Büjee


Basic information
Interviewee ID: 990088
Name: Büjee
Parent's name: Baldan
Ovog: Ürlüüd
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: none
Born in: Sühbaatar sum, Sühbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
travel
work
NGOs
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Сайн байна уу?

Бүжээ -

Сайн сайн байна уу?

Баасанхүү -

Таныг зав гаргаж бидний ажилд туслаж байгаад баярлалаа. Таны ярилцлагыг нэртэй чинь зурагтай чинь вэб сайтанд тавиад нийтийн хүртээл болгохыг та зөвшөөрч байна уу?

Бүжээ -

Зөвшөөрч байна

Баасанхүү -

За тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Та хаана төрсөн өөрийнхөө амьдралыг дэлгэрэнгүй яриад өгөхгүй юү?

Бүжээ -

За би Сүхбаатар аймгийн Дарханхаан гэдэг суманд 1950 онд төрсөн. Багадаа аав ээжийнхээ гар дээр өсөөд сургуульд орсон. Тусгай дунд боловсролтой сургуулиас гараад аавын маань бие муудаад аавдаа туслахын тулд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1966 онд номын сангийн эрхлэгчээр орж ажил амьдралын гараагаа эхлэж байлаа. Түүнээс өмнө эмээтэйгээ нэг хэсэг амьдарч байсан. Тэгээд сүүлд аав ээж дээрээ ирээд аав, ээж гурван дүүтэй ам бүл 6 байсан. Хамгийн бага дүү эрэгтэй гурван эмэгтэй дүүтэй. Ээж маань 85 настай гурван жилийн өмнө өөд болсон. Аав маань 1981 онд өөд болсон. Миний дараагийн дүү маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малтай хөдөө байж байна. Түүний дараагийн дүү маань Сүхбаатар аймгийн “Тэмүүлэл” цогцолборт эмч хийдэг. ЭХЯ-ны тэргүүний ажилчин. Дараагийн дүү Шивээ говьд уурхайчин хийдэг. Би өөрөө хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Өвгөнийгөө өөд болчихоор зэрэг хотод хүүхдүүдтэйгээ ирээд хоёр жил болж байна. Тэгээд байж байна даа.

Баасанхүү -

Танай аав ээж ямар ажил хийдэг хүмүүс байсан бэ? Малчин уу?

Бүжээ -

Малчид байсан. Ард гаралтай малчин хүмүүс байсан. Аавын маань аав ард хүн байгаад Түмбийн хэрэгт хэлмэгдэж 1937 онд хэлмэгдсэн. Сүүлдээ цагаатгагдаад 1990 хэдэн оны үед цагаатгагдаж би өөрөө хөөцөлдөж бичиг баримт бүрдүүлээд тэр үед ар гэрийхнийхэн тухай тодорхой мэдүүлэг өгч байсан. Аймаар амархан аймгийнхаа эхний арван хүнд орж 1998 онд цагаатгалын мөнгө авч байсан. Аваад ах дүү нартайгаа хуваагаад авч байсан. \инээв\

Баасанхүү -

Хоёулаа аавын тань хэлмэгдсэн талаар дараа дэлгэрэнгүй ярилцъя. Одоо өөрийнхөө амьдралыг дэлгэрэнгүй яриад өгөхгүй юү?

Бүжээ -

Тэгээд би 1966 онд Сүхбаатар аймгийн Дарханхаан суманд номын санчаар ороод номын сангийн ажлаа нэг сарын дотор хүлээж авчихаад 300 төгрөгний цалинтай. Анхныхаа цалингаар аав ээждээ дээлний торго авч өгч тэр үедээ байсан барааны дээжээс авч өгчихөөд би чинь 8 сарын 1нд ажилд ороод 9 сарын 1 нд хүлээлцэж дуусаад хөдөө сумын төвийн хүмүүүс намар хадланд явдаг юм. Тэнд би тогооч хийж байлаа.

Баасанхүү -

Номын санчийн ажлаа орхичихоод уу?

Бүжээ -

Тийм томилолтоор явчихдаг байхгүй юу. Сумаас томилоод явуулчихдаг байхгүй юу. За чи тийшээ яв. За чи тийм ажил хий. Хөдөөний тийм зохион байгууллалттай ажил. Хадлан чинь нэг үе олон нийтийн зохион байгуулалттай ажил байсан байхгүй юу. Тэгээд 10 сард эргэж ирээд ажилдаа эргэж ороод ажлаа хийж байгаад 1967 онд Дорнод аймагт 45 хоногийн номын сангийн курсад суугаад тэгээд жинхэнэ урлагийн талын соёлын талын ажилд ажиллаж эхэлсэн. Тэр үед ном аягүй сайн уншдаг байсан. Пүрэвийн зохиол “ Хөгжмийн эгшиг” Чойном “ Хүн” “Залуу нас” Пүрэвийн зохиол их уншдаг байсан.

Баасанхүү -

Чойномын зохиол шүлэг чөлөөтэй уншуулдаг байсан юм уу?

Бүжээ -

Уншиж байсан. Уранхай номнууд байна. Залуу нас жижигхэн ном байсан. Ганц номтой нөгөөдөхөө өчнөөн наана. Гурил зуурч байгаад наана хүүхдүүд чинь.

Баасанхүү -

Аймгийн номын сан уу?

Бүжээ -

Сумын номын сан.

Баасанхүү -

Номын фонд нь хэр баялаг вэ?

Бүжээ -

Номын фонд тэр үед сайн байсан. Шинэ гарч байгаа номноос доод тал нь 5 ширхэг авна. Уран зохиолын болон янз бүрийн ном маш их хэвлэгдэж гардаг. Зохиолчид их сайхан сайхан ном бичдэг. Одоо энэ Д. Дамбадаржаа Намсрайн зохиол гээд их гоё гоё номнууд очдог. Пүрэв гуай байлаа. Намдаг гээд байлаа. Гармаа гээд байлаа. Хорлоо гуай байлаа. Тэд нарын номыг бас ангилна. Хорлоо гэхэд тэр товъёог дээрээс хараад хэдэн товъёотой байна түүнийг нь бичээд уран зохиолын ном бол уран захиолын хэд дэх ном гэдгийн бичээд тэгээд номын сангийнхаа тамгыг дараад өөрийнх болгож авна. Тэгээд картаар хүмүүст өгч уншуулна. Өөрөө бас уншиж суртал ухуулгынхаа ажилд хэрэглэнэ.

Баасанхүү -

Бас суртал ухуулга хийх үү?

Бүжээ -

Ийм ном ирсэн тийм тийм үйл явдалтай. Энэ номыг уншаарай сургуулийн хүүхдийн ном бол хүүхдүүдэд , багш нарт зориулсан бол багш нарт худалдааны ажилчинд зориулсан бол худалдааны ажилчинд мэргэжил мэргэжлээр нь уншуулж тэр номтой танилцуулна ш дээ. Хэвлэлүүд нам засгийн сонин аймгийн сонингууд эд нарыг чинь дугаар дугаараар нь тэвхийтэл үднэ. Номын сан дээр сонин захиалаад уншина ямар хурлын тогтоолоос хэн ингэж хэлсэн байна тэр бүгдэд товчлол хийнэ. Түүнийг бас хүмүүст ярьж танилцуулна. Түүгээрээ бас дугуйлан хичээллэнэ. Сумаас үйлдвэрчний дугуйлан , намын дугуйлан хичээллэнэ. Тэгээд хурлын товчлолоор шалгалт авна ш дээ. За эвлэлийн 14-р их хурал дээр Түдэв зохиолч Түдэв гуай эвлэлийн хурлын дарга байсан. Түдэв юу юу гэж хэлсэн байна. Эмэгтэйчүүдийн төв хорооны дарга Удвал ямар илтгэл тавьсан байна гээд хурлын материалаар шалгалт авна. Тэгээд түүнийгээ дугуйлан мугуйлангийн хүмүүст танилцуулж өгдөг байсан ш дээ. Тэгээд завсар зайнд нь тэр дэлгүүр тооллоготой тэр дэлгүүр очиж тоол энд хөдөө явах ажил гарлаа суртал ухуулгын урлагийн бригад явах боллоо тэрэнд яв гэнэ тэрэнд явна. Орой бүжгэнд ор бүжиг танцтай байхад соёлын байгууллагын гурван хүн байсан суманд бол кино механикч , клубын эрхлэгч , номын санч гээд гурван орон тоотой соёлын байгууллагын ажилчид. Тэгээд суртал ухуулгынхаа ажлыг бид нар хариуцна. Тэгээд концерт бэлдүүлнэ бүхэл төрлийн кино мино гарахад хүртэл кино механик киногоо юутай холбосон кино байнав гэдгийг сурталчилна.

Баасанхүү -

Энд тэрүүгээр явж уу эсвэл ?

Бүжээ -

Цагаан хоолойгоор явж сурталчилна.

Баасанхүү -

Гудамжаар явах уу?

Бүжээ -

Тэгнэ.

Баасанхүү -

Та бас тэгж явдаг.

Бүжээ -

Тийм номоо сурталчилна. Хүмүүст тэгж уншуулна. Би чинь номын санчийн ажлыг гурван жил л хийсэн юм байна. 1969 онд хүнтэй суугаад аймагт очоод

Баасанхүү -

Хүүе 16-хан настай юу?

Бүжээ -

19 настай айлын авгай болоод аймгийн төвд очоод нярав хийгээд хүнсний нярав хүнсний трестэд нярав хийж байсан.

Баасанхүү -

Тэр номын сангаар үйлчлүүлж байгаа хүмүүст насны хязгаар байх уу?

Бүжээ -

Ангилалтай 8-16 настай хүүхэд 16-40 нас залуучууд гэдэг ч юмуу тэгээд 40-ээс дээш нас гээд ангилаад бүр өдөр тутам өнөөдөр 5 хүн орж ном уншсан түүний нэг нь сургуулийн хүүхэд нэг нь 40-ээс дээш насны 3 нь 30-40 насны хүн хоёр нь эмэгтэй нэг нь эрэгтэй гэдэг юмуу ингэж яг 5 гэсэн тоондоо бариулаад хөтлөнө. Бүр цаанаас нь гаргаад өгчихсөн том улаан дэвтэртэй. Түүн дээрээ тэмдэглэнэ. Тэгээд нөгөө хүмүүсдээ улс төрийн ном хэдийг уншуулсан , уран зохиолын ном хэдийг уншсан хичээлийн төрөлтэй сургалтын төрөлтэй ном хэдийг уншсан соёл урлагийн ном хэдийг уншуулсан гээд бүр тэгж задалж сарын эцэст доош нь 135 хүн ном уншсан төд нь эрэгтэй төд нь эмэгтэй тэр нь төдөөс төдөн насных тэр нь өдөөс өдөн насных 334 хүн 300-400 ном уншсан байж болно. Тэр номоо уран зохиолынх 200 соёл урлагийнх 100 гэдэг ч юмуу ангилаад явна.

Баасанхүү -

Ганцаараа хийх үү?

Бүжээ -

Ганцаараа хийнэ. Тэгээд завсар зайнд нь бид нар цагийн аягүй сайн барьдаг бас их дэг журамтай хүний үгнээс гарахгүй цагийг их нарийн барина. Өглөө 8 цагт 5 минут дутуу байхад ажилдаа очно. Ажлаасаа хоцрох юм бол тэр өдөр загнуулна ш дээ. Орой яг 5 цагт ажлаасаа тарна. 7-д эргээд лекцэндээ явна.

Баасанхүү -

Юуны?

Бүжээ -

Одоо улс төр мэдээллийн сумын бүх хөдөлмөрчид тэр үеийн албан байгууллага бүр лекц уншдаг байсан. Түүнд бид нар очиж сууна. Түүнээс 5 минут хоцрох юм бол гахайн дээр туг зурна, гахай зурна, машин зурна, хамгийн сүүлд гахай ингэж 4 янзаар ангилж туган дээр цагтаа ирсэн хүмүүс 1-3 минут хоцорсон хүмүүс машин дээр гэдэг юмуу 5-аас дээш минут хоцорвол гахай дээр нэрийн биччихнэ. Тэгээд тэрэнд яахгүйн тулд явж өгнө. Тэгээд цагийг тэгж аягүй сайн барина. 5 дахь өдрийн өглөө 7.30-аас улс төрийн сонсголтой. Сонсголд бас яг цагтаа очно. 7.30-аас хоцорвол бас нөгөөдөх дээр нэрээ бичүүлнэ. Би чинь анх 1966 онд сонгуульд орж байсан юм байна.

Баасанхүү -

Юуны сонгууль?

Бүжээ -

Орон нутгийн дээр үед бол орон нутгийн сонгууль явагдаад депутатаа сонгоно. Тэр сонгуульд 1968 онд орж байсан. Тэгэхэд яг өглөөний 6 цагт бэлэн байж байгаа юм чинь. Сонгууль нээж үг хэлээд шинэ 18 настан.

Баасанхүү -

Ямар гоё юм.

Бүжээ -

Би өнөөдөр их хурлын депутатаар хэнийг сонгож байгаадаа баяртай байна гээд

Баасанхүү -

Хэнийг дэмжиж байгаагаа шууд хэлчихдэг юмуу?

Бүжээ -

Тэрийг энийг гэхгүй дээрээс нэг том дарга ч юмуу өгчихнө. Тэгээд үйл амьдралтайн танилцаад ганцхан тэрнийхээ төлөө л саналаа өгнө ш дээ.

Баасанхүү -

Юу гэсэн үг вэ? За байж байгаарай. Тэр сонгуульд хэд хэдэн хүн би депутат болох гэж байна гэж тэгэх үү?

Бүжээ -

Гуйж авахгүй. Албан тушаалыг гуйж авахгүй гуйлгаж авдаг байсан.

Баасанхүү -

Гуйдаггүй юмаа гэхэд 3 хүнээс нэгийн сонгохгүй шууд нэгийн сонгох уу?

Бүжээ -

Нэгийн сонгоно.

Баасанхүү -

Сонгуулийн үйл явц яаж явагддаг байсан тэр талаар яриад өгөөч?

Бүжээ -

Их хурлын депутат гэж тэгж сонгодог байсан ш дээ. Депутатыг нэг л хүн гаргаж ирнэ. Тэр хүн баахан сурталчилгаа хийнэ. Тэгээд тэр хүний төлөө саналаа өгнө. Түүнээс хоёр гурван хүн өрсөлдөнө гэж байхгүй.

Баасанхүү -

Тэгээд яахав санал өгч байна гээд саналын хуудас байх уу?

Бүжээ -

Саналаа яг цагтаа өгнө. Тэгээд 100 хүн санал өгөх ёстой байхад өглөө 6-аас орой 12-т хаагаад хайрцагаа нээх болно. Тэгэхэд нэрсийн жагсаалтнаас нэг хүн саналаа өгөөгүй байх юм бол нөгөө хүнийг сонгууль будилаантуулсан гээд эрж сураад хаана байгаа газраас нь очиж саналын авна. Тэрнээс нааш тэр хайрцаг задлахгүй.

Баасанхүү -

Би 1990 оноос хойш яачихсан хүн болохоор бүр толгойд бууж өгөхгүй юм.

Бүжээ -

Би их хурлын гишүүн болъё би депупат болъё би орон нутгийн депутат болъё би их хуралд депутат болъё гэхгүй ш дээ.

Баасанхүү -

Саналын хуудсан дээр ямархуу байдалтай юу юу бичигдсэн байх вэ?

Бүжээ -

Тэр хүний л нэр байна.

Баасанхүү -

Тэгээд тэрийг яах юм?

Бүжээ -

Нэрийн дугуйлаад нугалаад хийчихнэ.

Баасанхүү -

Тэр үед тэр танд сонин санагдаж байсан уу? Эсвэл тоохгүй юу?

Бүжээ -

Тийм болохоор тоохгүй. Лувсан гэдэг хүнийг сонгож байсан. Ардын их хурлын тэргүүлэгчээр. Тэгээд тэр Лувсан сайд манайд их хурлын депутатаар сонгогдчихаад намар нь манай суманд очлоо. Тэгээд очсон чинь тогоочоор авч явах хүн байхгүй гээд чамайг тогоочоор авч явна гэсэн чи л тогоочоор яв гээд тэгээд очсон чинь их том гэр барьчихсан том идээ засаад яблоко маблокогийг 16-ийн том оросын түмпэн дээр битүү тавиад дээр нь баахан цагаан идээ 24-ийн чихэр дээр үед 24-ийн чихэр тавина. Тэгээд нөгөө хүнд чинь тусгай хоол хийж өгөх болдог байхгүй юу. Тэгсэн нөгөө хүн чинь шарсан мах иднэ гээд би шарсан махыг хийж мэдэхгүй юм чинь. Тэр үед чинь наранцэцгийн тос мос гэж байхгүй юм чинь зүгээр өрөмний шар тосонд хонины гуяыг нэлээд нимгэн нимгэн далгавар хөшиглөөд нөгөөдөхөө тогоондоо хийж байгаад тэгээд нимгэн нимгэн хайраад тэгээд өгсөн чинь дээгүүр нь сонгино аягүй гоё сонгино цаанаасаа их хурлын гишүүн ирнэ гээд бэлдчихэж байгаа юм чинь. Тэгээд бэлдчихсэн юмыг чинь дээгүүр нь сонгино монгино тавиад хоол нь таалагдах болов уу яах бол яана даа ёстой нээрээ гэж бодоод өгсөн чинь аягүй гоё хоол хийсэн байна гээд тэгж байсан. Сайн хүүхэд байна гээд тэгж байж билээ. Сонин сонин юм байдаг ш дээ. Хөдөөний амьдрал аягүй сонин.

Баасанхүү -

Дээрээс дарга нар ирэх нэлээд айхтар уу?

Бүжээ -

Тийм бүр тэр чинь өчнөөн хоног бэлдэнэ ш дээ. Одоо ирнэ гээд бэлдээд л байна бэлдээд л байна.

Баасанхүү -

Тэр ирж байгаа дарга нар нь ямархуу байдалтай байдаг байсан бэ? Би том дарга гэсэн тийм юу байх уу?

Бүжээ -

Үгүй сайхан ярьж хөөрсөн хэлэх юмаа хэлчихсэн ярих юмаа ярьчихсан тийм л сайхан улсууд байдаг. Нэг айхтар би дарга шүү гэсэн юм байхгүй. Энгийн хөдөө гадаа ан гөрөөнд явчихаад хүний иддэг хоол ундыг идчихээд ямар сайндаа би одоо бодоод байхад ямар өөдтэй л юм хийж өгөв гэж миний тэр хоолыг голохгүй идчихэж байхаар.

Баасанхүү -

Дарга нар нь тийм юу байсан юм бол яагаад тийм сүр байдаг байсан юм бол ?

Бүжээ -

Одоо тэгээд хүндэтгэдэг байсан байх. Дээр үеэс манайх хаад ноёдыг ирэхэд хэд хоногоор бэлддэг байсан уламжлалаа дагаж хүндэтгэж хүлээж авдаг байсан байх. Би хүндэтгэлийн журмаар хүлээж авдаг гэж боддог.

Баасанхүү -

Бид нар тэр үеийг мэдэхгүй болохоор дарга нар нь жигтэйхэн айхтар юу яадаг байсан юм болов уу? гэж боддог.

Бүжээ -

Хариуцлагатай. Тэр ч бүү хэл ажлын хариуцлага алдсан янз бүрийн зуд турхан ч болдог юмуу шуурхай төрөл бүрийн хөдөө чинь малтай улс зутарч бариад зуд муд болоод яах юм бол шөнө бид нар морьтой улаач ирнэ тэндээсээ тэгээд албан хаагчдын хаалгыг шөнө тогшоод хүүе тэр дарга ирчихээд байна босоорой хуралдана гэж байна тэгээд бид нар шөнө 3 цагт ч хамаагүй 4 цагт ч хамаагүй босож очоод шуурхай зөвлөлгөөнд хуралд очиж сууна. Тэгээд сумын төвийн ажилчин албан хаагч нар хуваагаад тэдний суурь дээр та хоёр оч тэр суурин дээр та хоёр оч гээд ажилд нь туслуулдаг. Тэнд аюул болж байна. Та нар хөнжилдөө хэвтээд байхгүй. \инээв\ тэгээд явна шүү дээ. Аймагт хүнсний нярав хийж байгаад эргээд сумандаа очоод манай нөхөр барилга барьдаг барилгачин хүн байсан юм. Тэгээд сумандаа очиж барилга бариад тэгээд би сумандаа очоод сургуульд ажилд ороод лаборант гэдэг ажил байдаг. Түүнийг хийгээд химийн лаборант хийгээд багшийн хажуугаар хүүхдүүд янз бүрийн туршилт хийнэ. Түүнд туслаад гутлын тос хүртэл хийдэг байлаа шүү дээ.

Баасанхүү -

Гутлын тосоо

Бүжээ -

Тийм химийн урвалаар чирнелийн саванд спирт хийгээд таглааг нь дээгүүр нь цоолоод гуурс хийгээд гал асаагаад дөлөнд нь толь моль тусгадаг байсан ш дээ. Тос мос хайлуулаад тиймэрхүү юм хийдэг байсан юм. Сургуулийн хичээл аягүй мундаг ордог байсан. Би боддог юм намайг 4-р ангид байхад 4-р анги төгсөж байгаа хүүхдийн төгсөлт одоогийн 10-р анги төгсөж байгаатай тэнцэнэ. Аягүй их мэдлэгтэй төгсдөг. Дөрвөн аргын үржих хуваах бүх үйлдэл хийдэг. Ер нь овоо мэдлэгтэй төгсдөг байсан. Дээр үед 7-р анги төгсөөд шууд багш болдог байсан ш дээ. Манай нэг өвгөн багш байсан. Тэр хүн бол 7-р анги төгсөөд багш болсон хүн. 1940 хэдэн он байх

Баасанхүү -

Боловсон хүчин байхгүй тиймээ?

Бүжээ -

Боловсон хүчин байхгүй. Би ч гэсэн 7-р анги төгсчихөөд боловсон хүчин байхгүй болохоор зэрэг номын санч хийж байсан. Яагаад тэгсэн юм шууд номын санчаар ор гээд дуудагдаад орж байсан юм. Бас тэр ажлыг хийж чадаж байсан. Тухайн үедээ өндөр цалинтай. 300 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Тухайн үедээ. Шүдэнз тэр үед 10 мөнгө үзэг 3 төгрөг дэвтэр 12 мөнгө тийм байсан юм. Цэвэрлэгч тэр үед 80 төгрөг авдаг байсан ш дээ.

Баасанхүү -

Сард уу?

Бүжээ -

Тийм

Баасанхүү -

Оо та тэгвэл өндөр цалинтай байсан юм байна ш дээ.

Бүжээ -

Өндөр цалинтай байсан. Би өндөр цалинтай байсан. Сүүлд чинь гэсэн гайгуу авдаг байсан. Тэгсэн чинь энэ тэтгэвэр аягүй муу тогтоогдсон. 724 төгрөгөөр тогтсон. Сая нэмэгдэл ороод 81,000 авч байгаа. Тэгэхэд дээр үед 80 төгрөгний цалинтай байсан хүн яг ижилхэн 81,000 төгрөгний тэтгэвэр авч байна.

Баасанхүү -

Илүү цалин авч байсан юм чинь илүү татвар төлж байсан гэсэн үг тиймээ?

Бүжээ -

Тийм дээр үед нөхөргүйн татвар, хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан ш дээ.

Баасанхүү -

Аа юу гэнээ

Бүжээ -

Хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан юм. Хүүхэдгүйн татвар авахгүй тийм нөхцөл байна. Түүнийг бүр хуулиндаа заагаад өгчихсөн. Балетийн бүжигчин, циркийн жүжигчин, тийм улсаас хүүхэдгүйн татвар авахгүй. Зүгээр жирийн хүмүүсээс хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан юм.

Баасанхүү -

Би танаас анх удаа сонсож байна.

Бүжээ -

Авдаг байсан юм.

Баасанхүү -

Та төлж байсан уу? Хэдэн наснаас дээш вэ?

Бүжээ -

Төлж байсан. 18 наснаас дээш нөхөргүйн татвар хүүхэдгүйн татвар гэж төлж байсан.

Баасанхүү -

Эрэгтэй хүмүүс эхнэргүйн татвар, хүүхэдгүйн татвар гэж төлж байсан уу?

Бүжээ -

Төлнө. Жаахан цалин авдаг хүмүүсээс тохирсон татвар авч байсан байлгүй дээ. Үйлдвэрчний эвлэлийн татвар

Баасанхүү -

Ер нь хэдэн төрлийн татвар авдаг байсан бэ?

Бүжээ -

Зөндөө ш дээ. Намын гишүүний, улаан загалмайн гишүүний, үйлдвэрчний эвлэл, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн, зөндөө бараг 10-аад татвар төлдөг байсан юм.

Баасанхүү -

За тэгээд хэдэн хувийг авах уу?

Бүжээ -

Өө гайгуу. Зарим татвар жилд нэг удаа төлнө. Улаан загалмайн татвар жилд 6 төгрөг байхаа. Үйлдвэрчний эвлэлийн татвар цалин бүр дээрээс татна. Монгол Зөвлөлтий найрамдлын татвар жилдээ дөрөв билүү таван төгрөгний татвар авдаг байсан.

Баасанхүү -

Одоо бол хүмүүс тэгж өгөхгүй ш дээ.

Бүжээ -

Өгөхгүй. Тэр үеийн 5 төгрөг одооны 50,000 төгрөгтэй тэнцэнэ. 5 төгрөгөөр их юм авна.

Баасанхүү -

Та их мөнгө төлж байна гэж ердөөсөө бодож байгаагүй байхаа тиймээ?

Бүжээ -

Бодож байгаагүй. Би ер нь өгөх ёстой юмыг өгч байя гэж боддог одоо ч гэсэн.

Баасанхүү -

Хүнсний нярав тэр ямархуу ажил байсан бэ?

Бүжээ -

Тэр яахав ер нь няравын ажил л даа. Дээр үед чинь бараа машин машинаар ирдэг. Түүнийгээ хуваагаад тоолоод авчихдаг. Складанд хийгээд авчихаад эргүүлээд агент дэлгүүрүүдэд хуваагаад тараадаг. Цэрмаад 6 хайрцаг, Дондогт 8 хайрцаг гээд бичээд өгдөг. Тэр хуваарийн дагуу тараагаад өгдөг. Гайгуу ер нь худалдааны ажил их гоё. Сүүлд худалдааны ажилдаа дадаад тэтгэвэрт гартлаа худалдааны ажил хийсэн. Тэр үеийн худалдааны ажил хийдэг байсан хүмүүс тансаг байсан гэж би боддог юм. Очер дугаарт зогсохгүй. Яаж ийж байгаад өөрийнхөө хэрэгцээний юмаа олоод авчихдаг. Их дугаарладаг байсан ш дээ. Одоо ч очерлох дургүй.

Баасанхүү -

Худалдааны ажил хийсээр байгаад очер дугаарт дургүй болчихсон юм байна тиймээ?

Бүжээ -

Тийм. Хөдөө орон нутгийн ажил төв суурин газраас өөр намар болохоор зэрэг хадланд явна. Хичнээн тонн хадлан өвс бэлдсэн ч гэсэн нэмэгдэл цалин мөнгө авахгүй үндсэн цалингаа аваад явдаг. Үндсэн ажил дээрээ ажиллахгүй. Хөдөө сар мараар явчихдаг. Хавар болохоор зэрэг 3 хоног 7 хоногоор адуу хөөвөрлөнө. Хөнжил пүүгээгээ задлаагүй байхдаа эргээд явдаг. 3 хоног адуу хөөвөрлөөд ирсэн бол эргээд хашаа барихаар явна. Машин дээр ачигдаж аваад гэртээ ирж нэг хоночихоод сумын урьд захад гарч адуу хөөвөрлөөд хойно гарч барилга бариад 7 хоноод ирнэ. Хөдөөний ажил аягүй их тийм байдаг байсан юм.

Баасанхүү -

Та гэр бүлтэй болохын өмнө тэгж явдаг байсан уу? Хойно ч гэсэн тэж явах уу?

Бүжээ -

Гэр бүлтэй ч гэсэн хоёр тийшээгээ гараад яваад өгнө. Хэдэн хүүхдүүдээ орхичихоод яваад ирнэ шүү дээ.

Баасанхүү -

Түрүүн асууна гэж бодож байсан юм. Та ажлаа орхиод явдаг гэлээ. Ажил яах вэ?

Бүжээ -

Ажил яахав дээ. Хэдэн хүртэл хадланд явсан гээд бичээд орхичихдог.

Баасанхүү -

Үндсэн ажлаа хийхгүй хаа сайгүй яваад байхад дургүйцэх юм төрж байсан уу?

Бүжээ -

Дургүйцэхгүй. Цаанаас юу гэнэ тэр бүгдэд явна шүү дээ. Сайн хийвэл баярын бичиг өгдөг байлаа шүү дээ. Сайн ажилласан тэгсэн ингэсэн гээд түүнээс биш улсын шагнал маш ховор одоо харин тийм биш юм шиг байна лээ. Улсын шагнал авчаад байдаг болчихсон байна лээ ш дээ. Би боддог юм зүгээр юм хийгээгүй хүмүүс аваад байдаг шагналтай болчихсон юм биш үү гэж. Урьд сумаасаа шалгараад сумаас тодорхойлоод аймагт очоод аймгийн сумуудаас ирсэн хүмүүс тэр дундаас шалгарч улсад очно. Улс аймгуудаас ирсэн хүмүүсээс шалгаруулаад тэгж байж л “Алтан гадас” авна. Одоотой адилхан жагсааж зогсоож байгаад тэр тэр алтан гадас ав гэж уншихгүй шүү дээ. “Алтан гадас” одонг нэг удаадаа таваас зургаан хүн л авдаг байсан. Яаж тэр их ажлыг амжуулдаг байсан юм. Хүүхэд гаргаад 45 хоноод ажилд ордог байсан. Тэгээд нөгөө муу хэдэн хүүхдүүдээ яслид өгчихдөг.

Баасанхүү -

Суманд бас ясли байх уу?

Бүжээ -

Байна. Хүүхдээ яслид өгчихөөд ажлаа хийнэ. Харин хүүхдээ 2 нас хүртэл нь хөдөө гадаа явахгүй.

Баасанхүү -

Тэр нь арай дээр

Бүжээ -

Тэр нь арай дээр хөдөө ажилд явах бас их сайхан. Өдөржин ядартлаа ажил хийчихээд шөнө бүгдээрээр нийлж авааг тоглоно. Үүр цайхаар зэрэг жаахан унтаж аваад өглөө босоод хар ч бай сүүтэй ч бай цай чанаж ууж аваад буцаж ажилдаа гараад их гоё ш дээ. Нийтийн тийм юм их гоё. Оюутнууд хүртэл тэгдэг байсан шүү дээ. Ёстой гоё намрын ажил гэдэг чинь гоё.

Баасанхүү -

Та анхныхаа хүүхдийг хэзээ гаргасан бэ? Ер нь хэдэн хүүхэдтэй вэ?

Бүжээ -

8 хүүхэдтэй

Баасанхүү -

2 одонтой юм байна тиймээ? Одонг аягүй сайн мэддэг болоод байгаа

Бүжээ -

Тийм. 4 хүү 4 охинтой. Анхны хүүхдээ 20-той гаргаж байсан. 8 хүүхдийн 4 бэртэй. 4 хүргэнтэй. 10 ачтай. 10 зээтэй. Ингээд 36 хүн байна.

Баасанхүү -

Аягүй тэгшхэн тэгшхэн яваад байна ш дээ.

Бүжээ -

Харин тийм аягүй тэгшхэн яваад байгаа. Би хүүхдүүдээ жаахнаас нь ингэдэг байхгүй юу 7, 8-р ангид ороод ирэхээр нь нутгаасаа хүнтэй суухаар цус ойртдог гэдэг байсан. Одоо манай энэ хүргэн бэр дотор нутгийн хүн байхгүй. Манай энэ хүргэн Архангай аймгийнх, нэг хүргэн Говь-алтай аймгийн, нэг бэр Баянхонгорынх бусад нь аймгийн баруун талын Дарьганга, Нарангийн хүмүүс байгаа. Манай талийгаач тэгдэг байсан юм. Хүүхдүүдтэй эхнэр хүүхэд ярьчих юм гэдэг байсан. Би тэгэхгүй яах юм. Хамаатан садан олоод суучихвал яах юм гэдэг байсан. Тэгвэл донгио юм гарна шүү дээ. Одоо ч гэсэн хөдөө 3 үеийн хүмүүстэй суучихсан байдаг юм. Суудаг юм.

Баасанхүү -

Мэдээд үү? Мэдэхгүй суух уу? мэдэхгүй л суудаг байх тиймээ?

Бүжээ -

Мэдэхгүй л суудаг байх. Мэдсэн ч суудаг юм шиг байна лээ. Түүнээс би айдаг аймшиг

Баасанхүү -

Та яагаад үүнээс их айж эмээдэг болов?

Бүжээ -

Ер нь тийм хүмүүсийн хүүхдүүд заавал согогтой. Тийм байдаг ш дээ. Зарим манай хүүхдүүдийн ангийн хүүхдүүд би түүнд сайн байсан. Та л суулгаагүй шүү дээ гэдэг юм.

Баасанхүү -

Энэ олон хүүхэд өсгөх. Ажлаа хийх. Дээрээс нь намын өгсөн үүрэг даалгавар хийхэд хэцүү байсан уу?

Бүжээ -

Олон хүүхэд улсын баяр наадам боллоо. Дэлгүүрт бэлэн хувцас ховор дэлгүүрээс даавуу аваад эмэгтэйд нь гоёлын хувцас эрэгтэйд нь өмд цамц, тэгээд нарын малгай оёоод өгдөг тэгж хувцасладаг байсан. Өвөл болохоор Монгол дээл оёж өгнө. Тэр бүгдийг ажилдаа явчихаад лекц дугуйланд суучихаад хүүхдүүдээ хоол ундын өгч унтуулчихаад шөнө хийдэг байсан. Дээд тал нь 3, 4 цаг хүрч наад тал нь 12 хүрч л унтдаг байсан. Өсөөд ирэхээр хүүхэд их сайхан. Манай хүүхдүүд ээждээ их тусладаг. Манай отгон хүүхэд 33-тай гарсан. 43 -тай байхад манай отгон хүүхэд чинь 10 настай болчихсон. Тэгээд нэг нь хоолоо хийгээд нэг нь юм оёод нэг нь цайгаа чанаад тусад ороод ирэхээр зэрэг надад гэр зуур хийгээд байх ажилгүй болчихож байгаа юм чинь. 50 гараад ирэхэд бүгд айл гэр болоод яваад өгөхөөр чинь өвгөнтэйгээ хоёулаа яаж юмаа хийнэ гээд манай хүүхдүүд чинь бүгд тусдаа гарчихсан. Тэгээд өвгөн маань нас бараад би ганцаараа бие өвдөнө тэгээд хүүхдүүд ойр хажуудаа ойр байлгах гээд намайг хотод аваад ирсэн. Бүгд бие даагаад гарчихлаа чинь зэрэг надад амар юм байна. Бэлэн хоол зөөлгөж идээд зурагт үзээд сууж байдаг болсон. Хүүхэд өсгөсөн жаргалыг эдлэж л байна. Сайхан ааштай байвал цайг нь чанаж өгөөд муухай ааштай байвал чанаж өгөхгүй. Гэхдээ өглөөд цайг нь чанаад өгчихдөг юм. Хэдэн жил жаргаж байна. Сайхан байна. Хүний төрсөн нутаг, найз нөхөд хамт ажиллаж байсан ижил дасал болчихсон найз нөхөд нутгаа их санах юм. Санагдах юм. Энэ зун 3 явчихаад ирсэн. Тийшээгээ Хамрын хийд, явж өгч байгаа юм чинь. Оргилд амраад Жанчивланд амраад зөндөө явсан. Зүгээр хөдөлгөөнгүй суугаад байхаар хөл өвдөөд байдаг. Олны дунд инээж хөхрөөд явж байхад яахав дээ. Одоо бол мөнгөний хомсдол болоод

Баасанхүү -

Эдийн засгийн хямрал болоод

Бүжээ -

Эдийн засгийн хямрал болоод үүнийг даван туулах байлгүй дээ. Уг нь хүн бүр өөр өөрсдийнхөө ажилдаа хичээгээд байвал гайгуу. Гэтэл манайх нь ажил бага хийдэг тансаг хэрэглээтэй болчихсон. Эрчүүд маань бүр ч их ажил муутай байна. Орчин үеийн залуус. Манай аав мундаг их ажилтай манай аав надад амьдралын асар их юм өвлөж үлдээсэн. Манай аав өглөө бид хэдийг бүгдийн босгоод дээл өмсгөөд бүсийн бүслүүлээд гарч бие засуулж оруулж ирээд эргээд дээлийг тайлуулаад эвхэж тавиулаад өөрөө ус хийж өгөөд чихэндээ хүргэж угаа нүдэндээ хүргэж угаа хүний харах эрхтэн сонсох эрхтэн цэвэр байх юм бол хүн цэвэр байна гээд чихийг ингэж угаалгадаг байсан юм. Эргэж нөгөө хувцас өмсүүлээд тэгж байж цайгаа уудаг. Тэгдэг байсан юм. Манай аав ээж мундаг ажилсаг хүмүүс байсан. Бие муутай ч гэсэн манай аав ажлаа хийсээр байгаад л нас барсан. Манай ээж ч гэсэн ажилсаг байсан гэхдээ манай аавыг гүйцэхгүй гэдэг байсан.

Баасанхүү -

Та хүнсний нярав хийж байсан гэсэн дараа нь сургуульд ажилласан гэсэн хэдэн он хүртэл хийсэн бэ? Санаж байна уу?

Бүжээ -

1976 онд ороод 1980 он хүртэл хийсэн юм байна. Тэгээд сумын цаг уурын ажиглагч нэг жил хийсэн. Аягүй сайхан ажил аягүй мундаг ажил цаг уурын ажиглагч гэдэг

Баасанхүү -

Яаж ажиглах уу? Тоног төхөөрөмж байх уу?

Бүжээ -

Тоног төхөөрөмж байна. Хэдэн термометр байгаа. Тэгээд салхины чиг заадаг юмтай. Тэгээд өөрөө ногооны ургацны өндрийг хэмжээд энд 3 см тэнд 7 см энд 5 см гээд гурван газар хэмжээд түүнийг гурав хуваагаад 5 см гэдэг ч юмуу түүнийгээ термометрээр хэмжээд маш нарийн ажил л даа. Ажиглалт болгондоо тэмдэглэнэ. Өглөө нэг ажиглана. Орой нэг ажиглана. Түүнийгээ үзгээр бичихгүй. Аягүй нарийн балын харандаагаар бичнэ. Нэг ч тоо алдахгүй. Түүнийгээ 3 хувь бичээд түүнийгээ дугтуйнд хийгээд аймгийн цаг уурын газар луу явуулна. Түүнийг яг хүүхдийн дэвтэр засаж байгаа юм шиг энэ зөв гаргасан байна. Энд буруу гаргасан байна гээд улаан харандаагаар зураад цаг уурын ажиглалт 100% хийсэн үүнээс 10% нь алдаатай 90% нь зөв сайн байсан гээд дүн тавиад явуулдаг байсан. Ер нь ажил бүр тийм нарийн байсан. Дээр үед ажил тийм нарийн хяналт шалгалттай байсан. Тоог буруу гаргах термометрээр буруу хэмжсэн байх юм бол ажлын хариуцлага алдсан гээд хариуцлага тооцно. Тэр 3 материалын нэг нь надад буцаад ирнэ. Нэг нь аймагт үлдэнэ. Нэг нь улсад явна. Улс аймгийн юмыг бөөгнүүлээд Сүхбаатар аймагт ямар хэмжээний хэдэн градусын хүйтэн халуун салхи ямар хэдийд бороо орохыг эндээс гаргадаг тийм байсан. Тэр бас гоё ажил мундаг гоё ажил. Ёстой гоё ажил.

Баасанхүү -

Би гайхаад л байна. Танд тэр ажил хийх боловсрол байсан уу? яаж бэлтгэгдсэн?

Бүжээ -

Манай найз цаг уурын ажил хийж байгаад төрөөд тэрний оронд жил ажилласан байхгүй юу. Тэгээд тэр найзаараа жаахан туслуулж байгаад дор нь сурчихсан. Хүн хийе гэсэн юмаа дор нь сурчихдаг.

Баасанхүү -

Та өөрөө сонирхолтой байсан уу?

Бүжээ -

Сонирхолтой дуртай байсан.

Баасанхүү -

Ажиглалт хийгээд прогнозоо сумын хүмүүст мэдээлэх үү?

Бүжээ -

Суманд онцгой байдал дээрээс ирж байгаа юмыг хэлнэ. Төдөөс төдөн хүртэл салхилна төдөөс төдөн хүртэл бороо орно гэдгийг сумын даргад танилцуулаад хөдөө бригадуудад мэдээлүүлнэ. Түүгээрээ манай монголчууд мал хунараа зохицуулна. Малын ажил гэдэг бол хэцүү би 1991 оноос л үнээ саадаг болсон зах зээлд гарчихаад хамгийн их хэлмэгдэлд орсон хүмүүс худалдааны хүмүүс ш дээ. Гүндүүгүй учраас хэлдэггүй болохоос хамгийн анхны ардчиллын хэлмэгдүүлэлтэд орсон хүмүүс манай худалдааныхан. Яагаад гэхээр склад дүүрэн бараатай байхад хамгийн түрүүн худалдааг хувьд гаргасан. Худалдааг хувьд гаргахаар нөгөө ягаан тасалбар гээд гарсан ш дээ. Ягаан тасалбараар өгчихсөн тэгээд нөгөө улсууд авъя гэсэн улсуудаа үнэ хаялцуулаад дуудлага худалдаанд оруулаад тэгээд хөндлөнгийн худалдааны ямар боловсролгүй хүмүүс нөгөө худалдааг үнээр цохиод авчихаж байгаа юм чинь. Тэгээд нөгөө таньдаг мэддэг хүмүүс нь авчихаж байгаа юм чинь манай суманд тэгсэн. Тэгээд бид юу ч үгүй үлдэж байгаа юм чинь 3 сарын цалин аваад 45 настай тэтгэвэрт гарсан ш дээ.

Баасанхүү -

Хүчээр

Бүжээ -

Албаар тэтгэвэрт гаргаад хаячихаж байгаа юм чинь тэтгэвэрт гар манайд ажил байхгүй гээд хувьд гарчихаж байгаа юм чинь сайхан ажиллаж байсан хүн чинь гэнэт тэтгэвэрт гарахаар чинь өдөр болгон бүтэн сайн юм шиг санагдаад, өглөө босоод бүтэн сайн юм шиг санагдаад хийх юм болдохгүй жил гаруй хэцүү байсан. Жил гаруй байж байгаад 1992, 93 оноос өөр худалдаанд байсан болохоор наймаа хийгээд лангуу ажиллуулаад манай хүүхдүүд бүгд юм оёно. Хөдөөний хүүхдүүд бүгд юм сайн оёно. Тэгээд дээл мээл оёод лангуун дээрээ зараад тэгж арай гайгуу болоод тэгж л хэдэн хүүхдүүдээ тусад нь гаргасан ш дээ. Авгай авах нь авч хүнд өгөхийг нь өгч тэгж л яасан. Ер нь бид нарт зах зээлээс авсан юм бол цэнхэр, ногоон тасалбар авсан. Тэгээд манай өвгөн бид хоёр хоёулаа худалдаанд ажилладаг байсан болохоор улсын байгууллага гээд нэгдлийн мал өгөхгүй байгаа юм чинь ганцхан үхэр л өгсөн.

Баасанхүү -

Ганцхан үхэр юмуу?

Бүжээ -

Ганцхан тугалтай үнээ аваад үнээ саагаад гэдэг чинь тэр үнээ байхгүй юу. Түүнийгээ ерөнхийлөгч Очирбатын өгсөн үнээ гээд л тэгээд наймаа хийгээд хувцас хунар зараад мөнгөтэй болоод үхэр ер нь сайхан юм шиг санагдаад аягүй олон үхэр цуглуулаад аягүй олон үхэртэй боллоо шүү. 80 хэдэн үхэртэй болоод бараг сумандаа үхрээрээ тэргүүлдэг болсон. 20 хэдэн үхэр төрдөг байсан. 2000 онд нөгөө хэдэн үхрүүд маань үхчихсэн. Тэгээд 30-аадхан үхэртэй үлдэж байгаа юм чинь ер нь мал өсгөж болох юм байна лээ. Тасгийн үхэр шиг үхэртэй айл гэдэг байсан ш дээ. Тэгээд бяруу мяруу нь үхээд тэгсэн ш дээ.

Баасанхүү -

Тэр цаг уурын ажлаа өгөөд худалдааны байгууллагад тэтгэвэрт гартлаа ажилласан уу?

Бүжээ -

Тэгсэн

Баасанхүү -

Худалдааны ажлын талаар жаахан дэлгэрэнгүй яриад өгөөч

Бүжээ -

Худалдааны байгууллагад би худалдагч ч хийж байсан. Нярав ч хийж байсан. Манайх бараг аймагтаа тэргүүний бараатай. Тийм бараатай сайхан хамт олон байлаа бид нар чинь. Аймгаас бараагаа татна. Тэгэхэд би бас их явдаг байсан. Одоогийн улсын яриагаар бол энерги сайтай гэдэг. Аймагт очиход сумдад бараа хуваариладаг байхгүй юу. Түүнээс арай илүү элээдхэн авах гээд би явахаараа арай илүү аваад ирдэг. Тэгээд дарга дандаа чамайг явуулна гэдэг. \инээв\ тэгээд яахав явж бараагаа авч ирээд хөдөөгийн хөдөлмөрчдөд тараагаад дэлгүүрт оруулаад дэлгүүрээрээ худалдаанд гаргадаг. Тоо моондоо гайгуу байсан юм байлгүй. Сар бүр тайлангаа гаргаад өгчихдөг. Өдөр болгон тэмдэглэл хөтлөнө. Тэр өдөр болгон тэмдэглэл хөтлөнө гэдэг чинь хүнд маш их хэрэгтэй. Би аймгаас арван уут гурил авсан. Түүнийхээ 7 шуудайг тэр худалдагчид өгсөн гээд тэмдэглээд явж байгаа юм чинь сүүлд дутаад гараад ирэхээр зэрэг за би хэнд өгөөд дутаачихваа гээд нөгөө тэмдэглэл үзэхээр чинь зэрэг шууд гараад ирж байгаа юм. Би машин гурил дутаад манаачид өгч худалдагчид өгч байсан нь гараад ирж байгаа юм тийм учраас тэмдэглэл сайн хөтөлдөг байсан. Сайн хамт олон аав ээжийн маань надад өгсөн тэр хүмүүжлээр би ажлыг сайн хийдэг байсан. Худалдааны ажил их сайхан гоё ажил би сонирхолтой байсан. Ер нь аль ч ажил сайхан би боддог юм. Намайг анх ажилд авч анхны цалин авч байсан энэ соёлын байгууллага надад их нөмөр нөөлөг болсон. Тэр сайхан зохиолчдын ном зохиол уншиж Удвал гуайн “Их хувь заяа” байна. Удвал гуай үнэхээр мундаг лут хүн байсан. Би хурал цуглаан дээр хэлсэн үгийн яс уншдаг байсан. Удвал даргыг аягүй их шүтдэг байсан. Ёстой сайхан хүн байсан. Ёстой манай эмэгтэйчүүдийн сор болсон хүн

Баасанхүү -

Эмэгтэйчүүдийн юу гээд байдаг билээ?

Бүжээ -

Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан. Тэгээд зохиолчдын хорооны дарга байсан. Тэгээд зохиол нь их гоё өөрийнх нь амьдрал гэдэг юм. Би их ном уншдаг байсан. Одоо ч зармын мартчихаж. Одоо ч унших ном олдохгүй байна шүү дээ. Одооны ном яахав дээ. Нэг их уншчихаар ном ховор юм шиг байна лээ. Гадаадын их гоё зохиолууд байсан. Нанагийн Дурлал гээд гоё ном байсан. Пушкины гоё гоё ном байсан. “ Дөлгөөн дон” эд нарыг уншдаг байсан.

Баасанхүү -

Тэр үеийн хүмүүс их ном уншдаг байсан тиймээ?

Бүжээ -

Оюунлаг ном их уншдаг. Дээр үед нэг хүн сард 7 ном унших даалгавар өгдөг байсан. Уншсан номын товчлол бичдэг.

Баасанхүү -

Насанд хүрсэн хүмүүс тиймээ?

Бүжээ -

Насанд хүрсэн хүмүүс хүмүүжил өгдөг маш сайн талтай байсан. Номыг утгачилан бичнэ гэдэг чинь хүмүүст маш их хүмүүжил өгдөг байсан. Одоогийн хүүхдүүд ном уншаад ойлгодог юмуу. Энэ машинаар тоо бодоод ерөөсөө хүний толгой ажиллахгүй. Би ерэн он хүртэл дандаа сампин дээр тоо боддог байсан. 18 оронтой хятад сампин дээр боддог байсан. Одоо ч гэсэн надад байгаа. 1991 онд манай нэг найз Япон яваад касио гэдэг тооны машин авч ирж өгсөн. Тэгээд түүнийг бариад 2 жил болсон чинь цээжний тоо байхгүй болсон. Одоо бараг 3 дээр 2-ийг нэмэхэд тооны машин ингэдэг болсон.

Баасанхүү -

Тэр эмэгтэйчүүдийн хороо юу хийдэг байсан бэ?

Бүжээ -

Эмэгтэйчүүдийн бүхий л үйл ажиллагааг хариуцдаг эмэгтэйчүүдэд маш их зөвлөгөө мөвөлгөө өгдөг оюунлаг юм ийшээ тийшээ явахад тусалдаг тийм байгууллага байсан. Одоо тийм эмэгтэйчүүдийн байгууллага байдаг ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй. Тэгэхэд эмэгтэйчүүдийн байгууллага дээрээсээ зохион байгууллалттай эмэгтэйчүүдийн баяраар гэхэд тийм ээжийн хөдөлмөрийн алдар тэр ээжийг алдаршуулна . Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тэргүүний эмэгтэйчүүдийг шалгаруулдаг саальчид маальчид гээд тэгэхэд эмэгтэйчүүдийн байгууллага тодорхойлж өгдөг. Ямар ажилтай ямаршуухан байв гэдгийг тодорхойлно. Одоо ер нь эмэгтэйчүүдийн байгууллага байдаг юмуу?

Баасанхүү -

Төрийн бус байгууллагууд байдаг.

Бүжээ -

Төрийн бус байгууллагууд байдаг байх. Хөдөө суманд эмэгтэйчүүдийн байгууллага байхгүй ш дээ. Тэгээд гэр гэртээ найз нөхдөөрөө тэгс ингэсхийгээд өнгөрдөг ш дээ. Энд ч гэсэн тийм ш дээ.

Баасанхүү -

Дээр үед тэр март гэдгийг аягүй сайн тэмдэглэдэг байсан уу?

Бүжээ -

Сайн тэмдэглэнэ. Төлчин эмэгтэйчүүдийн семинар гээд суманд болно. Тэгээд нөгөөдүүл чинь ирээд малыг яаж төллүүлэх вэ? гээд хичээл семинар заалгачихаад хоорондоо урлагийн тэмцээн номер явуулаад дараа нь дэлгүүр тэдэнд тусгай бараагаар үйлчлээд тэгээд тэд нарыг машин унаатай гэрээс нь авч ирсэн бол машин унаатай гэрт нь хүргэж өгөөд тэгэхэд тэр эмэгтэйчүүд хичнээн баяр баясгалан сэтгэлийн тэнхээ аваад буцаж байгаа билээ. Сумын төв ороод гоё юм үзээд тэмцээнд ороод тэгж яваад ирлээ гээд харина ш дээ. Одоо тэгж байгаа юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

Сонин юмаа.

Бүжээ -

Тэр үед хүмүүс захидал их бичдэг байсан.

Баасанхүү -

Ялангуяа хайр сэтгэлийн асуудалд илүү их яадаг байсан уу?

Бүжээ -

Аав ээж найз нөхөдтэйгээ захиагаар харилцаж бие биенийхээ сургийг гаргана ш дээ. Тэр чинь саяхан болтол байлаа ш дээ. 1988 ,1987 онд манай охин Дархан сургуульд яваад захиа бичнэ. Хөдөөний холбоон дээр очоод дуудаад байна, дуудаад байна, ярина гэж байна уу байна гэсэн дутуу хагас ярина. Захианы хариу ирэхгүй тэгээд яриад чи яагаад захиа бичэхгүй байгаа юм гэсэн чинь байна байна захиа бичээд байвал та намайг муухан байна гэж бод захиа бичихгүй байвал сайн байна гэж бод гэж байгаа байхгүй юу. Захиаг саяхан хүртэл бичиж байсан. Манай аймгийнхан нэг нэгэндээ захиа бичихдээ Жавхлант цогийн архан талаас Жаахан шаргын нутгаас Жаргалтай чинийхээ төлөө Захиа нэгийг бичлээ

Баасанхүү -

\Инээв\ Пөөх

Бүжээ -

Тэгж бичдэг байсан юм. Бараан харагдах Баруун-Уртаас

Баасанхүү -

Баруун-Урт гэж сум уу?

Бүжээ -

Манай аймгийн төв

Баасанхүү -

Танай аймгийг Сүхбаатарын төрсөн нутаг болохоор Сүхбаатар гэж нэрлэсэн үү?

Бүжээ -

Сүхбаатарын уугуул нутаг ээж нь манай суманд төрсөн хүн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн дээр үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам гээд нэгдэл байлаа шүү дээ. Хүмүүс хүүхдүүддээ Сүхбаатар гэж нэр өгдөг. Манай нэг хүүд Сүхбаатар гээд нэр өгчихсөн. Тэгээд цэрэгт очоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар гэсэн чинь онцлох нэртэн гээд нэрлэчихсэн. Цэргүүд нь манай онцлох нэртэн гэж дууддаг байсан гэсэн.

Баасанхүү -

Хувьсгалын баатарын өлгий нутаг гэдэг талаараа давуу тал байсан уу?

Бүжээ -

Байсан. Тийм хандлага байсан. Уугуул нутгийг тохижуулна гээд манай сум чинь тохижилт сайтай ш дээ. Сүхбаатарын хөшөөтэй. Сүхбаатарын музейтэй.

Баасанхүү -

Сум тиймээ?

Бүжээ -

Тийм сум Сүхбаатарын хөшөөтэй. Тэгээд анхдагч бүр манай суманд очно. Манайх чинь 8 жилийн сургуультай. Хүний их эмчийн салбартай. Холбоотой. Манайх чинь мобикомын сүлжээтэй болсон ш дээ. 2007 онд 2007 биш 2005 онд юм байна.

Баасанхүү -

Нийгэм солигдсон ч гэсэн түрүүлж юм очдог юм байна тиймээ?

Бүжээ -

Түрүүлж очдог. УИХ гишүүн эхний ээлжинд очно.

Баасанхүү -

Улаан гишүүн үү?

Бүжээ -

Тийм эхний ээлжинд очно. 24 цагийн гэрэл асна. Хөргөгч юу л байна бүх төрлийн цахилгаан бараа хэрэглэнэ. Яг л хотын хүмүүс шиг гэр орондоо тавьчихсан. Телевизийн гурав дөрвөн суваг үзнэ. 24 бараг 2000 онд тавьсан байхаа.

Баасанхүү -

24 гэдэг чинь юу вэ?

Бүжээ -

24 цагийн гэрэл өндөр хүчдлийн шугамтай гэрэлтэй гэсэн үг. Урьд нь бол орой харанхуй болохоор зэрэг 5 цагаас 11 цаг хүртэл мотор асаад унтардаг байсан. Тийм байдаг ш дээ. Хөдөө суманд чинь

Баасанхүү -

Тийм байдаг юм уу?

Бүжээ -

Тийм ш дээ. Тэгэхэд Дорнодоос өндөр хүчил татаад 2001 онд байна уу даа манайх чинь өндөр хүчлийн шугам тавьчихсан. Байнгийн гэрэл цахилгаантай байнга цахилгаан бараа хэрэглэдэг.

Баасанхүү -

Түүнээс өмнө тог хязгаарлагдмал

Бүжээ -

Тог хязгаарлагдмал байсан.

Баасанхүү -

1960,70 оны үед тийм байсан уу? бүр тоггүй байсан уу?

Бүжээ -

1960,70 оны үед тийм тог бас байсан. Одоо хөдөөний айлууд гэрээсээ жаахан өндөр газар гараад утсаар ярьдаг. Утасгүй айл гэж байхгүй шүү дээ. Бүгд мобикомоор гараад ярьчихдаг. Хашаан дээрээ гараад л ярьчихдаг.

Баасанхүү -

Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэний давуу тал \инээв\ социализмын үед янз бүрийн дарга нар их очдог байсан уу?

Бүжээ -

Их очно. Сүхбаатарын музей манай аймагт манай сумаар өөр газар байхгүй. Хүмүүс Сүхбаатарын хөшөө үзнэ музей үзнэ гээд очно. Дарханхаан гээд сайхан уултай манай сум тэр уулан дээр гарна тэгээд цаашаагаа малчдаар орно. Аймагтаа ч ойрхон аймгаас 50 км зайтай.

Баасанхүү -

Та социалист нийгэмд амьдарч байсан.

Бүжээ -

Социалист нийгмийн жинхэнэ бүтээгдэхүүн \инээв\

Баасанхүү -

Социалист нийгэм таны амьдралд яаж нөлөөлж байв?

Бүжээ -

Бид нар их ажилсаг. Өөрөө өөрийнхөө төлөө. Улс эх орныхоо төлөө үнэнч зүтгэдэг хамгийн гол нь үнэнч шударга хийсэн ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг ажил хэрэгч, цагийг их нарийн сайн барьдаг. Ажлаасаа хоцорч болохгүй. Социализмын үед 4-ээс дээш хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө гэж өгдөг. Одоотой адилхан би төрсөн мөнгө авна гэдэг тийм юм байгаагүй. Би гэрлэсэн мөнгө авна. Би төрсөн мөнгө авна. Хүмүүс тэгдэг болчихсон байна шүү дээ. Би гэр авна гэдэг тийм сэтгэлгээ байгаагүй. Би энэ хэдэн хүүхдийг өсгөснөөр эргээд надад хэрэг болно. Энэ айлыг айлын дайтай авч явахад миний нэмэр гарна гэсэн. Энэ ажлыг би сайн хийснээр өөрөө өөрийгөө өрх гэрээ авч явна гэсэн тийм сэтгэлээр хийдэг байсан. Тэр үеийн хүмүүс тийм сэтгэлээр ажил хийдэг байсан. Хуурамч юм гэж ерөөсөө байхгүй. Тэгж чин сэтгэлээсээ ажилладаг байсан.

Баасанхүү -

Нийгэм солигдсон чинь яасан бэ?

Бүжээ -

Нийгэм солигдсон чинь ажлын байр байхгүй болсон аягүй хэцүү байгаа биз дээ. Сүүлийн үеийн залуучууд хэд гурваар бөөгнөөд хийж ажил байхгүй. Мань мэтийн хүүхдүүд мал хунар гээд явах биш сумын төвд ажил ховор ажилгүй болохоор чинь эд нар амьдрахад хэцүү ш дээ. Цаг барина гэдэг ажил бүр байхгүй. Хийе гэсэн ч ажил байхгүй. Яахав чадалтай нэг нь наймаа хийх юм өөр хийх ажил байхгүй. Сургууль төгсөөч ажил алга. Одоо манай хөдөө дипломтай гэрийн эзэгтэй нар зөндөө байна шүү дээ. Чам шиг чам шиг жаахан охидууд хөдөөний хэдэн малтай залуутай суучихаад хөдөө байж байна шүү дээ. Тэр чинь хэцүү байгаа шүү дээ. Би тэгж боддог юм боловсролтой хүмүүс гаргаж байна гээд дутуу зэмдэг хувийн сургуулиуд дутуу зэмдэг хэдэн боловсролтой хүмүүс гаргаад дипломын боол болгож байна шүү дээ. Бид нар дээр үед юм хийж чаддаггүй хүмүүсийг дипломын боол гэж нэрлэдэг байсан юм. Тэгж л загнана шүү дээ. Чи номын үзэж ногоотой шөлийн ууж ирчихээд яагаад чадахгүй байгаа юм чи дипломын боол байна гэдэг байсан. Одоо тэгэхэд дипломтай гэрийн эзэгтэй эзэн нар зөндөө байна шүү дээ. Ажил байхгүй. Хийх ажилгүй байна гэдэг чинь залуучуудын хүмүүжилд асар их нөлөөлж байна шүү дээ. Авсан цалингаа хүн юм болгож чаддаг цалин бага байна гэж байхгүй. Өөрөө сайхан чөлөөтэй идэж ууна шүү дээ. Хулгай хийж олж ирсэн юмыг хүн чөлөөтэй идэж ууж чадахгүй шүү дээ.

Баасанхүү -

Ардчилал гарах гээд 1989 оны үед танай суманд хэр мэдрэгдэж байсан бэ? Та ардчиллыг юу гэж бодож байв.

Бүжээ -

Би ардчиллыг нэг их дэмжиж байгаагүй. Намаар хүмүүжчихсэн. Нэг их буруу гэж байгаагүй. Зөв юм нь зөв л байсан. Эрх чөлөөтэй. Манайхан ардчиллыг арай давруулаад хэрэглэчихсэн. Хэтэрхий чөлөөтэй тавьчихсан. Ямар ч юм хийж яаж ч амьдарч болно гэсэн сэтгэлгээгээр явуулчихсан. Хулгай хийж байсан ч чөлөөтэй. Худал хэлж байсан ч чөлөөтэй. Нэг хүн буруу юм хийлээ гэхэд түүнд арга хэмжээ авч чадахгүй авлаа гэхэд ар талаас нь манай намын түүнийг тэгчихлээ гээд босч ирээд байна. Тэгээд би тэгж боддог юм. Сонгож чаддаг. Сонгогдож чаддаг. Ялаж чаддаг ялагдаж чаддаг. Түүнд нь гадны нөлөө байхгүй. Буруугаа хүлээж чаддаг. Түүнийгээ хүлээж чаддаг байх хэрэгтэй байна.

Баасанхүү -

Хотод бол талбай дээр жагсаад бужигнаж байна. Хөдөө яах уу?

Бүжээ -

Хөдөө бол хөдөлгөөнтэй залуучууд нийлээд сум нэгдлийн дарга гэж байлаа түүндээ өргөдөл бичээд ардчиллыг сонгох малаа хувьчилж авах талаар тиймэрхүү үйл ажиллагаа явагдаж байсан ш дээ. Ямар сайндаа манай нэг ураг сум нэгдлийн дарга байсан хүү нь ХААИС төгсөөд очсон малын эмч байсан. Манай сумын нэг багш хэдэн залуучуудтай нийлээд АН байгуулаад өргөх бичиг бичээд сум нэгдлийн дарга дээр орох болоод чи ор чи ор гээд орох хүн олдож өгөхгүй. Хүү нь хамт явж байгаа ш дээ. Нөгөөх нь болохоор би ааваас айж байна чи ор гээд нөгөөдүүл нь болохоор чи ор гээд орох хүн олдож өгөхгүй. Аягүй зальтай хаалга нээгээд хүүгийн түлхээд оруулчихгүй юу. Тэгсэн чинь өмнөөс нь чамайг би насаар чинь тэжээж идэх хоолтой болгосон чи миний өмнөөс ингэдэг болоо юу гээд хоёулаа ширээгээ тойроод нэг нь зугтаагаад нэг нь хөөгөөд тэгээд гарч ирсэн гээд бөөн инээдэм

Баасанхүү -

Аав хүү хоёр

Бүжээ -

Аав хүү хоёр өвгөн ч яахав дээ тэтгэвэрт гараад одоо байхгүй л дээ. Хүү нь одоо манай аймгаас иргэдийн хуралд гарсан. Аймгийн ИТХ-ын дарга хийж байгаа ш дээ.

Баасанхүү -

Сонирхолтой юмаа.

Бүжээ -

Чи ор би ор гэж байгаад муу хүүгийн түлхээд оруулсан байгаа юм. Түлхэж оруулангуут хаалгын дарчихсан.

Баасанхүү -

1990 оны үеэр ерөнхийдөө манай сумын хүмүүсийн амьдрал ямархуу болсон бэ?

Бүжээ -

Тэр үед гайгуу байсан. Одоо бол муудаж байгаа ш дээ. Уул нь мал хунартай болоод овоо болж байтал одоо энэ мөнгөний хомсдол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буураад нөгөө хэдэн малаараа амьдарч байгаа улс чинь нөгөө малаа барьж өгсөөр байгаад хэцүүдэж байна шүү дээ. Одоо бол бүр ч хэцүү болж байна шүү дээ. Нэгдэлд байсан хүмүүс ам бүлийн тоогоор мал аваад баяжсан шүү дээ. Мань мэтийгээ бодоход бид нар гурван сарын цалин аваад хоосон гарч байгаа юм чинь. Хувьчлагдаж байгаа худалдааны газраас 1кг будаа ч үгүй гарч байгаа шүү дээ. Тэгээд нэгдлээс өгч байгаа юм нь ганц үнээ хамгийн их хэлмэгдсэн улс бол дунд шатны албан хаагчид байгаа юм. Тэр дундаа улсын байгуллагын албан хаагч нар яагаад гэхээр насаараа улсад ажил хийсэн нэгдэл нийгэмд ажил хийгээгүй гээд өгөхгүй байгаа юм чинь бид нар ч гэсэн тэр үед авна барина гэж хөөцөлдөөгүй. Хамгийн их юмгүй хоцорсон хүмүүс чинь бид нар шүү дээ. Худалдааныхан дунд шатны албан хаагчид л даа. Нэгдлийнхэн аягүй сайн мал авсан.

Баасанхүү -

Тэгээд амьдрал нь аягүй гайгуу байсан.

Бүжээ -

Аягүй гайгуу байсан. Тэгээд яахав худалдааны байгууллагад ажиллаж байсан гэсээрээ нэг хэсэг аягүй хэцүү болж ирсэн боловч худалдаа наймаа хийгээд тэр үед хүн болгон наймаа хийгээд байдгүй байлаа. Түүнийхээ хүчинд өдий дайтай явж байна. Одоо хэдэн хүүхдээрээ тэжээлгээд хэдэн хүүхдээсээ татвар татаад сууж байна.

Баасанхүү -

Баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.