Tsevelmaa


Basic information
Interviewee ID: 990159
Name: Tsevelmaa
Parent's name: Böh
Ovog: Yongruu
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
belief
family
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

games
deel - clothes
belief
private life


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Сайн байна уу.

Цэвэлмаа -

Сайн, сайн байна уу.

Саранцэцэг -

Би өмнө нь таниас ярилцлага авахдаа нэлээд хэдэн одоо асуух ёстой асуултуудаа орхижээ, тэгээд би одоо таныг дахин ярилцлагандаа урьж байгаа юмаа. Заа, та 20 нас хүртлээ хөдөө ах эгч нартайгаа, аав ээжийнхээ хажууд өссөн. Та ах эгч нартайгаа хөдөө байхдаа, бага байхдаа ямар тоглоом наадгайгаар ихэвчлэн тоглодог байсан юм бол, та тэр талаараа илүү их тодруулж хэлж өгөхгүй юу?

Цэвэлмаа -

Заа за. Бид нар яахав, зуны цагт бол зуслан гараад, зуны цагт одоо манай тэнд бол би ч одоо захчин хүн шүү дээ, захчин одоо Ховдын Манханы захчин, тэгэхээр “цагаан мод хаях” гэж миний бага охин байх үед хамгийн гоё тоглоом одоо тэр байсан, сартай үед, одоо хонь малаа ажлаа дуусчихаад л ээж ааваараа загнуулахдаа загнуулаад л, зуны цагт чулуу, мулуу багатай тийм газар очоод л нэг 20-30 см-ийн ийм жаахан мод ингээд бэлдчихсэн байдаг юм, одоо тэр цагаан мод нь тэр. Тэрийгээ ингээд хэдүүлээ бөөгнөж, шуугиж, ингэж наадаж байгаад л тэрийгээ нэлээн холхон шидчихнэ. Хаячихна, тэгээд л тэрийгээ олсон хүн болбол тэрийгээ олох гээд л бүгдээрээ ингээд л хөөцөлдөөд л, тоглож яваад л тэгээд л тэр модоо олсон нь их сайн, олоогүйд нь одоо бага зэргийн тийм тэр тухайн үедээ тийм шийтгэлтэй. Тэгж тоглодог байсан, зуны цагт бол. Тэгж л тоглоно. Өдөр яахав дээ, хонь малаа хариулаад л, тэгээд л идээ цагаа хийнэ, арьс нэхий элдэнэ, аргал түлээгээ түүнэ. Ус цасаа авна. Ажил мондох биш. Тэгээд л яг ээж аавыгаа унтаад л яахаар чинь тэгээд л загнуулан барин тэгээд тийм л тоглоомоор зуны цагт тоглоно. Аа өвөл болохоор яахав, нэг дэнгийн гэрэл галныхаа гэрэлд, хорол гэж тоглоом байдаг юм, тэрийгээ тоглоно. Талцаад нийлээд тоглоно. Тэр их гоё тоглоом. Миний багын тоглоом.

Саранцэцэг -

Тэр хорол нь юу юм?

Цэвэлмаа -

Хорол гээд ингээд хорол, чандмань, очир мочир гээд байдаг ш дээ. тийм тоглоом байдаг байхгүй юу.

Саранцэцэг -

Яаж тоглодог юм?

Цэвэлмаа -

Тэрийг чинь одоо ингээд даалуу шиг л бариаад л тоглодог юм ш дээ, 12 жилтэй. Тэгээд л чандмань юу юу билээ, тийм өлзий, дун мун гэсэн тийм тоглоом байдаг байхгүй юу. Хамгийн гоё тоглоом нь тэр. За тэгээд л шагайгаар тоглоно. Морь уралдуулна, шагай атгана. Шагайгаа ингээд талцаж тоглоно. Одоо барьчихаад, хэдэн шагай байна гээд бие биендээ, таалгаж тоглодог одоо. Тийм л тоглоомоор тоглодог доо, бид нар тийм.

Саранцэцэг -

Тэр нөгөө хөдөөний хүүхдүүд чинь нэг чулуу, мулуугаар их тоглодог биз дээ?

Цэвэлмаа -

Тийм, чулуугаар тоглоно ш дээ. Хонь хариулж яваад одоо тэр чулуугаар гэр бариад, янз янзын чулуугаар ингээд гэр бариад, ингээд л гэр дотроо одоо юу.., авдар хайрцаг, гэрт юу байдаг уу, тэрийг ингээд тоглоод л, тэрийг чинь жил бүр нэмээд л, аягүй гоё би л лав тэгж тоглож байсан, аягүй гоё тийм миний гэр гээд л ингээд л гоё чулуу, мулуу шил, мил олоод л, тэгээд л тэрүүгээр аягүй гоё тоглодог тоглоом тийм л тоглоом байсан.

Саранцэцэг -

Тэр алаг мэлхий өрнө гэдэг чинь яаж тоглодог юм? Чулуугаар өрдөг юм уу?

Цэвэлмаа -

Алаг мэлхий өрнө гэдэг чинь шагайгаар өрнө, 108 шагайгаар өрнө. Шагайгаар тэгээд л өрчихөөд л, шоо хаяад л, тэрийгээ тэгээд л аваад л тэр чинь аягүй гоё тоглоом. Заа тэгээд харин даам нүүнээ. Буга нүүнэ. Буга нүүх гэж манайд бас нэг тийм юм байна.

Саранцэцэг -

Буга нүүнэ гэдэг нь яадаг юм?

Цэвэлмаа -

Буга гэж ийм юутай, зурчихаад тэрэн дээрээ 2 юмаар юу хийчихээд буга гэж хэд билээ, нэлээн хэдэн юугаар буга нүүх л гэж тоглож байсан. Тэгж тоглодог, даам нүүдэг, шагайгаар тоглодог, хоролоор тоглодог, бид нарын тоглоом тийм л тоглоом байсан. Бидний үед тоглож байсан тоглоом тэр.

Саранцэцэг -

Заа, за танайх чинь ингээд, та чинь айлын отгон охин. Тэгээд л аав ээж 2 чинь та хэдэд дээл хийж өмсгөнө биз, тэр үед ер нь даавуу даалимбаны олдоц нь ер нь хэр байсан юм бол доо?

Цэвэлмаа -

Ховор ш дээ, ёстой. Даалимба, жигүүн...,

Саранцэцэг -

Цагаан сар, наадмын үеэр л шинэ дээл өмсөх үү?

Цэвэлмаа -

Өө тэр бүгд өмсөхгүй. Шинэ дээл өмсөхгүй. Өвлийн дээл гээд нэг нэхий дээл л голцуу байна. За тэрэн дээрээ сүлийн үед тэгээд даалимба маалимба жигүүн, сатин гээд тийм одоо дээд талын юм л жигүүн гэж татаад л өмсөх юм бол тийм юмаар өнгөлөөд л өмсөх юм бол одоо хамгийн гоё дээл нь тэр. Тэгээд торго, морго гэдгийг чинь лав би хөдөө байхдаа мэддэгггүй байсан. Дээд талын юу нь л жигүүнээр хийнэ, сатин гээд жигүүн шиг юу байна. Заа, тэгээд л даалимба. Тийм л юм хийнэ.

Саранцэцэг -

Тэр даавуу даалимбыг манай Монгол улс чинь Хятадаас авдаг байсан юм бол уу, Оросоос авч байсан юм болуу?

Цэвэлмаа -

Оросынх, Оросынх. Орос байх, тийм. Би энэ хотод орж ирсэн хойноо л хятад бараа гээд тэр үед чинь Хятадын бараа их чанартай, аягүй гоё юу байдаг байсан ш дээ. Гутал тэгээд л хятад торго. Үйтэн хуар гээд л би энэ хотод орж ирсэн хойноо л Хятадын бараа гээд л их л гоё, их л сайн чанартай гээд л Хятадын юм гээд л эдэлдэг байсан ш дээ.

Саранцэцэг -

Танай одоо өөрийн чинь дээр байсан ах эгч нараас чинь бүүр одоо хөдөөдөө малчин болоод үлдчихсэн улсууд бий юу?

Цэвэлмаа -

Байлгүй яахав, тийм. Манай 2 эгч, манай нэг эгч юу..., яасан юм. Нас барчихсан юм зайлуул, 2 дах хүүхэд дээрээ нас барчихсан юм, тэр нэг их малчин байж удаагүй нас барчихсан, 2 өнчин хүүхэд үлдсэн. 2 ах маань.., манайх чинь бас олуулаа мөртлөө тэгээд залуу залуугаараа хагас нь тэгээд нас барцгаасан байхгүй юу. 3 ахын нэг нь нас бараад, 3 эгчийн нэг нь нас бараад, тэгээд яачихсан. 2 эгч маань 2-уулаа хотод ороод ирсэн, 2 ах хөдөө нэгдлийн мал маллаад, харин нэгдлийнхээ малыг их сайн маллаад, нэртэй төртэй, шагнал гавьяа авч байсаан. Аварга.., аварга цол авлаа л гэдэг юм, би ч холоос эндээс сайн мэдэхгүй, сонсдог, тэгээд л мөнгө цаас одоо тэр ашгийн .., ашиг гэж авч байсан, ашиг нь одоо мөнгө цаас цалин нь юм уу даа. Цалин малин авдаг, унаа унаш морь унааг нь өгдөг, ер нь амьдрал нь дээшилсэн л дээ, нэгдэлд ороод. Нэгдлийн хөдөлгөөн яахад чинь нэгдэлд аягүй сайхан тийм харж үзэж, сайн сайхан амьдарцгааж, ажиллаж байсаан. Манай нэг ах ..,

Саранцэцэг -

Одоо бий юу?

Цэвэлмаа -

Байхгүй ээ. Байхгүй ш дээ, хоёулаа. Би одоо ерөөсөө ганцаараа үлдчихсэн байгаа юм чинь. 7 хүүхдүүдийн хамгийн бага нь ганцаараа үлдчихсэн. 80 дөхөөд л явж байна ш дээ, ганцаараа үлдчихсэн. Хэцүү. Манай нэг ах бол нэлээн сайн ажиллаж байсан, тэгээд олон жил багийн дарга ч хийж байсан, тэгээд нас нь өндөр болоод, тэгээд нэгдлийн мал маллаад, тэгээд тэр мал маллаж байхдаа, сайн л маллаж байсан юм байлгүй, гавьяа шагнал жуух энэ тэр аваад л сум муман дээрээ туж л гавьяа шагналтай, сайн малчин, сайн нэгдэлчин ч гэх юм уу, малчин ч гэх юм уу, тиймэрхүү л нэр төртэй ажиллаж ажиллацгааж байсан даа.

Саранцэцэг -

Аа тэдний 2 ахын чинь хүүхдүүд нь хөдөөдөө бий юу?

Цэвэлмаа -

Одоо нэг ахын манай тэр том ах бол бараг хүүхэд байхгүй, 2 өргөмөл хүүхэдтэй тэр нь энд бас ирчихсэн. Тэр бага ах бол хэдэн хүүхэдтэй. Тэр нь хөдөө одоо 4 айл байна. Тэр.., манай тэр бага ахын 4 айл, энд 2 айл байна. Нэг нь тийм олуулаа, нэг нь хүүхэд цөөтэй тийм.

Саранцэцэг -

Тэр.., та чинь сүүлд нутаг явсан 99 онд, нутаг руугаа явсан. Тэр үед хүүхдүүдээр нь орж очив уу?

Цэвэлмаа -

Очилгүй яахав, очсон. Манай том ах 86 хүрч нас барсан. 86-тай, нас барсан, тэгээд 80 насных нь ойг нутагт нь очиж хийсэн бид нар. Манай тэр ах хөдөө байсан юм, тийм. Тэгээд олон жил багийн дарга хийсэн, нэлээн суман дээрээ нэр төртэй, тийм ах байсан, олон жил багийн дарга хийгээд, тэгээд тэр баг дээрээ бас нэлээн л ажил хийж байгаад, тэгээд сүүлдээ малчин болоод, тэгээд бид нар тэр ах маань гарсан хүүхэд байхгүй, 23 өргөмөл хүүхэдтэй, тэгээд л би л хамгийн гол нь урьдчилаад одоо гарсан үр хүүхэд байхгүй өндөр настай, нэртэй төртэй хүнийг 80 насных нь ойг.., 70 насных нь ойг хийе гэсэн өөрөө дургүйцээд хийлгээгүй юм, манай ээж 93 хүрч нас барсан байхгүй юу, тэгээд ээжийгээ ерэн хэд хүрч байхад би 70 насны ойг хийхгүй гээд ах өөрөө дургүйцээд, тэгээд тэрний дараа 10 жил болж байж, 80 насных нь ойг бид нар эндээс би олон хүүхдүүдтэйгээ яваад тэгээд тэнд очиж, яг тэр байгаа газарт газарт нь очиж хийсэн. Тэгээд тэр сум нэгдлийн дарга марга, тэр одоо багийн, одоо тэр бригадынх нь өдөрлөг зохиогоод морь уралдаад л, бөх барилдаад л, тэр сумын засаг дарга энэ тэр нь ирж гавьяа шагнал өгөөд, баяр хүргээд л, их сайхан юу болсон. Тэмдэглэлт үйл явдал болсон. Би тэр ахыгаа 80 насны ой хийлгэсэн нь хийлгэж чадсандаа би их баярлаж явдаг юм, одоо болтол. Тийм.

Саранцэцэг -

Тийм байна. Одоо тэр чинь Манхандаа юу? Ховдын. Манхандаа байсан уу, тэгэхэд.

Цэвэлмаа -

Манхандаа байсан, яг нутагтаа, шилжиж ирээгүй, тэнд байсан. тэгээд 80 насныхаа ойг хийгээд, энчээ нөгөө өргөж авсан охин хүүхэд нь энд ирсэн, тэгээд энд ирж байж байгаад, тэгээд бурхан болсон доо.

Саранцэцэг -

Аа тэр сүүлд 99 онд очиход тэр танай одоо тэр 4 айл байгаа гээд ярилаа ш дээ, ахын чинь хүүхдүүд гээд. Тэднүүс ер нь бүгдээрээ малчин болцгоосон уу?

Цэвэлмаа -

Өө одоо хувийн сайхан малчин болсон. Овоо одоо хэр нь тэнд чинь хувийн малтай сайхан амьдарцгааж байгаа. Тийм.

Саранцэцэг -

Тэр одоо дээр үеийн байсан малчин айлууд одоо энэ малчин болоод, гарсан айлууд нь ер нь хоорондоо ямархуу байх юм бэ, ялгаа нь?

Цэвэлмаа -

Өө одоо сайхан. Бүүр миний бага байхын тэр үеэс бол одоо бол их сайхан болсон ш дээ, ер нь. Нэгдэлд ороод, одоо нэгдэл ч гэхгүй одоо тэгээд хувийн малтай, болсон тэрийгээ тэгээд л өөрснөө маллаад л, одоо тэр амьдрал сайтай болсон юм билээ. Бас сайхан.

Саранцэцэг -

Тэр чинь сая нөгөө нэгдэл гэж тараад, тэгээд одоо малчдад чинь малыг нь буцаагаад өгчихсөн ш дээ. одоо ер нь тэр улсууд хэдий тооны малтай байгаа болоо, дунджаар?

Цэвэлмаа -

Өө ер нь манайхны тэднүүс бол одоо зарим нэг нь “1000-т малчин” болсон гэж дуулддаг юм, ер нь тэрнээс л доошоо ер нь амьдрал сайтай. Одоо унаа унаштай болсон, овоо сайхан амьдарцгааж байгаа. Тэд нар гайгүй сайн.

Саранцэцэг -

Одоо танай тэр ах эгч нараас чинь сүүлд ер нь боловсрол эзэмшээд, одоо сургууль соёлоор яваад мэргэжилтэй болсон хүмүүс бий юу?

Цэвэлмаа -

Одоо тэд нарын хүүхдүүдээс л оюутан болсон, сургуульд орсон хүүхдүүд байна. Тэгэхдээ ер нь тийм сургууль соёлоор явж тийм дээд мэргэжил эд нар эзэмшсэн хүн ер нь байхгүй дээ, манайханд бол

Саранцэцэг -

Тэр таны 2 эгч хот руу түрүүлээд орж ирсэн 2 эгч чинь үйлдвэртээ ажиллаж байгаад л насны тэтгэвэртээ суусан уу?

Цэвэлмаа -

Тэгэлгүй яахав, тийм. Үйлдвэртээ ажиллаж байгаад л насны тэтгэвэртээ суугаад тэгээд л. Нэг эгч маань 80 хүрч нас барсан, нэг эгч маань бас бие муутай байж байгаад нэг насалж чадаагүйдээ зайлуул, 65, 66 хүрээд л нас барсан. Тэгээд л одоо би ингээд л дээрээ ах ч байхгүй, эгч ч байхгүй ингээд л одоо ганцаараа л үлдчихэж байгаа юм даа.

Саранцэцэг -

Та чинь 54 онд анх хотод орж ирсэн ш дээ, тээ. Тэгэхэд чинь танай аав, ээж ер нь мал ахуйтай байсан, малаа ер нь нийгэмчлэхэдээ хэдий тооны мал нийгэмчилсэн гэж сүүлд сонсож байхад тэгж байсан бэ?

Цэвэлмаа -

Би наашаа ирэхэд чинь манайх чинь бас овоо л малтай болчихсон байсан даа. Нэг 500 хавьцаа малтай байсан даа, бог мал голцуу байсан, тэгээд би ирээд удаагүй л байхад нэгдэлд орсон гэсэн, тэрийгээ ер баргийг нь өгсөн байлгүй дээ. Хувьд хэд үлдсэн байсан мэдэхгүй ээ, нэгдэлд ороод тэд нар чинь бас бас л овоо сайхан амьдрал нь дээшилсэн, бас.

Саранцэцэг -

Та хөдөөнөөс наашаа орж ирэхэд ямар унаагаар орж ирсэн юм, хот руу?

Цэвэлмаа -

Өө би яахав хүнд.., 2 эгч дээрээ очно гээд би нутгийнхаа таньдаг улсуудтай ирээд л, аягүй унаа унаш олдохгүй, би чинь зүгээр нэг 150 гэсэн нэг хавтгай гүүзүүтэй машинд суугаад, тэгээд 7 хонож бараг 8 дах хоног дээрээ л энэ хотод орж ирсэн. Аягүй удаж явж л ирсэн. Тэгэхэд чинь ямар одоо хайшаа юм б дээ, зам мам ч муутай байсан юм уу, машин тэрэг нь ч тийм удаан байсан юм уу, их л удаж явж л орж ирсэн.

Саранцэцэг -

Тэр чинь одоо нөгөө шуудангийн машин гэж явдаг болчихсон үе үү, зүгээр хувь хүний машинд дайгдаж ирсэн үү?

Цэвэлмаа -

Хувь хүний машин. Тийм шуудан гэж албан ёсны юм байдаггүй байлаа, би бүр унаа олдохгүй, би чинь 8 сарын сүүлчээр 9 сарын эхээр л ирсэн, оюутан моюутан их байсан юм байх даа, багтаж шингэхгүй, хүн нь багтахгүй, машин тэрэг олдохгүй, явах газартаа би бүр хүлээж байж нэг наашаа явсан тэгээд л замдаа тэгээд 7 хоночихоод л, 8 дах хоног дээрээ л орж ирсэн. Тэрийгээ сайн мэдэж байна, мартдаггүй юм /инээв/ Яахав, өнөө 2 эгч дээрээ ирэх гэж байна гээд л баярлаад л ирж байгаа юм чинь.

Саранцэцэг -

Та тэгээд нөгөө эгч нар дээрээ ирсэн ш дээ. Одоо эгч нар чинь танай 2 эгч чинь..., хүрч ирэхэд чинь таныг юуны үйлдвэрт оруулсан тээ, ноос угаах?

Цэвэлмаа -

Тийм, ноос угаах үйлдвэрт оруулсан. Нэг эгч маань тэнд хийж байсан тэгээд, тэрүүнд л орсон. Ноос угаах үйлдвэрт ороод тэгээд ажилласаан ажилласан.

Саранцэцэг -

Ноос угаах үйлдвэрт чинь тэр ноосыг чинь гадаад руу гаргадаг байсан гэсэн ямар ямар улсууд руу гаргадаг байсныг нь та мэддэг үү, Орос руу гаргадаг байсан уу, Хятад эсвэл Чех руу гаргадаг байсан уу?

Цэвэлмаа -

Тийм, тэр чинь одоо Орос, бараг 3,4 оронд л гаргаж байсан байх. Би одоо ер нь сайн санахгүй байна. Лав л дандаа л гадаадад гаргадаг байсан юм чинь одоо кг нь ч юутай тэгээд л тэр чинь нөгөө ялгасан ялгалт, тэгээд л сортлоод л тэгээд л тослог, чийг гэсэн тэр үедээ тиймэрхүү их л нарийн л яадаг байсан, зарим нь тэнцэнэ, зарим нь тэнцэхгүй тийм.

Саранцэцэг -

Хүүхдүүд нөгөө зуны амралт болохоор хичээлийн амралт болохоор аав ээж дээрээ очоод хажууд нь ажил хийгээд бас нэг жаахан мөнгө төгрөг ажил хийчихдэг байсан тээ, танайхны ажлын улсууд бас л тэгээд хүүхдүүдээ ажилллуулдаг байсан уу?

Цэвэлмаа -

Тэгнэ. Тэгнэ. Томхон хүүхэдтэй улс чинь тэгээд л хэн ч ялгаагүй хүүхдүүдээ ажиллуулна. Өө ажиллах хүүхэд байвал аваад ир гээд тэр ажиллуулж байгаа удирдаж байгаа улсууд чинь тэгээд дуртай нь ажиллуулна.

Саранцэцэг -

Тэр хүмсүүд үйлдвэрт ажиллаж байгаа улсууд ажлынхаа хажуугаар орлого олно гэж байх уу?

Цэвэлмаа -

Байхгүй, байхгүй. Ажил л хийхээс одоотой адилхан ямар гадуур наймаа хийнэ, тэр худалдаа наймаа гэдгийг чинь мэдэхгүй байсан ш дээ. Миний л хувьд ерөөсөө наймаа худалдаа гэж мэдэхгүй.

Саранцэцэг -

Аа тэгээд зарим нэг гарын ур дүйтэй улсууд монгол дээл эд нар оёод, бас нэг хэдэн төгрөг олчихдог тийм юм байдаг байсан уу ?

Цэвэлмаа -

Өө тийм юм байлгүй яахав. Өөрөө дээлээ оёж чадахгүй хүн чинь хүнд өгөөд л, хийлгээд л, тэрнийхээ одоо хөлс шанд нь өгөх мөнгөө өгөөд л тэгээд л хийлгэнэ. Би л лав хүний юм ч оёж байгаагүй, өөрийнхөө юмыг ч хүнээр хийлгэж байгаагүй, за зун боллоо, охин хүүхэддээ эрээн даавуу аваад л платье/даашинз/ хийнэ, за тэр нөхөртөө ч гэсэн эрэгтэй хүүхдүүддээ ч гэсэн даавуу аваад л шарваар марваар шарваар гэж ярьдаг байсан даа тэгэхэд, одооны одоо юу ч гэх юм б дээ, монгол өмдөрхүү тийм юм хийгээд өмсөнө, тэгээд л голцуу л өөрсдөө л юмаа хийж өмсдөг байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэгэхдээ бол яг очоод л хүүхдүүддээ хувцас хунар авчихъя гэхээр тийм юмны олдоц нь ховор байдаг байсан уу?

Цэвэлмаа -

Олдоц муу, олдохгүй ш дээ, ер нь тийм таарсан юм олдохгүй. За тэгээд л нэг пальто энэ тэр өөрийн эрхгүй л яаж ийж байгаад л авна. Тэгэхдээ хөвөнтэй куртка, муртка хөвөнгөөр юм хийгээд л өгдөг байсан. Хүүхдүүддээ ч гэсэн, нөхөртөө ч гэсэн, тийм бэлэн юм ховор ш дээ, ер нь.

Саранцэцэг -

Тэр үйлдвэрт очиж байхад чинь хүмсүүд гэр бүл болоод гэрлэлтээ батлуулаад, зарим гэр бүл болоогүй улсууд татвар эд нар төлдөг гэж яриад байдаг юм билээ, тиймүү?

Цэвэлмаа -

Авдаг, авдаг.

Саранцэцэг -

Гэр бүл болоогүйн татвар төлнө гэсэн үг үү?

Цэвэлмаа -

Лав л нэг хүүхэдгүйн татвар гээд л авч байсан, нөхөргүй хүний татвар авч байсан уу, сайн мэдэхгүй байна. Лав л хүүхэдгүйн татвар гээд авдаг байсан, одоо үйлдвэрчний татвар гээд бид нараас чинь ингээд сар бүр авна ш дээ, тэрүүн шиг хүүхэдгүйн татвар гэж авдаг байсан. нөхөргүйн татвар гэж авч байсан уу, үгүй юу, тэрийг сайн санахгүй байна.

Саранцэцэг -

Тэр нөгөө үйлдвэрт ажилд орогсод үйлдвэрчний эвлэлийн гишүүн болсон байдаг юм билээ, үйлдвэрчний шугамаар ажилчдад нь янз бүрийн хөнгөлөлт жишээлбэл, одоо сурахад нь ч байдаг юм уу, сувилалд хөнгөлөлттэй эмчлүүлэх ч байдаг юм уу, тийм юм байсан бол уу?

Цэвэлмаа -

Байлгүй яахав, байна ш дээ. Үйлдвэрчний татвар гэж бид нар чинь нөгөө өөриЙнхөө эрх ашгийг одоо үйлдвэрчний байгууллагад хандуулчихаж байгаа юм чинь, амралтанд явна, хөнгөлттэй, за тэгээд “Эхийн алдар”-ын одон авна, 14 хоног мөнгөгүй амарна, “Эхийн алдар”-тай улсууд тэрийгээ бүртгүүлээд, жилд нэг удаа, би бол амрахдаа мөнгөгүй л амардаг байсан.

Саранцэцэг -

Та чинь нөгөө “Эхийн алдар” 1,2 той билүү?

Цэвэлмаа -

1-тэй, 1-тэй. 1 бишээ, 2-р одонтой. Одоо хэр нь би тэгээд л сая ч юу яалаа ш дээ, ардчилсан юуны хөдөлгөөнөөр настангуудын юугаар юу яалаа ш дээ, нэг 1-р одонтой хүн 100,000, 2-р одонтой хүн 50000 цаас өгөөд одоо 3 дах жилдээ явж байна ш дээ. Энэ дээр би одоо бас нэг 50000 цаас авч байгаа, “Эхийн алдар” одонгийн мөнгө гэж.

Саранцэцэг -

Тэр нь тэгээд жилд 1 удаа тиймээ?

Цэвэлмаа -

Тийм, бас яахав дээ, бас /инээв/

Саранцэцэг -

Тэрийгээ таслахгүй өгөөд байна биз?

Цэвэлмаа -

ªгч байна, өгч байна. Би одоо 3 дах жилдээ авч байна. Өгч байна, өгч байна жилд удаа авч байгаа.

Саранцэцэг -

Аа тэр үйлдвэрчнээс өгдөг шагнал, урамшил нь голцуу юунд чиглэсэн шагнал урамшил байдаг байсан бэ? Үйлдвэрчний байгууллагаас ажилчдад үзүүлж байгаа хөнгөлөлт тусламж нь?

Цэвэлмаа -

Үгүй ээ, тэр чинь үйлдвэрчний юу гэж тэр тусгай тийм ч шагнал байхгүй ээ, тэр ажлынхаа нөхцөл ажлаа л сайн хийж байвал тэгээд л ажлаас л шагнал, урамшил одоо баярын бичиг л гэж их авч байгаа юм даа, дээр үед чинь заа, нэг 50000 цаастай, нэг баярын бичиг л голцуу авна даа доод тал нь. Тэгээд л тэр чинь одоо үйлдвэрчний л юугаар авч байсан хэрэг байх даа.

Саранцэцэг -

Одоо хүмсүүд чинь одоо зарим нэг одоо хууль ёсны биш, ажлаасаа халах ч байдаг юм уу, тийм үед үйлдвэрчний байгууллагадаа ханддаг байлээ, ер нь үйлдвэрт ажиллаж байгаа улсууд үйлдвэрчний байгууллагадаа ямар асуудлаар голдуу ханддаг байсан болоо, та тэрийг санаж байна уу ? Үйлдвэрчний байгууллагадаа өргөдөл бариад л ороод л нэг ханддаг асуудлууд нь юу байдаг байсан бэ, ихэнхдээ? Одоо орон сууц мууцны талаар тусламж үзүүлээчээ гэдэг юм уу, намайг одоо ийм сувилалд ингэж эмчлүүлэхэд ийм хандив тусламж үзүүлээчээ гэдэг байсан уу, тийм юм байсан юм уу?

Цэвэлмаа -

Үгүй ээ, намайг ажиллаж байхад ер нь нэг тусламж мусламж энэ тэр юм байхгүй байсан байхаа, тийм. Лав л ингээд 50 хүрээд тэтгэвэр тогтооно ш дээ, тэгэхэд лав үйлдвэрчнийхээ нөгөө ажиллаж байсан цалингийн тодорхойлолт энэ тэр гээд 5 жилийнхээ авахыг авна, 5 жилээр тийм юм, тэрүүнд л яаж байсан, одоотой адилхан тэгээд л одоо энэ янз бүрийн эмнэлэг сувилал гэж тийм тусгай, тусгай тийм юм явахгүй байсан байхаа, тийм юм мэдэхгүй байна.

Саранцэцэг -

Танай аав ээж чинь таныг сургуулиас хоцроохоос гадна танай ах эгч нарыг бас сургуулиас хоцроосон биз дээ?

Цэвэлмаа -

Тэгсэн ш дээ, харин. Шүтлэг байхгүй, манай аав бол бүр шүтлэг байхгүй. Тэгээд манай аавын дүү харин лам ах байсан тэр л тэрийгий чинь манай аав,тэр дүүгээ тэгдэг, харлаг билүү, харлаг гээд л нэг юм ярьдаг байсан. Манай аав бол шүтлэг ёстой байхгүй. Манай ээж нэг харин зул мул өргөдөг, цайны дээж мээж өргөчихдөг тийм байсан. Одоо намайг жаахан хөдөө тэр гэртээ байхад чинь одоо тиймэрхүү юмыг чинь амьтан үздэггүй байсан. Тийм одоо шашны талыг чинь үздэггүй байсан юм чинь, шашны талыг чинь үзэхгүй ш дээ.

Саранцэцэг -

Танай тэр хамаатны лам чинь танайхаар нэг ирж очиж цагаан сарын үеэр ч байдаг юм уу, ямар нэг юм болоход чинь ирж ном мом уншиж өгдөг тийм юм огт байгаагүй юу?

Цэвэлмаа -

Өгнө. Ном өгнө, ном уншина,

Саранцэцэг -

Өө тийм үү, хааяа нэг ирж очихдоо?

Цэвэлмаа -

Заа, би бүүр сонин юм ярья. Нэг манай аавын хамаатан нэг чавганц байдаг байж байгаад нас барсан юм гэсэн, би тэрийг сайн мэдэхгүй. Тэгэхэд би 7-той байлуу даа, тэгэхдээ би мэдээд байгаа юм тэрийг. Тэр өвчтэй байсан зүйлээ. Тэгээд тэр манай ээжийг манай ээжийг Тэгшээ гэдэг, манай ээж их сайхан зантай хүн байсан байхгүй юу, байсан л даа. Тэгээд Тэгшээтэйгээ уулзах юмсан гээд ярьж байгаад тэр чавганц нас барчихсан юм гэсэн. Уулзаж чадаагүй. Яанаа би инээдтэй юм хэлэх үү, яах уу.

Саранцэцэг -

Хамаагүй хамаагүй, та ярь, ярь ?

Цэвэлмаа -

Тэгсэн чинь тэр хүний сүнс нь манайд гэрт ирээд, над тэр сүнс нь хорогдсон юм гэсэн. Яг тэгсэн гэсэн ш дээ.

Саранцэцэг -

Тийм үү, Заа, за тэгвэл тэгж ярьдаг л юм чинь та ярь ярь.

Цэвэлмаа -

Манайх чинь ингээд зуух байхгүй, гал түлнэ ш дээ, задгай тулганд. Тэгээд ингээд манай аав хонь, монио хариулж явж ирчихээд, галд ингээд сууж байдаг байхгүй юу, тэгээд ингээд байж байсан чинь би чинь их эрх дураараа, аавынхаа өвөр дээр л голцуу байдаг. Тэгээд л манай аавын энэ нэг далан дээр нь ингээд аягүй том, ийм аалз явж байгаа харагдсан гэж байгаа юм. Миний нүдэнд одоо хэр нь харагддаг юм ш дээ. Тэгээд л би ингээд л аавынхаа тэр юун дээр нь алгадаж аваад л, алгадаад л би чинь тэгээд л ухаан алдаж малдаж, тийм аюултай юм болсон ш дээ. тэгээд тэр чавганцын сүнс манайд ирээд, одоо намайг авах гээд байсан юм билээ. Тэгээд тэр манай лам ах чинь аргалж байж намайг эдгээсэн ш дээ. Би тэрийг мэдээд байгаа юм.

Саранцэцэг -

Тэгвэл танайхаар хааяа ирж, очдог байж тээ?

Цэвэлмаа -

Тэгээд одоо тэр хүний сүнс хорогдчихсон байна гээд намайг янз бүрийн юм .., нэр өөрчлөөд, тэгээд нэг хонь авчирч миний уруул амд ингээд үнсүүлээд, ингээд сэтэрлэж өгөөд, эр төлөг, тэгээд намайг нэг улаан ямаан дээр намайг амьдаар нь дээшээ харуулж аваачаад, намайг тэр ямаан дээр мордуулаад, тэгээд намайг чинь улаан ямааны зүрх идүүлдэггүй байсан юм, тэгээд миний энэ хүзүүн дээр тийм улаан мэнгэ болоод үлдсэн ш дээ, одоо чи ч гэсэн харсан байхаа, хаа байна /гараараа заав/ тэгээд манай тэр лам ах чинь намайг тэгж авсан ш дээ. Би тэгээд тийм юм бодоод ч тэгдэг юм уу би харин бас амихандаа жаахан шүтлэгтэй, бас тиймэрхүү талаар. Тэгээд гэрээ буулгаж, гэрээ өөр газар бариад, ханын завсраар намайг гаргаад, тэгээд орой харанхуй бүрэнхий болж байхад ингээд ширэг хийж байна гээд юун дээр чинь давс, арц хийгээд тэрэн дээгүүр чинь намайг ингэж яагаад, намайг ташуурдаад л, тэгэхээр тэр ламын роль /үүрэг/ байгаа юм даа, тээ. Манай тэр лам ах бол одоо зураг нь тэр байж л байна. Тэгсэн ш дээ, нээрээ.

Саранцэцэг -

Та тэгээд гайгүй болсон уу?.

Цэвэлмаа -

Би тэгээд гайгүй болсон ш дээ, бас нэг хүнтэй хамжиж намайг яасан. Тэр бүх үйлд явдлыг мэдээд байгаа юм чинь. Тэгээд би газраар гүйсэн муухай бор аалзыг би бүр харж чаддаггүй ш дээ, муухай санагдаад л. Арзайгаад л.

Саранцэцэг -

Тухайн үедээ энэ аргалж байна гэдэг ийм яриаг бол нам нууна биз, гэр бүлийнхээ?.

Цэвэлмаа -

Үгүй ээ, нууж л байсан байх даа одоо ёстой мэдэхгүй юм.

Саранцэцэг -

Тэгэхэд та жаахан байсан болоод мэдэхгүй байна тиймээ?

Цэвэлмаа -

Би одоо тэр юмнуудыг яг мэдээд байгаа юм. Тэр одоо тийм юмнуудыг хийж байна гэдгээ нуудаг л байсан байлгүй дээ, бодвол. Тэгдэг л байсан. Заа, ёстой сонин балай балай юм ярьчихваа даа.

Саранцэцэг -

Өө хамаагүй ээ. За, ээжийнхээ талаар дурсаж ярихгүй юм уу?

Цэвэлмаа -

Өө, манай ээж яахав, хөөрхий амьтан, ёстой аягүй жижигхэн биетэй, аягүй сайхан ааштай, “Түмний ээж” гэдэг байсан. Тийм ээж байж байгаад энэ хотод орж ирээд, бараг 10-аад жил болж байж байгаад, тэгээд л манай нэг эгч дээр голцуу байж байгаад л тэгээд л бурхан болсон ш дээ, одоо. энд шарил марил нь байдаг юм.

Саранцэцэг -

Хүүхдүүддээ одоо их юм зааж сургадаг, зөвлөдөг байсан байх даа, олон хүүхэд өсгөсөн тиймээ?

Цэвэлмаа -

Тэгэлгүй яахав, тийм.

Саранцэцэг -

Аа танай хүүхдүүд одоо ямар, ямар ажил эрхэлж байна?.

Цэвэлмаа -

Манай хүүхдүүд яахав, тэгээд Солонгост нэг 2 хүүхэд байна, тэд нарынхаа хүчинд л хүүхдүүдийнхээ хүчинд л ингээд л би одоо ганцаараа голцуу ингээд байж байна. Тэд нарынхаа хүчинд л би одоо байж байна ш дээ. Тэрнээс би одоо нэг сарын нэг 110000 цаасны тэтгэвэр авдаг тэрийгээ би хаанаа барихав дээ, тэд нарынхаа дэмжлэгтэй л би одоо амьдарч байна даа.

Саранцэцэг -

Одооны энэ залуучуул чинь гадагшаа л явж ажилладаг болжээ, тэрний адил танай 2 хүүхэд Солонгост ажиллаж байгаа юм байна, ер нь Солонгос орны талаар, тэнд ажиллаж байгаа нөхцөл байдлынхаа талаар юу гэж ярьдаг байсан бэ?

Цэвэлмаа -

Сайхаан, би ч гэсэн өөрөө очсон ш дээ. Хүүхдүүд дээрээ.

Саранцэцэг -

Та ямар журмаар явсан, урилгаар уу?

Цэвэлмаа -

Урилгаар урилгаар. 25 хоноод л ирсэн. Одоо 2 жил болж байна, тэрнээс чинь хойш. Сайхан юм байналээ. Намайг их юм үзүүлсэн. Ёстой.

Саранцэцэг -

Танай хүүхдүүд чинь тэнд ямар үйлдвэрт нь ямар ажил эрхэлдэг юм бэ?

Цэвэлмаа -

Өө тэд нар зүгээр л ажил л хийнэ. Янз бүрийн л ажил хийнэ.

Саранцэцэг -

Сарын цалин нь манай энд авдгаас хамаагүй өндөр биз?

Цэвэлмаа -

Хамаагүй өндөр байсан, одоо харин муудчихсан. Байна гэсээн. Одоо ажил олдохгүй, байна гээд одоо харин хэцүү л болж байгаа юм яриад байна. Тийм.

Саранцэцэг -

Та өөр ямар орнууд руу явж үзсэн?

Цэвэлмаа -

Би Хятад руу нэг жаахан явсан. Тэгээд Солонгост очиж нэг хорин хэд хоносон, өшөө нэг их яваагүй ээ, нэг хүүхдүүдийнхээ хүчинд. Одоо яахав, гадагшаа гарч үзсээн. Сайхан юм билээ, Солонгост бол. Ёстой их сайхан. Их л сайхан газар байналээ.

Саранцэцэг -

Монголчууд ер нь их байх юм уу?

Цэвэлмаа -

Их юм байналээ.

Саранцэцэг -

Их нийлж барьдаг юм байна уу, танай тэр хүүгийн ажиллаж байгаа газар т олон монгол байна уу?

Цэвэлмаа -

Монголчууд байдаг юм байналээ.

Саранцэцэг -

Одоо хэдэн жил болж байгаа юм, хэзээ ирнэ гэж байх юм?.

Цэвэлмаа -

Одоо, тэд нар чинь одоо, тэгээд ажилгүй болохоор одоо тэгээд энд ирэхээр ажил олдох биш гээд л одоо тэгээд л тэндээ л байх л дуртай ш дээ, тэдийд ирнэ ч гэж гэсэн юм алга, байж л байна.

Саранцэцэг -

Тэдний хүүхдүүд нь хаана уу, хүүхдүүдийн чинь?

Цэвэлмаа -

Хүүхдүүд нь энд байгаа. Энчээ сургуулиар яваад л, энд айл гэр болоод л, манай тэр ач зээ нар чинь одоо бүгдээрээ одоо айл гэр болчихсон, тусдаа гарчихсан.

Саранцэцэг -

Аа одоо тэгвэл энд.., өөрсөн дээрээ хүүхэд шуухдаа аваад Солонгостоо ажиллаад, амьдраад байгаагүй юм байна?.

Цэвэлмаа -

Байхгүй байхгүй тийм.

Саранцэцэг -

Та урагшаа Хятад руу явсан тухайгаа хуучлахгүй юу?

Цэвэлмаа -

Өө Хятад руу яваад би шалиагүй ээ, зүгээр л хүн дагаж яваад л..,

Саранцэцэг -

Хаашаа, аль хүртэл явсан юм?

Цэвэлмаа -

Би Бээжин орчихоод л ирсэн, хүн дагаж яваад л. Зам хараад л явж байгаад л ирсэн. Тийм.

Саранцэцэг -

Тэр нь зүгээр жуулчлах замаар л явсан юм уу?

Цэвэлмаа -

Жуулчлах маягаар л яваад ирсэн.

Саранцэцэг -

Хятадууд солонгосууд хоорондоо ямар санагдав, Хятад нь илүү гоё санагдав уу, Солонгос нь илүү гоё санагдав уу?.

Цэвэлмаа -

Солонгост их юм үзээд тэр юм уу, Солонгос нь гоё. Хятадад зүгээр вагоноор явчихаад ирсэн болоод тэр юм уу, удаа ч үгүй л ирсэн. Солонгост би их юм үзсээн.

Саранцэцэг -

Заа юу үзэв? Үзсэн, харсан юмнаасаа хуучлахгүй юм уу, сонирхуулахгүй юм уу?

Цэвэлмаа -

Үгүй ээ, одоо юу гэхэв дээ, жаран хэд билээ, нэг өндөр байшинд очсон, заа усан юугаар .., усан онгоцоор зугаалсан, нэг одоо нуур, ямар далай билээ, тэнд очсон, одоо нөгөө газрынхаа нэр мартаад байна бас. Их л сайхан сайхан юм үзсэн. Их гоё юм байналээ. Ёстой сайхан юм байналээ. Олон газраар орж хоол ч идсэн, орсон газар ч ёстой, ёстой сайхан юм билээ, бэлэн юман дээр чинь хайх юм байхгүй.

Саранцэцэг -

Тэнд тэгээд ажиллаж байгаа улсууд чинь одоо эрүүл мэндийн даатгалд хамрагддаг юм бол уу, өвдөхөөрөө их төлбөр мөнгө төлж эмнэлэгт үзүүлдэг юм бол уу, танай хүүхдүүд тэр талаар юм ярьж байх юм уу?

Цэвэлмаа -

Манай нэг хүүхэд нэг өндөр юу руу унаад л хөлөө бэртээсэн, үгүй ээ, тэгээд овоо нээх өндөр юугаар эмчлээгүй л юм гэсэн ш дээ, гайгүй л гэсэн.

Саранцэцэг -

Аа тэр үйлдвэрт ажиллаж байгаа хүмсүүдийг арай хөнгөлттэй үнээр эмчлүүлдэг юм байна тээ?

Цэвэлмаа -

Тийм.

Саранцэцэг -

Ер нь танай хүүхдүүд ам сайтай юу?

Цэвэлмаа -

Одоо л их хэцүү болоод байна гэнэ, одоо өнөө жилээс л.

Саранцэцэг -

Одоо чинь хаа хаагүй л эдийн засгийн хямрал гээд. Тэгээд.., Заа. За. Танд их баярлалаа. Ер нь тодруулж асууя гэсэн юмнуудаа асуучихлаа. Тийм. Танд их баярлалаа.

Цэвэлмаа -

Заа, за мэдэхгүй ээ, мэдэхгүй. Би болсон болоогүй юм хэлж хэлчихлээ ш дээ, болж байгаа юм уу одоо үгүй юм уу, мэдэхгүй ээ мэдэхгүй.

Саранцэцэг -

Заа, за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.