Chuluuntsetseg
![](../assets/images/interviewees/990087.jpg)
Basic information
Interviewee ID: 990087
Name: Chuluuntsetseg
Parent's name: Sodoo
Ovog: Geleg balsan taij
Sex: f
Year of Birth: 1962
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: kindergarten teacher
Belief: none
Born in: Nariinteel sum, Övörhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
literature
education / cultural production
NGOs
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За бид нарын ажилд тус болж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Би танаас 2 зүйл асуух гэсэн юм. 1-рт таны ярилцлагыг вэб сайтанд тавихдаа нэртэй чинь зурагтай чинь нээлттэй тавьж болох уу? Та зөвшөөрч байна уу?
Чулуунцэцэг -
Зөвшөөрч байна.
Баасанхүү -
2-рт таны ярилцлага вэб сайтанд тавигдаад нийтийн хүртээл болно. Хэрэгтэй гэж үзвэл судалгаа хийж байгаа улс таны ярилцлагаас хэсэгчлэн авах өөрийнхөө ажилд ашиглах ч юмуу энэ бүхэнд танаас зөвшөөрөл авахгүйгээр танд мөнгө төлөхгүйгээр таны ярилцлагыг нийтийн хүртээл болгохыг та зөвшөөрч байна уу?
Чулуунцэцэг -
Зөвшөөрч байна
Баасанхүү -
За баярлалаа. Тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Таны хүүхэд наснаас эхлэх үү?
Чулуунцэцэг -
Би Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. Нарийнтээлийн уугуул иргэн юм байгаа юм. Манай ээж аав хоёр ч гэсэн тэр нутгийн хүмүүс байсан. Миний хүүхэд нас Нарийнтээл сумын төв дээр өнгөрсөн. Аав маань улсын албан байгууллагад ажил хийдэг албан хаагч байлаа. Ээж маань ажил хийдэггүй гэртээ бид нарыг хараад байдаг байсан. Манайх одоогийн гэр бүлийг бодох юм бол харьцангуй олон хүүхэдтэй. Өнөр өтгөн гэр бүл байлаа. Би бол айлын хамгийн том нь байгаа юм. Миний дараагийн гурван дүү эрэгтэй. Дараагийн хоёр дүү маань эмэгтэй. Бид нэг гэр бүл нэг ам бүлд багтаж өссөн. Бага насаа ярих юм бол сумын төв дээр цэцэрлэг гэж байдаггүй байсан. Бид хэд бол аав ээжийнхээ гар дээр асрамжинд өсөж торнисон. Хөдөөгийн хүүхдүүд гэдэг чинь бүр багаасаа ээж аавдаа тусладаг. Гэр орноо цэвэрлэдэг. Үгүй ядахдаа малаа эргүүлдэг. Усаа авдаг. Дөрөв таван нас хүрээд ээждээ туслаад гэрийн ажил хийдэг. Тиймэрхүү орчинд бид хэд өсөж торнисон байгаа юм. Би бол 7 настай сургуульд орсон. 7 настай сургуульд ороход бас хөгжилтэй байсан л даа. Манай аав ээжийн ах дүү нар бүгд хөдөө амьдардаг байхгүй юу. Тэгээд хүүхдүүд нь дандаа манайд суудаг. Зарим жил 4, 5 хүүхэд суух жишээний. 9 сарын 1нээс 5 сар хүртэл 10 хүүхэдтэй айлын хэмжээнд байдаг. Бид нарын ажил сурсан нь түүнтэй бас холбоотой л доо. Том хүүхдүүд гэрийн ажил хийхээр зэрэг юм болгонд нь оролцох гээд юм болгоноос хийх гээд оролдож байгаад хийгээд сурчихдаг. Тийм байсан байхгүй юу. Тэгээд би 5 нас арай хүрээгүй байсан байх би бас сайн санахгүй байна. Уншиж бичээд сурчихсан байсан. Яагаад гэхээр бас л нөгөө сургуульд сурдаг хүүхдүүдийн нөлөө байгаа байхгүй юу. Гэр орны ажил хийнэ. Дандаа аргал түлнэ. Аргалд явна бид нар тэгээд ээж орой хоол хийгээд бид нар хичээлээ хийдэг. Зарим мэдэхгүй чадахгүй хичээл байх юм бол аав маань заадаг. Манай аав чинь тэр хэдийн гэрийн багш байсан байхгүй юу. Бүгдийн хоолныхоо ширээ тойруулж суулгачихаад лаа барьчихаад хүүхэд бүрийн номыг бариад за үүнийг чадаж байна уу? Одоо юу хийх гэж байна. Багшилж шалгаж гэрийнхэн даалгавар хийлгэдэг. Тэр дунд би суучихаад хүүхдүүдийг дагаж юм бичээд заримдаа гуйна. Заримдаа дэвтэр номын булааж авна. Тэгсээр байгаад би аягүй багаасаа уншаад, бичээд, бодоод сурчихсан. Ном уншаад тэдний хийж байгаа юмыг дагаж хийдэг байсан. Манай суманд манай ээжийн багш байсан гээд Лхагва гээд настай эрэгтэй багш байдаг байсан. Би тэр хэдийн голд ороод суучихсан юм бичээд сууж байхгүй юу. Тэр багш манайд орж ирээд ээж цай хийж өгөөд хоол хийж өгөөд байж байсан чинь пөөх энэ үзэгдээгүй хүүхэд байх чинь чи хэддүгээр ангийн хүүхэд вэ гээд асуусан байхгүй юу. Тэгсэн чинь манай аав энэ сургуульд ороогүй. Нас нь болоогүй шүү дээ жаахан юм байхгүй юу. Энэ манай том нь байгаа юм. Алив наад дэвтрээ аваад ир гэдэг юм байна. Тэгээд миний дэвтэр үзээд юу гэсэн үг юм. Ингэж бичиж байгаа хүүхдийг алив нэг уншаатах номоо аваад ир гээд хүүхдүүдийн ном авч ирээд намайг уншуулдаг юм байна. Би уншиж байгаа юм чинь тэгээд яахав нөгөө багшаас чинь айгаад жаахан хүүхэд болохоор ээрч муураад уншсан байхгүй юу. Пөөх энэ хүүхэд чинь сайн хүүхэд байна. Сургуульд оруул. Ээж аав хоёр за за одоо сургууль тарах гэж байгаа юм чинь намар оруулъя гээд тэр 4-р сар байсан байхгүй юу. Юу гэсэн үг юм. Ингэж уншиж бичиж чаддаг хүүхдийг цаг алдуулж яах юм. Надад өгчих манай ангид хүргээд өг гэдэг юм байна. Тэгээд би маргаашаас нь эхлээд сургуульд явна гэж уйлаад сургуулийн хүүхдүүдийг дагаж гүйгээд юу ч байхгүй ш дээ. Тэгсэн чинь аав маань дэлгүүр яваад тэр үед 15 төгрөгийн үнэтэй байсан. Нэг их том савхин цүнх манай үйлдвэрийн Монгол үйлдвэрийн тийм цүнх авч ирж өгдөг юм байна. Тэр цүнх аваад ирсэн чинь ээж маань дургүйцээд ийм жаахан эмэгтэй юмыг яаж сургуульд явуулах юм гээд ээж маань дургүйцдэг юм байна. Тэгсэн чинь аав маань яадаг юм яадаг юм Лхагваа багш авч ирээд өг гэсэн юм чинь аваачаад өгье сурна уу байна уу өөрөө мэдэг сурахгүй бол гаргачихна биз. Намар л оруулчихна биз яваад үзэг гээд тэгж байна. Тэгээд цүнхээ үүрсэн чинь цүнх маань газар чирэгдэж байгаа юм чинь. Аймаар том. Тэгсэн чинь аав маань оосрын хасаж өгөөд тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь билүү манай айлын хүүхдүүд тэр багшийн ангид явдаг байсан юм байна лээ. Тэдний араас дагаад би нэгдүгээр ангид орчихсон байхгүй юу. Тэгээд ганцхан сар суугаад нэгдүгээр ангиа төгсчихсөн. Тэгээд яахав уул нь бол аягүй сайн байсан юм шиг байгаа юм. Бодоод байхад яагаад гэвэл тэр багш надад их сайн. Тэгээд юм л бол намайг самбарын өмнө гаргаад энэ хүүхдийг хар энэ Чулуунцэцэгийг хар та нар ийм жаахан мөртлөө та нараас сайн гээд намайг магтчихна. Үнэхээр сайн байсан юмуу эсвэл намайг хожуу авсан тэд нараас жаахан юм болохоор бас өхөөрдөөд урамшуулах гээд тэгж байсан юмуу бүү мэд тэгээд ямар ч байсан тэгээд дараа жил нь хоёрдугаар ангид ороод тэгээд л сургуулийн сурагч болсон доо.
Баасанхүү -
Хэдэн оных вэ та? Хэдэн онд сургуульд орсон бэ?
Чулуунцэцэг -
Мэдэхгүй хэдэн он бол ямарч байсан 60 хэдэн он байсан. 1968-1969 он би сайн мэддэггүй юмаа. Хэдэн он байсан юм бол зайлуул. Тэгээд сургуулийн сурагч болоод тэгээд тухайн үедээ манай сургууль юу байсан. Дунд сургууль гэж байдаггүй байсан юм. 4-р ангиа төгсөөд Хайрхандулаан гээд манай сумаас 60-км-ын зайд байдаг сургууль 8 жилийн сургуультай тэр сургуульд очиж сурдаг байсан. Тэгээд бид нар их азтай л даа тэгээд сурч байх явцад намайг 4-р анги төгсөхөд манай сургууль дунд сургуультай болсон байхгүй юу. Тэгээд манай ангийнхан тэр чигээрээ Нарийнтээл сумын 8-н жилийн сургуулийн анхны төгсөгчид байгаа юм. Тэгээд би харьцангуй сурлагандаа сайн байсан. Яагаад гэхээр сайн байсан юм шиг байгаа юм. Байсан гэж өөрийгөө магтаад яах вэ. Багш нар надад аягүй сайн байсан. Яагаад гэвэл хичээлдээ аягүй сайн. Сайн хүүхэд гээд тухайн үед юмны анхдагч гэдэг хэцүү байдаг ш дээ. Дөнгөж шинэ 8 жил байгуулагдаад дөнгөж шинэ багш нар аягүй их ирсэн. Дунд сургуулийн багш нар дандаа гаднаас ирж байгаа юм чинь тэгээд байр сууц байхгүй. Манай анги монгол гэрт
Баасанхүү -
Сургууль баригдаагүй байсан юм уу?
Чулуунцэцэг -
Тэр чинь бага сургуультай байж байгаад дунд сургууль болоод ирэнгүүт байр сууц хүрэлцэхгүй хуучин байсан байшингууддаа бага анги нь сураад таардаг. Сургуулийн сурагчдын байр болохоор дунд сургуультай болоод ирэнгүүт хүүхдийн тоо нэмэгдээд хичээлийн байр дотуур байр хүрэлцэхээ байчихсан. Тэгээд хүүхдийн байр шинээр нээгдсэн ангиуд гэрт байдаг. Тийм байлаа. Бид нар гэрт байсан л даа. Манай анги бол 5 ханатай гэрт хар бүрээстэй тэгээд тэр ангид сайхан байлаа даа. Тэгээд тэр ангид 3 жил суулуу даа. Тэгээд бид нар 8-р анги төгссөн юм. Анхны бид нарыг төгсгөсөн багш маань Юндэндорж гээд манай математикийн багш байсан л даа. Тэр багш маань аягүй сайн хүн байсан. Одоо хэрнээ байдаг юм. Би 4 жилийн өмнө хотод тааралдсан. Тэгсэн чинь бараг л надаасаа залуу шахам явж байлаа. Тэгээд яахав дээ хүүхэд байх үеийн дурсамж гэдэг чинь их гоё ш дээ. Тухайн үедээ хэцүү болоод өнгөрсөн юм шиг хэрнээ хожуу эргэцүүлээд бодоод сүүлийн үеийн хүүхдүүдтэй бага насаа харьцуулаад бодож байхад бас л хөдөөний хүүхдүүдийн амьдарч байгаа орчин тухайн хүүхдүүдийн өссөн амьдарсан тэр нийгэм нь тэр хүүхдүүдийн хүмүүжил гэдэг бол одооны хүүхдүүдтэй харьцуулаад үзэхэд арай л өөр шүү. Яагаад гэхээр бид нар бол заавал аав ээж гэхгүй ах зах гэхгүй багш гэхгүй том хүн л бол том хүн том хүнээс айдаг байсан. Том хүний үг бол бид нарт ерөөсөө бараг л хууль зарлиг. Тэгэхэд одооны хүүхдүүд бол тийм биш. Харьцангуй ерөөсөө би бодоод байдаг юм өөрсдийнхөө байсан үетэй ингээд одооны хүүхдүүдийн байж байгаа байдлыг харьцуулаад үзэхэд бид нар бол дэндүү сайхан цаг үед бид нар төрөөд өсөөд тэр үеэс жинхэнэ монгол хүмүүжлийг тэр үед ээж ааваасаа хавь ойрын ах дүү багш тэр бүх хүмүүсээс олж авсан юм шиг байгаа юм. Тэр үеийн хүмүүс намайг хүүхэд байх үеийн хүмүүс гэдэг чинь их сайхан байсан. Яагаад гэхээр архи дарс уудаггүй ажлын төлөө гэсэн сэтгэлтэй ерөөсөө ажил улсын ажил хийдэг бол улсын ажил улсын ажил хийдэггүй гэртээ байдаг хүүхдээ хараад гэртээ байдаг эмэгтэйчүүд хүртэл дандаа нийгмийн туст ажилд оролцож байдаг. Намар болно хадлан тэжээлд оролцоно хадлан тэжээлд сургуулийн хүүхдүүд хүртэл оролцоно. Ерөөсөө хүүхдүүдээсээ авахуулаад бүх хүмүүс оролцоно. Хавар мал төллөнө. Түүнд ажилтай хүмүүс сургуулийн хүүхдүүд оролцохоос гадна бас гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд эмэгтэйчүүд бүгд оролцоно. Тэгээд элгэвч нэмнээ угж зарим нь хөдөө мал дээр туслах малчин гэдэг юму бүгд л эрвийх дэрвийхээрээ дандаа улсын ажил нийгмийн ажил гэсэн сэтгэлтэй тийм сайхан хүмүүс байсан юм шиг байгаа юм. Одоо би бас одооны цаг үетэй харьцуулаад бодоод үзэхэд нийгмийн идэвх аягүй өндөртэй. Нэг ёсондоо эх оронч сэтгэлгээ эх оронч сэтгэлгээтэй тийм хүмүүс байсан л даа. Тэгээд өөрсдөө тийм байсан хүмүүс хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлдэг байхгүй юу. Яагаад гэхээр ахмад хүмүүсийн үгийг их зөв хүлээж авдаг дуулгавартай сонсдог түүнийг өөрөө хэрэгжүүлэх гээд мэрийдэг. Ялангуяа суманд чинь цөөхөн хүнтэй болохоор зэрэг жаахан өндөр настай ч юмуу үлгэр дуурайлалтай хүмүүс аягүй содон мэдэгддэг. Тэр хүмүүсийн хэлж байгаа үг загнаж байгаа зан нэг ёсондоо батлагдаагүй бичигдээгүй хууль л гэсэн үг. Тэр гуайг хар тэр гуайн хүүхдүүдийг хар ямар сайхан байна гээд ээж аав тэгж байгаа юм чинь. Тэгээд бид нар үнэхээр сайхан орчинд өссөн л дөө.
Баасанхүү -
Та чухам хэн гэдэг хүнээс үлгэр дуурайлал авч тийм болох юмсан гэж бодож байсан бэ? Тийм хүн байсан уу?
Чулуунцэцэг -
Байлгүй яах вэ? Хамгийн гол нь би багш нараасаа аягүй их үлгэр дуурайлал авдаг байсан. Багш нар шигээ сайхан хүн болох юмсан багш нар шигээ хүний хүүхдийн төлөө гэсэн ийм сэтгэлтэй хүн болох юмсан гэж бодож байсан тэгээд би багш болсон. Би чинь анхандаа багадаа эмч болно гэж боддог байсан. Эмч болно гээд багадаа айлын хүүхдүүдтэй тоглохдоо дандаа эмч болж тоглодог. Манай аав ч гэсэн эмнэлэгт ажилладаг. Эмнэлэгт нярав хийдэг байсан байхгүй юу. Аавыгаа дагаад эмнэлэг дээр очдог. Эмнэлэгийн ажилчид ч гэсэн манайхаар орж гардаг. Аягүй гоё юм шиг санагддаг байсан. Яг багадаа мөрөөдөж байснаас амьдрал гэдэг шал өөр болчихдог юм билээ л дээ. Хэрвээ би 8-р ангиа төгсөөд тэр чигээрээ явсан бол эмч болох байсан байх гэж бодоод байдаг юм л даа. Яагаад гэхээр 8-р анги төгсөх жил манай ээж нас барсан байхгүй юу. Би олон дүүтэй бид нар нэгнээсээ ганц ганц насны зөрөөтэй. Тав зургаан хүүхэдтэй аав маань үлдэж байгаа юм чинь аав маань аягүй хэцүү ажилдаа явна. Гэртээ орж ирээд бид хэдийг харна. Хоол унд бид хэдийн хувцасны ханзархайг оёх манай дүү нар эрэгтэй хүүхэд болохоор гутлаа тэсгэн гэж байхгүй тухайн үеийн хүүхдүүд дандаа эсгий гутал өмсдөг. Байнга эсгий гуталтай байдаг. Манайх усаа км хэртэй газраас авдаг усаа үүрч зөөдөг байсан. Усанд яваад ирэхээр зэрэг мөсөн дээр тоглоод гутлаа наалдуулчихаад ирдэг. Тэгээд шөнө аав маань нөгөөдөхийг наана. Тэгээд гадаа тоглож байгаад нөгөө дээлээ модонд урах юмуу хадаасанд урчихаад ирнэ нөгөөхийг нөхнө. Тэгээд аав маань надаа хэлж байсан байхгүй юу за миний хүү тухайн үед би айлын ганц эмэгтэй гээд аягүй дураараа байлаа л даа. Одооны хүүхдүүдтэй харьцуулахад юу байх вэ? Тэгээд аав маань надад хэлж байсан. За миний хүү миний охин юм оёж сур. Хоёулаа хэдэн дүү нарын чинь хувцасыг айл руу бариад явахгүй шүү. Ямарч байсан хоёулаа хүнээс юм гуйхгүй хүнээр дүү нарын чинь хувцасыг оёулахгүй ямарч байсан хоёулаа оёно. Миний охин юм оёж сурна. Юм хийж сурна. Хүний хийсэн хувцасыг хүний хийсэн юмыг маш сайн харж бай чи гээд аав маань хэлж байсан тэгээд би 8-р ангиа төгсөөд сургуульд явж чадаагүй. Тэгээд би хожуу 2-3 жилийн дараа 2-3 жил өнжсөн байхаа. Тэгээд дүү нар маань ч том болсон. Эмэгтэй хүн мэргэжилгүй бол муухай юм байна. Болохгүй юм байна миний хүү чинь залуу хүн шүү дээ. Чи боловсрол эзэмших хэрэгтэй гээд тэгээд би 1979 онд багшийн сургуульд элсэж орсон байхгүй юу. 1979 онд багшийн сургууль төгсөөд 1986 он хүртэл СХД-ийн 106-р цэцэрлэг нээгдэхэд орж ажиллаад одоо хүртэл ажиллаад байж байна.
Баасанхүү -
Хүүхдүүдтэй ажиллаад уу? Таны хүүхэд нас бусад тэр үеийн хүүхдүүдээс ямар ялгаатай байсан вэ?
Чулуунцэцэг -
Миний хүүхэд нас бол яг миний үеийн хүүхдүүдээс ялгаа байхгүй. Тэр үед хүүхдүүдийн амьдралд ялгаа гэж байдаггүй байсан байхгүй юу. Яагаад гэхээр өсөж байгаа орчин нөхцөл гэдэг хөдөө хөдөөгийн сум шүү дээ. Тэгээд тэнд болохор бага сургуультай бага эмчийн салбартай.
Баасанхүү -
Бага эмчийн салбар гэдэг нь юу юм бэ?
Чулуунцэцэг -
Сумын нэгдсэн эмнэлэг гэдэг биз дээ. Бага эмчийн салбар гээд нэг буюу хоёр бага эмч байдаг. Эмнэлэг гээд жижигхэн жижигхэн байшин байдаг. Хүн ам цөөхөнтэй хөдөөгийн бөглүү сум байсан. Гэхдээ манай сум баруун аймгуудыг холбосон төв зам дайрдаг учраас тээврийн жолооч нар их явдаг байсан. Түүгээрээ жаахан хөл хөдөлгөөнтэй байсан даа. Ер нь хүн ам цөөхөнтэй тийм жижиг сум байсан. Хөдөөний хүүхдүүд юу хийхэв. Даруухан хүүхдүүдээс онцгойроод ялгараад байх юм байхгүй. Тухайн үед талх боов их ховор аав ээж өөрсдөө л боов боорцогоо хайрна. Гурил будаагаа аваад тавьчихдаг. Өөрийн гэсэн хэдэн малтай. Малаасаа өөрсдийнхөө хэрэгцээг хангачихдаг. Аав ажил хийнэ. Аавын авсан цалинг ээж зохицуулна. Хүргэнэ. Бидэнд хувцас хунар хичээлийн хэрэглэл хангана. Хоол унд авах юмыг ээж зохицуулдаг. Бид нарын тухайн үед тоглодог тоглоом бол бид нар нэг их кино үздэггүй байсан. Клуб гэж нэг юм байдаг байсан. Тэгсэн хэрнээ кино нэг их гардаггүй байсан. Гарсан ч гэсэн 16 наас доош хүүхэд орой 6 цагаас хойш кино үзэх эрх байхгүй.
Баасанхүү -
Оройн кино өдрийн кино гэж байх уу?
Чулуунцэцэг -
Өдөр хүүхдүүдэд болохоор хааяа нэг өдрийн од гэж хэлдэг шүү дээ. Улиралд нэг удаа ч юмуу яг сургууль хичээллэж байх үед хүүхдийн кино гарна. Түүнд хүүхдүүдийг дагаж хааяа нэг үзвэл үзнэ үзэхгүй бол үзэхгүй. Том хүний кинонд хүүхэд ерөөсөө оруулахгүй. Оройны кино гэж хэлээд байгаа нь орой 7 цагаас хойш л гарна шүү дээ. Уг нь бол 7-аас гардаг байхгүй юу. Тэгээд тэнд ерөөсөө хүүхэд оруулдаггүй зун байсан ч ялгаагүй өвөл байсан ч ялгаагүй. Үүнд нь ээж аав нь ч дасаад сурчихсан. Том хүний кино үзүүлэхгүй ээ хүүхдийн кино гарвал үзээрэй чи аав тэгээд хэлчихсэн бол тэр ном хууль ш дээ. Ээж аавын үгнээс гарна гэж ерөөсөө байхгүй. Би бүр гайхаад байдаг юм бид нарын үед юун тэгж аав ээжтэйгээ сайдах муудах энээ тэрээ битгий хэл бараг л аавынхаа өмнөөс ялангуяа жаахан буруу хэрэг хийчих юм бол нүүр лүүн харах эрх бид нарт байдаггүй байсан. Ер нь том хүний өмнөөс тийм л байсан. Тухайн үеийн хүмүүсийн хүүхдүүдийн суурь хүмүүжил үнэхээр сайн байсан гэж би боддог юм. Одоо болохоор гэрийн хүмүүжил хүмүүс жаахан сонин юм яриад байна ш дээ тиймээ. Гэрийн хүмүүжил муу байдаг гэрээр ерөөсөө хүмүүжил олдоггүй гээд яриад байдаг юм. Би түүнтэй санаа нийлдэггүй. Яахав заримд нь орчин нөлөөлөх хүчин зүйл байгаа л даа. Хамгийн гол нь тухайн хүний амьдарч байгаа орчноос л их юм шалтгаална.
Баасанхүү -
Тэр хүүхдийн кино гэдэг нь ямар кино гардаг байсан бэ? Юуны тухай гардаг байсан бэ?
Чулуунцэцэг -
Хүүхдийн кино гээд ярьж байгаа. Би бол сургуульд ортлоо бараг кино үзэж байгаагүй. Ээж аав хоёр намайг явуулдаггүй байсан. Жижигхэн хүүхэд байсан. Аягүй жаахан тэгээд аав ээж хоёр хүүхдүүдийн хөлд гишгэгдчихнэ сургуульд орохоороо үзээрэй миний охин гээд ээж аав тэгээд хэлчихсэн болохоор би бараг сургуульд ортлоо кино үзээгүй байхаа. Сургуульд орсон хойноо бол кино үзсэн. Намайг сургуульд ороход хүүхдийн кинонууд Зояагийн тухай эх орны дайны баатар
Баасанхүү -
Мэдэхгүй. Та сайхан яриад өгөөч?
Чулуунцэцэг -
Эх орны дайны үед тагнуул хийж байгаад дүүжлүүлж нас барсан. Тэр их гардаг байсан. Тэгээд дөрвөн ангит нэг кино байдаг байсан юмаа. Оросын түүнийг аягүй их үзнэ. “Хөх шувуу” гээд хүүхдийн кино гардаг байсан юм. Хөх шувуу бас л эх орны дайны тухай кино хүүхэд байхад голцуу эх орны дайны тухай кино гардаг байсан. Ихэвчлэн дандаа Оросын кино Орос киноноос өөр кино гарахгүй дээ. Монголын киноноос хамгийн түрүүн юу үзсэн юм болоо. “Улаан дарцаг” Оросын тагнуултай нэг кино байдаг ш дээ. Саяхан зурагтаар гараад байсан. Ноднин билүү уржинан билүү гараад байсан. Аягүй хөөрхөн дөрвөн хүүхэдтэй. Тэр чинь юу билээ Билгээ Оросын дөрвөн хүүхдийн тухай гардаг. 4 ангит кино байдаг биз дээ. Тагнуултай бас л эх орны дайны тухай эх орны дайнд ялсан баатарлаг түүх замналыг хүмүүст мэдүүлэх гэж тийм кино гардаг байсан. Одоо бодоод байхад тухайн үед үзэхэд сайхан л байсан.
Баасанхүү -
Тухайн гарч байсан кино танд яаж нөлөөлж байсан бэ? Жишээ нь тэр баатар шиг тийм хүн болох юмсан гэдэг ч юмуу? Нөлөөлж байсан зүйл нь юу вэ?
Чулуунцэцэг -
Тухайн үед бид нарын үздэг байсан кино хүүхдүүдэд асар их нөлөөлдөг байсан. Бид нар чинь хөдөөний буйдхан газар байдаг. Ер нь бараг аймгийн төв Улаанбаатар үзсэн хүүхэд бараг байхгүй шүү дээ. Бидэн дотор чинь сумын төвөөс гарч үзээгүй. Ялангуяа хөдөөнөөс орж ирж байгаа хүүхдүүдэд хамгийн том сайхан газар нь сумын төв байгаа юм чинь суурин газрын хөгжил түүхийг харуулсан кино гарахаар чинь хүүхдүүд аймаар сонирхож байгаа юм чинь ийм газар байдаг юм байна. Үүнийг нэг үзэх юмсан. Зояагийн тухай кино үзээд би лав уйлж байсан юм. Өрөвдөөд манай ангийн охидууд уйлаад би бодож байсан байхгүй юу хүн яг үүнийг би хийж чадна гэж өөрөө л мэрийж зүтгэж чадах юм бол өөрийнхөө сансанд хүрч болдог юм байна даа гэж тухайн үед би бодож байсан. Би 6-р ангид байхдаа үзэж байсан. бид нар чинь тэр киног үзчихээд түүн шиг болно гээд л тэгнэ ингэнэ гээд баахан мөрөөддөг. Багш нартайгаа үзсэн киногоо яриад хүүхэд юм болохоороо аймаар дэврүүн сэтгэлтэй. Багш жаахан дэмжээд хөшүүрэгдээд өгчих юм бол хоёр анги хоорондоо уралдаан зохион байгуулна. Хоёр салаа хоорондоо уралдаан зарлана. Аль болох өндөр оноо авахын тулд аймаар мэрийж байгаа юм чинь бид нар яагаад гэхээр сурагч үнэлгээгээр юу яадаг байхгүй юу. Оноо тавина л даа. Жнь: би 6а анги байлаа гэхэд намайг 6б ангийн Долгортой ч юмуу эсвэл Дулмаатай ч юмуу яг ингээд халз өрсөлдүүлдэг багш нар яагаад гэхээр багш нар сурлага сайтай хүүхдүүдээ дээрээс нь эхлээд жагсаадаг байхгүй юу. За энэ ангид сурлагаараа 1 номерт тэр орно. 2 номерт тэр орно гээд нөгөө ангийг бас яг тэгээд нөгөө ангийн нэгийн нэгтэй хоёрын хоёртой нь гурвын гуравтай нь
Баасанхүү -
Түвшин түвшингээр нь
Чулуунцэцэг -
Түвшин түвшингээр нь өрсөлдүүлдэг. Тэр бол хүүхдүүдийн сурлага ахиулах хөгжүүлэх тухайн үеийн багш нарын хамгийн сайн арга байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Тэгээд их үр дүнтэй байсан уу?
Чулуунцэцэг -
Үр дүнтэй байлгүй яахав. Уралдаан зарлаад 7 хоног бүр тэр уралдаан дүгнэгдэж байгаа юм чинь хоёр ангийг жагсааж байгаад л хооронд нь харуулж зогсоож байгаад хоёр ангийн хүүхдүүдэд багш нар дүнгээ танилцуулна шүү дээ. Хэдэн хичээл дээр онц авсан байна. Хэдэн хичээл дээр сайн авсан байна. Хэдэн хичээл дээр асуугдсан байна. Хэдэн цагийн хичээл тасалсан байна. Тэр бүх үзүүлэлтээр гаргаад жагсааж байгаад тухайн 7 хоногт, тухайн сард хэн нь түрүүлсэн байна гэдгийг хэлнэ. Түрүүлсэн хүүхдүүдэд таван хошуу тавина. Дарцаг тавина. Зарим үед түрүүлсэн хүүхдүүдэд онгоц зурна. Дараалсан хүүхдэд машин тэгээд морь тэрэг ч байдаг юмуу. Тухайн үнэлгээ тавьж байгаа багш нар янз бүлийн дүрс тавиад үнэлээд явчихдаг. Халз мэтгэлцэж байгаа хүүхдүүд нэгэндээ ялагдахгүйн тулд хичээдэг. Шар хөдлөнө биз дээ мэрийн биз дээ. Тэгээд хичээл номоо сайн хийдэг. Тэгээд сурлага нь дээшилдэг байхгүй юу. Тухайн үед бид нар юм боддоггүй л байсан л даа. Аль болох түрүүлчих юмсан л гэж боддог байсан. Сүүлд бодож байхад тэр маш үр өгөөжтэй, ач холбогдолтой байсан байгаа юм. Хүүхдийн сурлага хүмүүжилд хэн ч хичээлээ хий гэж шаардахгүй. Чи битгий хичээл таслаарай гэж багш хэнээс ч гуйхгүй. Чи тийм хичээл дээр асуугдаад дүнгээ дээшлүүл гэж хэнийг ч шаардахгүй. Хүүхдүүд аяндаа урсгалаар өөрсдөө өөрөө өөртөө хяналт тавиад доогуур дүнтэй хичээл дээрээ дээгүүр үнэлгээ авах гээд мэрийгээд ирэхээр аяндаа хүүхдийн сурлага дээшлээд ирдэг байхгүй юу.
Баасанхүү -
Танай суманд хүүхдүүд хичээлээс гадуур цаг заваа өнгөрөөдөг тийм байгууллага, ядаж тоглоомын газар байсан уу?
Чулуунцэцэг -
Намайг бага байхад, сургуульд орохоор өмнө, сургуульд орсноос хойш тийм юм байгаагүй. Яагаад гэхээр хүүхэд ээж аав гэрийнхээ хүмүүжил дээр байдаг. Түүнээс биш сумаас ч юмуу аймгаас ч юмуу тодорхой юм зохион байгуулаад яг хүүхдийн төлөө юм хийдэг байгууллага байдаггүй байсан байхаа даа. Хүүхдийн гэсэн тодотголтой юм байдаггүй байсан даа. Тухайн үед би хүүхэд байсан болохоор сайн ойлгохгүй байсан байж магадгүй. Миний бодлоор байгаагүй юм шиг ээ. Ганцхан хүүхдийн төлөө санаа тавьдаг. Байгаагаа зориулж явдаг газар бол сургууль юм байгаа юм. Хүүхдүүд сургуульд орно. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүд ихэнх нь хөдөөний малчдын хүүхдүүд байдаг. Сумын төв бол жижигхэн цөөхөн айлтай учраас сумын төвөөс цөөхөн хүүхэд байдаг. Ерөөсөө сургуулийн ихэнх хүүхэд хөдөөний малчдын хүүхэд байдаг. Хөдөөний хүүхдүүд зарим нь дотуур байранд суудаг. Зарим нь хамаатан садан айлд суудаг. Тийм байсан. Сургууль бол хүүхдүүдийн төлөө зөндөө олон ажил зохион байгуулна л даа. Сургууль бол хүүхдийг сургах талын бариад байдаг. Сургууль дээр ажилладаг пионерийн зөвлөл бол хүмүүжил талыг хариуцаж голлож давамгайлж явдаг тийм байсан юм. Тийм байгууллага байсан нь санагдаад байдаг юм. Одоо бодоход яагаад гэхээр сургууль дээр пионерийн зөвлөл байна. Пионерийн зөвлөлийн удирдагч хүн багш байдаг. Удирдах багшийн дараагийн албан тушаал бол бүлгэмийн дарга байна. Энэ бол хүүхэд байна. Хүүхэд байхдаа ёстой тэр сургууль дотроо сурлага хүмүүжил юу л байдаг юм түүгээрээ тэргүүний хүүхэд бүлгэмийн дарга болно. 6 гаас дээш бүлэг болохоор бүгдээрээ бүлгийн даргатай байна. Нэг анги нэг бүлэг шүү дээ. Нэг анги шүү дээ. Нэг анги дотор 3-4 салаа байна. Салаа болгон салааны даргатай. 1-6 анги хүртэл ахлах ангиудаас бас л сурлага хүмүүжлээрээ тэргүүний сурагчид багийн дарга гэж томилогдож очдог. Тухайн ангийн хүмүүжлийн ажлыг тухайн ангийн багштай хамтарч явуулдаг. Нэг ёсондооо бүлгэмийн дарга л даа. Бага анги учраас багийн дарга гээд нэрлэчихсэн.
Баасанхүү -
Зөвлөх маягаар ажиллах уу?
Чулуунцэцэг -
Нэг ёсондоо бүлгийн даргатай адилхан байхгүй юу. Ахлах ангийн хариуцсан нь бүлгийн дарга нэртэй. Бага ангийнхан болохоор багийн дарга нэртэй. Тэд болохоор сургууль дээр ямар л уралдаан тэмцээн болох уу? Ямар хүмүүжлийн ажил зохион байгуулах уу? Тэр бүх ажлыг хариуцдаг. Тэр байтугай ангийн, хүүхдийн ариун цэвэр хүртэл хариуцна.
Баасанхүү -
Хариуцна гэхээр шалгах уу?
Чулуунцэцэг -
Хариуцна гэхээр багш нар бол ерөнхийд нь ажиглаад байж байна. Ангид чинь ариун цэврийн дарга гээд байдаг. Тэгээд 7 хоногт юмуу 14 хоногт бүлгийн дарга салааны дарга ариун цэврийн дарга бүх хүүхдийн ариун цэвэр үздэг. Түүнд үзэхгүй юм гэж ерөөсөө байхгүй. Толгойноос авахуулаад хөл гарын хумс хүртэл үздэг. Багийн дарга ч гэсэн ялгаагүй. Ангийн багштай нийлээд бас ариун цэвэр шалгана. Дотуур хувцас хүртэл үзэж байгаа юм чинь намайг 5 ангид орчихоод байхад манайх чинь анхны 8 жил байсан. Тэгэхэд эмч нар хүртэл ирж үздэг байсан байхгүй юу. Сумын эмч нар үздэг байсан. Охидууд дотуураа сарфан өмсдөг. Хөвгүүд болохоор майк өмсдөг байхгүй юу. Цамц ч юмуу формынхоо дотуур өмсдөг тэгэхэд тэр майз сарфаныг эргүүлээд оёдлын дагуулж шалгадаг.
Баасанхүү -
Хир болж уу гэж үү?
Чулуунцэцэг -
Хир болж уу тухайн үеийн нийгэм ямар байлаа 1-рт 2-рт тухайн сургууль хүүхдүүд ихэнх нь хөдөөнөөс ирээд айлд сууж байгаа хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр бас янз бүрийн асуудал гардаг байсан л даа. Тэр үед хамуу өвчин аягүй их байдаг байсан байхгүй юу. Хамуу чинь маш их халдвартай гараар дамжина арьсаар дамжина. Хөдөөний хүүхдүүд ирээд дотуур байранд ор байхгүй болохоор таньдаг айлдаа байлгадаг. Зарим айл жижиг гэр барьж өгөөд гурав дөрвөөр нь суулгачихдаг. Нөгөөдүүлчин өөрөө өөрсдийгөө арчилж хамгаалж чадахгүй байсаар байгаад янз бүрийн юм гардаг байсан байгаа юм шиг байгаа юм. Түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гэж тэгж үзэж байсан байх гэж бодоод байдаг юм. Эмчийн үзлэг ариун цэврийн үзлэг ирэхээр хэцүү шүү дээ. Одоо бол томхон албан газрын шалгалт ирж байгаатай л адилхан хүүхдүүд айж сандраад бөөн юм болж байгаа юм чинь тухайн үед тааруу байх юм бол шууд багшийн дуудаад үзүүлээд, сайн байх юм бол багшийн дуудаж бас үзүүлээд тухайн үед ханын сонин гэж гардаг байсан юм. Сайн байх юм бол ханын сонин дээр гарна шүү дээ. Бүлгэмийн ханын сонин дээр юмуу анги болгон ханын сонинтой байсан юм. Түүн дээр гарна. Сонин монин дээр гарчих юм бол ёстой маадааж байгаа юм чинь нэг хүүхэд гарчих юм бол хүүхдүүд бас л нөгөө хүүхэд шиг болох гээд
Баасанхүү -
Та түрүүн ангийн дарга бүлгэмийн дарга гэлээ шүү дээ. Нэг ангид хоёр өөр албан тушаал байх уу?
Чулуунцэцэг -
Тэгэлгүй яахав. Бүлгийн дарга бол пионерийн удирдагчид харъяалагдана. Ангийн дарга чинь болохоор сургуулийн захиргаанд харъяалагдана. Нэг ёсондоо ангийн дарга тэр ангийн ерөнхий бүх байдлыг хариуцана. Ариун цэвэр хүүхдүүдийн ирцийн бүртгэл ангийн дарга журналаа багш нарын өрөөнд аваачиж тавина. Очиж авна. Бүлгэмийн дарга тухайн хариуцаж байгаа ангийнхаа хүмүүжлийг хариуцана. Ямар уралдаан тэмцээн зохион байгуулах уу? Ангийн даргатай нийлээд зохион байгуулж болно. Дангаараа зохион байгуулж болно. Бүр бүлгэмийн зөвлөлтэйгээ хамтраад зохион байгуулж болно. Тухайн үед бараг 7 хоног бүр шинэ ажил зохион байгуулдаг байсан юм.
Баасанхүү -
Хүүхдүүд өөрсдөө санаачлаад
Чулуунцэцэг -
Тийм өөрсдөө санаачлаад тухайн үед балын харандаа ховор байлаа шүү дээ. Хүүхдүүдийг урамшуулаад шагнаад нэг харандаа нэг дэвтэр авсан хүүхдүүд аягүй их баярлаж байгаа юм чинь тэр үед дэвтэр 12 мөнгө байсан. Тэгээд дэлгүүрт бас аягүй их тасардаг. Бас л ховор юмны тоонд ордог байсан байхгүй юу. Ялангуяа нэг төгрөгний дэвтэр гээд байдаг байсан юм. 100 хуудастай. Арынхан нугас нь цавуугаар наачихсан. Тийм дэвтэр дээр 7, 8-дугаар ангийн хүүхдүүд бичих аягүй сонирхолтой. Ялангуяа нэг төгрөгний дэвтэр өгчихвөл хачин их баярлана. Нэг төгрөгний дэвтэртэй хүн гэдэг чинь овоо хүн шүү дээ.
Баасанхүү -
Тэр пионерийн ажлыг хүүхдүүд хэр хүлээж авдаг байсан бэ? Хүүхдүүд дуртай хүлээж авдаг байсан уу? Эсвэл хүүхдүүдэд дарамттай шахалттай санагдаж байсан уу?
Чулуунцэцэг -
Пионерийн ажилд хүүхдүүд аягүй дуртай ш дээ. Тэгээд пионерийн зөвлөлийн гишүүн болох гэдэг нь хүүхэд бүрийн мөрөөдөл байхгүй юу. Хамгийн гол нь сурлага сайтай хүүхэд томилно гэдэг болохоор хичнээн сонирхоод хүсээд байгаа хэрнээ сурлага тааруухан хүүхдүүд яаж ч чаддаггүй байхгүй юу. Тийм хэрнээ гарын уртай сайхан бичдэг. Зурдаг яагаад гэхээр бүлгэмийн зөвлөл ханын сонин тийм юм аягүй их гаргадаг.
Баасанхүү -
Тэр бүгдийг гараар хийдэг байсан байх тиймээ?
Чулуунцэцэг -
Тийм гараар хийдэг. Тэр үед усан будаг бараг олдохгүй байсан шүү дээ. Харандаан будаг ч гэсэн аягүй ховор энд тэндээс харандаа бал олоод чирнелиэр хүртэл будна шүү дээ. Олдож л байгаа юм л даа. Тал талаас нэг нэг юм барьж ирээд гаргана. Ханын сонин бас шалгаруулна. Хэний ханын сонин хамгийн гоё байсан бэ гээд баяр болгоноор ханын сонин гаргана. Ямар нэгэн тэмдэглэлт өдөр болоход ханын сонин гаргана. Бүлгэмийн зөвлөлийн дарга гэдэг чинь одоогийн нэг багахан байгууллагын дарга гэсэн үг шүү дээ.
Баасанхүү -
Хүүхдүүд дундаа л намын гишүүн юм байна ш дээ.
Чулуунцэцэг -
Хүүхдүүд дундаа дарга хүүхдүүд айна. Салаан дарга байлаа гэхэд өөрийнхөө хариуцсан салаандаа сууна. 1-р салаа гэхэд 2-р салаан дарга өөрийнхөө салаанд л сууна. Салаан дарга чи тэгсэн байсан ингэ тэг гэх юм бол салаан даргын үгнээс гарна гэж байхгүй. Тэр үеийн хүүхдүүд аягүй хүмүүжил сайтай байсан. Танихгүй том хүн үг хэлсэн ч гэсэн хүлээж авдаг. Урьдаас нь эсэргүйцэх тийм юм байхгүй. Янз бүрийн ааш гаргана гэж байдаггүй.
Баасанхүү -
Хүүхдүүдийг албан тушаалд сонгох сонгууль яаж явагдах вэ? Хүүхдүүд дундаа байсан уу? Эсвэл дээрээс томилдог байсан уу?
Чулуунцэцэг -
Бүлгэмийн зөвлөлийн гишүүдийг пионерийн удирдагч ангийн багштай нь нийлж байгаад сонгоно. Салаан дарга ангийн даргыг ангийн хурал хийнэ шүү дээ. Ангийн хурлаар сонгоно. Ангийн хурал хийхэд ангийн багш саналаа оруулна. Дэмжигдэх үү дэмжигдэхгүй юу. Нэг хүүхдийн нэр орохгүй хоёроос гурван хүүхдийн нэр орно. Тэндээс нэг нь сонгогдоно. Тухайн үедээ бид нар чинь аягүй мундаг ажилтай байсан ш дээ. Бүлгэмийн зөвлөлийн гишүүн пионерийн танхимаас сална гэж байхгүй.
Баасанхүү -
Аа бас пионерийн танхим гэж байх уу?
Чулуунцэцэг -
Пионерийн танхим гэж тусгай өрөөтэй. Түүндээ цуглууд өөрсдийнхөө хийж ажлаа. Хийсэн ажлаа дараа нь юу хийх үү? Хийсэн ажил нь сайн болсон уу? Муу болсон уу? Юу нь дээр алдсан дараа нь юу нь дээр анхаарах вэ тэр бүгдийгээ ярилцана. Хамгийн гол зөвлөгч нь пионерийн удирдагч буруугийн хэлж өгдөг. Зөвлөж өгдөг хүн чинь пионерийн удирдагч байхгүй юу. Ангийн ажлыг ерөнхийд нь ангийн багш ангийн дарга хариуцана. Ангийн багш ангийн дарга хоёр чинь сургуулийн захиргаанд харъяалагдаж байгаа юм чинь бас пионерийн байгууллагаас зохион байгуулж байсан мартагддаггүй нэг ажил байдаг л даа. Онц сурсан хүүхдүүдийн хөдөлмөр алдрыг тэмдэглэдэг. Хичнээн хүүхэд ч гэсэн хөдөлмөр алдрыг тэмдэглэнэ л дээ. Ихэнх нь хөдөөний хүүхэд байдаг учраас хамгийн олон төл хүлээж авсан. Хамгийн олон даага сургасан. Хамгийн их түлээ бэлдсэн. Хамгийн их хадлан хураасан гээд хөдөлмөрийн аварга шалгаруулдаг байхгүй юу. Эсвэл улирал дараалаад жил дараалан онц сурч байгаа бүх талаараа сайн хүүхдүүдийн хөдөлмөр алдарыг тэмдэглэнэ. Сургуулийн хэмжээнд юмуу ангийн хэмжээнд тэмдэглэнэ. Сургуулийн хэмжээнд тэмдэглэх юм бол бүх хүүхдүүдийг оруулаад зассан ширээн дээр нөгөө хүүхдээ суулгаад ангийн багш нь бүх л амжилтын уншина. Яагаад хөдөлмөр алдар тэмдэглэх болсон тухай бүхий л амжилтууд тэгээд бүх сайн талын танилцуулна. Тэр хүүхдээс асуух зүйл байвал сонирхсон асуултаа хүүхдүүд асууна. Сонирхсон асуулт байхгүй бол ангиуд тухайн хүүхдэд өгөх бэлэг бэлдсэн байдаг байхгүй юу.
Баасанхүү -
Аа анги болгон бэлэг өгөх үү? Бас
Чулуунцэцэг -
Өгнө. Анги дотроо хөдөлмөр алдрыг нь тэмдэглэх юм бол бас ялгаагүй ангийн найз нөхөд нь бэлэг бэлдэж өгнө. Сургуулийн захиргаа бэлэг өгнө.
Баасанхүү -
Жишээ нь юу байхав? Хичээлийн хэрэглэл үү?
Чулуунцэцэг -
Ихэвчлэн дандаа хичээлийн хэрэглэл шүү дээ. Тухайн үед бид нарт чихэр боов тийм юмны бэлэг гэж байдаггүй байсан. Тэр үед чихэр боов одоог бодоход ховордуу байсан л даа. Ихэвчлэн Оросын манай үйлдвэрийн чихэр боов байна. Гэхдээ нэг их элбэг биш хүүхдэд өгч байгаа бэлэг нь дандаа хичээлийн хэрэглэл байна. Ном тухайн үед гарсан хэрэгцээтэй сэтгүүл тийм юмаар бэлэг өгнө.
Баасанхүү -
Тухайн үед хүүхдийн сэтгүүл гэж гардаг байсан уу?
Чулуунцэцэг -
Байсан. Пионерийн үнэн сонин байсан. Залгамжлагч гээд сэтгүүл байсан. Пионерийн үнэн сонинг пионерийн гишүүн хүүхэд болгон захиална. Залгамжлагч сэтгүүлийг ч гэсэн захиална. Залгамжлагч сэтгүүлийг боломжоороо нэг ангид тоо өгчихдөг. Ямар нэгэн сонин сэтгүүлийг мал эмнэлэг хэдэн ширхэг сургууль хэдэн ширхэг гээд тоолоод өгчихдөг байхгүй юу. Залгамжлагч сэтгүүлийг сургууль л захиална шүү дээ. Өөр захиалах газар байхгүй юм чинь сумын номын сан захиалбал захиална захиалахгүй бол захиалахгүй. Сургууль түүнийгээ авчихаад ангиудад хувиарлана. Ангид хэдэн хувь ирсэн байна түүний дагуу. Аа бүлгэмийн гишүүд бас захиална. Залгамжлагч сэтгүүл бараг тэд нарын гарын авлага болж байгаа юм чинь хот хөдөөгийн бүлгэмийн зөвлөлийн талаар шинэлэг зүйл юу болж байна тэр бүгдийг пионерийн үнэн залгамжлагч хоёроос авна шүү дээ. Тухайн үед зурагт гэж байсангүй радио гэж бараг байсангүй. Сургуульд бол байхгүй. Манайх эх орон 52 гээд радиотой байсан юм. Нөгөөх нь заримдаа гайгуу явна. Заримдаа паржигнаад явахгүй. Зарим айлууд шугманд холбоод явдаг жижиг жижиг радиотой байсан. Тэр ажиллахаасаа ажиллахгүйн их заримдаа ажиллана. Заримдаа ажиллахгүй. Хэвлэлээс хамаг мэдээлэл авна. 7 хоногт хоёр удаа аймгаас шуудан ирнэ. Том хүмүүс 7 хоног бүрийн 4 дахь өдөр 7 цаг 30 минутаас лекц гээд болдог. Улс төрийн лекц гэж болдог. Түүн дээр болохоор гадаад улс орнуудад болон манай улсад болж байгаа улс төрийн үйл явдал яригдана. Бас хагас сайн өдөр болгон өглөө сонин уншлага гэж болдог. Тухайн үед хүмүүсийн тархинд улс төрийн мэдээлэл аягүй их хийдэг байсан шиг байгаа юм. Түүнийг сумын намын үүрийн дарга хариуцдаг. Лекц гэхээр сумын төвийн бүх албан хаагч нар очно. Бүх л ажил хийдэг хүн очдог. Түүн дээр дэлхийн газрын зурган дээр ажиллуулдаг. Улс орнуудыг заалгадаг.
Баасанхүү -
Том хүмүүсээр тиймээ?
Чулуунцэцэг -
Том хүмүүсээр манай аав ирээд хэлдэг байсан юм. Хүн ер нь юм мэдэж байхад илүүдэхгүй. Та нар ч гэсэн мэдэж авч бай. Дээд сургууль төгссөн хэрнээ дэлхийн газрын зураг дээр улс зааж чадахгүй хүн байх л юм даа гээд ярьдаг байсан юм. Манай аав чинь их агуй хүн байсан шүү. Улс төрийн талаар мэдлэг сайтай. Өөрөө хэвлэл их уншина. Ном их уншина. Өөрөө бас их улс төр сонирхдог байсан шиг байгаа юм. Дэлхийн газрын зурган дээр тийм улс заа гэхэд манай аав шууд заана шүү. Манай аав бол боловсрол байхгүй шүү дээ. 2-р анги төгссөн. 2-р анги төгссөн хүн 8-р ангийн тоо боддог байсан гээд чи боддоо. Тэгэхээр нэлээд толгойтой байсан юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Тэр үеийн хүүхдүүдийн харилцаа ямар байсан бэ?
Чулуунцэцэг -
Намайг хүүхэд байхад хүүхдүүдийн харилцаа маш сайн байсан. Хүүхдүүд хоорондоо хэрэлдэх муудалцах зодолдох бол маш ховор үзэгдэл байсан. Үнэхээр бие биедээ дургүй хүрсэн үедээ л муудалцана гэхээс биш хүүхдүүд хоорондоо маш эвтэй. Дотуур байрны хүүхдүүд хоорондоо амь нэгтэй. Яг нэг гэр бүл шиг жаахан юм олдвол хуваагаад иддэг. Тэр үеийн нэг төгрөг гэдэг чинь маш их мөнгө аав ээж ах эгч нь эргэж ирээд нэг төгрөг ч юмуу 3 төгрөг өгнө л дөө. 1 төгрөгөнд чавга авлаа гэхэд чавгаа тоолж хуваадаг. Тийм хөөрхөн эвтэй. Хэрэлдэх муудалцах хүн муулах тийм юм ерөөсөө байгаагүй. Би ерөөсөө хүн муулах гэдэг асуудал бараг мэдэхгүй. Ажил дээр гарсан хойно л яахав дээ оюутан байхад тийм юм ганц нэг байсан л даа. Оюутны амьдрал гэдэг чинь сайхан шүү дээ. Бүр бага байхад хэрэлдэнэ гэж бараг байхгүй дээ. Нэг жаахан муудалцах гэхэд ээж аав муухай харах ч юмуу хоолойгоо засахад нам болно. Ээж аав загнан гэж байхгүй харцаараа хүүхдүүдээ удирдаад явчихдаг. Түүнээс биш зааж загнаад зодож нүдээд байхгүй. Бид нар хүүхэд байхад ажил хийх цагийн хувиартай тоглох цагийн хуваарьтай, хичээл хийх цагийн хуваарьтай. Би айлын том эмэгтэй хүүхэд болохоор гэр амьтай бараг гэрээс гарахгүй. Миний дараагийн 3 дүү гурвуулаа эрэгтэй байхгүй юу. Тэд нар гадаа тоглох гээд байдаг. Аав за жаахан тоглоод ир гээд гаргадаг. За нөгөө хэд болсон гээд гараад дуудна. Аав дуудахад бүгд орж ирнэ шүү дээ. За гутлаа арч гараа угаа хичээлээ хий. Тэгээд л хичээлээ бариад суудаг байсан.
Баасанхүү -
Эсгий гэрт тиймээ?
Чулуунцэцэг -
Тийм албан газрууд л манай сум чинь жижигхэн болохоор жижигхэн жижигхэн байшинтай албан газрууд. Улаанбаатар хотын гэр хороололд жижигхэн байшин байдаг биз дээ яг түүн шиг. Одоо харин аягүй гоё болчихсон байна лээ. Айлууд болохоор байшин гэж байхгүй дандаа гэр
Баасанхүү -
Хүүхдүүдийн 13, 14 насыг шилжилтийн нас гэдэг шүү дээ. Хүүхдүүдэд нөхөн үржихүйн талаас нь биологийн талаас нь зааж сургаж байсан уу?
Чулуунцэцэг -
Үгүй тийм юм байгаагүй. 7-р ангид ороод 8-р ангид ороод бие биеэ сонирхож эхэлдэг. Би нар анхны 8 жилийн сургууль учраас бид нарын дээд талд ах эгч нар байхгүй. Тийм талын мэдлэг байхгүй. Ээж аав болохоор бид нарт юу ч ярихгүй. 7-р ангид ороод хүүхдүүд шивэр авир гээд бие биеэ сонирхож суурь тавигдаж байгаа юм л даа. Тэр түүнд захиа өгсөн гэнэ лээ. Энд захиа өгсөн гэнэ лээ гээд их нууц надаас чамд гээд бичнэ. Захиа авах юм бол тэр хүүхдээ харж чадахгүй ичээд \инээв\ аав ээжээс ичээд хүн болгон хараад байгаа юм шиг санагдаад гэртээ очихоор зэрэг манай аав ээж дүү нар хараад байгаа юм шиг санагдаад тэгдэг байсан. Хөвгүүд болохоор аягүй давамгай тэр талын юм аягүй их ярьдаг байсан шиг байгаа юм. Ялангуяа охидын талаар тэр охин тийм энэ охин ийм түүнд захиа өгвөл яах уу гээд л одооны хүүхдүүд бол тэгэхгүй л дээ. Тэр үед гэнэн цагаан хар муу санаа байхгүй.
Баасанхүү -
Хүүхдүүдийн амьдрал хэр өөрчлөгдсөн бэ? Тэр үеэс
Чулуунцэцэг -
Асар их өөрчлөгдсөн миний бодож байгаагаар хүмүүжил, хүмүүжлийн харьцаа их өөрчлөгдсөн. Би хөдөө өссөн. Хөдөө сургууль соёлд сурсан. Тэгээд оюутан болоод хотод ирсэн. Би хотод оюутан болоод ирэхэд хот хөдөөгийн ялгаа их мэдрэгддэг байсан л даа. Ялангуяа миний үеийн хөдөөний хүүхдүүд үнэхээр хүмүүжилтэй. Ямар ч хар буруу санаа байхгүй. Аягүй гэнэн цагаахан сэтгэлтэй. Хотын хүүхдүүд арай өөр л дөө. Энд бас орчин нөлөөлдөг гэдэг юм байгаа байхгүй юу. 2-рт тэр үеийн хүүхдүүд одоогийн хүүхдүүд өдөр шөнө шиг ялгаатай. Ялангуяа хүмүүжил талдаа миний 8-р анги төгсөж байсан үе одоогийн 8-р анги төгсөж байгаа хоёрын хооронд цаг үе өөр болчихсон байгаа байхгүй юу. Одоо энэ техникийн хөгжил хүүхдүүдийн хүмүүжил ажиглагдаад байгаа байхгүй юу. 2-рт эцэг эхийн олгож байгаа суурь хүмүүжил муу эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа байхгүй юу. Толгойг нь илээд иднэ гэсэн юмын идүүлээд. Авна гэсэн юмын авч өгөөд мөнгө хэрэгтэй гэвэл өгөөд болдог юм болохгүй юм хоёрын ялгааг хүүхдэд хэлж өгөхгүй байгаагаас болоод хүүхдийн хүмүүжил муудаж байгаа. Яагаад гэхээр бэлэнчлэх сэтгэлгээнд орчихсон. Мөнгө л байвал бүх юм байж байна. Сургуулийн хүүхдээ хаана явж байна. Юу хийж байгаад хараа хяналт тавихгүй байгаагаас болоод хүмүүжил муудаж байна гэж би боддог. Комьпютер тоглоомын газар гээд хүүхдүүд оргондог газар бий болчихсон. Хүүхдэд тавих хяналт гэж ерөөсөө байхгүй болчихсон.
Баасанхүү -
Эцэг эх хүүхдүүдийн харилцаа ямар байсан.
Чулуунцэцэг -
Эцэг эх хүүхдүүдийн харилцаа маш сайн байсан. Хөдөөний хүмүүс хүүхдүүдээ хүмүүжүүлээд сургаад ирчихсэн. Том хүн ороод ирэхэд таньдаг ч байсан танихгүй ч байсан мэндэл. Миний хүү бос ахмад хүн орж ирлээ. Цай тавь идээ тавь гадаа морьтой хүн ирлээ гэхэд тэр гуай ирлээ. Энэ гуай ирлээ гарч морийн авч уя. Тийм давтамжтай яваад байдаг болохор ахмад хүнийг хүндэлж сурдаг. Аав ээж үгээрээ сургадаг. Манай дүү нар өвөл ус авч байгаад савныхаа таглааг хөлдөөчөөд ирдэг байхгүй юу. Миний хүү өвөртлөөд явсан бол хөлдөхгүй байхгүй юу. Загнахаасаа илүү заадаг. Дараа явахдаа тэгээд яваарай. Гээд хэлээд өгчихдөг. Айгаад орж ирж байсан хүүхэд ээж аав нь тийм сайхан угтахаар чинь ээж ааваа илүү ихээр хайрлана биз дээ. Ээж аав намайг загнасангүй. Би дээрээс нь буруу юм хийхгүй юм шүү. Дараа тэгэх юм шүү гэсэн ойлголт суудаг юм шиг байгаа юм. 1-рт хүмүүжилд нөлөөлж байна. 2-рт амьдралд суралцаж байна.
Баасанхүү -
Мэдээлэл авах хэрэгцээг яаж шийдэж байсан бэ? Тийм юм гарна шүү дээ
Чулуунцэцэг -
Би ээжтэйгээ илэн далангүй байдаг байсан . Манай ээж бол тийм хүн байсан. Эхээс аягүй цөөхүүлээ байсан учраас том охин болохоор надад их сайн хайртай. Эмэгтэй хүн тэгэх ёстой ингэх ёстой гээд зааж сургаж байсан. Эмэгтэй хүн дотуур хувцасаа угаагаад тэгж хатаах ёстой. 13,14 нас хүрээд ирэхэд сар болгон тэгнэ. Тэр чинь эмэгтэй том хүн болж байгаа нь тэр гээд үргэлж зааж сургаж байсан.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.