Oyuntsetseg
![](../assets/images/interviewees/990130.jpg)
Basic information
Interviewee ID: 990130
Name: Oyuntsetseg
Parent's name: Tsedev
Ovog: Bulgat zaan
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired / factory worker
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
work
foreign relations
new technologies
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
woolen textile factory
worker
informal culture in factories
employment criteria
Party member
salary - incentives
family
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө тухай болон ажил, амьдралын түүхээсээ танилцуулахгүй юу?
Оюунцэцэг -
Аан, Би 1950 онд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн. Тийм, одоо 68 тай. Би 1958 онд анх Төмөр замын 20 дугаар сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Аан тэгээд явж байгаад 1968 онд юу яасан, 28 дугаар сургуулийн 10 дугаар анги төгсөөд тэгээд тэндээсээ Ноосон нэхмэлийн үйлдвэрт ажилчинаар орсон. Тэгэхэд бол хамт олны дунд эхлээд ороход их гоё байсан л даа. Комбинатын хаалгаар чинь олон улсууд цуваад л цаг магийг чинь сайхан нарийн бариад л, өглөө эртлэн босоод л ажилдаа очоод л их гоё байсан. Тэгээд тэнд хамт олонтойгоо ажиллаад тэр үед чинь жаахан жаахан охидууд л байлаа ш дээ. Тэгээд их хөгжилтэй, үдэшлэг уулзалт их зохионо, хурал цуглаан их хийнэ. Тэгээд л тэнд чинь их гоё байсаан. Эвлэлийн үүр энэ тэр чинь их сайхан ажилладаг байлаа ш дээ, тэгээд л татвар матвараа төлөөд л. Тэгээд л хагас сайн өдөр болгон сонин уншлага хийгээд л, 7 30 д хийгээд л. Тэр сонсгол дээр чинь их сонирхолтой юм ярина аа, тэгээд л дандаа тэр урлагын авьяастай тийм улсуудыг авч ирж сонирхолтой зүйл яриулаад л. Тэгээд тэд нартай сайхан яасан гээд л үйлдвэр аж ахуйн газар чинь гоё бэлэг мэлэг өгөөд л урамшуулаад л. Тэр нь их гоё санагддаг байсан. За тэгээд 4 дэх өдөр чинь лекц гээд л бас ажил тарсаны дараа бил үү бас нэг 30 минут хийгээд л. Тэр үед чинь ерөөсөө их бүртгэлтэй, нарийн. Тэрүүгээр чинь одоо нөгөө бас коко, урамшуулал цалин энэ тэр чинь их холбоотой. Тэр чинь, тэр үед их идэвхитэй тэр үеийн хүүхдүүд тийм гоё байсан юмдаа. Тэгээд л суботник энэ тэр их хийнэ ээ, тэгээд л “Ленинч шүүлэг” энэ тэр аваад л. Эвлэлийн үүр чинь их сайхан ажиллаж байсан шүү. Тэгээд явж байгаад тэр “Ленин шүүлэг”–нд орох гэж бөөн юм болдог байсан. Тэгээд л асуулт, юу энэ тэр чинь их улс орны байдлууд тухайн үедээ л бас тэгээд гоё гоё юм байдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь манай нэг намын үүрийн дарга тэгж асууж байсан юм надаас, яахав “Ленинч шүүлэг”-ээ өгөөд л яахав амжилттай л хариуллаа л даа. Нэмэлт асуулт асуухгүй юу, тэгсэн чинь дээрээ шүдгүй мал ямар мал байдаг вэ? л гэж байна. Тэгсэн би нөгөө хотын хүн юм чинь ямар мал зал дээр байсан биш. Тэгсэн мэддэггүй ээ тэгсэн чинь тэр адуу юу билээ үхэр мүхэр байсан юм байна лээ ш дээ За Тэгэж нэг инээдтэй юм болж байсан юм. Нэг тиймэрхүү л сонинтой байдаг юм даа.
Тэр үед манай нэг ах тэр үйлдвэрийн инженер хийдэг байсан байхгүй юу. Тэгээд л 10 төгссөний дараа надыг цэцэрлэгийн багшийн сургуульд хуваарилсан байхгүй юу. Тэгсэн чинь би бас нэг их сонирхдоггүй. Нэг шалгалтыг нь өгчөөд л тэгээд л тэнд орох сонирхолгүй л байсан чинь ерөөсөө л манай ах ерөөсөө манай тэр ажилд ор гээд л. Тэгээд л байсан, тэгээд манай ахын тэр хамт олон чинь надыг таньдаг юм чинь бас тойрон хүрээлээд л, ер нь л гоё юм шиг санагдаад л тэгээд л орсон юм байгаа юм. Тэгээд орж байгаад тэр үедээ ч их заримдаа ээлж мээлжинд явна аа. 2 ээлжинд явдаг байсан. Тэгээд тэр 2 ээлжинд явахад чинь их гоёоо комбинатынхан чинь, нөгөө шөнийн ээлжинд автобус сайхан том том улаан автобуснууд чинь шөнийн нэг цагт цагаан хаалган дээрээс л үйлчилнэ ш дээ чиглэл чиглэлээр. Бүр 10 хэдэн чиглэл байсан. Тэгээд л дуртай чиглэлдээ яваад л улсууд чинь бужигнаад л ёстой гоё байдаг байсан. Тэгээд ямар ч үнэ төлбөргүй тэр автобусаар их сайхан үйлчилдэг байсан ш дээ. Тэгээд л тэгж ажиллаж байгаад л яваандаа хуучраад л, өө сүүлдээ үйлдвэрчний бүлгийн дарга болдог юм байна аа. Бүлгийн дарга болоод л ооё тэр үед чинь залуу ч байлаа, их идэвхитэй татвар матвар хурааж аваад ажил мажил зохиогоод л тэгж байсан юм. Тэгээд л яахав амьдралын юугаар бас овоо том болоод л хүүхэд шуухад гаргаад. Хүний эх болоод л, яваандаа тэгээд ажил төрлөө бас өөрчлөөд л тэгээд юу яасан ш дээ нярав хийгээд няравын ажилтай болов оо. 1983 онд тэгээд тэр аж ахуйн нярав цалин тавьдаг, 2 юу хавсарч байсан юм. Цалин тавина аа ажилчдын түлээ нүүрс бүх л аж ахуйн ажлыг хийдэг. Тэрэндээ их сонирхолтой байсан. Тэр үед чинь одоо нөгөө ажилчдын цалин чинь одоогоор бодох юм бол 200-300 гаад мянган төгрөг байсан ш дээ тэр үеийн ханш чинь бүх л үйлдвэрийнхэн цалин гэхэд л. Тэгэхэд одоо нөгөө касснаас, банкнаас аваад л зүгээр явуулахгүй ш дээ хамгаалалттай. Цагдаа хамгаалт, мөнгөний машин үйлчлээд л их сүртэй ирдэг байлаа ш дээ /инээв/. Одоо бол юу сая төгрөг авсан хүн чинь бараг л зүгээр явж байгаа юм биш үү. Тийм их сайхан үе байсан юмаа. Тэгээд л ажилчдынхаа нөгөө түлээ нүүрс яахад чинь одоогоор бол их бэлэн тавьж өгдөг байжээ. Их ч хамгамж сайтай байж. Нүүрс гэхэд чинь юу ш дээ тонн нь 50 төгрөг байлаа, мод гэхэд чинь 40 төгрөг. Тэгээд модыг чинь хөрөөдөж ажилчиддаа гэр гэрт нь машинаар хүргэж өгдөг байсан ш дээ. Тэр машиныг нь нөгөө үйлдвэр нь бас л хангаад л баазуудтай гэрээ хийгээд. Тэгээд л ерөөсөө тэр ажилчдынхаа цалин дээрээс авчихдаг. Ажилчид бол ажлаа л хийнэ бүх юм нь хангагдсан. Тийм сайхан хангамжтай байсан ш дээ. Тэгээд л, өө намар энэ тэр болохоор тариа хураалт мураалтаар чинь төмс ногоо юу яана, улсаас нөгөө хуваарилаад өгчихнө. Тэгээд тэрнийг чинь ажилчиддаа шуудай шуудайгаар ньь кг –ыг нь 50 мөнгө ч билүү шуудайг нь 50 мөнгөөр тэгж өгдөг байсан ш дээ хямдралтай. Тэгээд л ажилчид чинь зүгээр шуудай шуудайгаар нь аваад л тэгээд тэрийг чинь цалин дээрээсээ суутгуулаад л. Тэгээд л өвөл болохоор аарц, сүү цагаан идээ бас авчирч өгнө шиф нэгдлээсээ. Манайх чинь 9 гүүтэй, Өвөрхангайд шеф байсан ш дээ. Тэгээд л тэр энэ тэрээсээ ажилчидынхаа цагаан идээг хангадаг. Аа заримдаа бас мах шөл, гулууз мах энэ тэрийг бас авчирч ажилчиддаа хямдралтай үнээр өгдөг. Тийм сайхан компанит ажил зохиодог байсан шүү. Аа нэг тиймэрхүү .
Цэцэгжаргал -
Та ямар үйлдвэрт нь ажиллаж байв, ажлын хамт олныхоо талаар дурсахгүй юу?
Оюунцэцэг -
Эхлээд бол тэр одоо Хөнгөн Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Ноосон Нэхмэлийн үйлдвэр, тэнд бол анх 1968 онд эхэлж ажилласан. Тэгэхэд бол тэнд бол юу ш дээ, дандаа залуучууд. Голцуу ТМС төгссөн зарим нь хойно төгссөн, зарим нь 10 жил төгссөөд хүсэлтээрээ ирсэн тийм улсууд байсан. Тэгээд хамт олон бол их гоё нийтэч ер нь их сайхан тэр үед л их сайхан санагддаг байсан. Манай тэр цех бол, би гүйцэтгэх цехэд байсан байхгүй юу. Гүйцэтгэх цех, манайх чинь гүйцэтгэх, нэхэх, ээрэх, гүйцэтгэх, будах ийм цехүүдтэй байсан . Тэгээд одоо чинь 1000 гаруй ажилчидтай гэж байсан байх шүү. Тэгээд манай нэгдлийн дарга чинь Бавуусүрэн дарга гэж хүн байлаа. Манай үйлдвэрийн дарга чинь Намсрай гэдэг хүн байлаа. Тэгээд инженер, техникчүүд нь бол дандаа залуу улсууд. Манай цехийн дарга Далхжав гэж хүн байсан. Тэгээд л голцуу дандаа инженер, төгсөж ирсэн сайхан залуу улсууд байсан. Тэгээд тэд нар чинь бол их сайхан, ер нь ажилчиддаа харж үзнэ ажилчид нь хамт олонч. Одоо л нэг тэгээд баяр ёслол, ёолк молк энэ тэрийг чинь сайхан хийдэг байсан ш дээ. Ёолкыг чинь бүр өнөө нэг сайхан том ногоон мод авчирч, жинхэнэ ориг нөгөө уулын мод авчирч засчихаад л, тэгээд л өвгөн амьтан тоглуулаад л, тэгээд ажилчдыг шагнаж урамшуулаад л, алиалагч тоглуулаад их гоё байсан ш дээ жинхнээс нь. Тэгээд март энэ тэр болохоор чинь хамт олноор банкет хийнэ, энэ тэндээс хөгжим авчраад л. Тэр гал команд гээд манай тэнд нөгөө нэг юу байсан байхгүй юу, манай нэгдлийн харъяа комбинатын гал командтай шеф ч гэх юм уу даа одоо. Манайхан чинь голцуу хүүхнүүд, охидууд байсан юм чинь тэд нар бол дандаа галынхан чинь дан эрэгтэйчүүд. Тэгээд тэр үеийн юу чинь тэгээд л юу нийлүүлж юу яана үдэшлэг зохионо, баяр ёслолоор бол дандаа тэд нарыгаа урина. Би ч гэсэн тэр анхныхаа ханьтай бас тэр тэндээс тэгээд танилцаж байсан байхгүй юу. Тэр их түүхтэй юм шиг надад санагддаг юм, гоё байсан. Тэгээд л нэг тиймэрхүү, тэгээд л хамт олноороо их гоё энд тэнд юу яана ш дээ, дуурь муурь кино театр меатрт чинь одоо билет милет захиалчихдаг байсан. Тэгээд л хамт олноор их үзүүлнэ ш дээ. Тэгээд л үйлдвэр юунаас чинь үнийг нь даагаад л тэгээд л за тэнд очиж юм үзэцгээнэ шүү бүртгэнэ шүү гээд л очоод л. Тэгээд л тэнд очиж Чио Чио сан дуурь муурь, симфони хөгжим мөгжим тэгээд л гоё гоё юм үздэг байсан ш дээ хамт олноороо. Тийм их гоё нийтэч улсууд байсан байгаан. Одоо тэгээд тэр замаар явахад бүх юм дурсагдаад л харагддаг ш дээ нүдэнд их гоё шүү.
Миний ажиллаж байсан гүйцэтгэх цех чинь бол эцсийн дамжлага байхгүй юу. Жишээлвэл бүх юм боловсорлоо бэлэн болж байна л гэсэн үг байхгүй юу. Одоо нөгөө хонины ноос моос чинь ирээд л ээрэгдээд, будагдаад, угаагдаад тэгээд нэхээд тэгээд тэр чинь одоо одьял болно. Одоо энэ бид нарын юун дээр дэвсдэг одьял болоод, тэгээд бас нарийн давуунууд их хийнэ. Одоо нөгөө бостон даавуунууд, дээлийн даавуу маавуу, цэрэг шинель тийм юм энэ тэр чинь бүр бэлэн болно ш дээ. Тэр чинь эхлээд яачихаад л угаахаас ирээд, сэгсрэх машинд ороод л тэгээд л хатаагдаад, тэгээд тэрийг нь үслээд. Нэхсэн юм чинь нэг арзайсан юм болно үслэхээр бүүр ингээд гоё халиурсан ийм болчихдог юм байна лээ. Тэгээд л тэрийг чинь үслээд дараа нь хайчлаад ингээд яачихаад захалж машиндаад тэгээд сүүлд нь оёонд оруулаад, тэгээд л эвхээд тэгээд л хамгийн сүүлд баглаад гадаад экспортонд голцуу их гаргадаг байсан ш дээ. Баглаан дээр ажиллаад тэгээд д ерөөсөө бүтэн том баглаа болгоод дандаа л гадаадад ачдаг тийм. Аан тэр даавуу маавуу ч гэсэн бүгд тэр экспортоор дандаа гадаад явдаг. Тэгээд тэр шинель энэ тэр чинь одоо ер нь цэргийн гар үйлдвэрийнхэн их авна. Тэгээд л дотоодынхаа цэрэг мэрэгт л хувцас хийдэг байхдаа, тийм байсан. Манай хуучин одоо тэр 1960-70-аад оны үед голцуу л юу шүү, механик ажилгаатай. Гараар бол нээх их тэгж ажиллахгүй. Тэр чинь Оросийн тусламжаар байгуулагдсан үйлдвэр ш дээ. Тэгээд Орос руу бас дадлагаар улсууд явуулна. Би тэр үед чинь бас Иркутск-д 10 хоног амралтаар явж байлаа. Тийм их гоё ажилчдаа тэгж амруулдаг, дадлагажуулдаг тийм байсан ш дээ. Тэгээд л ер нь тэгээд тэр машин бол нээх гар ажиллагаа байхгүй ээ. Зөвхөн тэр одьял эвхэж ингэж боож нэг 10, 10-р нь эвхэж баглаа хийхэд бол гар ажиллагаатай захыг нь оёчихоод захалчаад. Тэрнээс бусад нь нээх гар ажиллагаа бол ховор.
Тэр үеийн залуучууд, шинэ орж байгаа улсууд бол юу ш дээ ТМС-ээ төгсөөд ирэхээр багш нар нь ингээд дадлагад авчихдаг байсан байхгүй юу. Багш нар нь 10 хэдэн хүүхэд 20 хэдэн хүүхэд авчраад л дадлага хийлгээд л 1 сар мар дагалдана. Тэгж байгаад төгсөөд тэгээд ажилладаг үе байсан. Зарим нь бол бас нэг яахуу шууд ирээд дагалдангаар ажилладаг байхгүй юу. Би эхлээд орчоод дагалдаж сурч байсан, сүүлдээ бас багшилж сургаж байлаа ш дээ. Тэгээд яахав дээ хүн ингээл цуг ажиллахаар чинь аяндаа мэддэг чаддаг юмаа хэлээд байхаар багш гэж болчихдог юм байна лээ. Тэгээд яахав 2-3 хүүхдэд, хүнд би багшилж цуг ажиллаж байсан. Тэгээд л тэр хамт олон бол тэр шинэ улсуудыг чинь их гоё хүлээж авдаг байсан ш дээ. Ирэхэд нь нэг сонсгол дээр ч юм уу за энэ хүн шинээр ирсэн шүү одоо энэ хамт олонтойгоо сайхан ажиллуулна шүү энэ тэр гэж их гоё танилцуулдаг байсан ш дээ. Тэгэхээр чинь хүн ч бас урам зоригтой ч байдаг юм, тэгээд тэр талаараа бол тэгж ажилладаг байсан.
Цэцэгжаргал -
Ажилчдыг давтан сургах курс, семинаруудад хамруулдаг байсан уу ?
Оюунцэцэг -
Тэрч одоо нээх тэгж нэг курс мурс-д давтаж сурдаггүй байсан. Шууд тэгээд дагалдуулаад л явчихдаг байсан. Голцуу нэг ТМС-ээрээ л сургана.
Цэцэгжаргал -
Социализмын үед хүмүүс ажилдаа хэрхэн ханддаг байсан вэ?
Оюунцэцэг -
За ёстой тэр үед чинь их шулуун шударга ерөөсөө цаг бүрийг ингээд нарийн бариад сурчихсан тийм байсан ш дээ. Тэгээд л өглөө ажлаасаа хоцорно гэж байхгүй, хоцорвол чинь юу яана их бүртгэлтэй тэгээд л янз бүрийн юу байна ш дээ, арга хэмжээ бас их зохиодог байсан ш дээ. Хэрвээ хожигдох юм бол дараагийн юун дээр бас донгодох ч юмуу тийм ээ, тиймэрхүү дэгтэй тийм байсан. Тийм учраас хүн бол нэг хожигдьё гэсэн сэтгэлгүй, их шулуун шударга байсан. Ямар сайндаа нөгөө юу байна ш дээ, одоо бид нар чинь хүүхэд түрүүлээд л манайх чинь тэр үед чинь комбинатад байсан. Тэгээд л хүүхдээ түрүүлчээд л өнөө хүүхдээ хөхүүлээд л 15 минутын дотор амжиж ирээд л тэгдэг байсан ш дээ. Тэгээд тэр хооронд чинь хүүхдээ хөхүүлээд л ирчихээд л ажлаа хийдэг. Тэгээд тэр үед чинь бол хүүхдийг чинь ажил хийлгэхийн тулд шиф цэцэрлэг, яслитай. Яслид чинь одоо ой 5 сар, 6 сартай тэгээд шууд авчихдаг байсан байсан. Тэгээд л ажлаа хийх чөлөөтэй нэг тиймэрхүү. Бас их ажиллах юунд их анхаардаг байсан ш дээ. Ажлын цагийг бол их нарийн баримталдаг. Юу суботник энэ тэрт бол тасалж барина гэж байхгүй бүр хамт олноор нь бүр тэгж уриалж оруулдаг. Тэгээд ямар сайндаа одоо бодоход нөгөө Бал даргын үед чинь үнэндээ бас их гоё байжээ дэгтэй, журамтай бас тийм сайхан байжээ гэж ярьцгаадаг ш дээ хөгшчүүл тааралдахаараа. Тийм байсан юм. Ажилдаа хандах хандлага бол ерөөсөө юу ш дээ, их шударга их махруу одоо нэг юм хийчихвэл бүр эцсийг нь хүртэл хийгээд бүтээчих юмсан, ямар ч байсан энийг нэг чанартай хийчих юмсан. Хүнтэй ажиллаж байгаа бол энэ хүнийг нэг гомдоочихгүйхэн шиг жинхэнэ бүр сэтгэлээрээ хандах юмсан гэсэн хандлагатай сурчихдаг юм байна лээ ш дээ. Би л одоо ч гэсэн боддог юм одоо тэр үедээ сайхан сурчихсан юм тавигдахгүй юм байна даа гэж. Бүр нэг ажил хийвэл дуустал нь хийчихмээр санагдаад тэр ерөөсөө мартагдаж юу яадаггүй ш дээ хэвшил болчихсон ч гэх юм уу бас өөртөө хагас хугас ч байдаг юм шүү. Тэр үед тэр хүмүүжлийг бол би одоо хамт олон тэгээд бас яахав гэр бүлийн бас юу ч гэх юм бэ дээ одоо бас арай нэг тийм хүмүүжилтэй байсан юм болов уу гэж боддог юм. Ер нь тэгээд би хамт олноосоо л, тэр үе их сайхан дэгтэй тийм сайхан шударга байсан үеэсээ л би өвлөж авлаа л гэж боддог шүү.
Цэцэгжаргал -
Социализмын үед ер нь хүмүүс хэрхэн ажилд ордог байсан бэ?
Оюунцэцэг -
Тэр үед чинь одоо ажлыг их нарийн шалгуураар авдаг. Тэр үеийн улсууд ч бас их хүмүүжилтэй. Нээх тэгж айхтар архи дарс уучихдаггүй, ажлаа таслаад явчихдаггүй, тийм хүн цөөхөн байсан шүү хамт олонд. Тэгээд ямар сайндаа аж ахуйн дарга байх үед манай дарга ингэсэн байхгүй юу, үйлчилэгч хийх хүн олддоггүй. Тэгсэн чинь намайг чи үйлчлэгч хийх хүн олж ир гээд, тэгэв ээ. Тэгсэн чинь би хотын гүйцэтгэх захиргаан дээр ирээд хөдөлмөр албаны хэлтэс гээд тийм байсан ш дээ. Тэндээс би үйлчлэгч хийх хүн олох гээд чаддаггүй ээ, чадаагүй шүү дээ. Тэр үед чинь нөгөө үйлчлэгч хийх хүн олддоггүй, одоо өөрөөр хэлбэл ажлыг тэгж голдог юм уу, үйлчлэгч ч ер нь тэр үед чинь 160 төгрөгний цалинтай байлуу даа. Тэгээд л үйлчлэгч хийх хүн олддоггүй байсан ш дээ. Тэгэхэд одоо яаж байна жаахан жаахан охидууд, сайхан сайхан дандаа залуу улсуудаар үйлчлэгч, цэвэрлэгч л хийлгэж байна ш дээ. Тэр үед чинь тэгээд үйлчлэгч хийлгье ээ гэхэд хүн олддоггүй. Тэгэхээр л ажлын фронт бол их байсан байгаа шүү тийм ээ. Ажилгүй хүн бол их ховор байсан. Тэр үед чинь бол юу ч байсан, ямар ч байсан хүн ажлаа хийгээд л ямар ч байсан амьдарлаа зөв аваад явчихаж байсан юм шиг байгаа юм. Тийм л байсан. Тэр үед чинь одоо нөгөө гэр бүлийн байдал их хардаг байсан. Ер нь их гэр бүлийн байдал хардаг байсан ш дээ, тогтвортой гэр бүлтэй ч юм уу, хүмүүжил сайтай тийм улсуудыг л авдаг байсан ш дээ.Тэгээд тэр шалгуурыг давахын тулд улсууд зөв л байсан болов уу л гэж боддог юм. Тэгээд тэр үйлдвэр аж ахуйн газар бас их сонин ш дээ, юу яаж байсан ш дээ ажилчдыг байна ш дээ энэ одоо хорих морихын тийм газраас бас дааж одоо юу гэдэг юм бэ дээ тэгж авч байсан ш дээ. Манай үйлдвэрт чинь тийм хорих газраас хүн авчирч хүмүүжүүлж тэгж ажиллуулж байсан ш дээ. Тэр бас дээрээсээ л тэгж нөгөө ганц хоёр хүн авч бай гэсэн юм байлгүй. Тэгээд хүмүүжүүлээд тэр хүн нь сайхан үр хүүхэдтэй болоод л, амьдрал нь ч сайхан болоод тэгж байсан хүн байдаг юм. Яахав тэр чинь мэдээж тэр ажлын онцлогоор ш дээ. Одоо инженер техникийн ажилтан одоо захиргаанд орох гэж байгаа хүн бол мэдээж зүгээр энгийн хүн авахгүй ш дээ. Тэр чинь мэргэжилтэй, дипломтой, сургууль төгссөн тийм хүнийг л авч байсан. Тэрнээс биш одоогийнхон шиг аа нэг олон хүн зарлачихаад за тэрнээс ингэж шалгаруулж тэдэн хүн авна шүү гэсэн юм байгаагүй байхаа. Зүгээр тэр диплом миплом юуг нь үзээд л тэгээд л шалгаж авч байсан байх.Тэрнээс биш юу, оръё гэсэн хүн болгоныг юу гэж тэгж аваад байх вэ. Тэр чинь бас мэр сэр танилаараа тийм юм байсан шүү. Би гэхэд өнөө ахынхаа нөлөөнд л анх орж байсан ш дээ. Тэр үед чинь бас тэгж хамаагүй нээх тэр болгон оръё гэсэн хүнийг аваад байгаагүй ш дээ бас их нарийн шалгууртай. Бас юм юм харна гэхдээ бол нээх арын хаалга, тэгж нээх авилгал мавилгал тийм авч байсан юм байхгүй байхаа. Зүгээр л нэг тийм бас нэг танил хүнийхээ хүүхдийг авна гэдэг чинь бас итгэлтэй тийм ээ, ардаа итгэлтэй гэсэн хүнээ л авч байсан болов уу.
Цэцэгжаргал -
Тэр үед гэр бүлийн байдал, боловсролоос өөр ямар ямар шалгуурыг тавьж хүмүүсийг ажилд авдаг байсан вэ?
Оюунцэцэг -
Аан тэр чинь одоо хэрэг зөрчилд ороогүй. Тэгээд л бас нэг хүнд үзүүлчих аттистат, дипломтой, одоо нөгөө бас нэг ур чадвартай нэг тиймэрхүү бас нэг байдагдаа тиймэрхүү улсуудыг л авч байсан байхаа.
Цэцэгжаргал -
Одооны ажилд орох процесс социализмын үеийнхээс хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Оюунцэцэг -
Аа одоо ёстой өөр болсон. Одоо чинь өнгө зүс, өндөр нам, нас, тэр байтугай одоо амьдралын байдал энэ тэр орчихож байгаа юм биш үү. Одоо байртай, машинтай тэгээд л хөрөнгийн баталгаа, тэд хэдэн зуун мянга юу гэнээ тиймэрхүү улсуудыг авдаг гэж дуулдах юм байна ш дээ. Мэдэхгүй манай хүүхдүүд чинь хөөрхий сургууль төгсөөд л цөмөөрөө яахав бас дээд сургууль төгссөн. Тэгэхдээ нээх учиргүй арын хаалгадаагүй ээ тэгээд л өөрийнхөө бололцоо юугаар л яахав нэг нэг ажилтай болоод л өөрсдөө амьдралаа аваад л явж байгаа. Одоо энд тэнд дуулдах, тэгэх л юм байна ш дээ, авилгал их авдаг л гэх юм. Тэгээд л зүгээр нэг ажилд оръё гэж хүссэн хүн бол нээх орж чадахгүй байхаа. Тэр үед сургуульд, дээд сургууль мургуульд ороход чинь юу яасан ш дээ. Тэгж төлбөр мөлбөр гэж авдаггүй байсан ш дээ тэр үед. 1960-д оны үед бол улсаас юу яагаад л, хуваарь өгөөд л тэрний дагуу сураад л тэр ч байтугай стипенд эд нар өгч байгаа шүү дээ. Стипенд энэ тэр өгөөд л тэр ТМС д бол ерөөсөө л бүх л дөрвөн улирлын хувцас тэгээд л стипенд өгөөд л тэгээд л бараг бичиг ном, цаас бүх юмаар хангаж байсан юм байна лээ ш дээ. Улс ч бас их сайхан хандаж байсан, нэг бодлын үрэлгэн тийм байсан байна лээ шүү одоо бодоод байхад чинь. Одоо чинь юу вэ сургуульд ороход чинь конкурс өгөөд л тэгээд төлбөр мөлбөр үнэтэй. Тэгээд зарим доод давхаргын улсуудад бол үнэн суръя гэсэн хүн бол хөөрхий амьтан сурч чадахгүй байна ш дээ. Зарим нь төлбөрөө төлж чадахгүй тэр л надад их харамсалтай санагддаг юм. Үнэн толгойтой хүн байж болно ш дээ. Тэгэхэд чинь одоо зарим нь ч бүр мөнгөөр юу яаж байна ш дээ, зарим нь диплом худалдаад авдаг дуулдаж байна ш дээ. Тэр бол муухай л санагдсан тэгээд одоо яахав дээ цаг цагаараа л.
Цэцэгжаргал -
Та ажилдаа хэр дур сонирхолтой байсан бэ?
Оюунцэцэг -
Байсан, байсан дур сонирхолгүй бол юу гэж ажил хийх вэ. Дур сонирхолтой байсан. Эхлээд ажиллаад яахад, тэр үйлдвэрт ажиллаж байгаад яахад чинь жаахан нас тогтоод ирэхлээр ажлаа өөрчилье гэж сонирхоод л тэгээд нярав, дарга аж ахуй эрхэлсэн тийм юм болсон ш дээ. Тэр бол сонирхлын үеэр тэр залуу байхад бас л мэргэжлээ өөрчилж байгаа юм байлгүй дээ. Би бас дээр нь няравын курс мурсид суугаад. Тэгээд тэгж явсан юм. Тэрэндээ бол сонирхолтой байсан олон хүнтэй ажиллах чинь бас их гоё юм байна лээ ш дээ хүний амьдрал ахуйтай. Тэгээд тэр үед чинь аж ахуйн дарга хийж байсан, манай юу чинь дээхэн үедээ өө манай аж ахуйн дарга, дарга гээд л хөөрхий амьтан гуанз муанзанд чинь юм хум хөөцөлдөөд ирэхэд чинь нэг гуанзанд аяга шөл мөл хийгээд л өгч байх шиг. Тэгээд их гоё байдаг байсан ш дээ, аминдаа л хүндэлж байсан юм байх даа одоо.
Цэцэгжаргал -
Тэр үед албан тушаал ахих боломж ер нь хэр байсан, Хэрхэн албан тушаал ахидаг байсан бэ?
Оюунцэцэг -
Одоо сонирхлоороо л одоо, нээх ч нээх сурчихья гэсэн бодолтой хүн цөөхөн байсан юм шиг санагдаад байгаа юм. Би ч гэсэн одоо тийм юм, одоогоор бол тийм юм одоогоор бол курс дамжаанууд байна ш дээ тийм юм байсан бол суръя гээд л гүйх л байсан байхдаа. Тэр үед чинь нээх тийм юм байдаг ч үгүй байсан, тийм ч завтай хүн ч байдаггүй байж. Зөвхөн л ажлаа хийгээд л тэгээд л ирж очоод л. Тэрнээс биш нээх курс дамжаанд суучих юмсан, тэгчих юмсан гэсэн тийм бодол байхгүй. Тэгээд л илүү суралцах цаг гарвал юм хум үзээд л үзвэр үйлчилгээ л их үздэг /инээв/ тийм байсан болоод л нээх л завгүй байсан юм байхдаа одоо. Нээх одоо би албан тушаалаа өөрчилье, нээх том одоо их хурал муралд нэр дэвшчихье гэсэн хүн нээх дуулддаггүй байсан. Манайхаас бол лав тийм юм гарч байгаагүй, манайхаас бол Гүнжинлхам баатар бол төрж байсан. Тэр бол ажил үйлсээрээ яагаад л депутат мепутат болоод л хурал муралд л их суудаг байсан даа нээрээ. Хурлаас хэтэрдэггүй байсан ш дээ. Биднүүс чинь бас нөгөө нэг их хурал, бага хурал энэ тэрт сонгоод л, тэгээд хурал муралд суугаад л. Ер нь багаасаа л их намын гишүүн мишүүн болдог байсан ш дээ. Би гэхэд л 1970-н хэдэн онд намын гишүүн болоод л тэгж байсан юм. Өө намын гишүүн болоход аягүй их шалгуур авна ш дээ. Гэр бүлийн тогтвор могтвор энэ тэрээс их шалтгаална аа.Тэгээд тэр хамаагүй тэгж намд авдаггүй байсан ш дээ байсан ш дээ. Их нарийн шалгуураар авдаг байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Намын гишүүн болохын давуу тал нь юу байсан бэ?
Оюунцэцэг -
Намын гишүүний одоо давуу тал нь одоо тэр л социалист уралдаан муралдаан зохиох тийм их ажилд л их нөлөөтэй байсан юм шиг байгаа юм. Одоо манайх чинь одоо тэр 25- р их хурал мурал гээд л байж байгаад л, огторгуйд Гүррагчаа баатар нислээ мэслээ гээд л. Тэр чинь одоо 1960 хэдэн онд бил үү, 1980 хэдэн онд тийм ээ. 1980-аад онд нисэхэд чинь тэр үйлдвэр, яамаараа комбинат даяараа л зүгээр комбинат компанит ажил зохиогоод л тэр дээр л нам их манлайлж байсан байхгүй юу. Тэгээд уралдаан их зохионо, мандат их гаргаж мандатаар социалист уралдаан зарлаад л. Тэгээд л сарын төлөвлөгөө мөлөвлөгөө гэж улсад чинь 13 дахь сар марыг чинь ёстой аягүй сайн өгдөг байсан ш дээ. Хүнээ ч ажиллуулж чадна, ажилсан хүндээ ч юмаа их сайн өгч чаддаг тийм байгууллага байсан юм даа.
Цэцэгжаргал -
Урамшууллын систем их байжээ?
Оюунцэцэг -
Тийм, урамшууллын систем ч харин их. Тэгээд л цалингаа бол ер нь сар бүр тавина, тогтмол өгнө. Тэгээд л сайн ажилсан улсад чинь коко гээд л. Тэгээд л оны эцэст бол яадаг ш дээ 13 дахь сарын цалин гээд л бөөн цалин өгч байгаа ш дээ. Сарын цалин гэхэд чинь ингээд л одоо таслаагүй, одоо олон түмний ажилд сайн оролцож байсан, сонсгол лекцэндээ сайн оролцож байсан ШБОС гаргасан тийм улсуудаа их шалгаруулж тэгээд тэрэндээ бол сайн ажилсан хүндээ коко гээд л тэр 13 дахь сарын цалин өгдөг байсан ш дээ. Мөн нөгөө нэг курс дугуйлан юугаар гадаадад их явуулна тэгээд дадлагажуулдаг тийм байсан ш дээ. Амруулдаг бас. Өө тэр чинь ажиллах хүч нэмэгдэнэ, одоо ингээд нам засаг үйлдвэрээс ингээд л сайхан харж үзээд ингэж байхад чинь өө ёстой нээрээ чадахгүй ч гэсэн бүтээе болохгүй ч гэсэн болгъё гэсэн тийм бодол төрж, хүн болгон л тийм зорилготой яачихна ш дээ. Мэдээж хүн сайхан амарч байгаа юм чинь. За одоо энийг ёстой нэг сайхан шүү ёстой хамт олныхоо нэр сүрийг ёстой дээш нь гаргаж явах юм шүү гээд л. Эвлэл нам үйлдвэрчний байгууллага тэр талаар ч их самбар энэ тэр их гаргана. Тэгээд сайн ажилсанаа тэгж байна гээд л сонсгол дээр хоцорсон тийм энэ тэр гээд л бичээд л донгодоод л их тэр үүр, дарга нар сайн ажилладаг байсан шүү. Өө тэгээд муу ажиллаж байгаа улсуудыг чинь бол донгодоод л, самбар мамбар дээр гаргаад л. Тэгээд хамт олны хурлаар оруулаад л. Одоо бүүр болохгүй хүнийг чинь одоо ажлаас нь чөлөөлдөг байсан байхаа. Тэгэхлээр чинь тэгж айхтар, тэгэхдээ нэг ганц хүн тийм доголдол байсан л даа. Тэрийг бол тэгээд л хүсэлтээр нь, юугаар нь гаргадаг юм байна лээ. Тэгж байсан. Гол нь л ер нь хамт олноороо хүмүүжүүлж авна гэсэн тийм л зорилготой байсан шүү. Тэрнээс биш тэрнийг гаргаад хаячихъя, эзэнгүй болгочихьё гэж боддоггүй байсан. Дээр үеийн улсуудын амьдрал ч бас ямар ч байсан өөрсдөө ажлаа хийгээд л явж байсан. Орон байр үйлдвэрээс чинь байр майр их өгнө ш дээ. Комбинатаас чинь улсын байрыг чинь шинэ барьсан байрилгуудыг чинь ямар ч үнэ төлбөргүй өгнө. Би гэхэд л одоо 1р хороололд манай ажлын газраас байр өгөөд л, сайхан 4 өрөө байшин өгч байлаа комбинатаас. Тэгээд яахад чинь ёстой нэг, одоо нөгөө нэг лисва плитка хүртэл 1 давхарт тэгээд оросуудын байр. Плиткыг нь хүртэл өгдөг байсан ш дээ. Тэгээд л түлхүүрээ авчаад плиткаа өөрсдөө дээшээ оруулаад л тэгээд л цоо шинэ байранд улсын юугаар ямар ч үнэ төлбөргүй тэгж сайхан харж үзэж тийм гоё юм хийж байсан шүү.
Цэцэгжаргал -
Байранд оруулах шалгуур ямар байсан бэ?
Оюунцэцэг -
Өө тэр чинь он удаан жил ажилласан хүнээ, одоо нэг бас нөгөө сонгуультай, бас нэг юу ч гэх юм вэ дээ ямар ч байсан хамт олондоо хүрээлэгдсэн ямар ч байсан тийм ажиллах цаашаа явж ажиллах тийм чадвартай гэсэн тийм хүндээ өгч байсан байхдаа. Тэр үед чинь бас очертой байсан байрны нээрээ. Нөгөө өргөдөл өгчихдөг, тэгээд тэр очероо хүлээж байгаад бас тэгнэ. Тэрнийхээ дагуу тэгээд л тийм шалгуураар авч байсан шүү.
Цэцэгжаргал -
Тухайн үед таны бахархдаг байсан зүйл юу вэ?
Оюунцэцэг -
Өө тэр үедээ ёстой хамт олонтойгоо ажилладаг, одоо ийм сайхан том яаманд ингэж ажиллаж байгаа нь надад бол бахархалтай байсан. Тэгээд сайн ажиллаж байсныхаа хүчинд ч бас урамшуулал шагнал, баярын бичиг одоо ойн медаллууд 5, 6 дугаар 5 жилийн гавшгайч тэгээд л яамны хүндэт үнэмлэх одоо бишгүй л юмыг нь хүртэж байлаа. Одоо тэгээд 13 дахь сарын цалинд чинь өчнөөн л орж байлаа. Тэр хирээрээ л одоо хүний амьдрал бас дээшилж байсан байх. Тэр үедээ бол сайхан л байсан шүү.
Цэцэгжаргал -
Та ажиллаж байхдаа тухайн үед ажил, амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Оюунцэцэг -
Өө тэр үед чинь одоо хөгшчүүл байсан, хүүхэд шуухад харахад бол нээх асуудал байгаагүй шүү. Манай ээж, эгч мэгч манайхан хүүхдүүд харчихна. Тэгээд л сүүлдээ жаахан том болохоор нь цэцэрлэг, яслид өгдөг байсан. Тэгэхэд бол ардаа би нээх татлаа, тийм хүүхэд харах хүнгүй ч гэхгүй байсан. Хань нөхөр минь ч бас яахав тэр галын юунд ажиллаж байгаад тэр чинь юу яасан ш дээ эхлээд бол гал сөнөөгч байж байгаад. Тэгээд 3 ээлжээр юу ажилладаг байсан ш дээ. 24 хийгээд 48 амарна тэгээд тэр хоорондоо хүүхэд шуухдаа харчихдаг. Сүүлдээ Марксизм, ленизмийн сургуульд улс төрийн юунд яваад улс төрийн орлогч болоод сүүлдээ тушаал нь ахиад дан өдөр явдаг болоод. Тэр үедээ тэгээд хүүхдээ цэцэрлэг мэцэрлэгт өгөөд тэгж явж байсан шүү. Тэгээд ажил хийхэд бол, өө нээх таталдаад одоо яаж ажилладаг билээ энэ тэр гэх юм, асуудал байгаагүй. Тэр үед их гоё байсан. Цалин хөлс хүрэлцээтэй байсан. Бид нар чинь одоо ажиллаж байхад бол норм хийж байхад бол 700, 600 хэд гээд янз бүр. Тэр үеийн дарга нар чинь одоо 800 авч байсан ш дээ. Тэгэхэд л ер нь норм төлөвлөгөө биелүүлж байсан улс чинь 1000 гаргаад авчихна шүү. Даргаас илүүг авчихдаг байсан ш дээ. Тэгээд бид нар чинь декретын мөнгө эд нар чинь 1000 хэдэн зуун цаас авдаг байсан ш дээ. Сайн авдаг байсан. Тэгээд л цалин хөлс бол хангалттай байсан, дутагдах юм байхгүй. Тэр үеийн хүүхэд төрүүлсэн эхчүүд бол хангамж сайтай байсан ш дээ. Тэр үед чинь хүүхдээ төрүүлээд 45 хоноод ордог. 45 хонож орчоод ажилд орсныхоо дараа 15 минут хүүхдээ хөхүүлээд тэгээд ажлаа хийх ёстой. Тэрийгээ барьдаг тийм байсан. Тэгээд өлгий сүүний мөнгө гэж 220 төгрөг өгдөг байсан юм байна шүү. Өшөө юу өгч байлаа даа байз, тийм байсан. Тэгж байгаад энэ хүүхэдтэй, энэ тийм гээд байхгүй тэр үед чинь бүр жил дараалаад л энэ тэр гаргадаг улсууд байсан ш дээ. Тэрийг бол ад үзээд тэгж ажлаас нь тэгж халж барьж хөөж байсан юм байхгүй. Тэгээд л эдлэх ёстой эрхээ эдлээд л, хийх ёстой үүргээ хийгээд л явж байсан байх.
Цэцэгжаргал -
Таныг үйлдвэр комбинатад ажиллаж байхад хамгийн хэцүү зүйл юу санагддаг байсан бэ?
Оюунцэцэг -
Тэр үед чинь одоо хэцүү зүйл юу байсан билээ. Оо сүүлдээ бол жаахан ээлжинд явах жаахан тийм санагдаад л. Тэр шөнийн ээлжинд бас жаахан хэцүү тал байсан шүү. Заримдаа ажил ихтэй гээд 3 ээлжээр энэ тэр явуулна. Тэр үед л жаахан тиймэрхүү л байсан. Тэрнээс өөр нээх нөлөөлөөд байсан юм байхгүй ээ, ээлжинд л жаахан тийм байдаг байсан. Гэхдээ ээлжинд явахад бол бас хангамж сайтай байсан ш дээ. Ажилчдаа үнэгүй билүү хоолонд оруулчихдаг. 1, 2 дугаар хоолтой өөрийн гуанзтай. Тэр байтугай бүр сүү мүү өгдөг байсан ш дээ. Тийм уг нь хангамж бол сайтай л байсан. Тэгээд залуу байсан болохоороо яахав тэгээд л нойрондоо болоод ээлжинд явах жаахан хэцүү санагддаг л байсан байхаа /инээв/. Тэр үед чинь бол нээх хов жив ярьдаг хүн цөөхөн. Тэгэхдээ хов жив бас тэр тэгж байна энэ ингэж байна гэсэн хов ярьдаг байсан улсуудыг их үзэн яддаг байсан ш дээ. Одоо дээшээ, доошоо бас хошуу хүргэнэ ээ зарим нь. Одоо тиймэрхүү улсуудыг их л жаахан үздэггүй тийм байсан шүү. Тэрнээс биш өөрөөр бол хамт олон дотор тийм ноцтой юм байгаагүй ээ.
Цэцэгжаргал -
Тэр үед амахан, сайхан санагддаг байсан зүйл юу вэ?
Оюунцэцэг -
Сайхан санагддаг үе чинь одоо тэгээд л ажлаа хийчихээд л хэдүүлээ хөгжилтэй юм яриад л юу яана аа бас идэш мэдэш ирэхээр цайныхаа цагаар хэдүүлээ гэр гэрээсээ юм авчраад мах зах чанаж ирээд л. Тэгээд л хөгжилдөөд, тэр машиныхаа чөлөө нөгөө зогсолтын чөлөө заваар. Тэгээд л, ямар сайндаа хатаах машин дээр бид хэд шөнийн ээлжинд ажиллаж байсан /инээв/. Өө тэгсэн чинь нөгөө идэш ирээд л нөгөө хэдүүлээ ээлж ээлжээр мах чанаж ирээд л тэгдэг байхгүй юу. Нэг өдөр яриад л сууж байсан чинь нөгөө хатаах машиныхаа юуг ихдүүлээд даавуугаа шатаачих шахаж байж билээ. Тэгээд тэр их хөгжилтэй юм болж байсан инээд хүрээд. Тэгээд л хүүе яанаа нөгөө цаг болчихож яриандаа халчихаад, тэгж байсан. Тэгээд манай дээр чинь тэр “Өнөр бүл” гэдэг кино анх хийхэд манай үйлдвэр дээр зургийг нь авсан ш дээ. Тэр ёстой инээдэмтэй, би яг хүүгээ төрүүлчээд яг ажилдаа орсон өдөр. Тэгсэн чинь харин яг орсон өдөр кино зураг авна шүү л гэж байна. Тэгсэн чинь харин тэр өдөр кино зураг аваад “Өнөр бүл” киноны зураг авсан ш дээ. Тэрэн дээр би бас гарч л байдаг юм. Тэгэхэд их гоё тэгээд манай юуг, үйлдвэрийг сайхан болохоор нь тэгдэг юм уу ер нь сурвалжлага энэ тэр тасардаггүй байсан шүү. Дандаа л энэ тэндээс сэтгүүлчид ирээд ярилцлага энэ тэр аваад л тэгдэг байсан ш дээ. Тэр их гоё санагддаг юм.
Цэцэгжаргал -
Та социализмын дараа ажлаа сольсон уу?
Оюунцэцэг -
Ямар социализм, тэгээд 1990-ээд он тэр нөгөө зах зээлийн юунд ороод уу? Аан тэгсэн. Тэр одоо нөгөө аж ахуйн нярав хийж байгаад тэр арьс ширний нэгдлийн тэнд нэг Обой трэйд гэж байсан байхгүй юу. Таван эрдэнэ компани. Тэнд хүнсний няраваар очиж ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаад яасан чинь нөгөө албан газруудад л хүнс түгээдэг. Тэгээд би тэнд нэг хүнсний нярав хийж байсан. Тэгээд удалгүй татан буугдсан ш дээ. Хувийн компани байсан. Тэр чинь одоо нөгөө юу яасан ш дээ, бид нар чинь одоо аж ахуйн нярав хийж байгаад л яасан чинь үйлдвэрийн комбинатын чинь юу яг ид эргэлтэнд ороод л. Манай үйлдвэрийг яасан ш дээ хүн худалдаад авчихсан юмуу хаашаа юм. Тэгээд л нааш цаашаа болоод л. Ажил төрөл ер нь нилээн задгайрсан шүү. Тэгээд би ер нь хүсэлтээрээ тэр юунд нярав хийсэн юм.
Цэцэгжаргал -
Социализмын үед ажиллаж байсан хүмүүсийн амьдрал шилжилтийн эхэн үед яаж өөрчлөгдсөн бэ?
Оюунцэцэг -
Оо тэр чинь одоо юу яасан, одоо энэ сонсоход л ягаан тасалбар, цэнхэр тасалбар гараад л. Тэр ягаан тасалбараар л тэр үйлдвэр аж ахуйн газруудыг чинь хувь хүн худалдаад авчихсан юм бишүү. Тэгээд л ёстой бөөн бөөнөөр нь аваад л тэгээд л ажилчдыг нь ажилгүйдүүлээд л тэгсэн ш дээ. Тэгээд одоо тэр болдоггүй юм байлгүй одоо тэгээд худалдаад авчихсан болохоороо тэгээд ажиллуулах хүч чадал нь хүрдэггүй юм уу тэгээд л үйлдвэр юуг чинь зүгээр л юу яасан ш дээ тэр обьект энэ тэрийг чинь өөрчлөөд л байшин дотор байшин бариад л. Тэгээд бүр хачин юм болгосон юм байна лээ ш дээ. Машин техник нь хуучирлаа, одоо тэр түүхий эд мэд нь ч ирэхээ болилоо гэнэ үү тэгээд л хаячихсан ш дээ. Тэр чинь 91 оны үед билүү 92 оны үед тэгэхэд л.
Цэцэгжаргал -
Тэнд ажиллаж байсан хүмүүсийн хувь заяа ер нь яаж шийдэгдсэн бол?
Оюунцэцэг -
Өө зарим нь ч одоо тэгээд гараад л хаана яасан юм, зарим нь ч нас масандаа суугаад л. Зарим нь ч тэгээд хөдөө гадаа явдаг юмуу яадаг юм тэгээд л амь амиа аргалаад л тэгсэн байхаа.Тэгээд л тарж бутраад л.
Цэцэгжаргал -
Одоо хүмүүсийн ажилд орох процесс социализмын үеэс яаж өөрчлөгдсөн вэ?
Оюунцэцэг -
Оо одоогийнх бол шал өөр, одоо ч ер нь тэгээд мөнгөтэй хөрөнгөтэй, нилээн аргатай сүүхээтэй хүн л ажилд орж байгаа байхаа. Тэрнээс биш шударгаараа юмуу, бэл бинчингүй хүн бол нээх ажилд орж чаддахгүй байхаа. Тийм л юм шиг санагддаг юм.
Цэцэгжаргал -
Таны үед үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс ер нь дахиж өөр ажил төрөлд орсон уу? Орсон бол тэд нар ямархуу шалгуур давж ажилд орж байсан бол?
Оюунцэцэг -
Өө миний үеийн улсууд бол одоо бол настай л болчихсон байгаа ш дээ. Тэгээд л зарим нь бол хөөрхий амьтан манай мэргэжлээ бүр шал өөрчлөөд л одоо нөгөө зарим нь үйлчлэгч хийгээд зарим нь манаач хийгээд л тэгээд л явж байдаг юм шиг байна лээ ш дээ. Тэрнээс биш нээх онц тийм мэргэжлийн юм хийж байгаа хүн байхгүй байхаа.
Цэцэгжаргал -
Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн үйл явдал ер нь юу гэж боддог вэ?
Оюунцэцэг -
Үйлдвэрээс үү? Амьдралд уу? Одоо яг тулгамдчихаар чинь одоо хэлэх юм олдохгүй болчих юмаа. Үгүй тэгээд л амралт мамралтанд их явуулдаг байсан ш дээ. Одоо манай харъяа юу гэхэд л Баян-Уулын амралт гээд л. Амралтандаа ажилчдаа бол амруулна. Тэгээд путёвка энэ тэр бол их чөлөөтэй. Тэгээд л 14 хоноход л 60 төгрөгөөр амардаг байсан ш дээ. Тэгээд тэр амралтанд очиход чинь өө тэр уралдаан тэмцээн их зохионо. Тэгээд л тэр шалгарсан улсуудад чинь амрагчидаасаа юу яагаад л. Уралдаанд түрүүлчээд өвчүү мөвчүүгээр шагнуулаад л, улсууд алга ташаад л тэгээд л нөгөө багийнхан нь сүүлдээ нөгөө хоолныхоо дараа нөгөөдхөө хуваагаад л хөгжилдөөд л их гоё байсан ш дээ. Тэгээд л явган аялал энэ тэрээр их явуулна. Уул муулны оргил булаацалдуулна. Тийм л юм их хийдэг байсан. Амралтанд чинь одоо, сандрахаар юм орж ирэхгүй байна шүү. Тэгээд яахав дээ хамт олныхоо дунд ажиллаж байгаад явж байгаад л амьдралын эрхээр хүн хартай болоод л. Өө тэр анхныхаа нөхөртэй үгүй яахав тэр шеф өөрийнхөө дундаас суусан. Бас тэгээд үр хүүхэдтэй болчихоод тэрүүгээрээ их бахархаж байна. Одоо сүүлийн үед бол тэр үр хүүхдийнхээ нөлөөнд тэд нартайгаа сайхан амьдарч байгаа нь их сайхан байдаг юм. Тэгээд л би одоо тэр хүүхэд шуухад нь том болчиод л. Одоо наад дээр чинь одоо, бид хэдийг бас гадаад дотоодод явуулна. Манай нэг охин гадаадад байгаа, солонгост ажилладаг юм. Манай хүү бас сургуулиа төгсөөд бид нар чинь бас нэг солонгос яваад л. Тэгээд л тэр надыг чинь юу яасан, Бээжинд аялуулаад. Тэгээд л одоо их бахархалтай санагддаг юм одоо. Одоо тэр үед чинь нэг компаниар аялуулаад. Тэнд чинь 10 хонов уу. Тэр л их гоё бүх л дэлхийн гайхамшиг юуг нь үзээд л. Тэгээд л би тэрүүгээрээ бахархаж байгаа байхгүй юу. Тэгээд сайн сайхан ажиллаж амьдарч байсан тэр үе минь эргээд л одоо бас насны сүүлд тээ үр хүүхэд нь ингээд сайхан явж л байна. Одоо тэгээд л, тэрүүгээрээ л би их бахархаж байгаа байхгүй юу. Намайг чинь бас ийш тийшээ үйлдвэрийн буянаар ч бас гадаадад хойшоо нэг гарчихлаа, үр хүүхдийнхээ буянаар урагшаа нэг гарчихлаа. Тэгээд бас болоогүй ээ хааяа нэг зав чөлөөгөөр Эрээн явчихдаг юм. Тэгээд л ингэж нааш цаашаа явж өөрөө чөлөөтэй ингэж байгаа чинь бас миний үр хүүхдүүдийн минь буян, бас өөрийн ч буян тавилан байдаг байх. Тэгээд бас эх орон юугаараа бахархаж явдаг юм.
Цэцэгжаргал -
Социализмын үед ер нь гэр бүлийн талаар ямар бодлого баримталж байсан бэ?
Оюунцэцэг -
Энэ социализмын үед бол гэр бүлийн талаар бол үр хүүхдээ сайн харж өсгөх, үр хүүхдийг өнчрүүлж хагацуулахгүй, салалт сарнилтыг бол их юу яадаг байсан ш дээ. Тэр үед чинь салалт энэ тэр хамаагүй замбараагүй тийм байгаагүй ш дээ. Тэр талаар бол их анхаардаг тийм байсан. Гол нь үр хүүхдээ сайн хүмүүжүүлж сургууль соёл завсардуулахгүй, аль болохоор л хүүхдээ мэдлэгтэй боловсролтой байлгах тийм байсан ш дээ. Байсан байсан, тэр үед чинь гэр бүлийг дэмжиж хамт олноос нь тэр айлын амьдралыг их харж үзэж юугаар дутаж байна, яаж байна, орон гэр нь ямар байна гэж хангамж их өгдөг байсан ш дээ. Гэр бараа нь муу бол гэр өгдөг ч юмуу , байр өгдөг ч юм уу. Эсвэл бүл зүл муутай, гэрээ барьж чаддаггүй улсуудад хамт олноороо, бригадаараа очиж гэр мэрийг нь барьж өгдөг, тусалдаг тийм байсан ш дээ. Аан хань нөхөр нь цэрэг мэрэгт явсан, ийш тийшээ явсан тийм улсуудад хамт олон нь очиж мод түлээг нь хөрөөдөж өгнө, тусална. Тийм ажил их зохиогддог байсан ш дээ. Тэгж ажиллахад бол тэр ажилчин хүнд бол их урам зориг өгдөг байсан байхдаа. Тэгээд ямар ч байсан ажил төрлийг нь таслаад хийдүүлээд л, аа би ч ядарч байна шүү би ч болохоо байж байна шүү гээд л дээрээс тэгж алгаа тосч гар хардаггүй өөрийнхөө ёстой бор зүрхээрээ тэгж амьдрах тийм чадвартай улсууд байсан гэж боддог ш дээ. Тийм ч байх хэрэгтэй байх л даа. Тэгээд л үр хүүхэддээ сайнаа тавихад нь бол цаг их гаргаж өгдөг. Тэгээд одоо бүр болохгүй бол чөлөө мөлөө авъя гэхэд бол амьдралыг нь өө тийм үү гээд яахгүй бүр судалж байгаад нээрээ үнэн тийм чөлөө мөлөө авах шаардлагатай бол чөлөө мөлөө, цалинтай тийм юуг бол харамгүй тусалдаг байсан шүү. Тэрнээс биш худлаа хэлээд акт макт авах тийм асуудал уулаасаа байсан, тэрийг бол илрүүлдэг. Тийм юм гаргуулахгүй талаасаа тийм их ажилладаг. Тэр цехийн дарга, тэр мастер тийм улсууд бол их ажилчидтайгаа их ойрхон. Мастер хүн бол илүү их ойр ажилдаг байсан ш дээ. Тэр хүнийхээ бүх л амьдралыг ёстой 10 хуруу шигээ мэддэг. Мэдсэнийхээ хирээр тусалж чаддаг, тусалсаныхаа хирээр ажиллуулж чаддаг тийм л хамт олон байсандаа. Ер нь гэр бүлдээ тогтвортой хүн бол ажлаа сайн хийх чадвартай байдаг. Тэрний хүчээр бол манай ажил бол сайн явна гэсэн тийм уриа ч юмуу даа тиймэрхүү байсан юм шиг байгаа юм шүү. Тийм учраас ер нь бол тэр гэр бүлийг их тогтвортой байлгах, тэр айлын амьдралыг бүүр сайн сахиулах тийм зорилготой байсан байгаа юм. Тэгээд л шинэхэн танилцчихаад тэр үйлдвэрийнхэн чинь голдуу л дотроосоо суучихна шүү дээ. Тиймэрхүү улсуудыг чинь яадаг ш дээ хурим мурим хийлгэж хамт олноос нь. Тэгээд тэр талаас нь их дэмждэг, тэгж их гоё хүрээлж авдаг тийм байсан даа.
Цэцэгжаргал -
Орчин үед гэр бүлийн талаар баримталж байгаа бодлого социализмын үеийнхээс яаж өөрчлөгдсөн бэ?
Оюунцэцэг -
Орчин үеийн гэр бүлийн байдал бол одоо ер нь тэгээд сайхан хурим хийгээд л байна хийгээд л байна. Тэгээд зохидоггүй айл ч байдаг юм уу, ер нь хурим хийгээд л тэгээд салалт болчихоод байна ш дээ. Тэр бол үнэхээр харамсалтай санагддаг шүү. Тэр ч одоо нэг бодлын улсад ч хэцүү өөрт ч хэцүү. Одоо тэгээд л үр хүүхэд нь өнчирнө тийм асуудал бол. Тэр тал дээр одоо их л гоомой хандаад байна уу даа. Тэр нэгнийгээ сайн судлаагүй их яаран сууснаас л 2 талын амьдралд нэгдэж орчихоод л. Одоо манайхан чинь хүлцэнгүй биш зохицох юм байхгүй. 2 өөр характертай хүн таарчихаад л. Тэрнийхээ үгийг даахгүй л аа би явлаа гэрлүүгээ явлаа, аа тэгвэл чи гэрлүүгээ яв гэх мэтчилэнгийн байдалтай. Иймээс л би салалт их гараад байна уу гэж боддог юм аа. Одоо чинь одоо мэдэхгүй дээ, тогтвортой бай л гэж хэлдэг байх даа хуримын ордонд ч гэсэн ёслол үйлдэхэд хэзээ ч салж болохгүй шүү тийм шүү гэж сургамж өгдөг ш дээ уг нь бол. Тэрийг ер нь чандлаад барих тийм чадвар нэгдүгээрт дутаж байна. Хоёрдугаарт энэ ажилгүйдлээс болоод эхнэр нь ажилтай болчихоод байдаг, нөхөр нь ажилгүй байгаад байдаг. Тэрнээс болж салалт их үүсээд байгаа ш дээ. Дээхэн үед чинь нөхрүүд нь ажилтай, эхнэрүүд нь ажил тиймэрхүү байсан бол одоо эсрэгээрээ нөхрүүд нь ажилгүй болчихоод. Тэрнээс болж одоо бас бухимдал үүсээд. Тэгээд архи дарс уусантай холбоотой тэрнээс болж гэр бүлийн байдал тогтворгүй байдаг юм болов уу гэж бодоод байгаа ш дээ.
Цэцэгжаргал -
Социализмын үед гэр бүлийн амьдралд өөр ямар хүчин зүйл нөлөөлж байсан бэ?
Оюунцэцэг -
Гол нь социализмын үед бол гэр бүл тогтвортой байна гэдэг чинь 2 хүн, тэр гэр бүлийн гишүүд чинь ажилтай. Бүр тийм польны тийм ажилтай байсан болохоор тийм салах асуудал бол бага байсан байхаа. Одоо завгүй. Жишээлбэл: Эхнэр нөхөр 2 гэхэд чинь 2 ээлжинд зөрөөд явчихаж байгаа байхгүй юу. Бүтэн хагас сайн өдөр нь нэг уулздаг юм уу. Тэрнээс биш өглөө ээлжийнх нь явчихаад л, орой ээлжийнх нь хүүхдээ хараад ингээд солилцоод явдаг байсан. Тэгээд тэр үед чинь тэгээд ч завгүй ч хүн байхгүй, завтай ч хүн байхгүй. Тэгээд гэр бүл тогтвортой байсан байхаа ямар ч байсан үр хүүхдээ өсгөчих юмсан, энэ үйлдвэрийн ажлыг зогсоочихгүй юмсан, ямар ч байсан сайхан амьдарна, энэ сайхан амьдруулж байгаа газраа ивээн тэтгэнэ гэсэн л байдалтай л явсан байхаа. Хүүхдийн хүмүүжил чинь цэцэрлэгээсээ эхлүүлээд л хүмүүжээд л. Тэнд чинь хоол ундаа идэж уухаас эхлүүлээд хувцас хунараа эвхэж тавих хүртэл нь цэцэрлэг их хөөрхөн хүмүүжүүлдэг байсан. Тэгээд ирчихээд хөөрхөн хувцсаа эвхээд тавьчина. Дуу шүлэг сурчихна, за тэгээд сургуульд ороод ирэхээр чинь сургууль нь номоо заачихна. Тэгээд үсэглэлийн баяр маяр хийгээд л 35 үсгийн чинь заагаад л. Одооны программаас бол шал өөр байсан байгаа юм. Тэр үеийн хичээл нь ч хөнгөхөн байсан байх аа. Одоо бол ер нь 4 р ангийн хүүхдийн тоог бид нар бол бараг мэдэхгүй болж байна ш дээ. Тийм хичээл бол их хүндэрсэн байна.
Цэцэгжаргал -
Та үйлдвэрийн ажилчин байхдаа ер нь хүүхдүүдээ хангалттай цаг хугацааг зарж сайн хүмүүжүүлсэн гэж хэлж чадах уу?
Оюунцэцэг -
Оо яахав цаг бол хугацаа байсан. Гэхдээ нөгөө хөгшчүүл байсан болохоор хүүхэдтэйгээ дандаа нэг тулж ажиллаад байсан юм байхгүй /инээв/. Одоо бодоход залуу байсан болохоор ховор байсан юм шиг байгаа юм. Тэгэхдээ бол ямар ч байсан юм хумандаа бүрэн оролцоод, ямар ч байсан тухайн үеийнхээ үүргийг хэдүүлээ гүйцэтгээд л явж байсан.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярлалаа.
Оюунцэцэг -
За баярлалаа та нарын ажилд амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.