Tseren
![](../assets/images/interviewees/990086.jpg)
Basic information
Interviewee ID: 990086
Name: Tseren
Parent's name: Maahai
Ovog: Erchgen
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: not working
Belief: none
Born in: Öndörhangai sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Бид хоёрын түрүүчийн ярилцлага хувьчлал руу ороод дууссан. Одоо болохоор би танаас ингэж асууя. Ардчилал гарахад та юу хийж явсан бэ? Дэмжиж байсан уу? Эсвэл эсэргүүцэж байсан уу? Эсвэл та ерөөсөө тоогоогүй юу?
Цэрэн -
Тэр үед социализмын нийгэм байсан учир ардчиллыг ерөөсөө мэддэггүй. Би тээвэр хийгээд хөдөө явж байсан чинь хэсэг залуучууд гарч юу яаж ардчилсан холбоо гэж юм байгуулж гээд хүмүүс янз янзаар ойлгож байсан. Энэ ерөөсөө буруу юм хийж байна залуучууд гээд тэр үед бид нар сайн мэдэхгүй байлаа. Тэр үеийнхээ нийгэмд бид нар бага сургуулиас авахуулаад дасчихсан байсан учир ардчиллыг их дэмждэггүй байсан л даа. Тэр үеийн улсууд ардчилалд манай бааз засварчинтайгаа нийлээд 700-800 гаруй улсууд байсан байхгүй юу. Манай бааз их том байгууллага байсан байхгүй юу. Тэгэхэд ардчиллыг дэмждэг хүн их цөөхөн тоотойхон шиг 4-5 залуучууд инженер минженер залуучууд тэгж байсан болохоос жолооч молооч хүмүүс бол ардчиллыг дэмждэггүй байсан. Засгийн эсрэг юу яалаа гээд тэр үед төв хороо гэж байсан төв хороо засгийн газрын эрх авах гэж байна гээд тухайн үед цуглаан жагсаал гараад тэргүүлж байсан талийгаач Зориг Элбэгдорж энэ тэр цуглаан хийж байна гээд бид тэр цуглааныг сонирхож очиж байлаа. Ялалтын талбай дээр ирээд хийж байсан тэгээд аргагүй ардчиллын төлөө зүтгэхээс аргагүй байжээ гээд ярилцлага марилцлага болоод өөрсдөө засгийн газар татан буугаад тэгээд ардчилсан холбоо байгуулагдаад ерөөсөө ардчилсан холбоо гараад хүний эрх хязгаарлагдмал ганцхан нийгэм яачихсан гээд тэгээд малыг малчдад нь хувьчлал явуулаад ардчилсан холбоо гараад хувьчлалыг бий болгож явуулсан. Тэгээд тэр үед бид нар зөв ч юмуу буруу ч юмуу мэдэхгүй байлаа. Тийм л ойлголттой байсан. Тэгээд ингээд яваад байхад энэ чинь хөөрхий зөв л юм байсан байна лээ. Сүүлд хойно. Тэр үед хувийн машинтай хүн цөөхөн байсан. Одоо бол хүн бүр машинтай боллоо. Янз бүрийн юм хэлж болдоггүй байсан өөрсдийнхөө хүнд хэлэх үгээ хэлдэг ярьдаг болчихлоо. Тэр үед хамаагүй юм хэлж болохгүй. Бараг эсэргүү маягийн юм болчихно. Тийм л байсан. Тэгээд хувьчлал явагдаад хөдөө малыг малчдад зарим байгууллага бааз машинуудаа жолоочид нь өгчихсөн ш дээ. Жижиг такси баазууд үнэгүй тэгээд өгчихсөн. Бид нар түүнийг мэдэх биш хувьцаа гээд хүн бүрт хувьцаа гэж тарааж өгөөд 7 ам бүлтэй айл манайд чинь 7 хувьцаа өгч байсан юм байгаа юм. Тэр хувьцааг бид нар бааздаа өгөөд хувьцаа өгөхөөр тэр бааздаа хувь нийлүүлсэн болоод хувьцаат компани гээч юм болж байгаа юм.
Баасанхүү -
Баазын чинь хувьцааг ажилчиддаа өгсөн юм байна тийм үү?
Цэрэн -
Тийм. Түүнийгээ буцааж өгөөд машинаа авсан. Хувьцааны учрыг би хувьдаа ойлгоогүй байсан юм. Тийм л юм гарч ирсэн. Ер нь тэр бааз байгууллага машин тэргээ тараагаад тарж бутраад 1990-1995 онд улсууд ажилгүй болчихсон ш дээ. Ажил байхгүй. Өөрсдөө машин тэргэндээ бензин хийгээд ачаа бараа олоод явбал явдаг. Олсон мөнгөнийхөө хэдэн %-ийг билээ байгууллагадаа өгдөг тиймэрхүү байсан юм.
Баасанхүү -
Үйл ажиллагаа нь хэвийн бус болчихсон байсан уу?
Цэрэн -
Хэвийн бус ажиллагаа бараг байхгүй болчихсон. Бүх газрууд тарж бутраад бараа бааз бөөний бааз энэ тэр бүгд яачихсан. Ачаа мачаа яадаг том том баазууд бүгдээрээ байхгүй болсон.
Баасанхүү -
Танай байгууллага дээр хувьчлал яаж явагдсан бэ?
Цэрэн -
Хувьчлал манай байгууллага дээр ерөөсөө машин тэргүүд яахав тиймэрхүү байдлаар тэгж өгөөд норм хугацаатай машинуудыг тохирсон тохирсон үнээр өгөөд эдэлсэн хугацаагаар нь үнэлгээ тогтоогоод жолооч нарт нь мөнгөөр өгсөн. Зарим үнэ цаасаа өгч аваагүй хүмүүсийн машиныг хашаандаа байгаад байсан. Сүүлдээ авчихсан юм шиг байна лээ. Баазын байгууламж бас нэлээд юм байсан. Тэр талбай энэ тэр гээд түүнийг тэгээд сүүлд яасан юм байгаа юм зарж түрээсэлж бариад талбайгаа жолооны сургууль мургуульд одоо ч бараг дууссан юм шиг байна лээ. Байхгүй ерөөсөө одоо ганц нэг уурын зуухны гараж мараж байсан тиймэрхүү юм л байдаг юм байна лээ. Хувьчлал тиймэрхүү маягаар их сонин болчихсон. Яг өгөх ёстой эзэндээ зарим юм очиж чадаагүй. Энэ байр байгууллага зарим улсууд хувьчлалаа зөв хийсэн юм байхгүй. Хөдөөний мал маллаж байсан хүмүүс маллаж байсан малаа аваад одоо ч гэсэн түүгээрээ амьдрал ахуйгаа авч яваад мөнгөтэй болчихсон. Бид нар баазад ажиллаж байсан хүмүүст ийм юм олдоогүй байхгүй юу. Тэгээд л өнгөрсөн. Хувьчлал их цоохор болсон. Бааз байгууллага дээр хувьчлал явагдаагүй. Хүн амьтан машинаа авахын тулд хүнээс мөнгө зээлдээд ийм юм болсон. Манайх хичнээн сайхан бааз байгууллага байсан.
Баасанхүү -
Та машин хувьчлаж авсан уу?
Цэрэн -
Би машинаа авахдаа бас л мөнгө тушааж авсан. Машин чиргүүл 2-ыг нийлүүлээд би 7030 цаасаар авч байсан. Тэр үед 7000 гаруй цаас их мөнгө л дөө. Тэгээд хувьчлалын юугаар бас ингэсэн юм яг тээврийн байгууллагад насаараа ажиллаж байгаад яг тэр байгууллагын хүн тэтгэвэртээ гарсан. Бүр насаараа тээврийн байгууллагад ажиллаж байсан баазаас гарсан улсуудад юу ч олдоогүй. Тухайн үед машин тэрэг барьж байсан тухайн үед ажиллаж байсан улсууд машин тэргээ авсан. Насаараа ажиллаж байгаад гарсан хүмүүст бас гомдолтой байдаг юм. Та нар л унаатай болсон. Бид насаараа халуунд халж хүйтэнд хөрч явсан улс чинь гомдолтой байсан.
Баасанхүү -
Хувьчлал заваан явагдсан нь тухайн баазын буруу байсан уу? Угаасаа өмч хувьчлал тийм хуудуутай явагдсан уу?
Цэрэн -
Өмч хувьчлал замбараагүй явагдсан. Тэр үеийн удирдаж байсан хүмүүсийн буруу бас байсан. Жүжигчин Пүрэвээ гээд хүн байсан даа. МУГЖ муухай Пүрэвээ гээд хүн байсан. Түүний хүүхэд ямар ч бааз байгууллахад байгаагүй хүн тухайн үеийн бааз байгуулж байсан хүмүүстэй тохироод л хувьцаа цуглуулаад тэгээд баазыг авчихсан шүү дээ. Баазын хувьчлал нэг тиймэрхүү явагдсан. Манай бааз байгууллагдаад 40 жил болохоод ямар ч санхүүгийн ямар ч бааз байхгүй. Данс байсан юм шиг байгаа юм. Жолооч нараас бололцоогоор нь тал талаас 50.0 төгрөг гаргаад 40 жилийн ойгоо хийж байсан. Ноднин уулзахад бааз хувьчлагдахад юу ч авч чадаагүй одоо 70 гарсан 80 гарсан улс байж л байсан. Зөндөө байж байгаа юм чинь тиймэрхүү хувьчлал явагдсан даа. Насаараа тээвэрт явж байгаад тэтгэвэрт гараад юу ч авч чадаагүй улс зөндөө байдаг юм. Одоо зарим нь өөд болоод дуусаж байх шиг байна даа. Цөөхөн үлдсэн байна лээ. Бид нар тоолж үзэхэд сайндаа 17, 18 хүн байна лээ. Бид тэр үед 39, 40 л дөнгөж хүрч байсан. Тэгэхэд одоо бид 56, 57 хүрээд байна шүү дээ.
Баасанхүү -
Та хувьчлаж авсан машинаараа ажил хийж мөнгө олж чадаж байсан уу тухайн үед
Цэрэн -
Яахав хэрэг болсон болсон. Түүгээр чинь амьдралаа залгуулж байсан. Ачаа бараа зөөгөөд явж байсан. Сүүлдээ хүүхдийн төлбөр төлөх болоод ачаа зөөж чадахгүй болоод хэдэн цаасаар зарсан даа. Хэрэг болсон хэрэг болсон.
Баасанхүү -
Зүв зүгээр үйл ажиллагаа явуулж байсан байгууллагыг ардчилал гараад хувьчлал нэрээр үгүй хийсэн гэсэн үг үү?
Цэрэн -
Тэгсэн зарим нэг хэсэг нь машин аваад зарим нэг хэсэг нь юм авч чадахгүй тэгээд хоцорсон байхгүй юу. Тухайн үед тээврийн яам гээд тусгай том яам байлаа л даа. Тэр яамны харъяа бүх 18 аймагт ачаа тээвэрлэдэг хэд хэдэн бааз байсан. Тэр бүгдийг зохицуулдаг хашаа ямар ачаа хүргүүлэх үү гэдгийг зохицуулдаг тусгай ачаа тээврийн удирдах газар гэж байсан. Манай байгууллагад гэхэд тийшээ ийшээ ачаа ач гээд хэлээд өгчихдөг: жнь Увс руу ч гэдэг юмуу. Бараа баазуудтай холбоотой. Хоорондоо уялдаатай. Бараа бааз гээд байсан. Тэд хоорондоо уялдаатай. Тэгж ажил үүргээ явуулдаг ер нь их сайн байсан. Ачаа тээврийн удирдах газар мэдэж баазуудаар хүргүүлдэг байсан. Замын хуудас бичээд өгчихдөг. Бааз дотор хаашаа явах яах ийхийг зохицуулсан удирдах хүмүүс байдаг. Нягтлангууд тусдаа. Улсын байцаагчтай. Улсын байцаагчид жолооч нарт ачаа ачих захиалга аваад ирнэ. Тэгээд ажлаа тасална гэж байхгүй. Сардаа бид нар тогтмол дээрээс өгсөн төлөвлөгөө нормоо биелүүлээд тэгээд ямарч байсан под хийтэл амьдардаг байсан.
Баасанхүү -
Та энэ жолоочийн ажилдаа дуртай байсан уу?
Цэрэн -
Дуртай байлгүй яахав. Тэр үед тээврийн жолооч нар тэр үедээ их нэр хүндтэй байсан. Цалин мөнгө овоо байсан. Хөдөө тээвэр хийгээд явах сайхан ш дээ. Зуны цагт явахгүй газар байхгүй. 18 аймгаар бүгдээр нь явна. Тэр үед сайхан байсан дуртай байлгүй яахав. Манай тэр бааз байгууллагад сайн төлөвлөгөө нормоо байнга биелүүлдэг тээврийн яамны гавъяа шагнал авч байсан тухайн үед мундаг мундаг их олон жолооч нар байсан. Тээврийн улсын залуу аварга гэж манайд бас байсан. Энхбат гэж сайхан залуу байсан. Одоо байгаа. Шагдар гээд бас мундаг жолооч байлаа. Мундаг мундаг явдаг сайхан жолооч нар зөндөө байсан. Тухайн үедээ тээврийн яамны гавъяа шагнал авч байсан. Манайхаас гавъяат тээвэрчин хүртэл төрсөн. Манай байгууллагаас
Баасанхүү -
Бас гавъяат тээвэрчин гэдэг цол байдаг уу?
Цэрэн -
Гавъяат тээвэрчин байдаг юм. Одоо амьд сэрүүн байна. Дорж гэж. Тэр үед ардын их хурлын депутат байсан. Тэр үед сайн ажиллагаатай хүмүүсийг депутатаар сонгодог байсан. Депутат бол одоогоор бол их хурал чуулга муулга чуулж байна ш дээ. Депутат хуралд суудаг.
Баасанхүү -
Улс төрийн үйл хэрэгт оролцдог гэсэн үг үү?
Цэрэн -
Тийм байгууллагаа төлөөлж улс нийгмийн ажилд оролцоно. Манайх чинь тээврийн яамны харъяа автокомбинат гэж өргөжсөн юм сүүлдээ. Автокомбинат болоход 36-р бааз гэж бас нэг бааз байсан юм. Тэжээл тээврийн 36-р бааз манай 25-р бааз 2 нэгдээд сүүлдээ 5-р бааз нэгдээд 3 том бааз нэгдээд сүүлдээ автокомбинат болсон юм. 1500 машины засвар үйлчилгээний станц гэж том засварын газар байгуулагдсан юм манайд. Тэнд бид нар машин тэргээ янзлуулдаг. Машин тэрэгтээ ямар ямар үйлчилгээ хийлгэх вэ бичүүлээд тэгээд тэр засвар луу оруулчихдаг. Их сайхан тоног төхөөрөмжтэй. Машин эхлээд угаалгаар орно. Угаалгаар орж шавар тоосыг тал талаас усаар шүршээд угаачихдаг. Засвар үйлчилгээний гараж руу ороход дотор нь зөндөө багаж төхөөрөмжтэй. Данхраад 30 машиныг дээш нь өргөчихдөг. Маш тийм сайхан станцтай байсан. Машин бол дор нь засварт орчихно. Ер нь техник үйлчилгээ тосолгоог дор нь хийгээд өгчихдөг. Тэгээд машин явахад бараг бэлэн шахам болгочихдог. Тухайн үед манай автокомбинатын дарга сүүлд тээврийн яамны сайд болсон сүүлдээ улсын их хуралын гишүүн байж байгаад ноднин больчихлоо. Сандалхан байсан юм. Сандалхан гэж тэр чинь манай баазын дарга байсан юм. Тэр үед манай байгууллагад 5-р баазаас хөдөлмөрийн баатар болсон Загдаа гэж хүн байлаа. Зөвхөн 36,25 хоёр нийлээд тусдаа жаахан байсан. Тэгэхэд Гүнчин гээд 36-ийн аварга дандаа жилийнхээ төлөвлөгөө нормоо байнга биелүүлдэг сайн явдаг аварга жолооч байсан. Одоо талийгаач болсон. Манай баазад Шагдар гэж байлаа. Баасанжав гэж жолооч байлаа. Сайхан сайхан тээвэрт явдаг хүмүүс байсан. Гэндэнгийн Нэргүй гэж байна. Танай аав чинь гэсэн сайн явдаг байсан. 2 чиргүүл чирч төлөвлөгөө нормоо байнга биелүүлдэг тийм хүн байсан. Олон сайхан үйл ажиллагаа явуулдаг сайхан байгууллага байсан. Тэр байгууллага хувьчлал явагдаад тараад юу ч байхгүй болсон байгаа. Гэхдээ яахав ардчилал гээч юм гараад бас л тухайн үедээ бид ардчиллыг бас яадаггүй байсан одоо ингээд эргээд яаж байхад бас л зөв юм явагдсан юм байна лээ. Зөв л юм явагдсан. Хүн бүр унаа тэрэгтэй болчихлоо. Хүн бүр хэлдэггүй байсан үгээ хэлдэг болчихлоо. Бас зөв л юм болсон.
Баасанхүү -
Ардчилал гарахаас өмнө социалист нийгэмд ажиллаж амьдарч байхад танд ямар нэгэн дарамт шахалт юмуу ер нь тэр нийгмийн зүгээс тийм зүйл ирж байсан уу?
Цэрэн -
Тэр гайгуу шүү. Ер нь тухайн үедээ бид нар дарга захиргаанаасаа удирдлагаасаа эмээж айж явдаг байсан. Тэр нийгмийн тухайн үеийн шаардлага тийм байсан. Бид нар өглөө ажлын цаг хоцрохгүй хэдэн өдөр тээвэрт яваад ирсэн гэсэн ч 8 цагт очих ёстой бол тэндээ л очино. Тийм байсан. Дарамт шахалт бол гайгуу. Тэр үед хариуцлага өндөр байсан. Тухайн үед баазынхаа төлөвлөгөө нормыг биелүүлэхийг төлөө маш идэвхтэй ажилладаг байсан. Яв гэсэн газар нь ачаагаа хүргэж өгөөд тэр бас хоногтой л доо. Хоногт чиргүүлгүй дан тэрэг 240 км явах ёстой. Чиргүүлтэй тэрэг 200 км явах ёстой. Хоногийн тооцож үздэг. Чиргүүлтэй тэрэг 1000 км газар явлаа гэхэд ирж очих 2000 км газар 10 хоног явж ирэх ёстой. 10 хоногоос илүү явах юм бол хоногийн алдагдал гэж хийдэг. Тэгэхээр бас хариуцлагтай байсан байгаа биз. Одоо бол тийм юм байхгүй. Ар гэр гачигдалтай бол харж үздэг. Авгайн жирэмсэн бол олон хоногийн ажилд явуулахгүй. Өдөртөө буцаад ирэх ажилд явуулдаг. Түүнийг зохицуулж өгдөг байсан байгаа юм. 1983 онд манай авгай жирэмсэн байсан. 8 сар байсан. Будаан дээр ажилласан хүмүүс уртын будаанд 10 сар хүртэл ажиллаж байгаад ирнэ. Тэгэхэд намайг будаанаас чөлөөлсөн. 200 км-ийн тээвэрт явуулсан. 200 км газарт өдөртөө буцаад ирнэ. Иймэрхүү байдлаар зохицуулж өгдөг байсан. Тэр жил манай авгай 8-р сарын 20 нд амаржсан. Чөлөө мөлөө гэж байхгүй өөр зуур яваад болж байсан. Тэгээд 45 хоног механикчаар явж байгаад холын замын ачаа аваад явчихна. Тэгээд би явж байгаад хаа байгаа Увс руу ачаа хүргэчихээд бас өвлийн хүйтэнд явж байсан юм. Тэгсэн манай гэрийн хүн бие муудчихсан байсан. 84-р цэцэрлэгт тогооч хийдэг байсан. Тэр ч яахав жирэмсэн амралтаа авчихсан байсан юм. Тэгээд хүүхдүүд жаахан юм чинь хатгаа аваад хатгаа хүндэрчихсэн. Тэгээд хүүхэд гараад дөнгөж 2 сар болж байсан. Тэгээд манай авгай эмнэлэгт бие муудаад хэвтээд тэгээд намайг бааз байгууллага харж үзээд авгай удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн бараг жил шахуу хэвтсэн юм чинь. Тэгээд манай 2 сартай хүүхэд нөгөөдөхийг угжиж тэгэхэд хүүхдийн байгууллага бас сайхан байсан юм. Хүүхдийн сүүний үйлдвэрээс хөнгөлттэй үнээр сүү авдаг. Тэгээд хэсгийн эмнэлэг байдаг. Эмнэлэг чинь байнга ирж тэр хүүхдийг үздэг. Тэгээд би баазаас чөлөө аваад 12 сард чөлөө авсан хүн чинь хүүхдээ хараад хавар 4 сар хүртэл хүүхдээ харсан. Тэгээд гэрийн хүн бие муутай. Тэгж байхад ажилчдын автобус явж байсан. Ажилчдын автобус гэхээр баазын ажилчдыг зөөдөг манайд ажилчдын үйлчилгээний 3 автобус жижүүрийн 2 зил 130 машин гээд 5 машин үйлчилж байсан юм. Жижүүрийн машин гэхээр хөдөө явсан жолооч нар шөнө ирдэг ирэхээр зэрэг гэр оронд нь хүргэж өгдөг. Өглөө автобусны 3 жолоочийг эрт ирж гэрээс нь аваачдаг. Тэгээд ажилчдыг зөөнө л дөө. Тэгээд би чинь 2 жил шахуу ажилчдын автобус барьсан юм. Тэгээд манай гэрийн хүн гайгуу боллоо. Хүүхэд бас овоо болсон. Тэгээд би 430 цаасны цалин авдаг. Тогтмол цалинтай 430-ийг авдаг авгай цэцэрлэгт тогооч хийгээд 360 авдаг байлуу тийм л авдаг байсан юм. Тэр үед под хийж байсан. Тэгээд олон жил хуучин муу тэрэгтэй ноцолдож байсан амьдрал ахуйг нь дээшлүүлж машин тэрэг өгье гээд манай автокомбинатыг удирдлагууд тэгж шийдээд манай баазад 6 шинэ тэрэг ирсэн юм. 1985 онд яг будаанаар тэгээд тэр тэрэг аваад будаанд яваад урд оройн хангамжаас аваад шөнө нь өндөрлөгөөний банзыг ачиж аваад будаанд гарч байгаа юм. Банзаа ачиж аваад 1985 оны 8 сард шинэ тэрэг авч байсан. Тэгээд 1990 оны ардчилал гартал бааз байгууллага тартал түүгээр ажил хийж амьдрал залгуулж байлаа. Тэгж тэрэг авч байсан юм би. Манайд эмэгтэй жолооч байсан бас. Нас нь 58-59-тэй байсан юм. Тэр үед 58-59-тэй тээврийн тэрэг барьдаг Пагма гэж авгай байлаа. Өвгөн нь бас жолооч өвгөнтэйгээ хоёулаа хоёр тэрэгтэй. Бас чиргүүлтэй явна. Тийм эмэгтэй жолооч байсан юм.
Баасанхүү -
Ганц эмэгтэй байсан юмуу?
Цэрэн -
Ганц эмэгтэй. Нягтлангууд голдуу эмэгтэй. Тээврийн тэрэг барьдаг ганц эмэгтэй байсан. Аягүй чадалтай. Бид нарын өргөж чадахгүй байгаа дугуй мугуйг шууд чиргүүл дээрээ өргөөд хаячихдаг байсан. Одоо байгаа байхгүйг мэдэхгүй. Байхгүй байхаа тэр өнгөрсөн байх.
Баасанхүү -
Түрүүн та аягүй идэвхтэй ажилладаг байсан гэсэн ш дээ. Тэгж идэвхтэй ажиллахад тэр нийгмээс ирж байгаа удирдлагаас ирж байгаа шахалт их байсан уу? Эсвэл хүмүүс сайн дураараа тэгж идэвхтэй ажилладаг байсан уу?
Цэрэн -
Идэвхтэй байсан. Тэр үед идэвхтэй ажиллахаар хийснийхээ хэрээр цалин авдаг. Тэгэхээр амьдрал ахуйгаа бодно бааз байгууллагын төлөвлөгөө норм биелүүлэхийн төлөө ер нь шахалтгүй идэвхтэй ажилладаг байсан. Зарим үед идэвхтэй ажиллахын тулд машин тэрэгнийхээ хүчийг дээшлүүлэх янз бүрийн хүчтэй автобусны бөгс боолт энэ тэрийг сольж тавина. 31-ийн хроп энэ тэр тавиад чиргүүлээ бүр томруулаад уртасгаад бас жижиг 5 тонны чиргүүл нөгөөдөхийнхөө араас чирчихнэ. Тэгж маш идэвхтэй ажилладаг байсан. Машин тэрэгнийхээ хүч нэмэгдүүлж өвс ачихад өргөтгөл гэж өөрсдөө санаачилж тийм юм хийж байсан. Нэргүй ах бол эхэлж краз гэдэг машины 10 дугуйтай краз бий л дээ. Тийм юмны бөгсийг мостыг 30-ийн мостны дээд талаас ухаж аваад суулгаад тэгээд 2 чиргүүлтэй явдаг байсан. Тэр чинь бас л шинэ санаачлага байсан. Тэрийг дуурайгаад манайхаас би хүртэл хийж байсан. Бас тийм бөгс тухайн үед гагнуурчингаас гуйж 5 цагт ажил тарна тарахад тараахгүй аваад үлдчихэж байгаа юм чинь. Чи миний юмыг янзалж өг гээд тэгээд ажил тарсан хойно шөнө нөгөө гагнуурчинтай зориулалтын бус юм хийж байгаа юм чинь бас жаахан нуумаар болж байгаа юмуу хаашаа юм тэгээд хийж байсан. Тэр чинь бас санаачлагатай ажиллаж байгаа биз дээ өөрсдөө. Ямар ч хүн цаанаас бөгс мөгсөө соль гэж хэлэхгүй ш дээ. Өөрсдөө л тэгж зүтгэж байсан.
Баасанхүү -
Тэгж олон хоногоор тээвэрт явж байхдаа. Ажил амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Цэрэн -
Ар гэр маш их нөлөөтэй байсан. Олон хоногоор явахад бааз бас харж үзнэ л дээ. Цалин мөнгө буухад аваачаад өгнө. Түлээ мод буулгаад өгчихдөг тийм байсан. 365 хоногийн ихэнх тал нь тээвэрт явдаг. Ар гэрийн улс л авч явж байсан. Би боддог юм. Бидэн шиг сар хоёр сар явдаг тээврийн байгууллага гэж байдаггүй байхаа.
Баасанхүү -
Бүр 2 сар үргэлжлээд гэртээ ирэхгүй яваад өгнө гэсэн үг тиймээ?
Цэрэн -
Тийм
Баасанхүү -
Бөөнөөрөө явна биз дээ. Бас ганцаараа явах уу?
Цэрэн -
Бөөнөөрөө ч явна. Компанит ажил байдаг. Ургац модны ажил байдаг ч юмуу тийм ажилд явахдаа бөөнөөрөө. Тээвэрт ганцаараа ч явна. Ганц хоёроороо ч явна бөөнөөрөө ч явна. Хоёулаа явж байгаа жолооч нар чинь нэг хүн шиг явна шүү дээ. Хоолоо хамт хийж иднэ. Яг нэг гэр бүлийн хүмүүс шиг болоод явчихдаг. Нэг тогооноос хоол идэж байгаа юм чинь. Аягүй тийм эвсэг хамт олон болдог. Тээврийн жолооч нар их сайхан хоорондоо эвтэй ямар ч сайхан байсан юм бэ дээ. Нэгнийхэн машин болохоо байвал нэгэндээ түлхүүр юмаа өгнө. Эвдэрсэн гэмтсэн юм байвал засаад өгчихнө. Сэлбэг байх юм бол нэгэндээ өгнө. Дэм дэмэндээ гэдэг шиг явдаг байсан. Одоо их сонин болсон байна. Би энэ намар Дархан явсан юм. Нааш ирж яваад эмээлтийн энд машин эвдрээд суусан байхгүй юу. Машин ерөөсөө зогсохгүй. Ганц нэг машин зогсохоор зэрэг түлхүүр мүлхүүр юу ч байхгүй. Хүнд туслах юм аягүй ховор байхгүй болчихсон юм байна лээ. Дээр үед бол эвдэрсэн нэгэндээ заавал туслана. Болохгүй бол айл бараадуулна. Бүр болохгүй бол яаж ийж байгаад аваад ирдэг байсан.ургацын ажилд явж байхад жолооч нар нэг хүнээр удирдуулаад явуулдаг. Инженерүүдээс гадна. Ахмад хүмүүсийг их хүндэтгэнэ. Дугуй мугуйн хагарчих юм бол бид нар дугуйг нь хийлж өгнө. Нөхөж өгнө. Тиймэрхүү байдлаар хүндэтгэдэг байсан. Сангийн аж ахуйгаа дуусчихаад айл амьтнаар хэсээд явахаар зэрэг бид нарыг хөөж явуулж байсан. Тэгэхээр зэрэг даруулгатай байсан байгаа биз. Явахаар зэрэг нэргүй хүн байхгүй дээ. Бүгд хочтой байдаг байсан. Ямар сайндаа би тамхи татдаггүй байхгүй юу. Завханы Тосонцэнгэл дээр байсан. Бид нар Завханд ачаа буулгахаар тав зургуулаа явсан. Буудалд буугаад л нөгөө хэд чинь тамхи тариагаа аваад л бид нар чинь идэх уух юмтайгаа явна. Би тамхи татдаггүй учраас боов их авна. Явдал дундаа боов идээд явчихдаг. Мах нь хоол тоохгүй. Аймгийн төв ороод тэр чинь бараг 100 км явж байгаа юм. Тосонцэнгэлээс юу ортол бас нилээд хол газар л даа. Өдөртөө гараад орой очихоор тийм газар тээврийн буудал дээр очоод хоол иднэ. Нөгөө хэд боовоо оруулж ирээд идэж байхад миний боов дуусчихсан. Нөгөө хэд тамхиа татаад яваад байдаг. Би боовоо идээд яваад байдаг байхгүй юу. Тэгээд надад бирааниг гээд нэр өгчихсөн. Би Увс руу нэг ачаа авчихаад Санжаа гээд настай жолооч байсан. Одоо бүр 80 гарчихсан хөгшин байгаа. Бид хоёр хамт явах гээд ачаа авсан байхгүй юу. Хамт явна гээд ачаа авснаас хойш шөнийн 12 цагаас өмнө гарахгүй бол болохгүй. Хонох юм бол торгоно. Гарсан өдрөө гараагүй гээд торгууль өгдөг байсан. 22-р дээр бүртгүүлчээд намайг хүлээхгүй юу нөгөөх чинь би араас нь гарах ёстой удаж гарсан юм билээ л дээ . цаанаас хэдэн жолооч нар ирсэн байгаа юм. Цэрэнг хүлээгээд байдаггүй. Дөрөв таван цаг хүлээгээд ирдэггүй. Бид хоёр хамт явах гэсэн юм. Тэр мөд ирэхгүй та машиныхаа араас нэг кг боов аваад зүүчих гэж байсан гэсэн.
Баасанхүү -
Их марзан хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Тиймээ? Тээврийн жолооч нар
Цэрэн -
Байлгүй яахав. Тээврийн жолооч нар дандаа бие биенээрээ оролдож явдаг. Нэг нэгнээ их чаддаг байсан. Өглөө үүрээр шөнөжин явсан жолооч нар бааз дээр орж ирэхгүй юу. Манай Баатарсүрэн гээд жолооч байсан. Талийгаач болсон хөөрхий их марзан алиалагч хээгүй тийм хүн байсан. Бүдүүн хамаагүй яриатай. Нөгөөдөхийг чинь ирэхээр өглөө нэг жижүүрийн машин хонодог. Гэрт нь хүргэж өгөхгүй юу. Тэгээд нөгөөхийг чинь чадах гээд эмэгтэй хүний триког өмднийхөн бүсэнд хавчуулаад манайхан өглөө жижүүрийн машинаар хүргүүлэхгүй юу нөгөөх чинь тэгсэн чинь авгайн босоод галаа түлээд цайгаа чанаад манай хүн гар нүүрээ угаах гээд байж байтал чинь авгайн гэнэт шангаараа бөгсөн дунд нь цохиод авч гэнэ. Яаж байгаа юм бэ чи гэсэн чинь яах юу байдаг юм. Өмднийхөө бүсэнд байгаа юмаа харахгүй юу чи гэж байна гэнэ. Юу байгаа юм юу байгаа юм гээд харсан чинь эмэгтэй хүний трико байсан. Тэгж чадаж байсан байхгүй.
Баасанхүү -
Ямар аймаар юм бэ?
Цэрэн -
Тэгж чадаж байсан байхгүй юу. Тэгээд сүүлдээ бөөн онигоо
Баасанхүү -
Гэр бүл салгах нь байна шүү дээ.
Цэрэн -
Хэн ингэчихэв хэн ингэчихэв гээд л байсан. Банди гээд жолооч байсан юм. Бас онигоотой хөөрхий. Өвгөн жолооч сайн жолооч байсан юм. Банди гэж саятан жолооч байсан юм. Авгайг нь Буян гэдэг нэртэй. Нөгөөх чинь жолооч нартай тээвэрт явж байсан. Хажуу талын жолоочоо дуудахдаа авгайнхаа нэрээр хөөе Буяаан гэээд дуудаад байдаг. Тэгээд тэр чигээр нь Буянгийн Банди гээд нэр өгчихсөн. Хөөе Буянгийн Бандиа гэхээр аа гэдэг
Баасанхүү -
Таны ажлын хэцүү зүйл нь юу байв. Сайхан зүйл нь юу байв.
Цэрэн -
За тэгээд сайхан зүйл байлгүй яахав. Тээвэр хийгээд сайхан байгальтай газар хоночихоод өглөө эрт жолооч нар их эрт явна л даа. Дөнгөж үүр цайсан цэвэр агаарт давхиж байх үнэхээр сайхан. Энд тэндхийн сайхан байгальтай газраар явах сайхан. Ачаа бараагаа дутаахгүй. Аваар осолгүй ирээд цалин мөнгөө аваад гэртээ ирэх бас нэг сайхан. Хэцүү зүйл бас байлгүй яахав дээ. Машин тэрэг хүн амьтангүй хээр газар эвдрэх юм бол хэцүү цаг байдаг л юм. Би бас хээр машин эвдрээд 7 хонож байсан. Бүр эзгүй газар ганцаараа Булган аймгаас наана Бүрэгхангай сумын тэнд машины араа хуг үсрээд араа хугарсан ямар ч арга байхгүй баахан чихэр аччихсан. Увс руу ачаа ачсан. Би өөрөө Увсын хүн болохоор Увс руу хол аймаг руу ачаа ачихад ар гэрээ тэжээгээд байдаг байхгүй юу. Тэнд араа хугарчихаад ямар ч арга байхгүй. Яг шинэ жил болох гэж байсан. Тэгээд машинаа хучаад яг зам дээр одоог бодоход машин ховор байж дээ. Хонож байгаа юм. Машин тэрэг явахгүй. Хүйтэн гэж аймаар тэр чинь ёолк болох гэж байсан юм чинь
Баасанхүү -
Тийм байна шүү дээ. Ид хүйтэн цаг
Цэрэн -
Яг ёолкны цагаар шинэ жил болох гэж байсан. Манай гэрийн хүн хоолны махыг яг нэг хоол хийхээр хөшиглөөд бэлдээд өгчихдөг. Гурилыг сайхан хайраад хэрчээд өгчихдөг. Жолооч хүн дандаа устай явдаг. Би 10 литер устай явсан. Бид нар чинь хөнжил гудастайгаа явна. Машинаа асааж халаагаад пирмуска асааж хоолоо хийж идээд би тэнд 7 хоносон байгаа юм. Бүр эзгүй газар эвгүй байдаг юм. Адуу оторлож яваа жижиг овоохой харагдаад байсан байхгүй юу. Адуун отор хийж явсан залуу давхиж ирээд энэ машин дөрөв тав хонолоо яасан юм бол гэсэн нэг залуу ирлээ. Кабиндаа оруулаад ярьж суугаад яахав дээ. Ачиж явсан чихэрнээсээ нөгөө залууд өгөөд нөгөө залуу чинь би таныг эргэж ирнэ гээд явсан. Би хоолтой байсан л даа. Нөгөө залуу чинь нэг их тостой адууны мах чанаж ирээд гялгар уутанд хийгээд авч ирж өгч байгаа юм. Өдөр ирж надтай жаахан ярьж суудаг. Тэр үед техникийн түргэн тусламж гэж аймаг болгонд байдаг байсан юм. Тухайн аймгийн нутаг дэвсгэрт эвдэрсэн машинд түргэн тусламж үзүүлдэг. Нөгөө түргэн туслаж ирдэггүй нэг машин ирсэнд төмөр утсаар холбож аймаг орж байсан. Тийм үед хэцүү байдаг байсан. Замд явж байхад хэцүү зүйл их байдаг. Зарим нь хэцүү даваатай газар унаад онхолдсон байдаг. Яаж ийж байгаад бид туслаад машин техникийн босгож өгөөд ачаа барааг нь ачиж өгөөд явуулдаг. Таньдаг ч байсан танихгүй ч байсан тусладаг байсан. Хавар газар шороо гэсээд ирэхээр бид нар баруун зүгээс Завхан аймгаас давс их ачиж ирдэг байсан юм. Тэр давсанд тав зургуулаа явна л даа. Залуу ч байж 30 гаруй л настай байсан байх. Архангайн Тариат сумын цаад талын гол хайлаад газар дэвтчихсэн. Чиргүүлтэй машин араамдаа тултал сууна. Тэгэхээр яахав дээ . нөгөө дээр нь байгаа давсыг буулгана. 5 тонн давс буулгаад ээлжилд татаж гаргасаар байгаад гардаг. Нөгөө давсаа буцаагаад ачиж аваад л явна. Тиймэрхүү хэцүү зүйл байж л байдаг. Төлөвлөгөө норм биелүүлж цалин мөнгө авах гэж явж байгаа улс хийхээс өөр яахав.
Баасанхүү -
Сүнстэй газраар явдаг байсан гээд яриа сонсогдоод байдаг.
Цэрэн -
Байдаг юм. Байдаг ш дээ.
Баасанхүү -
Тэр талаар та яриач
Цэрэн -
Сүнс гэх нь ямар хаашаа юм. Янз бүрийн тогтоогдоогүй байгалийн сонин үзэгдэл зөндөө байдаг юм. Баянхонгор аймгийн Баянцагаан гэж сум байдаг юм. Тэнд бид нар өвс тэжээл их буулгадаг. Улсын өвсний фондтой байхгүй юу. Баянцагааны урьд талд Шинэжинст гээд сум байдаг юм. Тэр хоёрын хооронд гардаг гэрэлтдэг гал байдаг юм. Бүр машины гэрэл гялалзуулдаг. Тийм асдаг гал байдаг юм. Манай Цэвэгжав гээд жолооч байдаг юм. Тэр явж байсан чинь гэрэл гялбаад гэрлээ унтраагаад зогсож байсан гэсэн гялбаад гялбаад алга болчихдог. Увс аймгийн Өндөрхангай суманд бас байдаг юм. Сумын төвөөс 30-аад км байдаг юм. Нэг тал байдаг юм. Тэнд бас гал гардаг газар байдаг юм. Тэр галтай би нилээд таарсан. Тэр чинь өвөл болохоор гардаггүй юм. Хавар болоод газар цоохор болоод ирэхээр гардаг. Одоо хүртэл гарч байгаа гэсэн. Би тэр галтай шөнөжин хөөцөлдсөн юм байгаа юм. Яасан гэхээр би тэнд ачаа буулгах гэж яваад тэжээл буулгах гэж явсан байхгүй юу бригад дээр тэгсэн нөгөө бригадаа олохгүй төөрөөд тэгсэн чинь гал гараад айл гал гаргаж байна гээд яваад байдаг. Сайндаа 10 км зайтай гараад байгаа юм. Шинэ цас орчихсон байсан. Намар их хүйтэн байсан. Дөхөөд ирэхээр алга болчихдог урьд машины шинэ мөр байгаад байдаг. Энд айл буусан шинэ мөр байна гээд яваад байдаг. Тэгсээр байтал үүр цайгаад би 80 км явчихсан байсан. Тэгсэн чинь нөгөө гардаг гал байсан юм байна лээ. Мөр дагаад яваад байсан чинь өөрийнхөө мөрөөр л яваад байсан байгаа юм. Тийм юм зөндөө байдаг юм. Жолооч нар янз янзын юм их ярина л даа. Нэг жолооч хээр нойр нь хүрээд унтаж байсан юм байна. Замын хажууд унтаж байсан. Тэгсэн чинь нойр нь дунд нь машин хөдлөөд байсан харсан чинь чармай нүцгэн эмэгтэй хүн машиныхан урьд хамар дээр гараад ирчихсэн. Тэгэхээр айгаад машинаа асааж аваад тэр чигтээ давхичихсан гэсэн. Нөгөөх нь унасан ч юмуу яасан ч юм алга болчихсон. Тэгсэн сүүлд тэр нь галзуурсан эмэгтэй байсан. Бодвол айгаад буугаад явчихсан юм байлгүй дээ.
Баасанхүү -
Таны тээврийн жолооч хийж явсны гол бахархдаг зүйл чинь юу вэ?
Цэрэн -
Бахархдаг зүйл гэвэл тээврийн тэрэг бариад Монгол улсынхаа 18 аймаг түүхт дурсгалт газрууд янз бүрийн гоё үзэсгэлэнтэй газрууд дайн байлдаан болж байсан халх гол зүүн талруугаа Баруун талдаа Баян-Өлгий Ховдоос авахуулаад баруунаас зүүн хязгаар хүртэл байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж явсан. Эх орныхоо газар нутгийг үзэж явсандаа бахархаж явдаг. Дорнодын Сүмбэрийн САА гэж бий том САА их зөөлөн газар шороотой түүнд манай бааз явдаг байсан. Халх голын дайн болж байсан тэр газрыг үзэж явлаа. Одоо хүмүүс түүнийг үзэх гээд явж байна шүү дээ. Тэгэхэд бид нар зардал чирэгдэл гаргахгүй ажлаа хийж яваад үзэж байна. Архангай үзэсгэлэнтэй газартай газар чинь Архангай шүү дээ. Тэрхийн цагаан нуур гээд дундаа аралтай гоё нуур байна. Хоргын тогоо байна. Галт уулын үлдэгдэл. Бид ямар ч зардал гаргахгүйгээр тээврийн тэрэг барьж яваад үзээд тэрхийн цагаан нууранд очоод толгой тархиа угаагаад явж байлаа. Өвөл нуур хөлдөхөөр машин дээгүүр явчихдаг шүү дээ зам нь нуураа тойроод жаахан дэрчигнүүртэй л дээ. Нуурын мөсөн дээгүүр явахаар аралын яг хажуугаар явна. Цаашаа чигээрээ гараад явчихдаг.
Баасанхүү -
Доошоо цөмрөхгүй юу?
Цэрэн -
Цөмрөхгүй. Шувууны сангас их байна. Нэг тийм ургамал байдаг юм билээ.
Баасанхүү -
Зэгс
Цэрэн -
Биш эмэгтэй хүний үс их хагтдаг шүү дээ. Түүнийг усанд сайхан буцалгаад шүүгээд угаахаар хүний хаг маг арилдаг. Би тэр нууран дээгүүр явж байгаад олз олж байсан. Шөнө явж байсан чинь баадантай юм хэвтэж байсан. Шинэ савхин нударгатай даавуун дээл олж байсан. Увсын хяргас нуур гэж байдаг юм. Хяргасын урдуур Увсын Завхан сум гэж байдаг юм. Хүнгийн гол гэж байдаг юм . өвөл болохор машин дээгүүр нь явчихдаг. Их сайхан. Хөвсгөл нуур дээгүүр би бас явж байсан. Далайн тээвэр гэж явдаг байсан. Манайхаас долоо найман тэрэг далайн тээвэрт явуулаад 3 сард яваад 5 сард ирж байсан. Нуур гэсчихсэн бол Сантын даваа гэж том даваа байдаг юм. Цаашаагаа оросын бараа дамжуулдаг Ханхөхийн бараа бааз гэж байдаг юм. Оросууд цаанаас бараа зөөдөг манайх наанаас бараа зөөдөг. Тэгээд тэр нууран дээгүүр яваад Хатгал бас том бараа баазтай л даа. Хатгал бараагаа татна. Оросоор ирж байгаа барааг Ханхаас тэгээд нууран дээгүүр явахаар 80 км явна. Нуур гэсээд ирэхээр уулан дээгүүр болохоор Сантын нуруу гэдгээр явахаар тэр нуруу тэр чигээрээ ой хөвч хангай 5-6 тийм даваагаар давна. Тэгэхээрээ 180 км явна. 100 км дөтлөж нууран дээгүүр явна далай хөлдөхөөр тэгээд далай дээгүүр яваад сурчихсан. Бензин шатахуун цаанаасаа их орж ирнэ. Явж сурсан жолооч нар бөгснийхөн гэрэл шөнө явахад гялалзаад алга болно. Мань мэт сураагүй болохоороо жаахан айж явна. Болгоомжилж их айж явна. Түүнд чинь хэд хэдэн машин унасан ш дээ. Увсын 24-р бааз гэж байсан түүний нэг чиргүүлтэй цистерн тэр чигээрээ орсон.
Баасанхүү -
Хүн нь яасан бэ?
Цэрэн -
Хүн нь хүүхэдтэйгээ жолоочтойгоо хоёулаа гарсан. Машин цөмрөөд болохоо байхаар зэрэг хоёулаа хаалгаа онгойлгоод гарсан. Бас нэг 5 орос тэр бүр орчихсон гэж байгаа юм доошоогоо нуур луу 5 оросоос 4 нь сэлээд гараад ирсэн 1 нь машиныхаа ард орооцолдоод тэгээд үхсэн. Тэр чинь одоо 1979 онд юмуу даа.
Баасанхүү -
Хүний амьдралд тодорхой нэг өөрчлөлт тохиолдоод тэр нь цаашдынхан амьдралд гүн гүнзгий нөлөөлөөд цаашдынхан амьдралд тусгалаа олсон ч юмуу нөлөөлсөн байдаг ш дээ. Таны амьдралд тийм юм тохиолдож байсан уу?
Цэрэн -
Янз бүрийн юм байлгүй яахав. Тухайн үед цэргийн газар цэргийн жолооч болоод би цэргийн алба хаах хугацаандаа жолооч болсон тэр чинь надад бас өөрчлөлт шүү дээ. Чухал байлгүй яахав. Жолооч чинь бас сайн мэргэжил байлаа. Жолооч мэргэжил байлаа. Одоо бол жолооч бол мэргэжил биш болчихоод байгаа. Хүн бүрийн хэрэглээ болчихлоо. Утас гэдэг бас л хэрэглээ тэр үед холбооны мэргэжилтэй улс одоо бүгд гар утастай хэрэглээ болчихлоо. Юм их өөрчлөгдөж шал ондоо болчихож байгаа юм чинь. Тэгэхээр өөрчлөлт байлгүй яахав. Тэр хооронд зөндөө л юм байхгүй юу. Тээврийн тэрэг бариад хот хоорондын тээвэрт яваад амьдрал арай дээшлэсэн. Дарга инженер дээд мэргэжлийн улсууд 800 цаасны цалин авдаг байлаа. Бид нар тээвэр тээгээд төлөвлөгөө нормоо биелүүлээд явахад бараг 2000 гаргаад авч байсан. Сайн явбал тэр байтугай авна. Тухайн үедээ жолооч нарын амьдрал сайн байсан ш дээ. Ялангуяа тээврийн жолооч нарын
Баасанхүү -
Таны амьдралын бусдаас онцгой гэх зүйл юу вэ?
Цэрэн -
Онцгой гэх юм байхгүй дээ. Яг л тэр үед ажиллаж амьдраад явж байсан. Одоо нийгмээ дагаад их өөрчлөгдсөн юм байхгүй яг л бусдын жишгээр амьдарч байна.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.