Ailtgüi

Basic information
Interviewee ID: 990162
Name: Ailtgüi
Parent's name: Tsend
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: master technician / retired
Belief: Buddhist
Born in: Mörön sum, Hentii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: cook
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?
Айлтгүй -
За сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Айлтгүй -
За.
Ариун-Ундрах -
За тэгэхлээр надад нөгөө ярилцлага авч байгаа хүмүүсээс заавал асуудаг нэг ерөнхий асуулт байна л даа.Тэгэхлээр эхнийх нь болохоор таны ямар нэгэн тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?Одоо гүн гүнзгий нөлөөлсөн нэг тийм үйл явдал.Аа хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?гэсэн асуулт байна.
Айлтгүй -
Тэр чинь одоо амьдралд гэж байгаа юм уу?Зүгээр үйлдвэрт гэж байгаа юм уу юунд гэж байгаа юм?
Ариун-Ундрах -
Таны амьдралд,яг таны амьдралын чинь туршид их тийм гүнзгий нөлөөлсөн ямар нэгэн үйл явдал байгаа юу?
Айлтгүй -
Аа миний амьдралд тийм гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал нэг онц юм байхгүй дээ.Социализмын үед бол үйлдвэр маш сайхан ажиллаж байсаан.Одоо ардчилал гарснаас хойш л үйлдвэрийн ажиллагаа бол маш муудаж,ажилчдын амьдрал доройтож,ажлын үйл ажиллагаа багасаж,ажилчдад тиймэрхүү хүнд сэтгэл их төрж байсан даа.
Ариун-Ундрах -
Үйлдвэр яг хэдэн онд хаалгаа барьсан бэ?
Айлтгүй -
Үйлдвэр чинь одоо 93 оноос эхлээд л хаалгаа барьчихсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгэхээр нөгөө тэнд ажиллаж байсан 5000 гаруй ажилчид бол бүгд болсон уу?Эсвэл...
Айлтгүй -
Аа тэтгэвэрт гарах нь гараад л,гарч чадахгүй нь тэгээд л ерөөсөө ихэнхи нь л ажилгүй болсон.Гэнэтхэн ажилгүй болоод л хаалгаа бариад л тэгээд тэр залуу хүүхдүүд чинь ажилгүй болоод л хохироод хоцорч байгаа юм даа.
Ариун-Ундрах -
Таны хувьд бол яг хэдэн онд тэтгэвэрт гарсан билээ.
Айлтгүй -
Миний хувьд бол би 1989 онд гарсан тэтгэвэрт.
Ариун-Ундрах -
Тэгвэл үйлдвэр хаагдахаас өмнө....
Айлтгүй -
Хаагдахаас өмнөхөн гарсан тийм.92 оноос эхлээд л үйлдвэр минь бараг хаагдчихсан шүү дээ...
Ариун-Ундрах -
Тэтгэвэрт гарахад нөгөө нэг ажилласан жил өшөө юу юу тэр үед тооцдог байсан бэ?
Айлтгүй -
Өө тийм ажилласан жил... сүүлийн одоо тэтгэвэр тогтоолгоход бол ажилласан жил би нэг 35 жил ажилласан юм чинь эхний 5 жил 10 жил юм уу аль эсвэл сүүлчийн 5 жилээр тэтгэврийн мөнгийг бол олгож өгдөг байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгээд дараагых нь асуулт нь болохоор таны амьдралд одоо тийм ер бусын бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?Хэрвээ байгаа бол тэр зүйл нь ямар зүйл вэ?Та яагаад ер бусын,онцгой гэж үзэж байгаа вэ?Яг миний амьдрал бусдынхаас нэг ийм юмаараа л онлог онцгой юм даа гэсэн тийм зүйл байгаа юу?Эсвэл яг нөгөө бусад хүмүүсийн амьдралтай л адилхан л амьдралыг туулж өнгөрүүлсэн гэж үздэг үү?
Айлтгүй -
Бусад улсуудынхтай адилхан л амьдрал.Хүний амьдралын чинь энэ урт удаан хугацаа тийм сайхан дардан замаар өнгөрөхгүй ш дээ.Хүний зовлон жаргал байлаа.Тэр бүгдийг өөрийн хатуужил зоригоор давж өнгөрүүллээ.Үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх,өвгөнөө нас барахад энэ тэр чинь одоо өөрийнхөө хатуу зоригоор л хэдэн хүүхдээ хүмүүжүүлж өсгөж өдий зэрэгтэй хүргэсэн дээ.
Ариун-Ундрах -
Нөгөө хүмүүжил гэснээс социализмын үед хүүхдүүдийг хүмүүжүүлэх хүмүүжил,одооны хүмүүжил 2 яг эрс тэс өөр ялгаатай...
Айлтгүй -
Өөр ялгаатай юм байна тийм.Миний үед чинь бол ясли,цэцэрлэгээр хүүхдээ хүмүүжүүлээд л явдаг байсан.Одоо чинь тэгээд бараг ясли нь ч байхгүй болчихсон юм биш үү?Цэцэрлэг нь тэгээд одоо сүүлийн үеийн төрсөн хүүхнүүдэд чинь бараг 2,3 жилийн цалинтай чөлөө өгөөд л,гэрээрээ харж байгаад л...Тэгээд миний үед чинь дөнгөж 45 хоног хүрэв үү л цэцэрлэгт өгөөд л яслид өгөөд л ажилдаа ороод л тэр чинь тэр үеийн чинь бас нэг 3 цагаар хөхүүлдэг л байлаа.Одооны чинь улс ерөөсөө цаг хязгааргүй хамаагүй хөхүүлээд л тэгээд яадаг юм байна ш дээ.3 жилийн чөлөө өгч байгаа юм уу?төрсөн улсуудад чинь одоо.
Ариун-Ундрах -
Одоо юу?
Айлтгүй -
Тийм хүүхдээ өсгөх гэж 3 жилийн цалинтай чөлөө өгч байна ш дээ.Тийм.Тэр миний үед бол тийм юм байхгүй байсан.Өөрийнхөө эр зоригоор л өөрийнхөө хүүхдүүдийг хүмүүжүүлээд л,45 хоноод л ажилдаа ороод л тэгээд л...заримдаа яахав нэг хүүхэд... Ханиад хүрэхэд чинь бараг акт авахгүй ш дээ.Тэр чинь зүгээр одоо нэг осолдохгүй нэг шарлах,кортох тийм үед л акт авна уу гэхээс биш бараг ханиад хүрсэн үед бол бараг тоох ч үгүй өөрөө тэгээд санаагаар эм өгч аваад л,цэцэрлэг яслийн багштай хоёулаа ярилцаж байгаад л эм өгөөд л тэгээд ажилдаа л зүтгэдэг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр үеийн нөгөө нэг эмнэлэгүүд одооныхоос ялгаатай байсан уу?Эмнэлгийн үйлчилгээ нь ч гэх юм уу тэр тал дээрээ?Одооны эмнэлэг,тэр үеийн эмнэлэг хоёр хоорондоо ялгаатай юу?
Айлтгүй -
Одоо ялгаатай байлгүй.Одоо чинь хүүхдүүдийг гэрээр нь явж үзээд байдаг бололтой юм байналээ ш дээ.Энэ чинь одоо сар,2 сар болтол нь бараг гэрээр үздэг.Миний үед чинь тэгэж гэрээр үздэггүй байсан ш дээ.Эхний 7 хоногт нэг төрсөний дараагаар эхний 7 хоногт нэг ирж үзнэ.Хүй нь цөглөж үү?үгүй юу?Ямаршуу байна гэдгийг нэг үзээд л тэгээд л ерөөсөө явдаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аа хэрвээ өвдвөл өөрөө аваачиж үзүүлэх үү?
Айлтгүй -
Өөрөө аваачиж үзүүлнэ,хэсгийнхээ эмчид өөрөө аваачиж үзүүлээд л...Тэгээд яслид явахад чинь ясли дотроо эмчтэй ш дээ.Тэр нь үзээд л ойр зуурын ханиадны эмийг бол тэр яслийн багш нар өгнө,өөрснөө бас очиж өгнө.Тэгдэг л байсан.
Ариун-Ундрах -
Аа та нөгөө түрүүчийн ярилцлаган дээр 8 хүүхэд гаргасан гэсэн ш дээ тийм ээ?Нөгөө яг социализмын үед олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүдэд нөгөө алдарт эхийн одон ч бил үү янз бүрийн шагнал...
Айлтгүй -
Өө өгч байсан,өгч байсан тийм.
Ариун-Ундрах -
Тэрний тухай та ярьж өгөөч.Тэр яг нөгөө хэдэн хүүхэдтэй хүнд
Айлтгүй -
Олон хүүхэд төрүүлээд би чинь одоо 8 төрүүлсэн хүн.Одоо эхний 5 хүүхэд төрүүлэхэд 2-р зэргийн одон өгдөг байсан.Аа 8 хүүхэд төрүүлэхэд 1-р зэргийн одон өгдөг байсан.
Ариун-Ундрах -
Та бол 1-р зэргийнх үү?
Айлтгүй -
Тийм 1-р зэргийн одонтой.Тэгээд нэг хүүхдийг нь бол ой хүргэж байж өгнө.Аа мөн 1-р зэргийн одон авахдаа сүүлийнхээ хүүхдийг бас ой хүргэж байж л тэгэж авдаг байсан юм.
Ариун-Ундрах -
1 нас хүргэж байж тэ?
Айлтгүй -
Тийм 1 нас хүргэж байж л авдаг байсан.
Ариун-Ундрах -
Аа тэр одонг дагалдаж юу ирэх үү?Алдарт эхийн одон гээд тэгдэг ш дээ тэ?
Айлтгүй -
Аа 1-р зэргийн одонд бол 200 төгрөг өгдөг байсан.200 төгрөг ш дээ одоогоор бол.2-р зэрэгт чинь өгөөгүй байх аа зүгээр үнэмлэх юутай л өгсөн байх.1-р зэрэгт л 200 төгрөг өгдөг байсан.
Ариун-Ундрах -
Аа бас тэрнээс өөрөөр төрөөс олон хүүхэдтэй эхчүүдэд ямар нэгэн арга хэмжээ авч явуулдаг байсан уу?Яг социализмын үед?
Айлтгүй -
Өөр нэг их юм явуулдаггүй байсан байх.Мэдэхгүй тэрийг би бол сайн мэдэхгүй юм байна.Эхчүүдэд хүүхдийн мөнгө гэж өгдөг байсан л даа.Тэгээд тэр нь бол жилдээ 6 сар болгоод нэг өгдөг байсан байх шүү.
Ариун-Ундрах -
Аан олон хүүхэд гаргахаар нь юм уу?
Айлтгүй -
Тийм олон хүүхэдтэйд нь.
Ариун-Ундрах -
Таны нөгөө бага нас хөдөө өнгөрсөн гэсэн ш дээ тийм ээ?Аа тэгээд бага насанд чинь яг тийм хөгжилтэй ч гэмээр юм уу эсвэл нэг сэтгэлд чинь дурсагдаад үлдсэн тиймэрхүү тод үлдсэн зүйл байгаа юу?
Айлтгүй -
Ай би өнөө 1952 онд миний ээж нас барсан юм.Тэгээд хөдөө нэг хэсэг... би чинь аймгийн төв дээр байсан ш дээ.Тэгээд одоо хөдөө нэг хэсэг нөгөө ээжийг нас барснаас хойш өөрийнхөө ээжийн дүү дээр хөдөө нэг хэсэг гараад.Тэгээд мал маллах гээд...юу хонь хариулах гээд явав аа.Тэгээд нэг их сайхан алаг чулуутай газар очоод тэр чулуунаас аваад хүүхэд юм чинь тэгээд нүхтэй,бөөрөнхий,хавтгай янз бүрийн тэгээд хүн шиг,цэцэг шиг ийм чулуунууд түүчихээд тэгээд нэг өшөө цаашлаад нөгөө хонио хариулаад цаашлаад явж байсан чинь нэг их сайхан цэцэгтэй газар очоод тэнд очоод л дээр үед одоо бас нэг шүлэг энэ тэр бичих гэж их оролддог,дуулдаг энэ тэр тийм л хөгжилтэй юм болж байсан.Тэгээд бас хааяа нэг тэр өөрийнхөө доод талын дүүтэй хонинд явахаараа зэрэг морь уралдаад л,аа нөгөө хоёулаа унасан мориороо уралдаад л тэгээд би түрүүлчихээр манай дүү уйлаад л... Манай дүүд нэг хашин морь өгчихсөн юм шиг байналээ.Тэгээд нөгөөдөх чинь буугаад л морио зодоод,тэгээд чи морь зодлоо,ингэж уралддаг хүн гэж хаана байсан юм гээд л хоёулаа хээр гадаа тэгэж л явж байсан тиймэрхүү л юм мартдаггүй юм даа.Манай дүү нэг айлын хурдны морь унаад,би бас нэг айлын хурдны морь унах гээд тэгээд яагаад билээ дээ би больчихсон юм.Тэгсэн чинь манай дүү яваад ирсэн чинь миний хорыг малтаад байгаа юм.Та морь унаагүй,хурдны морь унаагүй,би хурдны морь унасан гээд манай дүү надад тэгэхгүй юу.Тэгээд би одоо ирэх жил айлын хурдны морь унана гээд.Тэгээд нэг явсан юм аа.Хурдны морь унаад нэг айлд очоод хурдны морь унаад тэгээд нэг их түрүүлж ирээгүй юм аа би 4,5-д л ирсэн байх.Тэгээд нэг их уйлж байж билээ.Нэг тийм л юм байдаг юм.Би 1-р байранд орох ёстой байсан чинь энэ хүүхэд миний урд орчихсон гээд л уйлж байсан санагддаг юм.
Ариун-Ундрах -
Шартай байсан байна.
Айлтгүй -
Тийм чамаас болж би тэгэж хоцорсон гээд л.Хөдөө ч нэг их удаан байгаагүй дээ би тэгээд л...
Ариун-Ундрах -
Яг таныг бага байхад бол цэцэрлэг,ясли гэж байсан уу?Таныг өөрийг чинь бага байхад?
Айлтгүй -
Үгүй.Би тэр ясли,цэцэрлэгээр явж байгаагүй.Гэрээр л хүмүүжсэн.
Ариун-Ундрах -
Аа тэгээд аав ээжийн чинь зүгээс ч юм уу гэр бүлдээ анхаарах анхаарал нь ямархуу байдаг байсан бэ?
Айлтгүй -
Сайн сайн.Манай ээж,аав бол үр хүүхдүүдээ өсгөхийн төлөө л явсан.Бид нарын төлөө их анхаарал тавьдаг байсан.Тэгээд л сургууль соёлд нь оруулаад хөдөө байлгахгүй,одоо сургуульд нь оруулахгүй бол болохгүй гээд хөдөөнөөс наашаа шилжиж ирээд л...
Ариун-Ундрах -
Түрүүчийн нөгөө ярилцлаган дээр та Чех явсан,тэгээд дараа нь нэг Орос руу явсан гэсэн ш дээ тийм ээ?Аа тэр Орос руу....
Айлтгүй -
Үгүй ээ тэр чинь Чех явахаас өмнө явсан шүү.
Ариун-Ундрах -
Аан өмнө юм уу?
Айлтгүй -
Гуравхан сарын хугацаатай явсан тийм.
Ариун-Ундрах -
Аа тэгэхэд бас яаж явсан бэ?Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Айлтгүй -
Тэр ч одоо яахав дээ сургууль төгсөөд удаа ч үгүй байсан даа нэг тэр чинь хэдэн он билээ?Хэдэн онд би чинь явж байлаа?
Ариун-Ундрах -
60-н хэдэн оны үеэр л юм уу?
Айлтгүй -
68 онд явлуу даа.68 оны 5 сараас 8 сар хүртэл нэг 3 сар л явсан юм байгаа юм.Тэгээд Оросын Ростов гэдэг хотод очиж тэр Оросын нөгөө хромон гутлын үйлдвэр тэнд очиж дадлага хийх,сурталчилгаа хийж тэгэж явсан юм.
Ариун-Ундрах -
Тэнд бас их юм сурсан уу?
Айлтгүй -
Өө тэнд яах вэ тэр оёдлын одоо нөгөө хромон гутлын түрийг тэдэн сантиметрийн урттай эсгэдэг юм байна,тэдэн сантиметрийн хооронд толгойг нь,хос оёог нь нэг сантиметрийн хооронд хэд хатгадаг юм байна.Дотрыг нь бол тийм юмаар хийдэг юм байна энэ тэр гэдгийг бид нар сурталчилж тэгэж ирсэн юм байгаа юм...
Ариун-Ундрах -
Аа тэгээд ирээд Монголдоо нэвтрүүлэх үү тэ?
Айлтгүй -
Тийм.Ирээд Монголдоо хийх гэсэн чинь яах уу одоо Монголын энэ цэргийн дарга нарын гутлыг хийдэг байсан л даа.Тэрний туршлагаар,тэгэхдээ бас арай Оросыг бодвол арай л болхи хийдэг байсан юм байгаа биз дээ.Тэгэхдээ энэ Оросын цэргийн дарга нар чинь дандаа л хромон гутал өмсдөг байсан ш дээ.Тэрний загвараар л ер нь хийж байсан бараг тийм.
Ариун-Ундрах -
Монголд уу?
Айлтгүй -
Тийм манай Монголд тэрний загвараар л хийдэг байсан юм.Их бага,өндөр нам,энэ булчингаар өргөн нарийн,өндөр нам энэ тэр тийм гутлыг чинь тэгэж хийдэг юм байна,ингэж хийдэг юм байна,гутлын түрий нь хлатканд тэдээс тэдэн размер байдаг юм байна энэ тэр гэдгийг нь тэр судалж,тийм материалаар хийдэг юм байна энэ тэр гэж сурталчилж хүрч ирээд тэгээд тэр арьс ширний нэгдэлд нэг юу бичиж өгөөд тэрнийхээ дагуу тэр арьсаа боловсруулаад манай үйлдвэрт шилжүүлж тэгээд нэг хэсэг хугацаанд хийсэн л дээ.Тэр хуучин гутлын үйлдвэрт бас хийж байсан юм.
Ариун-Ундрах -
Тэгээд... та нөгөө яг сүсэг бишрэлийн хувьд яг ямар сүсэг бишрэлтэй,ямар шашин шүтдэг вэ?
Айлтгүй -
Өөрийнхөө л одоо энэ Будда шашиныг л шүтдэг юм ш дээ.
Ариун-Ундрах -
Яг нөгөө цаанаас нь шүтэх ч юм уу эсвэл хэн нэгэн зөвлөсөн үү?Эсвэл зүгээр өөрөө шүтдэг үү?
Айлтгүй -
Үгүй үгүй өөрийнхөө саналаар л би эцэг эхийнхээ манай эцэг эх чинь энэ л шашин шүтдэг байсан.Тэгээд эцэг эхийнхээ дагуу л нэг их шүтээд ч сүйд болсон ч юм байхгүй тэгээд 2,3 бурхан шүтдэг юм даа би одоо өөрийнхөө.
Ариун-Ундрах -
Энэ болохоор яг нөгөө Монгол айл болгонд л яг ийм уламжлал байдаг юм шиг байгаа юм тийм ээ?
Айлтгүй -
Тийм байх аа.Одоо би чинь энэ чинь бас чамгүй бас 9 бурхантай байгаа ш дээ.Цагаан дарь эх,Ногоон дарь эх,тэр Очирваань бурхан,энэ Жанрайсиг бурхан,Бурхан багш,энэ Намсрай бурхан,энэ нь одоо юу байгаа юм Цагаан шүхэрт.Тэгээд энэ цагаан өвгөн бол одоо яахав бараг олон хүүхэдтэй айлд ээлтэй байдаг гээд л энэ цагаан бурханыг л шүтдэг юм.Энэ том цагаан бурханыг намайг сая би нөгөө энэ 2007 онд би энэ ачлалт ээж гээд өргөмжлөл авсан ш дээ.Тэгэхэд манай хүүхдүүд авч өгсөн юм энийг томруулж.Тэгээд л энэ хэдэн бурханыхаа тарнийг хэлээд л,цай сүүнийхээ дээжийг өглөө оройд өргөөд л ингээд байж байдаг хүн.Энэнээс өөр бурхан нэг тийм янз бүрийн тарни мэдэхгүй ээ,энэ хэдийнхээ тарнийг л хагас дутуу мэдээд уншчихдаг юм.
Ариун-Ундрах -
Өө яг таны мэдэж байгаагаар социализмын үед нөгөө төрийн зүгээс шашныг хавчих ч юм уу тиймэрхүү тохиолдол гарч байсан уу?
Айлтгүй -
Гарч байгаагүй ээ.
Ариун-Ундрах -
Яг таныг байхад бол гарч байгаагүй байх нь тийм ээ?
Айлтгүй -
Намайг байхад бол гарч байгаагүй.Надаас өмнө нь л гарч байсан юм гэсэн.
Ариун-Ундрах -
Аан таны үед бол яг нөгөө дуртай шашнаа шүтээд л,бурханаа бол яг ингээд тахиад л байж байх уу тэ?
Айлтгүй -
Тийм тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө та хүүхэд байхдаа яг 8 настайдаа л сургуульд орсон ш дээ тийм ээ?Аа тэгээд л яг хүүхдүүд шиг сурдаг шиг сураад л 10-р ангиа төгссөн тийм ээ?Аа тэгээд аймгийн төвд байдаг гэсэн...
Айлтгүй -
Тийм,тийм.Одооны чинь хүүхдүүд чинь үсэрлээ гээд яриад байх юм байна ш дээ.
Ариун-Ундрах -
Алгасчихдаг л юм байлгүй тэ?
Айлтгүй -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө аймгийн төвд байсан болохоор яг гэрээсээ л сургуульдаа явдаг байсан уу?
Айлтгүй -
Гэрээсээ л сургуульдаа явдаг байсан.
Ариун-Ундрах -
Дотуур байраар яваагүй юу?
Айлтгүй -
Үгүй.Тийм юм байхгүй.Гэрээсээ л сургуульдаа явдаг байсан.
Ариун-Ундрах -
Аа таны аав,ээж хоёр яг ямар ажил эрхэлдэг хүмүүс байсан бэ?
Айлтгүй -
Манай аав чинь тогооч байсан юм гэнэлээ.Манай ээж чинь нэг оёдлын үйлдвэрт нэг юм хум энэ тэр оёдог бас тэгээд нарийн боовны цех энэ тэрд ажилладаг нэг тийм л хүн байсан юм.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр нөгөө аймгийн төв нь тэр үедээ бас их том байсан уу?Одооных шиг.
Айлтгүй -
Аа одоо миний үед бол том манай аймаг чинь сайхан л байсан ш дээ.Одоо нэг хааяа л нэг очих юм.Тэгээд нэг их биежсэн юм байхгүй л байх шиг байсан ш дээ.Дотор нь яг сайн ороогүй болохоор мэдэхгүй юм.Манайх чинь 1,2-р 10 жилтэй,тэгээд 8 жил нэгтэй тийм сургууль байсан.Миний тэр хүүхэд ахуй цагт манай нутаг чинь сайхан л байлаа.Өөрийнхөө өссөн төрсөн нутагт сургуульд байхдаа бол.
Ариун-Ундрах -
Нөгөө хүүхэд байхдаа Улаанбаатар руу орж ирдэг байсан уу?Ямар нэгэн байдлаар.
Айлтгүй -
Орж ирдэг байсан.2 ч дахиад орж ирсэн.Аа ямар сайхан юм бэ?Манай ээжийн эгч нь гээд нэг авгай байдаг байсан юм.Тэгээд тэрийг дагаад орж ирчихээд л нэг ганц хоёр сар болохгүй ээ нэг сар хэрээтэй болоод л тэгээд буцаад явдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр яг ямар зорилгоор... Улаанбаатарыг үзэх юм уу?Эсвэл өөр ажлаар байсан уу?
Айлтгүй -
Зүгээр л амралтаар л орж ирдэг байсан.Сургуулийнхаа амралтаар л орж ирдэг байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд та нөгөө дараа нь хот руу нүүж ирсэн ш дээ тийм ээ?Тэгээд хотод байх,хөдөө байх хоёрын алинд нь илүү дуртай байсан бэ?
Айлтгүй -
Яахав яг энд сургуульд орно гэж ирсэн болохоор эндээ байсан.Тэгэхдээ бас нутгаа их л санадаг байсан даа.Өөрийнхөө өссөн төрсөн нутаг болохоор сургуулийнхаа багш нар,хүүхдүүд...10-аа төгсөөд хэдэн тийшээ салаад явчихсан юм чинь хүүхдүүдээ их санадаг байлаа.Хүний өөрийн өссөн төрсөн нутаг ч илүү л санагддаг байсан.Одоо бол яахав тэрнээс хойш эндээ дасчихаад хүүхдүүдээ ч өсгөөд тэгээд өөрөө ч эндээ ингээд яачихсан юм болохоороо манай Улаанбаатар сайхан л байна.Хааяа нэг гадаад дотоод энэ урагшаа энэ тэр яваад ирэхээрээ өөрийнхөө нутгийг санаад л ирдэг ш дээ би.Хятад руу явахаар чинь зэрэг манайх л их сайхан санагддаг юм ш дээ.
Ариун-Ундрах -
Нөгөө нэг тэр социализмын үед нөгөө та үйлдвэрт ажиллаж байсан ш дээ тийм ээ?Үйлдвэр дээр нөгөө янз бүрийн ажилчдын хооронд өрсөлдөөн зохион байгуулах ч юм уу эсвэл нөгөө уралдуулдаг ш дээ.Нэг тиймэрхүү юмнууд байдаг байсан уу?
Айлтгүй -
Байлгүй яахав.Социалист уралдаан гээд л сар болгон нөгөө ажлыг нь дүгнэнэ ш дээ.Сард одоо хэн нь хэдэн хувиар биелүүлсэн байна ажлаа,хэдэн хувиар биелүүлээгүйг нь одоо тэгээд нөгөө хар туг энэ тэр хатгаад л,биелүүлсэнийг нь улаан туг,таван хошуу энэ тэр хатгаад л тэгээд юу яадаг байсан ш дээ сарын цалингаас суутгана ш дээ тэр чинь одоо төлөвлөгөө нормоо биелүүлээгүй бол.Тийм уралдаан зохиодог байсан.
Ариун-Ундрах -
Аа биелүүлэхгүй болвол тэр чинь бараг шийтгэлийн хэлбэр юм байна ш дээ тийм ээ?
Айлтгүй -
Шийтгэл шийтгэл тийм.Сарынхаа цалингаас хасуулна тэр чинь,тэгээд бранк хийлгэсэн бол бас сарын цалингаасаа суутгана,төлөвлөгөө нормоо биелүүлээгүй бол цалингаасаа хасуулна,биелүүлсэн бол шагналаа авна.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө уралдаан нь яг тасгаараа ч юм уу хамт олноороо байх уу?Эсвэл ингээд хувь хувьдаа уралдах уу?
Айлтгүй -
Хамт олноор тэгээд тасаг дундаа л уралдана ш дээ.Тасагтаа одоо 20 ажилчин байна уу, 30 ажилчин байна уу тэр хооронд л ... тэр хуваарь яг ингээд л за тэр жишээ нь олон нэр ингээд юу яачихсан байна ш дээ.Тэрнийх нь цаана биелүүлсэн байна уу?Сардаа сайн биелүүлсэн байвал таван хошуутай,муу биелүүлсэнийг нь хар тугтай,дунд зэрэг биелүүлсэнийг нь цэнхэр тугтай ингээд л тэгээд л сарын эцэст... өдөр өдрөөр бүртгэдэг байсан ш дээ.Тэгээд сарын эцэст дүгнэнэ.
Ариун-Ундрах -
Тэгэхээр хүмүүс ажилчид бол нилээн идэвхитэй оролцох уу?
Айлтгүй -
Нилээн идэвхитэй оролцоно.
Ариун-Ундрах -
....учраас тийм ээ?
Айлтгүй -
Тийм өөрийнх нь амьдрал ажил юм чинь тэгээд л аль болохоор л хүн ажлаа хийж л амьдралаа сайжруулахыг л бодно ш дээ.Өө зарим нэг нь бол бас яахав нэг ажилд хойрго тийм улсууд ажлаа таслаад,төлөвлөгөө нормоо биелүүлээгүй тийм улсууд бол цалингаасаа хасуулна ш дээ.
Ариун-Ундрах -
Бас тиймэрхүү байх уу?Тэр үед.
Айлтгүй -
Байлгүй яахав.
Ариун-Ундрах -
Хүмүүс одоо болохоор бараг байдаггүй байсан юм шиг л ярьдаг юм ш дээ тэ?
Айлтгүй -
Тийм улсууд байнаа байна байлгүй яахав.Зарим нь үнэхээр нэг ажил хийгээд ч бас нэг гараас нь юм хум энэ тэр гардаггүй тийм улсууд байна ш дээ бас.
Ариун-Ундрах -
Чадваргүй тэ?
Айлтгүй -
Тийм.Удаан гартай ч гэмээр юм уу тэ?Гарсан юм нь бүтэл муутай бас чанар хангахгүй тийм бүтэл муутай дутуу хагас юм хийдэг.Зарим нь их түргэн гартай мөртлөөсөө бас дутуу хагас юм хийгээд гаргачихдаг улсууд байдаг.Хийсэн юм нь бранк болоод.Зарим нь бол их сайхан яг цаг хугацаандаа ажлынхаа 8 цагт уралдаад л сайхан ажлаа хийгээд гаргачихдаг,ямар ч гологдолгүй тийм юми хийнэ гэж бас байна ш дээ.
Ариун-Ундрах -
Яг таны хувд тэр нөгөө ажлын нөхцөл нь хүнд хөнгөн нь ямархуу санагддаг байсан бэ?8 цаг ажиллах,тэгээд нөгөө ажлын ачаалал байна ш дээ өдөрт оногдож байгаа тэр нь.
Айлтгүй -
Өө нөгөө хуучин үйлдвэрт байхад бол ажлын нөхцөл байдал жоохон тааруухан учраас төлөвлөгөө норм биелүүлэхэд хэцүү л байдаг улсууд тэгэж ярдаг байсан.Аа шинэ үйлдвэрт 82 оноос шинэ Чехийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрт бол ерөөсөө урсгалаараа л сайхан канвераа дагаад л төлөвлөгөө нормоо биелүүлээд л чанартай тэгээд л сайн гаргадаг.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө хуучин шинэ үйлдвэрт яагаад тийм ялгаа байгаа вэ?Эсвэл...
Айлтгүй -
Хуучин үйлдвэрийх нь яахав нилээн тоног төхөөрөмж багатай,байгаа хэсэг нь бол тийм жаахан дээр үеийн.
Ариун-Ундрах -
Хоцрогдчихсон.
Айлтгүй -
Хоцрогдчихсон тийм.Ихэнхи нь л гар дамжлага шахуу тэгээд явдаг.Сүүлийн үеийх нь бол нилээн боловсронгуй тийм дандаа тоног төхөөрөмжөөр каньвертай тэгээд ороод ирсэн болохоор чинь сайхан каньвераа дагаад л ажлаа хийгээд л ноогдсон ноогдсон ажлаа гаргаад,бие биенээ дагаад тэгээд явчихдаг байсан.
Ариун-Ундрах -
Одоо нөгөө хамт олноороо ингээд л байж байтал түрүүн нөгөө нэг... ажлаа хийж чадахгүйгээс гадна бас нөгөө хүмүүжлийн тал дээр ч юм уу тиймэрхүү доголдолтой хүмүүс бас байсан байх тийм ээ?
Айлтгүй -
Байлгүй яахав.
Ариун-Ундрах -
Аа тэр хүмүүсийгээ засах талаар ч юм уу хамт олноороо бас ...
Айлтгүй -
Хамт олны хурлаар авч хэлэлцэнэ.Заавар зөвлөгөө өгнө.Чи одоо яагаад юунаас болоод ингээд ажил төрлөө хийж чадахгүй байна,чамд юу шалтгаалаад байна.Тийм юмыг бол тэр хамт олноороо хэлэлцэж алдаа дутагдлыг нь засдаг л байсан заримдаа.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр хүмүүст юу нөлөөлдөг байсан бэ?
Айлтгүй -
Тэр үед одоо өөрснийх нь ахуйн амьдралаас л нөлөөлдөг байсан байх.
Ариун-Ундрах -
Хувийн амьдрал нь тийм ээ?Аа тэгээд таныг ажиллаж байхад яг энэ төр засгийн удидлагад ямар ямар хүмүүс байсан бэ?Социализмын үед.
Айлтгүй -
Яагаав нөгөө Самбуу гуай байсан,Батмөнх байсан,Цэдэнбал гуай байсан.Би ч одоо 2,3-н төрийн нүүр үзчихээд явж байх шив дээ бараг.
Ариун-Ундрах -
Аа тэгээд яг социализмын үед бүх юм ингээд л сайхан байж байтал нөгөө 1990 онд ардчилсан хувьсгал болсон ш дээ тийм ээ?Тэгээд ингээд бүх зүйл өөрчлөгдөхөд танд ямархуу байсан бэ?
Айлтгүй -
Өө надад ёстой аягүй хэцүү санагдаж байсан.Бүх юм картанд орчихоод л хэцүү байсан ш дээ.Тэгээд тэр бид нарыг ажиллаж байгаа үед бол тийм гуйлгачин,янз бүрийн юмнууд гадаа хэвтсэн тийм юмнууд байгаагүй ш дээ ерөөсөө.Сүүлийн 90 оноос хойш л зүгээр л энд тэнд л юм хум гуйгаад хэвтчихсэн,суучихсан,өлсгөлөн зарласан тийм юмнууд дунд их байхад л хэцүү л байлаа ш дээ тэр үед чинь.Одоо бол харин арай гайгүй л болж байх шиг байна.Энд тэндгүй суулт зарлалаа л гэдэг юм,энд тэндгүй өлслөө л гэдэг,энд тэндгүй л энд тэндээ бичиг наачихсан улс л хэвтэнэ,талбай дээр чинь зөндөө л хэвтдэг байсан.Миний социализмын үед чинь тийм юм байгаагүй ш дээ ерөөсөө.Ардчилал гараад л нэг хэсэг чинь нилээн будилсан шүү дээ.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө яг ардчилал гэдэг утгаар нь та дэмжиж байсан уу?Эсвэл социализмын үе нь илүү...
Айлтгүй -
Тийм өөрийнхөө социализмын үеийг л дэмжиж байсан.Ардчилалыг нэг их ойшоож үздэггүй.
Ариун-Ундрах -
Анх гарч ирэхэд нь дургүй байсан уу?
Айлтгүй -
Тийм дургүй байсан.
Ариун-Ундрах -
Өө тэгвэл яг одоо таны тэр үзэл бодол өөрчлөгдсөн үү?
Айлтгүй -
Одоо ч гэсэн би ер нь ардчиллыг нэг их сайн дэмжихгүй л байгаа шүү дээ.
Ариун-Ундрах -
Аа тэгэхээр аль ч нийгэмд нөгөө нэг дутагдалтай тал бас байгаа учраас социализмын нийгэмд бас дутагдалтай тал нь юу байсан гэж боддог вэ?таныхаар.Тиймэрхүү зүйл ажиглагдаж байсан зүйл байгаа юу?
Айлтгүй -
Би ч одоо өөрөө социализмын үед амьдарч байсан болоод социализмын үед нэг их тийм дутагдаад сүйд болоод байсан юм байхгүй.Мал аж ахуй их сайхан хөгжиж байсан,хүний ахуй амьдрал ч гэсэн сайн л байсан.Аан ардчилал гараад л тэгээд одоо их будилж бариад л их дутагдалтай санагдаж байсан ш дээ ардчиллын үед бол надад ер нь.
Ариун-Ундрах -
Таныг нөгөө социализмын үед байхад тэр төр засгийн дээр байгаа хүмүүс одоо Монгол улсыг удирдаад ч юм уу ямар нэгэн үйл ажиллагаа явууллаа ш дээ тийм ээ?Тэр нь танд таалагддаг байсан уу?Ямархуу байсан бэ?
Айлтгүй -
Надад таалагдаж байсан.Манай тэр удирдагчид,манай социализмын үед удирдаж байсан удирдагчид бол би санаа оноо нэгтэй сайхан л байна.
Ариун-Ундрах -
Ер нь яг тэр үеийн удирдагчид хүмүүсийнхээ яг хүнийхээ төлөө юм хийдэг байсан байх тэ?
Айлтгүй -
Тийм тэр үед чинь одоо жинхэнэ ард түмнийхээ амьдралын төлөө л явдаг.Би тэр үед чинь 5,6-р жилийн гавшгайч ч авч байлаа.Ер нь ажилчдыг үнэн чанараар нь л дүгнэдэг байсан гэж би боддог доо.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө 5,6-н жилийн гавшгайч гээд байгаа ш дээ тэ?Гавшгайч гэхээр чинь яг сайн ажилласан хүнд...
Айлтгүй -
Сайн хүн тэр норм төлөвлөгөөгөө биелүүлсэн,тэр 5 жилдээ норм төлөвлөгөөгөө биелүүлсэн,5 жилд одоо 6 жил юм уу 7,8 жилийн ажил хийсэн хүн ч байна ш дээ тэ?Тэрүүгээр нь л дүгнэж гавшгайч олгодог байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Аа нөгөө 5 жил хийлээ гэхэд 5 жил тасралтгүй сайн ажилласан юм уу?
Айлтгүй -
Тийм 5 жил тасралтгүй сайн ажиллаад тэрнээсээ илүү 6 жил ч юм уу, 6 жил 8 сар ч юм уу, 7 жил ч юм уу тэгэж ажилласан улсууддаа л тэр гавшгайчын чинь тэмдэгийг олгоно ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд ер нь их олон хүн гавшгайч болох уу?Эсвэл цөөхөн хүн гавшгайч болох уу?
Айлтгүй -
Гайгүй ээ одоо ингээд 5000 ажилчинтай гэж бодоход чинь манайхаас нэг 100-аад хүн бараг авдаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгвэл бараг тэр чигээрээ биш л юм байна тэ?
Айлтгүй -
Биш биш биш тэр чигээрээ биш.
Ариун-Ундрах -
Бас овоо нилээн гайгүй ажилласан...
Айлтгүй -
Тийм.Тасаг цехээр нь шалгаруулна,тэгээд тасаг цех дотроо ажилчид дундаа шалгаруулна.Тэгээд тэр 5 жилийн чинь дотор хийсэн юуг л дүгнэнэ ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд нөгөө социализмын үед хүнсний зүйл,тэгээд нөгөө Оросоос орж ирдэг бараа ч гэх юм уу тиймэрхүү зүйлүүд нь ямархуу байсан бэ?
Айлтгүй -
Сайн чанартай байсан ш дээ.Би хүүхдүүддээ дандаа л Оросын дэлгүүрээс л юм хум авч өмсгөдөг байсан юм чинь.Чанар сайтай дандаа л одоо дээр үед чинь Оросын юм,Оросын юм гэдэг хүүхдүүд байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Яг бүх зүйл нь хангалттай байдаг байсан уу?
Айлтгүй -
Гайгүй хангалттай байсан шүү социализмын үед ер нь.
Ариун-Ундрах -
Хүнсний бүтээгдэхүүний хувьд бас хангалттай байсан уу?
Айлтгүй -
Хангалттай байсан.Ардчилал гарснаас хойш л жаахан хангамж муутай болж байж байгаад л тэгээд одоо ганзагын наймаачид гарснаас хойш л арай гайгүй сайн л болоод байх шиг байгаа юм.Тэгээд одоо сүүлийн үед хэрэглэж байгаа юмнууд чинь одоо ихэнхи нь л чанар муутай,хүний хэрэгцээг хангаж чадахгүй тийм бүтээгдэхүүнүүд одоо хүнсний талаар бол их л гарч байгаа ш дээ.Нилээн сайн ажилладаг байсан ажилчиддаа оочерын дарааллаар орон сууцыг олгодог байсан ш дээ манайд.Аа тэр нь яахав тэгээд орон сууцны оочерт орж орон сууц нэхмэлийн 4-р байшин гэдэгт би орон сууц авч орж байсан.
Ариун-Ундрах -
Аан нэхмэлийн 4-т та байсан юм уу тэ?Тэр орон сууцнуудыг тэгэхлээр гайгүй ажилчиддаа өгж байна гэсэн ш дээ...
Айлтгүй -
Гайгүй ажилчдад оочерын дарааллаар бас өгнө ш дээ.
Ариун-Ундрах -
Аан оочерын дараалал гэдэг нь яг ажилчин өөрөө оочероо өгөх үү?
Айлтгүй -
Өө үгүй.Тэр олон тасаг цехүүд дотор чинь бас ажлаараа шалгарсан олон хүн байгаа ш дээ.Тэрнийхээ дарааллаар бас өгнө ш дээ.Тасаг цехүүдийн...
Ариун-Ундрах -
Аан одоо бараг жагсаачихаад л тэгээд эхнээс нь өгөх юм байна тэ?
Айлтгүй -
Тийм тийм.Тэгэхэд чинь анхан эхлээд би гутлын үйлдвэрээс тэр 6-р байр гэдэгт ажилчдын байр байсан юм 6-р байр гэж.Тэнд 1 өрөө байр авч байж байгаад тэгээд сүүлд нь тэр нэхмэлийн 6 гэдэг рүү шилжиж явсан юм.Тэгээд тэнд чинь одоо манай өвгөнд өгсөн юм даа.Тэр 6-р байрыг бол надад өгсөн юм.Тэнд 1 өрөө байсан юм.Тэгээд олон ч хүүхэд гаргалаа,хүүхэд ч олонтой боллоо гээд тэгээд манай өвгөний ажлын газраас нэхмэлийн байранд 3 өрөө байр өгсөн юм.Тэр чинь одоо нөгөө яамны хэмжээгээр шалгаруулж байж өгдөг юм ш дээ бас тийм.
Ариун-Ундрах -
Аа бүр том шалгаруулалт болох юм байна тэ?
Айлтгүй -
Тийм хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас шалгаруулж байж өгдөг юм ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр байруудыг нь яг тэр яамны зүгээс ч юм уу эсвэл үйлдвэрийн зүгээс худалдаа авчихаж байгаа юм уу?Эсвэл яг улсаас ингээд улсын байр юм уу?
Айлтгүй -
Улсын байр,улсын байр.
Ариун-Ундрах -
Ажилчиддаа өгөх журмаар барьсан байр юм байна тийм ээ?
Айлтгүй -
Тийм.Худалдахгүй зүгээр ажилчиддаа өгдөг юм.Тэгээд сар болгон яахав мөнгөө төлөөд л тэндээ сууна.Ажилчдынхаа ахуй амьдралыг ажилласан жил хугацааг нь,ажлын бүтээлийг нь харж байж дарааллаар нь тэгээд өгдөг байсан.
Ариун-Ундрах -
Байрнаас гадна бас өшөө тийм том зүйл байсан уу?
Айлтгүй -
Аа яахав тэгээд нэг засгийн шагнал л орно ш дээ.Өөр нэг их юм байгаагүй л дээ.Яамны хэмжээгээр шалгарсан,тэр яамнаас нь шагнал өгнө ш дээ.
Ариун-Ундрах -
Яг үйлдвэрийн ажилчид бол хоорондоо эвтэй найртай харьцдаг байсан уу?
Айлтгүй -
Аа сайхан эвтэй найртай харьцана.Би бол хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас хөнгөн хүнсний үйлдвэрийн 50 жилийн ойгоор тэр залуу алтан... хамгийн эхлээд бол нөгөө алтан медальт залуу ажилчин гэж авсан юм.Сургуулиа төгсөж орчихоод удаа ч үгүй байгаад.Тэгээд хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны 50 жилийн ой аваад,тэгээд тэргүүний ажилчин аваад,тэгээд сүүлд нь тэр өнөө тэргүүний шалгагч,мастер гэсэн тийм 2 тэмдэг авсан.Би өөрийнхөө хийсэн бүтээл,түүнийгээ улсдаа хүнээр шалгуулахгүйгээр өөрөө шууд тэнцүүлдэг тийм үнэмлэх тэмдэгтэй нь авсан даа.
Ариун-Ундрах -
Та нөгөө нэг политехникийг төгссөн ш дээ тийм ээ?Тэгэхэд нөгөө цуг төгссөн ангийн чинь хүүхдүүд бас яг яаж яаж ажилд ороод ямархуу байдлаар цаашаагаа явсан бэ?
Айлтгүй -
Тэд нар бол тус тусдаа.Манайхаас надтай хамт нэг л охин ирсэн.Тэгээд тэр хүүхэд гаргаад нөхрөө дагаад өөр газар руу яваад өгсөн Дорнот руу яваад өгсөн.Тэгээд бусад нь бол тэгээд тэр чинь их олон анги төгсөж байгаа юм чинь.Цахилгааных,арьсных,оёдлынх,ширнийх энэ тэр гээд төгсөөд төгсөөд явчихаж байгаа юм чинь.Надтай хамт төгссөн нэг охин бол нөхрөө дагаад Дорнот яваад өгсөн.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бусад нь бол өөр өөр бас л тэгэхдээ үйлдвэрийн газруудаар...
Айлтгүй -
Тийм үйлдвэрийн газруудад л бүгд л үйлдвэрийн газруудад орж байгаа юм.
Ариун-Ундрах -
Яг нөгөө социализмын үед бол хүнсний үйлдвэрүүд янз бүрээр байсан гэдгийг нь мэдэж байна л даа.Одоо гутлын үйлдвэр гээд тэгэж байна ш дээ тийм ээ?Тэгэхлээр гутлын үйлдвэр,өшөө бас юу юуны үйлдвэр байсан бэ?
Айлтгүй -
Арьс ширний үйлдвэр байж байгаа ш дээ.Арьс ширний үйлдвэрээр чинь бас л тэндээс төгссөн бас полиос төгсөөд л явж байгаа ш дээ.Оёдлын үйлдвэр нь бас л полиос төгсөөд явж байгаа ш дээ.
Ариун-Ундрах -
Нөгөө нэг...Тэр үед нөгөө их дээд сургууль төгссөн,эсвэл нөгөө нэг полийн дээд төгссөн ч юм уу,аа эсвэл нөгөө ТМС байна ш дээ төгссөн хүмүүсийн хооронд ялгаа гардаг байсан уу?Амьдрал ахуйд нь ч юм уу?Эсвэл ажил хийхэд нь?
Айлтгүй -
Ажлын хувьд бол бараг ялгаа гараад байх юм байхгүй дээ.Тэд нар чинь яахав ажилдаа ороод л шууд биеэ даагаад ажиллаад л явж байгаа.Бас л эхлээд л бас шууд сургуулиа төгсөж очоод бас л яахав хичээлийг нь заалгасан болохоос биш дадлагыг нь бас тэд нар чинь сайн мэдэхгүй ш дээ.Дадлагаар бас 1,2 сар ажиллаад л тэгээд жинхлээд л ажиллаад тэгээд мэргэжлээ дагаад л явчихна ш дээ тэр чинь.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Айлтгүй -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
За баяртай.
Айлтгүй -
Баяртай.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.