Undarmaa
![](../assets/images/interviewees/990081.jpg)
Basic information
Interviewee ID: 990081
Name: Undarmaa
Parent's name: Tseren
Ovog: Hügdüüd
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education: engineer
Work: engineer: АМГТ-ы хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Biologist
Father's profession: physicist
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
authority
work
NGOs
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Өнөөдөр Ундармаа бид хоёрын 2 дах уулзалт. Тэгээд таниас ийм асуулт асуух гэж байна. Таны амьдралд тохиолдсон хамгийн их нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ. Ямар учраас тэр үйл явдлыг гол чухал үйл явдал гэж бодож байна вэ?
Ундармаа -
Нөлөө үзүүлсэн гэхээр.....
Хишигсүрэн -
Миний амьдралд чухал үйл явдал байсан шүү гээд ярьдаг ш дээ.
Ундармаа -
Тэр тухай энэ бол их чухал үйл явдал байсан гээд бодогддог юмнууд байдаг юм. Яг ингээд асуухаар хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь.....хүний амьдралд олон чухал үйл явдал болсон байх л даа. Хүнтэй суух, хүүхэд гаргах гэх мэтчилэнгээр. Яг ингээд үзэл бодол энэ тэрд нөлөө үзүүлсэн тиймэрхүү талаас нь бодох юм бол би нэг анхны ардчилсан байдлаар хийсэн манай Эрдэнэтийн Хивсний Комбинат байж байгаад Эрдэнэт Хувьцаат Компани болоод тэгээд тэр Эрдэнэтийн Хивсний Комбинатын дарга их хуралд суух болсон юм. Тэгээд сонгогдоод явахад тэнд Эрдэнэт Хувьцаат Компанийн захирлыг сонгон шалгаруулах анхны ардчилсан сонгууль болж байсан. Тэр сонгууль надад их юм бодогдуулсан гэж боддог юм. Анх олуулаа очоод шинэ ч үйлдвэр байсан. Тэр шин үйлдвэр очоод ажил амьдралынхаа гарааг эхлээд тэр чинь 1994,1995 оны үе юм байна. Тэр 1990-ээд оны үед сонгууль чинь хэзээ болсон юм бэ?
Хишигсүрэн -
Анхны ардчилсан сонгууль бол 1990 онд дараагийнх нь 1992,1996 онд болсон.
Ундармаа -
За тэгвэл 1992 оных ч юмуу тэр хавьцаа. Тэгж байхад бид чинь тэр үйлдвэрт ажиллаад ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлээд тэндээ ажил хөдөлмөр хийх гээд ингээд дасчихсан яагаад ч юм бэ миний үйлдвэр гээд боддог өөриймсөг ханддаг байж байгаад тэгээд тэр дарга нь яваад.....
Хишигсүрэн -
Хуучин та нарыг ажиллаж байхад байсан дарга нар нь явж байна гэсэн үг ш дээ тийм ээ?
Ундармаа -
Тийм. Манай дарга их хуралд дэвшээд яваад тэгээд дараачийн даргыг сонгох ийм үйл ажиллагаа болоход тэр манай Эрдэнэт хивс Хувьцаат Компанийн захирлаар ажиллахаар нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн хүн байсан юм. Тэр мэдээж зохион байгуулах комисс гээд зөндөө юм байсан. Би тэр ажилд байгаагүй. Дарга маань явахдаа хүний хүн тавьж байхаар энэ үйлдвэрээ мэддэг танидаг мэддэг үнэхээр сэтгэл зүрхнээсээ ханддаг ийм хүнээ сонгосон дээрээ гээд бидэнтэй яг л анх хамт очиж ажиллаад сургууль төгсөөд томилогдоод...бид нартай ажилсан жилээрээ бараг чацуу залууг саналт болгосон юм. Явахдаа. Тэгээд тэрнийг нь Сүхбат гэдэг юм. Сүхбатыгаа тавьсан дээр дээ. Тэр маань бол биднийхээ дунд мэдээж хэрэг арай удирдан зохион байгуулах чадвартай тэгээд үнэлэгдээд бид ч гэсэн тэрэнтэйгээ...тэр маань хэлтсийн дарга болчихсон байсан. Тэрнийхээ удирдлаганд нилээд хэдэн жил ажилласан бас давгүй шүү шинэ сэтгэлгээтэй гээд нилээн боддог тийм байсан юм. Тэгээд тэр үеийн инженерүүд нэгдүгээрт даргынхаа захиасыг бодоод, хоёрдугаарт үйлдвэрийн газраа бодоод Сүхбат энэ компанийн захирал болчих юм бол өөрийн сэтгэлээр хандах болв уу гэсэн бодлоор тэрнийгээ дэмжиж ажилласан. Тэр сонгуульд. Тэгээд тэр сонгуульд ажиллаад бусад ажилчидтайгаа ярилцаад санал бодлоо солилцоод чин сэтгэлээсээ явж байгаад тэр анхны ардчилсан сонгууль гэдэг юмны хэлбэр л дээ.
Хишигсүрэн -
Байгууллагын ажилчид анх удаагаа дарга өөрсдөө сонгох гэж байна тийм ээ. Урд нь дандаа дээрээс нь сонгодог байсан бол өөрсдөө анх удаа сонгож байна.
Ундармаа -
Тэгээд тэр сонгууль болоод санал хураагдсан. Тэр бол чөлөөтэй ш дээ. Хэн хэнийг даргаараа тавих тухайгаа чөлөөтэй ш дээ. Хэнийг даргаар тавихаа өөрсдийн бодолтой явж байгаа. Тэгэхэд бол хүмүүс яаж хүмүүсийг худлаа гүйтгэж чаддаг. Өөрийнхөө үзэл санааг дэвшүүлэхийн тулд, өөрийнхөө саналыг хамгаалахын тулд хүмүүс яаж хүнийг гүтгэж болдог. Яаж хүмүүс худлаа ярьж чаддаг гэдгийг өөрийнхөө биен дээр мэдэрсэн. Би захиралын сонгуульдаа бол Сүхбатынхаа талд байсан гээд тэгээд ингээд яахав өөрийнхөө ажилчидтай. Өөрийнхөө удирдпаж байсан үйлдвэрийнхээ ажилчидтай жижиг ярилцлага хийгээд санал солилцоод дараа нь бүгд ажилтан тус бүр ардчилсан сонгууль шиг ажиллаж нэрийг дугуйлж захиралаар ажлуулахыг сонгох хүнийхээ нэрийг дугуйлж хайрцаганд хийх байсан болохоор жижиг жижиг ярилцлага хийж үзэж байсан. Тэгэхдээ би хэзээ ч хэнийг ч тэр өөр сонгогдох гээд нэрээ дэвшүүлэх хүнийг гүтгээгүй. Нэг ч хүнийг худлаа муулаагүй. Зөвхөн би Сүхбатын талаарх өөрийнхөө бодлыг л ярьж явсан байхгүй юу. Тэгэхдээ бол би хуучин дарга маань ингэсэн гэж хэнд ч хэлээгүй. Зүгээр л би өөрийнхөө үзэл бодлыг хэлж явж байсан. Тэгээд дараа нь тэр сонгууль болохын өмнө хурал зөндөө болдог юм байна. Тэгж байхад манай үйлдвэрчиний хорооны даргаар ажиллана гээд бас олон удаа зүтгэсэн тэгээд яагаад ч юм бэ сонгогддоггүй нэг нөхөр байсан. Тэр босоод л намайг учиргүй сониноор хэлсэн. Жишээ нь энэ инженер Ундармаа бол Баасанбат даргыг гэр бүлийнх нь асуудал руу орж хүн амьтанд муу хэлж явна гэх шиг. Би Баасанбат даргын гэр бүлийг мэдэх ч үгүй таних ч үгүй. Тэгээд байж байсан. Тэр хэд хэдэн удаагийн юман дээр бусдад очиж хов ярьсан гэсэн тиймэрхүү юмнууд зөндөө байдаг. Зөвхөн миний тухай биш надтай үзэл бодол нэг байсан хүмүүсийн тухай энэ хүн ингэж ярьсан байна. Манай тэр даргыг ингэж муулсан байна гээд. Би тэр үед өөртөө итгэж байгаа шигээ надтай адилхан инженерүүд арай ч тэгэхгүй дээ гэж итгэж л байсан. Тийм хачин юм болдог юм байна. Хэрвээ чи Баасанбат даргыг дэмжих юм бол тийм албан тушаалд тавина шүү гэсэн сонин сонин юм болдогыг анх удаагаа би үзсэн юм. Тэгээд яахав тэр сонгууль ч боллоо. Тэр Баасанбат дарга ялсан. Баасанбат дарга Эрдэнэт Хивс Хувьцаат Компанийн ерөнхий захирлаар сонгогдоод батлагдаад ажилласан. Тэгээд яахав нэгэнтээ л сонгогдсон юм чинь бид яахав. Тэгээд Баасанбат дарга бид нарыг хүлээж авч уулзаад за та нар 11-н инженер Сүхбат даргыг дэмжиж байсан юм билээ. Тэгэхдээ би нэгэнт та нар мэргэжлийн инженерүүд учраас та нартай би цаашид хамтран ажиллах саналтай байна гэсэн байдлаа биднийг хүлээж авч уулзаад. Бид ч гэсэн санал бодлоо хэлээд нэгэнтээ сонгууль бол сонгууль үүний дараагаар бид тантай хамтарч ажиллахгүй гэсэн тийм юм байхгүй. Зүгээр хамтарч ажиллаад явъя гэсэн. Ингээд ажлаа үргэлжлүүлээд хийсэн. Тэгээд хийгээд байж байсан чинь тэр үед Сүхбат даргыг Хангамж Борлуулалтын хэлтсийн дэд даргаар тавиад хүмүүс итгэл найдвар хүлээлгэсэн. Намайг бол хуучин албан тушаал дээр нь байлгаж байсан юм. Нэхэх үйлдвэрийн ерөнхий инженерээр. Тэгсэн чинь нэг өдөр Баасанбат дарга намайг дуудаж уулзаад....өөрөө биш хүнээр дамжуулж уулзаад. Энэ Ундармаа Нэхэх үйлдвэрт их нөлөө бүхий хүн юм шиг байна тийм болохоор тэрийг тэндээс нь аваад захиргаанд авч ирж үйлдвэрийн ажилчидын ахлах технолгичоор тависан дээр гээд санал тавьсан байхгүй юу. Тэгэхээр нь би одоо энэ ажиллаж байгаа үйлдвэртэй хийх гүйцээх гэсэн бодож байгаа ажил байгаа. Тийм болохоор энэ хуучин ажлаа хийе гээд тэгсэн. Тэгж хэлсэн чинь албан тушаалд дуртай гэсэн хов жив гараад өнгөрсөн юм. Тэгээд байж байсан чинь тэр 11-н инженер 1 нэгээрээ няслагдсаар байгаад ганцхан би үлдсэн. Сүхбатаас эхлээд бүгд ямар нэг шалтаг шалтгаанаар халагдсан. Тэгээд би ганцаараа үлдчихээд ямар сонин юм бэ бүгдийг нь ингэчихээд би л ганцаараа үлдчихдэг юм байна. Миний очер хэзээ вэ гээд ажилладаг байсан байхгүй юу. Тэр чинь жилийн хооронд болж байгаа асуудал л даа. Тэгсэн нэг өдөр намайг дуудлаа. Дуудахаар нь орсон чинь манай даргын өрөөнд бүх дарга нар цуглачихсан захиргааны зөвлөлийн хурал байна. Би мэдээгүй байсан. Тэгсэн манай дарга Баасанжав дарга энэ нөхөр Ундармаа бол ерөөсөө элдэв явуулга явуулдаг ажилдаа тэнцэхгүй байгаа нөхөр та бүхэн энэ Ундармаагын ажил байдлыг ярилц гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь би ингээд тойруулж хараад за нэгдүгээрт би асуулт асууя хэзээ нэгэн цагт... энэ үйлдвэрт ажилд ороод 10 гаруй жил болчихлоо. Би 2-3 н газарт ажиллаж үзсэн. Тэгж ажиллах хугацаандаа та бүгдийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, эсэргүүцсэн энэ өөрийнхөө хариуцаж байсан ажил дээр хариуцлага алдаж байсан тийм тохиолдолыг би санахгүй байна. Хэрвээ байгаа бол хэлээд өг гэсэн чинь хэн ч дуу гаргаагүй яагаад ч юм бэ доошоо хараад л байгаад байсан байхгүй юу. Тэгэхээр нь би бас л дуугүй байгаад байсан. Тэгээд энд ярилцлага өгч байгаа шүү дээ хүүхдээ /хүүхэддээ хандаж хэлэв/ Тэгээд Баасанжав дарга жаахан бухимдаад гар гар гээд явуулчихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэгээд халж чадаагүй юу.
Ундармаа -
Тухайн үедээ юу болж байсныг ойлгоогүй. Дараа нь өрөөнд ирээд юу болоод өнгөрөв гэж бодсон. Сүүлд нь энэ яг намайг ажлаас зайлуулах хурал хийсэн юм байна. Ямар ч байсан хэн ч намайг хална гэж яриагүй тэгээд өнгөрсөн юм. Тэгээд л би үүнээс цааш тэр захиргаагаар ч явахгүй хэнтэй ч уулзахгүй зүгээр л өөрт тэрүүхэн тэнд хариуцаж байгаа ажлаа хариуцаад л ....
Хишигсүрэн -
Сая яг надад ийм юм бодогдож байна. Дарга хүн бол өөрийг нь тойрон хүрээлдэг, өөрийнх нь үгнээс гардаггүй, өөрөөс нь чадвар сул тийм нөхдүүдтэй хамтарч ажилладаг. Мэргэжилдээ хичнээн сайн байсан ч гэсэн даргатай үзэл бодол таардаггүй бол хичнээн ажиллая ч гэсэн хийж болдоггүй ийм юм монголд бусад хүмүүсийн ярианаас ч гэсэн хавтгай үзэгдэл болчихсон ш дээ. Тэр хүн мэргэжилдээ сайн байх сайн мэргэжилтэн байх нь чухал биш тэр хүн даргатай зохицож ажиллаж чадаж байна уу гэдэг нь чухал тэр байтугай хамт олонтойгоо ажиллаж чадаж байна уу гэдэг ч чухал биш юм шиг байна лээ. Энэ байдал чинь бүр 1993-1994 онд тэр Эрдэнэтийн үйлдвэр дээр байсан байхнээ. Тэгэхээр социализмын үеээс гаралтай харилцаа гэж бодож байна уу, ерөөсөө энэ ардчилал гарсны дараагаар ийм болж хувирсан уу?
Ундармаа -
Тэр тухай бол би ямар нэг дүгнэлт өгч чадахгүй. Тэгэхдээ ажиглаж байсан. Би бол түрүүн хэлж байсан. Сургууль дөнгөж төгсөөд л ажил амьдралын гараагаа Эрдэнэтээс эхлээд өөр ямар нэгэн ажил албаа сольж байгаагүй. Тэрэнд л өөрийнхөө хариуцсан ажлыг гүйцэтгэхийн төлөө чадах чинээгээрээ яваад л ажиллаж байсан болохоор чухам даргатай ойр байдаг хүмүүс нь яадаг байсан юм бэ би мэдэхгүй. Ерөөсөө тийм ойлголт надад байхгүй байдаг байсан. Би тэр нэхэх үйлдвэртээ нөлөө бүхий этгээд гэсэн үгийг ч зөндөө бодсон. Би яагаад намайг ингэж хэлэв. Би ямар нэг байдлаар ажилтануудаа цуглуулаад хэн нэгнийг муулаад тэгж байсан юм бол. Надад нэг ч удаа байхгүй. Зүгээр сонгуулийн үеээр зүгээр л Сүхбат маань ингэвэл зүгээр юм шиг байна. Манай үйлдвэрийн ирээдүй ийм юм шиг санагдаж байна. Аа тэр сонгогдвол тийм энэ сонгодвол тийм гэж...тэртээ тэрэнгүй тэр нэр дэвшсэн хүмүүсийг ихэнхийг нь танихгүй байсан байхгүй юу. Зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг, даргынхаа тиймээ өчөөн жил манай комбинатыг аваад явчихсан хөнгөн үйлдвэрт ажилласан тэнд бүтээсэн үйлсээрээ хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой хүн шүү дээ. Манай дарга чинь. Явсан дарга маань. Тэгэхээр би тэр даргыг хүндэтгэдэг. Зөндөө ч загнуулж явсан. Та нар тийм байна ингээгүй тэгээгүй гээд бид нар зөндөө загнуулдаг байсан. Гэхдээ бол би даргынхаа хэлсэн үгийг бодож байсан. Өөр надад бодол байгаагүй. Нэг сонин огт бодогдож байгаагүй, огт урд нь мэдэгдэж байгаагүй тийм сонин байдал үүссэн байхгүй юу. Би одоо яах ёстой юм бэ гээд. Хувь хүнийхээ хувьд комбинат яах ёстой вэ гэдэг талаа биш. Би яах ёстой вэ гэдэг талаас нь бодож анх.....
Хишигсүрэн -
Шоконд орсон байна ш дээ.
Шоконд орсон байна ш дээ.
Ундармаа -
Гэхдээ би их тийм гүнзгий биш. Гэхдээ л хөдөлмөрийн хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг чинь зүгээр миний бодож байснаас шал өөр юм байдаг юм байна гэсэн юм ойлгохгүй юу. Тэгээд би ерөөсөө за за өөрийнхөө ажлыг хийе. Өөр би юу ч бодох ёсгүй гээд өөрийнхөө ажлыг хийсэн. Дахиад нэг жил өнгөрсөн тэгэхэд яагаад ч юм бэ Баасанжав дарга тэрний дараачийн жилийн комбинатын аварга инженерээр дэвшүүлээд өөрөө тиймээ. Тэгээд би дараа жил нь аварга инженер болсон байхгүй юу. Тэгэхэд би бас бодсон юм. Өө бас энэ чинь миний бодож байснаас өөр тиймээ. Би тэр үед тухайн үеийн компанийн удирдлага гэдэгт учиргүй гомдсон гэхэд хайшаа юм бэ. Гэхдээ л ямар ч байсан надтай бол онцгүй харилцаж байна гэсэн байдлаар надад дургүй юм байна. Би тэр хүмүүст хэрэггүй шахуу....намайг нэг няслаад бусдын адил няслаад хаячихад бол амархан юм байна. Би бол хэн ч биш гэдгийгээ ойлгочихсон байхгүй юу. Тэгээд дараачийн жилд нь намайг компанийн аварга инженерээр ингээд шалгаруулаад дэмжээд тэр туузыг зүүж өгч байхад би бас бодсон. Энэ чинь миний бодож байснаас бас өөр хүн юм байна.Хүнийхээ хувьд ч юмуу. Би яагаад ингэж бодсон гэхээр миний нэг таньдаг дарга ингэж хэлсэн: Энэ Ундармаа гэдэг инженерийн ажиллаж байгаа арга барил, харилцааг би одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм байна гэсэн байсан. Би өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. Адилхан хамт ажиллаж байсан хүмүүс маань халагдсан байдаг. Би ганцаараа үлдчихээд хэзээ вэ гэж бодож л байсан. Гэтэл пил пал хийгээл тэр хуралд намайг гэнэт дуудахад тэр хүн намайг халах гэж байсан шүү гэсэн эсрэг суртчилгаа хийх, ээ та минь ээ энэ дарга чинь нэг тийм хүн шүү гэх зэрэг сурталчилгаа би ерөөсөө хийгээгүй. Зүгээр л би хариуцсан ажлаа хийгээд дуугүй л явсан. Тэгж явсан энэ их сүрхий зөв хүн юм шиг байна гэж хэлээд намайг аварга инженер болгосон юмаа. Тэр хооронд 2 жил би аягүй их юм бодсон. Ерөөсөө огт танихгүй харилцаа байдаг юм байна. Сонин юм байдаг юм байна. Энэ одоо юу вэ? тэгээд би Баасанжав даргыг муу хүн, муу удирдагч, муу захирал байсан гэж хэлэхгүй. Яагаад гэвэл тухайн үеийн зах зээлийн хэцүү нөхцөлд манай Эрдэнэт үйлдвэр удирдлагын зүгээс их хаттай үйлдвэр гэж бодож явдаг юм. Дандаа сайн дарга нартай байсан. Баасанжав дарга ч гэсэн зах зээлийн их мэдрэмжтэй, явуулж байгаа бодлогууд нь маш зөв зүйлүүд байсан. Тэр компаний удирдагийн шийдсэн зүйлээс миний ажилтай холбоотой зүйлүүдийг би бодож үзээд энэ нь маш зөв, хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж боддог байсан. Энэ байдлаас нь болоод би тэр даргыг илүү их мэдрэмжтэй, мундаг удирдах чадвартай, хүмүүсийг зохион байгуулж чаддаг хүн гэдгийг би хүлээн зөвшөөрөөд сайн дарга л гэж би боддог байсан. За нэг ийм юм л надад тохиолдсон юм. Яг чамайг асуухад санаанд орсон юм нь л энэ байна. Түүнээс биш чухал чухал юмнууд хүний амьдралд зөндөө л байгаа шүү дээ.
Хишигсүрэн -
Яг үүнтэй холбогдуулаад асуухад та одоо ажил хийж байгаа ш дээ. Одоогийн дарга ажилчдын харилцаа, тэр үеийн харилцаа, ажлын харилцаанд хувь хүмүүсийн харилцаа илэрдэг байдал яаж өөрчлөгдсөн байна вэ? Тэр бүхнийг яриач. Одоо та Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газрын Боловсон хүчний хэлтэст ажиллаж байна. Ингээд харьцуулаад үзэхээр тийм өөрчлөлт гарсан байна гэж хэлэхээр зүйл юу байна?
Ундармаа -
Социализмын үед тухайн байгуулагад ажиллаж байгаа ажилтнууд шат шатны удирдлагуудтайгаа: Би бол ажилтан, энэ бол миний удирдлага гэсэн юмыг бол ерөөсөө цаанаасаа мэдээд л тухайн тухайн ажлаа хийгээд хийгээд явдаг байсан байх гэж боддог юм. Түүнээс биш энэ даргалж чадахгүй байна, би болно ч гэдэг юмуу, энэ хүний оронд тэр нь байсан бол дээр гэх мэтчилэн зүйл байдаггүй байсан.
Хишигсүрэн -
Өөрийгөө үнэлээд, бусдыг үнэлээд, харьцуулаад энэ надаас доор байна дээр байна гэхгүй өмнөхөө л хийгээд явдаг.
Ундармаа -
Тийм. Хэн ямар албан тушаалд томилогдсон, тэр ажлаа хийгээд хийгээд л явдаг. Аан тэрнийг тухайн хүн ажлаа мөнх хийгээл яваад байж болохгүй. Тэрийг нь удирдлага нь олж хараад энэ хүн дэвших ёстой юм байна аа, энэ хүн сайн ажиллаж байгаа юм байна гэх юм бол яамнаас томилох ёстой бол яамнаас нь нэрийг нь дэвшүүлээд ч юмуу. Гэхдээ би тэр үеийн процедурыг би мэдэхгүй. Гэхдээ дотроосоо томилгоо хийх тохиолдолд олон байсан юм боловуу гэж бодож байна. Энэ хүн өсөж дэвшнээ, энэ хүн ажлаа хийж сурлаа, энэ хэсгийг удирдах чадвартай боллоо гэсэн ажилладаг байсан боловуу гэж болдог юм. Ер нь ямарч ажилтай хүн бол даргынхаа өөдөөс хэдэрлэж, хэрэлдэж, Чи муу юу юм бэ? гэх мэт байдлаар харьцаггүй байсан байх. Энэ бол миний дарга, миний хүлээсэн үүрэг гэсэн байдлаар ханддаг байсан байх.
Хишигсүрэн -
Үүрэг гэдэгтэй холбогдуулан асуувал: Жишээлбэл ийм байдлаар гэхэд та өөр дээр удирдагын зүгээс өгч байгаа үүрэг даалгавар таалагдахгүй байсан уу? Таалагдахгүй гэдэг нь ямар утгаар вэ гэхээр ерөөсөө зарчимын биш даалгавар өгдөг ч юм уу? Таньд эсвэл дарга нарын ажилчдаа хандаж байгаа харилцаа дарамттай тийм байдал үүсгэдэг байсан уу?
Ундармаа -
Үгүй ерөөсөө тийм байгаагүй. Би тэгэж л бодож байна. Яагаад гэвэл тэр үед ямар нэг байдлаар зарчмын биш зүйл байгаагүй. Ерөөсөө л дээр дээрээсээ шат шатаараа дарааллаал улсынхаа төлөө комбинатынхаа төлөө явж байсан.
Хишигсүрэн -
Үйлдвэрийн газар байсан учраас хийх ажил нь тодорхой, үе шат нь тодорхой, технологийн дагуу ажиллаж байсан болохоор ажлын харилцаа нь их цэгцтэй байсан байх тиймээ? Тэгвэл одоо?
Ундармаа -
Эрдэнэт үйлдвэрийн дараагаар Улаанбаатар цахилгаан сүлжээ компанид ажилд орсон юм. Тэр үед ч гэсэн би зарчимын бус үүрэг даалгавар авч үзээгүй. Гэхдээ яахав хэн нэгэн танил талынхаа ашиг сонирхолын үүднээс : Энийг ингээд шийдчихээрэй, энийг ингээд зохицуулчихаарай гэснийг би зохицуулж чадахгүй. Тэртээ тэргүй энэ бол хаана ч байх асуудал байх гэж би боддог байхгүй юу. Жишээлбэл би өөр дээрээ тавиад үзэхэд ч гэсэн ялгаагүй ш дээ: Би хэрвээ өөрт тулгарсан асуудлаа шийдэх гээд явж байтал төрийн захиргааны ч бай, үйлдвэрийн ч бай тэр тухайгаа хэлэхэд танил хүн байх юм болвол миний асуудал арай хөнгөн шийдэгдэх юмаа гэсэн бодол хэнд ч гэсэн байдаг л байх. Тэр талаас нь надар үүрэг даалгавар үүрэгдэж л байсан. тэрнийг би аль болох хуулийн хүрээнд шийдвэрлэчих юмсан гэсэн бодол надад байдаг байсан. Тэрийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс биш учиргүй хууль зөрчсөн асуудлыг тийм том хэмжээнд ч асуудал хариуцаж байгаагүй учраас ... Аа зүгээр хүмүүсийн ярьж байгаа юмыг сонсоод байхад хэвлэл мэдээлэлээр тийм юм ил тод болсон учраас тэр юмуу хэн нэг хүн том албан тушаалд оччихсон байх юм бол тэр хүн өөрийнхөө шугамаар хувийн асуудлыг болвол амар хялбар зохицуулахад амар хялбар болсон юм шиг л байгаа ш дээ. Яг надаар дамжин том том асуудал шийдэгдэж байгаагүй.
Хишигсүрэн -
Таны амьдар ер нь бусал хүний амьдралаас онцгой амьдрал мөн үү? Таньд ер нь онцгой гээд хэлэх юм юу байна? хэрвээ таны амьдарлыг бусад хүний амьдралаас өөр онцгой гэж үзвэл тэр нь юу вэ?
Ундармаа -
Би өөрийнхөө амьдра лыг бусдаас онцгой гэж бодож байгаагүй. Мэдээж хүний амьдралд өгсөх ч юм байна уруудах ч юм байна гэх мэтчилэн өө овоо ш дээ гээд нэг хэсэгтээ тайван амьдрах үе байна гэх мэтчилэн бусдын адил л алаг цоог явж байсан. Хүнд хэцүүү үедээ би юу гэж боддог вэ гэхээр: Надаас хүнд амьдралтай хүмүүс байгаа ш дээ. Зөвхөн ганцхан гудамж өнгөрөөд гэр хороолол руу харахад тэнд усаа тэргэнд түрээд өвөл зун ч бай юмаа угаахын тулд халаах гэх мэтчилэн. Тэнд байгаа хүмүүс хэрвээ ажилгүй бол нүүрс түлээний мөнгөнөөс авахуулаад амьдралын проблем бол асар их. Хүүхдүүддээ ч гэсэн би тэгэж сургадаг юм. Та нар гэр хороололд гэрт амьдарч байгаа хүүхдүүдтай харьцуулахад хичээл номдоо шамдах асар их боломж байна. Тан нар нэг гудамжны цаана очоод харахад: Хичээлээсээ ирэхэд гэрт нь ус байхгүй бол тэрэг түрээд л гарна. Хүрч ирээд цайгаа чанана. Гал түлнэ. Нүүрс нь дууссан бол гудамжнаас нүүрс авна. Тэгээд орой болно. Зүгээр л хувцасаа угаая гэхэд усаа халаана. Тэрийгээ гараараа угаана. Өвлийн хүйтэнд гадаа тавьж хатаана. Нөгөөх нь хатахгүй мөс болтлоо хөлдөнө. За тэгээд орой боллоо. Хоолоо хийнэ. Дор хаяж таван ам бүлтэй айл байлаа гэж бодъя. Бүгдээрээ гэртээ цуглаад нэг нь телевизор үзмээр байна, нэг нь хоол идмээр байна гэхчилэн тэрүүхэн дугуй дотроо бүх амьдрал явагдаж байгаа. Гэтэл чи нэг ширээний булан олоод хичээлээ давтахаас өөр аргагүй болоход чи яах вэ? Чи шөнийн 1 цаг хүртэл сууж хичээлээ давтах хэрэгтэй байдаг. Гэтэл гэрт нь ганцхан гэрэл байдаг, зарим хүмүүс нь унтмаар байдаг гэх мэтчилэн олон асуудал дунд эрдэмээ номоо сурахад ширээний булан олдож байвал их юм байх тийм нөхцөлд чи сурах хэрэгтэй болвол чи яах байсан бэ гэдгийг дандаа бодож бай. Бид ийм нөхцөлд амьдрах хэрэгтэй байсан бол яах байсан бэ гэдгээ мартаж болохгүй ээ. Тийм учраас одоо байгаа энэ хоёр өрөөнд амьдарч байгаа байдал нь бусдын адил амьдарч байгаа гэсэн юмыг би хүүхдүүддээ хэлдэг юм л даа. Яг хүнд хэцүү үе болохоор тэрийг би боддог. Тийм амьдрал байгаа ш дээ. Хэрвээ чи нүүрс авах мөнгөгүй болох юм бол хэдэн хүүхдүүдтэйгээ яаж амьдрах вэ? Тийм байдлаар .. цаашаа болж бүтнэ ш дээ гэдэг юмыг бий боддог юм. Оддо юу гэдэг юм бэ дээ. Өөрийгөө тайвшруулах ч гэх юмуу. Ер нь бол амьдралаа бүхэлд нь аваад үзэх юм бол бусдын адил л явж байгаа амьдрал. Зах зээлд орсон учраас. Хэрвээ социализмын үед амьдарч байсан бол ойлгомжтой. Яахав би учиргүй карьер хөөхгүй юмаа гэхэд ямар ч байсан өөрийнхөө ажлаа хийгээд авдаг цалингаа аваад л амьдрал тайван амгалан байсан байх байх л даа.
Хишигсүрэн -
Бид хоёрыг хоёр удаагийн ярилцлагатай холбоотой ер нь бол нэг ийм юм ярьдаг байж дээ, нэг ийм юм хэлэх ёстой гэсэн зүйл байна уу? Лавлаад, тодруулаад хэлэх.
Ундармаа -
Байхгүй
Хишигсүрэн -
Түрүүчийн яриан дээр та жаахан ядарсан байсан уу. Гадуур жооохон яваад.
Ундармаа -
Би энэ өгч байгаа ярилцлагаа нэг зорилго чиглэлд учиргүй баригдаж ярьсангүй. Тиймээ. Зүгээр л Монгол улсад зах зээлийн амьдрал ямар байсан бэ? Одоогийн амьдрал ямар байна вэ? гэдэгт яг өөрт тохиолдсон байдлаар яриад яриад явчихлаа. Түрүүн нөгөө нэг аав ээжийнхээ тухай багц ярилцлагууд байсан ш дээ. Ямар хүн байсан бэ? тухай дутуу орхисон зүйл байж магадгүй. Гэхдээ заавал аавынхаа тухай, ээжийнхээ тухай өшөө олон юм ярих шаардлагатай юм уу гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ хүн амьдралынхаа тухай тавигдсан асуудлуудад хариулаад яваад байх юм бол хэрэгтэй хэрэггүй баахан юм ярьна. Ярих л байх. Яг саяын асуулт тавихад хамгийн эхлээд юу бодогдсон бэ? гэхээр зүгээр би эцгийнхээ тухай, миний аавын тухай зөндөө л хүмүүс мэддэг л дээ. Мэддэг хүмүүс нь мэдээж цаг үе болсон үед мартах нь мартагдаад анзаарагдагүй ингээд балраад бүдэгрээд явна. Энэ бол хүн болгоны л хувь заяанд тохиолдог л тохиолдол. Чамайг таньдаг байсан уу таньдаг байсан. Тэгээд цаг хугацааны явцад чамайг мартана. Тэгээд дараа нь санах хүн ч байна. Санах хүний тоо цөөрнө гэх мэтчилэн цөөрнө л дээ мэдээж.
Хишигсүрэн -
Би эхлээд ярилцлага аваад явж байхдаа эхний ээлжинд таньтай ярилцлага хийе гэсэн бололтой орж ирээгүй байхгүй юу? Би Бямбажаргал, Лхамжав гуай нартаа ярилцлага хийхэд, ялангуяа Бамбажаргал гуайтай ярилцлага хийж байх үедээ танай аавын тухай яриа их олон удаа орж ирж байгаа юм л даа. Нөгөө талаасаа гэхээр би танай аавыг оюутан байхдаа мэддэг байсан ш дээ. Ариунсанаатай нэг анги байсан. Танай гэрээр очиж орж гарч аав чинь ярьдаг байсан, аавийн чинь бичдэг байсан юмнуудыг уншдаг байсан. Уншигч гэсэн утгаар. Тэгээд бас тодорхой түвшинд их үзэл бодолд нөлөөлөхүйц юм бичиж чаддаг, их тийм мундаг сэхээтэн, зүтгэлтэн байсан. Ялангуяа Социол Демократ намыг анх үүсэж хөгжихөд их том үүрэг гүйцэтгэсэн гэдгийг улсууд хэлж байсан байхгүй юу? Тэгээд Даваадорж ахтай ярилцлага хийе гэж бодсон. Яагаад гэхээр аавтайгаа адилхан физикийн чиглэлээр мэргэжил эзэмшиж баруунд сургууль соёл төгссөн гэхээр тэр хүний өөрийнх нь бодол санаа дүгнэлт тэр өмнөх үеийн нийгэмтэй холбоотой асуудал асуухаар тэр хүн ямар өнцгөөс харж ярих нь уу? Ялангуяа аавынхаа яг нөгөө эрдэмтэн байсан, физикийн чиглэлээр хийж байсан ажлуудын талаар та бид хоёрын түрүүний ярьсан сураг мэдээллийг тодруулаад яг юу байсан? чухам юу болсон Монголд бас нэг ийм шинжлэх ухааны салбарт дэлхийн түвшний судалгаа хийх чадвартай улсууд байсан. Байгаад ямар нэг байдлаар социалист нийгмийн л байдал хүнийг зогсоодог нь давтагдсан гэсэн харамсалтай жишээг энэ судалгаанд оруулж өгөхийн тулд таньтай ярилцлага хийж байгаа юм. Үндсэндээ таньтай ярилцлага хийж байх явцдаа танай аавын төрсөн дүү Цэрэнханд гэж хүн байдаг гээд Цэрэн гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан намын нөхөр, шавь нар юм ярьж байна, хүүхдүүд нь юм ярьж байна. Хэн ярьж байна вэ гэхээр төрсөн дүү нь ярьж байна. Бас би танай ээжийг мэддэг учраас ээжтэй тань ярилцлага хийе гэж бодож байгаа. Ингэхээр энэ хүмүүсийн ярьж байгаа зүйлээр тэр Цэрэн гэдэг хүн ямар хүн байсан бэ гэсэн хүмүүст үлдээсэн сэтгэгдэлээр хувь хүний түүх гарах болов уу гэсэн миний өөрийн нэг сонирхол байгаа байхгүй юу. Тэгэхээр та яг охиных нь хувьд тэр хүний талаар ярьсан л даа. Хэрвээ нэмж ярих юм байвал ерөөсөө илүүдэхгүй байхгүй юу. Бас хоёрдугаарт нь таны хувь хүний хувьд бас их сонирхолтой байдал болох юм нь юу байсан бэ гэхээр Монголд цорын ганц шахуу том үйлдвэр ш дээ. Хүнсний үйлдвэрийн тэр нарийн технологи дээр ажиллаж, тэр яг амин судсыг мэддэг хүн тухайн үед нэг үйлдвэрийн газар байлаа гэхэд ямархуу үйл ажиллагаа, ажил нь яаж явагддаг вэ? гэдгийг сонсоход их сонирхолтой байсан. Энэ бол их хувь нэмэртэй. Тэгэж л бодож байна даа.
Ундармаа -
За тэгвэл аавынхаа тухай нэмж л яръя л гэж бодож байгаа юм л даа. Аавынхаа тухай би нэлээн ярьсан ч миний яриа нэлээн замбараагүй тийм байдалтай болсон. Бид аавынхаа дурсгалд зориулаад Цэрэн багш гээд нэг ном хэвлэсэн гэж байгаа ш дээ. Тэгээд аавыг маань таньдаг мэддэг хүмүүст бэлэглээд, аавыг минь дурсаж яваасай гэж бодсон. Тэр номон дээр болвол манай аавын нийтлүүлж байсан зүйлүүд бүгд байгаа. Би нэг юмыг боддог байхгүй юу. Анх энэ хувьсгалыг бол зоригтнууд хийж, зальтнууд завшдаг юмаа гэж нэг үг байдаг ш дээ. Тэрэнтэй холбогдуулаад ярьмаар санагддаг. Манай аав бол ёстой уулын бүргэд шиг чөлөөтэй сэлж яваад, хэний ч хариулахгүй сэтгэж явсан. Үзэл бодлоо хэнээр ч хориулаагүй тийм хүн.
Хишигсүрэн -
Үзэл бодлынхоо төлөө тууштай зогссон буулт хийгээгүй. Буулт хийгээгүй учраас сэдвийг солиод яаж ийгээд нэг кандитат хамгаалаад ирж болно ш дээ. Тэгэхгүй шууд хөөгдөж байсан. Хорин жилээр Орос руу гарах эрхээ хасуулж байсан гэж байгаа ш дээ.
Ундармаа -
Үүнийг би бусад хүмүүст үлгэр болоосой. Хүмүүс ийм байгаасай гэж боддог. Анх Социол Демократ нам байгуулагдахад тухайн үеийн сэхээтнүүд цугларч байсан нам юм шиг байгаа юм л даа. Аав бол тэдний үзэл бодлыг цаасан дээр буулгахад их тус болсон байх гэж би боддог юм. Үүнд бол их үүрэг роль гүйцэтгэсэн.
Хишигсүрэн -
Тэр л үзэл бодолыг бичгийн хэлбэрт оруулдаг, тэр намын программ, тунхаг бичиг, янз бүрийн захиа бичдэг байсан гэж байгаа ш дээ? Төгс Орос хэлтэй хүн.
Ундармаа -
Тэр талаас нь бол би их үүрэгтэй байсан байхаа гэж би боддог юм. Дараа нь яахав миний аав тэтгэвэрт гараад над дээр ирсэн ш дээ. Эрдэнэтэд. Тухайн үед иргэний зориг гаргаад “Энэ нийгэм болохоо болилоо. Үүнийг өөрчлөхгүй бол болохгүй нь ээ” гэж зоригтойгоор сэтгэж, тэмцэж явсан тэр хүмүүсийг дараа нь нийгэм өөрчлөгдөөд нийгмийн толгойд гарсан Социол Демократчууд, ардчлалчид тэр хүмүүсийг мартсан нь надад харамсалтай санагддаг байхгүй юу. Өө би одоо манай аав тийм байсан, бидний хэн ч гэсэн ээж ч юуу бид нар Цэрэн багшийн эхнэр хүүхдүүд нь ээ. Бидний амьдрал хэцүү байна аа. Та бүхэн одоо баян цатгалан болсон байна аа. Бидэнд одоо эргээд туслах ёстой. Манай аав ингэж явсан гэж хэзээч хэнд ч бид хандахгүй. Тэгэхдээ би тэр хүмүүсийг 1984 гэсэн гар бичмэл хайччихсан бэ? гэтэл дараа нь шал өөр хүний нэрээр хэвлэгдсэн. Тэр гар бичмэлийг Социол Демократчууд авсан ш дээ гэх мэтчилэн тэд нар миний аавын хийсэн хөдөлмөр, тэр үзэл бодлыг бусдад таниулахын төлөө явж байсан тэр зүтгэл хайччихсан юм бэ? Хэн ч тэрний тухай бараг дурсдаггүй. Ялангуяа миний аавын оршуулганд ч бараг шахуу ирээгүй. Бурхан болоод ажил явдал болоход ирээгүй. Сонингоор эмгэнэл илэрхийлсэн. Тэгээл болсон. Энэнд нь би тэгсэнгүй ингэсэнгүй гэж байгаа юм биш. Өөрийнхөө амьдралаар намуухан амьдарч байсан тийм хүн мартагдчихдаг юм байна лээ. Тэр том том дарга нарт. Тэрийг л би хэлмээр байна.
Хишигсүрэн -
Олон улс тэр хүний тухай ярьж байна ш дээ. Хамт ажиллаж байсан хүмүүс нь. Тэгээд тэр хүмүүсийн тухай яриаг бусад ойр дотных нь хүмүүсийн яриатай нийлүүлээд дундаас нь таслаад авахад бас нэг юм гарна гэсэн бодолтойгоор би хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд харин тийм юм болсон ш дээ. Эрдэнэт рүү явсан ш дээ. Та тэгэхэд нь татаад авсан уу? Хотод байлгаж байсанаас Эрдэнэт рүү авсан нь дээр гэж та бодоод тийм юм хийж байсан байх?
Ундармаа -
Тийм. Яагаад гэвэл ээж аав хоёр минь хоёулаа тэтгэвэрт гараад картын бараагаар амьдардаг байсан ш дээ тэр үед чинь. Гэртээ ирэхээр хамгийн муу махыг л аав ээж хоёр маань иддэг. Хэдийгээр нийгмээрээ тийм байсан ч гэсэн би ээж аав хоёрыгоо өөр дээрээ татаад авчих юм бол. Би арай зах зээлд ойрхон амьдарч байсан юм уу даа. Би үйлдвэрлэл дээр ажиллаж байлаа. Манай үйлдвэрийн хийц гэдэг юм аягүй их эрэлт хэрэгцээтэй байсан тухайн үед. Би олон танилтай байлаа. Тийм учраас тухайн үед амьдарч байсан амьдрал маань бусдыг бодвол боломжтой байлаа. Яагаад гэвэл тэнд чинь бас Орос дэлгүүрийн хангамж гэдэг юм байлаа. Тэндээс би бас өөрийнхөө хэрэгцээнд юм татаад авчихдаг боломж байсан. Тэгээд бас арай жоохон хуримтлал үүсгэсэн байсан учраас аав ээждээ хашаа байшин худалдаад авах боломжтой байсан учир хашаа байшин аваад аав ээжийгээ аваачсан байхгүй юу. Энд амьдарвал арай дээр. Хотод байснаас. Бас аав маань тэтгэвэрт гарахаараа охин дээрээ очно доо гэж ярьдаг байсныг нь гүйцэлдүүлээд би аваачсан юм. Тэгээд яахав дээ хүн бусдад гомдох бол онцгүй л дээ. Гэхдээ би сая хэлчихлээ. Би сая яагаад том том дарга байсан хүмүүс миний аавын тухай дурсдаггүй юм болоо? Заавал дурсагдах ёстой гэж хэлж байгаа юм биш. Зүгээр л ийм юм нийгэмд байдаг юм байна гэж би боддог байхгүй юу. Сайн сайхан хүмүүсийг эргээд хардаггүй, боддоггүй, мартагддаг юм байн. Хэрвээ дурсах юм бол өшөө бас бус өөрсдөд нь онцгой болчихоор тийм байгаа учраас дурсахыг хүсдэггүй ч юм уу? гэж бий бас боддог байхгүй юу. тэрнээс гадна үр хүүхдүүд нь нэг ном гаргасан. Бас аавынхаа амьдрал үйлсийг нь дурсаад, баримтжуулаад баримтат кино хийж болно. Ярьдаг л даа. Жижигхэн нэвтрүүлэг хийж болно. Аавынхаа дурсгалд зориулаад гэх мэтчилэнгийн юмнууд бол байдаг л юм. Боддог санадаг.
Хишигсүрэн -
Ерөөсөө физикийн салбарт, математикийн салбарт сурж байсан бүхэл бүтэн нэг үеийн, хоёр үеийн гурван үеийн оюутнууд үндсэндээ бол 90-д оныг хүртлэх бүх оюутны багш байсан, бүх оюутнууд ярьдаг, онцгой өвөрмөц тийм содон сэтгэдэг онцгой хүн байсан гэж ярьж байгаа байхгүй юу. Тэрийг бас яриад байгаа юм. Би бас тэрийг сонсоод байна ш дээ. Гэтэл тэрийг албан ёсоор илэрхийлэх ч гэдэг юмуу тийм юман дээр бол байхгүй байсан гэдгийг би таниас сонсож байна ш дээ. Жишээ нь тэр хүний ажил явдалд ирэхгүй байна гэдэг бол энэ Монгол хүний уламжлал ёс чанарын хувьд их тийм хүн чанаргүй хэрэг ч дээ. Яг шууд хэлэхэд. Бүгдээрээ л явж очдог, бүгдээрээ л дурсдаг, нэг хүнд итгэж байсан тэр хүнд итгэлийг сүүлд хүртэл итгэлийг үзүүлдэг тийм байдал байсан байна гэдгийг би одоо анх удаа л сонсож байна.
Ундармаа -
Омбоо ах ирсэн. Омбоо ахад би тэгээд баярладаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэр хүн бол физикч хүн ш дээ.
Ундармаа -
Миний аавын шавь. Омбоо ах ирээд газар шорооных нь ажилд яваад.., шороо атгаал аавын шарилд тавьсанд нь би их баярладаг байхгүй юу. Өөр хүн ирээгүй. Яахав зөндөө хүн цугласан. Үнэхээр олон хүн цугласан. Миний найз нөхөд, хамаатан садан, хүүхдүүд нь, Эрдэнэтэд байсан ганц хоёр таньдаг багш нар нь, миний ааваар хичээлээ заалгаж байсан багш, сургуулийн захирал нар гээд. Тэр ажил явдал бол их буянтай хүн байсан учир хүмүүсийн буянаар их сайхан бүтсэн л дээ. Гэхдээ миний сэтгэлд байдаг байхгүй юу. Яагаад тэгээгүй юм болоо? гэж боддог юм. гэхдээ тэр бол яхав дээ. Өнгөрсөн явдал. Зүгээр л би тийм байдаг юм байна л гэж ойлгосон байхгүй юу. Аавыг нас барсны дараа Их Сургуульд дээр онолын бага хурал хийж байсан. Кофе уулзалт зэргийг зохион байгуулсан. Аавын нэрэмжит шилдэг нийтлэлийн уралдаан зохион байгуулж байсан. Бас аавын нэрэмжит олимпиад тиймэрхүү жижиг жижиг юмнуудыг зохион байгуулж байсан. Тухайн цаг үедээ. Бид хүүхдүүд нь гэсэн аавыгаа дурсаал явахаас биш ингэх юмсан тэгэх юмсан гэсэн санаанаас л хэтрэхгүй л явж байна.
Хишигсүрэн -
За за хоёулаа ингээд хангалттай 2 удаа уулзаж ярьлаа. Манай судалгаанд оролцоод ярилцлага өгөөд их хувь нэмэр оруулж байгаад баярлаж байна. Хоёулаа ярилцлагаа өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.