Baasanjav
Basic information
Interviewee ID: 990089
Name: Baasanjav
Parent's name: Dugarjav
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: hunter, bard
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
repressions
childhood
education / cultural production
relations between men and women
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу Баасанжав гуай таны нөгөө Хятадын уран зохиолын дээжис гээд Байжин гуайн тухай ярьж байсан уу?
Баасанжав -
Тийм би ер нь Хятад Дорнын яруу найрагчдыг багаасаа их сонирхож уншиж, биширч, явсан сонин учрал байдаг юм л даа. Тэр сонин учир нь юу вэ гэвэл Алтанбулгийн техниккум байхдаа Орос ээжийтэй Хятад аавтай. Аав нь хиагтад худалдаа хийдэг баян байсан байгаа юм. Ээж нь бол цыган Орос хүн яахав октябрийн хувьсгалын үеэр нааш цаашаа явж байсан эмэгтэй. Аав бол эртний бичгийн хүн Хиагт хотыг ардын хувьсгалын цэрэг эзэллэхэд хөрөнгөө орхиод, хүүгээ өөрийн төрөл дээр орхиод урагшаа цуг дүрвэж нүүсэн хүн гэж ярьдаг юм. Их бичгийн боловсролтой өссөн. 17,18 тайдаа үлдсэн. Тэгээд Орос эхнэртэй суусан. Ногоо тарьдаг. Хувийн гахай тахиа шувуутай. Мундаг хүн байсан. Тэгээд тэр эмэгтэй Гүен гэдэг Хятад хэлтэй, Орос хэлтэй, Манж хэлтэй. Ленинградын их сургуульд сурч байгаад нөхөр нь цагдаатай зодолдоод цагдаад зодуулж үхсэн түүнээс болж нөхрийгөө өмөөрч цагдаа хутгалсан хэргээр Ленинградын их сургуулиас хөөгдөөд ирсэн тийм эмэгтэй. Надаас эгчмэд бүжиг их гоё хийнэ. Хөгжим дарна. Шанз дарна. Хятадын эртний шүлэг надад уншиж өгдөг байсан. Энэ тухай би бичсэн шүлэг байдаг юм. Энэ тухай миний бичсэн шүлэг байдаг юм.
Ширтэх хоёр нүд
Далайн гүйнхуар гэж
Цэцгийн нэр билүү
Гүн усны ёроолд ургасан гэлүү
Гүйнхуар чиний нэр гэлүү
Гүн утга цэцэг хоёрыг билэгдэж өгсөн гэлүү
Дааман хаалга онгойлгоод өгөхөд
Дарсны үнэр хан хийж
Дахин орж ирэх хайр өгсөн
Тариачин айлд анх очиход
Долоо найман орос эхнэртэй
Даруулга муутай ганц охинтой
Сайхан төрсөн үнэн
Шанзаа дарах нь шидтэй
Хуучин хиагтын гудамжинд
Хулигаан явсан эмэгтэй
Үеийн хэдэн банди нарыг
Бэмбэгнүүлж явсан гүйхуа гэж
Урьсан зочноо дайлж чаддаг
Урьдын ёсноос сурсан
Орос монгол хятад хэлээр
Овоо ярьдагаа гайхуулсан
Гүйхуарын шанздах нь
Гүн уяралд оруулж мэднэ
Эршүүд биеэрээ бүжиглэх нь хүртэл
Энэтхэг газрын бүсгүй гэлтэй
Нанхиа дорно дахины
Яруу найрагийг надад тэр байн байн уншиж
Өрнө дорно хоёрыг
Өөрийн бодлоор чагнан ярилцах
Таван жингээр тахиа орилоход
Дотно яриагаа дуусгаад босоход
Гүйлгэн уяатай нохой хуцан хуцан гүйхэд
Гүйхуа хүүхэн хорьж өгөв
Шилэн хуар хөшиг
Цонхны цаагуур чичиргэн
Ширтэх хоёр нүдээ
Зүрхэнд өгөх жишээтэй
Ариун-Ундрах -
1959 он Алтанбулаг
Баасанжав -
Энэ үед мундаг бичсэн байгаа биз.
Ариун-Ундрах -
Тийм байна
Баасанжав -
Тэгээд энэ эмэгтэй бол хятадын хэдэн яруу найрагчдын шүлгийг орчуулж өгдөг байсан. Үүнээс би хятадын эртний яруу найраг луу татагдсан. Тэгээд би 1960 онд би өрнө дорно хоёрыг холино гэж зарласан. Гэхдээ хятадын уран зохиолыг магтах нь битгий хэл ярьж болохгүй үед байсан учир бас ийм хэмжээнд байсан байх. Бүжиг их сайхан хийдэг хүүхэн байсан. Манай сургуулийн эрэгтэйчүүдтэй бүжиглээд хөл рүү өшиглөөд тас хийтэл алгадаад л эрэгтэй хүүхэд шиг куртка өмсөөд савхин суран бүс бүслээд л ирнэ. Банди нарыг зодно. Архи ууна. Тийм залуу хүүхэн байсан юм. Намайг сайн танина. Надад бол гар хүрэхгүй. Бүжиглэж байгаад овоо бүжигчин байна. Нуруун намхан юм гэж байсан анх. Хөл дээр нь гишгэвэл чи муу ингэлээ гээд элэг лүүн ганцхан өвдөгөөрөө өшиглөөд унагана. Түүнийг дийлэх хүн байхгүй.
Ариун-Ундрах -
Энэ гүйхуа гэдэг эмэгтэй Орос аав Хятад ээжтэй гэсэн үү?
Баасанжав -
Орос ээж Хятад аавтай. Аав нь бол эртний мундаг боловсролтой. Баттулгын ойролцоо төрлийн хүн гэж байгаа юм. Их сайхан монгол хэлтэй. Намайг очиход хоол моол болоод өндөг мөндөг шарж өгөөд ээж нь туранхай өндөр шар хүүхэн байсан.
Ариун-Ундрах -
Та энэ эмэгтэйтэй яаж танилцсан бэ?
Баасанжав -
Бүжгэн дээр л танилцсан. Би сонинд юм бичдэг байсан байхгүй юу. Тэгээд нөгөөдөх чинь сонингоос хараад яруу найраг утга зохиолд маш их дуртай.
Ариун-Ундрах -
Өөрөө ямар мэргэжилтэй хүн байсан юм бол?
Баасанжав -
Тэр Ленинградын философийн хавьд л сургуульд явсан байх. Тэгээд нөхрийгөө цагдаад зодож алсан хэрэгт цагдаа хутгалсан юмуу тэгээд сургуулиасаа хөөгдөөд хүний амьдрал юм чинь.
Ариун-Ундрах -
Тантай танилцах үедээ хэдий орчим настай байсан бэ?
Баасанжав -
Надаас 4,5,6 эгч байсан байхаа. Тэр эмэгтэй намайг хятадын яруу найрагтай танилцуулсан. Өөрөө танилцах арга байхгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр үед хятад нууц байсан байх?
Баасанжав -
Хятадын хүйтэн уулын бичиг, Ши Минийг шийтгэсэн хэрэг, гурван улсын үлгэрүүд их ярьж өгдөг байсан. Өөрөө орчуулсныгаа надад ярьж өгдөг байсан. Надад өгдөг. Би тэмдэглэлийн дэвтрийн авч үздэг. Тэгээд намайг тэр эмэгтэй л харсан юм. Гайхалтай авъяастай.
Ариун-Ундрах -
Та энэ шүлгээ өөрт нь үзүүлсэн үү?
Баасанжав -
Сүүлд хожим хойно сонинд тавьснаа өгсөн. За ийм байна.
Ариун-Ундрах -
Надад бас хэдэн асуулт байна. Та 10 нас хүртлээ сургуульд сураагүй. Тэр тухайгаа ярьж өгөөч?
Баасанжав -
Манай тариатынхан тайж язгууртай баячуудын хүүхдийг ерөөсөө сургуульд аваагүй юм. Бид тайж язгууртны удам угсааны улсууд. Тэгээд сургуулиас тайж ноёдын хүүхдийг хөөсөн юм. Тэгээд нэрээ өөрчлөөд овгоо өөрчлөөд ерөнхийдөө нийгмийн хандлага тийм байсан. Тэр үед феодал ноёд язгууртан хүүхдүүдийг авахгүй. Ганц харц ардын хүүхэд авна гээд сургуулиас нь хөөнө.
Ариун-Ундрах -
Таныг Сүхдорж гэдэг байж байгаад Баасанжав болсон.
Баасанжав -
Сүхдорж гэдэг байж байгаад Баасанжав.
Ариун-Ундрах -
Нэрээ сольсноор сургуульд сурах боломжтой болсон уу?
Баасанжав -
Тийм. Угтаажав тайжийн хүү Ренчиндорж гэдэг ноён хааны хүүхэд л дээ. Тэгээд Дүгэржавын Баасанжав болсон. Ер нь ээж маань сүүлд тэр хүнтэй суусан юм.
Ариун-Ундрах -
Овгоо солиод нэрээ сольсон.
Баасанжав -
Овгоо солиод нэрээ сольсон. Сүүлдээ
Ариун-Ундрах -
Яг тэр үед тэр бодлогыг хэрэгжүүлж байгаа төр засгийн толгойд ямар хүмүүс байсан бэ?
Баасанжав -
Ерөөсөө язгууртан гаралтай хүүхдийг сургуулиас хөө гэсэн тогтоол байсан юм. Ерөөсөө суулгахгүй. Энэ тогтоол их удаан үргэлжилсэн байх.
Ариун-Ундрах -
Тэгээд хожим та 10 настайгаасаа эхэлж сургуульд орсон уу?
Баасанжав -
10 настайгаасаа эхлээд
Ариун-Ундрах -
Цаашаа яаж яаж сурсан бэ?
Баасанжав -
Архангай аймгийн Батцэнгэлийн дунд сургуульд орсон доо. 7-р анги төгсөөд техникумд явдаг байлаа ш дээ. 10 анги төгсөх нь 10-р ангиа төгсөөд дээд сургуульд. Тэгээд 1957 онд төгсөөд Алтанбулагийн техникумд очоод Алтанбулагийн техникум чинь хүрээнд байсан юм. Улаанбаатар Тэнгис кино театрын тэнд байсан юм. Тэгээд Алтанбулаг луу нүүсэн юм. Нүүсэн үед нь би очсон.
Ариун-Ундрах -
Тэнд очсон үед нь очсон уу?
Баасанжав -
Тийм. Тэнд очсон үед нь очсон юм.
Ариун-Ундрах -
Та ямар техникумд ямар мэргэжлээр?
Баасанжав -
Мал эмнэлгийн техникум. Ерөөсөө малын эмч хүн ш дээ.
Ариун-Ундрах -
Та уран бүтээлээ хийхээс гадна ямар ямар ажил хийж өнөөдрийг хүрэв ээ?
Баасанжав -
Уран бүтээлээ хийгээгүй Хэнтий аймгийн Галшир суманд ажилласан. Малын эмчээр, нэгдлийн орлогч даргаар тэгээд Мөрөн суманд ажилласан. Тэгээд хотод орж ирээд мах комбинатад, гахайн заводод , тэгээд хүнсний захад ажиллаад суусан даа. 36 жил ажиллаад суусан даа. Өөр би сонин сэтгүүлийн газар ерөөсөө ажиллаж үзээгүй.
Ариун-Ундрах -
Тэгвэл хувийнхаа уран бүтээлийг өөрөө л хийх үү?
Баасанжав -
Хувийнхаа уран бүтээлийг өөрөө л хийнэ. Өөрөө л надад хүн заасан юм байхгүй. Яахав техникумд байхад уран зохиолын хичээл орно л доо. Пушкины Алтан загасны үлгэр , Ивановын Цэрэг эрсийн дуулал, Гоголийн зохиолууд, Максим Горькийн ихэнх зохиолыг оюутан байхдаа үзэж байсан л даа. Мал эмнэлгийн сургууль гээд ганцхан малын өвчин заагаад байхгүй ш дээ. Ерөнхийдөө өөрөө би сонирхолтой учраас уран зохиолыг их уншина.
Ариун-Ундрах -
Танд социализмын үед уран бүтээлийг чинь сонирхож уншдаг найз нөхөд гэж байсан уу?
Баасанжав -
Байсан байсан байлгүй яахав. Монголын зохиолчдын хороо бол бүгд мэдэж байсан. Өөрөөс нь илүү гарна гэж бодсон. Миний тэр чөтгөр бугын тохиол болбол танхил гурван хатны үлгэрүүд болбол тухайн үедээ бол гарахгүй ш дээ. Бүх юмыг бурхан ч байхгүй чөтгөр ч байхгүй гэж үзсээр байгаад шашныг устгаж эртний ном судрыг устгасан. Феодал хомхой лам хүн бүгдийг нь худал хуурмаг ангийн дайсан гэсэн ялгаа гарсан учраас тэр үед миний шүлгийг хүлээж авахгүй. Авах нөхцөл байхгүй. Гэхдээ би тэр мөн байнаа гэж зүтгэсэн нь хамгийн онцлог байгаа юм. Чадсан ч бай чадаагүй ч бай тиймээ. Энд онцлог байгаа юм тиймээ. Сөрж зогссон.
Ариун-Ундрах -
Сөрж зогссоор байгаад өнөөдрийг хүрсэн.
Баасанжав -
Тийм. Зохиолч хүн гэдэг бол би түрүүн чамд үзүүлж байсан номон дээрээ оршил бичсэн. Зохиолч хүн бол нийгмийн захиалгаар зохиол бичдэггүй юм. Зохиолч хүн гэдэг бол ард түмнийхээ хэл соёл түүх ард түмнээ харийн болоод намын дарлалаас авран хамгаалах дуу хоолойн байх ёстой. Одоогоор бол парламентын сөрөг хүчин шүү дээ. Ардын хувьсгал дөнгөж ялангуут хөрөнгөтөн муу сайн феодалуудыг хөнөөн дарж усгая гээд Ши. Аюушийн дуу дуучин Дугаржав гуай аяын засаж хийгээд л хуучин хөх туг гэдэг дуун дээр тэгээд хөрөнгөтөн феодал урвагч муу сайн феодалуудыг уухайлан устгая гэж тэр ард түмэн бол нээрээ устгах ёстой юм байна гэж бодно ш дээ. Хамгаалан хайрлах сэтгэл алга болно ш дээ. Түүний дараагаар Нацагдоржийн шүлгүүд гарсан ш дээ. Лам Феодалуудыг устгах 1932 оны үймээн устгахыг уриалсан. Тэгээд дараа нь яасан гэхээр ерөөсөө ноос бол алт оросууд дайны үед ноос хөөврийн хэрэгцээ их ч байсан байх. Дулаан хөнжил дулаан цамц эсгий гутлаас өгсүүлээд төлөвлөгөө хамаагүй байсан. Тэр төлөвлөгөөгөө биелүүлэх гэж дээлээ өмдөө эсгий өмдөө хүртэл хяргасан. Тэгж хавчиж нэгдэл нийгэм рүү оруулж нийгмийн бүтээгдэхүүн авах гэж байна ш дээ. Тэрнийг эсэргүүцсэн улс зөндөө байсан. Ноос бол алт гээд ноосыг өгөхийг уриалаад л ноосны тухай шүлгүүд бичээд л дараагаар нь магталын яруу найрагууд гарч ирсэн. Сталины 70 насны ойд Дамдинсүрэн гуай магтаад Чойбалсангийн тухай магтаал Цэдэндоржийн Чойбалсаны Идэр нас ерөөсөө хүн муулж болохгүй. Дарга нарыг муулж болохгүй. Муулбал нэг малын эмч нярав мяраваар л оролдоно. Ингээд зөрчилгүй уран зохиол гаргаж байхгүй юу. Магталгүй яахав сайн нөхдийг бол магтана ш дээ. Магтах ёстой. Тэгээд Зөвлөлтийн улаан арми Зөвлөлтийн цэрэг Зөвлөлтийн ялалт японы имперлист, америкийг дарж сөнөөх хэрэгтэй хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Бавуугийн Лхагвасүрэн митроны бөмбөгөө турших гэж байгаа бол над дээр туршаач гээд тэгээд Бавуугийн Лхагвасүрэн дээр туршаад Бавуугийн Лхагвасүрэн эх орныхоо төлөө бидний төлөө митроны бөмбөгөнд ороод үхэх юм шиг бодож байгаа юм. Нэг митроны бөмбөг Бавуугийн Лхагвасүрэнг битгий хэл монголын хүрээ хийдийг тэр аяар нь дуусгана ш дээ. Ийм даварсан дамжирсан утга зохиол хөгжөөд тэгээд нэгдэл нийгэм мундаг. Нэгдэл нийгэм шиг сайхан юм байхгүй гээд баян хүн хоосроод хамгийн сүүлд гуйлгачин болоод. Хэнтийн Галширт Буянаа гэдэг авгай нэгдэлд орохгүй гээд аймгийн намын хороо шүүх прокуророор явж айлгаж байгаад элсүүлж авсан юм. Буянаа гэдэг авгай хүчээр одоо ч өөрөө байгаа. Энэ Зүмбэрэлийн Саруулбуян гээд зохиолч байна ш дээ. Түүний аав Зүмбэрэл нэгдэлд орохгүй гээд барилга дээр норм хийж ингэж байсан. Зөвхөн Хэнтийд гэхэд жишээ энэ. Тэгээд адаг сүүлд нь нэгдэл нийгэм болоод улсын хөрөнгө болоод нэг үе тариалан овоо хураан авч байснаа тарахаараа хүн бүрд малыг тэнцүү хуваарилаж өгөөд мал маллаж байсан биш малчин биш хотын хүний гараар мал орохоор дууслаа ш дээ. Тэр улс төрийн хэргүүд тэнд нэг бөмбөг дэлбэрвэл манайд хамаатай юм шиг нэг үе Америк Японыг чинь их мууллаа ш дээ. Ямар сайндаа миний нэг найз тэгж байсан энэ америкийг чинь муу хэлээд байсан одоо америкийн ерөнхийлөгч сайхан нуруутай хүн шиг л хүн байна гэж байсан. Үүгээр бодоход суртал ухуулга гэдэг аюултай. Ингээд үндэснийхээ утга зохиолыг хаяад хувьсгалжсан утга зохиол руу ороод одоо хувьсгалжсан утга зохиол нь хэрэггүй болохоор зэрэг юу ч байхгүй болж байна ш дээ. Барьж авах юм байхгүй. Тэгээд манайхан чинь мэдэж байна. Бид бол намын дайсан туслагч хувьсгалыг уриалан дуудах дайсан туслах тэгээд түүгээрээ их шагнана. Тэгээд одоо бол дарга нар түүнийг авдаг. Энэ бол хортой. Ноцтой үр дагавартай. Ер нь зохиолч хүн бол төрийн гэсэн үндсэн зохиолчид бол Ли бо байна. Ду пу хятадын эртний мундагууд миний тэр ван ми төрд үйлчлээгүй. Иргэн хүнд үйлчилсэн. Тэд нар Ван мин сургаалиар архиа уугаад загасаа идээд Пушкин ерөнхий гэдэг эзэн хааны цолыг эсэргүүцээд тэгээд одоо францын нөхөртэй дубль хийгээд халагдсан. Лермонтов бол угаасаа оросын уран зохиолд төрд харъяалагдахгүй гэж зүтгэсэн. Тэгсэн нь бүгд үлдсэн. Нөгөө Ленинээ магтаад намаа магтаад Лениний ийм ийм том боть хийгээд байсан манай Чимэд Гайтав тэр үедээ бүгд гавъяатай байдаг худлаа байдаг. Тэрний гай хамаа байхгүй. Ард түмний соёл урлагт асар том цохилт өгч байгаа. Энэ нь их хортой.
Ариун-Ундрах -
Монголын яруу найрагийн түүх гэхэд яг тэр үеийнх нь байхгүй болоод ирж байна ш дээ.
Баасанжав -
Тэгж байгаа ш дээ. Тэр үеийг түүх нь өөрөө буруу бичиж байгаа юм. Хорлоо гуай би монголын утга зохиолыг үүсгэсэн гээд саяхан хүртэл байлаа. Чимэд гуай хүртэл би үүсгэн байгуулсан гээд бид нарт ярьдаг байсан. Тэгтэл биш шал өөр хүн. Ингэж түүхийг эзэнгүйдүүлж түүхийг эзэндэх алдар нэрийн төлөө явсан. Тэгээд кинонууд гэхэд Данзан Бодоо нарыг муулсан үүн шиг муухай юм байхгүй. Гэтэл Хатанбаатар Магсаржавын тухай гоц эргэлзээтэй юм олон гарч байна. Ховдыг чөлөөлөхөд Хатанбаатар Магсаржав 4-р байранд орсон болохоос жинхэнэ чөлөөлсөн хүн нь манлай баатар Дамдинсүрэн Дамбийжаа энэ тэр байсан. Тэгээд түүхийг эзэнгүйдүүлээд түүхийг гүтгээд. Манай ихэнх улсууд дотоод яаманд байсан. Зохиолчид бүгд дотоод яаманд байсан. Дотоод яаманд мэдээлэгч байсан хүмүүс их байдаг юм. Тэгээд нэг нэгнийгээ матсан. Тэгээд нэг нэгнийгээ малтаж эхэлсэн хүмүүс. Ийм л юм даа.
Ариун-Ундрах -
Та аавыг чинь хэлмэгдүүлсэн тухай ярьсан. Тэр үед та ухаа ороогүй байсан уу?
Баасанжав -
Тэр үед би 1 сартай байсан. Бүү мэд.
Ариун-Ундрах -
Ярианаас сонсоход яаж ирээд яаж авч явсан тухай сонссон уу?
Баасанжав -
Мэдэхгүй ш дээ. Ээж ярихдаа 16-тай байхдаа 32 оны эсэргүүний үед ламын сургуульд байсан. 22-той байхад 38 онд 16-тай байхад нь байцаж байцаж байгаад яах гэж ламын сургууль төгссөн гээд байсан гэж байгаа юм. Буутай цэрэг илүү гэрээс нь аваад явчихсан тэгээд үхсэн. Манай Тариат 2-3 хуваагдсан хэнийгээ дайсан гэдгээ ч мэдэхээ байсан. Ийм л байна даа.
Ариун-Ундрах -
Түрүүний нэгдэлжих хөдөлгөөн хэдэн оноос эхэлсэн юм бол?
Баасанжав -
Нэгдэлжих 1957 оноос эх сууриа тавьсан юм. 1956 оноос тавьсан бүр. 1956 онд Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэл болоод нэг суманд хэд хэдэн нэгдэл байсан юм. Одоо манай сайн дурын байгууллага юм даа. Ерөнхийдөө нэгдэж дууссан нь 1959 он. Тэгээд ухуулга хийдэг байлаа. Хэнтийн Галшир сумаас олон баячууд орсон. Их ч мал нийгэмчилсэн. Зундуй гэдэг өвгөн байсан юм. Тэр өвгөн нэгдэлд ордоггүй. Сумынхаа нутгийнхаа аль ахмад нуруутай нэр хүнтэй хүний амыг дагана ш дээ хүмүүс. Зундуй гуайн амыг хараад нэгдэлд ордоггүй. Хамгийн сүүлд 1959 онд нэгдэл дуусаж байхад орсон л доо. Хамгийн сүүлд орохгүй байгаа улсуудад ухуулга хийж явдаг бид. Тэр үед тэр суманд хавар намар ухуулганд их явсан. Нийгмийн ажилд хашаа хороо барьж өгөх хамтын хөдөлмөрийг дэмжих ийм юманд их явсан. Тэгээд тэр өвгөн хэлж байсан юм. Нэгдэлд хамаг юмаа хураалгаад комунтай адил би яах вэ Цэдэнбал аваад явна биз. Түүний урд комун хамтрал гэж комуныхан хоолоо идээрэй комуны хоёр хүүхэн гэдэг дуу байдаг. Урд гүүрээр гарах уу улсын гүүрээр гарах уу хойд гүүрээр гарах уу комуны хоолоо идэх үү комуны хоёр бүсгүй гэдэг дуу гарсан. Тэгээд комуных чинь миний чиний байхгүй. Өмч хөрөнгө дундынх хэний морийг унах дундын хөрөнгө. Даваа гэдэг дарга нөхөр тэгээд ярьж байсан гэж байгаа юм. Комуны гурианууд хоолондоо хоолоо идээрэй гээд миний чиний байхгүй. Тарган хонь алж идээд даалуу тоглоод. Надаас 15-16 ах хүмүүс ихэнх нь комуны дарга байсан байдаг юм. Тэр үед бичиг үсэг мэдээд хуучин монголоор шинэ үсгээр нэг халтар бичдэг байвал том цүнх зүүгээд тэндээ цоож зүүчихээд ханхалзаад өгнө дөө. Тэгээд комун хамтралын захирал юмуу даа болоод тэрнээс чинь болж 32 оны үймээн гарсан юм. Тэгээд шинэ эргэлтийн бодлого гээд байгуулж байгаад 40 хэдэн онд 50 оны дунд үеэс комун нэгдэл болсон юм даа. Тэгээд нэгдэлд хүн бүр ороход 5 цаас бариад орсон хүн бий аргамаг сур бариад орсон хүн бий хэдэн зуугаар нь хонь малаа өгсөн улс бий. Уг нь бол нэгдлийн хөрөнгийг тарахад тэр өгсөн малынхан хэмжээнд дүйцэх малыг эргээд өгөх ёстой байсан юм. Тэгээд өгөөгүй. Энэ бол алдаа болсон.
Ариун-Ундрах -
Хүч хөдөлмөрөөрөө олсон зүйлийг авчихаад буцаагаад өгөхгүй.
Баасанжав -
Тэгээд нэгдэлд ороогүй хүмүүсийг хавчиж шахаад худаг усаар нь Хүргэн хүү кино дээр гардаг зүйл зөндөө байсан юм. Зөндөө байсан. Комун байгуулагдаж байхад Хэнтийн Пунцагийнх гэдэг баян айл байсан юм. Тэднийх их олон зуун адуу нийгэмчилсэн байсан юм. Пунцагийнх Эрээннаваан 2-ых байдаг байхгүй юу. Нэгдлийн данс бидний гарт байна ш дээ. Түүнийг харж байхад Пунцаг гуайнх Бүс уул гэж байдаг юм. Бүс уулын тэнд часын мал авч байсан гэсэн дээр үед. Тэгээд часын хөрөнгө лам нарын хөрөнгийг хураагаад ядуу гуйлгачин ард түмэнд тараагаад 2000 гаран хонийг тууж аваачаад одоогийн Баянхутаг сумын хажууд аймгийн гүүрийн дэргэд комуны хамтралын гэр бариад комуны дарга бухан Жамъянжав гэж даргатай. Нэрийн бичээд ядуу улсад хонь өгнө. 2-3 хонь өгөхөөр хэн тэрийг өсгөх гэх вэ? Тэгээд тэр дор нь алж идээд хаяхгүй юу. Тэгээд 2 хоног хонио тараагаад 300 гаруй хонь үлдсэн гэж байгаа юм. Тэгсэн чинь намар орой сэрүү орсон намрын хяруу орсон. Тэгээд хонио тараагаад найрлаад комуны дарга нар архи уугаад унтжээ. Тэгсэн хэсэг хонь явсан мөр гарсан байгаа юм энэ юу вэ гээд хонио тоолсон чинь 16-17 хонь дутсан гэж байгаа юм. Тэгээд нэг галч өвгөн эсэргүүний хонь ийм эсэргүү байдаг юм зугатаж байхдаа яадаг юм гээд өдөржингөө шогшиж шогшиж олдохгүй болохоор өвгөн часын мал харж байсан айлдаа гүйгээд очиж л дээ. Орой болсон хойно комуны зарлага залуу дагуулаад очсон чинь 16 охин төлөг дандаа хар нүдэн нэг хар нүдэн хуцтай оччихсон байсан гэж байгаа юм. Тэгээд очсон чинь 2 хүний нэг нь дарга байдаг юм чинь. Нөгөө муу комуны зарлага чинь нөгөө айлыг чинь загнаад одоохон энэ хонинуудыг ал ганц тэмээндээ ачаад комундаа аваачиж өг тэгсэн чинь нөгөө өвгөн яах юм вэ эцсэн хонийг тууж явж чадахгүй. Чи алдаг юм байгаа биз би алахгүй гэж нөгөө Пунцаг гуай авгайтайгаа би алж чадахгүй гэж маргааш туугаад яв гүйгээд ирж байгаа юмыг яах юм гэхэд галч өвгөн би төлье тэр үед хонь 2,3,4-хэн цаас байсан гэж байгаа юм. Би төлье Пунцаг гуайнх угаасаа ядуу часын мал маллаж байгаад хөөрхий хот нь харлаад байна эднийд нь өгчихөд яадаг юм. Тэгээд төлдөг юм бол хоёулаа төлье гээд тохироод явсан. Тэр нь өвөлжөөд 57 он хүрэхэд 10000 малтай айл болсон. Юм өсөхөөрөө амархан шүү. Ийм сонин сонин түүх байдаг ш дээ. Өсөх гэж гүйж очсон өсөх малын зүс л байдаг юм. Уруудах мал ч ялгаа байхгүй. Энэ монголчуудын амьдралын нарийн юм. Өсөх мал өөдлөх айл мал гэрээсээ холдоод өөрөөр хэлбэл хэвтэж байсан хэвтэрээсээ холдоод гэрээсээ холдоод хог ургамал шарилж бууцны зах руу очоод байвал мал үхээд уруудахын шинж. Зүс ижилсээд ирэх вм бол өснө. Уруудах мал шаазгай алаг болоод ирнэ. Алаг тарлан мал сүргийн манлайд хошуучлаад явбал мал барагдахын шинж. Энэ чинь монголчуудын ахуй амьдралаа шинжих байгалийг шинжих байгальтай харилцах том шинжлэх ухаан байгаа юм. За өөр яах вэ ингээд болъё доо. Ядуучууд энэ тэрийн тухай сүүлд яръя. Монголын том том баячууд байсан юм. Шагдар баян Эрдэнэ ноён, Лу баян Шагдар гэхэд олон Дамбын Шагдар, Лувсангийн Шагдар ... г.м. Гүрийн Шагдар их баян хүн Гүрийн Шагдарын тухай миний энэ номон дээр байгаа. Цэнд дайсан гээд баян хүн байсан юм. Монголчуудын амьдралын сонин юм маш их байдаг юм. Сонирхоно гэвэл чиглэл чиглэлээр нь Боруны цэргийн тухай , Гамингийн тухай , монголын баячууд яасан юм тэгээд үндэсний дуу хөгжим урлаг хүрээний дуучид
Ариун-Ундрах -
Ярилцлага өгсөнд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.