Tsend-Ayush


Basic information
Interviewee ID: 990093
Name: Tsend-Ayush
Parent's name: Namhai
Ovog: Ih Mongol
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: shamanist
Born in: Bayandelger sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
foreign relations
authority
herding / livestock
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Та хэлмэгдүүлэлтийн талаар ярьж өгөөч?

Цэнд-Аюуш -

Хэлмэгдүүдлэлт гэдэг бол ардын хувьсгал 1921 онд ялсан. Тэр нь болохоор Зөвлөлт холбоот улс коминтерний тусламжтайгаар монгол орны дотор байгаа ардчилсан хүчнүүд, дэвшилтэд үзэл санаатай хувьсгалчид оросын хувьсгалчидтай нийлж гадаадын гамин, бароныг хөөж зайлуулсан юм л даа. Тэгээд яахав гэхээр Монгол орон 1924 онд Монгол орон капиталист бус хөгжлийн замаар орж намын 3-р хурал хуралдсан юм. Түүнээс өмнө бол 1924 оны эхээр Бодоо, Чагдаржав гээд анхны ерөнхий сайд Сангийн яамны сайд Чагдаржав нарыг Богдын талд шашны талыг баримталж байна гээд бас хэлмэгдүүлж, оросын коментерний гар хөлийн тусламжтайгаар буудан хороосон юм. Монгол оронд 1924 оноос л хэлмэгдүүлэлт эхэлсэн. Энэ бол ерөнхий сайдаа засгийн газраас гишүүнээс нь яасан буудаж эхэлсэн юм байгаа юм. Тэгээд 1924 оны 11 сарын намын 4-р хурал хуралдаад Монгол улсын капиталист бус хөгжлийн замаар орлоо гэдгийг хурал дээр хуралдуулах үед намын дарга Ардын намын дарга Солийн Данзан гэж хүн байсан. Тэр хүн бол хэлсэн юм болгоныг Оросын үг хэлээр явуулахгүй ээ Монгол улс өөрийн гэсэн хэв маяг, монголын нөхцөлд тохируулсан дүрэм журам, хурлын юугаа батлах хэрэгтэй намын дарга Данзан, Эвлэлийн төв хорооны дарга Баваасан эд анр бол хэлж байсан байгаа юм. Тэр үед бол Чойбалсан дотоод яамны сайд Насанбат эд нар Монголыг ерөөсөө капиталист замаар хөгжүүлэх гэж байна аа Хятадаас их бараа тусламж авч Монголыг Зөвлөлтөөс холдуулах гэлээ Монголыг ганцаардуулах гэж байна олон улсын тавцанд капиталист бус хөгжлийн замаар явуулах гэж байна гээд 1924 онд Шархаданд аваачиж цаазалсан юм. Засгийн газрын дарга бөгөөд Ардын намын дарга Данзан гэдэг хүн эвлэлийн төв хорооны дарга Баваасан гэдэг хүнийг дараа ингэж цаазалж ингэж хэлмэгдүүлэлт шат дараатайгаар 1924 онд явагдаж эхэлсэн. Түүний дараагаас өгсүүлээд 1935-1936 оны үед Монгол оронд сүм хийд, лам нар бол их байсан. Яагаад гэвэл ард түмний ойн ухаанд олон зуун жил хоногшиж тогтсон ийм шашны үзлийг бол зогсоож бол болохгүй байсан. Ардын засгийн газраас удаа дараа арга хэмжээ авсаны дүнд одоо өчнөөн төчнөөн лам эрдүүдийн бараг тал хувь нь хийдэд сууж бэлэн амар хоол унд олж хоол иддэг, шашны ном үзээд нэг ламд зарагдаад, том лам нарын гар хөл болоод тэгээд хөдөлмөр эрхэлдэггүй байсан.

Эрдэнэтуяа -

Эрчүүд үү, Монголын эрчүүд үү?

Цэнд-Аюуш -

Бараг тал нь. 700-аад сүм хийд, 100-аад мянган лам сүм хийдэд шавьлан сууж байсан. Энэ чанараараа нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх улс байхгүй болчихдог, тэгээд дандаа авгай хүүхэн болчихдог тийм болсон. Тэгээд удаа дараагийн арга хэмжээгээр лам нарыг цөөлье өө. Нэг мөс юунд оруулья. Тэгсэн чинь Сталин Коминтернд тийм заавар өгсөн байгаа юм. Танайх тэр үед бол Халх гол орчим манай хил рүү гадаадын харгис хүчин их өнгөлзөж байсан. Хил зөрчиж их орж ирдэг байсан. Тэр үед цэрэг техникийн дутагдалтай, дотоодын боловсон хүчин дутагдалтай тийм байсан үе. Тийм хүнд үе байсан л даа 1930 хэдэн онд. Тэгэхээр Сталин хэлсэн байгаа юм. Танай яагаад лам нараа цөөлөхгүй байгаа юм бэ. Лам ноёдоо яагаад цөөлөхгүй байгаа юм бэ. Танайд тусламж өгөхгүй ээ, танайх хуучин юутайгаа зууралдаад байна гэж Сталин хэлсэн байгаа юм. Тэр үед Гэндэн гэж ерөнхий сайд байсан хазгар Гэндэн гэж тэр Сталинтай хэрэлдэж Сталингийн гансыг нь хугалж хуга цохиж байсан байгаа юм. Монгол улс өөрийнхөө замаар явах ёстой, өөрийнхөө нөхцөл байдалд тохируулж хөгжих ёстой монгол орон Сахалт чөтгөр чиний үгэнд орохгүй Монгол орон гэж хэлж байсан. Тэрний дараахнаар нь бас Гэндэнг албан тушаалаас нь буулгаад Хартелийд амарч байхад нь баривчилаад мөн цаазаар аваачиж байсан. Бас л ерөнхий сайдуудын нэг л дээ. Ингээд Монгол оронд лам нарын их хөдөлгөөн үүсч эхэлсэн. Лам нарын хөдөлгөөн үүсч эхэлсэн, ардын засагт дургүйцсэн багш нь шавиа алдахгүйн тулд лам нарыг хүчээр артелд ажиллуулж эхэлсэн. Энэнээс үүсээд бол монгол оронд бол лам нарын бас эрх ашгийг хамгаалсан эрх чөлөөний хөдөлгөөн үүссэн юм байгаа юм. 1935-1936 оны үед. Тэр үед болохоор яахав гэхээр яагаад тийм хөдөлгөөн үүссэн гэхээр маш их даралт хавчилт, жасын малыг сүм хийдэд чинь бас мал их төвлөрч байсан. Хүмүүсийн өргөл барьцны чинь хөрөнгө байдаг ш дээ. Би нэг үзүүлвэл нэг хонио өгнө, үхрээ өгдөг ч юм уу тэрний маш их хөрөнгө монгол орны хөрөнгийг бараг гуравны нэг байсан. Тэгээд тэригй хурааж байсан.

Эрдэнэтуяа -

Албадлагаар?

Цэнд-Аюуш -

Албадлагаар. Жасын мал гэж байсан. Лам нарыг талыг нь хар болгосон. Артел байгуулаад. Тэгээд том толгой лам нарыг заримыг нь хар болгож эхэлсэн. Тэрнээс лам нарн эрх ашгийг хамгаалах эрх чөлөөний хөдөлгөөн гарсан. Тэрийг бол Зөвлөлтийн тусламжтайгаар цэрэг зэвсгийн хүчээр дарсан. Маш олон лам нар үрэгдсэн. Энгийн ардууд үрэгдсэн. Тэр ч битгий хэл засгийн газрын сайд Содном амь үрэгдсэн. Бас тэр Зөвлөлтийн эмч байсан Нямой гээд хүн буудуулж үхсэн. Ингээд харилцан тэмцэл болж эцсийн эцэст цэрэг зэвсгийн хүчээр, танк онгоцны хүчээр тэр хөдөлгөөнийг дарсан юм. Тэгээд дараагаар нь жинхэнэ лам нарыг хар болгоод тэгээд 1935-1936 он болоод ирнгүүт нь тэргүүний сэхээтэн Англи, Францад явсан, Германд явсан ардын засгийн үед одоо чадал эрдэмтэй өндөр хөгжилтэй орнуудад 100, 100-гаар нь явуулж байсан. Парист явуулж байсан, Берлинд явуулж байсан тэгээд тэр улсууд чинь 1930 хэдэн он гараад ирэнгүүт үндэсний мундаг сэхээтэнгүүд болж өндөр албан тушаал хашиж эхэлсэн л дээ. Тэр үеэс л Маршал Чойбалсан бол өөрөөс нь дээш гарч байгаа юм. Чадал эрдэмтэй улсууд байна, 2-рт оросууд бас дургүйцэж эхэлсэн. Яагаад гэвэл тэр улсууд оросын амыг гаргахгүй, оросууд бол монголыг тэртээ тэргүй далд колон маягаар ашиглаж байсан. Далд колон улс болгочихсон түүхий эдийн хавсрага болгочихсон байсан. Тэгээд үндэсний сэхээтэнгүүд гадаадад боловсроод ирээд эсэргүүцэж эхэлсэн. Тэгээд дээрээс нь оросууд оросын эсрэг бодлого явуулж байна, танайх биеэ даасан бодлого явуулах гэлээ, та нар японтой харицах гэлээ, та нар Америктай холбоо барих гэлээ гээд тэгээд 1937 оны 9-р сарын 10-аас анхны 13 сайдыг цаазалж байсан. Био комбинатын тэнд Сонгино уулын ар дээр 13 сайдыг цаазаар авч байсан. Тэр юу вэ гэхээр Монголын онцлогт тохируулсан өөрийн улсаа хөгжүүлэх гэсэн л зорилготой тийм дэвшилтэд хүмүүсийг тэгж жинхэнэ цуст яргалал 1937 оны 9-р сарын 10-нд эхэлсэн юм. Монгол оронд. Тэрнээс хойш 1990 оны хүртэл тасралтгүй хэлмэгдүүлэлт явагдаад, 1940 оноос хойш бол дандаа цусгүй хэлмэгдүүлэлт явагдсан. Тэр нь юу вэ гэхээр ажилгүй болгодог, цөлдөг, дотоод яамны хяналтанд байнга байлгадаг тэр юу бол 1990 онд хүртэл явагдаж байсан. Энэ хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр бол маш олон жил дарсан. Айдас хүйдэст учруулсан. Оросод бол Кокобэй гээд манайхаар бол дотоод яамны тусламжтайгаар байгуулага болгоны дэргэд сургагч байсан. Өөдөөс нь арайг гайгүй үг хэлсэн нэгнийг нь америк ч юм уу, япон ч юм уу Герман ч юм уу

Эрдэнэтуяа -

Хөрөнгөтэй орны?

Цэнд-Аюуш -

Хөрөнгөтэй орны юугаар явуулж хөгжүүлэх гэснийг нь хөрөнгөтний замаар явуулах гэсэн гээд иймэрхүү маягаар хэлмэгдүүлэлт их байсан. 1990 онд ардчилсан хувьсгал гарсанаар л хэлмэгдүүлэлтийн асуудал арай багассан л даа. 1990 оны ардчилсан хувьсгал гараад хэлмэгдүүлсэн 1940 оноос хойш хүмүүсийг ерөнхийд нь бол цагаатгасан. Шинэ ардчилсан засаг тогтоод төр засгаас тэр олон жилийн тэр нөхөн олговорыг нь олгосон. Байр орон сууц, ажил, үр хүүхдийг нь хүртэл хэлмэгдүүлж байсаныг нь хүртэл эрхийг нь сэргээж ингээд монгол оронд ерөнхий хэлмэгдүүлэлтийн асуудал 1924- 1990 он хүртэл үргэлжилсэн юм. Ерөөсөө монгол орор\нд тасраагүй. Хэлмэгдүүлэлтээр бол монгол хүний 3 айл өрх болгоны нэг өрх бол хэлмэгдүүлтэнд өртсөн. Эний хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр бол Зөвлөлтийн далд колон орон байсан учраас нэг улсын эрхшээл байсан учраас л тэдний санаанд нийлээгүй манай удирдагчидыг хүртэл 5-6 манай ерөнхий сайдыг оросод аваачиж цаазалж байсан. Бүр Монгол улс тусгаар тогтносон 11 сарын 26, 7 сарын 10 гээд Амар гээд дэвшилт үзэлтэй сайд байсан 7 сарын 10-нд хүртэл аваачиж баярын үеэр цаазалж байсан. Яагаад гэвэл бусдыг нь хашраахын тулд. Бусдын сайхан үндэсний дэвшилтэт үзэлтэй хүмүүсийг өөрийн орноо гэсэн үзэл санаа гаргахгүйн тулд ингэж хашраахын тулд ингэж тэгж их цаазалж байсан юм аа. Жирийн ард түмэн ч гэсэн ялгаа байхгүй бас л их холбогдсон доо.

Эрдэнэтуяа -

Танайхаас ер нь хэлмэгдсэн хүн байдаг уу?

Цэнд-Аюуш -

Манай гэрээс бол байхгүй ээ. Манай аав бол лам хүн байсан тэгэхдээ бол эмч хүн байсан мааранба гээд. Тэр үед нь арай түмэн улсын зовлон зүдгүүрийг арилгаж байсан болохоор нь арай гайгүй өнгөрсөн. 1940 оны үед хар болоод малчин байсан.

Эрдэнэтуяа -

өөрөө юу?

Цэнд-Аюуш -

Тийм. Аав маань.

Эрдэнэтуяа -

Цаанаас тушаагаагүй өөрөө л?

Цэнд-Аюуш -

Тийм өөрөө л. Хар болоод сайн санасан хүмүүс бариа заслаа хийгээд л. Тэгж л ажиллаж байсан л даа. Миний ойр хавийн эргэн тойрон, ах дүү төрөл садан зөндөөн хэлмэгдсэн. Голдуу лам нараараа.

Эрдэнэтуяа -

Ямар хэрэг тулгадаг байсан лам нарт? Юу гэж анх барьдаг байсан танай хамаатныг чинь?

Цэнд-Аюуш -

Тэр үед дандаа зохиомол хэргүүд. Нэг том цорж хийдийн том ламыг аваад бариад хорилоо. Тэгээд яасан гэхээр ардын засгийг устгана, далай лам, Ванчин богдоос цэрэг зэвсгийн тусламж авна, ардын засаг лам нарт дургүй, хэтэрхий зөвлөлтийн талыг баримталсан монгол оронд хэтэрхий нэг талыг барьсан тийм бодлого, монгол хүнийг өөрийн бодолгүй болгож нэг улсын эрхшээлд оруулах гэлээ гэсэн дэвшилт үзэлтэй лам нар байсан байна л даа. Тэд нарын юугаар л одоо жишээ нь би нэг том толгой лам байлаа гэхэд миний шавь түүний шавь улсууд байна л даа. Миний шавь түүний шавь сайн номтой улсууд байсан гэвэл том ламын хамсаатан гээд тэгж их барьдаг байсан байгаа юм. тэгээд нэг гэрт л хэдэн зуугаар нь хориод л шарх сорви тэр дотроо дарагдаж үхэж байсан байгаа юм. томчуудыг нь болохоор Чойбалсангийн тушаалаар дотоод яамнаас, зөвлөлтийн Яжов гээд дотоод яамнаас төлөөлөгч тэд нар тусгайд нь хойноос нэрсийн жагсаалт авчирч маршалд өгөөд тэдний юугаар ороод тэнд нь засгийн газрын гишүүн, улсын бага хурлын гишүүн, ерөнхий сайд байсан, улсын прокурор, том том цэргийн эрхтнүүд том цэргийн генералуудтай тэнцэхүйц тушаалтнуудыг тэгж л барьдаг байсан. Үнэн чанартаа жирийн ард түмэн одоо тэрийг яагаад бариад байсаныг ард түмэн ойлгоогүй.

Эрдэнэтуяа -

Тэр үедээ юү?

Цэнд-Аюуш -

Тэр үедээ. Одоо энэ чинь маршал Дэмид баригджээ. Маршал Дэмид хойно 1937 оны 6-р сард хойно Сталины хуралд дуудагдсан юм уу даа тэгээд хажууд нь Рэнцэнхорлоо маршал Дэмидийн орлогч цэргийн жанжины орлогчийн хамт хойшоо авгайгаа дагуулаад Навчаа гээд хойшоо явж байгаад Эркүтск өнгөрөөд Тайгга гэдэг өртөө дээр маршалыг алсан байгаа юм. Яаж алсан гэхээр тэндээ тусгай нууц ажилтнууд ирээд вагонд нь алсан. Гэхдээ ард түмэнд бол консеровны хордлогоор үхсэн, маршал консеровны хордлогоор үхлээ гээд нэр сүртэй оршуулсан байгаа юм. маршал Дэмидийг чинь. 2 сарын дараагаар Дэмид чинь хувьсгалын эсэргүү байжээ. Японтой холбоотой байжээ эндээс бөмбөг зүүгээд Улаанбаатарт 2, бөмбөг хаяад Япон руу онгоцоор маршал Дэмид зугтаах гэж байжээ гээд хэрэг зүүгээд эсэргүү болгосон. Тэр бол шууд л Зөвлөлтийн гар хөл оролцсон тийм л юугаар юу яаж байсан. Яагаад маршал Чойбалсан анх хувьсгал хийхэд 13 хүн, 7 хүн гээд сүүлд нь цөмөөрөө маршалын гараар орж нас барсан ш дээ. Яагаад гэвэл Зөвлөлтийн түлхэсээр, Коминтерний нууц даалгавараар. Эцсийн эцэст маршал Чойлбалсан ард түмэн арай сэхээрэхтэйгээ болоод эргээд маршалыгаа буруутгаж эхэлж байгаа байхгүй юу. Маршал бол өөрөөсөө өөдтэй улсыг бол байлгахгүй, дэвшилтэд сэхээтнүүдийг устгаад өөрөө ганцаараа ноёлох гэсэн тийм бодлоготой гэж ард түмэн бол ерөнхийдөө тийм ойлголттой бол эхэлсэн. Маршал Чойбалсан үнэндээ Монголын тусгаар тогтнолыг Чойбалсан авч үлдэх нь авч үлдсэн. Маш олон хүний амиар хүний төлөөсөнд л маршал Чойбалсан Монголын тусгаар тогтнолыг авч үлдсэн. өөрөө буруудсан өөрөө Оросод очиж бөөр муудсан гэдэг юугаар Оросод очиж алуулсан.

Эрдэнэтуяа -

Чойбалсан өөрөө юу?

Цэнд-Аюуш -

Чойбалсанг. 1953 онд. Аливаа хэлмэгдүүлэлт юу гэдэг чинь заавал гэрчээ устгадаг байхгүй юу. Маршал Чойбалсан их юм мэдэж байсан учраас Оросууд бол устгахаас өөр аргагүй болсон. Оросод бөөр нь муудлаа гэдэг юугаар аваачиж устгасан.

Эрдэнэтуяа -

Эмчлэх гэж аваачаад?

Цэнд-Аюуш -

Тийм эмчлэх гэж аваачаад. Амар энд устгаж чадахгүй тэгээд ард түмний хөдөлгөөнөөс айж байхгүй юу. Орос тэгээд өөрийнхөө дотоод яамны эмнэлэгт аваачаад. Тэгээд дараагаас нь 1940-өөд оноос Цэдэнбал монголын тэрүүлэх удирдагч Оросод боловсрол эзэмшсэн. Цэдэнбал, Ширэндэв удирдагч Дам гээд удирдагчид гарч ирсэн л дээ. Мөн тэрнээс хойш маршал Чойбалсан мөн л ялгаа байхгүй маршал Чойбалсан 80% байгаад, Цэдэнбал 50% зөвлөлтийн хараат удирдагчидийн захиа даалгаврыг биелүүлж бас л цусгүй мөртлөө хэлмэгдүүлэт явуулж байсан. Зөвлөтийн эсрэг юм ярьсан, хөрөнгөтний замыг сонгох гэсэн юугаар Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарыг намын эсрэг юм ярьсан гэдэг юугаар басл боловсролтой сэхээтэн, эрдэмтэн, баатар хүмсүүдийг өвлийн хүйтэнд эзгүй хөдөө газар цөлж гэр орныг нүүлгэж тэгж цөлж байсан. Энэ бол 1940-өөд оноос цусгүй хэлмэгдүүлэлт эхэлсэн. Үнэндээ бол 1990 он хүртэл үргэлжилсэн.

Эрдэнэтуяа -

Ард түмэн тэгээд тэр үед бослого ч юм уу, ямар нэгэн эсэргүүцэл гаргаагүй юу?

Цэнд-Аюуш -

Гаргаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цэнд-Аюуш -

Тэр гарсан юу нь бол 1930 хэдэн онд лам нарын л бослого гарсан. Тэрнээс хойш ард түмэн нэгдсэл зохион байгуулалтанд орж чадаагүй юм нэгдүгээрт. Хоёрдугаарт тэрийг удирдаад босчихдог удирдагч хараахан гараагүй байхгүй юу. Энд тэнд энд тэнд ганц нэгээрээ л юм ярьдаг тэрийг нь барьж аваад шоронд хийгээд л, эсвэл нутаг заагаад явуулдаг. Жишээ нь Төв хорооны нарийн бичиг байсан хүнийг хөдөө бригадын тоо бүртгэгч ч юм уу, эсвэл музейн эрхлэгчээр явуулдаг ч юм уу тиймэрхүү юмаар их явуулдаг байсан. 1960 хэдэн онд Чингис хааны 800 жилийн ой гэдэг монгол оронд тэмдэглэн өнгөрүүлья гэж ярьсан мөртлөө Чингисийн хөшөөг нь Хэнтий аймгийн Дадал суманд 3 нуурын ам Дэлүүн болдогт Төв хорооны нарийн бичгийн дарга Төмөр-Очир гэдэг хүн тогтоол гаргаад тэгээд тэнд хөшөөг нь босгоод марк гаргаад сурталчилгаа явуулж байсан чинь 2 сарын дараагаар үндэсний үзэл гаргалаа, Чингисийг шүтлээ их гүрний дээрэнгүй үзэл гаргах гэлээ гээд тэгээд Төмөр-Очирыг чинь тушаалаас нь шууд Дархан хотод дотоод яамны хяналтан доор мужаан хийлгэж байсан. Тэрний хоморгонд өчнөөн төчнөөн улс дагалдаж хэлмэгдсэн.

Мөн тэгээд 1962 онд Лоохууз, Нямбуу, Сурмаажав нар ЗХУ-ын Комунист намын дээд сургуульд сурцгааж байсан одоо одоогийнхоор бол сайд эрхтэй ажил хийж байсан улсууд л даа. Тэд нар яах вэ гэхээр манай нам бол хэтэрхий нэг талыг барьж байна Зөвлөлтийн бүх удирдагчидийн арын хаалтан дор, нүдний харцаар, гарын дохиогоор хөдөлж байна аа монгол өөрийн гэсэн бодлоготой, капитализмын бус замыг сонгосон гээд ярьсан. Тэгээд Удирдагч Цэдэнбал бол орос авгайгаа жил болгон хар далайд амруулдаг маш их вагон вагоноор бэлэг авч явдаг, Монголын хөрөнгийг хойш нь зөөж байна тэгээд тэр 3 хүн бол одоо намын хурал дээр хэлээд тэгээд дор нь хэрэгтэн болгоод яасан.

Тэгээд одоо нэг л хүн амьд байгаа. Лоохууз гэдэг хүн байсан ардчилалын үед их хурлын орлогч дарга байлаа. Ардчилсан засаг гарч бүх юуг л эхлүүлсэн л дээ. Одоо өндөр настай хүн байдаг. Ер нь бол хэлмэгдүүлэлтийн тухай яриад бол дуусашгүй. өнөөдрийн өдрийг хүртэл хэлмэгдсэн улсуудын ар гэр төрөөс нөхөн олговороо авч чадахгүй л сууж байна ш дээ. 2 удаа 3 удаа сунгалаа ш дээ. Одоо бас ноднин сунгасан. Одоо тэгээд хүүхдийн хүүхэд тэрний хүүхэд гээд, ах дүүсээр нь яасан.

Эрдэнэтуяа -

Нэг сая төгрөг өгөөд байсан тийм ээ?

Цэнд-Аюуш -

Нэг сая төгрөг өгсөн.

Эрдэнэтуяа -

1990 хэдэн онд сая төгрөг их л мөнгө байсан байх л даа одоо бол сая төгрөг мөнгө биш болчихлоо?

Цэнд-Аюуш -

Тийм. Тэр ч тэгээд одоо 6-7 эмэгтэйг буудаж алсан ш дээ. Жирэмсэн байхад хүртэл маршал Дэмид жанжины авгай Навчаа гээд хүүхнийг жирэмсэн байхад нь буудаж алж байсан. Дэмидийн хамсаатан гээд. Тэр Хэнтий аймгийн Дунгаржид гээд сайн багийн дарга эмэгтэй, хойно зөвлөлтөд сургууль төгссөн тэр хүнийг хүртэл бас жирэмсэн байхад нь хүртэл буудаж алсан. Имй хэлмэгдүүлэлтийн асуудал бол их. Дандаа зохиомол Японтой холбоотой, Ванчин богд далай ламтай холбоотой, тэгээд Америк хөрөнгөтөн оронууд тай нийлж монголыг хөрөнгөтний замаар явуулах гэсэн гээд ийм хэлмэгдүүлэлт бол маш их байсан. Энэний тухай өнөөдрийг хүртэл айдас хүйдэстэй ярьдаггүй юм. хэлмэгдэж байсан ч ярьж чаддаггүй юм. яагаад гэвэл аймшигт их яргалал байсан. Яргалал байсан учраас миний эцэг лам байсан бол түүний хүүхэд 3 үеэрээ дууссан байгаа юм. устгасан.

Эрдэнэтуяа -

Одоо жишээ нь 1960 хэдэн онд ч билүү Чойбалсангийн үед ингээд өнгөрчихдөг юм байж Цэдэнбал даргын үед байсан хүмүүс ерөөсөө яагаад тэр эх орныхоо өөр замаар явах тэр юуг дэмждэггүй байсан юм бэ?

Цэнд-Аюуш -

Тэр бол яахав гэхээр намын дээд сургууль дээр ч гэсэн ярьж л байсан, их сургууль дээр оюутнууд дэвшилтэт сэхээтнүүд хоорондоо ярьж л байсан байгаа юм. гэтэл тэрийг чинь хүлээж аваад яах ард түмний хар масс гэж байдаг байхгүй юу. Ард түмэн гэдэг чинь хар масс тэрийг ойлгож авах хэмжээний хүмсүүдийн ухамсарт сэнхрэх хөрс байгаагүй юм. хөрс суугаагүй юм. өө манай Лоохууз ингээд хэлчихлээ зөв Цэдэнбалын буруу гээд зэрэг хусдаг юм байгаагүй. Тэр он удаан жил түрүү түрүүчийн хэлмэгдүүлэлт ах дүү төрөл саднаар нь яасан учраас айдас хүйдсийн тийм хар мананд байсан байхгүй юу. Тийм байсан учраас хүмсүүд ахиж хэлмэгдэхээс айгаад ард түмэн гэдэг айдас хүйдэстэй байсан. Түрүү түрүүнд нь бөөн бөөнөөр нь буудаж алж байсан Шар хаданд буудаж байсан. Лам нарыг гэхэд хэдэн зуугаар нь нэр усгүй аваачиж буудаж байсан хамбын овооноос 200-300 хүний хохимой толгой гарсан. Тийм учраас ард түмэн айгаад дэмжиж чаддаггүй дэмжвэл нөгөө хүнийг дарамтлана. Нутаг заагдаад шоронд орж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Лам нарыг тийм өршөөх юм байгаагүй юм уу? Зарим лам нар нь амьд үлдсэн байх юм зарим нь ямар нь үхээд, ямар нь амьд үлдэж байсан юм?

Цэнд-Аюуш -

Лам нар бол зарим нь ийм байсан юм. гавжаас дээш лам нарыг бол дунд тушаалын лам хүртэл бүгдийг буудсан.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм?

Цэнд-Аюуш -

Тэр нь бол яахав нөгөө лам нарын өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан эрх чөлөөний хөдөлгөөн гарсан ш дээ. 8-9 газар Увс, Хөвсгөл, Архангай, Завхан гэх мэтчилэн 5-6 аймагт 9-10 газарт тэр хөдөлгөөн гарсан юм. бослого. Энэ яахав гэхээр хамтралын дарга, намын дарга, хоршоон даргаа алаад л эд хөрөнгийг нь сүйтгээд лам нар чинь анхан тэгж гарч ирсэн юм. ардын засгийг устгана, манай шашинг устгана гэлээ гэсэн. Тэрнээс болоод олон жил уламжлагдаад лам нарыг дундаас дээш тушаалын лам нарыг бол устгасан юм. Дундаас доош гэхээр одоо шавь нарч байдаг юм уу магадгүй лам нарын чинь цай хоолыг бэлдэж өгдөг гал тогооны хүмсүүд байгаа ш дээ гал тогоо, малыг нь хариулдаг хөдөө улс хөдөө байгаа эд нар бол арай бага тушаалын тушаал биелүүлдэггүй улсууд байсан байхгүй юу. Тэр улсууд бол хэлмэгдүүлэлтэнд арай өртөөгүй өнгөрсөн. Зарим нь ч 10-н жил аваад өнгөрсөн байх. Зарим бол хар болоод л, хар болж байсан бол өршөөж байсан. Артел гээд оёдлыг үйлдвэр байгуулсан. Тэрэнд ламын шавь нар байсан улсуудыг чинь артелд ажлуулаад хар болоод хар болохгүй багшийгаа дагасан нь бас хэлмэгдүүлэлтэнд өртөөд алуулдаггүй юм аа гэхэд 10-н жил аваад явж байсан албадан хөдөлмөр.

Эрдэнэтуяа -

Одоо тэр алдгийг нь алчихлаа 10-н жил авсан ер нь доошоо авах уу? 10-э жилээс доош?

Цэнд-Аюуш -

Ер нь бараг авахгүй дээ.

Эрдэнэтуяа -

10-н жил аваад шоронд орсон хүмүүс за юу амьд гарах магадлал хэр байсан бэ?

Цэнд-Аюуш -

Тэр улсууд байна ш дээ лам нарын юунаас 10-н жил авсан хүмүүс зарим нь яс 10-н жилээ хааж байсан. Зарим нь бас ингээд хөдөлмөрийн урамшил саашаалаар, дээр нам засаг төрийн бодлогоор үнэхээр бид алдаагаа ухамсарлалаа багшийнхаа үгэнд орж буруу замаар явж байжээ гэсэн юу эд нар бол 50% хөнгөрдөг л байсан байх. Ер нь ихэнхидээ л бол 10 жилээ эдэлдэг байсан. Тэр юугаар маш олон хүнээр албадан хөдөлмөр хийлгэсэн.

Эрдэнэтуяа -

Гарч ирсэнийх нь дараа ажил хийхэд олдох уу ямар амьдралаар амьдарч байсан бэ?

Цэнд-Аюуш -

Ихэнхи тохиолдолд бол малчин болж байсан байх. Хоршооллын хөдөлгөөн тэр үед үүсч байсан юм. Артел гэхээр бөөнөөрөө нийлж юм оёдог, малын үс ноосыг яаж эсгий хийдэг эсгий гутал хийдэг, цэргүүдийн ахуй хангамжийг бэлдэж өгдөг, цэргийн хувцасыг оёдог, барилгын салбарт барилга барих шаардлага их гарна ш дээ. Тэрэнд ажилд ордог. Үйлдвэр комбинат гээд монголд шинээр аж үйлдвэрийн залуу үеийг аж үйлдвэрийн комбинатад ажиллуулж байсан байгаа юм. тэгээд төмөр зам үүсч байсан төмөр замд ажиллуулж байсан байгаа юм. тэгэхдээ л нам төр засгаас хамаарсан чухал албан тушаалд ажиллуулж байгаагүй. Зүгээр тийм хар ажлыг л

Эрдэнэтуяа -

Удирдлагын албан тушаалд ерөнхийдөө байхгүй?

Цэнд-Аюуш -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Эсэргүү гэмт хэрэгтэн гээд?

Цэнд-Аюуш -

Тийм эсргүү гэдэг нэрээрээ л явж байгаа ш дээ. Эсэргүү лам нарын, эсвэл хувьсгалын эсэргүү гэсэн тэр нэр цол пайз бол ерөөсөө Монголд 1924 оноос 1990 он хүртэл үргэлжилсэн гэж боддог. Эсэргүү дээхнэ үедээ бол хувьсгалын эсэргүү байлаа дараа нь үндэсний үзэлтэн гэдэг байлаа дараа нь намын эсрэг төрийн эсрэг тийм юу байлаа дараа нь нэгдэлжих хөдөлгөөний эсрэг хувийн хөрөнгөтөн болох гэлээ, одоо малаа нийгэмчилсэнгүй гээд тийм байлаа. Маршал Чойбалсан дааж давшгүй албан татвар авдаг дарамттай, тэр албан татварыг төлөөгүй бол малчидыг шууд шоронд хоридог байсан. Жишээ нь 3 тэмээтэй хүнд 10 кг мах, 20 кг мах оногдуулдаг байсан байгаа юм. гуравхан тэмээтэй айлд 10 кг мах өг тэгээд тэр хүн чинь 3 тэмээгээ алалтай нь биш хонгоноос нь авч өгөлтэй нь биш тэгээд тэрийг төлөхгүй болохгүй бол шоронд ордог байсан. Хонь малтай айлууд бол 50 кг ноос тушаа гээд тэгээд ноосоо өгөхгүй бол ноос дутаасан гээд л шоронд хоридог. Тэр битгий хэл өмсөж байсан дээлнийхээ үсийг хүртэл хайчилж өгч байсан. Нөгөө талаар эдийн засгйин албан татварын дарамтны үүднээс хэлмэгдүүлэлт гарч ирж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо 1000 малтай байлаа, 100 малтай айл байлаа ижилхэн татвар ноогдуулах уу, мал малынх нь тоонд тусгай ноогдуулах уу, 1000, 100, 3 малтай айл байлаа яг адил татвар ноогдуулдаг юм уу, малд нь тааруулж ноогдуулах уу?

Цэнд-Аюуш -

Ер нь бол яахав малд л тааруулж л байсан л даа. Тэгэхдээ хүнд хүчир давагдашгүй.

Эрдэнэтуяа -

Бодит биш?

Цэнд-Аюуш -

Бодит биш. Жишээ 10 малтай 10 хоньтой айл байлаа. Магадгүй нэг хониноос нэг кг ноос гардаг байж болно 10 хонь 30 кг ноос гарна тийм ээ. Гэтэл 40 кг-ийг тушаа гээд илүү хүнд хүчир албан татвар ноогдуулж байсан. Тэгэхээр чинь тэрийг яах юм хаанаас олох юм тэрийг тэр хүн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу зээлдэг мөнгө төгрөгөөр авдаг нөгөө албан татвараа төлөхгүй бол тэгээд ялтан болдог. Шоронд шууд суулгана.

Эрдэнэтуяа -

Улсын даалгаврыг биелүүлээгүй гээд?

Цэнд-Аюуш -

Биелүүлээгүй тийм. Төлөвлөгөө гээд том юм байна 5, 5 жилээр нь өгдөг тэр төлөвлөгөө бол маш хүнд байсан. Ард түмний нуруу дээр дааж давшгүй ачаа болж байсан байгаа юм. тэрнээс болж хүмүүс мал маллах бол үнэхээр хэцүү юм малаа зараад, малаасаа уйдаад татварыг нь дийлэхгүй болоод маш олон хүн малгүй хот орон бараадаж одоогийн хэлээр бол ядуучуудын эгнээнд орж байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр жил болгон ноогдуулах уу?

Цэнд-Аюуш -

Жил болгон.

Эрдэнэтуяа -

Тэр айлууд тэгээд яаж малаасаа холдож байна? Татвараас болоод малаа зараад хот орох эрх байгаа юу?

Цэнд-Аюуш -

Аа бас тэр болгон байхгүй. Тэр үед чинь хүн нэг суугаа газраасаа өөр газар онцын шаардлагагүй, онцгой шалтгаангүй бол шилжин сууришхыг хориглосон байсан.

Эрдэнэтуяа -

Ямар учраас?

Цэнд-Аюуш -

Тэр бол яахав гэхээр ийм байсан. Тэр шилжилт хөдөлгөөн юм уу, дур зоргоороо аймаг хот орон хэсээд ингээд явхаар чинь нөгөө мал аж ахуй дээр ажиллах хүн чинь олдохгүй болчихгүй юу. Үйлдвэр аж ахуйн газар ажиллах хүн олдохгүй болчихоно. Хүн ингээд дур зоргоороо ингээд хэсээд яваад байх юм бол. Нэг бодлын хүнийг тогтвор сууршилтай ажиллах тэр талдаа байсан юм болов уу гэдэг юу байсан байгаа юм л даа. Тэр чанараа бол цаагуураа бол хүний хөгжилтөнд бол их муугаар нөлөөлсөн. Нутаг орноос гарахгүй, цус их ойртдог, хүн амд цус их ойртсоноос хүн амын хөгжил доройтож хүн амын өсөлт зогсдог. Одоо бол Үндсэн хуулиар олгогдсон сурах газраа сонгоно, хаана ч амьдрах эрхтэй болсон ш дээ. Тэр чинь хамаагүй болсон. Тийм байсан учраас бол тийм тийм юм их шалтгаалдаг байсан байхгүй юу. Шилжих хөдөлгөөн хийгддэггүй, аа тэгээд хөдөөнөөс малаа зараад ороод ирдэг хотод суурших эрх өгдөггүй нутаг орноосоо дайжиж ирсэн гээд буцаж ачдаг байсан. Одоо тэгээд л жилийн жилд л компанит ажил явуулдаг Завхан аймгаас хороо хориноор яваад Завхан аймгаас шилжүүлэггүй ирсэн хэдэн хүн байна нутаг оронд нь шууд ачиж явуул. Гээд л ачидаг байсан ш дээ. Жилийн жилд.

Нэгдэлжих хөдөлгөөн 1960 хэдэн оноос үргэлжилээд л 1970 хэдэн он хүртэл үргэлжилсэн. Хөдөө рүү малчид руу ачдаг.

Эрдэнэтуяа -

Ард түмэн хэлмэгдүүэлтийн талаар 1930, 1940, 1950, 1960 хэдэн оны үед юу гэж ярьдаг байсан. Юу гэж хүлээж авдаг байсан.

Цэнд-Аюуш -

Тэр үед ярьхдаа бол олон дотор янз бүрийн бодолтой хүн байна. Цэдэнбал дарга гэхэд л жил болгон авгайгаа Хар далайд аваачиж амраагаад их хэмжээний бэлэг авч явдаг за яахав авч явдагын байж савхин дээл, хром ачаад л явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Хэнд?

Цэнд-Аюуш -

Хойш нь зөвлөлтийн том дарга нарт л. Дарга нарын авгай хүүхдэд л өгөхгүй юу. Энэ чинь бас буруу байсан шүү. өөр хоорондоо л ярьдаг байсан. Намын хурал, олон түмний дунд ил яьдаггүй байсан. Тэгж ярьвал нөгөө хэдийг нь буруутгах гээд арга механизм нь төр засагт байж л байна өө энэ чинь эрүүл бус юм ярьлаа ард түмний дунд буруу суртал ухуулга явууллаа гэдэг намын талаас ч тэр хуультайгаа хамт хэлмэгдүүлэлтийн механизм нь байж л байсан байхгүй.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлт ер нь нууцаар явагддаг байсан уу?

Цэнд-Аюуш -

Их нууцаар явагдахгүй дээ. Ер нь ам дамжсан юунаас болж л их хэлмэгддэг байсан. Тэр дотор чинь нөгөө том дарга нар юм уу, үзэл суртлын байгууллагын мэдээлэгч нар их байсан байхгүй юу. Бууны нохой нар их байсан байгаа юм. би жишээ нь 1960 хэдэн он гэхэд нэг хувийн машин аваад уначихлаа, хуучирсан муудчихсан машин байхгүй юу. Тэгтэл тэр үеийн цалин бол их л бага л 1000 л байсан байхгүй юу. За энэ Дорж хувийн машинтай болчилоо энэ ямар хөрөнгөө ямар мөнгөөр энэ машиныг авчихваа, улсын мөнгөнөөс авчихсан уу яав энэ ерөөсөө баян хөрөнгөтөн болоод мөнгө төгрөг хаанаас олов тэгээд л мөрдлөг яваад л тэгээд нөгөө хүн очиж байцаагдаад, тэгээд л долоон булчирхайгаа тоочоод л аягүй л бол машиныг нь хурааж авах жишээтэй гэх жишээтэй арга хэмжээнд орно. Тийм л байсан ш дээ. Ерөөсөө л тийм байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь үндэс угсаа, манайхаар бол ястан тийм юмыг үндэслэж хэлмэгдүүлэлт явдаг байсан уу?

Цэнд-Аюуш -

Байсан. Жишээ нь Буриадууд энэ бол амьд түүх. Буриадууд бол яахав гэхээр Сталин бол Чойбалсанд хэлсэн байгаа юм. ерөөсөө танайд бол буриадууд их байна аа. Энэ буриадууд бол ихэнхи тохиолдолд хойд Эрээнцав, Сэлэнгээр орж ирсэн байгаа юм. тэд нар яагаад орж ирсэн гэхээр цаана Оросод маш их хэлмэгдүүлэлт гарсан. Яагаад гэхээр бас хэд хэдэн дэвшилтэт сэхээтнүүд байсан байна л даа. Тэр юу вэ гэхээр Цагаантан гэж байсан байхгүй юу. Алс дорнодоор зөвлөлт засгийн эсрэг тэмцэж

Эрдэнэтуяа -

Хаант засгийн?

Цэнд-Аюуш -

Тийм хаант засгийн үеийн. Тэрний үр сад чинь ав ээж ах дүү нар нь тэнд алуулангуут нь үр хүүхэд нь арга буюу амьдрах нөхцөл олох гэж дүрвэж орж ирнэ биздээ. Их олноор Сэлэнгээр, Дорнод хоёроор орж ирсэн манайд. Аа тэгж орж ирээд яахав дээ уулын ар дээр модон байшин бариад амьдрал ахуйгаа залгуулаад байж байсан байхгүй юу. Монголын засгийн газраас ч гэсэн газар гуйгаад өгөөд тэгж байтал Сталин хэлсэн байгаа юм. энэ буриадуудыг устга аа цаадуул чинь Оросоос оргож ирсэн цагаантнуудын үлдэгдэл байгаа юм аа. Эд нарыгаа устга аа устгахгүй бол болохгүй ээ. Та нарт гай болно гэсэн. Тэгэнгүүт нь л Чойбалсан юу гаргаад л цагаантны үлдэгдэлүүд, оргодол цагаантнууд Монголд орж ирсэн гээд буриадуудыг маш их устгасан. Нэг өрх айлын ерөөсөө 5 өрх айлын 5-н тэргүүлэгчийг нь аваад явсан. Тэгээд тэндээс ганц нь 10 жил заагдаж үлдээд бусад нь цаазаар авхуулж байгаа юм. тэгж их цаазалсан. Хэнтий, Дорнодод маш их буриадуудыг алсан.

Эрдэнэтуяа -

Тэд нарыг Монголд ямар үндэслэлээр цаазалж байв? Оросод ч яахав, цагаантны үлдэгдэл гэдэг үндэслэлээр тэгж байсан байх?

Цэнд-Аюуш -

Үгүй яахав, тэр дээрээс дарамттай байхгүй юу, зөвлөлтийн тэр коминтернээс л, одоо энэ зугатаж гарсан цагаантны үр сад, энэнийг устга, энэ чинь одоо танай засгийн эсрэг янз бүрийн бодлого явуулна, тийм учраас эднүүсийг устгах хэрэгтэй, энийг устгахгүй бол тусламж өгөхгүй, зээл өгөхгүй, ерөөсөө тийм л явуулга

Эрдэнэтуяа -

Эдийн засгаар нь боодог?

Цэнд-Аюуш -

Тийм, тэгээд эцсийн эцэст хүний аминд хүрч байгаа байхгүй юу, одоо энэ буриадууд бол их зовлон амссан даа, бас л, тэр нэг хоёр үеэрээ л, тэр эцэг нь, хүү нь хоёр бол дуугүй цааз, тэрний хүүхэд, түүний хүүхэд бол арай гайгүй байх, тэгдэг л юм байна лээ

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдийг хэр хэлмэгдүүлж байв? Одоо жишээлбэл буриадудын бага насны хүүхдүүд, лам нарын хүүхдүүд, лам нар ч их үхэж байсан байх?

Цэнд-Аюуш -

өөн тийм, тэд нарыг чинь одоо боловсрол, ажиллах тэр юугаар нь хэлмэгдүүлдэг байхгүй юу жишээ нь боловсрол олгодоггүй, сургуульд байж байтал эсэргүүний хүүхэд гээд, магадгүй бүр 10 төгсөөд хойшоо гадаадад сургуульд явах гэхээр явуулахгүй. Эсэргүүний хүүхэд битгий явуул тэгээд л арга буюу хар ажил хийгээд л нийгмийн хар хардах юунаас л ялгаварлан гадуурхаж байсан. Ер нь хэлмэгдүүлэлт 1990 онд хүртэл үргэлжилсэн. 1924 оноос 1990 он хүртэл үргэлжилсэн. Тэгээд ард түмэн айдаг болсон байхгүй юу. Эсвэл засаг төрөөс айдаг, дарга цэргээсээ айдаг буруу шийдэл байсан ч үгүй гээд л чи нам засгийн бодлого биелүүлсэнгүй чи эсэргүү болох гээ юу ерөөсөө ард түмний харанхуй л байлгасан л байхгүй юу. Харанхуй оюун ухаанд нь гэрэл гэгээ оруулахгүй л сэтгэл санааны дарамтад л 2, 3, 4 үеэр нь л байлгасан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр одоо буриадууд, лам нар, дээд албан тушаалтнуудаас гадна энгийн ард түмнээс хэлмэгдсэн хүн хэлмэгдсэн хүмүүс байдаг уу?

Цэнд-Аюуш -

Хэлмэгдсэн үү

Эрдэнэтуяа -

Аанхаа. Хэлмэгдсэн бол ямар улсууд уу?

Цэнд-Аюуш -

Тэр улсууд бол яах уу гэхээр одоо дээхэн үед яахав дээ лам нарыг бариад явж байтал машин тэрэгтэй явж байтал нэг лам нь оргочихгүй юу замд. Тэгтэл нөгөө 20 хүн тушаах ёстой байхгүй юу барьсан дотоод яамны 2 төлөөлөгч нь 19 болчихдог байхгүй юу. Тэгэнгүүт хээр хонь хариулж явсан малчин аваачаад хүлээд машинд суулгачихдаг. Тийм юм маш их байсан байгаа явдал юм хүний тоо гүйцээхгээд. Тийм явдлаар гадуур бас их хэлмэгдэж байсан хаа хамаагүй улсууд. Аа тэгээд нэгдэлжих хөдөлгөөнөөр хэлмэгдэж байсан л даа. Нэгдэлжих хөдөлгөөнд яах уу гэхээр нэгдэлд орохгүй гэдэг юугаар хэлмэгдэж байсан. Би нэгдэлд орохгүй. 1930 хэдэн онд чёинь хамтрал комун гэж байгуулсан юм.

Эрдэнэтуяа -

1932 онд гэдэг байхаа

Цэнд-Аюуш -

1932 онд хамтрал комун байгуулаад Баруунтан Зүүнтэн гээд манайхан чинь хуваагдчихсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

За. Юугаараа ялгаад хуваагдчихсан юм?

Цэнд-Аюуш -

Аан Баруунтан гэдэг нь бол Зөвлөлтийн хамтралжих хөдөлгөөн юуг нийгэм журмуудыг дагадаг, Зүүнтэн гэдэг нь бол өөрийнхөөрөө малчин ардууд өөр өөрийгөө тэжээж хөгжих ёстой гээд ийм хоёр бодлого байсан байхгүй юу. Баруунтан гэдэгнь нийлэхэрээ 1930 хэдэн онд чинь хамтрал комун байгуулаад ерөөсөө миний малыг аваачаад тэр нэг газар бөөгнүүлээд 10 айлын малыг бөөгнүүлээд 5-6 хүн аваачиж тавиад л тэгээд маллуулж байсан. Гэтэл нэг өдөр тэд тэрнээс чинь дур зоргоороо нөгөө улсуд алж идээд л зарж үрээд л. Тэгээд хүний сайхан буянтай зүйлийг алга хийж байсан байхгүй. Тэр чинь болохгүй юм болоод л болохгүйнээ гээд эргээд тараачихсан байхгүй юу. Тэр чинь тэрэн шигээ боло вий гээд 1959 онд энэ нэгдэлжих хөдөлгөөнд ард түмэн малаа нийгэмчилэх дургүй байсан байхгүйы юу. Эргээд яг тэрэн шиг юм болноо юу юу ч үгүй болно. Тэрнээс болж улсууд нэгдэлжих хөдөлгөөнд орохгүй гэж бас их буруудаж байсан. Яг шууд аваачиж хийчийхээгүй ч гэсэн ер нь цаагуур нь их хавчиж байсан хийж ч байсан. Одоо тогтмол 1,2,3,4, айл нэгдэлд орохгүй хэзээ хойно 1960, 1970 оныг хүртэл байсан л даа. Орсон нь яахав гэхээр нийгэм журам нэгдлийн мал маллаад өөрийн бас нэг яахав тоотой 5 хонь, 2 ямаа, 1 морь, 1 тугалтай үнээ байдаг. Тэрнээс илүү өсгөж болохгүй илүү өсгөвөл нөгөө айхтар албан татвар гээд л хураагаад л явчихдаг л байсан байхгүй юу. Тэр нь юу гэхээр бол хамгийн хэцүү нь юу вэ гэхээр мал маллаж байсан хүн бол магадгүй авгай төрөх гэдэг гэтэл сумын төвөөсөө 100 гаруй км хол уулын мухарт маллаж байна ш дээ тэгээд Монголчууд эртний заншил ёсоор төрсөн хүнд шинэ шөл уулгадаг тэгтэл тэр төрсөн байхад нь 100-аад км давхиж ирж байж сумын даргасаа ганц төлөгний зөвшөөрөл авдаг байсан. Тийм эрх мэдэлгүйгээр нэгдлийн малыг маллах зарц болгосон байгаа юм. толгой мэдэл байхгүй. Тэр талаараа мал маллах дургүй болсон байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь улс хэлмэгдүүлэлтийн талаар тайлбар хийдэг байсан уу?

Цэнд-Аюуш -

Тэрийг тайлбарлахдаа бол ерөөсөө л намын үүднээс улс орны хөгжилд буруу зөрүү юм ярьж байна гэсэн утгаар л тайлбарлаж байсан. Тэр үед нэг намын тогтолцоотой байсан тэр нам нь хойно зөвлөлтийн ганц намын тушаал зааврыг биелүүлдэг, дохио зангаагаар ажилдаг тэрний юугаар л буруутгадаг, хуулиндаа ч гэсэн тэгээд заачихсан, намын юу зөрчсөн гэдэг юугаар, намын даалгавар улсын төлөвлөгөө биелүүлээгүй гээд л хууль нь хүртэл тийм юм орсон байсан.

Эрдэнэтуяа -

Танай хамаатнаас хэлмэгдсэн хүн хэд байдаг вэ?

Цэнд-Аюуш -

Аавын талынх ээжийн талынх бий. Мөн л лам нараар л хэлмэгдэж байсан.

Эрдэнэтуяа -

Тэр хүмүүсийн хүүхдүүдийг ажил хийхэд саад болж байсан уу?

Цэнд-Аюуш -

Хөдөө бол яахав дээ төв суурин газар сургууль цэцэрлэг гэхээс хөдөө бол малаа маллаад л явж л байх л байхдаа. Цаашаа сурья гэхээр эсэргүүний хүүхэд гээд сургадаггүй, тэгээд л мал маллаад л явж байсан хот орон бараадаад сургууль соёл гэх эрхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо ер нь цагаадсан уу?

Цэнд-Аюуш -

Цагийн эрхээр тэр улсууд чинь элэгдээд дууслаа ш дээ. Одоо зарим иш баримттай нэг нь тэр сая төгрөг авбал авна авахгүй бол авахгүй. Тухайн үеийн бодлого хатуу ширүүн байждээ гэж л бодно.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.