Darihüü
![](../assets/images/interviewees/990156.jpg)
Basic information
Interviewee ID: 990156
Name: Darihüü
Parent's name: Davaa
Ovog: Olgono
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: chemist / chemistry teacher (Retired)
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
belief
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?Дарьхүү гуай.
Дарьхүү -
Сайн.Сайн байна уу?хүү минь.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг эхэлье ээ.
Дарьхүү -
За.
Ариун-Ундрах -
За ийм ерөнхий асуулт байна л даа.Таны амьдралд ямар нэгэн тийм гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу?Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Дарьхүү -
Гүнзгий муу үйл явдлууд за яахав гадаад явсан нь сайхан нөлөө.Аа тэгээд бие жаахан сульдсан нь гүнзгий нөлөө болсон.Ерөөсөө л сүүлийн 10-аад жил,за ялангуяа 5 жил бие сул байна.Даралт эсвэл бүр ихэсчихнэ,эсвэл багасчихна,жаахан юмнаас хордчихно.Энэ л надад миний амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн дөө.
Ариун-Ундрах -
Дараагийх нь асуулт болохоор таны амьдралд тийм ер бусын эсвэл тийм бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу?Аа хэрвээ байгаа бол тэр нь ямар зүйл вэ?
Дарьхүү -
Ер бусын нэг их онцгой зүйл байхгүй байх аа.Би сайн мэдэхгүй байна.
Ариун-Ундрах -
Нөгөө яг хүн ингэдэг ш дээ.Миний амьдрал бол за бусдынхаас нэг тийм юмаараа л арай өөр,нэг тийм онцлогтой.
Дарьхүү -
За яахав тийм.Зүйтэй ойлголоо.Юу байна миний хүү бусдаас нэг их хурдан шиг юм бүтээх юмсан.Нэг тийм тэвдүү нэг тийм хачин ааш зантай.Одоо хаашаа ч юм хүнээс нэг тийм... За би хөгшин гэхгүй,гадаа явсан ч би хөгшин гэхгүй,гэрт байсан ч би хөгшин гэхгүй.За нэг гайгүйхэн ануухан байдалтай байж байгаад л өнгөрөх юмсан,муу санаагүй нэг сайхан зүгээр л нэг байж байгаад л өнгөрөх юмсан гэдэг ийм бодолтой.За тэгээд одоог хүртэл энэ ном унших дуртай ийм л болчихоод байна.Ялангуяа тэгээд...
Ариун-Ундрах -
Хоёулаа нөгөө түрүүчийн ярилцлаган дээр нөгөө нэг Унгар явсан тухайгаа ярьсан ш дээ.Аа тэгээд нөгөө эвлэлийн үүр гэж яриад байсан тийм ээ?
Дарьхүү -
Тийм улсын тэргүүний эвлэлийн үүр.
Ариун-Ундрах -
Тэгэхээр чинь яг миний ойлгож байгаагаар бол эвлэлийн үүрүүд гээд л их олон олон үүрүүд шалгаруулаад тэ?
Дарьхүү -
Эвлэлийн үүрүүд гэж одоо ухаандаа 10б,10а гээд л байдаг шүү дээ.10а ангийн эвлэлийн үүр.Эвлэлийн үүр гэж тусдаа биш шүү дээ.Ангийнхан чинь эвлэлийн гишүүд байхгүй юу.Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд бүгдээрээ.Аа тэгээд эвлэлийн гишүүд оролцсон тэр л бүх ангиуд эвлэлийн үүр байдаг.Үүргүй анги нэг ч байхгүй,одоо Налайхад ч үүргүй анги нэг ч байхгүй байсан.Одоо л эвлэл устаад байна л даа янз нь.Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд ш дээ та нар чинь,залуу улсууд чинь.Тэгээд эвлэлийн үүр тэгээд л ухаандаа тэр олон ангиас л 17-р сургуулийн 10а анги шалгарсан байхгүй юу даа.Тийм хот хөдөөгүй бүгдээс нь.
Ариун-Ундрах -
Аа тэгээд юу гэж асуух гэсэн бэ?гэвэл тэр нөгөө Унгарт байхад бас нөгөө өөр орнуудаас хүүхдүүд ирсэн гэсэн ш дээ тийм ээ?шалгарсан.Тэд нар нь бас нөгөө яг тийм үүр гэдэг шиг тийм шугамаар шалгарч ирсэн үү?
Дарьхүү -
Тийм үүр гэдэг тийм шугамаар ирсэн.33,34 улсын төлөөлөгчид ирж байгаа юм.Одоо зохиолч Түдэв дарга,зохиолч манай эвлэлийн төв хорооны дарга байсан ш дээ.Тэр үед чинь манай эвлэлийн төв хороо чинь одоо их сургуулийн энтээ талд байж байна ш дээ бас яг хуучиндаа байна.Тийм байсан юм.
Ариун-Ундрах -
Аан тэгээд та нөгөө яг социализмын үед багшаар ажиллаж байх үед чинь сард дунджаар хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Дарьхүү -
540-680.За бүр их авахдаа 780-840 ийм байсан.
Ариун-Ундрах -
Аа тэр их бага авч байгаа нь юунаас болж тэгэж хэлбэлзэж байгаа вэ?
Дарьхүү -
Ерөөсөө ажилласан жил.Олон жил ажилласан байвал хамгийн их жил ажилласан хүн 840 ийм байсан юм.Зүгээр их сургууль төгсөөд л очоод 540.
Ариун-Ундрах -
Аа тэр таны авч байсан цалин чинь яг тухайн үедээ амьдралд чинь хүрдэг байсан уу?
Дарьхүү -
Тухайн үедээ хүрдэг байсан.Тэр чинь элсэн сахар гэхэд л 2 цаас 2 төгрөг,мах гэхэд л 7 цаас 50 мөнгө байсан юм чинь.Тэгээд л мөнгө хүрээд л,байрны мөнгө гэж би өгөх юм биш,би тэнд чинь аав ээж хоёртойгоо гэрт голдуу байсан юм.
Ариун-Ундрах -
Бас нэг асуулт нь нөгөө социализмын үед хүмүүс одоо зөвхөн багш ч гэлтгүй тэ хүмүүс яг ажилд орох процесс нь ямархуу байсан бэ?Ажилд яаж ордог байсан бэ?
Дарьхүү -
Ажилд орох нь бол ер нь гайгүй сайн байсан.Ажилгүй хүн бараг байхгүй.Одоо багш л гэхэд цаг олдохгүй бол цагийн багш хийдэг байсан.Тийм л байлаа.
Ариун-Ундрах -
Одоо та ингээд багш болъё гээд бодоход багш болноо гээд очно ш дээ тийм ээ?Тэгээд л таныг ажилд авах уу?Яг яаж ажилд ордог байсан бэ?
Дарьхүү -
Багш бол болъё оо гэсэн хүнийг авахгүй.Тусгай раойн дээрээ очиж боловсролын хэлтсээр хэлэлцээд авна.Түүнээс тэр хамаагүй аваад байхгүй ш дээ.Тийм байсан,дэгтэй байсан.Одооных шиг л одоо багш болъё,тэгье,төчнөө мөнгө гэж ярихгүй тийм л байсан.
Ариун-Ундрах -
Одоо бол яг ажилд орох процесс нь яаж өөрчлөгдсөн бэ?
Дарьхүү -
Ай одоо хэцүү болсон шиг байна янз нь ажиглаад л байхад ерөөсөө одоо ажилд орох юу бол танил сайн танилтай бол нэг орж байна,хоёрт нь мөнгөтэй бол нэг орж байна.Иймэрхүү л байна даа.Одоо энийг л өөрчлөх ёстой л байна даа миний хүү.
Ариун-Ундрах -
Тэгээд та яг хэдэн онд тэтгэвэрт гарсан билээ?
Дарьхүү -
Би тэтгэвэр уг нь жил нь болоогүй.Анги маань... 81 онд гарсан юм байна шүү.
Ариун-Ундрах -
Та тэгвэл ардчилалаас өмнө гарсан юм байна тийм ээ?
Дарьхүү -
Ардчилал чинь 89 онд шуурга болоо биз дээ.Гүн шуурга болоод л,жагсаал болоод л ардчилал ёстой жинхэнэ тогтож эхэлсэн ш дээ.Баахан жагсаал болоод 89 онд.
Ариун-Ундрах -
Та тэр ардчиллын баахан жагсаал болж байх үед юу бодож байсан бэ?
Дарьхүү -
Би маш их сонин сонин юм боддог байлаа.Энэ одоо Монгол улс эсвэл нэг их сайхан хөгжинө,эсвэл одоо үймээнтэй болчихвий дээ.Арай ч үймээнтэй болохгүй байх аа.Энэ хэдэн хүүхэд зөв юм хийгээд байх шиг байна аа янз нь гэж их боддог байлаа.Яагаад гэхлээр Бат-Үүлын аав нь зохиолч Эрдэнээ байсан ш дээ С.Эрдэнэ.
Ариун-Ундрах -
Сайн зохиоч ш дээ тийм ээ?
Дарьхүү -
Тийм сайн зохиолч Эрдэнэ бид хэд,авгай бид хэд нь их найз.Тэгээд Эрдэнэд би энэ Бат-үүл эднүүд... тэгээд жил нь өнгөрчихсөн л дөө хөөрхий.Энэ одоо юу хийгээд байна аа?гэхээр ай мэдэхгүй.Чи юу гэж санаж байна? Ай зөв л явбал гайгүй дээ гээд л ингээд.Ардчиллын шуургаар бас сайхан сайхан улсууд чинь явчихлаа ш дээ.Зориг явчихлаа,одоо сайхан сайхан улсууд их явлаа ш дээ.Төмөр-Очир явчихлаа төв хороонд байсан.
Ариун-Ундрах -
Тэр Эрдэнэ гуай чинь их гоё номын сантай хүн байсан гэж ярьдаг ш дээ.
Дарьхүү -
Ёстой гоё номын сантай,ёстой сайхан.Тэднийх энэ 40 мянгатын залгаа манайх байранд байсан юм.Хотын энтээ талын манай энтээ талд байранд ёстой 1 өрөө,2 өрөө бол цул номын сан,гоё номын сан ёстой янзтай.Сайхан ч зохиолч,сайн ч хүн байсан.
Ариун-Ундрах -
Тэр их номон дундаа л тэгээд уншиж өнждөг...
Дарьхүү -
Номон дундаа,ерөөсөө л номон далай.Уншина,бичнэ,угаасаа тэгээд гэр бүлийн амьдрал тэр авгай бас нийгмийн ухааны анги төгссөн юм манай,угаасаа их сайхан тайван иймэрхүү орчинд өссөн зохиолч байгаа юм.
Ариун-Ундрах -
Багш гэдэг ажлыг яагаад сонгох болсон бэ?Хэн нэгэн нь танд зөвлөсөн үү?Эсвэл та өөрөө сонгосон уу?
Дарьхүү -
Би угаасаа органик химийнхээ шугамаар үйлдвэрт эхлээд нэхмэлийн үйлдвэр нэг сар илүү байж байсан.Тэгээд үйлдвэр нэг их онцгүй болохоор багшийн ажил хийе гэж хэлсэн.Тэгээд л яаман дээр очоод л шууд хотод багшил гээд л бичиг хийж өгөөд тэгээд багш хийсэн байхгүй юу.Тэгээд л хотын төвийн сургуульд 1-р сургууль,6,тэгээд хойно нь хашаа гэр аваад 17-д очлоо гэж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Түрүүн түрүүчийн ярилцлаган дээр асуусан нөгөө таны багшилж байх үед хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?гэж тэ.Аа тэгвэл одоо эсрэгээр нь хамгийн амархан зүйл нь юу байсан бэ?
Дарьхүү -
Хамгийн амархан зүйл нь бол багшилж байхад эх,эцэгтэй л холбоотой,хүүхэдтэйгээ л холбоотой ажиллавал ажил бүтдэг юм байналээ.Асар их холбоотой нэг гэр бүл шиг л,нэг гэр бүлээс ч илүү болчихдог юм нэг ангийнхан чинь.Тэгвэл ажил их бүтэмжтэй,их сайхан.Тэгэхгүй л хол хөндий яваад байвал хэзээ ч бүтэхгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд хамт ажиллаж байсан нөгөө хамт олныхоо тухай ярьж өгөөч.
Дарьхүү -
Хамт олныхоо тухай сайхан.Багш нарын заах аргын нэгдэл гэж байгуулчихна,секторууд гэж байгуулчихна.Секторууд нь нийгмийн ухаан,тооны ухаан,байгалийн ухаан.Байгалийн ухаанд нь манай хими,физик,математик орно ш дээ алгебр,анализ.Аа нийгмийн ухаанд нь дандаа хэлнийхэн орно ш дээ.За тэгээд л ингээд секторууд байгуулаад л 7,7 хоногоор ажлаа явуулаад л,тэгээд л хоорондоо их эвтэй.Ер нь манай аль ч 3 сургуульд ажиллахад аль нь ч сайхан эвтэй байсан.Ерөөсөө би тийм нэг одоо ухаандаа намайг тэргүүн аваад л,жуух аваад л ингэхэд баяр хүргэнэ үү гэхээс биш барьцсан хүн олдоогүй,гараагүй.Унгар яваад ирэхэд баяр хүргээд л,гар бариад л,үнсээд л ингэнэ үү гэхээс биш барьцсан хүн гараагүй.Сайхан юмаа сургуулийн нэр гараад л,гоё юмаа гээд л ингэж байсан.3 жил дараалан Батбаяр нэвтрүүлэг явсан л даа манай ангийн тухай зурагтаар баахан сийлбэр байгуулчихсан.Урлагын,сурлагын,биеийн тамирын,спортын гэх мэтчилэнгийн баахан олон Монгол улсад.Энэ Налайхын байсан л байх,байгаа л даа энэ чинь хааяа үгүй л байсан юм чинь.Тэр үед нь одоо биднээс их юм асуудаг,хүүхдүүдээс их асууна,багшаас надаас асуухаас гадна хүүхдүүдээс асууна,хүүхдүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулна.Манай ангийнхнийг бол нэг нэг анги шифлээд авчихсан.нэг нэг багш авчихсан,нэг нэг багшид нэг нэг хүүхэд.Тэгээд хүүхэдтэй их холбоотой,хүүхэд багшийн хоорондын холбоо их сайхан ерөөсөө их эвтэй байсан_
Ариун-Ундрах -
Одоо тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил,сурлага одоогынхтой харьцуулбал яг ямархуу...
Дарьхүү -
Янзтай сайхан байсан.Хүмүүжил,сурлага их сайхан байлаа.Арын хаалга байхгүй,мэдэхгүй.Тэгээд л конкурс өгөх гээд л явдаг,голдуу тэнцдэг ордог.Тэнцээгүй хүүхдүүд нь техникумд,ТМС-д тийм байсан ш дээ.Тэнцсэн нь яахав дээд сургуульд.
Ариун-Ундрах -
Тэгээд бас та нөгөө яг хувийнхаа амьдралд хэзээ хүнтэй сууж гэр бүл болсон бэ?Хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ?
Дарьхүү -
4 байхаас одоо 2 нь байгаа юм.Их сургууль төгсөөд 3 жил ажиллаж байж хүнтэй суусан.Хувийн амьдрал яахав тэгээд гайгүй ээ.
Ариун-Ундрах -
Аа энд нөгөө байгаа асуулт бол та нөгөө яг ажил тэгээд хувийн амьдрал хоёроо хооронд нь яаж зохицуулдаг байсан бэ?
Дарьхүү -
Ажил,хувийн амьдрал хоёрыг одоо яахав тэгээд л зохицуулж байгаа юм л даа.Одоо өглөө хичээл заана,үдээс хойш тийм юм хийнэ,аа үдээс хойш хичээл заавал өглөө нь гэр орноо янзлана,мах шөлөө идэж уух юмаа авна гэх мэтчилэнгийн тийм байсан.
Ариун-Ундрах -
Аан тэр үеийн багш нар чинь яг хичээл заах цагаараа л заачих юм байна тийм ээ?
Дарьхүү -
Хичээл заах цагаараа л заана.
Ариун-Ундрах -
Тэрнээс өглөө 8-аас орой 8 хүртэл байхгүй биз дээ тийм ээ?
Дарьхүү -
Үгүй үгүй.Зүгээр давтлага хүүхдүүд хичээлээс хожигдох таслах юм бол суулгана,хичээлийн дараа заавал суулгана.Хүүхэд суухаас айгаад бараг хожигдохгүй.За би ч сайн хүүхдүүдтэй ажиллаж байсан даа.Сайн сургуульд байсан.Энэ чинь бүгдээрээ улсын тэргүүний сургууль ш дээ.6,1,17.Ёстой янзтай гоё сургуульд байсан.Ганцхан малаа аваад,яагаа ч үгүй мал дагаад гарчихсандаа л,мал шиг болсонд оо л өөртөө яадаг юм.Энэ хүний энэ залуугын аятайхан байгаасай л гэсэн.Тэгээд байж чадсангүй.
Ариун-Ундрах -
Таны яг хамгийн их гол бахархдаг зүйл чинь юу вэ?Таны амьдралд хамгийн их гол бахархдаг зүйл чинь юу вэ?
Дарьхүү -
Шавь нар.Өөрөө нэг их ах дүүс цөөхөнтэй учраас нэг сүйдтэй юу яахгүй.За эгч маань 2 эгчийн тэр цэрэгт яваад нөхөр нь алга болсон эгч маань 25-тай өнгөрсөн юм л даа.Нэг эгч маань одоо Яармагт байна,одоо 80 гарчихсан хөгшин.Тэгээд хамгийн их бахархдаг нь аав ээж.Тийм ерөөсөө аав ээж хоёр,одоо өнгөрсөн ч гэсэн аав ээж.Маанийн ерөөл айлтгуулаад л ингээд.
Ариун-Ундрах -
Аа эсрэгээр нь хамгийн их жигшдэг зүйл чинь юу вэ?
Дарьхүү -
Худлаа хэлэх,хулгай хийх ийм юманд.Хүн ямар ч байлаа тэгэж хулгай хийж болохгүй,худлаа хэлж болохгүй.Тэгээд архи,дарс иймэрхүү юмнаас биеэ хордуулна,амьдралаа хордуулна хэрэггүй.
Ариун-Ундрах -
Аа тэгээд яг нөгөө нэг ардчилсан хувьсгал гарсан ш дээ тийм ээ?Энэ ингээд 2 нийгэм өөрчлөгдөхөд таны амьдралд бас ямар ямар нөлөөнүүдийг үзүүлсэн бэ?
Дарьхүү -
Миний амьдралд одоо яахав ардчилсан хувьсгал гараад чөлөөтэй сайхан амьдрах амьдралын замд нилээн өөрчлөлт гарсан одоо.Аа тэгээд яахав нэг эхний үед бол идэж уух талаар бидэнд их дутагдалтай байсан ш дээ.Картаар юм өгдөг байсан ш дээ 90 он хүртэл.Аа тэр үед нь их хэцүү байсан.Картаар юм өгнө,нэг 3 кг элсэн сахар чинь олон ам бүлтэй айлд яах ч үгүй ш дээ,тэгээд нэг 10 кг гурил чинь олон ам бүлтэй айлд яах ч үгүй.Ингэж өгдөг байсан,тэр л хэцүү байсан даа.Тэгээд одоо бол их олон улстай холбоотой болоод сайхан болжээ миний хүү.Их гоё болсон байна ш дээ.Зүгээр өнгө,мөнгөн дээр л байна.Тэгэхдээ л энэ залуучууд одоо худлаа хэлэхгүй,хулгай хийхгүй,архи дарснаас хол л явж байх хэрэгтэй байна.Тэгээд юм мэдэхийн төлөө.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө картаар бараа авахаас өөр тийм хэцүү зүйл байсан уу?
Дарьхүү -
Үгүй ээ одоо миний хувьд бол байхгүй байсан.Бараа авна,өшөө тийм юм өөрөө хувьдаа малтай учраас тэгээд чөлөөтэй сайхан малынхаа сүү саалийг,ноос үсийг хүртэл аваачаад зарчих жишээтэй ийм сайхан байлаа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд энэ ардчилсан нийгэм,социалист нийгэм хоёрыг харьцуулж ярьвал та яг юу гэж ярих вэ?
Дарьхүү -
Социалист нийгэм,ардчилсан нийгэм хоёрыг харьцуулах юм бол ардчилсан нийгэм нь давуутай гэж би үзэж байна.Ардчилал гэдэг чинь их гүн утгатай ш дээ.Социалист нийгэм бол социализмын үед бол сайхан л даа социалист нийгэм.Аа тэгэхдээ л цөөхөн улсыг холбоотой.Одоо энэ чинь ардчилал гэдэг чинь олон хүрээтэй,олон улсыг хамарсан,олон хүнийг хамарсан байна ш дээ.Юм чинь үнэн л юмны төлөө.Одоо ухаандаа л Бат-Үүл хичнээн муу хэлэгдэв тийм ээ?Одоо энэ чинь үнэн л юм хэлээд л үнэн л явж байна ш дээ.Манай нутгийн Элбэгдорж хичнээн л муу хэлэгдэв.Бас л үнэн юм хийгээд үнэний төлөө явж байна.Элбэгээ,Бат-Үүл энэ хэд чинь цөм хөөрхий минь нөгөө өнгөрчихсөн алагдчихсан Зориг.Арван хэдэн залуучууд сайхан босгосон юм шүү.Их ч зовсон доо өөрсдөө,их ч олон шөнө дээлтэй хоносон.
Ариун-Ундрах -
Тэгэж тэд нарыг дээлтэй хонож байх үед нь бол та бол бас дотроо бол дэмжиж л байсан тийм ээ?
Дарьхүү -
Дэмжилгүй яадаг юм.Төв талбайд хүртэл би нөгөө Бат-Үүлийн аавтай,Эрдэнээтэй хамт яваад цай өгөж л байлаа халуун савтай цай.Тийм хөөрхий минь.
Ариун-Ундрах -
Аа нөгөө төв талбай дээр өлсгөлөн зарлаад.
Дарьхүү -
Өлсгөлөн зарлаад л тэгээд хөөрхий заримд нь зодуулаад л орилоод л ийм л хэцүү л байсан ш дээ.Одоо хар л даа одоо сайхан байна ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд социалист нийгэмд байсан тийм сайн талууд нь бол мэдээж зөндөө л байна л даа тийм ээ?Аа муу тал нь юу байсан гэж та боддог вэ?
Дарьхүү -
Муу тал нь гэхээр чинь л одоо тийм жинхэнэ юмны утгыг гаргаж чадахгүй байсан.Жинхэнэ одоо үнэн байна уу?худлаа байна уу?ийм тиймийг цөөхөн байсан.
Ариун-Ундрах -
Түүхийг хүртэл гуйвуулж бичдэг байсан байх тийм ээ?
Дарьхүү -
Тийм түүхийг хүртэл гуйвуулдаг,гуйвамтгай ийм байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгвэл ардчилсан нийгэмд шилжсэн ш дээ тийм ээ?Аа шилжсэнээр одоо Монголд ингээд бүх зүйлүүд өөрчлөгдөхөд бас муу тал нь юу байсан бэ?Социалист нийгмээс аваад үлдчих тал ч юм уу тийм...
Дарьхүү -
Аваад үлдчих тал.За яахав нэг хэсэг Орос улсаас жоохон хөндий болсон нь муу байсан,муу болсон.Тэгэж одоо ухаандаа Цэдэнбалыг хүртэл хойно байж байхад гадуурхаад л тийм ээ?Очиж яагаад л манай зохиолч хэн ч билээ дээ тэрийг явуулаад л,зүгээр ерөөсөө нэг төрийн хүнийг тэгэж үзэж болохгүй ш дээ.Гэх мэтчилэнгийн нэг иймэрхүү муухай муухай асуудлууд гарч байсан.Энэ эвгүй.Төр бол төр байх ёстой,хүн бол хүн байх ёстой.Тэгэхдээ хүндээ энэ хүн юу бүтээсэн юм,энэ хүн яасан юм.Цэдэнбал дарга бол их юм хийсэн хүн шүү дээ.Филатова ч их юм хийсэн хүн ш дээ.Монголын хүүхдийн байгууллагыг хэн үндэслэсэн юм?Пионерийн ордонг хэн үндэслэсэн юм?Филатова.Энэ чинь олон улсын хүүхдийн харилцааг хэн манайд татаж бий болгосон юм?Филатова.За Цэдэнбалын нутгийн улсууд гээд нэг хэсэг бас биднийг үзэхдээ муу байлаа ш дээ.Ховдынхныг,Увсынхныг.Манай Ховдын 10 жил төгссөн юм байналээ.Тэгээд иймэрхүү жаахан эвгүй талдаа байсан.
Ариун-Ундрах -
Аан Цэдэнбалын нутгийнх гээд бас...
Дарьхүү -
Тийм Цэдэнбалын нутгийнхан гээд их янзын байсан шүү.Тиймэрхүү ардчилал яг үүсэж байх үед тийм байсан байхгүй юу,үүсэхээс өмнөхөн шиг.Аа үүссэний дараагаар ч гэсэн жоохон жоохон эвгүй эвгүй тал байсан.Тэгэхдээ гайгүй ээ.
Ариун-Ундрах -
Яг хүмүүс бол ер нь бүх нийтээрээ л ардчиллын төлөө зүтгэсэн байх тийм ээ?
Дарьхүү -
Тийм тэгэлгүй яахав.Ерөөсөө л бүх нийтээрээ.Тэгээд л ялсан ш дээ.Тэгээд их муухай муухай асуудлууд их үүсч байна л даа.Их эвгүй залуучуудын дунд,хүний дунд одоо тэр намын байрыг шатаагаад хаячихлаа ш дээ.Намын байр барихад чинь хичнээн бид нар оюутнуудаас оролцсон ш дээ.Хундам ухахад нь хундам ухалцаж байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр нээрээ хэдэн онд баригдсан барилга юм бол оо?Хэдэн оны.
Дарьхүү -
Намын байр чинь 58 онд хундам нь ухагдсан юм.Тэгээд 60-н хэдэн онд билээ дээ баригдчихсан ш дээ.
Ариун-Ундрах -
Нам гэснээс нөгөө социализмын үед намд элсэх нь ямархуу байсан бэ?Тэгээд намд элссэнээр ...
Дарьхүү -
Намд өө зүйтэй.Социализмын үед намд би чинь МАХН-ын гишүүн л дээ.Намд элсэхэд их хатуу элсүүлдэг байсан юм.Эхлээд л намын манлайлал гэж хүнийг жил болгон намын гишүүн багш нараас намын манлайллын шалгалт авна.Намын тухай элсэхэд чинь өө нэг хэдэн асуудал асуучихаад л за болно гэхгүй.Бас их явуулдаг,их асуудаг.Монгол улсын тухай,гадаад орны тухай,аа тэгээд бидний хувьд бол мэргэжил мэдлэг за тэгээд л хүүхдийн хүмүүжил мөн намын шугамаар их асууна.Түүхийн холбоотой юм,нийгмийн ухааны түүхийн холбоотой юм их асууна,олон улсын байдлыг их асууна,гадаад орны байдлыг их асууна.Ингэж намд элсүүлдэг байсан юм чинь.Намд эхлээд 1 жил намын орлогч хийнэ.2 дахь жилээс нь сайн ажиллаад,сайн явбал намын гишүүн болно.
Ариун-Ундрах -
Жинхэнэ гишүүн болох уу?
Дарьхүү -
Жинхэнэ гишүүн.Ийм байсан ш дээ.Одоо яаж байгааг мэдэхгүй байна.
Ариун-Ундрах -
Аа яг таны хувьд хэзээ МАХН-д элссэн бэ?
Дарьхүү -
Би чинь одоо 59 онд элссэн юм байна шүү.Бараг оюутан байхдаа элсчихсэн юм.
Ариун-Ундрах -
Аа тэр үеийн хүмүүсийн хандлага нь ер нь МАХН-д элсэх хандлагатай л байсан байх тийм ээ?
Дарьхүү -
МАХН-ын намын гишүүн л болох юмсан гэдэг.Намын гишүүнийг ажилд авна эхлээд,намын гишүүнийг ажилд нь их дэмжинэ.
Ариун-Ундрах -
Тушаал дэвшихэд тийм ээ?
Дарьхүү -
Тийм тушаал дэвшинэ.Одоо намын... ерөөсөө л нам.
Ариун-Ундрах -
Ямар ямар үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлдэг байсан бэ?
Дарьхүү -
Намын зүгээс ерөөсөө л их үйл ажиллагаануудыг авдаг байлаа даа.Улсын байдал,гадаад орны байдал,аа тэгээд л тэр хувь хүний хүмүүжил,ажил төрөл энэ бүхний нь талаар шалгадаг,авдаг ийм байсан.Намын гишүүн хүн чинь тусгай үүрэг даалгавар авна.Тэрийгээ биелүүлж үү?Үгүй юу гэдгийг шалгана.Биелүүлэхгүй бол ажил төрөлд дэмжихгүй,намаас нь чөлөөлж болно.Эвгүй нэг юм гаргачих юм бол намаас хөөнө ийм л байсан.Тиймээс бид намаас хөөгдөхгүй тулд,олигтой байхын тулд олигтойхон ажиллая гэж бодолгүй яахав.
Ариун-Ундрах -
Багшаар ажиллаж байх үед чинь яг одоо дарга,багш нарын хоорондын харилцаа нь ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Өө тэр сайхан байсан.Удирдах захирал,багш нарын хоорондын харилцаа тэнд чинь секцүүд одоо ингээд ухаандаа химийн,биологийн,физикийн секц гэхэд л нэг өөр гэх мэтчилэнгийн хоорондын харилцаа сайхан байсан.Би ч одоо сайн сургуулиудад байсан болоод тэгэж байна уу?Манай сургуульд бол их сайхан байсан.Одооныхыг жишээд үзэхэд сайхан байсан.
Ариун-Ундрах -
Та ямар шашин шүтдэг вэ?
Дарьхүү -
Будда.Тэрний галын тарнийн хүн.Тийм юм авсан юм.Угаасаа...
Ариун-Ундрах -
За та буддизмыг яг яагаад шүтдэг болсон бэ?Тэр шүтдэг шашныхаа тухай та ярьж өгөөч.
Дарьхүү -
Манай аавын ах гандангийн их гавж хүн байсан.Төв гандан тэгчилэнгийн.Угаасаа жоохноосоо эхлээд шүтнэ,залбирна,уншина,ном заалгана,зул өргөнө.Тэгээд хойно нь оюутан байж байхдаа хичээлд явах замдаа ганданд очоод хүрд эргүүлээд,залбираад явдаг.Тэгэхэд чинь их нууцгай хаалттай байсан.Хүн явж байна уу?Үгүй юу?гэж нуугаад.
Ариун-Ундрах -
Хулгайгаар уу?
Дарьхүү -
Тийм.Ийм янзтай байсан.Тэгээд л шүтнэ,хэзээ ч шүтнэ.Ингээд ардчиллаас хойш чөлөөтэй боллоо ш дээ.Тэгээд манайд чинь баахан багш нар ардчиллаас хойш энэ Наранхажидын Гантөмөр байна.Гавь ерөнхийлөгч Наранхажидын үеийн,Гантөмөр гэх мэтчилэнгийн олон багш нар тийм юманд орсон ш дээ.Энд чинь бид нар чинь 91 онд орсон юм байна ш дээ.Тэгээд тарнийн хүн болсон,гал тарниддаг тарнийн хүн.Тэгээд бурхнаа шүтнэ,очно за нэг сард 1 удаа очно,явна.Нэг хэсэг хөдөө их явдаг байлаа.Ээж хад,ээж мод,хойшоо Сэлэнгэ гэх мэтчилэнгийн Шаамар,Залуучуудын сангийн аж ахуй.Тусгай уншлагын хүнтэй явдаг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэр тарни гэдэг нь яг юуг хэлдэг вэ?
Дарьхүү -
Тарни гэдэг нь одоо ерөөсөө л ухаандаа бясалгал гэсэн үг л дээ.Жишээлбэл .....суухаа гэвэл аюул осол тохиолдохгүй тарни.Ум гэгээ гэгээ суухаа гэвэл юмны мөнгө чинь тогтох болтугай,мөнгө чинь арвижих болтугай гэсэн ийм юмнууд байхгүй юу.Бясалгал байхгүй юу даа одоо хүний оюун ухаантай холбоотой.Тэгээд л одоо янз бүрийн бясалгалын хичээл явагдаж байна ш дээ одоо залбиралт явагдаж л байна.Ухаандаа ертөнцтэй холбосон юмнууд Японы төв 120-н мянгатад нээгдчихсэн байна ш дээ.Тэгээд манайхан ийм.Тэгээд ерөөсөө ийм юманд орсон,ийм юманд холбоотой учраас хэзээ ч зүгээр би үзмэрчин биш.Аа тэгэхдээ тарнийхаа юмаар болно л доо юмыг хэлж,янзалж ингэж болно.Тэгэхдээ тэр болгоноос цуглуулах дургүй.Би хотод хөдөө гадаа нөгөө явдаг байсан болохоор хүн их ингэнэ.Тэгээд би зугатааж энд ирсэн байхгүй юу... Юм чинь ухаандаа сайн санааны үүднээс хандах нэг өөр.Манай бурхан бол дандаа сайн санааны үүднээс ерөөсөө энд залбирахад өөр өөр номтой ш дээ энэ чинь.Зүгээр нэг өөр өөр үзэсгэлэн биш өөр өөр номтой.
Ариун-Ундрах -
Яг таны амьралын туршид энэ Монгол дахь шашин шүтлэг яг яаж яаж өөрчлөгдөж ирсэн бэ?
Дарьхүү -
Монголд миний залуу хүүхэд байхад их хэцүү байсан.Манай авга ах хүртэл шоронд орж байсан.Тийм ингээд баригдаад ингээд явчихдаг ийм байсан.Их хэцүү ерөөсөө Монгол дахь сайхан шашин шүтлэг дэлгэрч чадаагүй их хэцүү.Тэр сайхан сайхан улсуудаа их хөнөөдөг ийм муухай байсан.Гэтэл одоо ардчиллаас хойш чөлөөтэй болж байна ш дээ.Одоо бүр улам чөлөөтэй.Ерөөсөө сайхан болж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө яг лам нарыг хэлмэгдүүлж байх үед бол нилээн сайн боловсролтой хүмүүсийг нь бүгдийг нь хэлмэгдүүлчихсэн юм шиг байналээ ш дээ тийм ээ?
Дарьхүү -
Тэгсэн.Ерөөсөө манай их гавж хүн гэхэд л манай авга ах,за тэгээд л их том том улсууд,сайхан сайхан боловсролтой,сайхан сайхан мэдлэгтэй,үнэхээрийн худлаа биш үнэн улсуудыг хэлмэгдүүлсэн байхгүй юу.Тэрүүндээ их алдсан байхгүй юу.Их ч олон хүний амийг хөнөөсөн,их ч олон хүнийг тал дутуу болгосон.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр хэлмэгдүүлсний дараа Монголчуудыг шашин шүтэхийг нь хорьсон уу тийм ээ?
Дарьхүү -
Хорьчихсон ш дээ намын гишүүнийг бол бүр хорьчихсон ш дээ.Намын гишүүн хүн бол шашны...ямар сайндаа би их сургуульд философийн шалгалт өгдөг байлаа манай ангид.Норовсамбуу багштайгаа муудалцаж байсан шашны талаар бүр хэт үгүйсгээд байхгүй юу тэгэхээр битгий донгос тэгдэг юм уу чи гэж хэлээд муудалцаж байсан.Хэлэх юмаа хэлэлгүй яахав.Шашин шүтлэгийг их үгүйсгэдэг их хэцүү байсан.
Ариун-Ундрах -
Тэгэхдээ хэдийгээр үгүйсгэсэн ч гэсэн хүн болгон дотроо ер нь тэгээд л...
Дарьхүү -
Дотроо тэгээд л одоо шүтнэ ш дээ.Бурханаас л бий болсон юм чинь бурхан шүтнэ ш дээ.Бүгдээрээ бурхан багшаас л бий болсон ш дээ.Зүгээр л одоо хүн бий болчихсонгүй.Ертөнцөд яагаад ингэсэн юм бэ?гэхээр чинь л одоо бурхан багш амьд биетээс амьд бие үүссэн.Тэгээд тэр хүн өнгөрлөө гэхэд чинь ертөнцөд яваад очно.Дандаа амьд биеүд яваад очно ш дээ.Хумхын тооснууд нь доор үлдэнэ ш дээ.Тэгээд л амьд биеэс үүссэн учраас Ертөнцийг чинь сайхан хөгжөөд,сайхан болоод од сар хүртэл өөр болоод явдаг байхгүй юу.Одоо жишээ нь өнөөдөр шинийн нэгэн байх аа.Маргааш шинийн хоёрны сар их хачин гарна.Тэрийг л хүн харах ёстой.Нэг тийм хавирган сар гарах юм бол цаг нилээн салхитай,шуургатай.Зүгээр нэг сайхан сар гарах юм бол гайгүй гэх мэтчилэнгийн.
Ариун-Ундрах -
Аан шинийн хоёрны сар янз бүр гардаг юм уу тийм ээ?
Дарьхүү -
Янз бүр гарна.Өнөөдөр ингээд маргаашийн шинийн хоёрны сар их янзын гарах байх гэж бодож байна.
Ариун-Ундрах -
Шашин,төр хоёрын хоорондох харилцаа нь ямархуу байсан бэ?
Дарьхүү -
Төр,шашин хоёрын хоорондын харилцаа бол мөргөлдөөн нэг их үүсээгүй.Тэгэхдээ л харилцаа сул байсан,сул хөндий байсан ш дээ.Одоо чинь хоорондоо эвтэй болчихож байна ш дээ сайхан.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр төв гандан гэж байсан ш дээ тийм ээ?тэр хориотой үед.Тэр бол тэгээд зүгээр тийм бэлгэдлийн чанартай юм уу тэ?зүгээр.
Дарьхүү -
Зүгээр одоо төв гандан чинь ёстой бэлгэдлийн чанартай л үүссэн байсан юм.
Ариун-Ундрах -
Бусад бүх гандан тэгчилэнгүүд бол байхгүй болсон тийм ээ?
Дарьхүү -
Тийм байхгүй байсан.Тэгээд л хойно нь зөндөө юм үүсчихлээ ш дээ.Яахав дээ энэ чинь хүн чөлөөтэй.
Ариун-Ундрах -
За үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Дарьхүү -
За чамд баярлалаа.Ажил сурлаганд нь амжилт хүсье ээ миний хүү.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.