Erdenebat


Basic information
Interviewee ID: 990173
Name: Erdenebat
Parent's name: Ravdan
Ovog: Ravdan
Sex: m
Year of Birth: 1962
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: Working in Korea
Belief: Buddhist
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: housewife
Father's profession: transport driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За тэгэхээр бид хоёр түрүүн 6-7 хоногийн өмнө ярилцлага хийж одоо түр завсарлаад би өөрөөс чинь зарим нэг зүйл тодруулах, өөрт чинь бас нэмж ярих асуудал байгаа байх гэж бодож байна. Ингээд хоёулаа хоёрдахь удаагийнхаа ярилцлагыг эхлэе.

Эрдэнэбат -

За

Дэжид -

Тийм. Тэгэхээр надад түрүүчийн өгсөн ярилцлаганаас үүдээд нэг ийм асуулт байна. Ер нь өөрийн чинь одоо гавъяат тээвэрчин гэж нэр хүндтэй хүн байсан байна. Аймаг орон нутагтаа. Тэгэхээр бусад тээвэрчдээс гавъяат тээвэрчин гэдэг хүн ямар давуу эрхтэй байсан юмуу? Ямар илүү эрх мэдэлтэй байсан? Ямар онцлогтой байсан юм? Энэ талаар тодруулж ярьж өгөх үү?

Эрдэнэбат -

За тэгье. Манай аав одоо 1971 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гавъяат тээвэрчин гэдэг цолыг авсан юм байгаа юм. Тэгэхэд би 10 настай 3-р ангид байсан тэрийг одоо мэдэж байна.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд том шагнал авсан гээд аав чинь одоо хүн амьтан ирээд тэр үед чинь энгэрийн тэмдэг, мөнгө төгрөг бас шагнаж өгч байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд бааз байгууллагынхан хүмүүс ирээд манайд чинь найр наадам хийгээд л нэг сайхан хүүхэд байхад тэгж байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд ер нь бол гавъяат хүн гэдэг чинь бол юунуудаасаа арай жаахан давуу эрх байлгүй яахав. Тэр үед тээвэрт явж байхад энд тэнд бензин тос колонк юунаас авахад бол 1-рт очер ихтэй байвал урдуур нь ороод авчихна тэр чинь. Юу очергүй үйлчлүүлнэ. Аа ачаа тээврийн юун дээр бол очер дугааргүй үйлчлүүлнэ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд орон нутагтаа болохоор тусгай үйлчилгээний тэр аймгийн дарга нар ордог товчооны гишүүд байсан ш дээ. Тэд үйлчлүүлдэг дэлгүүрт бас үйлчлүүлдэг.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тусгай тийм одоо бараа материал тэр үедээ хөдөө орон нутагт чинь байхгүй олддоггүй ховор бараа таваар идэж уух юмаар тусгай тэгж үйлчлүүлдэг.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Ер бол тэгээд манай аав үр хүүхэд хань ижилдээ их юутай. Биднийг бас сурахын хажуугаар юуны урлаг уран сайхныг их дэмждэг байсан. Зургийн аппарат Софи-4 гэдэг аппарат бүр угаалгынх нь тэр ком юутай нь авч өгч байсан. Бас баянхуур хөгжим байна. Гитар байна. Тэгээд бүрээ байхгүй юм манайд байгаагүй.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр үед энэ чинь бас үнэтэй. Аав чинь одоо 2-3 мотоцикл авч унаж байсан тэр үедээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Мотоцикл юу ховор байдаг ш дээ. Хувийн машин унаа гэж хүнд байгаагүй. Мотоцикл одоо энэ улаан Яв гэж анх гарч байсан. Нэг авсан. Сүүлд нь шаахай 3 гээд тухайн үедээ олддоггүй ховор юу байсан. 3 дугуйт авч унаж байсан. Тэр үедээ бол ер нь би аавын тэр ажилч хичээнгүй, хөдөлмөрч, хийе гэснээ хийдэг зан чанарууд надад уламжлаж авсан гэж би өөрийгөө боддог. Тэр утгаараа өдий зэрэгтэй сайн сайхан амьдраад явж байна даа.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэрнээс гадна тэгээд тэр үед сургуульд байхад аавыгаа дагаад хөдөө зуныхаа амралтаар байнга явна. Тэгээд хөдөө хээр бас өлсөж цангах юм байлгүй яахав. Тэр болгонд чинь тэгээд л хатуужил тэсвэр суугаад л эр хүн гэдэг утгаараа тэгээд л аавыгаа дагаад нэлээд тээвэрт явж байсан даа. Тэгээд бас жаахан хатуужил, амьдралын хатуу хөтүүг тээвэрчин хүн багш магш сэхээтэн хүн байсан бол ... тиймэрхүү талын юм юу яадаг юм даа. Тэгээд одоо манай аавын ээж чинь манай эмээ биднийг өсгөхөд их том роль үүрэг гүйцэтгэсэн хүн ш дээ. Манайх чинь 5-уулаа бид нар аав ээжээсээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд бид нар чинь тэрсхэн өссөн. Аав маань тээвэрт байнга явдаг. Ээж бид нарыг чинь харж хандана. Эмээ өсгөж хүмүүжүүлэхэд их гар бие оролцсон манай эмээ чинь. Одоо тэр үедээ л их мундаг сүрхий эмээ орон нутаг тэр нутаг нугынхан Олио эмээ гээд их хүндэлдэг их сайн эмээ байсан юмаа. Тэгээд тэр ер нь бид нарыг чинь аав ээжийн юунаас тэр эмээгийн өсгөж хүмүүжүүлж байсан тэр зан чанар бид нарт их нөлөөлсөн л дөө. Тэр утгаараа ер нь хүний чинь одоо тэр ... тэгээд ер нь манай аав талынхан одоо сайн сайхан явж байна даа.Өөрсдөө бол ажил төрөлдөө мэрийлттэй. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг зөв замаараа явсан хүмүүс нь ер нь тэгээд сайн сайхан явцгааж байна даа.

Дэжид -

Тэгэхээр өөрөө 3-р анги төгсчихөөд байхад аав чинь гавъяат тээвэрчин болж байсан гэж байна. Тэгэхээр тэр үед одоо гавъяатын хүүхэд гэхэд сургуулийн хүүхдүүдийн дунд бас ямар байв? Багш нар өөр ханддаг байсан уу? Ямар өөрт чинь юу мэдрэгддэг байсан бэ? Тэр үед?

Эрдэнэбат -

Аа тэр үед чинь тийм их гавъяатын хүүхэд гээд ямар нэгэн хөнгөлттэй тал байхгүй л дээ. Тэгэхдээ улс орондоо тийм их нэр хүндтэй, нэр алдартай, сайн ажиллаж байгаа хүмүүсийг тэр ер нь орон нутаг нь үр хүүхдийн ч гэсэн бас тэр нэлээд хүндэлдэг тэгж харьцдаг тиймэрхүү л байсан ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Сайн яваа хүнийг чинь үр хүүхэд ах дүү нарын хүртэл олон түмэн чинь хүндлээд л юу яагаад хүндэтгэж үздэг шүү дээ. Сайн хүний хүүхэд сүүт гүүний унага гэж манай аав их ярьдаг хүн байхгүй юу.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр утгаараа ер нь бид нарыг бол ер нь бол багш нар, ангийн хүүхдүүд бол их хүндэтгэлтэй хандаж байсан. Тиймээ?

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр утгаараа ямарч байсан тэр тухайн нийгэмдээ тэр сайн сайхан ажил төрөл сайн явж байгаа гэдэг утгаараа хүмүүс тухайн үедээ ирээдүйдээ хүмүүс сайн сайхан явбал ийм байдаг юм байна гэдгийн аав тод жишээ болж үлдсэн дээ.

Дэжид -

Тэр хот руу одоо өөрөө тээвэрт явж байгаад хотыг анх аавтайгаа үзэж байсан уу? Ер нь Улаанбаатар хотод ерөөсөө хөдөө орон нутагт тээвэр хийж байгаад 92 онд орж ирсэн гэж байсан тиймээ? Улаанбаатар хотод. Тэгэхэд орж ирж байсан уу? Тэрнээс өмнө Улаанбаатар хотод орж ирсэн уу? Анх орж ирэхэд Улаанбаатар хот ямар санагдаж байсан?

Эрдэнэбат -

Аа тэр чинь одоо хүүхэд байхад орж ирж байсан. Би чинь нэлээд бас эртний орж ирсэн ш дээ. Манай аав чинь хот хөдөө Архангайгаас хот хоёрын хооронд байнга явдаг байсан. Бусад хөдөө орон нутаг бас хот руу орж ирлээ гэхэд хөдөөний хүмүүс явж чаддаггүй.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд яахав гэхээр гавъяат гээд манай аав чинь хот руу их явдаг. Ер нь хотыг бараг манай аав л одоо наадмын янз янзын үйлчилгээ, бараа мараа гээд тэгэхэд чинь аав л тэр даалгаврын аваад л явна.

Дэжид -

Хариуцлагатай ...

Эрдэнэбат -

Хариуцлагатай 1-р зэргийн жолооч ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Гавъяат тээвэрчин хүн гэдэг чинь. Тэгээд яахав гэхээр тэр тухайн үедээ танил тал ихтэй. Тэр чинь бас Монгол улсын гавъяат тээвэрчин хүн гэдэг утгаараа хүмүүс тэр чинь андахгүй шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр үедээ тиймээ? Монголд цөөхөн хүний нэг ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тээврийн байгууллага тэгэхээр чинь тэр үед чинь бааз байгууллага чинь ганц тэр орон нутагт чинь ачаа ард түмний өргөн хэрэглээний бараа зөөж байсан болохоор чинь тэр үед маш их юу яадаг байсан. Итгэл найдвар хүлээлгэж өгдөг.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд аав байнга хот явна. Зуны амралтаар би яахав дагаад явна. Манай аавын эгч нь төрсөн эгч нь хотод байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд аав байнга явна л даа. Хот руу.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд хүүхэд байхад анх хотод орж ирээд хөл толгойн ч мэдэгдэхгүй тийм том том юу жаахан явахаар тойрчих вий гээд ерөөсөө явж чадахгүй. Тийм л байсан юм даа. Намайг хүүхэд байхад. Тэгэхэд сургуулийн 4-5-р ангид л байсан даа анх орж ирж байсан үе бол.

Дэжид -

Аа ха.

Эрдэнэбат -

Тэгэхээрээ тэр утгаараа ер нь аав маань анх намайг хөлийг минь дөрөөнд, гарыг маань ганзаганд хүргэж өгсөн хүн шүү дээ. Тэр юугаар дамжиж би чинь одоо хорвоотой танилцсан гэдэг шиг аавыгаа дагаж л алсын тээвэрт явж байсан. Тэгээд бүх амьдралын юу өлсөхдөө өлсөж, цангахдаа цангаж явж байсан тиймээ?

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Хүн болгон тэр гавъяа цол автлаа явна гэдэг чинь бас нэлээд бэрхшээлийг туулж байж тийм амжилтанд хүрнэ шүү дээ. Түүнээс хүн болгон тийм амархан тэр гавъяатыг авчихдаг байсан бол тээврийн тэрэг барьж байсан хүн болгон авчих байсан ш дээ. Тэгээд бас өөрийн ажилч хичээнгүй чанар тэр тэрэг техникээ мэддэг чадвар ...

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тийм юм маш их нөлөөлнө л дөө. Яахав тэр ажилч хичээнгүй байдал, тэрэг техникээ мэдэх тэрнийгээ арчилж юу яах тийм талууд нь нөлөөлж байж хувь хүн чинь юу яана шүү дээ. Хамт олонтой ер л манай аав чинь энэ юу толгой сайтай хүн байсан гэж өөрөө тэгдэг юм. Тэгж ярьдаг юм. Ном .... ярьдаг байсан юм. Тэр утгаараа боловсрол эзэмшсэн бол нэлээд дээгүүр ажил төрөл хийх тэр үедээ гайгуу юу явж байсан. Надад бодол төрж л байдаг юм.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд одоо гадаадад их явсан хүн ш дээ. Манай аав. Чех улсад ... ер нь Орос луу тэр үед чинь сайн сайн ажиллаж байгаа хүмүүсийг чинь гадаад дотоодод их амраадаг. Социализм социалист улсуудаар их явуулдаг байсан ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэрийг би ярианыхаа далимд бас хэлчихсэн нь зүгээр байх гэж бодож байгаа.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Чехославак, чехэд явж байсан. Одоо дандаа социалист орон ш дээ. Зөвлөлт Холбоот Улсад явж байсан. Бас л урлаг соёлын зүтгэлтэн, монголын тэргүүний хүмүүстэй л цуг тэр үеийн сайн ажиллаж байсан хүмүүс чинь тиймэрхүү л маягтай байлаа шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Гадаад дотоодод амардаг. Улс орон үзүүлдэг тиймээ? Тэгээд ер нь ямарч байсан энгийн хар бор амьдралтай бас орж байгаагүй. Тэр үедээ бас одоо бид нар чинь амьдрал бас цалин мөнгө гайгуу олж байсан. Мөнгө төгрөг авна ш дээ. Гавъяат тээвэрчин тэгээд ажил сайн хийдэг хүмүүс чинь. Цалин пинлүү сайн авч байсан ш дээ. Манай аав чинь. Хүн болгон мотоцикл унахгүй. Хүн болгон баян хөгжим гэдэг чинь тэр үедээ ховор талдаа байсан ш дээ. Мотоцикл энэ унаа унаш гэдэг чинь.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгэхээр ер нь бол яахав тэгэхдээ өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэж нэг монголын ардын үг байдаг л даа.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Хүүхэд нас юундаа бол их өлсөж цангаж юмаар дутаж гачигдаж үзэж амьдралын бэрхшээл үзээгүй ээ. Сайн аавынхаа хүчинд. Сайн сайхан яваад хүний зэрэгтэй хүрээд ажил мэргэжилтэй болоод ингээд одоо 2 хүүхэдтэй 86 онд би ТМС-д юу цэрэгт яваад 3 жилийн алба хаагаад 84 онд Архангай аймагт очиж халагдаж очсон.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Аа тэгээд 84 онд юу яасан юмаа. Баазад орж ажиллаад аавыхаа ажиллаж байсан. Авто тээврийн 6-р баазад орж ажилласан байгаа юм. Тэгээд тэнд ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцаад манай хүн худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан юм. Нягтлан гэдэг ажил алба гүйцэтгэж байсан. Би тэгэхэд баазад эвлэлийн хорооны даргын тэрэг барьдаг 69 машинтай байсан. Тэгээд бид хоёр танилцаад байж байгаад 83 онд хуримаа хийгээд тэр үедээ хурим хийхдээ архигүй хурим гэдэг хурим хийсэн. Архигүй хурим гэдэг нь тэр үед архидан согтуурахтай тэмцэх хөдөлгөөн гээд өрнөж байсан. Манай эвлэлийн үүрийн дарга залуу хүн байсан. Би ч залуу хүн байсан. Тэгээд бид нарт дэмжлэг туслалцаа үзүүлээд зураг мураг авахуулаад аймгийн юунаас бэлэг дурсгалын зүйл гардуулсан. Зураг мураг авахуулаад тэр үедээ бас нэг хөөрхөн юм болсон юмаа. Архигүй хурим гэдэг чинь сайхан зүйл байдаг юм байна гээд манай эвлэлийн үүрийн дарга дэмжээд бид хоёр ч гэсэн дэмжээд архигүй хурим хийгээд бид хоёр чинь тэгээд анх авгайтайгаа сууж байсан юмаа. Тэгээд сайхан амьдраад явбал амжилтанд хүрдэг юм байна гээд ажил амьдралын гараагаа эхлээд сайн сайхан амьдраад сайн сайхан явдаг юм байна гэсэн утгаар ажиллаад цол гавъяа шагналд хүрсэн. Тэгээд бид хоёр 84- өөс 90 он хүртэл ажиллаж байгаад зах зээл гэдэг юм эхлэхэд бааз маань тараад, ажилгүй болоод,..

Дэжид -

Аа ха түүнийг бид хоёр ярьж байсан тиймээ?

Эрдэнэбат -

Тийм тэгээд тэр том бааз тараад ажилгүй болоод зах зээлийн нийгэм чинь социалист бүх орнууд хямраад юу яаж байгаа ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгээд манай улс чинь зах зээлийн нийгэмд ороод тэгээд ажилгүй болоод ямар ч байсан машинаа хувьчилж авсан ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Баазаасаа

Дэжид -

Аа тийм гэсэн. Аа тэгэхээр тэр үед өөрт чинь бас эцгийн юугаар эвлэлийн залуучуудыг бас нэг уриалан дуудах сайхан үйл хэрэг болсон байна ш дээ тэр үед тиймээ?...

Эрдэнэбат -

Аймаг даяар хийсэн ш дээ.

Дэжид -

Аймаг даяар хийнээ гэдэг чинь

Эрдэнэбат -

Аавынхаа юугаар үлгэр жишээ байна гээд тэр үед сонин сэтгүүлээр гарч байсан юм. Зураг мургаа авахуулаад бас түүхэн нэрээ үлдээх юм хийсэн гэж боддог юм.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр үедээ надад сайхан л байсан юм.

Дэжид -

Сайхан сонин юм байна. Энэ чинь сонин сайхан түүхийг сонсоод сууж байхад сайхан байна.

Эрдэнэбат -

Манай аав чинь хашаа байшин үлдээж өгсөн надад.

Дэжид -

Ер нь ингээд ярилцлага дундаас тодоруулаад нэг юм асуухад өөрт чинь хөдөөний бусад хүүхдүүдээс илүү боломж байсан байна тиймээ? 8-р ангидаа байхдаа хот үзэж байсан түүх бусад хүүхдүүдэд тэр болгон байхгүй. ТМС-д явах гээд ирж байхад тэр үед хүүхдүүдийг яаж хүлээж авч байсан. Ямар байдлаар зохион байгуулж байсан бэ?

Эрдэнэбат -

Аа тэр бол сургуульд явуулах чиглэлийн яамдууд нь байсан л даа.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Одоо жишээ нь барилгын ТМС гэхэд чинь барилгын яам байна шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Барилгын яамнаас надад багш гаргаад тэр хүүхдүүдийг чинь хүлээж аваад бүртгэж аваад, за одоо хэдэнд явна. Хувцас хунарын хэдэн төгрөг тэр үед өгдөг байсан юм.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр байтугай би хүртэл манай аав тэр үеийн 2000 төгрөг өгч байсан юм даа. Драпан платье хийлгэж, 2-3 ээлжийн костюм пиджак аваад л их сайхан хувцаслаад одоо Зөвлөлт Холбоот Улс шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

16 настай хүүхэд шүү дээ тиймээ?

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

8-р анги дөнгөж төгсөөд очиж байгаа юугаа ч мэдэхгүй. Аав ээжийнхээ гараас гараагүй тиймээ? Тийм хүүхэд л очоод анх тэр вагон гэдэг чинь сууж үзээгүй.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Ерөөсөө вагонд би сууж үзээгүй байсан ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Зүгээр хотод орж ирж байсан. Машинаар орж ирнэ үү? гэхээс ямар төмөр зам байхгүй ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Ерөөсөө юунд сууж үзээгүй байсан.

Дэжид -

Галт тэргэнд?

Эрдэнэбат -

Галт тэрэг. Тэгээд анх галт тэргэнд суугаад л одоо тэр чинь одоо 4 хоног л явж очиж 3 хоног юмуу явж очиж байсан ш дээ. Одоо оросын Новосибирск, Кудницка гэдэг Сибирь ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр чинь би хичнээн сайхан юу яасан чинь оросууд чинь хүлээж аваад байр бүх юм бэлэн. Тэгээд хоол унд бүх юмыг чинь сайхан сурахаас өөр дутагдах юм байхгүй. Тэр үед чинь бас 7 рубль өгдөг байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Сарын 7 рубль их юм авна ш дээ.

Дэжид -

Юунд зарцуулах вэ? Тэрнийг?

Эрдэнэбат -

Яахав хоол унд гэсэн цаанаасаа 3 хоол өгчихөж байгаа юм чинь. Одоо тэр үед хүүхэд байсан юм чинь ... гэх юм биш амттай чихэр михэр ундаа мундаа уусан шиг бас нэг кино мино үзсэн шиг зайрмаг майрмаг тиймэрхүү юманд л зардаг байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Гэхдээ бас залуу байсан. Тэр ч бас их мөнгө байсан шүү. Тэр үед Оросын холбооны улс чинь социалист орнуудын тэргүүн эгнээнд явдаг улс шүү дээ. Тэр үед ЗХУ дэлхийд эвгүй байсан шүү дээ. Шинжлэх ухаан, зэвсэг техник, дэлхийд бараг Америкийн дараа байсан байх шүү. Тэр утгаараа нийгмийн тэр сайхан байдлыг хөдөөний нэг аймгийн төвөөс ирсэн хүүхдэд сонин байгаа юм чинь. Ёстой нэг соёлыг гайхаж байгаа юм чинь тиймээ?

Дэжид -

Аа ха. Тэгээд ер нь нийгмийн идэвхи ямар байв өөрийн чинь болон бусад оюутнуудын хувьд урлаг спорт ямар байсан бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад өөрөө ямар байсан бэ? Арван жилд байхдаа урлаг спортоор хичээллэж байсан уу? хичээллэж байсан бол ямар үр дүнд хүрч байсан бэ?

Эрдэнэбат -

Урлаг спортын талд тэр үед Монгол бол гайгуу байсан ш дээ. Дэмждэг хөгжүүлдэг. Би одоо манай аав чинь үндэсний бөхөөр барилдаж байгаад хөлөө бэртээгээд, манай аав чинь воллейбол тоглодог байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Ер нь нийгмийн идэвхи сайтай. Аа дуулбал бас дуулчихдаг. Барилдвал барилдчихна гэдэг шиг идэвхи сайтай хүн байсан ш дээ. Одоо мөсөн шагай энэ тэр харвахдаа их сайн. Тоглохгүй юм гэж байхгүй. Биллиярд хүртэл тоглодог. Шатар нүүнэ. Даам нүүнэ. Ер нь бүх юманд тэнцүүхэн авъяастай. Манай аав чинь урлаг спортонд ер нь сайн авъяастай хүн байсан юм. Би ер нь манайхан урлаг спортын талд хүнээс дутахгүй байсан. Чөлөөт бөхөөр Азийн аварга болж байсан Бүрэн гэдэг хүний шавь болж секцэнд нь явж байсан. Тэгээд сүүлд нь манай эгч болохоор зэрэг хөнгөн атилетикч тэр үед Болгар хүртэл явж хүрэл медаль авч байсан. Манай бага эгч маань бас тэшүүрээр гулгадаг. Манай бага дүү чинь воллейбол тоглодог. Манай бага дүү сагс тоглоно. Ер нь бид хэд урлаг спортоор хүний ард орохооргүй л байсан. Тэгээд ТМС-д урлаг уран сайхан спорт зэрэг л явдаг ш дээ. Дуу дуулах авъяастай хүүхдүүд нь дуугаа дуулна. Би чинь бол сагс воллейбол тоглоно. Тэгээд дээр нь чөлөөт мөлөөтөөр жаахан барилдчихдаг. Тэр үед Монгол улсын урлаг спорт тэнцүүхэн хөгжиж явж байсан. Ер нь хоцрогдож доголдож энэ нь авъяаслаг хүмүүсийг дардаг хавчдаг юм ер нь бол байгаагүй шүү. Тэр хүн юу чаддаг байв. Юу сурч мэддэг түүнийгээ дугуйлан юугаар гаргаж ирдэг байсан. Хүний авъяас чинь даравч далдайна. Булавч бултайна гэдэг шиг түүгээрээ хоолоо олж иддэг. Ямар ч юугүй байсан ш дээ. Сайхан дэмждэг. Сургууль соёл нь дэмждэг байсан. Хүүхдүүдийг тийм л байлаа.

Дэжид -

Өөрийн чинь ярилцлагыг сонсоод тухайн нийгэмд хөдөлмөрлөөд гавъяа шагнал авч байсан тэр гэр бүлийн амьдралыг сонсоход тэр сурлага хүмүүжил, өв тэгш хүмүүжүүлэхийн төлөө санаа тавьдаг байсан нь харагдаж байна л даа. Энэ бас их бахархал сайхан асуудал байсан байна аа. Тухайн үед үр хүүхдүүддээ өв тэгш анхаарал тавьснаар та нар тэгш сайхан хүмүүжиж урлагт сонирхолтой. Спортонд сонирхолтой. Олныхоо дунд мөр зэрэгцэж явж байсан байна гэж ойлголоо тиймээ?

Эрдэнэбат -

Тухай үе социалист нийгэм ч гэсэн буруу муу зүйл байгаагүй ш дээ. Одоо олон хүүхэдтэй ч гэсэн өв тэгш хүмүүжүүлдэг байлаа шүү дээ.

Дэжид -

Тэр үед чинь одоо хүүхэд байх үед чинь соёлын довтолгоо гэж явагдаж байсан уу? Тэр талаар сонсож байсан уу?

Эрдэнэбат -

Тэр одоо дуулдаж байсан юмаа. Ер нь тэр соёлын довтолгоо гэдэг чинь хөдөө хотын хүмүүсийг соёлтой болгох гэсэн жаахан тийм юу яасан соёлын довтолгоо гэдэг чинь одоо жишээ нь намайг баазад ажиллаж байхад архигүй орчин гээд компанит ажил зохиогдож байсан. Хөдөө бүр архи нэрдэг бүрхээлийг нь машинаар дайрч хэмхэлж байсан. Гашуун юунууд бий шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр одоо соёлын довтолгоонтой л адилхан зүйл шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Одоо зүгээр малынхаа сүүгээр архиа нэрээд тэр чинь бол хичнээн жил өв уламжлагдаж ирсэн бүрхээл тэрийг устгаж одоо бүрхээл гэж намын Архангайн намын даргаар очиж байгаад архи нэрдэг гээд бүрхээлийн яагаад машинаар дайрч устгаж байлаа шүү дээ.

Дэжид -

Соёлын довтолгооны нэг хэсэг?

Эрдэнэбат -

Аа ха

Дэжид -

Ер аав ээж чинь шашин шүтдэг улс байсан уу?

Эрдэнэбат -

Аа манай аав чинь шашин шүтэлгүй яахав. Ер улс орон даяар манайхан чинь буддын шашинтай л улс шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Монгол улс чинь гэхдээ бас жаахан хавчигдмал байсан. Төрийн албан хаагч, намын гишүүн гэдэг утгаараа тэр чинь нэлээд бас хязгаарлагдмал байсан шүү дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Манай аав шиг намын гишүүн хүн гэр орондоо бурхан тахилтай байж болохгүй. Тэр утгаараа бас бурхан шүтэх бас юутай байсан. Хязгаарлагдмал байсан. За яахав хөгшин энэ тэр манай эмээ мэмээд бурхан багшийн юу му бол байсан. Та нар шүтэж болохгүй гээд намын гишүүн бус хүмүүсийн бурхан шүтээнийг эмхэлж хэмхэлж байсан юм бол байхгүй. Аа намын гишүүн хүн бол гэр орондоо бурхан тахил тавих хязгаарлагдмал байсан. Намын гишүүн хүн бурхан шүтэж гэр орондоо тавьж болохгүй гэсэн заалттай байсан. Тэгэхээр манай аав бол намын гишүүн хүн байсан учраас намаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэг.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Захирагддаг тийм л байсан. Тэгээд ер шашин шүтэх бол намын гишүүн хүнд хязгаарлагдмал хавчагдмал л байсан.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Түүнийг бол би тод санаж байна л даа.

Дэжид -

За өөр тодоруулж ярьж зүйл байна уу? Бид хоёрын ярианд хөндөгдөөгүй сэдэв дээр ярилцаж байсан яриатай холбоотой. Тэр үеийн гадаад харилцаа бол танай гэр бүлийн хувьд бол эрт эхэлсэн.

Эрдэнэбат -

Аа тийм би зах зээлийн эдийн засагт шилжээд ажил төрөлгүй болоод, баазаасаа гараад байж байхдаа Польш руу явж арилжаа наймаа хийсэн. Өөрийнхөө эрэгтэй дүүтэй хоёулаа 4 сар Польшид ажиллаад наймаа хийсэн л дээ. Варшав гээд нийслэлээс нь ороод тэндээс нь одоо нөгөө зах дээр өөрсдөө зардаг. Тэгээд мөнгөө хураагаад \зэрэгцэж ярив\ тэгээд бараагаа зараад зах дээр нь тэндээс нь ашиг олоод ...

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэр үед 24-10 гээд оросын тэрэг л дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэрийг 3500 доллараар авч орж ирж байсан. Тэгээд яахав тэгж явж байсны юугаар орос хэл сурсных л даа. Тэр үед чинь юу яагаад орос хэлтэй болчихсон. Тэгээд яахав гэхээр чинь Европ, Польш энэ тэрд чинь оросууд чинь 2000 коммунист байсан гэж байгаа ш дээ. Тэгэхээр орос хэлийг сайн мэддэг байхгүй юу оросууд. Тэр утгаараа хэлний бэрхшээл тэр үед надад байгаагүй.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Орос хэлээр чөлөөтэй ярьчихдаг болохоор. Тэгээд яахав тэгээд тэр утгаараа наймаа арилжааныхаа юмаа оросоор харьцаад оросоор мөнгө төгрөгөө юу яадаг наймаа арилжаа хэлний бэрхшээл тэнд бол гараагүй л дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгэхээр яахав гэхээр 2 жил орос хэл сурсны хэрэг тэнд гарсан. Ач гавъяа гарсан. Тэгээд 10 жил болсон шүү дээ. Тэр тэргийг чинь одоо. Оросын 24-10 гэж 3500 доллараар оруулж ирж байсан бид хоёр. Одоо Польшийн Варшав гэдэг хотоос нь 6 хоног бид хоёр засмал замаар 8000 км яваад ирж байсан ш дээ. Тэгэхээр бид хоёр тэр аавын миний нойр хоолгүй сайн жолооч болсны юу шүү дээ тиймээ? 6 хоног гэдэг чинь 8000 км гэдэг чинь 1000 хэдэн зуун км явж байгаа байхгүй юу. Яасан гэхээр бид хоёр зогсож амрахгүй...

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Нэг нь тэргээ барьж явж байхад нэг нь унтаад амраад яваад байгаа байхгүй юу. Тэгээд машиныг чинь нэг бие засчихаад зогсоогоогүй. Ээлжилж бариад ерөөсөө. 6 хоног 8000 км юу яагаад одоо Сэлэнгийн Алтанбулаг орж ирж байсан. Тэр үед чинь бас одоо Герман, Польшоос их машин зөөдөг байсан ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Одоо манай Монгол чинь өөрсдөө машины юу байхгүй. Үйлдвэрлэл байхгүй учраас гадаадаас дандаа машин техникээ авдаг. Тэр үед чинь одоо ер нь монголчууд их зөөсөн дөө. Герман, Польшоос тэр үед би ёстой сэтгэл сайхан юу яаж байсан. Миний аав тэгэхэд амьд байсан. Би тэгэхэд тэр үед нөгөө хувьчлаад авсан 69-аа аавдаа аа бас хотод тээвэр хийгээд бас ... явж байсан. Миний аав чинь тэтгэвэрт гарчихсан. 60 хол гарчихсан хүн чинь тэгээд явж байсан ш дээ.

Дэжид -

Аа ха

Эрдэнэбат -

Тэгж айхтар өвчин зовлон гэж ярьдаггүй. Манай эмээ чинь бараг 100-аад насалсан хүн ш дээ. Тэдний манай аавын талынхан их урт настай бие сайтай улс байсан ш дээ. Ухаан саруул тэд нар чинь. Тэгээд одоо бид нар чинь хүүхдүүд нь сайн сайхан л явж байна ш дээ. Өвчин зовлон гарз байхгүй. Би бол Солонгост 8-9 жил ажиллаад байж байна. Өнөөдөр маргааш Солонгос явна даа.

Дэжид -

Аа ха. За их баярлалаа. Ингээд 20-р зууны аман түүх төсөлд өөрийнхөө тэр үед сурч хүмүүжиж байсан аж амьдралын талаар тухайн үед байсан боловсролын систем тэгээд өөрийнхөө одоо тухайн үед амьдралд гарч байсан түүхэн эргэлт, бодит амьдрал юу байв гэдгийг жирийн тодорхой ярьж цаг заваа гаргаж ярьж өгсөн танд их баярлалаа.

Эрдэнэбат -

За баярлалаа.

Дэжид -

Амжилт хүсье.

Эрдэнэбат -

За танд ч гэсэн амжилт хүсье.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.