Davaasambuu
![](../assets/images/interviewees/990074.jpg)
Basic information
Interviewee ID: 990074
Name: Davaasambuu
Parent's name: Ööldöh
Ovog: Achit
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: НХХЯ-ны харьяа “Тарни” амралтын наряв
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Mandal sum sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
new technologies
military
authority
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
forestation
prison
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Өнөөдөр Даваасамбуу гуай бид 2-ын хоёрдох ярилцлага эхлэж байна. Барилгын цэргийн анги дээр байсан Чехийн барилгын мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан. Чехийн барилгын мэргэжилтнүүдийн шинэ техник төхөөрөмж дээр ажиллаж сурсан тухайгаа яръя гэж байна. Тэгэхээр яг ямар шинэ тоног төхөөрөмж оруулж ирж байсан юм бэ. Таны ажиллаж байсан барилгууд хаана байсан бэ?
Даваасамбуу -
Би тэр заслын хэсэгт биеээ дайчлаагүй л дээ. Гэхдээ би их гоё юман дээр ажиллаж байсан юм билээ.
Хишигсүрэн -
Цэрэгт тийм ээ?
Даваасамбуу -
Тийм цэрэгт. Гагнуур, сантехникийн ажил дээр Чех мэргэжилтнүүдтэй ажиллаж байсан. Их гоё гоё нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүд байсан. Дагалдаж 12 сар хүртэл ажиллаад тэрнээс хойш ажиллаж чадаагүй Одоо тэр ажлын нэг бол гутлын үйлдвэр гэж барьж байсан. Гутлын үйлдвэрийн, үйлдвэрийн барилгыг барьж байсан. Тэгэхэд бол үйлдвэрийн яахав үйлдвэрийн барилгуудын суурь фундаментыг нь нүсэр тавьлдаг юм билээ ш дээ. Бараг 2-3 сар хийдэг юм билээ. Цэрэгт анх удаа л мэргэжилтэнгүүдтэй ажиллаж байгаа юм чинь сурах юм ихтэй л юм билээ.
Хишигсүрэн -
Хэдэн мэргэжилтэн байсан бэ?
Даваасамбуу -
Тэнд 20-30 хүн байсан байх. Салбар болгон дээр нэг хүн байсан. Цаана инженер техникийн хүмүүс зөндөө байгаа ш дээ. Бид нар чинь хороо цэрэг гэхэд 100 гаруй цэрэг байдаг. Нэг тасаг 15-н цэрэгтэй. Нэг тасгийг нэг мэргэжилтэн дааж авч ажиллуулдаг байхгүй юу. Нэг нь зуурмаг, нэг нь арматр, нөгөө нь сантехник, цахилгаан гээд бүгд дээр нь ажилладаг байсан.
Хишигсүрэн -
Яг ямар машин тоног төхөөрөмж авч ирдэг байсан бэ?
Даваасамбуу -
Тоног төхөөрөмж гэхээр чинь одоо хэрэглэж байгаа гагнуурын аппарат эд нар байна. Орон орных өөр байдаг юм билээ. Юм хийж байгаа хүмүүс өөрийнхөө орны юмыг л оруулж ирдэг.
Хишигсүрэн -
Чех мэргэжилтнүүдийн цэргүүдтэй харилцаж байгаа харилцаа, Монгол дарга нарын харилцаанаас ялгаатай юу.
Даваасамбуу -
Тэр яхав гадаад хүмүүс бид нарт муухай зан харилцаа гаргахгүй л дээ. Арай л өөр л дээ. Бид нар хэл мэдэхгүй. Бид нарт дохио зангаагаар зааж өгнө. Тэрүүгээр нь хийхгүй бол өшиглөнө. Гутал хувцас нь аймаар ш дээ. Ул өсгий нь тийм ажлын гутал байна ш дээ. Зарим нь тэгдэг л юм. Зарим нь тоглож наадаад л их найрсаг байсан л даа. Бид нар цэрэг юм болохоор тэр юмуу найрсаг л байсан. Тэр үед бид нар чинь бохь гэж мэддэггүй байлаа ш дээ. Орос дэлгүүрээс л олдоно уу гэхээс биш бид нар олдохгүй ш дээ. Нормтой байсан байх. Хааяа хааяа бид нарт өгдөг байсан юм. Янз бүр, байна хавтгай байна, янжуур тамхи шиг байна. Тэр үед их гайхдаг байсан. Өөрсдөө бол нормын хувцас хоолтой байсан.
Хишигсүрэн -
Тэр Чехүүд хэдэн жил хэдий хугацаанд байсан бэ?
Даваасамбуу -
Миний мэдэхийн 3-н жил. Бид нараас урд ирсэн байсан. 5 жил болсон байхаа даа. Энэ үйлдвэрүүдийг бол бүгдийг нь барьсан гэсэн. Яг барьж байгаа юуг нь нарийн шалгаж авдаг юм билээ. Мэргэжилтэнүүдэд юмаа үзүүлдэг нарийн шалгаж авдаг юм билээ. Тусгай машинд бетон зуураад би дандаа суурь цутгаж байгаа юм чинь. Тэрнийг бол маш нарийн шалгана. Машинаар ачаад ирэхэд нь буулгахаас урд цементийг нь шалгаж байгаа юм. Тэр зуурмагыг мэргэжлтнүүд шалгана. Тэр арматутын төмөр эд нарыг нарийн шалгаж авдаг улсууд байна лээ. Манай сантехникийн юмнууд дандаа хойноос ирдэг байсан. Вагоноор ирээд авдаг байсан. Техникийн бааз гэдэг дээр бууна бид нар бас тэндээс нь буулгаж зөөж авч ирдэг байсан. Гоё гоё юм ирдэг байсан. Тийм л юман дээр л ажиллаж байлаа.
Хишигсүрэн -
Цэрэгт байхдаа та барилгын цэргийн анги дээр л байсан уу?
Даваасамбуу -
Тийм. Барилгын цэрэгт 3-н жил болсон.
Хишигсүрэн -
Таны цэргийн алба хааж байх үеийн барилгын цэргийн анги аж үйлдвэрийн комбинат, гутлын үйлдвэр эд нарыг барихаасаа гадна ямар барилгууд дээр ажиллаж байсан бэ?
Даваасамбуу -
Миний ажиллаж байсан барилга гэхээр арьс ширний үйлдвэр, гутлын үйлдвэр, шеврогын үйлдвэр дээр ажиллаж байсан. Сүүлдээ тэр нь юу болсон юм бэ бүү мэд. Тэрнээс гадна архи пивоны үйлдвэр дээр ажиллаж байсан юм. Болгарууд архи, пивоны үйлдвэрийн өргөтгөлийг барьж байсан. Тэрнээс гадна одоогийн Леннины музейг манайх барьж байсан юм. Их өндөр барилга барьж байсан Гадаад Худалдааны...
Хишигсүрэн -
Аж үйлдвэрийн танхим....
Даваасамбуу -
Уул нь тэр чинь Гадаад Худалдааны Яам гэж байсан. Худалдааны яам байхаа.
Хишигсүрэн -
Гадаад Худалдааны Яам.
Даваасамбуу -
Тийм бид нар худалдааны яам гэж яриад байдаг байсан. Тэр бас Чехүүдийн барилга. Их сайхан барилгууд барьж байсан. Тэгэхдээ тэрэн дээр би их удаан ажиллаагүй ээ. 2-3 сар л ажилласан байх. Энэ үйлдвэрийн барилгууд дээр л жинхэнэ ажилласан.
Хишигсүрэн -
Та нар яг тэр барилга барьж байгаа газраа байрладаг байсан юмуу өглөө ирээд орой буцдаг байсан юмуу?
Даваасамбуу -
Өглөө очиж ажиллана. Өдөр, орой тэнд нь хоол хийж өгнө. Тэгээд өдөр, орой хоолоо идчихээд орой болтол ажиллаад 5-н цагт буугаад цэргийн ангируугаа явна. Өглөө машинаар авч ирээд орой машинаар аваад явна.
Хишигсүрэн -
Та хэрэг төвөгт орооцолдохдоо цэргээсээ явсан юмуу, халагдаж байх үедээ юу?
Даваасамбуу -
Цэргээсээ явсан юм. Тэр үед би мэдээ ч үгүй юм. Барилгын...янз бүрийн юм л болсон доо. Олон ч цэрэг хийсэн. Баригдсан ганц нэг нь л явсан юм. 2,3 цэрэг явсан. 2-3 жил авсан. Жаахан төлбөр гарсан тэр юм нь агуулахаас алга болсон юмуу жаахан жаахан л юм байсан. Тэрнийгээ аймгийн шүүх, прокуророор дамжуулаад манай аав ээжээс очоод авсан байна лээ. Тэгээд энд нь надад ял өгөөд тэгээд би жил гаран суугаад гарсан.
Хишигсүрэн -
Тухайн үеийн цэргийн шүүх хурал ямар хуу байдалтай болж байсан бэ?
Даваасамбуу -
Тэр ч....
Хишигсүрэн -
Юу гэж асуугаад байна гэхээр их олон хүн холбоотой байж байгаад тухайн үедээ олдсон, баригдсан, байсан гэсэн хүмүүсийг аваад яасан байна ш дээ тийм ээ...
Даваасамбуу -
Тэр чинь анх ингэж эхлсэн юм. Намайг барилга дээр ажил хийж байсан чинь нэг энгийн хувцастай хүн ирээд аваад явсан. Яасан гэсэн чинь....манаач нь л хэлсэн юм билээ л дээ. Ийм цэрэг явж байсан гээд. Тэгээд тэр нь очоод намайг энгийн хувцастай хүн аваад явсан. Би цагдаа гэж мэдээгүй. Тэгсэн чинь намайг аваачаад хүлээлгийн өрөөнд хийчихсэн. Тэнд намайг аваачаад баахан байцаасан. Тэр цэргүүд яадаг байсан юм бэ гээд л. Манай тэнд арьс ширний үйлдвэрийн агуулах гэж байсан юм. Агуулах ч гэж дээ хашаа юмдаа тийм юм байсан. Хашаагаар нь дүүрэн...толгойтын бараа бааз шиг юмаа бандан дээр буулгаад хураачихсан байдаг байсан. Хураагаад дандаа бүтээчихсэн байсан. Арьс ширний үйлдвэрийн, гутлын үйлдвэрийн л хэрэглэх юмнууд байсан юм билээ. Берзинтээр бүтээчихсэн юмыг хулгайлах юухан байхав дээ. Доогуур нь сөхөөд л авчихна. Тэрнийг л баахан асуусан. Би ч яахав тэр үед ямар цэрэг яаж авч байсан гээд асуухаар нь заримыг нь хэлсэн. Тэгсэн чинь тэр олон цэргээс асуугаад нилээд хэдэн цэрэг авсан. Тэгээд бид нарын зарим цэрэг нь үлдээд зарим цэргүүд нь халагдаад явсан байсан. Тэгээд би 1976 онд цэрэгт ирсэн юм чинь. 1975 оны цэрэг чинь надаас өмнө халагдаад явчихсан байсан юм чинь. Тэгээд үлдсэн дээр нь сүүлийн баримтаар...анхаас ч гэдэг юмуу тэгээд тэрнээсээ татагдсан. Тэгээд намайг байцаагаад шууд аваачаад юунд хийчихсэн. Би тэрэнд нэг хоносон. 72 гэдэг нь тэр юм билээ. Тэгээд тэнд 2 хонуулж байгаад шууд “ганц худаг”-т хийсэн. Би бол яахав ганц нэг юм авсан л байсан. Хуучин цэргүүд тийм ч юм аваад ир гээд тэгээд аваад өгчихдөг байсан. Тэгээд би тийм хэрэгт холбогдсон. Би “ганц худаг”-т 3 сар суусан даа. Тэнд суугаад би үзээгүй юмаа үзсэн. Ороод тэр чинь хийсэн хэргээ бодохоос гадна аав ээжийгээ бодно. Хийсэн юмаа би яалаа гэж бодно. Тэнд миний хажууд 4-н хүн байна. Тэд нар янз бүрийн байдлаар дээрэлхэнэ. Хоол унд идэхгүй. Өглөө хар цай талхтай өгнө. Өдөр аяга шөлтэй хоол өгнө. Орой нэг аяга цай өгнө. Өглөө өгсөн талхны 3-ны нэгийг нь нөгөөдүүл идчихнэ. Хар цайны хүртэл талыг нь аваад уучихна. Тэгээд би гэр орноо бодох манатай хоолоо л боддог байсан. Тийм л зовлонтой хэцүү байсан. Тэгээд сүүлдээ нэг залуу байсан. Жаахан хүүхдээ чааваас. 4-уулээ байж байгаад нэг нь гараад явчихсан. Дахиад нэг жижигхэн хөөрхөн хүүхэд орж ирсэн. Тэгээд тэр орж ирэхэд бас л шууд тэгж л байгаа байхгүй юу. Бид хоёрын юмыг чинь нэг нэгээр аваад идчихнэ. Орноосоо ч босохгүй. Тэгж байгаад сүүлдээ тэр яахав дээ архаг хулгайч байсан. Тэрний байцаагч нь ирдэггүй. Ерөөсөө байцаагч нь ирэхгүй. Тэгсэн чинь нэг өдөр байцаагч ирээд аваад явсан юм. Тэгэнгүүт нөгөөдөхтэйгээ ярьдаг байхгүй юу. За 2-уулаа энэ муу хулгайчыг маргааш талх авдаг л юм бол зодъе 2-уулаа гэлээ. Тэгээд яахав маргааш нь цоожтой хаалга онгойлгоод май гээд л өгчихөөд яваад өгч байгаа юм. Өглөө бид 2 хамгийн түрүүнд босно. Тэгээд аваачаад өгчихдөг байхгүй юу. Тэгсэн чинь өгөлгүй шууд өөрсдөө идээд хаячихсан. Тэгсэн чинь нөгөөдүүл чинь энэ муу хоёр чинь яасан даварчихсан хулгайч вэ алж өгнө гээд л босож ирж байгаа юм. Тэгээд бариад авахаар нь 2-уулаа нийлж барьж аваад. Гурвуулаа нийлж зодолдоод л. Тэгээд тэрнээс хойш зүгээр болсон. Хоолоо ч иддэг болсон. Талхаа ч иддэг болсон. Тэгээд яахав тэнд 3-н сар суусан. Тэгж зовлон үзэж байлаа.
Хишигсүрэн -
Ер нь таньд өмгөөлөгч гэж тухайн үед байсан уу?
Даваасамбуу -
Байсан.
Хишигсүрэн -
Таныг өмгөөлж чадаж байсан уу?
Даваасамбуу -
Өмгөөлж чадах нь чадаж байсан. Би цэрэг болохоор тэр хүнд мөнгө өгөөгүй. Тэгээд яахав тэр хүн танилцсан. Би ял авах болсон хамгийн гол юм нь. Тэр хавар Авхиа сайд Батлан Хамгаалахын сайд болсон юм. Тэр үед Оросод сургууль төгсөж ирээд л би Батлан Хамгаалахын салбарыг цэвэрлэнэ гэж хэлээд миний арми болохоо больсон байна гэж хэлээд “ганц худаг”-ийг цэрэг, офицеруудаар дүүргэсэн ш дээ. Тэгээд тэр хомрогонд нь би орсон. Миний нэр тэнд ороод хусаад хаячихсан.
Хишигсүрэн -
Тэр шүүх хурал ямархуу байдалтай юм болж байсан бэ?
Даваасамбуу -
Манай ангийн нэг цэрэг бид хоёр нэг оны цэрэг л дээ. Бид хоёр шүүх хуралд хамт орсон юм. Тэгээд таслагдсан. Тэгээд бид хоёрын анги дээрээ байхад зарлан дуудах очсон. Өглөө үүрээр анги дээрээс автобус дамжаад очсон. Шүүх хурал болсон. Өмгөөлөгч гэж нэг авгай байсан. Тэр үед нөгөө өр авлага нь төлөгдөөгүй байсан юм билээ. Аав аймгийн шүүхээр хөдөөгүүр дамжуулаад явуулж л байсан юм билээ. Аав ээж гэр орноос нь авна гээд. Тэр шүүх дансаар дамжуулаад явуулдаг байсан юм байлгүй. Би мэддэг ч үгүй л байсан. Тэр үеэр нэг тийм юм хөөцөлдөөд бүтээсэн бол би гайгүй тэнсэн авааад гараад ирэх л байсан юм шиг байгаа юм. Би тэр аргыг мэдэхгүй юм чинь. Тэр төлбөрөө төлсөн эсэхээс нь хамаараад шүүх хэдэн жилээр яллахаа шийддэг юм шиг байна лээ. Давж заалдана гэхээр намайг хөөцөлдөх хүн байхгүй юм чинь. Тэгээд таслаад шууд “ганц худаг”-т хийчихэж байгаа юм чинь.
Хишигсүрэн -
“Ганц худаг”-аасаа та хаашаа хуваарилагдсан бэ?
Даваасамбуу -
“Ганц худаг”-аасаа Зүүнхараад ирсэн.
Хишигсүрэн -
Тэгээд тэндээ их сайн ажилласан гэл үү?
Даваасамбуу -
Тийм тэндээ их сайн ажилласан. Би чинь олон сар сууж ядарсан болохоор бие тэнхээ юу ч байхгүй болдог юм билээ. Хоол ундаар өлсөглөн байдалд ороод. Хамаг бие эцэж тураад. Жаахан юм хийгээд явахаар чинь гуйвж унах гээд л. Тэгээд бид нарыг чинь шууд оруулаад л хар цай талх өгөөд. Шоронд байгаа хүмүүс чинь их өлслөлөн гээд их шунаж идэж болдоггүй юм билээ л дээ. Түгжрэл болдог гэсэн. Нэг хүн түгжрэл болоод үхсэн үү яасан бүү мэд. Аваад л явсан. Тэгээд бид нарыг чинь хоолны заал гэдэг юманд оруулж суулгалаа.. Тогооч гэж нэг хоригдол байна. Тэр нь хоолны гурилыг элдэж байгаад гал түлчихсэн 200-ын пошик дээр хайраад энэ хоолны гурил шиг хэрчээд бид нарт хоол хийж өгдөг юм билээ л дээ. Тэгсэн чинь хайрч байгаа гурилаас нь хулгай хийж идээд. Бараг түүхий хайрч байгаа гурилаас кармалж аваад идээд түгжрэл болоод....хоосон л болоод тэгсэн биз зайлуул. Тэгээд болохоо байлаа гээд аваад явсан. Үхэж гэнэ, гэдэс ходоод нь тасарч гэнэ л гээд байсан юу болсон юм бүү мэд. Би тэр “зон” дотор 7 хонолуу даа. Тэгээд тэнд аваачаад бүх материалтай нь танилцаад хаана ямар ажил дээр хуваарилах уу гэдгээ хорихын ажилтангууд нь хуваарилдаг юм билээ. Тэгсэн чинь хөөрхий хувь заяагаар ч тийм юмуу. Манай нутгийн нэг авгай байсан юм билээ. Хүний тоо бүртгэгч хийдэг хуваарилдаг ажил төрлийг нь хийдэг хүн байсан юм билээ. Тэр авгай зайлуул нутгийн юм гэж бодсон юмуу их гайгүй газар нь хуваарилсан байсан. Шинээр байгуулагдаж байсан юм билээ. Эхлээд та нар ууланд гуалингын ажил хийнэ. Тэрнээс цааш та нар их хөнгөн гоё ажил хийнэ гэж хэлж явуулсан. Тэгсэн чинь манай хянагч аваад явсан. Тэгээд бид нарыг гадаа гаргаад 5-6 хүн явахаар болсон юм. За тийм тийм ажил хийнэ шүү чадах уу л гэж байна. Хамгийн бага нь би байсан. Би ер нь чадахгүй. Би сая нулимас гараад толгой тархи эргээд ер нь явж чадахгүй нь гэлээ. Би тийм ажил хийж чадахгүй гэсэн чинь буцаагаад намайг дагуулаад буцаад орлоо. Нөгөө авгай дээр чинь буцаад ороод энэ ер нь явж чадахгүй байх гэлээ. Олон юм битгий яриад бай, чамайг ийм гоё юман дээр өгч байгаа юм чинь битгий тийм амар юм хайгаад бай чи наадах шиг чинь гоё ажил чамд олдохгүй гээд хөөгөөд гаргасан. Тэгээд яахав бид нарт хорихоос хөнжил гудас шиг юм өгсөн байх. Тэрнийг нь аваад явж явж уулын аманд мод хийж байгаа газар аваачаад. Шууд хөнжил гудасыг нь газар дээр тавиулаад за яв модонд гар гээд шууд модны ажил хөөгөөд гаргаж байгаа юм. Модны ажил хийж байгаад орой ч боллоо. За бууцгаа бууцгаа гээд даавуун платканд оруулаад хаанаас ч билээ 3-н банз авч ирээд ор шиг юм хийгээд анх эхлээд унтаж амарч байлаа.
Хишигсүрэн -
Тэнд очиход “ганц худаг”ийн нөхцлөөс шал өөр байсан уу?
Даваасамбуу -
Шал өөр байсан. Хоол унднаас өгсүүлээд. Голдуу хөгшин улсууд байсан. Надтай ганц нэг залуу 3,4-н л хүн очсон юм. Тэгсэн чинь хэдэн хөгшин хүмүүс л байсан байх даа. Хоол унд сайтай байсан. Бид нарыг аажим идүүлж гэдсийг нь дасгасан. Шоронгын хоол илчлэг ихтэй дандаа адууны мах өгдөг байсан.
Хишигсүрэн -
Их эрүүл мах өгдөг байсан байна тийм ээ?
Даваасамбуу -
Хоол хангалттай өгдөг байсан. Талх ч хангалттай өгдөг байсан. Тэгээд тэнд нэг сар болсон. Тэгэхдээ би бол тэнд жаргасан гэж боддог. Бид нарыг тэнд байхад харгалзагч нь гээд их архи уудаг нөхөр байлаа л даа. Намайг нэг өдөр дуудаж байна. Дуудахаар нь гүйгээд очлоо. Май энийг аваад яв гээд 10-н шар хувин өглөө. Тэрнийг бариулаад дагуулаад явлаа. Модны машин их явдаг зам байна. Тэрнийг дагаад 3-4 км явлаа. Тэгээд нэг гол дээр очсон чинь баахан майхантай хүмүүсүүд гоё гоё аймаар их идэж уух юм тавьчихсан байна. Зугаалж яваа, жимс түүх гэж яваа хүмүүс юм байна. Тэгсэн чинь мань хүн тэнд архи л уусан. Таньдаг хүмүүс нь юмуу мэдэхгүй. Аймаар гоё гоё юм задлаж идээд л байж байна. Тэгсэн чинь наадах чинь шинэ хулгайч шүү хажуунаасаа салгаж болохгүй төөрчихнө шүү л гэлээ. Тэгээд уул руу жимсэнд явлаа. Тэгсэн би үхрийн нүд гэж мэддэггүй байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүмүүсийг дагуулж явж түүж өг гэж намайг явуулж байгаа байхгүй юу. Тэгээд би тэд нарыг нь дагуулаад явлаа. Сайхан юм идчихээд явж өглөө. Тэгээд би ямар юм байдаг юм бол гээд байж байсан нөгөө хүмүүс чинь зааж өглөө. Тэгээд би доор нь түүж ирээд авч ирээд өглөө дахиад нэг 10-ыг түүгээд тэд нарт өглөө. Тэгээд орой талх малх баахан юм өгөөд баярлалаа гэж үнсээд явуулсан. Тэгсэн чинь орой болдог манай хянагч байдаггүй. Машинд суугаад Хараа руу явсан ч юмуу яасан юм бэ. Тэгсэн чинь маргааш өглөө нь эрт хүрээд ирлээ. Дахиад 10-н хувингаа бариад жимсэнд яв гэсэн. Өө би тэгээд 10-аад хоног жимсэнд явсан. Тэгээд хүний ухаан задардаг л юм байна л даа. Жимсээ түүгээд машин зам дээр очоод байж байхад за наад жимсээ өгчих гэнэ. Тэр үед чинь сахар авна, шүдний оо, сойз хэрэгтэй гээд тэрнээс сольдог байсан. Сахарыг хар цайнд хийж уудаг байсан. Тэгж л амьдрал ажил эхлэсэн юм л даа. Тэгсэн чинь нөгөө надтай хамт байсан хүмүүс чинь уурлаж байгаа юм. Шууд ирээд энэ муу хулгайч “Жа”-нд гарчихлаа гэсэн. Тэгээд модны ажил дуусаад газар хагалдаг ажил эхэлсэн юм. Тэгээд ч жимс дууссан даа. 9-н сар ч гарчихсан. Тэгээд би тэр хооронд 5 гурван төгрөгтэй ч болсон. Өөрийнхөө амьдралд хэрэгтэй байхаар ч юм авсан. Тэгээд хэрэглэсэн л дээ. Нөгөө хүмүүстэйгээ ч танилцсан. Ойлголцосон. Нэг хянагч залуу байсан. Манай хянагч 3 солигдсон юм. Хоорондоо таардаггүй л байсан юмуу. Хамгийн сүүлд нэг залуу байсан чинь нэгнийг нь зодоод байсан чинь манай нэг нөхөр шууд тэр том даргад ольчихсон байсан. Шууд татаад аваад явчихсан. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад хянагчгүй ажиллая гэж бүгд хорихын удирдлагуудад өргөдөл өгсөн. Биеэ дааж ажиллая дотроосоо нэг хүнээрээ удирдуулаад явъя гэж хорих газар өргөдөл өгсөн. Тэгсэн чинь хорихын удирдлагууд зөвшөөрөөд бид нарыг хянагчгүй ажиллуулсан. Сүүлд нь бид нарыг хариуцадаг техникч гэж нэг хүн ирсэн. Ой үржүүлгийн тухай мэргэжлийн хүн л дээ. Мод тарьж ургуулах арга зааж өгсөн. Бид нар нарсны боргоцой, хар модны боргоцой гээд бөндөгөр бөндөгөр юм түүнэ. Тэрнийг тэр хүн машин тэргээр авч явна. Хорих ангиас чиргүүлтэй машин авч ирээд ачаад авч яваад өөр газар аваачиж ойжуулалт хийж байсан. Тийм тийм ажил хийж байлаа. Сайн ажилласан гээд би 60 хоногоор шагнуулж байлаа, 30 хоногоор шагнуулж байлаа. 45 хоногоор шагнуулж байсан. Ямар ч гэсэн 6-н сарын ажлын хоногоор шагнуулсан байсан. Тэгээд би жил гаран суугаад л гарсан ш дээ. Миний нөгөө төлбөр ч төлөгдсөн. Ажил төрөлдөө сайн, цэргээс орсон гэдэг талаас нь ч харсан уу намайг шууд сулласан. Тэгээд гаргасан чинь тэр ажил хийж явахад хэдэн төгрөг өгдөг байсан юм бэ дээ. 10 төгрөг өгдөг байсан юмуу. Тийм цалин өгдөг нэг юм байсан юм шиг байгаа юм. Шагнал, урамшуулал байсан юмуу даа. Тэрнийг нь тэр дансанд хийгээд байдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд гарангуутаа хорихоос 600 төгрөг авч байсан ш дээ. Тэгээд би гайхаж байсан. Тэгээд би магадлагаагаар гараад хөнжил гудас, тойрох хуудас, хянах хуудсаа тушаагаад гардаг юм л даа. Тэгээд очсон чинь манай овгорууд л гарч ирж байгаа байхгүй юу. Өө их том төмөр авдар тавьчихсан нярав шууд гарын үсэг зуруулаад аваад өгдөг юм билээ. Гадна нь жирийтэл сууж байгаа юм чинь. Тэгсэн чинь хөнжил гудсаа авч ирчихээд мөнгөө ав гэж байна тэгэхээр нь би шууд гараад явчихсан. Тэгээд тэр чигтээ яваад өгчихөж байгаа юм. Тэгээд гараад хамт ажиллаж байсан хүмүүс дээрээ ирээд 5 ч билүү гурав гурван төгрөг өгөөд явж байж билээ.
Хишигсүрэн -
Хоригдолууд тэр мөнгөөрөө юм худалдаж авах боломж байх уу?
Даваасамбуу -
Тэр үед ч яахав дээ хоол ундны л юм авна даа. Сахар энэ тэр л авдаг байсан. Тэр үед архи дарс гэж байсан биш. Тамхи татдаг нь тамхиа авна. Молоко, шүдний сойз гээд ахуйн хэрэглээний юм л авдаг байсан.
Хишигсүрэн -
Ер нь нөхцөл харьцангуй гайгүй байсан юм шиг байна тийм ээ?
Даваасамбуу -
Нэг үе хүнд байсан юм. Аймаар хүнд байсан ш дээ. Бөөсөндөө баригдаад. Улаанбаатараас гараад цаашаа эргээд “ганц худаг”-таа багтдаггүй. “Ганц худаг”-аас цааш дамжин өнгөрөх гэж газар байдаг ш дээ. Тэнд бөөгнүүлж байгаад хэрэгтэй газрууд руу нь авч явдаг байсан. Тэнд таслагдаад хүлээгдэж байгаа хүмүүсийн багтахгүй болохоор нь “дамжин өнгөрүүлэх” гэдэг газар аваачаад том юманд чихээд хаячихаж байгаа байхгүй юу. Хаашаа явахаа мэдэхгүй хүлээгээд байна. Тэгээд л Мөнгөнморьтын шорон, Авдрантын шорон гээд л ачдаг. Тэгээд ачих машин нь ирэхгүй болохоор байлгаад л байдаг байхгүй юу. Бөөс, бясаа нь улаан нялга болтол нь хаздаг байсан ш дээ. Би тэнд 7 хоносон ш дээ. Аймаар байсан. Хүн тийм юм туулдаг л юм билээ.
Хишигсүрэн -
Ер нь ийм нэг алдаа амьдралд тохиолдсоны хожмын үр дагавар нь эерэг нөлөө үзүүлсэн юм байна таньд тиймээ. Юм үзсэн нь янз бүрийн алдаа осол гаргахаас сэргийлээд их хянамгай болсон байна тиймээ ?
Даваасамбуу -
Намайг хүмүүс их муу санаатай гэдэг ш дээ. Тэр нь муу санаа биш хашир л амьдрал юм даа гэж боддог. Би муу санаалаад хүмүүсээс юм харамлаад, хүнд юм өгөхгүй байдаг биш. Би энд хүнд юм өгөхгүй байж чаддаггүй өгдөг. Харамлаж байгаад өгдөггүй биш өгдөг. Тэгсэн мөртлөө хүмүүс намайг тийм гэдэг. Би хоол хүнсний няраваар 10-аад жил ажиллаа ш дээ. Манайх хоолгүй болчихлоо, жаахан давс өгөөч гэдэг. Би өгөөд л явуулдаг. Тэгсэн хэрнээ л намайг муу санаатай гээд байдаг. Ямар учиртай юм бүү. Хүмүүст тийм юм харагддаг л юм билээ л дээ. Миний амьдралдаа болгоомжтой ханддаг, бодсон санасан юмыг л хүмүүс хар санаатай, муу санаатай гэж хэлдэг юм шиг байна лээ. Бусад улсуудыг хараад байхад их сайн санаатай хүн алга. Май идчихээч, уугаач, май энэ хоол хийчихлээ идчихээч гэж дуудаж байгаа хүн алга. Надад ийм юм байна гэж хэлээд аваад идэж байгаа юм алга. Тийм юм бодохоор бас тийм байх юм.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдралд их гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу болж таарах уу?
Даваасамбуу -
Би бол яахав хар багаасаа бага сага ажил хийсэн. Гэхдээ би тэрнээс алдсан нь их байсан. Хамгийн гол нь цэргээс халагдаад хориход явсан учраас тэгж чадаагүй л дээ. Хорихоос гараад тэрнийгээ эзэмшвэл эзэмших бололцоо муу байсан.
Хишигсүрэн -
Нөгөө барилгын мэргэжил үү?
Даваасамбуу -
Барилгын мэргэжлээс гадна. Барилгын мэргэжил ч олоод авах бололцоо байсан. Налайхад ТМС-д сурвал сурах бололцоо байсан. Тэр үед явж хөөцөлдөж явах арга барьлаа ч мэдэхгүй явж чадаагүй юм. Тэгээд энд ирээд шууд ажилд орчихсон байсан. Тэгж л явсан. Тэгээд манай энд Жүрмэд гээд ах байсан юм. Тэрний аав ээж нь Дарханд байсан юм. Би Дархан явж үзээгүй тэгээд цагаан сараар нэг Дархан яваад. Тэгээд тэд нартай танилцаад тэгсэн чинь тэр хүн Дарханы 31-р баазын боловсон хүчин хийж байсан юм билээ. Тэгээд би хүүхдүүдтэй нь танилцаад ирж очоод яваад байдаг байсан. Тэгсэн чинь намайг шууд тэгж байгаа байхгүй юу. Чи ерөөсөө манай баазад ажилд ор чамайг слесариар ажилд авъя гэсэн. Тэгээд чи 3-н сар слесарь хийчих тэгээд чамайг жолооны курст явуулья гэсэн. Тэгэнгүүт нь би за гэж хэлээд энэ дэх ажлаа өгөөд яваад очих юм болсон чинь ажлаа өгч чадаагүй. Тэгээд тэр нь жолооны курс гэхээр надад сонирхолгүй байсан. Уг нь тэгээд явчихсан бол жолооч мэргэжилтэй болчих байсан л даа. Уг нь хүн сургаад өгье гэж байсан юм чинь. Тэрэндээ их хамарсадаг. Сураад жолооч хийсэн бол нэг машинтай байж л байх байсан байхдаа. Тэгээд би сонирхол муутай. Тэгээд ямар сайндаа эндэхийн улсууд машин аваад трактор аваад л байдаг юм. Надад бол үүнийг авчих мөнгө хөрөнгө бололцоо байна. Хөрөнгө ч юу байхав дээ мал байна. Хэдэн мал зарахад авна ш дээ. Даан ч надад тийм техникийн сонирхол байхгүй.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдрал бусад хүний амьдралаас онцгой содон амьдрал мөн үү. Таны амьдралд онцгой сонин зүйл байгаа юу?
Даваасамбуу -
Байхгүй ээ юу байхав. Яг одоогоор бол овоо.....би энд чинь 1981 оны 4-р сарын 20-оор л орсон. Тэрнээс хойш тасралтгүй л ажиллаж байна. Энд байнга ажиллаж байсан ахмад ажилтан болоод байна. Бүх үүх түүх юмыг энэ дарга нар чинь надаас асууж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
“Тарни” амралтын хувьд энэ амралтын түүхийг мэддэг хамгийн олон жил ажилласан хүн болж байгаа юм байна ш дээ тиймээ. 2-уулаа ярилцлагаа өндөрлөе. Олон цаг сууж дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд талархаж байна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.