Sühbaatar
![](../assets/images/interviewees/990083.jpg)
Basic information
Interviewee ID: 990083
Name: Sühbaatar
Parent's name: Banzragch
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Bayangol sum, Selenge aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
illness / health
work
NGOs
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлж байсан зүйл байгаа юу? Түүнээс болоод таны амьдралд өөрчлөлт орох ч юмуу тиймэрхүү зүйл тохиолдож болно шүү дээ тиймээ? Тийм зүйл тохиолдож байсан уу?
Сүхбаатар -
Тийм айхтар гүн гүнзгий юм байгаагүй ш дээ.
Баасанхүү -
Зүгээр л хэвийн яваад ирсэн үү?
Сүхбаатар -
Тийм
Баасанхүү -
Бас нэг ийм асуулт байна л даа. Хүн хүний амьдрал давтагдашгүй өөр өөр байдаг тиймээ? Тийм онцгой зүйл байдаг гэвэл таны онцгой зүйл чинь юу вэ?
Сүхбаатар -
Бусдаас айхтар онцгой зүйл байхгүй ээ. Зүгээр л жирийн амьдралтай явж ирсэн. Хүмүүсээс онцгойроод байх тийм зүйл байхгүй.
Баасанхүү -
Та эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан. Тэр дундаа сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажилладаг байсан. Хэцүү тал нь юу байсан. Амархан тал байсан бол тэр нь юу байх уу?
Сүхбаатар -
Сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажиллана гэдэг чинь амар биш хэцүү ш дээ. Тэр хэцүүг давахын тулд тэр өвчтэй хүмүүстэй зохицуулж л харьцахыг бодно шүү дээ
Баасанхүү -
Амархан зүйл гэж ер нь байсан уу? Байгаагүй юу?
Сүхбаатар -
Ажиллаж байгаа хүнд амархан зүйл гэж байхгүй л дээ амархан зүйл гэж байхгүй. Ажлын 6 цаг ч байдаг юмуу. 12 цаг байдаг юмуу ер нь хэцүү ш дээ. Хэцүү байдаг байсан. Гэхдээ ажлын цаг цөөхөн 6 цагийн ажилтай. 6 цагийн ажилдаа таараад ажил маань тийм хүнд байсан. Ажил маань хэцүү байсан гэж би боддог. Сэтгэцийн өвчтэй хүнтэй эрүүл ухаантай хүн харьцана гэдэг чинь амар юм биш. Ууртай уцаартай, уйлсан инээсэн янз бүрийн улс байдаг юм чинь тэр болгонтой зохицож харьцахыг бодно шүү дээ. Тэгэхгүй бол тэр айхтар хэцүү зүйл чинь гарна шүү дээ. Ууртайд нь ууртайгаар уйлсан хайлсанд сэтгэл санааг нь тайвшруулсан байдлаар ер нь зохицуулж харьцана шүү дээ. Гэхдээ уйлсан болгонтой нь уйлаад уурласан болгонд нь уурлаад байж болохгүй.
Баасанхүү -
Та сэтгэцийн эмнэлэгт 30 гаруй жил ажилласан бахархал ч юмуу үр дүн ер нь юу байна.
Сүхбаатар -
Үр дүнтэй зүйл бол байсан байсан. 31жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа энэ байгууллагын хэдэн жил улс хувьсгалын хэдэн жил гээд шагнал баярын бичиг бол бишгүй ихийг авч байсан. Ер нь нэг баяр ёслол болоод хүн шагнах болоход миний нэр орчихсон л байдаг байсан. Баярын бичиг үнэ бүхий зүйлийг бас их олон удаа авсан.
Баасанхүү -
Үнэ бүхий зүйл гэхээр
Сүхбаатар -
Үнэ бүхий зүйл гэхээр тэр үеийн юугаар мөнгө л дагалдаж ирдэг байсан юм. 50 төгрөг ч байдаг юмуу. 100 төгрөг ч байдаг юмуу. Баярын бичиг үнэ бүхий зүйл гээд дагалдаж ирдэг. Өшөө тийм нэг айхтар юм байхгүй. Том шагнал гэвэл би одоо 1981 онд ЭХЯ-ны жуух бичиг авч байсан юм байна. 1989 онд ЭХЯ-ны тэргүүний ажилчин гэсэн тэмдэг медаль авч байсан. Хамгийн сүүлчийн хоёр том шагнал тэр 70 жилийн ойн медаль авсан. 70 жилийн ойн медаль гэдэг нь Улс хувьсгалын 70 жилийн ойн медаль гэж шагнуулж байсан. 5 дугаар 5жилийн гавшгайч 3 удаа авсан. Хамгийн сүүлийн том шагнал гэх юм бол тэр ЭХЯ-ны жуух бичиг,ЭХЯ-ны тэргүүний ажилчин гэсэн хоёр шагнал авсан даа. 1989 онд аваад 1991 онд тэтгэвэрт гарсан.
Баасанхүү -
5 дугаар 5 жилийн гавшгайч гэсэн тэмдэг 3 байсан. 5 жилд гурвуулангийн нэг дор авах уу? Дараалаад 15 жилийн туршид тав таваар нь авсан юм уу?
Сүхбаатар -
Үгүй нэг жилд авна гэсэн юм байхгүй л дээ. 3 жил ч юмуу ажилласан ажлын үр дүнгээс л болно. 5 жилийн ажлын нормыг биелүүлсэн хүн л авна шүү дээ. 5 жил дотроо л багтаад авчихна. Түүнээс биш яг 5 жил болоод авна гэсэн юм байхгүй. 5 жил дотроо л багтаад авах байхгүй юу. Дараагийн 5 жил мөн адил 5 жил дотроо багтаад л хамгийн гол нь ажилласан үр дүн сэтгэцийн өвчтэй хүнтэй харьцах лекц дугуйлан таслах юм бол хасагдана шүү дээ. Бүхий л ажлаа гүйцэлдүүлж байж 5дугаар 5 жилийн гавшгайч болно. Гавшгайчийн тэмдэг авдаг байсан. 3 жил ажиллаад норм биелүүлсэн байвал авна. 2 жил ажиллаад биелүүлсэн бол авч л таарна. Тэгж л авдаг байсан юм. Тэгээд би 3 таван жилийн гавшгайч авсан.
Баасанхүү -
Тэр үед хүмүүс идэвхтэй их мундаг ажилладаг байсан юм шиг байгаа юм тиймээ?
Сүхбаатар -
Идэвхтэй идэвхтэй шахалт ихтэй байсан учраас их идэвхтэй. Дор бүрнээ хийдэг юмаа хийгээд 10 гаруй жил ажилласан хүмүүс чинь тэр шагнал урамшилд орохыг л бодно шүү дээ. Сайн ажиллаж байгаад түүнийг авчих юмсан гэсэн санаа хүн болгонд л төрнө шүү дээ. Тийм учраас ер нь дээр үед их идэвхтэй ажилладаг байсан ш дээ. Дээр үед
Баасанхүү -
Таны бодлоор хүмүүсийн ажил хийе гэсэн ухамсар сайн байсан уу? Нэг бол шахалт байсан уу? Та юу гэж бодож байна.
Сүхбаатар -
Нийгмийн шахалтаар ажил хийнэ гэсэн юм байхгүй л дээ. Ерөнхийдөө ажиллая гэсэн ухамсар их. Дээр үед ажил хийе гэсэн ухамсар их байсан учраас хүн болгон шахуу ажилтай байсан ш дээ. Одоо бол ажилгүй хүн их байна. Ажилгүйдэл их байна гээд амтай болгон яриад байна. Үнэндээ ажлын байр хангалттай биш юм шиг байна. Бас ажил хийе гэсэн санаатай хүн ч бас алга юм шиг байна. Хүн амьтанг хараад байхад. Миний үед ажиллая гэсэн ухамсар их байсан юм. Тэгж ажиллаж байсны хүчинд тэтгэврийн мөнгөтэй байна. Одоо бол тэтгэвэр авах хүн ховор байлгүй дээ. Ажилгүй байсан хүмүүст юу гэж тэтгэвэр өгөх вэ дээ. Мөнгөгүй тэгээд сууж байх юм шиг байна ш дээ. Тогтсон ажил хийж шимтгэл төлж байхгүй бол тэтгэвэр гэж олдохгүй гэсэн юм яриад байна шүү дээ.
Баасанхүү -
1980 хэдэн онд ардчилал гарлаа гээд танай байгууллагад яаж нөлөөлсөн бэ?
Сүхбаатар -
Байгууллагад яаж нөлөөлснийг сайн мэдэхгүй юм. Ардчилал гараад тэр 20-р тогтоол гараад 27 жил ажилласан 5 хүүхэд төрүүлсэн. Болзол хангасан хүн болгоныг тэтгэвэрт гаргаж байсан шүү дээ. Байгууллагад нөлөөлсөн юм тэр л болсон байхдаа гэж би боддог юм. Тэнд чинь одоо яг 50 хүрээд тэтгэвэрт гарсан хүн цөөхөн байсан даа. Ихэнх нь 40 хэдэн настай. 38, 39 настай 39-ээс 50 насны хооронд жил нь гүйцсэн 5 хүүхэд төрүүлсэн. 5 хүүхэд төрүүлсэн хүмүүсийг жил харгалзахгүйгээр гаргаж байсан ш дээ. Тэр 20-р тогтоол гараад тэтгэврийн нас нь хүрээгүй олон хүн тэтгэвэрт гарсан. Тийм учраас ажилгүйдлийн тоо бас л их хэмжээгээр нэмэгдэнэ шүү дээ. Нэг байгууллагаас гэхэд хичнээн ч хүн гардаг юм. Манай байгууллагаас гэхэд 10 гаруй 20-иод хүн тэтгэвэрт сууж байсан. Зэрэг шахуу зарим нь нас нь болоод яг нас нь болоод суусан хүн цөөхөн байсан. Голдуу тэр тогтоолын дагуу хууль дүрэм биелүүлж байна гээд л гаргаж байсан. 30 хэд 40 хэд гэдэг чинь ид ажил хийх нас биз дээ. Тэгээд тэр хүмүүс бүгд л ажилгүй болж байгаа юм чинь тэтгэвэр авчихсан хүнд ажил олдохгүй. Тэтгэвэрт гарчихсан байна гээд тэр л байгууллагад их нөлөөлж байсан байх гэж би боддог ш дээ.
Баасанхүү -
Та бас тэр 20-р тогтоолоор уу?
Сүхбаатар -
Би бас тэр 20-р тогтоолоор гарсан. Гэхдээ би ч арай 30 хэдтэй гараагүй 48 тай л байсан юм байна. 2 жилийн дараа тэтгэвэрт гарна даа гэж бодож байхад тэгээд тэр 20-р тогтоол гараад жил бол болчихсон 31 жил болчихсон. 5 хүүхэд гаргасан гэсэн болзол хангасан тэгээд шууд тэтгэвэрт гарсан ш дээ. Тогтоол гараад 7 хоноогүй дээ. Бид нарыг нэгдсэн журмаар дэвтэр юуг хороо район дээр янзлаад тэгээд нэг нэг тэтгэврийн дэвтэр авч ирж өгөөд за одоо тэтгэвэрт гар нас болсон. Болзол хангасан. Тогтоолын дагуу гээд л засгийн газрын тогтоолын дагуу гээд л бид нар бол тэтгэвэрт гарна гээд их олон бичиг баримт бүрдүүлдэг шүү дээ. Сүүлийн 3 жил ажилласан ажлын тодорхойлолт гээд бид нар тийм юм бүрдүүлээгүй. 20-р тогтоолоор гарсан хүмүүс манай байгууллага дээр тийм юм байгаагүй. Боловсон хүчин дарга нар нь янзлаад цалингийн тодорхойлолт гаргаж өгөөд л тэгээд л нэг л өдөр тэтгэвэрт гарах болсон гээд дэвтэр өгөөд ийм ийм хүмүүс тэтгэвэрт гарна. 20-р тогтоол гээд шууд л гаргасан.
Баасанхүү -
Танд яаж нөлөөлсөн бэ?
Сүхбаатар -
Нөлөөлдөг юм байна лээ. Ажлаа хийж байсан хүмүүст гэнэт ажилгүй болсон. Тэтгэвэрт гарах болсон гэхээр зэрэг одоо хийж ажилгүй яанаа гэж бодохоор зэрэг нөлөөлдөг юм байна лээ. Тэтгэвэрт гарсан хүнийг ажилд авахгүй. Тэтгэвэрт суугаад дараа нь энэ ардчилал гараад бас их хэцүү нөлөөлсөн. Дэлгүүрийн лангуу бараагүй хоосроод авах юм байхгүй. Дэлгүүрийн лангуу яг хоосон байсан ш дээ. Авах юм байхгүй. Юуч байхгүй хураагаад авчихдаг юмуу яадаг юм мэдэхгүй. Бодоход хураагаад авчихдаг байлгүй. Дэлгүүр хоосон болохоор зэрэг хүний сэтгэл санаанд аймаар нөлөөлдөг юм байна лээ. \инээв\ ажил байхгүй. Дэлгүүр хоосон. Тэгж байтал картын бараа гэдэг юм гарч ирээд картны бараанд ороод картны бараа бас хэцүү байсан даа. Очерлож дугаарлаж авах гээд л түүнийг чинь ам бүлийн тоогоор тогтоочихсон.
Баасанхүү -
Хуваарилаад
Сүхбаатар -
Хуваарилаад тогтоочихсон. Ам бүлийн тоогоор манайх 4 ам бүлтэй байгаад картын бараа авахад чинь сардаа 5кг мах оногдож байсан байхаа. Хуваарилаад тогтоочихсон. Хэдэн ам бүлтэй айлд хэдийг гээд ам бүлийн тоогоор 5кг мах 2кг масло гээд юу юу байлаа даа. Талх хүртэл ширхэглэж өгч байсан. Картны бараанд орохоор зэрэг хэцүү байгаа юм чинь. 5кг мах сард хүрэхгүй. Хаанаа хүрэх вэ дээ. Сардаа 5 кг мах иддэг айл гэж байдаг юмуу. Тэгээд бас хэцүү л байсан.
Баасанхүү -
Таны тэтгэвэр хэдээр тогтож байсан бэ?
Сүхбаатар -
Миний тэтгэвэр 270 аар тогтож байсан. Төгрөг мөнгөний ханш унахаас өмнө 270 билүү 276 билүү тэгж тогтсон юм. Жилдээ ганц нэгээр нэмэгдсээр яваад одоо хэдэн төгрөг болчихлоо байз.
Баасанхүү -
Сардаа өгч чаддаг байсан уу?
Сүхбаатар -
Сардаа өгдөг байсан өгдөг байсан. Их л очертой дугаартай бараг хонох шахаж байж авдаг байсан. Үгүй тэгээд яахав дээ. 270 төгрөг хүрдэг л байсан юм шиг байгаа юм. Түүгээрээ нэг юм болгодог байсан юм шиг байгаа юм. Одоо бол 270 төгрөгөөр авах юм байхгүй ш дээ. Тэгээд нэмэгдээд нэмэгдсээр байгаад ардчилал гараад нэмэгдээд яваад байгаа л даа. Жилдээ 1 сарын 1нээс гээд 10 сарын 1 нээс гээд 2 удаа нэмчихээр зэрэг бас л жаахан нэмэгдээд яваад байгаа юм. Одоо бол 80000 мянган төгрөг нь дээр байгаа.
Баасанхүү -
Ардчилал гарахад та яаж хандаж байсан бэ? Дэмжиж байсан уу? Эсэргүүцэж байсан уу? Ер нь таны эргэн тойрны хүмүүс яаж хандаж байсан бэ? Ажлын газрын хүмүүс
Сүхбаатар -
Ардчилал эхлээд гарахад хүмүүс сураагүй дасаагүй болоод ч тэр юмуу нааштай хандаж байсан хүн цөөхөн байсан байх. Би бол нааштай хандаж байгаагүй. Бас хэцүү байсан мөнгө төгрөгнөөс эхлүүлээд идэж уух юм хомсдоод жаахан хүүхдүүдтэй учраас талх мах хүртэл картанд орчихоор зэрэг тийм сайхан байгаагүй. Тэгээд явна явсаар байгаад цалин хөлс нэмэгдсээр байгаад лангуу мангуу юмтай болоод явцын дунд хүмүүс бас сурдаг юм байна. Дасдаг юм байна Одоо тэгээд мах гэхэд заримдаа буугаад л заримдаа хасагдаад байна. Тэр үед ардчиллын үед мах их ховор байлаа шүү дээ. Мах шөл гурил будаанаас эхлүүлээд ховор байсан юм чинь эхлээд ардчилалд амьтан хүний ам сайн байгаагүй. Хэрэггүй юм боллоо. Одоо яадаг билээ. Цалин мөнгө нэмэгдэхгүй. Тэтгэвэр тэтгэмж цөөхөн хүрэлцэхгүй юм байна гэж ярьдаг байсан. Явцын дунд явсаар байгаад иддэгээ идээд уудгаа уугаад яваад байсан чинь түүнийгээ бас хагас дутуу ойлгодог болоод ирсэн. Дасдаг бололтой юм. \инээв\ авсан хэдэн мөнгөө хүргэхийг бодоод ийм ч юм авна тийм ч юм авна гээд хоол ундаа бөөнөөр нь ч авахыг бодоод бага гэхгүй төгрөг мөнгөндөө зохицуулаад амьдраад байх бололтой юм. Дээр үед тэтгэвэрт гарахаас өмнө ажил хийдэг байхад сайхан байсан. Байгууллага хамт олон гэдэг чинь их сайхан. Олон жил хамт ажилласан хамт олон гэдэг үнэхээр сайхан. Нэгэнд нь ямар нэг юм боллоо гэхэд хамт олноороо туслах гээд янз бүрийн юм байдаг байсан. Нэг баяр боллоо гэхэд хамтраад амралтанд явна. Зугаална. Тоглоно. Наадна. Нэг нэгнийдээ очно. Их л сайхан байдаг байсан. Олон жил хамт ажилласан хамт олон гэдэг бараг муухан хамаатнаас дээр болчихсон байдаг. Тэднийх тийм байгаа. Эднийх ийм байгаа. Цалин буухаар мөнгө төгрөг нийлүүлээд тэднийд очно гэдэг ч юмуу. Наргидаг цэнгэдэг янз бүр л байсан
Баасанхүү -
Ядарсан нэгнийдээ тусладаг.
Сүхбаатар -
Ядарсан нэгэндээ тусладаг. Санаа нийлээд наргиж цэнгэдэг ч байсан. Ер нь тэгээд их л сайхан байдаг байсан. Тэтгэвэрт суухаар нэг хэсэгтээ хэцүү юм байна лээ. Нөгөө хамт олон чинь үгүйлэгдээд нөгөө хэд дээрээ очдог ч юм билүү. Гараад явчихаар санагдаад их л хэцүү юм байна лээ. Хамт олноо их санадаг юм байна лээ. Хүн чинь за заримдаа тэд нар юу хийж байгаа бол гэж бодогдоод янз бүрийн юм бодогдоод хэцүү байдаг юм билээ. Тэтгэвэрт суугаад нэг хоёр сар их тогтвор муутай байдаг юм билээ. Нөгөө ажил төрөл чинь санагдаад гармаар санагдаад хоёр гурван сар ядардаг юм билээ.
Баасанхүү -
Амьдралын хэмнэлд дасаж өгөхгүй тиймээ?
Сүхбаатар -
Дасаж өгөхгүй. Өглөө босоод ажилд гүйгээд орой ирээд гучин хэдэн жил тэгчихсэн хүн чинь гэнэт нэг өдөр тэтгэвэрт суучихаар чинь сэтгэл санааны дарамтанд их ордог юм байна лээ. Одоо чинь хамт тэтгэвэрт гарсан улсуудтай жилд нэг удаа уулзуулдаг юм чинь
Баасанхүү -
Оо за
Сүхбаатар -
Өндөр настнуудын баяр гээд 10-р сарын 1-нээс хойш 10 сар дотроо багтаад уулзуулдаг юм. Жил болгон. Сайхан байгаа юм чинь дандаа хөгшин хөгшин 60 гарчихсан 70 шахсан улсууд. Тэгээд нэг хонь хурга нийлүүлчихсэн юм шиг шуугиж шуугиж байгаад ирэх чинь сайхан байгаа юм. Архи дарс янз бүрийн юм уухаасаа гадна ярьж хөөрөөд бие биентэйгээ уулзана гэдэг чинь чи чинь тийм байна ш дээ чи чинь тийм байна ш дээ гээд тэнд чинь бие биеэ барьж авч үнсээд аягүй гоё юм болж байгаа юм чинь. Тэгээд гарч байсан ш дээ хэдүүлээ бараг хөөгдөөд явж байсан ш дээ гээд тийм тийм юмаа яриад нэг цуглахаараа аягүй сайхан байгаа юм чинь.
Баасанхүү -
Хамт олноо хүмүүжүүлнэ. Болохгүй нэгнийгээ авч хэлэлцээд
Сүхбаатар -
Тийм юм байсан байсан. Олон жил ажиллаад насан ахиад ирсэн улсууд байгууллагад чинь бас болдоггүй хүн байдаг юм. Зарим нь эмэгтэй ч хүн байна эрэгтэй ч хүн байна. Залуучуудыг халамжлан хүмүүжүүлнэ гээд юм байсан юм. Тэгээд нөгөөдүүлдээ сургаал айлдана. Түүнийг тэгж болохгүй тэрэнтэй тэгж болохгүй гээд янз бүрийн юм ярьж болохгүй ч гэдэг юмуу тэр үед юун байдлаас нь гаргах гэж тусална ш дээ. Тусалж л аль болохоор ажил төрлийн сайн болгох талаар чи хожигдож болохгүй шүү өглөө эрт ирнэ шүү гээд тэгээд байхаар хүн гайгуу болдог юм. Хамт олноороо халамжлан хүмүүжүүлнэ. Төлөвшүүлж ажлын дадлага туршлагатай болгоно гээд тийм юм байдаг л юм зөндөө байдаг юм.
Баасанхүү -
Хувийн амьдралд нь хүртэл оролцдог байсан юмуу? Гэр бүлээсээ салж болохгүй ч юмуу
Сүхбаатар -
Тийм юмыг чинь тэр үед бараг л ярьж хэлэлцдэггүй байсан. Би тэгж нөхрөөсөө салаад авгайгаасаа салаад ч гэдэг юмуу нэг их ярьдаггүй байсан. Тэгсэн байвал аль болох талаас нь ярьдаг тийм л байсан. Нэг их мэдэгдээд байхгүй. Одоо бол хамаагүй байна ш дээ. Би бараг л хэдэн сар суугаад салсан гэдэг ч юмуу тийм талдаа орчихсон байна. Мөнгөтэй төгрөгтэй хүнтэй сууна гэдэг ч юмуу дээр үед сална барина гэдэг чинь их ховор байсан юм шиг байгаа юм. Ер нь нэг их мэдэгдэхгүй. Хааяа нэг ганц нэг байна. Нас ахисан хүмүүс зохих ёсны зөвлөлгөө өгдөг л байсан. Өгдөг ч байсан авдаг ч байсан.
Баасанхүү -
Хэвтэж эмчлүүлж байгаа өвчтнүүдийн ар гэрээс мөнгө төгрөг авдаг байсан уу?
Сүхбаатар -
Төлбөр авдаггүй. Одоо ч гэсэн манай сэтгэцийн өвчтэй хүмүүс чинь төлбөр байхгүй ш дээ. Харин ядаргааны тасаг, архины тасаг 2 төлбөртэй болсон. Ядаргааны тасагт хэвтэж байгаа хүмүүс төлбөртэй. Төлбөртэй хэвтдэг болсон байна лээ. Архины тасагт бас төлбөртэй хэвтдэг болсон байна лээ. Түүнээс биш яг сэтгэцийн өвчтэй хүнээс төлбөр авдаггүй. Хэд хоносон байсан ч төлбөр авахгүй. Хэдэн жилээр хэвтсэн байсан ч авахгүй. Янз бүрийн төлбөр угаасаа байхгүй.
Баасанхүү -
Тэр архины тасаг гэдэг нь социализмын үед байсан уу аль эсвэл 1990 оноос хойш гарч ирсэн юм уу?
Сүхбаатар -
1990 оноос хойш саяхан бий болсон. 4-5 жилийн өмнө төлбөртэй болсон.
Баасанхүү -
Социализмын үед архины эмчилгээний тасаг байсан уу?
Сүхбаатар -
Байсан. Тэр үед архины эмчилгээний тасаг байсан ш дээ. Төлбөр энээ тэрээ юм авдаггүй зүгээр архины тасаг нэртэй архи уудаг архаг архичингууд хэвтэж эмчлүүлдэг.
Баасанхүү -
Архаг архичид байсан гэж үү?
Сүхбаатар -
Байлгүй яах вэ? Зөндөө байдаг. Зөндөө л хэвтэж эмчлүүлдэг байсан төлбөр мөлбөр авч байгаагүй. Сүүлийн 5-6 жилээс төлбөртэй болсон юм шиг байна лээ. Архины тасаг неврозын тасаг хоёр
Баасанхүү -
Невроз
Сүхбаатар -
Ядаргааны гэсэн үг л дээ. Тэр 2 л төлбөртэй бусад нь төлбөр байхгүй.
Баасанхүү -
Би архидалт ардчиллын үед гарч ирсэн байх гэж бодсон. Тэр үед бас архидалт байсан уу? Тэр талаар жаахан яриач архины эмчилгээний тасгийн талаар...
Сүхбаатар -
Социализмын үед архины эмчилгээний тасаг байсан ш дээ. Хэт архинд донтсон хүмүүсийг эмчилдэг тасаг 20-иод ортой тасаг байсан. Тэнд чинь янз янзын хүмүүс ирж хэвтэнэ. Дээд мэргэжлийн хүмүүс ч байна дунд мэргэжлийн хүмүүс ч байна. Ажилтай ажилгүй янз бүрийн хүмүүс байна. Дахин ирдэг хүмүүс их байна. 2-3 сар эмчилгээ хийлгээд гайгуу байж байгаад архиа дахиж уугаад дахиж эмчилгээ хийлгэнэ. Зөндөө хүмүүс ирж эмчлүүлдэг. Эмчлүүлээд сайхан сайхан архинаас гарчихсан архи уудаггүй болчихсон хүн байдаг л юм. Эмчлүүлээд 3-4 сар уухгүй байж байгаад ахиад эргээд орчихсон хүмүүс ч байдаг л юм. Уулгадаг эм ч байсан. Тарьдаг тариа ч байсан. Уул нь их л сайхан болоод гардаг юм. 14-15 хоног эмчлэгдээд их сайхан жигшилт өгөөд гардаг. Тэгээд зарим нь өөрийн тэвчээргүйгээс болдог юмуу ууж үзвэл яах бол гэж боддог юмуу дахиад орчихсон байдаг. Тэгээд дахиж ирээд эмчилгээ хийлгэнэ. Тийм хүмүүс зөндөө олон байдаг юм.
Баасанхүү -
Тэгээд эмчилгээний төлбөрийг нь яадаг байсан бэ? Өөрсдөө гаргадаг байсан уу?
Сүхбаатар -
Эмчилгээний төлбөр авахгүй. Төрөөс гаргана. Хуучин өөрөө төлнө гэж байхгүй ш дээ. Одоо бол архины тасаг төлбөртэй. Социализмын үед төлбөр мөлбөр байгаагүй. Зүгээр л эмчилгээ хийлгэнэ гэсэнд хийдэг байсан. Бас хуулийн тасаг гэж байдаг юм. Хуулийн тасаг одоо ч хуулийн тасаг гэж байгаа. Ганц худагт хоригдож байгаа хүмүүсийг авч ирж хэвтүүлдэг. Унадаг дусдаг гэж өөрсдөө ярьдаг юм шиг байгаа юм. Тийм ч өвчтэй унадаг байсан хавар намар өвчин хөдөлдөг гээд ялаас зугатаадаг юмуу яадаг юм ганц нэг жилийн ялаас хасуулъя гэсэн хүмүүс байдаг байлгүй дээ. Тэгээд тэд нарыг авч ирж хэвтүүлээд онош тодруулдаг үнэхээр сэтгэцийн өвчин байна уу гэдгийг үзүүлдэг. Тусгай тийм тасаг бүр цагдаатай. 3-4 ээлжийн цагдаатай. Асрагчтай сувилагчтай.
Баасанхүү -
Тэр цагдаа нар байнга байх уу?
Сүхбаатар -
Байнгын ажиллана. Ээлжээр тэр чинь дандаа ялтай хүмүүс байгаа юм чинь тэр ялтангуудыг харж байдаг оргуулахгүй явуулахгүй хамаагүй эсэн бусын харьцуулахгүй тийм хуулийн тасаг одоо ч байдаг юм. Онош тодруулах гэсэн хоригдсоноосоо болоод хэтэрхий ядарчихсан ядаргаанд орсон хүмүүс байдаг л юм шиг байна лээ. Тэрнээсээ болоод сэтгэцийн өвчин нөлөөлсөн түр зуурын юм туссан хүмүүс байдаг юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Та голдуу сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тасагт ажиллаж байсан уу эсвэл архичдын тасаг хуулийн тасагт ажиллаж байсан уу?
Сүхбаатар -
Би голдуу сэтгэцийн өвчтэй хүмүүстэйгээ ажиллаж байсан. Хуулийн тасагт бол ажиллаж үзээгүй. Архины тасагт бол ажиллаж байсан.
Баасанхүү -
Ер нь ялгаа нь юундаа байх вэ?
Сүхбаатар -
Сэтгэцийн өвчтэй хүнтэй ажиллах архины тасагт ажиллах ялгаатай ш дээ. Архины тасгийнхан сэтгэцийн өвчин байхгүй эрүүл ухаантай хүмүүс. Зөвхөн архины эмчилгээ хийлгэдэг. Сэтгэцээс хамаагүй дээр ш дээ. Өөрөө өөрсдийгөө арчилчихна. Яг сэтгэцийн өвчтөнгүүд өөр ш дээ. Хамаг юмын хийнэ. Хоол цайгийн хүртэл өгнө. Идэж чадахгүй хүмүүс хүртэл байдаг юм чинь. Хоолоо идэхгүй байгаа хүмүүст хоолын өгөхгүй бол болохгүй. Өлбөрч үхнэ.
Баасанхүү -
Гарын зөрүүлсэн цамц өмсүүлсэн байдаг юм байна лээ ш дээ. Тэр өвчтөнгүүдийн ааш зан бүр хэцүү юу?
Сүхбаатар -
Одоо тийм цамцтай болсон юм байлгүй. Тасаг масгаар очихгүй болохоор ямар янз болж байгаа юм бол доо мэдэхгүй байна. Гадаадын хөгжилтэй орнуудад бол байдаг л юм байна лээ. Ямар ч хөдөлгөөнгүй цамц өмсүүлчихдэг. Манайд бол тийм юм байхгүй. Одоо янз бүрийн хөгжилтэй орнуудаас тийм тусламж ирж байдаг юмуу мэдэхгүй байна. Миний үед тийм цамц өмсгөх юм байгаагүй. Дандаа өөрсдөө гардан үйлчилнэ. Тун болохгүй өвчтөнийг орон дээр нь өлгийдөхөөс өгсүүлээд хүүхэд өлгийдөж байгаа юм шиг өлгийдөнө. Тэгж л аргалахгүй бол дийлэхгүй. Эм тариагаа хийлгэхээр аяндаа тайвшраад унтаад өгнө. Тэр болтол нь аргалах юм бас байна л даа. Асрагч сувилагч нар л хийнэ. Бусад эмнэлэгтэй адил нэг хоёр асрагч гэж байхгүй манайх чинь 5 асрагч 1 сувилагч ажиллана. Нэг ээлжинд 5 асрагч 1 сувилагч. Сүүлд сувилагч нь 2 болсон. Нэг шөнө 7 хүн ажиллана. Одоо чухам орон тоо цомхотгож бариад юу болж байгаа юм мэдэхгүй бидний үед тийм байсан. 5 сувилагч нэг асрагч 70 хэд 60 хэдэн сэтгэцийн өвчтэй хзүн гэдэг хэцүү л дээ. Нэг сувилагч хоёр асрагч байхад хүч хүрэхгүй. Хоолын зөөнө. Шээс баасын бараг гардана. Өчнөөн гардуулах юм байдаг ш дээ.
Баасанхүү -
Нэг тасагтаа 60-70 хүн байх уу?
Сүхбаатар -
Одоо ч байна. Бараг л 70-аас буухгүй.
Баасанхүү -
Одоо социализын үеэс ихэссэн үү?
Сүхбаатар -
Ихэссэн. Одоо бол сэтгэцийн өвчин ихсээд байгаа. Ямар тал нь нөлөөлдөг юм. Юмны үнэ ханш, хоол унднаасаа өгсүүлээд янз бүрийн юм нөлөөлдөг байлгүй дээ. Одоо бол ихсэж байгаа гэсэн. Ерөнхийдөө л ихсээд байгаа ш дээ. Социализмын үед нэг тасагт 60-70 хүн баяр ёслол янз бүрийн үеэр 70 давна. Хавар намар энэ өвчин их хөдөлдөг. Хавар намар аймаар ихдэнэ. Зундаа өвөлдөө арай гайгуу. Нэг их учиргүй ор илүү гараад байх юм байхгүй дээ. Тун болохгүй бол 2 давхарт нэг орон дээр 2 хүн хэвтүүлнэ.
Баасанхүү -
Тэр 2 нь хоорондоо бас янз бүр болох уу?
Сүхбаатар -
Хэрэлдэх барих юм гардаг л юм. Зарим нь түүнийгээ мэдэхгүй тариа хийлгэсэн хүмүүс унтаж л байдаг юм.
Баасанхүү -
Нэг палатанд хэдэн хүн хэвтэх вэ?
Сүхбаатар -
Нэг палатанд ойролцоогоор 11-12 хүн хэвтэнэ. Хүн цөөнтэй палат гэж байхгүй. Ер нь палат болгон 10-аас дээш хүнтэй.
Баасанхүү -
Тэр хүмүүсийн хоорондоо харьцах харьцаа?
Сүхбаатар -
Хэцүү ш дээ. Хоорондоо хоолоо булаалцалдаад зодолдоно. Тамхиа булаалцалдаад зодолдоно. Хоорондоо ярилцаж байгаад зодолдоно. Янз бүрийн юм байна. Нэг нэгнийхээ ярьж хэлж байгаа юмыг зөвөөр ойлгож чадахгүй тэрнээсээ болоод зодолдож уралцах юм байна.
Баасанхүү -
Аймаар стресстэй?
Сүхбаатар -
Аймаар 24 хийгээд буухад элдэв юм бодогдоно. Өвчтөн алдчихгүй юмсан. Хооронд нь зодолдуулаад шарх сорви гаргачихгүй юмсан гэж ажиллана. Унтаж болохгүй. Унтах юм бол өвчтөнгүүд байнга түгжээтэй. Ручикаар түгжчихдэг юм. Хоол иддэг халбагаар ручикаа онгойлгоод гараад явчихсан байдаг. Тэгээд хариуцлага нь бид нэр дээр халбагаа тоолж авсангүй аягаа тоолж авсангүй гээд яг хүнийхээ тоогоор аягатай халбагатай байдаг байхгүй юу. Тэгэхээр халбагаа авч үлдээд ишийн хугалаад ишээр нь ручик тааруулаад нөгөөдөхөө онгойлгоод гарчихсан хүмүүс байдаг юм.
Баасанхүү -
Бас тэд нарыг чинь өвчтэй гэж болохгүй юм байна.
Сүхбаатар -
өвчтэй гэж болохгүй. Сэтгэцийн өвчтэй гэдгээ мэдэхгүй ч хүн байна. Муу юмыг сайн сэтгэдэг ч хүн байна. Янз янз
Баасанхүү -
Та бол айхтар хэвийн биш юманд орж байгаад буцаад нийгмийн амьдралд ажлаасаа гараад харьцахад ялгаа аймаар байсан уу?
Сүхбаатар -
Бараг сүүлдээ гэртээ ирсэн ч тэд нартайгаа харьцаж байгаа юм шиг болчихдог юм даа. Зан араншин бас өөрчлөгддөг юм байна лээ. Тэндээ ярьж байгаа юм шиг хөөе тэр болохоо байлаа ч гэж байх шиг. Хэдэн хүүхдүүдтэйгээ чанга чанга орилоод харьцааны хувьд өөрчлөлт орох л юм шиг байгаа юм. Түүнийг чинь хүн өөрөө өөртэй шүүмжлэл тавина ш дээ. Тэнд харьцах гэртээ харьцах хоёр хоёр өөр ш дээ. Ер нь өөрчлөлт орох гээд байдаг юм. Өөрөө л сайн хянаж байхгүй бол болохгүй.
Баасанхүү -
За баярлалаа. Дуусгая.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.