Davaasambuu
![](../assets/images/interviewees/990074.jpg)
Basic information
Interviewee ID: 990074
Name: Davaasambuu
Parent's name: Ööldöh
Ovog: Achit
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: НХХЯ-ны харьяа “Тарни” амралтын наряв
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Mandal sum sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
military
work
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
sports
prison
military
democracy
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдрийн ярилцлагад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байдаг улсын Нийгмийн Халамж Үйлчилгээний Газрын харъяа “Тарни”-ийн амралт гэж байдаг. Энэ амралтанд дээр ажиллаж амьдарч байгаа Даваасамбуу гуай оролцож байна. Та эхний ээлжинд өөрийнхөө хүүхэд насны амьдрал, та өөрийнхөө тухай, эцэг эхийнхээ тухай, хүүхэд насаа хаана өнгөрөөв, ямар амьдрал туулаад энэ газар ирж амьдарч суурьшиж байгаа вэ, энэ талаараа ярьж өгнө үү?
Даваасамбуу -
Би бага насаа ээж аавынхаа гар дээр мал аж ахуй дээр өссөн. Голдуу багадаа мал аж ахуй дээр байсан. Ээж аавынхаа хажууд. Тэгээд 8-н насаасаа эхлээд сургуульд суу гэснээр нь сургуульд суусан. 16-н нас хүртлээ сургуульд сурсан. 16 нас хүрээгүй л дээ. Амьдралын шаардлагаас болоод 2-3 жил сургууль завсардсан. 18-н настайдаа 8-р анги төгсөөд шууд цэрэгт ирсэн. Сурч байгаа хугацаанд амьдралын бололцоо муу байсан учраас ар гэртээ санаа зовдог. Сургуульд муу сурах нөхцөл ч надад муу байсан. Амьдралын гачигдлаас болоод хичээл номынхоо юмыг авахаас өгсүүлдээд амьдрал ядуу байсан болохоор тэр нь сурлагад нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Тэгээд ч аажим аажимаар нас ахиад жаахан томроод ирэхээр юм сураад сүүлдээ яахав 18-н настайдаа 8-р анги төгссөн.
Хишигсүрэн -
Та хэдэн онд төрсөн бэ?
Даваасамбуу -
1958 онд төрөөд 1976 онд 8-р анги төгссөн. Тэгэхдээ 1975 онд...1976 онд би цэрэгт явсан юм. Гэхдээ 1974 онд би 2 жил завсардаад сургуульд орсон. Буцаж ороод тэгээд буцаж орохдоо сурлага ч гайгүй бас жаахан спортоор хичээллэдэг байсан. Сургуулийн хөдөлмөр олон нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог. Тэгээд спортоор сургуульдаа их сайн байсан. Сургуульдаа, сумандаа, аймагтаа бүр улсад хүртэл шалгарч явж байлаа.
Хишигсүрэн -
Ямар төрлийн спортоор хичээллэж байсан бэ?
Даваасамбуу -
Хөнгөн атлетикаар. Гүйлт хөнгөн атлетикаар л явж байсан.
Хишигсүрэн -
Та сургуульд орох хүртлэх амьдралаа ярьна уу. Хүүхэд 8-н нас хүрч сургуульд ортлоо ямар орчин нөхцөлд амьдарч яаж аав ээждээ туслаж байв энэ хэсэг дээр 2-уулаа жаахан тогтож ярих уу, Яг тэр үеийн хүүхдүүдтэй харьцуулахад таны хүүхэд нас ямар онцлогтой байв?
Даваасамбуу -
Онцлог ч юу байхав. Одоо үеийн хүүхдийг бодоход тэр үеийн хүүхэд даалимбан дээлтэй байдаг байсан. Тэр үед одоогийнх шиг срочкон цамц, форм гэж өмсдөггүй байлаа ш дээ. Цагаан ямбуугаар цагаан цамц хийж өгөөд л цэнхэр даалимбаар 2 өмд хийж өгвөл өгөөд л тиймэрхүү л хувцастай явдаг байлаа. Тэгээд яахав цүнх ч гэж дээ даавуун цүнхтэй байлаа. Анх сургуульд явахад ээж даавуу даалимбаар дөрвөлжин цүнх хийж өгөөд сургуульд явуулж байсан.
Хишигсүрэн -
8-н нас хүрч сургуульд орох хүртлэх амьдралаасаа дурсах юм байна уу?
Даваасамбуу -
Тэгээд тэр үед тиймэрхүү л байж байгаад анх эхлээд миний багш Янжив багш байсан. Одоо бодоход бид нарт их туслаж байсан юм байна. Үзэгний бэх саванд өглөө оройд найруулж өгдөг байсан тэрнийг би сайн мэдэж байна.
Хишигсүрэн -
Сурагчийн дотуур байранд амьдарч байсан уу?
Даваасамбуу -
Тийм дотуур байранд амьдарч байсан.
Хишигсүрэн -
Тэр үеийн дотуур байрны нөхцөл ямар байсан бэ ?
Даваасамбуу -
Дотуур байрны нөхцөл тэр үед миний бодоход бололцооны л байсан. Гэр орондоо аав ээжийнхээ дэргэд байсан хүүхдүүд аав ээжээсээ холдоод хэцүү л байсан юм билээ. Гэрээ их санадаг. Тэгээд хүүхдүүдтэй муудалцдаг, таардаггүй тиймэрхүү юм байсан юм шиг байгаа юм. Тэгээд яахав юмтай айлын хүүхэд нэг өөр юмгүй айлын хүүхэд нэг өөр байдаг байсан. Хувцас хунараараа ч юмуу тийм байсан. Тэр үед тэгж л бодож байсан. Тэгээд яахав тэр үеийн сургуулийн дотуур цагаан байр нүдэнд харагддаг. Хаалга үүднийх нь түгжээнээс өгсүүлээд харагддаг.
Хишигсүрэн -
Тэр үед дотуур байрны багш ямар хүн байсан юм бэ. Сурагчийн байранд ямархуу амьдрал байсан тухай таны санаад орж байгаа юм байна уу?
Даваасамбуу -
Тэр дотуур байранд их л болж бүтэхээр л юмнууд хийдэг байсан юм шиг санагддаг байсан. Боловсролын Яамны шалгалт, аймгийн шалгалт гээд ирдэг. Бид нарын чинь хувцсыг, бөөс хуурс, бандааш шалгаад, баасыг шалгана. Тэрнийг чинь бүгдийг нь солино. Бүгдэд нь шинэ цагаан цамц өмсгөдөг байсан ш дээ. Тэгэхээр тэр үед сургууль хөрөнгө мөнгө зарж байсан юм шиг байгаа юм. Бодвол Социализмын үед тэгж халхалж сольж нэг удаа тэр сургууль сайн нэр авах гэж байсан юмуу, багш нар нь сайн нэр авах гэж байсан юмуу бас сонин асуулт. Ямар сайндаа бид нарын хувцсыг угаадаг тусгай хүн ч байлаа. Бид нарт шалгалт ирэхээр шинэ хувцас тавьж өгдөг байсан.
Хишигсүрэн -
Шалгалтаас бусад цагт яах уу?
Даваасамбуу -
Шалгалтаас бусад үеүдэд хамаа байхгүй. Хааяа нэг л шалгалт ирнэ. Ахлах ангийн хүүхдүүдийг чинь бөөс хуурсыг нь шалгана ш дээ. Тэр бөөстэй байна энэ хуурстай байна гээд түүлгүүлээд, угаалгаад цэвэрлүүлдэг байсан. Тасгийнх нь дарга нь наад бөөсөө түү гэж зодоно. Тиймэрхүү л байсан юм. Тэр үед бол тийм л байсан.
Хишигсүрэн -
Та эцэг эхээс хол гэрээ жаахан санадаг байсан гэж байна гэрээ санаад юу болох уу?
Даваасамбуу -
Гэрээ санахаар чинь жаахан өлсөнө. Сэтгэл санаагаар их унана. Хичээл номондоо л жаахан муу байсан байхдаа гэж бодож байна.
Хишигсүрэн -
Бага ангид байхдаа гэлүү ? Таныг байрнаасаа их оргодог байсан гэж ээж аав 2 ярьж байсан. Сургуулиас оргодог байсан гэлүү. Та 8-р ангид байсан юмуу?
Даваасамбуу -
Тэр бол сүүлд болсон асуудал л даа.
Хишигсүрэн -
Дургүй хүрэхээрээ хичээлээ хаяаад явчихдаг байсан юм биш үү?
Даваасамбуу -
Голдуу гэртээ очихоороо ирдэггүй л байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Амралтаараа харьчихаад уу ?
Даваасамбуу -
Тийм. Амралтаараа оччихоод ирдэггүй л асуудал байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Яагаад ирдэггүй байсан юм бэ?
Даваасамбуу -
Тэр яахав сурах бололцоо муу байгаа учраас очиж чадахгүй байгаа байхгүй юу. Жишээлбэл хичээлдээ сонирхолгүй ч байсан байна. Гэр орноо ч санана. Амьдрал ахуй ч тийм байсан болохоор сэтгэл санаа тиймэрхүү байна ш дээ. Хичээлдээ муу болохоор сонирхол байхгүй. Хичээлээсээ хоцрогдсон болохоор ч тэр байх. Амьдрал тийм байсан болохоор л тэгж байсан байх гэж би боддог юм.
Хишигсүрэн -
Танай эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж хүмүүжүүлдэг, ямар хүмүүс байсан бэ?
Даваасамбуу -
Ээж аавдаа гомдох ч юу байхав. Хүмүүжүүлэх талаар буруу зөвийг зааж өгнө. Буруу хүмүүжил ч гэж юу байхав. Малдаа их анхаардаг хүмүүс байсан. Аль болох зөв хүмүүжилтэй байлгах талаар бодож байсан байх. Сурган хүмүүжүүлэх нарийн ухаан мэдэхгүй бүдүүн тоймын үл хөгшчүүд байсан байх. Сурах нарийн арга дээр нарийн зүйл байгаагүй байх гэж боддог. Мал аж ахуй талынхаа юмыг зааж өгдөг тэрнийгээ хийлгэх сонирхолтой байсан учраас өөр нарийн юм надад нөлөөлөөгүй. Тэр үед радио гэж ч байгаагүй. Манай аав ээж сонин хэвлэл ч уншдаггүй тийм л байсан.
Хишигсүрэн -
Танайх нэгдлийн мал маллаж байсан уу. Хоньтой байсан уу?
Даваасамбуу -
Хоньтой байсан.
Хишигсүрэн -
Зуны амралтаар хонины ээлжинд явна биз дээ?
Даваасамбуу -
Зун ч явна. Өвлийн амралтаараа ирээд ч явна. Ер нь инхэнхдээ л малд явдаг байсан.
Хишигсүрэн -
Малд явж байгаа хүүхэд өдөржин хээр явж байхдаа юу бодож, юу хийж өнжих үү?
Даваасамбуу -
Хонь хариулж яваад ойролцоо айл байвал ганц 2 айлаар ордог ч юмуу. Тэгээд хонио эргүүлээд мод түлээгээ ч түүдэг байсан. Харгана гэж манай нутагт ярьдаг биз дээ. Харгана ч түүнэ, аргал ч түүгээд ирдэг л байсан.
Хишигсүрэн -
2 жил сургууль завсардаад эргээд орж ирэхэдээ спорт болон олон нийтийн ажилд их идэвхтэй оролцдог болсон гэж байна ш дээ. Тэр ер нь юунаас болоод гэнэт их идэвхжсэн юм бол?
Даваасамбуу -
Тэр идэвхжих шалтгаан гэхээр. Үгүй яахав бага байхдаа сурч байгаа үедээ тэр болгон юманд идэвхтэй оролцодоггүй л байсан. Тэгээд ч тийм спортын арга хэмжээ сургуульд явагддаггүй ч байх. Сүүлийн үед нь урлаг соёлын арга хэмжээнүүд сумаараа бүсчилж явдаг байлаа. Аймаг руу явдаг байлаа. Тэгээд нас нь жаахан ахиад ирсэн юм болохоороо арай жаахан идэвхтэй болсон юм шиг байгаа юм. Ямар ч байсан сумынхаа сургуульд хэд хэд түрүүлээд аймаг руу ч явж байлаа баруун бүсийн ч тэмцээнд ч явж байлаа. Аймгийн идэрчүүдийн аваргад оролцож байлаа. Тийм тийм тэмцээнд оролцож явлаа. Тэгээд яахав тэгж яваад ирэхээр хүний сэтгэл сэргээд өшөө цаашаа юм суръя хийе гэсэн сэтгэл төрдөг юм билээ. Би 7-р ангид байхдаа тэгж явдаг болсон ш дээ. Би 7-р ангиасаа гаръя гэж бодож байсан. Нэг даага өгөөд эвхдэг цагаан ор өгөөд гаргадаг байл уу яалаа?
Хишигсүрэн -
Юуг илгээлтийн эзэн гээд үү?
Даваасамбуу -
Тийм илгээлтийн эзэн гээд...
Хишигсүрэн -
Нэгдэл тэрнийг өгөх үү?
Даваасамбуу -
Тийм нэгдэл өгдөг байсан. Тэгээд би тэрнийг аваад анх эхлээд 7-р ангиа төгсөөд тэрнийг нь аваад гаръя гэж бодож байснаа төгссөн жилээ аварга болоод нилээд явсан. Тэгээд ерөөсөө болье гэж бодоод 7-р ангиа төгсөөд 8-р ангид орсон ш дээ. Тэгээд цаашаа яахав дээ...
Хишигсүрэн -
Ер нь тэр үеийн дунд сургуулийн сурлагаар тааруу хүүхдэд багш нар нь ямархуу ханддаг байсан бэ. Ер нь тэр үеийн багш нар ямар улсууд байсан бэ?
Даваасамбуу -
Миний хүндэлж явдаг 2-3 багш байсан юм. Би тэр үед ч боддог байсан, тэрний дараа ч гэсэн боддог байсан. Хөлсөө гойжтол хичээл заадаг багш байсан юм. Тэрнийг би одоо ч боддог юм. Би нэг хичээлд их дургүй байсан юм. Тэгээд сүүлдээ тэр хичээлийг ойлгож ирдэгийг даваан дээр хаясан. Хаях ч юу байхав 8-р анги төгссөн. Сүрэнжав гэж багш байсан, Цэдэнбал гэж багш байсан. Батхүү гэж багш байсан. Эд нар хичээлээ их гоё оновчтой заадаг хүмүүс байсан. Орж ирээд бараг конспектоо харалгүй самбар дээр бичдэг, ярьдаг тийм багш нар байсан. Ялангуяа тэр Сүрэнжав багш бол хөлсөө гартал заадаг байсан. Ахин дахин бичээд л байдаг байсан.
Хишигсүрэн -
Ямар хичээл заадаг байсан бэ?
Даваасамбуу -
Химийн хичээл заадаг байсан. Орос хэлийг бас заадаг байсан байх. Надад орос хэлийг их заадаг байсан. Химийн хичээлийг дэндүү сайхан заадаг байсан. Тэгээд конспект аваад нөгөөдөхийг нь хариулж чадаагүй хүүхдийг авч үлдээд дахиад конспект аваад л дахиад л нөгөөдөхөд хариулж чадаагүй хүүхдийг авч үлддэг байсан. Тэгээд дахиж нөгөө хичээлээ эхнээс нь заадаг байсан. Тэгээд хөөрхий хоол цайных нь цаг болоод өлсөж ядардаг биз. Орой тэдэн цагт цуглаарай гэж хэлээд дахиж бид нарт тэгж хичээл заадаг байсан юм. Тэр багш үнэнхүү уйгагүй байсан. Дараа нь сумын захиргааны самбар дээр тэр багшийг бичсэн байсан. Үнэнхүү хөдөлмөрч хүн байсан юм. Юмыг нэг бүрчлэн заадаг байсан.
Хишигсүрэн -
Дунд сургуульд байсан үеээ одоо эргээд бодохоор ямар хүүхдүүд тэргүүний сайчууд байсан юм бэ. Тэргүүний хүүхдүүд нь сурлагадаа мэдээж хэрэг сайн байгаа байх. Бусад харилцаанд, хичээлээс бусад байдлаар тэр сурлага сайтай хүүхдүүд, сурлагаар тааруу хүүхдүүдийн харилцаа ямар байсан бэ?
Даваасамбуу -
Сайн сурлагатай хүүхэд өөрийгөө аваад явчихдаг байсан юм. Муу сурлагатай нь нөгөөдөхөөсөө асуудаг ч үгүй байсан. Ер нь сайн сурлагтай хүүхэд биеэ даагаад аваад явчихдаг. Гэсэн боловч багш даалгаж өгдөг. Гэсэн ч нэг нь суръя гэж хичээдэггүй нөгөөдөх нь заая ч гэж хичээдэггүй байсан. Нөгөө хүүхэд нь ойлговол ойлгосон чигтээ явчихдаг юм билээ. Сүүлд ороод их сайн сурлагатай байгаагүй л дээ. Тэгэхэдээ яахав ангийнхаа гайгүй хүүхдүүдтэй үерхэдэг байсан. Гайгүй хүүхдүүд тусалдаг л байсан л даа. Би 7-8-р ангидаа тийм сайн сурлагатай байгаагүй. Яахав миний хажууд 2,3 ангийн сайхан сурлагатай хүүхэд байдаг байсан. Яг жирийн хичээл дээр багш намайг сурлагатай, спортоор хичээллээд ирэхээр чинь арай л өөр ханддаг байсан л даа. Чадахгүй байсан ч тэгэсхийгээд орхичихдог байсан. Аа зүгээр төвөөс онцгой шалгалтууд ирнэ ш дээ. Тэр үед нь хүүхдээс хуулаад л тэгж л сурч байсан. Сайн сурч байсан гэж өөрийгөө хэлж чадахгүй. Анхнаасаа ойлголтыг нь авч чадаагүй юм чинь сайн сурч чадахгүй гэж боддог байсан. Гэхдээ сүүлдээ яахав зарим хичээлээ мэддэг чаддаг болох л юм билээ. Би тэгээд бодож л байсан анхнаасаа сураагүй болохоор тэгдэг юмуу гэж ойлгож байсан.
Хишигсүрэн -
Тэгээд сургуулиа төгсөөд 18-н настай цэрэгт татагдаад явсан уу?
Даваасамбуу -
Би 8-р анги төгсөөд би цаашдаа сургуулиар явъя гэж бодсон. Тэгэхдээ яахав тэр үед би нэг ТМС-д орно гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Юуны ТМС-д орно гэж бодож байсан бэ?
Даваасамбуу -
Техник мэргэжлийн. Тэр үед чинь манай тэнд худаг ус гаргаж байна гээд машинтай хүмүүс их явдаг байсан. Тэрнийг би их сонирходог байсан. Хоёрдугаарт манай Хотгорын уурхай гэж байлаа ш дээ. Мал хариулж явахдаа Хотгорын уурхайн эксковаторыг их сонирхоно. Хэдэн жолооч нарыг нь очиж сонирхоно. Тэр уурхайн эксковаторын нүүрс ачиж байгаа нь их гоё. Нүүрс хутгагч машин нь их гоё санагдаад л энэ л их гоё юм гэж бодож байсан. Би анхнаасаа тэрнийг л их сонирхосон....бодсондоо хүрсэнгүй. Нэгдүгээрт тэрэнд яваад Хоёрдугаарт худаг усны ажилд явдаг хүн болъё гэж боддог байсан.
Хишигсүрэн -
Ер нь мал маллахгүй л гэж боддог байсан юм байна тийм үү?
Даваасамбуу -
Тэгэхдээ би мал маллахдаа ингэж бодож байсан. Ямар ч гэсэн төрийн шагнал авахаар л ажиллана. Хийж байгаа ажилдаа ямар нэгэн амжилт гаргаж төрөөс ямар нэгэн шагнал хүртэнэ л гэж бодож явсан.
Хишигсүрэн -
Алдар гавъяа байгуулъя гэж боддог байсан байна тийм ээ?
Даваасамбуу -
Тэрэндээ би хүрсэн л гэж боддог. Би төрийн шагнал авсан ш дээ.
Хишигсүрэн -
Ямар шагнал вэ?
Даваасамбуу -
Хөдөлмөрийн хүндэд медаль авсан.
Хишигсүрэн -
Энд ирээд авсан уу?
Даваасамбуу -
Тийм. Аймаг, хот, сумын хэд хэдэн удаагийн аварга болсон. Тэр тууз энэ тэр нь одоо ч надад байгаа. Гэхдээ би тэрнийгээ хийсэн л гэж бодсон. Миний ганцхан бодож санаж явсан юм бол эксковаторын жолооч болох байсан. Би тэрнийгээ алдсан. Би яахав тэр үед хэрэг төвөгт ороод шууд гараад тэнд очоод суух байсан байхгүй юу. Налайхад суух байсан юм. Манай Бөхмөрөний Дорж гэж хүүхэд байлаа ш дээ. Тэнд л яаж ийж байгаад үлдэх байсан. Цэдэнбал багш дэмжиж байсан ш дээ. Гуйж байгаад тэнд суучихсан бол эксоватор авчихсан бол одоогийн алтны газруудад юмуу том гоё газар ажиллаж байх байсан гэж боддог. Тэгээд тэрэнд даанч чадаагүй юм. Миний ганц чадаагүй юм тэр л байдаг юм.
Хишигсүрэн -
Цэрэгт хэдэн онд явсан бэ?
Даваасамбуу -
1976 онд 8-р ангиа төгсөөд цэрэгт явсан. 8-р анги төгсөж ирээд Өвөрхангайн ТМС-д явна гэж би санал тавьсан байхгүй юу. Тэгээд худаг усны юманд явна гэж бодож байсан. Тэнд миний нэг таньдаг хүүхэд сурдаг байсан. Тэнд очно гэж боддог байлаа.
Хишигсүрэн -
Цэрэгт явчихаад уу, явахаасаа өмнө үү?
Даваасамбуу -
Явахаасаа өмнө 1976 онд 8-р анги төгсөөд. Тэгээд тийшээ явах гэсэн чинь хэн авчихсан гэлээ байз. Нэг хүүхэд тэр хуваарийгийг нь авсан байсан. Тэгээд би тийшээ явж чадаагүй. Тэгсэн чинь манай сургуулийн захирал Чулуунбаатар гуай 10-р ангид ор гээд 10-ын хуваарь өгөхөөр болсон. Тэгээд би 10-р ангид явна гээд байж байсан. Тэгсэн чинь 7- сар болсон чинь манайхны залуучууд чинь цэрэгт явна гээд айл хэсээд, архи уугаад л хонуут өнжүүт хэсээд. Би тэр хаваржин спортоор явсан. Улсад яваад аймаг бүсийн тэмцээнд яваад хамгийн сүүлд Баян-Өлгий явсан. 8-р анги төгсөдөг хавараа шүү дээ. 4-н шалгалтанд орох ёстой байсан би 2-хон шалгалтанд орсон ш дээ. 2 шалгалтаас чөлөөлөөд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн гурван тэмцээнд явуулсан. Бүсийн тэмцээнд яваад их ядарсан. Тэгээд би Бөхмөрөний голд орчихсон чинь тэрнээс хатгалгаа аваад бие муудаад гэртээ ирээд сургуулиа төгсөж байсан. Тэгээд аймагт 10-р ангид явна гээд байж байсан. Тэгсэн чинь 7 сарын 11-нд баяр өнгөрөөд баярын маргааш 13-д тэгсэн юмаа. Хотгорын уурхай дээр манай Бөхмөрөний 2-р бригадын айлууд зуны хонины ноосны дутуу, дутуу авдаг. Бөхмөрөнөөс машин ирдэг байсан. Айлуудыг дутуугаа өг гээд л засаг дарга албан бичиг тараагаад л. 7 сарын 13-нд Хотгорын уурхай дээр тэмээнд жаахан ноос ачаад очсон. Очсон чинь сумын төвөөс барина гэж байна.
Хишигсүрэн -
Баринаа?
Даваасамбуу -
Сумын төвөөс Жаамяа ах, сайхан цэнхэр 30 маштинтай ирчихсэн. Хавдал хасаг гэдэг хэсгийн төлөөлөгч байсан юм. Хөөе чи хүрээд ир чамд цэргийн зарлан дуудах ирсэн май гээд шууд зарлан дуудах бичиг өгсөн. Тэгсэн чинь манай аавын ах Лэгдэн гэж хөгшин надтай хамт очсон юм. Тэгсэн чинь би нөгөө зарланг нь авч уншаад уйлж байгаа байхгүй юу. Юун би чинь цэрэгт явах сургуульд явна гэж байхад. Аавынхаа ахад хэлсэн чинь “за харь харь би наад ноосыг чин тушаагаад тэмээг чинь аваад очье миний хүү яв“ гэсэн.
Хишигсүрэн -
Тэгээд гэртээ харилгүйгээр шууд явчихаж байгаа юмуу?
Даваасамбуу -
Маргааш өглөө нь шууд ачина гэж байгаа байхгүй юу. Би уйлаад л гэрлүүгээ давхичихсан. Тэгээд аав ээждээ хэлж гэртээ орж жаахан уйлж хэвтэж байгаад цэрэгт яваад өгч байгаа юм. Тэгээд би цэрэгт ирсэн.
Хишигсүрэн -
Хөдөөний залуучууд чинь цэрэгт явах гэж байна гээд бөөнөөрөө айл хэсээд, архидаад бөөн юм болдог , тэрэнд та оролцоогүй юу?
Даваасамбуу -
Оролцоогүй ш дээ. Сургуульд явна гээд гэртээ хэвтэж байсан юм чинь.
Хишигсүрэн -
Тэгээд цэрэгт хаана хувиралагдаж ирсэн юм бэ?
Даваасамбуу -
Хотод ирсэн. Ирэхээсээ өмнө би бодсон юмаа. Манай нэг хамаатан байдаг ш дээ. Батжаргал гээд аймгийн нэг том газар засаг даргын орлогч хийгээд байл уу яагаад байна. “Увс нуур”-ыг хамгаалах нийгэмлэгийн дарга хийж байсан. Тэр чинь тэр үед аймгийн Эвлэлийн Хорооны Нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга байсан юм. Тэрэн дээр орсон чинь тэр аваад үлдчих ухааны юм ярьсан байхгүй юу. Тэгээд жаахан явахгүй гэж үзсэн. Бараг эвлэлийн шугамаар аваад үлдэнэ гэж ярьсан. Тэгсэн чинь байхгүй цэргийн хэлтсийнхэн зөвшөөрөөгүй юм шиг байгаа юм. Тоо нь хүрээгүй юм шиг байгаа юм. Тэгээд яваад өгсөн. Хотод барилгын 8-р батальон гэдэгт хуваарилагдаад барилгын цэрэгт 3-н жил алба хаасан. Цэргээс халагдахаас сарын өмнө хэрэгт холбогдсон.
Хишигсүрэн -
Ямар хэрэгт холбогдож байсан бэ?
Даваасамбуу -
Хулгайн хэрэгт холбогдож байсан. Чех мэргэжилтэнгүүдтэй ажиллаад баахан барилгын материал алга болсон. Тэгээд тийм юм алдсан хэрэгтэй. Тэгээд тэрний хэрэгт холбогдсон манайхаас баахан цэрэг л хулгай хийсэн юм л даа. Тэр ч одоо миний буруу байсан юм даа тухайн үед. Манай ахмад, хуучин цэргүүд аль дээр үед хийгдэж эхэлсэн. Бараг хийсэн цэргүүд нь халагдаад явчихсан байсан. Олон цэрэг байсан даа. Зарим нь халагдаад явсан байсан. Тэгээд тэр хэрэгт холбогдоод би 6-н жилийн ял сонсоод 3-н жилийн ял авсан юм. 3-н жилийн ялыг нь жил суугаад гарсан. Бараг жил ч хүрээгүй байх. Тэр бол нэг талаасаа надад сургамж болсон юм шиг байгаа юм. Би тэгж л боддог. Би өглөө нар тусаагүй байхад гараад орой харанхуй болохоор орж ирдэг байсан.
Хишигсүрэн -
Тэр үед үү?
Даваасамбуу -
Тийм.
Хишигсүрэн -
Ямар ажил хийх үү?
Даваасамбуу -
Тэр оногдсон ажлаа хийх гэж өглөө гараад орой болтол ямар ч байсан тэр ажлыг дуустал хийдэг байсан. Тэгж л явсан.
Хишигсүрэн -
Оногдсон ажил юу хийж байсан бэ?
Даваасамбуу -
Байгаль орчны нөхөн сэргээх ажил хийж байсан. Ой үржүүлэх ажил хийж байсан. Тэр тухай үедээ их үнэлгээтэй л ажил байсан одоо чимээгүй болчихсон. Одоо энэ нарсны боргоцой, модны үр, хар мод байна энүүний үрээр Сэлэнгэ аймагт тусгай үрийг нь ялгаж авдаг юм байсан гэсэн. Тэрнийг тусгай экспортонд гаргадаг байсан. Тэрнийг намар 9 сараас хавар 3-р сар хүртэл түүдэг. Дандаа модны үрээр орж байж . Өдөрт 40-50 уутыг түүдэг байсан. Хавар, зун, намар болохоор дандаа газар ухаж мод уулын хаяагаар модны зай чөлөөг ухаж модны үрийг тэрэн лүү оруулдаг. Тэгэхгүй болохоор мод чинь хар хөрсөндөө шингээд ургахдаа их удаан байдаг юм байна ш дээ. Тийм болохоор хөрсийг сийрэгжүүлж, задлаж тэр модны үрийг тогтоодог тийм ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Тэнд ямар нэгэн дарамт шахалт тийм юм байх уу?
Даваасамбуу -
Тэр хорих ангид анх тийм хэсэг бий болж байсан юм билээ. Тийм баг гэх юмуу даа. Дөнгөж намайг очих үед байсан юм билээ. Би яг тэр цагт нь орсон юм. Дандаа хэсэг хөгшчүүд байсан. Хөгшчүүд ч байсан, залуучууд ч байсан. Дээд тал нь 13-н жилтэй тэгээд 10 жилтэй гээд их олон жилтэй хүмүүс байсан. Хамгийн залуу нь би байсан. Тэр дотор онцгой ажилчин нь би байсан. Намайг тэгж байгаад бараг жил хүрээгүй гаргасан даа. Ажлын хоног гэж байдаг. Тэрнийг гүйцээсэн байсан. Хорихын газрын даргын захирамжаар дээд газрын даргын даргын урамшил шагналаар гардаг байсан. Би тэрнийг нь их хурдан хугацаанд авсан. 60 хоног. Улирал болгон тэгж шагнуулж байсан.
Хишигсүрэн -
Юугаар шагнуулдаг гэнэ ээ?
Даваасамбуу -
Ажлыг хоногоосоо л....
Хишигсүрэн -
Эдлэх ялаасаа хасуулна гэсэн үг үү?
Даваасамбуу -
Газрын даргын 60 хоног гэж байсан. Хорих ангийн даргын 40 хоног гэж байлуу даа. Тэгээд нэмэгдэл хоол өгнө. Би тийм тийм юм хийж явсан.
Хишигсүрэн -
Цэрэгт байхад ямархуу байх вэ. Тэр оны ялгаа гээд янз бүрийн юм байсан уу?
Даваасамбуу -
Байлгүй яахав. Тэнд зодуулж нүдүүлж л байсан.
Хишигсүрэн -
Тэрнийг байх ёстой зүйл гэж ойлгож хүлээж авчих уу. Тэрний эсрэг тэмцээд дарга цэрэгтээ хэлж болохгүй юу?
Даваасамбуу -
Тийм юм байхгүй. Зодуулж явсан, нүдүүлж явсан, туулж л явлаа. Тэр зодож явсан хүн ч ямар сайхан байсан юм бэ, зодуулж явсан бид нар ч яасан ястай шөрмөстэй байсан юм бэ л гэж боддог байсан. Би их зодуулж явсан.
Хишигсүрэн -
Дарга нар нь зодох уу, цэргүүд нь зодох уу?
Даваасамбуу -
Ахлах хуучин цэргүүд нь зоддог байсан. Нэг цэрэг бүр “галуун цуваа” хийлгэж байгаад булчин нь зангираад эмнэлэгт очиж булчингаа таслуулсан. “Галуун цуваа”-гаар шөнөжин давхиулаад байсан чинь нэг нь явж чадахаа байгаад татаж унаад тэгсэн чинь булчин зангирчихдаг юм байна л ээш дээ .
Хишигсүрэн -
Тэд одоо ямар таашаал авдаг байсан юм бол. Та өөрөө хал цэрэг болчихоод цэргүүдийг зоддог байсан уу?
Даваасамбуу -
Мэдэхгүй. Тийм юм байна. Гэхдээ бид нар тэгж байгаагүй л дээ. Манай тэр Сономын Жамбалдорж байна ш дээ. Намайг оны нэг өөр цэрэг зодчих юм бол манай нутгийн цэргүүд чинь нийлж зоддог байсан ш дээ. Намайг нэг цэрэг зодлоо гэхэд. Жишээлбэл манай тасгийн дарга нэг хасаг байсан юм. Тэр намайг их зоддог байсан юм. Тэгсэн чинь манай нутгийн цэргүүд тэрнийг нийлж байгаад алах шахсан байсан. Нутаг усаараа их бүлэглэж зоддог байсан.
Хишигсүрэн -
Дарга нар нь мэдчихээд ямар ч арга хэмжээ авахгүй юу?
Даваасамбуу -
Авахгүй.
Хишигсүрэн -
Мэдэх үү?
Даваасамбуу -
Мэдсэн ч тоохгүй.
Хишигсүрэн -
Тэгэх ёстой юм шиг л хандах уу?
Даваасамбуу -
Тэгнэ.
Хишигсүрэн -
Та тэгээд жил орчим болоод “их айл”-аас гарч ирээд шууд энд ирсэн үү?
Даваасамбуу -
Тэгсэн. Энд миний нэг өргөмөл ах кино механикч хийдэг байсан. энд ямар ч бичиг баримтгүй л ирсэн. Энд ирээд ажилд орсон. Тэгээд дараа нь яахав бичиг баримтын баахан зөрчил гээд л яригдаад орон нутаг нь янз бүр болоод тэгээд эд нар аргалаад аваад өгсөн. Тэгээд эндэхийн хүн болсон.
Хишигсүрэн -
Анх энд ирээд ажиллахад улсуудын хандлага ямар байсан бэ. Ажилдаа хэр хурдан идээшиж дасав?
Даваасамбуу -
Ажилдаа идээшиж дасахын хувьд дассан. Хийдгээ хийгээд л байж байсан. Нэг хэсэг жаахан гадуурхаж байсан. Надаас өөр шоронгоос гарч ирсэн шоронгын хүмүүс зөндөө байсан л даа.
Хишигсүрэн -
Энд үү?
Даваасамбуу -
Тийм. Шоронгын хүмүүс гээд нэг хэсэг хүмүүсийг гадуурхдаг л байсан. Намайг ч гэсэн гадуурхаж байсан. Манай ах энд байж байгаад Сөгнөгөр лүү яваад өгсөн юм.
Хишигсүрэн -
Хэдэн онд ирсэн гэсэн үгүү?
Даваасамбуу -
1980 онд ирсэн юм. 1981 онд ирсэн юм байна. 1981 оны сүүлээр манай тэр ах 12 сард шилжээд явсан би энд үлдсэн. 1982 оны үед манай энэ авгай илгээлтээр ноггочин гээд ирсэн. Тэгээд бид 2 суусан.
Хишигсүрэн -
Тэр гадуурхаж байна гэдэг нь ямар байдлаар яаж илрэх үү?
Даваасамбуу -
Шоронгын улсууд гээд нэг хэсэг хүмүүс зан гаргадаг байсан л даа. Нэгдүгээрт шоронд байсныг нь мэддэг. Хоёрдугаарт ганц би биш хэд хэдэн хүн байсан юм. Тэгээд би ярихгүй байсан ч гэсэн нөгөө хүмүүс нь архи уугаад тийм юмаа ярьдаг байсан учраас тэр энэ гэж ярьдаг байсан байх. Тэгээд тэр хүмүүс нь байхгүй болоод тэгсэн ч юмуу. 1990 оноос хойш чимээгүй болсондоо. 1990 ч бишээ 1995 оноос тийм үг дугардаггүй болсон доо. Одоо ч бараг тийм хүн алга даа.
Хишигсүрэн -
Яагаад олноороо энд байсан юм бол?
Даваасамбуу -
Яахав дээ энд гараад аав ээж нь ч байсан. Аав ээж дээрээ ирсэн улсууд ч байлаа. Орон нутгуудынх ч байсан.
Хишигсүрэн -
Энэ амралт таныг ирэхэд байгуулагдаад хэдэн жил болсон байсан бэ?
Даваасамбуу -
1946 онд байгуулагдсан амралт гэдэг ш дээ. Тэгээд 1980 он гэхээр хэдэн жил болж байсан юм байгаа юм бэ.
Хишигсүрэн -
Ирээд та ямар ажил хийдэг байсан юм бэ?
Даваасамбуу -
Би ирээд шууд одоо юу гэж хэлэх юм бэ дээ. Тэр үед чинь ийм л орон тоо байсан юм. Радио узельчин гэж орон тоо байсан юм. Одоо энэ бүх амрагчдын байранд шугамын радио тавьж ажиллуулна. Тэрнийгээ байнга ажиллуулна. Гадаа “цагаан хоолой” тавьсан тэрнийг ажиллуулна. Өглөө 6-н цагт босоод асаагаад орой 11-н цагт унтраадаг байсан. Өдөржин тэрний хэвийн ажиллагааг хангана. Дээр нь амрагчдыг чөлөөт тоглоомоор тоглуулдаг байсан. Теннис тоглоно, бильяард тоглоно. Кино гарахад киноны механикч хийнэ. Тийм ажил хийж байсан. Тэр үед миний цалинг 400 төгрөг байсан. Багагүй цалин байсан.
Хишигсүрэн -
Энд ирээд гэр орон чинь хаана байрлаж байсан бэ?
Даваасамбуу -
Ахындаа байрлаж байсан.
Хишигсүрэн -
Тэр нь ажилчдын орон сууцанд байх уу?
Даваасамбуу -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд танай эхнэр жилийн дараа ирсэн юмуу?
Даваасамбуу -
Тийм. Авгай минь 1982 оны 4-р сард Монголын Үйлдвэрчиний Төв Зөвлөлийн илгээлтээр ногоочин гэж ирж байсан юм. Амралтанд туслах аж ахуй байгуулна гэж Төв Зөвлөлийн илгээлтээр хэдэн хүн ирсэн. Манай хүн ирээд амралтанд ажилласан. Тэгээд ажил хийж байгаад 1982 оны сүүлээр танилцаад суусан юм. Тийм л түүхтэй.
Хишигсүрэн -
Энэ амралтандаа ямар ямар ажил хийж байв. Үе үеийн дарга нар, хамт олон янз бүрийн хүмүүс солигдоод л...энэ хүмүүсийн харилцаа, хүмүүсийн ажил ер нь яаж өөрчлөгдөв өө?
Даваасамбуу -
Тэгэхдээ бол би яахав 1981 оны 4-н сарын хэдэнд ч билүү ажилд орсон. Тэгээд яахав жил гаруй тоглоомны ажил хийж байгаад. 5-6 жил кино механикчийн ажил хийсэн. Кино механикчийн ажил хийх хооронд давхар олон ажил хийж байсан. Кино механикч, клубын эрхлэгч, номын санч гэсэн ажлуудыг давхар хийж байсан. За тэгээд мөнгө хөрөнгөний холбогдолтой янз бүрийн тооцоонд гайгүй юм байна гээд намайг аж ахуйн нярав хийлгэсэн.
Хишигсүрэн -
Хэдэн оноос вэ?
Даваасамбуу -
Хэдэн оноос билээ байз 1983 оноос 1986 оныг дуустал 3-н жил аж ахуйн нярав хийсэн. Тэгээд дууссан юм. Тэр яахав даргатайгаа тэмцэлдээд тэр ажлыг хийхгүй болье халагдъя гэж ажлаа хийхгүй гарахаар болоод тэр ажлыг өгсөн. Тэгсэн чинь манайхны зарим хүмүүс Самбууг ажлаас нь гаргахгүй авч үлдэнэ гэж зүтгээд буцааж намайг талхчингаар авсан. Тэгээд талхчны ажлыг 10 гаруй жил хийсэн. Энэ хавийн ард түмнийг бүгдийг нь талхаар хангадаг байсан. Зун болохоор сангийн аж ахуйн 2 фермийг талхаар хангадаг, ажилчдаа хангадаг. 400-500 хүн хангагддаг байсан. Ёстой өглөө харанхуйгаас оройны харанхуй болтол ажиллаж байсан. Тэгж ажиллаж байж төрийн шагнал авсан. Сумын аварга 2-3 удаа болсон. Үйлдвэрчиний Төв Зөвлөлийн аварга болж байсан. Байгууллагын аварга болж байсан. Энэ медалийг авсан.
Хишигсүрэн -
Хэдэн онд авсан бэ?
Даваасамбуу -
1986 онд юмуу даа улс хувьсгалын 60–н жилийн ойгоор авч байсан. Тийм л юм болсон юм.
Хишигсүрэн -
Энд байсан хүмүүс таныг ажлаа сайн хийдэг болохоор чинь их сайн ханддаг байсан байна ш дээ тийм үү?
Даваасамбуу -
Ярих юм байхгүй.
Хишигсүрэн -
Даргатайгаа муудалцаад ажлаа өгч байхад нь буцаагаад авсан байна ш дээ тиймээ.
Даваасамбуу -
Тэрнээс гадна намайг Оросын Холбооны улсад 21 хоног аялсан. Яг тэр үед Монголын Үйлдвэрчинйи Төв Зөвлөлийн дарга ирээд танай хамт олноос нэг хүнийг Оросын Холбооны Улсад явуулна. Хамт олноосоо тодорхойл гэсэн. Хамт олон хуралдаад нэргүй хуудсаар санал хураасан тэгэхэд миний нэрийг тодруулсан. Төрийн шагнал авахад ч ялгаагүй тэгж нууц санал хураалтаар тодруулсан. Бас тэгж хураасан бас би гарсан. Ер нь хамт олон бол надад итгэдэг. Ер нь манай хамт олон дунд муу хүн байхгүй дээ. Манай аав 1983 онд Увсад нас барсан юм. Аав нас барахад тэр үед ямар утас байх биш. Ах шөнө гүйж ирж хэлсэн. Тэгээд маргааш өглөө онгоцны буудал дээр очоод явъя гэж хэлсэн. Тэгээд би шөнө гүйж очоод даргадаа хэлээд ийм юм боллоо гэсэн. Дарга маргааш өглөө нь тушаал гаргаад буцалтгүй тусламж гээд 350 төгрөг өгч байл уу даа. Тэр үед онгоцны зардал 303 төгрөг байсан. Буцалтгүй тусламж 350 төгрөг өгөөд бүх хүмүүсээс мөнгө цуглуулаад дахиад 300-400 төгрөг өгч байсан юм. 2 талын зардал өгч байсан. Тэгээд миний амралтын мөнгийг бодоод өгч байсан. Тэгээд яахав авгайн ах дүү нар баахан мөнгө цуглуулаад их сайхан санагдаж байсан. Хамт олон сайхан л юм билээ. Надад нэг тийм зовлон тохиолдож хамт олон туслаж байлаа. Дараа нь нэг банди маань эндэж байсан. Энэ том охины дараа нэг банди байсан юм. Надад уг нь 2 охин 2 банди байх байсан. Тэр банди маань баахан өвчин зовлон тусаад их эмнэлгээр явсан. Тэгээд хотод өнгөрсөн. Бас манай эндээс баахан машин тэрэг, хөрөнгө мөнгө гаргаж тусалсан. Ядарч зовж байгаа үед хамт олон шиг сайхан юм байдаггүй юм байна. Тэгээд зах зээлд орсон. Зах зээлд ороход жаахан хүндхэн болсон. Би зах зээлд орж байхад ядраагүй. Яагаад гэвэл танай цаад талд том зоорь байна. Тэр том зоорий хариуцдаг эзэн байлаа. 120 тн төмстэй хүлээж авч байлаа. Тэрүүгээр нь би талх барьдаг байлаа. Картны гурилтай байлаа. Би гурил хайдаггүй байлаа. Тэрүүгээр талхи барьдаг байлаа. Айлууд гурил хайгаад явж байхад талхины гурил гээд миний складанд хураалттай байдаг байлаа. Би сүүлийн үед боддог юм.
Хишигсүрэн -
Тэр зоорь тухайн үедээ танай амралтны зоорь байсан юмуу?
Даваасамбуу -
Одоо ч гэсэн надад түлхүүр нь байна ш дээ. Надад байж байгаа өөр авах юм байхгүй. Хоосон байгаа. Амралт хааж байхад зах зээлд орж байхад яг 120 тн төмстэй би хүлээж авч байлаа. Сангийн аж ахуй дампуураад манай амралт 120 тн төмс худалдаж авч байсан. Тэр хавар Улаанбаатар төмсгүй. Юу ч төмс байхгүй байхад манай зооринд чиргүүлтэй гучууд очерлож ирээд ачиж байсан.
Хишигсүрэн -
Хэдэн онд вэ?
Даваасамбуу -
1990 онд юмуу даа. 1991 онд ч юмуу.
Хишигсүрэн -
Та наашаа ээжийгээ хэзээ татаж авч ирсэн юм бэ?
Даваасамбуу -
Танайх чинь энд хэзээ ирсэн юм бэ?
Хишигсүрэн -
1998 онд ирсэн.
Даваасамбуу -
1995 онд ирсэн юм болов уу тэр хавьцаа л ирсэн. Гэрийг нь авч ирэлгүй би удсан ш дээ. Танай машины талд заримыг нь дайгаад. Өөр машинд талыг нь дайгаад авч ирсэн ш дээ.
Хишигсүрэн -
Тэгвэл та ажил дээр газарддагүй байсан юм байна ш дээ. Ажлаа сайн хийдэг улсууд их сайн ханддаг байсан байна. Энд та 20 гаран жил болж байна ш дээ. Энд байгаль орчин нөхцөл яаж өөрчлөгдөж байна. Энэ байгаль экологид гарч байгаа өөрчлөлтөнд юу мэдрэгдэж байна.
Даваасамбуу -
Байна байна их өөрлөлт мэдрэгдэж байна. Дэлхийн ахуй байршил ган ман болж байна гэж яриад ч юмуу. Ер нь айхавтар мэдрэгдэж байна.
Хишигсүрэн -
Жишээ нь яаж мэдрэгдэж байна вэ?
Даваасамбуу -
Жишээ нь энэ голын бургас гэхэд л байхгүй. Би жишээлбэл тэр зоорийг галладаг байлаа ш дээ. Өглөө зоорио галлаад орой ирж байхад голын хажуугаар битүү бургас байдаг байсан юм. Тэр нэгдүгээрт хуурайшилт гантай холбоотой ус чийг багассанаас болж байна. Хоёрдугаарт малнаас болж байна. Тэр үед чинь хэсэг аймаар зуд болоход 53-ын айлуудын мал тэр бургас руу авираад хугалаад хугалаад идчихсэн ш дээ. Тэгээд доороос нь түлээ түлш гэж бэл бэнчин муутай айлууд чинь хугалаж түлнэ. Ингэсээр байгаад голын бургас дууссан. Ингээд наашлахаар хүний гар хүрдэггүй хэсэгт ч гэсэн голын бургасууд сүйдсэн. Энэ нь говийнх шиг цөлжиж байгаатай холбоотой байх. Яагаа ч үгүй байхад сууриараар мулт мулт үсрээд уначихсан. Аймаар гоё бургас байдаг байсан ш дээ. Уулын энгэр мод нь манайхаар хэлэхэд харгай бас аймаар гоё хар моднууд байдаг байсан ш дээ. Бас байхгүй болж байна. Жинхэнэ цөлжилт байгалийн хуурайшилт явагдаж байна уу гэдэг нь мэдэгдэж байна. Тэгэхэдээ уул голын эхээр их мод хийлээ л дээ. Ганцхан ардчилал зах зээлд орсоноос хойш ч мод хийсэн юм биш тэрнээс хойш ч хийсэн л юм билээ л дээ. Яахав моднуудын нэг хэсгийг дай идсэн ч гэсэн. Нэг хэсэг 2000-2005, 2007 онуудад модыг их муухай сүйтэгсэн ш дээ. Тэр палкны мод гэж юм бэлдээд л. Тэр нь яахав тухайн үед хүн идэх ёстой юмаа идэх ёстой гэдэг талаас нь сүйтгэсэн.
Хишигсүрэн -
Хорио цээр хяналт тавьдаг юм байхгүй юу?
Даваасамбуу -
Байхгүй. Байсан ч гэсэн тэрнийгээ тоодоггүй. Тэд нартай нийлээд хувааж иддэг ч юмуу яадаг ч юм бэ. Хэлэх ч хүн байдаггүй. Шийдэх ч хүн байдаггүй. Харин ноднингоос хойш овоо болоод байх шиг байна. Тэгсэн хэрнээ л хулгай хийгээд ачаад яваад байх юм байна ш дээ. Тэр залуу сайхан танхил модыг нь хайрлаж болох юм. Бүр ялзраад өмхрөөд унах гэж байгаа, доороо горзойгоод хатчихсан хөх модыг нь хийж байж болох юм шиг бодогдох юм. Ажил бол зөндөө л байна. Энэ бүгдийг нь хүн мэддэг ч юмуу даа. Ургамал ч ялгаагүй. Эмийн ургамал гээд байдаг. Тэрний гол голыг нь хүмүүс түүгээд байдаг дуулдах юм. Улаан номонд орсон ургамал гэж байдаг гэсэн.
Хишигсүрэн -
Ямар ургамал вэ?
Даваасамбуу -
Цээнийн цэцэг гээд байдаг. Тэр чинь энд байдаг гэсэн. Тэр чинь барагтай түүж болдоггүй ургамал гэсэн. Намарын сүүл сард түүдэг ургамал гэсэн. Тэрнийг чинь бараг хаврын сүүл сар, зун л түүчих юм. Түүдэг хүмүүс нь түүгээд л бараг архины үнэнээс тамхины үнэнээс л зарчих юм. Жишээ нь тийм юм байж л байна.
Хишигсүрэн -
Таньд хамгийн дурсгалтай зүйл гэж юу байна. Миний ойгосноор медаль байх шиг байна. Их тийм дурсгалтай эд зүйл юу байна. Тийм юм байна уу?
Даваасамбуу -
Тэр юм даа. Манай яамны шагнал бий л дээ. Яам ч гэж дээ газрын шагнал бий л дээ. Би оруулж ирж үзүүлье диплом энэ тэртэйгээ байгаа л даа.
Хишигсүрэн -
Тэд нарыг үзье. Олон удаагийн аварга болж байсан тэр бичиг юмнуудыг үзье. Ер нь танай амралтан дээр ажиллаж байсан улсууд дарга нарын харилцаа, ажличдын харилцаа Социализмын үед ямар байсан бэ. Социализмын дараа ер нь яаж өөрчлөгдөв өө ?
Даваасамбуу -
Нэг хэсэг гарсан. Нөгөө Ардчилсан Холбоо, ардчилал гэж байхад нэг хэсэг манайд мандсан. Нэгдэлийн дарга байсан хөгшин манай амралтын даргаар ирсэн. Энэ амралтыг чинь хувьчлуулахгүй гэж их үздэг байсан. Төрийн Өмчийн Хороо гэж анх тэр үед байгуулагдаж байсан. Тэгсэн чинь манай энэдхийн хүмүүс чинь тэр үед тийм юм гарч ирсэн гээд нэг хэсэг тэрнийг уриалаад Ху намын үзлээр бид нар хэтэрхий дээрэлхүүлж доромжуулж амьдарч байна гээд л. Бид нарын цалинг хасаад юм хум хэцүүдээд л. Тэгээд Ардчилсан Холбоонд бас элссэн. Тэгэхэд амралтан дотор....бас ажил хийж байгаа хүнээс би л ганцаараа байсан даа. Бусад нь дандаа ажилгүй хүмүүс байсан. Дандаа амралтын эсрэг тэмцдэг байсан. Ажил хийж байгаагаас би явдаг. Ажил хийдэггүй хүмүүс нь дандаа тэнд хуралдаад л амралтын дарга нарыг огцоруулна, амрлтын жолооч нарыг хусуулна. Ажил хийхгүй цалин явч байна. Тийм хүмүүс машин унаж давхиж байна гээд маш их шүүмжилдэг байсан. Би нөгөөдөхийг нь сонсоно. Тэд нар бүгд архи ууна. За бүгдээрээ амралтын даргын шууд дайръя маргааш хусна шүү, мэдэгдэл өгнө шүү. Монголын Ардчилсан Холбооноос тэргүүлэгч авч ирж сонгоно гэнэ. Тэр үед чинь Монголын Ардчилсан Холбооны тэргүүлэгч гэж хэдэн хүмүүс байсан юм шиг байгаа юм. Тэрэн дээр мэдэгдэл өгөөд хүмүүс ирдэг байсан юм. Эсвэл авч ирдэг байсан. Ирээд хурал хийдэг. Цугладаг байсан. Тэгээд манайд очиж хоол иднэ. Хэцүү байсан тэр үед. Тэгээд манай нэг хэсэг хүмүүс намайг загнана. Чи буруу хүмүүстэй нийлж энэ амралтын газрын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Өө бид чинь амралтын газрын үүдэн дээр цуглаж аваад амралтын газрыг хусна цуглаан хийнэ гээд эсэн бусын юм хийдэг хэцүү байсан.
Хишигсүрэн -
Та яагаад элсчихсэн юм бэ?
Даваасамбуу -
Би ч яахав үзэл бодлоороо л байсан л даа. Хөтөлбөрийг нь үзээд тэмцсэн. Хүмүүсийн цалингаас өгсүүлдээ ижил биш....
Хишигсүрэн -
Шударга бус юм байна гэж үзсэн байна тийм ээ?
Даваасамбуу -
Шударга биш байдал байна. Хөдөлмөрийн хуулинаас өгсүүлээд л. 00 хариуцдаг байсан хүнд 00-ын нэмэгдэл байна гэж байсан. Хөдөлмөрийн хууль чинь....манайх чинь жижүүр нь 24-н цагаар ажиллаж байсан. Шөнийн ажилчид шөнө гарч байгаа тэр 12 цагийг нь яах уу өдрийн 12 цагийг нь яах уу гээд. Шөнийн нөхцөлд хөдөлмөрийн хөлс өөр байх ёстой. Хөдөлмөрийн нөхцөл ямар байх уу, ажлын хөлс ямар байх уу, амралтын мөнгө яаж олгох уу. Жишээ нь хуулиар нягтлаад ирэхээр чинь нөгөө Үндсэн хууль Ардчилсан Холбоо гэдэг чинь жишээ нь иймэрхүү юмны ялгааг гаргаад ярьдаг байхгүй юу. Цалин мөнгөний ялгаа гээд л ярьж гарч байгаа байхгүй юу. Тэгээд тийм юман дээр ярихаар чинь нэг бодлын ойлголт байна. Тэгэхэдээ надад бол нээх их буруу юм байгаагүй л дээ. Тэгээд надад амралтын дарга нар ч хэлдэг байсан. Нөгөө ажилгүй хүмүүс ч хэлдэг байсан. Их л эвгүй хэцүү байсан.
Хишигсүрэн -
Ардчилсан Холбооны үйл ажиллагаа....
Даваасамбуу -
Тийм Ардчилсан Холбооны үйл ажиллагаа. Зөв ч юмуу буруу ч юмуу албан газрын юмыг чинь хүчээр буулгах хэцүү л юм билээ. Тэгээд аймгийн Ардчилсан Холбооноос урьж авч ирж байлаа. Амралтын даргыг чинь ажлаас халах, огцруулах санаачлага гараад нэг хэсэг бөөн юм болж байсан юм. Одоо тэрний тухай түүхэн ном байдаг. Манай амралтын дарга тэрнийг бичээд далд хийчихсэн байсан. Сүүлийн үеийн дарга нарын үйл ажиллагааны тухай их сонирхолтой юм билээ.
Хишигсүрэн -
Үзье байна уу?
Даваасамбуу -
/ярилцагч инээв/. Тэр бол надад их сонирхолтой дурсаж явахад зүгээр. Дарга нар ч харж явахад.
Хишигсүрэн -
Ямар учиртай ном юм бэ?
Даваасамбуу -
Яахав дээ. Амралтан дээр ардчилал болсон үйл явдлыг протколдоод л бичиж байсан. Өдөр өдрийн хурлын тухай. Энэ ингэж байна тэр тэгж байна гээд бичсэн байсан.
Хишигсүрэн -
Тэрнийг би үзэж болох уу, зургийг нь авъя ?
Даваасамбуу -
Тэрэнд зураг байхгүй. Том хавтастай л юм байна.
Хишигсүрэн -
Хавтасных нь гадна талаас харъя л даа?
Даваасамбуу -
Зузаан ном байхгүй юу. Тэр дүүртэл 2 жил болсон.
Хишигсүрэн -
Нилээн тэмцэл болсон байна. Үр дүнд нь юу болов оо ?
Даваасамбуу -
Би ч яахав тэгээд л...
Хишигсүрэн -
Даргаа сольсон уу?
Даваасамбуу -
Даргаа солиогүй. Гэхдээ тэр юу л даа. Ардчилал гарч ирэнгүүт Монголын Үйлдвэрчиний Төв Зөвлөлөөс манайх гараад явчихаж байгаа байхгүй юу. Улсаас төсөв өгөхөө больсон. Хаана ч харъяалалгүй болж байгаа байхгүй юу. Тэгээд манайх хувийн өөрийн туслах аж ахуйтай байсан тулдаа 2 жил бараг өөрийнхөө амралтын дааж ажилуулсан. Энэ хооронд тэр даргын юм их болсон. Тэгээд тэр хүн зайгаа аваад алга болсон. Тэгэхэдээ тэр хүн амралтыг хувьчлуулахгүй гэж их тэмцэсэн. Тэгээд тэмцэх явдалд би төрийн ордонд орлоо. Намайг дагуулаад орчихсон.
Хишигсүрэн -
Тэр дарга уу?
Даваасамбуу -
Тийм. Энэ амралтыг хувьчлуулахгүй нэг ажилчин нь энэ гээд. Тэр амралтны Шарав гээд хөгшин энэ бид хоёрыг дагуулаад. Бид гурав шууд төрийн саарал байшинд орсон. Тэр чинь томилолт аваад очиход шууд оруулдаг юм билээ ш д. Тэгээд тэр ямар учиртай орсон гэхээр. Энэ амралтыг эхний нэг жил эзэнгүй явж байхад нь Спортын Төв Хороо, Олимын Хороо авсан юм билээ. Тэгээд баахан бөхчүүд, тамирчид авч ирж амраасан юм. Тэд нар чинь ёстой хоолны “мангас” юм билээ. Баахан юм шавчихсан. Тэд нар ёстой амралтыг будаа болгосон. Тэд нар хөрөнгө төгрөг хандив тусламж юу ч өгөөгүй. Тэрнийг хэн мэдэхэв дээ тэр баримт санхүүг нь мэдэх биш өгсөн ч юмуу өгөөгүй ч юмуу. Тэгээд болохоо байлаа. Хөрөнгө мөнгө, мал ахуй дуусах нь одоо жинхэнэ төрд хандъя гэсэн. Төрд яаж хандсан гэхээр Монголын Ахмадын Холбоонд хандсан. Монгол Ахмад Холбооны дарга Цэвээн гэж хүн байсан юм. Буриад хөгшин байсан. Хуучин дээр үед Эрдэнэтийн дарга байсан юм билээ ш дээ. Тэр хүнд хандсан. Тэр хүн хүлээж авсан юм билээ. Тэгсэн тэр хүн яг манай амралтанд ирж үзэж хараад тэгээд тэр хүн бид нарыг дагуулаад тэгсэн юм билээ. Та нар төлөөлөгч коммис гаргаад хүрээд ир гэсэн. Тэгээд Монгол Ахмадын Холбооны дарга Цэвээн гуайг дагууд саарал байшинд, төрийн ордонд 2-р давхарт орж байсан. Тэгээд оронгуутаа Төрийн Өмчийн Хорооныхон дээр дагуулж ороод Цэвээн гуай манай амралтыг авч ахмадын амралт болгое гэж Монголын Ахмадын амралт болгосон түүхтэй.
Хишигсүрэн -
Өмнө нь хаанахын харъяаны амралт байсан юм бэ. Үйлдвэрчиний Зөвлөлийн Харъяа нийтийн амралт байсан юмуу?
Даваасамбуу -
Тийм нийтийн амралт байсан. Яг тэр үеэс түүх эхэлсэн.
Хишигсүрэн -
Тэр чинь хэдэн он бэ?
Даваасамбуу -
1995-1996 он юм болов уу даа.
Хишигсүрэн -
Тэгээд одоо хүртэл танай амралт хувьчлагдаагүй тийм ээ?
Даваасамбуу -
Хувьчлагдаагүй. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийг Хүртэл Монголын Ахмадын амралт болоод явж байна. Тэгээд тэр үед Хөдөлмөрийн яам гэж байл уу тэрний харъяанд байж байгаад. Хөдөлмөрийн яам чинь дараа нь Эрүүл мэндийн яамтай нэгдсэн билүү. Тэгээд тэрнээс хойш явж л байгаа даа.
Хишигсүрэн -
Ардчилсан Холбооны хурал болдог байсан проткол чинь л сонин юм байна даа. Ардчилсан хувьсгал яллаа гэж ярьж байна. 1990 оноос өмнөх амьдрал 1990 оноос хойших амьдрал гээд ялгаад үзэхээр ямархуу юм бодогдож байх юм бэ. Ер нь энэ ардчиллын ололт гэж таны амьдралд юу нэмэгдсэн вэ. Та бүр Ардчилсан Холбооны гишүүн ч байлаа.
Даваасамбуу -
Одоо надад үнэмлэх гээд бүх юм нь байсан юм хаана явна. Тэр битгий хэл Ардчилсан Холбооноос “Чингис” өгчих л юм нэг хүн ярьсан.
Хишигсүрэн -
Чингисийн одон уу?
Даваасамбуу -
Тийм.
Хишигсүрэн -
Та хэдэн онд Ардчилсан Холбоонд элссэн гэсэн үг вэ?
Даваасамбуу -
Би 1993 онд элссэн.
Хишигсүрэн -
Тэр ардчиллын үр дүнд хувийн амьдралд гарсан өөрчлөлт гэж юм асуулаа ш дээ. Тэр талаар таньд бодогдож байгаа юм юу байна вэ?
Даваасамбуу -
Тэр ч яахав дээ. Ардчилал гэдэг дээр хүн хувиасаа хэлэх ярих эрхтэй болсон. Хоёрдугаарт хувиараа хөдөлмөр эрхлэх бүрэн чөлөөтэй болсон юмуу даа л гэж боддог ш дээ. Тэр нь бид нарын амьдралд нөлөө үзүүлж байна. Хувийн мал, ахуй, сүү эд нарт ашиг ноогдол өгдөггүй. Чөлөөтэй болчихлоо. Сүү, махаа чөлөөтэй борлуулж цаашаа олсон ашгаа чөлөөтэй боловсруулж өөртэй хэрэглэх тэрүүгээрээ юу ч хийж болох болсон л гэж боддог. Тэгээд яахав хэвлэл, радио телевизид би өөрийнхөө бодсон юмаа хэлж болно.
Хишигсүрэн -
За өнөөдрийн яриагаа 2-уулаа дуусгая. Маргааш үргэлжүүлье
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.