Chuluuntsetseg
![](../assets/images/interviewees/990087.jpg)
Basic information
Interviewee ID: 990087
Name: Chuluuntsetseg
Parent's name: Sodoo
Ovog: Geleg balsan taij
Sex: f
Year of Birth: 1962
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: kindergarten teacher
Belief: none
Born in: Nariinteel sum, Övörhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
work
democracy
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Аав ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юү?
Чулуунцэцэг -
Миний ээж аав хоёр хоёулаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүмүүс багаасаа ээж аавынхаа гар дээр өссөн тийм хүмүүс байсан. Аав маань ардын цэргийн алба Зүүнхараад тийм нэг анги байсан гэсэн тэнд цэргийн алба хааж ирээд манай ээжтэй гэрлэсэн байгаа. Ээж маань боловсрол байхгүй л дээ. Манай аав ээж хоёр сургуулиар явж боловсрол олж аваагүй л дээ. Шинэ үсгийн бүлгэм гээд байсан. Түүнд явж сураад бичиг үсэг тайлагдаад бага боловсролтой болсон гэсэн цагаан далбаасан үнэмлэх байдаг байсан. 2-р анги төгсөөд байж байтал ээж нь эгч нь хоёулахнаа үлдсэн болохоор сургуулиас гарчихсан. Мал маллаж байгаад цэрэгт явсан. Аав маань бага боловсролтой ч гэж дээ. Тухайн үед 4-р анги төгссөн хүнийг бага боловсролтой гэж үздэг байсан шүү дээ. Бид нарын хэлдгээр Q өндөртэй хүн байсан. Одоо хоёрдугаар ангийн хүүхэд бол зарим нь уншиж чадахгүй шүү дээ. Манай аав бол дээд мэргэжлийн хүмүүсийн хэмжээний мэдлэгтэй байсан. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр зэрэг улс төр өөрийн хийж байсан ажил хүүхдүүдээ сургадаг байсан. Хичээл номын давтуулдаг байсан. Бүр дунд сургуулийн 7, 8-р ангийн хүүхдүүдийн хичээл номын хийлгэдэг. Тоогийн бодуулдаг. Цээж бичиг хийлгэдэг. Үгийн алдаа сайн шалгадаг. Өгүүлбэрийн найруулга хэлэх гэж байгаа санааг маш сайн гаргадаг тийм хүн байсан л даа. Аав маань намайг төрсөн жилээс авахуулаад тэтгэвэрт гарах хүртлээ улсын албан хаагч хийж байгаад тэтгэвэрт гарсан л даа. Ихэнхдээ эмнэлэгт ажилласан. Анхандаа нэгдлийн туслах үйлдвэр гэж байдаг байсан. Тийм ажил хийдэг байсан. Эмэгтэй хүнд ажил олдох нь их ховор тэгээд би бодоод байдаг юм. Тухайн үед эмэгтэй хүнд ажил олдохгүй байсан юм байна даа гэж. Нэг бол үр хүүхдээ өсгөж хань ижлээ халамжлах гээд ажил хийдэггүй байсан байж магадгүй. Түүндээ илүү санаа тавиад ажил хийдэггүй байсан болов уу гэж боддог. Аав маань ажилдаа аягүй сайн ажилладаг. Хийж байгаа ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг. Тиймдээ ч сум ажлын газартай аягүй их нэр хүндтэй. Тэргүүний шилдэг гэсэн алдар нэр гэхэд хаашаа юм тодорхой хэмжээний нэр хүнд тухайн үедээ тэргүүлэхээр ажил хийдэг байсан. Тэр үед шалгалт аягүй их ирдэг байлаа. Суманд ирэхдээ дандаа аймгаас ирнэ. Аймгаас ирэхдээ аймгийн эрүүлээс хамгаалах газар намын хороо, аймгийн захиргаанаас хадлан тэжээл өвөлжилт гээд тодорхой чиглэлээр хүний ажлыг шалгаад явна гэж байхгүй. Үзье гэсэн салбар нэгжийн ажил үзэж үнэлэлт дүгнэлт өгдөг байсан. Хүнсний бүтээгдэхүүний хөдөлгөөнт хаяг гэдэг юмыг аав маань сумандаа анх удаа санаачилсан. Өөрийнхөө ажлыг хянаж байх зорилгоор хийсэн. Тэр нь тэргүүн туршлага болоод яваад өгсөн. Дээрээс ирсэн шалгалтынхан маш өндөр үнэлгээ өгөөд аймаг даяар дэлгэрүүлэх тийм ажил зохиогдож байсан. Түүнээс хойш эмнэлэг худалдаа бэлтгэлийн анги тэр хаягийг ихээр хэрэгжүүлж эхэлсэн. Тэр нь бол яадаг вэ гэхээр зэрэг бүр хэмжих нэгж нь байдаг. Тэгээд тоо ширхэг нь байдаг. Нэгжийн үнэ байдаг. Орлого байдаг. Зарлага байдаг. Үлдэгдэл байдаг. Жнь 5 кг хоол гаргалаа гэхэд урд өдрийн үлдэгдэл 100 кг байлаа гэхэд өнөөдрийнхөө 5 кг-ыг хасаад үлдэгдэл нь 95 гарна гээд өдөр бүр тэмдэглэдэг. Одоо байсан бол овоо л нэр хүндэнд хүрэх байсан байх гэж би бодоод байдаг юм. Ажлаа хийж байна гэж бодож байсан болохоос ерөөсөө тэргүүн туршлага гаргачихлаа үүнийгээ дэлгэрүүлэх юмсан. Тодорхой хэмжээний нэр хүндэд хүрчих юмсан гэсэн санаа тухайн үеийн хүмүүст байдаггүй байсан. Хамгийн гол нь хялбарчлах өөрийнхөө ажлыг мэдэж байх зорилгоор нэг юм хийчихдэг тэр нь тодорхой хэмжээний шинэ юм байж байдаг. Аав минь яахав өөрөө их гарын ур дүйтэй хүн байсан. Төмрөөр аягүй их юм хийдэг. Дархан гэдэг юмуу даа. Төмрийг хайчлаад юм хийхээр бараг л цаасаар муу даавуугаар юм хийсэнтэй адил. Захиалга аягүй их ирдэг. Тэр үед их сонин байсан юм даа. Гуйгаад ирдэг байхгүй юу. Тийм юм хэрэгтэй байна хийгээд өгөөч гээд аав болохоор юмаа аваад ир гээд тухайн үедээ мөнгө авдаггүй. Хөөрхий энд хийгээд өгчихье гээд ажлынхаа зав зайгаар сууж байгаад хийчихдэг байсан. Зүгээр сууна гэж ерөөсөө байхгүй. Ээж бол мэдээж ааваас түрүүлж босоод галаа түлээд цайгаа чанана. Тэгээд цайгаа уугаад ажилдаа явна. Өдөр ирж цайгаа ууна. Орой ажлаа тараад гэртээ хүрээд ирнэ. Гэртээ ирээд цайгаа уугаад гадаа хийдэг юмнуудаа хийнэ. Заримдаа шөнө суугаад лаа барьж байгаад хээгийн тавих ч юмуу тийм ажил хийнэ зарим хүн тухайн үед 10 төгрөг их мөнгө байлаа ш дээ өгнө. Тэгэхдээ бид нарыг 2 идүүлээгүй хоосон хонуулаагүй. Уранхай хувцастай явуулаагүй. Хуний хүүхэд юу өмсдөг байсан түүнийг л өмсгөж өсгөсөн. Аавын авч ирсэн цалинг ээж зарцуулахдаа яс тооцоотой зарцуулна. Аав маань 180 төгрөгний цалин авдаг байсан байхгүй юу. Хүүхэд бид нарт бол их л мөнгө шиг санагдана. Тэр үедээ тийм их мөнгө биш байсан юм шиг байгаа юм. Тэгж л бид хэдийг өсгөсөн юм.
Баасанхүү -
Түрүүний яриан дээр ээж маань нас бараад 8-р ангид байхад гэсэн юунаас болоод тийм эрт нас барав. Өвчинтэй байсан уу?
Чулуунцэцэг -
Залуу байсан л даа манай ээж чинь. Би сайн мэдэхгүй юмаа. Төрөхөөс болоод нас барсан байхгүй юу манай ээж. Тухайн үед мэргэжлийн алдаа байдаг ш дээ. Тийм юмнаас болоод нас барсан. Яахав хүмүүс бол ээжийг маань нас барчихаад байж байхад тухайн үед тэнд ажиллаж байсан сувилагч буруутай гээд тэгж байсан. За яахав миний л үйл юм байгаа биз гээд орхичихсон. Бид нар гомдолтой байлгүй яахав. Бүхэл бүтэн өчнөөн төчнөөн хүүхэдтэй бүхэл бүтэн хүний амьдралыг зүй бусаар өөрөө эмч нартаа ч хэлэлгүй бүхэл бүтэн хүний амь бүрэлгэн гэдэг чинь том асуудал ш дээ. Тухайн үедээ хөдөөнийхөн аягүй гүндүүгүй амгалан гэдэг ч юмуу хаашаа юм ах дүүгийнхээ дайтай санадаг олон жил ажилласан гэж санасан юмуу хүүхдүүд бид нар юугаа мэдэх вэ.
Баасанхүү -
Аав чинь яагаач үгүй гэсэн удирдлагуудаас арга хэмжээ авсан уу? Аваагүй юу?
Чулуунцэцэг -
Манай аав гомдол гаргаагүй.
Баасанхүү -
Тэгээд тэр хүн үргэлжлүүлээд ажлаа хийсэн гэсэн үг үү?
Чулуунцэцэг -
Ажлаа хийж байсан. Одоо байдаг юмуу үгүй юмуу мэдэхгүй. Багшийн сургуульд ороод нутгаасаа гарсан хүн шүү дээ. Багшийн сургууль төгсөөд Улаанбаатар хотын хүнтэй суугаад 1985 онд манай аав шилжчихсэн байхгүй юу. Түүнээс хойш Нарийнтээл очоогүй л дээ.
Баасанхүү -
Таны амьдарч байсан цаг үеийн онцлогтой тэр онцлог таны амьдралд яаж мэдрэгдэж байв аа?
Чулуунцэцэг -
Юм гэдэг чинь олон талтай шүү дээ. Нэг юмыг олон талаас харж үнэлгээ дүгнэлт өгнө шүү дээ. Зарим хүмүүс тэгж ярьдаг байхгүй юу. Социализмын үед хэцүү байсан. ардчилал гараад сайхан боллоо гэдэг ч юмуу эсвэл социализмын үед сайхан байгаад одоо хэцүү болчихлоо гэдэг ч юмуу. Гэхдээ ямар ч нийгэм байлаа гэсэн авах ч юм байгаа. Хаях ч зүйл байгаа шүү дээ. Нэг юм дандаа давамгайлж байна гэж байхгүй шүү дээ. Болоод өнгөрдөг зүйл цаг үеэсээ хамаарч сайн ч юм бий муу ч зүйл бий. Миний хувьд тийм байсан ийм байсан гээд байх зүйл алга. Социализмын үед төрсөн өссөн боловсрол олж авсан. Би түүгээрээ бахархдаг. Яагаад гэхээр социализмын үед төрсөн хүмүүс хүмүүжилтэй ажилсаг эх оронч сэтгэлгээтэй. Аав ээжийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй. Тухайн үед хүүхэд байсан болохоор би тэгж боддог юм. Ардчилал манайд хөгжөөд аль аль нь байгаа ш дээ. 1990 онд манайд ардчилал хөгжлөө хүмүүс хувийн эд хөрөнгөтэй болсон. Хүний эрх чөлөө нэг үеэ бодоход нээлттэй болсон гэдэг ч юмуу өөрийн хүссэн мэргэжил мэдлэгтэй болсон ч гэдэг юмуу. Техник технологи хөгжсөн гэдэг ч юмуу. Дэлхийн олон орны байдлыг шууд мэдээд авдаг ч гэх юмуу. Гэхдээ миний хувьд сөрөг тал байгаа юм шиг санагддаг юм. Сүүлийн үед хүүхэд залуучуудын хүнийг хүндлэх зан чанар байхгүй болчихсон юм шиг санагдаад байдаг юм надад. Заавал аав ээж багш гэхгүйгээр хүний үгэнд ордог айдаг тийм юм одоогийн хүүхдүүдэд байхгүй. Хоёр хүүхэд зодолдож байхад яаж байгаа юм бэ гэхэд урьдаас хэрэлдэж байгаа байхгүй юу. Би боддог юм. 1-рт нийгэмтэй холбоотой. 2-рт гэр бүлийн суурь хүмүүжилтэй холбоотой гэж боддог юм. Гэр бүлийн суурь хүмүүжил гэхээр эцэг эхтэй холбоотой. Зах зээлийн нийгэмд хөлөө олж амьдрах гэж байгаа хүмүүс хоёр нарын хооронд ажиллаж үр хүүхдээ анхаарч чадахгүй юм байдаг л байх. Зах зээл хөгжчихлөө шүү дээ. Яг энэ нийгэмд хөлөө олох гэж зарим хүмүүс их ядарч байгаа.
Баасанхүү -
Өчигдөр таны хүүхэд насны тухай нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Одоо та хүүхэд наснаасаа хойших амьдралаа яриад өгөхгүй юү?
Чулуунцэцэг -
8-р ангиа төгсөөд ээж маань нас барчихаад аавдаа хань болж дүү нараа асрах гээд. Аав маань хэлж байсан. Сургуульд яваад боловсролтой бол боловсролтой байх ёстой. Чи эмэгтэй хүн чамд ямар ч хань ижил таарч болно. Сайн хань таарах юм бол чиний аз юм. Муу хань тааралдах юм бол миний хүү өөрийн гэсэн боловсролтой байж байж хоолоо олж иднэ миний хүү тийм учраас чи ямар ч байсан боловсролтой бол. Тэгээд би 1979 онд шалгалт өгөөд багшийн сургуульд элсэн орсон л доо. Оюутны амьдралаар явсан. Оюутны амьдрал ямар байдаг билээ.Миний амьдарч сурч байсан үеийн оюутнууд үнэхээр баян оюутнууд яагаад гэхээр бид нар стипент авдаг. 180 төгрөг авдаг. Тэгээд сайн сурах юм бол сар бүр 50 төгрөгний нэмэгдэлтэй. Аж ахуй яваад стипент авдаг байхгүй юу тэгээд амралттай байсан чинь гэсэн зуны амралтын стипент өгдөг байсан. 360 төгрөг онц гарсан бол сар бүрийн 50 төгрөгний нэмэгдэл авдаг. Аж ахуйд ажилласан ажлын хөлс ороод ирдэг. Тэгээд 800, 900 орчим төгрөг авчихдаг. 800, 900 төгрөг гэдэг чинь нэг яамны сайдын цалин гэсэн үг шүү дээ. Би бол яах вэ сайн авдаг байсан. Намар ч гэсэн өвөл ч гэсэн дандаа сурлагын нэмэгдэл авдаг. Миний дүү нар миний аавын амьдралд нэмэр болдог. Яагаад гэхээр би стипентээ авчихаад өөр зуурын хэрэгцээний юмаа авна л даа. Эмэгтэй хүн болохоор дотуур хувцас авна. Гэхдээ хүүхдүүдтэй адилхан өөртөө зориулж чаддаггүй байсан. Ихэвчлэн дүү нартаа гэртээ юм авдаг. Дүү нарынхаа хувцсыг бэлддэг. Намар бэлдэнэ. Өвөл хичээл ороод стипентээ авангуут бас бэлдэнэ. Түүнийгээ зун авч очно. Өвөл авсан стипентээрээ зуны хувцас авдаг. Намар авсан мөнгөөрөө өвлийн хувцас авдаг. Энэ маань аавд маань их нэмэр болсон байх гэж боддог юм. Оюутны жил бол сайхан байсан. Тухайн бид нарын үед төгсөж гарсан мэргэжилтэн үнэхээр чанартай гардаг байсан. Яагаад гэхээр багш нар маань бид нарыг хэзээ ч өнгө мөнгө царай зүс хувцас хунараар дүгнээгүй. Ганцхан түүний толгойд юу байна. Юу сурсан бэ? Энэ хүн юу чадаж байна. Юу чадах гэж байна гэдгээр нь дүгнэдэг байсан. Тухайн үед арын хаалга танил тал гэж ёстой байгаагүй. Тухайн оюутан ямар мэдлэг олж авсан байна. Түүгээрээ үнэлгээ авч онц гэдэг үнэлгээ тэгж гардаг байсан байхгүй юу. Сүүлийн үед миний харьцуулж бодож байгаагаар бол социализмын үед төгссөн боловсон хүчнүүд бол маш чадварлаг боловсон хүчнүүд төгсөж байсан. Бид нарт гадаад дотоод яваад үзэж харах зүйл байхгүй. Гадаад улс оронтой харьцах юм байхгүй. Тухайн үед хөрөнгөтөн орон гэдэг байсан шүү дээ. Хөрөнгөтөн орнуудаас тухайн мэргэжлийн талаар мэдээлэл авч чаддаггүй. Тийм цаг үед бид нар сурч байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ өөрсдийнхөө бор зүрхээр яг багш хүн ямар мэдлэгтэй байх ёстой тэр бүгдийг толгойдоо шингээж багш нараасаа үнэлгээ авч тэгж төгсдөг байсан. Тийм учраас тухайн үеийн боловсон хүчнүүд их чадвартай, чадалтай, үнэхээр сэтгэлтэй, өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ сэтгэлээ өгсөн тэгж гарч байсан. Одоо бид нарын амьдарч байгаа 21-р зуун шүү дээ. Цаг ахих тусам нийгэм маань сайхан болж байна л даа. Гэхдээ одоо энэ түвшнээс эргүүлээд харах юм бол сургуулийн тоо ихэссэн учраас болсон юмуу. Сургуульд элсэн орчихоод зарим нь үнэхээр сурах сонирхолтой хүүхэд орсон байхад зарим нь диплом авахын тулд орсон юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Ер нь тэгж санагддаг л даа. Нилээд олон жишээ нь дээр тэгж харагддаг юм. Яагаад гэхээр тухайн үед стипент авчихаад гуанзанд орж хоол идэж чададгүй ш дээ. Яагаад гэхээр дэвтэр ном өөрийнхөө хэрэгцээний ном дэвтэрт зарцуулдаг. Одооны хүүхдүүд ээж ааваараа тэтгүүлээд бүх төлбөр бүх юмыг эцэг эх дааж байна шүү дээ. Тэгэхэд дандаа зугаа цэнгэл баар ресторан тэгээд л ээж ааваасаа мөнгө нэхээд үүнд би жаахан сэтгэл дундуур байдаг юм. Ийм сайхан залуучууд ямар нийгэмд амьдарч байгаа билээ. Цаг үе ямар байгаа билээ. Эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ төлөө жинхэнэ бөмбөгөр толгойгоо ажиллуулах юм бол их юм хиймээр байгаа юм. Би багшийн сургуульд сурч байгаад төгсөх жилээ нөхөрт гарсан. Гэр бүл болоод би бол хөдөөний хүүхэд байсан. Манай хүн бол хотын хүн байсан. Тэгээд хотод амьдрахаар болсон доо. Хамгийн том хүү маань 1982 онд төрсөн. Дараагийн охин маань 1987 онд төрсөн. Ингээд хоёр хүүхэдтэй би. Яахав бид нарын амьдрал сайхан байсан. Сургууль төгсчихөөд хэсэг хугацаанд хөдөөний хүүхэд хотод ажил олж хийх хэцүү байлаа шүү дээ. Хөдөөний хүүхдүүд төгсөөд нутагтаа очиж ажилладаг тийм зарчимтай байсан байхгүй юу. Хөдөөнөөс хотод ажил хийх бас их хэцүү байсан. Нилээд нарийн нарийн шалгуураар ажилд ордог байсан. Хотын хүнтэй гэр бүл болсон болохоор тухайн үед номын санд ажилд орж ажилласан юм. Тэндээ гурван жил ажиллаад 1986 онд 1-р хороололд 106 дугаар цэцэрлэг гээд 24 цагийн ажиллагаатай цэцэрлэг ашиглалтанд орсон. Түүнд орж ажиллаад тасралтгүй хүүхдийн байгууллагад ажиллаж байна.
Баасанхүү -
Та нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ? Цуг сурдаг байсан уу?
Чулуунцэцэг -
Үгүй манай нөхөр ажил хийдэг байсан. Манай ангийн нэг охин байсан. Түүний найз залуутай хамт ирж байгаад л тэгээд танилцсан. Тухайн үед би хөдөөний хүүхэд болохоор аягүй томоотой. Үг дуу цөөхөнтэй. Хүн юм асуувал дуугарна. Асуухгүй бол дуугарахгүй. Тэгээд явж байгаад танилцсан. Муу санаа байхгүй байсан юмуу. Гэр бүл болж байсан.
Баасанхүү -
Танилцаад удаагүй гэсэн үг үү?
Чулуунцэцэг -
Танилцаад жил болсон юмуу даа. Жил болсон байхаа. Гэр бүл болоод 1982 онд хүү маань төрсөн.
Баасанхүү -
1990-ээд онд ардчилал гарах гээд нийгэм солигдох гэж байхад та дэмжиж байсан уу? Эсвэл тоохгүй байсан уу? Эсэргүйцэж байсан уу? Нийгэм солигдоод таны амьдралд яаж нөлөөлж байв.
Чулуунцэцэг -
Нийгэм солигдоход би дэмжиж байсан л даа. Социализмын үе, захиргаадалтын үе гээд ярьдаг шүү дээ. Би түрүүн хэлсэн. Аливаа нийгэмд авах ч юм байдаг. Хаях ч юм байдаг. Эерэг нөлөө ч байдаг. Сөрөг нөлөө ч байдаг гэж ярьж байсан. Социализмын үеийн эсрэг тал болохоор хүүхэд залуучуудын хүмүүжил, хүний мөс чанар гэдэг юм их сайн байсан. Миний өөрийн бодлоор сөрөг тал нь хүнийг дэндүү захиргааддаг. Дуртай ч байсан дургүй ч байсан. Нэг ажил хийх ёстой бол хийх ёстой гэсэн байр сууринаас ханддаг. Энэ хүн үүнийг хий гээд намын дарга ч юмуу сумын дарга ч юмуу хэлсэн байхад түүнийг л хийнэ. Тэр хүнээс хийж чадах уу гэж асуухгүй. Хүсэл сонирхолыг нь асууна гэж байхгүй. Нэг ёсондоо тулгаад чи тийм л байх ёстой. Тэгэх ёстой энэ бол намын даалгавар гээд тиймэрхүү тал дээр шахаж түлхэж байсан л даа. Тухайн үед хүнд хувийн өмч гэдэг юм байдаггүй байсан. Малтай ч юмуу. Тухайн үед наймаа хийхийг аягүй их хоридог байлаа шүү дээ. Хүмүүс нууцаар наймаа хийдэг. Тамхи бохь зарах тийм юм дандаа нууц явагддаг. Тэр тал нь надад таалагдахгүй байсан л даа. Тэр чинь бас болохгүй л юм байгаа. Хүний амьдрал шүү дээ. Ардчиллын үед авах юм байлгүй яахав. Хүмүүс чөлөөтэй болсон. Нээлттэй болсон. Хувийн өмчтэй болсон. Юу хийнэ гэнэ түүнийгээ хийж чаддаг болсон. Авна гэсэн юмаа авч чаддаг болсон. Иднэ гэсэн юмаа идэж чаддаг болсон. Сайн талууд зөндөө шүү дээ. Гэхдээ л бас сөрөг талтай. Хэт туйлширсан. Угаасаа өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй байсан хүмүүс чинь бүх юм ил тод чөлөөтэй болонгуут хүн болгон баяжих гээд зүтгэчихсэн. Сүүлийн үед зурагт сонин хэвлэлээр дарга нар идлээ уулаа хэдэн тэрбум төгрөг идлээ уулаа гээд байна шүү дээ. Тэр хүн хөрөнгөтэй болохыг хүсэж байгаа байхгүй юу. Шунхайн сэдэл гэж ярих юмуу даа. Ардчиллын үед бүх юм чөлөөтэй болсон гэдгийг ашиглаад албан тушаалаа эргүүлэн ашиглаж тэр бүгдийг идэж ууж байгаа шүү дээ. Миний бодож байгаагаар гадаад дотоодоос тусламжаар орж ирсэн мөнгө ч юмуу эсвэл төрийн албан хаагчийн татварын мөнгө шимтгэл үүнээс л идэж уудаг юм шиг байгаа юм. Бид энэ талаар сайн мэдэхгүй шүү дээ. Энэ бүх мэдээллийг хэвлэлээс олж авч байна. Олон нийтийн сурталчилгаанаас олж авч байгаа ш дээ. Түүнээс биш гэр оронд нь очоод үзсэн биш байр сууцанд нь очоод үзсэн биш гэхдээ олны үг ортоо гэж тийм юм байгаа. Идээгүй биш иддэг. Аваагүй биш авдаг л улс байхгүй юу даа. Ардчилал гарсны хамгийн харамсалтай зүйл гэх юм бол Монголчууд хамаг газраа Хятад Солонгос Япончуудад худалдаад дууслаа шүү дээ. Энэ намайг аягүй их эмзэглүүлдэг. Монгол хүн Монгол газартаа эзэн байх ёстой. Бид нар энэ газар шороон дээр өссөн учраас бид нарын юм байхгүй юу. Гэтэл манай дээд албан тушаалд гарсан хүмүүс яаж байна гэхээр зэрэг Монголчууддаа хашааны газар өгөхгүй байж байж тэр гадаадын Хятад,Солонгос, Японд өгчихөж байгаа шүү дээ. Энэ зөв үү буруу юу. Өчнөөн төчнөөн газар шороогоо хуулаад яаж байна. Хүн харахын арга байхгүй. Зэрэмдэг сэг болчихсон байна. Үнэхээр сэтгэл шимширч байна. Зүгээр нэг жишээ ярихад би 1994 онд Өвөрхангай аймгийн Уянга сум орлоо л доо. Бөөрөлжүүт гээд хачин гоё миний төрсөн газар бол хээрийн бүс учраас сумын төвөөс доошоогоо голтой дээшээгээ хангайтай яг тэр дунд байдаг. Мод байдаггүй тийм газар байхгүй юу даа. Тэнд очоод ургаа мод гэж тийм байдаг юм байна гэдгийг харсан л даа. Аялалын шугамаар явсан майхан татаад голын хөвөөнд самар түүгээд тэгэхэд хүмүүс ярьж байсан байхгүй юу. Өглөө босоход дандаа эм үнэртэж байдаг. Нэг айлд орсон чинь хананд баахан цэцэгнүүд өлгөсөн байсан. Энэ юу вэ гэсэн чинь дандаа эмийн ургамал тэр хүмүүс нэрлэж байгаа байхгүй юу. Царван, зүрхний алтан юу ч билээ дээ. Одоо би мартчихаж олон жилийн өмнө болохоор энийг тийм юманд ууна. Үүнийг түүнд гээд нэрлээд ярьж байгаа байхгүй юу. Ямар гоё юм бэ? Энд ургадаг юмуу гээд асуусан чинь чи юу ярьж байгаа юм. Монгол эмийн ургамал бүгд манай энэ бөөрөлжүүтэд ургадаг юмаа. Хуучин эмийн сангуудыг удирдах газар гээд байсан юм л даа. Тэндээс хүмүүс очиж тодорхой хэмжээнд түүдэг байсан юм байна лээ л дээ. Хотоос ирсэн мэргэжлийн хүмүүс бид нарт тэгж хэлж байсан гээд ярьж байсан. Одоо тэнд юу байна. Юу ч байхгүй. Тэр сайхан ургаа модыг бүгдийн дуусгасан. Тэр сайхан эмийн ургамал цэцэг ногоо бүгд байхгүй болсон. Яагаад гэхээр Монгол газрын бишээ Эрэлийн алтны уурхай ажиллаад одоо тэнд юу болж байна. Энд тэнд овоолсон шороо өвлийн цагт тэр нүхэнд нь хүн унаад үхчихээр тийм овоолгоотой шороо болсон байна. Өөр юу ч байхгүй. Би үүнд аягүй их харамсаж байгаа. Энэ бүгдээс болоод гол горхи ширгэчихлээ шүү дээ. Гол горхи бол бид нарын амьдралын гол эх булаг байхгүй юу. Бид нар усгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ. Хоолгүй бол хоёр гурав хононо. Усгүй бол чадахгүй шүү дээ. Өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө бусниулж байгаа байхгүй юу Монголчууд би бас боддог юм. Хятадууд, Япончууд Монголчуудыг үхэр Монгол гэдэг байсан юм гэнэ лээ. Заримдаа би ортоо ч юмуу гэж бодоод байдаг юм. Саяхан шүү дээ Хятадууд колон болгох гээд Япончууд колон болгох гээд яаж байлаа даа. Дайн болж өчнөөн хүмүүсийн амь нас, өчнөөн хүмүүсийн цус урсав. Түүнээс болж өчнөөн эмэгтэйчүүд бэлэвсэрсэн өчнөөн эцэг эх үр хүүхдээ алдсан. Өчнөөн хүүхдүүд эцэггүй болж үлдсэн шүү дээ. Тэгэхэд одоо хүрч ирээд хамаг юмын аваад дуусаж байгаа юм биш үү. Би тэгж л бодож байна ерөөсөө бид нарт мэдэгдэж байгаа юм энэ. Бид нарт мэдэгдэхгүй өчнөөн юм байгаа шүү дээ. Аливаа юм чинь эерөг сөрөг хоёр талтай гэдэг чинь энэ байхгүй юу даа. Сайн юмыг далдлах гэсэн саар юм байх л юм л даа.
Баасанхүү -
1990 оны нийгэм солигдоход хүмүүсийн амьдралд аягүй их өөрчлөлт орсон шүү дээ. Таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ?
Чулуунцэцэг -
Хүмүүсийн нэг адил гэхдээ нэг их ядуурч юу яагаагүй л дээ. Нөхөр бид хоёр хоёулаа ажил хийдэг байсан. Хоёулаа боломжийн цалин авдаг байсан. Цөөхөн хүүхэдтэй юм чинь гэхдээ хүмүүсийн адил байлгүй яахав. Гурил будаа лаанаас эхлүүлээд дэлгүүрийн лангуун дээр байх юм гэж байхгүй байсан шүү дээ. Хүмүүсийн нэг адил байсан. Гэхдээ хоёр идээгүй хоосон хоноогүй. Хоёр хүүхдээ өлсгөөгүй. Орлого сайтай айл байж болно. Орлого муутай айл байж болно. Зарим хүмүүсийг хараад байхад орлого ихтэй айлаас орлого багатай айл нь илүү байгаад байдаг байхгүй юу. Энэ юу хэлээд байна гэхээр хүний амьдрах ухаан байна шүү дээ. Юмаа юм болгож чаддаг.
Баасанхүү -
Хүмүүст нэг ийм юм байдаг шүү дээ. Эцэг эхээсээ авсан ч юмуу амьдралд баримталж явдаг зарчим гээд танд байдаг уу?
Чулуунцэцэг -
Байлгүй яахав. Байдаг манай ээж аав хоёр маш цэвэрч улс байсан. Маш аж ахуйч хүмүүс байсан. Манай дүү нар эрэгтэй ч гэсэн хоол унд хийнэ. Гэр орноо цэвэрлэх ажилд сайн ш дээ. Энэ бол аав ээж хоёрын маань амьдралын зарчим байсан. Бид нарт дамжаад ирж байгаа байхгүй юу. Манайх чинь 6 хүүхэдтэй айл байсан. Аав маань намар шалаа буддаг. Зусланд байж байгаад намар орж ирээд шалаа будаж байгаа юм л даа. Жил болгон шалаа будна. Манайх чинь олон хүүхэдтэй болохоор дороо хоёр талаасаа халцардаг тэгэхэд манай тэр халцарсан шал цав цагаан өнгөтэй байдаг. Хүмүүс гайхдаг байсан байхгүй юу. Танайх олон хүүхэдтэй хэрнээ танай шал цав цагаан байх юм яагаад ингэдэг юм бэ гээд тэр бол манай ээжийн зарчим цэвэрхэн байх ёстой. Бид нар чинь эр эмгүй шалаа угаана. Тэр шал угаахад гурван хүн араасаа цуварч угаадаг байхгүй юу. Ээж маань бид нарт нэг нэг өвдгөвч оёоод өгчихсөн. Түүнийгээ өвдгөндөө зүүчихдэг. Эхний хүн алчуураа савандаад арчина. Дараагийн хүн давхар зүлгээд явдаг. Хиртэй усыг хамаад явдаг. Сүүлийн хүн хуурай болтол нь арчина. Аав ээж хоёр маань аягүй нямбаа манай ээж бол юмаар юм хийдэг хүн байсан. Аав маань ч гэсэн адилхан жаахан жаахан юмаар юм хийчихдэг. Тэр чанар бид нарын амьдралд өвлөгдөж ирсэн. Аль болохоор цэвэрхэн байх. Аль болохоор юмандаа гамтай байх. Жишээлбэл нэг идэх юмаа хоёр ид гэж ярьдаг шүү дээ. Нэг өмсөх юмаа хоёр өмсөнө гэж ярьдаг. Ээж аав маань тийм зарчим баримталдаг байсан. Бид нар ч гэсэн одоо тийм л дээ. Дүү нар чинь гэсэн тийм бодолтой. Гэхдээ өөр өөрийн гэсэн амьдралтай. Авгайн ч юмуу нөхөр нь ч юмуу өөр гаралтай хүмүүс ирж байгаа юм чинь хоорондоо зохицоод явдаг байх. Миний хувьд тийм л байна.
Баасанхүү -
Таны амьдралд гүнзгий нөлөөлөх тийм зүйл тохиолдож байсан уу?
Чулуунцэцэг -
Миний амьдралын процесс бол манай аав ээжийн амьдрал яагаад гэхээр манай аав ээж хоёр тэр олон хүүхэд өсгөж байна. Хооллоно. Хувцаслана. Хүмүүжүүлнэ. Тэр чинь бас их том ажил шүү дээ. Тав зургаан хүүхэдтэй дээрээс нь айлын гурав дөрвөн хүүхэд ирж суудаг. Арваад хүүхэд байгаа юм чинь хүний хүүхдийг хүний хүүхэд гэж болохгүй шүү дээ. Бас л адилхан хооллоно. Хагархай цоорхойг нь оёно. Хувцас хунарын угааж цэвэрлэнэ. Энэ чинь бас л ажил байхгүй юу. Нэг ёсондоо багахан албан газрын хэмжээний ажил тэр бүгдийг зохицуулж авч явна гэдэг чинь нилээд нүсэр ажил даа. Бид нар хүүхэд байсан болохоор сайн ойлгохгүй байж одоо өөрсдөө ажил амьдралтай болоод үр хүүхэдтэй болоод үр хүүхэд маань томроод ирэхийн цагт ээж аавынхаа амьдралыг бодох үе байдаг л даа. Хүн чинь алхам дутамдаа амьдралаасаа суралцана гэдэг шүү дээ. Жаахан юмаар амттай хоол хийх. Хувцасаа угаалаа гэхэд маш сайн угаах хэрэгтэй. Халуун усанд угаах юм байвал халуун усанд угаагаад хүйтэн усанд угаах юм байвал хүйтэн усанд угаагаад дараа нь миний хамгийн баримталдаг зарчим бол саванг нь гаргах манай хүүхдүүд ч гэсэн яг тийм яагаад гэхээр үүнд бас учир байдаг юм. Хүмүүс юу нь маягтай юм гэдэг байхгүй юу. Сүртэй юм гэдэг байхгүй юу. Тийм биш энд чинь бас хүний амьдрал байгаа байхгүй юу. 1-рт саван гэдэг чинь юу билээ. Хүчил шүү дээ. Тийм хувцас өмсвөл бие хөлөрнө. Биеэс чийг гадагшлана шүү дээ тиймээ. Тэр хөлс саван хоёр нийлээд яахав. 1-рт эрүүл мэндийн асуудал. 2-рт эрүүл ахуйн асуудал эмэгтэй хүний гоо зүйн асуудал хүртэл байгаа байхгүй юу. Халуунд хүн хөлсөө гаргаад саван үнэртүүлээд явбал ямар байх уу? 3-рт хэрэглээний асуудал байгаа байхгүй юу. Маш сайн угаагаад маш сайн саван гарсан бол маш удаан хэрэглэгддэг. Ерөөсөө өнгө алдахгүй.
Баасанхүү -
Таны амьдралд бусдаас онцгой ер бусын зүйл байдаг уу?
Чулуунцэцэг -
Ер нь бол бусдын адил баярлах үедээ баярлана. Уурлах үедээ уурлана. Уйлах үедээ уйлна. Гунигтай байлгах баяр баясгалантай байлгах нь тэр хүнээс л шалтгаална. Гэрийн эзэгтэй байлаа гэхэд үүргээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Үүргээ ухамсарлаж сайн мэддэг байх хэрэгтэй. Өөрийн бурууг хүнд нялзаалгаад байх хэрэг байхгүй. Би техник биш хүн болохоор ямар нэгэн алдаа гарна шүү дээ. Зан харьцаа ч юмуу аль эсвэл юу ч байдаг юм тиймээ. Зөндөө юм гарна л даа. Түүнийгээ эрэгцүүлж сайн бодож байх хэрэгтэй. Би хүүхдэд юмуу дүүдээ эвгүй үг хэлчихлээ гэхэд дараа нь түүнийгээ эрэгцүүлж сайн бодож байх хэрэгтэй. Би яагаад тэгж хэлэв. Би үүнийг хэлээд юу олох вэ. Үүндээ маш сайн дүгнэлт хийж байх хэрэгтэй. Хүүхдүүд тийм чанарт сурах нь зөв юм шиг байгаа юм. Манай хүүхдүүд боломжийн гайгуу гэхдээ магтахад бас арай эрт байна. Өшөө урт амьдралд юу ч гарч болно шүү дээ. Гайгуу байхаа гэж найддаг. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ. Хүн юм чинь ямар нэгэн юм гарахыг үгүй гэх газаргүй шүү дээ.
Баасанхүү -
За ёстой их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.