Lamjav
![](../assets/images/interviewees/990080.jpg)
Basic information
Interviewee ID: 990080
Name: Lamjav
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: mathematician
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
foreign relations
NGOs
politics / politicians
authority
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Ламжав -
Дахиад асуухгүй бол завсарласан хүн чинь ярихаа больчихдог ш дээ.
Хишигсүрэн -
За өнөөдөр Ламжав гуай бид 2-ын гурав дахь уулзалт. Тэгээд ярилцлаган дээр байгаа сэдвүүдээс ярих ёстой сэдэв үлдчихээд байна өмч хувьчлалыг ер нь яръя гэж бодож байна. Монголд ардчилсан үйл явдал өрнөсөн, энэ нийгэмд шилжсэний хамгийн том суурь өөрчлөлт нь өмч хувьчлал болж хувийн өмчтэй болсон. Нийтийн өмч, төрийн өмчийг задалсан. Энэ процесс ер нь яаж явсан. Ямар онцлогтой явагдсан бэ гэдэг талаар ярихгүй юу?
Ламжав -
За тэгье дээ. Тэгэхээр 1990 онд Улсын Бага Хурал....манайх анх түүхэндээ байнгын ажиллагаатай анхны парламенттай болж байгаа ш дээ. Байгуулагдаад хамгийн эхлээд батласан Хууль бол хувийн өмчийг зөвшөөрсөн тийм Хууль батласан. Тэгээд яг тэр 1990 оны үеээр чинь нэгдлийн өмчийг....хүмүүс бол нэгдэлээс гарна эд нар гэдэг явдал нилээд өрнөж байсан л даа. Тэгээд нэгдлийн өмчийг хувьчлах асуудал нилээд тийм сонин байдалтай явагдсан. Манай нутагт Сайханд зургууд дотор байгаа Намхай гээд манай дүү чинь Багшийн Дээдийн Түүх Газар зүйн ангийн төгсөөд Хишиг-Өндөрт байж байгаад Сайханд оччихсон байсан. Өмнө нь адуучин байсан. Манай тэр дүү 10-р анги төгсөөд мал маллаж байсан юм. Тэгээд сүүлд сургуульд орж Багшийн Дээдийг төгсөж тэгээд Сайханд оччихсон байсан. Бид нарт ч холбоотой. Ер нь цаашдаа яах уу гээд ярьдаг байсан. Тэгээд тэд нар нэгдлийнхэн хуралдсан. Тодорхой тохиолдол ярих гэж байна ш дээ. Тэгээд тэр суманд ерөнхий сайд Бямбасүрэн гуай очсон. Тэгээд хэсэг хүмүүс 12-13 айл байсан байхаа. Нэгдэлээс гарсан тэд нартаа тодорхой хэмжээний өмч өгөөд гаргасан байдаг юм. Тийм эхэлсэн.
Хишигсүрэн -
Өмч хувьчлахаас өмнө үү?
Ламжав -
Өмнө. Гарна гээд тэгээд ерөөл тавиад. Кинон дээр гардаг шиг. Хэн билээ тэр чинь Очирбат гуайн тоглодог ?
Хишигсүрэн -
Итгэлт баян.
Ламжав -
Итгэлт баян шиг баяжаарай гээд ерөөл тавилаа гээд тэр үеийн “Ардын эрх” сонин дээр бичсэн байсан. Иймэрхүү маягтайгаар эхэлсэн. За тэгээд Хуулийн хувьд юу болсон гэхээр өмч хувьчлалын Хууль чинь аж үйлдвэрийн газруудыг хувьчлах, улсын үйлдвэрүүдийн газрыг, нэгдэлийг хувьчлах 2,3 янзын Хууль гарсан л даа. Энэ нөгөө эрхийн бичиг гэж гаргасан шүү дээ. 10000 төгрөгний үнэтэй. 3000 нь улаан, бага хувьчлалын тасалбар. Цэнхэр нь их хувьчлалынх. Цэнхэр тасалбарыг чинь үйлдвэрийн газруудыг хувьчилах зориулалттай байсан. Хувьцаа гэсэн үг. Хувьцаа худалдаж авахад зориулсан. Яг мөнгө өгнө гэсэн үг биш. Тийм агуулгаар гаргасан. Цэнхэр хувьцаагаа ч гэсэн нэгдлийнхээ өмчид оруулж болж байсан санагдаж байна. Тэгээд өмч хувьчлалын Хууль ярихад бол үйлдвэрийн газруудыг нь хувьчлах нь ч яахав тэгэсхийгээд болчихсон. Нэгдлийн өмчийг хувьчлах дээр улс төрийн мэтгэлцээн сөрж зогссон байдал бий болсон. Тэгээд явсаар байгаад юун дээр төгссөн гэхээр. Нэгдлийн өмчийн хувьчлах асуудлыг нэгдлийн гишүүд өөрсдөө мэднэ гэсэн имй Хууль гарсан юм. Өөрсдөө мэдэж хувьчлана гэж. За тэгээд юу болсон гэхээр нэгдлийн өмчийг хувьчлах ёстой болж нэгдлийн гишүүн хэн бэ гэдэг асуудал аягүй чухал болсон л доо. Тэгэхээр өмнө нь явж ирсэн Хуулийн дагуу нэгдлийн гишүүнийг тэрүүгээр нь тодорхойлж байсан. Яг хичнээн мал нийлүүлсэн барьсан тэр хамаа байхгүй. Нэгдэлд хөдөлмөрлөөгүй л бол тэ нэгдлийн гишүүн гэж үздэггүй байсан.
Хишигсүрэн -
Сумын төвд алба хашиж байгаа эмч, багш, захиргааны ажилтанууд чинь нэгдлийн гишүүд биш болж байгаа байхгүй юу.
Ламжав -
Тэд нар чинь бол мөн байдаг байхгүй юу?
Хишигсүрэн -
Биш болчихож байгаа байхгүй юу манай суманд бол.
Ламжав -
За өөр өөр байсан байж магадгүй ээ. Тийм юмнууд бас ажиглагдаад байсан. Юу вэ гэхээр тэр нэгдэлд л ажиллаж байгаа гэсэн утгаар нь нэгдлийн гишүүн гэж бүртгэж авч тэрэн дээр тиймэрхүү янзын будлиан байсан. Би тэр сүүлд явж байгаад тийм юмтай таарсан. Тэгээд малаа нийгэмчлээд хот явчихсан улсууд байна ш дээ. Өөр Газар очсон хүмүүс хөдөлмөр нийгэмчлээгүй гэдэг утгаараа гишүүн биш болчихож байгаа байхгүй юу. Тэгээд хурал болоод л тэрнийг хэрэгжүүлэх хугацаа нь 1991 он гэхэд....1991 он дуусахад дуусахаар тусгасан байсан. Тэр бас наантай цаантай юм болсон л доо. Саатуулах механизм маш их ажилласан тэр үед бол.
Хишигсүрэн -
Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны дэд сайд байсан Ганхуяг чинь Ардын Аж Ахуйтны Холбоо гэж нэг юм тухайн үед байгуулагдсан ш дээ. Ямар зорилготой тийм юм байгуулаад байлаа даа. Ямар ч байсан тэр бол нэгдлийн малыг хувьчлаж байсан процесстай их л холбоотой байгууллага байсан гэж ярьдаг юм билээ. Тэрний анхдугаар чуулган болно гээд нэг хурал болоод. Нэгдлээс малаа хувьчлаж авсан хүмүүсийн холбоо гэсэн үг үү юу гэсэн үг вэ та санаж байна уу?
Ламжав -
Тиймэрхүү сайн дурын байгууллага байсан. Ганхуяг тэрүүгээрээ Герман яваад нилээн яваад тэндээс санаа энэ тэр олж ирж тэгж байсан. Тэгээд юу вэ гэхээр нэгдлийн өмч хувьчлах асуудал бол тэгээд сунжраад.....саатуулах машины хүч их орсон л доо. Тэгээд саатуулах механизм юу болсон гэхээр Хувьсгалт Намын зүгээс саатуулалт явагдсан. Маш их саатуулсан. Тэгээд энэ саатуулж байгаа нь ерөөсөө хөрөнгө өмч идэх аягүй их бололцоо олгосон. Малчидыг ингээд....би нутгийнхаараа бол сайн мэднэ дээ. Малаас өөр эд хөрөнгө байна ш дээ. Мөнгө төгрөг гэж байна, байшин сав гээд тэр юмнууд дээрээ малчид бол тооцоо хийгээгүй. Зөвхөн мал дээрээ тооцоо хийгээд тэрнийгээ хувьчлаж аваад тэгээд сунжирсаар байгаад ямар ч байсан хувьчлагдсан байхгүй юу. Тэгээд жишээлбэл манай тэнд Балдан хавангынх гээд баян айл байсан. Би бага байхын мэднэ их малтай. Чөлөөт бөхийн бөх Санжаа байна ш дээ. Бага Санжаа гэж ярьдаг та нар бараг мэдэхгүй байж магадгүй. Том Санжаа, бага Санжаа гэж 2 бөх байсан юм. Бага Санжаа нь тэр Балдан гуайн зээ байхгүй юу. Санжаа нь Сайханы мал хувьчлаж байна гэж явж очоод юм оногдох болов уу гэж очсон жаахан юм өгсөн гэж сонсогдож байсан.
Хишигсүрэн -
Багадаа гарчихсан хүн тийм ээ?
Ламжав -
Тийм хотод очсон. Тэгээд нэгдлийн өмч хувьчлал иймэрхүү маягтай. Малаас бусад юмыг нь ерөнхийдөө эрх мэдэлтэй хүмүүс нь хуваагаад авчихсан. За ер нь тийм л дээ. Эрх мэдэлд байдаг ямар хүмүүс байдаг уу тэр хүмүүс чинь л авсан л даа. Нэгдлийн дарга нар 1990 онд хөрөнгөөрөө жигтэйхэн их наймаа хийсэн ш дээ. Хууль завхарчихсан тиймэрхүү байдал үүссэн байсан. Өмч хувьчлахад үүссэн өөр том бэрхшээл бол мөнгөний ханшны уналтыг тооцоогүй. Тухайн үеийн улсын хөрөнгийн 70%-ыг өмчлөх Хууль гаргалаа гээд тийм юм уншигдсан ш дээ. Анх Хууль орж ирэхэд. Тухайн үеийнхээ үнэлгээгээр тийм л байхгүй юу. Тэгээд эрхийн бичиг тараагаад л тэгээд эрхийн бичгээ хүмүүс чинь тэнд энд гээд оруулсан ш дээ. Тэгээд мөнгөний ханш уначихаар.....мөнгөний ханш унана гэдэг чинь нөгөө худалдаж авсан юмнууд чинь цаанаа үнэ ороод байгаа байхгүй юу. Үнэ ороод жигтэйхэн үнэтэй болно ш дээ. Бүх юм үнэд орно. Нөгөө 7000 төгрөг чинь тэр хэвээрээ байгаа биз дээ. Тэгэхээр удирдах зөвлөл чинь нэг газрыг хувьчлаад авчихаар нэг тийм бүлэг хүмүүс үүссэн ш дээ. Удирдах зөвлөл эд нар гээд Хуулиар тогтчихсон байсан юм шиг байна лээ. Тэгэхээр би тэрнийг чинь ярихаар хүмүүсийн оруулсан хувьцааны хэмжээ байна ш дээ тэр нь аягүй жаахан болчихгүй юу. Намын байр гэхэд чинь яг тэр мөнгийг индексжүүлээгүй болохоор авсан хөрөнгийнхөө 10 хувь ч гэдэг юмуу тийм бага хэсэг нь хүмүүсийн мэдэлд байгаа мэт харагдаад бусад нь зүгээр сул контроль ч байхгүй харагдаж байгаа байхгүй юу. Тэрэн дээр нь л тэр удирдах зөвлөлүүд ажилласан л даа. Тэгээд хувьцаа гаргаад нөгөөдүүлийг нь хувьчлаж авсан гэсэн тийм юм бий болсон байхгүй юу. Би нэг хөрөнгийн биржийн тайлангуудыг үзэж байсан. Тэрэнтэй холбоотой ганцхан өгүүлбэр байдаг юм. Тэгээд би тэрнийг бол....хөрөнгийг хүмүүс зүгээр л авчихсан юм байна гэж бодсон. Энэ чинь юу вэ гэхээр эрхийн бичгээ мөнгөний үнэ ханш уналттай холбоогүй тийм болохоор зүгээр тийм болсон.
Хишигсүрэн -
Тэр холбоогүйг мэдсээр байж холбоогүй юу байгаа ойлголт нь л тэр гэсэн үг үү?
Ламжав -
Мэдэж байсан улсууд байсан л байх л даа. Мэдэхгүй улсууд их байсан.
Хишигсүрэн -
Мэдэж байсан хүмүүс нь өөрсдөө тэр Хуулийг гаргасан хүмүүс мөн үү?
Ламжав -
Би бол Хууль гаргаж байсан хүн тэгэхдээ тэр тухай их сайн мэдрэхгүй л байсан ш дээ /инээв/. Мөнгөний ханш унахаар яах юм бэ гэдэг асуудал тийм ээ.
Хишигсүрэн -
Мөнгөний ханш унана гэсэн ойлголт нь өөрөө байгаагүй. Тэрнийг эдийн засагч нар авч чадаагүй гэсэн үг байна тийм ээ?
Ламжав -
Мэдэхгүй. Бага Хурал дээр шийдвэр гаргахдаа зөндөө хүмүүсийн ярьж байгааг сонсдог байсан. Сүүлд л их ухаантай хүмүүс гарч ирээд байсан болохоос биш тухайн үедээ яг захиргаадалтын тогтолцоо чинь их өвөрмөц 4, 10-ын боов гэж ярьдаг, 7, 10-ын боов, 3 тавийн талх гээд ярьдаг. Үнээрээ бараг нэрлэгддэг байсан юм. Тэгээд тэр ханш уналтыг зохицуулагаагүйгээс болоод өөрөө ингээд хүмүүс авчихсан. Би Оросын сонссон юм. Орос чинь нэг өглөө босож ирэхэд ярьж тохироод тэр том юмнуудыг авчихсан. Орос чинь аймаар баян орон ш дээ. Юмнуудаа авчихсан. Цөөхөн хүмүүсийн гарт орчихсон. Тэгээд баячууд нь Англид очоод хөл бөмбөгийн баг худалдаж аваад тансаглаж байгаа биз дээ. Тэгээд мөн чанартай манай энэ хоёрт бол онцын ялгаа бага юм шиг харагддаг байхгүй юу. Мөнгөний ханш унахад авч л болсон байна тийм ээ.
Хишигсүрэн -
Өмч хэрхэн хуваарилагдав. Өмчийг хэн авав гэдэг тэр талаасаа харах юм бол....
Ламжав -
Тэгээд бодоод байхад харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр тайланд байдаг юм. Удирдах зөвлөл бол хувьцаа гаргасан гэж тэр тайланд байдаг юм. Тэгэхээр тэр чинь хувьцаа гаргаж хоосон байгаа газрыг худлаа авч байгаа байхгүй юу. Мөнгө оруулахгүйгээр авч байгаа байхгүй юу. Мөнгөний ханш унахаар. Ердөө аягүй том механизм энэ. Би тэгээд бас аж ахуй энэ тэр оролддог хамаатан эд нартай яагаад ингэв юу болсон бэ гэж асуухаар яг үүнийг хэлдэг байхгүй юу. Сүүлд нь зөндөө сонин дээр бичсэн. Аймаар шударга бус зүйл ингээд болчихож байгаа байхгүй юу.
Отгонбаяр -
Надад бол ингэж санагддаг юм. Өмч хувьчлалаар хэн баяжсан хэн зүй бусаар олсоныг нь ард түмэн мэдэж байгаа ш дээ. Тэгэхээр эндээс нийгмийн үнэлэмж унах.....өө яадаг юм гээд оюун санааны амьдралд шударга биш байх үндсийг нь энэ тавьчихсан юм шиг ээ.
Ламжав -
Энэ чинь тэгээд л....би нэг юм хэлэх гэж байгаад мартчихаж. Брокерууд гээд л их шударга хүмүүс ажиллана гээд Хууль дээр яригдаж л байсан л даа. Брокерууд яасан гэхээр энэ дээр бас ажилласан. Нөгөөдүүл чинь өөртөө л....брокер чинь аягүй нарийн нандин ажил болно, өөрийнхөө хувийн сонирхолоос гадуур ажиллана гэсэн. Тэгсэн нөгөө брокерууд чинь нөгөө хувьцааг чинь наймаалаад дамлаад...тэгээд нөгөө мөнгөөр эрхийн бичгүүдийг цуглуулж аваад ийм л юм болсон. Тэгээд яасан гэхээр би 1992 оны хавар Үндсэн Хууль баталчихаад тэгээд нэгдлийн өмч хувьчлагдахгүй аймаар саадтай. Тэгээд албан журмын мах авна гэсэн юмнууд нь хэвээрээ байгаад байдаг. Тэгээд би Баянхонгор явсан. Баянхонгорын тэнд хуралдаад хажуу талынх нь Баянцагаан ч гэдэг билүү нэг нэгдэлийг хувьчлана гээд тэндээс багш нараас нь захидал ирээд байсан л даа. Тэгээд очсон. Хэд хоног суугаад тэгээд яахав анхны хувьчлах арга чинь нэгдэлчид өөрсдөө мэдэх юм чинь. Нэгдлийн хурал болоод нэгдэлчид хуралд цуглараад. Тэр сум нь аймгийнхаа хажууд байхгүй юу. Тэгээд дарга нар шүүхийнхэн эд нар суучихаад тэгээд Хуулиа тайлбарлаад. Ингэх ёстой ингэж болно гээд консалдаци маягын юм өгөөд. Тэгээд улсууд тэгж байгаа тэр нэгдэл хувьчлагдаж байсан. Тэгсээр тэгсээр аажуухан явсаар байгаад нэгдэл хувьчлагдаж дууссан. За тэгээд бусад нэгдлийн хөрөнгө мөнгө эд нар нь нэгдлийн дээд зөвлөл гэж байсан. Тэр энэ тэр бол ноогдохгүй.
Хишигсүрэн -
Аварзэд гэж нэгдлийн холбооны айхтар өвгөн байсан тийм ээ?
Ламжав -
Тийм Аварзэд.
Хишигсүрэн -
Би ийм маягаар асуудлыг тавьж үзмээр байна. За тухайн үед өмч хувьчлалын Хуулийг батлаж байх үед зах зээлийн эдийн засгийн талаар боловсролтой, эдийн засгийн мэдлэгтэй хүн Монгол улсад байсан уу. Байсан л болоод тэр Хуулийг баталсан байх л даа. Тэр Хуулийг батлаж байхдаа. Та тухайн үедээ батлахдаа мөнгөний ханш унана гэдэг ч юмуу зах зээлийн бусад факторуудыг мэдэхгүйтэй холбоотойгоор батлаж байгаа ш дээ. Яг эдийн засагчид нь өөрсдөө мэдэхгүйгээр энийг хийчихсэн гэсэн тийм гэнэн дүгнэлт хийж болох уу. Эсвэл надад нэг....би 1995,1996 онд оюутан байгхдаа нэг бодож байсан. Энэ Ганболд чинь аягүй ухаантай. Айхтар нарийн зальтай, мэдлэгтэй хүн байна. Ерөөсөө энэ өмчийг тараахдаа ямар ч зөрчил мөргөлдөөнгүйгээр аягүй цэмцгэр авах ёстой хүмүүст нь өгчихлөө. Тэгээд та нарт өгсөн үү өгсөн ш дээ 10000, 10000-н мянгаар яг тэнцүү хуваагаад авсан ш дээ гэж хэлэх тийм....тэгж хэлэх л зориулалттай 10000 төгрөгийн эрхийн бичиг байсан болохоос биш тэр бол өмчийн баталгаа биш байж ээ гэдэг чинь 1996 онд тодорхой болчихсон байхгүй юу. Гэж бодож байсан. Миний дүгнэлт бол ийм байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо энэ өмчийн задалсан тэр Хуулийг баталсан тэр улсууд за тэр өмчийг авсан байгаа улсууд ямар нэг байдлаар хариуцлага хүлээх ёстой гэсэн тийм асуудал хэзээ нэгэн цагт үүсэх ёстой юу. Би бол сонсож байсан ш дээ. Зарим газрын ягаан тасалбараа айлууд өгдөггүй юм байна л даа. Хувьцаагаа оруулчихсан байна ш дээ. Таны хэлдэгээр 7000-аа, ч юмуу 3000-аа оруулчихсан хүмүүсийг чинь дахиад дахин 1996 оноос авч эхэлсэн гэж байгаа юм. Өгөхгүй байгаа айлыг нь сүрдүүлээд машинтай залуучууд гарч ирээд энэ мөнгөөр л чи наадахаа өг, өгөхгүй бол хохь нь шүү гэдэг байдлаар сүрдүүлж, сүрдүүлгийн байдлаар Улаанбаатар хотын нилээн олон үл хөдлөх хөрөнгийг авсан энэ тэр гээд барин тавин юм сонсогдож байгаа.
Ламжав -
Энийг бол би анх удаа сонсож байна. Яг сүрдүүлж авсан тухай юмыг бол. Брокерууд гэж байсан тэд нар бол шударга ажиллаагүй өөртөө хөрөнгө авах гээд ажилчихсан. Тэгээд тэдний чинь жинхэнэ но бол тэрэн дээр л цухуйж байна ш дээ. Түүнээс гадна Хуулийн хамгаалалт байхгүй байсан гэж би хэлж байна ш дээ. Тэгэхээр бол тэгээд одоо мөнгөний ханш хэдэн зуугаар унаж байгаа юм чинь тийм ээ. Тэгэхэд нөгөөдөх 10000 төгрөг чинь зүгээр л цаас байхгүй юу. Тэгэхээр тэр хөрөнгийг чинь хувьчлаад авсан байдаг. Тэгэхээр тэр цаад талын хоосон зайн дээр хувьцаа гаргасан байгаа юм. Тийм юм ярьж байгаа юм. Хоосон хувьцаа л гаргасан гээд тэгж байгаа байхгүй юу. Хуурамч юманд л зориулж гаргасан байх.
Хишигсүрэн -
Тэр ардчиллаар олж авах маш суурь бид нарын эрх чөлөөний баталгаа бид нарын эрх чөлөөний баталгаа. Бид нарын Үндсэн Хуулийн баталгаа чинь өмчөөр хангагдах байсан ш дээ. Тэгээд гарааны нөхцөл жигд байх ёстой гээд тухайн үедээ их гоё юм ярьдаг байсан.
Ламжав -
Гарааны нөхцөл гэдэг чинь бүгдээрэнд нь адилхан бичиг өгчихсөн байна ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд мэдээлэлд ойрхон байсан хүмүүс нь авч байгаа юм. Тэрнийг ойлгосон нь авч байгаа юм. Тэгээд сурталчилгаа байхгүй. Маш өндөр боловсролтой, тухайн социализмын үед маш нарийн эдийн засгийн боловсролтой байсан хүн юу ч авч чадахгүй хоцорсон байсан.
Ламжав -
Наадах чинь юу вэ гэхээр эрхийн бичиг гэдгийг чинь манайхан сонин дээр бичээд байсан. Нөгөө хэн 2-ыг санаачилсан гээд тэгдэг юм. Эрхийн бичиг гаргаж хувьчлах ёстой гээд нөгөө Сакс гээд Америкийн эдийн засагч манайханд зөвөлгөө өгөөд явж байсан гэсэн ш дээ. Ингэх ёстойг тэр хүн хэлсэн гэдэг. Тэгээд нөгөө Жаргалсайхан, Золжаргал 2 тийм ээ. Тэд нар Хуулийн төслийг хийсэн байж магадгүй. Засгийн газрын төсөл шүү дээ. Засгийн Газар Бага Хуралд оруулж ирээд л батлуулсан.
Хишигсүрэн -
Тэгэхээр бид нар өмч хувьчлалтай холбоотой ярих юмаа ярьчихлаа. Хэн тэрнээс, ямар хүмүүс тэндээс их өмчтэй үлдэв, хэн өмчгүй үлдэв өмчийг эзэмшиж байгаа байдал нийгмийн янз бүрийн давхаргад ямар байдлаар хуваарилагдав гэсэн юмаар ярилаа. Дараагийн асуулт тавих ч боломжгүйгээр энэ чинь цоожлогдож байна.
Ламжав -
Ерөөсөө энэ чинь зүй нь бол би боддог юм. Тэр индексжүүлэх асуудал байсан байж болох юм гэж. Мөнгөний ханшинд. Тэгэхэд мөнгөний ханш унах гэдгийг бүгдээрээ мэддэггүй байсан юм чинь. Тэгэхээр Бага Хурал....
Хишигсүрэн -
Маш хурдан тэрнийг ойлгож байна тийм ээ.
Ламжав -
1992 онд бага хурал Ардын Их Хурал 2 тараад л дараагийнх нь золгоод явчихсан.
Отгонбаяр -
Та энийг мэдэхгүй байж болно бид нар энийг мэдэхгүй байж болно. Намын ажилтнууд нь мэдэхгүй байж болно. Үүний чинь цаана эдийн засгийн бодлогыг нь барьж байгаа яг онолын асуудлуудыг нь макро түвшинд барих тийм хүмүүс байхгүй байсан юмуу. Тэд нар нь зориуд луйвар хийж баяжив уу? гэдэг л байна.
Ламжав -
Би одоо эдийн засгийн юмыг их сонирхож үзээгүй. Хуулийн юмыг л сонирхож байсан. Хаалттай нийгэмд байгаа Хуульч, эдийн засагч 2 бол өрөвдөлтэй л байгаа болов уу. Тийм. Тэр бол ард түмний хүрээнээс гардаггүй л байхгүй юу.
Отгонбаяр -
Гаднаас ирсэн тэр Америк зөвлөх нь олигтой зөвлөөгүй байна ш дээ тиймээ.
Ламжав -
Үгүй ээ тэр нь хэлээд өгнө ш дээ. Тэгээд өөрсдөө нарийн ширнийг нь өөрсдөө хийнэ биз гээд хэлж байтал.....
Отгонбаяр -
Зөвөлгөөг нь дагаж чадсангүй л дээ. Би эргүүлээд санхүүгийн хэрэг үүсгэх гэхэд Хуулийн үндэс байхгүй.
Ламжав -
Байхгүй.
Хишигсүрэн -
Аягүй моральный хувь хүмүүсийн хандлага энд нөлөөлсөн. Аягүй моральтай улсууд тэр мэдээллийг мэдэж байсан ч гэсэн би хөдөлмөрлөж олоогүйгээс хойш тэрнийг авах боломж нь байсан ч аваагүй. Аа зүгээр ерөөсөөө ямар ч аргаар хамаагүй зэрлэг капитализмын гэдэг тэр сэтгэлгээгээр хандсан хүмүүс нь авсан. Би яг тэр өмч дээр байсөан 2 хүн тэгж ярихыг сонссон, уулзсан ш дээ.
Ламжав -
За тэгээд л тэр арилжааны банкуудыг чинь гялалзтал байгуулсан ш дээ. Энэ тэндгүй таслаад л байгуулаад байна гэсэн. Бүр болохоо байлаа гээд тэгээд тэр банк байгуулсан хүмүүс чинь зөндөө л юм сонсогддог ш дээ. Улсаа тоншоод л...улсын юмаар арилжааны банкууд байгуулаад л тэгээд юу вэ гэхээр банкны тогтолцооны жинхэнэ нарийн юм чинь юу байдаг гэсэн ш дээ. Хөрөнгө оруулагч нь гүйцэтгэх захирал нь байж болохгүй ээ энэ тэр гээд. Удирдлагыг нь цэвэр байлгахын тулд. Тэгээд нөгөө зээлдэх барихад аягүй хязгаартай. Банкинд хөрөнгө оруулсан хүмүүс өөрсдөө бараг зээлдэхгүй байхаар хязгаарлалтууд байдаг юм байна л даа. Манайх бол яасан гэхээр аймаар өндөр үнэтэй хүү зарлачихаад л улсууд хөөрхий ганзагын наймаанд яваад хэдэн төгрөг олоод тэрнийгээ хадгалчихсан. Найз бол юу вэ гэхээр шууд өөрсдөө зээлж бариад тэгээд л баллаад хаясан. Тэгээд банкуудын асуудлууд гарсан шүү дээ. Тэгээд нөгөө юу. Өөр нэг гашуун жишээ юу вэ гэхээр Эрдэнэт шүү дээ. Эрдэнэт чинь хоёр улсын хамтарсан үйлдвэр учраас Эрдэнэтийг хувьчлах тухай асуудал бол ороогүй юм. Яагаад гэхээр хувьчилах тухай асуудал ярих юм бол нөгөө улстай...жишээлбэл Зөвлөлт Холбоот Улсад мэдэгдэх ёстой. Зөвлөлт Холбоот Улс ч гэсэн зарах юмаа Монголд мэдэгдэж байж зарах ёстой. Тийм социализмын үеийн гэрээтэй. Хамгийн нөгөө тал нь хамгийн түрүүнд худалдан авах эрх бүхий этгээд гэсэн байдалтай байсан. Тэгсэн яасан гэхээр 1992-1996 орчим чинь Орос чинь бас манайхаас ч хэцүү юм болж байсан юм чинь. Тэд нарт нөгөө талаа хувь руу шилжүүлчихсэн байсан шүү дээ. Тэгсэн манайхан энд бас өөрийнхөө тал руу хувь руу шилжүүлэх ажил хийсэн байхгүй юу. Аймшгийн. Хувь руу шилжүүлэх. Тэр нь Жасрай гуайн засгийн газрын үед. Тэгээд Эрдэнэт конерциум гэж байгуулаад хөрөнгө таслаж нааш нь яах юм ярьж байсан. Тэгээд хожим нь яасан гэхээр Орос чинь манайхаас санаа аваад наашаа анхаараад тэрнийгээ бас тэгээд тийм байдалтай болгоод тэгээд манайх бөөн юм болж байж...манайхан баахан сэтгүүлчид юм бичээд л байсан байхгүй юу. Тийм юм болж шувтарсан ш дээ.
Хишигсүрэн -
Надад нэг ийм юу бодогдож байна. Тухайн үедээ ямар нэг байдлаар нийтийн төрийн өмчийг хүн амын 5% нь ч юмуу 10%-ийн авсан хавьцаа байгаа. Нийгмийн баялаг шударга биш хуваарилагддаг тэр зарчим....зарчим ч юу байхав тэр хандлага үйлчлээд за ингээд ард түмнээ хууран мэхлээд авчихсан байна гэж би шууд хэлмээр байгаа байхгүй юу. Хэн нэг дарангуйлагч гарч ирээд энийг бүгдийг нь нийгэмчлэнэ гээд бүгдийг нь буцаагаад өмчинд нь халдаад булааж авах тэр асуудлыг тавихад нөгөө пролитари анги чинь гар өргөөд л дэмжинэ л дээ тиймээ. Дахиад энэ чинь нөгөө ардчилалдаа гүнзгий аюул занал үлдээчихсэн байхгүй юу. Тэгээд тэр Хувьсгалт Намын байрыг шатаагаад босож байсан улсуудаас наад байшин луугаа яагаад чулуу шидээд шатаагаад байгаа юм гэсэн байна л даа. Өө яршиг л байна энэ бол бидний өмч. Өмчөө эзэн нь яахаа мэддэг юм аа гээд чулуу шидэж байна гэж байгаа байхгүй юу. Энэ бол эхний жишээ харагдаж байна. Би тийм дүгнэлт шууд хиймээр санагдаж байгаа байхгүй юу. Та юу гэж бодож байна вэ?
Ламжав -
Тэгээд л одоо би аль нам нь илүү цэвэр энэ тэр гэдгийг түүхэн явж ирсэн юунаасаа байна ш дээ. Хамгийн их өмчийн шамшигдуулж идсэн нь Хувьсгалт Нам гарцаагүй мөн. Яагаад гэхээр эрх мэдэл тэдний гарт байсан. Тэгээд би түрүүн хэлсэн ш дээ. Нам нэг өөрийгөө санхүүжүүлэх боллоо гэсэн чинь бүр төв хорооноос тогтоол гарсан байхгүй юу. Тэр бол бага хэрэг үхэр мал, машин тэрэг гээд хүн хүртэл хандивлаад эхэлсэн. Тэгээд сүүлдээ бол байшин савуудыг зүгээр л аваад байсан байхгүй юу. Одоо хамгийн гоё жишээ бол энэ зах ш дээ.
Хишигсүрэн -
Нарантуул зах уу?
Ламжав -
Дэнжийн 1000-д байсан байхгүй юу. Тэрнийг чинь авсан зөндөө яриаг сонсож байсан. Хувьчлаж авсан хүн нь байдаггүй юм гэсэн. Хуурамч нэрээр яагаад гулгуулаад л тийм юм болж байсан. Тийм юмнууд зөндөө болсон. Зөв зүгээр авсан юмнууд зөндөө. Тэр үед улс төрийн юугаар нэг....Бага Хурал чинь 1991 оны өвөл....намын байгууллагыг аж ахуй үйлдвэрийн газраас гаргах гэж тийм Хууль хэлэлцсэн юм. Тэгээд тэрэн дээр чинь аймаар улс төржсөн байдал үүсээд л би нэг эмнэлэгт хэвтчихсэн. Нүүр ам хавдаад юунаас болсон гээд. Тэгээд шаардлагатай бол намайг машинаар ирж авна гээд. Би 2-р эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд тэр Хуулийг баталсан юм. Намын байгууллага....бусдыг нь адилхан хөөсөн. Хөдөлгөөнүүдийг нь тийм ээ. Бүх л одоо хөдөлгөөнүүд аль ч нам бүгдээрээ. Засаг захиргааны нэгжээр байгуулагдана гэж. Дүүрэг, хороо гэж байгуулагдана гэсэн санаа л даа. Өөрөөр хэлэх юм бол үйлдвэр юуны газраас намын юмнуудыг бүгдийг нь гаргаж байгаа юм. Энэ их чухал зүйл л дээ. Намын байгууллагууд бүгдийг нь гаргасан. Хувьсгалт Нам бол гараад одоо бол ямар байдалтай болсон гэхээр хорооны засаг дарга нарын толгой дээр хувьсгалт намын дарга нар сууж байгаа байхгүй юу. Яг доод талдаа. Одоо бол юу вэ гэхээр бүр эсрэгээрээ би тэр хурлын шийдвэр ингэж хэрэгжсэн байгаа юм. Би ноднин нэг яах гэлээ дээ байз. Нэг ажил гараад....манай хороо энэ урд булан байдаг байхгүй юу. Яваад орсон чинь өө хувьсгалт намтай цуг. Ийм айлын зориулалттай байр байгаа байхгүй юу. Нэг талд нь Хувьсгалт Намын үүр нь байж байгаа юм. Нөгөө талд нь байгаа нэг эмэгтэй байна. Тэд нар нь төрийн байгууллага гэхээр их тийм ядруу царайтай. Тэгээд би ороод харсан. Бүх юм иймэрхүү л байгаа байхгүй юу. Би тэгээд бодож байгаа юм л даа. Ардчилсан Нам засгийн газраа авчихсан байсан бол яваад очих юм бол тиймэрхүү л байгаа байх. Эрх авчихсан Газар бол. Тэгээд улс төржсөн байдал. Өмч хувьчлал иймэрхүү. Би тэгээд 1992 оны хавар чинь Баянхонгор яваад....би үргэлж нэгдлийн өмчийг хувьчлуулахыг түлхэх гэж явсан ш дээ. Өмнөговь яваад олон сумаар явсан. Нөгөөдүүл чинь хувьчлахгүй саатуулаад суучихсан. Саатахын хэрээр өмч шамшигддаг болохоор чинь. Жишээлбэл газрыг хувьчлах асуудал чинь....би бас Үндсэн Хуулийн Цэцэд хандаж байсан л даа. Кадастар байхгүй учраас өмчлөхгүй гээд хойшлуулчихсан байхгүй юу. Гэтэл Үндсэн Хуульд бол заалт нь байгаад байдаг. Онцгой байдал тогтоогоогүй бол хүний Үндсэн эрхийг хангах ёстой гээд. Хүн бол өмчтэй байх эрхтэй гээд. Кадастарийг худлаа тэгээд байсан. Тэр хооронд чинь газрыг мөнгөтэй ч юмуу эрх мэдэлтэй улсууд зарахыг нь зараад янзлахыг нь янзлаад тэгсэн байгаа юм чинь. Саатуулах механизм гэдэг чинь манай өмч хувьчлалд тохиолдсон...аягүй юу байгаа юм. Саатуулах явцад тэр нь завших бололцоо олгодог. Учрыг нь олох гээд тэгээд байна уу гэхээр тийм биш. Давуу байдал олж авахын тулд тэгдэг. Ер нь тийм л юм билээ.
Отгонбаяр -
Завших бололцоо олохын тулд саатуулах гээд байгаа хүмүүс чинь ямар нэг ашиг гарна гэдгийг мэдэж байна тийм ээ.
Ламжав -
Шууд мэддэг байх. Аж ахуйд ойр байгаа хүмүүс бол мэднэ ш дээ.
Отгонбаяр -
Эвлэл, үйлдвэрчиний байгууллагууд гээд их өмчтэй газрууд байсан ш дээ. Их татвар авдаг их том өмчтэй. Хувьсгалт Намын өмч ч бүр дүүрсэн хэрэг тэд нар бас л яг ийм замаар явсан л даа тийм ээ.
Ламжав -
Юу ш дээ. Ерөөсөө тэр намд эд нар. Би намын нэр хэлэхгүй ээ яршиг. Нийтэд мэдэж байна. Намд хичнээн их мөнгө байна....за 150 сая төгрөг байлаа намын харъяанд за наадах чинь шууд алга болноо. Нөгөөдөхийг шууд өөртөө аваад л зарцуулсан юм байдаг л байхгүй юу.
Отгонбаяр -
Тэр аймаг, сумын дарга нар бол тухайн үеийн бүх аймгийн хэмжээний юмыг.....
Ламжав -
Тэгээд байр гээд л. Байрны бүх...одоо энэ шатсан байр бол улсын өмч шүү дээ.
Отгонбаяр -
Энэ дээр стратегийн өмгөөлөл хийж болдоггүй юмуу?
Ламжав -
Өмч гэж яриад....
Хишигсүрэн -
Бид нарт юу өгсөн юм ер нь.....
Ламжав -
Энэ чинь бүр юутай. Төлсөн өр байна ш дээ. Тэр өрийн дансанд ороод явсан юм ш дээ. Бүр тийм гэж ярьдаг юм. Захиргаадалтын тогтолцоо чинь өөрөө утгагүй л дээ. 1990 оны хавар гэхэд чинь яаж байсан.....хэн тушаал гаргасан юм бэ дээ /эргэлзэв/. Бямбасүрэн ерөнхий сайд болоогүй байсан юм. Бодвол Гунгаадорж гуайн үед гаргасан юм болов уу. Гунгаадорж гуай чинь хэдхэн хугацаанд....нөгөө огцорсоны дараа хэдэн сар ерөнхий сайд байсан. Тэгэхэд чинь юунууд гарсан гэхээр хуучин бичгээ төрийн бичиг болгоно гээд тэр аймшигтай. Бичиг үсгээ хураалгасан бол тэгээд өнгөрөх байсан байхгүй юу. Тэгээд вэ гэхээр одоо энэ хойшоо тэр юу байна ш дээ. Яргайтад чинь Төв Хороо, засгийн газрын лагерь байдаг ш дээ. Бас нэг засмал зам эд нар. Тэр эд нарыг чинь Хувьсгалт Намд өгсөн байсан байдаг. Байр майр гээд засгийн газраас тушаал гаргаад өгсөн байдаг байхгүй юу. Тэгээд засгийн газрын тушаалаар Соёлын Яам байсан Ардчилсан Холбооны цагаан байр байна ш дээ. Тэрнийг чинь Ардчилсан Холбоонд, Үндэсний Дэвшлийн Намд МОНЦАМЭ-ын байр ш дээ. төв шуудангын өмнөх Ардчилсан Намын байр байна ш дээ. Тэрнийг өгөөд Социал Демрократ Намд /инээв/
Хишигсүрэн -
Хүзүүвч өгөөд.
Ламжав -
Хүзүүвч өгөөгүй юм. Сүүлд өгсөн. Эхлээд Их Сургуулийн хашаанд нэг махны контор байсан байхгүй юу /инээлдэв/. Тэнд чинь бид нар бүр авна гээд хэсэг байсан байхгүй юу. Тэнд чинь....Их Сургуулийн хашаанд Цэцэрлэг байсан даа. Тэр чинь махны контор байсан байхгүй юу. Тэрнийг өгөөд бид нар чинь тэрэнд байж байгаад.
Хишигсүрэн -
Тааруулаад тааруулаад үзэмжээрээ байшин хуваарилаад өгч байна тийм ээ.
Ламжав -
Тийм жаахан юм. Тийм асуудлууд гарч л байсан юм. Нөгөө өмч хувьчлах. Тэгээд Хувьсгалт Нам чинь ордоноос нүүж гарч тэр байр луу орж байсан. Тэгэхдээ архив аваад явдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
За тэгвэл өмч хувьчлалтай холбоотой сэдвээ хаагаад дараагийн сэдэв рүү орьё. Ламжав гуайг төрийн бус байгууллагатай салахын арга байхгүй гэж ойлгож байна л даа. Төрийн бус байгууллага.....социализмын үед Төрийн Бус Байгууллага байсан гэж үзвэл ямар байгууллага байсан юм бэ. Төрийн бус байгууллага нэртэй иргэний нийгмийн байгууллагууд 1990 оноос хойш юу л байна Төрийн бус байгууллага л байна ш дээ. Энэ байгууллагдаж байгаа процесс эрх зүйн орчин энэ тохиолдолд та юуг гол гэж үзээд яримаар байна вэ?
Ламжав -
Би төрийн бус байгууллагатай....Хуультай нь их холбоотой явж байсан юм байна. Анх 1997 онд санагдаж байна. 1991 онд чинь олон нийтийн байгууллагын Хуулийг засгийн газраас оруулж ирэв ээ. 1990 онд юм шиг байна. 1991 онд ч байж магадгүй. Хууль нь орж ирсэн. За тэгээд юу вэ гэхээр концепци нь ерөөсөө шаардлага хангахгүй байна гээд Бага Хурал буцаасан. Дахиж сайн боловсруулж оруулж ирээ гээд. Тэгээд 1992,1993 онд ч юмуу даа. Жасрай гуайн засгийн газрын үед юм байна л даа. Үндсэн Хуулийн дараах анхны УИХ-ын үед нөгөө Хууль чинь УИХ-руу орж ирсэн. За тэгээд тэр Хууль бол бас өмнөхийн адил алдаатай. Жишээлбэл их том алдаануудын нэг нь юу байдаг вэ гэхээр улс төрийн үйл ажиллагаа гэж байгаа юм. Улс төрийн үйл ажиллагааг бол ганцхан улс төрийн намууд хийнэ. Бусад нь улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй гэсэн ийм л том алдаатай байсан. Тэр өмнө ч байсан. Тэр үед ч гэсэн хийгээд оруулж ирж байсан юм. Зарчмын том алдаа нь тэр л байсан. Тэгээд тэрнийг чинь бас үйлдвэрчиний эвлэл гээд нэг байгууллага байгуулагдсан байсан. Тэгээд тэр Хуулийг шүүмжилж байгаад тэр Хууль буцаагдсан юм. Тэр орчим бас эмх замбараагүй байдал тэрнийг засах ёстой болсон байна л даа. Хууль Хуулийн дотор татварын хөнгөлөлтийг хүмүүс бичээд байхгүй юу. Төрийн бус байгууллагын дотор татвараар дэмжих бодлого орчихсон, боловсролын байгууллагыг татвараар яаж дэмжих үү гээд тэр дотороо яваад байдаг. Эмх замбараагүй байдал байхгүй юу. Тийм болохоор татварын Хуулиудыг татварын Хуулинд л зөвхөн хийдэг өөр Газар бол хийдэггүй байя гээд ердөө тэр. Тэгээд татварын ерөнхий Хууль батлахгүй юу. Ерөнхий зарчмуудыг яасан тиймэрхүү Хууль батлаад. Тэгээд орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар эд нар гээд бусад Хуулиуд байна ш дээ. Гаалийн татварууд гээд зөндөө олон Хуулиуд байна. Тэд нар одоо ингээд 110-уулаа тэгнэ гээд. Өөр Хуулиудад байгаа татварын хөнгөлөлтийн тухай заалтуудыг хүчингүй болгоё гээд тэгсэн байгаа юм. УИХ-ын гишүүдээс. Тэр бүх заалтуудыг чинь бусад Хууль дахь агуулгаар нь хийнэ. Мэдээжийн хэрэг найруулагыг нь янзлаад хэлбэр эд нарыг нь өөрчилж таараа ш дээ. Агуулга нь өөрчлөгдөхгүй. Тэгээд бусад Хуулиудад байгаа заалтуудыг хүчингүй болгоод хаясан байдаг байхгүй юу. Тэгээд яадаг уу гэхээр нөгөө татварын Хууль дээрээ нөгөөдөхийгөө хийгээгүй хасчихсан. Төрийн бус байгууллагын аягүй чухал заалтууд байсан. Тэрнийг нь хасчихсан.
Хишигсүрэн -
Зориуд тэгсэн байна.
Ламжав -
Зориуд хассан. Тэр үед Хуулийг их зэгцтэй бичдэг байх ёстой тэр Хууль дотроос нь аймаар анхаарч хүч гаргаж байж л хүн олж харна. Тэгэхээс нааш хүн харахааргүй. Нэг Хуулийн заалт байна ш дээ. Бүтэн нүүр дотор явна гээд боддоо. Тэгээд тэр дотор нь баргийн хүн олж харахгүй. Тэгж хассан байдаг байхгүй юу. Тэгээд Төрийн бус байгууллагын тухай Хууль гээд их л юм ярьдаг юм. Нямдорж л их санаачлаад байгаа юм. 2000 онд өөрчлөнө гэж дайраад. Тэгэхэд Мөнх-Оргил дэд сайд байсан юмуу юу байсан юм бэ дээ. Хууль зүйн сайд байсан юм уу?
Хишигсүрэн -
Дэд сайд байсан.
Ламжав -
Тэгж байсан байх. Тэгээд төрийн бус байгууллагынхан Соросын Сангийнхан эд нар энэ одоо юу яасан юм бэ ямар учиртай юм болсон юм бэ гээд манай концепци нь аягүй буруу. Нөгөөдөхийн чинь хуних гээд. Хуних дуртай ш дээ. Хүн шоронд хийх дуртай энэ чинь . Төрийн бус байгууллагыг устгах гээд тийм санаачлага гарч ирээд тэгээд Вашингтонд байдаг Ашгийн Бус Байгууллагын Төв гээд төрийн бус байгууллага байдаг юм. Том институт гэж нэрлэж болно. Тэрний чинь захирал нь ирж байж, яриад уулзаад тэр өөрчлөлт зогссон. Эртээд дахиад л Нямдорж ярьж байна лээ.
Отгонбаяр -
Тэнд нэг мотив байна л даа.
Ламжав -
Мотивиор нь бол бүх юм төрийн замаар байх ёстой. Нямдорж чинь тийм сэтгэхүйтэй байхгүй юу. Төр чинь өөрөө нийгмийнхээ доор байж байх ёстой гэж байгаа юм ш дээ. Төр чинь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл гэхээр манайхан чинь жишээлбэл ярихаараа ард түмэн нь дээрээсээ доошоо гээд ярьдаг. Уг нь бол ард түмэн нь дээрээсээ доошоо гэж ярих хэрэгтэй л дээ /инээв/.
Хишигсүрэн -
Тэрнийг ойлгохгүй байна уу. Энэ улсууд санаатайгаар мушгиад суугаад байна уу?
Ламжав -
Тэгээд ашгийн бус Хуулийн этгээдийн тухай Хууль гэж юм хийх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь жигтэйхэн олон юм орно. Ашгийн бус гэхээр сургууль эд нар чинь ч орно. Тэгээд ирэхээр ерөнхий зарчмаар Хуулиа хийнэ гэхээр хийдэггүй. Тэгээд тусгай Хуультай бол ерөнхий зарчмуудыг бүгдийг нь мөрдүүлэхээр юм хийнэ гэнэ ш дээ. Тэгэхээр яадаг уу гэхээр үгүй ээ өмгөөлөгчдийн холбооны Хууль дотор тэгээд заачихсан байх юм бол энэ зарчим өөрөөр....тусгай өөрөөр заачихсан байх юм бол ерөнхий зарчим тэгээд л байхгүй. Тийм юм хийдэг байхгүй юу. Тэгэхээр ерөнхий Хууль хийнэ гэсэн санаа нь бол зарчимгүй болоод байгаа байхгүй юу даа. Тэгэхээр өөрөө тусдаа Хууль гаргаад нөгөө зарчим дээгүүр нь гишгээд байж болох юм ярьдаг байхгүй юу. Тэгвэл тийм Хууль байхын хэрэг байх юу байгаа юм. Тэгээд өөр юу ярьж байна уу гэхээр энэ төрийн биш гэж байнаа. Төрийн биш гэхээр төртэйгээр тэрсэлдэх байгууллага юмуу тийм ээ. Энэ тэр гэсэн хардлага яваад байдаг. За ингээд өмч хувьчлалын гурван том юм байна ш дээ. Брокер авсан тийм ээ. Инфляци.....брокерууд чинь зүгээр л хүний юмыг өөрсдөө аваад байдаг хүмүүс болсон байхгүй юу. Тэгээд өмч хувьчлалаар хэн хүрсэн юм юу вэ гэвэл малчид бол малаа авсан. За тэгээд л.....
Хишигсүрэн -
Хотын орон сууцыг......
Ламжав -
Орон сууц байна.
Хишигсүрэн -
Одоо Газар юу болж байна. Сангийн аж ахуйн газрын асуудал. Газраа түрээслүүлчихсэн.....
Ламжав -
Сангийн аж ахуй чинь их сонин байдалтай байсаар байгаад тэгээд л авчихсан ш дээ /инээв/.
Отгонбаяр -
Манай ээжийн нэг нагац хөгшин байдаг юм. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөний үеэр их мал нийгэмчилсэн байгаа юм. Маш их малтай. Тэгээд өмч хувьчлал, нэгдэл тарлаа үгүй юу хотод 2 хөгшин ирээд буцсан. Тэгээд сум руугаа захиа бичсэн. Нилээн их мал хөрөнгө нийгэмчилсэн. Тэгээд ёстой сохор зоос ч авахгүй юм байна гэсэн. Намайг очихоор л ярьдаг юм.
Ламжав -
Манай Сайханд багш нар өөрсдөө нэгдлийн гишүүн мөн гэж ороод юм авсан байгаа юм. Баянхонгорын миний очсон дээр багш нарыг нэгдлийн гишүүнд тооцохгүй гээд. Тэгээд манай тэр багш нар яахав яахав манай тэр хүмүүс малаа авах болж байгаа бол яахав яахав гээд тэгсэн ш дээ.
Хишигсүрэн -
Манай суманд их өөр. Эмч, багш, захиргааны ажилтан гээд нэгдлийн гишүүн биш улсууд өмчгүй үлдэхнээ гээд. Сумын нийт хүн амыг тоолоод та хэлсэн ш дээ. Малаа яаж хувьчлахаа өөрсдөө мэдээ гээд тийм юм хэлсэн гээд. Тэгээд нийт хүн амд нэг хүнд оногдох малыг 10 гэж үзсэн 10 хүн амтай айл шууд 100 мал өгсөн. Ямар айл хэн байх нь хамаа байхгүй. Дахиад тэрнээсээ мал үлдэнэ. 10,10-аар нь нийт сумын хүн амд хувааж өгчихөөд дахиад үлдсэн малыгаа дахиад нэгдлийн гишүүддээ маш гоё хуваасан гэнэ. Тэгээд тэрнийг манай аав яг голоор нь туулсан хүн. Тэгэхээр нь хоршоолол байгуулж болно гэсэн юм шиг байгаа юм. Яг нэгдэлтэй адилхан нэгдлийн өмчийг задлаж эхлэхээс өмнө 30 өрх айл аваад 30 өрх айл дотроо даргаар нь нэгдлийн гишүүн биш хүн орж ирээд зохион байгуулаад тракторчин, жолооч, хэдэн малчин гээд өөрөөр хэлбэл манай аавын дагаад манай гэр бүлийнхэн бүгд нэгдлийн гишүүн болж байгаа юм. Тэгээд нөгөө хэдийгээ аваад тракторыг нь ч аваад, байшинг нь ч аваад машиныг ч аваад үл хөдлөх хөрөнгө гээд байна ш дээ. Дарга нар хувааж авах юмнаас яг тэр нэгдлийн гишүүн 29 ч байдаг юмуу 30-н хүндээ тохирсон үл хөдлөх хөрөнгийг нь аваад малыг нь авсан байгаа юм. Дахиад 10,10-аар нь аваад тэгээд хоршоолол нь 2 жил яваад тухайн үедээ хоршоолол нь эргэлтийн хөрөнгө байхгүй болохоор үргэлжилж болоогүй больсон. Тэгээд дахиад нөгөө улсууддаа малыг нь хувааж өгөөд дээрээс нь трактороо жолооч хамаатан садангууд нь аваад Үндсэндээ манайх маш бага хэмжээний өмч өөрийн болгох ёстой айл байсан бол яг л авч болох хамгийн дээд хэмжээгээр авч байгаа юм. Тэр бол манай аав тэр нэг механик хүн 2 санаачлаад хийхэд болж байгаа юм. Тэгээд их үлгэр жишээ хувьчлал явуулсан гэж ярьдаг юм. Тэгээд манай эмээд бүх малаа аваачаад өгсөн гэж байгаа юм. Эмээ бол нэгдлийн гишүүн хэвээрээ 82 хүрчихсэн хүн байсан. Бүтэн жилийн туршид малаа яаж хувааж авах уу гэж хуралдсан байгаа юм. Тэгээд нээлттэй хурал болдог. Тэгээд хэлтэй амтай хүмүүс нь босоод үгээ хэлдэг. Тэгсэн манай эмээ таягаа гозогнуулчихсан хэдэн хар гуйлагчингуудаа яасан гэсэн чинь наад малаа хувааж ав гэсэн гуйлагчинг дуудаж авч ирээд наанаа суулгаж байгаад заалгаж ав та нар өөрсдөө хувааж авч чадахгүй юм байна гэсэн гэнэ лээ. Наад Хуулийг чинь баталсан гуйлагчингаа чи аваад ир тэгээд тэрүүгээр заалгаж хувааж ав тэгэхгүй бол та нар чадахгүй юм байна гээд, тэр хүнд бол би юмаа оруулчихлаа би одоо юмаа авах ёстой гэсэн ямар ч сэтгэлгээ хандлага байгаагүй. Тэгээд тэр нэгдлийн дарга нь хэн байв, тэнд амьдарч байсан хүмүүс нь хэн байсан бэ гэдгээс нэгдлийн хувьчлал их хамаарч байсан гэж боддог.
Ламжав -
Тэрүүгээр жишээлэхийн юм бол олон мал өгөөд хот руу явчихсан хүн чинь нэгдлийн гишүүн биш гээд одоо тэр чинь Үндсэн Хуулиндаа. Учир нь бол тэдэнд мал өгөхгүй байх хэрэгтэй. Тэгээд ч хотынхон буцаж ирээд мал авна бидэнд цөөхөн оногдож гэж хийж байгаа байхгүй юу тэд нар.
Отгонбаяр -
Үйлдвэрийн ажилчид бол юу ч аваагүй ш дээ.
Ламжав -
Тэр чинь хувьцаагаараа явахгүй юу. Хувьцаагаар яваад мөнгөний ханш унаад л тэртэй тэрэнгүй......яг ч эдийн засгийн хямрал болоод үйлдвэр буугаа ч үгүй л дээ. Тэгээд явчихаж байгаа юм.
Хишигсүрэн -
Би нэг хүнийг мэднэ. Такси бааз гэж байсан ш дээ. 13-р хорооллын Хаан паласын яг тэр суурин дээр. Тэрнийг бас хувьчлалаар авсан байгаа юм. 3000-ын тасалбараар хувьчилсан байна л даа. Тухайн үедээ гурван мянган төгрөгөө ойлгохгүй байсан хүмүүсийг бөөгнүүлж байгаад хэдэн улсуудаас нэгтгэж аваад тэгээд тэрнийг чинь хэдэн төгрөгөөр үнэлээд авчихаж байгаа юм. Тэр яах гэж авч байгаа юм бол гээд 3000 төгрөгийн ягаан тасалбараа өгсөн хүмүүс яриад л байсан гэж байгаа юм. Тэгээд нөгөөдөхийг нь аваад тэр хүний эзэмшилд шилжээд нэг жил болоход нөгөөдөхийгөө үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар нь зарахад тэр хүн одоо саятан болж байгаа байхгүй юу.
Ламжав -
Банкнаас их хэмжээний мөнгө зээлхэд чинь мөнгөний ханш унахын зааг дээр пад гээд төлчихнө ш дээ. Аймаар их ашиг олно ш дээ.
Хишигсүрэн -
Төлөх ч үгүй. Төлөхгүй байсан ч яах ч үгүй.
Ламжав -
Төлсөн дээр л дээ. Ханш уналт гэдэг аймаар. Манай суманд улаан булангын суурь нь үлдчихсэн байсан. Клуб нь алга болчихож /инээмсэглэв/. Энэ яасан юм бэ гэсэн чинь манай дүү нар ярьж өгсөн. Тэгсэн чинь нэгдлийн хөрөнгийг хувьчлахад улаан буланг яагаад энийг бол үл хөдлөх хөрөнгийг бүгдийг нь зарж хувьчлуулж байгаа байдал юм байна л даа. Нөгөөдөхийг чинь буулгаад л дүнзэн байшин байсан. Дүнзүүдийг нь хэд хэдээр нь айл буулгаад ав гээд тэгж салгаад дотор тал нь их сайхан панертай байсан тэрнийг нь дарга нар авсан гэж хэлж байсан /инээлдэв/.
Хишигсүрэн -
Тэр сумын төвийн байшингууд манай суманд ч байхгүй. Захиргааны байшингууд голоосоо алга болчихсон. Дүнзээр барьсан 5-6 байшин алга болчихсон. Тэр замаар явсан юм байна л даа. Тэр яасан юм бэ гэж асуугаагүй /инээв/.
Отгонбаяр: Улаан булан гэх мэт нийтийн өмчийн юмнуудыг үлдээ гэсэн заалт оруулж болно ш дээ.
Ламжав -
Тэр чинь хажууд зүгээр байхгүй үхчих гээд байгаа юм чинь. Амьдрахын төлөө тэмцэл чинь...бүх юм сүйрчих гээд байгаа юм чинь. Аймаар сонин бүгдээрээ ганзганд явсан. Хэн аварсан ганзагчин л аварсан байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Би оюутан байж байгаад зун гэртээ очдог юмаа. Манай гэрийн гадаа тариа овоолчихсон. Үр тариа гэдэг юм замбараагүй. Бүх айл арвайн гурил хийдэг болчихож ээ. Хүүхдүүдэд боорцог хийж өгөхөө болиод арвайн гурил хийдэг болсон гэнээ. Тэгээд манай аавын 10-н жилийн хүүхэд нь аймгийн сангийн аж ахуйн дарга байж таараад. Улаан толгойн сангийн аж ахуй. Тэр сангийн аж ахуйгаас тариагаа зүгээр кузов дээр задгай ачаад авч ирж гадаанаа буулгаад берзинтээр бүтээгээд явчихсан гэж байгаа юм. Тэр яадаг уу гэхээр нэг уут тариа түүхийгээрээ ш дээ. Зүгээр ингээд хүрзээр аваад л уутанд хийгээд нэг хонь гэж байгаа байхгүй юу.
Ламжав -
Би чамд өгсөн тэр зурган дотор машины хажууд надтай зогсож байгаа 2 хүний тэр эрэгтэй нь .....2-уулаа манай ангийнх миний сайн найзууд. Эмэгтэй нь болохоор Намжилмаа гээд Булганы эмч. Пүрэвсүрэн гээд эрэгтэй нь. Тэр бол Амар сайдын ойрын хамаатан. Би тэрнийг хэлэх гэж тэр зургыг явуулсан юм за юу. Тэр марк-2 машиныг Эрдэнэтэд ажилладаг хүү нь өгсөн гэсэн. Өөр нэг хөдөөний гүү татаж байгаа зураг байна ш дээ. Жиптэй зураг байна ш дээ. Тэр юу вэ гэхээр 1991 онд хөдөө ирсэн чинь нөгөө хэд чинь хэдэн мал авчихсан. Миний дараагийн эмэгтэй дүүгийнх бол үргэлж мал туудаг байсан байхгүй юу. Тэгээд хэдэн мал алдчихсан. Нөгөө хэд нь ижил буруу юм чинь. Ижил буруу юмнууд чинь цойлж давхиад жигтэйхэн догшин цөөхөн юм байсан. Тэднийх ч өөрсдөө хөгшин болоод хүүхдүүд нь цөмөөрөө их малтай болчихсон байсан. Тэгээд тэр залуугийн гадаа бол тэр чинь хүүхдүүдийнх нь нэг байгаа юм. Манай тэдний хүүхдүүдийг нь тоолохоор заримдаа би 10 болгоод заримдаа 9 болгоод байдаг юм. 9-10 хүүхэдтэй. Тэрний нэг нь. Тэр мянгат малчин болсон гэнэ. Тэгээд жиптэй, хүүхдээ жипэн дотроо хааж хаячихаад гүүгээ саадаг гэсэн байхгүй юу. Хүнгүй үед. Би тэгээд тиймэрхүү үүднээс тэр зургийг яасан байхгүй юу. Ерөөсөө юмыг шинээр засна гээд байхаар ерөөсөө ажлын хамгийн чухал нь юм болохгүй байна гээд байвал мэдээж болохгүй байна тийм ээ. Болохгүй бол яаж болгох уу гэдэг асуудал зайлшгүй. Энэн дээр их хүч гаргах ёстой. Энэ бол сэхээтэнүүдийн хийх ажил. Оронд нь юу тавих гээд байгаа асуудал. Буулгаж тавьчихаад одоо....
Хишигсүрэн -
Байгаа юмаа тоолмоор санагдаж байна. Байгаагаа одоо нэг бүртгэчихмээр байна ш дээ. Тэнд юу байгааг албан ёсоор бүртгээд....
Ламжав -
Бүр хууль бус аргаар хийсээр байгаад улсууд амтшиж байна. Бүр яваад сурч байна.
Хишигсүрэн -
Капиталын нууцын гол санаа нь тэр ш дээ. Одоо ингээд та бас мэдэж байгаа ш дээ. Тэр Сотогийн их мундаг судалгаа байдаг ш дээ. Ядаж Монгол улс тэрнийгээ нэг том хөдөлгөөн өрнүүлээд л байгаа юмаа тоолоод хөрөнгөнийхөө хэмжээг тогтоогоод өгчихөж болно ш дээ. Ямааныхаа чихэнд аваачаад чип хийгээд байгаа биз дээ. Бүх малынхаа чихэнд чип хийнэ гэж яриад сууж чадаж байгаа хүмүүс.
Ламжав -
Тэр бол арай дэндэж байгаа юм ш дээ. Шал дэмий юм байхгүй юу. Юманд чинь бас нэг өөрийнхөө түвшинд юмаа хийхгүй бол....тэр чинь зүгээр бизнес гэж би ойлгож байгаа юм. Тэр чип чинь 800 төгрөгөөр суулгана гэж бодоход 1000 малтай айл бол сая төгрөг ш дээ. Малчины шинээр гарч байгаа төлийг үргэлж чип хэрэглэх хэрэгтэй ш дээ. Мал чинь их удаж 7-8 жил болно. Тэгээд идэж хорогдоно. Тэр чипыг чинь суулгах гээд бөөн бизнес биш үү. Тэгээд тэр нэг шог юу бичсэн байсан. Нэг мал алга болсон чинь малын махыг чихийг нь огтлож аваад өвөлжөөнийх нь ойролцоо аваачиад Газар булчихаад махыг нь аваад явчихгүй юу тийм ээ. Тэгээд хөөрхий мундаг чипээрээ эрнэ биз дээ. Тэгсэн чинь танай энд л байна гээд гараад байна гэнэ. Тэгвэл байгаа л юм гээд нэг газраас гараад ирэх биз гээд байсан чинь аль хэдийн нөгөөдөхийг чинь идээд дуусчихсан байсан гэсэн. Хонь хулгайвал чиптэй нь чихийг нь огтолцоод булчих юм бол.....хашааных нь ойрхон ч юмуу.....нутагт нь булчих юм бол нутаг дээрээ байгаад байна гэсэн юм гараад байгаа байхгүй юу. Тийм шог өгүүллэг гарсан байсан. Солонгост....Өмнөд Солонгост олимп болоход хүмүүст зүүлт өгсөн байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийг тэнд энд явж байна гэж мэдээллээд байсан. Төөрч барьвал амар байхгүй. Тэгээд тэрнийг малд суулгана гээд байгаа тэр арай дэндэнэ ээ. Энхболд, Сайханбилэг эд нар л санаачлаад байгаа гэж дуулсан ш дээ.
Хишигсүрэн -
Хамгийн дэвшилтэд залуучууд тэгээд байгаа гэж байгаа. Их хуралдаа л дэвшилтэд залуучууд. Америкид боловсрол эзэмшсэн.
Ламжав -
Бизнесийн сонирхол л байна ш дээ.
Хишигсүрэн -
Үгүй ээ харин тийм тэд нар ийм юм хийж байна ш дээ.
Ламжав -
Одоо би ах дүүгээсээ нэг мал аваад ороод ирсэн чинь машинаа хураалгах болж байна ш дээ /инээв/. Толгой түрүүг нь авч шарж хуухлаж идье гээд тэгнэ ш дээ гэх жишээтэй.
Хишигсүрэн -
За хэдүүлээ өндөрлөх үү?
Ламжав -
Тэгье тэгье хэрэгтэй хэрэггүй юм ярьчихлаа.
Хишигсүрэн -
Ламжав гуай үнэхээр гайхалтай. Их олон сэдвээр нилээн гүнзгийрүүлж ярилаа.
Ламжав -
Би ч нилээн үзэгдлийн гэрч юм л даа. Тэр талаасаа хэрэгтэй байж болох юм.
Хишигсүрэн -
Нөгөө талаасаа түүхийг бүтээж байгаа хүн ш дээ. Их идэвхтэй бүтээж байгаа. Маш их баярлаж байна. Хэдүүлээ дахиж нэг уулзалдах байх гэж бодож байна даа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.