Orosoo


Basic information
Interviewee ID: 990082
Name: Orosoo
Parent's name: Zana
Ovog: Merged
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenebulgan sum, Hövsgöl aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
military
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Өнөөдрийн асуултаа таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт өгсөн тийм юм болж байсан уу?

Оросоо -

Байлгүй яахав. 7-р ангиа төгсөөд техникумд оюутан болж ирж байсан үе бол цаашдын амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн. Тэр мэргэжил миний амьдралд цаашид нөлөөлнө. Политехникум бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Түүнээс хойш сайн ч юм бий муу ч юм бий янз янзын мартагдашгүй зүйл олон тохиолдож л байсан л даа. Гэхдээ өдий хүртэл амьдрах амьдралын арга ухаан сургасан цэргийн амьдрал юм. Байлдагч цолтой ирээд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан хүн дээ. Энэ хоёрын хооронд сайн муу, сайхан муухай зөндөө л юм үзсэн. Шагнал урамшил ч их авсан. Хамгийн эхлээд би Тэргүүний залуу алтан медаль авсан. Атар газар эзэмших билүү юу гэж байсан билээ тэр үед атрын ажилд оролцоод тэр аянд сайн ажилласан гэж ард байхдаа авсан анхны шагнал. Цэрэгт ирээгүй байсан үе чамд нэг зураг харуулна. Энд байгаа. Үүнийг уншаарай

Баасанхүү -

1968 оны 7 сарын 28 гэнэ. Сүхбаатар хот

Оросоо -

Усан онгоцоор явж байгаа. Энд би хаана байна?

Баасанхүү -

Хөвсгөл аймагт уу?

Оросоо -

Үгүй Сэлэнгэ аймагт энд Сэлэнгэ гэж байгаа биз дээ.

Баасанхүү -

Өө тийм байна. Сэлэнгэ мөрөнд ийм онгоц бас байдаг юм уу?

Оросоо -

Сэлэнгэ чинь гоё онгоцтой ш дээ. Түүгээр аялалаад Байгаль далай үзнэ. Тэгнэ.

Баасанхүү -

Илгээлтийн эзнээр яваад ?

Оросоо -

Илгээлтийн эзнээр яваад энэ шагналыг авсан юм. Энэ альбомыг тэгэхэд надад дурсгаж өгч байсан юм. Үйлдвэрийн тамгатайгаа.

Баасанхүү -

Сэлэнгэ аймаг дахь ямар юу гэнэ үү?

Оросоо -

Мод боловсруулах комбинат гэж байгаа юм. Модны үйлдвэр гэсэн үг. Түүнээс хойш 2 сарын дараа би цэргийн ангид ирж байсан юм. Миний зургууд наагуур чинь зөндөө байгаа.

Баасанхүү -

Тийм байна. Энэ шинэ жилийн зураг байна. Цэргийн ангиудын гол баяр нь цэргийн баяр уу?

Оросоо -

Цэргийн баяр одоо ч гэсэн би цэргийнхээ баярыг тэмдэглэж байгаа. Тэмдэглэхгүй байж болохгүй тэгээд тэмдэглэдэг юм.

Баасанхүү -

Энэ одоо хэдий үеийн зураг вэ?

Оросоо -

Офицер болсны дараах зураг. Тэгээд би офицер болсны дараа олон ажил давхар хашиж байсан юм. Янз янзын албан тушаалын биш. Нэг удаа манайхан бүгд амраад явчихсан байсан. 3-уулаа үлдсэн байсан. Тэгэхэд манай ар талын дарга амраад явахдаа ажлаа өгчихсөн байсан. Тэгж байтал барилга орон сууцны дарга ажлаа өгчихөөд явчихлаа. Хүнсний дарга ажлаа өгчихөөд явчихлаа. Би 3 хүний ажил өөрийнхтэйгөө 4 хүний ажил хийж байлаа. Тэгтэл сайд ирж байна гэж дуулдлаа.

Баасанхүү -

Амралт гэдэг нь ээлжийн амралт уу?

Оросоо -

Тийм. Бид 3-4-үүлээ үлдэж байгаа юм. Бусад нь бараг бүгд намар амраад явчихдаг. Өвлийн бэлтгэлээс өмнө. Тэгээд байж байтал сайд ирнэ гэж дуулдаж байна. Арын албаны даргыг дуудаад ир гэж байна гэнэ. Таныг дуудаж байна гэж байна. Яваад орлоо. Надаас хоол хүнсний юм баахан асууж байгаад цэргийн хоол хүнс ямар байна, мах шөл ямар байна гээд асууж байна. Тэгээд явуулчихлаа. Удаа ч үгүй байж байтал хувцасны даргыг дуудаж байна. Таныг дуудаж байна гэнэ. Яваад орлоо. Тэгтэл нэлээд харж харж байснаа чи яахаараа ийм олон ажил хийдэг хүн вэ гэж байна. Олон ажил гээгүй юм. Чи яахаараа ийм олон талын мэргэжилтэй хүн вэ гэж байна. Би манайх амраад явчихсан байгаа би 4 хүний ажил хийж байна даа гэлээ. Тэгтэл нэг онигоорхуу юм болчихгүй юу. Орсоор байгаад. 4 дахиж дуудсан 4 өөр дүрд хувираад орж байсан гэж онигоонд орсон. Тиймэрхүү инээдмийн юм их тохиолдоно. Хамгийн сайхан үе 1974 он байхаа. 1974 онд Эрдэнэсантын САА-д хөдөлмөрийн баатар улсын ургацын комиссын дарга Жамъян гээд өвгөн одоо амьд байгаа даа. Тэр өвгөний удирдлага доор штабын даргаар ургацын комисст явдаг юм. Тэр үеийн жолооч нар их хатуу шаардлагатай кузовны хажуугаар шүдэнзний мод орох зай байх ёсгүй. Зай гарах юм бол будаа асгарна. Тэгж нарийн чигжинэ. Тэгээд битүү брижетэн бүтээлэгтэй. Тэгж яваад миний хариуцаж байсан тэр хэсгээс нэг ч будаа унаагүй. Газраар будаа унах юм бол бор шувуу зам дагаад жагсчихдаг байхгүй юу будаагийн түүж идээд улсын комисс яваад үзэхэд 4-р бригадын замд юу ч байхгүй байна гэж байгаа юм. Тэр бригадыг би хариуцаж байсан. 11сарын 20 нд буугаад ирсэн улсын комисс засгийн газрын ордонд хуралдаад би ордонд огт орж үзээгүй байсан. Тэгээд тэр хурлын том танхимд ороод байж байсан. Цэдэнбал дарга орж ирээд нарийн бичгийн дарга нь Готов гэж байсан. Готов дарга баахан зарлиг уншаад Бал дарга одон медаль гардуулаад тэгээд байж байсан чинь миний нэр дуудаж байна. Мөн ч юм уу биш ч юмуу буруу сонссон байж магадгүй гээд сууж байсан чинь дахиад дуудаж байна. Мөн байна. Гараад очсон чинь алтан гадас одонгоор шагнаад төрийн ордонд Бал даргын гараас авсан миний хамгийн том шагнал. Энэ бол үнэхээр баяртай үйл явдал байсан. Тэгээд хүний амьдралд янз янзын зүйл олон тохиолдож байдаг. Би бас бие их муутай эмнэлэгт байнга хэвтэнэ.

Баасанхүү -

Ажиллаж байхдаа юу?

Оросоо -

Ажиллаж байхдаа залуу насандаа хүйтэн цастай мөстэй газар хэвтэж засвар үйлчилгээ хийж явсан учраас нуруу ууцны өвчтэй болсон. Сүүлдээ гайгуу болсон Өвөрхангайн Хужиртын рашаанд яваад гайгуу болсон. Одоо ч юу ярих вэ дээ. Ажиллаж байсан ажлаа ярьчихлаа.

Баасанхүү -

Таны амьдрал бусад хүнийхээс ялгагдах онцлог юу вэ?

Оросоо -

Хүмүүсийн амьдралаас юугаараа онцлог вэ гэхээр энгийн хүний амьдрал, цэргийн хүний амьдрал хоёр чинь өөр шүү дээ. Энэ л онцлог тал байх. Цэргийн хүнийг шөнийн 1цагт дуудсан ч очиж л байдаг. Энгийн хүнийг шөнийн 1цагт дуудахад очихгүй шүү дээ. Маргааш болъё гэж хэлнэ. Цэргийн хүнд тэгж хэлэх эрх байхгүй. Үүндээ гол онцлог байдаг юм. Цэргийн хүний онцлог нь тэр хаана ажилла гэнэ тэндээ байж л байх ёстой. Албан хаагч нартай адилхан өглөө очоод хийчихнэ. Тийм юм байхгүй. Намайг шөнийн 1 цагт дуудаад хаа байсан. Говь Алтай Дорнод хаашаа яв гэнэ. Тийшээ явна.

Баасанхүү -

Тэгж явж ч байсан уу?

Оросоо -

Халх голд шуурга болоод шөнийн 3 цагт нисэж байсан. Цэрэг төөрөөд нисэж байсан.

Баасанхүү -

Тэгээд тэр цэргээ хайгаад

Оросоо -

Миний хайх гэж юу байхав дээ. Хойноос тэр хүн эрсдэж үү? Үгүй юу? Хайж байна уу хайхгүй байна уу ? хойноос хянаж байдаг. Зөв зохион байгуулж байна уу ? үгүй юу? Холбоо барьж байна уу ? тэгээд би тэр үйл ажиллагааг удирдаж явж байгаа учраас ирээд рапорт өгнө. Тэгж ингэж зохион байгуулаад тэгж оллоо. Хэдэн тооны мал уруудаад, хэдэн тооны цэрэг хил давахаас нь өмнө зогсоолоо гэдэг ч юмуу. Тэр бүгдийг тодорхой бичихийн тулд хүн явуулдаг байхгүй юу. Тэр бүхнийг нүдээр үзэж байж бичдэг. Тийм байсан юм. Одоо бол мэдэхгүй. Одоо явъя гэсэн ч унаа байхгүй болчихсон юм биш үү? Тэр үед бүх юмыг хангадаг байсан. Ухаандаа эндээс унаа хөлөглөөд явж байна. Манайх чинь нисэх онгоцтой унаа тэрэгтэй байсан.

Баасанхүү -

Таны цэргийн салбарт ажилласан гол бахархал юу вэ? Хувийн амьдралын гол бахархал юу вэ?

Оросоо -

Бүх насаараа Монгол улсын хил хамгаалах газар ажилласан маань гол бахархал юм. Би эх оронтой хүн тэр эх орныхоо хилийг хамгаалж явсан гэж бодохоор зэрэг сайхан байдаг. Хамгийн гоё юм чинь тэр. Манайх их том хилтэй. Уул ус говь тал хосолсон. Их л гоё газар шүү дээ. Урд талаар Хятадын талаар говь оросын талаараа хангай уул нуруудтай. Тэр бүгдээр явж үзсэн. Онгоцоор яваад харах нэг өөр машинаар газраар явахад нэг их юм мэдэгдэхгүй. Дээрээс нь харахад их гоё. Онгоцоор яг хилийн зурвасаар явахаар их гоё харагдана. Дээрээс харахад гөрөөс их харагдана. Одоо харагдахаа больчихсон юм шиг байна лээ. Хятадууд ч алаад байх шиг байна. Монголчууд өөрсдөө хулгайлж идээд дуусаж байгаа юм шиг байна лээ. Асар баян орон байхгүй юу.

Баасанхүү -

Дээрээс харахаар газрын зураг дээр хавтгай харагддаг шиг харагдах уу?

Оросоо -

Яг тэгж харагдана. Ямар гүйцэт харах биш. Говь Алтайн нутаг гэхэд газрын зураг дээр харахад тахир махир юм ингээд гараад ирнэ ш дээ. Говь Алтайгаас наашаа яваад Өмнөговийн нутаг руу ороод ирэхээр энэ тохиргоон ингэж хотойх уу гээд үүнийг нийлүүлэх юм бол монголын газрын зураг гараад ирнэ. Тэнгэрээс хараад бүгдийн авчихна гэсэн юм байхгүй. Том болохоор

Баасанхүү -

Хилийн зурвас хаана явж байна тод харагдах уу?

Оросоо -

Тод харагдана. Тэр аль аймгийн нутаг байна яг л тэгж харагдана. Хотгор гүдгэрээр нь гараад ирнэ. Зөвхөн улсын хил дээр явж байгаа учраас оросын хил рүү хятадын хил рүү гарч болохгүй. Маш нарийн явна. Машинаар явлаа гэхэд баруун тийшээ явж байлаа гэхэд баруун гар талд машины ганцхан зам байдаг байхгүй юу. Хилийн замаар явахад энэ талын дугуй хятадын нутагт явж байгаа энэ талын дугуй монголын нутагт явж байгаа байхгүй юу. Улсын хил 2 дугуйны хоорондуур байна. Түүнээс гарах эрх байхгүй. Тэгээд улсын хилийн багана дээр очино.

Баасанхүү -

Хилийн шон гэхгүй багана гэдэг юмуу? Тэр баганууд хоорондоо хэр зайтай байдаг вэ?

Оросоо -

1км зайтай байдаг юм

Баасанхүү -

Аа 1км зайтай байдаг юм уу?

Оросоо -

2 баганы хоёр талд бичигтэй нэг талд нь БНМАУ одоо бол МУ нөгөө талдаа БНХАУ гэж бичсэн байдаг. Хятадын машин цаанаас хүрч ирээд ингээд

Баасанхүү -

Зориулалтын хил эргэх зам гаргасан байдаг юм байна тиймээ?

Оросоо -

Тэгнэ. Харуулууд нь морьтой тэмээтэй янз янз л явна даа. Хориотой бүс дотроо

Баасанхүү -

Ийм байдаг юм шиг байгаа юм тиймээ хилийн зурвас байлаа гэхэд дотогшоо 30 км нь хориотой бүс байдаг юм шиг тиймээ? Харуулаас өөр хүн орж болохгүй юу тиймээ?

Оросоо -

Орж болохгүй. Хориотой бүс дотроо тор татчихсан байдаг. Хориотой бүс нь газрын тэгшлээд трактораар шувуу явсан ч мөр нь харагдаж байхаар хилийн харуул чинь тэр мөрийг байнга харж явдаг. Тэрүүгээр үхэр гараад явчихсан байна. Хаана тор тасарсан байна түүнийгээ шалгаад явдаг. Хил нэвтэрсэн этгээд байх юм бол мөрөөр нь олдог. Морьтой хүн явсан байна уу? Зүгээр адуу яваад өнгөрсөн байна уу тэр бүгдийг тогтоож байдаг. Тийм нарийн байдаг юм. Тэгж л хил хамгаална шүү дээ. Одоо бол бүр сайхан болсон юм шиг байгаа юм. Тэр үед 25 метр өндөр манааны путик дээрээс дурангаар харна. Тэр дуран шулуун газар 5 км бартаатай газар бол 1км дотор хараад байна. Путикгүй газраа тал талаасаа зөрөөд байна. Хоорондох зайн 4 км чи бид хоёр жишээ нь хоёр талаас ирээд зөрөөд яваад байна гэсэн үг. Хаана хэдэн цагт зөрсөн тэр бүгдийгээ тэмдэглээд яваад байна.

Баасанхүү -

Түүнийг хэн тэмдэглэх вэ?

Оросоо -

Өөрсдөө тэмдэглэнэ. Өдрийнх бол яахав зөрөөд зөрөөд хараад явчихдаг шөнийн харуул чимээ сайн чагнах хэрэгтэй. Янз янзын юмтай таарч болно шүү дээ. Хил зөрчигч нар хулгайч нар их байсан. Одоо бол тийм юм байхгүй дээ.

Баасанхүү -

Урд зүгт гайгуу байж магадгүй тиймээ? Уул мод байхгүй. Хойд зүгийн хил хамгаалахад яахав.

Оросоо -

Уулархаг газраар малын хулгай их гардаг. Мал хил гаргадаг.

Баасанхүү -

Аа Тува

Оросоо -

Тува мува сууриар нь хөөгөөд явчихдаг. Модны араар нуугдана. Болохгүй бол буудалцана.

Баасанхүү -

Хилийн багана зурвас модон дотроо л байж байх уу?

Оросоо -

Модон дотроо л байна. Хойд талын хил дандаа модон дотор хуучин Цагаан хааны үед босгосон овоо байдаг юм. Модоор босгосон одоо орчин үеийн баганууд нь хажууд нь босгосон байгаа.

Баасанхүү -

Цементээр

Оросоо -

Тийм цементээр

Баасанхүү -

Баганадаа ёслож бариад гоё юм байна лээ тиймээ?

Оросоо -

Тийм ёслоно өөр өөрсдийн төрийн сүлдтэй байгаа. Төрийнхөө сүлдэнд ёслож байгаа гэсэн үг. Хамгийн гол бахархал тэр л дээ. Орчин үеийн хилийн цэрэгт цэргийн алба хаасан цэргүүд ч гэсэн их сайхан сэтгэгдэлтэй харьж байгаа л даа.

Баасанхүү -

Эх оронч болоод

Оросоо -

Хилээ манасан гээд улсынхаа хилийг манаж яваад ирлээ гэхээр нэр хүндтэй байдаг. Одоо бол мэргэжлийн хил хамгаалагчтай болчихсон. Тэр үед цэргийн насны цэрэгт татагдсан цэрэг очиж байсан.

Баасанхүү -

Аа цэргийн алба хааж байгаа цэрэг очдог байсан бол Мэргэжлийн ажил болгосон юм байна тиймээ?

Оросоо -

Тийм ажил гэсэн үг. Ихэнх газрууд тэд нар өөрсдөө манана шүү дээ. Гэр орноороо очно. Хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт орчихдог.

Баасанхүү -

Цэргийн хүнийг хаашаа томилно гэр бүл нь ч гэсэн дагаад явах уу? Та яаж байсан бэ?

Оросоо -

Би байнга томилолт авдаггүй байсан. Түр зуурын томилолтоор хил тойроод явдаг байсан. Байнгын албан томилолтоор хилд суух юм бол дагуулаад явна. Дагаад явна.

Баасанхүү -

Социализын үед хүмүүсийн ажилд хандах хандлага өөр байсан. Идэвхтэй чин сэтгэлээсээ гэх мэт. Ардчилсан нийгэмд шилжсэнээр хувьд шилжээд бүх юм өөр болсон гээд хүн бүр л яриад байгаа энэ өөрчлөлт танд яаж анзаарагдсан бэ?

Оросоо -

Энэ ч бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой юм. Социализмын үед ажил бэлэн, авдаг цалин бэлэн, орох орон бэлэн, идэх хоол бэлэн баталгаатай байсан. Ардчилалын үед хүн өөрөө л хөдлөхгүй бол ам нь хөдлөхөө байчихсан. Тийм учраас бэлэн сэтгэлгээтэй байсан хүмүүс өөрөө юмаа хийгээд гараа хөдөлгөөд амаа хөдөлгөөд гэдсээ тэжээн гэсэн ойлголт байхгүй болчихсон. Юм олдвол олдог олдохгүй бол хоосон хонож байдаг. Хоосон хоноод эхлэхээр архи гэдэг юм луу живж эхлэхгүй юу. Ажилгүй улсууд чинь гол нь. Зах зээлийн эдийг засагт буруу шилжсэнээс энэ бүх зүйл гарч ирж байгаа юм. Зөв шилжээд тэр олон ажилгүй болсон хүмүүсийг зөв нийгэмшүүлж чадсан бол архидалт байхгүй байх байсан. Тэгж чадаагүй учир архидалт ажилгүйдэл их гарч ирж байна. Ганзагын наймаачид гүйлгээтэй гээд урдаас пийжүү, өвгөнт зөөж эхэлсэн нөгөөдөхийгөө 30,50 төгрөгөөр өгдөг. Хамгийн хямд архи түүнийг хүн бүр уудаг тийм болчихсон үе тэгээд ажил байхгүй. Үүнээс үүдээд траншейд хонодог хүмүүс ихэссэн. Яагаад гэхээр сүүлдээ болохоо байгаад гэр орноо 5,10 төгрөгөөр өгөөд орон гэргүй болж эхэлсэн. Тэр үед бэлэнчлэх сэтгэлгээг хаяж чадаагүй гарч чадаагүй. Эхлээд та нар энэ үйлдвэр ажиллахаа байгаад ажилгүй болчихвол та нар яаж амьдрах вэ? Гэдгээ сургаж өгөөгүй. Тэр талаар хүний толгойд ухамсар хийж өгөөгүй байхгүй юу.

Баасанхүү -

Социализмын үед хүмүүс баталгаатай амьдарч байсан.

Оросоо -

Тийм. Ажилгүй бол хөөгөөд ажилд оруулчихна. Ажил хийсэн бол цалингийн өгчихнө. Цалинтай хүн аль ч гуанзанд ороод хоол аваад идчихнэ. Юм юм бэлэн байсны нэг хар гай гараад байгаа юм. 1.50-тэй байхад өдрийнхөө хоолыг идчихнэ. 3 төгрөгтэй байхад өглөө автобусанд суугаад өдөр хоолоо идээд орой гэртээ хүрээд ирдэг байсан. 2 дамжаад шүү. 1 төгрөгөнд зөндөө юм ирнэ. Тэр бүгд нь байхгүй болчихоор буруутах тийшээгээ хандаад эхэлж байгаа юм. Ажил олдохгүй хийх гэхээр мэргэжил таарахгүй. Би төр засгийн толгойлж байгаа хүмүүсийн буруу гэж хэлэх гээд байгаа юм. Урдаар нийгэмшүүлэх хэрэгтэй. Ардчилалыг эхлүүлсэн хүмүүс нийгэмшүүлэх хэрэгтэй байсан. Тэгээд ТМС, техникумаа устгаад хаячихсан. Тэр их буруу

Баасанхүү -

Нийгэм солигдоход тодорхой улс төрийн хүрээний ч юмуу сэхээтнүүд илүү утга учрын ойлгож байсан болохоос ард түмэн ойлгоогүй байсан юм шиг байна лээ?

Оросоо -

Ойлгоогүй байж байгаад ийм байдалд орчихож байгаа юм чинь. Манай улс төрчид хамгийн байян байгаа ш дээ. Тэр улсууд мөнгөний ханш унагаж байгаад 2-3 банк дампууруулаад хуваагаад идчихлээ. Мэдэж байгаа учраас ард бол мэдэхгүй ш дээ.

Баасанхүү -

Одооных шиг шаарддаггүй. Тэр үед дээгүүр болж байгаа юм хаалттай сонирхдоггүй ажлаа хийгээд явж байдаг.

Оросоо -

Хуучин үед хүнээ ялгаварлахгүй 5 цаас өгөх ёстой гэсэн бол өгч л байдаг байсан. Зах зээлд надад өгөх чамд өгөх 5 цаасыг өөрсдөө авчихаж байгаа юм. Яаж ийж байгаад олоод авчихна. Өмч хувьчлал гээд ягаан тасалбар гэдэг юм гаргаж ирээд тэр нь ямар ч үнэлэмж байхгүй.

Баасанхүү -

Ягаан тасалбарын учрыг би сайн ойлгодоггүй юм юу байсан юм вэ?

Оросоо -

Хувьцаа байсан юм. Одоо хувьцаа аваад явж байгаа хүн байхгүй. Дээр үед 500 цаасаар өгөөд дуусгачихсан. Одоо тэр улсууд 500 төгрөгөөр хувьцаа худалдаж аваад том том үйлдвэрийн эзэн болчихоод байж байна.

Баасанхүү -

Мэдээлэлтэй байсны ачаар тийм үү?

Оросоо -

1-рт мэдээлэлтэй байсан. 2-рт энэ хувьцаа аваад тэгнэ гэдгээ ойлгочихсон байсан. Тийм учраас идэх аргаа хамгийн түрүүн гаргасан байхгүй юу. Цагаан загас шиг толгойтой монголчуудыг ингэхэд болно доо гэсэн бодолтой байсан. Тэр үед муу санаагүй байсан ш дээ. Төрд итгэчихсэн. Төр ард түмнээ хаяхгүй гээд бодчихсон. Хэлэх хүн байхгүй хэлэх хүнгүй болохоор нөгөө хүн чинь хөлөөрөө толгой хийсэн ч дураараа явна шүү дээ.

Баасанхүү -

Нийгэм солигдсоноос хойш цэргийн салбар яаж өөрчлөгдсөн бэ?

Оросоо -

Маш их цомхотгол хийсэн. Олон сайхан мэргэжилтэнгүүд тэтгэвэртэй гарч ямарч хийх ажилгүй болсон. Цэргийн салбар дотроос архичин ч олон болсон байх. Гудамжинд гарчихсан. Цэргийнхэн бол өмсөх хувцастайгаа хөөгдсөн шүү дээ. Өөр юм байхгүй.

Баасанхүү -

Цэргийнхэн тушаагаад доороо цэргүүдтэй тийм байсан хүмүүс тэтгэвэрт юмуу ажилгүй болохоор их хямардаг гэж би сонсож байсан?

Оросоо -

Тийм л юм даа. Цэргийн хүмүүс энгийн газар очоод хийх ажил байдаггүй. Танкийн мэргэжилтэй би яах юм. Их бууны мэргэжилтэй хүн хөдөө аж ахуйд очоод юу хийх юм. Тийм учраас таардаг мэргэжил байдаггүй. Тэгээд сэтгэлээр унадаг байхгүй юу. Тэгээд гудамжинд гарч байгаа нь тэр. Цэргийн мэргэжил тусгай мэргэжил гэж явдаг. Байлдааны цагаан онгоц жолооддог хүн юу хийхэв. Цэргийн мэргэжил ховор мөртлөө улс ардын аж ахуйд хэрэг болдоггүй мэргэжил. Тэгэхдээ чухал. Малын эмч хүний эмч бол хамаагүй эмнэлгийн газар мал аж ахуйд очоод ажиллачихна. Тусгай мэргэжил бол тийм юм байхгүй. Гэртээ суухаас өөр аргагүй.

Баасанхүү -

Хэзээнээс цэргийн албыг нэг жил болгосон юм вэ?

Оросоо -

1990 оноос хойш

Баасанхүү -

Амихандаа улсын зардал хэмнэж байна гэсэн үг үү?

Оросоо -

Зардал хувцас их юм хэмнэгдэнэ. 3 жилийн цэрэгт хувцас гэхэд өвөл зуны 3 ээлжийн хувцас байсан. Нэг жилийн цэрэг ганц л хувцас өмсөнө. Хавар намар 2-ыг өмсөөд халагдчихна. Өвлийн цэрэг өвлийн хувцас өмсөөд халагдчихна. 3 жилийн цэрэг бол 3 өвлийн 3 хавар 3 намрын гээд зардал маш их гарна. Цэргийн мэргэжил хэцүү бөгөөд ховор мэргэжил, хариуцлагатай. Цэргийн улс төрийнхөн бол өөр л дөө.

Баасанхүү -

Цэргийн улс төр гэж бас байх уу?

Оросоо -

Байдаг юм.

Баасанхүү -

Цэргийн алба хувь хүнийг хариуцлагатай, зохион байгуулалттай, чадварлаг болгодог юм шиг байгаа юм?

Оросоо -

Тэгнэ.

Баасанхүү -

Хүнд нөхцөл гээд эрт юу яадаг гэсэн тийм ээ?

Оросоо -

тэтгэвэрийн хугацаа эрт байдаг. Ер нь бол 60 шүү дээ. 55-60 офицерийнх дунд мэргэжил бол 45-50. Голдуу заасан жил нь 25. 25 жил болоод тэтгэвэртээ гарна. Залуухан гардаг нөхдүүд чинь анасамбель, үлээвэр хөгжим тэд нар их эрт тэтгэвэрт гарна.

Баасанхүү -

Яагаад

Оросоо -

25 жил болоод. Эрт орно. Зарим нь 12-тай зарим нь 10-тай орсон хүүхдүүд яагаа ч үгүй гарчихна. Ялангуяа үлээвэр хөгжмийнхөн.

Баасанхүү -

Би цэрэг гээд байгаа болохоос зэвсэгт хүчин гэнэ тийм ээ? Монгол улсын зэвсэгт хүчин хил хамгаалал байна. Барилга байна. Анасамбель гэдэг чинь урлагийн талыг яриад байгаа тийм үү? Өөр юу юу байдаг вэ?

Оросоо -

Зэвсэгт хүчний талаар ярьж болж байна. Дотоодын цэрэг, цагдаа, тагнуулын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Батлан хамгаалах яам гэдэг чинь тусдаа бие даасан том байгууллага зэвсэгт хүчний жанжин штаб гэдэг нь яамаа захирч явдаг ганц газар нь Батлан хамгаалах, Хил хамгаалах хоёр чинь үүрэг нь зөрөөтэй байдаг юм.

Баасанхүү -

Ерөнхий статус нь өөр уу?

Оросоо -

Ойролцоо гэхдээ зарим юман дээр зөрнө. Хийдэг ажил нь өөр үүрэг нь ч өөр болчихож байгаа юм. Батлан хамгаалахын бэлтгэл хил дээр байдаг юм. Тэр нь яахав гэхээр хил рүү дайсан довтоллоо гэхэд араас хамгаалж туслаж байх үүрэгтэй. Эх орноо алдахгүй гэсэн үг. Тийм байдаг юм.

Баасанхүү -

Гоё ярилцлага өгсөнд баярлалаа үнэхээр гоё ярилцлага боллоо.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.