Baldorj


Basic information
Interviewee ID: 990113
Name: Baldorj
Parent's name: Damdinsüren
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: engineer, retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Uul sum, Govi-Altai aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: trade worker
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
industrialization
foreign relations
new technologies
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Аруин-Ундрах -

Сайн байна уу?Балдорж гуай.

Балдорж -

Сайн сайн байна уу?

Аруин-Ундрах -

За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Балдорж -

Аа зөвшөөрч байна.

Аруин-Ундрах -

За нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?

Балдорж -

Аа шаардлагагүй биз дээ.

Аруин-Ундрах -

За баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулаад намтраа ярина уу?

Балдорж -

Би 1942 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. Дамдинсүрэн гэдэг хүний ууган хүү. Аа дээрээ болвол 3 эгчтэй, доороо 2 дүүтэй. Аа багын амьдрал бол яахав эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, бага сургууль, ерөнхий боловсролын сургууль гээд ингээд үе шаттай дамжаад явчихсан. Ийм л түүхтэй товчхон намтар нь бол. 1960 онд тэр үеийн одоо холбооны техником гэж байсан. Аа холбооны техникомыг 60 онд төгсөөд Баянхонгор аймгийн харилцаа холбоонд ахлах техникчээр очиж байсан юм байна. Аа тэндээ 2-3 жил орчим ажиллаад одоо үндсэндээ дээд сургуульд суралцах эрх авч тэгээд нийслэлд ирсэн. Ингээд ирээд сургуульд явах ёстой байсан боловч бас ар гэрийн шаардлага, нөхцөл байдлаас болоод явж чадаагүй. Ингээд Налайхын уурхайд 1963 онд Налайхын уурхайд Налайхын уурхайн холбооны даргаар ажиллаж эхэлсэн. За ингээд холбооны дарга хийж байгаад 1972 оноос одоо уурхайчны мэргэжил эзэмшиж, уурхайчин болъё гэдэг энэ хүсэлд хөтлөгдөж ингээд уурхайчин болсоон. Аа тэр үед социалист системийн лагерийн үед ажиллаж байсан учраас одоо ажил төрөлдөө гайгүй, үнэнч шударга, идэвхи зүтгэлтэй ийм улсууд бол бас тушаал дэвших, өөр одоо салбар ажил төрөл сонгох ийм асуудал бол одоо нэг ёсондоо чөлөөтэй нээлттэй байлаа. Тэгээд намайг уурхайн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор эдийн засгийн боловсрол олгох түвшинд нь уурхайн цалин хөлсний хэлтэс гэдэг одоо норм зохиогч гэдэг ажлыг хийж ажилласан. Би тэр норм зохиогч гэдэг ажлыг мөн нэг 2 жил илүү хийсэн юм байна. За ингээд тухайн үед Налайхын нүүрсний үйлдвэрийн өргөтгөлийн ажил хийгдээд одоо нэг ёсондоо хүчин чадлыг нь томосгож ингэж одоо Налайхын уурхайг байгуулсан. За энэ үед бол Монголд үндсэндээ Налайхын уурхай бол үндсэндээ Монголын ууган одоо гал голомт. За тухайн үед л бол өөр нэг их одоо Монгол улсын нийслэлийг түлшээр, илч дулаанаар хангах ийм үйлдвэр уурхай байсангүй. Шарын голын уурхайг ЗХУ-ын тухайн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, Шарын голын уурхайг дөнгөж нээж эхэлж байсан. Өөрөөр одоо нэмэрлэх ийм юм байхгүй нэг ёсондоо улсын нийслэлийг маань түлш, гэрэл, цахилгаан дулаанаар хангадаг ганц гол төв бол Налайхын уурхай. Ингээд энэ улсынхаа нийслэлийг хөлдөөхгүй, илч дулаантай байлгах энэ арга хэмжээ энүүнд зориулж налайхын уурхайг өргөтгөж, хүчин чадлыг нь өндөрсгөж зохион байгуулж, шинэ технологи нэвтрүүлж, шинэ техникээр тоноглож ингэж өгсөн юм. За ингээд нэгдсэн засварын цех гэж одоо уурхайн л бүхий л ажлуудын голч зангилаа ийм том хэсэг байгуулагдсан. За энд намайг одоо шууд даргаар аваачиж тавьсан. За ингээд энд бол нэг 40-өөд зөвлөлтийн мэргэжилтэн ажилладаг. Дандаа нарийн мэргэжлийн. Аа нөгөө 200 гаруй Монгол ажилчидтай. Үндсэндээ төрөл төрлийн мэргэжсэн бригадуудтай. Нэг ёсондоо би чинь дороо 2 инженертэй, 4 механиктай, 12 бригадын даргатай, уурхайн газрын дээр доорх одоо засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн угсралт, монтаж бүх юмыг хариуцдаг одоо ийм л одооныхоор бол нилээн том албан газар л даа. Аа тухайн нөхцөлд Налайхын уурхай гэдэг чинь өөрөө их том өргөн хүрээтэй ийм одоо том уурхай байсан учраас энд бол нэг хэсэг гэж тооцогдож явдаг байсан. Одооны байдлаар бол нилээн томоохон албан газрын хэмжээний ийм л объект юм. За ингээд энэ ажилд нэг 5-6 жил одоо өөрийн л сурсан мэдсэн, идэвхи зүтгэл бүх л юмыг дайчилж сайн хамт олон, сайн мэргэжилтэнүүддээ ингэж түшиглэж ажилласан. Тухайн үеийн ЗХУ-аас ирж байсан, ажиллаж байсан мэргэжилтэнгүүд бол үнэхээр шалгарсан, үнэхээр нарийн мэдлэгтэй, нарийн одоо өндөр мэргэжлийн ийм улсууд ирдэг байлаа. Энийг бас ч гэж одоо тухайн орнуудад тусгай шалгаруулалтаар явуулдаг ийм байсан. Тэгээд би бол тэр тухайн нөхцөлд нь ЗХУ-ын одоогоор бол Казахстан улсад Каргандагын одоо уул уурхайн дарга нарыг бэлтгэж гаргадаг дэд институт байдаг. Гор мөрний институт. Тэгээд энэ институтэд очиж суралцаж төгссөн юм. За тухайн нөхцөлд мөн Орос одоо ЗХУ-ын нилээн хэд хэдэн уурхайнуудад мөн Польш, Германы ийм уурхайнуудад бас мэргэжил дээшлүүлэх, дадлагжих ийм курст нилээн явсан. Хэд хэдэн удаа явж ингэж дүүргэж байлаа. Ингээд бас явсан мэргэжил эднүүддээ тулгуурлаад тэгээд тэр өндөр мэргэжилтэй ЗХУ-ын тэр өндөр мэргэжилтэй инженер техникийн ажилтангуудтай хамтарч ажиллаж байсны хувьд ажил урагштай, их сайн сайхан ингэж явж байлаа. Бас одоо нилээн Монголд анх удаа газрын гүний уурхайнуудад ЗХУ-ын тэр үеийн нарийн тоног төхөөрөмжүүдийг сууриллуулах, монтажлах, угсрах тэрэнд улсуудыг сургах, дадлагжуулах энэ ажлуудад л одоо онцгой хувь нэмэр оруулж гүйцэтгэж байсан л даа. Энд одоо тэр миний удирдаж байсан 400-аад хүний хүч хөдөлмөр, авъяас чадвар бол одоо энд голлох үүрэгтэй байсан ийм юм. За ингээд тухайн үед одоо нийслэл Улаанбаатар хот маань нүүрс түлээгээр өвөл болохоор л байнгын гачигдаж тасалдаж нилээн хүнд байдалд нэг ёсондоо одоо нийслэлээ хөлдөөчихгүй өвөлжинө гэдэг бол асар их хариуцлага, өндөр нэр хүнд ийм байлаа. Тухайн үед өвөл болоод ирэхлээр зэрэг л сайд нарын зөвлөлийн нэг одоо орлогч дарга юм уу нэг хэлтсийн эрхлэгч, аж үйлдвэр хариуцсан одоо нэг мэргэжилтэн ч байдаг юм уу намын төв хорооны нэг хэлтсийн эрхлэгч юм уу төв хорооны нэг нарийн бичгийн дарга за тэгээд ер нь ажил байдал нилээн хүндрээд ирэх юм бол улс төрийн товчооны гишүүдээс ч хүн ирж жижүүрлэж одоо биднуудтай хамт ажилладаг барьдаг ийм юу байлаа. Хамтарч ажиллаж одоо хяналт шалгалт тавьдаг барьдаг, ажил төрлөө зохицуулдаг, шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авдаг ийм юу явж байсан юм. Энэ үед л бол оролцоогүй, уулзалдаж байгаагүй ийм улсууд бол байхгүй л дээ. Энэ одоо удирдах том дарга нараас , яамных нэгэнт дээрээс нь төв хорооноос улсууд жижүүрлээд ажиллаж байхад аа яам бол ойлгомжтой тийм ээ?

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зарчим, нөхцөл байдалд бол нилээн хүнд аа гэсэн ч гэсэн хатуу шаардлагатай ийм байсан учраас бас тэр болгон төдийлөн одоо нэг их нүсэр том аваар осол бол бага ийм байсан. За ер нь уурхайн талаар одооныхоор бол энэ засаг төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол асар өндөр байсаан. Энд л бол одоо нэг ёсондоо улс ер нь байдаг хөрөнгө, байдаг юмаа Налайхын уурхайчдад л зориулж байсан. Налайхын уурхайчид бол энэ чинь 1922 оны 12 сарын 25-нд улсын үйлдвэрийн нэгдсэн уурхай болж Налайхын уурхай гэдэг юм үүссэн. Аа тэрнээс өмнө бол уурхайнуудыг удирдах газар гэж байж, аа Налайхын уурхай бол жижиг гар уурхай байсан. Ингээд энэ жижиг бүх гар уурхайнуудыг нэгтгээд тэгээд үндсэнд нь нэгдсэн тийм уурхай болгож Налайхын нүүрсний үйлдвэр гэдэг энэ юугаар яваад одоо 87 жилийн ой нь болж байгаа. Ийм л учиртай юм. Тэгэхээр энд уурхайчдын төлөө, хүний төлөө авч байсан арга хэмжээ бол одоо маш өндөр л дөө. Одоо бол хүний төлөө чухамдаа уурхайчдын төлөө бол авч байсан тэр арга хэмжээ бол тэр үеийн авч байсан арга хэмжээ, одооны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс бол хэдэн хувь давуу ийм байлаа. Үнэхээр тэр улсуудын хүч хөдөлмөр, үнэхээр тэр улсуудын энерги хүчийг бол улс авч чаддаг. Аан тэрнийхээ хүчийг өгч чаддаг ийм байсан үе. Тийм ч учраас Налайхын уурхай бол хамт олныхоо дундаас 11 хөдөлмөрийн баатар, 13 гавъяат төрүүлсэн ийм газар юм. Аа засаг төрийн дээд одон медалиар маш олон хүн шагнагдаж байсан ийм учиртай. За ингээд би 1980 онд одоо байдал нилээн хүндэрсэн, Налайхын уурхай ч олон жил ажилласан учраас одоо ямар нэгэн байдлаар доголдох ийм асуудлууд нилээн гарч байлаа, 80онд одоо нүүрс гаргалтын хэсгийн ажил бол үнэхээр хүнд ийм болсон үе. Тэр үед хөдөлмөрийн баатар Орногвай гэж ашиглалтын 3 хэсэг гэдэг байсан. Тэр хэсгийн даргаар Орногвай гэдэг хүн ажиллаж байсан. Энэ хүн бол одоо алдартай том уурхайчин хүн л дээ. Тэгээд энэ хүний ажиллаж байсан тэр хамт олон маань нэг ёсондоо дандаа Казак хүмүүсээс бүрдсэн. Нэг ёсондоо Казакийн участек гэдэг нэртэй. Аа Баян-Өлгийгөөс элсэлтээр ирж ажиллаж байсан одооны байж байгаа суурьшчихсан Казак ард түмэн бол ерөөсөө тэр хэсэгт захирагддаг ийм хамт олон байлаа. Казак ард түмэн бол үнэхээр одоо ажилсаг, үнэхээр сайн ийм улсууд л даа. Гэвч одоо тухайн нөхцөлд 80 онд бол ажил нь нилээн их доголдсон. Ер нь үндсэндээ Налайхын уурхай нүүрс гаргалтын 3 хэсэгтэй байсан юм. Тэр 3 хэсгийн маань ажил үндсэндээ доголдоод улс нилээн хүнд байдалд орж эхэлсэн. За ингээд хүнд байдалд ороод одоо өвөл болохоор зэрэг нүүрсний хүрэлцээ байхгүй болоод Зөвлөлт улсаас мазот авч түлдэг. Мазот гэж одоо шингэн хийжүүлсэн түлш. Энэ түлшээр нийслэлийг халааж илч дулаан гаргадаг. За ингээд ерөөсөө Налайхын уурхайн байгаа бүхий л бололцоог ашиглаж нүүрс гаргаж, нийслэлийг хангадаг одоо ийм л байлаа л даа. Тэгээд энэ үед тэр одоо ажил нь доголдсон ашиглалтын 3-р хэсгийн даргаар оч оо. Тэнд одоо ажилла гэдэг ийм намын даалгавар өгдөг байлаа ш дээ. Ингээд ийм даалгавар хүлээж аваад тэгээд тэр ашиглалтын 3-р хэсэгт ажил байдал сайжруулахаар ингэж томилогдож очиж байлаа. За ингээд очсоноосоо хойш үндсэндээ нэг 2 сарын дараагаас эхлээд л ажил одоо жигдэрсэн л дээ. Ажил жигдэрч, нүүрс гаргалтын хэмжээ нэмэгдэж, хамт олон бэхжиж, зангидагдаж төлөвшиж чадсан. За ингээд энэ хамт олон бол одоо Монголд онцгой онцгой рекорд тогтоож гавъяа байгуулж байсан ийм хамт олон болсон. За энд тухайлах юм бол ээлж гэдэг чинь одоо энэ чинь 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай уурхай. 6, 6 цагаар хөдөлмөрлөдөг. Ерөөсөө хөдөлмөрийн хуулинд уурхайчид 6 цаг гээд заалттай. Тэр 6 цаг дотор 1000 тонн нүүрс гаргана. Тэгээд далд уурхайгаас гэдэг энэ асуудал бол үнэхээр их том амжилт. Тэгэхээр энэ 6 цагт мянга, мянгаас дээш тонн нүүрс гаргадаг ийм хөдөлгөөн гэдэг юмыг өрнүүлдэг. Өвөл болохоор чинь зэрэг үндсэндээ одоо зөвхөн энэ Налайхчууд биш нийслэл Улаанбаатарынхан Налайхын уурхайчидтай хамтарч ажилладаг. Тэгээд дээр нь соёл урлагын бүх байгууллагууд нь байж байдаг. Ээлж дараалаад ирчихсэн. Ажлаас гараад ирэхэд нь одоо урлагийн тоглолтоор үйлчилдэг, сэтгэл санааг нь өргөдөг, урамшуулдаг, шагнадаг ийм байдалтай ч байх юм уу. Одоо хоол унд гэдэг чинь уурхайчид 1-р зэргийн хонины мах, 1-р зэргийн гурил идэхгүй бол өөр хоол иддэггүй байлаа ш дээ. Энэ бол тансаг амьдрал. Тусгай үйлчилгээтэй гэсэн үг нэг ёсондоо. Тэгээд халуун тийм нормын хоолтой. Тэрнээс гадна гуанзанд нь хийгдэж байгаа хоол бол одоо дандаа сүүлтэй шөл, сүүлтэй хуурга байх жишээтэй. Энэ Улаанбаатар хотоос нүүрс авах гэж ирж байгаа Улаанбаатар хотоос одоо бүр онигдоод ч болчихсон яригддаг л байсан л даа. Налайхад очиж уурхайн гуайнзанд сайхан хоол идэхийн тулд хотоос хүн зориуд ирдэг гэсэн тийм хүртэл яриа гарчихсан тийм ч байсан үе байлаа. Аа уурхайчдын хангамж бол үнэхээр сайн тэгээд ээлжинд одоо ажилд яваад орохдоо бас тусгай нормын хоол гэж одоо тормологи гэж нэрлэдэг. Одоо бор цаасанд ингээд талх зүсээд, дээр нь масло түрхээд, масло дээрээ элсэн сахар түрхээд, 2 талаас нь хавсраад ингээд 2 зүсэм талхтай маслотай. Тэр маслыг чинь одоо их зузаан түрхэнэ ш дээ. Тэгээд одоо тахианы 2 өндөгтэй, тэр үеийн 90 мөнгөний печень гэхэд талтай, тэр үеийн 24-ийн чихэр гэхэд 4 ширхэгтэй, тэгээд нөгөө талд нь гахайн мах ч байж байх шиг, хиам ч байж байх шиг. Маш их ингээд гоё хоол ингээд тусад нь одоо энерги хүчийг нь сэлбэхийн тулд хоол зориуд боогоод ээлжинд одоо уурхайд орж байгаа хүн болгонд өгнө.

Аруин-Ундрах -

Боогоод өгөх юм уу?

Балдорж -

Боогоод. Боолттой бэлэн байж байна. Аа тэрүүнд 24 цагаар ажиллаж байдаг тусгай гуанз ажиллаж байна. Тэр гуанз зөвхөн тэрийг бэлдэж байна. Тэгээд халуун хоол хийж үйлчилж байна. Ингээд тэр хоолыг одоо боож өгөөд хажуу талд нь одоо бол тийм энэ зүгээр одооны үндэсний үйлдвэрүүдийг муулж байгаа юм биш. Аа тухайн үеийн юм бол үнэхээр чанартай, үнэхээр сайн байлаа л даа. Тэрийг зөвхөн нэг жишээгээр хэлэхэд газтай ус гэж уурхай өөрөө нэрдэг, өөрөө нэрээд газжуулаад ингээд нэг одоо литрийн дашмаганд төмөр дашмаг гэж одоо юу гэж ярьдаг ш дээ цэргүүд кинон дээр нэг дашмаг аваад

Аруин-Ундрах -

Байлдаантай кинон дээр.

Балдорж -

Ай байлдаантай кинон дээр аваад явж байдаг ш дээ. Тэр ногоон саванд ус хийж өгнөө. За хажуу талд нь нормын сүү өгнөө. Сүү уулгаад оруулна. Нэг бол гараад ирэхэд нь сүү өгнө, нэг бол уулгаад оруулна. Аа тэр газжуулсан тэр усыг хийгээд тэгээд тэр хоолтой нь цуг өгнө. Хүн болгон тэр чинь номертой. Тэгээд хүн болгон одоо жетон одоо нэг ёсондоо нэг цаг бүртгэх хэлбэр. Тусгай карттай байх. Тэгээд тэр чинь яахав гэхлээрээ зэрэг нарийн тийм бүртгэлтэй байхгүй бол далд уурхай гэдэг маш осолтой. Нэг ёсондоо ээлжинд одоо 300-400 хүн орно. Энэ чинь ерөөсөө нэг хамгийн дээд тал нь Налайхын уурхай чинь 2000 ажилтантай байсан үе ш дээ. Тэгэхээр энэ улсуудыг чинь одоо уурхай руу маш нарийн тоолж, маш нарийн цагийн бүртгэлтэй, маш нарийн хяналттай байхгүй юм бол хэд нь гарч ирсэн, хэд нь одоо цагаасаа хоцорч байгаа, хэд нь цагаасаа эрт орсон, одоо ямар байдалд хүрсэн орсон гарсан гэдгийг чинь маш нарийн бүртгэж байхгүй бол хамгийн их аюул байх шүү дээ. Тийм учраас тэр хүнийг бол ерөөсөө маш дээд зэргээр хардаг бүргэдэг, анхаарал халамж тавьдаг ийм үе байлаа. Аа нөгөө талаар одоо тэр дашмаганд хийсэн ус ердөө нэг 2-3 балгаад яахад хамраар сэнх гээд л одоо ерөөсөө их нүүр амаар чинь бөөн газ тургиж байх жишээтэй. Одоо бол ямар ч ундаа хаанаас ч аваад уусан тийм газтай ундаа гэж байхгүй л дээ. Энэ пиво эднүүд нэг оргиод дээшээ сагаж байх юм. Аа тэгэхдээ тэр ундааны хэмжээнд л хүрч сагаж чадахгүй.

Аруин-Ундрах -

Хөөсрөөд үү?

Балдорж -

Хөөсрөөд. Аа тэр ундааг бол нөгөө дашмагны бөглөөг авахад л ерөөсөө год үсэрч байх жишээтэй тийм л сайхан хийжүүлсэн сайхан тийм ундаа. Энэ бол одоо хүний амны цангаа тайлахаас өгсүүлээд л их сайхан л даа. Налайхын уурхай гэдэг чинь яг одоо хар үгээр мэргэжлийн бус хэллэгээр хэлэх юм бол газрын хөрснөөс газрынхаа доод талд эгцээр нь ингээд өрөмдөөд одоо метрлээд үзчихнээ гэж бүдүүлэг үгээр ингэж ойлгох юм бол бараг 300-аад метрийн дор. Тэр нь бол яахав уурхайчдын юугаар налуу малталтаар ингээд явсаар байгаад доошлочихсон. Аа зөвхөн дээрээс орж байгаа хүн ордог, нүүрсээ татаад гаргадаг энэ цооног нь бол нэг 157 метрийн гүнд эгцээрээ цооног.

Аруин-Ундрах -

Лифт шиг.

Балдорж -

Лифт л ажиллана ш дээ. Одоо бол энэ Өмнөговьд ажиллаж байгаа тэр цооногнууд чинь 1500 метр. Тэр чинь стволь гэж нэрлэдэг л дээ. Стволь одоо амны босоо малталт л гэж нэрлэх ёстой юм. Одоо энэ телевиз эднүүдээр энэ сурвалжлагч эднүүдийн ярьж байгаа яриагаар бол зүгээр нэг одоо жижигхэн цооног юм шиг ард түмэнд тийм ойлгоц өгөөд яриад байгаа юм. Одоо эгц цооногых нь хэмжээ ч гэж байх шиг. Цооног гэвэл энэ чинь Монгол үгэнд янз янзын утгаар ойлгож болно. Аа гэхдээ цооног гэдэг Монгол үг бол жижигхээн ийм нүхлэчихсэн ийм юмыг л хэлэх ёстой. Монгол үгээрээ. Аа гэтэл бол тэрийг техникийн хэлээр нь ч хэлж чаддаггүй, аа Монгол хэллэгээрээ ч хэлж чаддаггүй ийм л байж байгаа байхгүй юу. Тэр 1500 метрийн эгц босоо малталт хийнэ. Аа тэнд ажиллаж байгаа, тэрийг ажиллуулж байгаа тэр юм гэдэг бол асар их том зүйл л дээ. Нэг ёсондоо социализмын үед л бол гүнээс бол 1500 метр эгц малталт хийнээ гэх юм бол одоо бараг хүний санаанд багтахгүй ажил. Одоо бол үнэхээр энэ шинэ дэвшилттэй технологиуд одоо энэ харийн орнуудад ялангуяа гуравдагч оронд их нэвтэрсэн учраас тийм юм хийж чадаж байна. Маш сайхан хийдэг юм байна. Би зүгээр энэ телевиз юу эднүүдээр харж байлаа. Нэг удаа очиж сонирхож байсан. Тийм байдлаар одоо бол хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа эднүүдийг чинь ерөөсөө ёстой маш сайхан сахидаг. Хүний хүч бага ордог, техникийн хүчээр ажилладаг ийм л болчихож. Аа бидний үед бол жинхэнэ хүний хүчийг одоо улаан гараараа л үздэг ийм хэцүү ийм л ажил байлаа л даа. Тэгээд энэ 1000-аас дээш тонн нүүрс гаргадаг хөдөлгөөн гэдгийг өрнүүлээд, энд одоо тэр үед тухайн үеийн ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Лунин гэдэг хүний туршлага их дэлгэрдэг байлаа. Энэ далд уурхайгаас иж бүрэн комплексоор нүүрс огтолж гаргадаг иж бүрэн ийм механикжсан, аа бэхэлгээ нь механик ийм комплексоор нүүрс гаргадаг ийм шинэ төхөөрөмж ЗХУ-д ч нэвтрээд, тэрний анхны нэвтэрч байсан тэр анхных нь 2 ч удаагын техникийг Налайхын нүүрсний үйлдвэрт нэвтрүүлж үндсэндээ гуравдагч техникийг нь Налайхын уурхайд нэвтрүүлж ажиллаж байсан л даа. Тэгээд энэ техникүүдийг монтажлах, зөөвөрлөх, угсрах одоо тэр ажлуудыг мөн би хариуцаж ажиллаж байсан юм. Тэгэхээр энэ ажлуудыг сайн хийж, тэр улсуудад сайн суралцаж, богино хугацаанд сайн эзэмшсэний үр дүнд нөгөө ээлжиндээ 1000-аас дээш нүүрс гаргана гэдэг юмыг чинь 6 цагт нь 2400, 2600 энэ тэр хүргэж ингэж одоо том амжилт тогтоож байсан. Энийг хоногт нь бол одоо биднууд чинь хоногт 4620 тонн нүүрс гаргаж байлаа. Хоног гэдэг маань юу гэхээр гурван зургаан 18 цаг. 18 цагт 4520 тонн нүүрс гэдэг чинь ер нь том ер нь байхгүй шахуу амжилт. Тэр техникийн өөрийнх нь хүчин чадлыг бол 20% давуулсан байгаа юм. 20%-40% давуулж байсан. Аа энийг Орос улс өөрөө ийм техник хийчихээд өөрснийхөө уурхайд ийм амжилт гаргаж чадаагүй байсан. Тэгэхээр энэ бол тухайн үедээ дэлхийн дээд амжилтанд тооцогдож, дэлхийн дээд амжилт болж ингэж одоо бичигдэж байлаа. Миний түүх намтар энэ шагнал магнал юу авч байсан эднүүд дээр одоо тэр байдаг л даа. Дэлхийн дээд ажилтыг шинэчлэн тогтоож байсан гэдэг ийм юм бол байж байдаг юм. Тэгээд жилдээ 388 мянган тонн нүүрс. Ингээд далд уурхайгаас 388 мянган тонн нүүрс зөвхөн нэг хэсэг нь гарганаа гэдэг бол одоо мөн л дэлхийн дээд амжилт болж байгаа юм. Тэр тухайн техникийнх нь хүчин чадлаар ярьж байна ш дээ. Техникийнхээ ажиллаж байсан техникийнхээ хүчин чадлаар. Тэгээд ер нь Монголд бол далд уурхайн ганц өвөг эцэг нь Налайхын уурхай байсан юм болохоороо зэрэг энэнд ажиллах сонирхолтой, энд хүч хөдөлмөрөө сорих ийм улсууд бол их элбэг байлаа. Улсууд бол ерөөсөө ер нь Налайхын уурхайд яаж орох вэ?гэдэг юм байна уу гэхээс биш энэ уурхайгаас тойроод зугтчихъя гэдэг тийм хүн бол гардаггүй байлаа л даа. Тэгээд одоо сонин юм бол их л сонин байдаг. Ингээд бид дээд амжилтуудыг тогтоогоод, энүүндээ төр засаг тухайн үеийн одоо нам засаг гэж ярина. Энэ манай хамт олныг бол их өндөр өндөр үнэлж байсан л даа. Өндөр үнэлж одоо ер нь тухайн үеийн бас сонин хэвлэл гэдэг чинь тэр үед цөөхөн байлаа ш дээ. Одоо намын үнэн, утга зохиол, хөдөлмөр, залуучуудын үнэн энэ тэр гээд л одоо нэг цөөхөөн нэг л 10 гаруй 20-иод л юм сэтгүүл мэтгүүлтэйгээ нийлээд л тийм л юм гардаг байсан. Тэрүүнд ер нь алгасахгүй бичигдэнэ дээ. Алгасахгүй зурагтайгаа тавигдана бичигдэнэ одоо ийм байсан. За энүүнд улсууд яадаг юм гэхлээрээ зэрэг одоо нэг нэгэнтэйгээ ёстой жинхэнэ өрсөлдөөн гарна. Одоо нэг нэгэнтэй нэг ёсондоо юу гэж хэлэх юм бэ дээ одоо атаархаж байна гэдэг юм уу яадаг юм. Би энэ улсууд ийм амжилт гаргаж ийм юм хийчихсэн байхад би яагаад чаддаггүй юм гэсэн ийм өрсөлдөөний юм бол асар их байсан учраас ажил бол их урагштай өөдрөг байсан. Тэгээд энэний ач нөлөө, энэний буянгаар ч гэсэн одоо Налайхын уурхайчдын нэр хүнд Монгол улсад асар их өндөр өргөгдсөн ийм юм. Энэ бол юуг хэлж байна гэхлээрээ зэрэг үнэхээр тэр тухайн үеийн ажиглагсад энэ бол баатарлаг ард түмэн байжээ гэдгийг үнэхээр тодруулж чаддаг байсан. Аа 90 онд энэ ардчилсан хувьсгал ялаад ингээд би чинь 90 онд тэтгэвэрт гарсан хүн. 90 онд тэтгэвэртээ гарсан. Аа тэрний өмнө тэр хэсгийн дарга эднүүд хийж байгаад Налайхын уурхайн үйлдвэр эрхэлсэн орлогч дарга болсон. Ингээд орлогч даргаар бас нилээн хэдэн жил ажиллаад тэгээд 90 онд тэтгэвэрт гараад Налайхын уурхайн зөвлөх хийж байсан. Уурхайн даргын зөвлөх гэдэг тийм ажил хийж байсан. За ингээд тэрнийхээ дараа ерөөсөө одоо нөгөө энэ чинь уурхайчид гэдэг маань тоосжилтын өвчтэй болдог. Селкозтой тэгээд эмнэлгийн хяналтанд ороод бариад ингээд биеийн байдал жаахан дордоод эхэлсэн. Аа одоо бас уурхайд байж байхад бас янз бүрийн аваар осолд өртөх барих тийм юмнууд бол байлаа. Аа энэнээсээ болоод бас биеийн эрүүл мэндэд нөлөөлсөн барьсан одоо бас тахир дутуу болох ийм юманд өртөж байсан л даа. Тэгэхээр энүүнтэй холбогдоод Налайхын уурхайн ажилчдын одоо эрүүл мэнд, эрүүл ахуйн талд бол мөн л тухайн үеийн нам төрийн байгууллага болуул үнэхээр их том ач холбогдол өгч, үнэхээр одоо их сайхан арга хэмжээнүүд авдаг тусгай сувилалтай. Аа тэр селкоз тусч энэ мэргэжлийн өвчнөөр өвчилсөн улсуудыг тусгай эмчилж байдаг эмнэлгийн багтай, тусгай эмнэлэгтэй. Албадан аваачиж амруулна. Дандаа үнэ төлбөр байхгүй. Ерөөсөө ямар ч үнэ төлбөр авахгүй. Нэг хүнд тухайн одоо нөхцөлд нэг хүнд гэхэд л сар тутам 600 хэдэн төгрөгний эм тариа өгнө. Эм тариаг бол заавал хийлгэх ёстой. Аа тэрийг болуул эмчилдэг барьдаг одоо тэр эмнэлэг нь ажиллаж байгаа учраас одоо тэр зүүний нүх хүртэл тоолно. Хийлгэж үү?үгүй юу?гэж. Аа тухайн үед л бол үндсэндээ энэ гадуур эмнэлгийн эмийн сангуудаар олддоггүй ховор эм тариа эднүүд зөвхөн уурхайчдад л байдаг. Уурхайчдад л олгогдож байдаг. Тэгээд тэр нь төлбөр байхгүй. Ямар ч юм авахгүй. Аа жилд 2 удаа тэр сувилалд албадан журмаар аваачиж тэр сувилна сар сараар. Аа тэрүүнд бол албадан хүчээр явуулна. Бас л тэгээд тэнд чинь одоо энэ хоол хүнс мүнс одоо ерөөсөө бүх юм нь бүгд үнэ байхгүй. Бүгдээрээ үнэгүй. Одоо нэг ёсондоо тусгай хангамжийн одоо үнэхээр эргээд дурсахад бол бараг итгэмээргүй. Аа нөгөө талаар нь үзэхэд одоо ингээд заримдаа би эргээд ингээд бодож байдаг юм. Ер нь Налайхын үе үеийн уурхайчид бол одоо амныхаа хишгийг барчихсан улсууд юм даа гэж. Тэрийг би ямар утгаар ямар тонноор хэлж байгаа юм гэхлээр одоо тэр их сайхан маслотай талх, гөөхий одоо тэр тухайн үед чинь гөөхий гэдэг чинь хүний гараас том ийм дугуй. Одооныхоор бол энэ кэкес мэкес ч гэдэг бил үү дээ бараг иймэрхүү маш гоё амттай ерөөсөө. Тийм юм тэгээд тахианы өндөг, гахайн мах одоо чихэр мэхрийг чинь уурхайд нөгөө тэр их хоол идээд орсон тэгээд ус уугаад тэгээд ахиад 6-хан цаг болоод ахиад хоолонд дахиад юу яаж байхад гэр оронд хоол идэх үндэс байхгүй. Одоо хүн чинь яаж тэгэж их идээд байх вэ дээ. Хичнээн хүнд хөдөлмөр хийдэг ч гэлээ. Аа тэгээд нөгөө боосон хоол эднүүд чинь уурхайгаар л дүүрэн байж байна ш дээ. Байж л байна тэгэхэд дээр өгдөгөөрөө өгж л байна. Тэгээд л энд тэнд хаячихсан одоо уурхай дотор чинь тэр оготно гэх мэт тийм юмнууд чинь л одоо идэж байгаад л ингээд л байж байх тэр бэхэлгээ энэ тэрийн ар өврөөр тэр хоол байж байхыг ер нь бишгүй дээ л байна л даа. Тоглоод нэг нэгэн рүүгээ шидсэн ч гэсэн тахианы өндөгөөр шидэж байх жишээтэй.

Аруин-Ундрах -

Хоолоороо тоглож байгаа.

Балдорж -

Хоолоороо тоглож. Тэгэхээр би тэгэж хэлдэг байхгүй юу танууд бол амныхаа хишгийг барсан улсуудаа гэж. Одоо бол юун 90 он гэхэд чинь одоо лангуун дээр юу байлаа бор давс л байсан. Тэр үед ийм юм байж байх юм бол мөн хачин юм болноо доо. Одоо бол яг тухайн үеийн тэр боогоод нормын хоол гээд боогоод өгч байсан тэр хоолийг одоогын энэ нөхцөлд авчраад айл стол дээрээ тавьчихна гэх юм бол аа нэг 4-5 ам бүлтэй айлын хоногийн хоол бол элбэг л байж байсан. Тэгээд дээд зэргийн чанартай, дээд зэргийн амттай байгаа. Одоо чинь үндсэндээ болуул юм болгон нарийсаад юм болгон бас л нэг ёсондоо боловсронгуй сайхан болж л байна. Аа нөгөө талаас нь аваад үзэх юм бол одоо үндсэндээ биднуудын одоо 50-60-аад за 50 он гэдэг нь худлаа. 50 онд чинь Монголд яблоко, мандрин гэдэг юм ирдэггүй байсан юм. Аа 50 хэдэн оны сүүлчээс эхэлж л гарч ирж байлаа л даа. Одоо нэг 57-58 оны үед анх удаа яблоко, мандрин ирдэг юм. Дэлгүүрт ирж зарагдаж одоо тэр үед би чинь бас л залуу байж. Одоо мэдэхгүй ийм их гоё амттай дэлгүүрийн гадуур явж байхад бараг үнэртэй байна ш дээ. Одоо яблоконы үнэр, мандрины үнэр ханхалж байна. Яасан сайхан мандрин вэ?гээд нөгөө нэг кинон дээр тэгэж байдаг тэрүүн шиг. Тэгээд одоо аваад ингээд нэг 2 ширхэг яблоко аваад идэхэд хүн бол хоёроос илүүг идэж чаддаггүй л байлаа л даа. Ямар ч дуртай хүн. Одоо шүд их хачин болоод ингээд

Аруин-Ундрах -

Шүүстэй байсан.

Балдорж -

Маш их шүүстэй, маш их гоё амттай, шүүслэг. Тэгээд ингээд шүд чинь чихраад ингээд ахиж идэх аргагүй болдог байхгүй юу. Аа хоёроос илүүг. Одоо бол нэг ёсондоо би тэгдэг юм за одоо ч өвс болсон байна ш дээ наадах чинь гэж. Аа мандриныг нь анх эхлээд аваад идэх гээд нөгөө арилгаж иддэг гэдгийг нь мэдэхгүй хальсийг нь шууд аваачиж хазчихсан чинь нөгөө нүүр ам, нүд ам руугаа нөгөө шүүсээр нь тургиулаад. Тэгээд одоо мэдэхгүй учраас өө энэ чинь юун хүн идэх энэ тэр гэж жигтэйхэн муухай амттай юм байна гээд л шидэж л байлаа нэг нэгэн рүүгээ. Одоо чадахгүй шидчихээд л тоглоод л. Ингээд сүүлд нь одоо арилгаж иддэг гэдгийг нь мэдсэнээс хойш амтнаас нь гарахаа больчихсон ийм жишээтэй. Тэгэхээр би энүүнд юу хэлэх гэж байнаа гэхээр тэр тухайн үеийн улсуудын хэрэглэж байсан хүнсний бүтээгдэхүүн нь ч гэсэн ямар ч юм нь үнэхээр одоо даацтай чанартай, үнэхээр хүний төлөө гэсэн юм болуул байдаг байжээ. Одоо бол хүний төлөө гэдэг санаа нь байгаа мөртлөө хэрэгжүүлдэг ажил нь байхгүй болчихсон л байхгүй юу. Одоо энэ талаараа бол маш их хоцрогдож яваа. Аа нөгөө талаар улсууд энэ залуучууд эднүүдийн чинь нөгөө ажиллая гэсэн идэвхи санаачилга ер нь байхгүй болчихсон. Тэр манайхан бол ерөөсөө тийм хөдөлмөрч одоо их мундаг улс л гээд л ярьдаг л даа. Тийм юм талд нь бий. Талд нь байхгүй. Яагаад вэ гэхээр одооны 90-ээд оноос хойш би бас тэтгэвэртээ гарчихаад тэтгэвэртээ одоо хэвтүүлэхгүй байлаа намайг. Нийслэл Улаанбаатар хотын дарга байсан Мөнхжаргал гээд хүн дуудаад л үгүй ээ та одоо хар багаасаа энэ туйпууны үйлдвэр, шавар гэдэг юмыг мэддэг юм гэнээ. Тэр үеийн тухайн үеийн одоо мэдэж байсан улсууд одоо өөд болоод дуусчээ. Судлаад хөөцөлдөөд байсан таныг одоо мэддэг, одоо тэрийг гардаж байсан хүн гэж дуулсан. Ирж одоо нэг туйпууны үйлдвэр нээгээд өгөөч энэ тэр гэж. Тэгээд би бас нэг тэр чинь одоо их сонин юм л даа. Би Налайхын уурхай энэ одоо энэ балгас болчихоод байгаа энэ 3 давхар комбинат, тэр нэг өндөр тоног төхөөрөмжийн байр эднүүдийг барьж байх үед энэ чинь Налайхын хөрсний шавраар л барьсан барилга л даа. Энийг барьж байх үе би хүүхэд зуныхаа амралтаар туйпуйны үйлдвэрт туйпуу цохидог байсан байхгүй юу шавар зуурч туйпуу цохидог. Тэгэхээр тэрийг одоо олоод судлаад мэдчихсэн л байгаа юм. Тэгэхээр улсууд нь ямар их сонор соргогч, удирдлагууд ер нь ямар их сонор соргог одоо авхаалжтай ийм улсууд байж хүн удирдаж байсан бэ гэдэг нь тийм нарийн юман дээр мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэр л бол одоо Налайхын уурхайг барьж байхад Японууд ч байж л байсан, Хятадууд ч оролцож л байсан, Монгол ажилчид нь ч байж байсан. Тэрийг судлаад бариад үгүй тэр нөхөр ер нь Налайхад бол намайг тэгэж байсан гэвэл энд одоо бараг байхгүй бараг нь мэдэхгүй. Чи битгий залаад бай гэх шахуу юм болох байх. Надтай хамт тухайн үед тэр туйпуу үүрээд байж байсан тэр хүүхдүүдээс би чинь одоо амьдралын юугаар 6-р анги, 7-р анги гээд техником чинь 4 жил байлаа ш дээ. Тэгээд миний анхны мэргэжил чинь тэр холбооны мэргэжил юм. Тэгээд энэ зуныхаа амралтуудаар одоо техникомын 4 жилийн зуны амралт эднүүдээр чинь биднуудын чинь намар болохоор сангийн аж ахуй явуулна, өвөл болохоор Улаанбаатарын чинь тэр одооны энэ дулааны шугамуудын чинь нүх шуудуу суваг шуудууг ухуулдаг ийм л ажилтай байлаа л даа. Аа хичээлээ ч хийнэ, тэрийг ч хийдэг бүгд л ийм л байсан үе. Гэхдээ бас зав чөлөөгөөр нь ирээд одоо гэр орныхондоо туслах зорилгоор, нэмэр болох үүднээс тэр туйпуунд ажиллаж байсан юм. Тэгээд тэрийг л судлаад олоод авчихсан. Тэгэхээр хүнийг бол их нарийн судалдаг бас их гярхай хардаг байжээ гэж ингэж одоо ойлгогдож явдаг. За тэгээд тэрний дараагаар тэр туупуйны үйлдвэр гэдэг юмыг нь энэ Налайхад байгуулж өгөөд, яг тэр суурин дээр нь байгуулж өгөөд бариад, ингээд туупуй эднүүдийг нь шатаагаад одоо ингэж туупуй хийдэг, ийм юм гардаг энэ тэр гээд энийг нь үзүүлээд нэг бас нэг 2 жил хирээтэй ажилладаг юм байнаа. Тэгээд байж байсан чиньүгүй ээ энэ тэр үед чинь тухайн үед түлш, эрчим хүчний үйлдвэрийн яам гэж байсан юм. Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны сайд Жигжид гэдэг хүн өөрийг чинь дуудаад байнаа. Нэг ирж уулзаач гээд байна. Уулзах арга байна уу?гэнэ. Үгүй ээ тэгээд одоо яахав дээ очлоо, уулзлаа. Тэгээд манай одоо анхны ерөнхийлөгч энэ Очирбат биднууд чинь нэг нэгийгээ маш сайн мэднэ л дээ уурхайчин улсууд. Тэгээд ч энэ Очирбат чинь миний дүүтэй цуг энэ Налайхын 10 жилд 8-р ангид хамт байж байсан юм. Аа тэгээд одоо Шарын голын уурхайд ерөнхий инженер хийж байсан. Тэр цагаас нь эхлээд л одоо биднууд нэг нэгийгээ бол андахгүй л дээ. Сайн мэднэ, одоо бас наадаж тоглоно, аа зав чөлөө гараад аштайхан одоо юу яахад бас зүгээргүй ганц хоёр рунк уугаад дэмий яриад бужигнаж ч байна, тоглож ч байна, нэг нэгийгээ бас шоглоно. Ийм юм бол бишгүй дээ л. Тэгээд ингэсэн чинь Очирбат ерөнийлөгч хэлсээн. Өөрийг чинь ингээд тэтгэвэрт байгаа гэж дуулсан юм байналээ. Тэгээд өөртэй чинь нэг юм зөвлөх гэсэн юм гээд одоо энэ аж үйлдвэрийн гавъяат ажилтан, түлш эрчим хүчний яамны сайд байсан Жигжид уулздаг юм аа. Тэгээд уулзсан чинь үгүй ээ чи Монголд ерөөсөө энэ юу Завхан, Архангай хоёр л нүүрсний уурхайгүй юм байгаа юм ш дээ. Бусад бүх аймгууд нь бүгдээрээ нүүрсний уурхайтай. Үгүй ээ та одоо зүгээр ингэж гэртээ байж яаж болох вэ. Бие хаа чинь гайгүй байна. Архангайд очоод Жигжид чинь өөрөө Архангайн хүн. Архангайд очоод Архангайд нэг далд уурхай нээж өгөөч. Тэрийг одоо ер нь бүүр хэлээд ингээд хийгээд өгчих хүн бол нэг тийм улсууд байвал нэг бол нас нь өндөрдчихөөд байна. Аа нэг болуул улсууд нь тийм туршлага байхгүй ийм улсууд болчихоод байна. Тэгээд өөрийг чинь л сонгоод байна. Архангайд очиж ажиллаачээ Архангайн аймгийн дарга нартай уулзуулъя барья өөрийг чинь гэдэг юм. За ингээд одоо яах вэ дээ нэгэнт одоо улсууд итгэж байхад, тэгээд ч одоо амьдрал ахуй ч амьдрал маань нилээн хүнд боллоо ш дээ. 90 оноос чинь амьдрал их хүнд. Би чинь одоо тухайн үед тэтгэвэрт гарч байхад энэ чинь улс төрийн товчооны гишүүд 950 төгрөгний тэтгэвэр авдаг. Аа минийх чинь 1350 болчихоод тэгээд энэ улс төрийн товчооны гишүүд энэ Монголын тэтгэврийн одоо тогтоосон дээд хязгаараас дээш тэтгэвэр гэж байдаггүй юм аа. Товчооны гишүүдээс дээгүүр тэтгэвэр авна гэж ямар юм байхав. 900-аар тогтоож өгье гээд 900 төгрөгний тэтгэвэр тогтоолгож авч байлаа. Тэгээд 900 төгрөг гэдэг бол тухайн үеийн яамны орлогч сайдын цалин. Тэгэхээр би чинь одоо хангалттай. Би чинь өөрөө гуравхан хүүхэдтэй хүн. Тэгээд одоо хангалттай цалин өө хөгшинтэйгээ хоёулаа үгүй ээ идээд чи бид хоёр барах ч үгүй биз энэ. Ингээд одоо чи бид хоёрт хангалттай гээд ингээд үзчихсэн байж байсан мөртлөө нөгөө л 90 он гараад энэ ардчилсан хувьсгал энэ тэр болоод хийгээд ингээд тэтгэвэр болсон чинь минийх юу вэ 30 хэдэн мянган цаас болчихдог юм. Ийм болгоод хаячихлаа. Тэгээд ерөөсөө амьдрах арга байхгүй юм чинь. Ерөөсөө амьдрал бол үнэхээр хүнд байдалд орсон. Одоо төр засаг ч одоо юмнуудын чинь нөгөө Шарын голын уурхай нэг овоо нэмэр болж байгаад Монголыг чинь гайгүй болгож байтал Багануурын уурхай гэж байгуулагдаад. Тэгээд Багануурын уурхай ажилд ороод овоо гайгүй болоод одоо нэг ёсондоо нүүрснийхээ гүн рүү ороод ингээд одоо нүүрс нь станциудтай тохироод энэ 4-р цахилгаан станц гэдэг юмыг бариад Багануурын уурхайн нүүрсэнд зохицуулаад бариад. Ингээд улс маань нөгөө уурхайчдын гар хардаг байдал нь алга болоод эхэлсэн байхгүй юу. За ингээд Шивээ-овоогын уурхай гэдэг нээгдээд бариад ингээд. Тэгээд уурхайчдын гар харахаа болиод ирэхлээрээ зэрэг уурхайгаа хаячихаж байгаа юм. Улс бол ерөөсөө уурхайчдыг тэр чигт нь хаясан. Тэгээд энэ нүүрс байж байж гал гардаг, аа нүүрс байж байж илч дулаан үйлдвэрлэгддэг гэдгийг улс бол мартсан. Энэ ардчилсан хувьсгал бий болсоноос хойш ерөөсөө мартсан. Юу болдог юм гэх дээр зэрэг одоо ч би гайхаад байдаг юм. Уурхай гэж ярихаар алтаа ярьдаг. Аа уурхайг гэдгийг ярихгүй мөртлөө эрчим хүч гэж яриад байдаг. Эрчим хүч гэдэг эрчим хүч энэ дулаан хоёр чинь нүүрснээс үйлдвэрлэгддэг байхгүй юу. Тэр одоо нэг ёсондоо тогоог нь хаячихаад хоол хийнэ гэвэл одоо бүтэхгүй биз дээ?Тэгэхээр тогоогүй ямар нэгэн одоо алганы хонхорхой дээр ч юм уу хоол хийнэ гэдэгтэй ижил юм болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол үндсэндээ энэ нөгөө эхийгээ мартчихаад тэгээд хүн болчихоод байгаа нь л энэ байгаад байгаа юм. Тэгээд ингээд би тэр одоо байдлуудыг бас ойлгож байсан. Тэгээд Архангайд очиж Архангайд 3 жил болсон юм. Архангайн уурхайн даргаар. Тэгээд Налайхын одоо хуучин чадалтай, мэдлэгтэй, авъяаслаг уурхайчдыг 30 гаруй хүн аваачаад ингээд Архангайн уурхайг Их тамир суманд нээгээд одоо ажиллаж байна л даа. Зүгээр эднүүд нэг их олигтой тийм өндөр хүчин чадалтай ажиллуулж чадахгүй байна. Тун бага муу юм гэнэлээ. Уг нь нүүрс нь бол маш их сайхан, маш их сайн нүүрс. Чанар калори өндөртэй их сайхан нүүрстэй. Ингээд Архангайд нэг уурхай нээж өгөөд 3 жил ажиллаад. Тэгээд би тэгээд ч эрүүл мэндийн байдал, бас тэгээд гэр орноосоо хол хоёр тусдаа амьдралтай, хүүхдүүд сургууль соёлд байлаа. Тэгээд хүндхэн болоод тэгээд больчихсон л доо. Тэгээд болиод хүрээд ирсэн. Тэгээд л тэрнээс хойш энд Налайхдаа буцаж ирээд гэртээ. Тэгсэн чинь энэ амьдрах арга ерөөсөө байхгүй. Энэ Налайхчууд чинь нөгөө уурхай нь устаад. Энэ уурхай чинь үндсэндээ нэг 92, 93 он хүргээд л тэгээд байхгүй болчихсон эд шүү дээ. Энэ нь юу гэх дээрээ зэрэг нөгөө улсаас татаас авч хөрөнгө оруулалт хийж байсан. Тэгэхээр тэрийг нь улс өгөхөө больчихсон. Аа газрын гүний уурхай гэдэг бол тийм юм байхгүй болуул хөдлөх ямар ч үндэс байхгүй. Хаашаа ч хөл нь хөдлөхгүй. Тэгэхээр энэ уурхайг хаахаас өөр арга байхгүй. Тэгээд одоо энийг гардаад хийгээд энд одоо анхныхаа амьдралын суурь, практикийг нь хийж байсан хүн одоо манай анхны ерөнхийлөгч өөрөө. Практик хийж эндээс одоо уурхайчин хүн гэж ямар юм байдаг юм гэдгийг анх эхэлж амталж байсан хүн нь байгаа юм. Тэгсэн мөртлөө өөрөө устгасан. Аа Жигжид бол дулааны инженер хүн. Энэ манай мэргэжлийн хүн биш. Энэ бол мэдэхгүй. Уурхай гэдэг юмыг одоо зүгээр тэр төсөөллөөр зүгээр яахав олон жил сайд байсан учраас гадарладаг байх. Тэр нарийн юмыг нь бол яаж мэдэх вэ дээ. Номыг нь мэднэ үү гэхээс биш ажлыг нь болвол мэдэхгүй ийм юм. Ингээд Налайхын нүүрсний үйлдвэрт ажиллаж байсан тэр үе үеийн энэ олон мянган уурхайчид үндсэндээ хог дээр гарсан. Аа ингээд ерөөсөө амьдрах ямар ч юм байхгүй. Налайхад чинь шилний үйлдвэр гээд бас нэг үйлдвэр байсан. Тэр нь бас зах зээлийн шаарлагаар бас шахагдаад улсаас бас татаас авдаг байсан. Тэр нь хаагдчихсан. Ингэхээр Налайхад ерөөсөө нэг оёдлын том цэргийн оёдлын үйлдвэр гээд бас нэг овоо хүн шингээдэг үйлдвэр байсан. Тэрийг нь бас хаачихсан. Ингээд Налайхад ерөөсөө улсууд ажилгүй болсон. Бүх хүн нь ажил байхгүй. Амьдрах ямар ч арга байхгүй. Хөдөлмөр хийе ээ ажил олдохгүй хийх ажил байхгүй. Тойроод нил цэргийн анги. Өөр юм байхгүй. Ингээд одоо уурхайчид хүнд байдалд орохлоороо зэрэг бас яахав тэр жижигхэн налуу уурхайгаар нүүрс гаргана гэдэг юмыг гадарлаж байсны хувьд тийм уурхай нээдэг юм аа. Ерөөсөө энэ хуучин уурхайн улсууд биднуудтайгаа яагаад тэгээд тухайн үед нь ажиллаж байсан уурхайн дарга нь миний шавь байсан л даа. Тэгээд тэрүүнтэйгээ очиж ярьдаг юм. Үгүй ээ ерөөсөө би ингээд энэ налуу уурхай гэж налуу уурхайгаар нүүрс гаргаад, тэгээд энэнээс Улаанбаатарын чинь гэр хорооллын хөдөлмөрчдийг нүүрсээр нь хангая. Ингэхэд бас нилээн хүн одоо ажлын байртай болоод нилээн хүний амьдрал залгана. Ерөөсөө нэг ийм тус хүргэвэл яасан юм гэсэн өө хүлээж аваад дэмжээд бариад үгүй ээ одоо та аваар осол багатай тийм л юм хийж үзээрэй гэнэ. Үгүй ээ тэрийгээ би мэдэлгүй яахав дээ. Ингээд би ийм жижигхэн налуу уурхай анх эхэлж өөрөө байгуулаад, тэгээд өөрөө хэдэн хүн ажиллуулаад бариад ингээд яасан нь одоо ийм замбараагүй хонхор болчихоод байгаа юм. Нэг талдаа бол буруу юм шиг харагдаж байгаа. Аа нөгөө талдаа бол Налайхын ард түмэнд маш том л юм болгож өгсөн. Одоо Налайхын ард түмний ахуй амьдралд их л тус хүргэсэн гэж би өөрийгөө бодож явдаг юм. Тэгээгүй бол Налайхын ард түмэн тэрийг зүгээр хийчих хүн гарах л байсан байх. Аа гэхдээ яг тэгээд тухайн үед нь тэгээд амьдралаа залгуулчих тийм одоо гарах ч байсан юм уу үгүй ч байсан юм уу. Одоо энэ Налайхад энэ их олон жижиг уурхайнуудын энэ олон хүний амь амьдрал эрсдээд бариад ингээд байнаа гээд одоо улс даяар энэ муулаад байгаагын гол буруу нь юу гэхээр төр засаг зохицуулалт хийж өгөхгүй. Зөв зохицуулалт нэгдүгээрт хийж өгөхгүй байна. Аа хоёрдугаарт энэ 23 аймгийн улсууд, Улаанбаатарын ажилгүй улсууд эд нар чинь юу хийж байна гэх дээрээ зэрэг үгүй ээ ерөөсөө газар ухахаараа зэрэг нүүрс гардаг. Нүүрс гарахлаараа зэрэг мөнгө олдог гэдэг ийм ухагдахуунтай болчихсон. Тийм учраас энд одоо зөвшөөрөл байхгүй, одоо нэг ёсондоо нөгөө ямар юм гэдэг юм билээ тэр алтны уурхайн индианууд гэдэг шиг. Тэгэхээр ийм зэрлэгшсэн ийм байдал бий болчихсон учраас өнөөдөр Налайхын нэр хүндийг тэр улсууд доош нь дарж байгаа байхгүй юу. Хөдөлмөр хамгаалал гэдэг юм нь юу байдаг юм. Юугаар амьсгалдаг юм, яаж гэрэлтүүлдэг юм гүний одоо газрын доор чинь, ямар ямар хий, ямар ямар юм ялгарч байдаг юм цаанаас нь, тэрийг яадаг юм, галыг яадаг юм, усыг нь яадаг юм ингээд энийг нь мэдэхгүй явж байгаад л аваарт орчихдог. Тэгэхээр ийм байдлыг чинь төр засгаас энэнд нь зохицуулалт хийгээд тэгээд зохицуулалт хийж энийг чинь зөв тэжээх ёстой юм. Аа яг энэ уурхайчдын одоо энэ ажиллаж байгаа энэ талбар болуул Налайхын нүүрсний үйлдвэр гэдэг юм байж байхдаа одоо үндсэндээ 70-80 жил ажиллаад ингээд хаагдсан уурхайг эднүүд чинь ажиллаад энэ ажиллаж байсан хугацаандаа тэр нүүрсийг нь ингээд аваад ашиглаад, тэгээд улсын нөөц баланснаас хасаад ингээд одоо энд авдаг юмаа авчихлаа гээд ингээд хаачихсан газар байхгүй юу. Аа гэтэл энэ улсууд яагаад нүүрс гаргаж байнаа гэхээр энийг чинь улс өөрийнхөө мэдэлд аваад энийг чинь дэмжих нь битгий хэл энэ улсуудаас давай татвар. Тэгээд энэ улсуудыг чинь нөгөө алтны уурхайтай адилхан том үзээд бариад. Энэ чинь одоо энэ биш шүү дээ. Ердөө тийм юм биш. Нэг ёсондоо энэ чинь одоо хогны цэг дээр аваачсан хогноос амьдарч байгаа улсууд нэгдүгээрт. Аа ганцхан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаасаа мэргэжлийн бус улсууд байгаа учраас аваар осол гарч л байгаа болохоос биш, улсын хэрэггүй гээд хаяад хаагаад үлдээчихсэн ийм талбайд л байж байгаа улсууд. Тийм учраас улс энэнд нь зохицсон юм хийх ёстой юм. Хийх ёстой, энийг дэмжих ёстой байхгүй юу. Аа гэтэл энийг одоо ад үзэж байгаа явдал бол Налайхчуудад маш их том одоо гай тарьж байна л гэж би бодож байгаа. Энийг одоо хааж боож ингэж байх ямар ч үндэс байхгүй. Энэ чинь нэг уурхайчин хүн ажиллаад цаад талд нь дор хаяад л нэг хүний чинь цаад талд 3-4, 5 дээд тал нь 10-аад хүн байж байгаа ш дээ. Энэ болгон тэжээгдэж байхад энийг амьдралыг хүчээр ингэж огтолно гэж байж таарахгүй. Энэ бол тэр хүмүүнлэг нийгэм биш, хүмүүнлэг нийгмийн хийдэг ажил биш. Аа энийг боловсронгуй болгоод тэр нөхцөл байдалд нь тохирсон технологий нь энэ улс олж нийлүүлээд, тэрүүгээр нь дэмжээд, мэргэжлийн улсуудыг нь сургаад, мэргэжлийн улс бий болгоод, зохион байгуулалтанд оруулаад ингэх юм бол хүн хүлээж авна ш дээ. Ингэхгүй юмыг нь ирээд л шууд жадлаад хаагаад бүх юмыг нь хориод байна гэж. Тэгэхээр энд Монгол жоохон ойтой нь үнэн. Аа газрын дор бол модоор бэхэлж амиа хамгаалдаг байхгүй юу. Аа гэтэл нүүрсийг нь гаргахыг нь зөвшөөрчихөөд аан ойг нь хаагаад хаячихдаг. Хүрээд ирэхээр нь хулгай хийлээ гээд буудчих гээд байдаг. Ийм өөрийнхөө одоо хэлсэн үгний эсрэг юм хийгээд болуул хэрэг байхгүй. Тэгэхлээр энүүнд тэр аваар осол гарч байгаа, хүний амь сүйдэж байгаа энэ юунд төр засаг өөрөө буруутай. Өөрөө буруутай, өөрөө буруу үйл ажиллагаа явуулж байна. Улс модыг нь өгөх ёстой байхгүй юу. Тэгээд би ингэж хэлдэг юм л даа. Танууд уурхайчдыг мод хулгай хийж байнаа, авч байна энэ тэр гэж уурхайд нийлүүлэхгүй энэ тэр гэж энэ буруу. Өг энэ чинь хулгай хийж байгаа юм биш. Хулгай хийж байгаа юм шиг харагдаж байвч яахав гэх дээрээ зэрэг тэнд ойд ургаж байсан модыг огтлоод авчихсан нь үнэн. Аа гэтэл энд ирээд газрын дор оруулчихаж байгаа юм. Энд бидний хойч үед хэдэн зуу ч байдаг юм уу хэдэн арван мянган жилийн дараа ч байдаг юм уу ахиад уурхай. Модноос нүүрс үүсдэг байхгүй юу. Тэгэхээр ахиад уурхай байж байгаа. Тэр модыг хүн хөрөөдөөд үнс болгочихоогүй. Тэр мод чинь мод хэвээрээ байгаад байгаа юм. Мод хэвээрээ байгаад аа тэгээд тэрийг ганцхан дээд нөхцөлөөс нь доод нөхцөлд нь оруулчихсан. Эргээд тэр чинь тэр баялаг нь баялаг чигтээ байгальдаа үлдэж байгаа байхгүй юу. Энийг л ялгаж олж харахгүй байгаа юм. Тэгэхээр би бүгдийг нь тэгээд огтлоод бай гэж байгаа юм биш. Аан таарсан таарсан зохицуулалт хийгээд жижигхэн одоо энэ олон хүнийг хувиар нь ухуулахгүйгээр нэгдсэн нэг системд оруулаад хэдхээн жижиг уурхай болгоод, тэнд нь ажиллуулаад, өгдөг тэр хангадаг ёстой тэр мод юу байна гэрэл цахилгаан одоо тэгээд л тэр агааржуулалт юм болгон байна ш дээ. Тэгээд энэ болгоноор нь хангаад өгчих юм бол ямар ч проблем байхгүй, ямар ч хэл үг байхгүй. Ийм юм хийх юмыг төр засаг нь байж байна, дор нь яам байж байна, дор нь агентлаг байж байна. Тэгээд агентлагийн одоо хичнээн салбар одоо нөхөлгүй олон юм байна ш дээ. Энэ их олон шат дамжлага, удирдлагын энэ их бүдүүлэг том сүлжээ бол одоо л байгаа. Уг нь манай энэ ардчилагчид өөрснөө гарч ирэхдээ бол юу гэж хэлсэн бэ?гэх дээрээ зэрэг цомхоон тийм юм болгочих юм хэлж, ард түмэнд ойлгуулж гарч ирсэн. Одоо бол нүсэр аппарат болоод өөрснийгөө л цулайлгаад байгаа юм. Монголын чинь төрийг нэг ёсондоо 9-хэн хүн барьж байсан байхгүй юу. Цэдэнбал Цэдэнбал гээд л муу хэлж байна. Улс төрийн товчоо гэдэг чинь 7, хоёр орлогчтой 9 хүн. Хамгийн дээд тал нь 11 л болж байсан. Тэгэхээр энэ улсууд л Монголыг чинь командлаад болж байсан байхгүй юу болоод явж байсан. Аа гэтэл одоо юу вэ?тэр дээр одоо хичнээн хүн байна бид мэдэж байгаа ш дээ. 76. Хоёр сая хүнд 76 их хурлын гишүүнээр яах юм. 33 юм уу 31 байхад л хаваск. Тэгээд тэр нь зөвхөн хууль боловсруулдаг зөвхөн хуулиа л хийдэг, хуулиа л мэддэг, хуулиа л боловсруулаад л, журам дүрмээ л гаргадаг ийм л байгаад байвал тэдний хийх ажил Монголд хангалттай. Одоо яаж байна гэхээр 76 хүн суучихаад засгийн газрын эрх мэдлийг ч булааж аваад л тэнд л ороод хошуу дүрж л байдаг, тэнд аймаг байж байсан ч тэрэнд ороод хутгалдаж явдаг ийм. Энэ чинь төрийн замбараагүй тогтолцоо. Нэг ёсондоо ерөөсөө задгайрсан ийм өөрийнхөө эрх мэдэл, хангамж тэрийг томсгосон. Би боддог юм тухайн үеийн улс төрийн товчооны гишүүдийг тусгай хангамжтай энэ тэр гэж байсан байх. Үнэн чанартаа хөөрхий зайлуул аштайхан нэг өдрийн хоол идчихэж байсан юм уу үгүй юм уу. Би бол бараг үгүй гэж боддог. Маш их харамсаж явдаг тэднүүдийг одоо муу хэлж барихад маш их дургүй байдаг. Биднууд ахмад үеэ өшиглөчихөөд өөрөө хүн байж амьдарна гэдэг бол утгагүй хүн төрөлхтөнд байж болшгүй зүйл. Аа ийм юм хийсэнд нь болуул маш их эмзэглэж явдаг хүн би. Үнэхээр 9 хүн тусгай хангамж эдэллээ ч гэсэн Монголоос идэж байсан юм нь жоохон. Жоохон маш жоохон. Аа гэтэл одоо 76 дээр засгийн газрын гишүүд дээр нь их хурал бүхэл бүтэн ерөнхийлөгчийн гээд ингээд ийм том том аппаратууд тэр их том хангамж эдэлж байнаа даа. Энэ бол үнэхээр энэ байж болшгүй, одоо Монголын хөгжилд хамгийн их саад болж байгаа юм ерөөсөө л энэ. Өөрснөө л байгаа. Монголын ард түмэнд буруу гэж байхгүй. Монголын ард түмэн гэдэг бол их энийг зөв ухааруулбал ойлгоно. Аа ухааруулах юм болвол буруу тийшээ л яваад байна. Тэгэхээр энэ чинь одоо нэг ёсондоо бас үзэл суртлын 2 ондоо дайн яваад байгаа л даа. Манайд чинь би бол тэгэж ажиглаад байдаг юм. Нэг ёсондоо ардчилсан их сайн нийгэм байгаад байгаа ч юм шиг. Аа нөгөө талдаа бүүр одоо анархизм ноёлчихсон тийм нийгэм байгаад ч байгаа юм шиг. Ийм хоёр юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энүүний дунд ард түмэн хэлмэгдээд л тоглогдоод ингээд бөмбөрөөд байгаа юм. Тэгээд ингэж болмооргүй. Ингээд Налайхын уурхайн түүх бол ийм байдлаар явж байгаад миний түүх хоёр үндсэндээ Налайхад хаагдчихаад байгаа юм. Хаагдаад нэг ёсондоо эцсийн цэг тавигдчихаад байгаа ийм л зүйл. Энэ одоо Налайхад яг одоо би чинь үйлдвэр эрхэлсэн орлогч дарга байсан хүн учраас бас зах зух зарим юмыг ер нь Налайхын тэнд нь тийм юм бий, энд нь ийм юм бий гэдгийг энэ хөрсөн доорх юмыг болуул нарийн бүгдийг нь мэдэхгүй ч гэсэн гадарлаж байна. Тэгэхээр энд юу гэх дээрээ зэрэг Налайхын уурхайг 92 онд хаагаад ингээд консарвацинд тавихад энд одоо судлагдаад, хайгуул хийгдээд тогтоогдоод нөөцлөгдөөд ингээд улсын бүр дансанд авчихсан ийм ашигт малтмал байна уу үгүй юу гэхэд 90 сая тонн нүүрс энд байна. Судлагдчихсан. За энийг зарим нь биднуудыг 90 гэх дээр за арай ч тэгэж байхгүй ээ гэж тэгэж байгаа юм. Зүгээр энэ бол яахав тийм юм байхгүй байж болно. Яадахдаа дор хаяад нэг 50 сая тонн нүүрс байж байна. Аа гэтэл нийслэлийнхээ хажууд 36-хан километрийн зайтай. Нэг ёсондоо энэ чинь юу нийслэлийн нэг дүүрэг тийм ээ. Дүүрэг дотроо ийм том уурхайтай улс хаа ч дэлхий дээр нэг ч байхгүй. Аа гэтэл амандаа байж байгаа өөрийн ходоодон дотор байж байгаа хоолыг л зөв сонгож идэж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо энэ гүний уурхайгий чинь дотор нь тэр нүүрсийг нь дор нь шатаагаад хийжүүлээд авчихдаг тийм технологи дэлхийд байна. Одоо заавал гадагш нь гаргадаггүй. Дотор нь шатаагаад ерөөсөө тэгээд л тэр эрчим хүчийг нь авсан. Үйлдвэрлэдэг газыг нь гаргадаг, түлшийг нь бий болгодог ийм юмнууд байж байна ш дээ. Тэр дэлхийд тийм юм гарчихсан байж байхад энэ рүү тэгэж санаа тавьж байгаа нэг ч хүн байхгүй. Тэр цаагуураа байдаг юм уу би тэрийг яа мэдэх вэ?Харагдахгүй байгаа юм. Аа гэтэл энэнийг чинь тэгэж болно. Аа метан гээд энд чинь бас Налайхын уурхай бол метан тэсэрч бас нэг 20-30 хүн энэ тэр хэлмэгдэж байсан тийм юм бий л дээ. Тэгэхдээ тийм их метантай газар биш. Тийм асар их одоо ашиглачихаар тийм их том метан бол байхгүй. Аа гэхдээ бага хэмжээгээр юм уу аа метаныг бий болгох юмыг энд бас бий болгож болно. Аа тэгээд мөн тэрийг ашиглаж болно. Тэгэхээр энийг чинь заавал одоо нэг их гаргаж бариад л тэгээд одоо чинь түүхий түлш гээд л Улаанбаатарыг бузарлаж байна ухааны юм яриад л байгаа ш дээ. Нэг ёсондоо Монголын мал ад үзэгдээд, Монголын нөгөө түлш нь ад үзэгдээд ингээд эхэлж байна л даа. Ийм л юм болж байна ш дээ одоо чинь явж явж энэ нөгөө тэжээж байсан хоёр юмаа ад үзээд л Монголчууд чинь ерөөсөө хэлэх муу үг нь олодохоо байчихсан. Мал нь бэлчээрийг нь цөлжүүлээд Монгол ерөөсөө элсэн орон боллоо, цөлжөөд Африк болох нь ээ л гээд байгаа юм. Энийг хэн хийж байнаа мал л хийж байгаа. Энэ мал л буруу. Энэ малыг одоо идээд ингээд устгаад дуусгах ёстой л гээд байгаа юм. Төрөхдөө л Монгол хүн гэдэг чинь сүүл хөхөөд л төрдөг байхгүй юу. Аа гэтэл Монгол хүнийг сүүлнээс нь салгачихаад Монгол хүнийг амьдар аа гэвэл ховорхон доо. Одоо байцааны шүүсээр угжуулж өссөн хүн, сүүл өгсөн хүн хоёр хоёр ондоо л юм байгаа юм. Анагаахад хүртэл буруу юм явдаг байхгүй юу. Өөх битгий ид, өөхнөөс татгалз. Монгол хүн өөх идээд, сороод өсчихсөн байж байхад өөхийг нь хорино гэдэг утгагүй. Аа тохируул гэдэг шаардлага байж болно. Тохируул аа идэж хэрэглээ гэдэг. Тэгэхээр ингээд л манайх чинь одоо ерөөсөө ингээд л энэ ямар нэгэн юмны үүх түүх, ахмад үеийн үг сургаал, хүндлэл тэр юмаа сонсохоо больчихсон. Тийм учраас бүх юм ингээд хаягдаад хасагдаад зайлуулагдаад ингээд эхэлж байна ш дээ. Тэгээд энүүнд би маш их эмзэглэж явдаг юм. Бүх юм алга боллоо Монголд. Залуучууд нь оюуны хоосролд орчихсон. Яахав зөвхөн ном эрдэм сураад байдаг. Аа амьдралын их сургуулийн амьдралын юм гэх дээрээ зэрэг юу ч байхгүй ноль болчихдог. Нэг ёсондоо одоо хээр гараад нэг 15 хоног хоол ундгүй гээд явна гэхэд яаж одоо хатаж үхэхгүйн тулд юу хийх вэ гэдгээ мэдэхгүй, аа өлсөхгүйн амь зогоохын тулд би юу идэх вэ?гэдгээ мэдэхгүй л. Байгальд тэр юмнууд нь байж байхад л олж харахгүй л байгаа байхгүй юу. Тэгээд ингээд явах жишээтэй. Тэгээд энүүн дээрээ маш их алдаж байгаа юм. Ийм л юм болоод байгаа юм.

Аруин-Ундрах -

Заа. Хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг ингээд түр өндөрлөе өө.

Балдорж -

Болж байна.

Аруин-Ундрах -

Тэгээд дараа дахин ярилцъя аа. Ярилцлага өгсөнд баярлалаа.

Балдорж -

За зүгээр баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.