөн талаараа, эцэг эх чинь ямар хүмүүс байсан. Та ер нь ямар ажил төрөл хийж явав гээд амьдралынхаа түүхийг ярьж өгөөч?
Баатар -
За би Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт “Бөөрөлж” гэдэг газар 1941 оны 1 сард төрсөн хүн. Ээж аав малчин гаралтай. Бусад цаг үед бол үхэрийн бууцан дээр өссөн хүн. За тэгээд 8-н нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр хэдэн дүү нараа асралцаад байж байсан. 8-н нас хүрээд сургуульд явсан.
Хишигсүрэн -
Та найман нас хүртлээ дүү нараа асралцасан гэдэг чинь юу билээ. Эцэг эхээс хэдүүлээ гэсэн үгүү?
Баатар -
Яахав дээ би хамгийн том нь юм л даа. Тэгэхдээ би 10-н дүүтэй. Эхээсээ 11-үүлээ төрсөн юм. Хамгийн том нь би юм шүү дээ. Тэгэхээр яахав дээ нэг тийм юм байлаа ш дээ. Хамгийн том болж өссөн хүүхэд чинь эх эцгийнхээ гар дээр эх эцэг хаашаа л болвол тийшээ байлаа. Тэр чинь бид нарын үед бол дүү нараа асрах үүрэгтэй л байсан үе л дээ. Тэгээд 8-н настай 1-р ангид сургуульд ороод 4-р анги төгсөөд 3-н жил сургууль завсардаад тэгээд 1957 онд Хатгалын 10-н жилд ирж 5-р ангид орж 7-р анги төгссөн. Тэгээд 7-р ангийн боловсролтой, хөдөө Цагаануурын загасны үйлдвэр гэж байсан. Тэр үйлдвэр дээр манаачаар ажиллаж байгаад 1961 онд цэрэгт ирсэн. Тэгээд цэрэгт эхний жил бага даргын курс хийж байгаад 2 дахь 3 дахь жилдээ...би цэргийн албыг 3-н жил 6-н сар хаасан. Бага дарга хийж. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Тусгай Хороо гэж байсан тэнд алба хаасан. Тэгээд цэргээс халагдаад Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд манай ах дүү нар байсан. Тэнд ирж ажилд орсон.
Хишигсүрэн -
Аав ээжийн хамаатангууд гэсэн үг үү?
Баатар -
Тийм аав ээжийн хамаатангууд. Тэгээд Батсүмбэрийн сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр эхлэж орсон. Батсүмбэрийн сангийн аж ахуйд 8-н жил ажилласан. Тэгээд манай энэ хөгшины нэг дүү хүүхэн нь Булганд техниккум төгсөөд Угтаалын сангийн аж ахуйд хуваарилагдсан юм. Тэгээд эд нар хүн танихгүй газар мэдэхгүй энэнд хань болж Угтаалд ажилд ор гэхээр нь би хөгшинтэйгээ хань болж Угтаалын сангийн аж ахуйд 6-н жил болсон.
Хишигсүрэн -
Эхнэрийнхээ дүүг дагаад тиймээ ?
Баатар -
Тийм хөгшинийхөө дүүг дагж тэрнийг суурьшуулах ухаантай юм хийгээд. Би Угтаалын сангийн аж ахуйд 6-н жил болоод тэгээд Зүүнхараад ирсэн. Зүүнхараагын Худалдааны 3-р конторт 4-н жил ажил хийсэн. Тэгээд 1982 онд энэ 53-т ирж эхлэж үхэрчинээр ажиллаж байгаад дараачийн жил нярав хийсэн.
Хишигсүрэн -
“Тарни”-ний амралтны юу?
Баатар -
Төмөр замын туслах аж ахуй гэж байсан юм. Толгойтоос Сэлэнгэ хүртлэх замчин ард түмнийг хоол, сүү, мах, ногоогоор хангах Төмөр Замын Туслах Аж Ахуй гэж байгууллага байсан. Цаана бол Замын-Үүд хүртэл тийм байгууллага Чойрт байсан. Замаа дагасан тийм байгууллага байсан. Тэгээд тэгж ажиллаж байгаад манай Төмөр Замын Туслах Аж Ахуй 1990 оны хавьцаа татан буугдсан юм. Тэгээд сургуульд хэдэн жил качегар хийгээд тэтгэвэрт гарсан. Ажиллаж явсан түүх бол тийм байна.
Хишигсүрэн -
Та 1941 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн байна ш дээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум чинь их онцлог газар ш дээ. Цаатангууд амьдардаг, Оростой хил залгадаг, ховордсон цаатан аж амьдрал тэнд байдаг, цөөн тооны Дархад ястангууд амьдрадаг....
Баатар -
Тэр Дархад ястан чинь би байгаа юм.
Хишигсүрэн -
Тэгэхээр 2-уулаа нэг ийм сэдэв дээр тогтож ярих уу. Яг таны хүүхэд нас цэрэгт явах үе хүртлээ нутагтаа байж байх үеийн танай эцэг эхийн амьдрал, аж ахуй ямар байв. Таны хүүхэд нас яаж өнгөрөв. Ер нь дурсаад ярихад ямар үйл явдал болж байсан. Ямар онцлогтой байсан бэ. Цаатангууд нийгэмшихдээ янз бүрийн юм их болсон гэдэг ш дээ. тэр уулнаас буулгаж ирэх гэж, тэр цаатангуудыг сургууль соёлд оруулах гэж янз бүрийн юм их болдог байсан гэдэг ш дээ. Таныг анзаарж байхад 8-н нас хүрээд сургуульд орсон байна ш дээ. Тэр асуудалд яаж хандаж байв. Сургуульд орох асуудалд танай эцэг эх яаж хандаж байв, ер нь танай дүү нар яаж сургууль соёлд хамрагдаж байсан бэ?
Баатар -
За тэр үед чинь манай сум бол 4-н жилийн боловсролтой бага сургуультай байсан. 4-р анги төгсөөд л Хатгалын 10-н жилд ирдэг байсан. Тэр чинь манай төрсөн нутаг газар бол манай сумын төвөөс 50-аад км зайтай. Хатгал руу явахаар чинь бараг 100-аад км болчихож байгаа юм. Тийм зайнаас л явдаг байсан. Жилдээ...ээж аав намар сургуульд хүргэж өгөөд хаячихдаг хавар хүнээр морь өгч явуулж авахуулдаг байсан. Тэгж л бид суралцаж байсан. Миний үед манай тэнд цаг уур хүнд байсан. Зуд ихтэй, бараа таваар их ховор байсан. Би чинь 1941 онд төрсөн 5-6 настай байхад Оросын эх орны дайн болсон. Манайхан түүнд тусламж өгдөг. Ер нь юм их ховордсон. Нэг өрх айл гэхэд чинь уут гурил гэж нэрлэдэг юм даа16-н кг гурил нормлож өгдөг.
Хишигсүрэн -
Жилд үү, сард уу?
Баатар -
Нэг сард өрх айлд 16 кг гурил өгдөг байсан. Хичнээн ам бүлтэй байх нь хамаагүй. Тэр өрх айлд. Цөөнхөн байсан ч 16 кг гурил олон байсан ч 16 кг гурил өгдөг байсан. Норм нь тэр. Тиймэрхүү амьдралтай байсан. Яахав хувийн малаа түшиглэсэн хувийн аж ахуйтай байсан. 1959 онд нэгдэл нийгэмчлэл явагдсан. 1959 оны нийгэмчлэлд бид нар хамрагдсан. Тэгээд манайх бол тийм баян тарган айл байгаагүй. Олон хүүхэдтэй ядуувтар талдаа. Саалын 4-5 үнээтэй, 10-аад адуутай, 10-20 хоньтой байсан. Тэрнийг би голчлож малладаг байсан. Эцэг нас өндөр хүн байсан. 1957 онд нас барсан хөөрхий. Тэр олон хүүхдийг ээж толгойлж бидэнтэй хавсайдаж л байлаа. Тэр нэгдэлд нийгэмд мал ахуй сааж, хувийн аж ахуй гэж байлаа ш дээ. Тэрнээсээ манайх чинь ноогдол өгдөг. 5-н жилийн төлөвлөгөө гэж байлаа. Тэр хавийн баячууд айлуудын үнээ малыг хөлсөөр сааж сүүний төлөвлөгөөг нь биелүүлж зусдаг байлаа.
Хишигсүрэн -
Нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө тэр хувийн малтай хүмүүст норм өгдөг байсан байна тийм үү. Мах ноосны юу?
Баатар -
Тэгэлгүй яахав. Албан журам байсан. Төлөвлөгөө таслах юм бол үстэй дээлийг нь хайчлаад явна. Үстэй өмдөө эргүүлж байгаад үсийг нь хайчилж өгдөг тийм хатуу зарчимтай байсан.
Хишигсүрэн -
Хэрвээ төлөвлөгөө биелүүлэхгүй бол яахав вэ?
Баатар -
Төлөвлөгөө биелүүлэхгүй бол шууд шүүхэд дуудагдаад явдаг байсан. Тэгээд шийтгүүлнэ ш дээ.
Хишигсүрэн -
Та ер нь одоо санадаг уу. Хамгийн баян мал ихтэй айл гэхэд хичнээн малтай, тэр айл хэдэн туслах малчинтай байсан бэ. Ядуувтар боломж муутай айл нь ямар хэмжээнд байх уу. Тэгээд бодохоор хүмүүсийн амьдралын ялгаа ямархуу байсан бэ?
Баатар -
Амьдралын ялгаа бол байсан. Ялангуяа юм үздэг, хардаг, бөө шашны чиглэлийн хүмүүс арай ч илүү амьдралтай байсан. Бүр нэг ядруу юмнууд байна ш дээ. Өөрсдийнхөө л муугаас болж ядарсан ядруу юмнууд зөндөө байсан. Баячууд байсан. Баячууд бол зүгээр нэг жирийн айлд нь л гэхэд 80-н тугалтай үнээтэй байх жишээтэй. Бараг нэг өндөрийг бүрхчих цагаан адуутай айл эд нар байлаа ш дээ. Манайхаар бол энэ хойд талын энгэрийн талыг бүрхчихээр байсан гэж улсууд ярьж байсан. Хойд уул руугаа хараад өнгөрсөн шөнө цас орчихсон байна гэсэн чинь айлын цагаан адуунууд бэлчиж байсан гэсэн.
Хишигсүрэн -
Цас орчихсон гэж харахаар цагаан зүстэй тийм ээ?
Баатар -
Тийм тийм. Цас орчихсон байна гэж бодохоор.
9
Олон малтай айл нь яахав нэг их айхавтар “хамжлага” энэ тэр гэж байгаагүй ш дээ. Бид нарын үед бол. Тэгээд тэр малын чинь нэгдэл нийгэмчилсэн. Бараг хүчээр шахуу нэгдэл нийгэмчилдэг байлаа ш дээ. Малаа нэгдэлд нийгэмчлүүлээгүй айлыг бараг шүүхэд өгдөг байсан. Тэгээд намын гишүүд голдуу идэвхтэй ч юмуу хэнхэг ч гэж ярьдаг тийм хүмүүс тэр үеийн хүмүүсийн малыг бараг хүчээр нийгэмчилсэн дээ. Сүүлдээ тарсан тэр чинь. Сүүлдээ тарчихаад нэг хэсэг тараад эргэж нийгэмчлэгдээд. За тэгээд тэр тухай юм чинь....сүүлдээ баян хоосон гэж гарч ирээд. Тэр засаг чинь ер нь сүүлдээ баячуудыг үзэж чадахаа больсон ш дээ. Ядуу голцуугаа өөд нь татах гээд баячуудыг нь хавчаад. Тэгээд шашинтай нэгийг нь бүр ч хавчиж үр хүүхдийг нь хүртэл сургуульд авахгүй байх жишээтэй. Тийм байлаа ш дээ нэг үе. Жишээ нь тэр...сүүлд бодож байхад. Буддагын шашныг шүтдэг хүмүүсийн хүүхдийг сургуульд авдаггүй байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тэр хүн бас өөрөө хүүхдээ сургуульд өгөх дуртай байсан уу?
Баатар -
Өгөх дуртай нэг бий өгөх дургүй ч нэг бий. Баяны хүүхдийг авахгүй энэ тэр гэсэн ялгавартай байсан ш дээ. Тэгээд тэр сүсэг бишрэлтэй хүний хүүхдийг авахгүй. Тэрнийг чинь нэг ёсондоо эсэргүүний хүүхэд гэж үздэг байлаа ш дээ. Дайны үед эсэргүү нэртэй....тэр чинь лам нар хувьсгалын эсрэг зэвсэг барьж боссон ш дээ. Аа тэгээд тэр үед тэр засагт дарагдсан учраас. Засаг бол нөгөөдүүлийнхээ эсрэг хавчиж эхэлсэн ш дээ.
Хишигсүрэн -
Таныг сургуульд ороход танай эцэг эх дургүйцээгүй оруулж байсан уу?
Баатар -
Дургүйцээгүй. Манай ээж тэр үедээ хүүхдээ боловсруулахын төлөө бодож явдаг байсан. Аав бол ээж юу гэнэ тийшээ. Нуруу нь хугараад байнга хэвтэж байдаг тийм хүн байсан юм. Уг нь бүх л ажил амьдралаа хөтлөж хийж байх ёстой байхгүй юу даа. Манай аав ээжээс 25 насаар ах байсан.
Хишигсүрэн -
Яагаад тийм 2 насны их зөрүүтэй хүн суучихсан юм бол оо?
Баатар -
Тэрнийг ёстой мэдэхгүй. Тухайн үедээ тэр хоёрын хоорондох асуудал байсан байх.
Хишигсүрэн -
Танай аав лам байсан уу үгүй юу?
Баатар -
Байгаагүй. Манайд тэр шашны үзэлтэй тийм хүмүүс байгаагүй. Харин бидний өвөг дээдсийн хүмүүсээс зайран, бөөгийн юм хийдэг хүмүүс бол байсан.
Хишигсүрэн -
Нийгэмэлчж байх үед жишээлбэл танайх хэдий хэмжээний юм өгч байсан юм бэ?
Баатар -
Үгүй яахав дээ. Манайх бол тийм олон мал байгаагүй.
Хишигсүрэн -
Нэгдэл байгуулагдсаны дараа аав ээж чинь мал малладаг болсон уу?
Баатар -
Мал малладаг байсан. Аав бол байхгүй байсан. Нэгдлийн гишүүн байсан мал хариулдаг байсан. Манай ээж бол үхэн үхтэлээ нэгдэлд мал хариулж явж үхсэн. Бид нар цэргээс халагдаж ирээд ээжийгээ татна гэхээр та нар өөрсдийгөө л боловсруулж, өөрсдөө л амьдралаа өөд нь тат гэдэг байсан. Ээж яахав энэдээ болдог ажлаа хийгээд байж байя гэдэг байсан. Тэгээд нэгдэлийн хонь хариулж яваад даралтаар л харавчихсан юм шиг байдаг юм. Би тэгээд Батсүмбэрийн сангийн аж ахуйд байхад л ээж нас барлаа гэж дуулаад очиход л ээжийгээ оршуулах ёстой хүн чинь 6 хоног саатаж байгаа юм чинь. Очиж чадахгүй. Цаас мөнгө цуглуулахаас өгсүүлдээд л. Тэгээд очиход нутаглуулчихсан байсан.
Хишигсүрэн -
Хэдэн он бэ?
Баатар -
Хэдэн он билээ мартчихаад байна.
Эхнэр: 1970 он. 1970 онын хавар юм байгаа юм.
Хишигсүрэн -
Таныг нутагтаа байх үед цаатангуудын амьдралын тухай юу гэж ярьдаг байв. Таны өөрийн үзэж харсан юм гэж байсан уу?
Баатар -
Байлгүй яахав. Нэг цаатантай манай аавын эгч суусан байсан гэсэн. Удган хүн байсан юм. Тэр бүх цаатангуудыг чинь удирддаг байсан. Ан гөрөөнд явсан ч тэр удган бөө зам мөрийг нь гаргаж өгдөг. Тэр удганы хэлсэн замаар явдаг байсан. Тэгээд тэр замаар яваад ирэхэд тэд нар их олз омогтой ирдэг байсан. Яагаад уу гэхээр өөрсдөө тэр миний шүтээн чавганц л биднийг мэдэж явуулж байна. Тэр чавганцын буянаар л олз омогтой орж ирлээ гэж ойлгодог тийм байсан. Тэгээд тэр чинь Тувагаас нөгөө цаатанууд чинь оргож ирээд. Энэ манай хойд талын уул чинь янз бүрийн юм элбэг ш дээ. Хойд Саяны нуруу гэж байдаг. Тэнд амьдардаг байсан. Тэгээд тэр Оросын нутаг руу баригдаж явдаг. Алуулж ч явдаг зарим нь. Тэгээд эргэж оргоод ирдэг. Тэгж явж энэ цаатануудыг чинь Монголын харъяат болгосон.
Хишигсүрэн -
Цаатангууд тэр үе хүртэл харъяалалгүй байсан гэсэн үг үү?
Баатар -
Тийм. 1959 онд ирсэн.
Хишигсүрэн -
Яагаад тэр Тувагаас зугтаад байдаг байсан юм бол оо?
Баатар -
Тэрнийг нь би ёстой мэддэггүй юм. Тувагын нутагт зохьцдоггүй байсан л хүмүүс. Замд нь барьж авах гэтэл л буудалцаад зугтаж ордог байсан. Оросын усан цэргээс хүртэл оргож ирдэг байсан. Тэгээд хоёр улсын харилцаагаар 1959 онд Монголын харъяат болгочихье доо. Залуучуудыг нь ажилд оруулъя гэсэн. Цагааннуурын загасны үйлдвэр гэж нэг үйлдвэр босогсон юм. Манай нэг суманд. Тэр үйлдвэрт бүх цаатануудыг татаж ирж бүгдийг нь ажилд оруулсан. Ан олзворын юу билээ дээ тэр чинь нэг нэртэй. Тэгээд загас барьна. Дулаан цехтэйгээ нэг тийм үйлдвэр байсан. Тэгээд барьсан загасаа дандаа 100-ын пошкинд дардаг байсан.
Хишигсүрэн -
Танай аавын эгч эмгэн цаатантай суусан гэж байна ш дээ. 1959 оны өмнө үү, хойно уу?
Баатар -
Өмнө өмнө. Намайг цэрэгт ирсэнээс өмнө байсан л даа зайлуул. Цэрэгт ирсэнээс хойш тэр удган нас барсан. Тэгээд тэр цаатануудыг бол сайн мэднэ. Цагааннуурын загасны үйлдвэрт ажилд орсон залуучууд нь сүүлдээ баяжсан. Цаатангууд эхнэрээ Дархадуудаас авдаггүй байлаа ш дээ.
Цааг нь яаж л унах вэ
Цаатантай нь л яаж л суух вэ.
Унааг нь л яаж л унах вэ
Урцанд нь яаж л орох вэ.
Гэж дуулж зугтдаг байсан юм. Тэгсэн чинь манай Дархад хүүхнүүд бүгд цаатангуудтай суусан. Цаатангууд нь наашаагаа жинхэнэ манай Дархадуудын нутгийг эзлээд суурьшчихсан. Уржнан жил би нутаг явсан л даа.
Хишигсүрэн -
Тэд нарын хэл, шүтлэг, амьдардаг хэв маяг шал өөр байсан биз дээ?
Баатар -
Өөр байсан. Хэл бол яг л Тува хэл байсан. Би ч бас тэдний хоолыг идэж л явсан. Тэгээд манай удган эгчийнх чинь 300-гаад цаатай байсан. Цаатангууд дотроо хамгийн баянд нь ордог байсан.
Хишигсүрэн -
Удган айл болохоор тиймээ?
Баатар -
Удган айл болохоор тийм байсан.
Хишигсүрэн -
Өргөл барьц өгдөг байх тийм ээ?
Баатар -
Тэгэлгүй яахав. Тэр цаатангууд чинь удганы үгнээс гарахгүй ш дээ. Би аавыг дагаад л би очиход за би өнөөдөр цаа цохилоо, 7 хоногийн дараа чи нэгийг цохино шүү, 2 долоо хоногийн дараа танайх цохино шүү гээд хуваарилчихдаг байсан. Тэгээд манай аав очихоороо цааны мах чануулж идээд, цааны бяслаг идээд хэвтчихдэг хүн байсан юм. Манай тэр авгай чинь манай аав нэг хуучир одоо бодоход хуучир юмуу даа бас нэг лимбэрхүү юм үлээнээ бас. Цоорийн нүхээр...цоороор. Тэгээд тийм юм үлээлгэж дууны ая оруулдаг байсан. Дүүгээ тэгж амрааж байгаа нь тэр байх л даа. Тэгээд тэр дүүгээ ирлээ гээд цаа цохисон айл чинь тэр цааныхаа махыг бүх айлдаа хуваарилаад өгчихдөг. Хувааж иддэг. Тийм нэг хүндэтгэлийн ёс байсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Тэд нар ер нь цаанаас өөр ямар ч мал малладаггүй байсан уу?
Баатар -
Байхгүй.
Хишигсүрэн -
Цааныхаа сүүг уудаг, ааруулыг нь иддэг байсан уу?
Баатар -
Тэрний ганц хүү байсан. Тэр нь нутаг орноор гарч ордог болохоор 3-4 морьтой байсан. Наанаасаа худалдаж авсан. Энэ одоо бодоход булга, хэрэм гээд ангын чиглэлийн бүх юмнуудыг чинь, цай, гурил, бөс даавуунаас өгдөг байсан юм шиг байна лээ. Ан хийдэг хүмүүс чинь авч ирээд таньдаг мэддэг ах дүүсээрээ дамжуулаад гол руу гарч тэр хангайн хишгийг борлуулаад бөс даавуу, цай, давс юу байдаг юм бэ тэрнүүгээр залгуулдаг байсан юм л даа. Тэр цаанаас чинь морь үргэнэ гэж яанаа. Хэдэн зуун метрын цаанаас морь салхи авч үргээд байдаг байсан. Тэр цаатнууд чинь Дархадуудын гэрт очихоос айдаг байсан ш дээ. Мордийг нь урчихаад /морь үргэж алдуурахыг хэлнэ/ болдоггүй байсан ш дээ. Уулын цаанаа цаагаа тавьчихаад ирдэг байлаа ш дээ. Тэгээд хөөрхий минь. Цаатан хүний эхнэрийг Туужин гэж нэрлэдэг. Тэгээд тэр туужин зуухны яндангын хүхээ байна ш дээ. Тэрнээс дээш гарах эрх байхгүй. Тэнд сөхрөөд суучихсан байдаг зайлуул.
Хишигсүрэн -
Гэртээ ч тэр айлд ч тэр үү?
Баатар -
Тийм тэгж их жижиглэдэг. Цаатнуудыг нутаггүй тэгээд оргодол бүтэхгүй улсууд гэж боддог байсан юмуу даа. Бас тэгдэг байсан шүү байна Дархадууд чинь. Тийм л байсан юм. Гурил будаа их ховор, цай, даалимба олддоггүй байсан. Тийм юмаа л ирж хайж гол руу орж ирнэ л дээ. Тэгээд ангын голдуу махтай. Ан олзворын юу байдаг юм бэ дээ. Янз бүрийн хоолоо Дархадуудтай хуваалцдаг байсан.
Хишигсүрэн -
Яг та хүүхэд насаа одоогийн хүүхдүүдтэй харьцуулаад ч юмуу бодохлоор танай эцэг эх чинь хүүхэдтэйгээ яаж харилцдаг байсан бэ. Та өөрөө хүүхдүүдээ яаж өгсөж хүмүүжүүлэв. Харьцуулаад бодоход таны хүүхэд нас ер нь ямархуу байсан бэ?
Баатар -
Би 5-н настай байхдаа үхрээ хариулдаг байлаа. Цасан шуурган дотор 5-н настай үхэрээ хариулаад. Цасан шуурга болоод үхэрээ туухын аргагүй болж байгаа юм л даа. Тэгэхээр нь цас хонхойлоод. Үхрийнхээ хажуугаар цас хонхойлоод битүү цасан дотор сууж байсан чинь. Манай багийн дарга Отгон гэдэг хүн ирж байгаа юм. Тэгээд чи юу хийж суугаа хүн юм бэ гээд намайг тэгэхэд. Би үхрээ хариулж яваа юм гэсэн. Тэгсэн чинь 5-н настай хүүхэд чиний үхэр хариулах гэж ямар юм байсан юм бэ энэ морины араар суу гэрт чинь аваачиж өгнө гэсэн чинь. Ээж загнана, ээж зодно үхрээсээ салахгүй гэж уйлж бахираад цас хонхойлсон цаснаасаа гарч өгөхгүй байсан гэсэн. Тэгээд мориноосоо бууж ирээд эмээл дээрээ тавиад 5-хан настай юм чинь юу байхав дээ. Багийн дарга очиж манай аав ээжийг хэмх загнаад. Та нар ер нь гэртээ юу хийж суудаг улсууд уу энэ хүүхэд чинь цасан шуурганд дарагдаж хөлдөж үхлээ гэж ээж аав хоёрыгоо загнуулж л байсан хүн. Манай эцэг бол ер нь хүүхэддээ ширүүн загнадаггүй хүн байсан. Манай ээж бол ер нь ширүүн л дээ. Тэгээд өөрөө тийм хатуу дэглэмтэй өсчихсөн болоод тэгдэг юмуу өөрийнхөө хүүхдийг....охин хүүхэддээ бол гайгүй, банди нарыгаа их хатуу гараар өсгөсөн дөө. Би 4-н охин байсан. 3-н хүүтэй. Нэг нь их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөдөг жилээ нас барчихсан. Тэгээд одоо 3-н охин байгаа. Энэ банди нар бол яахав. Бид хоёр 3 банди, 4-н охинтой. Одоо 43,44 жил болж байна уу даа.
Хишигсүрэн -
Хүүхэд нас чинь таны амьдардаг байсан үеийн хүүхдүүдийг амьдралаас ялгаатай байсан уу, адилхан байсан уу?
Баатар -
За даа мэдэхгүй.
Хишигсүрэн -
Их олон дүүтэй байсан. 5-н настай хүүхэд үхэр хариулаад явж байсан ч гэдэг юмуу. Тэгэхэд бусад хүүхэд нь ямар байдаг байсан бэ?
Баатар -
Яг нарийн яривал манай ээж айл хэсүүлдэггүй байлаа ш дээ. Нэг уулын аманд 2-хон л айл байгаа юм. Нэг чавганцынх байсан. Тэр айлд ч оруулдаггүй байсан. Тэгээд дээр үеийн хүмүүс айл хэсэх их муухай гэж ярина. Хов ярина, том хүний үг чагнана гээд хориглохгүй юм бараг байхгүй ш дээ. Одооны улсууд бол өөр. Цаг үе нь өөр болохоор. Хүний эрх, ардчилал гээд одооны хүмүүс өөр шүү дээ. Бид нар бол хатуу гараар мал шиг шахуу өссөн хүмүүс ш дээ.
Хишигсүрэн -
Та ярьж байлаа намар хүргэж өгөөд хавар хүнээр морь явуулаад авдаг байсан гэсэн дотуур байранд байдаг байсан уу. Дотуур байр нь ямар хуу байр савтай байв. Гэр орноо санадаг байсан уу?
Баатар -
Тэр үеийн сургууль минь Улаанбаатарын байрууд шиг том байртай биш шүү дээ. Галлагатай, галчтай. Хүйтэн үедээ хүйтэн. Хатуужил үзнэ шүү дээ.
Хишигсүрэн -
Гэр орноо санах уу?
Баатар -
Тэр цаг үедээ санадаг л байсан байлгүй. Одоо бол санагдаж байгаа юм алга. Тэр цаг үедээ эрх биш санадаг байсан байлгүй. Одооны хүүхдүүд чинь сэргэлэн ч тэр юм уу. Сав л хийвэл мөнгө нэхэж ирдэг. Улаанбаатар хотод миний ач нар байна л даа. Тэд нар мөнгө нэхэж ирнэ. Бид тухайн үедээ мөнгө нэхнэ гэсэн юм байхгүй ш дээ. Сургуульд явна хөөрхий тэр орон нутгийн айлуудаар оруулдаг юм л даа. Сургуульд явахад. Сургуульдаа явах гэж байна гэж ордог. Аминдаа юм горьдож л байгаа байхгүй юу. Тэгэхэд нэг төгрөг өгнө. Хамгийн дээд тал нь хүн 3 төгрөг өгдөг байсан. Тэд нарыг цуглуулаад л аваад явна. Тэрнийгээ өвөртөлж аваад явна. Би бол сайн мэдэхгүй байна. Их айхавтар өлсөж байгаагүй байх гэж боддог юм. Яахав тэр үед гэрээт мах хэрэглэдэг байсан. Нутгийн баячууд махны гэрээ хийчихээд тэгээд бухын мах, бугыг махныхаа гэрээнд их шахаж өгдөг байсан. Тэгээд яахав дээ бид юуг нь мэдэхэв дээ. Одоо бодож байхад л бухын мах, бугын мал голдуу идэж байсан санагддаг. Тэр юуны мах, хэн идэж байна уу гэдэгт хараа хяналт гэж байхгүй ш дээ. Хэн хянах вэ дээ. Сургуулийн захиргаа нэг баянтай гэрээ хийгээд л авдаг юм нь мах. Ийм юмны мах авч хүүхдэд идүүлж байна гэж ямар харуулах юм биш дээ. Тэгээд бид нар тааралдсан юмыг л идээд явж байсан. Талх байсан. Талх бол чөлөөтэй. Хоолтой тэгээд өөр юу байхав. Одоогийнх шиг юм бол байгаагүй л дээ. Хатуу л үе байсан.
Хишигсүрэн -
Соёлын довтолгоо таны амьдралын ямар үед болсон юм бэ. Таньд дурсагдах юм байна уу?
Баатар -
За соёлын довтолгоо гэдэг чинь ариун цэвэрч, боловсон байлгах гэж хүчээр шахуу хийж байсан юм. Гэр орноор нь ирж юм хумыг нь цэвэрлүүлж байсан. Хаашаа ч юм бэ дээ зарим ядруу айлд нь “маарал” тавьж өгдөг байсан тал бий шүү. Заримыг нь бохир заваан байна гээд маарлыг нь бариулаад айл хэсүүлчихнэ /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Тэр маарлаар юу хийдэг юм бэ?
Баатар -
Тэр аяга тавгаа л арчихгүй юу. Аяга тавгаа угаагүй, алчуураа угаагаагүй байна гээд жигшил болгож байгаа юмуу хаашаа юм бэ тэр.
Хишигсүрэн -
Саван, бок гэж тэр үед байх уу?
Баатар -
Саван, бок гэж тэр үед байсан л байх даа /ярилцагч инээв/. Бид нар юугаа мэдэх үү. Халуун устай ш дээ. Сургуулийн халуун ус гэж байсан юм. Тэр халуун усанд 7 хоногтоо нэг удаа оруулдаг байсан юм. Харин дотуур хувцас нормыг хувцас өгч байсан болов уу үгүй болов уу. Өмд цамц өгч байсан байж магадгүй. Сургууль нь нэг галчтай, угаагчтэй тийм л байсан байх.
Хишигсүрэн -
Гэр орноор ирж байсан соёлын довтолгоог санаж байгаа юм байна уу таньд?
Баатар -
Гэр орноор явж байсан.
Хишигсүрэн -
Юу шаарддаг байсан юм бэ?
Баатар -
Соёлын довтолгооноор боловсон соёлтой байхыг шаардана ш дээ.
Хишигсүрэн -
Жишээ нь юу юу шаардах уу. Аягаа цэвэрхэн байлгахыг шаардаж байна. Өөр юу шаардах уу?
Баатар -
Дэвсгэрийг нь гаргаж гөвүүлнэ /ярилцагч инээв/. Адууны ширээр дэвсгэр хийдэг байна ш дээ. Их сайхан дэвсгэр болдог байсан. Тэрэнд дээр чинь олуулаа идэж уугаад л. Тэрнийг гаргаж гөвүүлнэ /ярилцагч инээв/. Адууны адсаг, үхрийн ширэн дэвсгэртэй байдаг байсан. Унь тооныг нь арчуулах эд нар гээд зөндөө юм байсан. Аминдаа соёлжуулах гэж л байгаа нь тэр.
Хишигсүрэн -
Соёлын довтолгоо хийх шаардлага ер нь байсан юмуу ?
Баатар -
Байлгүй яахав дээ. Заваан байсан. Тэр үед бас заваан зовлонтой улсууд байж л байсан байж таарна. Нэг хэсэг нь сайхан байхад....би боддог юм хамгийн баян хүний эхнэр төгрөг 50-ын эрээн даавуу байсан даа. Тэрүүгээр өмд хийж өмсдөг. Бакалан гутал өмсөдөг байсан. Цагаан ултай гутал, шевро эд нар чинь сүүлд гарсан ш дээ. Хамгийн их баян айлын ганган авгай нар бакалан гутал өмсөдөг тийм л байсан ш дээ. Тэгээд тэр эрээн даавуугаар өмд хийж өмсөнө. Манай тэнд Адаар Дорж гээд нэг өвгөн байсан юм. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү тийм хүн байсан юм. Үнэхээр ч баян хүн л дээ. Оросоос хил зохицуулах гэж цэрэг ирсэн. Тэр Оросын цэрэгт нэг ямаа өгөөд бакалан гутал авсан юм байна л даа. Нутгийнхаа улсуудтай гол гатлаж яваад. Яг усны голд очоод тэр өвгөн мориноосоо буугаад зогсож байна гэнэ шүү. Та яагаад мориноосоо буугад зогсож байгаа юм бэ гэсэн чинь. Бакал авсан юмаа. Энэ ус нэвтрэхгүй сайн гутал байдаг юм хүүхдүүд минь гэж байсан гэж байгаа. Тэр бакалаа гайхуулж л байгаа байхгүй юу. Тэрүүхэн үедээ бол дээд зэргээр хүнд гайхуулах л юм байсан байгаа юм. Бакалан гутал тийм л ховор байсан. Одоо энэ улаан тамхи байна ш дээ. Энүүнийг чинь бяруугаар худалдаж авдаг байлаа манай аав. Манай аав бяруугаар тамхи авч татахад нь тэр хавийн хүмүүс ирж тамхи гуйдаг байсан. Тааруухан хүндээ бол ингэж өгнө /гараа бага зэрэг сунагаад/, гайгүйхэн шиг хүндээ бол арай ингэж сунгаж өгдөг байсан /гараа илүү сунгав/.
Хишигсүрэн -
Нэг улаан тамхийг хэд хоног татах уу?
Баатар -
Хэн мэдэх вэ золиг. Хэд хоног татдаг байсан юм бүү мэд. Нэг улаан тамхийг бяруугаар авчихаад хэчнээн хоног татдаг байсан юм бүү мэд. Үгүй яахав дээ хүн гэдэг бас их авъяастай ш дээ. Хагсуурга гэж нэг юм байдаг юм. Голтой, нүхтэй. Гаансан толгойтой. Тэгээд амьтан тамхиа дуусаад бүр аргаа ядахаар хагсуурган гаасныхаа дотор талын бохийг навчтай найруулж байгаад татдаг байсан. Тэгж байж үхсэн хүн ч бий байх. Улаан тамхи олдохгүй тийм аюултай байсан юм.
Хишигсүрэн -
Яагаад олдохгүй байсан юм бэ?
Баатар -
Тэр цаг үедээ юм нь тийм ховор байсан. Юм л ховор байхгүй юу. Манайх чинь ямар улаан тамхины үйлдвэртэй биш. Худалдаагаар авдаг юм маань Оросоос ирнэ. Тэр үед дайны үе байсан. Миний яриад байгаа үе чинь 1940-1950-аад оны хоорондох юм шүү дээ. Юм маш их ховор байсан юм. “Эх орон 52” гэдэг радио байна ш дээ. Тэр “Эх орон 52” –ыг нэг багт нэгийг өгнө. Тэр багт өгөхдөө багийн ухуулагчид өгнө. Аа тэгээд бид чинь орой малаа хотлуулчихаад...манай ухуулагчынх чинь 30-40 км-ын зайтай байсан. Тэгээд орой малаа хотлуулчихаад “Эх орон 52” –ыг сонсох гэж бөөн бөөнөөрөө явдаг байсан.
Хишигсүрэн -
Юу сонсох уу?
Баатар -
Үгүй яахав дээ. Тэр цагийн үеийн юмыг л сонсоно.
Хишигсүрэн -
Юу бодох вэ. Тэгж их ажил болж оччихоод юу бодож юу сонсох вэ?
Баатар -
Тэр хүүхэд ахуй цагт бид нар бол далим болгож очиж байсан байхдаа. Манай ахлах ухуулагч чинь том хүн байлаа ш дээ. Багийн даргаас ах албан тушаалтай. Цалинтай байсан юмуу үгүй юмуу бүү мэд.
Тэгээд бор гөрөөс байна ш дээ. Тэрний эрийг нь “гур” гэдэг юм л даа. Тэр гурын арьсыг элдэж байгаад өмд хийж өгнө. Бид чинь барилдана. Нөгөөдөхийгөө хаг татна, хүү татна. Тэрнийг нь шөрмөсөөр оёж өгнө. Шөрмөс гэж мэдэх үү?
Хишигсүрэн -
Мэднэ.
Баатар -
Тэр үед чинь утас гэж байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Шөрмөс гэдэг чинь малын....
Баатар -
Малын булчингын шөрмөсийг хатааж байгаад нүдээд зөөлрүүлж, эрчилж байгаад хийдэг байсан.
Хишигсүрэн -
Манай эмээ чинь 1980 хэд 1990 он гэхэд чинь тийм утас хийдэг байсан ш дээ. Гутлын ханзархйаг түүгээр оёдог байсан. Тэрнийгээ хийгээд суудаг байсан ш дээ.
Баатар -
Тэр чинь хүүхдэд аюул болдог байлаа ш дээ. Бид чинь өмдтэйгээ усанд тоглоно. За тэгээд усанд тоглохоор нөгөөдөх чинь шал ус болно биз дээ. За тэр чинь уснаас гараад наранд гарахаар чинь хатаад нөгөө дотроос нь оёсон шөрмөс чинь хатаад мах үрээд. Ёстой шулаад хаячихаж байгаа юм чинь. Алж байгаа юм шүү. Гурын арьс ч бөх л дөө. Шөрмөсөөр оёж байгаа юм чинь тэгнэ ш дээ. Тэр шөрмөс чинь хатахаараа хутга л гэсэн үг шүү дээ. Тэгээд үрчихэж байгаа юм чинь. Тиймэрхүү амьдралаар өссөн хүмүүс чинь одоогийн хүүхдүүдийг хэтэрхий амар байна гээд яриад байдаг чинь тэр байхгүй юу. Банди нараа тэгж хувцасладаг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Цамц гэж юу өмсөх үү?
Баатар -
Цамц яахав дээ тухайн үедээ тэгээд юу хийхэн л өмсөдөг байсан байхдаа. Даалимба ховор олдоноо. Сүүлдээ даалимба эд нар сүүлдээ гайгүй олддог байсан. Сургуулийн эрэгтэй хүүхдүүд ногоон даалимбан дээлтэй болж байсан юмаа. Хүчээр шүү дээ. Сургуулийн захиргаа даалгавар өгнө. Тэрнийг тийм хувцастай очихгүй бол сургууль авахгүй ш дээ. Тийм учраас эцэг эхчүүд нь хүчээр хөх дээл, ногоон дээл 2 өмсүүлдэг байсан. Эр эмээр нь ялгаж өмсгөж байгаа юм.
Хишигсүрэн -
Түрүүн таны ярианд нэг ийм зүйл гарсан ш дээ. Цаатан айлын эхнэрийг айлын галын....баганаас доошоо суулгадаг байсан байна ш дээ. Ер нь таныг хүүхэд байх үед, залуу байх үеийг харьцуулахад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байр суурь яаж өөрчлөгдөв. Эмэгтэйчүүдэд хандах хандлага яаж өөрчлөгдөвөө?
Баатар -
Ер нь юугаараа бол эцгийн эрхт ёстой байсан ш дээ. Эхийн эрхэт ёс, эцгийн эрхт ёс гэж байна ш дээ. Тэр эцгийн эрхэт ёс гэдэг чинь ер нь цэцэг бол бүгдийг мэднэ. Ер нь бүгдийг мэдэх л талдаа байсан.
Хишигсүрэн -
Жишээ нь сая та тэгсэн ш дээ. Манай ээж бол бүх юмаа хийдэг зохицуулдаг, аав бол дуугүй юманд оролцдоггүй хүн байсан гэж байна ш дээ. Тэгвэл ээжид чинь юмыг бүгдийг хийдэг шигээ захиран зарцуулах ч гэдэг юмуу тэр эрх мэдлүүд нь байсан уу?
Баатар -
Манай ээж өөрөө их ажилсаг хүн. Бас ширүүвтэр талдаа. Хоёрдугаарт манай аав бол ерөөсөө л тийм номхон ноомой хүн. Нөгөө талаас нас өндөр, тэр хүнийг бурхан шиг тахичихсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ зэрэг хэвтэж байгаад хоол унд идээд байж байдаг хүн байсан хөөрхий.
Хишигсүрэн -
Таны ээж таныг хэдэн настайдаа гаргаж байсан юм болоо?
Баатар -
25-тай. Надаас өмнө гурван хүүхэд нас барсан юм билээ. Би эхийнхээ хэвлий дотор тэр эцэг дээр ирсэн хүн байгаа юм. Манай түрүүний эцэг ээж 2 энэ олон хүний толгой залигаад яахав 2-уулаа энүүгээрээ салъя. Энэ нэг хүүхэд голомтоо соливол яадаг юм бол гэсэн байгаа юм. Тэгээд тэр хүнийг 45 настай байхад нь очсон. Тэгээд миний араас 10 хүүхэд гарсан.
Хишигсүрэн -
Олон насны зөрөөтэй байсан чинь тэрэнтэй их холбоотой юм байна ш дээ. Өөр хүнтэй амьдралаа холбож байгаад тэгээд 2 дахь амьдралаа зохиосон байна ш дээ тиймээ ?
Баатар -
Тийм.
Хишигсүрэн -
Та тэгээд 18-н наймтай цэрэгт татагдаад яагаад нутагтаа ирээгүй юм бэ. Цэрэгт ирээд ямархуу байв аа?
Баатар -
Би цэрэгт бол жаргаж байсан. Нэг жил бага даргын курст суугаад. 2 дахь жилдээ цэрэгт аваад цэрэг хүмүүжүүлээд явдаг байсан. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам, дотоодын цэрэг л дээ. Цэдэнбалын өвөл, зуны байр, Самбуу даргын өвөл зуны байр, улсын чухал обьект, төв цахилгаан станц, төв цахилгаан комбинат гэдэг байсан юм, цэргийн склад, яамнууд гээд ийм юмнуудыг хардаг. Би дандаа манааны ахлагчаар гардаг байсан юм. Тэгээд цэргүүдээ аваачиж харуулдаа зогсооно уу гэхээс биш надад бол зовох ажил байхгүй байсан.
Хишигсүрэн -
Томчуудын харуул хамгаалалтанд гарахад ямархуу юм болдог байсан бэ?
Баатар -
Юу болох вэ дээ.
Хишигсүрэн -
Томчуудын царай зүсийг харах уу та?
Баатар -
Харалгүй яахав. Бал даргын өвлийн байр чинь Холбооны урд талд байлаа. Яамны гурван давхарын тэнд, залуучуудын ордоны тэнд байдаг байлаа. Тэгэхэд чинь би байнга л харуул хамгаалалт сольж байхад Бал дарга хаана явж байна. Тэр Болгарт явна уу, Тэр Оростой явна уу хаана л явна байнга мэдээлж байна ш дээ. Гэрийнх нь үүдэн дээр нэг комиссар бэлэн жижүүрлээд зогсож байна. Тэр чинь бидэнд мэдээлэл өгдөг. Дарга өнөөдөр тэнд яваа шүү. Энд яваа шүү гээд мэдээлэл өгдөг байсан.
Хишигсүрэн -
Тэгээд та яагаад цэргийн хүн болоогүй вэ?
Баатар -
Болох байсан юм. Би өөрийнхөө дүрсгүйгээс болсон юм. Тэр 1960-аад оны үед чинь Хятад Монгол 2 хоорондоо их зөрчилтэй байсан ш дээ. Тэгээд үйлдвэрийн дарга надад үүрэг тавьсан. Цахилгаан станцын хойд хаалгаар паспорт, үнэмлэх шалгаж оруулдаг байхгүй юу. Тэгээд тэр Хятад ажилтнууд дээр хүн уулзах гээд орж ирж байгаа юм. Тэгсэн чинь үйлдвэрийн дарга нэг өдөр намайг дуудаад. За хүү минь үйлдвэрийн дотор том том моторууд ирдэг. Дандаа модон авдартай моторууд ирдэг байсан. Тэр моторыг нь авахаар модон авдрыг нь тэнд байрлуулахаар Хятад ажилчид нь үйлдвэр дээр байх хугацаандаа тэр модноос хулгай хийгээд сандал, стол хийж зардаг байсан байна. Тэрнийг бид мэддэггүй байсан байна. Тэгсэн чинь тэр үйлвэрийн дарга Бямбажав гуай тэгж байна л даа. Энэ Хятад ажилчид бас л нэг бүтэлгүй юм хийгээд байгаа юм шиг байна хүү минь гэж байна. Дандаа “хүү минь” гэж ярьдаг хүн байсан юм даа зайлуул. Тэгээд энэ харуулынхаа эрч хүчийг жаахан чангадуухан байлгаж хаагуур юу авч гарч байгааг олох хэрэгтэй юм гэлээ. Тэгээд цэрэгтээ үүрэг тавиад харуулд нь гаргаад байж байхгүй юу. Тэгсэн чинь 5-р постын нэг цэрэг утасдаад энүүгээр 2 Хятад сандал авч гарах гээд болохгүй байна. Тэгээд шаардлага тавихаар хүлээж авахгүй байна гэлээ. Тэгээд би очоод нөгөө 2 Хятадыг наадахаа тэр үйлдвэрийн дарга дээр оруулж өг ингэж болохгүй гэлээ. Үйлдвэрийн дарга бид нарт үүрэг тавьсан. Та нар яахаараа үйлдвэрийн дотоод материал хулгай хийж зардаг юм алив наадахаа буцаа гэлээ. Тэгсэн чинь нэг Хятад нь эрүү рүү түлхээд нүүр лүү мөргөчихгүй юу. Би тэрэнд алуулчих байлаа. Тэгэхээр нь винтовоо шүүрч аваад нүүрэн дундуур зохиод унагачихлаа. Аа тэгээд байхгүй нөгөөдөх нь чарлаад л цусаа гоожуулаад зугтсан. Тэгээд л байж байсан чинь Өвөр Монгол баахан ажилчид жагсаалаар ороод ирлээ. Бригадын дарга нь командлачихсан ирж байна. 50 метр газар зосоох үүрэгтэй л дээ. Зогсоогоод даргыг дуудлаа. За танай арми дипломатын зөвшөөрөлгүй, манай ажилтанд зэвсэг хэрэглэж болж байгаа юмуу гэж байна. Тэгэхээр танай ажилчин анги манай Монгол оронд орж ирээд дипломтыхаа зөвшөөрөлгүй хулгай хийх ёстой юу энэ хүний тэр ширээ сандалыг ав тэр үйлдвэрийн дарга дээр очье энэ ажилчдаа тараа гэлээ. Тэгээд л явсан. Үйлдвэрийн дарга дээр очоод тэр бригадын даргыг нь гадна үлдээчихээд орлоо. За хүү минь юу болов яав гэж байна. За ийм ийм бол болчихлоо гэсэн чинь. Ээ миний хүү арай л зэвсэг хурдан хэрэглэчихж дээ л гэж байна. Тэгээд яахав дүүрсэн хэрэг л гэж бодлоо. Улаан мунхаг, шарандаа л болж байгаа байхгүй юу. Тэгээд харуулын байрандаа ирсэн чинь. Штабын жижүүр утасдаад за яагаад ингэв гэж байна. Яагаад зэвсэг хэрэглэв юу болж байна л гэж байна. Нөгөөдлүүд элчиндээ хэлээд, элчин чинь Нийгмийг Аюулаас Хамгаалахын сайд руу утасдаад сайд шууд батальон руу утасдсан байгаа юм /ярилцагч инээв/. Тэгээд би тэрнээсээ хөөгдөж хязгаарт явсан. Дорнодын хязгаарын салааны туслахаар орсон юм. Тэр анги дээрээ ирж ажил аваарай гэсэн юм. Тэгээд би больё доо цэргийн амьдралаар 3-н жил 6-н сар амьдарчихаад. Одоо дахиад цэргийн амьдрал руу орох гэж төвөг гэж бодоод явсан юм. Энгийн чөлөөтэй амьдрал хэрэгтэй гэж бодсон. Тэгээд би очоогүй юм ш дээ.
Хишигсүрэн -
Та цэргээс халагдаад буцаад нутагтаа очоогүй.....
Баатар -
Очоогүй би Батсүмбэрийн сангийн аж ахуйд хамаатнууд дээрээ очиж сангийн аж ахуйн тоо бүртгэл хийж байсан. Тэнд ажиллаж байхдаа контороо цэвэрлүүлж, контортоо гэрлэсэн ш дээ бид хоёр чинь.
Хишигсүрэн -
Та 2 Батсүмбэрт танилцаж суусан уу тийм ээ?
Баатар -
Тийм. Энэ 18-н настай би 24-н настай байсан. Одоо 40-н хэдэн жил хамт амьдарч байна.
Хишигсүрэн -
Хэдэн онд та хоёр гэр бүл болсон бэ?
Баатар -
1966 онд. Тэгээд Батсүмбэрийн сангийн аж ахуйд 8-н жил, Угтаалд 6-н жил, Зүүнхараад 4-н жил энд 27 жил болж байна. Тэгээд л нас дуусчихдаг юм байна.
Хишигсүрэн -
Танай нутгийн ардууд Монголын шашин шүтлэгийн их онцлогтой газар ш дээ. Хөвсгөлийнхөн Дархадууд гээд бөөгийн мөргөл шүтлэгтэй хүмүүс шүү дээ. Та өөрийнхөө зүгээс шашин шүтлэгийн талаар юу яримаар байдаг юм бэ ярина уу?
Баатар -
Одоо бодож байхад манай хөх бөөгийн шашин бол байгаль орчноо хамгаалсан шашин байсан гэж боддог. Одооны энэ байгаль орчны сүйрэлд автагдаад ирэхээр бодогдоод байна л даа. Хичнээн буу барьсан цагдаа тавиад нэмэр алга. Хичнээн төсөв мөнгө гаргаад хэрэггүй байна. Тэгээд хулгайгаар ангаа хийгээд, ойгоо шатаачихдаг. Тэгээд шашин бол төрөөс ямар ч гарз гарахгүйгээр байгалиа хамгаалдаг байсан. Тэрнийгээ шүтдэг. Шүтлэгтээ зайран бөөгийнхөө тэр орчмыг цэвэр ариун байлгадаг байсан. Тэр их үгүйлэгдэж байдаг. Болдогсон бол үндэснийхээ шашныг сэргээмээр байгаа юм. Тэртээ тэрэнгүй МАХН үзэн яддаг байсан Будда-гын шашинаа устагдгаараа устгаад үндэснийхээ шашныг боловсруулах хэрэгтэй. Тэгээд эргээд үндэснийхээ шашин нь байсан бол. Манайд их хохирол багатай байх байсан. Ялангуяа энэ байгальд.
Хишигсүрэн -
Таны авга эгч чинь удган хүн байсан гэж байна. Тэр удганыд та аавтайгаа хамт зочилдог байсан байна. Тэр хүн чинь янз бүрийн бөөгийн зан үйл хийдэг байсан. Бусад хүмүүс их шүтдэг байсан байна ш дээ. Та өөрөө тэр хүнд хэр зэрэг шүтлэгтээ ханддаг байсан бэ?
Баатар -
Би хүүхэд болохоор айхаас өөр юм байхгүй. Би бол тэр хүнийг сонирхож, тэр хүнийг ямар мэргэжилтэй, яадаг, юу хийдэг гэх зэрэг нарийн ширийн юманд ойртох эрх байхгүй. Бид нартай харилцахгүй ш дээ. Аав л тэр хүнтэй харилцана уу гэхээс биш. Бид нар тэд нарын үгийг сонсохгүй. Бид нарыг хөөгөөд гаргачихдаг. Хүүхдүүд бол мал ахуй, цаанд л явна.
Хишигсүрэн -
Танай ээж ямар шүтлэгтэй хүн байсан бэ?
Баатар -
Ээж шүтлэг байхгүй.
Хишигсүрэн -
Танай бурхан тахил байсан уу?
Баатар -
Ёстой байгаагүй.
Хишигсүрэн -
Одоо та ямар шүтлэгтэй вэ?
Баатар -
Одоо ч би юугаа шүтэх вэ дээ. Хөгшинтэйгээ 2-уулаа христад ордог юмуу гэж нэг бодсон. Одоо энэ хөгшин явж байгаа л даа. Угаасаа бурхан шашны үзэлд автаж сураагүй хүн чинь одоо орно гэхээр итгэлгүй болоод байна. Өөрөө итгэж чадахгүй юмандаа ороод яахав дээ. Итгэхгүй болохоор тэрнийг шүтэх гээд яахав дээ. Буддаг бол бүр шүтэхгүй. Бид нарын үед Буддаг үргэлж муу хэлдэг байлаа. Лам нарыг чинь үйл ажиллагаа нууц байсан. Тийм учраас шүтэх юм байхгүй. Энүүгээрээ л явж байвал болоо. Би ерөөсөө нутгаасаа өмд гуталтайгаа л гарсан хүн. Эцэг эхийн өв хөрөнгө гэж байхгүй.
Хишигсүрэн -
Гэр орноо өөрөө тааруулж амьдарсан байна тийм ээ?
Баатар -
Энэ бид 2 суухад Хятадын шавар байшинд манай контор байсан. Манай бригадын дарга бичиг мэддэггүй Хааз гэж нэг хасаг байсан юм. Би тэр хүний нарийн бичиг тоо бүртгэлийг хийдэг байсан. Манай Хааз гуай бид 2 2-уулаа конторлодог жижигхэн...бараг манай энэ өрөө шиг юм даа. Ийм өрөөнд байдаг байсан. Хог дээрээс эмнэлгийн шар ор байдаг ш дээ. Тийм ор хог дээрээс авч тавьж бид 2 гэр бүл болсон юм.
Хишигсүрэн -
Контортоо юу?
Баатар -
Тийм контортоо.
Хишигсүрэн -
Авгай авахаасаа өмнө тэндээ та амьдардаг байсан уу?
Баатар -
Би дөнгөж цэргээс ирж ажиллаж байсан. Эднийх чинь бригад дээр ажил хийж байсан хөгшчүүд. Тэгэхэд энэ чинь Барилгын техниккумд сурч байсан. Тэгээд өвлийнхөө амралтаар ирээд танилцсан. Тэгээд энэ суугаад явсан юм байхгүй. Бид 2-т хөрөнгө өгсөн хүн байхгүй. Өөдөө харсан сав шаазан өгсөн ч хүн байхгүй.
Эхнэр -
Бригадад ажиллаж байсан Хятадын авгай Хятад жаахан жаахан шаазан өгч байсан.
Баатар -
Ах дүү нараас юм өгсөн хүн байхгүй. Тэр хөдөлмөрийн баатар Пүрэвээ эд нарынх чинь тэд нарыг дуулсан уу. Хөдөлмөрийн баатар 3-н хүн байдаг ш дээ. Тэр чинь манай нагац байхгүй юу. Тэгээд тэд нар ажлаар намайг хангана уу гэхээс биш бусдаар хангаж байгаагүй. Ажлыг харин надад өгч байсан.
Хишигсүрэн -
Нэг гэрийн 3-н хөдөлмөрийн баатар гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эхнэр нөхөр 2-уу?
Баатар -
Нэг настай авгайтай сууж байсан хүн байдаг юм. Тэгээд настай авгай нь би чамтай гэрлэж чадахгүй нь миний энэ шавьтай суу гэсэн байгаа юм. Хөдөлмөрийн баатар Долгор гэдэг хүн Должинжав гэдэг хүнийг Пүрэвээд эхнэр болгож өгсөн байдаг юм.
Хишигсүрэн -
Тэр 3 гурвуулаа хөдөлмөрийн баатар болсон гэсэн үг үү. Ямар ажил эрхэлдэг байсан бэ?
Баатар -
Ногоочин хүмүүс байсан. Манай тэр ногоочин өвгөн чинь ногоо бригадын дарга хийж байсан. Наад авгай нь байцааны ногоочин байсан. Дандаа байцаа ургуулдаг байсан. Манай ээжийн дүү нар байхгүй юу. Бүгд нас барсан. Миний 10-н дүүгийн 4 нь нас барсан. 3 нь эмэгтэй, 1 эрэгтэй нас барсан.
Хишигсүрэн -
Танай 10 дүү бүгд нутагтаа суурьшсан уу?
Баатар -
Үгүй. Хотод, Зүүнхараад, Батсүмбэрт ч байж байна. Нутагтаа 3 нь байсан нэг нь нас барсан. Одоо 2 нь байна.
Хишигсүрэн -
Та тэгээд тоо бүртгэгчийн ажил хийдэг байсан гэлээ ш дээ. Ер нь ямар ажил байсан юм бэ. Та тэгээд өөрөө ажилдаа хэр ханддаг байсан бэ. Дуртай байсан уу. Ажил таны хувьд юу вэ?
Баатар -
Зүгээр л хүний амьдрал ш дээ. Сонирхол байлгүй яахав. Би зарим нэг дарга нартай таарахгүй байдаг талтай.
Хишигсүрэн -
Яагаад таарадаггүй гэж ?
Баатар -
За яахав дээ. Цаг үе нь захиргаадалтын үе болохоор. Тэр захиргаадалтын үед л амьдарч байлаа.
Хишигсүрэн -
Яадаг байв ер нь?
Баатар -
Нэг намын үзэл суртлаар хүмүүждэг байсан. Зөв байсан хамаагүй, буруу ч байсан хамаагүй. Тэр намын үзэл сурталаас гажих юм бол ажилгүй болно. Тийм л байсан.
Хишигсүрэн -
Та дарга нартай таардаггүй байсан гэж байна. Даргын эсрэг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг ярьдаг бйасан гэсэн үгүү?
Баатар -
Тэгэлгүй яахав. Таарамж муутай л байсан. Үнэндээ бол таарах таарахгүй гэж байдаг байсан л даа.
Хишигсүрэн -
Жишээ нь яадаг байсан бэ?
Баатар -
Тэр яахав дээ... мартагдаад байна.
Хишигсүрэн -
Социализмын үед цалин аваад тэр нь амьдралдаа хэр хүрэлцээтэй байсан бэ?
Баатар -
За яахав тэр цаг үедээ болж л байсан. Тоо бүртгэл 320 төгрөгний цалин авч байсан. Бригадын дарга бол 410 төгрөгний цалин авна. Нярав тоо бүртгэл бол 360-370 төгрөгний цалинтай. Няравын ажил хийвэл 40%-ийн нэмэгдэлтэй байсан. Амьдралд болохгүй юм гэж байхгүй л байсан. Бид нар цэргээс халагдаж ирсэн. Нутаг руугаа яагаад буцаагүй юм гэж яриад байсан. Нутаг руугаа буцаагүй шалтгаан байсан. Нутагтаа ажиллавал хөдөөний нэгдэлд ажиллана. Хөдөөний нэгдэлд ажиллах, сангийн аж ахуйд ажиллах 2 чинь эрс тэс ялгаатай.
Хишигсүрэн -
Яагаад вэ?
Баатар -
250 хонь хариулсан хүн нэгдэл бол 70 төгрөгний цалин авдаг байсан. Сангийн аж ахуйд 250 хонь хариулсан хүн 250 төгрөгний л цалин авдаг байлаа. Ширхэг бүр нэг төгрөгний үнэтэй. Тэгэхээр тэр 2-ын чинь хооронд зөрөө байгаа биз дээ. Тэгэхээр нутаг явж болохгүй. Сангийн аж ахуйд ажил хийх юм бол цалин л илүү байлаа л дээ. Тэрнээс биш амьдарч дассан нутаг усруугаа авалгүй яахав нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт яахав хань ижил авсан. Энэ чинь бас Булганы хүн. Тийм болохоор намайг дагаж Хөвсгөл рүү намайг дагаж явах ч юм болов уу үгүй болов уу гэж бодоод. Явъя гэсэн бол явах л байсан байхдаа. Би өөрөө нутгаа хоцрогдсон зах газар гэж ойлгодог байсан. Одоо ч гэсэн....уржнан жил яваад ирсэн. Хэвээрээ л байна л ээ. Манай энд тог шатлаа гээд л бөөн юм болоод байна. Тэнд чинь лаа, дэнтэйгээ л байна лээ. Цахилгаан нь 4-н цаг асдаг тэгээд унтардаг гэсэн. Тэр чинь хоцрогдол л гэсэн үг ш дээ. Утасаар ярина гэж бүр байхгүй. Сумын төв рүү хичнээн км давхиж очиж байж ярина. Тэгээд очсон хойно утасны эзэн нь олдохгүй үйл тамаа эдлэнэ. Бид нар замаар яваад хот орж хэрэгцээний юмаа аваад ирнэ. Тэгэхэд тэр чинь байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Ер нь зах хязгаар нутагт амьдрахгүй гэсэн бодол байсан байна ш дээ тийм ээ?
Баатар -
Тэгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Сая бид хоёрын ярианд ийм юм ярьсан. Та энэ “Тарни”-ын точек дээр 1982 онд ирсэн юм байна ш дээ. Таныг ирэхэд энэд ямархуу байдалтай, суурин байсан бэ. Таны нүдэн дээр яаж өөрчлөгдөж байна вэ?
Баатар -
Ирэхэд 3-хан айл байсан. Монгол гэртэй.
Хишигсүрэн -
Өө за яг энэ точек дээр үү?
Баатар -
Яг энэ гэр хороололд. Энд Оргодолынх гэж айл байсан. Дүүгийнх нь байсан. Энэ Батсайхан гэж айл байна ш дээ. Та нар мэдэхгүй байх. Танай аав ээж андахгүй л дээ. Тэднийх энэ буудал дээр байсан. Төмөр замын туслах аж ахуй гэдэг чинь дөнгөж эхлэж байсан юм. Тэгээд аж ахуй чинь улсаас өгсөн төсөв мөнгө нь хүрэлцэхгүй болоод сүүлдээ чадахгүй болохоор, ардчилал гэж жаахан явж байгаад, аж ахуйн дарга болсон ш дээ. Тэр Заха гэж нэг хасаг байсан юм. Тэд Дамдиндорж эд нар зохион байгуулж хэдэн авгай нараар суудал хийлгэж энэ аж ахуйг сүйтгэсэн юм.
Хишигсүрэн -
Яагаад сүйтгэсэн гэж?
Баатар -
Харах эзэнгүй болсон.
Хишигсүрэн -
Яагаад олон айлууд ирээд энэ том суурин болчихов?
Баатар -
Энэ чинь уг нь Төмөр Замын туслах аж ахуй гэсэн айл байсан байхгүй юу. Тэр айл чинь ажилчид татсан юм. Гаарав гэж нэг өвгөн байж байгаад ноднин жил нас барсан юм. Энэ чинь манайд боловсон хүчин байсан. Энэ Шаариибуу эд нарыг чинь бүгдийг нь хотоос авч ирж ажилд оруулсан ш дээ. Эд нар чинь Говь-Алтайгаас мал тууж хотод орж ирж суурших гээд чадахгүй байж байсан юм билээ. Шилжүүлэг өгч хотын паспорт өгдөггүй байсан юм билээ. Тэгээд Төмөр замын туслах аж ахуйн илгээлтийн эзэд болоод л бичиг баримтаа бүрдүүлж төмөр замын ажилчид болгож хотын паспорт өгч эд нарыг чинь энд авч ирсэн ш дээ. Тэгээд аж ахуйн тарчихаар чинь ямар ч толгой байхгүй болж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Энд сургуулийн хажууд 2 ширхэг орон сууцны сайхан байшин байсан юм билээ, цэргийн ангийн зоорь, гээд нилээд хэдэн байгууламж байгаа байхгүй юу. Одоо тэгээд ямар ч ажиллагаагүй хулгайд ухуулчихсан байдалтай байна. Энэ бүгд таны нүдэн дээр болсон байх тийм үү. Энэ яг ямар юм болоод ийм юм болчихов?
Баатар -
Тэр 2 чинь 2-уулаа төмөр замын туслах аж ахуйн ажилчид байхгүй юу.
Хишигсүрэн -
Хүн амьдарч байсан юмуу тэнд?
Баатар -
Амьдралгүй байхав дээ. Тэгээд хувьчлалаар ер нь тэр Давга гэдэг хүн байшинг нь хувьчлаж авсан. Одоо 20-оод жил болж байна. Давга ч юм хийсэн юм алга. Тэгээд ч их хөрөнгөтэй юм билээ л дээ.
Хишигсүрэн -
Энэ ногооны зооринд ногоо хадгалж байсан юмуу ?
Баатар -
Байсан.
Хишигсүрэн -
Хэдэн он хүртэл хийж байсан.
Баатар -
Бас төмөр замын туслах аж ахуйн хөрөнгө шүү дээ. Одоо энэ цэргийн ангийн мэдэлд байна уу, амралтын мэдэлд байна уу. Эд нар хоорондоо яаж өгч авалцаад байгааг би мэдэхгүй байна. Одоо чухам энэ амралтанд энэ зооринд хийх төмс байхгүй ш дээ. Амралтын наад талын пойлууд эзэнгүй болчихсон ш дээ. Ёстой их ногоо тарьсан хүн л юм хийдэг нь хашаа байдаг юм бэ. Гахайн байр байна. 300-аад гахай байлаа ш дээ. Оросууд байсан. Туслах аж ахуй байхад 200 гахай байсан л юм билээ.
Хишигсүрэн -
1982 онд таныг ирэхэд “Тарни”-ийн амралт хавийн байгаль ер нь ямархуу юм байсан бэ?
Баатар -
Сайхан байсан шүү.
Хишигсүрэн -
Одоо энэ юу болоод байнаа?
Баатар -
Одоо энэ .урд толгой байна ш дээ. Энэ чинь ерөөсөө битүү ногоон ойтой толгой байлаа. одоо их сүйдэж байгаа.
Хишигсүрэн -
Ер нь байгаль экологи хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
Баатар -
Намайг ирсэнээс хойш их өөрчлөгдөөгүй байна. Модыг л их сүйтгэж байна. Ус ч байхгүй болох нээ. “Тарни”-ын гол усгүй шахам боллоо.
Хишигсүрэн -
Өвс ногоо ч муу ургадаг болсон байна тиймээ?
Баатар -
Өвс ногоо ч яахав энэ ууршилттай холбоотой байх. Сүүлийн үед яриад байдаг болсон байна ш дээ. Чийг бага унадаг болсон, дэлхийн дулаарал эд нар гэдэг чинь.
Хишигсүрэн -
2-уулаа өнөөдрийнхөө яриаг өндөрлөөд маргааш үргэлжлүүлье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.