Tseren
![](../assets/images/interviewees/990086.jpg)
Basic information
Interviewee ID: 990086
Name: Tseren
Parent's name: Maahai
Ovog: Erchgen
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: not working
Belief: none
Born in: Öndörhangai sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Сайн байна уу?
Цэрэн -
Сайн сайн байна уу?
Баасанхүү -
За бидний ажилд туслаж цаг зав гаргаж байгаад баярлалаа. Хоёулаа ярилцлага эхлэхийн өмнө хоёр зүйл тодорхой болгох хэрэгтэй байна л даа. 1-рт таны ярилцлагыг вэб сайтанд зурагтай чинь нэртэй чинь хамт тавьж болох уу? Та зөвшөөрч байна уу?
Цэрэн -
За зөвшөөрч байна
Баасанхүү -
За 2-рт таны өгсөн ярилцлага олон нийтэд хүртээлтэй. Кембрижийн их сургуулийн оюуны баазад хамрагдах бүтээл болчихно. Судалгаа шинжилгээний шугамаар ашиглана. Орчуулна. Хэсэгчлэн авч өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлд ашиглах болно. Ингэж ашиглахдаа танаас зөвшөөрөл авахгүйгээр танд мөнгө төлөхгүйгээр таны ярилцлагыг хэвлэхийг та зөвшөөрч байна уу?
Цэрэн -
Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна.
Баасанхүү -
За тэгвэл та хаана төрсөн. Хүүхэд насныхаа тухай дэлгэрэнгүй яриад өгөх үү?
Цэрэн -
За би Увс аймгийн Өндөрхангай суманд төрж өссөн. 1953 онд төрсөн юм билээ. Айлын 7 дахь хүү болж төрсөн. Бас нэлээд олон хүүхэдтэй айлын хүү болж төрсөн. Манайх дээр үед мал маллаж яаж амьдарч байсан яг тэр л байдлаар амьдарч байсан. Мал маллаж өссөн малчин айл байсан. Ухаа мэдрэл ороод манайх тийм амьдралтай айл байсан гээд санаж байх л юм. Тулгатай зуух байхгүй. Ил гал гардаг байсан. Тэр санаанаас гардаггүй. Манайх чинь хаалга байхгүй дээрээсээ буудаг дээр үеийн айлууд тийм хаалгатай байсан. Ээж тулгандаа гал түлнэ. Яндан мандан байхгүй. Эсгий бүрээстэй одоотой адилхан цагаан даавуун бүрээс байхгүй байсан юм. Тооноос утааны тортог унчихсан тийм л амьдралтай байсан. Түүний дараа нэгдэл байгууллагдаж байсан юм билээ л дээ. Тэгэхэд би дөнгөж ухаан орж байсан хүүхэд байсан. Хүмүүсийн мал нийгэмчилээд би нэг тав зургаан настай байсан юм бол уу даа.
Баасанхүү -
1960-аад онд тиймээ?
Цэрэн -
1950 хэдэн он л доо. 1956, 1957 оны үе байх. Бид нар чинь хөл нүцгэн гүйж явдаг. Одоотой адилхан биш гутал хувцас ховор зун бол ер нь хөл нүцгэн хөл нь сайртчихсан гүйж явдаг. Хааяа нэг хотоос авдаг юмуу яадаг юм савхин гутал өмссөн хүүхэд их гоё харагдана. 6 настай байсан юм байна. Хүүхдүүдийг сургуульд оруулах болоод манайх нь өвөлжөөнөөс гараад бургастайн гол гэж байдаг тэр голын хажуугаар зусдаг. Сургуулиас сургуулийн насны хүүхэд бүртгээд хөөж байна гээд. Хүмүүс хүүхдүүдээ сургуульд суулгах дургүй байсан юм уу хаашаа юм. Манай Ядамсүрэн гэж багш одоо өвгөн болчихсон л доо. Тэр хүн сургуулийн хүүхэд хөөж байсан байгаа юм. Манай аавыг танай хүү сургуульд сурах нас нь болсон нэг хүүхэд байгаа гээд манай аав манай хүүгийн сургуульд сурах нас нь болоогүй ээ. Манай хүү 8 нас хүрээгүй 6 настай гэсэн чинь танайх яагаад хүүхдээ сургуульд суулгахгүй байгаа юм. Алив чи наашаа хүрээд ир гээд багш дуудаж байна. Алив амаа ангайгаад шүдээ үзүүл гэж байна. Шүд үзээд манай аав жаахан омогтой ууртай хүн байсан. Наадах чинь мал юмуу хүн юмуу малын шүд үздэг болохоос хүний шүд үздэг юмуу. Манай аав багштай муудалцаж байсан нь санаанд байдаг юм. Тэгээд би сургуульд ороогүй юм. Зун хонио саана. Хурга ишгээ хариулна. Саахалт зориулна гээд юм болдог. Хоёр хот айл хургаа сольдог байхгүй юу. Манай хотны хурга ишгээ нөгөө айлын хонинд хийнэ. Нөгөө айл манайд хийнэ. Тэгж сааль хийдэг байсан. 7 нас хүрдэг жил манай хамгийн том ах одоо өөд болчихсон. Цэргийн офицер хүн байсан. Нөгөө ах маань аав ээж, би чинь доороо хоёр дүүтэй айлын 7 дахь хүүхэд бусад нь нааш цааш хот руу сургууль соёл гээд яваад өгсөн. Нөгөө ах маань Аав ээж хоёр дүү бид хэдийг аваад нааш нь явсан. Хөвсгөл аймагт манай нэг ах барилга дээр мужаан хийдэг байсан. Дээр үед Хятадууд орж ирж их барилга баридаг байсан юм. Барилга дээр хятадуудтай ажилладаг. Бид нарыг Хөвсгөлд өөрийнхөө доод талын дүү дээр авч ирээд орхичихсон байхгүй юу. Өөрөө хотод цэргийн дарга
Баасанхүү -
Нас биенд хүрчихсэн байсан юм байна тиймээ? Танай тэр ах чинь
Цэрэн -
Тийм манай ах цэргийн офицер хүн л дээ. Хотод авгай хүүхэдтэй. Үндсэндээ бид нарыг хот руу авч байгаа юм. Нэгдэл гээд мал нийгэмчлээд авчихсан. Манай аав нэгдлийн мал маллаагүй. Дургүй байсан юм шиг байгаа юм. Хөвсгөлд ирэхээр чинь зэрэг мал хар гэж байх биш дээ. Манай ах барилга дээр ажил хийнэ. Хөвсгөлд баахан жижиг жижиг айлын орон сууц байсан. Одоо ч гэсэн байж л байдаг юм билээ. Ах ажилд явчихдаг. Манай аав нас нилээд дээр 60 хол гарчихсан тийм хүн байсан. Манай аав зүгээр байхгүй айлын мод хөрөөдөж өгдөг. Би бас зүгээр байхгүй хамт хөрөөдөлцдөг. Тэр үед мөнгөний ханш өндөр байсан л даа. 1 цаас 3 цаас 5 цаас айлууд өгдөг. Түүгээрээ аав тамхи тариагаа авна. Тэгээд ахад загнуулна. Айлын мод хөрөөдлөө гэж. Би сургуульд суугаагүй кино мино үзээгүй байсан. Хөвсгөлийн Их-уулд байсан. Суманд кино гардаг юм байна. Улаан булан гээд байдаг. Би чинь жаахан хүүхэд. 1 цаасаар үздэг байсан юм шиг байгаа юм. Мод хөрөөдсөн мөнгөөрөө кино үзээд миний анхны үзэж байсан кино бол “Сэрэлт” гээд кино байдаг шүү дээ түүнийг анх үзэж байсан. Лам гараад л орос эмч гараад тэгж би анх кино үзэж байсан. Тэгээд киноны хорхойтой болчихсон. Кино үзэх гээд байдаг. Хавар нь юм байна. Тэгж өвөлжөөд хавар нь намайг 8 нас хүрдэг жил манай хотод байсан ах бид нарыг хот руу аваад ирсэн. Хөвсгөлийн беревазаар гарч байсан юм. 53 машинтай гарч байсан юм. Тэгээд хотод орж ирж өөрийнхөө цэргийн ангиас нэг гэр авч өгч их сайхан том гэр манайх 19-р хороолол гэж байна шүү дээ. Одоо энэ 120-ийн энд чинь нэг их барилга байгаагүй. Дундуур нь дунд гол гэж урсдаг байсан юм. Бааст гол гээд одоо нэг бор юм урсаад байдаг болчихсон. Түүний урьд талд гэр хороолол байсан. Тэнд гэр барьж өгсөн. Бид нар тэнд амьдардаг. Манай аав цэргийн том дарга байсан. Бид нарын хоол ундыг залгуулж өгдөг. Тэгээд тэр жил би хотод сургуульд суусан. Манай Хөвсгөлд байсан ах бас шилжээд ирсэн. Зуун айлын барилгын материалын дэлгүүрийн араар хоёр давхар саарал байшингууд байгаа тэнд байдаг байсан. Тэднийх бас хоёр жаахан хүүхэдтэй. Намайг гэртээ аваачаад энд суу гээд тэнд 1-р ангид сууж байлаа. 3 сургуульд сууж байлаа.
Баасанхүү -
Монгол 3-р сургууль уу?
Цэрэн -
Монгол 3 одоо тэр чинь 1962 оны намар юм байна. 3-р арван жилд Баяжих гэдэг багшийн ангид орж байлаа. Анхны А үсгээ заалгаад 3-р арван жилд орж байсан юм.
Баасанхүү -
Анх хотод орж ирэхэд ямар санагдаж байсан бэ?
Цэрэн -
Намар шахуу өвөл орж ирж байсан юм. Барилга байшин машин тэрэг явсан сонин юм харагдаж байсан. Үнэхээр гоё юм билээ. Тийм юм үзээгүй хөдөөний хүнд чинь тэгээд 1-р ангид суугаад хавар нь манай аавын бие муудаад 1963 оны хавар тэгээд тэр хавар манай аав өөд болсон. Манайх дунд голын тэнд байсан. Аавыг маань оршуулах юм боллоо. Би хүүхэд байсан юу ч мэдэхгүй. Дөнгөж 1-р ангид байсан. 8 настай л байсан. Машин тэрэг цуглаад тэр үед одоотой адилхан тийм их элбэг байгаагүй. Манай ах цэргийн дарга байсан. Цэргийн ангиас машин тэрэг ирээд зургаа долоон машин манай аавыг оршуулах гээд явдаг юм. Бид нарын авч яваад манай аавыг Далан давхарт оршуулсан юм. Одоо энэ Дэнжийн мянга гэдэг зах байна шүү дээ. Тэнд оршуулсан юм. Одоотой адилхан тийм их шарил байгаагүй ш дээ. Цөөхөн шарил байдаг байсан. Би хүүхэд юм чинь сайн мэдэхгүй. Хүмүүс чихэр авч ирж өгөөд олон машин ирэхээр зэрэг баярлаад гүйгээд байгаа юм чинь хүүхэд юм чинь мэдэхгүй. Сэнс эргүүлээд жолооч улсыг тэгж оршуулдаг байсан юмуу сайн мэдэхгүй түүнийг сонирхож гүйгээд тэгээд би сургуульд байсан юм чинь хэд хоног байж байгаад сургуульдаа эргээд очсон. Сургууль тараагүй байсан. Тэр хавар Монголын анхны илгээлтийн эзэн гэж мал дээр залуусыг гаргаад манай барилга дээр ажиллаж байсан ах хамаатын ах тэд нар илгээлт авч гараад эвлэлийн төв хороо гэж байсан. Эвлэлийн төв хорооны анхны илгээлтийн эзэн гэж сонин монин дээр гараад би хүүхэд байсан юм чинь 1-р анги төгсөж байсан. Манай хоёр дүү жаахан ээжтэй хамт үлдээд одоо бодоход драмын театр дээр дөрвөн айлыг дөрвөн машин ачиж гаргаж байсан юм.
Баасанхүү -
За бүр гэр бүлээрээ?
Цэрэн -
Гэр бүлээрээ жаахан жаахан хүүхдүүдтэй. Манай ах хамаатны тэр хүмүүс нэг хоёр насны зөрөөтэй. Одоо бодоход 25, 26 насны залуучууд дандаа тийм насны залуучууд би 1963 онд нэгдүгээр ангийн сурагч байсан. Гуулин хөгжимтэй. Урт урт лоозонтой драмын театрын тэндээс би тэгсэн чинь дагаж уйлсаар байгаад дагаад явчихсан. Одоо энэ 22 товчоо гэж байхгүй урдуур ингэж явдаг байсан юм. Завхан аймгийн урьдуур явсаар байгаад Увсын Өндөрхангай орж байсан. Одоо бодоход биокомбинатын өмнүүр гараад Алтанбулагийн түүгээр явж байсан юм болов уу гэж боддог юм. Тэгж явдаг байсан юм. Тэгээд гараад ийшээгээ явахад тарвага гэж шороо шиг буу шийдэмгүй байсан юмуу эсвэл тарвага тэгж их алдаггүй байсан юмуу. Чулуу өвөрлөж аваад машин дээрээсээ чулуу шидээд тэр хүмүүс тэгээд явж байсан. Би тэр машинд дайгдаад явж байсан. Тэгээд машин дээр гараад явсан чинь машин дээр нэг их явж үзээгүй байсан болоод тэр юмуу бөөлжөөд машины хойно Найн гээд настай хөгшин одоо бодоход 60 хэдтэй л хөгшин байсан байх. Би урьд суугаад бөөлжихөөр нөгөө хөгшний нүүрэн дээр очиж наалдаад тэгж байсан юм.
Баасанхүү -
Том машин дээр задгай
Цэрэн -
Машины дээр гэрээ ачаад бүгдээрээ улаан лоозонтой. Илгээлтийн эзэд гээд тэгээд би 1-р ангидаа Увс руу эргээд явчихсан. Манай ээж дүү нар үлдээд
Баасанхүү -
Сургуулиа шилжүүлээд
Цэрэн -
Шилжсэн юм байхгүй. Тэгээд шууд яваад өгсөн. Ямар ч танхай байсан юм. Шилжүүлэг энэ тэр байхгүй. Дунд голын энд байсан хүүхэд насаа мэддэг юм. Аймаар урсгалтай байсан. Одоо чи мэдэж байгаа биз дээ.юу ч байхгүй. Сэлбийн гол ингэж тойрч урсаад дунд гол болдог байсан. Жаахан бороо ороод үер болохоор шуудайтай мод сод урсаж байдаг. Хаанаас ч урсаад ирсэн юм бүү мэд. Бид нар марль бариад жараахай шүүдэг. Тэгээд би хөдөө явчихсан юм.
Баасанхүү -
Хөдөө очоод яасан бэ?
Цэрэн -
Хөдөө очоод манай ах илгээлтийн эзэн тэр үед улсаас их харж үздэг байсан юм. Хөдөө мал дээр гардаг хүн амьтан цөөрсөн байсан юмуу сайн мэдэхгүй. Анхны илгээлтийн эзэн түүнээс хойш илгээлтийн эзэд гарч ирсэн. Тэгээд очиход тэр 4 айлыг нэгдэл хүлээж аваад бүгдэд нь шинэ гэр барьж өгөөд тэгж байсан юм. Дөрвөн айлын дөрвөн эрэгтэй шар дээлтэй. Ижил шар дээлтэй. Дөрвөн авгай нь ногоон билүү цэнхэр билүү тийм дээлтэй. Одоо зураг нь манайд байж байдаг юм. Чамд үзүүлнэ. Гурван жил болоод социалист хөдөлмөрийн бригадын мандат авна. Гурван жил мал маллаад хугацаан дуусахгүй юу. Мандат аваад баяр маяр хийгээд тийм юм болж байсан юм. Нэгдлээс их харж үздэг. Очиход нь нормтой нэг хүнд 120 билүү мал өгдөг. Нөгөө дөрвөн айл чинь хоёр хоёроороо буучихсан. Саахаа зориулаад төлөвлөгөө норм гээд өгчихдөг. Хэдэн хониноос хэдэн кг ноос хэдэн ямаанаас хэдэн кг ноолуур гээд түүнийгээ тушаана. Цагаа идээ болохоор хэдэн кг ааруул хэдэн кг зөөхий гээд түүнийгээ тушаана. Би чинь хөдөө очоод морь унаж сураад хүүхэд юм чинь дороо сурна тэр чинь. Хонь хурга эргүүлээд зун болохоор ах эгч дээрээ байдаг. Манай тэр Увсын Өндөрхангай сум чинь хангай говь хосолсон сум л даа. “Хан хөхий” гээд мундаг нуруу бий. Одоо төрийн тахилгатай болчихсон.
Баасанхүү -
Пөөх тийм үү?
Цэрэн -
Өнгөрсөн 2008 онд ерөнхийлөгч Н. Энхбаяр очиж төрийн тахилгатай уулыг тахисан шүү дээ. Дархан цаазтай. Тэр том Хан хөхийн нурууг давж нүүнэ. Зун болохоор зэрэг давж нүүнэ. Тэр чинь мундаг өндөр уул өвөл болохоор говь руу Завхан аймгийн Сантмаргад сум гэж байдаг юм. Нам дор газар тэнд очиж өвөлждөг. Өвөлжөөнөөс хаваржаанд буугаад хаваржаанаас нүүгээд дандаа шовоохой бариад
Баасанхүү -
Шовоохой гэж
Цэрэн -
Урц маягийн юм. Дандаа гэрээ бариад байхгүй. Нүүсээр байгаад Тува орохын арай наана очно. Хан хөхийн хойгуур орохоор зэрэг Увсын тэс ороод ирнэ. Хаваржаанд нэг буугаад өвөрт нь нэг буугаад ар талд нь нэг буугаад 7 удаа нүүж байж зусландаа очиж бууж байгаа юм. Эргээд өвөлжөө рүү гээ нүүдэг жилд 19—20 удаа нүүдэг.
Баасанхүү -
Та Увсад очоод дахиж сургуульд суугаагүй юу тэр чигээрээ гарсан уу?
Цэрэн -
Суулгүй яахав. Зун ах эгчдээ туслаад намар болоод сургууль цуглаад 2-р ангид орох болоод дотуур байранд оруулж байгаа юм чинь хөдөөний хүүхдүүд даавуун цүнхтэй түүн дээрээ улаан таван хошуутай хүүхдүүд морьтой давхиж ирээд сургуульдаа сууна. Сургуулийн эргэн тойрон хашаанаас дүүрэн морь уячихсан. Би яахав дээ. Дотуур байранд манай бригад сумын төвөөсөө хол сумын төвд ойрхон айлын хүүхдүүд морьтой ирээд суучихдаг.
Баасанхүү -
Дотуур байр ямар байсан тэр талаар?
Цэрэн -
Дотуур байранд. Улаанбаатар хотод 1-р ангид сурч байхад хотын хүүхдүүд формтой . Бор формтой. Захны цагаан даавуутай хотын хүүхдүүд шал өөр л дөө. Эмэгтэй хүүхдүүд цагаан фарчик өмсдөг. Хөдөөний хүүхдүүдэд тийм юм байхгүй. Хөх дээлтэй. Эмэгтэй хүүхдүүд ногоон дээлтэй. Форм нь тэр ерөөсөө. Тэгээд гэрээ санана. Ээжээ санана. Хааяа манай ах эргэж ирнэ. Ээж дүү нар хол байсан. Тэгээд 2-р ангиа төгсөж байсан. 3-р ангид ордог жил манай ах манай дүүг ээжийг аваачиж увсад 1965 он байх. Яг улсын баярын өмнө. Манайх дунд голын тэнд байсан байгаа юм. Одоо 120-ийн тэнд. Тэнд ерөөсөө ганцхан сургууль байсан юм. 18-р сургууль гэж. Манай ээж 2 дүүг аваад явчихгүй юу. Ээжийг 2 дүүтэй аваад явчихсан. Тэгтэл энд үер болоод хотод 1965 онд хамгийн мундаг үер болоод яг баяр болж байсан урд талын айлууд хөвөөд өчнөөн төчнөөн амьтан тэгэхэд өнгөрсөн л дөө. Усанд хөвж гэр орон үгүй болсон гэр орон өчнөөн төчнөөн хүн амиа алдсан ш дээ. Бас их азтай тэрний өмнөхөн ээж 2 дүүг аваад нутаг луу явчихсан. Тэгээгүй бол яг үерт орох байсан.
Баасанхүү -
Зам дээр нь байсан байна ш дээ.
Цэрэн -
Тийм. Тэгээд ээж энэ тэр очоод би бас ялгаа байхгүй бас тэгээд дахиад дотуур байранд очиж байгаа юм чинь. Тэгээд би дотуур байранд ороод байдгаараа хэдэн хүүхэдтэй ангидаа би бас гайгуу сурна. Шинэ жил бас бэлэг мэлэг авна. Шинэ жил тэгэхэд сонин байсан. Одоотой адил биш. Саа маа янз бүрийн бууддаг барьдаг юм байхгүй. Хүүхэд бүрийг 3 м гинж хийж ир гэдэг. Гинж гэхэээр цаасаар жонхуугаар наагаад цаасыг өнгө өнгийн усан будгаар будаж байгаад түүнийгээ хайчлаад гурав гурваар нь гинж хийнэ л дээ. Гинж хийж шинэ жилийг тэгж хийдэг. Малын давсаг үлээж байгаад будаад өлгөнө. Бид нар тэгж ёлко хийдэг байсан. Тэгээд 7 төгсөж 8 болоод манай ах нар мандатаа авчихсан. Манай хамаатаны ах ойн мэргэжилтэй хүн байсан юм. Тэр бригадын дарга. Нягтлангий мэргэжилтэй нэг ах байсан бүгдээрээ нас барчихсан л даа. Түүгээр бригадын тоо бүртгэгч. Манай ахаар бригадын нярав хийчихсэн. Манай ээж хөдөө очоод тусдаа жижиг гэр барьчихсан. Манай ээж нас нь ч бас арай болоогүй байсан юм шиг байгаа юм 50 дөнгөж гарч байсан юм шиг байгаа юм одоо бодоход. Тэгээд ээжтэйгээ нэг хүний мал маллаад зунд нь сургуулийнхаа амралтаар тэгээд 7-р анги төгсөнгүүт эвлэлийн илгээлтийн эзэн гээд сургуулиас илгээлтээр гарчихаж байгаа юм. Илгээлтээр гарчихаад ээж тэтгэтэрт гарчихсан. Ээжийн хамаатны нэг айлын мал маллаад тэгээд би ерөөсөө хөдөө мал маллаж байгаад 18 нас хүрээд тэгээд бас гайгуу нэгдлийн эмнэг мал адуу мадуу сургаад нэг адуу сургахад 3 цаасаар шагнуулдаг байлаа. Жилд 10 хэдэн эмнэг адуу сургачихна. Тэгээд эмнэг сургачихна. Манайд нэг хурдан нохой байлаа. Тэр нохойгоо дагуулж аваад л хонь хариулж яваад л үнэг хөөнө. Үнэг хөөж яваад барьчихна. Үнэгийг чинь өвчөөд агентад өгөхөөр 19 цаас 18 цаас болно. 18 цаасаар чинь их юм авна. Цалин одоо бодоод байхад 60 цаас авдаг байсан байгаа юм.
Баасанхүү -
Илгээлтийн эзний цалин уу?
Цэрэн -
Үгүй. Мал малласны цалин. 60-аад ямаа 120-130 хоньтой байсан байгаа юм. 200-аад мал маллаж байсан юм шиг байгаа юм. 60 цаасны цалин авдаг байсан. Тэгэхэд би хонь хариулж байгаад үнэг алаад үнэгнийхээ арьсыг өгөхөд 18-19 цаас болчихно. 18-19 цаасаар нэлээд юм авчихна. 1цай 5 цаас байлуу 10 цаас байлуу? Цай авчихна. Нэг ёотон 2 цаас 50 мөнгө байлаа. Одоогийнхтой адил биш том том. Тэгээд би 18-тай нэг татагдаад 19-тай цэрэгт Увсаас татагдсан байхгүй юу. Тэгээд Увсаас ирээд Хар усан тохой дээр тэгэхэд цэргийн авто сургууль гэж байж байсан юм. Тэнд цэрэг жолооны хүнээс авдаг. Тэгээд яахав 107 гээд цэргийн авто сургуульд ороод жолооч болдог юмаа. Тэгж жолооч болсон би. Би чинь 1972 онд цэрэгт татагдсан. 1972 онд татагдаад 107-д Пунцаг жолооны багш дээр жолооч болж байлаа. Одоо бол 30 бол их ховор л доо. Тэгээд 107-д жолооч болчихоод цэргийн ангид усны тэрэг мэрэг бариад цэргээс 1975 онд халагдсан. 1975 онд халагдаад Сонсголонгийн гүүрний эндээс халагдсан цэргүүдийг аймгууд луу ачуулж байсан байхгүй юу. Эндээс ачигдаад Эрдэнэт рүү Эрдэнэт дөнгөж байгуулагдаад үйлдвэр нь дөнгөж ашиглалтанд ороод барилга байгууламж нь баригдаад ашиглалтанд орж байсан. Тэр үед илгээлтээр хүн авах гээд залуучуудын гуйдаг байсан. Манайд очиж ажиллаач. Манайх машин тэрэг авч өгнө байр майр өгнө гээд үгүй явахгүй нутаг руугаа явна ээж аав луугаа явна гээд явсан.
Баасанхүү -
Хүүхэд наснаас чинь би дахиад хэдэн асуулт асуучихъя. Таны бага нас бусад хүүхдүүдийн бага наснаас ялгаа байсан уу? Ямар ялгаа байсан бэ?
Цэрэн -
Тэр үед ялгаа бараг байхгүй дээ. Тэр үед нийтээрээ нэгдэл нийгмээ байгуулсан нэг л хэвээрээ хүүхэд бол сургуульд яваад зарим нь 7 төгсөөд хот руу сургуульд яваад мэрэгжилтэй болоод очдог. Одооныхоос ялгаа их байсан юм шиг байгаа юм. 7-р анги төгсөөд багшийн сургуульд яваад багш болоод очиж байсан байгаа юм. Тэр үеийн сургууль төгсөөд очиж байгаа малын эмч ч юмуу очоод ажлын байр бэлэн. Малын эмч болоод очиж байгаа хүмүүс малын эмчээ хийгээд нягтлангаар төгссөн хүмүүс нягтлангаа хийгээд тиймэрхүү л байсан. Одоо чинь зөндөө есөн шидийн сургууль байх юм байна ш дээ. Ажлын байр байхгүй.
Баасанхүү -
Таны амьдралын туршид хүүхэд багачуудын амьдралд ямар ямар өөрчлөлтүүд гарсан бол? Та өөрийнхөө бодлоор хариулаад өгөөч?
Цэрэн -
Тэр үеийн үү?
Баасанхүү -
Та 1953 оноос одоог хүртэл амьдарч байна. Таны амьдралын туршид хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? Та ажигласнаар?
Цэрэн -
Гаралгүй яахав. Тэмээ ямаа 2 шиг байхгүй юу. Өөрчлөлт гаралгүй яахав. Бид сургуулийн сурагч гэхэд үзэг гээч юм байхгүй ш дээ. Нэг муу чернилин савтай. Тэр лүүгээ дүрдэг 11-ийн үзэг гээд байдаг. Модон бариултай ус дүрж бичдэг. Гар хөл нэл черниль болчихсон. Тиймэрхүү байдаг байсан. Одоо адгийн наад зах нь үзэг гэхэд есөн шидээрээ байна. Одоо бол бүх юм сайхан болчихсон байна. Өдөр шөнө 2 шиг л байна. Комьпютер битгий хэл зурагт гэж байгаагүй. Гадаад орон дотоод орон ерөөсөө мэдэхгүй. Ленин багш шиг ухаантай хүн дэлхий дээр байхгүй. Ленин өөр ухаантай хүн дэлхий дээр байхгүй гэж байсан байгаа ш дээ. Сталин 2-оос өөр манай монголд юу байхав.
Баасанхүү -
Сталинг бас ярьдаг байсан уу?
Цэрэн -
Ярина. Бид нар хүүхдийн ойлголтоор манай монголыг Япон эзлэх гэж байхад Сталин цэрэг явуулж манайд тусалсан юм биш үү. Тийм л ухааны юм ойлгодог байсан бид нар. Тэр үеийн хүүхдийн сурч байсан юм одоо үеийн хүүхдийн сурч байгаа юм одоо компьютер зурагт радио телевизээр гадаад дотоодын өчнөөн төчнөөн орны соёл иргэншил янз бүрийн юм гарч байна. Бид юу мэдэх вэ тэр үед. Зурагтай сэтгүүл байсан юмуу. Пионерын сонин гээд гардаг түүнийг уншина. Тийм л байсан.
Баасанхүү -
Эцэг эх хүүхдүүдийн хоорондын харилцаа ямар байсан бэ? Таны үед
Цэрэн -
Тэр үед яахав дээ. Байлгүй яахав. Эцэг эх хүүхдүүдээ юм сургая тэр үеийн хүүхдүүд эцэг эхийгээ хүндэлж байсан. Ахмад ах зах хүнээсээ айж эмээдэг байсан. Одооныхоос арай илүү дэгтэй байсан болов уу гэж боддог юм. Одооны хүүхдүүд мэдэхгүй. Юм хөгжиж байгаа ч гэсэн хүн бол хүнээрээ л баймаар байгаа юм. Гэтэл хүнийг хүндлэх сэтгэл дээр үеийнхээс арай л муу болсон. Би өөрөө 56,57 хүрч байна. Би хотод автобусанд явж байхад ахмад настай юмуу жирэмсэн авгай орж ирвэл суудлаа тавиад өгчихдөг байсан. Одооны хүүхдүүд жирэмсэн хүмүүс ховор болчихсон юм шиг байгаа юм. Би суудал тавьж өгдөг байсан. Одооны хүүхдүүд настай хүн ороод ирэхэд гар утсаараа тоглоод худлаа сууж байдаг.
Баасанхүү -
Тэр үед аав ээжийнхээ үгэнд сайн орно.
Цэрэн -
Орно. Аав ээж битгий хэл ахмад настай саахалтын айлын хүнээс үхтлээ айна. Ямар сайндаа айна гэж хүндэтгэлийн асуудал. Хонь хурга нийлүүлчих юмуу жаахан болохгүй юм хийчих юм бол айна гэж чигтэйхэн. Ямар сайндаа том болчихсон надаас 2 дүү ч юмуу саахалтын нэг хүүхэд байсан байхгүй юу. Бид хоёр хонь хариулж яваад тоглож яваад хонио нийлүүлээд хаячихгүй юу. Хоёр хотны хонь нийлээд шуугиж майлалдаад хурга нь эхийгээ олж хөхөх гээд бөөн юм болж байна үхтлээ айж байгаа юм чинь. Хоёулаа хонио тал дундуур нь тасалж хаяад хонио уулын орой мод луу шахаж байгаад л нэг нь хургаа ялгаад өдөржин хургаа ялгаад бараг ялгачихаж байгаа юм хоёулаа. Тэгээд хонио туугаад тэгэхэд л тэр үед хонио саадаг манай ээж мээж хонины дэлэн ямар муу байнаа хонио идүүлээгүй юмуу гээд хурга нь эхийгээ хөхчихсөн байгаа юм чинь. Тэгээд айгаад тиймэрхүү л байсан. Манай хамаатны бас нэг хөгшин байсан. Нэлээд ширүүн хүүхдүүдтэй харьцана. Манай ойрхон ирж буух гэж байна гэнээ. Би тэгж байсан гэж байгаа юм. Битгий ойрхон ирж буугаасай хол буугаасай. Айгаад
Баасанхүү -
Та дотуур байранд амьдарч байсан ш дээ. Дотуур байранд амьдрахын хэцүү нь юу байв? Гоё нь юу байв? Дотуур байрны ерөнхий байдлыг та дэлгэрэнгүй яриад өгөөч?
Цэрэн -
Дотуур байранд хүүхэд байхад хөгжилтэй ч юм байна сайхан ч юм байна. Хэцүү ч юм их байна. Аль алин байдаг байхгүй юу. Байрны багш гээд нэг багш байна. Байрны багшаас их айна. Хүүхдүүд их айдаг байсан. Ширүүнхэн хүнээр ч байрны багш тавьдаг байсан юмуу. Хоол хоёрлоно. Өлсдөг байсан юмуу. Өлсөхөөрөө нэг удаа хоолонд орчихоод эргэж гүйж дахиж хоол идэх гээд гуанзны тогооч 2-3 Гэндэн гээд эрэгтэй тогооч байсан. Одоо бүгд бурхан болчихсон. Тэгээд үдийн хоол оройн хоол өглөө нь хоол гээд дунтай. Дун гэж мэдэх үү чи.
Баасанхүү -
Үлээдэг үү?
Цэрэн -
Үлээдэг. Цагаан дун байдаг юм. Дун бүүд гээд дуугарна. Хар эрчээрээ уралдаад л явчихна.
Баасанхүү -
Гуанз руугаа юу?
Цэрэн -
Гал зуух руугаа. Уралдаад чихэлдээд л орно. Хамгийн түрүүн идчихээд буцаж орж ирнэ.
Баасанхүү -
Тэгэх боломж байх уу?
Цэрэн -
Байна. Өглөөгүүр болчихно. Өдөр бас эвгүй. Тогооч нар андахгүй. Тэгээд гэрээ санана. Бас болоогүй гэр лүүгээ гүйнэ. Оргоно. Би нэг оргож байгаад баригдаад гэрээ санаад болохгүй болохоор оргож байгаа юм. Хол л доо хол 80-90 км өвөл орговол хөлдөж үхэх байлгүй. Тэгээд сумын төвийн дунд гол гэж гол байдаг. Тэр гол дагаад конкийгоор явж сурч байгаа юм. норвег гээд нэг конки кат гээд 2 төрлийн конки бид нарын үед байсан. Норвег нь болохоор урт нарийхан хурц иртэй. Кат нь богинохон мухардуу. Зузаан ултай. Би аягүй сайн явна. Анги дотроо түрүүлчихнэ. Аягүй хорхойтой. Гол дээр улаан дээлтэй нөгөөдөхөөрөө гулгана. Гол уруудаад нэлээд хол явна. Сумаас ямар ч байсан 30 км явна. Сүүлдээ нэлээд хурдан явна. Манай сумын заан Эрдэнэсан гэж хүн байсан юм. Суманд жил бүр түрүүлдэг. Тэдний хүүхэд гээд Бүрэнтэгш гээд эмэгтэй хүүхэд байсан надтай хамт гулгана. Тэднийх тэнд. Тэгсэн чинь би гол дээр гулгаж байснаа хичээл үдээс хойш ордог байсан юм шиг байгаа юм. Тэгээд би гол дээр гулгаж байгаад гэр лүүгээ оргож өглөө шүү. Цүнхээ үүрчихсэн. Нөгөө Бүрэнтэгш нэлээд бүдүүн биетэй эмэгтэй хүүхэд байсан. Би их жаахан байсан юм шиг байгаа юм. Явж байсан чинь нөгөөдөх чинь тэнд мөс аваад явж байдаг байна ш дээ. Хаачих гэж байна гэж байна. Доор нь бух хариулдаг манай хамаатны айл байсан юм. Тэгтэл нөгөө 2 бариад авдаг юм байнаа. Тэгээд ноцолдоод дийлдэггүй дээ. Конкигоо булаалгаад цүнхээ булаалгаад
Баасанхүү -
Хэддүгээр ангид?
Цэрэн -
3-р ангид тэгээд нөгөө хоёрт баригдаад нэг удаа оргож чадаагүй баригдсан. Тэгэхэд дотуур байр сургуулийн байр 2 нэг газар 2 давхар барилга тэгэхэд баригдаж байсан юм. Хужаа нар барьж байсан юм. 1963 он юмуу. Тэгэхэд манайд зун нь хужаа нар барьж байхад тэнгэр дуугараад ниргээд хаячихсан юм. Миний санаанаас гардаггүй юм. Тэгээд намар бүх хятадуудыг явуулсан юм байна лээ. Тэгээд хятадуудыг аваад явчихсан. Тэгээд тэр барилга баригдалгүй 2 жил ч болов уу даа. Нэлээд хойно 1967 онд байна уу ашиглалтанд орсон юм. Манай сум чинь 7-р ангитай. 8-р анги гэж байхгүй байсан юм. 7 төгсөөд багшийн сургууль энэ тэрд хуваарилагдаад явчихдаг байсан юм. Манай зэргэлдээ Зүүнхангай гээд сум байдаг тэр Зүүнхангай сум 4 жилтэй. Тэгээд 5-р ангид орох хүүхдүүд нь манай суманд ирнэ. Тэгээд дотуур байранд орно. Өөр суманд очиж суудаг болохоор хүүхдүүдээ насын жаахан ахиулж байж суулгадаг байсан юм. 8 настай суулгахгүй. 10 хүргэж байж суулгадаг байсан.1-р ангид. Зүүнхангайн хүүхдүүд нэг их том том хүүхдүүд байдаг. Том том юм л харагддаг. Тэгээд дүрсгүйтээд ор мороо эвдэж хаячихаад дотуур байрны багшид баригдаад тэгээд эвлүүлж ир гээд нөгөөдөхийг чинь хүүхэд байсан юм чинь гагнуур хийдэг гэдгийг мэдэхгүй сумын дархан хийдэг айлуудаар дамжлаад сумын төвөөр явна. Тэгээд гагнуулсан юм байхгүй одоо Пүрвээ гээд одоо махны ченж хийж байгаа том баян болчихсон. Тэрний ор нөгөөдөхийн баахан юмаар хүлчихдэг. Өглөө босоход манай хүний ор доош нь уначихсан байна. Газар уначихсан байж байдаг. Тийм байдаг байсан.
Баасанхүү -
Барилга нэг давхар байшин байсан уу? Барилга байшингийнхан талаар?
Цэрэн -
Байшин дандаа нэг давхар. Олон жил болчихсон нэг давхар дүнзэн байшингууд байдаг байсан. Одоо хэр нь байж л байдаг юм байна лээ. Сүүлд нь 2 давхар сургуультай болоод 10 жилийн сургуультай болоод
Баасанхүү -
Таныг төгссөнөөс хойш уу?
Цэрэн -
Надыг 7 төгсөхөд 10 жил ашиглалтанд орчихсон байсан.
Баасанхүү -
Тэгвэл 7 төгсөөд 10 анги хүртэл сурах боломж байсан уу?
Цэрэн -
Байгаагүй. Манай суманд сум дундын эмнэлэг гэж сум дундын эмнэлэг, сум дундын 10 жил гэж бас тусдаа байдаг юм. Баруунтурууны сангийн аж ахуй гэж байна. Манайх 8 төгсөөд 8 жилтэй болчихсон. 2 давхар байр ашиглалтанд ороход 8 жилтэй болсон юм. 8 төгссөн хүүхэд нь Баруунтурууны сангийн аж ахуйд очиж 10 жил төгсдөг байсан юм. Тэгээд 10 төгсөж байгаа хүүхдүүд Баруунтурууны 10 жил төгсөөд сургууль соёлдоо ордог байсан. Бидний үеийнхэн 1972 онд 10 төгсөж байсан байх. Би 1972 онд цэрэгт явж байсан. 7-р ангиасаа гарчихаад. 10 төгссөн хүүхдүүд 1972 онд 10 төгсөөд сургууль соёлоо аваад тэр үед 10 жил төгссөн хүүхдүүдээс манай ангид байсан янз янзын сургууль төгссөн улсууд их бий. Цэргийн ерөнхий төгссөн одоо том цэргийн ангийн ахлагч хийгээд байж байгаа хүн ч байгаа. Техникийн их сургуульд эрхлэгч хийгээд байж байгаа хүн ч байна.
Баасанхүү -
Дотуур байранд байхад юу боддог байсан бэ? Гэртээ харих юмсан ямар хэцүү юм вэ? гэж бодох уу?
Цэрэн -
Бодолгүй яахав. Дотуур байранд дандаа л гэрээ бодож байгаа юм чинь. Гэрээ санана хурдан сургуулийн 3-р улиралын амралт болно. Мал төллөх үеэр тэгэхээр хүүхдүүдийг хөдөө бригад луу машинаар ачаад хөдөө бригадад хүргэж өгдөг байсан юм. Түүгээр чинь гэртээ очиж сар шахам болоод ирээд хавар хичээл тартал байж байгаад тарна. Сургууль тарах, 3-р улирлын амралт 2 их сайхан. Дотуур байранд жаахан өлсөж барихаар хамаатан садангийнхаа айлаар хэснэ дээ. Хоолоо идчихээд айлд очиж мод сод хөрөөдөж өгөөд боов боорцог авна.
Баасанхүү -
Ер нь бол цаг зав ихтэй байсан уу?
Цэрэн -
Тэгэхэд унших бичиг гээд үздэг. Хэл бичиг монгол хэл түмэн бодис гээд ургамал мургамлын тухай тэгээд тоо зураг бага ангид иймэрхүү юм байсан. Том ангид газарзүй геометр гээд үздэг байсан байлгүй дээ. Үздэг байсан. Бас нэг хөгийн юм болдог юмаа. Орос хэл заадаггүй байсан юм. Тэгтэл 3-р ангид байхад орос хэл зааж эхэлдэг юм. Тэгэхэд манайд үржил станц гэж байсан юм. Малын хээлтүүлэг энэ тэр хийдэг. Тэрний авгай орос авгай байсан юм. Нөгөө орос авгай чинь хичээл заах гээд орж ирдэг юм байна. Орж ирээд бид нартай оросоор мэндэлсэн юм байна л даа. Бид нар элгийн хатаагаад хаячихсан. Оросоор шулганаад баахан юм ярина. Орос багшаар эхэлж бид нар орос хэл заалгаж байсан. 3-р ангид байхдаа орос хэл заалгаж байсан. Сүүлд манай энэ хадам талийгаачийн хүргэн ах нь орос хэлний багшаар ирж байсан юм. Тэгээд янз бүрийн юм заана. 5 хошуу мал лошадь адуу, ямаа , хонь тэмээ гэдгийг ингэдэг юм гээд ойр зуурын юм заадаг байсан нь одоо миний санаанаас гардаггүй юм. Хүүхэд байхад болсон юм санаанаас гардаггүй ш дээ. Дотуур байранд амьдрахад тиймэрхүү л байдаг байсан.
Баасанхүү -
Түрүүн та япончууд монголыг эзлэх гэж байхад Сталин цэргээ оруулж ирж хөөсөн гэж ойлгодог байсан гэсэн. Түүнийг хичээлээр тэгж зааж байсан уу?
Эсвэл та яагаад ч юм тэгээд ойлгочихсон юмуу?
Цэрэн -
Тэр ч яахав зүгээр ер нь тэр үеийн бүх юм тийм байсан тэгээд ойлгочихсон байхгүй юу. Япон гэдэг бол ерөөсөө аюултай дайсан. Япон манай нутгийг эзэлж байхад алаг морьтой Дандар баатар гээд мундаг бид нар Дандар баатар шиг гээд хүүхэд байхад тэгж тоглодог байсан. Тэр үед Ленин багш шиг суут ухаантай хүн байхгүй гээд тэр үед Ленин багш гээд дуу гараад Зангад энэ тэр хүүхэд байхад дуулдаг байсан. Хүүхэд байхад оросын юмаар маш их хүмүүжсэн байхгүй юу. Тэр үед Гагарин гээд намайг дөнгөж 1-р ангид орж байхад Гагарин ниссэн ш дээ. Гагарин эмэгтэй нисгэгч Тришков хүүхэд байхад одоо энэ нэрийг чинь мартахгүй байгаа юм чинь. Одоо тэр үеийн залуучуудаас анхны эмэгтэй сансрын нисгэгч гээд асуувал зарим нь мэдэхгүй байх. Хүүхэд байхад бид нар тийм юмыг маш их ойлгож байсан. ЗХУ-ын одоо бодож байхад миний анхны үзэж байсан кино Сэрэлт гээд орос эмч гардаг. Тэрнээс авахуулаад бид нар багаасаа кино миноноос тийм ойлголттой болчихсон байхгүй юу. Бид нар чинь дээр үеийн ойлголттой. Одоо ч хэвээрээ арилахгүй. Яс маханд шингэчихсэн байгаа юм чинь. Би одоо тэгдэг оросыг муулах юм бол өмөөрөх шинжтэй. Оросын кино байх юм бол арай л дотно харагддаг ш дээ. Солонгосын кино гараад байна дандаа уйлсан унжсан нэг хүнд 2 хүн дурласан байдаг ч юмуу худлаа байгаа юм чинь. Ер нь тэгээд манай энэ амьдрал ахуй янз бүрийн юм оросууд аягүй их өөрчилсөн юм шиг байлаа ш дээ. Кино дээр харж байхад. Ер нь тэр үеийн хүүхдийн хүмүүжил хүнийг хүндэтгэх ажил дээр дарга цэргээсээ айдаг цаг маш баримтлана. Төлөвлөгөө нормоо биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Тэгдэг л байлаа.
Баасанхүү -
Хүүхдүүдийн гол цагаа өнгөөрөөдөг тоглоом юу байсан бэ?
Цэрэн -
Тэр үеийн бүр бага хүүхэд байхын тоглодог тоглоом одоотой адил янз бүрийн хүүхдийн парк марк компьютер энэ тэр янз бүрийн юм байх биш ямар. Бид нар гахай тоглоно гэж их тоглодог байсан юм. Хэдэн мод ингэж тавьчихаад матек гээд бөөрөнхий гурилын мод шиг түүгээрээ шиддэг. Эмэгтэй хүүхдүүд жартай тоглоно. Зурчихаад дэвхэрээд. Эмэгтэй хүүхдүүд дээс тоглоно. Эрэгтэй хүүхдүүд матек тоглоно. Тэвэг тоглоно өшөө юм байхгүй. Тэр үеийн хүүхэд ерөөсөө тийм л байсан. Сагсан бөмбөг мөмбөг тоглоод байх тоглоом байдаггүй байсан. Тэгээд дээлээ урж их ноцолдоно доо.
Баасанхүү -
Зуны даалгаварт эрвээхэй хатааж ир юу юу өгдөг байсан бэ?
Цэрэн -
Зуны даалгаварт эрвээхэй сайхан хатааж ирж өгнө.
Баасанхүү -
Тоо ширхэгтэй юу?
Цэрэн -
Тоо ширхэг байхгүй. Сургуулиудын даалгавар хөдөөний хүүхдэд бол зурамны арьс өгнө. Тэгээд зурам ална. Тэр зурмыг чинь хонь малынхаа захад хэдүүлээ нийлээд эрэгтэй эмэгтэйгүй зурам ална. Зурамны нүхэнд ус хийнэ. Ус хийгээд мод бариад суучихна. Ус хийхээр бултгас гээд гараад ирэхээр толгой руу нь цохино. Тэгээд нөгөөхийг чинь шороонд үрээд үс ноосын сайхан янзлаад зурмаа сайхан өвчөөд авдар хаалга маалган дээр наагаад хаячихна. Сургуульд орохоороо хэн олон зурам алсан гэдгээрээ дүн мүн авна.
Баасанхүү -
Зурмаар нь тэгээд яадаг байсан юм бол?
Цэрэн -
Тэр үед түүхий эд авдаг байсан юм. Агент хүртэл зун авдаг байсан юм. Тэр үед бууны сум энэ тэр аягүй хямдхан. Бид нар буу буудаг байлаа. Сүүлд 17-18 хүрсэн хүнд агентууд сум тарааж өгнө. Түүгээр зурам мурам буудна. Тэгээд сүүлдээ цэргийн алба хаачихаад Эрдэнэт рүү яваагүй нутаг руугаа яваад Увсад очоод Увсад очоод сайхан байж дээ. Жолоочийн мэргэжилтэй очоод нэгдэлд нэгдлийн даргын тэрэг бариад нэгдлийн даргын тэргийг 2 жил барилаа. Даргын жолооч. Тэгээд даргын жолооч 2 жил 69 бариад тэгээд манай ээж амьд байсан. Гэр орон барьж өгөөд тэгээд манай талийгаач бид 2 гэр бүл болоод тэгээд Улаанбаатар орж ирсэн юм. Тэгээд тэжээлийн 25-р бааз гэдэгт орж энд би 1977 онд орсон юм. Тэгээд будаа тарианд яваад бааз байгууллаг таран тартал тэнд байж байгаад бааз маань ч алга боллоо ингээд байж байна.
Баасанхүү -
Тэтгэвэрт гарсан уу та?
Цэрэн -
Гараагүй нас болоогүй. 60 хүрч байж гарна. Одоо 57 хүрлээ. Одоо 3 жил дутуу.
Баасанхүү -
Хоёулаа тээврийн баазынхаа тухай жаахан яръя. Анх хотод орж ирээд ямар шугамаар ажилд орсон. Өөрөө хайж явж байгаад олсон уу? Хүн санал болгосон уу? Улсаас томилсон уу?
Цэрэн -
Хөдөө нэгдлийн даргын тэрэг барьж байсан гэж байгаад тэгэхэд манай ах нар хотод байсан юм. Ер нь ах нарыгаа бараадъя. Хот суурин бараадъя. Хот руу шилжье гэсэн хүсэлт тавиад тэгээд хот руу шилжээд ирсэн. Улаанбаатар луу шилжүүлдэггүй байсан юм. Гуйж гуйж өчнөөн явж байж Гунгаадорж гэдэг дарга гэж байлаа. Түүн дээр орж гуйж барьж байж шилжүүлэгт оруулж байсан. Тэгээд тэжээлийн 25-р баазад орсон. Энд ороод тэрэг аваад авгай хүүхдээ тэр жилээ нутгаас авч ирээд өөрийнхөө хүсэлтээр Улаанбаатарт шилжиж ирсэн.
Баасанхүү -
Тэгээд ажилдаа орохдоо яаж орсон вэ?
Цэрэн -
Хайж олсон. Баазын дарга дээр яваад орсон тэгээд 1000-ийн тэрэг аваад
Баасанхүү -
1000 тэрэг гэдэг нь ямар учиртай юм?
Цэрэн -
Манай тэнд авто засварын завод гэж байсан юм. Тэгээд тээврийн бааз тэр үед төлөвлөгөө нормоо өгчихнө. Тэгээд замд явж байтал машин тэрэг эвдэрнэ. Тэгээд баазын жолооч нартай аягүй түргэн танилцаж байгаа юм чинь. Будаанд намар 8 сард гараад явна. Тэр үед яг л хугацаандаа гарна. Тэгээд намрын будаа дуустал дууссаны дараа 10 сар гаргаад будаа дуусаж байгаа юм чинь. Октябрийн баяр дөхүүлээд.
Баасанхүү -
Октябрийн баяр хэзээ болох вэ?
Цэрэн -
11сарын 7-нд болно. Тэрний өмнө хамгийн сүүлчийн будаа 10 сарын 20-д гэхэд дуусдаг байсан юм. Тэгээд дуусахаар бид нарыг хот луу оруулахгүй ш дээ. Шууд баруун аймаг руу өвс ачуулна. 2 рейс гээд Говьалтай нэг рейс Баянхонгор нэг рейс. Тэр рейс хийж байж заавал Улаанбаатар орж ирнэ. Орох гэх юм бол хэл үгэнд орно. Машин тэргийн хураана барина гээд. Тэгдэг байсан тэр үед бид нар бас их захиргаатай байдаг байсан байгаа ш дээ. 8 сараас будаа тариагаа дуусгачихаад өвснийхөө тээврийг хийчихээд октябрийн баяр өнгөрөөж байж хүйтэн цас орчихсон байж байхад орж ирнэ. Тэгээд тооцоогоо бодоод дээд боловсролтой хүмүүс 700-800 төгрөгний цалин авдаг байсан юм шиг байгаа юм дээд сургууль төгсөөд баазын дарга хийж байгаа хүмүүс. Тэгэхэд бид нар тээвэр хийгээд төлөвлөгөө нормоо хийгээд сард хэдэн тонн км гээд өгчихнө. Тонн км гэж хийнэ. 1000 кмт 5 тн ачаа ачихаар 5000 км төлөвлөгөө нормоо биелүүлээд цалингаа авахад дээд сургууль төгссөн хүнээс илүү цалин авна. 2000 энэ тэр хүргээд авчихна. Жолооч нар сайн авдаг байсан. Будаа тарианд явахад олон хүнтэй сайхан танилцаад хоол ундаа хувааж иднэ. Кабиндаа жолооч болгон пермусктай
Баасанхүү -
Одоогийнхоор газын плитка.
Цэрэн -
Түүгээр чинь цайгаа чанаад уучихна кабиндаа. Тэгээд киноны хайрцагны дугуй хайруаг байдаг юм тэр дотроо хоол ундаа хийчихнэ. Тэртэй тэргүй будаанд явахад баазаас штаб гаргачихдаг юм. Засварын слесариуд жолооч нарыг хариуцсан механик инженерүүд гээд бааз тэр чигээрээ гарчихаж байгаа юм даа. Тэгээд тогооч хоол унд хийгээд өгчихнө. Голдуу Сэлэнгэ , Дархан-ы сангийн аж ахуйд гарна. Манайх голдуу Дархан их гардаг байсан. Тэгээд будаа дуусахын өмнөхөн дундуур нэг ирнэ. Будаа дуусахаар нэг ирнэ. Тооцоо хийнэ. Баазын нягтлангуудтай. Сангийн аж ахуйд очиж тооцоо хийнэ. Гэрээ хийгээд явчихна. Танай дээр төдөн машин ажиллаж байгаа гээд сангийн аж ахуйтайгаа тооцоо хийнэ. Манай жолооч нар төдөн тонн будаа тээсэн байна. Бид нарын цалин хөлс бодож өгнө. Цалин малинг бодоод өгчихнө. Баазаас ар гэрийнхэнд нь түлээ түлшийн буулгаад өгчихдөг байсан. Мод нүүрс буулгаад өгчихнө. Тэгээд ар гэрийхнийг нягтлан мягтланд тэр тэр айлыг тэр даа гээд хуваарилаад өгчихнө. Тэр хариуцсан хүмүүс ар гэрээр нь ороод бид тооцоондоо явах гэж байна. Юу юу өгч явуулах вэ гээд аваад ирнэ. Боорцог боов одоотой адил архи хийдэг байгаагүй. Бид нар архи уудаг нэртэй хааяа нэг архи ирвэл эвтэйхэн машин тэргээ тавьж байгаад нууж байгаад уучихна. Тийм л байсан даа. Сайхан байсан сайхан байсан. Тэгээд будаа тарианаас бууж ирээд хэд хоног амарч байгаад зам мам аваад явчихна.
Баасанхүү -
Зам авна гэхээр томилолт маягийн юмуу?
Цэрэн -
Оо тийм тэндээс ачаа ач гээд өгчихдөг байсан. Өвөл зунгүй.
Баасанхүү -
Тэр будааны газар очоод ачсан будаагаа хаашаа яаж зөөдөг байсан бэ?
Цэрэн -
Ачсан будаа ингэдэг байхгүй юу. Эхлээд сангийн аж ахуйд будаанд очно ш дээ. Талбайд ургасан тариа байна ш дээ. Түүнийг комбайнаар хураана. Сангийн аж ахуйн комбайнууд хураана. Комбайнаар хураасан будааг бид нар сангийн аж ахуйн үтрэм рүү зөөдөг байхгүй юу. Үтрэмийн будаа талбайгаа хураагаад дуусахаар зэрэг үтрэмд хураасан будааг оюутан залуучууд чинь оюутанууд намрын ажил гээд их гардаг байсан ш дээ. Оюутанууд будаан дээр ажиллана. Будаа цэвэрлэдэг машинаар будаа цэвэрлүүлнэ ачигч гээд байна. Будааг ачаад улсын гурил тэжээлийн үйлдвэрүүд рүү график гаргаад өгчихнө. Тэдэн цагаас тэдэн цаг хүртэл гээд тэгээд бид нар Дарханы гурил тэжээлийн үйлдвэр ойролцоо том том үйлдвэрүүдэд гурил будааг нь зөөж тээвэрлэдэг. Тэгж будаа зөөдөг байлаа. Манай талийгаач 2 чиргүүлтэй аягүй сайн явдаг байсан ш дээ. Будаанд явна их мундаг жолооч байсан юм. 2 чиргүүл чирээд янзын ухарна ш дээ. Мань мэт ганц нэг чиргүүлтэй ухрах гэж сүйрч байгаа юм. Манай хүн янзйн ухарна. Тэр үед 2 чигүүл чирэхэд зүгээр нэг машин оросын зил 130 машинаар зөөж байлаа. Энэ чинь яг өөрийнхөө юугаар явж байгаа. Мотор энэ тэр яг л тухайн үеийн машины маркаар ирж байгаа юм чинь. Тэрийг өөрчлөнө. Янз бүрийн паз автобусны бүхээг хийнэ. Камаз кразны бөгс мөгсийг өөрчлөнө заримдаа. Бас өөрчилж тавина.
Баасанхүү -
Тэгдэг нь яаж байгаа юм.
Цэрэн -
Хүч нэмэгдүүлж хүчтэй бөгс машиндаа тавина. Анхны тэр бөгсийг танай аав бааздаа тавьж байсан юм даа.
Баасанхүү -
Өө за
Цэрэн -
Юуны бөгс караз билүү камаз билүү. Бөгсийг мостонд дээр ухаж ухаж суулгана.
Баасанхүү -
Тэр социалист уралдаан муралдаан хэр явагддаг байсан бэ?
Цэрэн -
Явагдалгүй яахав. Тэр үед төлөвлөгөө нормоо биелүүлсэн тэгээд тэр үед чинь тав таван жилийн төлөвлөгөө гэж өгдөг байсан юм. Таван жилийн төлөвлөгөө таван жилийг жилд хэдэн мянган тонн гээд төдөн тонн км гээд тонн км гэдэг нь тээсэн ачаа тэгээд таван жилд дүгнэдэг байхгүй юу. Таван жилд жил жилийнхээ нормыг хийгээд л түүнээс дээш давуулсан нь таван жилийн гавшгайч болно. 5-р таван жилийн гавшгайч тав таван жилээр би хамгийн сүүлийн 7-р таван жилийн гавшгайч болж байсан. Тэгээд төлөвлөгөө нормоо хийгээд л байдаг байсан. Хамгийн сүүлд социализм гараад төлөвлөгөө норм байхгүй болоод бааз сайн явсан төлөвлөгөө нормоо биелүүлсэн ажлаа сайн хийсэн улсуудыг тусгай шагналтай. Саятан жолооч болгоно.
Баасанхүү -
Саятан жолооч гэдэг нь юу гэсэн үг вэ?
Цэрэн -
Сая км явсан. Тэгээд бааз байгууллагын аварга улсууд тухайн тухайн юугаараа дагнаж бас хийдэг байсан юм. Дан тэжээл тээгээд давуулсан улсууд байдаг. Манай баазын тэжээл тээврийн аварга , хөдөлмөрийн баатар манайхаас гараагүй. Улсын аварга нэлээд хэд хэдэн улсууд байсан. 5-р баазаас 2 хөдөлмөрийн баатар төрсөн. Хөдөлмөрийн баатар Амармэнд гээд Загдаа гээд гарлаа. 1990 он болоод ардчилал гараад тэгээд бааз байгууллага тарж бутраад тэгээд хичнээн сайхан бааз байгууллага байсан тэгээд хувьчилж бариад хувьцаа гэж нэг юм гараад бид нар ямарч учрын мэддэггүй хувьцаагаа аваачиж өгөөд тэр машин техникийг чинь мэдэхгүй зарим нь хэд гурван цаас өгч аваад зарим нь оргүй ор тас болоод тэгээд дууссан ш дээ. Тээврийн байгууллагын хувьчлал их буруу явагдсан тэр үед. Хөдөөний малчдад зөв явагдсан юмшиг байна лээ. Бид юу ч үгүй үлдсэн. Машинаа баазаас худалдаж авсан. Хөдөөний малыг бол үнэгүй өгчихсөн юм байна лээ.
Баасанхүү -
Ярилцлагаа дараа үргэлжлүүлье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.