Sereeter


Basic information
Interviewee ID: 990163
Name: Sereeter
Parent's name: Jambal
Ovog: Zalaat
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
democracy
environment
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
urbanization
democracy
techniques and technology
nature and environment
family
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Сэрээтэр -

Сайн байна уу

Саранцэцэг -

Хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлэн ярилцъя.

Сэрээтэр -

Заа.

Саранцэцэг -

Та бага хүүхэд үеэ дурсна уу, таны бага нас бусад хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай вэ?

Сэрээтэр -

Заа би ч одоо багадаа одоо үеийн хүүхдүүдийг бодвол их л багаасаа л мал дагаж өслөө дөө. Одоо үеийн хүүхдүүд чинь 3, 4-тэйдөө эгчтэйгээ цуг малд гүйж байсан гэвэл худлаа гэх байх. Жаахнаасаа 3, 4-тэйгээсээ өвлийн хүйтэнд хүртэл эгчтэйгээ явалцаад л, шоовойныхоо үзүүрийг хүртэл хайруулчихаад л орж ирж л байсан. Тэгээд л одоо тостой сүүлний юугаар жин тавьж байж, энэ тэр зүгээр болгож байсан санагдаж байгаам. Тийм л ажлын төлөө л мал ахуйтай хөөцөлдөж л, бага насыг өнгөрөөлөө. Заа.

Саранцэцэг -

Тэр өвөл чинь та нар тоохуу, моохуу гээд өмсдөг билүү?

Сэрээтэр -

Аан

Саранцэцэг -

Гутал олддогүй тэр үед чинь цасанд л одоо яалт ч үгүй тоохуу өмсч гардаг байсан гэж би сонссон? Таны багад одоо тиймэрхүү юм гарч байв уу?

Сэрээтэр -

Тэр ч одоо манай цаад талын тэр Булган сум, Алтай сум энэ тэрээс л эхэлж л өмссөн гутал л даа. Тэр тоохуу гутал чинь. Тэр манай суманд нэг их байдаггүй, гэхдээ би тоохуу боож үзсэн. Хавар зудтай энэ тэр үед өвлийн хүйтэнд ч яахав, гуталтай л байдгийм. Тэр тоохуу гэдэг чинь хөлд хөнгөн, их аятайхан тийм гутал байдгийм л даа. Тэрийг боож үзсэн, үзсэн.

Саранцэцэг -

Тоохууг чинь тэр уул хадтай юмаар тоохуу боохгүйгээр яаж хөл нүцгэн явахав дээ?

Сэрээтэр -

Аан тийм.

Саранцэцэг -

Гутал, хувцас ховор болохоор л тэгж байгаа биз дээ, дээл хувцасны үед ямар байдаг байсан юм б дээ?

Сэрээтэр -

Зун нэг даалимбуун тэрлэгтэй, тэгээд л цамцтай гүйлдээд л байна, өвөл болохдээр нэг нэхий дээлтэй, тэгээд нимгэн дээл байна, зузаан дээл байна, тэгээд даалимба олдвол ганц нэг гадар татаж гадартай юм өмсөнө. Тэгээд л бусдаар нэг нэхий дээлтэй л, тэгээд одоо булгаар ховор байсан, ямааны арьс элдэж, арьсаар чинь яаж байгаад гутал хийгээд өгчихнө ш дээ. Түрий толгойг нь... тийм, тэгээд доод талд ул ширээд л, хамгийн доод талд нь ширээр уллаад л ингээд л, тэгээд л тийм гуталтай байдаг байлаа.

Саранцэцэг -

Ер нь бол эцэг эх хүүхдийн хоорондын харьцааны талаар тэр үед ямар байв, одоо ямар байна?

Сэрээтэр -

Тэр үеийн хүүхдүүд чинь ямар эх эцгийн үгнээс гарна гэж байх юм биш, юу л хэлнэ бол тэр бол хууль. Одоогийн хүүхдүүд чинь энэ ардчилал гарч ирээд л, хүний эрх чөлөө гэдэг асуудал яригдсанаас хойш, энэ хүүхдүүд чинь эцэг эхийнхээ үгэнд орохоо байгаад л, одоо байтлаасаа ...хуц, ...солиор гэж хэлэх байдалтай, дээр үед бол эх эцгийгээ хүндэтгэх гэж үнэхээрийн тэрний үгнээс гардаг нааш цааш гэсэн улсууд байгаагүй ш дээ. Тийм ч учраас хууль нь хатуу байсан. Одоо эх эцгийнхээ үгэнд орохгүй болохоор төрийнхөө үгэнд орохгүй, хууль үйлчлэхгүй ийм л болсон цаг даа.

Саранцэцэг -

Тэр нөгөө хөдөө чинь бага хүүхдээ л явуулж байгаа ш дээ, зайлуул. Сургуульд суулгахад чинь ингээд дотуур байранд ингээд явуулчихдаг, араас нь эцэг эхчүүд санаа нь зовоод л үлддэг байсан байх даа?

Сэрээтэр -

Үлдэлгүй яахав. Тэгээд л бид нар чинь өвөлд бид нарын хүнсийг дөхүүлж ирж өгнө. Хувцас мувцсыг нь сэлгэнэ. Тэгээд л.

Саранцэцэг -

Аа дотуур байранд манай хүүхдийн хүнс гээд мах зах өгчихдөг?

Сэрээтэр -

Тийм, мах энэ тэр авчирч нийлүүлж өгдөг. Айлд суусан ч ялгаагүй л дээ, идэхийг нь дөхүүлж өгнө.

Саранцэцэг -

Аа тэр сургуулийн дотуур байрны түлээ түлшинд нэмэрлэх үү?

Сэрээтэр -

Түлээ түлшийг, зарим нь түлээ түлш өгнө. Зарим нь хоол хүнс өгнө. Янз бүрээр л даана л даа.

Саранцэцэг -

Мөнгө өгөхгүй юу?

Сэрээтэр -

Өгөхгүй. Тэр үед чинь мөнгө их ховор байсан. Мөнгө олдохгүй цаг л даа.

Саранцэцэг -

Ер нь болбол таны бага нас тэр үеийн бусад хүүхдүүдийнхээс ялгаатай юм байсан уу?

Сэрээтэр -

Үгүй ээ, одоо онц ялгагдаад байх юм байхгүй угаасаа. Бусад хүүхдүүдийн ижил. Онцлог нь л ажил их хийнэ. Ажлын төлөө л байсан.

Саранцэцэг -

Ер нь бол эцэг, эхчүүд хүүхэддээ юу гэж илүү их сургадаг байсан бэ?

Сэрээтэр -

Одоо яахав, бид нарыг амьд байгаа дээр ном эрдэм сайн сур, ажил сайн хийж сур. Ажил хийж байвал ам тосдоно, ажилгүй хүнийг бол айлд ороод өгсөн ч аяга цай хийж өгөх хүн ховор, ажилтай хүн бол хэнийд ч орсон хоолоо олоод идчихнэ. Хаач явсан гэж л сургадаг байсан. Тэр л одоо үнэн л дээ.

Саранцэцэг -

Аа танай тэр .., та чинь гэртээ 5-уулаа ш дээ, тэднээс сургуульд сураагүй үлдсэн нь хэд вэ?

Сэрээтэр -

Сураагүй үлдсэн байхгүй

Саранцэцэг -

Огт бичиг сураагүй?

Сэрээтэр -

Байхгүй, бүгдээрээ яасан. Дээд сургууль төгссөн юм байхгүй бүгдээрээ л дунд боловсролтой л, 10-р анги хавьцаа л.

Саранцэцэг -

Заа за та хотод хэдэн онд ирлээ, хамгийн анх хот орж ирсэн чинь?

Сэрээтэр -

1957 онд хотод цэрэгт ирж байлаа, тэгээд л 60 онд халагдаад л, 61 онд Ховдод очоод 1 жил хэртэй суугаад, 62 онд хотод орж ирээд, одоо хотод л.

Саранцэцэг -

Одоо бол та хотын иргэн?

Сэрээтэр -

Хотын иргэн болсон, 50 гаруй жил болж байна.

Саранцэцэг -

Анх ирж байх үеийн хот одоогийн энэ хот яаж их зөрүүтэй харагдаж байх юм? Ямар их өөрчлөгдсөн талаар та ярихгүй юу?

Сэрээтэр -

Одоогийн хот тэр ирж байсан үеийг харьцуулахад нэг сумын төв хот 2 л санагдаж байна даа, бараг. Тийм их ялгаатай. Ер нь үйлдвэрийн газар ч гэсэн ховор, заа даа сумын төв ч гэсэн аймгийн төвтэй л адилхан байсан юм байнаа даа. Тэгээд барилга байшин ховортой, нэг барилгыг барина гэж бараг 10 жил болж байж, моральны элэгдэлд оруулж байж нэг юм барьдаг байсан, одоо чинь болбол 1 барилгыг чинь 1,2 жилийн дотор бариад л, барилга байшин баригдсаар байгаад цаадах нь харагдахгүй болж байна ш дээ.

Саранцэцэг -

Энэ олон хороолол эд нарыг чинь Зөвлөлтийн тусламж эд нараар баригдаж байсан уу?

Сэрээтэр -

Тийм, 3,4-р хороолол 40, 50 мянгат эд нар заа 40 мянгатыг нь хятад барив уу яав, 50 мянгатыг нь Орос барьсан байх. Ер нь тэгээд л Орос л ихийг барьсан даа. 120 мянгат энэ тэр лүү. Энэ барилгуудыг чинь.

Саранцэцэг -

Та ингээд олон газруудаар явж үзэж байсан, тэр хотуудыг харж байхад манай энэ Улаанбаатар хот юугаараа ялгаатай юм?

Сэрээтэр -

За тэр Москва ороод харж байхад Ленинградын тэр барилгууд нь зарим барилгууд гантиг чулуугаар энэ тэр засаад барьчихсан байгаам, тэгэхэд чинь манай энд тийм чулуун барилга бол алга байна. Тэр одоо түүх дурсгалын тэр хөшөө, юугаараа л их онцлог юм байлээ л дээ. Ялангуяа Ленинград бол ер нь тэгээд газар газрын жуулчид ч их ирэх юм, үзвэр ихтэй хамаг үзэх юм нь тэнд л байна, далайн зах дээр байрлачихсан, зарим барилгууд нь бараг далайн усан дотор байх юм, тэгээд л усан онгоцоор хоорондоо нааш цааш яваад л, их л агаар байгаль, сайхантай өдөр болгон л бороо орж байна. Бараг л 7 хоноод л хадлангаа хийж байх юм даа. Би 3 долоо хоносон Ленинградад, 3 дахиж л хадлангаа хийж байхыг нь үзлээ. Тэгж л их ургах юм, хадлан нь. Бороо их ордог болохдээр.

Саранцэцэг -

Та ер нь хотын амьдралыг юу гэж боддог вэ? Ер нь танд хотын амьдрал таалагдаж байна уу?

Сэрээтэр -

Хотын амьдрал бол уг нь дээр үед бол болдог байсан, одоо болбол хүн, айл нь ихдээд, энэ машин техник ихдээд, энэ утаа тортог агаар байдал нь байхад маш хэцүү. Тийм болоод байгаам. Ялангуяа л хамар шархирсан энэ утаа, хиншүү тэрэг техникийн энэ утаа чинь хүний энэ эрхтэнд хэцүүгээр нөлөөлж байгаа л даа. Тэгээд л хөдөөний агаар бол аятайхан санагдаж байгаам.

Саранцэцэг -

Ер нь бол хэцүү юм гэвэл их л байна л даа, танд одоо бүр их таалагддаггүй юм гэвэл утаа л юм шив дээ?

Сэрээтэр -

Утаа агаар хоёр

Саранцэцэг -

Та ер нь 90-ээд оны үед ардчилсан хөдөлгөөн гарч байх үед тэтгэвэртээ суучихсан байсан уу?

Сэрээтэр -

Би 92 онд суусан, ардчилсан хөдөлгөөний дараа.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөний энэ жагсаал юманд оролцож байв уу?

Сэрээтэр -

Би энэ ардчилсан хөдөлгөөнийг тоодоггүй. Хувьсгалт Намын эгнээнд санаа бодолтой явдаг.

Саранцэцэг -

Ер нь одоо энэ үйл явдал таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Сэрээтэр -

Энэ ардчилал уу? Над нээх сайн нөлөөлсөн юм угаасаа алга. Энийг би одоо маш л буруу талаар ойлгож явдаг. Төрийн эсрэг явуулга явуулаад байна гэж ойлгодог. Энэ залуучуудыг одоо ухаандаа л хүний эрх энэ тэр гээд л дандаа уруу татаж ярьсан юм яагаад л, одоо сүүлд нь явсаар байгаад л энэ төрийнхөө ордонг шатаагаад л, тэр л сангийн аж ахуй, нэгдэл хамаг юм тараагаад л, нэгдэл нийгэмчилж байна гээд л, эзэнгүйдүүлээд л ингээд хаячихсан дандаа улсын явуулж байсан бодлогын эсрэг юм явуулаад, буруу талд нь ажиллаад байна л гэж бодож байгаа. Буруу талын улсууд орж ирсэн юм байна гэж.

Саранцэцэг -

Яг одоо тухайн үед ардчилсан хөдөлгөөн гарч байх үед улсууд ардчилал юу авчирна гэж бодож байсан бол? Нийт ардууд ямархуу үзэл бодолтой байсан болоо?

Сэрээтэр -

Аа одоо энэ хөгшивтөр улсууд нь одоо яахав дээ, энэ ардчилал гарч ирээд улс эрхбиш хөгжил юу нь өөрчлөгдөх байх л гэж бодож байсан л байх. Тэгсэн анхандаа тэгсэн тэр өөрчлөгдөж гийгүүлсэн юм одоо үнэндээ алга. Ардчилал нь төрийнхөө эсрэг явуулга хийж зүтгэсээр байгаад л, 2 тийшээ зүтгэсээр байгаад л ингээд л, сүүлд нь одоо яг дундаа болоо шив дээ, хэн хэн нь нэг рүүгээ зүтгээд ч хууль биелэгдэх юм байдаггүй, ийм л болчих юм байна л даа.

Саранцэцэг -

Ер нь ардчилал хөдөлгөөн чинь хүйсээр ялгаатай нөлөөлсөн энэ тэр тийм юм байна уу? Өөр өөрөөр нөлөөлсөн эрэгтэй хүнд, эмэгтэйд хүнд гээд?.

Сэрээтэр -

Аа энэ байнаа байна. Одоо ухаандаа энэ чинь одоо хүний хүүхдүүд эх эцгийнхээ үгэнд л ордог байсан бол одоо эмэгтэйчүүдийн эрх ашгийг л хамгаална л гэнэ, хүний эрх ашиг гээд ингээд яригдаад явчихсанаас хойш л одоо тэгээд одоо ер нь эрэгтэй нь голдуу гэрийнхээ юуг захиргаадас гээд ажилладаг байсан бол, ажаад байхад одоо зарим эмэгтэйчүүд нь голдуу захиргааддаг улсууд их гарчихаад байх шиг байгаа юм. Энэ чинь болбол хүйсийн ялгаа л их гарч байна л даа.

Саранцэцэг -

Ямар талаараа ардчилал гарснаасаа хойш илүү их эрх чөлөө эдэлж байгаа юм шиг санагддаг вэ?

Сэрээтэр -

Заа даа, ардчилал гарснаас хойш одоо мэдэхгүй дээ, энэ ч над эрх чөлөө болж эдлэгдээд байхаар юм ер ойлгогдохгүй байна. Ерөнхийдөө энэ чинь харин залхуу, ажилгүйдэл энэ л газар авчихлаа л гэж ойлгож байна.

Саранцэцэг -

Яг энэ ардчилсан хөдөлгөөнд эрэгтэй, эмэгтэй улсууд ялгаатай оролцож байсан уу?

Сэрээтэр -

Ялгаагүй байлгүй дээ.

Саранцэцэг -

Та ер нь төрийн бус байгууллагуудтай харьцаж байсан уу? Энэ төрийн бус байгууллагууд ямар ач холбогдолтой гэж боддог вэ?

Сэрээтэр -

Аа энэ төрийн бус байгууллагууд ч одоо яахав, зарим нь одоо биеэ даасан байгууллага пүүс компани юмнууд чинь л өөрийнхөө л зорилгоор л ажил төрлөө чиглүүлээд л явна л даа. Гэхдээ энэ ялгаа болбол бий л дээ. Энэ чинь ямарваа нэгэн албан байгууллага л өөрийнхөө эрх ашгийг зохицуулж явуулдаг болохоос төрийнхөөс бол ялгаатай л байгаа л даа.

Саранцэцэг -

Ер нь бол энэ ашигтай юу? Нэг их ач холбогдол багатай байдаг уу?

Сэрээтэр -

Ашигтай, энэ ч одоо энэ төр ажилгүйдлийг чинь алга болгохгүй байгаа чинь энэ хувийн компани юунууд чинь зөндөө олон үйлдвэр аж ахуйг ажиллуулаад, улсуудыг ажилтай болгож байна ш дээ. Энэ болбол улст ашигтай л байгаа л даа.

Саранцэцэг -

Та одоо социализмын үед ямар ямар шинэ технологиуд анх нэвтэрч байсан гэж бодож байна? Та санаж байгаа юм байна уу, радио, телевиз одоо юу байдаг юм, машин..... шинээр Монголд юу нэвтрэв?

Сэрээтэр -

Энэ ч одоо манайх чинь нэг 70 он хүртлээ за ер нь 70 он биш, 90 он хүртэл Оросоос өөр орноос чинь бараг тэрэг техник авдаггүй, гадаадын орнуудтай худалдаа наймаа хийдэггүй байсан л даа. Одоо ухаандаа Бал даргын үеэс чинь хойш одоо л ингэсгээд л энэ газар газрын машин техник чихээд л, тэгээд л газар газрын юу орж ирээд байгаа болохоос тэрнээс чинь өмнө нэг л орноос авдаг нэг л зүйлээр хангагддаг байсан болохдээр төрөл бүрийн юм байгаагүй. Одоо тэгээд л газар газрын юунууд дүүрчихлээ л дээ.

Саранцэцэг -

Хамгийн анх хөдөө таныг байж байхад радиотой айл байсан уу?

Сэрээтэр -

Аа нэг үе байгаагүй. Тйим энэ ч одоо тэгээд нэгдэл үүсээд л, бараг л 60-аад оны үеэс л “Эх орон 52” гэдэг радио, тавин хэдэн оны үеэс л дэлгэрсэн юм шиг байна даа. Тэр дэлгэрээд, Оросын радио, тийм. Тэгж байгаад сүүлд нь “Век 6” билүү нэг радио гараад л, тэгээд л радио юу л дэлгэрсэн дээ.

Саранцэцэг -

Хөдөө суман дээр радио анх очиж байхад хүмүүс жигтэйхэн гайхаж байсан биз?

Сэрээтэр -

Тэгэлгүй яахав. Үгүй яахав, радио одоо энэ дуу хураадаг пянз мянзууд чинь тоглуулж барьж байхад чинь их л сонирхож байсан л даа.

Саранцэцэг -

Та анх машин үзэж байснаа ярих уу?

Сэрээтэр -

Би анх хүүхэд байхдаа одоо бараг 7,8-тайд намайг бага байхад чинь тэнд чинь одоо “ЗИС-5” дараа нь “БУЛУ” тэгээд “ЗИС-150” гэсэн машинууд гарч байсан юм, тэгээд л сонирхоод л ирж барьж байхад нь дагаж харайгаад л, сонирхдог л байв.

Саранцэцэг -

Тэр чинь яадаг байсан юм, хөдөөнөөс тээвэр хийдэг байсиймуу?

Сэрээтэр -

Тээвэр хийдэг байсан юм их ховор, цөөхөн байсан, тэгээд 51 гэдэг машин гарч ирээд, шуудан муудан хүргэдэг, тийм тэгээд сүүлд нь явсаар байгаад л төрөл бүрийн машин элбэгшээд л, машинтай болов шив дээ.

Саранцэцэг -

Заа, телевизийн хувьд ямар уу?

Сэрээтэр -

Телевиз гэдэг чинь одоо бас гарч ирээд 40-өөд жил болчихож байгаа байна уу..,

Саранцэцэг -

Эхлээд хар цагаан телевиз байж байгаад сүүлд өнгөтэй болсон байх, тиймээ?

Сэрээтэр -

Тэгсэн.

Саранцэцэг -

Телевизийг анх үзэж байхад ямархуу санагдаж байсан?

Сэрээтэр -

Аа энэ чинь телевизтэй айл цөөхөн байлаа. Нэгнийдээ бөөгнөөд л үздэг байлаа ш дээ. Тэгж байгаад л хүн бүхэн авсаар байгаад л, одоо тэгээд л айл бүхэн телевизтэй болоо шив дээ.

Саранцэцэг -

Аа энэ төмөр зам эд нар чинь хэдийд яасан юм, хэдийд тавигдсан юм?

Сэрээтэр -

Энэ чинь одоо төмөр зам чинь гучин хэдэн оноос эхэлсэн гэдэг байхаа, 37, 38 оноос эхэлсэн.

Саранцэцэг -

Нарийн төмөр зам байж байгаад, дараа нь өргөн төмөр зам болсон байх тээ?

Сэрээтэр -

Тийм.

Саранцэцэг -

Та онгоцонд сууж байсан үеэсээ ярих уу?

Сэрээтэр -

Заа би онгоцонд чинь заа байз, 24,25-тайгаас эхлээд суусан байхаа. Эхлээд АН-2-т сууж үзэж байв, жижиг далавчтай онгоц, ногоон онгоц, ухаандаа. Тэгээд сүүлд нь ИЛ-14 сууж байлаа. Сүүлд нь АН-24-т сууж байлаа. Тэгээд энэ Орос энэ тэр лүү явахад чинь ТУ-104 сууж байлаа. Аа нэг яахав 200 гаруй хүн орчихдог юм байлээ, 200 гаруй, 216, 208 хүнтэй л нисч байсан, ТУ-104.

Саранцэцэг -

Та хамгийн сүүлд өөрийнхөө яг төрсөн газар луугаа хэзээ очсон?

Сэрээтэр -

Аа би төрсөн газар луугаа 2007 онд очсон. Тэгэхдээ очиж зүгээр хөрвөөж барьж, идээ будаа цацаж, өдрийн амралт хийж тэгж явж байлаа.

Саранцэцэг -

Танай одоо тэр өөрийн чинь төрсөн газар одоо ингээд сүүлд яваад очиход яаж өөрчлөгдөж байна?

Сэрээтэр -

Одоо энэ хуурайшил болоод, өвс ургамал ургадаг нь багадаад, ан гөрөө нь багадаад, тийм л болчихсон байна.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдөж үү?

Сэрээтэр -

Өөрчлөгдөөгүй байна, газар ус өөрчлөгдөөгүй

Саранцэцэг -

Одоо гол ус татарчихсан байгаа байна уу?

Сэрээтэр -

Татарчихсан байна.

Саранцэцэг -

Заа, тэр нь юутай холбоотой юм бол?

Сэрээтэр -

Хуурайшилтай, энэ хуурайшил ган гэдэг чинь манай Монголыг эзлээд дуусч байна ш дээ. Ер нь ойрын хэдэн жил чинь Ховд руу өөдтэй зун болоогүй, гантай, газрын гарц муу.

Саранцэцэг -

Танай тийшээ одоо сайн болсон, сайхан өөрчлөлт гарсан юм байна уу, танай нутаг тийшээгээ?

Сэрээтэр -

Заа, одоо сайн өөрчлөлт гарсан юм алга даа.

Саранцэцэг -

Танай тэнд төрийн хамгаалалтанд авчихсан, тийм юмнууд ажиглагдахгүй юм уу?

Сэрээтэр -

Тийм юм байнаа, ганц нэг газрыг дархлаад, төрийн хамгаалалтанд авчихсан. Тухайлбал, одоо Хар усан нуурыг төрийн хамгаалалттай болгоод, тусгай хамгаалагчтай, хориотой болгочихсон байна. Тэнд чинь бас зэрлэг гахай, андатор усны шувууд энэ тэр ан байдаг юм, тэрийг нь хориотой болгосон байна. Ер нь анг нэлээн хорьсон байна. Тарвагыг ч одоо яахав, хориотой болоод 6,7 жил болж байгаа, аргал янгир, тэр ховор ан амьтдыг хорьчихсон, тэр овоо харагдаж байна, тийм л болсон харагдаж байна.

Саранцэцэг -

Та болбол ан хийж, ийшээ тийшээ газар орноор явж байсан, анг болбол сайн мэддэг болсон хүн. Танай нутагт чинь нэг шувуу гадагш нь эд нар гаргаад байдаг байсан уу?

Сэрээтэр -

Шонхор уу?

Саранцэцэг -

Шонхор шувууг?

Сэрээтэр -

Тэр манай Ховдоор тийм ажил явагдахгүй байна. Энэ хотод ойрхон энэ газруудаар явагдаад л, барьж аваад байдаг юм байсан, чухам ноднин нэг их дуулдсангүй, өнөө жил юм ярихгүй байна. Барихаа больсон юм байлгүй. Уг нь шонхор болбол байна. Миний бодлоор энэ шонхрыг гадаад гаргадаг нь зөв юм гэж бодоод байдгийм, энэ шонхор чинь бас махчин амьтан болохдээр нөгөө энэ хөвчид байгаа шувуунуудыг барьж идээд дуусгачихсан. Одоо тэр ётуу, хөтүү энэ тэр гээд хөвчид амьдардаг шувууд одоо тэр байтугай зарим шонхор хойлог барьчихаж байна гэж байгаам, тэр том шувууг. Тийм учраас гадаадад гаргахыг хорьмооргүй л шувуу санагдаад байдгийм. Ер нь л элбэг.

Саранцэцэг -

Та тэр ажил юмны шугамаар тэр Алтайн уулнуудаар явж байв уу?

Сэрээтэр -

Аан явж байсаан, явж байсан.

Саранцэцэг -

Танд одоо хамгийн сайхан дурсамж үлдээсэн, одоо тийм дурдатгал үлдээсэн юмнаасаа ярьж өгөхгүй юу?

Сэрээтэр -

Би яахав дээ, энэ манай журмаар ирсэн жуулчидтай би, зарим нь эмийн ургамал түүдгийм, зарим нь ан хийдгийм, юутай яваад л. Ховдын тэр Мөнх-хайрханы уул, Мөнх-хайрхан сумаас цаашаа уул нь Таван хумст гэж уул байдгийм.

Саранцэцэг -

Манханд чинь ямар уул байдгийм?

Сэрээтэр -

Манханд чинь уул болоод байх тийм том юм байхгүй. Нөгөө “Цэнхэрийн агуй” л байдгийм. Тийм, “Гурван цэнхэр”.

Саранцэцэг -

Заа, Мөнх-хайрханы уулаар явж байсиймуу?

Сэрээтэр -

Мөнх-хайрханы уулаар явж байсаан. Тэрүүгээр ч одоо яахав дээ, аргал янгиртай, тэгээд би Хөвсгөл орж явж байлаа жуулчидтай, зарим нь эмийн ургамал түүх чиглэлийн улсууд байсан, тэрүүгээр тэр Хөвсгөлийн уулаар явж байсан, намар явж байсан, нөгөө жимс нь ургачихсан, нөгөө вольфром Оросууд их эрж, тэр уулаар хайгуул хийж явж байсан, ашиглах гэж байгаад тэр чинь нөгөө нуурын ус бохирдоно гээд, болиулчихсан ш дээ, одоо. Тэрний тэр л зассан газар, зам мам их л харагддаг юм байлээ. Тэгээд далайнх нь зах дээр ирчихээд майхантай ингээд жуулчидтай байж байхад чинь ус нь их тунгалаг, нөгөө загаснууд урдуур жирэлзээд л, ёстой нэг мэдрэлийн ядаргаа тайлмаар, сайхан газар байдаг юм байналээ. Гадаадын улсууд чинь манайхан нөгөө хошуу тийшээ нүүж явах үе таарах чинь тэр л тэмээтэй, тэр малаа туусан, нүүдэл хийж яваа тэрний зургийг л их авч их сонирхдог. Тэгээд л тэр л одоо жимс энэ цэцэг ургамал тэрний чинь одоо зургийг нь аваад л нэг их сонирхдог.

Саранцэцэг -

Захчингууд чинь нөгөө морь ачаалж байгаад нүүдэл хийдэг ш дээ. ?

Сэрээтэр -

Аа дээр үед чинь одоо үхрээр их ачиж нүүдэг байсан, одоо сүүлийн үед ч одоо яахав, одоо машинаар голдуу нүүдэг болж. Дээр үед чинь мориор, ганц нэг номхон морь ачна, тэгээд л одоо нэг малаа оторлоод явах юм уу, тийм мориндоо болбол жаал зугаа ор дэвсгэр гал зуухныхаа юм энэ тэр ачаад явна л даа.

Саранцэцэг -

Танай тийшээ чинь тэмээ цөөхөнтэй, тэмээ явдаггүй, уулархаг газар болохоор л морь ачаад байгаа ш дээ, тээ ?

Сэрээтэр -

Тийм.

Саранцэцэг -

Тэр ер нь бол Хөвсгөлийн тэр юугаар, Алтайн тэрүүгээр явж байхад их зөрүүтэй биз?

Сэрээтэр -

Өө хамаагүй зөрөөтэй. Хөвсгөлийн тайгаар тэр ууландаа янгиртай юм, аргалтай юм, буга хандгай ихтэй юм, баавгайтай юм, ан ан л байдгийм байлээ.

Саранцэцэг -

Та одоо ажлын шугамаар гадаадынхныг аваад явж байхад хэдэн сараас хэдэн сар хүртэл явдгийм?

Сэрээтэр -

Өө би чинь нөгөө ангийн ажлаар явж байхдаа 5 сараас 10 сар хүртэл.

Саранцэцэг -

Яг өвөлдөө бол гадаадын жуулчид ирдэг юм уу ?

Сэрээтэр -

Жуулчид ирдэггүй юм. Өвөл чинь нөгөө цас мас их уначихдээр байгаль хатуу хүйтэн, улирал нөхцөл хүйтэн болохдээр чинь анчид нээх ирдэггүй.

Саранцэцэг -

Чоно агнадаг уу?

Сэрээтэр -

Зарим нь ганц нэг агнадаг л юм.

Саранцэцэг -

Манай энэ өөрсний Монголын анчид чинь харин чоно их агнадаг бил үү? Чоно элбэг үү?

Сэрээтэр -

Агнанаа, агнана. Чоно нэг үе дээр элбэг байсан, одоо энэ хөвчийн чоно бол гайгүй цөөрсөн. Чоно гадаад руу гаргаж байх үед чинь үнэтэй худалдаж аваад, чоно чинь нэг үеэ бодвол 300 мянган төгрөг хүрсэн ш дээ. Агнаад, арьстай бүтэн чоныг ингээд өгөхөд чинь өвлийн цагт тэгж авч байсан. Тэгээд амьтан алсаар байгаад, энэ чоно нэг үеэ бодвол овоо цөөрсөн байлээ. Манай нутагт тэр Ховд тэр лүү бол чоно байнөө. Их алагдахгүй, тэр лүү бол амьтны мал руу чоно орж л байх юм, ер нь бол чоно их байна.

Саранцэцэг -

Ер нь танд юу гэж бодогддог вэ, ингээд л өөрийнхөө орны сайхан газруудаар ан хийгээд, ингээд явахад ямар бодол төрдөг вэ?

Сэрээтэр -

Үгүй ээ, одоо яахав дээ, уг нь хүн бүхэн л байгалиа хамгаална гэж яриад байгаа. Тэгэхэд чинь байгалиа хамгаалдаг нь гэдэг зөв зүйтэй л дээ. Манай энд хууль биелэгдэхгүй, бид энчээ алж болохгүй л гэж байна, хөдөө чинь улсууд гөрөөс ч алж л байх юм, алж болохгүй гэсэн тарвагаа ч алж байх юм, хууль биелэгдэхгүй ийм л болчихсон цаг л даа.

Саранцэцэг -

Уул нь болбол гадаадын улсууд ан агнаад, манай татвар төлөөд, тэр төлсөн татвар нь болохоор байгаль хамгаалахад л зарцуулагдах ёстой мөнгө үү?

Сэрээтэр -

Аа тэр ч яахав одоо улсад орж л байгаам. Улс ч яахав, байгаль хамгаалахад мөнгө зарцуулж л байгаам л даа, тэгэхдээр нөхөгдөөд явж л байдаг байх л даа. Зөндөө олон байгаль хамгаалагчид ажиллаж байна, одоо ухаандаа нэг л тусгай газрынх гээд 480 гаруй хүн гээд л сая семинар хийж байх шиг байсан. Тэр наана одоо ой хамгаалагч ч гэсэн бас зөндөө улсууд байна ш дээ. Ам аманд байна, бас цалин авдаг.

Саранцэцэг -

Ой хамгаалагчид нь яадаг юм, морьтой тэгээд л ой модоор явж байдаг юм уу?

Сэрээтэр -

Аа тэр морьтой ч явж байна, алсаас харж ч байна, тэгээд одоо энэ хулгайн мод хийж байгаа улсууд, энэ тэр самар, жимсэнд хамаагүй явж, ан оролдож байгаа улсуудыг л шалгаж байх үүрэгтэй юм билээ.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөдсөн бэ, одоог хүртэл?

Сэрээтэр -

Гэр бүлийн амьдралаа гэдэг чинь янз янз л байна л даа, тэгээд. Гэр бүлийн амьдрал бол хүнийхээ ухамсраас болдгийм. Зарим нь одоо гэр бүлийн хүчирхийлэл энэ тэр гэж яригдаад л байгаам. Тэр одоо яахав дээ, нэг тэнэг толгой нь муутай юм нь архи уучихаад л, гэртээ орж ирээд л агсамнаад л, нөгөө хэдээ зодож байдаг бол хүчирхийлэл болж л байгаам. Тэр айл айлынхаа тэр хүний орчин ямар янзын төлөвшилтэй юу байна, гэр аж ахуй байна, тэрнээс л болж байгаа л даа.

Саранцэцэг -

Төр засгаас гэр бүлийг дэмжсэн ямар бодлого явуулж байсан бэ?

Сэрээтэр -

Ер нь төр засгаас сүүлийн үед энэ саядуухан шиг л одоо гараад 2,3 жил болж байна, хүүхдийн мөнгө олгох, олон хүүхэдтэй эхэд мөнгө өгөх, тэгээд энэ шинэ гэр бүл бологсдийг дэмжиж урамшуулж, мөнгө өгч байгаа энэ тэр энэ бол энэ аятайхан л байна л даа. Энэ олон хүүхэдтэй улсуудад мөнгө өгөөд байгаа энэ тэр нь одоо амьдарч ядаж байгаа улсуудад их л нэмэр болж байна.

Саранцэцэг -

Хүмүүс энэ гэр бүлийг дэмжсэн энэ бодлогыг хэр хүлээж авч байгаа вэ?

Сэрээтэр -

Энэ яахав дээ, жаахан ухамсартай нэг нь гайгүй шиг нэг нь хүүхдийнхээ мөнгийг хүүхдийнхээ нэр дээр дансанд хийгээд, энэ тэр хадгалаад өөрт нь өсгөж өгөх, зарим нь ядуу нэг нь одоо яахав дээ, хүүхэддээ хоол өгөх тийм маягаар зохицуулагдаж байна л даа. Тэгээд энэ улсууд чинь янз янз байдаг болохдээр одоо нөгөө л архи, дарс уудаг тийм ухамсартай улсууд болбол нөгөөдөхний мөнгөөр архи уучихаад л, хэдэн хүүхдээ өлсгөөд л явж байх жишээтэй байна.

Саранцэцэг -

Яг социализмын үед гэр бүл салж, сарних явдлыг бол хатуу ярьдаг байсан биз?

Сэрээтэр -

Хатуу байсан. Одоо болбол ер нь тэгээд л ер нь дурын хувийн суудал болсон юм шив дээ, бараг.

Саранцэцэг -

Аа ер нь бол социализмын үед гадны хүнтэй гэр бүл болно гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрдөг байсан бол уу?

Сэрээтэр -

Аа тэрийг ч зөвшөөрдөггүй байсан байлгүй, ер нь тэгж явсан улсууд бараг байхгүй ш дээ. Одоо нэг сүүлийн нэг хорин хэдэн жил л замбараагүй болж байгаа болохоос биш.

Саранцэцэг -

Монголчууд нас барсан улсуудаа дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөж ирж байна, оршуулга анх ямар байгаад одоо яаж өөрчлөгдөж байна?

Сэрээтэр -

Үгүй ээ одоо энэ чинь анхлан оршуулаад л, ингээд л ажил явдлыг нь гаргаад л, ингээд л яадаг байсан, одоо энэ сүүлийн үед чинь шатаадаг зуух, муух гээд бас ёс журам нь их өөрчлөгдөж байгаа юм шиг байна л даа, зарим нь шатаачихдаг нь амар гээд л, зарим нь оршуулаад л, улсуудынхаа ухамсраас л болж байгаа л даа.

Саранцэцэг -

Ер нь бол дээр үед хөдөөд ил аваачаад тавьдаг байсан гэдэг юм байлээ, та тэр талаар мэдэх үү?

Сэрээтэр -

Мэднээ. Хөдөө ил аваачаад тавьчихдаг байсан, тэр ч зарим нэг улсууд намайг боож хайрцаг авс саванд хийгээд хэрэггүй ээ, ил аваачаад тавьчих гэж хэлээд, нас бардаг улсууд байсан л даа. Тэр бол мэдлэгтэй улсууд. Бусдаар одоо тэр л саванд хийгээд л байгаам. Уг нь болбол зүй ёс нь бол ил тавиад, тэгээд алга болгочихвол байгаль дэлхий ч бузарлагдахгүй, нэгэнт л үхэж байгаа хүн чинь ямар намайг сүүлд нь яачихлаа гэх юм байхгүй ш дээ, харах юм байхгүй. Тийм л юм байгаам л

Саранцэцэг -

Одоо болбол чандарладаг барьдаг гээд л, үгүй болбол булж оршуулдаг тийм өөрчлөлт гарсан ш дээ?

Сэрээтэр -

Тийм, энэ нэгэн бодлын ажлын дараа л юм байгаам. Тэр нэгэнт л үхсэн хүн чинь эргэж босч ирэх юм биш, юм эргэж харах юм алга, намайг аваачаад нүцгэн хаячихав уу, хайрцганд хаячихав уу гэдгээ мэдэхгүйгээс цааш тэр газрын хөрс яаж, ажил болгож, төвөг болгож байсан дорхноо ил аваачаад тавьчихсан байх нь нохой шувуу идээд, агаар салхиндаа замхраад л, тэгээд л тараад алга болдог л ёстой байх л даа.

Саранцэцэг -

Танд одоо энэ талаар ярья даа гэж бодож байсан миний асуугаагүй юм байвал ярихгүй юу?

Сэрээтэр -

Заа даа, бараг алга шив дээ, одоо ингээд нутгийн улсууд хүн чинь ер нь тэгээд хөгширсөн хойноо ах дүү төрөл садан нутаг усаа их санадаг юм байна, тэгээд одоо ингээд ноднин намайг нутагтаа явж байхад, танай аав очоод уулзаад, ингээд бид нар.., намайг тэнд явж байна гэдгийг дуулаад манайхнаар хонож өнжөөд ингээд, ингээд хот орж ирж байгаад нэг хэдүүлээ нэг уулзъя гээд утасны номер өгөөд, ингээд дуудаад, уулзаад ярьж суух нь энэ их сайхан байна. Ингээд насандаа суучихсан бид нар чинь хийгээд байх нэг их ажил алга. Ингээд уулзаад, яриад суугаад, багынхаа явдлыг яриад, ингээд дурсаад суух чинь л одоо их ховор тохиодол юм л даа. Одоо тэгээд үе тэнгийн хөгшчүүл бараг унаад дөхөж байна, нэг тааралдаад байхгүй, ингэж тааралдаж, уулзсаныгаа л аз завшаан гэж үзэж байна ш дээ. Заа баярлалаа.

Саранцэцэг -

Таныг ярилцлага өгсөнд их баярлалаа, танд эрүүл энхийг хүсье.

Сэрээтэр -

За баярлалаа, ажилд чинь амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье.

Саранцэцэг -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.