Tsermaa
Basic information
Interviewee ID: 990085
Name: Tsermaa
Parent's name: Bat
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1927
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenedalai sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
herding / livestock
urban issues
new technologies
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Сайн байна уу?
Цэрмаа -
Сайн сайн байна уу?
Баасанхүү -
Таныг зав зай гаргаж бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Хоёр зүйлийг танаас асуух гээд байна. 1-рт бид таны ярилцлагыг нэртэй чинь зурагтай чинь вэб сайтанд байрлуулж болох уу? Та үүнийг зөвшөөрч байна уу?
Цэрмаа -
За яахав зөвшөөрч болж л байна.
Баасанхүү -
Таны өгсөн ярилцлага Кембрижийн их сургуулийн оюуны бааз болох байгаа. Оюуны өмчид хамаарах болчихно гэсэн үг. Тэгэхээр хүмүүс вэб сайтанд байрлуулсны дараагаар эрдэм шинжилгээ судалгаанд ашиглана. Номондоо авч хэсэгчлэн хэвлэх байдаг юмуу орчуулах энэ болгонд танаас зөвшөөрөл авахгүйгээр танд ямар нэг төлбөр төлөхгүйгээр таны ярилцлагыг нийтийн хүртээл болгохыг та зөвшөөр ч байна уу?
Цэрмаа -
Зөвшөөрч байна
Баасанхүү -
За баярлалаа. Та өөрийнхөө тухай хаана төрсөн. Эхнээс нь эхлээд амьдралаа сайхан дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Цэрмаа -
Би Дундговь аймгийн Цогт -Чандмань сум гэж байсан. Цогт-Чандмань суманд төрсөн юм байгаа юм. Бодьцэцэг гэдэг газар төрсөн Бодьцэцэг гэж усны нэр. За тэгээд Дундговь аймгийн Цогт-Чандмань сум намайг 17- той байхад байхаа татан буугдсан. Эрдэнэдалай суманд наашаагаа орсон. Нэг аймгийн хоёр сум хамгийн баруун талын захын сум байсан байхгүй юу. Тэгээд энэ наашаагаа Эрдэнэдалай суманд орсон юм. Одоо би Дундговь аймгийн Эрдэнэдалай л гэж явдаг. Миний ах дүү нар байдаг. Ээж аав маань тэр сумандаа байж байгаад өөд болсон. Одоо миний ах дүү нараас манай ахын хэдэн хүүхдүүд байна. 10 хүүхэдтэй айлын хагас нь тэнд байж байдаг.
Баасанхүү -
Та хэдэн онд төрсөн бэ?
Цэрмаа -
Би 1927 онд төрсөн. Тэгээд би сумын бага сургуульд байсан л даа. Манай дүү бид хоёр дэрсхэн тийм хоёр охин байсан байхгүй юу. Тэгэхэд нэг айлаас хоёр ч байсан хамаагүй суулгадаг байсан юм. Тэгээд хоёулаа сумын сургуульд байж байсан чинь юу яагаад манай дүү сургуульдаа суугаад манай ээж аав мал аж ахуйгаа дийлэхгүй. Малаа надаар туслуулах гээд ах цэрэгт явчихсан. Ийм байсан байхгүй юу тэгээд мал дээр байх хүн байхгүй учраас намайг 4-р ангиас сургуулиас гаргаж аваад тэгээд би 18 нас хүртлээ мал малласан.
Баасанхүү -
Дургүй байсан уу? Дуртай байсан уу?
Цэрмаа -
Дургүй байлгүй яахав дээ. Сургуулиасаа гараад сургуульгүй боллоо гээд. Тэгээд яахав дээ ээж аавыгаа бодоод мал дээр гараад хөдөө аж ахуйтан болоод
Баасанхүү -
Тэр үеийн сургууль ямархуу янзтай байсан бэ?
Цэрмаа -
Сургууль тэр үеийн сумын сургууль гэрт бид нарын үед үзэг энэ тэр бага шүү дээ. Бараг байхгүй. Дээр үеийн хүмүүс хулсан үзэг модон үзгээр юм бичдэг байсан юм билээ. Үнсэн самбар гэж юм байдаг байсан юм.
Баасанхүү -
Аа зохиол дээр л байгаад байдаг.
Цэрмаа -
Тийм үнсэн самбар дээр модоор бичдэг. Багш бас тэгж бичдэг байсан шиг санагдаад байгаа юм. Тэр үед харандаа л гарч байсан үе Оросоос харандаа ирдэг. Харандаагаар юм бичдэг. Үзэг мүзэг гэж юм байдаггүй байсан.
Баасанхүү -
Дотуур байр гэж байх уу?
Цэрмаа -
Байна. Ингээд эсгий дэвсээд өгчихдөг. Ор гэж байхгүй. Эсгийн дээр нэг нэг гудас тавьж аваад тэр эсгийн дээрээ хөнжил гудсаа хураачихаад гэрт шүү дээ. Гэрийн хаяа руугаа хураачихаад орой болохоор зэрэг гудсаа дэвсээд унтаад өгдөг.
Баасанхүү -
Аа өдөр нь анги болчихдог байх нь
Цэрмаа -
Тэгээд нэг ангид нэг 10-аад хүүхэд миний байхад 10 гаруй хүүхэд байдаг байсан юм. Тэгээд яахав дээ хоёр гурван анги байдаг байсан байх. Гэрүүд барьчихсан байдаг байсан юм. Тэгээд их цөөхөн хүүхдүүд зайлуул. Тийм байдаг байсан. Тэгээд нэг галчтай тулга гээд 4 юутай юм байдаг даа. Зуух гэж ерөөсөө байхгүй тулгатай. Галаа түлчихнэ. Бид нарын гэрт хүүхдүүд гал тавьчихна гээд нэг их гал түлэхгүй. Зүгээр бүлээцүүлж өгдөг. Нэг бол шавраар зуух барьчихдаг. Тэр шавар зуухандаа модоо түлээд тэгээд галч нь тусгай гэрт хоол унд хийж бид нарт өгнө. Гурилтай шөлтэй хоол, мах чанаж өгнө. Тэр үед ногоо могоо гэж юу ч байхгүй. Бид нар ногоо ч гэж мэдэхгүй. Гурилтай шөлтэй хоол нэг бол мах чанаж өгнө. Тиймэрхүү л хоол өгдөг байсан. Ааруул ээзгий цагаан идээгээ их иднэ. Манай нутаг ааруул ээзгий их хийнэ. Аав ээж шуудай шуудайгаар нь өгнө. Сургуульд ч их туслана. Аав ээж тэгээд бид нар чинь үхрийн аргалаа их түлнэ. Аргал энэ тэрийг манай аав буулгаж өгдөг л байсан. Мод гэж бараг байхгүй шүү дээ.
Баасанхүү -
Говь болохоор
Цэрмаа -
Говь болохоор юу ч байхгүй. Аргал, харганы хожуул байдаг. Харгана их түлнэ. Манай нутаг чинь харганаа их хамгаална. Алтан харгана гээд байдаг. Түүнийгээ ерөөсөө түлэхгүй. Зүгээр нэг өгөрсөн муудсан тийм нэг харгана л түлнэ.
Баасанхүү -
Тэгээд мал дээр гараад
Цэрмаа -
Тэгээд мал дээр гараад мал маллаад тэгээд манай ээж нэлээд уран хүн байсан. Ээж маань дээлээ сайхан хийгээд өмсчихдөг. Манайх чинь хивсний оронд дэвсдэг ширмэл ширдэг. Эсгий ширдэг гэж байдаг. Манайхан Ширдэг гэж нэрлэдэг юм. Бас тойруулга гэж нэрлэдэг юм. Ширмэл тойруулга гэж. Тэр ширмэл тойруулгыг манай ээж их ширнэ. Айл хүнд их ширж өгдөг. Өөрөө ч их ширнэ. Том том 1 метр 2 метрээр бүр том гэрт бол 3 метрээр тэгж ширдэг байсан. Манай нутагт юу байдаггүй. Ширээ сандал байхгүй хөдөө ер нь хөдөөний улс тийм байдаг. Ширээ сандал гэж нэг их юм байдгүй. Араг гэж байна. Аргал түүдэг. Аргал түүгээд үүрээд явдаг араг гэж байдаг шүү дээ. Аргал түүгээгүй үед тэр аргыг түргэр харуулаад тавиад өгчихдөг. Жижиг бага ширдэг ширүүлнэ. Тэгээд тэр ширдэг ширнэ. Бие багатай уулаасаа би ер нь бие багатай түүнийг ширэх гэж жаахан биеэндээ хоёр гараараа даруулж ширдэг байхгүй юу ингэж түүний хооронд гар хүрэхгүй. Нэг бол дээр нь гараад хэвтэж байгаад ингэж ширнэ. Эсвэл доогуур нь ороод алга болчихно. Тэгээд манай ээж хөөе чи байна уу? Гээд доороос нь гаргах их хэцүү тэгж л би анх сурсан юм байгаа юм. Сүүлдээ би тэгдэггүй болсон л доо. Доороос нь гаргах гээд алга болчихоор зэрэг манай ээж хөөе чи байна уу гээд тэгээд хоёр гараараа ингэж ширнэ. Захын юмыг надад зааж өгч голруу болохоор зэрэг миний гар хүрэхгүй. Тэгж л хийдэг байлаа. За тэгээд ардын гар урлал гэдэг чинь дээр үеэс үүссэн манай өвөг дээдсийн сайхан сайхан хийсэн юм одоо ч манай музейд байна л даа. Бүгд л ерөөсөө манай өвөг дээдэс үлдээсэн юм. Тэр үед би өвөг дээдсийн үлдээсэн юм гэж мэдэхгүй. Өөрөө ч юмаа хийж мэддэггүй амьтан байж л дээ. Манай ээж дээр үеэс хийж ирсэн юмаа уламжлаж хийж л байсан юм байна лээ. Тэгээд энэ ард түмний хэрэглэдэг малгай, монгол гуталны оймсны хараа, хөөрөгний даалинг гээд байж байна. Яаж хийдэг вэ гэхээр зэрэг зүү ороож оёдог байлаа. Малгайны юүдэн гээд үнэгний арьсаар сайхан дулаахан малгай одоо ч гэсэн хүмүүс өмсөж л байна.
Баасанхүү -
Лоовууз гээд мөн үү?
Цэрмаа -
Лоовууз л юм даа тиймээ тийм. Тэр лоовуузыг чинь их хийдэг байлаа. Манай тийшээ юүдэн гэдэг юм. Лоовууз гэж манай нутаг тийшээ хэлж байсан юмуу сайн мэдэхгүй. Нутаг нутгийн хэл бас өөр шүү дээ тиймээ. Юүдэн гэж нэрлэдэг байсан юм. Манай нутагт түүнийг үүгээр нь ингэж хошного тавиад тэгээд зүү ороогоод ингэж юүдэнгээ орой дээгүүр нь халзалаад тэгж их гоё хийдэг байсан. Түүнийг би их хийдэг байсан. За тэгээд оймсны хараа одоо Монгол гуталны оймсны хараа шүү дээ. Эсгий оймстой. Хөдөө чинь монгол гуталдаа эсгий оймс хийнэ. Нэг бол даавуугаар хийсэн ч бас байдаг. Нимгэн эсгийгээр доторлоод түүнийгээ гадарлаад ингэж сайхан ширээд оймсны хараа их хийдэг байсан. Зүү ороогоод миний анхны урлалын ажилд дуртай болсон нь би ерөөсөө ээжээсээ л сурсан. Ээжийгээсээ л өвлөсөн. Ижий маань л миний багш байсан юм. Тийм л байсан байхгүй юу. Тэгээд зүү ороогоод хөөрөгний даалин, тамхины уут хавтаг гэдэг манай тийшээгээ тамхины хавтаг, урт соруултай гаанс түүний уутыг хавтаг ч гэдэг уут ч гэдэг. Түүнийг бас зүү ороож бас их сайхан хийдэг. Тийм юм хийдэг байлаа. Хүний эдэлж хэрэглэдэг. Одоо манай хөдөө чинь орон дээрээ жинтүү гээд тавьдаг. Тэр жинтүү чинь нарийхан ийм хэлбэртэй юм байж байна. Тэр жинтүүний буланг их гоё хийнэ. Дөрвөлжин хээгээр хатуулагтай. Мөнгөөр ийм товруутай. Морины хазаар дээр товруу гээд байдаг шүү дээ. Тиймэрхүү мөнгөн товруутай. Хоёр талдаа зүү ороосон. Тийм юм байдаг байсан юм.
Баасанхүү -
Жинтүү гэдэг нь дэр маягийн юм мөн үү?
Цэрмаа -
Одоо тэр Солонгос дэр манай тэр жинтүүтэй их төстэй харагдаад байдаг юм. Яг л тиймэрхүү байдаг байсан юм. Түүнээс биш ийм зөөлөн дэр намайг бага байхад хөдөө байгаагүй юм. Тийм жинтүү байдаг. Аа түүн дотор юу байдаг вэ гэхээр цайны шаар байдаг байсан.
Баасанхүү -
Цайгаа чанаад цайныхаа шаарыг хийдэг
Цэрмаа -
Тийм байсан юм. Зөвхөн айл болгон тийм байсан үгүйг би мэдэхгүй юм байна. Айлд ороход тиймэрхүү жинтүү харагдаж байдаг байсан тийм л байсан байх. Шаар бас өвсөрхүү юм байдаг байсан юм. Тэр одоо ямархуу өвс байсан юм. Тариа марианых байсан юмуу түүнийг сайн мэдэхгүй. Манайд болохоор манай ээж голдуу цайны шаар хийдэг байсан. Урьдны улс яагаад цайны шаар байдаг юм гэхээр толгойн өвчинд цайны шаар хэрэглэхээр их сайн байдаг байсан. Одоо ч бас ярьдаг л юм байна лээ. Тэр байтугай хар цайгаар толгой өвддөг хүн толгойгоо боож байхын харсан. Тэгэхээр бас тийм уламжлалтай сайн байж магадгүй гэж би боддог юм. За тэгээд бид нар малаа маллаад ирнэ. Ер хөдөө тэгдэг юм шар будаа цагаан будаагаар цай чанаад сайхан сүүтэй цай ямар хөдөө сүү байхгүй гэх юм биш сүү элбэг гэж жигтэйхэн цагаан идээ их элбэг мал улс тэр үед зах зээл гэж юм байсан биш цагаан идээгээ өөрсдөө л ашиглана. Өөрсдөө л өвөлжин хаваржин хэрэглэнэ. Зун намар хийгээд авсан цагаан идээгээ өвөлжин, хаваржин иднэ. Ааруул, ээзгий, тос, цагаан идээгээ иднэ. За өвөл болоод хавар болоод цагаан идээгээ ховордоод ирэхээр хавар төрсөн хурга ишгээ сүүгээр угжина. Мал маллаад ирэхээр манай ээж тэгдэг байсан юм. Шар будаа цагаан будаа шүүгээд дээр нь том юмуу, сүүл, эсвэл сэмж дээр нь тавьчихсан бид нар будаатайгаа холиод иддэг байлаа. За тэгээд болц их хийнэ. Намар борцоо хийгээд авчихдаг. Гэр дээгүүрээ ингээд ер амбаар сав гэж байдаггүй. Гэр дээгүүрээ шуудайнд хийгээд тавьчихдаг. Тэр борц чинь их гоё хатна. Их гоё хонгор сайхан борц болно. Тэгээд манай ээж бидэнд цайнд хийгээд өгдөг. Хоол хийгээд иднэ. Дан тийм юмаар амьдарч байсан. Орчин үетэй адилхан жимс мимс байдаггүй байсан. Ховор байвал тун ховор доо. Миний багад хятад наймаачид явдаг. Илжиг ч юмуу морь ч юмуу нэг юм хөлөлчихсөн явдаг байсан. Ямааны ноолуур тэгж авдаг. Ноолуураа хятад наймаачид өгдөг. Миний жааханд манай аав ээж түүнийгээ өгч чихэр жимс авч байсан юм болов уу даа. Жаахан бараа туруу тийм юм авч байсан байх би жаахан байсан болохоор түүнийг сайн мэдэхгүй байгаа юм. Сүүлд намайг том болсноос хойш тийм наймаачид явахаа больсон. Бид нар ноолуураа мармелед гэдэг юмнаас өгдөг байсан юм. Чихэрнээс өгөх гэж гүйдэг байлаа. Пошго гээд нэг юм байдаг байсан юм. Түүнийг хагалж иднэ бид нар хятад хөгшин худалдаачнаас авч иддэг байсан. Дотор талын ухаж иднэ. Идээг нь авч иднэ тийм л байсан даа. Малаа маллана. Адуунд явна. Тэмээнд явна. Өвөл зун хоёр явна. Ах цэрэгт явчихсан болохоор манай эгч хүнтэй суугаад гараад явчихсан. Надаас өөр хүн байгаагүй. Би доороо хоёр дүүтэй. 5 хүүхэдтэй. 6 хүүхэдтэй байгаад нэг ахыг манай ээж Дундговьд дүүдээ өгч дүү нь хүн болгож авсан юм байгаа юм. Тэгээд адуунд явна. Тэмээнд явна. Арай морь уургалж үзээгүй. Бусдын бүгдийн хийнэ. Малаа услана. Манайх гүний худагтай. Тэр худагнаас ховоогоор ус татна. Ховоо гэж юм байна. Ус татаж малаа услана. Усаа зөөж авна. Торх гэж нэрлэдэг. Модон сэнжтэй хуувин хуувин арай биш торх юм даа. Тийм саваар тэмээнд тэгнэж ус авдаг. Элбээд өгөх хүн байвал элбээд тэгнэчихнэ. Тэмээгээ хэвтүүлж байгаад тэгнэдэг. Нэг сав нь л гэхэд 20, 30 литр ус ордог. Би өөрөө их жаахан биетэй. Нэгийн хэвтэж байгаа тэмээнийхээ бөөрөнд тавьчихдаг. Өнхөрүүлж аваачаад тавьчихаж байгаа юм. Аа нөгөөхийн нөгөө талаас нь өргөөд тэгээд би хөөрхий тэмээг зовоож байсан байх гээд одоо бодоод байдаг юм. Өргөөд гулгуулсан болоод бөхнийхөн хооронд аваачаад чагт байдаг тэр чагтанд нь чагталчихдаг. Ямааны эврээр хийсэн тийм чагттай байдаг байсан юм. Чагталчаад тэмээнийхээ нөгөө талд гараад өргөхөөр зэрэг гулгаад тэгширдэг байсан байхгүй юу. Одоо бодоод байхад би нилээд зүдэрч өссөн юм байна даа. Зүдэрч өссөн юм байна гэж одоо боддог. Тийм баян тарган танхай тансаг өссөнгүй. Ер нь тансаг өсөөгүй л юм байна. Багаасаа ер нь тиймэрхүү амьдралтай өссөн. Усаа авна. Малаа хариулна. Тэгээд нөгөө юмаа оёно. Ер нь борви бохис гэж байгаагүй. Одоо бол би жаргаж байгаа хүн байхгүй юу. Борви бохис гэхгүй. Тэнд нэг мал тэгчихлээ. Энд нэг юу тэгчихлээ. Адуу алга болчихлоо. Хонь тийшээгээ явчихлаа гэж байдаг. Хониндоо явна. Манай аав ээж хоёр танагтай гайгуу байсан л даа. Манай ээж гэрийнхээ ажлыг тувт хийнэ. Хороо хотныхоо хөлдсөн юмаа цэвэрлэнэ. Манай тийшээгээ одоотой адилхан модоор барьчихсан хороо байсангүй. Хөөрхий мал чинь ил шахуу чулуугаар хороо бас барина. Малаа цохиод унгачихгүй юм барьдаг байсан байгаа юм. Хавтгай чулуугаар хороо барьдаг. Малынхаа үхрийн баасаар шавчихдаг. Тэр хороондоо мал нь байж байдаг. Өвөл болохоор өвс гэж нэг их юм бэлдэхгүй. Өвөл хөөрхий говийн мал их хэцүү. Зуд болно. Цас хороог дарчихдаг. Бараг цасаараа хороо хийнэ. Дотор нь малаа хийчихнэ. Өвс тоос сумаас өгсөн нэг жаахан юм байдаг. Бэлдсэн юм гэж байдаггүй. Мал нь тэгээд болоод байдаг байсан. Үхэх нь үхээд амьд гарах нь гараад байж байсан юм байна даа одоо бодоход. Хүүхэд байхдаа хүүхдүүд шиг тоглож наадаад байхгүй. Дандаа ажил хөдөлмөр хийсэн өглөөнөөс авахуулаад орой дуустал тэр малтайгаа хөөцөлдөөд тэгээд л дуусдаг байсан. Одоо би хэлдэг байхгүй юу. Даанч хөгширлөө. Арай жаахан ануухан мал дээр гарах юм бол орчин үеийн мал миний маллаж байснаас арай өөр юм. Хороо хот сайтай. Тэгсэн ч гэсэн би мал маллаж чадах юм байна гэсэн санаа төрдөг л юм. Зун болохоор малаасаа саалиа авна. Манай ах цэрэгт явсан би аавтайгаа үлдээд хоёр шуудай ээзгий хоёр шуудай ааруул авсан би ээжийгээ ирэхэд их л идээ авчихсан хүн байгаа юм. Тэгээд бас өрмөө хураачихсан. Тийм байлаа шүү дээ.
Баасанхүү -
Ээж чинь хаашаа явчихсан байсан бэ?
Цэрмаа -
Ээж маань ах цэрэгт явчихсан. Ахыг эргэх гээд явчихсан. Ах дээр очно гээд явчихсан байхгүй юу.
Баасанхүү -
Та хэд хүртлээ мал маллаад аав ээжийнхээ гар дээр байсан бэ?
Цэрмаа -
Би 18 нас хүртлээ мал дээр байгаад хотод ирсэн юм. Манай ээж ингэж хөдөө дандаа мал маллуулж байсаар байгаад 18 нас хүртэл сургууль ч үгүй соёл ч үгүй боллоо гээд
Баасанхүү -
1945 оны үед ирсэн юм байна тиймээ?
Цэрмаа -
Тийм 1945 оны чөлөөлөх дайн дуусаж байх тэр үед ирсэн юм. Ирээд Улаанбаатар хотод ажил олдохгүй. Нэг аптекэд ажилд орсон юм. Шил угаана. Эм бооно. Янз бүрийн юм хийнэ. Цөөхөн хоёр гуравхан хүнтэй. Тийм аптекэд ажилд орж байсан юм.
Баасанхүү -
Эмч нь Орос хүн байх уу? Монгол хүн байх уу? Тэр эм боох заавар өгч байгаа хүн нь
Цэрмаа -
Аа Монгол хүн байсан юм. Эмч хүүхэн эм найруулагч нь залуу байсан юм. Найдан гээд байсан. Би хонсолын 2-р аптекд ажиллаж байсан. Одоо хонсол гэж хэлэхгүй байгаа.
Баасанхүү -
Тийм байхаа. Би анх удаа сонсож байна.
Цэрмаа -
Одоо байхгүй. Тэр яагаад хонсол гэж байсан гэхээр Орос голдуу хүн байдаг байсан учраас Хонсолын дэнж гэж нэрлэж байсан юм билээ.
Баасанхүү -
Консулын дэнж гээд байдаг мөн үү?
Цэрмаа -
Аа тийм одоо их барилга барьчихсан хэддүгээр хороолол гэж нэрлээд байдаг билээ дээ. Замын урьд талд нь Орос эмнэлэг байдаг юм. Ямар эмнэлэг гэдэг билээ дээ. Одоо байгаа юмуу үгүй юмуу мэдэхгүй. Ер нь голдуу Оросууд байдаг байсан юм. Тэгээд Сүхбаатар жанжингийн бүлгэм явуулдаг. Нууц бүлгэм явуулдаг тийм байшин байсан юм билээ. Тэр байшинд аптек бий болоод одоо ч тэр модон байшин байгаа байхаа. Мэдэхгүй. Би сайн бас мэдэхгүй байна. Тэнд анх ажилд орж за нэг хоёр жил орчим болсон байх. Манай эрхлэгч бас солигдсон юм байгаа юм. Тэгээд хоёр жил шахуу болоод гараад 1946 онд өвгөнтэйгээ одоо ханьтай болоод 1945 оны чөлөөлөх дайнд манай өвгөн яваад ирсэн. 1945 онд чөлөөлөх дайнаас бууж ирээд 1946 онд бид хоёр сууж гэр бүл болоод 1947 онд хүүхэд гараад манай өвгөн зураач хүн байсан юм. Их юм зурна. Цэргийн зураач хүн цэргийн хүн байсан. Цэргийнхээ юм зурна. Сонин монин гаргана. Янз бүрийн л юм хийнэ. Би яахав тэр үед орчин үеийн оёдол сурсан юм байна л даа. Хөдөө тийм юм байгаагүй. Хөдөө байж байхад уран бүтээл гэж мэддэггүй байсан. Хувиараа юм хийгээд байж байсан болохоос биш. Уран бүтээл гэж юу байдгийг ч мэдэхгүй. Манай хүн юмаа хийгээд л би яахав хүүхдээ хараад манай том хүүхэд одоо 61 тэй хүүхэн байна. Одоо бас байна. Өөрөө их олон хүүхэдтэй. Хүүхдээ өсгөнө. Хотод орж ирээд сурсан юм бол орчин үеийн оёдол. Тэр үед манайх төмөр ортой байсан. Тэр үед төмөр ор их байлаа. Төмөр орны урьд талаар татдаг гүржваа гээд манай тэр Орос найз нарын хийдэг ажил байсан юм билээ. Их хийж байсан. Оросоос орж ирсэн. Түүнийг их хүүхнүүд хийдэг сурдаг байлаа. Хүнээс сураагүй ингэж хийдэг юм байна гээд худалдаж аваад түүнийгээ харж байгаад нэхнэ. Тэгээд сүүлдээ нөгөө гүржваа дээрээ Монгол үндэсний хээ угалз гаргаж нэхдэг боллоо. Тор нэхдэг байсан бол бид нар өөрсдөө хээ угалз нэхээд өлзий хээ гаргаад л хаан бугуйвч хатан сүйх ч гэж байх шиг янз бүрийн хээ гаргаж нэхдэг байлаа бид нар.
Баасанхүү -
Та анх хотод орж ирэхэд хотын байдал ямархуу байсан бэ? Санаж байна уу?
Цэрмаа -
Би анх шөнө орж ирсэн юм. Лаа барьчихсан юм шиг. Тэр үеийн хот чинь тийм их мундаг гэрэлтэй байгаагүй юм. Намайг орж ирэхэд хот ч ийм их өргөн байгаагүй. Улаанбаатар хот энүүхэн эндээ л байсан. Гадагшаа тэлсэн тийм юм байгаагүй. Холын юм харагддаг. Нэг захаас нөгөө захад гарахад тийм ч хол биш тэгээд яахав мал дээр хөдөө байж байгаад хотод орж ирж ирэхэд их л сонин байдаг байсан. Одоогийнх шиг биш хэрнээ юм үзэж нүд тайлаагүй хүмүүст их сонин сайхан л байсан. Гэхдээ сүүлд нь юм үзээд нүд тайлаад ирэхээр зэрэг хятад шажин гээд байдаг байсан одоо Бакула багшийн хийд байдаг яг энд Гэсэр сүм байнаа Гэсэр сүмийн цаашаагаа ингээд 1,2 ,9-р гудамж гээд л дан хятадууд дандаа хятадууд намайг хөдөөнөөс орж ирэхэд Ард кино театр гэж байсан одоо энэ дүрслэх урлагийн Занабазарын музей байна ш дээ. Энэ Занабазарын музей чинь их дэлгүүр гэж байсан юм. Өндөр хоршоо гэж энэ чинь 2 давхар байлуу даа. Өндөр хоршооны энэ талд Ард кино театр гэж хойшоо харсан гудамжинд байдаг байсан юм. Тэгээд Ард кино театрт очиж кино үзнэ дээ. Тэгээд өндөр хоршоонд юм авах гэж өндөр хоршоог л их зорино доо. Өндөр хоршооноос өөр том дэлгүүр ч байгаагүй. Дэлгүүр дандаа хятадын мухлаг байдаг байсан. Хятад худалдагчтай. Гутал хувцас янз бүрийн юм хятадаас л бид нар авна даа. Тэр үед хотын хүүхнүүд чинь дээр үеийн хүүхнүүд хотын болох гэж хөдөөнөөс орж ирээд сүрхий гоёх санаатай. Яг л хөдөөний монгол гуталтай ерөөсөө л хөдөөний маягийн байгаа юм чинь. Тэгээд монгол гутлаа солиод савхин гутал өмсөнө. Бас нэг өнгөтэй хужаа гутал байсан байх тэр гутал их зардаг байсан юм. Бүүрхэн гутал авч өмсөж байсан юм. Бүүрхэн гутал гэдэг байсан юм. Юунаас болж бүүрхэн гутал гэдэг байсан юм мэдэхгүй. Тэгээд цагаан ултай савхин гутал манай үйлдвэр тэгэхэд гутлын үйлдвэр гэж байсан. Байгуулагдсан байсан. Тэгээд цагаан ултай цагаан ширэн ултай тийм савхин гутал хийж гаргаж байсан юм. Ер нь намайг орж ирэх үеэр хийгдэж байсан гутал юм шиг байна лээ. Цагаан ултай цагаан ширэн ултай савхин гутал авч өмсөж байлаа. Сүүлдээ бүр гангараад хятадын гутал их үнэтэй нөхөртэй болоод жаахан цалин мөнгөтэй боллоо гэж яасан юм уу бүр хромон гутал авч өмсдөг байлаа.
Баасанхүү -
Цалин ямархуу байсан бэ?
Цэрмаа -
Тэр чинь их үнэтэй дээ. 700
Баасанхүү -
Тэр үеийн мөнгөөр үү?
Цэрмаа -
Тийм 700 тэгээд ерөөсөө их бага л 300-400 байсан. Ер нь бол их үнэтэй. Тэгээд хүүхнүүд өдөн цагаан малгай өмсдөг байсан юм. Өдтэй юм шиг өдөн сахаасан цагаан малгай тэгээд даавуун дээл энэ тэр их өмсдөг. Зун наадам болно. Наадам чинь энэ Яармагт хийдэг байлаа ш дээ. Яармагт наадам хийдэг газар байсан юм. Намайг орж ирээд 2-3 жил болчихсон хойно наадам маадам гээд би хаана ч хийдгийг мэдэхгүй сүүлдээ наадам маадамд явдаг гоё морь олоод нөхөртэйгөө хоёулаа наадамд явдаг. 800-аар цагаан өдөн малгай авч өмсдөг 800 гэдэг чинь тэр үеийнхээр аягүй их үнэтэй. Хятад дэлгүүрээс авдаг. Дэлгүүрт тийм юм байхгүй. Харин орос даавуу гэж манай өндөр хоршоонд их гардаг. Орос даавуугаар дээл хийж өмсөнө. Сайхан сайхан даавуун дээл хийж өмсөнө. Өөрөө хийж өмсөж чаддаг. Ямарч байсан энэ лүү нь эмжичихнэ. Энэ лүү нь эмжичихнэ. Сугын эмжичихнэ. Товч шилбийн сайхан хадчихна. Тийм юмандаа их сайн. Тэгээд хийгээд өмсчихдөг тийм байлаа. Тэгээд хромон гутал 700-800-ийн хромон гутал авч өмсөнө. Гангарсан сүүлдээ бүр хотын болсон. Тийм л тэгж л амьдарч байсаар байгаад манай өвгөн зураг зураад би энэ зургаар будгаар хийгээд байгаа юмыг би оёвол яасан юм бол чадах юм болов уу гэсэн санаа төрөөд тэгээд ерөөсөө уран бүтээл гэдэг юмыг болбол 1947-1948 онд уран бүтээл гэдэг ийм байдаг юм байна гэдгийг мэддэг болсон юм. Тэгээд зураг мураг зуруулаад өвгөнөөрөө Карл Маркс Сталин гээд дөрвөн дүр байдаг байсан юм. Хажуу тийшээ харчихсан. Маркс, Энгельс, Ленин, Сталин ийм дөрвөн тэр надад ч байгаа л даа. Байхгүй л дээ. Альбомонд яваад байхгүй болчихсон. Тэр альбом надад их л хэрэгтэй альбом байсан юм. Тэгээд тэр дөрвөн дүрийг оёод их аятайхан хийсэн. Зураасан зураг маягаар тэгж хийсэн байхгүй юу.
Баасанхүү -
Тэр дөрвөн хүний дүрийг бүтээх санааг хэн өгсөн бэ? Та өөрөө хийе гэж бодсон уу?
Цэрмаа -
Ерөөсөө их хийдэг зураачид их зурдаг. Зураагүй зураач байхгүй. Бариагүй барималч байхгүй. Ерөөсөө их хийдэг байсан. Тэр үед их хийдэг байлаа. Одоо яахав дээр үед бид нар чинь Чойбалсан, Сталин нар их шүтэгдэж одоо ер нь нам засгийн удирдагч гэж их шүтэж байсан байна тэр чинь одоо. Тэгээд хийсэн чинь их аятайхан болсон. Манай өвгөн ч намайг үнэлсэн. Улсууд ч намайг үнэлсэн. Тэгэхээр манай дүрслэх урлаг гэдэг юм анх л ер нь байгуулагдаж байсан юм байна лээ. Эхэлж л байгуулагдаж байсан. Тэр гучин хэдэн онд байгуулагдаж байсан. Тэгээд тэр юм хийхдээ орос авгай байдаг байсан юм. Тэр орос авгай ямар агуу гэж санана тэр авгайн нэр надад огт байдаггүй юм надад. Ер нь байдаггүй юм ерөөсөө. Зайсонов генерал гэж манай нисэгч тийм хүн байсан юм. Зайсонов генерал гэж генерал хүн байсан. Зайсонов гэж тэр орос ч хүн биш одоо бодоход казакархуу хүн байсан юм уу гэж боддог юм. Тэгээд тэр хүний авгай Зайсонов генералын авгай гэж байсан юм. Тийм бүдүүн тарган авгай байдаг байсан юм. Тэр хүүхнүүдэд оёдол заадаг. Машинаар оёдог. Машинаар оёдог. Машины улыг авчихаад оёдог. Тэгээд би офицер хүний авгай болохоороо бас офицеруудын авгай нарт хамрагдаж байгаа байхгүй юу. Тэгээд хичээлд суух гэж очихгүй юу. Тэр авгайн хичээлд. Тэгээд очсон чинь тэр авгай намайг оёсон барьсан юмаа үзүүлсэн чинь их сайн их авъяастай тийм охин байна. Охин л гэж байсан. Намайг бодвол нэлээд ахмад хүн байсан юм байна. Тэр үеийн хүүхэд гаргачихсан хүн чинь ямар охин байх вэ дээ. Намайг хөөрхий минь энэ охин энэ хүүхэн их сайхан юм хийдэг юм байна гээд манай офицеруудын авгай нар ингээд одоо цуглаад юм хийдэг. Ангийн офицеруудын авгай ш дээ. Дарга нарын авгай гэдэг байсан. Цуглаад юм хийдэг байсан. Сүүлдээ би ч орос багшаасаа юм сурлаа. Нөгөө машинаар оёдогийг сурлаа. Би хийж байсан. Сүүлдээ бүр хаясан. Нөгөө юм оёдогоо нөгөө хүүхнүүддээ би багшилахаар боллоо. Багш боллоо. Тэр авгай зайлуул нэлээд тэгж байж байгаад ер нь удаагүй явчихсан.
Баасанхүү -
Нутаг руугаа юу?
Цэрмаа -
Нутаг руугаа яваагүй. Энэ нисэхэд байсан юм болов уу гэж би бодоод байгаа юм. Тэгээд яваад өгсөн. Зайсонов генералын авгай гэж надад хүн хэлж байсан юм. Тэгээд би нөгөөдүүлдээ юм заадаг. Тэгээд манай өвгөн надаа юм зурж өгнө. Би тэгээд ер нь хөрөг зураг хийнэ. Сүүлдээ хүүхэд овоо боллоо. Хүүхдээ цэцэрлэг яслид өгөөд би 2 дахь хүүхдээ гаргалаа. Би гурван жил болоод 2 дахь хүүгээ гаргалаа. Тэгээд анхан усны гудамж гэж байсан юм. Усны гудамж гэж яагаад нэрлэсэн юм гэхээр урт цагааны үүгээр явдаг бүр эцэст одоо миний бодоод байхад худаг нь Баянгол юу гэж байна ш дээ. Баянгол ресторан гэдэг билүү. Баянгол рестораны энэ лүү байсан санагдаад байна. Тэндээс авсан усыг хятад усчин морин тэргээр зөөдөг байсан юм. Монгол хүн ч бас явдаг л байсан. Тэгээд усны гудамж ингэж явсаар байгаад урт цагааны түүгээр хойшоо явчихдаг. Тийм гудамж байсан юм. Одоо тэр Занабазарын музейн наад талаар хойшоо явчихдаг тийм гудамж байсан юм. Яагаад усны гудамж гэж нэрлэсэн юм гэхээр усчингууд их явдаг болохоор усны гудамж гэж нэрлэсэн. Хүн халитарч унасан одооны хүн халитардаг зам шиг
Баасанхүү -
Шавар шавхайтай юу?
Цэрмаа -
Шавар шавхайтай шавхайн өвөл болохоор ус асгасаар байгаад ус болчихсон. Тийм гудамж байсан. Усны гудамжны энэ талд урт цагааны урд талд урт цагаан гэж одоо байгаа ш дээ. Тэрний урд талд 2 давхар урчуудын артель гэж байгуулагдсан юм. Тэр 1952 онд байгуулагдсан байхгүй юу. 1952 онд байгуулагдахад нь анхан би орж ажиллалаа. Тэнд ажилчнаар орж хатгамалчин гэдэг нэрээр баахан сийлбэрчингүүд тэр чинь урчуудын артель гэхээр дандаа урчууд цуглачихсан. Сийлбэрчингүүд , мөнгөний дархан, алтны дархан тэгээд янз бүрийн юм хийдэг. Хатгамалчин намайг ороход дандаа туг далбаа туг далбаа чинь социалист уралдаан анх гарч байсан үе. Социалист уралдаанд өгдөг гээд жаахан жаахан туг социалист уралдаанд түрүүлсэн албан газар өгдөг, амь хүнд өгдөг түүнийг өдий төдийгөөр хийнэ. Өдий төдийгөөр захиалга ирнэ. Анх ч байгуулагдаж байсан байгууллага байх. Анх тэр туг гарч байсан. Эхэлж л тэр гарч байсан. Тэгээд тэр тугийг их хийдэг. Үсэгтэй туг их ирдэг. Тэр тугийг хатгамалаар хийдэг. Хатгаж хийдэг утсаар хатгаж хийдэг. Түүнийг би их хийнэ. Өдий төдийгөөр нь хийнэ. Үсэг мүсэгээ өөрөө хийчихнэ. Өөрөө хийгээд оёчихно.
Баасанхүү -
Жишээ нь юу гэсэн үгнүүд байх вэ?
Цэрмаа -
Социалист уралдаанд явах туг гэдэг юм өгөх туг л гэдэг юм. Социалист уралдаанд түрүүлсэн гэдэг л туг байна л даа. Түүндээ тэр захиалсан улс социалист уралдаанд түрүүлсэн улсдаа л өгнө. Манайхан бас сайн ажилчиндаа социалист уралдаанд түрүүлсэн ажилчиндаа туг өгдөг л байсан. Тэгээд янз бүрийн юм хийнэ. Янз бүрийн урлаг мурлагийн зүүгээ ороогоод даалингаа ороогоод малгай толгойгоо хийгээд янз бүрийн юм хийнэ. Тамхины хүүдий , оймсны хараа бүгдийн хийнэ. Мөн л тэр хийдэг юмаа хийж байсан болохоор их амархан түүнийг хий гэхээр ухасхийгээд хийнэ. Аваад хийнэ.
Баасанхүү -
Цалин хөлс авна биз дээ.
Цэрмаа -
Оо яахав авна. Хийсэн нормоороо тийм үнэтэй тугийг тэрнийхээ хэдэн хувийг тийм цалин өгнө. Тийм байдаг байсан. Тэгээд тэр урчуудын артель байгуулагдаад их сайхан улсууд ажиллаж байлаа. Шударга ажилчид гэдэг чинь ерөөсөө хийхийн төлөө тэр үед чинь одоо энэ хийд хаагдчихсан. Энэ Гандан энэ тэр хаагдчихсан байсан. Лам нар хурал мурал хурдаггүй тийм байлаа. Тэр үед бол 1930 хэдэн онд баригдаж тавигдсан түүнээс үлдсэн лам нар байсан. Тэдний шавь нар тэр ламынх нь шавь нар ч байсан юм уу лам нар үлдсэн. Тэр хийд хаагдахаар арай бариад тавиад явчихаагүй хийд нь хаагдчихсан лам нар байсан. Тэр хуучин хийдийн лам нар гэж их сайхан их авъяастай сайхан тийм лам нарын нэгдэл гэж сүүлдээ байгуулагдаж тэр лам нар байсан хүмүүс манай тэр артельд нэлээд хэд байсан. Лам байсан улсууд тэрнээс ямар улсууд байсан юм гэхээр урлагийн гавъяат зүтгэлтэн Дорж гуай тэр хойно гавъяат болсон хөөрхий. Урлагийн гавъяат зүтгэлтэн Дорж гуай гэж их сайхан сийлбэрчин сайхан юм хийдэг. Одоо тэрний шавь нар ч гээд хүн байж л байна.
Баасанхүү -
Өмнө нь лам байсан?
Цэрмаа -
Тийм. Өмнө нь лам байсан хүн. Тэгээд түүний шавь нар ямар шавь нар юм гэхээр сийлбэр авъяасын авсан улсууд байна л даа. Тэгээд урлагийн гавъяат зүтгэлтэн Гүнд гэж хүн байсан. Хоёулаа Өвөрхангайн Хархориных. Алдарт сийлбэрчин Жамъян-Шарав гэж байсан. Зарим хүнийх нь нэрийг би мартаад байна даа. Тийм хэдэн сайхан хүмүүс байсан. Өөр хэн байна наана чинь Жамъян-Шарав Дарьгангын алдарт дархан Балданосор Нямхүү Баточир Даржаасамбуу Норолхой Жадамбаа нар ажиллаж байсан гэж. Эд нар чинь их чухал улсууд байсан байхгүй юу. Энэ Дарьгангын алдарт дархан Балданосор гэдэг хүн байсан. Энэ хүн манай энэ их хурлын гишүүн хэний авгайн аав юм байгаа юм. Тэр охин нь байж байна. Энэ Дарьгангын алдарт дархан Балданосор гэж хүн байсан юм. Энэ хүний хийсэн юм одоо энэ музейд мөнгөн аяга энэ тэр байдаг. Одоо энэ Дорж гуай хэн энэ тэрийн хийсэн юм музейд байдаг. Эд нар бол их сайхан хүмүүс байсан ерөөсөө. Ийм улсуудын дунд би орж ажиллаж байсан. Ганцаараа хатгамалчин гэдгээрээ. Энэ сайхан улсуудын дунд орж ажиллахад энэ улсуудын нөлөө надад тус тусдаа мэргэжил тус тусдаа сийлбэрчин уран дархан алт мөнгөний дархан юу байдаг юм бүгдээрээ эд нарын мэргэжил тусдаа миний мэргэжил болохоороо хатгамалчин. Тэгэхээр тусдаа боловч надад чи ийм юм хий гэж зааж өгөөгүй ч гэсэн эд нарын нөлөө эд нарын нөлөө гэдэг чинь маш сайхан. Ерөөсөө сайн улсууд сайхан улсуудын нөлөө гэдэг чинь маш сайхан байдаг юм байна лээ. Тэгээд л хийж байгаа юмын хараад байж байхад ямар сайхан. Би энэ юмаа ингэж сайн хиймээр юм байна. Хийж байгаа юмаа сайн хиймээр юм байна. Их сайн сурмаар юм байна. Намайг хөдөө байхад жаахан юм зөвхөн хэдхэн тооны юм хийж байсан бол цааш нь баяжуулж ямар юм хиймээр юм сэтгэдэг боддог ерөөсөө одоо би эд нарын сайхан юмнаас хараад байхад ер нь эд нар их сайхан улсууд юм байна. Би бас ингэмээр юм байна. Өөрөө залуу байсан. Тийм учраас цаашдаа ирээдүйдээ сайн юм сурмаар юм байна. Тэгээд бусаддаа нөлөөтэй баймаар юм байна. Ингэж боддог байхгүй юу. Тийм л бодол надад их төрж байсан. Тийм сайхан улсууд дунд ажиллаж байсан. Энэ артельд би 24 жил шахам ажилласан. 25 шахуу. Энэ артель чинь үйлдвэр хоршооллын төв зөвлөл гэж байсан юм. Юм оёдог, хүүхдийн хувцас оёдог тэгээд хувцас хийдэг артелиүд байна. Гутал хийдэг бол гутал хийдэг. Уран дархан хийдэг бол хийдэг. Урлагийн артель гэж тусдаа байгууллагдсан байхгүй юу. Хүүхдийн хувцас гээд тус тусдаа. Эмэгтэйчүүдийн 1-р артель гээд байж байлаа. Тэнд дандаа хувцас хийдэг. Тус тусдаа артельтай үйлдвэр хоршооны төв зөвлөл гээд байгууллага байсан юм. Дарга нь их сайхан хүн байсан юм. Дэмчиг гэж сайхан хүн байсан юм. Маш сайхан зохион байгууллана. Маш сайхан хүүхэн. Ажлыг маш сайхан зохион байгуулладаг. Тэр артелүүдийг тус тусад нь байгууллаж байсан. Их ч сайн хүн байсан. Их ч ажилласаг хүн байсан. Хүнтэй чинь хамт л хийнэ. Дарга марга гэж юу яахгүй. Дарга ирлээ гэхэд бид нартай чинь хамт утас ээрэх шахуу тийм дарга зан байхгүй. Алив би гээд утас нийтгэж байгаа хүүхэн байх юм бол алив би утсыг чинь бариад өгье гэдэг. Нэг дархан юм хийж байлаа гэхэд алив яаж хийж байна харъя гээд дотор нь ороод ажиллахаар чинь хүн удирдах хүн дотор нь орж ажиллана гэдэг чинь сэтгэлд их сайхан дарга зан гаргаад үүгээр түүгээр яваад за юу хийж байна. Одоо түүнийгээ хий гээд яагаад байх юм байхгүй. Тийм нэг сайхан хүн байж байгаад бурхан болсон хөөрхий. Бид тэр даргадаа их хайртай. Сайхан хүн байсан даа гэж бодож байдаг юм. Артель байгууллагдахад одоо энэ байна. Түндэв гээд манай мастер байсан.
Баасанхүү -
Аа тийм байна. Энд байна
Цэрмаа -
Манай тасгийн мастер байсан юм. Нярав байна. Банкнаас чинь мөнгө авна. цалин цагаан хавтгай мөнгө аваад бөөрөнхий ч байдаг л байсан байх. Тэгээд яахав мөнгө авсан юм байлгүй. Би нэг ширээтэй юмаа хийчихдэг. Юмаа оёдог тийм байсан. Тасаг байсан юмаа. Сүүлд дээ. Нилээд сүүлд оёдлын тасаг өргөжлөө. Ганцаараа байж байсан хүн чинь ганцаараа хатгамалчин байсан. Эд нар намайг ганц охин гээд нэрлэчихсэн. Нөгөөдүүлийнхээ өдрийн цайг чанаж өгнө. Цай байхгүй болохоор манай ганц охин хааччихваа. Нэг аяга цай уух юмсан гээд хөгшчүүл голдуу хүмүүс нь тэгнэ. Жаахан ахмад улс байсан учраас намайг охин гэдэг. Тэгээд би хоёр гурван жилийн хойно өргөжиж оёдолын тасаг масаг болж мөн л оёдлынхаа тасагт зүүгээ орооно. Манайд Норолхой гээд гавъяат хүүхэн байсан юм. Надаас сүүлд гавъяат болсон л доо. Тэр над дээр ирж ажиллаж олон хүүхэн ажиллаж байсан. Дотор нь юмаа хийгээд бие биеэсээ сураад л нэг нэгэндээ зааж өгөөд л ингэж оёдлын тасаг гэж урчуудын хороонд тэгж байхад энэ Түндэв гуай банкнаас мөнгө аваад баадантай мөнгөө миний хажууд тавчихсан юм байна. Орж ирээд л нэг захиалга авчихсан. За Цэрмаа минь төдийд л гаргана шүү эзэн ирэхэд чи дуусаагүй байх бий гэж байдаг. Тэгж ярьж байгаад орхисон юмуу яасан юм орхисон байсан. Миний хажууд шалан дээр тавиад орхисон байгаа юм л даа. Тэгээд хоёр гурав хоносон шиг санаад байгаа юм. Нэг өдөр Түндэв гуай чинь хашгирсан уухилсан одоо би яанаа баахан мөнгө юу яачихаад хайгаад олдоггүй. Гэр орондоо ч хайгаад олдоггүй. Тасгаар хайгаад ч олдоггүй. Гээд орж ирэхгүй юу. Яасан юм бол яасан юм бол гээд хэдэн хүүхнүүд байсан юм. Миний хажууд хиртэй баадантай юм хэвтээд байсан байхгүй юу. Энд нэг ийм юм байгаад байх юм энэ биш гэж өргөсөн чинь хүнд гэж жигтэйхэн. Мөнгө байсан юм байлгүй. Мөнгө чинь энэ биш биз гээд хэлтэл. Ээ гох гэж хэлээд. Тэр хүн гох гэдэг хараал хэлдэг байсан юм. Гох гэж хаана сурсан юм гох гэж ямар утгатай юм мэдэхгүй. Ээ гох наадах чинь мөн байна шүү дээ. Тэгээд хэлэхгүй яасан юм бэ гээд намайг загнаад би яасан ямар мөнгө юм бэ гэсэн чинь. Наадах чинь цалин цагаан мөнгө байхгүй юу. Нэг задлаад харсан чинь хавтгай хавтгай цагаан юм харагдаж байсан. Бас хошигноод алив Цэрмаа эндээс авчаагүй байгаа даа. Тэгэхээр нь үз үз та нар чинь хэмжиж авдаг биз дээ гэсэн чинь нөгөөх чинь бөөн баяр намайг чинь барьж авч үнсээд итгэлтэй хүний хажууд байсан байна гээд. Ер нь манайд итгэлгүй хүн гэж байгаагүй дээ. Аягүй гоё сайхан улс байсан. Манайхан тэгдэг юм оо энэ нэг хэнэггүй амьтан хэнэггүй л явж байсан биз гэдэг юм. Тэгж мөнгө авч байсан юм. Тэр үеийн ажилчид тэр үеийн хүмүүс яасан сайхан байсан юм. Үнэнч шударга, тийм улс байсан юм. Хэрэв мэдсэн бол энэ манай мастерийн юм байна гээд аваачаад өгнө. Мэдээгүй юм чинь хар баадантай юм байхаар мэдэхгүй. Яаж тэгээд болж байсан юм. Одоо бол тэр дороо л алга болно шүү дээ. Гох гэдэг байсан байхгүй юу. Тэгээд би хүүхнүүддээ нөгөө мастер чинь намайг гох гэж хэлчихээд гараад яваад өглөө. Ямар юм хэлчихвээ гэсэн чинь наадахын чинь хараал нь гох байдаг юм. Өөрийгөө л харааж байсан байна л даа гох гэж ээ гох байж байсан байна гээд. Манайхан бүгдээрээ мэддэг байхгүй юу. Ажилчид бол нэрийн ч хэлэхгүй гох л гэдэг хараал байсан юм уу юу байсан юм бүү мэд. Тэгээд сүүлд нь бурхан болсон сайхан хүн байлаа. Тийм сайхан хүмүүстэй хамт ажиллаж байсан хүн. Манай тэр артель хичнээн сайхан байгууллага байлаа даа. Сүүлд нь татан буугдсан. Болохгүй л байсан юм байлгүй дээ. Артель тараад сүүлд нь энэ урт цагаанд үлдэгдэл юм байх шиг байна.
Баасанхүү -
Хаа сайгүй алт мөнгөний дархан
Цэрмаа -
Хүүхдийн хувцас гэж бүр байхаа больсон. Зах зээлд ороод бүх юм алга болсон байхгүй юу.
Баасанхүү -
Танай артель хэзээ татан буугдсан юм бэ?
Цэрмаа -
1972 онд татан буугдсан. Тэгээд би 1970 онд гавъяат авсан юм. Би артелиас авсан. Миний хамт олон надад өгсөн байхгүй юу. Тэгээд 1971 онд бараг манайхыг татан буулгах болоод тасгуудаас нь энд тэнд өгөөд шилжүүлээд эхэлсэн л дээ. Эхлээд манай оёдлын тасгийг 1971 онд л бид нарыг шилжүүлсэн юм байна. 1972 онд бүр тарсан. 1971 онд манай тасгийг хүүхдийн хувцасанд шилжүүлсэн. Манай тасгийг гарын таван хурууны нэгийн аваад явчихлаа гээд бөөн юм болж байсан юм. Таван хурууны нэг хуруугийн аваад явчихлаа гээд бөөн юм болж байсан юм. Бүр маргаан саргаан болоод оёдлын тасгийг шилжүүлчихлээ гээд 1971 онд хүүхдийн хувцасны тасагт нэг их удаагүй дээ. Жил л болсон байх. Тэгээд намайг чинь бие даасан уран бүтээлчээр гаргасан. Хүүхдийн хувцас оёх хүмүүст би хэрэггүй болчихгүй юу. Тэгээд би бие даасан бүтээлчээр гараад нөгөө хэд маань жил болоод урчуудын эвлэлийн харъяа чимэглэлийн тасаг гэж байсан юм тэнд шилжиж очоод, би бие даасан уран бүтээлч гэдгээр гараад урчуудын эвлэлийн бие даасан бүтээлчээр очсон. Тэгээд энд байж байгаад би тэтэвэрт гарсан даа. Тэгээд яахав дээ. Өвгөнтэйгээ хамтарч уран бүтээл хийгээд айл гэр болоод явж байхдаа бид хоёр чинь 5 хүүхэдтэй. 5 хүүхдийнхээ чөлөө заваар би чинь үйлдвэрийн ажлаа хийнэ. Өсгөнө. Сүүлдээ чөлөөт бүтээл ч гээд завтай болсон түүнээс биш үйлдвэрт байхдаа өдөр тутам норм хийнэ. Бид нар чинь нормтой төчнөөн хэмжээний норм хийх ёстой гэсэн төлөвлөгөөтэй. Туг далбаагаар норм авна. Яагаад тэгж туг далбаагаар норм хийдэг вэ гэхээр заримдаа захиалгаар дарагдаад шөнөжин сууна.
Баасанхүү -
Бүгдийн гараар хийх үү?
Цэрмаа -
Дандаа гараар машинаар оёх юмын машинаар оёно. Гараар оёх юмын гараар оёно. Тэр далбаа гэхээр одоо энэ хийсэж байгаа манай Монгол улсын далбаа байна. Энэ далбаа чинь их төвөгтэй байсан юм. Одоо зүгээр нэг соёмбо болчихсон шүү дээ. Сүүлийн үед соёмбо хийдэг болсон. Энэ далбаан дотор чинь таван хошуу малтай тийм сүлд байдаг байсан юм. Тэр сүлд чинь нилээд дээр үеийн анхны сүлд байсан юм билээ. Тэр сүлдийг чинь аль нэг улсын тэргүүн ирнэ шүү дээ. Чехээс ч юмуу Унгараас ч юмуу Кубаас чинь юмуу ингээд ирэх болохоор тэр улсын далбаа хийх болдог. Тэр улсын далбаа хийнэ. Өөрийнхөө улсын далбаа хийнэ. Тэр улс сүлдтэй. Шувуутай ч байна. Хэрээтэй ч байна. Янз бүрийн юм байна. Барилга байшинтай ч юм байна. Түүнийг чинь гараар хийнэ. Манай таван хошуу малтай далбаа өөрчлөгдөөд одоо сүүлд ийм болоод байгаа шүү дээ. Морьтой болоод байгаа шүү дээ. Таван хошуу мал нь байхгүй. Юутай ч байсан хийнэ. Тэр таван хошуу малтай ч хийнэ. Одоо энэ морьтой болоод байгаа ч хийдэг байсан. Тэгж хийдэг байсан юм. Тэр хүн нисэх дээр ирээд буулаа гэхэд нисэхээс Улаанбаатарын төв засгийн газрын ордон хүртэл хоёр улсын туг хаддаг. Бид нар чинь жагсдаг байлаа шүү дээ. Замын хоёр талаар жагсаад хүлээж авдаг. Их тэнгэрийн амнаас засгийн газар хүртэл тэгж далбаа хийдэг байсан юм. Утасны мод чөлөө зайгүй уячихдаг. Бараг утасны шонгоос уячихдаг тийм байсан юм. Түүнийг бид нар хийдэг. Тэгээд дан пансны хоёр талд сүлдийг ингээд нийлүүлээд нэг юм шиг хийдэг.
Баасанхүү -
Дангаараа юу хоёр улсын сүлдийг нэг нэг талд нь уу?
Цэрмаа -
Нэг талд нь тэр улсын сүлд нөгөө талд нь өөрийнхөө улсын сүлд
Баасанхүү -
Нэг даавууны хоёр талд
Цэрмаа -
Тийм тэгж хийдэг. Нэг даавуун дээр өөрийнхөө улсын сүлдийг хоёр талд нь нөгөө даавуун дээр нөгөө улсын сүлдийг хоёр талд нь заавал хоёр талд нь
Баасанхүү -
Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй тэгж оёдог байсан юм бэ 5 уу?
Цэрмаа -
10 хэдэн хүн хийнэ. 10-аад хүн хийнэ. 10 хэдэн хүн шөнө суугаад хийнэ шүү дээ. Тэр хүн маргааш ирнэ гэсэн бол өнөө шөнө суугаад бүгдийн хийнэ. Тэгж хийдэг байсан юм. Дөрөв таван хоногийн өмнөөс ирнэ гэж дуулдаж байсан бол наана нь захиалга өгчихдөг. Тэгж хийдэг байсан юм. Тэгээд энэ одоо хөрөг зураг би 1940 хэдэн оноос хийж эхэлсэн. Би энэ үйлдвэрт артельд ажиллаж байхдаа 1957 онд намайг БНХАУ-д явуулж хатгамалын курсэд явуулсан юм. Курс л юм л даа. Тэр үед курс гэж ярьж байсан юм. Одоо бол юу гэж ярьдаг юм. Мэргэжил дээшлүүлэх гэдэг юмуу даа тиймээ? Хятадаас цааш Шанхайгаас баруун тийшээгээ юм шиг санагдаж байсан даа надад далайгаар гараад онгоцоор цаашаа яваад хичнээн км юм бүү мэд Санша гэдэг хотод очиж хатгамал заасан. Бээжинд хатгамалын юу байхгүй гээд цаашаа Саншад очиж 6,7 сар болсон доо. Тусгай багштай их том хатгамалын үйлдвэртэй. Их олон хүнтэй үйлдвэр байсан. Би тусгай багштай. Хоёулаа явсан. Норолхой гээд одоо бурхан болчихсон байхгүй. Хоёулаа тусгай нэг нэг багштай. Тусгай өрөөнд заалгаж сурч байсан. Тэр хатгамалын юунд сурахдаа цэцэг шувуу хатгах тийм юм их сурсан. Тийм л юм заасан бид хоёрт их нарийн хийдэг. Их удаан хийдэг. Тийм юм байна лээ. Нэг шувуу хатгачихаад хоёр шувуу хатгавал ийм болох юм байна гээд түүнийг л их нарийн сурч байгаа юм даа. Нэг том цэцэг хатгаад сурчихвал тэр бүхийл хатгамалыг сурч байгаа нь тэр юу ч хийсэн хатгаад оёоод сурчихаж байгаа юм. Ямар арга техник байгааг мэдчихэж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
Тэр үед Хятад Монголын харилцаа бас гайгуу байсан юм байна тиймээ?
Цэрмаа -
Тийм тэр үед их сайхан байсан. Их сайхан байсан. Би тэнд мухар олгой хүртэл авахуулж байсан. Мухар олгой болоод нэг өдөр явж чадахгүй хана түшиж явдаг. Гэдэс өвдөөд байгаа юмуу юу өвдөөд байгаа юм нэг юм өвдөөд болдоггүй тэгээд багшдаа хэллээ. Намайг яагаад байгаа юм яагаад байгаа юм гээд нэг орчуулагчтай Өвөрмонгол охин байсан. Тэр үед орчуулагч байхгүй байсан. Тэгсэн чинь орчуулагчийг дор нь дуудаад ирдэг юм байна. Ойрхон байсан юм байна лээ. Бид нар чинь хамт байдаг байсан юм. Тэгээд намайг эмнэлэгт аваачаад хагарах гэж байна гэсэн билүү юу гэсэн билээ хүнд л юм хэлээд 40 минутын дотор авна гээд мэс засал хийлгэхгүй бол болохгүй хийлгэ гээд манай нөгөө хүүхэн хийлгэхгүй гэж уйлаад би яахав өвдөөд үхэх гэж байгаа юм чинь хүн чинь цагаа тулахаар зэрэг үхсэн ч яахав хийлгэнэ гээд хийлгэх үү гэж санал асуусан. Санал асуух юу байхав 40 минут болоод хагарах гэж байгаа юм ярьсан л даа. Орчуулагч бид хоёр орчуулагчтай болохоор хэл ч сурсангүй. Өөр зуурын сайн уу хоол унд идэх тийм юм л сурсан. Хятад хэл сураагүй цэцэг мэцэгнийхээ нэрийг л сурсан. Энэ чинь их нарийн юм билээ. Бид нар чинь цэцгийг утас байвал ийшээ тийшээ хамаагүй оёчихдог. Тийм биш юм байна лээ. Жинхэнэ байгаль судалдаг. 7 хоног байгаль судалдаг явдаг. 2 хоног явдаг. Жинхэнэ ургасан цэцэг судалж судлуулдаг. Ямар судалтай байна. Ямар гэрэлтэй байна. Ямар гэрэлтэй байна. Цэцгэн дээр юу байна. Эрвээхэй байна уу тэр бүгдийг харж судалдаг. Тэгж судлуулж байж хийдэг. Их нарийн. Их нарийн сургасан. Тэгээд яахав сайхан ард түмнээс сайхан юм сурсан би. Хатгамалын талаар маш их сурсан. Зээгт наамал гэдэг чинь манайхны зээгт наамалтай адилхан байдаггүй юм байна лээ. Бас Бээжинд нэг үйлдвэр дээр ажилласан юм. Тэгээд нилээд юм сурч ирсэн дээ.
Баасанхүү -
Улсын зардлаар
Цэрмаа -
Тийм тэгээд сурч ирээд ажиллаад үйлдвэртээ бас нилээд юм хийсэн. Хатгамал хийх аргыг бусдад бас сургасан. Би сүүлд 1966 онд Герман явсан. Зүүн Герман гэж байсан шүү дээ. Хоёр Герман нэгдээгүй байсан. Зүүн Германы Карл Маркстал гэдэг хотод очиж машины хатгамал 45 хоног сурсан. Яагаад явсан гэхээр тийм машин манайд 10-аад ирсэн байсан. Ажиллуулах хүн байхгүй. Яаж ажиллуулах аргаа мэдэхгүй. Тэр машин манай үйлдвэрт ирсэн байсан юм байгаа биз тэгээд намайг явуулсан. Явуулахдаа тэр машины засвартай нь оёдолтой нь сурч ир гэсэн. 45 хоногийн хугацаа өгч байгаа юм. Тэнд бас манай үйлдвэр үйлчилгээний төв зөвлөлийн хэд хэдэн хүн явсан л даа гэхдээ тус тусдаа юм сурахаар модных бол модных хувцасных бол хувцасных хувцас эсгүүр гээд тийм улс явсан юм. Би тэр машиныг ажиллуулахаар ганцаараа явсан. Тэгээд тэр машин үйлдвэртээ байгаагүй. Хувьд гарчихсан тийм машин байсан. Үйлдвэрт байж байгаад хувьд гарчихсан тийм машин юм байна лээ. Тэгээд би хувийн нэг Герман авгай дээр очиж гэрт нь шүү дээ гэрт нь очиж сурсан. Оёдлыг засвартай нь эвдэрвэл ингэдэг юм. Ингэж тосолдог юм. Гээд тэр авгай надад хичнээн сайхан зааж өглөө дөө. Хоёулаа зангаа дохиогоор ингээд бас юм мэдээд авчих юмаа. Мэргэжлийн юм байна. Бас залуу ч байж. Ухаан санаа ч саруул байж. Модонд даавуугаа тэлчихээд тэгээд машиндаа хийгээд оёдог. Ийм юм сурч ирээд хоёр курсээр нэг удаадаа 7, 8 хүн сургаад 10 хэдэн хүн сургалаа. Германаас намайг машинаа ажиллуулж чадаж байна уу гээд дараа манай үйлдвэр үйлчилгээний төв зөвлөлийн хурал болсон юм. Тэр их хуралд Герман дарга нар уригдаж иржээ. Нөгөө Монголчууд сурсан зүйлээ хийж байна уу гэдгийг ирж үзлээ. Сураагүй бол багш ирж ийм байна тийм байна гэж зааж өгөх юм гэнэ. Тэгсэн чинь би курс мурс байгуулчихсан. Жигтэйхэн сайхан юм хийчихсэн. Энэ одоо нөгөө машины оёдол ийм юм хийдэг. Хүүхнүүдээ сургаад ийм юм хийж байлаа. Тэгсэн нөгөө Германаас ирсэн хүн намайг их сайшаалаа. Богино хугацаанд хүмүүс сургаад өөрөө сураад гээд магтуулж ингэж бас Германд явж байлаа.
Баасанхүү -
Социалист Герман тиймээ?
Цэрмаа -
Социалист Герман учраас манайх тэнд очиж үйлдвэр хоршоолол хоорондоо сайхан харилцаатай. Хоорондоо тийм төлөвлөгөөтэй байсан юм билээ л дээ. Би чинь бас их азтай хүн байгаа юм. Юу ч үгүй хэрнээ яваад бас би олон түмэндээ үнэлэгдэж байсан. Таашаагдаж байсан учраас барагтайхан байсан бол энэ бид хоёр юм сурахгүй. Энэ бид хоёр яваад нэр хүндтэй яваад ирж чадахгүй байх гээд явуулахгүй байсана байх. Улс байгууллагынхаа нэр хүндийг бодоод сурч л миний тэр альбом дээр байгаа жижиг альбом дээр байгаа Герман багштайгаа хамт авахуулсан. Улсынхаа байгууллагынхаа хайр халамжаар явж байгаа юм чинь тэр итгэлийг алдахгүй гэж хичээж байсан байх. Анх явахдаа би тэр машины оёдол засвар сураад ирэх юу бол энэ их айхтар машин гэнэ лээ гэж бас бодож байсан шүү. Тэгээд яахав сурч ирээд хоёр удаагийн курсаар сургасан хүүхнүүд байж л байна. Тэр машин одоо байхгүй дээ запас сэлбэг нь олдохгүй. Зүгээр ийм хөл гар машин дээр хийж болдог. Одоо энэ Орос машин дээрээ хийгээд байж болохоор багш минь надад хэлж өгсөн юм байгаа юм. Зүгээр машин дээр ч оёж болно. Гэхдээ энэ бол оёдол нь их онцлог зүгээр машин дээр өөрийнхөө арга барилаар хийж болно гэдэг байсан. Сүүлд үйлдвэрт дэрний уут хийгээд дэлгүүрт хүртэл гаргадаг байлаа шүү дээ. Манай өвгөн бас нэртэй хүндтэй Урлагийн гавъяат зүтгэлтэн тийм хүн байсан. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. Ахмад зүтгэлтэн тийм хүн байлаа. Сүүлдээ өвгөнтэйгээ хамтарч хөрөг зураг хатгадаг. Өвгөн маань харандаагаар даавуун дээр зурж өгдөг. Бал мал ерөөсөө хүргэж болохгүй. Цагаан даавуун дээр Сүхбаатарын зураг хатгасан шиг цагаан даавуун дээр раманд хийгээд харандаагаар дүрсийн гаргаад өгчихөж байгаа юм. Урьдаар цаас маасан дээр зурна л даа. Тэгээд дүрсийн гаргаад өгөхөөр зэрэг би энэ дээр нь өнгө гаргаад хүрээг гаргахдаа энэ хүн юу хийж байгаа юм. Ямар хүн байгаа юм. Ленин байлаа гэхэд нүүр царай нь ямар байх юм. Сүхбаатар байлаа гэхэд нүүрний өнгө нь ямар байх юм. Дээр үед юу яаж байлаа шүү дээ. Цэдэнбал даргын үед социализмын үед манай зураачид урлан бүтээгчид зураагүй зураг гэж байхгүй. Би ганцаараа хөрөг зураг хатгадаг байсан болохоор надад л ирдэг байлаа. Надад хөрөг зурагны захиалга их ирдэг. Энэ чинь их уйгагүй хөдөлмөрөөс бүтдэг ажил шүү дээ. Ер нь энэ гар урлал их уйгагүй хөдөлмөрөөр бүтдэг. Ухаан санаа ур чадвар энэ бүхнээ зориулж байж хийдэг. Түүнээс биш орон гарна сууж байгаад хийчихдэг ажил биш тийм учраас надад их захиалга ирдэг байлаа. Нам засгийн удирдагч нарийн насны ой, Оросын дайнд явж байсан баатаруудын хөрөг Жуков баатар, янз бүрийн хөдөлмөрийн баатаруудын насны ой болохоор зэрэг надаар хийлгэнэ. Тэгээд би түүнийг чинь чичирч сууж байгаад сандарч хийнэ. Заримдаа их сандарч дуусгана. Шөнө сууж байж дуусгана. Залуу ч байж. Өдөр шөнөгүй их уйгагүй суудаг байж наад тал нь 20 хоног цаад тал нь сар суудаг. Тэр хүний насны ой боллоо гэхэд 20 хоног сарын өмнө өгч байгаа юм. Будгаар хольж хутгаад зурчихдаг байсан бол би утсаар ширхэгчлэн оёж байгаа юм чинь утас чинь будагтай адилхан амархан холилддог эд биш эрс тэс байна. Өнгө зүс таарахгүй байна. Өнгө зүсийн тааруулж уусгаж хооронд нь их уусгаж зурахгүй бол зүгээр шар улаан утсаар оёдог эд биш өчнөөн уусгалттай байж байж хүний нүүр гарна. Хувцас нь тэгж гарна. Утсаар тэгж гаргана. Сүхбаатар байлаа гэхэд утсаар тэр төрхийн гаргана. Оёж чадахгүй хүн нүүрийн сунгаад оёчихож мэднэ. Ийшээгээ өргөн болгоод оёчихож мэднэ. Тэр хэлбэрийн алдагдуулахгүй оёно шүү дээ. Дүрс хэлбэр гэдэг их хэцүү дүрс хэлбэрийн алдагдуулахгүй оёно шүү дээ. Өөрийнхөө сэтгэснээр оёно шүү дээ. Одоо энэ Солонгос хатгамал гээд манайд орж ирээд байна шүү дээ. Үзэсгэлэн энэ тэрээр манайд ирэх л юм. Улс улсынхаа онцлогоос их өөр өөр энэ бол шууд оёсон байна. Хүний нүүрийг шууд шууд ингээд оёчихсон байна. Би бол тэгж оёдоггүй. Өөрөө сэтгэсэн бас нэг бодолтой. Хүний юм хуулдаггүй. Ер нь уран бүтээлч хүн хүний хийсэн зүйл хуулна гэдэг их муухай зүйл. Ямар ч урлаг байсан өөрийнхөө сэтгэсэн зүйлийг хийх хэрэгтэй. Дүрслэх урлаг дотор зургаар зурдаг урлал байна шүү дээ тэр хүмүүс нэгнийхээ юмыг хуулаад зураад байвал ямар хэрэг байх вэ дээ. Түүнтэй л адилхан л даа. Өөрөө өөрийнхөө сэтгэсэн зүйлийг хийх хэрэгтэй. Тийм л юм байгаа юм.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.