Orosoo
![](../assets/images/interviewees/990082.jpg)
Basic information
Interviewee ID: 990082
Name: Orosoo
Parent's name: Zana
Ovog: Merged
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenebulgan sum, Hövsgöl aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
work
privatization
democracy
authority
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Бидний ажилд тусалж байгаа танд баярлалаа. Ярилцлагаа эхлэхийн өмнө танаас 2 зөвшөөрөл авах гэсэн юм. 1-рт бид таны ярилцлагыг вэб сайтанд тавихдаа зурагтай чинь Монгол улсын иргэн гээд тавихыг та зөвшөөрч байна уу?
Оросоо -
Зөвшөөрч байна
Баасанхүү -
Таны өгсөн ярилцлага Кембрижийн их сургуулийн оюуны өмчид хамаарах болно. Таны өгсөн ярилцлагыг засаж редакторлох ч юмуу эрдэм шинжилгээний ажилд ашиглаж болох уу?
Оросоо -
За зөвшөөрч байна
Баасанхүү -
Та хаана төрсөн өөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Оросоо -
Би 1945 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэ-Булган суманд төрсөн. Эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад бага сургуульд 7-р анги төгсөөд Улаанбаатарт шилжин политехникумд орсон.
Баасанхүү -
Политехникум гэхээр техникийн
Оросоо -
Одоогийн техникийн их сургууль шүү дээ.
Баасанхүү -
Одоо бол 18 нас хүрч байж их сургуульд орж байгаа ш дээ. Тэр үед 14 настайдаа орж байсан юм уу?
Оросоо -
Тэр үед багшийн сургууль юм уу поли юм уу бүх сургуулиудаар хуваарилагдаад ирдэг байсан. Тэгэхэд би полид ирсэн. Полид 4 жил сурдаг байсан. Политехникийн автын ангид орж суралцсан. Тэгээд хөнгөн хүнсний авто баазад механикаар ажиллаж байгаад дараа нь эвлэлийн илгээлтээр Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатад очиж ажилласан. Тэнд очихдоо жолоочоор очиж ажиллаж байсан. 1967 онд цэрэгт татагдаж ирсэн юм. Хилийн цэрэгт 3 жилийн алба хаасан.
Баасанхүү -
Цэргийн анги чинь хаана байсан бэ?
Оросоо -
Цэргийн анги хотод байсан. Дөнгөж шинээр байгуулагдсан ангид ирж байсан. Тэр ангидаа 2 жил алба хаагаад тэр үеэр улиран ажиллахаар үлдэж байсан юм. Халагдаагүй. Түүнээс хойш цэргийн амьдралаар 25 жил алба хаасан юм байна. Тэгээд өндөр насны тэтгэвэрт гарсан даа. Хийж явсан ажлаасаа сонирхсон асуултанд чинь хариулъя. Цэргийн ангид байхдаа 1974 онд офицерийн сургууль төгсөөд хилийн цэргийн 0164-р ангид механикаар ажиллаж байгаад 1976 онд ротын захирагч болж 1979 онд 0253-р ангид засварын даргаар томилогдож байсан. Намайг цэрэгт ажиллаж байх хугацаанд олон улсын байдал тогтворгүй байсан. 2 систем хоорондоо нэлээд зөрчилтэй. Социалист капиталист гэсэн 2 систем. Урд хөрш Бүгд Найрамдах Хятад улстай нэлээд зөрчилтэй. Хил хязгаараа хаачихсан. Тийм үед хилийн цэрэгт алба хааж байсан. 1990 оноос хойш урд хөрштэй гайгуу боллоо ш дээ. Үүнээс урд ер нь их зөрчилтэй.
Баасанхүү -
Таны ажиллаж байсан хилийн цэргийн газар хаана байсан бэ? Аль аймгийн нутагт байрлаж байсан гэж асуух гээд байна л даа.
Оросоо -
Төвийн ангилал. Миний ажиллаж байсан цэргийн анги бүх хилийн зурвасаар явдаг.
Баасанхүү -
Ерөнхий маягийн уу?
Оросоо -
Бүгдийн тойрдог тийм чиглэлтэй. Хилийн ангиудын зэвсэг техникийг засварлаж явдаг. Өөрөөр хэлбэл 253 гэж засварын хороо байсан юм даа. Дандаа явуулын засвар хийдэг. Хотод байдаг ч гэсэн бүх юмаа хил дээр явуулдаг анги байгаа юм.
Баасанхүү -
Та механикч гэдгээрээ засвар хийгээд хариуцаад явах уу?
Оросоо -
1989 он хүртэл тэгж явж байгаад зах зээлийн эдийн засагт шилжээд нэг хэсэг эдийн засгийн байдал их доройтлоо шүү дээ. Түүнээс болж зарим анги салбарууд татан буугдсан. Гэхдээ манай 253-р анги одоо ч албан үүргээ гүйцэтгэж байгаа.
Баасанхүү -
Та 2 жил цэргийн алба хаагаад цэрэгтэй үлдэх болсон гэсэн. Тэр шийдвэрийг та гаргасан уу? Цаанаас нь гаргасан уу?
Оросоо -
Цаанаас гаргадаг юм. Хилийн цэргийн командлагч ийм ийм хүмүүсийг үлдээ ийм ийм хүмүүсийг халъя гэж шийд гаргадаг байхгүй юу. Тэгээд тэр тоонд орж үлдсэн юм. Би цэрэгт ирчихээд 2 жил радиостийн курс төгссөөд холбоонд ажиллаж байсан. Холбооныхоо машиныг өөрөө барина. Холбоогоо өөрөө хийнэ. Тийм журмаар л ажиллаж байсан даа.
Баасанхүү -
Та өөрөө халагдаж яваад механикийн ажил хиймээр байсан уу?
Оросоо -
Тэр үед тушаалаар л явдаг байлаа. Өөрийн дураар гэж юм байхгүй. Хэрэв дураараа байдаг байсан бол халагдаад улс ардын аж ахуйд гарах байсан. Гэтэл тэгэхгүй эх оронд хэрэгтэй хүн гэснийгээ цэргийн газар аваад үлдчихдэг байсан.
Баасанхүү -
Түүнээс татгалзах эрх байхгүй гэсэн үг үү?
Оросоо -
Татгалзах эрх байхгүй.
Баасанхүү -
Тэгээд үлдээд юу хийсэн бэ?
Оросоо -
Үлдээд офицерийн курсэд явсан. Офицерийн курсэд жил суугаад бага дэслэгч болж
Баасанхүү -
Офицерийн курс гэдэг нь зэрэг ахиулж байна гэсэн үг үү?
Оросоо -
Өөр учиртай юм. Одоогоор зэрэг ахиулах ч гэдэг юм уу даа. Магистр энэ тэр гэдэг нь юм. Арай илүү мэдлэгтэй арай илүү боловсролтой болж байна гэсэн үг. Хүн зэрэг командлах ур чадварт суралцаж байна гэсэн үг. Ямар нэгэн байлдааны болон ажлын төлөвлөгөө зохиох ер нь нарийн боловсорч байна гэсэн үг. Тэгээд төгсчихөөд 64-р ангидаа очиж ажилласан. Салаан захирагч 2 жил хийсэн. Дараагаар нь техникийн орлогч болоод дараа нь 253-р анги руу шилжсэн.
Баасанхүү -
Салаан захирагч ямархуу эрх мэдэлтэй ямар ажил вэ?
Оросоо -
Хэдэн цэргийн дарга гэсэн үг шүү дээ. Хугацааны цэргийн. Түүнийг л харж хамгаалж удирддаг тийм л хүн байхгүй юу. Түүнээсээ дээшлэхээрээ рот руу очиж байгаа нь тэр. Рот гэдэг нь 3 салаа цэргээс бүрдсэн нийтдээ 100-аад хүнтэй тийм юм байдаг юм.
Баасанхүү -
Салаа цэрэг нь 30 гаруй хүнтэй.
Оросоо -
Янз янз тоо бол тодорхой биш. Мэргэжлээсээ шалтгаалаад ротууд зохион байгуулагдана. Хамаагүй тогтсон тоо байхгүй.
Баасанхүү -
Цэргүүдийг тодорхой мэргэжлээр мэргэшүүлдэг байсан уу?
Оросоо -
Тийм. Мэргэшүүлнэ. Гол төлөв мэргэжилтэй цэргүүд ирнэ шүү дээ.
Баасанхүү -
Тань шиг ажиллаж байсан уу?
Оросоо -
Ажиллаж байсан. Нэг бол засвар хийж чаддаг нэг бол жолооч аль эсвэл ямар нэгэн өөр мэргэжлийн хүмүүс ирнэ. Тэр хэдийг түүж авч ажиллуулдаг байсан. Тиймэрхүү л зорилготой юм байгаа юм. 0253-р ангид явуулын группын даргаар очсон. Тэнд 3 жил ажилласан байх тэгээд ЗХУ-аас тусламжийн бараа ирдэг байсан үе тээвэр хангамжийн нэгдэл гэдэгт мэргэжилтнээр очиж сууж байсан. Одоо тэр хангамжийн газар байхгүй болчихсон юм шиг байна лээ.
Баасанхүү -
Янз бүрийн сэлбэгээр хангадаг гэсэн үг үү?
Оросоо -
ЗХУ руу сэлбэг захиална. Тэндээс ирэх сэлбэгээ захиалгандаа тааруулж авна. Хойно очиж гэрээ конракт байгуулаад тэндээ гар хөлийн үсэг зуралцаад вагонаар ачуулаад энд авчирч хүлээлгэж өгнө. Тиймэрхүү ажил хийж байсан. Түүнийг сүүлийн арван хэдэн жил хийж байгаад хамгийн сүүлд 253-ийн ерөнхий инженер хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Сүүлдээ хүнтэй ажиллаагүй цэргийн зэвсэг техникийн сэлбэг материалтай харьцсанаас биш. Хүн удирдаагүй өөрийн тааваар тийм ажил хийж байсан.
Баасанхүү -
Цэргийн ажлаас зовлон багатай.
Оросоо -
Зовлон багатай. Өөрийнхөө юмыг хийчихээд захиалсан юмыг бүрэн гүйцэт авчихаад хэрэгтэй юмыг нь бүрэн гүйцэт захиалаад өгчихвөл болж байгаа нь тэр.
Баасанхүү -
Таны хийж байсан ажлын хэцүү зүйл нь юу байв. Амар юм нь юу байв?
Оросоо -
Хамгийн хэцүү нь тэр үед олдох олдохгүй юм гэж байсан. Олдохгүй юм их хэцүү. Заавал олох ёстой тэгсэн хэрнээ олддоггүй. Түүнийг олох гэж олон газраар орж үзсэн.
Баасанхүү -
Та өөрөө хайгаад явах уу?
Оросоо -
Аль байгаа газраас олно. Тэр үед холбоо харилцаа гэж нэг их юм байгаагүй. Элчингээр дамжуулж ярина. Явна даа явна өөрөө явна. Тэгээд олдог л байсан. Заримын үйлдвэр лүү захиалж тэгж л нийлүүлж байсан даа.
Баасанхүү -
Нийлүүлэлт эрэлттэй хэр нийцэж байсан бэ?
Оросоо -
Нийцнэ нийцнэ. Эндээ хэрэгтэй гэсэн юмаа захиалж байгаа учир ирэхэд хүлээгдэж байдаг. Энд ирчихээд хэрэггүй болно гэж байхгүй. Хүлээгдэж байсан бараа учир заавал хэрэгтэй.
Баасанхүү -
Ирсэн ч гэсэн тоо хэмжээ дутах тохиолдол гарах уу?
Оросоо -
Бүх ангиудаасаа захиалгаа авчихна. Нэг онд хичнээн хэрэгтэй гээд хэрэгцээтэй тоогоор нь захиалгаа явуулчихна. Яг тэр тоогоороо л хойноос орж ирдэг юм. Тийм учраас нэг их дутаад байхгүй.
Баасанхүү -
Зөвхөн хилийн цэргийн ангийн техник хэрэгслийг хангадаг байсан уу? Эсвэл Монголд байсан бүх цэргийн ангийг хангах уу?
Оросоо -
Зөвхөн хилийнхийг.
Баасанхүү -
Монголд хэр олон цэргийн анги байдаг вэ?
Оросоо -
Ер нь их олон шүү. Одоогоор би тоо хэлж чадахгүй байна. Бараг л аймаг болгонд нэг байсан. 20 гаруй юм байсан байхаа даа.
Баасанхүү -
Тэр болгоны арын албыг амжуулж байна гэсэн үг ш дээ.
Оросоо -
Тийм.
Баасанхүү -
Цалин хангамж ямар байсан бэ?
Оросоо -
Тэр үед боломжийн цалин шүү дээ. Есөн зуун хэдэн цаас гэдэг чинь. Цалин хангамж бол сайн. Байнгын ажилтай байна. Хангамж бол сайн байна. Хөдөөгүүр явж байхад үнэ төлбөргүй хангагдана. Томилолтын мөнгө гээд хөөрхөн хэдэн цаас авчихна. Болдог л байсан. Одоотой адилгүй. Тэр үедээ болдог байсан. Одоо бол юу ч биш шүү дээ. Мөнгөний ханш уначихсан үед бол.
Баасанхүү -
Тэр үед та хөдөө явдаг байсан байна. Ажлаа болон хувийн амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Оросоо -
365 хоногийн 200-аадыг ажил дээрээ өнгөрөөдөг байсан байгаа юм.
Баасанхүү -
Ийшээ тийшээ явчихдаг гэж үү?
Оросоо -
Тийм. Гэр орны ажлыг ар тал хань ижил л авч явна. Гэр оронд оролцоод байх юм байхгүй. Өөрөө явчихдаг учраас. Цэргийн хүн дандаа тушаалаар явж байдаг учир 2 хоногийн өмнө харьчихъя гэх эрх байхгүй. Хоногтоо л гүйцээж очно. Хоногтоо багтаж ажлаа дуусгана. Хэрэв ажлаа дуусгахгүй бол хоног сунгагдана. Их явдалтай байсан. Юм болгон шахуу төлөвлөгөөтэй. Айхтар хатуу төлөвлөгөөтэй. Үүнийг маргааш хийчихье гэх эрх байхгүй. Өдрийн ажлыг өдөрт нь багтаахгүй бол нөгөө арван хэд хоногийн томилолт багтахгүй. Тийм л учиртай байсан.
Баасанхүү -
Тэр цэргийн ангид эвдэрсэн сэлбэгийг хэд хоногт багтааж хүргэж өгнө гэсэн байх уу?
Оросоо -
Тийм тийм л нарийн төлөвлөгөөтэй гардаг байхгүй юу.
Баасанхүү -
Бүхэл бүтэн групп гардаг байсан уу?
Оросоо -
Бүхэл бүтэн групп явна. Хүн эмнэлгээс өгсүүлээд , гал тогоо машин техник танк, зэвсэг буу бүх л юмны нэг групп явна.
Баасанхүү -
Ингэж ойлгож болох уу? Тэр ангид ямар эвдэрсэн зэвсэг техник байна. Тэр бүгдийг засаж сэлбэх , сэлбэг материалаар хангах гэсэн үг үү?
Оросоо -
Бүх л юмаар эмнэлгийн тоног төхөөрөмж гэхэд ус буцалгагч эвдэрсэн байвал засаж өгнө. Бүх юм цогц явна. Тэр үед хамгийн хэцүү нь цахилгааны асуудал байсан. Сумын төв гэхэд бараг бүгд гэрэлгүй байдаг байсан. Цэргийн ангиуд л гэрэлтэй. Гэрэл нь жижиг дизель станцаар ажиллаж байдаг. Шөнийн 12 хүртэл ажиллаад унтарчихна. Өглөө 5 цагаас ажиллана. Байгаа тог нь тэр шүү дээ.
Баасанхүү -
Утсаар цахилгаан татаж авахгүй. Жижиг цахилгаан үүсгүүрээр цэргийн ангиа хангадаг байсан гэсэн үг үү?
Оросоо -
Тийм тэгээд хангачихна. Хамгийн хүндрэлтэйн тэр л байна. Хөдөлж байгаа бүх юм маань цахилгаанаар хөдөлдөг учраас шөнөжин засаж болдоггүй хэцүү. Түүн дээр л бэрхшээл учирдаг байсан. Түүнээс өөр нэг их бэрхшээл гарахгүй.
Баасанхүү -
Жилдээ нэг ангид хэдэн удаа очиж үйлчилгээ хийх вэ?
Оросоо -
Улиралд нэг явах ёстой. Жилдээ 4 удаа явна гэсэн үг. Урсгал засвар их засвар гээд 2 өөр. Их засвар жилдээ ганц удаа явна. Урсгал засвар улиралд нэг удаа явна. Хойноос нь жижиг засварууд дагачихна. Эхлээд их засвар яваад араас нь жижиг засвар явна. 2 өөр групп явна. Өөрөөр хэлбэл дутуу чангалсан боолтыг хойноос нь яваад чангална гэсэн үг. Үлдсэн юу байна түүнийг шалгаад явчихна. Одоо тэгж явдаг юм байхгүй болчихсон юм шиг байна лээ. Одоо дандаа барууны техник ирчихсэн юм даа. Одооны төсөв мөнгө хүрэхгүй байна гэдэг чинь үүнтэй холбоотой. Дандаа шинийг авч байгаа юм чинь. Хуучнаа засах юм байхгүй. Тэгэхлээр засварын зардал гэж юм гарахгүй. Авбал бүтнээр нь авдаг. Тэр нь хичнээн мянган доллар байдаг юм тийм л болчихсон юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Таны ажлын сайхан тал эерэг тал нь юу байсан бэ?
Оросоо -
Амар хялбар юм байгаагүй дээ. Өвлийн хүйтэн, зуны халуун говь цөл янз бүрийн нөхцөлд ажил хийдэг хэцүү юм их тохиолдоно. Өвлийн хүйтэнд цасан шуурганд гадаа хийнэ шүү дээ. Бороо орж байсан ч гадаа цас шуурч байсан ч гадаа. Бидэнд 2 том машин орчихдог платик байдаг юм. Түүн дотроо амьдарна. Бүх юмаа түүндээ оруулчихна.
Баасанхүү -
2 том тэрэг зэрэг орно гэсэн үг үү?
Оросоо -
Тийм. Тэгээд тэр дотроо бүх юмаа хийнэ.
Баасанхүү -
Ажлын байр гэсэн үг.
Оросоо -
Ажлын байр гэсэн үг. Хийж дуусчихаад нөгөөдөхийгөө хурааж эвхэж аваад яваад өгнө.
Баасанхүү -
Нэг цэргийн анги дээр ойролцоогоор хэдэн хоног байх вэ?
Оросоо -
Тэр тодорхой юмгүй дээ. Сар ч хононо. Арав ч хононо. Зүгээр дайраад хоночихоод явах ч газар байна. Тухайн үед ажил хариуцаж байсан хүний ажлын хариуцлагаас их шалтгаална. Чанга хатуу ажил хариуцдаг хүмүүс бол эвдрэл гаргахгүй. Сулавтар шаардлага муутай газар бол эвдрэл их гарна. Түүнээсээ болоод янз янз хононо. Хэд ч хонож магадгүй. Их засвараар явж байгаа хүмүүс бол доод тал нь 10 хононо. Эвдрэлтэй эвдрэлгүй бүх юм шалгадаг учир. Урсгал засварынх бол амаар нь юу эвдрэлтэй байгааг засаж өгөөд явна. Иймэрхүү л ажилтай байлаа.
Баасанхүү -
Техник сэлбэг гэхээр эмнэлгийн техник байж болж байна. Машин техник байна өөр онцлог ямар техник байдаг байсан бэ?
Оросоо -
Танк байна. Хуягтууд байна.
Баасанхүү -
Хуягтууд гэхээр юу вэ?
Оросоо -
Хуягт танк гэж байдаг. Та нар кинон дээрээс харж байсан байх.
Баасанхүү -
Сум нэвтрэхгүй мөн үү?
Оросоо -
Тийм. Одоо барууны кино дээр гараад байгаа 4, 6 дугуйтай хуяглачихсан сум нэвтрэхгүй тэр ч байдаг юм. Бүх төрлийн буунууд байна. Их буу пулёмотууд, автоматууд, гар буу гээд олон төрлийн буу бий. Тэр бүгдийн гацаа түгжээг гаргадаг тослодог, зүлгэдэг, арчилгааг зааж өгнө. Ингэж арчилна тэгж тослоно гэдгийг бүгдийн хэлж өгнө. Техниктэй харьцах сургалт явуулна. Засварын газраас хойш хангамж хариуцаад явсан нь надад их амар болсон. Гэр орондоо ч тогтмол байдаг.
Баасанхүү -
Тэр хангамж хариуцдаг ажилдаа та хэзээнээс орсон билээ?
Оросоо -
1982 онд орсон байх. 1993 он хүртэл хийсэн. Тэтгэврийн хугацаа болтол хийсэн. Хангамж хариуцсан ажил бичиг цаастай их зууралдана. Бүх юмуудыг кодолж тулгаж гэрээ контракт хийдэг. Улсын мөнгөөр худалдаж авч байна гэсэн үг. Тийм учир нарийн тооцоотой байхгүй бол болохгүй. Мөнгө төгрөгөндөө тохируулж захиалгаа хийнэ.
Баасанхүү -
Хэрэгтэй сэлбэг хэрэгслээ өөрөө орос явж олж ирдэг байсан гэсэн.
Оросоо -
Өөрөө явж олж ирнэ. Утсаар захиалга өгнө. Зарим үед үйлдвэртэйн ярих хэрэг гарна. Цэргийн аттеше нартай ярина. Тэд нар үйлдвэрт нь очоод хариуцсан шугамаараа очоод энд тийм юм ийм юм хэрэгтэй болчихож гээд захиалгын өгчихөөр үйлдвэрлээд өгчихдөг.
Баасанхүү -
Цэргийн аттеше орос хүмүүс байх уу?
Оросоо -
Монгол. Монгол цэргийн эрхтэнгүүд байна. Элчингийн дэргэд
Баасанхүү -
Тийм юм байдаг юмуу?
Оросоо -
Тийм улсууд суудаг юм байнга.
Баасанхүү -
Тэр үед монголын цэргийн техник хэрэгслийн хангамж хэр байсан бэ?
Оросоо -
Сайн байсан. 60% нь мөнгөөр 40% нь тусламжаар ирдэг байсан.
Баасанхүү -
Оросын тусламжаар тийм ээ?
Оросоо -
Хуучин техникийг оросууд үнэ төлбөргүй засаж өгнө. Тийм учраас эвдэрсэн техникээ хойш нь ачуулна. Тэнд очоод капитал их засвар хийдэг байхгүй юу. Тэгээд буцаагаад нааш нь явуулна. Шинэ юм шиг болж ирнэ.
Баасанхүү -
Засаад түүнийгээ л явуулна биз дээ?
Оросоо -
Түүнийгээ л явуулна. Бүх юм нь шинэ болоод ороод ирнэ. Чиний явуулсан машин тэр чигээрээ ирнэ гэж байхгүй солигдож л таараа. Гэхдээ л бүх юм нь шинэ болоод ороод ирнэ. 10 тэрэг явууллаа гэхэд 10-уулаа буцаад ирнэ. Хэнийх гэдгийн мэдэхэд хэцүү өөр номер индекстэй болоод ирдэг учир.
Баасанхүү -
Үнэ төлбөргүй юу?
Оросоо -
Үнэ төлбөргүй. 40%-ийн тусламж гэдэг нь түүндээ ороод ирдэг. Шинэ сэлбэг бол тусдаа үнэтэй. 60%-даа багтаад улс улсаас баталж өгдөг. Улсын төсөвт цэргийн зардалд хэдэн төгрөг тусгалаа гээд улсууд яриад байгаа их хуралд тэр тусгасан зардалд нь хамрагдаад явна. Тэрнээс хил хамгаалахад хэдэн төгрөг, батлан хамгаалахад хэдэн төгрөг гээд хуваарилачихдаг. Надад хэдэн төгрөг өгсөн байна түүндээ багтаж юмаа захиална. Илүү гаргаж болохгүй. Илүү гаргачихвал илүү зардал гуйх болно. Гуйвал олдохгүй их хэцүү.
Баасанхүү -
Жилд 30000-40000 төгрөгт тааруулаад ав гэсэн юм байх уу?
Оросоо -
Түүндээ тохируулж авахгүй бол болохгүй.
Баасанхүү -
Жилд ойролцоогоор хэдэн төгрөгний төсөв гаргаж өгдөг байсан бэ?
Оросоо -
За 2 тэрбум орчим юм байсан байхаа.
Баасанхүү -
Пөөх тийм их үү?
Оросоо -
Түүн дотор шинэ техник авах мөнгө бас явж байгаа ш дээ.
Баасанхүү -
Тэр үеийн мөнгөөр 2 тэрбум.
Оросоо -
Тэр үеийн мөнгөөр. Овоо л мөнгө шүү. Түүн дотор хөдөө аж ахуйн цэргүүдийн газар тариаланд ашиглах трактор худалдаж авна. Унах автобусаа худалдаж авна. Шинэ техникээ авна. Буу зэвсэг юу байдаг юм. Сэлбэг хэрэгслээ авна тэр бүгд багтаж байсан үе. Тэр бүгдийг зохицуулна. Нэг удаагийн альбом гэхэд гэрээ контракт хийсэн материал 5 хуруу зузаан болдог байсан.
Баасанхүү -
Нэг удаагийн альбом гэдэг нь юу юм?
Оросоо -
Хэрэгцээтэй зүйл. Түүнийг чинь 10 хурууны бичээч бичгийн машинаар бичнэ. Хүснэгт татаад дугаарлана. Хамгийн хэцүү ажил 10 хурууны бичээч. Шөнөжин сууна. Гэрээгээ хийх цаг нь тулчихдаг. Хилийн хорооныхон захиалгаа ирүүлэх гэсээр байгаад хамаг цаг авчихдаг. Бүх захиалга нийлүүлэх гэж 4-5 хоног нойргүй хононо. Түүнийгээ бичиж дуусчихаад бичээчдээ өгнө. Бичээч маань өдөр шөнөгүй сууж бичнэ.
Баасанхүү -
Таны захиалга шивдэг хэдэн бичээч байх вэ?
Оросоо -
Хангамж хариуцсан 10 бичээч байсан. Барилгынх байна. Гал тогооны сэлбэг байна. Хүн эмнэлгийнх, зэвсэг техникийнх байна. Бүх юм төрөлжсөн мэргэжилтэнгүүд байна. Тэдний дунд 10 бичээч байна. Чи хувцасных байлаа гэхэд хувцасныхаа захиалгаа хийнэ. 10 бичээч хувааж аваад шөнөжингөө сууж бичнэ. Дараа нь би захиалгаа өглөө гэхэд хувааж аваад бичнэ. Тэгээд хойшоо явуулна.
Баасанхүү -
Хамаг юмаа хойноос авдаг байсан уу?
Оросоо -
Урдаас ямар юмаа авах вэ? Ялангуяа хүнсний юм элсэн сахар, молоко, сүү цай бүх юм хойноос. Консерев бүгд хойноос. Арван жил хадгалах хугацаатай. Тийм урт
Баасанхүү -
Хүнсний зүйл үү?
Оросоо -
Тэгж орж ирдэг. Цэргийн үйлдвэрүүд байдаг. Дайны үед хэрэглэнэ гэсэн. Түүнээс захиалга өгч авдаг байсан. Хугацаагийн их харна. 2009 онд дуусдаг байлаа гэхэд 2007,2008 онд идэж дуусгаад дараагийн захиалга орж ирнэ. Шинэ захиалга шинэ хоол хүнс ирнэ.
Баасанхүү -
Том байгууламж маягийн байсан байна ш дээ. Хүнсний захиалгын өөр хүн явуулаад та бол хилийн цэргийн тоног төхөөрөмжийг захиалдаг байсан байна ш дээ. Өөр хүн эмнэлгийг бас өөр хүн захиалах уу?
Оросоо -
Тийм. Барилгын захиалга бас өөр хүн хариуцна. Хүн эмнэлэг гэхэд эм тариа шприц, ус буцалгагч, шприц чанагч энэ тэрийг нэг хүн захиална. Ганц орос эм л орж ирдэг байсан. Чанартай чанартай юм их ирдэг байлаа. Жижиг цахилгаан мотор орж ирнэ. Зурагт шугамын радио орж ирнэ. Жижиг хүлээн авагч пянз тоглуулагч есөн жорын юм орж ирнэ. Тэр бүх захиалга хойшоо явж хойноос орж ирдэг байлаа. Одоо бол хаа хамаагүй газраас орж ирж байгаа юм чинь.
Баасанхүү -
Зөвхөн цэргийн хангамж тэр ш дээ. Бусад газрууд ч тийм байсан уу?
Оросоо -
Тийм тэгдэг байсан. Урдаас орж ирэх биш дандаа хойноос ирдэг байсан. Сахар тамхи төмс гурил бүгд ирдэг байсан. Тэр үед манайх буудай их тарьдаг байсан учир оросоор гурил болгуулаад гурилаа нааш нь аваад байдаг байсан. Тэр үед аймаг болгон гурилын үйлдвэртэй бараг өөрсдөө хангаж байсан юм даа.
Баасанхүү -
Нөгөө атрын аян гэдгээрээ юу?
Оросоо -
Ихэнх тариагаа хойш нь гаргана. Манайх тариагаа бардаггүй байсан юм. Одоо энэ Сүхбаатарын талбай дүүрэн тариа, төв цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ тариа нуруулдаад овоолчихсон шаргалтаад дээгүүр нь тагтааны баас болчихсон тагтаа бужигнаад...
Баасанхүү -
Пөөх тийм байсан юм уу?
Оросоо -
Тийм л байсан ш дээ. 1990 оноос хойш тариагаа хурааж чадахгүй. Одоо жаахан сэргэж байгаа нь атрын 4-р аян 3-р аян гэдэг нь ихэнх газраа атаршуулаад хаячихсан дахиж тариа тарихгүй юм шиг. Сангийн аж ахуйнуудаа татан буулгачихсан. Тарьж байсан техник хэрэгслээ бүгдийн тараагаад хувьчилчихсан. Одоо жаахан сэргэж байх шиг байна. Гурил төмс малын тэжээл монголд их байлаа ш дээ. Буриад луу манайх их тариа зөөж байлаа ш дээ. Тийм л байсан үе дээ. Социализмын үед буруу нь ил тод байдал байхгүй байсан юм шиг байгаа юм. Захиргаадалт ихтэй захиргаадахгүй бол ажил явдаггүй байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Хүмүүс тийм юмандаа дасчихсан байсан уу?
Оросоо -
Ажилгүй хүн нэг ч байхгүй. Цэргээс ирсэн хүүхдийг 7 хоног гэрт нь амраагаад яагаад ажилд оруулахгүй байна гээд хороо хорооноос нэхээд явчихна. Ажилд оруулж байж санаа амарна. Тийм учраас тэр үед хэрэг төвөг маш бага гарна. Ажилгүй хүн байхгүй учир.
Баасанхүү -
Одоо хүн ажлаа өөрөө олно. Ажилтай байхын тулд өөрийгөө чадваржуулах тэр талдаа анхаарч байна. Тэр үед ажилтай болох тал дээр санаа зовохгүй ажлаар хангачихна. Тийм учраас ажилдаа хайнга хандах тийм юм байсан уу?
Оросоо -
Байхгүй л дээ. Хэрэв хайнга хандах юм бол хамт олны хурал, эвлэл намын үүрийн хурал байна. Ер нь хамт олны хурлаар хүнийг хүмүүжүүлдэг байсан. Ажил таслах юм бол танай бригадын танай цехийн тэр чинь тэгсэн гээд нөгөө хэдээр нь хэлэлцүүлнэ. 2-3 удаа хоцорвол донгодоно. Цалингийн хасна. Арга хэмжээ ихтэй. Хүнийг ажлаас нь халахгүй. Халагдах юм бол тэр хүн ажилгүй болчихно. Ажилгүй болохоор нохойн замаар орно. Архиа уугаад алга болоод өгнө. Тийм учраас халахгүй.
Баасанхүү -
Зэрэг дэвтэйн ярих уу?
Оросоо -
Зэрэг дэвтэйн ярина. 10 хүний дунд нэг хүн сайжирч таараа. Хүний сайн талыг олж харж түүн дээр нь тавьдаг. Дарга нарын онцлог шинж тэр. Хүнийг хараад 2-3 сар хараад за үүгээр ийм юм хийлгэмээр юм байна гээд тэр ажил дээр нь тавьчихаар хүн чинь сонирхолтой ажил дээрээ очихоор таслахаа байчихна. Тэгээд амжилт гаргаад ирдэг. Дургүй юман дээр нь тавих юм бол хүн гэдийгээд яваад байдаг. Хийсэн болчихоод ор нэр болгоод явдаг.
Баасанхүү -
Таныг ажил хийж байхад удирдлагын зүгээс юмуу намын зүгээс янз бүрийн шахалт дарамт байсан уу?
Оросоо -
Надад тийм юм ерөөсөө тааралдаж байгаагүй. Тэр үед үйлдвэрчний гишүүн байсан. 25 хүртлээ эвлэлээр явсан.
Баасанхүү -
Үйлдвэрчний эвлэл гэхээр юу байх вэ?
Оросоо -
Одоо Ганбаатарын. Монгол хүн бүр үйлдвэрчний гишүүн байсан. Үйлдвэрчний байгууллага хүнийг заавал хөдөлмөрт сургаж байсан. Заавал ажилтай байх ёстой. Заавал үнэ төлбөргүй сургуульд сургах ёстой. Тэр нь онцлогтой. Тийм учраас монголын бүх хүн үйлдвэрчний гишүүн байсан. Одоогоор МҮЭ-ийн хороо гэдэг нь юм даа. Ноднингоос жаахан сэргэж байна. Нэг үе таг болчихсон. Ганбаатар аймаг аймагт байгууллаад овоо юм хийж байна. Содномдоржийн үед унасан байх.
Баасанхүү -
Ажил хийх орчин нөхцөл цалин хөлс бүгдийг анхааран гэсэн үг үү?
Оросоо -
Хөдөлмөр хамгааллын хувцас юу байдаг юм бүгдийн хангадаг байсан. Одоо энэ барилгын байгууллагад тийм юм байхгүй хүн унаж үхээд, бэртэж гэмтэх юм бол эмнэлэгт аваачаад хаячихдаг ч юмуу, цалин мөнгийн өгдөггүй 2 сар болгоод хөөгөөд гаргачихдаг. Хатуу нарийн гэрээтэй бол тэгж чадахгүй ш дээ. Манайхан бас ямар нэгэн ажилд орлоо гэхэд гэрээ хийдэггүй. Чамайг туслах ажилчнаар авлаа. За өнөөдрөөс эхлэж ажилла. За дуулгавартай тэгээд нэг сар ажиллуулаад оо чи чадахгүй байна. Гар. За цалин мөнгө ч байхгүй. Хүний хөдөлмөрийг сороод байгаа байхгүй юу. Тиймэрхүү юмнаас сэрэмжилж байх хэрэгтэй.
Баасанхүү -
Хүмүүс сайн ажилласан гээд шагнал авдаг ш дээ. Түүнийг бас үйлдвэрчний эвлэл хариуцах уу?
Оросоо -
Тэгнэ. Үйлдвэрчний байгууллага тодорхойлдог.
Баасанхүү -
Тэр бас ач холбогдолтой.
Оросоо -
Ач холбогдолтой байлгүй яахав. Үйлдвэрчний эвлэл амралт сувилал бүх юмаа хариуцдаг байсан юм. Үнэгүй явуулна. За танайхаас тэр тэр хүн 14 хоног амрана гээд тэр амралтын зардал мөнгийг үйлдвэрчний эвлэл даадаг. Унааны зардал даадаг тэгээд очоод 14 хоног амраад ирэхээр зэрэг сайхан болдог. Урамшуулал гэсэн үг. Их том урамшуулал шүү дээ.
Баасанхүү -
Социализмын үед арын хаалга гэж юм их байсан шиг байгаа юм тиймээ. Та тэр үед та захиалга авдаг. Тараадаг байсан. Таны ажил дээр арын хаалга танил тал байсан уу? Таныг зовоох тийм зүйл байсан уу?
Оросоо -
ХАА-ын нэгдэл юм уу САА –ын нэгдэл юм уу байхад арын хаалга танил тал их харж байсан шиг байгаа юм. Гэхдээ арын хаалга гэдэг чинь авилгал биш юм байгаа юм. Цэргийн ангиуд дээр тийм юм байдаггүй юм. Тэр чинь өөрсдөө захиалсан сэлбэг хэрэгсэлээ авдаг учраас илүү юм гэж байхгүй илүү өгчихвөл нөгөө ангиасаа дутдаг учраас өөрсдийнх нь бичсэн захиалсан юмыг тоо хэмжээгээр нь өгчихдөг. Надад тийм юм дутчихлаа түүнийг өгөөч гэх юм байхгүй. Он ондоо багтаагаад өөрсдөө дутуу өгсөн бол өөрсдөө хохироод үлдэнэ гэсэн үг. Гүйцэд өгсөн бол гүйцэд аваад явчихдаг. Илүү гарчих юм бол оны эцэст буцаах юмуу дутаж байгаа юмаар нь солиод авчихдаг. Дотооддоо тэгдэг л байсан юм. Түүнээс биш арын хаалга цэргийн ангиудаар байхгүй. Яахав кино дээрээс үзэхэд
Баасанхүү -
Харин тиймээ би кинон дээрээс үзсэн байхгүй юу?
Оросоо -
Хаалгадах гээд гүйгээд байдаг. САА-ын нэг өвгөн гардаг. САА-д их байсан байгаа юм шиг байгаа юм. Мотор олоод авах гэж их явдаг шүү дээ зайлуул. Ямар нэгэн талаар хангамжид танил хүнтэй байхыг боддог юм шиг байгаа юм. Түүнээс биш одоогийнх шиг хэдэн төгрөг гарт нь атгуулаад авчих юм байхгүй шүү дээ. Хамгийн том авилгал нь өдөр нэг хоолонд оруулдаг байсан байх. Түүнээс өөр авилгал гэх юм байгаагүй ш дээ.
Баасанхүү -
Цэргийн ангиуд дараа жилийнхээ захиалгыг оны эцэст өгдөг байсан гэсэн үг үү? Жилд нэг удаа?
Оросоо -
Жилд нэг удаа. Захиалга бол 10 сараас эхэлдэг юм. 11 сарын 10 гэхэд үйлдвэр дээр оччихсон байхаар.
Баасанхүү -
Орос руугаа
Оросоо -
Орос руу дараа оны 1 сарын 10 гэхэд Монгол руу ачигдсан байх ёстой. Тийм тодорхой тодорхой хугацаатай. Тэр цагтаа очсон байх ёстой. Зохион байгуулалттай хугацаа хоцорно гэсэн зүйл байхгүй. 1-р улиралд түүнийг явуулна. 2-р улиралд үүнийг явуулна гээд заачихсан. 3,4 гээд дараа жилийн захиалга 11 сарын 10 гэхэд бэлэн болсон байдаг. Тийм тодорхой тоотой, тодорхой хугацаатай,
Баасанхүү -
Тодорхой төлөвлөгөөтөй
Оросоо -
Тийм хамгийн гол нь төлөвлөгөөгөө барих хэрэгтэй.
Баасанхүү -
Аа гэнэтийн осол гэмтэл гарлаа гэхэд яаж зохицуулдаг байсан бэ?
Оросоо -
Гэнэтийн осол гарлаа гэхэд тодорхой нөөц байдаг. Тэр нөөцнөөсөө гаргадаг. Улс даяар тийм нөөц байсан. Осол, гал, зуд турхан болоход байж байдаг тусдаа зарцуулагддаг тусад нь хадгалж байдаг байсан. 5, 10 жилээр хадгалагддаг. Манайд улсын нөөцийн агуулах гээд том агуулах байсан юм.
Баасанхүү -
Танай анги дээр үү?
Оросоо -
Үгүй улсын хэмжээнд 90 хэдэн онд устсан юм шиг байгаа юм. Бүгд байхгүй болоод. Одоо улсын нөөц гэж байхгүй байхаа. Одооноос харин өвсөө нөөцөнд авдаг болсон юм шиг байгаа юм. Хуучин бүх юмыг 5 жилээр нөөцөлдөг байсан. Гурил будаа бүх юмыг 5 жилээр нөөцөлж байсан.
Баасанхүү -
Юунд зориулагдах уу?
Оросоо -
Ямар нэгэн жишээ нь өнөөдрийнх шиг гурил будаа ховордоод үнэд орлоо гэхэд гаргаад ирнэ. Тэгэхэд юу ч үнэд орохгүй. Бензин тос хэдэн мянган тонноор нь улсын нөөцөд байдаг. 5 арван жилийн хугацаатай түүнийгээ байнга сольж шинэчилж байдаг.
Баасанхүү -
Шинэчлээд шинийг авч байдаг.
Оросоо -
Байнга шинэчилж байдаг. Хуучин гурил будаагаа аваад шинээр орж ирсэн гурил будаагаа аваад байдаг. Одоо тийм нөөц байхгүй учраас эдийн засаг нь эмзэг болчихсон. Хомсдолд ороод байгаа байхгүй юу. 95 он гэхэд нөөц байхгүй болсон байхаа. Би тэгж бодоод байдаг юм.
Баасанхүү -
1993 оны хямралын үед хамаг юмаа гаргасан байх тиймээ?
Оросоо -
1993 онд дэлгүүрүүд хоосон болоход улсын нөөцөөс юу ч оруулаагүй байхгүй юу.
Баасанхүү -
Тэгээд тэр улсын нөөц нь яасан юм бол?
Оросоо -
Дараа нь 1994 онд улсынхаа нөөцийг гаргасан юм шиг байгаа юм тэгээд дахиж нөөц байхгүй учраас нөөцгүй болчихсон.
Баасанхүү -
Хамаг юмаа гүвчихсэн
Оросоо -
Тэгсэн. Тэгээд нөөцийн склад байхгүй болсон. Тэнд маш олон хүн ажилладаг байсан. Бараг 1000 ажилчидтай байсан байх шүү.
Баасанхүү -
Улсын хэмжээгээр юм чинь тиймээ? Төрөл төрлөөр нь техник технологи, эмнэлэг гээд тиймээ?
Оросоо -
Тийм бүх юм байсан. Ийшээ Төв аймагт асар том склад байсан. 20 гаруй газар доогуур байдаг склад байсан байх. Бараг нэг аймгийн төвийн дайтай тийм олон хүн ажилладаг байсан юм. Дарга цэрэг нийлээд харуул хамгаалалт гэхэд дандаа цэргийн ангиудаар хамгаалуулдаг байсан юм. Гаднаас юм оруулахгүй гадагшаа гаргалаа гэхэд машины дугаарыг нь бичиж их нарийн 1995 оноос хойш л байхгүй болчихсон юм шиг байгаа юм. Одоо бол юм байхгүй. Нодниноос фондын өвс байгаа гэж Толгойтын тийшээ байгаа гэж яригддаг болсон байна лээ. Олигтой ч өвс биш шиг байгаа юм. Өвсөө ч хадаж чадахаа байчихсан. Өвс нь ч ургахаа байсан. Иймэрхүү л болчихоод байгаа юм. За тиймэрхүү л байдалтай байсан юм даа. 1990 оноос хойш төрийн өмчийг хувьчилж байгаа гээд би ер нь энэ хувьчлалыг буруу явагдсан гэж үздэг юм. Хувьчлал зөв явагдсан бол Монгол тэгж их ядуурахгүй байсан байх. За МАА, ХАА –г хувьчлалаа гэхэд ганц нэг юмаа авч хоцорсон бол ингэтлээ ядуурахгүй байсан юм. Тэгэхээр энэ хувьчлал буруу явагдсан байгаа юм. За яахав орон сууц хувьчлагдсан нь хувьчлагдсан байх. Би зах зээлийг буруу гэж боддоггүй юм. Гэхдээ үйлдэл нь буруу байхгүй юу.
Баасанхүү -
Арга нь
Оросоо -
Арга нь буруу байсан. Туршлага муутай эхэлсэн. Өшөө жаахан туршлага, судалгаатай эхэлсэн бол манайх шиг цөөхөн хүн амтай улс ийм ядуу байх ёс байхгүй л дээ.
Баасанхүү -
Тэгээд бас нийгмийн баялаг нь их байсан юм шиг байгаа юм тиймээ?
Оросоо -
Нийгмийн баялаг их байсан. Тэр их баялаг, алт, зэс ухаад байгаа тэр нинжа гэж яриад байгаа чинь эхнээсээ хувьчлал маань буруу эхлэчихсэн байна шүү дээ. Хүмүүсээ ажилгүй болгосноос болж байгаа байхгүй юу. Үйлдвэр комбинат гээд 2000,3000 ажилчинтай үйлдвэрийг хувьчлахад сайндаа тэр 3000-гаас 300 нь ажилтай үлдээд бусад 2000 гаруй хүн ажилгүй гудамжинд гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж хүн ажилтай байх вэ дээ. Эмэгтэйчүүд гэхэд 4-өөс дээш хүүхэдтэй бол нас хамаарахгүйгээр тэтгэвэрт гаргаад хаячихсан. Тэр бүгдээс болж ажилгүйдэл анх гарч ирсэн байхгүй юу. Эхэлсэн арга нь их буруу байсан. Түүнээс биш зах зээл нь жамаараа явсан л даа. Социализмыг давж туулах ёстой байсан байх л даа. Гэхдээ одоо социалист орон 3 дөрөв байх шиг байна. Хятад, Хойд Солонгос, Куба энэ улсууд бол өөрсдийгөө зөв аваад яваад байна ш дээ. Ялангуяа Хятад энэ олон хүн амыг хоол ундтай нь аваад яваад байж болж байна ш дээ. Хятадад ядуу хүн байдаг юм уу? Байхгүй юм шиг байгаа юм. Тэгэхэд Монгол 2,6 сая хүнээ хооллож ундалж чадахгүй байна шүү дээ. Удирдлага нь чинь муу ерөөсөө буруу эхэлчихсэн байгаа байхгүй юу.
Баасанхүү -
Тэр 90 оны нийгмийн өөрчлөлт гарахад таны амьдралд, таны ажилд ямар өөрчлөлт гарсан бэ?
Оросоо -
Тэгэхэд манайх 300 ажилчинтай байсан. Тэгээд 150 гаруйг нь цомхотгоод
Баасанхүү -
Хүчээр үү?
Оросоо -
Шууд хүчээр 20-иос дээш жил ажилласан яг эрч хүчтэй ажиллах тэр үе дээр нь гаргаад хаячихсан. Тэгэхээр чинь үйлдвэр албан байгууллагууд хуучин шигээ тогтвор сууршилтэй ажиллаж чадахгүй шүү дээ.
Баасанхүү -
Жинхэнэ бэлтгэгдсэн, боловсорсон хүмүүсээ гаргаад хаячихсан.
Оросоо -
Тийм гаргаад хаячихсан. Тэгээд мэдэхгүй чадахгүй хүмүүс очоод өөрөөр хэлбэл 150 хүн гаргачихаад 1 залуу хүнд 3 дөрвөн хүний ажил аваачаад өгчихсөн. Тэгэхээр тэр залуу хүн чинь тийм их ажлыг орлоод аваад явчихаж чадахгүй. Тийм учраас Монголын нийгэм тэр чигтээ нуралтын байдалд орчихсон.
Баасанхүү -
Төсөвийн цомхотгол хийсэн гэж яригдаад байдаг түүнтэй холбоотой юу?
Оросоо -
Тийм тийм
Баасанхүү -
Хүмүүсийнхээ цалинг тавьж өгч чадахаа байгаад төсвөө хэмнээд
Оросоо -
Тэгсэн байхгүй юу даа. Цомхотгол чинь үндсэндээ буруу байсан байхгүй юу. Ардчиллыг анх үүсгэж байсан улсууд ч гэсэн яг улс төр гэж юу байдгийг мэдэхгүй байсан байхгүй юу. Монголд улс төр гэж юу байдаг талаар мэдэхгүй хүмүүс гаргаж ирсэн шүү дээ. Тэд нар чинь барууны орнуудаар явж үзээгүй улс ерөөсөө Оросыг дуурайгаад л тэсрээд гараад ирсэн улс түүнээс биш яг ингэж явдаг юм байна. Америк ингээд явчихсан юм байна. Солонгос ингээд хөгжсөн юм байна гэсэн А гэх мэдлэггүй өөрийнхөөрөө ингээд хашгираад байвал ингэх юм байна гэсэн хүмүүс. Ардчиллаа эхлүүлсэн ч гэсэн зөв аваад явах ухаан байхгүй. Ардчилал гэдэг чинь ил тод байх ёстой гэнэ. Эрх чөлөөтэй байх ёстой гэнэ гэсэн ойлголттой хүмүүс л зүтгээд байсан болохоос биш үүнийгээ ингэчихье үйлдвэрээ ингэж хувьчилъя энэ ажилчдаа ингээд аваад явчихъя гэсэн зөв удирдагч, зөв эдийн засагч байгаагүй. Байсан нэг нь социализмын үеийн хүмүүс болохоор тэднийгээ буруутгаад
Баасанхүү -
Коммунист гэж үзээд?
Оросоо -
Тийм тэднийгээ Коммунист гэж үзээд үгийн аваагүй. Зөвөлгөө ч аваагүй. Заавар ч аваагүй тэгээд хамгийн гол алдаа чинь энэ ингэж л алдаж байсан.
Баасанхүү -
Та 1993 он хүртэл ажилласан гэсэн ш дээ. Тэгэхэд 91,92 онд сэлбэг захиалах ажил чинь доголдсон уу?
Оросоо -
Доголдсон. 1990 оноос Оросын цэргийн ангиудыг татаад 1995 он гэхэд гарч дууссан л даа. Тэд ч гарч дуусаад Оросууд Монголд юм өгөхөө байсан ш дээ. Тэгээд урдаас өр нэхээд суучихсан. Манайх нь яаж ч чадахгүй. Өр яригдаж яригдаж сая нэг юм дууслаа шүү дээ. Манайхан чинь гэсэн Оросуудыг гаргахдаа тодорхой шалгуур тавиагүй гаргачихсан.
Баасанхүү -
Оросуудыг хүчээр гаргасан юмуу? Хөөж
Оросоо -
Хүчээр гаргасан. Хөөж тэгэхэд Герман гаргахдаа хот тосгоныг нь бүрэн гүйцэд хүлээж аваад тэндээ хүнээ суулгаад ажиллаж байсан. Үйлдвэр дээр нь хүнээ ажиллуулаад. Тэгж авч үлдсэн. Манайх бол тэгээгүй үлдсэн юм нь балгас болоод үлдсэн
Баасанхүү -
Оросууд түүнийгээ аваад явах хэцүү тэгээд л хоёрын хооронд тоногдоод үлдсэн тиймээ?
Оросоо -
Багануур, Багахангай, гоё гоё хотууд нэг ёсондоо балгас үлдсэн шүү дээ. Цонхын хагалаад, дуртай нэг нь хаалгын өшиглөж ороод эд тавилгыг нь тоноод ванн жорлон бүгдийн аваад хичнээн сайхан хот байлаа. Бусад орнууд тэгэээгүй ангийн нүүлгээд оронд нь монголчуудыг оруулдаг. Энд ийм үйлдвэр байсан шүү ингээд ажиллуул та нар үйлдвэр комбинатаас гарч байсан 3000 хүнээ 150-ийн тэнд аваачаад тавьчих ёстой байхгүй юу.
Баасанхүү -
Үйл ажиллагаагийн зогсоохгүйгээр тиймээ?
Оросоо -
Зогсоохгүй. Тэгээд байшингийн хүлээлгэж өгөөд чи үүнд ор гээд үнэгүй байшинтай болгочихгүй. Хөдөө газар агаар ус хичнээн сайхан. Тэр улсууд очоод амьдралаа аваад явчихна. Тэгэхэд тэгээгүй аваачаад тоноод дээрэмдээд нураагаад сүйтгээд эвдээд дуртай болгон ийш тийш аваачиж ачаад барилгын нураахын нураагаад сүйтгэхийн сүйтгээд
Баасанхүү -
Тэр үед хожих нэг нь хожсон.
Оросоо -
Хожилгүй яахав. Хожсон улсууд бий л дээ байлгүй яахав. Зарим оросууд гэрийнхээ тавилгыг тэр чигт нь орхиод явж байсан. Тэр бүгдийг байшингийн эвдээд авсан. Монгол зохион байгуулалттай бодлого явуулсан бол тэр сайхан хотууд хот чигтээ үлдэх байсан. Балгас болчихсон байхгүй ш дээ.
Баасанхүү -
Одоо энэ орон гэргүй хүмүүс түүний дараа гарч ирсэн тиймээ?
Оросоо -
Тэгэлгүй яахав. Траншей гэдэг чинь тэгж л гэрч ирсэн. Тэнэмэл хүүхэд гэдэг чинь тэгж л гарч ирсэн. Ажилгүй улсууд хятадаас өвгөнт зөөгөөд
Баасанхүү -
Ардчилал гээд хүмүүс бужигнаж байхад та яаж хүлээж авсан?
Оросоо -
Би түүнийг сайнаар хүлээж авсан. Ардчилалыг зөв юм гэж яахав социализмын үед том дарга нарыг шүүмжилж болдоггүй. Шүүмжилбэл буруутдаг хүний өөдөөс зоригтой шүүмжлэл хэлж болдоггүй тийм байсан үе. Түүнийг чинь ингээд үг хэлж болох юмаа гэдэг эх суурийг тавьж өгсөн. Ингээд шүүмжилж болдог юм гэдэг эхлэл тавьж өгсөн. Би тухайн үедээ ардчилалыг их үнэлж байсан. Ардчилалыг дэмжиж явсан. Гэхдээ арга аргачилал их муутай тодорхой мэдлэг муутай хүмүүс байгаа юм. Зөв аятайхан эхлээд явсан бол монгол өдийд социализмаасаа дөнгөж гараад ардчилал руу ороод бар болчих байсан юм биш үү. Олигтой эхэлсэн бол. Жолооч машинаа, саальчин үнээгээ хувьчлаад авчихсан байшинтай хүн байшингаа хувьчлаад авчихсан тийм байсан үе. Үйлдвэр хувьчлахад маш олон ажилчин ажилгүй болсон. Түүн дээр цэргийн ангийнхан байдаг юм. Өөрийн гэсэн үйлдвэр байхгүй, өөрийн гэсэн өмч байхгүй. Ганц тушаалаар явж байсан. Чи гар болоо, чамд хэдэн төгрөгний тэтгэвэр өглөө болоо. Хөдөө аж ахуйнхан алдаагүй гэж боддог. Яагаад гэхээр саалийн 5 үнээтэй, шөл уух хоньтой, унах морьтойн гаргасан. Тэд нар өөрсдөө арчаагүйдээ муудсан. 1990 оны үед мөнгө төгрөг муу байсан. Мөнгөний ханшны уналт айхтар юм гарч ирсэн. Түүнээс болоод хэдэн малаа хямдхан өгчихөөд тэр нь их мөнгө юм шиг санагдаад тэгээд ажилгүйдэл гараад ирсэн. Хамгийн их хохирсон хүмүүс үйлдвэрийн ажилчид цэргийн ангийнхан хоёр. Одоо ч тэгж харагддаг юм. Зохион байгуулалттай зөв явагдсан бол Монгол их дордохооргүй байсан. Хамаг юмаа ухаад гол горхио ширгээгээд тэгээд дараагаар нь гадны хөрөнгөтэй компаниудад монгол хүний нэр дээр өр тавиад тэр нь авилгал болоод хэн ч гэсэн тэгнэ шүү дээ. Чамд тэрбум төгрөг өгье чи нэг сайхан алтны уурхайн лиценз аваад өг гэдэг. Тэр нь Монгол хүний нэр дээр байж байдаг. Ухаад байгаа хүн гадаадын хүмүүс байдаг.
Баасанхүү -
Ашиг нь гадагшаа яваад байдаг.
Оросоо -
Ашиг нь гадагшаа яваад байдаг. Монгол хүнд шингэхгүйгээр усдаад байдаг. Гадны хүн чинь шороог нь эргүүлээд ганц зүлэг суулгая гэж бодохгүй шүү дээ. Авдагаа аваад хаяад яваад өгдөг. Аль болох хурдан ухаад авахыг бодно шүү дээ. Хордох бол хамаагүй мал нь үхнэ үү хүн нь үхнэ үү хамаа байхгүй.
Баасанхүү -
Өөрсдийнх нь эх орон биш учраас
Оросоо -
Эх орон нь биш учраас гол горхи нь ширгэнэ үү хамаа байхгүй юмаа аваад л шулуухан зайлахыг бодно. Ийм ийм айхар алдаа гаргасан байхгүй юу. Ийм алдаанаас болоод Монгол хамаг юмаа дуусгаж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.