Budhüü


Basic information
Interviewee ID: 990084
Name: Budhüü
Parent's name: Avirmed
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: trader
Belief: Buddhist
Born in: Tsagaanchuluut sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed way (was a partisan)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
privatization
democracy
travel
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За сайн байна уу?

Будхүү -

Сайн сайн байна уу?

Баасанхүү -

Өнөөдрийнхөө ярилцлагыг би ингэж эхлэе гэж бодлоо. Та яагаад оёдолчны мэргэжил эзэмшсэн? Тэр ТМС-даа яаж орсон тэр үйл явцыг яриагүй тэр чинь хүмүүст бас сонирхолтой байх байх гэж бодож байна?

Будхүү -

Тухайн үед ТМС-д ороход ЕБС-уудаар ТМС-ийн хуваарь 8-р анги төгсөхөд нь хуваарь очдог байсан. Тэр хуваарийн дагуу сурлагын дүнгээр нь жагсаагаад ТМС-д өөрийн хүсэлтээр ажил мэргэжил эзэмшинэ гэсэн хүмүүс гэрээ хийгээд томилолт өгдөг байсан. Тэр томилолтоо аваад тухайн ТМС-д очиж бүртгүүлээд яг юуны ангид орно хэдэн жил сурна сарын хэдэн төгрөгний стипенттэй гээд зааварчилгаатайгаа ирдэг байсан. 160 төгрөгний стипент аваад 2 жил суралцаад ТМС-д улсаас тусгай дүрэмт хувцас өгдөг байсан. Тэр хангамж өгөхдөө эхний суралцах жилээ хангамжийн өгөөд гадуур пальто өгөөд гутал өгнө. 2-3 ээлжийн цамц өгнө. Тэгээд сарпанчик өгнө. Түүнийг өмсөөд хичээлдээ явна. Гутал мутлаа өөрсдөө өмсөнө. Гадуур хувцас өгнө. Ингээд ТМС-д хувцасны нормтой байсан. Би угаасаа 8-р ангиа төгсөхдөө сургууль төгсөхөд тухайн үедээ ямар мэргэжил эзэмших вэ? 9-р ангидаа орох уу 8 төгсөөд хуваарилах уу гэдэг саналыг саналын хуудас бөглүүлж асуудаг байсан. 8-р анги төгсөхөд бараг 3-4 сараас эхлээд хуудас бөглүүлдэг байсан. Тэгээд би ТМС-д орж оёдолчны мэргэжил эзэмшинэ гэсэн хүсэлтээрээ хөнгөн хүнсний ТМС-д ороод сургууль дээрээ очиж бүртгүүлээд 8 сарын 5 гээд сангийн аж ахуй явж байсан. ТМС-д орсон хүүхдүүд сургууль дээрээ бүртгүүлээд сангийн аж ахуйд 21 хоног яваад 8 сарын 21-нд ирээд 9 сарын 1-нд хичээлдээ ороод 2 жил суралцах хугацаандаа сар бүр 160 төгрөгний стипенттэй суралцаж байсан. Суралцаад төгссөн хойноо онц монц тухайн үедээ А,С гэсэн дүн байгаагүй. Сурлагын дүн дүгнээд онц сурсан хүүхдүүдэд яамнаас урамшууллын тэтгэлэг өгдөг байсан юм. Тэр нь бол тухайн үедээ 50 төгрөг 100 төгрөг гэсэн тухайн байгууллага нь хөнгөн хүнсний ТМС төгсөөд яаман дээр очоод яам үйлдвэрүүдэд хуваариладаг байсан. Тухайн үед сайн сурсан хүүхдүүдийг очих гэж байгаа байгууллагууд урамшуулал өгдөг байсан. Намайг бол хүүхдийн хувцасны үйлдвэрээс 50 төгрөгөөр шагнаж байсан. Тэгээд 2 жил ТМС-д яваад эхлээд орох жилээ зуны ажилд явсан. Партизаны сангийн аж ахуйд 800 үнээний фермд ажилласан. Дараагийн жил нь даршин дээр ажилласан. Партизаны сангийн аж ахуйд ингээд 2 жил сангийн аж ахуйд яваад ТМС төгсөөд 1972 оны 9-р сарын 1-нд ТМС-д ороод 1975 оны 6-р сарын 1-нд төгсөж байлаа. 1975 оны 7 сарын 1-ээс хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор орж байлаа.

Баасанхүү -

Одоо энэ коллежууд 8-р анги төгсөөд коллежид орохоор 10 төгссөн аттестат өгөөд байдаг ш дээ. Тэр үед тийм юм байсан уу?

Будхүү -

Тийм юм байгаагүй. ТМС ерөөсөө 8-р ангиа төгсөөд 2 жил суралцаад 160 төгрөгний стипент аваад хувцасны хангамжтай ийм л байсан. 10 төгссөн атестат өгдөггүй байсан. Харин зүгээр ТМС төгссөн улсууд төгссөний дараа ажилчин залуучуудын оройн сургууль гээд үйлдвэр комбинатад оройн сургууль нэг хоёр гэсэн ажилчин залуучуудын оройгоор сурдаг сургууль байсан. Хотын төвд бол 24-р сургууль дээр оройгоор захирал нь Самдан гээд хүн байсан юм.

Баасанхүү -

Таныг оёдолчны мэргэжил сонгоход юу нөлөөлсөн бэ? Эсвэл улс тэр чигээрээ аж үйлдвэржээд ажилчдыг аягүй сурталчилдаг байсан байх тийм үү?

Будхүү -

Намайг оёдолчин гэдэг мэргэжил эзэмшихэд 1-рт би улсын хангамжинд байж байгаад очсон тухайн үедээ улсын хангамж жилдээ нэг удаа өгдөг байсан. Ээж маань хөгшин настай хүн би ээжтэйгээ хоёуланхнаа үлдсэн байхгүй юу аав маань өнгөрсөн. Тэгэхээр би амьдралын эрхээр улс ардын аж ахуйд гарч мөнгө олох нь надаа чухал байсан байхгүй юу. Тийм учраас би ямар мэргэжил сонгож ямар ажил хийвэл дээр вэ гэдгийг маш их бодож судалсны үндсэн дээр оёдолчин болъё гэртээ юм оёж болно. Ажил дээрээ юм оёж болно мөнгө олох үүсвэртэй юм байна гэж бодоод оёдолчны мэргэжил сонгосон. Өөрөө сонирхолтой сонгосон. Ар амьдрал маань тухайн үедээ мөнгө цаасны шаардлагатай байсан учраас энэ мэргэжил сонгосон учир энэ байгууллагад мэргэжлээ солихгүй 30 хэдэн жил ажиллаж байгаа байхгүй юу. Түүнээс биш тухайн хүн оёдолчин байгаад багш ч болно эмч ч болно бид нарын үед ажилчин залуучуудыг оройгоор 9,10-р ангид суралцуулаад өшөө цаашаа 10-р анги төгссөн улсууд конкурс өгөөд үйлдвэрийн газар техникум дээд сургуулийн хуваарь зөндөө ирдэг байсан. Жилд 800 ажилчнаас өргөдөл өгсөн бол 2-3 хүн жилд конкурсэнд өрсөлдөөд техникумд ч орж болно дээд сургуульд ч орж болно тэнцсэн бол сургуулиудад явдаг байсан. Үйлдвэрийн газруудад тийм хуваарь өгдөг байсан ш дээ. Одоо би жишээлбэл сургуульд суръя техникумд оръё тийм дээд сургуульд оръё гээд өргөдлөө өгчихсөн бол түүний дагуу яамнаас хуваарь ирээд конкурсдээд тэнцэх юм бол тэр хүн сургуульд ордог. Тухайн үед ажилчин залуучуудыг ажиллуулдаг нийгмийн асуудлын их хардаг дэмждэг үзэл суртлын асуудалтай сургууль соёлд ороход их дэмждэг байсан.

Баасанхүү -

Та амжилттай ажиллаад олон медалиар шагнуулсаар байгаад 1990 онд тулж очсон байх. Тэр үеэр таны амьдрал ямархуу байсан. Ардчиллыг гаргаж ирж байгаа тэр хүмүүсийг дэмжиж байсан уу? Юу гэж бодож байсан. Танай ажлын хамт олон юу гэж байсан? Юу гэж ярилцаж байсан бэ?

Будхүү -

Тухайн үед социализын үед ерөөсөө задгай ярьдаггүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй тийм нийгэмд тийм хатуу үзэл бодлоор хүмүүжчихсэн байж байгаад тэгээд цаашлаад гэнэт ардчилал гарч ирээд 1990 онд жагсаал цуглаан болоод өлсгөлөн мөлсгөлөн зарлаж байхад хүмүүс нэг ёсны хувьсгал хийх нь зөв гэж үзээд тэр чинь соёлын хувьсгал ш дээ. Хийх нь зөв гэж үзээд нэг хэсэг нь буруу юмаа тайван сайхан мөнгө л байвал дэлгүүр хоршоонд идэж уух юм элбэг тийм байж байсан үе ш дээ. 1980 хэдэн он чинь. 1990 оны үед юм аягүй ховордсон ш дээ. Картын бараа мараанд ороод ховор зэвэр болоод ирээд хувьсгал мувьсгал болохоор хүмүүс янз янзаар хүлээж авдаг байсан. Нэг хэсэг нь өөрчлөн байгуулалт ирээд гадаадад чөлөөтэй нээлттэй зам гүүр тавигдаад ийш тийш явдаг чөлөөтэй болно гэж боддог байсан. Нэг хэсэг нь улаан хамгаалагч нар гарч ирээд эсэргүү болох нь уу гэж боддог байсан. Нэг үе хүмүүс 1990 оны хувьсгалд хямарч байсан. Засгийн газрын 20-р тогтоолыг маш цочир хүлээж авч байсан. Банкны мөнгө дахин нугалсан 20-р тогтоол байна шүү дээ. Бид нарын хувьд яанаа ажил мажил маань байх байгаа даа. Ингээд байж байтал юмны дахин нэмэгдээд мөнгөний ханш унасан тухайн үед хүмүүс авсан цалингаа хүргэж чадахгүй сэтгэл зүйн хямралд орж байсан л даа. Тэгээд 1991,92 оноос картын бараанд шилжээд хүмүүс хямраад их тайван байж байсан хүмүүс хямралтай, ажил байдалдаа бухимдсан. Ажил ховор цалин яг хугацаандаа өгдөг байсан нь хойшлоод л 1991-1995 он хүртэл картын бараатай байгаад 1995 оноос хойш бараа таваар элбэгшээд бүх дэлгүүр хоршооны бараа элбэгшээд энэ 4 жилд хөдөө аймгуудад цас зуд ч болсон. Дээрээс нь бүх улс орон даяар картын бараанд орсон. Манай байгууллага гадаадад Унгар, Чехийн үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд ажилчдаа гэрээгээр явуулж байсан учраас гадаад дотоодын байдал үзээд хөгжил цэцэглэл үзээд арай жаахан хөрөнгөжөөд ирсэн учраас тухайн үеийг гайгуу давж байсан. Тэгээд 1996 оноос эхлээд үйлдвэр хувьчлагдаж эхэлсэн. Үйлдвэр хувьчлагдаад ирэхээр хүмүүс одоо яанаа насаараа ажилласан үйлдвэр, оёдолчин болох гэж энэ мэргэжил эзэмшсэн хүмүүс зарим нь жижиг хувийн үйлдвэр байгуулаад явсан. Зарим дарга нар жижиг жижиг үйлдвэр нээгээд чадалтай чадалтай мастеруудыг татаад татаад аваад явж байсан. Түүний жишээгээр би үйлдвэрээс салбарлаад явсан түлхүүрийн цехийн дарга, зохион бүтээгч хоёрын үйлдвэрт хүүхдийн хувцасны үйлдвэрээс гараад тасралтгүй 10 жил ажиллалаа даа. Би бас нэг жил ажилгүй байгаад гэрээр хувцас захиалгын ажил хийж үзсэн. Нэгэнт нийгэм мөнгө төгрөг бухимдал бага байгаа үед хичнээн захиалгын ажил нээхэд эдийн засгийн хувьд хөврөх чадварын хувьд алдагдалтай байсан. Түүнийг би даваад тасралтгүй явсан бол хувийн аж ахуйн нэгжтэй байна ш дээ. Тэгэхээр тухайн үед бодсон мэдлэг чадвартайгаа уялдуулсан, үргэлж мөнгөний хойноос хөдөлмөрлөж байсан болохоор өөрөө юм байгуулаад өөрөө өөрийгөө удирдаад явах мэдлэгийн чадвар дутагдсан. Хэн нэгний үйлдвэрт хараатаар цалин авч үнэнчээр зүтгээд. Одоо надад ямар ч аж ахуйн нэгж байхгүй. Үндсэн хөрөнгө ч байхгүй. Авсныгаа тухайн үед өөртөө хэрэглээд, ахуй амьдралдаа хэрэглээд ийм л явсан. Одоо бол би яахав оёдолчин мэргэжил эзэмшнийх гэртээ 3, 4 нь оёдлын машинтай. Хааяа юм олдвол оёчихдог. Одоо бол нас ахиад оёдлын мэргэжлээр ажиллахгүй өөрчлөөд худалдагчийн ажил хийж байна.

Баасанхүү -

Та ардчиллыг дэмжиж байсан уу? Яг юу гэж бодож байсан бэ?

Будхүү -

Би яг тухайн үед ардчиллыг дэмжээгүй яагаад гэвэл бид нар МАХН-ын хүмүүжлээр хүмүүжсэн учраас тухайн үеийн залуучуудыг эх орныхоо эсрэг үзэл гаргаад байна. Ардчилалд орсон. Үйлвэрээс ардчилалд орсон залуучууд байсан. Тэд нарыг зөв юм хийж байна гэж ерөөсөө бодож байгаагүй. Одоо эргээд харахад ардчиллыг зөв хөгжүүлсэн бол дэвшилттэй зүйл ч бий. Алдаатай дутагдалтай зүйл ч их харагдаж байгаа байхгүй юу. Тухайн үед мэдрэхгүй. Туулж гарсны дараа л боддог юм байна. Ардчилал гарснаар хүмүүс гадагшаа дотогшоо нээлттэй их явдаг болсон байна. Хүн оюуны потенциалаа нээж чаддаг болсон байна. Хүн нээлттэй үзэл бодлоо илэрхийлж чаддаг болсон байна. Ганцхан юман дээр хүмүүс би эрх чөлөөтэй байна гээд 1-рт хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. 2-рт хүмүүс ёс зүйн хүмүүжил муутай болсон. Түүнээс бусдаар ардчилал юм авч ирсэн ирсэн. Түүнийг бол үгүйсгэхгүй шүү дээ.

Баасанхүү -

1990 оны хямралын үеэр танай үйлдвэр ямархуу байсан. Тэр талаар жаахан дэлгэрэнгүй яриад өгөөч.

Будхүү -

Зах зээл эхэлж байхад үйлдвэрийн газрууд ажилладагаараа ажиллаж байсан. Ардчиллын гишүүн болох тэнд элсэх гээд хүмүүс явдаг л байсан. Оёдог юмаа оёоод авдаг юмаа аваад урьд нь 15 хоноод цалин буудаг байсан бол ардчиллын үед 20 хоноод цалин буух ч юмуу. Ямар ч байсан хийдэг юмаа хийгээд авдаг юмаа аваад байдаг байсан. Ер нь үйлдвэрүүд 1993 оноос гадаадад эспортолж эхэлсэн шүү дээ. Түүнээс өмнө дандаа дотоодынхоо хэрэгцээг хангаж эх орондоо үйлдвэрлэж байсан ш дээ. 1992,93 оноос эхлээд Хятад Гонконгоос янз бүрийн юм орж ирээд хүүхдийн өмд цамц хичнээн мянгыг оёно. Төчнөөн мянгыг оёно. Тухайн үйлдвэрийн машин механизм өөрчлөгдөнө биз дээ. Дээр үеийн үйлдвэр юм чинь. Унгар улсаас шинэ шинэ техник орж ирээд эрдэмтэн мэргэд ирж тэр бүгдийг суурилуулж нэхмэлийн машин, сүлжигч машин гээд янз бүрийн машин суурилуулаад гаднаас янз бүрийн захилга орж ирээд 1993 оноос Монголын оёдлын үйлдвэрүүд гадаадад экспортолж эхэлсэн.

Баасанхүү -

Түүнээс өмнө дандаа дотооддоо?

Будхүү -

Тийм эх орны хэрэгцээг хангадаг байсан.

Баасанхүү -

Гадагшаа социалист орнууд руу ч гаргадаггүй байсан уу?

Будхүү -

Ер нь бараг гаргадаггүй байсан даа. Том хүний хувцас гаргана уу гэхээс биш хүүхдийн хувцас ерөөсөө гадагшаа гаргахгүй. 1991 оны сүүл 1992 оны эхэн 2 сард анхны захиалга орж ирж байсан юм. Гадаадын Ёомини захиалга гээд орж ирж байсан юм. Өмд цамц малгайтайгаа цамц шортны хослол мослолыг 5000 гаар нь үйлдвэрлээд эхний экспорт гаргаж байсан даа.

Баасанхүү -

Тэгэхээр яахав цалин мөнгө нэмэгдэх үү?

Будхүү -

Мөнгө нэг дахин нугаларсан. Тэгээд гадаадын экспорт импортын бүтээгдэхүүн хийхээр зэрэг эх орондоо хийж байснаас дээгүүр ирнэ л дээ. Арай дээшээ болно шүү дээ. Эрс цалин мөнгө нэмэгдэнэ. Гадаадын юм яасан үед нөгөө үйлдвэрийн газар чинь урамшуулалт цалин өгдөг. Нэг ч удаа ажил таслаагүй. Нэг ч удаа төлөвлөгөө таслаагүй. Сахилга баттай ажилласан хүн сард 9000 төгрөгийн нэмэгдэл авдаг байсан.

Баасанхүү -

Нэмэгдэл

Будхүү -

Зөвхөн нэмэгдэл. Тийм тийм хэлбэрээр үйлдвэрийн газруудыг барьж явлаа даа. Ардчиллын үед бол Гонконгод лонданпа куртка экстортолж байсан. Лондонпа их нэртэй фермийн одоо ч гэсэн 1998,99 он хүртэл экспортолж байсан. Анхны экспортын хувцасыг оёдлын нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэр оёж байсан. За Амгалангийн үйлдвэр малгай экспортолж байсан. ОХУ, Тувад экспортолж байсан. Ардчиллын үед тиймэрхүү амжилттай явсан юм. Ардчиллын үед үйлдвэр хувьчлагдаад олон жижиг болоод үйлдвэрт байсан хүмүүс ийш тийшээ жижиг жижиг үйлдвэр аваад тухайн үед бодлогын чанартай ч байсан. Зарим нь амжилтанд хүрсэн зарим нь алдаатай ч бий. Оёдлын үйлдвэрийн нэгдэл ч хувьчлагаад хүүхдийн хувцасны үйлдвэр ч хувьчлагаад Бишрэлт зочид буудлын эзэн Ариунболд гэдэг хүн хүүхдийн хувцасны үйлдвэрийг аваад үйлдвэрийн зориултаар нь хоёрхон жил ажиллуулаад тэгээд ерөөсөө худалдааны байгууллага болгоод одоо бол байрын түрээслээд байгаа юм шиг байна. Бишрэлтийн Ариунболд аваад тэр сайхан том хүүхдийн хувцасны үйлдвэрийг хоёрхон жилийн дотор тараагаад 1998 он гэхэд хүүхдийн хувцасны үйлдвэр ерөөсөө байхгүй. Түүнээс гарсан хоёр гуравхан жижиг жижиг үйлдвэр байгаа. Тэнд ажиллаж байсан олон зуун өрх толгойлсон ээжүүд, аавууд бүгд ажилгүй болоод ийш тийшээ хаалгын хаагаад худалдааны төв болгосон. Тэгэхээр ардчиллын үед нэгийг буулгаж нөгөөг байгуулна гэдэг бол маш харамсалтай. Тэр авсан эзний алдаа тиймээ?

Баасанхүү -

Түрүүн гадаадаас захиалга аваад бүтээгдэхүүнээ экспортонд гаргаад гэж байна шүү дээ. Тэгэхээр надад найдвар гэмээр юм төрж байна л даа. Хэрвээ тэр үед аж үйлдвэрээ хувьчлахгүй улсынхаа мэдэлд ажиллуулаад байх боломж байсан уу? 1-рт хэрвээ тэгсэн бол Монголын аж үйлдвэр ингэж уналтанд орохгүй байх боломж байсан болов уу?

Будхүү -

Байлгүй яахав. Тухайн үед ажиллаж байсан тэр том үйлдвэрийг объектоор нь бишээ гэж бодоход тухайн үед ажиллаж байсан инженер техникийн ажилчид нь жижиг жижиг үйлдвэр болгуулаад тэгэх юм бол тэр жижиг жижиг үйлдвэрүүдээс олон янзын тэртээ тэргүй 1998-2008 он хүртэл 10 жилийн гэрээ хийгээд тэр үйлдвэрийн сайхан байрыг нэг хүний мэдэлд өмч хувьчлалын үйл ажиллагаа явуулж тэр олон үйлдвэрүүдээ хувьчилж байна гэж байрыг нь ганц хүний эрх мэдэлд өгөөд сүйрүүлж байснаас ажиллаж байсан ажилчдад зал залаар нь өгсөн байх юм бол өнөөдөр монгол улсын аж үйлдвэржилт унахгүй. Ямар үйлдвэр өнөөдөр үйлдвэржилт байхгүй ш дээ. Жижиг дунд үйлдвэр байна уу гэхээс том үйлдвэрүүд ерөөсөө байхгүй болчихсон. Тэгэхээр тэр үйлдвэрүүдийг тэр хүмүүс яагаад авч явахгүй унагааваа гэвэл тэр үйлдвэржилтийн байрыг өмч хувьчлалаар хэсэг хүмүүсийн гарт оруулаад өгчихсөн учраас үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс түрээсийн байрандаа шаталт өгсөөр байгаад хэрвээ улсаас бид нарт байрын чөлөөтэй энэ зал та нарынх тэр зал та нарынх гээд та нар энэ хүмүүсийг цалинжуулаад үйлдвэрээ хөгжүүл гээд өгсөн бол өнөөдөр хөгжчихсөн. Тэгээгүй учраас жижиг дунд үйлдвэрүүд түрээсийн мөнгөнд татварын мөнгөнд уналтанд орчихсон. Маш их хэмжээний татвар авч байна ш дээ. Одоо л 2008 онд татвараас хагас чөлөөлөгдөж байгаа болохоос өмнө нь олон зуун ажилчдыг ажиллуулж байгаа хүн хэдийгээр олныг ажиллуулах тусмаа тэр байгууллага нийгмийн даатгалын татварын өрөнд орж явлаа ш дээ. Тэр чинь байгууллагаас 19% нь 29% нь гараад хувь хүнээс 10% нь гараад 39%-ийн татвар төлөөд дээрээс нь түрээсийн байранд тэгээд тэр хүмүүсийг цалинжуулаад тэгээд нийгмийн энэ завхарлын үед хүмүүс унааны мөнгө авна хоолны мөнгө авна өшөө дээрээс нь өвдөөд өвдсөний актны мөнгө авна үргүй зардал аягүй ихтэй. Тийм учраас тэр байдлаас шантраад хичнээн мундаг хүмүүс үйлдвэржилийг бэхжүүлж авч явж чадахгүй байна. 10 жил олон улсын оёдлын конвенцийн гэрээ орж ирээд 2008 онд дуусаж байгаа ш дээ.

Баасанхүү -

Тийм үү?

Будхүү -

1998 оноос жижиг буурай орнуудыг хөгжүүлэх оёдлын конвенцийн гэрээ орж ирээд 2008 онд дуусаж байгаа юм. Монгол улс олон улсын худалдааны байгууллагад элсчихсэн байсан ш дээ. Одоо 2008 онд Хятад улс олон улсын худалдааны байгууллагад элсээд экспорт импортоо өөрөөсөө гаргадаг чөлөөтөй болонгуут хятадууд чинь өөрийнхөө эх оронд очиж үйлдвэр явуулах гээд яваад өгсөн. Монголд одоо Хятадаас орж ирэх хоёр гуравхан л суваг бий. Хоёр гуравхан байгууллага. Налайхын “Бүтээлч үйлс” гээд монгол эзэнтэй тэр хятадын Шиньжаны захиалга оруулж ирдэг. Дээрээ хятад эзэнтэй тэр л энэ 2009 он хүртэл захиагатай. Өшөө нэг үйлдвэр нь үйлдвэр комбинатад байдаг. Солонгосын хөрөнгө оруулалттай үйлдвэр. Энэ хоёр л байна. Өшөө монголд гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байхгүй. Бүгд гараад явсан. Жижиг жижиг ажлын хувцасны захиалга оёно. Монголд яг ардчиллын үед социализмын үед ч ажиллаж байгаа нь цэргийн хувцасны үйлдвэр. Цэргийн хувцасны үйлдвэр байгаа ш дээ. Цэргийн хувцасны үйлдвэр нэртэйгээр. Тэр бол социализмын үед ч байсан. Ардчиллын үед ч байсан. Яагаад гэвэл БХЯ-ны харъяа улсын хангамжинд байдаг учраас тийм л үйлдвэржилтийн ялгаатай байлаа.

Баасанхүү -

Та Унгар явсан талаараа яриач?

Будхүү -

Тухайн үед Унгар улсад мэргэжил дээшлүүлж ажилчин явахад чинь хувиараа их өргөдөл өгдөг байлаа. Тэр өргөдөлийг хүлээн авдаг тухайн байгууллагын зарчим бол за энэ байгууллагад он удаан жил ажилласан. Үр бүтээлтэй. Гадаадад очоод сахилга баттай сайн ажиллаад юм сурч ирээд эргээд байгууллагадаа ажиллах тийм л насны хүмүүсийг явуулдаг байсан. Би тухайн үед Унгар улс руу явахад хамгийн хөгшин тоонд л орж явсан. 34, 35 настай л явсан. 30-аас доош насны хүмүүсийг явуулдаг байсан. 25-30 насны хүмүүс явуулдаг байсан. Яагаад гэвэл эргээд эх орондоо юм хийнэ. Тэгээд би 35 настай. 32, 33 настай ганц нэг хүн групп дотроо хоёр гурван тийм хүн явдаг байсан юм. Намын хэсгийн ахлаад явж байсан юм. Тухайн байгууллагад би олон жил үр бүтээлтэй ажилласан. Ирээд улс нийгэмдээ ажиллана гэсэн үндсэн дээр тасгуудад танай тасгаас нэг хүн Унгар улсад явна гээд хуваарь өгдөг. Тэгэнгүүт тасгийн хамт олон хуралдаад манай тасгаас тэрнийгээ гадаадад явуулж мэргэжил дээшлүүлье гээд хамт олны хурлаар ороод тэгээд цаашаа яваад цехэд очоод цехийнхээ хурлаар ороод цаашаа яваад үйлдвэр очоод үйлдвэрийн захиргааны ажилчдын хурлаар ороод тэгээд анкет нь оёдлын үйлдвэрийн нэгдэлд очоод хариун ирдэг байсан юм. Би явъя би явъя гээд явчихаж болохгүй. 800 ажилчнаас 25 хүн нэг групп болоод явна. Тэрнээс хойш манай үйлдвэрээс нийтдээ Унгар луу 100-аад Чех лүү 100-аад хүн явсан. 200 гаруй ажилчин 2000 хүнтэй үйлдвэрээс явна гэдэг чинь од болж л явна ш дээ. Одоогийн од чинь тухайн үеийн хөдөлмөрийн аваргууд л байлаа ш дээ. Одоо хүмүүс жаахан юм болонгуут од од гээд дээр үед чинь урлаг соёлын одууд байлаа. Хөдөлмөрийн хүмүүс аварга гэдгээр явдаг байлаа. Одоо ямарч барилгын газар үйлдвэрийн газар ажиллаад аварга гэдэг нэр өгөхөө больчихсон байна ш дээ. Од мод энээ тэрээ гээд урлагийн хүн чинь л од болно ш дээ. Тэгж шалгаруулдаг байсан. Тэгээд Унгар улсад оччихоод нэг жил ажиллаад хөдөлмөрийн гэрээ хийгээд тэр улсын харъяа тэр байгууллагад очоод гэрээний дагуу төчнөөн төгрөгний цалин авна өөрийн авъяас билгийн асуудал тогтмол цалин байхгүй. Тэгээд ажиллах хоорондоо 7 хоногт нэг удаа Унгар багш хичээл заана. Мэргэжил дээшлүүлж оёдлын талаар монголд байж байгаад Унгарт очиход хүнд 1-рт Унгар хөрөнгөтэй орон 2-рт машин техник тоног төхөөрөмж хөгжсөн орон янз бүрийн техник тоног төхөөрөмж дээр яаж ажиллах вэ? Яаж шинэ туслах материал ажиллуулах вэ? Энэ тэр гээд 7 хоногт нэг удаа хичээл заана. Өглөө ээлжинд явбал орой заана. Орой ээлжинд явбал өглөө заана. Тэгээд нормын ажлаа хийгээд хийсэн ажлынхаа цалин авна. Хэн хийж чадсан хүн авна бага хийвэл бага л мөнгө авна. Бага их өглөө гэж хэлэх эрх байхгүй.

Баасанхүү -

Амьдрах байрны хувьд ямар байсан?

Будхүү -

Бид нар 25 хүн нэг групп болоод очсон. Тухайн бид нарыг хүлээж авсан байгууллага нь буудлынхан хөлсийг цалин дээрээс нь шингээж авдаг юм байлгүй дээ. Байгууллага 60% хувь хүн 40% гэсэн гэрээтэй. Тэгээд нэг өрөөнд 4-үүлээ. Бүгд нийтийн халуун устай гал зуухтай жорлон ваннтай тийм байсан. Тэгээд ажилдаа яваад бид нараас цалин буулаа мөнгөө өгөөрөй гэхгүй цалин дээрээс авна. Байгууллага өгөх юмаа өгөөд тэр буудалд байгууллагаа төлөөлөөд байж байна. Гар дээр авсан мөнгөөс хэдийн байранд өгсөн хэдийн гар дээр авсан ерөөсөө мэдэхгүй. Дугтуйнд хийгээд нэрийн бичээд гар гарт нь өгчихдөг. Өөр өөрт нь тараагаад өгчихдөг. Түүнээс биш тэр 800 фарент авчээ. 1000 фарент авчаа тэр 10000 гэдгийн мэдэх арга байхгүй. Нэг нэгнийгээ мэдэх учир байхгүй нууц . Цалингийн хөлсний хүснэгт дээр гарын үсэг зураад болоо. Би хамгийн их фарент авч байсан даа. 16000 фарент хамгийн доод тал нь 7000 фарент авдаг байсан. Хийснээрээ авдаг.

Баасанхүү -

Та ёстой мундаг авдаг байсан байна ш дээ. Бараг 2 дахин илүү

Будхүү -

Тийм хамгийн дээд тал нь тэрнээс дээш авахгүй. Хамгийн доод тал нь 7000 байсан. 1талх 45 фарент байсан. 1 цаастай сүү 35 фарент байсан. Тэгж хэрэглэгдэж байсан

Баасанхүү -

Цалин авах юм хоёртоо тохируулаад

Будхүү -

Яахав Монгол хүн тэнд очихоороо тэдний мөнгөний ханшаар үйлчлүүлж байгаа юм чинь эх орондоо байгаа юм шиг хэрэглэвэл юу ч болохгүй. Тэр байгаа мөнгөө өөрсдөө тааруулаад захиран зарцуулж хямнаж байж л мөнгөтөй болж ирнэ шүү дээ.

Баасанхүү -

Та Унгар явж байгаа нь анх удаа байсан уу?

Будхүү -

Анх удаа.

Баасанхүү -

Сэтгэгдэл ямар байсан? Унгар орон танд ямар санагдсан?

Будхүү -

Тухайн үед бид нар эх орноосоо гарч үзээгүй. Ийшээ яваад Орос ороход Орос ямар гоё юм бэ гээд. Москвагаас цаашаа яваад Будапешид очсон. Ямар гоё юм бэ гээд л тэгээд цаашаа яваад Унгар улсад очиход үзээгүй юмаа л үзсэн. Барууны орон ардчилал мардчилал хөгжчихсөн. Чөлөөт нийгэмд орчихсон. Одоогийн манай үе шиг худалдаа мудалдаа нь чөлөөтэй бүх худалдаа нь гудмандаа өрөөд тавчихсан үзээгүй хүмүүс чинь хачин их юм гайхаж хүмүүсийн ажилсаг хөдөлмөрч зангаас нь суралцаж л байсан даа. Нэг хэсэг хүмүүс нь аягүй их ажилсаг, нэг хэсэг хүмүүс нь биеэ амраасан жаргаасан. Амралтын өдрөөр зугаалсан амарсан. Бид нар чинь тэр үед хааяа нэг хамт олноороо Хандгайт явдаг байсан болохоос биш гэр бүлээрээ машинд суугаад голын эргээр зугаалж яваагүй шүү дээ. Гадаад орон тэр талаараа маш их хөгжчихсөн байсан. Түүнийг очиж үзэж байсан. Хүн яахав гадаад дотоод яваад нүд тайлах тусам ажилч аривч хямгач болдог юм шиг байгаа юм. Хүний нутагт очоод ээж ааваасаа хол ах дүү нараасаа хол хүн өвдөх үе гарна шүү дээ. Өвдөөд ажилгүй байх юм бол авсан цалингаа яаж хүргэх үү? яаж амьдрах уу? гээд тухайн хүн нийгэмд ажиллаж амьдарч сурдаг юм билээ. Бага залуу хүүхдүүд гэрээ санаад уйлдаг л байсан. Өвдөж зовоод уйлж унжиж байсан. Ер нь хаана ч явсан хүний өөрийн эх орон шиг сайхан зүйл байхгүй. Хүний нутаг бол хүний нутаг шүү дээ. Гадаад оронд бид нар очоод хөдөлмөрийн гэрээгээр очсон хэрнээ өвдөхөд улсын эмнэлэгт үйлдвэрийн шугамаар үзүүлэхэд үнэгүй байдаг байсан. Эм мэм авч уухад аймаар үнэтэй. Гадаадын иргэн тэгээд гэнэт өвдөөд яаралтай хувийн эмнэлэгт үзүүлэх болбол өртөг нь өндөр. Хувийн эмнэлэг хөгжсөн байсан. Тийм л байна даа.

Баасанхүү -

Хоорондоо амь байх уу?

Будхүү -

Тухайн хүн нэг нэгнээсээ мөнгө зээлдэнэ гэсэн асуудал гадаад оронд байхгүй. Яагаад гэвэл ар тал ар гэрлүүгээ мөнгө төгрөг явуулна. Хувцас хунар авна. Өөрийнхөө юмыг зохицуулна уу гэхээс тэр надад өгнө энэ надад өгнө гэсэн ойлголт байхгүй. Өөрөө өөрсдийнхөө мөнгийг захиран зарцуулна. Шүд 1000 фарентаар авахуулна. 7000 фарент авсан хүн 1000-р нь шүдээ авахуулчихаар юу болох вэ? Өвдвөл яана тэгвэл яана гээд мөнгө төгрөгөө хураана ш дээ. Тэгж байж л ирнэ. Гэнэт өвдөөд дуудлага дуудах юм бол өндөр нэг удаагийн дуудлага 500 фарент ш дээ. Чанга байгаа биз 500 фарентаар ямар нэг гэдэс мэдэс өвдөөд огиж барих юм бол дуудна ш дээ. Ирсэн хүн нь 500 фарентаар дуудагдаад ирсэн юм чинь тэр хүнийг намдааж байж л явна. Хувьчилсан хувийн эмнэлгүүд хүнийг тэгж сайн үзэж анхаардаг. Манай монгол улсын хувийн эмнэлгүүд шиг мөнгийн хурааж аваад баахан эм бичээд явуулчих биш. Нэгэнт мөнгөө авсан бол тэр хүнийг эрүүлжүүлнэ. Унгарт бол хувийн эмнэлэг давамгай сайн хөгжсөн. Захууд дээр монголчууд гарч наймаа маймаа хийнэ. Ажлын бус цагаар айлын хашаанд очиж жимс мимсний модын мөчрийн тэгшилж хайчилж ажил хийнэ.

Баасанхүү -

Та юу?

Будхүү -

Тийм. Монголчууд чөлөөт цагаар зах дээр очиж хүний юм хийж өгч цалинжина. Зарим нь айл амьтны нохой шувуу усанд оруулна. Гэрийн үйлчлэгч хийнэ. Давхар ажил хийнэ шүү дээ. Тэгэхгүй бол ерөөсөө нэг ажил юм болохгүй. Тэгэхийн тулд хэл сурна. Өглөө 6 цагт ажилд гараад 2 цагт тарна. Өглөөний ээлж оройн ээлж 2 цагаас ороод 10 цагт тарна. Өглөө ээлжинд гарсан хүн 2 цагт буучихаад байрандаа очиж хувцасаа сольчихоод зах дээр юм зардаг ч юмуу. Айлын хашаа ногооны жимс түүдэг ч юмуу. Тахиа шувуугийн тэжээдэг ч юмуу. Ажил хийнэ ш дээ. Цагийн ажил хийнэ. Өөрийгөө дайчлаад завсаргүй юм хийнэ. Зүгээр 6 цагийн ажил хийчихээд 2 цагт тарж ирчихээд амраад унтаад байх хүн байхгүй шүү дээ. Мөнгөний төлөө яваа болохоор зогсоо зайгүй хөдөлмөрлөнө. Хөдөлмөрлөхгүй байя гээд ч бодоод ч хөдөлмөрлөхгүй байж болохгүй. Хүнд мөнгө шаардлагатай.

Баасанхүү -

Та ямар ажил хийж байсан бэ?

Будхүү -

Би өглөө 6 цагаас яваад 2 цагт буучихаад шууд трамбайд суугаад хувийн үйлдвэр дээрээ очоод ажиллана. Орой хувийн үйлдвэр дээрээсээ 10 цаг гэж бууж ирчихээд тэгээд 11,12 гээд ус цасанд ороод унтаад өглөө 6 цагт улсынхаа ажилд яваад үдээш хойш нь хувийн үйлдвэрт аа орой манай үйлдвэр ажиллах юм бол би өглөө хувийн үйлдвэрт ажиллаад ингээд зэрэг 2 үйлдвэрт ажиллаж байсан. Би хувийн үйлдвэрт болохоор зэрэг индүүчин хийж байсан. Индүүгээ хийгээд одоо энэ шүр сувд одоо л манай Монголд 2 гурван жилийн өмнөөс гоё юм орж ирж байна. Хойно бол ороод ирчихсэн хувийн үйлдвэрт хатгамал матгалмал индүү хийдэг байсан. Хоёр ажил хийгээд байсан. Нэг хүн хоёр хүний ажил хийгээд байсан боловч Унгар хүний нэг хүний цалингаас ч доогуур авдаг байсан. Гадаадын хүмүүс яагаад авдаг бэ гэхээр зэрэг тухайн өөрийхөө иргэнээс доогуур цалинжуулдаг учраас би 16000 франтын цалин авлаа гэхэд Унгар улсын өөрийнхөн оёдолчин хамгийн доод талын оёдолчин 20000 франтын цалин авдаг байсан. Ялгаатай байгаа биз. Хямд төсөр боловсон хүчин авахын тулд бид нарыг авч ажиллуулж байсан. Тухайн үед бид нар юм үзсэн. Дадлагажсан болж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

Яахав дээ тиймээ өөр арга байгаагүй юм чинь

Будхүү -

Өөр арга байгаагүй. Хөдөлмөрийн доод түвшинтэй ч тэнцэхгүй. Тэгж л ажиллаж байсан. Анх очихдоо Унгар улсын хүмүүс хэдэн Франт авдаг гэдгийн ч мэдэхгүй. Цуг нийлээд нэг тасагт суусан ч гэсэн гарын үсгээ зурдаггүй Цалин авахдаа гарын үсгийн нэг нэг цаасан дээр зуруулчихдаг учраас хэн хэдийг авсныг мэдэхгүй. Бид нараас муу оёсон ч гэсэн бид нараас дээгүүр цалин авдаг. Тэр улсын иргэн учраас бид гадаадын харъяат иргэн учраас доогуур трифтай.

Баасанхүү -

Унгар хүмүүсийн ерөнхий харьцаа. Одоо жишээ нь та нартай харилцах харьцаа, үндэсний онцлог гээд байдаг ш дээ тэр нь ямар байсан бэ?

Будхүү -

Унгар хүмүүсийн үндэсний онцлог гэх юм бол аягүй зусарч бялдууч зантай. Аягүй хүнд тусархаг зантай аягүй их ялархуу хүмүүс байдаг. Бид нар шиг биш Зун 45 хэмийн халуунтай бол ажилд ирэхгүй. Унгар улсын ажилчид өөрсдөө ажиллахгүй. Гадаадаас ирсэн Монголчууд ажиллана. Ветнамчууд ажиллана. Гадаадаас ирсэн гэрээ хийсэн ажилчид ажиллана. Бид нар 45 хэмийн халуунд толгой дээрээ нойтон алчуур тавчихаад алхаад ирнэ. Нэг ч Унгар улсын иргэн тэр нар ээсэн 7 хоног ажиллахгүй. Өөрсдөө бол тэгээд Монголчууд ажиллана. Их ялархуу өвдөхөөрөө бөөн сүр болно. Харин хүнд тусархаг эх орноосоо хол яваа өлсөж байгаа болов уу? Ядарч байгаа болов уу? Гэсэн бодлоор хүнд туслахдаа Унгарчууд их сүрхий. Би жимсээ хураалаа гээд Монголчуудад авч ирж тараагаад бид нар идэж үзээгүй. Тэр чавга мавга гэдэг юмыг Унгар улсад очиж идэж үзэж байлаа. Бид нарын идсэн юм яблоко мандирин лийр гурваас өшөө юмгүй гадаадад очиж байсан ш дээ. Бид нарын үед яблоко байлаа. Мандирин байлаа. Лийр байлаа. За тэгээд помидор байлаа. Өөр юм мэдэхгүй байлаа ш дээ. Орос дэлгүүрээс хааяа орос үзэм авна. Тэнд янзан бүрийн жимс чавга мавга янзан бүрийн жимс идэж сурлаа. Ванана мананыг тэнд л очиж барьж үзлээ ш дээ. Ванана иднэ гэдгийг тэнд л очиж үзсэн. Тэгэхээр бас их нээсэн байгаа биз. Унгар улсын нийтийн байранд биш бол хувийн хашаатай айл болгон жимстэй. Гудмаараа жимс нь бөндийгөөд байж байдаг. Тэрийг хариуцсан хүн намар унах болоход нь хариуцсан хүмүүс түүж аваад тэр модыг чинь арчилна. Бид нар гудамжинд явж байгаад жимс аваад идэхэд битгий авч идээрэй. Тусгай хариуцсан хүн түүнийг тариад тухайн байгууллагад бас тушаагддаг байгаа юм. Унгарын иргэд гудманд явж байхдаа тэр жимснээс авч идэхгүй. Гудамжинд худалдаж байгаа жимсний үнэ маш хямдхан. Гудамжны жимс зулгааж идээд байхаар тийм үнэтэй биш маш хямдхан. Тийм байлаа. Түүнийг авч идүүлэхгүйн тулд жимсний үнэ тийм доогуур байдаг юм болов уу гэж бид нар боддог байсан.

Баасанхүү -

Магадгүй тэгээд ч хүмүүс хашаандаа жимс тарьдаг байсан бол

Будхүү -

Гудамжинд чөлөөтэй эзэнгүй. 1-рт хүмүүсийн нүдийг нь хануулж байна. 2-рт хүмүүсээ хулгай хийхгүй хүмүүжлээр хүмүүжүүлж байна. Гудамж талбайдаа жимс нь чөлөөтэй.

Баасанхүү -

Та Унгарт сурсан зүйлээ Монголд яаж хэрэгжүүлэв.

Будхүү -

Унгар улсад 1 жил яваад ирэхэд тасгаас нэг л хүн явна шүү дээ. Би 17-р тасгаас явлаа гэхэд 25 хүн 25 нь тасгаас явсан байгаа ш дээ. За тэгээд тасаг тасгаас явсан хүмүүс ирээд янз бүрийн аппарат нь дээр гадаадаас яваад дадлага хийгээд ирсэн хүмүүс нь эхлээд хийгээд дараа дараагийн хүмүүс нь хийгээд явчихдаг. Учиргүй нэг багшлаад яваад байхгүй. Тасагт нэг имжээртэй зүү орлоо гэхэд бид нар гадаад яваад ирсэн нэг нэг хүн тэр тасагт байгаа юм чинь бид нар оёоод дамжлагыг цааш нь ачуулаад дараагийнх нь ингээд хийдэг юм байна гээд дараа жил нь дахиад хүн сурч ирээд тэгдэг байсан юм.

Баасанхүү -

Машин техник хэр байсан бэ? Унгарт ашиглаж байсан машин техникийг Монголд ашиглаж чадаж байсан уу? Аль эсвэл хоцрогдсон байсан уу?

Будхүү -

Унгарт ашиглаж байсан машин техник Монголд арай хожуу ирдэг юм. Жаахан хоцрогдсон. Бид нар 1992 онд Унгар яваад 1993 онд ирэхэд аппарат маппарат 0,5-ын ул мул 1996 онд л Монголд орж ирж байсан. Тэгэхээр хожуу байгаа биз дээ. Тэнд хэрэглэгдсэн юмнууд нь хожуу ирдэг юм.

Баасанхүү -

Сурсан юмаа заах гэхээр техник нь гологдож байсан тийм тал байгаа юу?

Будхүү -

Үгүй 0,5 0,6 ул суулгах техник талын юм бид нар мэдэхгүй ш дээ. Унгар мэргэжилтэн байдаг байсан. Тэр хүмүүс нь суулгаж өгөөд бид нар түүн дээр нь суугаад ажиллаад сурчихсан байдаг байсан.

Баасанхүү -

Үйлдвэр хувьчлах тал дээр ямар байсан. Тэр талаар

Будхүү -

1998 онд үйлдвэр хувьчлагдаад үйлдвэрээс гарах нэг нь гараад Бишрэлт худалдааны төвийн захирал Ариунболд гэдэг хүн аваад хувьчлана барина гээд бид нарт хувьчлалын цаас өгөөд хувьцаагаа мөнгө болгож авах нь аваад хөрөнгийн бирж дээр хөрөнгөө суурилуулах нь суурилуулаад би тэгэхэд 1998 онд гэхэд үйлдвэрээсээ гараад гэрээрээ нэг жил хувиараа юм хийж үзсэн. Гэртээ ажиллуулж үзсэн тэгээд ганцаараа ажиллахаар зэрэг олон жил хамт олонтой байсан хүн чинь хумигдмал болдог юм билээ. Тэгээд 1999 онд энэ “Зэс эрдэнэ” гээд хувийн үйлдвэр байгууллагдахад мастераар ороод тасралтгүй ажилласан. Хүн ер гэрээрээ хувиараа юм хийх сайхан байдаг гэвч хумигдмал авъяасаа дэлгэхгүй тийм болдог байхгүй юу.

Баасанхүү -

Хүнтэй харьцаж чадахгүй

Будхүү -

Тийм олон хүнтэй харьцаж олон хүнтэй нээлттэй. Өөрөө өөрийгөө нээж стрессээ тайлж баяр баясгалантай

Баасанхүү -

Та хувьцааныхаа цаасыг яасан бэ?

Будхүү -

Мөнгө болгосон. 1996 онд бирж дээр очоод тухайн өдрийн хамгийн өндөр ханшаар үйлдвэрээс өгсөн тэр хувьцааг мөнгө болгож байсан. Тэр мөнгөөр оёдлын машин авч байсан. Дурсаж бодож явдаг юм. Олон жил ажилласан гавъяа шагнал авч байсан. Хамт олонтойгоо ажиллаж байсан үйлдвэрийн байр Бишрэлт худалдааны төв болсон ч гэсэн байр нь хэвээрээ байгаа юм чинь харахад сэтгэлд их сайхан байдаг юм. \инээв\ хүмүүс саарал байшин минь гээд ярьдаг юм. Тухайн худалдаж авсан хүн үйлдвэрийн журмаар ашиглаагүй. Өөрөө өөртөө ашигтайгаар ажиллуулж байгаа үйлчилгээний газар бид нарын хувьд бол олон эмэгтэйчүүдийн оёдлын машин дээрээ ажиллаж байсан болохоор мартдаггүй байхгүй юу. Олон жилийн хойно ч гэсэн саарал байшин минь гээд ярьдаг байхгүй юу. Сая 2008 оны 10 сард хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн уулзалт боллоо ш дээ. Тэнд чинь үндсэндээ 1500 гаруй хүн ирлээ ш дээ.

Баасанхүү -

Пөөх их ирсэн байна тиймээ?

Будхүү -

Их ирсэн. Үе үеийн хүмүүс сайхан байсан. Бие биеэ хараагүй удсан. Зарим нь бүр хөгшин болсон байна. Зарим нь гайгуу залуу байна. Миний үеийн улс өвөө эмээ болчихсон сайхан байна лээ. Хэдэн жилийн дараа нэг нэгнийгээ хараад дурсаад уулзаж байгаа биз дээ. Гавъяатай энэ үйлдвэрээр бид хооллож хувцаслаж амьдралаа олж авсан гээд ярьж байсан. Би оёдолчин мэргэжил эзэмшээд өдийд зах зээлийн үед ингэж явна гэж боддоггүй юм. Оёдлын үйлдвэрээс үлдсэн олон сайхан дурсамжтай, гадаад дотоодод яваад үзчихсэн, 4, 5 таван машин тоног төхөөрөмжтөй, хөрөнгө мөнгө хураагаагүй ч гэсэн энэ бол миний сонирхсон мэргэжил учраас

Баасанхүү -

Үйлдвэр хувьчлагдах дам сураг дуулдаж бариад

Будхүү -

Дам сураг биш үйлдвэр хувьчлагдах гэж байгаа гээд тасаг тасгаар нь хуралдаад хэлээд тэгээд цомхотгоод жижигхэн болно гээд гарах нь саналаараа гараад. Хэд хэдэн машин худалдаж авах нь аваад тусдаа гараад зарим нь тухайн үед яанаа гэж л байсан. Нэг их хямраад хачин болоогүй. Зохион байгуулалттай хийж чадсан байгаа биз дээ. Чи ажиллах уу яах уу гэхэд би ажиллахгүй гээд л бичиг баримтаа аваад хувиараа машин техник аваад гараад тэгээд нэг жил ажиллаж үзээд болохгүй юм байна гээд дахиад нэг үйлдвэрт ороод

Баасанхүү -

Та түрүүн хэлсэн ш дээ. Унгар явах гээд хурлаар ороод шат дамжлагатай хурлаар орсон гэсэн. Нийгэм солигдсоноос хойш харьцангуй удаан байсан байна. 8 жилийн дараа хувьчлагдсан гэхээр социализмын үеийн тэр хамт олны уур амьсгал гэх юмуу тэр хуралдаж байгаа хэмнэл нь хэр удаан өөрчлөгдсөн бэ?

Будхүү -

Социализмын үеийн тэр 1970,80 оны хатуу чанга байдал бага багаар алдагдаж 1998 онд жаахан цочирдож уурласан хүмүүс байж л байсан. Яг социализмын үеийнх шиг тийм сайхан нам тайван биш. 1998 онд хурал хуралдаж байхад уурласан бухимдсан хүмүүс байсан. Ардчилал хөгжөөд 8, 9 жил болчихсон учраас хувирсан байсан. За ийм л байна.

Баасанхүү -

Сүүлийн 2 асуулт асууя хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоод тэр амьдралд нь гүн гүнзгий нөлөөлөөд амьдралд бас шийдвэрлэх ач холбогдолтой ч гэх юмуу тийм юм тохиолдож болно шүү дээ. Танд тийм зүйл тохиолдож байсан уу?

Будхүү -

Хүн бол амьдралдаа янз бүрийн өөрчлөлт хийгээд ажил хөдөлмөрөө өөрчлөх ч юмуу янз бүрийн чочмог алхам хийдэг юм билээ. Анхныхаа суусан нөхөртэйгөө 2 хүүхэдтэй. Анхнаасаа ярилцаад 2 хүүхэд гаргасан. Амьдралаа өөрчлөнө барина гээгүй. Анх хороололд амьдарсан тэр хороололдоо одоо хүртэл амьдраад амьдралынхаа хэв маягийг өөрчлөөгүй. Нэг л хэвийн нэг бодлын сайхан батжаад бэхжээд хэвийн сайхан. Би нэг л юмыг социализмаас өвлөж авсан хүн чанар хүнлэг ёс хоёрыг социализмаас өвлөөд авчихсан. Энэ ардчиллын үед худлаа хэлж хулгай хийж үзээгүй. Тэр бол бидний ясны хүмүүжил байсан. Тэр хэвшлээ тавиагүй одоог хүрсэн.

Баасанхүү -

Түүгээрээ их бахархдаг уу?

Будхүү -

Миний тэр чанарыг хүмүүс их үнэлдэг.

Баасанхүү -

Таны амьдралд бусдаас онцгой зүйл байгаа юу?

Будхүү -

Байлгүй яахав. Миний нөхөр хэзээ ч архи уудаггүй. Хүмүүстэй адилхан нөхөртөйгөө хэрэлдэнэ зодолдоно гэсэн асуудал байхгүй. Тийм учраас маш тайван архигүй орчин урьд өмнө миний эцэг ч архи дарс ууж байгаагүй. Суусан хань маань ч архи уудаггүй. Архи уудаг амьдралыг мэдрэхгүйгээр 2 үеийн амьдрал үзэж байна. Энэ бол миний амьдралын хамгийн том онцлог.

Баасанхүү -

За баярлалаа

Будхүү -

За баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.