Lhagvaa


Basic information
Interviewee ID: 990153
Name: Lhagvaa
Parent's name: Luvsan
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsagaanhairhan sum, Zavhan aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
foreign relations
cultural campaigns
education / cultural production
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
repression
collectivization
work - labor
foreign relations
Chinese
cultural campaigns
urbanization
five-year plan
privatization
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу, та?

Лхагваа -

Сайн, сайн байна уу.

Саранцэцэг -

Би танд одоо Монголын аман түүхийн судалгааны талаар танилцуулж байсан, тэгэхээр одоо хоёулаа ярилцлагаа эхэлье. Таны нэрийг одоо хэн гэдэг вэ, та ямар одоо аймаг суманд төрөв, хүүхэд ахуй үеийнхээ талаар та надад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Лхагваа -

Заа, би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн гол гэдэг газар 1932 онд ард Лувсангийн 1-р хүү болж төрсөн хүн. За би ингээд 1 наснаасаа 8 нас хүртэл мал маллах ч гэж дээ, эцэг эхийн гар дээр, амьдарч байсан даа. Тэгээд Цагаанхайрхан сумын бага сургууль гэж бараг анх шахуу байгуулагдаж байсан даа, тэгэхэд. 40 онд билүү дээ. Тийм, тэгээд тэр сургуулийн орж тэр үед ч одооныхтой адилхан ингээд парта ширээ, сандал тийм юм байхгүй, зүгээр одоо гэр, гэрт тойруулаад, гозойлгож суугаад л тэрэн дээр нь ингээд л номыг нь тавиад л бичүүлдэг. Тэгж сургадаг байсан. Тэрнээс гадна сургалтын материал их ховор. Одоо харандаа бол олддоггүй. Тэр үзэг юм гэдэг чинь байхгүй байсан, бүр сураг ч үгүй байсан. Тийм, тэгээд дэвтэр ч гэсэн ховорхон, тэгээд бас яахав сургуулиас ганц нэг дэвтэр өгнө. Тэгээд л харандаа байдаггүй, энэ дотуураа тийм нэг нүхтэй модыг нүхлээд, тэрэнд хар тугалга цутгаад, тэгээд хар тугалгаар бид бичиж л байсан. Тэгээд л, .... тийм.

Саранцэцэг -

Тэгээд хар тугалгыг чинь хайлуулаад бэх болгоно гэсэн үг юм уу?

Лхагваа -

Тэгээд одоо тэр бэх болгохгүй л дээ, модны хөндийгөөр цутгачихаад, бал шиг ингэж бичихгүй юу. Тийм, тэгээд бичиж байсан. Тэр бол яахав дээ, нэг хоёр өдөртөө байж байна, тэгээд л байхгүй болчихно, арилчихна. Тиймэрхүү л янз янз сурч байсан даа, сүүлдээ 42 оны дайны үеэр тэр чернил үзэг гэдэг юм гарч ирсэн, Тийм, тэгээд тэр үзэг чернил гэдэг юм чинь сургуулиар өгч аваагүй, худалдаа наймаагаар тэгж байж нэг доошоогоо ийм юутай шилэн савтай чернил, ягаан чернил гарч ирж тийм төмөр үзэг, дүрдэг.... тийм үзэг, одоо хумбан цагаан үзэг гэж ярьдаг. Тийм үзэгнүүдтэй, тэгээд чернилээр бичиж эхэлж байсан. Ингээд би тэнд бага сургуулиа дуусгачихаад, тэгээд аймаг дээр очиж дунд сургуульд 7-р ангиа дуусгаад, тэгээд 16-тай байна уу, би наашаа гарсан. Тэр үед манай ээж маань дөнгөж 27, 28-хан настай нас барчихсан. Тэгээд аав маань тэрнээс тун удалгүй өөд болсон. Тэгээд ер нь ганцаараа, өнчин шахуу хүн үлдсэн л дээ, тэгээд л би одоо наашаа яахав, Улаанбаатар гэдэг газар явж юм үзэж бас, газар үзэж одоо юм сурах арга байдаг юм уу гэж бодоод, энд 1948 онд орж ирсэн билүү дээ. Орж ирээд би энд аж үйлдвэрийн техникум гэж нэг техникум байсан юм, тийм, үйлдвэрийн техникум, тэр техникумд ороод, 1951 онд төгсөөд, тэгээд энэ Налайх-Улаанбаатарын нүүрс зөөдөг нарийн төмөр зам гэж байсан, тэр төмөр замд Үйлдвэр Яамны сайд Гомбожав гэж хүн байсан тэр хүний тушаалаар тэр төмөр замд очиж, би 20-хон настай байсан даа, тэгээд нэг цех засварын цех хариуцуулж над өгч, тэгээд би нэг засварын цех хариуцаад, хэдэн засварчинтай тэр вагоны эд анги, янз бүрийн юм засдаг, сольдог л ажилтай байж байгаад, 53 оны сүүлчээр нарийн төмөр зам маань татан буугдаад, тэгээд өргөн төмөр зам орж ирээд, ингээд нарийн төмөр зам татан буугдаад ажилгүй болсон. Тэгээд яахав, над ажил өгсөн тэр юунд, тэр өргөн төмөр зам орж ирж байсан, тэнд техникум энэ тэнд сур л гэж байсан, тэгээд манай гэр бүлийн хүний бие нь тааруухан, дөнгөж төрөөд ёстой нэг дэнтэй, дунтай байсан тэгээд тийм боломж байгаагүй. Тэгээд би юу яасан л даа, Цагдаагийн Ерөнхий газар гэж байсан, тэнд ер нь нэг цагдаа хийгээд ойр зуур яваад, байвал болох юм даа, гэж санаад очоод цагдаа хийсэн. Тэгээд тэр чинь одоо юу 53 он байна уу даа, 53 он. Тэгээд тэрнээс хойш одоо 83 он хүртэл би тэр ажил хийсэн, тэрнээс хойш ч яахав, тэгээд үйлдвэрийн техникум төгсчихсөн, дараа нь 59 онд хуулийн дунд сургуульд орж, хуулийн дунд сургуулийг төгсөөд, оройгоор төгсөөд, тэгээд тэндээ ажлаа өөрчлөөд, цагдаа хийхээ болиод, хэрэг аваарийн хэрэг мөрддөг ажил хийгээд, тийм тэгээд янз бүрийн ажил хийсэн дээ, тэгээд л техникийн байцаагч, тэр шугам замын байцаагч, тэгээд л тасаг группын дарга, янз бүрийн л юм хийсээр байгаад 1983 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд л одоо би ингээд л явж байна даа, тэтгэвэрт гараад 25, 26 дах жилдээ явж байна, тийм байна. Цэргийн тэтгэвэр бол тэгээд л нэг 25-аас дээш жил ажиллавал тэгээд л тэтгэвэрт гаргадаг шүү дээ. Би тэгээд 30 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Заа иймэрхүү л замтай яваа хүн дээ, би.

Саранцэцэг -

Та айлын хэд дэх хүүхэд билээ?

Лхагваа -

Би айлын 1 дэх хүүхэд нь.

Саранцэцэг -

Таны доор хэдэн хүүхэд байна?

Лхагваа -

Миний доор 4 байж байгаад 3 нь өөд болоод, 1 нь үлдсэн, нэг нь одоо энэ Шарын голд бий, нэг дүү төрсөн дүү, эрэгтэй. Нэг нөхөр байгаа юм. Малтай тэнд нэг хэдэн хүүхэдтэй. Тэгээд байж байна.

Саранцэцэг -

Таныг бага байхад танайхан бог голдуу малтай байв уу, бод голдуу малтай байв уу?

Лхагваа -

Заа одоо манайх ерөөсөө бог бод холилдсон, тийм цөөхөн малтай байсан. Манай ээжийн ах нь тэр Цагаанхайрханы Дуутын Хүрээ гэж байсан, тэр хүрээнд гэсгүй лам гэж байсан юм гэнэлээ. Тэгээд баригдаад, чухам хэдэн онд баригдсан нь мэдэгддэггүй юм, бараг нэг 6,7-той байхад л шоронгоос гарч ирж байсийм. Тэрийг л би мэддэг юм, баригдаад явахыг нь бол би мэдэхгүй юм. Намайг бараг гараагүй байхад баригдсан юм шиг байгаа юмаа, одоо бодоод байхад. Тийм. Тэгээд ...

Саранцэцэг -

Хэн гэж хүн байсан бэ?

Лхагваа -

Мяндаг гэдэг хүн байсан юм. Тэр хүн маань нутагтаа очоод, энд шоронд байж байгаад, өрөөсөн гар хөл нь татчихаад, тэгээд гудамжинд шоронгоос гаргалаа чамайг гээд гудамжинд хаячихсан юм гэнэлээ, буулгаад. Тэгээд нэг Консулын дэнж гэж одоо ч бий, Консулын дэнж. Тэр дэнж дээр буулгаад хаячихсан тэгээд уруугаа харсан, доор нь нэг хэдэн айл байсан, тэр рүү өнхөрч очиж нөгөө явж чаддаггүй, таяг байдаггүй, өнхрөөд нэг айлын гадаа очоод, учир явдлаа хэлээд ...За би ингэсэн ингэсэн, тэгээд одоо намайг шоронгоос гаргалаа, энэ зам дээр буулгаад хаячихлаа, туслаач бариач гэж гуйсан, харин тэр нь манай Завханы айл болтой байсан байгаам. Тэгээд тэр айлын нөхдүүд тусалж, шуудангийн тэргэн дээр хавтгайгаар нь нэг юм аваачиж өгөөд, тэгээд ямар ч гэсэн нэг аймагтаа очоод, тэгээд нутагтаа очсон хүн л дээ. Тийм, тийм учиртай. Тэгээд Отгонтэнгэрийн чинь нэг сайн рашаан бий шүү дээ, 1 жил ороод л тэр хөл гарынх нь татсан юм хум нь тавиад, байж байгаад нутагтаа байж байгаад, өөд болсон доо. Тийм.

Саранцэцэг -

Танай аав ээжийн талын улсуудад хэлмэгдэж байсан өөр хүн бий юу?

Лхагваа -

Өө..

Саранцэцэг -

Хэлмэгдэж байсан гэж, энэ хүн хэлмэгдээд орсон юм бол уу, яасан юм бол?

Лхагваа -

Тийм, энэ хүн хэлмэгдэж л орсон юм шиг байгаам. 30 оны үед л орсон хүн шиг байгаам. Тийм, хэлмэгдэл ч 30 оноос явагдаа биз дээ. Тийм 30 оны үед л хэлмэгдсэн хүн шиг байгаам. Тэгээд энэ хотод орж ирээд, энэ Тэрэлж гэдэг газар мод хийж байгаад л, тэгээд л одоо олон жил чийгтэй газар хэвтэж байгаад л болохоо байгаад, тэгээд хөл гар нь татсан юм шиг байгаам. Тэгээд л нэг юм шоронгоос гараад л, хариад нутагтаа байж байгаад өөд болсоон, зайлуул.

Саранцэцэг -

Танай аав ээж болбол мал ахуйгаа додомдоод л, тэгээд л байцгааж байсан улсууд уу?

Лхагваа -

Өө тийм, мал ахуйгаа янзлаад, тэгээд тэр чинь бас нөгөө хэдэн мал байсныг нь 2 ч ахиж хурааж авсан гэж байгаам, одоо тэр том мяндагтан тушаалтан лам байсны учир хөрөнгийг нь хурааж байгаам гэж 2 ахиж хөрөнгийг нь хураасан байгаа юм, тэгж ярьдгийм. Тэгээд хэдэн цөөхөн яахав дээ, нэг таргийн нэг хэдэн ямаатай, саалийн 2,3 үнээтэй, нэг уналгын ганц нэг адуутай, үлдээсэн юм шиг байгаа юм. Сүүлд нь тэгээд тэр нь яахав, өсч өргөжөөд, намайг бас нэг яахав мэдээ ороод 6, 7 хүрэхэд овоо хэдэн юм болчихсон байсан. Тэгээд л би ч одоо манай дүү манай ээжийн эгч Улаанбаатар орж ирэхдээ дүүг аваад ирчихсэн байсан, энд. Тэгээд гол нь одоо дүүгээ авах, санаатай энд орж ирээд л, тэгээд л энд ажил хөдөлмөр хийгээд л, ингээд л шингэчихсэн юм. Ийм л юм байгаам.

Саранцэцэг -

Аа тэр танай таны бага байх үед танай яг гэр орны амьдрал бол хүнд, хэцүү байсан уу?

Лхагваа -

Үгүй ээ, одоо яахав дээ, хөдөөний улс гэдэг одоо нэг муу утаатай шар эсгий гэртэй, ил галтай, одоо тэгээд л ер нь тун базаахгүй байсан шүү дээ. Одоо тэгээд л нэг муу дан цоорхой гэртэй, өвөл цас шуурна, тэгээд ядуу л байсан хэрэг, л дээ. Ядуу л байсан, тэгээд яахвээ тэгээд болоод л байсан даа тэгээд.

Саранцэцэг -

Таны тэр доор байсан 3 дүү нас барсан гээд ярилаа, тэд бүгдээрээ өвчний учраас нас барсиймуу?

Лхагваа -

Үгүй ээ, одоо тэгсэн л байх даа, намайг жаахан байхад л тэгээд л өнгөрчихлөө л гэдэг байсан, гараад л өнгөрчихлөө л гэдэг дандаа эмэгтэй л хүүхдүүд гараад л байхгүй болчихлоо гэдэг тийм л байсийм. Тэгээд тэр манай дүү бид 2 л үлдсэн ухаантай юм.

Саранцэцэг -

Тэр хэлмэгдлийн үеийг хүмүүс юу гэж ярьдаг юм бэ, яг хэлмэгдэл болоод.., төр засаг тэр хэлмэгдэж байгаа улсуудынхаа тухай тайлбар эд нар хийдэг, тийм юм та сонсож байсан уу?

Лхагваа -

Үгүй дээ, би ч одоо тэгэхэд жаахан байсан мэдэх юм байхгүй дээ, ер нь тэгээд л ийм л байдаг юм байж дээ гээд л бодоод явж байсан байх.

Саранцэцэг -

Танай нутагт тэр хэлмэгдсэн хүмүүсийг шүүх, хуралдаан муралдаан гэсэн юм сонсож байгаагүй юу?

Лхагваа -

Байгаагүй, ерөөсөө аваад л бариад л явлаа л гэсэн тэгээд л байхгүй. Эргэж ирдэггүй тэгээд л тийм л байсан.

Саранцэцэг -

Таны тэр ээжийн ах шоронгоос суллагдаад гарсан гээд тэр хэрэг юм нь сүүлд нь цагаадсан уу?

Лхагваа -

Цагаадаж чадаагүй, би ингээд хөөцөлдөөд өргөдөл мөргөдөл гаргаад тэгээд нөгөө орсон оныг нь мэдэхгүй болохоор болж өгдөггүй. Хэдэн онд шоронд орсон нь мэддэггүй, тэгээд одоо бүх оныг одоо шүүх одоо хаашаа байдаг юм, 37, 38 оныг хүртэл чинь олон жилийн юм шүүх болно, тэгээд залхуурсан юм байгаа биз, тэгээд олдохгүй байна гээд орхичихсон, би тэгээд ч дахиж очоо ч үгүй.

Саранцэцэг -

Гэтэл тэр хэлмэгдсэн улсуудын бүртгэл юман дотор нь нэр ус нь яг байж байна уу?

Лхагваа -

Байхгүй байна. Байхгүй байгаа юм, гаргаад тавьчихсан нэр байсан юм, анхандаа нэг аймаг сумаар нь гаргачихсан нэр. Тэр дотор байхгүй байсан. Тийм.

Саранцэцэг -

Яг одоо барьж авч явахдаа юу гэж хэлээд барьж явсан тухай ярьдаг байсан уу?

Лхагваа -

Аа тэр ламын хэргээр баригдсан л гэж ярьдаг байсийм. Тийм ерөөсөө л, өөр юм байхгүй. Тийм л байсан юм.

Саранцэцэг -

Та нэгдэлжих хөдөлгөөн яаж явагдаж байсан талаар мэддэг үү?

Лхагваа -

За яахав дээ, намаг энд байхад л нэгдэлжих хөдөлгөөн чинь явагдсан шүү дээ. Тийм, энд байхад явагдсан юм, тавин хэдэн оны үед, тэгээд нутагтаа очиход нэгдэлжих хөдөлгөөнд орчихлоо гээд одоо манай хамаатангийн улсууд би ч яахав дээ, очоод тэгээд орон гэр ч байсан биш, нэгдэлд орж байна, хонь малаа тушаалаа өглөө, мал оронд нь хариулах мал авлаа, энэ тэр гэж ярьж л байсан. тэгээд нэг их сонирхоо ч үгүй тэгээд л одоо өнгөрсөн л дөө, тэр үед.

Саранцэцэг -

Нэгдэлжих хөдөлөөнд чинь тэр дандаа мал ахуйтай улсуудыг авч байсан юм уу, ер нь ямар ч одоо малгүй улсууд хүртэл нэгдлийн гишүүн болж байсан юм бол уу?

Лхагваа -

Өө огт малгүй улсууд болж байсан байх, тэр үйлдвэр бригад гэдэгт нь ороод одоо гар, мужаан юм хум хийдэг, мод хийдэг, поошиг моошиг сав хийдэг, улсууд тэнд орчихсон байсан. Тийм нэгдэлд нэгдлийн гишүүн болоод, тэр үйлдвэр бригад гэдэгт, ороод ажил хийдэг тийм байсан,

Саранцэцэг -

Яг нэгдэлжих үеэр бол таны эцэг, эх бол байхгүй байсан уу?

Лхагваа -

Аль хэдийний байхгүй болсон, бараг тийм манайх гэдэг айл байхгүй болчихсон тийм байсан. тийм.

Саранцэцэг -

Тэр кино, мино юмнаас харж байхад улсууд мал ахуйгаа нууж эд нар байсан тухай гардаг, та яг тийм юм сонсож байв уу?

Лхагваа -

Үгүй ээ, тийм юм ер нь яригдаж байгаагүй ээ, тэгээд манай тэнд чинь алс холын аймаг байсан, ер нь нэлээн жаахан бүдүүлэг, гэхдээ их шударга байсан ш дээ, тэр үед, хүмсүүд чинь. Тийм одоо ер нь хүн юу гэж хэлнэ, тэрнийг л дагана уу гэхээс аа үгүй энийг ард нь ороод ингээд залилчихъя, тэгээд мэхэлчихье гэдэг тийм санаатай хүн ерөөсөө ч байгаагүй. Тийм, тийм л сайхан ард түмэн байсан шүү.

Саранцэцэг -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр нэгдэлжүүлэх хөдөлгөөний тухай ярьдаг байсан байх даа?

Лхагваа -

Өө ярьж байсан, ярьж байсан.

Саранцэцэг -

Яг юу гэж ярьдаг байсан болоо?

Лхагваа -

Тэр одоо нэгдэл гэдэг юмыг л бий болгож л, нэгдсэн журмаар л мал ахуйгаа өсгөж л, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талын л юм ярьж байсан санагдаж байна. Тийм л юм ярьж байсан.

Саранцэцэг -

Ер нь одоо нэгдэлжих хөдөлгөөн хүмсүүдэд яаж нөлөөлсөн гэж боддог вэ?

Лхагваа -

Үгүй ээ яахав, тэр чинь одоо тухайн үедээ бас л зөв л байсан шүү, тийм одоо ядуу улсууд, мал цөөтэй улсууд яая гэсэн улсууд ч хэдэн цөөхөн малаа өгчихөөд, одоо оронд нь одоо хотоор хонь ч юм уу, сууриар үхэр аваад хариулаад, тэндээс хөдөлмөр өдрийнхөө хөлсийг аваад, тэгээд өөртөө бас нэг хангайн бүс, одоо говийн бүс, тал хээрийн бүс гээд одоо 3 хуваагаад, цөөн тооны мал өгдөг байсан ш дээ хувьд нь. Тэгээд хөөрхөн бас хуучнаасаа арай л өөр амьдарч эхэлж байсан л даа.

Саранцэцэг -

Тэгэхдээ яг нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг одоо мал ихтэй, бүр 1000-т малчин эд нар хүмүүс яаж хүлээж авч байсан бол?

Лхагваа -

Заа, тэрнийг одоо ёстой мэдэхгүй байна. Тэр үед ч би тэнд байгаа ч үгүй би, энд байсан одоо.

Саранцэцэг -

Хувь хүнийг нэгдэлд элсүүлэхдээ ер нь яаж элсүүлдэг байсан юм бол?

Лхагваа -

Өө яахав, нэгдлийн гишүүд гээд хурал хийж байсан юм шиг байгаа юм, тэгээд энэ нөхрийг, .........энэ Лхагвааг жишээлбэл, нэгдлийн гишүүнд авах уу, энэ одоо мал хөрөнгө нь төдий, амьдрал ахуй нь тэд, ам бүл нь төд, авах уу гээд хэлэлцүүлээд, заа тэгээд авъя гээд гараа өргөөд, тэгээд авч байсан юм шиг байгаам. Тэгж л ярьцгааж байсан, тийм.

Саранцэцэг -

Та хөдөөнөөс наашаа орж ирсэн, энд тусгай дунд сурууль төгссөн, дараа нь ажилд орсон, тэр үед хүмсүүдийг яаж ажилд авдаг байсан? Ажилд авахдаа хүнийг ямар журмаар ажилд авдаг байсан?

Лхагваа -

Ажилд орохдоо одоо яахав, зүгээр, ажил хайж явсан хүмсүүд болбол, эрж, хайж яваад л орчихдог, томилгоогоор очсон улсууд бол шууд очоод л ажилдаа орчихдог, ерөөсөө ийм л 2-хон л юм байсан. Тийм.

Саранцэцэг -

Та одоо жишээлбэл, өөрийнхөө тэр ажилдаа хэн нэгэн хүний юугаар очиж оров уу, өөрийнхөө өөрөө явж очоод л....өргөдлөө өгөөд л...?

Лхагваа -

Өөрөө явж очоод л, сургуулиа нэг юм дуусгаад л, тэгээд л одоо хаана очдог юм билээ гэж, тийшээ оч сайдын тушаал гарсан гээд, тэгээд тийшээ яваад очсон, ерөөсөө л.

Саранцэцэг -

Та одоо яг хийж байсан ажилдаа дур сонирхолтой байсан уу?

Лхагваа -

Үгүй яахав зүгээр, одоо тэр үед чинь техникийн ажил бас тийм их элбэггүй, тийм байсан тэгээд л тостой хутгалддаг, тийм айхтар ажил байсан, тэгээд хийж л байсан л даа, одоо яахав тэгээд л болж л байсан.

Саранцэцэг -

Нарийн төмөр замыг юунд голдуу их ашигладаг байсан юм?

Лхагваа -

Нарийн төмөр замыг вагон чинь одоо яваад Налайхаас нүүрс татаад энэ 1-р цахилгаан станц гэж байсийм, тэрнийг л одоо түлшээр хангадаг л газар байсан ш дээ. Тэгээд энэ хотын хөдөлмөрчдийг нүүрсээр хангах тийм, зөвхөн энэ 2-н хооронд явж байсан юм. Тийм, нарийн төмөр зам байсийм. Тийм вагон. Тэгээд дандаа ящик, тэгээд суудлын вагон эд нар явдаггүй шахуу, хааяа нэг ганц нэг юм явдаг, баяр ёслолооор, тиймэрхүү юм байсийм, за тэгээд тэр яахав, тэр чинь одоо яг л уурын зуух шиг л ажиллагаатай, машин шүү дээ, тийм. Уурын хүчээр ажилладаг, нүүрс түлдэг, ус нүүрс хоёроор явдаг, тийм вагон байсан, тийм. Паровоз гэж. Тэрний засвар үйлчилгээ хийнэ, эд ангийг нь солино, наана цаана гээд. Янз бүрийн л юм байна л даа. Тийм байсан. Тэгээд яахав, тэрийгээ хийгээд л, олон сайхан нөхдийн хүчээр тэгээд муу хүүхэд очиж байсан, тэгээд л дэмжээд л, болж л байсан.

Саранцэцэг -

Их хэцүү санагддаг зүйл юу байсан, шантраад хэцүү санагддаг зүйл таныг ажил хийж байх үед байсан уу?

Лхагваа -

Үгүй ээ, үгүй тийм юм ерөөсөө байгаагүй. Тэгээд яадаг билээ, би ч одоо мэдэхгүй ч юм уу, чадахгүй ч юм уу, үгүй ээ одоо энэ ч яасан хэцүү юм гэдэг юм ерөөсөө байгаагүй. Урд өмнө яахав, юмыг нь заалгачихсан, байсан болоод ч тэр юм уу, тэгээд л олон сайн нөхөд тусалж байсан, тэгээд л дэм дэмэндээ болж л байсан.

Саранцэцэг -

Та хэдэн төгрөгний цалин авдаг байсан гэлээ?

Лхагваа -

Тэр үед ч одоо юу билээ, энэ чинь 480 билүү, тийм л цаасны цалинтай байсан. 480 цаас. Тэгээд л дүүтэйгээ хоёулахнаа айлын галын өрөөнд орчихсон, яахав, тэгээд хоёулаа нэг юм амьдраад л, болоод л байсан.

Саранцэцэг -

Дүү чинь тэгэхэд юу хийдэг байсан?

Лхагваа -

Жаахан байсан. Миний дүү тэгэхэд чинь 12 настай л байсан байх. Сургуульд сурдаг байсан.

Саранцэцэг -

Та тэгээд цалингаа аваад, ажил амьдралд чинь хүрч байсан уу?

Лхагваа -

Ээ дээ, хэцүү хэцүү. Зүгээр одоо яахав дээ, хүүхэд болохдээр цалингаа буунгуут янз бүрийн юм авч идэж уух одооных шиг тийм элбэг, дэлбэг юм байхгүй байсан шүү дээ, тэр үед чинь. Юу ч байхгүй, тэгээд л одоо идэж уух өмсөх зүүхдээ л хэрэглэнэ үү гэхээс өөр юм байхгүй, тийм л байсан. Тэр үед ч одоо улсын худалдаа гэдэг юм байхгүй, дандаа одоо хувийн хятадын дэлгүүр юмнууд байсан шүү дээ. Хятадын дэлгүүр одоо бүх юм хятадын үйлдвэрийн, хятадын гарт байсан шүү дээ, ерөөсөө л гэр ахуйн дэлгүүр байлаа л гэхэд хятад хийдэг, хятад дэлгүүр. Одоо хүнсний дэлгүүр байлаа л гэхэд хятад талхаа барьдаг, тийм дэлгүүр. Тийм одоо, тиймэрхүү л юм байсан л даа.

Саранцэцэг -

Одоо ер нь хүмсүүдийг харж байхад хүмүүс ингээд ажилд орж байгаа байдал нь хүмүүсийн ажилд хандаж байгаа байдал, социализмын үеийнхээс ямар ялгаатай байна ?

Лхагваа -

Их ялгаатай байна. Одоо бол танил талгүй, одоо 10, 5 мөнгөгүй хүн ажилд орж чадахаа байсан байна, тийм. Аа одоо орсон хойноо үнэнч шударга, одоо ёстой энэ тагийг л одоо ингэж хийдэг бол одоо өшөө сайжруулаад хийчихье гэдэг тийм сэтгэлтэй хүн ч цөөхөн болсон байх шиг байна, тийм. Тэгээд ер нь жаахан хэцүү л болсон шиг байна даа, их юутай болж, их л өөр болсон байна.

Саранцэцэг -

Социализмын үед ажилд хандахдаа ямар байдлаар ханддаг байсан бэ?

Лхагваа -

Ер нь одоо хий гэсэн юмыг дор нь их л сайн л хийхийг бодож хийцгээж байсан, тийм. Тэгээд одоо ялангуяа техникийн юмыг буруу хийх юм уу, дутуу хийх, чангалах юмыг сул орхих, юмнууд гарвал тэгээд тэр ч одоо дороо эвдрэл гараад л ёстой бөөн юм болно шүү дээ. Тэгээд цаанаа тийм болохдээр тэгдэг ч байсан юм уу, ер нь их сайн хийдэг байсан, тийм.

Саранцэцэг -

Ер нь тэгээд л таныг ажиллаж байх үед эрх тушаалтай дарга улсууд, доод тушаалын улсуудтайгаа харьцах харьцаа нь ямар байсан бэ?

Лхагваа -

Яах вэ, одоо тэгээд зарим нь ч одоо тааруухан шиг байсан, зарим нь ч гайгүй л байсан. ер нь голцуу л гайгүй байсан даа. Ер нь тийм нэг учиргүй, ажлаа л бүрэн хийж чадаж байвал, тэгээд тэр хүнд дургүй хүн байхгүй байсан, тийм. Чадахгүй байвал одоо чи чадахгүй байна, наана цаана, хэлээд яриад болохгүй бол халчихдаг тийм байсан. Тэр бол байсан.

Саранцэцэг -

Ажилд одоо орсон хүн чинь анх ажилд ороод, ажил мэргэжилдээ ингээд дадлагажаад, зэрэг дэв ахихдаа ер нь ямархуу журмаар ахидаг байсан бэ?

Лхагваа -

Үгүй одоо яахав, тэгээд л ер нь одоо ажилдаа л үнэнч шударга сайн хийгээд яваад байх юм бол, тэгээд л бас нэг шат шатаар жаахан жаахан ахиад л яваад байдаг, тийм байсан. Муу хийгээд, тэгж ингэс хийгээд тэгээд одоо халагдаж солигдоод алга болдог, нэг иймэрхүү л чигтэй байсан даа. Дээр үед ч одоо хүн ер нь үнэнч шударга байсан шүү дээ, болбол. Одоо хот хөдөөгүй. Хүмсүүд бол шударга, ерөөсөө одоо юмыг мэхэлчихье хуурчихъя, тийм юм боддоггүй, хулгай дээрэм, худал үнэн, тийм юм их бага гарна. Одоотой адил тэнд ч нэгийгээ алчихаж, энд ч алчихлаа гэх юм байхгүй, ерөөсөө байхгүй.

Саранцэцэг -

Ажлаас гадуур ажил, амралтын арга хэмжээ зохиогдоно гэж байдаг байсан уу?

Лхагваа -

Заа яахав дээ, гайгүй дээ, нэг их онц юм байхгүй, ер нь. Ажлаа хийж чадаж байвал одоо болдог, тус тусдаа хариуцсан ажилтай, тэрнийгээ л гүйцэтгэвэл тэгээд л болоо.

Саранцэцэг -

Дарга улсууд ер нь жирийн улсуудтай адилхан хувцас хунар өмсөөд адилхан юм хэрэглээд явдаг байсан уу, аягүй их ялгаатай харагддаг байсан уу?

Лхагваа -

Үгүй ээ, үгүй. Яахав дээ, их том дарга нар бол одоо конторын том дарга нар бол хувцас хунар өөр л байлгүй яахав. Тийм, тэгээд одоо бид нар шиг тостой юмтай холилддог юмнууд бол адилхан нэг л бөөрөнхий тос л байна л даа /инээв/ тийм.

Саранцэцэг -

Таны ажиллаж байх үед гадаадын мэргэжилтнүүд хэр их ажилладаг байсан бэ?

Лхагваа -

Ер нь зөвлөхгүй газар байгаагүй шүү. Оросын. Тийм одоо Оросын зөвлөхгүй газар ер нь байгаагүй. Манай нарийн төмөр замын газар аль ч салбарт, манай тэр нарийн төмөр замын газар гэхэд л 2 ч зөвлөх байсийм, тийм. Вагоны аюулгүй байдал хариуцсан нэг зөвлөх, тэр техник локомотивын ажиллагаа хариуцсан нэг зөвлөх, тийм 2 хүн байсан.

Саранцэцэг -

Ер нь гадныхантай бол монголчууд хэр харьцаатай байсан бэ?

Лхагваа -

Өө одоо их эелдэг, оросыг бол ер нь муу хэлдэг хүн байгаагүй шүү. Тийм их сайн, ер нь ч тэгээд оросууд чинь Монгол орны малыг нь эрүүлжүүлж өгсөн, хүнийг нь эрүүлжүүлж өгсөн, тийм. Тэгээд одоо хүнсийг нь хүртэл эрүүлжүүлж өгсөн шүү дээ. Ер нь муу байх үндэс байгаагүй, сайн л байсан,

Саранцэцэг -

Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс гадна бусад одоо ямар орны улсууд Монголд ирж очдог эд нар тэгээд, энэ Монголд суурин амьдардаг эд нар байсан?

Лхагваа -

За даа, ер нь энэ Өвөрмонгол, Хятад талын улсууд ганц нэг байгаад байсан. Тэгээд Оросын Холбооны улсын улсууд байсан, голцуу мэргэжилтнүүд, авгай хүүхэдтэйгээ байсан. Заа тэгээд, өшөө ч нэг их олон юм байгаагүй байхаа, тийм.

Саранцэцэг -

Хятадуудыг нэг Монголоос гаргасан гэж ярьдаг юм байлээ. Тэр талаар мэдэх үү? 70-аад оны үед?

Лхагваа -

Аа тийм. Хятадуудыг ч энэ Энхтайвны гүүр мүүр, 100 мянгат эд нарыг чинь бариад, нэг баахан хятад ирсэн ш дээ. 500 хятад ирлүү, яалаа. 5000 ч ирлүү, тэгээд тэр нөхдүүд чинь энэ барилга юмаа бариад, дандаа зохион байгуулалттай нэгдсэн байранд байдаг тийм, тэгэхнээ тэр чинь уг нь нэг л цэргийн л нэг арми л байсан юм байлээ л дээ, тийм. Одоо ярьж байхад тэр. Тэгээд ажил нь дуусаад, тэгээд муудах тийшээ хандаад манай хоёр, тэгээд тэрний чинь ганцхан шөнө ачаад л байхгүй, цөмийг нь ачаад явчихсан ш дээ. Тэр ажиллаж байсан хятадуудыг. Байхгүй. Бүгдийг нь ачаад явчихсан. Тэгээд тэр Цагаан хуаранд одоо байрлаж байсан байр энэ тэр юм нь тэр чигтээ, тэр л сэлбэг хэрэгсэл одоо тэр л явуулж байсан үйл ажиллагаа, бүх юмаа тэр чигт нь хаяад, нэг шөнө түргэн жагсаал аваад л аччихсан юм шиг байналээ. Тэгээд л гараад л явчихсан л даа.

Саранцэцэг -

Тэр төмөр замаар чинь энд байсан суурин хятадууд хүртэл хамрагдаад л..., урагш нь албан хүчээр гаргаж байсан юм уу?

Лхагваа -

Явсан явсан, тийм явсан.

Саранцэцэг -

Тэр харьцаа яг юунаас болж тэгж ноцтой муудсан юм болоо?

Лхагваа -

За одоо яахав дээ, тэгээд л тэр одоо гол нь л улс төрийн л нэг зөрөлдөөн л байсан байх л даа. Манайхыг бол Оросын колони, Оросын колони молони элдэв шалдваар юм ярьж л байсан байх тэр үед, тийм. Тэгээд тиймэрхүү юмнуудаас болоод л, тэгээд жаахан харьцаа муудаад, нэг ч муудаагүй ээ тэгээд, жаахан хүйтэн хэрүүл хийж байгаад, тэгээд гайгүй болсон л доо. Тиймэрхүү юм байсан.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгоо гэж явагдаж байсан, та тэр талаар санаж байна уу?

Лхагваа -

За тэгэхэд чинь ч би энд байсан, тэгэхдээ тэр үеэр хөдөө нутагтаа очиж л очсон л доо, амралтаараа очиж байхад, соёлын довтолгоо болж байгаа аа одоо ерөөсөө зүгээр хөдөөний улс чинь, нэг гар нүүрний алчуур гээд л нэг пад хар юм байсан, тэрнийгээ угааж цэвэрлэдэг болсон, гэр нь гэж нэг дотор тал нь хөө нь унжсан, нэг хар утаа байсан, дотуур цагаан бүрээстэй, гадуур цагаан бүрээстэй, болж эхэлж байсан. Орны даавуу, хөнжлийн даавуу, бий болгоно энэ тэр гээд ер нь соёлжиж эхэлж байсан нь тэр байх даа. Тийм юм явагдаж байсан.

Саранцэцэг -

Аа тэр чинь албан байгууллагаар айл өрхөөр явдаг тийм байсан ш дээ?

Лхагваа -

Өө тийм, айл өрхөөр, айл болгонд орж үзнэ. Яахав дээ, одоо энэ униа будаагүй байна, утаатай байна, хөөтэй байна, гэх ч юм уу, одоо тийм шаардлага тавьдаг, тэгээд л буддаг цэвэрлэдэг тийм л байсан.

Саранцэцэг -

Шаардлага хангаагүй улсуудаа яадаг байсан юм?

Лхагваа -

Үгүй ээ одоо, шаардлага хангаагүй бол мэдэхгүй одоо яаж байсан юм, би ч одоо түр амралтаараа хэд хоноод л, сар болоод л буцаж байсан, манай тэнд чинь их бүдүүлэг, захын газар байсан шүү дээ. Аяга шаазанг чинь шаазан гээч юм бол бараг байдаггүй, муусайн хагархай хэмхэрхий модон аяга, тийм байсан. Тэгээд тийм тийм юмнаас болиод, ганц нэг аяга маяга ирээд, бас яахав овоо гэрэлтэй гэгээтэй, болсон.

Саранцэцэг -

Ор дэрний хэрэгсэл, мэрэгсэл шаарддаг байсан уу?

Лхагваа -

Тийм, үзүүлдэг, харуул гэдэг, харуулдаг. Тийм байсан.

Саранцэцэг -

Хувийн ариун цэвэр үздэг, бичиг үсэг сураагүй хүмүүсийг бүлгэм юмаар сургадаг байсан гэж яриад байдаг юм билээ?

Лхагваа -

Тийм, бүлгэмээр сургадаг, сумын төв дээр бүлгэм гэж байгуулаад, нэг гэрт бичиг үсэг мэдэхгүй хүмсүүдийг цуглуулаад, нэг гэрт нь хичээл заагаад, нэг хичээл нэг гэрт нь байрлуулаад, тэгээд нэг тайлагдлаа нэр хүлээгээд, тэгээд явцгааж байсан юм. Тэгээд шинэ үсэг тайлагдлаа гээд.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооны үеэр радио эд нар гарч байсан уу, түүнээс өмнө юм уу?

Лхагваа -

Өө тэрнээс за одоо энэ хөдөөд болбол байхгүй, тэр үеэр л гарсан байх.

Саранцэцэг -

Хэвлэл эд нар хэр очдог байсан?

Лхагваа -

Өө тэр бол байхгүй. Байхгүй ерөөсөө таг. Тийм л байсан ш дээ.

Саранцэцэг -

Аа тэр суман дээр сумын ухуулагч, багийн ухуулагч гэж байх уу?

Лхагваа -

Багийн ухуулагч энэ тэр гээд тусгай семинар сумаас авч, сумынх нь аймгаасаа семинар авч, тэгээд сумынх нь багийнхаа ухуулагч нарыг цуглуулж, тэд нартаа юм ярьж өгч, тэд нар нь айл өрхүүдээрээ явж тарааж хэлдэг, нэг иймэрхүү л байсан. Тэрнээс тусгай сонин гараад ирчихсэн юм, тийм юм байхгүй. Тийм байсан.

Саранцэцэг -

Яг тухайн үедээ улс энэ соёлын довтолоог явуулах шаардлагатай байна л гэж үзэж явуулж дээ?

Лхагваа -

Үгүй ээ, ер нь тэгээд шаардлагатай байлгүй яахав, тийм юм гэж яаж байхав, ухаан нь манай тэнд чинь хагархай аяга байлаа гэхэд шаазан байхгүй, хагархай хэд хэд эмтрээд уначихсан, хөдөс юмаар ингээд наачихсан, тийм муусайн аягануудтай л байсан. Тэрнийгээ сольсон. Тэгээд л одоо дэвшилт явагдаж л байсан.

Саранцэцэг -

Заа, боловсролын салбарт...., эрүүл мэндийн салбарт ямархуу өөрчлөлт гарч байсан бэ? Улсуудад нөгөө урьдчилан сэргийлэх үзлэг мүзлэг хийдэг байсан юм бол уу?

Лхагваа -

Өө хийлгүй яахав, тэрийг чинь албаар хийлгэнэ. Тийм, одоо тэр юуны.., эрүүл мэнд арьс өнгөний одоо экспедиц гэж тусгай одоо машинтай, эндээс гэр оронтой очиж, сум сумын төв дээр очиж, бүгдийг нь хүчээр үзэж, тийм хүчээр үзүүлж байсан, үзүүлэхгүй хүнийг барьж аваачиж үзүүлдэг. Тийм байсан. Тэгээд янз бүрийн л өвчин байсан байх л даа, тэгээд л сүүлдээ эрүүл болсон л доо.

Саранцэцэг -

Хотод ч гэсэн энэ соёлын довтолгоог явуулж байсан байхаа?

Лхагваа -

Явуулж байсан,

Саранцэцэг -

Соёлын довтолгооноор нэлээн сайн шаардлага хангасан улсуудаа урамшуулж байсан гэдэг юм байлээ?

Лхагваа -

Тийм байсан байхаа. Байсан байх, тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд одоо ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Сайн талаараа ч, муу талаараа ч?

Лхагваа -

За одоо яахав дээ, нээх онц юм байхгүй дээ. Тэгээд л яахав, тэгээд явсаар байгаад л насыг ч насалчихлаа. Ажлыг ч хийж дуусчихлаа шүү дээ, тийм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой санагддаг юм байна уу?

Лхагваа -

Байхгүй ээ, байхгүй. Жирийн л нэг явсаар байгаад л дууссан.

Саранцэцэг -

Та 40 онд сургуульд оржээ, сургуульд орж байхад танай эцэг, эх таныг сургуульд их дуртай явуулсан уу? Та цааргалж байхад нь албаар очив уу?

Лхагваа -

Ер нь хүүхдээ явуулдаг хүн тун цөөхөн байсан, явуулахгүй. Хонио хариулуулна, наана цаана гээд. Тэгээд сумаас бүр ..., малдаа хүч хүрдэггүй тэгээд..., сумаас бүр хүчээр хүн хөөж аваачиж, бараг хүчээр аваачиж суулгаж байсан юм. Тэгээд л эхний 1 жил суучихвал тэгээд л болдог, тэгэхдээ сумын дотуур байр гээд нэг хэдэн ер нь тэр үед барилга зарилга тийм юм бол байхгүй байсан ш дээ, юу ч байхгүй. Дандаа нэг гэрнүүд. Байдаг, байрладаг байр нь ч гэр, арай л газар унтаж байгаагүй шиг санагдаж байна. Хичээл ихтэй бол шалан дээр ингээд, эгнээд тойрч суугаад л, өвдгөө гозойлгож суугаад л, өвдгөн дээрээ тавиад бариад л бичдэг, тийм л байсан.

Саранцэцэг -

Та сумын төв дээр байхдаа хаана байсийм?

Лхагваа -

Байранд сууж байсан, дотуур байранд. Дотуур байр гээд нэг юм байсан л даа, тэгээд бас хэцүү ажилладаггүй тэр чинь, хоол унд нь хүрдэггүй зарим өвөл одоо бүр 1, 2 сард хичээл тарна. Тиймэрхүү юм байж л байсан. Одоо түлээ, түлш нь хүрдэггүй, хоол унд нь байдаггүй, тэгээд тараахаас яахав.

Саранцэцэг -

Дотуур байранд суулгаж байгаа хүүхдүүдээ хоол хүнс, тэр түлээ түлшинд нь нэмэрлэж, эцэг эх нь юм өгдөг юм уу?

Лхагваа -

Өгдөг байсан, тийм. Нэг 2,3 тэрэг түлээ ч юм уу, 40-50 кг мах билүү, тийм юм өгч байсан. Нийлүүлдэг байсан. Тийм юм өгдөг байсан.

Саранцэцэг -

Тэгээд яах уу, бага хүүхдээ дотуур байранд суулгачихаж байгаа юм чинь эцэг эхүүд санаа бол араас нь зовоотой л байдаг байсан байх даа?

Лхагваа -

Өө тэгэлгүй яахав дээ, тэгээд л бид нар чинь өлсөх цагтаа өлсөнө. Хоол тасарчихвал одоо байхгүй шүү дээ. Тэгээд л одоо түлш тасарчихна, тэр хойд уулнаас гарч янз бүрийн юм түлнэ, байрандаа.

Саранцэцэг -

Өө хүүхдүүд нөгөө түлээ түүдэг байсиймуу?

Лхагваа -

Тийм, түлээ түүнэ. Өөрснөө явж түлээгээ түүнэ. Өдөр хичээлдээ сууна. Тэгээд үдээс хойш явж түлшээ түүж ирнэ. Тийм.

Саранцэцэг -

Дотуур байрандаа багш гэж үлддэг юм байгаа биз дээ, хүүхдүүдээ хариуцаад?

Лхагваа -

Өө байрны багш гээд л байсан, тэгээд л одоо яахав дээ, нэг л үзэгдээд л, тэгээд л цөмөөрөө л нэг тиймэрхүү хүүхдүүд байсан юм чинь, одоо цөмөөрөнг нь дагуулаад л, тэр уул хаданд гарч, харгана шаваг түүж ирнэ, тэгээд л түлнэ дээ. Тийм, тэрнийгээ дуусгаад маргааш нь ахиад л явна. Түлшээ дуусчихвал, дуусахгүй бол яахав дээ, одоо тэгээд нэг юм, зун нэг галчтай, хүүхдүүд түлээ оруулж ирж түлээд, энийг түлээрэй гээд орхидог, тийм л байсан.

Саранцэцэг -

Таны тэр үеийн бага нас чинь бусад хүүхдүүдийнхээс ялгаатай юм байсан уу?

Лхагваа -

Байхгүй ээ, байхгүй. Бүгд яг ижил, ерөөсөө. Тэр үед ч бид нар одоо тоглож барьдаг юм ч байхгүй, хүүхдийн тоглоом гэж ямар ч юм байдгийм, ёстой мэдэх ч үгүй. Тэр нэг чулуу, шаазан шилний хагархай, тийм юмаар л тоглоно шүү дээ. Тэрнээс өөр тоглоом байхгүй. Тийм л байсан.

Саранцэцэг -

Одоо ингээд таны амьдралын туршлагаас харж байхад, хүүхэд багачуудын одоо энэ амьдралд ямар өөрчлөлт ороод байна?

Лхагваа -

Шал өөр, одоо болбол ёстой тоглоом гэж ёстой тоглоом шиг л тоглоом, байдаг болсон байна ш дээ, хүүхдэд, тийм. Тэгээд одоо хувцас хунар хүртэл одоо урдын бид нарынхтай адилхан уранхай ноорхой юм чирсэн, дээл хувцастай хүүхдүүд байхгүй, одоо цөмөөрөө сайхан цэвэр цэмцгэр, сайхан хувцас энд тэндгүй л байдаг болсон байна, тийм.

Саранцэцэг -

Та сургуульд ирж байхдаа дээлтэй, гуталтай, бүрэн бүтэн цүнхтэй номтой, номтой ч юу байхав, хувцастай ирж байсан биз дээ? Бас их хэцүү байсан уу, хувцас олдохгүй?

Лхагваа -

Хөдөөнөөс үү?

Саранцэцэг -

Бүр наашаа сургуульд орж ирж байхад?

Лхагваа -

Өө ховор, ховор. Ерөөсөө одоо манай тэнд чинь ийм даавуу, даалимба гээч юм чинь маш ховор шүү дээ. Заа, нэг агентаар нэг үзэгдээд өнгөрнө. Заа, тэгээд голцуу л муу цагаан нэхий дээлтэй, элгэн дээлтэй, нэг муу монгол гуталтай, тийм л байсан шүү.

Саранцэцэг -

Монгол гутлаа бол оёод өмсөх үү?

Лхагваа -

Гутал бол хийчихнэ. Ах дүү нар нь нэг юм хийгээд өгчихнө. Арай нэг хөл гарахгүй. Тэгээд нэг юм явж л байсан л даа. Тэгээд яахав, энд нэг монгол гутал, муусайн юмнуудтай орж ирээд л, тэгээд бас сургуульд сурч, гадуур дотуур энэ тэрүүгээр ажил хийж, наана цаана болж, тэгж байгаад хувцсаа сольчихдог тийм л байсан.

Саранцэцэг -

Аан хотод орж ирснийхээ дараа нь уу?

Лхагваа -

Тийм,тийм.

Саранцэцэг -

Хүүхэд, эцэг эх хоорондын харьцаа одоо яаж өөрчлөгдсөн байх юм? Таны бага байхад?

Лхагваа -

Одоо бага байхад ч бид нарыг болбол одоо тэгээд л, үгүй ээ яахав дээ, халамжилж л байсан даа хөөрхий тэгээ, гэхдээ одоо бид нар чинь гадаа гандсан, хөдөө хөхөрсөн, хүүхдүүд л байсан ш дээ, мал хариулдаг, тийм мал л хариулдаг, өшөө юм байдаггүй, тийм л байсан.

Саранцэцэг -

Одоо ч ер нь эцэг эхийнхээ өөдөөс юм хэлдэг хүүхдүүд ч байдаг болж, та нарын үед том ахмад хүмүүс юм хэлэх юм бол ?

Лхагваа -

Байхгүй, хүний өөрийнгүй тэр том хүн л юм хэлбэл за, тэрнийг хийнэ. Заавал хийнэ ...Чи яваад тэр адуу аваад ир гэвэл яваад л тэр адууг нь авчирч өгнө, тэрнээс үгүй гээд хэлдэггүй, энэ хүний хүн юм над хамаагүй, гэх тийм юм байхгүй. Болохгүй хэрэг хийвэл, хүний өөрийнгүй зодоод нүдчихнэ. Хамаа байхгүй, тийм.

Саранцэцэг -

Тэр 40-өөд оны үед чинь хуучин монгол бичиг зааж байсан юм уу, крилл үсэг зааж байсан юм уу?

Лхагваа -

Заа яахав, намайг жаахан байхад бол эхлээд латин заасан юм. Латин үсэг, тийм.

Саранцэцэг -

Аан, нэг хэсэг латин үсэг зааж байсан гээд ярьж байсан?

Лхагваа -

Тийм, латин үсэг заагаад, тэгээд би бага байсан даа. Тэгээд одоо айлын авгай хүүхнүүд очоод л сууна, тэгээд улаан гэр гээч юм байгуулсан...,

Саранцэцэг -

Улаан гэрээ, тэр нь юу гэж байгаа юм ?

Лхагваа -

Тэр нь одоо яахав дээ, тэр хичээлийнх нь танхим л юм л даа. Гэр. Үүдэн дээр нь улаан юун дээр ингээд бичээд, наачихсан нэг ийм бичигтэй.

Саранцэцэг -

Аан за, ялгаатай?

Лхагваа -

Тийм, ялгаатай байсийм. Тэнд суугаад, тэгээд одоо нэг латиний цагаан толгой, дуусгаад л байж байтал аа энэ хэрэггүй болсон гээд л, тэгээд л энэ крилл бичиг зааж эхэлсэн юм. Тэгээд криллээ заагаад л тэгээд л дууссан. Тэрнээс хойш сургуульд болбол хуучин үсэг, нэг хэсэг заагаад нэг их олигтой ч юм болоогүй, тэгээд дөнгөж нэг холбодог, уншдаг, бичдэг болгоод, бас хэрэггүй гээд л хаячихсан. Тэгээд л хаячихсан юм, тийм.

Саранцэцэг -

Та чинь 4-р ангиа тэр Цагаан хайрхан дээрээ төгссөн үү?

Лхагваа -

Тийм.

Саранцэцэг -

Аа тэр чинь 4-р анги төгсөнө гэдэг чинь бага боловсролтой болчихжээ. Наана аймгийн төв дээр, 8-р анги. Аймгийн төв дээр анх орж ирэхэд ер нь аймгийн төв танай тэр хуучин байсан сумын төвөөс хэр ялгаатай байх юм?

Лхагваа -

Өө их ялгаатай байсан одоо их сайхан...

Саранцэцэг -

Хэнийд байв?

Лхагваа -

Дотуур байранд, дотуур байранд байна, тийм.

Саранцэцэг -

Дотуур байрны хангамж юм нь гайгүй юм уу?

Лхагваа -

Хангамж нь яахав дээ, тэгээд гайгүй дээ. Нэг сумынхыг бодоход арай дээр. Тийм сумынхыг бодоход арай дээр. Аймгийнх нь сургууль хүртэл одоо ширээ сандалтай, бас нэг тиймэрхүү болж эхэлж байсан, тийм. Багш нар олоон олон, тэгэхдээ яахав дээ анги ангиараа л 1-4 хүртэл одоо нэг л багш заагаад дуусгадаг, аа тэгээд 4-7 хүртэл бол бас нэг л багш заагаад орчихно. Бүгдийг нь заагаад дуусгана. Тэгээд 7-гоо төгсч авна.

Саранцэцэг -

Аа 7-гоо төгсөөд хуваарь аваад, аймгийн төвөөс хуваарь аваад, тэгээд та аж үйлдвэрийн техникумд ирсэн үү?

Лхагваа -

Үгүй ээ, би тэгээд ерөөсөө хуваарь аваагүй, зүгээр гэрчилгээгээ аваад л дүүтэйгээ л уулзъя, одоо дүүгээ олж авъя, тэгээд л энд орж ирээд л, тэгээд л энд шингэчихсэн юм. Тэгээд техникумд ород энд шингэчихсэн юм.

Саранцэцэг -

Заа за, та цэрэгт яваагүй гэсэн үү?

Лхагваа -

Цэрэгт явааүй, энэ цагдаа чинь цэрэгт явдаггүй байсан ш дээ, төмөр зам бас цэрэгт явуулдаггүй. Төмөр зам чинь бас нэг мэргэжил гээд тэгээд сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргээс чөлөөлдөг, тийм байсан. Тэгээд би цэрэгт явж чадаагүй.

Саранцэцэг -

Таны цэргийн байгууллагад ажилд орсон үе чинь хэдэн он билээ?

Лхагваа -

Тэр чинь одоо 53 оны сүүлчээс л эхэлсийм даа.

Саранцэцэг -

50-иад оны үеийн Улаанбаатар хот ямархуу дүр төрхтэй байсан бэ?

Лхагваа -

Үгүй ээ яахав дээ, одоо Улаанбаатар хот бол жаахан л юм байсан шүү дээ, энэ чинь. Манай энэ хавь чинь болбол юу ч байхгүй, ердөө хоосон, ийшэхнээ энэ тийшээ нэг жаахан яваад, тэгээд нэг хоттойгоо залгана, энэ Гандан, тэгээд наашаагаа Консулын дэнж, Амгалан гээд тусдаа байсан, тэр дундаа юу ч байхгүй хоорондоо зайтай, урагшаа үйлдвэрийн комбинат, нарийн төмөр замын газар гээд голдуу байсан, тэр чинь үйлдвэрийн район баригдаад, зарим нь ашиглалтанд ороод дуусаад, нөгөө л арьс ширний үйлдвэр, энэ тэр чинь тэгээд л тэр үеэс л эхэлж бий болж байсан үе шүү дээ, тийм. Ноос угаах үйлдвэр, арьс ширний үйлдвэр, тэр урд чиглэлд л цөмөөрөө байрлаж байсан.

Саранцэцэг -

Тэрнээс өөр үйлдвэр баригдаж эхэлж байсан уу?

Лхагваа -

Байхгүй, юу ч байгаагүй.

Саранцэцэг -

Нийтийн тээвэр унаа юм нь юу байсан ?

Лхагваа -

Заа, яахав дээ нэг автобус явна, тэгээд гол замаар яваад, ухаан нь Толгойт энэ 2-н чинь хооронд юу ч байхгүй, бүр цулгүй эзгүй газар байсан. Тэгээд энэ Толгойт хот 2-н хооронд жижигхэн 651 гээд, урагшаа ийм хоншоортой, жижигхэн автобус байсан ш дээ, нэг тийм автобус явна. Одоо гол замаараа нэг хэдэн автобус явна, цөөхөн цөөхөн, Улаан хуаран эднүүс гээд явна, нэг хүн буудлын 15 мөнгөөр явдаг байсан.

Саранцэцэг -

Монголд чинь хэдэн оноос аж үйлдвэржилт нэлээн эрчимтэй, үйлдвэрүүд эд нар баригдаж байсан юм бэ?

Лхагваа -

Тэр 40-оод оноос эхлээд л нэлээн эрчимтэй баригдаж.

Саранцэцэг -

Дандаа гадны орны туламжтайгаар уу?

Лхагваа -

Тийм, гадны л орны тусламжаар барьж байгуулсан даа.

Саранцэцэг -

Тэр савхин эдлэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, одоо бусад үйлдвэрүүдийн талаар та санаж байгаа юм байна уу?

Лхагваа -

За тэр чинь сүүлхэн дээ. Тэр чинь 50-иад оноос эхлээд баригдаж ашиглалтанд орж байсан юм.

Саранцэцэг -

Ер нь үйлдвэрт хүмүүс ажилд орохдоо ямархуу журмаар ордог байсан юм болоо? Үйлдвэрийн ажилтан болъё гээд яваад очиход шууд авдаг байсан бол уу? Аль эсвэл заавал мэргэшсэн тэр мэргэжлээр нь авах уу?

Лхагваа -

За одоо тэр мэргэжил ТМС /техник мэрэгжлийн сургууль/ байсан байхаа, гэхдээ юм оёж чаддаг, гарын ур чадвартай, тийм хүмсүүд л ордог байсан. тэр оёдлын ялангуяа тийм үйлдвэрт бол.

Саранцэцэг -

Гэхдээ л одоо үйлдвэрт орсон хойноо дагалдан юм хийнэ биз?

Лхагваа -

Өө дагалдан хийнэ. Дагалдан хийгээд, дараагаар нь тэгээд жинхлээд, оёдолчин болдог. Тийм л байсан байх. Бас сайн нарийн мэдэхгүй ээ, би.

Саранцэцэг -

Ер нь ихэнх үйлдвэр ерөнхийдөө тийм л байсан уу?

Лхагваа -

Тийм л байсан, ер нь л тийм байсан.

Саранцэцэг -

Ер нь таны амьдралын туршлагаас харж байхад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байдал ер нь яаж өөрчлөгдөж байна?

Лхагваа -

Заа одоо яахав дээ, ер нь тэгээд өөрчлөгдөлгүй яахав, ер нь болбол жам ёсоороо өөрчлөгдөх л ёстой юм чинь өөрчлөгдөөд, дээшээ л дэвшиж хөгжиж л ирсэн дээ, өдий хүртэл. Тийм ерөөсөө яахав, энд чинь бас л Улаанбаатар чинь бас л тиймэрхүү л байсан шүү дээ, нэг л муусайн монгол дээлтэй, муусайн саравчтай малгай өмссөн, бахиалан гуталтай, их л сайндаа, тийм л улсууд байсан ш дээ, тийм. Эрэгтэй эмэгтэйгүй нэг тиймэрхүү л. Тийм жигдхэн.

Саранцэцэг -

Ер нь эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн бодлого гэж юм байсан уу?

Лхагваа -

Үгүй ээ, одоо нэг их онцын юм байгаагүй шүү, тийм. Одоо тухайлаад одоо эмэгтэйчүүд тийм, ийм гээд тэгээд байсан юм байхгүй, зүгээр Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Удвал гуай гэдэг хүн байх нь байж л байсан.

Саранцэцэг -

Одоо эрэгтэй, эмэгтэй хүний байдал танигдашгүй өөр болсон уу?

Лхагваа -

Тийм, танигдахгүй өөрчлөгдсөн, тэр үеийн юмтай зүйрцэх юм байхгүй.

Саранцэцэг -

Өөр одоо гэр бүлд нөлөөлсөн бодлого одоо санаж байхад байна уу?

Лхагваа -

Үгүй ээ яахав дээ, тэр тэр юуны аль дээр үед дээ тэр ч, одоо нөгөө анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэж төлөвлөгөө гарсан,

Саранцэцэг -

Чойбалсангийн үе үү?

Лхагваа -

Тийм,тийм. Тэр төлөвлөгөө л жаахан хатуу төлөвлөгөө гарсан шиг байдгийм одоо бодож байхад. Одоо энэ жилийн тооллогоор байсан малыг дараа жилийнх нь татвар одоо ноос, үс бүх юмыг нь хуваарилж авдаг, тийм байсан. Тэгээд тэрнээс чинь алга болно, чоно иднэ, идэж ууна, зудад үхнэ, тийм тэр үед чинь яг одоо 42 оны зуд байсан, тэр анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гарсан үед тэгэхэд. Би 13-тай байсан. Тэгэхэд манай тэнд ер нь малаа маш их үхүүлсэн, ер нь одоо нэг 200, 300 толгой малтай байсан айл, сайндаа л нэг 70, 80 толгой малтай болж үлдсэн шүү дээ. Тэгээд тэрний чинь юу нь, ноогдол одоо, арьс шир, түүхий эд, ноос үс ч бүгдийг нь төл, төлөхгүй бол шоронд сууна. Тийм байсан. Тоо бүрдүүлээгүй гээд баригдаад л, аймаг дээр 6 сар ажил хийгээд л ирлээ гээд л тийм юм зөндөө л байсан, тийм. Тэгээд одоо тэр чинь яахав, үхсэн малын юмыг тэр чинь юугаараа төлөх вэ дээ, ноос гэлээ гэхэд л байхгүй, юу ч байхгүй, тийм.

Саранцэцэг -

Хорогдсон малын юм ноос энэ тэрийг чинь дараа жилийн норм дээр нэмж авдаг уу?

Лхагваа -

Тийм, тэр ерөөсөө хорогдсон ч бай, үгүй ч бай, тэр тоогоороо л тэр урд жилийн тооллогонд хэдэн мал тоолуулсан, яг тэрүүгээр нь л авна. Тийм айхтар нугалаа гарсан байаа юм, тэгээд яахвээ, тэр нэг их удаагүй тэгээд тэр мичин жилийн зуднаас хойш л гайгүүшүү байж байгаад, тэгээд нэг юм 5 жилээ дууссан байх, тийм.

Саранцэцэг -

Социализмын үед хүмсүүдийг яаж урамшуулдаг байсан бэ?

Лхагваа -

Үгүй ээ, одоо тэгээд яахав дээ, шагнал урамшил байлгүй яахав, байж л байна. Янз бүрийн л юм байсан. Тэгээд л үнэмлэх бичиг, жуух тэгээд л одон медалиас өгсүүлээд, шагнадаг юм бол байдгаараа л байсан л даа.

Саранцэцэг -

Тэр нэг анхдугаар 5 жил, 2 дахь, 3 дахь таван жилийн гавшгайч эд нар гэж байсан уу?

Лхагваа -

Өө тэр бол сүүлдээ, сүүлд 5 жилийн гавшгайч гээд тэгдэг юу гарсийм байгаам. Тэр үед чинь байхгүй ээ, юун 5 жилийн гавшгайч мавшгайч вэ, тийм юм юу ч байхгүй. Тийм, чи малаа үхүүлсэн байна гэдгээс өөр юм байхгүй байсан юм.

Саранцэцэг -

Тэр их олон малтай айлуудад чинь “1000-т малчин” гэдэг цол өгөөд цолыг нь дагалдуулж, шагнал урамшил өгдөг, эрээн майхан өгдөг байсан тухай би дуулж байсан, танай суманд таны мэддэг улсуудаас тийм шагнал авсан хүн бий юу?

Лхагваа -

Өө яахав дээ, сайн малчин гээд, малаа өсгөсөн улсуудад, тийм сайн малчны хуралд энд суулгадаг, бас майхан юмаар шагнадаг, байсаан байсан.

Саранцэцэг -

Ер нь болбол тэр тушаадаг юмнууд нь их хэцүү байдаг байж дээ, нэлээн ачаатай, дарамттай, малчдад бол ялангуяа зуд турхан болсон үед бол бүр хэцүү байдаг байсан байна тээ?

Лхагваа -

Тийм, их хэцүү байдаг байсан. Тэр бичин жилийн дараа бол маш хэцүү байсан, ёстой модоо барьсан шүү дээ.

Саранцэцэг -

Тэр болбол баруун нутаг.., баруун аймгийн нутгуудаар нэлэнхүйдээ тийм байсан уу?

Лхагваа -

Нэлэнхүйдээ тийм байсан, ер нь бүх л нутгаар зуд болсон шүү дээ, тэгээд яахав, урд тал энэ зүүн тал бол гайгүй, мал нь гайгүй үхсэн байх. Тэгээд энэ өвс, тоос авдаг газраар. Манай тийшээ бол өвс тоос авна гэдгийг мэдэхгүй.

Саранцэцэг -

Яагаад?

Лхагваа -

Тэгээд, одоо 2 нутагтай. Зун хангайдаа гараад зусчихна, өвөл болохдээр говь руугаа орж өвөлжинө. Говьд бол зун амьтан байдаггүй, ус байдаггүй, тэгээд тэр өвс нь их сайхан ургадаг, бүр ийм ургадаг /гараараа үзүүлэв/ тэгээд ямар ч байсан төө зас орчиход яах ч үгүй л байдгийм. Тийм л байсан.

Саранцэцэг -

Өө тэгэхээр чинь говь хосолсон, урагшаагаа Завхан чинь тэгвэл тийм юм байна, тээ?

Лхагваа -

Тийм, хангай говь хосолсон, Завхан голын тэр хаяа руу орж өвөлждөг, зун болохдээр Отгонтэнгэр хайрханы баруун урд талын суга өөд гарч зусдаг байсан юм. Тэр хоёрын хооронд хавар, намар хоёр их нүүдэл хийдэг. Тийм байсийм.

Саранцэцэг -

Намар чинь хадлан юмаа базааж авдаг ш дээ, айлууд?

Лхагваа -

Тийм, манай тэнд тийм юм байхгүй ээ. Авна гэж юу ч байхгүй. Мэддэггүй. Өвөлжөөндөө буугаад, нэг хурганы өвс гээд хялгана хаднаас ганц шуудай юм авбал тэгээд л болоо.

Саранцэцэг -

Тэжээл, бордоо мордоо малдаа бэлдэнэ гэж байхгүй юу?

Лхагваа -

Байхгүй. Зэрлэг сонгино ихтэй, хэдэн шуудай соннгино түүж авна. Тэгээд л одоо.... малдаа өгөх гэж....ядарсан муусайн малнууддаа сонгино өглөө нэгийг талыг ч юмуу үмхүүлээд гаргачихна, орой ирээд нэг талыг идүүлээд, тэгээд гэртээ оруулаад, тэгдэг байсийм.

Саранцэцэг -

Тэр нэгдлийн мал маллаж байгаа айлууд, сульдаа малаа ялгаад, тэжээлийн цэг гэдэг юмаар нэг тусгай малчин маллаад байдаг гэдэг юм ярьдаг?

Лхагваа -

Тэр тийм байх, тэрнийг би сайн мэдэхгүй юм. Энд байж байсан болохдээр. Энд байж байсан болохдээр.

Саранцэцэг -

Монголд чинь нэг ардчилсан хөдөлгөөн гараад тэрний дараа хувьчлал гээд малыг малчдад нь өглөө ш дээ, ардчилал Монголд анх яаж гарсан бэ, ардчилалын үеэр та юу хийж байв?

Лхагваа -

Үгүй ээ, одоо би ажлаа л хийж байсан. Тийм ер нь хувьчлал болбол тун буруу талдаа явагдсан, шүү дээ. Яагаад вэ гэхдээрээс ухаан нь зүгээр ажиллаж байсан үйлдвэрүүдийг аваачиж цөмөөрөнг нь тараагаад, цөмөөрөнд нь нэг нэг ийм ширээ ч юм уу, юу ч байдаг юм өгөөд, ингээд байхгүй болгоод, тэгэх ёсгүй тэрэнд чинь нэрийг нь өөрчлөөд, хувьцаат компани юм уу, хэдэн тийм юм болгоод, тэгээд тэр суурийн дээр нь хөгжүүлэх ёстой байхгүй юу. Тийм юм хийгдээгүй. Бүгдээрэнг нь аваачиж, тарааж хаяад, одоо хөдөө аж ахуй байлаа гэхэд одоо жишээ нь ногоогоо тариад идчихдэг, тариагаа тариад гурилаа хийгээд идчихдэг, тийм байсан ш дээ. Тэгсэн байхгүй болгосон, одоо юу ч байхгүй. Тэгээд одооноос ганц нэг хүн, ганц нэг трактортой юмнууд гарч ирээд л, энд тэнд нэг жаахан ногоо тариад, одоо харин Аяны юу болоод, овоо дээшилж байх шиг байна, тийм. Тэрнээс чинь манайх их хэмжээний ногоо тариа тарьдаг, гадаадад тариагаа хүртэл өгдөг байсан ш дээ. Тэгсэн одоо юун, гадаадаас одоо гуйгаад, олж өгч чадахгүй болж байна ш дээ. Тэгээд энэмэтчлэнгээр их буруу юм хийгдсэн л дээ, хувьчлалыг бол. Буруу хийсэн. Зөв хийсэн бол манайд юм байсан, техник нь ч байсан, ажиллах хүчин ч байсан, газар нь ч байсан. Тэр юм юм байсан, тийм.

Саранцэцэг -

Яг таны ажиллаж байсан газар хувьчлалд өртсөн үү?

Лхагваа -

Манайх өртөөгүй. Манайх цагдаагийн байгууллага ерөөсөө тийм юм өртсөн юм байхгүй.

Саранцэцэг -

Яг таны өдөр тутмын амьдралд нөлөөлсөн үү?

Лхагваа -

Үгүй ээ, одоо тэгээд л нөлөөлөлгүй яахав дээ. Адаглаад будаа, гурил нь байхгүй болоод, ховордоод ирнэ, иддэг ногоо нь хүртэл байхгүй ховордоод ирж байна, тэгэхдээр одоо энэ чинь бүх л хүний амьдралд нөлөөлж байгаа ш дээ, хүндээр тусч байгаа.

Саранцэцэг -

Зарим улсууд чинь бусдаас илүү өмч өөрийн болгоод авчихсан байгаа ш дээ, тэр улсууд одоо ямар замаар тэгэв?

Лхагваа -

Харин тийм, тэр бол одоо хувьчлах гэж байна гэхээс өмнө одоо авчихдаг байхгүй юу тэд нар чинь, тэгээд хувьчлаад шийдвэр гарахдээр зэрэг би авчихсан юм гээд л, тэгээд л дашиншог. Дэлгүүрийн бараа хүртэл тэгээд л байхгүй болсон шүү дээ. Дэлгүүрт чинь бор давснаас өөр юу ч байхгүй. Ерөөсөө хүнд идэх юм байхгүй тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

Яг хувьчлалын өмнө бол байдаг бараанууд нь байж байсан?

Лхагваа -

Байсан. Хувьчлал гарсны дараа бүгд байхгүй болсон. Хүнсний бараа бааз гээд л их том бааз тэнд байж байсан, төрөл бүрийн одоо хүнсний зүйл авч байсан, их том бааз байсан. Тэр наана одоо бараа бааз гээд одоо бараа янз бүрийн юм хураачихсан, том бааз байсан. Үгүй ээ тэгээд байхгүй. Яасан хувьчлалын маргааш тэгээд л байхгүй болсон ш дээ.тийм, дээгүүрээ аваад идчихсэн. Гурил будааг нь буцаагаад, эргүүлээд бидэнд дамлаж зараад, ингээд хүнд байдалд оруулсан шүү дээ.

Саранцэцэг -

Тэр хувьчлалын ягаан, цэнхэр тасалбар гэж тарааж байсан, тэр талаар?

Лхагваа -

Үгүй ээ одоо яахав, тасалбар өгсөөн, тэгээд тэр цэнхэр тасалбар нь билүү дээ, бас нэг өгсөн газар нь ноогдол ашиг гээд жилд нэг тэр байгууллага нь ашигтай ажиллавал хэдэн төгрөг цөөхөн хэдэн төгрөг өгдөг, ашиггүй ажиллавал тэгээд байхгүй. Тэгж явсаар байгаад одоо яахав дээ, гайгүй бас зарим нь өгч л байх шиг байна. Нэг тасалбар нь бол бүр байхгүй болсон ш дээ. Хураагаад авчихсан, цэнхэрийг нь билүү, ягаан тасалбарыг нь билүү хураагаад авчихсан, тэгээд л өнгөрсөн ш дээ.

Саранцэцэг -

Тэгээд нөгөө үйлдвэрийн газар мазарт өгсөн үү?

Лхагваа -

Өгсөн, Мах-импекст өгөөд тэгээд тэндээсээ 5, 10 юм, заримдаа өгөхгүй, заримдаа өгнө. Тэгээд л одоо бүр таг болж байх шив дээ.

Саранцэцэг -

Энэ хувьчлал чинь эрэгтэй, эмэгтэй улсуудад хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм ажиглагдсан уу?

Лхагваа -

Үгүй ээ, одоо тэгээд л байлгүй яахав дээ, баян хоосноороо хүртэл ялгаварлаад, одоо тэгээд болохоо байчихаад л байна, тэрүүгээр чинь л янз бүрийн юм цуглуулж аваад, одоо баян улсууд гарчихаад байгаа нь тэр шүү дээ.

Саранцэцэг -

Үгүй ээ, тэр хувьцаануудыг чинь зах дээрээс өчнөөн олон ширхгээр нь худалдаж аваад үйлдвэрийн газар худалдаж авсан тухай яриад байдаг?

Лхагваа -

Аа тийм байсан.

Саранцэцэг -

Хүмсүүд хувьцаагаа аваачаад зарчихдаг байсан уу?

Лхагваа -

Зарчихдаг, зарсан байсан. Нэг хувьцаа ухаан нь төчнөөн төгрөг гэж үнэлээд, тэр хувьцаануудыг нь худалдаж аваад, бөөгнүүлээд, үйлдвэрийн ямар нэгэн газрууддаа авчихдаг, цаагуураа хувиараа.

Саранцэцэг -

Ер нь тэгээд нааштай нэг хувьчлалд за энэ л нэг арай нааштай сайхан юм болсон юм даа, гэсэн юм санагдаж байна уу?

Лхагваа -

Ээ дээ, ер нь горьгүй шүү, тунчиг ер нь болчимүй юм явагдсан шүү. Ерөөсөө за энэ л нэг болж дээ, гэсэн юм санаанд багтахгүй байна шүү. Байхгүй байна.

Саранцэцэг -

Мал эзэндээ очлоо гээд мал их өслөө гээд яриад байгаа, та энэ талаар?

Лхагваа -

Мал болбол өссөн л дөө. Түрүүн бол манайх гадаадад их гаргаж байсан шүү дээ. Тийм мах амьдаар нь бас, махаар тэгээд их гаргаж байсан, тэгээд нэг их олигтой өсч чаддаггүй байсан, мал. Одоо тэр их мал мах гаргадаг байхгүй болохдээр мал өсөлгүй яахав. Тэгээд мал өссөн. Өсөх нь бол өссөн, тэгээд өссөн малаа одоо бас мэдэхгүй ээ, янзалж чадахгүй л байх шиг байна даа, тэгээд чанаргүй тоо хөөцөлдөөд, 1000-т малтан, энэ тэр гээд тоо хөөцөлдөөд байх шиг байна. Уг нь чанаржуулбал сайн л байх даа, тиймээ. Одоо нэг өдөрт нэг 5 литр, 10 литр гарчихдаг үнээтэй байвал ухаан нь 10 үнээний оронд ганц үнээ байсан ч болж л байна ш дээ, тийм. Тэгээд тэрний чинь одоо сүүг уугаад, өөрснөө уугаад, гадны хүнд худалдаад, талхны мөнгө болгоод тэгээд болж л байна, тэгээд зардал нь бага гарна, ганц үнээний тэжээгээд байж болно. Манайхны хойно зусланд байхад нэг өвгөн өдөр болгон модноос нэг шуудайтай юм үүрээд яваад байдаг, үгүй ээ одоо, энэ өвгөн юу хийгээд үүрээд байдаг юм гээд, нэг өдөр бүр зориуд амыг нь тосч сууж байгаад .. Та юу хийж байна, хаанаас юу аваад яваад байна, ......Эээ хүү минь, би одоо ганц үнээтэй, чавганц бид хоёр ерөөсөө ганц муу үнээтэй, тэрүүгээрээ л амьдардаг юм, би одоо энэ уулын модноос өдөрт шуудайтай өвс зулгааж ирдэг, тэгээд тэр өвсөө ингээд одоо өвөл болохдээр өдөрт л нэг шуудай өвс үнээндээ өгнө, тэгээд л болдог одоо. Тэгээд л миний хийж байгаа ажил энэ, гэж ярьж байсан. Тэгээд ухаан нь зөв л юм хийж байсан байгаа байхгүй юу. Тэгээд өвс гэж худалдаж авахгүй, өөрөө агаар салхинд явж байгаад 1 шуудай өвс зулгаагаад, харьчихна. Ганц үнээндээ өвөл болохдээр өдрийн л нэг шуудай өвс, норм өгдөг, тэгээд нөгөөх нь ч нөгөөдхөө идчихээд, тэгээд л байж байдаг, тэгээд сүүгээ уугаад байдаг, тиймэрхүү чигийн сонин юм харж л байлаа.

Саранцэцэг -

Мал чинь одоо их олон, 42 сая гэв үү болчихлоо л гээд байгаа, сүүлд одоо бэлчээр хомсдож байна гэж яриад байна?

Лхагваа -

Аа бэлчээр одоо өнгөрсөн, бэлчээр одоо байхгүй болсон, одоо ерөөсөө одоо аль ч нутагт хэцүү болсон байна, би одоо уржнан нутагтаа очоод ирсэн, тэгэхэд манай нутагт одоо устай том гол урсч байсан гол байхгүй болсон, ширгээд байхгүй болсон, усгүй болж байна, усгүй болохдээр чинь амьд амьтан байхад хэцүү биз дээ, тийм, өвс ногоо гарахгүй, одоо ерөөсөө л цөлжиж л байна л даа, тэгээд ус л байхгүй болохдээр бүх юм тэгээд дуусдаг юм байна л даа, өвс гарахгүй, өвс гарахгүй болохдээр мал таргалахгүй, тэгээд л өвөл нь зуд болоод л, тэгээд мал нь үхээд дуусч байна.

Саранцэцэг -

Таныг тэр нутагтаа очоод явж байхад газар усны нэр өөрчлөгдсөн газар байна уу?

Лхагваа -

Нэр бол өөрчлөгдөөгүй байна, байдгаараа л байж байна, газар нь болбол хэвээрээ л байна, тэгээд байж байсан юм нь байхгүй болчихсон байна, ухаан нь одоо, жимстэй байсан газар нь жимс байхгүй, сонгинотой байсан газар нь сонгино байхгүй болчихсон байх жишээтэй, энэ малын чинь иддэг янз бүрийн өвс байсан, намайг жаахан байхад л бас хөгшин настай улсууд энэ тийм, сайн ургамал байгаа юм, энэ тэгж мал таргалуулдаг, махлуулдаг, хавар махлуулахад ийм өвстэй газар малаа хариулуулдаг, энэ тэр гээд их л юм ярьж байсан санагддаг юм. Тэгэхэд одоо юу ч байхгүй. Тэр нэг төрлийн одоо хаашаа юм, хөндий ургамал ихтэй болчихсон, тийм болчихсон байна. Бүдүүн ширхэгтэй, тэжээл муухан шиг болдог ч юм уу, энэнээс чинь болоод малын чинь, махны чанар муудаж байна, амт муудаж байна. Тэр өвс тэжээлний хомсдол, тийм юмнаас болоод. Тиймэрхүү л. Одоо нутагт болбол ерөөсөө устай газар болбол одоо бараг байхгүй болсон, манай сум бол одоо ялангуяа, Ширээгийн голд зусдаг сум, тэр одоо Ширээгийн гол маань 2,3 тасарчихсан, байхгүй болоод тасарсан ил гарсан юман дээр нь амьтан шаваад буучихсан, тэгж л зусч байна. Тиймэрхүү л байналээ. Тэгээд яахав.

Саранцэцэг -

Сайн өөрчлөлт харагдах юмуу ер нь, сайхан болсон юм байна уу?

Лхагваа -

Үгүй ээ, одоо ерөөсөө энэ одоо ийм байсан юмсан, тэр байхгүй байна. Байсан юм байхгүй болчихсон байна, одоо энэ модонд намайг жаахан байхад зах руу нь ороод л ухаан нь хад, үхрийн нүд, тошлой түүгээд идчихдэг байсан, одоо байхгүй, юу ч байхгүй, яахдээрээсээ тэгдэг юм одоо, мэдэхгүй. Газар нь бол байж байгаам, хэвээрээ л байж байгаам, тийм. Тийм л болчихсон байналээ.

Саранцэцэг -

Танай нутагт алт эд нар олборлоод байгаа юм уу?

Лхагваа -

Үгүй ээ, байхгүй, ерөөсөө тийм юм байхгүй, манай нутагт бол алтны тийм юм хайгуул ч явагдаагүй, цэврээрээ байгаа ш дээ, манай тийшээ бол, юу ч байхгүй, ерөөсөө хүн амьтан за яахав, модыг нь жаахан авсан байх, тэр чинь Говь-Алтай аймаг гээд модгүй аймаг байгаа ш дээ, тийм. Тэр Говь-Алтай аймгийн нөхдүүд ирж жаал мод авсан байх даа, тэгэхдээ гайгүй байлээ, бас юу ч үгүй ч нэг хядчихаагүй байналээ, гайгүй л байналээ.

Саранцэцэг -

Таны одоо яг өсч торнисон газар дархан цаазтай, бүр дархалчихсан тийм газар, одоо төрийн хамгаалалтанд авсан газар байна уу?

Лхагваа -

Үгүй ээ, одоо Отгонтэнгэрээс уулаас өөр юм байхгүй ш дээ. Тэр хавьд одоо Отгонтэнгэр уул л байна. Отгонтэнгэр уулны чинь зүүн суганаас гарч ирсэн Чулуутын гол гэж одоо 4 жилийн өмнө очиход, одоо морь гарамгүй газраар морьтой хүн гарч чадахгүй байсан, 4 жилийн дараа очиход байхгүй болсон байна, юу ч үгүй, зүгээр сайр, чийг ч үгүй сайр, тэгж л өөрчлөгдөж байна ш дээ. Отгонтэнгэр ууланд чинь ёстой нар, салхи нь л хүрч байсан байх. Хүн амьтан ч гардаггүй, тийм газар шүү дээ. Тэгэхэд тийм газрын тэр сайхан том гол л байхгүй болчихож байгаа юм, их л өөрчлөгдөж байна даа, тэгээд одоо. Тэгээд одоо тэр уулын би санавал, тэр уул ч одоо ер нь тэг дундаасаа дээш бүр байнгын мөнх цастай, олон жил болсон уул шүү дээ. Ер нь дулаарлаас болж тэр уулын цас хайлаад, тэгээд тэр голоо тэжээж байгаад, тэгээд цас нь хайлаад дуусахлээр гол нь байхгүй болчихов уу л гэж би бодож байгаам. Тийм. Тэр дулаарлаас л болоод ар талдаа бол цас нь хэвээрээ л байлээ, урд тал нь бол нүцгэн болсон ш дээ, ерөөсөө. Цасгүй болсон.

Саранцэцэг -

Яг орой дээрээ малгай хэлбэрээр байдаг ш дээ?

Лхагваа -

Байхгүй болсон. Хайлчихсан. Тэгээд дулаарлаас болж их юм болж байх шиг байнаа, ус болбол энэ газрын хөрсний ус доошоо орчихоод байх шиг байна. За тэгээд мэдэхгүй ээ, горьгүй ээ. Тиймэрхүү л болчихсон байна, тэнд бол үнэхээр одоо миний байсан үеийн тэр сайхан юм байна уу гэвэл үнэхээр байхгүй болчихсон байна. Газар нь байж байна. Тэр ургамал нь байхгүй болчихсон.

Саранцэцэг -

Малчид одоо өөрснөө малаа аваад, малчдын амьдралыг харж байхнаа тэр дээр үеийн малчдын хооронд ялгаатай юм их харагдаж байна уу?

Лхагваа -

...Өө тэр одоо ёстой өдөр, шөнө 2 шиг. Дээр үед чинь бид нар яахав дээ, ёстой нэг утаатай салбагар, нэг гэр шиг юмтай, одоо тэр юм байхгүй. Одоо тэнд чинь нарны зай хураагуур тавьчихсан, шөнө гэрлээ асаагаад, орой телевизээ үзэж байна ш дээ, тийм. Олон суваг үзэх үзэж байна тэр байтугай, тийм л болсон байна зүгээр адгийн зэрэг гэхэд л, гэхдээ л аймгийн төв гэхэд цахилгаан очоогүй, байхгүй, юу ч байхгүй, сумуудад байхгүй харанхуй, шөнө нэг 10 цагаас нэг 12 цаг хүртэл нэг дизел асаавал асаагаад, түлш нь байхгүй бол тэгээд асаахгүй, харанхуй.

Саранцэцэг -

Завханы төвөөсөө хичнээн км алс уу?

Лхагваа -

Манайх болбол Завханы төвөөс 45-хан км шүү дээ. Ойрхон. Тэгэхдээ аймгийн төв маань тог байхгүй, цахилгаан байхгүй, одоо наанаас нь өндөр хүчдэлийн шугам явж л байгаа болтой юм байсан, тэгээд одоо залгагдсан юм уу, залгагдаагүй юм уу, тэр Богдын голын усан цахилгаан станц гээд, тээр дээр Отгон тэнгэр хайрханаас доохно 2 Богдын гол гэж байдгийм, тэрэн дээр жижигхээн, тийм цахилгаан станц барьсан байлээ. Тэр нь тэгээд зун, нэг сумынхаа төвийг чүүтэй айтай тэгж байгаад л, тэгээд л өвөл байхгүй болчихдог, тиймэрхүү л газар. Одоо тэгээд, тог гэрэл цахилгаан байхгүй болохдээр чинь хөгжил байдаггүй юм байна ш дээ, тийм. Тэрнийгээ дагаад одоо адаглаад нэг индүүгээ халаагаад, хувцсаа индүүдээд өмсчихөж чадахгүй, байхгүй, нөгөө нэг муу цогийн индүүтэйгээ л аваад л тэгээд л сууж байна. Тэгээд тийм юмтай айл байх ч үгүй, одоо. Амарсан шиг байналээ.

Саранцэцэг -

Холбоо харилцаа нь ямархуу байх юм?

Лхагваа -

Холбоо харилцаа нь гайгүй шүү, холбоо харилцаа гайгүй ээ, аймагтай аймгаасаа шууд яриад холбогдоод байна, аймаг дээр болбол үүрэн телефоны утаснууд бий болчихсон, тийм Мобикомын, Скайтелийн тийм утаснаас хаашаа л бол хаашаа ярьдаг болчихсон, харин тэр талаараа бол овоо сайн болсон байналээ.

Саранцэцэг -

Зам мам нь ямархуу байна?

Лхагваа -

Зам нь ч одоо яахвээ, одоо ус байхгүй, намаг шаваргүй болчихдээр чинь зам чинь сайжирдаг юм байна ш дээ. Тийм машин суугаад байдаг байсан зам чинь, тэр голууд чинь ширгээд байхгүй болчихсон, чөлөөтэй давхиж байдаг, тэгээд бас зам сайжруулсан зам тавьсан байна, тийм. Одоо сайжруулсан шороон зам тавьсан байна, цардмал зам байхгүй ш дээ, засмал зам чинь одоо ингээд л энэ дандаа шороон зам, тийм. Энэ юунаас Завханаас цааш тэгээд л ерөөсөө шорон зам, дандаа шороон зам.

Саранцэцэг -

Завханаас наашаа хотруу орж ирэхдээ машинаар ирсэн үү?

Лхагваа -

Машинаар ирж байсан. Заа, тэгэхэд чинь 2 хонож байж ирж байсан байх. “ЗИС-5” гээд ачааны машин, шуудан гээд нэг юм явж байсан юм. Тэрэнд суугаад ирж байсан.

Саранцэцэг -

Одоо болбол Завхан луу чинь онгоц явж байгаа биз дээ?

Лхагваа -

Онгоц явна, за тэгээд бусад энэ жижиг машинууд чөлөөтэй явж байна ш дээ. Микроавтобуснууд явж байна, тиймэрхүү. Замын хувьд бол яахав одоо гайгүй болсон байлээ. Одоо цардчихвал тэгээд л одоо ул суурийг нь тавьчихсан, сайжруулсан шороон замууд тавьчихсан, одоо тэгээд ерөөсөө сайхан хусч янзлаад байх юм бол их засмалаас дутаад байх юмгүй л болсон байналээ. Одоо наана тэр Солонготын даваа гэж тэр тун хэцүү даваа байсан, ерөөсөө одоо засчихсан юм шиг л болгочихсон, засмалдсан юм шиг болгосон, ямар ч саад байхгүй, Завханы наад талын Загастайн даваа гэж байдаг, тэр чинь одоо үхэр тэрэгний зам байсан юм, юу ч үгүй л юм байсан чинь тэргээр ч ер нь явдаггүй л байсан, одоо харин засаад сайжруулаад, бүр 50 км өгсч урууддаг даваа байдгийм. Тэр овоо болчихсон байналээ. Сайхан л болсон байналээ.

Саранцэцэг -

Нааштай сайхан өөрчлөлт танай нутаг оронд гарч уу, өөр?

Лхагваа -

Заа даа, өшөө ч онцын юм алга дөө, тэгэхдээ яахав дээ, одоо яахав нэг ерөнхийдөө болбол урдныхыг бодоход бол бас өөр болсон байналээ л дээ. Адаглаад л нарны зай хураагуур, гэрэл тавьчихсан байх жишээтэй, айл амьтан ч бас овоо амьдрал нь бас дээшилсэн, айлын гадаа бол бараг машингүй айл ч байхгүй, тийм. Тэгээд мотоциклгүй айл бол бүр ерөөсөө байхгүй, тийм. 2, 3 мотоциклтой машинтай, бид нар шиг хөл нүцгэн, хонины араас мод бариад харайлгахаа больсон байна шүү. Мотоциклээр давхиад л, эргүүлчихээд л, буцаад ирдэг, тэгээд л дурангаар хараад л байж байдаг. Тийм болсон байна ш дээ. Тэгээд одоо очоод машинтай, суудлын машинтай, урд чинь үхэр тэргээр нүүгээд л хяхтнуулаад л нэг юм явж байсан, одоо тийм юм байхгүй, ачааны машин, өөрснөө хувийн машинд ачаад л, нүүгээд явчихдаг тийм болсон байна.

Саранцэцэг -

Заа, одоо малчид малаа авсан, хүмсүүд чинь сууж байгаа байр орон сууцтай нь орон сууцаа хувьчилж авлаа гэж яриад байгаа, та энэ талаар ?

Лхагваа -

За тийм, тэр нь одоо яахав, одоо бид нар дээр туссан юм, энэ орон сууц л байна л даа. Хувьчилж авсан, тийм орон сууц л одоо яахав, хувьчилж авсан юм бидэнд үлдсэн юм энэ л байна.

Саранцэцэг -

Тэгэхдээ яахав, нэг арилжааны хэлбэр болгоод банкинд нэг барьцаалж болох үл хөдлөх хөрөнгө л юм биз дээ?

Лхагваа -

Тийм, ямар ч байсан хөрөнгөтэй болсон л доо. Тэрнээс байхгүй байсан. Гэхдээ бол мөнгөө төлөөд л сууж байгаа. Тэгэхдээ цахилгааны үнэ мүнэ өөрчлөгдөөд явдалтай байна шүү, тэгэхдээ одоо яана гэхэв дээ. Болдоггүй л юм байлгүй.

Саранцэцэг -

Заа хоёулаа яриад цаг гаран болчихжээ, энэ удаадаа ярилцлагаа өндөрлөөд, дараа дахин ярилцлагаа үргэлжлүүлье.

Лхагваа -

За тэгье, тэгье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.