Lhagvaa
![](../assets/images/interviewees/990153.jpg)
Basic information
Interviewee ID: 990153
Name: Lhagvaa
Parent's name: Luvsan
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tsagaanhairhan sum, Zavhan aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
new technologies
urban issues
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
family
private life
consumer goods
urbanization
techniques and technology
funeral rituals
belief
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Сайн байна уу, та.
Лхагваа -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
За хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье. Та нарийн төмөр замд ажиллаж байснаасаа хойш цэргийн газар ажиллаж байсан гэсээн, та энд ажиллаж байсан талаараа дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Лхагваа -
Заа, би 1953 онд одоо нарийн төмөр зам ч татан буугдлаа, тэгээд төмөр замын техникумд намайг хуваарилсан уг нь бол, бас паровозны ангид хуваарилсан юм байгаам. Тэгээд одоо зай чөлөөгүй, тэнд сурах ч боломжгүй, гэр бүлийн хүн маань бие нь их муудаад байсан, тэгээд л Цагдаагийн газар орсон доо, тэгээд ороод эхлээд цагдаагаар ороод, зам дээр одоогоор бол энэ Замын цагдаагийн газар шүү дээ, тэр үед бол Уурын техникийн хэлтэс гэж байсан, Өргөн чөлөөнд одоогийн тэр Ахуйн үйлчилгээний Яам байгаа тэр газарт хойшоо харсан нэг жижигхээн цагаан байшинд, уурын техникийн хэлтэс гэж байсан. Заа, тэр үед намайг очиход бол тэнд нэг 10-аадхан цагдаатай, зам дээр зогсдог, хөдөлгөөн зохицуулдаг, нэг 7,8-хан офицертэй нэг тийм жижигхээн, тийм газар байсийм. Тэгээд яахав дээ, тэнд би нэг нэг жил хэрээний зам дээр зогсож хөдөлгөөн зохицуулах ажил хийгээд, тэгээд хөгшин маань ч эмнэлэгт хэвтлээ, тэгээд яахав ажил нэг бас жаахан хөнгөрөөд, тэндээ аж ахуйн ажил хийгээд, тэр уурын тэрэгний аж ахуйн ажил хариуцаад, жаахан ойр зуур хийх ч юм байхгүй дээ, тэр тэгээд одоо нэг яахав дээ, машин зашин, нэг хэмхэрхий машинд дайруулсан дугуй, мотоцикл, одоо элдвийн тийм хогийн юмнууд авчраад, овоолчихсон нэг тийм юмыг нь складанд хийж аваад, харсан болоод эзэнд нь өгч авдаг, тиймэрхүү юм хийгээд, хөгшнийгөө эмнэлгээс гартал нь нэг жил гаран болсон доо, манай хөгшин яасан б гэхдээр төрөөд, төрснийхөө дараа яг төрчихөөд байхад нь ор байхгүй байсан, коридорт хэвтүүлчихсэн чинь нэг парны ёроолд л хэвтүүлсэн гэж байгаам. Тэгээд л унтаад л сэрсэн чинь халуу шатаад л, нуруу муруу нь болохоо байчихсан, тэгээд тэрнээс үүсээд, тэгээд тийм ясны сүрьеэтэй болоод, тэгээд тэр ясны эмнэлэгт жил гаруй хэвтэж хэвтэж, гараад тэр хооронд нь би нэг аж ахуй махуй хариуцаад ингээд байж байсан, тэгээд 58 онд байна уу даа, тийм юуны..... хуулийн дунд сургуульд оройгоор сураад, тэрнийгээ 62 онд дүүргэж аваад, тэгээд мэргэжлийн ажилд орж эхэлсэн дээ. Тэнд одоо аваарийн хэрэг мөрдөх шалгах, тиймэрхүү ажил хийж байсан даа, би. Мөрдөн байцаах ажил. Нэг хэсэг хийгээд тэгээд бас нөгөө хөгшин чинь бие нь муудаад болдоггүй, ахиад ажлаа хөнгөлөөд техникийн байцаагч гэж алба байдгийм, авто бааз хариуцсан, тийм. Тийм ажил дээр очоод, нэлээн хэдэн Намын Төв Хороо Засгийн Газрын бааз, Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яамны бааз, гээд нэг хэд хэдэн том бааз хариуцаад, би тэгээд тэнд бас нэг 3,4 жил болов уу даа, заа ингэж байгаад, тэгээд Шугам замын байцаагч гэж зүгээр зам дээр машин шалгаад явж байдаг, тийм ажил байсан юм. Тийм шугам замын байцаагч хийгээд, бас нэг 2,3 жил болоод, тэгээд хөгшин ч гайгүй боллоо. Тэгээд дараагаар нь юунд очлоо. Тэр мэргэжлийн комисс гэж байдгийм энэ жолооч нарыг шалгадаг, юм шалгадаг, тийм хэлтэст очоод нэг 2 жил хэрээний ажиллаад, тэгээд байж байтал нэг хот хоорондын энэ замд явж байгаа машин техникүүдийг шалгадаг, тийм тусгай нэг тийм групп шинээр байгуулсан юм, тэр группыг ахлаад 7 офицертой, тэр хөдөөгийн замын ажлын группийг шалгаад, тэгээд тэнд байж байгаад, тэгээд л тэтгэвэрт гарсан даа.
Саранцэцэг -
Та яг хэдэн онд, нарийн төмөр замд ажиллаж байхдаа гэр бүлтэй болсон уу?
Лхагваа -
Тэгсэн, тийм,
Саранцэцэг -
Таны гэр бүлийн хүнийг хэн гэдэг юм?
Лхагваа -
Манай гэр бүлийн хүн Архангай аймгийн Хан-оюут сумын харьяат, Пунсалдулам гээч хүн байсийм. Одоо байхгүй ээ, өөд болсон л доо.
Саранцэцэг -
Та тэгээд хэдэн хүүхэдтэйв?
Лхагваа -
Би одоо 2 хүүхэдтэй, нэг том охин маань Монгол Улсын Их Сургуульд Олон Улсын Харилцааны факультетед багшилж байна. Нэг маань нэг банди, хамгийн бага банди, тэр нөхөр Италид, тэнд докторантурт сурч байна.
Саранцэцэг -
Өө за, ямар чиглэлээр сурч байна?
Лхагваа -
Өө, тэр эдийн засгийн талын л юм шиг байналээ. Заа ингээд л миний байж байгаа ам бүл энэ, охин 4 хүүхэдтэй, 2 эрэгтэй, 2 эмэгтэй, нэг нь.., 2 эрэгтэй нь 2-уулаа дээд сургууль төгсөөд, одоо ажиллаж байна, 2 эмэгтэй нь жижигхээн, одоо нэг нь дунд сургууль, бага сургуульд явж байна, нэг нь дунд сургуульд сурч байна.
Саранцэцэг -
Таны гэр бүлийн хүн ямар ажил эрхэлдэг байсан бэ?
Лхагваа -
Манай гэр бүлийн хүн энэ үйлдвэр хоршоо гэж байсан, дээр үед одоо нэг хятадуудын чинь юуг л хувьчлаад, нэгтгэж хоршоолол байгуулж, байгуулаад тэр үйлдвэрийн хоршоо гэж юм байгуулж, хийсэн шүү дээ. Тэгээд тэр үеэс эхлээд тэнд нэг касс, масс нэг ойр зуурхан ажил хийгээд, тэнд ажиллаж байсан даа.
Саранцэцэг -
Яг социализмын үед чинь гэр бүлийг дэмждэг төрөөс тийм бодлого байв уу?
Лхагваа -
Байхгүй ээ, байхгүй. Одоо ерөөсөө тийм юм мэдэж ч байгаагүй. Тийм юм байх ч үгүй. Тийм байсан.
Саранцэцэг -
Одоо энэ гэр бүлийг харж байхад, таны залуу байх үеийн гэр бүлээс ямар ялгаатай юм шиг санагдаж байна?
Лхагваа -
Заа одоо ер нь их өөрчлөгдсөн байна даа, ер нь тэгээд боловсрол мэдлэг сайтай болж одооны хүмсүүд, тийм. Ялгаа болбол тэгээд л одоо тэр эхнээсээ эхлээд л харагдаж байна. Тэр үед чинь бид тэгээд л нэг юм ажлын мөр хөөгөөд л, нэг арав таван төгрөг олоод л, олж л байсан санагдаж байна л даа. Сурах юм бол чөлөөтэй л байсан одоо, аль ч сургуульд хаа ч сурвал бололцоотой л байсан. Нэг их суръя гэж боддоггүй байсан юм уу хаашаа юм, тэгээд амьдрал, ар гэрийн байдлаас шалтгаалж байсан байгаам л даа, тэр үед. Миний л хувьд бол тийм л байсан тэгээд.
Саранцэцэг -
Та хотод анх өөрийнхөө дүүтэйгээ хамт одоо хотод ингээд амьдардаг байхад, таны дүү чинь ямар ажил мэргэжилтэй байсан?
Лхагваа -
Миний тэр дүү барилгын цахилгааны мэргэжилтэй болоод, Увс аймгийн барилгын конторт цахилгаанчин хийж байгаад, тэгээд Дарханы барилга конторт энд ирж шилжиж ажиллаж байгаад, тэтгэвэртээ гарсан. Одоо тэр Шарын голын наана, Нарангийн рашаан гэдгийн тэнд хэдэн цөөхөн малтай байдаг.
Саранцэцэг -
Та болбол одоо гэр бүлтэй болоод, дүүгээ хажуудаа аваад хамтдаа амьдардаг байсан байхаа, ер нь тэгээд одоо тухайн үед 2-уулаа ажил хийж цалин аваад, амьдрал ахуйдаа..., хүүхэдтэй ..., хүрдэг байв уу, хүрдэггүй байв уу цалин?
Лхагваа -
Үгүй ээ яахав, 2-уулаа хийгээд байгаа улсууд бол хүрэлгүй яахав, тийм. Тухайн үедээ бол мөнгө төгрөгний ханш өндөр, ер нь одоо 1 төгрөгтэй хүн бол хоосон хонохгүй байсан шүү дээ, тийм. 1 төгрөгтэй хүн бол гарч гүйгээд, ухаан нь одоо залхуурахгүй болбол 30 мөнгөний үнэтэй, өвчөөгүй, үстэй толгой авч өвчөөд, 3 толгойгоор чинь хичнээн хүн хоол хийгээд идчихнэ ш дээ. Тэр үед чинь тийм байсан, тийм. Одоо болбол 2, 3 мянган цаастай хүн ганц кг мах авч чадахгүй байна шүү дээ, уг жишээ нь. Тийм л байна. Тийм ялгаатай байсан. Юмны үнэний хувьд бол тийм зөрүүтэй, мөнгөний ханш болбол өндөр, тийм байсан.
Саранцэцэг -
Одоо чинь гэр бүлийг дэмжиж байна гээд, сая залуу гэр бүлийг дэмжиж байна гэж баахан мөнгө төгрөг өгөөд байсан?
Лхагваа -
Аа тийм.
Саранцэцэг -
Өмнө нь бол тийм юм байдаггүй л байсан уу?
Лхагваа -
Байхгүй ээ, байхгүй. Энэ бол яахав дээ, Их Хурлын гишүүний амлалтын л юм, энэ чинь одоо залуу шинэ гэр бүл болж байгаа улсуудад 500000 цаас өгч байгаа ш дээ, тиймээ. Энэ чинь эцэстээ бас үр нөлөөтэй. Айхтар юм болж байна ш дээ. Ухаан нь нэг 2 залуу нийлээд, за хоёулаа батлуулчихаад, 500000 цаасыг нь аваад 250, 250-аар нь аваад, 2 тийшээ явчихна. Тэгээд энд тэгж батлуулчихаад, аймагт очиж нэг батлуулаад, тэгээд одоо...., харин нэг одоо аймгийн гэр бүлийнх нь юу сүлжээ, мүлжээ гэж болж нэг гайгүй болсон байх, нэг тийм юм бол их явагдаж байсан шүү ил, тийм.
Саранцэцэг -
Тэр мөнгө өгч байна гэхээр?
Лхагваа -
Тийм, тэр мөнгийг нь авдаг. Баталгаа батлуулаад л, баталгаагаа аваачиж очоод л, 500000 цаасаа авч аваад л, 2-уулаа хувааж аваад л, 2 тийшээ яваад өгдөг.
Саранцэцэг -
Тэр гэр бүлтэй улсууд салж сарних, гэр бүлийн талаар тогтворгүй байх, ажиллаж байх үед албан тушаал ахихад бол нөлөөлнө биз?
Лхагваа -
Аа нөлөөлнө. Нөлөөлөхөөр барахгүй, гэр бүлээсээ салах, гэр бүлийн талаар тогтворгүй байдал гаргах юм бол тэгээд албан тушаал байтугайнаа ажлаас хална. Тийм хатуу байсан шүү, тийм.
Саранцэцэг -
Яг социализмын үед бол гадаадын хүнтэй гэр бүл болно гэсэн асуудал байсан уу?
Лхагваа -
Аа ер нь их ховор, тун их ховорхон байсан байх. Яг тэгээд батлуулаад, тэгж байсан юм уу үгүй юу, мэдэхгүй. Одоо бол баталгаа гаргаад, батлуулаад, тэгээд явчихаж байна ш дээ. Тэгээд тэр улсын харьяат болоод, хамаагүй тэгээд алга болж байна.
Саранцэцэг -
Та болон таны гэр бүлийн хүн чинь гадаадын найз нөхөдтэй байсан уу?
Лхагваа -
Заа одоо ер нь байхгүй дээ, бид нар байхгүй. Манай охин л харин энэ одоо гадаадын англи хэлний багш байгаа юм, тэгээд тэр гадаад дотооддоо жилдээ нэг , хоёр яваад байдаг танил талууд байдаг юм шиг байналээ.
Саранцэцэг -
Социализмын үед чинь жирийн хүмүүс гадаад хүмүүстэй харьцдаг, гадаад орон луу зорчдог тийм юм байсан уу?
Лхагваа -
Байхгүй. Тэр байхгүй, ерөөсөө хаалттай. Тэр бол явдаггүй, явуулдаг ч үгүй. Тийм байсан.
Саранцэцэг -
Ер нь гадаадын эд бараа хаанаас олж авдаг байсан бэ?
Лхагваа -
Үгүй ээ энэ одоо Оросын л бараа ирж байсан шүү дээ, тийм. Оросын л бараа ирнэ. Одоо ер нь юу чихэр, тамхи, архи тамхи чихэр, тэгээд одоо даавуу даалимба тэр чинь цөм л Оросоос ирж байсан. Ногоон цай хүртэл Оросоос ирж байсан.
Саранцэцэг -
Ирэхдээ болбол дээр, эхэн үедээ бол тэр бараа чинь жин мингээр олж авчирдаг.....?
Лхагваа -
Бүр эхэндээ энэ автомашины тээвэр эхлээгүй байхад бол одоо манайх чинь худалдаа гээд байх юм байхгүй, Оросоос хааяа нэг ойр зуурын юм зах руу нь ороод л, ердийн хөсгөөр, тэмээ мэмээгээр юмаа авдаг, урагшаа Хятад руу одоо тэр Цонж, монж гэдэг газар руу яваад, манайх тэндээс бол нэг гурил, будаа авчирдаг, дандаа л тэмээн жингээр л явдаг тийм л байсан. Сүүлд нь одоо машин, тэр техник үүсээд, тэгээд хойноос машинаар зөөж байсан байх. Тэгээд вагон ч ороод ирсэн, заа тэгээд л чөлөөтэй болсон доо.
Саранцэцэг -
Хятадаас голдуу юу авчирдаг байсан?
Лхагваа -
Заа даа, Хятадаас одоо гурил, будаа их авдаг байсан. Нэг ойр зуурын юм даа, одоо тэгээд л нэг л утас мутас, одоо нэг тиймэрхүү юм, нарийн бараа байхгүй дээ, одоо торго, дурдан одоо тийм юм байхгүй, сүүлд л...,
Саранцэцэг -
Даалимба нь хаанаас ирж байсан?
Лхагваа -
Оросоос ирж байсан. Даалимба гэдэг чинь 6 метрээр, бүр ингээд боогоод юу яачихсан юм, жижигхэн боодолтой тийм, ирж байсан. Сүүлд нь ил задгай, ирдэг болсон л доо. Тамхи нь боодлоотой, тэгж ирж байсан.
Саранцэцэг -
Хотод таныг байж байхад, монгол бараа дэлгүүрүүдэд их байдаг байсан уу, голдуу орос бараа байдаг байсан уу?
Лхагваа -
Орос л бараа байсан шүү дээ. Манайх ч одоо өөрснөө хийсэн юмаа экспортоор гаргаж байсан юм байх даа, бодвол. Нэг юм хийж байсан, савхиар одоо савхин дээл хийж байсан. Тэгээд л савхин янз бүрийн л юм хийж байсан. Тэр чинь нийтэд дэлгүүрт байдаггүй байсан ш дээ, байхгүй. Дандаа л экспортоор гаргаж байсан. Тэгээд л одоо үстэй дээл, дублёнка/нэхий дээл/ эд нар чинь дэлгүүрт тэгж дэлгээтэй байгаагүй шүү. Байхгүй, тэгээд дандаа л экспортоор дэлгүүрт гадаадад гарч байсан. Тэгээд оронд нь л одоо тэгээд яахав, даавуу даалимба, энэ торго дурдан чинь болбол 50-иад оны дунд үеэс л эхэлж үзэгдсэн шүү дээ, Монголд. Тэрнээс өмнө ерөөсөө байхгүй, их л сайн болбол нэг даалимбан дээлтэй хүн шогшиж явна, тэгээд тэрний дараа даалимба жигүүн, сатин, гэдэг тийм бараа ирж байсан, тэгээд харин дараагаар нь нэг жаахан дурдан гээд янз бүрийн юм гарч байсан. Тиймэрхүү юм ирж байсан, тэгээд л ер нь торго элбэгшсэн дээ, тэрнээс хойш. Тэр Хятадаас бас юм ирж байсаан. Тэр чинь үйтэн хуар орж ирдэг байсан, тэр үед. Тэгэхдээ нэг их элбэг биш. Үйтэн хуар ухаан нь тэр чулуун гаанс, гэх мэтчлэнгийн юмнууд ирдэг байсан, энэ урд автобусны бааз байсны тэнд цэмбэний фабрик гэж байсийм. Тэнд нэг дэлгүүр бүр зориудын гарчихсан байсан, тийм.
Саранцэцэг -
Тэр хамрын тамхи Хятадаас орж ирэх үү?
Лхагваа -
Хятадаас орж ирнэ. Оросоос ч орж ирнэ. Оросын бас “Чекарас” гээд хамрын тамхи орж ирж байсийм. Хятадаас чинь одоо нөгөө хятад ногоон, дүнсэн тамхи, ногоон дүнс гээд, тамхи орж ирж байсан. Тэр тэгээд дорхноо л байхгүй болцгоосон, тэр тэгээд яацгаасан юм, нэг мэдэхнээ л тэр дэлгүүр, мэлгүүр нь хаагдаад, юу ч үгүй болчихсон байсан.
Саранцэцэг -
Социализмын үед чинь хотод энэ орос дэлгүүрүүд их байсан гээд ярьдаг?
Лхагваа -
Байсан. Байсан.
Саранцэцэг -
Орос дэлгүүрт чинь пропуск /нэвтрэх бичиг/-тай хүн ордог байсан гэсэн?
Лхагваа -
Пропусктай хүн орно, тэр болгон хүн оруулахгүй. Үүдэн дээр нь хүн зогсч байна. Цэрэг зогсч байна, оруулахгүй. Цэрэгт нь бас нэг 5 төгрөг авч өгөөд, орчихвол орчихно, тэгээд орсон хойноо яахав, орсон хойноо бол юм өгнөө, өгнө хөөрхий. Өгдөг байсан юм, орсон байхад бол. Авъя гэхэд бол юм өгдөг байсан юм.
Саранцэцэг -
Тэгэхдээ тэр орос дэлгүүрүүдийн хангамж бол манай дэлгүүрүүдийнхээс өөр биз?
Лхагваа -
Өөр хангамжтай, юм болгон байсан. Зүгээр адаглаад л одоо юу .. сонгино хүртэл хуурай /сухой/ сонгино хүртэл ирдэг байсан шүү дээ. Уут уутаараа тийм. Их ирдэг байсан юм, орос дэлгүүрт.
Саранцэцэг -
Тэр орос дэлгүүрт орох пропускийг ямар улсууд авах уу?
Лхагваа -
Аа тэр одоо ер нь газрын даргаас дээш тушаалтай улсууд л авч байсан байх. Тэрнээс доошоо болбол байхгүй. Тэгээд яахав, одоо бас өөрсөндөө тэр пропуск өгдөг, комендатурын нөхдүүдтэй танил болбол олоод авчихдаг, танил биш бол тэгээд л дуусаа.
Саранцэцэг -
Та ер нь гадаад улс руу руу явж байсан уу?
Лхагваа -
Үгүй ээ, үгүй би ерөөсөө гадаад явж байгаагүй.
Саранцэцэг -
Таны тэр ажиллаж байсан Замын Цагдаагийн Газар чинь гадаадынхантай хэр харьцаатай ажилладаг байсан бэ? Гадаадын мэргэжилтэн улсууд байдаг байсан уу?
Лхагваа -
Байлгүй яахав, одоо зөвлөх гээд байж байлаа. Тийм. Энэ Замын цагдаагийн газар чинь эхлээд Уурын тэрэгний хэлтэс гэж байж байгаад, дараа нь Улсын авто техникийн хэлтсийн шалган байцаах хэлтэс гэдэг юм болоод, дараа нь Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар гэдэг юм болоод, тэгээд газар болж томроод, тэгж байгаад сүүлдээ одоо Замын Цагдаагийн Газар нэрээ авсан шүү дээ. Тийм түүхтэй юмаа.
Саранцэцэг -
Таны одоо хамгийн гайхамшигтай гэж анх бодож байсан, харж үзэж байсан,тийм юм гэвэл социализмын үед юу байсан бэ?
Лхагваа -
Үгүй ээ одоо яахав дээ, ер нь .:...
Саранцэцэг -
Та хөдөөнөөс орж ирэхэд танайд радио байсан уу?
Лхагваа -
Байхгүй ээ, байхгүй. Энэ Улаанбаатар орж ирж байж л айлд нэг дүгэриг хар юм байсан, ярьдаг дүгэргий хар юм, тэр л радио л байсан байналээ л дээ. Шугамын радио шүү дээ, тийм. Дугэргий ийм, хар юм байсийм. Томоо дүгэргий хар юм, тэр одоо шугамын радио. Тэр л радиог эхэлж үзсэн дээ, дуулсан сонссон айлд орж. Тэр радиог сонсдог, дуу хөгжмийг нь сонсдог, тийм байсан.
Саранцэцэг -
Зурагт орж ирэхэд чинь анх хар, цагаан зурагт орж ирж байсан ш дээ, зурагт харчихаад та юу гэж бодов?
Лхагваа -
Тийм, Үгүй ээ одоо, тэр үед чинь ер нь зурагт гэдэг чинь ямар сайхан сонин юм бэ, тэгээд ёстой үзээгүй л юмаа үзэж байсан, тийм. “Темп-1,2,3 гэсэн Оросын тийм хар, цагаан зурагт гарч ирж байсан, тийм. Тэрний дараагаар нь “Рекорд” гурван зуун хэд билээ, тийм хар, цагаан зурагт, тэгээд тэрний дараа л өнгөт гарч ирсэн дээ, тийм. Өнгөтэй зурагт орж ирсэн.
Саранцэцэг -
Онгоц чинь Завхан луу хэдийнээс эхлээд нисдэг болсон бэ?
Лхагваа -
Онгоц чинь одоо ер нь тавин хэдэн оноос эхэлсэн байхаа, нэлээн эрт, тэгээд аймагт урагшаа тэр Цагаан эргийн дэнж гэдэг дээр буудаг, тэгэхэд яахав дээ, жижигхэн АН-2 жижиг ногоон онгоц байсан, тийм, АН-2 гээд ногоон онгоц, дотроо 8 хүний суудалтай, 12 хүний суудалтай тийм онгоц байсан, тэр эхэлж очоод тэгээд тэндээ байнга сумууд руу нисдэг, шуудан хүргэдэг тийм байсан. Өө бас яахвээ, тэр 58, 59 оны үеэс эхэлсэн юм шиг байналээ тэр бол.
Саранцэцэг -
Таны хүүхэд байхдаа машин анх үзсэн тухайгаа санаж байна уу?
Лхагваа -
Өө, одоо машиныг чинь манай тэнд их цөөхөн явна, машиныг чинь яваад өнгөрөхдээр зам дээр нь очиж хэвтээд үнэрлээд, үгүй ээ мөн сайхан үнэртдэг /инээв/ тийм, хачин л байсан даа. Тэгээд ямар сайндаа үнэрлэж байхав дээ, бензин үнэртээд. Тэгж их сонирхож байсан даа. Тэгээд л машин явбал чинь морьтой чинь дагаж давхиад л хараад л, тэгээд ямар гүйцэгдэх биш дээ, тэгээд л алга болоод өгдөг.
Саранцэцэг -
Та тэгээд тэр машиндаа суугаад л хот ирсэн биз дээ?
Лхагваа -
Тэгээд л тэр машинд чинь суугаад л орж ирэхгүй юу.
Саранцэцэг -
Ер нь болбол та ингээд хотын хүн болжээ, одоо арван хэдтэйгээсээ хойш л?
Лхагваа -
Аа тэгсэн, нутагт одоо архив ухвал байдаг л байх даа. Тэрнээс байхгүй ээ. Өнгөрсөн.
Саранцэцэг -
Ер нь одоо ингээд хотын амьдралын талаар та юу гэж боддог вэ?
Лхагваа -
Үгүй ээ одоо яахав дээ, хот гэдэг бол хот хөдөөгийн ялгаа гэдэг бол шал өөр юм л даа. Тийм, хотын амьдрал болбол ерөөсөө өөр байна шүү дээ. Юм хум, идэж уух юм нь ч элбэг, мөнгө төгрөг л байвал одоо янз бүрийн юм бэлэн, одоо болбол бүр ч улам элбэг дэлбэг сайхан болсон байна шүү дээ, тийм. Урд болбол бас элбэггүй ээ, хэдэн хужаагийн мухлаг байна, заа тэгээд л орно, талх авна, хужаагийн талх авна, нарийн боов авна, хужаагаас авна, мах авна, хужаагаас авна, тийм. Хужаа чинь одоо махыг ингээд гулуузлаад, ингээд ороочихсон, өөх махтай нь холиод, ийм гонжгой юм хийчихсэн, тэгээд зүсээд худалддаг, тийм махны худалдаа, энд тэндгүй дэлгүүр, гэр ахуйн юм байлаа гэхэд авдар сав, тэгээд л одоо юу л байдгийм, гэрийн мод унь, тооно бүгдийг нь хужаа нар хийж байсан ш дээ. Бүгдийг нь хужаа нар л хийж байсан, тэгээд оёдол байна, монгол дээл, малгай, бүгд хужаа хийж байсан. Заа тэгээд техник тэрэг байхгүй, морин тэрэг. Өндөр хоршоо гэж байсан, одоо тэр юуны Барилгачдын талбайн тэндээс зах энэ урд руу байсан, тэр хоёрын хооронд морин тэрэг явна, нэг тэргэнд 4 хүн сууна, 1 төгрөг өгнө, тэгээд л одоо очоод буучихна, дахиад л тийшээ тэнд очоод буучихна, тийм байсан. Тэгээд л одоо морин тэргээр тээвэр хийдэг, тун болохгүй бол гуйгаад хаа ч хамаагүй явж болноо, тэр хужаатай нь тохирвол. Тэгээд л мөнгөө төлөөд л явна. Таксиний оронд тийм морин тэрэг явдаг байсийм. Тэгээд л сүүлд нь морин тэргийг чинь халаад л, такси ухаантай юм 67, тэр үеийн М-1, тийм машинууд гарч ирсэн, тийм. Тэгээд “Полёт” гэж сүүлдээ тийм машинууд таксид гараад, эрээн цоохор машинууд, тэгээд үнэ хямдхаан, одоо ер нь яахав одоо тун бага л юм авч байсан санагдаж байна, мөнгө ч үнэтэй байсан. Тэгж унаажиж байсан шүү. Энэ хот чинь ерөөсөө унаа байхгүй, юу ч үгүй, морин тэрэг л явна, зах руу л явна, тэрнээс өөр газар явахгүй. Тийм байсан, энэ зах гэдэг маань Тээврийн товчоо байна шүү, энэний энэ хавьд л байсан, тийм энд байсан юм. Тэгээд л энэ рүү чинь ёстой, Монголын бүх хүмсүүд зах дээр ирвэл тэнд л очдог, тийм л байсан.
Саранцэцэг -
Тэр зах дээр байгаа бараа чинь дэлгүүрт байгаа бараанаас хямд байх уу, үнэтэй байх уу?
Лхагваа -
Өө бас үнэтэйвтэр байна, тэгэхдээ гайгүй. Одооныхыг бодоход бол гайгүй. Тэгээд яахав дээ, дандаа л....
Саранцэцэг -
Дэлгүүрт байхгүй барааг тэндээс олж авах уу?
Лхагваа -
Авнаа, авна. Тэнд бол одоо хуучны эдлэл тэгээд дээл хувцас, одоо тийм гадаадын, тийм хийчихсэн тийм янз бүрийн юм байна, тэрнийг бол тэр болгон хамаагүй заруулахгүй. Дамын наймаа хийвэл хураана. Торгоно. Тийм байсан. Тэгээд яахав, нэг нууцгайгаар сав маванд хийчихээд, хөөе ийм юм байна авах уу чи гээд ингээд, дамжиж байгаад нэг юм авчихдаг, өгчихдөг тийм байсан юм, тийм.
Саранцэцэг -
Манай энэ Улаанбаатар хот бусад суурьшмал газруудын хотуудаас юугаараа онцлогтой юм?
Лхагваа -
Аан?
Саранцэцэг -
Манай энэ Улаанбаатар хот бусад улсуудын хотуудаас юугаараа онцлог байна гэж боддог уу?
Лхагваа -
Ээ, манай энд ч одоо бусад хотууд ч одоо байдаг л юм явагдаж байсан байх даа, одоо гадаад явж байсан биш, мэдэхгүй, тэгэхдээ энэ чинь одоо байхгүй юм гэж байгаагүй, байдаг л байсан. Юм болгон л байдаг байсан. Юм авъя гээд авах гэсэн юмаа ч олоод авчихдаг, тийм байсан.
Саранцэцэг -
Одоо ингээд бодож байхад хотын иргэн болсны хувьд юу нь илүү таатай юу нь илүү таагүй мэдрэмж төрүүлдэг вэ?
Лхагваа -
Одоо яахвээ, нэг үеэ бодоход хот бол соёлтой болсон байна л даа, тийм. Сайхан болсон байна, соёлтой болсон байна. Тэгээд одоо яахав дээ, одоо таагүй юм болбол бас байж л байна л даа. Энэ машиных нь зам, одоо эвдрээд байхгүй болчихдог, энэ хэдэн машинаа явуулж багтаадаггүй, машин зам нь дийлэхээ байчихсан, ачааллаа дийлэхгүй, одоо тиймэрхүү юмнууд байж л байна даа. Энэ одоо байдаг л асуудал байх даа, тийм. Тэрнээс бусад талаараа бол одоо яахвээ, яахав. Монголчууд жаахан соёл муутай, хог новшоо хамаагүй, хаа газраа хаядаг, хуримтлуулдаг, нэг иймэрхүү л юмнууд байх юм, дутагдалтай юмнууд нэг тиймэрхүү л юмнууд байна, зүгээр. Тэгээд энэ аяндаа арилна биз дээ, тэгээд яахав, тийм.
Саранцэцэг -
Монголд ардчилсан хөдөлгөөн 90-ээд оны үед гарлаа ш дээ, яг энэ ардчилсан хөдөлгөөн гарч байх үед та ямар алба хашиж байв, та энэ хөдөлгөөнд оролцов уу?
Лхагваа -
Үгүй, би оролцоогүй, тэгэхэд чинь би юу яаж байлаа, би чинь... 90 онд шүү дээ. 90 онд чинь би тэтгэвэртээ гарчихсан байж, 83 онд гарсан би. Гэртээ сууж байсан, тийм. Харж байсан.
Саранцэцэг -
Яг одоо энэ хөдөлгөөн таны амьдралд яаж нөлөөлсөн?
Лхагваа -
Үгүй ээ яахав, одоо энэ чөлөөтэй л болж эхэлж байсан шүү дээ. Одоо нэг шалихгүй юм аваад зарчихъя гэхэд урд бол заруулдаггүй байсан, ардчилал гараад, чөлөөтэй зардаг худалддаг, өгдөг авдаг ийм болсон, түүгээрээ их ялгаатай байсан, тийм их ялгаатай байсан. Заа тэгээд яахвээ, ер нь болбол хүний эрхийн асуудал гэдэг юм тавигдаж, хүн болгон эрх чөлөө эдэлж тийм, гайгүй л одоо сайхан л байдалд л шилжиж байсан л даа тэр талаараа бол. Одоо ганцхан хувьчлалыг л их буруу хийснээс их алдаа гаргасан. Ийм л юм байгаам. Тэрнээс бусад талаараа бол ер нь одоо, боломжийн л байна шүү дээ одоо, тийм.
Саранцэцэг -
Хүмсүүд тухайн үед ардчилал гарлаа..., одоо хүмсүүдийн амьдралд юу нөлөөлнө, юу авчирна гэж боддог байсан бэ?
Лхагваа -
Заа, одоо эд нар ч одоо дийлэнхдээ бол одоо сайхан болно, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдарна гэж л хүн болгон бодож байсан. Ний нуугүй л тэгж бодоцгоож байсан, цөмөөрөө. Тэгээд одоо яахвээ, тэр нь нэг их дордсон ч юм алга, яахав дээшээ л явцгааж л байна.
Саранцэцэг -
Ер нь ардчилал хүний амьдралд нөлөөлөхдөө хүйсээр ялгаатай нөлөөлсөн үү? Тийм юм харагдсан уу?
Лхагваа -
Заа, ер нь үгүй шүү, эрх тэгш л одоо эрэгтэй эмэгтэй, ядуу хоосон, баян тарган гэх юмгүй л байдаг л болсон шүү дээ, эрхийн хувьд бол.
Саранцэцэг -
Яг энэ ардчилсан хөдөлгөөнд оролцож байгаа хүмсүүдэд хүйсийн ялгаа харагдсан уу?
Лхагваа -
Заа даа, одоо онц юм мэдэгдээгүй ээ, ерөөсөө.
Саранцэцэг -
Яг одоо таны амьдралд хамгийн нааштай нөлөөлж байсан нөлөөлөл нь юу байна?
Лхагваа -
Үгүй ээ одоо нэг их онцын юм байхгүй шүү, нэг их мэдэгдээгүй, жирийн явсаар байгаад л дууссан, миний амьдрал.
Саранцэцэг -
Та ер нь төрийн бус байгууллагуудын тухай юу гэж боддог вэ?
Лхагваа -
Төрийн бус байгууллагуудтай харьцаж байгаагүй. Ер нь болбол төрийн бус байгууллага болбол их зөв зүйтэй, тийм санал гаргадаг, оновчтой асуудал тавьдаг, тэрэн дээр нь хүлээж аваад, бас засах, санаа оноог нь авдаг, энэ болбол тийм муу юм биш, их сайн юм, энэ бол тийм хүний санаагүй юмыг одоо хэсэг хүн далан хэдэн хүн санаагүй юмыг нь энэ хоёр гурван зуун хүн саналгүй яахав. Тийм тэр талаасаа бол ялгаатай сайн талууд байгаа.
Саранцэцэг -
Ер нь бол Монголын амьдралд ямар сайн талтай юм, энэ төрийн бус байгууллагууд?
Лхагваа -
Аан, энэ ч одоо ер нь их ач холбогдолтой л байна л даа. Одоо ингээд энэ амьдрал ахуй, одоо бүх юм энд нөлөөтэй л байна.
Саранцэцэг -
Та шүтлэгтэй юу?
Лхагваа -
Заа яахав дээ, би одоо хааяа нэг...,, нэг их шүтлэгсээд байх юм ч байхгүй, хааяа нэг цагаан сар марын дараагаар ганц нэг, ойр зуурын ном уншуулчихна, тэгээд л өөр юм байхгүй.
Саранцэцэг -
Ер нь таны амьдралын туршид Монгол дах шашин шүтлэг яаж өөрчлөгдөж ирж байнаа?
Лхагваа -
Аа энд одоо их юм явагдаж байх шиг байна. Энэ гадаадын шашин их л орж ирж байгаа болтой байх юм, энд сүм хийд барьчихсан, зарим нь ч одоо сурталчилгаа их явж байнаа, гадны шашны урсгалын сурталчилгаа их лут байна. манайх бол тийм юм байхгүй. Автобусны буудал дээр зогсож байхад л, нэг англи хүн ирээд монголоор ярьж байна ш дээ, ...Заа сайн байна уу, манай сүмд та очоорой, манай сүм тэнд байдаг юм шүү, энэ тэр гээд ингээд яриад, манай сүм болбол их ач холбогдолтой, монгол хүнд бол нөлөөтэй их сайхан, тийм одоо сүм байгаа юм шүү гэж хэлээд одоо яваад байгаа улсууд байна, тийм. Манайх бол тийм юм байхгүй юм л даа. Таг чиг л одоо тэгээд суугаад байх юм.
Саранцэцэг -
Социализмын үед чинь энэ сүсэг бишрэл, шашин шүтэхийг тас хорьсон байсан биз?
Лхагваа -
Тас хорьсон байсан. Ерөөсөө байхгүй.
Саранцэцэг -
Одоо нөгөө бурхан шүтээнээ ил тавьчихдаг, ном уншуулчихдаг барьдаг юм огт байгаагүй байсан биз ?
Лхагваа -
Өө бүр байхгүй. Тийм. Таг. Нууцаар л одоо тийм юм хум уншуулж, таньдаг хүн харчих вий дээ, гэж хялмалзаж байгаад, нэг уншуулбал уншуулаад л, хүн харагдвал тэгээд л гараад явчихна.
Саранцэцэг -
Таныг 50-иад оны үед хотод орж ирэхэд энэ Гандан хийдэд ном хурдаг байсан уу?
Лхагваа -
Хурдаг байсан, цөөхөн хэдэн ламтай байсан, тийм байсан.
Саранцэцэг -
Хүмсүүд тэрүүгээр нь очдог байсан уу?
Лхагваа -
Очдог байсан. Очноо очно, ер нь тэргээр явна шүү, явдаг байсан. Одоо бодоход цөөхөн л байсан л даа. Одоо бол их үргэлж л явдаг, тийм болсон байна
Саранцэцэг -
Төрд ер нь энэ шашин чинь нөлөөлж байгаа юм мэдэгддэг үү ?
Лхагваа -
Төрд энэ болбол нэг их нөлөөлөөд байх юм бол байхгүй шүү дээ, төрийн эсрэг бол ийм юм байхгүй ш дээ. Одоо шашнаас төр чинь ийм байх ёстой гээд ингээд тэгээд яриад ухуулаад, хүнийг тийм муу тал руу чиглүүлээд, тийм юм бол байхгүй. Үгүй ээ одоо яахав хувь хүний л одоо сүсэг бишрэлийн л асуудал юм, тийм. Хүн өөрөө шүтвэл шүтваа, шүтэхгүй бол тэгээд л байваа. Албадах юм байхгүй.
Саранцэцэг -
Заа, одоо би танаас өөр асуулт асууя, хүмсүүд одоо монголчууд чинь нас барсан гэр бүлийн хүмсүүдээ дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөж байна гэж та боддог вэ?
Лхагваа -
Заа одоо яахав дээ, тэр одоо нэг их зарим нь ч онц нөлөөгүй л юм шиг байна, зарим нь ч яахав, одоо тэгээд л бас ном хум уншуулдаг, жил болгон ном хум уншуулдаг барьдаг, шарил марил дээр нь эргэж тойрдог, тийм л юм байдаг л юм шиг байналээ. Тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо оршуулгаа яаж яаж, ямар ямар хэлбэрээр хийж байсан юм бэ, монголчууд?
Лхагваа -
Үгүй ээ, одоо дээр үед бол ерөөсөө зүгээр ил аваачаад л, нэг задгай, тэгээд л нэг даавуугаар ороосон болоод л, тавьчихаж байсан ш дээ. Тэгээд одоо өшөө юм байхгүй. Тэр үед чинь машин техник байхгүй, тийм. Үхэр тэргэн дээр тонтогнуулж аваачаад л тавьдаг, нэг бол тэмээнд 2 талд нь араг тэгнэж байгаад ингээд хөндлөн тавиад, аваад явчихна, ачаад. Тэгээд л аваачаад оршуулчихдаг. Тийм байсан. Тэгээд гэртээ ирээд цайллага майллага, ийм тийм юм байхгүй, хөдөө болбол олон хүн явдаггүй, тэгээд бас тийм үхэгсдийн юмнаас цээрлэдэг барьдаг, тийм юм байдаг юм шиг байсан байхаа, хэн хамаагүй очиж барьдаггүй, хөдөө. Хэдэн 7 хоног тиймэрхүү юмнууд байдаг л юм шиг байсан.
Саранцэцэг -
Аа одоо сүүлд чинь бол газарт булж оршуулдаг болсон ш дээ?
Лхагваа -
Тийм, газарт булж оршуулдаг. Нийтийн оршуулгын газартай болсон. Тэнд бол ухаад газарт оршуулдаг, цементэлж барьдаг, хөшөө мөшөө тавьдаг, зураг мургийг нь хаддаг, нэр төрсөн он насыг нь хүртэл бичдэг, тийм л болсон шүү дээ, тийм. Одоо тэр нь ч бас гайгүй болчихсон юм шиг байналээ. Одоо болбол чандарлах юм л их яваад байх шиг байна. Чандарлаж л байгаа болтой юм шиг байна.
Саранцэцэг -
Заа танд маш их баярлалаа, та сонирхолтой сайхан ярилцлага өглөө.
Лхагваа -
Заа, зүгээрээ.
Саранцэцэг -
Заа би одоо танаас асуугаагүй энэийг хэлье дээ гэж бодож байсан юм байвал та хэлэхгүй юу?
Лхагваа -
Над бол тийм юм алгаа, алга. Яахав дээ, ерөнхийдөө... бол бүх болсон юмаа ярилаа би, тийм. Нээх дутуу ч юм байгаа байх, илүү ч юм байхгүй байх, дутуу юм л байж байгаа. Заа.
Саранцэцэг -
Ярилцлагаа өндөрлье, танд сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
Лхагваа -
Заа. Баярлалаа хүү минь.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.