Sumiya


Basic information
Interviewee ID: 990164
Name: Sumiya
Parent's name: Sharavdorj
Ovog: Gal
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
cultural campaigns
work
childhood
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
repression
belief
cultural campaigns
collectivization
work - labor
children's upbringing
secondary school
privatization
boss - worker relations
industrialization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу, та? Би танд аман түүхийн төслийн талаар өмнө нь танилцуулж байсаан. Тэгэхээр ярилцлагаа эхэлье, та өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй юу, та аль нутгийн хүн бэ, та эцэг эхийнхээ тухай амьдралынхаа тухай ярьж өгнө үү?

Сумьяа -

Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1946 онд Жамьянгийн Шаравдоржийн 2-р охин болон төрсөн. Миний төрсөн газар бол Эрдэнэмандал сумын 2-р багийн нутаг, Улаан эрэг гэдэг газар төрсөн. Би эцэг эхээсээ 6-уулаа, би айлын 2 дахь охин болон төрсөн, аа бага насаа бол эцгийнхээ дэргэд мал маллаж, эгчийнхээ ажилд тусалж ингэж өссөн. Манай аав бол ах дүү 7-уулаа, ээж ах дүү 6-уулаа, ийм улсууд байсан. Би тэгээд бага байхдаа бол ерөөсөө дээрээ ах байхгүй, учраас гэр орондоо бол аавдаа тусалж, эрэгтэй хүүхдийн үүрэгт ажлыг гүйцэтгэж, адуу маландаа явах, унага даагаа сургах, энэ бүх ажлыг бол эцэг эхдээ тусалдаг байсан. Заа, би сургуульд орохдоо бол намайг юугүй, эрэгтэй хүүхэдгүй байсан болохдээр аав ажилд туслуулах, тэр үед чинь бол тийм сургуульд оруулах дур сонирхолтой байгаагүй. Ер нь сургуульд бол завсардуулах, тийм сонирхолтой байдаг байсан. Тэгээд миний эгч Долгорсүрэн надаас 4 эгч, эгчийг сургуульд оруулахгүй гээд, манай Эрдэнэмандал сумын ойролцоо, Хан-Оюут гээд нэг сум байсан, нэг жижиг сум, тэр сум руу манай аавын төрсөн эгчийнх нь нэг охин Их Хурлын гишүүн Дэжид гэж нэг эмэгтэй байсан, тэдний рүү өргүүлж байгаам гээд эгчийг тэднийх рүү явуулчихсан, тэгээд орохыг завсардуулаад, тэгээд эгчээс хойш би гэртээ тэгээд өргүүлснээс эгчийг ирснээс хойш намайг сургуульд оруулах гээд сумаас дуудлага ирсэн. Тэгсэн чинь намайг бага гэртээ хийчихээд .....Манай хүүхэд байхгүй ээ, энэ айл руу явчихсан, Оюут руу явчихсан байгаа алга, тэгээд би бага гэртээ суучихсан нөгөө, тэр дуудлага ирээд байж байгаа нь манайхны хамаатны хүргэн болох хүн, ааваас ер нь манай нутгийнхан их айна, Уваа гэж нэрлэдэг, тэгээд ер нь аав жаахан айлгамтгай, тэгээд барагтай тэр сум нэгдлийнхэн цөмөөрөө таньдаг болохдээр, барагтай аавд юм хэлэхгүй. Тэгээд би бага гэртээ тотгоор нь хараад ...Шаарий ахаа, Шаарий ахаа, би энд байж байна гэж дуудаж байсан. Тэгэхээр зэрэг Шаарий ах ааваас айгаад, дуулаагүй царайлаад яваад өгч байгаам. Тэгээд хойтон жил нь болохдээр би тэр үед чинь бас хувьдаа манай аавынх чинь мал малны захтай, их олон биш, нэг 100-аад хоньтой, 20,30 үхэртэй, хэдэн цөөхөн тэмээтэй, адуу бас нэг азарга адуутай, нэг 20, 30 юм байсан байгаам, тэгээд би нөгөө морь унаанд сайтай, хойтон жил нь болохдээр намайг сургуулиас гаргах гээд тэр Хан-Оюут сум руу дүүгийнх рүүгээ явуулж байгаам. 9 сарын 1-ний өглөө, тэгээд намайг 9 сарын 1-ний өглөө 1-рт намайг сургуулиас гаргах, 2-рт, нэг морь тооллогноос гаргах, 9 сарын 1-нд чинь мал тоолдог байсан ш дээ, дээр үед. Тэгээд тооллогоноос гаргах зорилготой намайг морь унуулаад, тэр Жөөжөө Амбаагийнх руу явуулж байгаам, Равдан гэж байсан бид нар Амбаа гэдэг юм, Амбаагийнх руу явууллаа. Би чинь моринд сайн болохдээр мориныхоо хурдаар давхиад л, өглөө тэднийд очсон чинь тэр Жөөжөө их хурлын гишүүн гээд байсан, байгаа байсан тэр Дэжид гэдэг авгай, манай нэг ахын хүүхэд Төмөрбаатар гээд, бас нэг ахын хүүхэд Долгорсүрэн гээд тэр 2-той явах гэж байна. ....Хаачих гэж байгаа юм, Жөөжөө, гээд л ах дүү 2-г сургуульд хүргэж өгье гэж байна, тэгэхээр нь ..Аав намайг сургуульд ор гэж явуулж байгаа юм Жөөжөө, гээд тэгсэн. ...Өө тиймүү гээд л тэгж байна, Жөөжөө. Тэгэхлээр нь би их л хувцас мувцас тааруутай явсан шиг байгаам, тэгсэн чинь Жөөжөө ...Аа тийм үү, за чи тэгвэл манайд ороод гоё хувцас өмс гээд тэгнэ, тэгээд таарах хувцас байхгүй, тэдний хүү Чүлтэмээ гээд ах байсан юм, тэрний нэг хар торгон дээлийг надад өмсүүлээд, нөгөөдхийгөө ингээд шуугаад, шар дурдан бүсээр ороож бүслүүлээд, тэгээд намайг 3-ууланг нь сургуульд аваад очиж байгаам. Тэгээд маргааш нь би нөгөө унаж ирсэн морио эмээлийг нь авч гүйлгэж явуулчихаад, сургуульд орчихсон. Тэгсэн чинь арай нэг жил завсардчихсан ш дээ, ноднин, тэгээд 9 настай орж байгаам. Ангийнхан дотроо арай томдуу, тэгээд 1-р ангидаа “Хар дээлт” нэртэй, торгон дэлтэй, шар дурдан бүстэй /инээв/ тэгээд сургуульд орчихоод, 7 хонож байтал аав ирж байгаам, ...Яав, авах гэж л ирж байгаа юм л даа, ...Би сургуульд орчихсоон, гэсэн. ...Өө тийм үү, за одоо яая гэхэв дээ, тэгээд сургуульд ингээд яахаас гээд, гээд л буцсан. Тэгээд намар нь манай тэр аавын ах Аюурзана гэж лам байж байгаад тэгээд баригдаад, 10 жил шоронд яваад, тэгээд буцаж ирчихээд, манай гадаа жижиг гэртэй байдаг байсан. Тэгээд би тэр Жаалаадаа туслаад цай ундыг нь хийж өгдөг, манайд цайг нь хийчихээд, би зөөж өгнө, хоол моолыг нь хийлгэж өгнө, тэрэндээ тусалдаг, тэгээд үндсэндээ бол Жаалаагийн хүүхэд болчихсон Жаалаагийн нэр дээр, Аюурзанийн Сумьяа болчихсон л байсан. Тэгээд сургуульд орохдоо Аюурзанийн Сумьяа гээд, багт ирээд хөрөнгө багатай учраас намайг дотуур байранд өгч байгаам, тэгээд дотуур байранд байхад чинь яахав, хоол ундыг нь идээд л яасан чинь, дотуур байранд хэцүү санагдаад л, гэрээсээ холдож үзээгүй юм чинь, тэгээд тэр ах дүүгийнхээ тэр сургуульд ирдэг ахынхаа Балжаа гэж айл байсан, тэднийд тэр Төмөрбаатар сургуульд, тэр ахын хүүхэд Долгорсүрэн гэж тэр сургуульд орж байгаам. Би Доржоо ахындаа орох гэж бодоод л, би байрнаас гармаар байна, тэгсэн чинь ..Тэг, тэг өөрөө л мэд гээд аавыг ирэхлээр нэг хэлсэн тэгсэн. Тэгэхлээр нь тэднийд орлоо. Тэр нөгөө байрнаас гарахлээр чинь нөгөө албан ёсоор ядуу айлын хүүхэд тэгээд байранд хоол ундных нь норм мах шөл, будаа, гурилыг нь өгдөг байлаа, тэр айл нь. Тэгээд нөгөө сүүлд нь 2,3 сар болсны дараа нөгөө ахтайгаа таардаггүй ээ, нөгөө ах чинь айлын ганц банди болохдээрээ дураараа, би бас жаахан дураараа тэгээд таарахгүй, тэгээд тэдний хашаанд нэг өвөрмонгол айл газар заагдаад ирчихсэн байсан юм. Тэгээд тэдний тэр хүүхэн мүүхэн нь багш байж байгаад, тэгээд хагас хүүхэд нь Өвөрмонголдоо үлдээд, хагас нь хөөгдөөд энд ирчихсэн, аягүй гоё моё юм нэхнэ, тэдний рүү байс гээд л ороод суучихна би, тэр авсан ээж маань гэж нэг эмээ байсан юм, тэднийд. ...Миний хүү хүн муу хэлнэ шүү, тэр танихгүй айлд суугаад миний хүү юухэв, ахтайгаа битгий тэгж муудалц, тэгээд л би боддог ....Яанаа, Төмөрбаатар ахтай таардаггүй, нөгөө махаа будаагаа дуусахаас өмнө гарах юмсан /инээв/ их муу санаатай, гарах юмсан гээд л боддог байсан. Тэгээд л сүүлдээ ч яахав дээ, дасаад л нөгөөдүүл чинь тэр болгон нэг их хамт байж байгаагүйн болохдээр, нэг хэсэгтээ тэгж байгаад, сүүлдээ дасчихаж байгаа юм чинь. Тэгээд 1-р ангидаа тэднийд суугаад, тэгээд хагас улирал болгоноор харинаа, тэгээд мориор юм уу, тэмээгээр давхиад харьчихна.

Саранцэцэг -

Сургуулиас хөдөө гэр лүү хэдэн км үү?

Сумьяа -

Аа нэг 40-өөд км газар байгаа. Аа тэгэхдээ бол 2-р ангид орсноосоо хойш бол 10 сар хүртэл гэрээсээ мориор явна. Өглөө яагаа ч үгүй гараад л, тэгээд л морины хурдаар тэр Баянсаамаа гэж айл байдаг байсан, зөндөө малтай, тэдний хойгуур мориороо гарна, нохой нь хөөнө, нохойд хөөгдөхгүй гээд морио гуядаад л хурдаар нь давхиад л, тэгээд л хичээл орохоосоо өмнө сумын төв ирж хичээлдээ орчихоод л, орой нь хичээлээ тараад л харьчихдаг. Тэгээд 10 сар хүртэл л мориор ирж очдог, тэгээд хүйтрэхээр л ахындаа суучихдаг, тэгээд 4-р анги төгсөөд, Эрдэнэмандал сумынхаа 7 жилд очиж байгаам, 7 жилийн сургуультай.

Саранцэцэг -

4-р ангийн юу чинь болохоор Хан-оюут дээр үү?

Сумьяа -

Тэгээд Хан-Оюут дээр төгсч байгаам. Тэгээд Хан–Оюут дээр төгсөөд, тэгэхэд чинь байранд яахав дээ, яагаад тэгээд нэг 4-р анги төгсөөд, одоогоор бол нийллэг л хийж байгаа юм байна л даа. Тэгээд л бид нар чинь янз бүрийн, пүнтүүз мүнтүүзээр хоол моол хийгээд л тэгсэн, хөдөөний хүүхэд болохоороо нээх онц мэдэхгүй пүнтүүз энэ тэрийг чинь, хоол моолны ногоо могоо, ойр зуурын мах энэ тэртэй, тэээд л. Загасан нүд шиг л гүйлгэнээд, нөгөөдхөөсөө айгаад, хоолоо идэж чадахгүй, тэгж л хөглөж байсийм /инээв/. Тэгээд Эрдэнэмандал суманд намар нь онц төгсөөд, тэгэхэд чинь би 1–р ангийн “Хар дээлт” гээд онц сураад, нэлээн тэр сургуульдаа гайгүй нэртэй, тэгээд Эрдэнэмандал суманд очоод 5–р ангидаа байранд, тэгээд ер нь 7-р анги төгстлөө байранд суралцсан даа. Ер нь бол сурлагаараа гайгүй, тэгээд 7,6-р ангидаа Эвлэлийн Үүрийн дарга, аймаг руу явж семинар меминарт сууна, аа нөгөө юуны пионерийн удирдагч, удирдах ажил хийж байгаад, тэгээд 7-р ангиа онц төгсөөд, УБ хотын..., Архангайн Багшийн сургуульд хуваарилагдаад ирсэн, тэгээд Архангайн Багшийн сургуульд хуваарилаад байж байсан чинь тэндээ орж чадаагүй, манай нэг ах эгч 2, танихгүй л дээ, аавын л дүүгийн хүүхдүүд Улаанбаатарт байсан, авах гээд хүрээд ирж. Яах уу, чи явах уу, яах уу гээд. Өөрөө л мэд гээд. Явъя, хот үзье явъя. Тэгээд нөгөө Багшийнхаа сургуулийг хаяад, Улаанбаатарт хүрээд ирсэн, хичээл эхэлчихсэн, сургуульд орж чаддаггүй ээ. Тэгээд л энэ Гандангийн дэнж дээр байсан, энэ Гандангийн дэнж дээр өглөө босоод л нөгөө хураалгаастай модон дээр нь гараад л, ийш тийшээ хараад л гиюүрээд л, ...Хэрэггүй л ирж дээ, Архангайдаа сургуульдаа л суудаг байж, гэж бодогдоод л, тэгээд тэд нар ч яахав дээ, гадуур сургууль хөөцөлдөөд л, 10 жилд орох юм уу, 8-р ангид орох юм уу, тэр хол газраас эжий ааваасаа хоол зөөлгөлтэй биш, хүний хоол зүгээр идэлтэй биш, их муу санаатай байсан байгаамаа, тэгээд л бас 10 жилд орохгүй ээ, орохгүй ээ, гээд. Тэгж байтал Сайд нарын эмнэлэгт сувилагчийн курс нээгдлээ гэдэг юм байнаа, тэгээд Сайд нарын эмнэлэгт сувилагчийн курст суугаад, тэгэхэд чинь жил л суусан юм байнаа, тэгээд тэр Сайд нарын одооны энэ эмнэлэг чинь байгаагүй, наана тэр Элчингийн байранд амбулатори нь, цаана цэргийн госпиталь дээр хэвтдэг улсууд нь хэвтдэг байсан. Тэгээд бид нарын сувилагчийн курс төгссөний дараа тэр одооны чинь энэ Сайд нарын эмнэлгийн суурь тавигдаад, тэгээд бид нар чинь Толгойтоос энэ туйпуу муйпуу зөөгөөд, хужаа нартай нийлээд, бараг л энэ байшингий чинь барилцлаа. Тэгээд энэдээ энэ Сайд нарын эмнэлэгт сувилагч болоод, энд эмнэлэгт 5,6 жил болсон, тэгээд тэндээ дээр Цэдэнбал дарга аварит ороход чинь бид нар чинь тэнд ажиллаж л байсан, тийм. Тэгээд тэндээсээ яаж байгаад энэ Багшийн сургуульд ормоор санагдаад, багш болмоор санагдаад, тэгээд Багшийн сургуульд ороод, оройгоор 10 төгссөн. Тэгэхэд чинь бас оройгоор 10 төгсч тийм.., сувилагчаар ажиллаж байгаа хугацаандаа оройгоор 10-р анги төгсөөд, тэгээд 10 төгссөн хүүхэд чинь Багшийн сургуулийг 1 жилээр төгсдөг байсан, 1 жилээр Багшийн сургууль төгсчихөөд л, тэгээд л Архангай аймаг руу томилолтоор явсан. Тэр жил шүлхийн жил байсан, шүлхий гарчихсан, Архангай энэ тэр чинь карантин гарчихсан. Тэгээд Өгий нуур дээр эндээс машинаар баахан оюутнууд машинаар очиж, Өгий дээр 3 хоноод, тэгээд наадмын дараа цаанаас нь машин ирж бид нарыг авч, тэгээд Архангайн Цахир сумианд багшаар очиж байсан. Тэр хооронд биеийн тамирын сургууль.., биеийн тамирын багшаар төгссөн Хорлоо гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэгээд 2-уулаа Архангайн Цахир суманд манай нөхөр хичээлийн эрхлэгчээр би багшаар ажиллаж, Цахир суманд 2 жил болоод, тэгээд наашаагаа сумандаа суух санаатай, тэгээд наашаагаа дөхөж яваад Түвшрүүлэх суманд, Түвшрүүлэхийн сангийн аж ахуй гэж байсан, тэр сангийн аж ахуйд өвөлжөөд, тэнд ирснийхээ хойно томынхоо удаахийг гаргачихаад, томынхоо удаахийг гаргаад, тэгээд тэнд 2 жил болчихоод, дараад нь Хайрхан суманд сум руугаа л очих гээд дөхөөд яваад юм ш дээ, Хайрхан сум руу очоод, Хайрхан суманд очсон хойноо бас нэг охин гараад, тэгээд Эрдэнэмандал суманд 2, 3 жил болоод том хүү маань бие нь өвдөөд, тэнд өөд болоод, тэгээд Улаанбаатар хот руу 89 онд орж ирсэн дээ. Тэгээд 89 онд орж ирээд, өнөө яармагийн Хануул дүүргийн яармагийн тусгай сургуульд ажиллаж эхэлсэн. Тэгээд тусгай сургуульд ирсэн энэ хугацаандаа “Багшийн алдар”, “Тэргүүний багш”, жуух бичиг гэх зэргийн шагналуудаар шагнагдсан. Тэгээд тэр 63-р сургуулиасаа тэтгэвэрт суусан. Тэтгэвэрт суугаад одоо арван хэдэн жил болж байна, тэтгэвэрт сууснаас хойш бас нэг 4, 5 жил ажилласан. Тэгээд одоо Хануул дүүргийн 4-р хорооны Арцатын 16-571 тоотод бага хүүгийнхээ хамт амьдран сууж байна даа. Тэгээд том хүү маань юуны Новосибирскт геодезийн мэргэжлээр төгссөн, одоо 4-р хороололд орон сууцанд амьдардаг. Замын ажлаар Булган аймагт хяналтын инженерээр ажилладаг юмаа. Аа бусад хүүхдүүд маань Хан-уул дүүрэгт дор бүрнээ л дунд түвшний амьдралаар амьдарцгааж байна даа.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Сумьяа -

Өө, нээх гүнээр нөлөөлсөн үйл явдал байхгүй ээ.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл байдаг уу?

Сумьяа -

Өө, онцгойлоод байх тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Таны гэр бүл хамаатан саднаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Сумьяа -

Аавын төрсөн ах Аюурзана гэж хүн байсан. Лам байсан. Тэр баривчлагдаад, 10 жилийн ял эдэлсэн. Тэгээд 10 жилийн ял эдэлж байхдаа ирсэн хойноо ярьж байсан, бид нарт. Өчнөөн төчнөөн улс нэг дор байсан, орой болгон л 10, 20 хүн нэр дуудаад л, тэгээд тэд нарыг устгадаг байсан. Тэгж дуудсаар байгаад ер нь 200, 300-аад хүн байсан байх, хамгийн сүүлд нь арван хэдэн хүн үлдсэн, тэр дотор нь би байсан. Нэг орой дуудсан, за одоо бид нарыг бас л аваачиж устгах юм байх гэж бодоод байсан, тэгсэн хуваагаад газар газар ажиллуулсан, би тэгээд малгай хийдэг, тоорцгон малгай хийдэг эсгий гутал хийдэг, эсгий малгай хийдэг гараар хийдэг газар очиж тэндээ ажилласан. Тэнд ажиллах хугацаандаа ажиллаж байх хугацаанд нь манай аав эргэж ирээд, бид нарт хүн болгоны тоогоор одоогоор бол энэ казакын тоорцгон малгай шиг малгай өгүүлсэн байсан. Тэгээд удаа ч үгүй Жаалаа суллагдаад, аав тэр ахтайгаа Жаалааг авсан. Тэгээд манайхны гадаа тэр эгч охин дүү, тэр аавын ах Даваа эд нар цөмөөрөө Жаалаад элбэж жижиг гэр барьж өгөөд, тэгээд манайх энэ тэр цай ундыг нь зөөдөг, би Жаалаадаа тусалдаг, ах дүү нь идээнээсээ оруулж өдөр болгон идэж уух юм өгдөг, оройд нь хоолыг нь гэрт нь хийдэг, ингэж амьдарч байсан. Тэгээд сүүлийн үед яахав, Жаалаа ном ихтэй болохдээр тэр хүрээд ирсэн тэр нутгийнханд бол өглөө орой ирж уулзана, шөнө орой ирж ном ихтэй тэр, тийм гавж маарамба цолтой байсан гэнэлээ. Тэгээд л бие муутай улсуудад эм өгдөг, эм залдаг, засал хийдэг, тийм л хүн байсан. Үнэхээр нутагтаа бол нэртэй хүнийх нь л нэг байсан. Жаалаа маань бас хэл аманд орчихно, амьтан хүн их ирж байна гээд тэр юунд.., машинт станц гэж байсан, тэнд манаачаар хүртэл нэг хэсэг ажиллаж байсан. Тэгээд Жаалаад аав ах дүү нь л тэр хоол хүнс бүх юмыг нь бэлдэж өгдөг, тэгээд дүү нь амралтаараа тэгээд л ах дүүгийн хүүхэд хардаг, ерөөсөө авгай аваагүй, тийм хүн байж байгаад бие нь өвдөж бариад, нас барсан даа.

Саранцэцэг -

Яг тэр шоронгоос гарч ирэхдээ бие нь их муу ирсэн үү?

Сумьяа -

Гайгүй ээ, тийм. Ажил хийж байсан болоод тэр юм уу, би хүүхэд байсан болоод, тэр нарийн юм мэддэггүй байсан юм уу, гайгүй л ер нь байсан.

Саранцэцэг -

Таныг хүүхэд байхад энэ Аюурзана гэдэг ах чинь танайд ном уншиж өгдөг, засал хийж өгдөг энэ тэр байсан уу?

Сумьяа -

Өө Жаалаа бол ах дүүдээ засал хийдэг, ном уншиж өгдөг, эм өгдөг, тэгээд ер нь л гаднаас улсууд ирээд, шөнө орой Жаалааг авдаг дандаа тийм эм залдаг, засал хийлгэдэг хүүхэд мүүхэд тэр улсуудаа үзүүлж харуулдаг, тийм байсан. Нутгийнх нь улсууд ч байна, өөр тэр Цэцэрлэг, Хайрхан, тэр сумуудаас ч гэсэн улсууд ирж Жаалаагаас эм залж, үзүүлж харуулдаг байсан.

Саранцэцэг -

Жаалаа тэгээд энийгээ их л нууцаар хийнэ үү болохоос биш, амьтны хэл ярианд орчих вий гэж их л эмээдэг байсан байх даа?

Сумьяа -

Тийм, эмээдэг. Дан нууцаар хийнэ, шөнө орой үдэш, тэгээд л амьтан хүн энд тэндээс морьтой хартай хүн ирвэл больчих жишээтэй, тэгээд тэрнийгээ нуухын тулд л тэр станцад ажил хийж байгаа дүр үзүүлж байсан байх.

Саранцэцэг -

Төр тухайн үедээ хэлмэгдүүлэлтийн талаар ер нь тайлбар эд нар хийдэг байсиймуу?

Сумьяа -

Ер нь тайлбар хийдэггүй байсан байхаа, би мэддэгггүй байсан. Тэгээд тэглээ, ингэлээ гэж юм мэдэгддэггүй л байсан.

Саранцэцэг -

Яг хүмсүүдийг бариад авч явахдаа юу гэж хэлж барьж авч явдаг байсан болоо? Ямар шалтгаан хэлж барьж авч явдаг байсан бол?

Сумьяа -

Өө ер нь шар, хар феодалууд гээд тэр сумынх нь улсуудаар л бариулчихдаг байсан гэнэлээ. Бадарч гээд нэг цоохор өвгөн байсан. Тэр бас нэг хүнтэй ирээд, Жаалааг барьж авч явсан гэсэн. Тэгээд тэр нөгөө сүүлд хэлмэгдээд гарч ирээд, сумын төвд Жаалаа чинь нөгөө станцаасаа ажлаасаа гарчихаад, сумын төвд дүү нарынхаа хүүхдийг сургуульд өгч, тэгээд хүүхдүүдтэй суудаг байсан. Тэгэхэд барьж явсан хүн нь ойрхон, тэгээд тэднийх авчирч ном зом уншуулдаг, ...Ээ Бадарч бас жаахан хүн муутай хүн шүү, хүний мөс муутай хүн шүү гэж тэгж байсан, тэгээд л ярьж байсан гээд л ярьдаг байсан Жаалаа. Тэгээд л тэрнийг л ямар Бадарч гуай барья гэж л барихав дээ, цаанаас тэр сумын захиргаа, тэр юуны албаар л очиж барьж байсан байх.

Саранцэцэг -

Та ер нь хүмсүүдийн ярианаас сонсож байв уу, энэ баригдсан хүмсүүдийг шүүх хуралдаан болж байсан энэ тэр гэж тийм яриа сонссон уу?

Сумьяа -

Ерөөсөө сонсож байгаагүй. Тэр бариад л явснаас биш тэр хотод л тэр шүүх хурал, янз бүрийн юм нь болсон байх. Дуулдсан л байх л даа, тэр 10 жилийн ял авсан амьд байгаа гэдэг нь. Мэддэг л байсан байналээ.

Саранцэцэг -

Сүүлд энэ Аюурзана ахын чинь хэрэг цагаадсан уу?

Сумьяа -

Цагаадсан. Цагаадаад тэгээд өнөө хэлмэгдүүлсэн улсууд амьд гараад тэгээд нас барсан улсууд нь 500.000 төгрөг, хэлмэгдээд алуулсан улсууд нь 1000.000 төгрөг, өгч байлаа ш дээ. Тэгээд би Жаалаагийн нөгөө хүүхэд нь нэртэй явж байсан болохдээр тэр хэлмэгдлийнх нь 500 төгрөгийг авч хүртэж л байсан, ах дүүтэйгээ хуваагаад.

Саранцэцэг -

Одоо энэ Аюурзана гэдэг хүн чинь бурхан тахил юмтай байсан уу?

Сумьяа -

Бурхан тахилтай байсан гэсэн, тэгээд тэр үед байсан бүх эд хөрөнгө мал тэр Жаалаагийн нэр дээр байсан бүх юмыг нь хураачихсан гэсэн. Гарч ирсэн хойноо бол бас нэг жижиг бурхан мурхан, тэр бурхны ном зом, тэр нуусан Даваа гээд том ах нь тэднийх нуусан барьсан судар байсныгаа сүүлд гаргаж ирж хэрэглэж байсан.

Саранцэцэг -

Ер нь тэгээд айлууд бурхан тахил, судар номоо ил тавьчихдаг тийм юм байсан уу?

Сумьяа -

Бүүр багадуу байхад байсан. Сүүлрүүгээ бол байхгүй байсан. Тэгээд тэр Ханоюут сумын Алаг уул гээд томоо уул байдаг, намайг сургуульд байхад, тэгээд бид нар чинь нөгөө уул муул өөд авирахад чинь ерөөсөө бурхан мурхан, цөгц, тийм юм аваачаад залчихсан байдаг байсан. Тэр үед бурхан шүтүүлэхгүй, бурхан байлгахгүй гэсэн учраас л улсууд тэгж бурхан тахилаа уул хаданд аваачиж тавьж байсан юм шиг байгаам. Тэгээд л нэлээн том болсон хойно 4-р ангид орсноосоо хойш үзэхэд ерөөсөө байхгүй болсон, улсууд хэрэглэдэг байсан уу, нууж тавьсан байснаа авсан байсан юм уу тэгээд л алга болчихсон л байсан.

Саранцэцэг -

Та ер нь соёлын довтолгооны талаар сонсож байсан уу?

Сумьяа -

Өө соёлын довтолгооны үед чинь хөдөөнийхөн чинь их бүдүүлэг, ер нь хөнжил мөнжил тэр орны даавуу, энээ тэрээ юм байхгүй, дээлээ нөмрөөд л унтаад өгдөг, тийм л улсууд байсан санаж байгаам. Бид нар бол болохлээр ерөөсөө тэгээд л газар, үхрийнхээ арьс.., алж идсэн үхрийнхээ арьсыг жаахан элдээд л ширэн дээр гудас хаяад л, газар дээлээ нөмрөөд л унтаад өгдөг, тиймэрхүү л амьдралтай байсан. Тэр үед чинь соёлын довтолгоон айл болгоныг хөнжилтэй болгоно, айл болгоныг орны даавуутай болгоно, аяганы алчууртай болгоно, тогооны тусад нь алчууртай болгоно гэсэн ийм шаардлага одоо тавиад л, тэгээд л тэр шаардлагын дагуу айл болгон юмаа бэлддэг, тэгээд тэрнийгээ зарим үедээ хэрэглэдэг, тэгээд шалгалт ирэхлээр бушуухан юмнуудаа гаргадаг, тийм л болсон. Тэгээд л сүүлд нь сайжирсаар, сайжирсаар тэгээд одоо хөдөөнийхний амьдрал хотынхноос дутахгүй ш дээ. Юм болгонтой л болчихсон.

Саранцэцэг -

Ер нь энэ соёлын довтолгоон яваад хүмсүүдийн амьдралд нөлөөлсөн үү?

Сумьяа -

Өө их нөлөөлсөн. Юм юмаараа л нөлөөлсөн. Соёлтой болгосон, цэвэрч болгосон, гэр орны тохижилтонд нөлөөлсөн. Юм юманд л соёлын довтолгоо их нөлөөлсөн. Тэр үедээ эрүүл ахуйд ч гэсэн, тогоо могоо хүртэл нэрүүлдэггүй /архи гэрийн аргаар нэрж гаргах/ байсан ш дээ, соёлын довтолгооны чинь үед. Тэр тогоо нэрж байгаа улсуудын чинь жалавч малавчийг устгаад, бүрхээрийг нь эвдээд л, хэрвээзаяа тогоо нэрсэн байвал архи мархи хураачихсан архи байна уу, асгаж цутгаад л, тэгээд л тийм юм шалгаж явна гэвэл, тэрэг мэргэн доогуур, газар мазар ухаж ухсан нүхэндээ савтай архиа, бүрхээр мүрхээрээ хүртэл нуудаг байлаа ш дээ. Тийм лут байсан, тэгээд сүүлдээ тэр бүгд нь яагаад одоо нэг чөлөөтэй болж.

Саранцэцэг -

Шалгалтын комиссын улсууд гээд явдаг байсан гэж байгаам, тэр улсууд одоо шаардлага тавиад, шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг байсан бэ?

Сумьяа -

Ерөөсөө цөмөөрөө тэр сумын төвөөс л ирсэн улсууд байдаг байлаа, одоо архи тогоо нэрчихсэн л байх юм бол асуух юм байхгүй, шууд нөгөөхийг нь асгаад, нөгөө бүрхээр байх юм бол нөгөөхийг нь хэмхэлж хаяад, тийм л ерөөсөө цаанаасаа тийм л байдаг байсан байлгүй дээ. Тэгээд нөгөө аймаг сумын шаардлага хангаагүй улсууд чинь нөгөөд “Тоншуул” моншуул, янз бүрийн сонин дээрээ ханынхаа сонин монин дээр гаргаад л, тэр багийн сумын тэр байна, тэгж байна ингэж байна гээд л юм гаргадаг, тэгээд мэлхийн дээр суулгах, гахайн дээр суулгах, гэхмэтчлэнгийн сонин, сэтгүүл сонин хэвлэлүүдээр тийм юм их явагддаг, тэгэхээсээ бас их ичиж зовдог, хүүхдүүдээ үзчихнэ, харчихна гээд бас их нуудаг, тэгээд л бас нэлээн л бэлдэж, нэлээн л их юм хийдэг байсан даа, тэр үед чинь.

Саранцэцэг -

Өөр одоо ямар салбарт өөрчлөлт гарсан бэ? Тэр соёлын довтолгооны үеэр бичиг үсэг хоцорсон улсуудаа сургадаг байсиймуу?

Сумьяа -

Өө тийм, соёлын довтолгооны үед чинь бичиг үсэг ямар сайндаа тэр хүүхдүүдээ сургуульд сургахгүй ийш тийш нь явуулдаг, бичиг үсэгтэй улс бол бас бичиг үсэггүй улс бол бичиг үсэгтэйгээсээ олон байсан юм чинь. Тэгээд тэр чинь багаар нь бичиг үсэг мэддэг улсуудаар бичиг үсэг заалгах, орой нь цуглуулаад, сайхан үлгэр тууж ярьж өгөх, ном зом уншиж өгөх тийм юмнууд зөндөө л явагддаг байсан. Энд ирсэн хойноо чиг л энэ Улаанбаатар хотод 2-р эмнэлэгт сувилагч хийгээд байж байхдаа бичиг үсэг мэдэхгүй улсад чинь асрагч нарт чинь намайг багш болгоод, бичиг үсэг заалгаад, цагийн мөнгө энэ тэр төлүүлдэг байсан ш дээ. Багш болоогүй мөртлөө. Тэгэхэд чинь бас л соёлын довтолгооны бас л нэгэн хэсэг нь л явж байсан юм шиг байгаам, тийм.

Саранцэцэг -

Аа тэр соёлын арга хэмжээн дотор үзвэр юм, кино жүжиг урлагийн тоглолт моглолт уран сайханчид тийм юмнууд бүр их болсон уу?

Сумьяа -

Өө ирнэ, ирнэ тэр чинь. Сумын төвөөс чиг л ирнэ. Хотоос чиг л хаа нэг ирнэ, тэднүүс. Сүүдэр ший гэж нэрлэдэг байлаа ш дээ, тэрнийг чинь. Концерт монцерт тоглоно, тийм юм зөндөө явагддаг байсан.

Саранцэцэг -

Хүмсүүдэд улаан тариа гэж хийж байсан гэж ярьдаг юм байналээ, тэр улаан тариа чинь урьдчилан сэргийлэх үзлэг явуулаад, өвчтэй гарсан улсуудад хийдэг байсан юм уу? Ямар учиртай юм?

Сумьяа -

Өө тийм, тэр чинь тэр одоо бодоход л нэг орос эмч хамт явж байсиймаа, тэгээд л арьс өнгөний өвчинг л голдуу үзэж байсан юм шиг байгаам. Ямар сайндаа, “ангай, тонгой” гэж байна гээд нэг хэсэг ярьж байсан. Тэгээд арьс өнгөний өвчтэй гарсан улсуудыг бишгүй л гарч байсан, тэгээд залуу хүүхнүүд чиг л мориор ирээд тэр улаан тариа тариулаад, тэгээд эдгэрдэг. Тэдний хүүхэн тийм өвчтэй арьсны өвчтэй, тэдний тэр хархүү тийм арьсны өвчтэй, гээд л бага байхад зөндөө дуулдаад л, тийм юунууд явагдаж байсан. Арьс өнгөний үзлэг бол соёлын довтолгооноос хойш бол их явдаг болсон ш дээ. Бараг л 1 жил шахуу л явуулдаг байсан, ихэнхдээ тэр арьс өнгө талдаа л голлож байсан.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооноор айл өрх, албан байгууллага эд нарыг урамшуулдаг байсан уу?

Сумьяа -

Өө урамшуулна. Тэр чинь соёлжилттой айлд урамшууллын шагнал өгөх, туг дарцаг босгох, аа тэр сумынхаа төвийн сонин дээр онгоцон дээр суулгах, зураг зурах, нэр усыг нь цөмийг нь бичиж өрх өрхөөр нь гаргах, тийм ажлууд бол явагддагийм.

Саранцэцэг -

Та ер нь нэгдэлжих хөдөлгөөний талаар мэдэж байгаа юм байвал ярьж өгөхгүй юу?

Сумьяа -

1957 онд нэгдэлжих хөдөлгөөн явагдаж байсийм. Тэгээд би нэг сургуульд орж ирээд 11,12 настай байсан юм уу даа, тэр үед албан ёсоор нэгдэлд оръё гэсэн хүсэл сонирхол байхгүй байсан байх. Тэгэхэд албан хүчээр нэгдэлд элсүүлж байсан. Элсүүлж байхдаан болбол айл өрх болгонд л малын тоо тогтоогоод өгчихсөн, жишээ нь нэг 5 үнээ, тэдэн адуу, тэдэн үхэр гээд тэгээд ингээд, тэгээд манайх гэхээд л аав тэгж байсан, адуунуудаа бүгдийг нь бариад нэг 5 морь бариад хашаандаа уячихсан, үхрүүдээсээ нэг саалийн 5 үнээ аваад л үлдсэн, хонь бол бас нэг цөөхөн хонь авч үлдээд л, тэгээд л бусдыг нь өгсөн. Нэг тэмээтэй байсан, нэг бухтай байсан, тэр хоёрынхоо аль нэгийг авч үлд, нэгийг нь өг гэж шаардаад, тэгэхлээр зэрэг нөгөө аав чинь уурлаад л ....Заа бүгдийг нь аваад яв, авгай хүүхдийг минь хүртэл авбал аваад яв, гээд уурлаад загнаж байсийм. Тэгж уурлаж байгаад, нэг тэмээ бух хоёроо авч үлдээд, тэгээд 5 морьтой хэдэн үнээтэй, нэг 4,5-хан л үнээ үлдэж байсан юм шиг байгаам. Дандаа багчуудыг нь өгчихөөд, нэг 20-иод хоньтой л үлдэж байсан. Тэгээд л нөгөө адуугаа дандаа морь голдуу юм аваад үлдчихсэн чинь ямар юмаа өсөхөв, тэгээд сүүлрүүгээ үгүй ээ мөн гүүнээсээ авч үлдэхгүй яагаад хайртай гээд мориноосоо аваад үлдчихсэн буруудлаа гээд, ойр хавийнхаа нэг айлаас ганц гүү авч, адуунд нь тавьж байж тэгээд ахиж малжиж байсан байх. Тэгээд тэр ахын аав Даваа гэдэг тэгж байсан юм....Өө яахав, хүү минь, яахав. Нэгдэл гэдэг чинь тэдийг нь авъя, тэдийг нь өгье гэж байна, коммун гэж нэг айхтар юм байсан ш дээ. Тэр чинь бол ерөөсөө хүнээс юуг нь авах уу, яах уу гэхгүй, авдар саван дахь юмыг нь хүртэл хамаад, аваад явчихдаг байсан гэж ярьдаг байсан. Тэр нь чухам ямаршуу юм байсан юм, тэгээд тэр лам мам ах дүүтэй байсан болохдээр нь бүх юмыг нь хамчихдаг байсан юм уу, тусгай бас коммун гээд нэгдлээс өмнө бас юм хумыг нь хамдаг юм байсан юм уу, ахай л тэгж байсан. Манай аавын тэр ах ная нэлээн гарч байж өнгөрсөн. Нээх сайхан яриатай, энд тэндэх ах дүүгийнхээ төрсөн удам судрыг нь тэр хавийн улсын тэдний хүүхэд тэдийд төрсөн, тэдний хүүхэд эдийд төрсөн, тэр тэрэнтэй явсан, энэ энэнтэй ч явсан, Жаалаагийн дараа тэр ахайн ухаан илүү байсан санагддаг юм, жаахан байхад л.

Саранцэцэг -

Ер нь тэгээд хувь хүнийг нэгдэлд элсүүлэхдээ мал хөрөнгөтэй юу юмыг нь харж үздэг байсан юм уу, бас мал ахуйгүй хүмүүсийг нэгдлийн гишүүнээр авдаг тийм юм байсан уу?

Сумьяа -

Малтайг нь л ер нь ихэнхийг нь малыг нь авах зорилготой л тэгсэн. Тэгээд л ерөөсөө цөөхөн мал үлдээчихээд л сүүлрүүгээ бол яахав, малгүй нь ч гэсэн элсээд, хурааж авсан малыг чинь нэгдлийн мал гэж хариулдаг байсан. Нэг хэсэгтээ хувьдаа нэг цөөхөн малтай, албан ёсоор нэгдлийн гэсэн нэртэй боловч нэгдлийнхээ нээх ажлыг хийхгүй, хувийн хэдээ маллаад л, малгүй нэг нь сүүлд нэгдлийн болчихоод эсвэл нэг хэсэг нь адууг нь, эсвэл нэг хэсэг нь үхрийг нь малладаг, тэгээд мал маллахдаа тэдэн хувь нь гээд өөрт нь цөөхөн хувь нь тэнд нэг 100 хонь хургаллаа гэхэд 10 хургыг нь өөрт нь үлдээдэг ч юм уу гэхмэтчлэнгээр л нэгдэлдээ орсон улсуудыг малжуулж байсан юм шиг байгаам.

Саранцэцэг -

Улсууд малаа нийгэмчлэхдээ малаа нуудаг байсан энэ тэр гээд яриад байдаг ш дээ? Кинон дээр ч гэсэн үзүүлдэг, яг тийм юм болж байсан юм бол уу?

Сумьяа -

Тийм. Болж байсан. Тэр чинь тэгээд нэг ихэнхийг нь авчихаж байгаа болохдээр цөөн хэдэн мал авч үлдэхийн тулд л энд тэнд үлдээгээд, бас үлдсэн хэд дээрээ нэмэхийн тулд л ийш тийш нь явуулаад, ой модонд уях, энд тэнд уях, тийм юм зөндөө л байсан юм чинь, тийм.

Саранцэцэг -

Яг энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад нэгдэлжих хөдөлгөөний талаар ер нь юм ярьдаг байсан уу, улс?

Сумьяа -

Өө сүүлрүүгээн бол яринаа, ярина. Нэгдэлд орох ашигтай, хүн хөдөлмөр тарамдахгүй, нэгдлийн гишүүд бол одоо цалин хөлс авна, хувиараа бол янз бүрийн юм юу гарахад зуд турхан болсон ч гэсэн өвс хадлан бүх юмыг нь нэгдлээс улсаас хангаад өгчихнө, нэгдэл бол ашигтай гэж ухуулга бол нэлээн хийгдсэн байх. Тийм учраас сүүлрүүгээ нэгдэлд ороод л, тэр үед чинь хүн болгон л нэгдлийн гишүүн байсан, тийм.

Саранцэцэг -

Аа яг нэгдэлд орохыг ятгаж тэгж ухуулга хийж явдаг байсан уу?

Сумьяа -

Аа ухуулна, ухуулдаг байсан. Нэгдэлд орох тийм ашигтай гэж ухуулж байгаад л, тэгээд л сүүлдээ тэдэн малтай бол тэдийг нэгдэлд өг гэж л авч байсан шиг байгаам.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүд чинь нэг хөдөлмөр өдрийн хөлс гээд нэг юм авдаг байсан уу? Тэрэндээ мөнгөн төгрөг авдаг байсиймуу, аль эсвэл өөр бусад одоо цагаан идээ, мах эднүүс авдаг байсан юм уу?

Сумьяа -

Үгүй, үгүй мөнгөн төгрөг авдаг байсан, жишээ нь, нэгдлийн юуны..., манай ээж гэхэд “сумын аварга саальчин”, “аймгийн аварга саальчин” байсан. Тэгээд үнээ саагаад, сүүг нь заводонд өгөөд, тэгээд тэрнийхээ хөлсөнд сар болгон тэр сүүнийхээ хэр хэмжээгээр төгрөг авна. Аав чинь нэгдлийн тугалчин байсан, тэр дор бүрдээ л хөдөлмөр өдөр хийгээд, тэрнийгээ үнэлүүлээд, мөнгө авдаг байсан. Тэрийг бол намайг нэлээн том болсон хойно энд хотод ирчихээд, очоод амралтанд хөдөө очиход хөдөлмөр өдөр, мөнгө төгрөг авдаг болчихсон, тийм байсан.

Саранцэцэг -

Аа тэр жилийн эцэст ноогдол ашиг хуваана гээд нэг юм өгдөг байсан уу, та тэрийг мэддэг үү?

Сумьяа -

Тэрийг сайн мэдэхгүй. Сар болгон л тэр сүү мүүний мөнгө гэж тэгж тарааж өгдөг л байсан.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийг ер нь яаж урамшуулдаг байсан бэ?

Сумьяа -

Тэр талаар бас их сайн мэдэхгүй юм байна. Тэгээд ч би хот руу бас эрт гараад ирчихсэн болохоор бас нарийн юмыг нь мэдэхгүй байна.

Саранцэцэг -

Та ингээд харж байхад таны ажиллаж байх үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага, одоо энэ хүмүүсийн ажилд хандаж байгаа байдал яаж өөрчлөгдсөн байх юм?

Сумьяа -

Бидний үеийн ажилд хандаж байгаа улсууд бол үнэхээрийн үнэн сэтгэлээсээ юмыг хийчихье, юм бүтээчихье энэ нь ингээд муу болчихвий гэсэн сэтгэлээсээ ханднаа. Даан ялангуяа би тэгээд тэр 2-р эмнэлэгт ажиллаж байхад Гомбо гээд нэг буриад эмч байсан, Дондог гээд нэг зүрх судасны эмч байсан, тэгээд би тэнд хамт ажиллаж байгаад, хөдөө яваад багш болчихоод, хойд жил нь хотод орж ирэхдээ тэд нар дээр ирэхэд тэд хэд тэгж байсан. ...Үгүй ээ та нар чинь ямар үнэнч, ямар сайхан ажилладаг байсан юм, тэгсэн чинь одооны энэ хүүхдүүд юу ч хийж чадахгүй мөртлөө их зан гаргаад байх юм гээд тэгж сувилагч бид нартаа тэр том эмч нар ярьж байгаам ш дээ. Тэгээд тэр үед ч бас ч гайгүй. Одооны хүүхдүүд ингээд хараад байхад, хүний өөрийн гэх юм алга, ерөнхийдөө жаахан тийм залхуу, бэлэнчлэх санаатай, ажилд бол яахав дээ, бас зарим нь ч үнэн сэтгэлээсээ хандаж байгаам, байлгүй яахав дээ, хүн болгон л юу гэж дандаа л худлаа сэтгэлээсээ хандахав. Тэгэхдээ л жаахан тийм хуурамч, мөнгөний төлөө жаахан өнгөцхөн, хялбархан шиг арвихан мөнгө олох, ингэж сэтгэлгээтэй л болсон санагддаг даа.

Саранцэцэг -

Ер нь социализмын үед хүмүүс ажилд орохдоо ямар журмаар ажилд ордог байсан бэ?

Сумьяа -

Ер нь л ямар нэг сургууль соёл ямар нэг юм төгссөн нь шууд томимлолтоороо л ажилд хийнэ ш дээ. Жишээ нь, Багшийн сургууль төгслөө л гэхэд шууд томилолт аваад, тэгээд ажилд орно, хүүхэд гаргалаа гэхэд ерөөсөө 45 хоноод л тэрнээс илүү болохгүй, шууд л ажилдаа орно, тэр үед чинь ясли гэж нэг сайхан юм байсан, өлгийтэй хүүхдээ өгчихөөд л цагаар ирж хөхүүлнэ, заа ажил бол нээх за ..малчин нь малаа маллаад л, аа бусад улс нь ажил хийгээд л, нээх муухай царайлаад байгаагүй санах юм. Хүн болгон л дор бүрэндээ ажилтай, юмаа хийчихдэг, гурван зуун хэдэн төгрөг, тэрүүгээр чинь ер нь л болоод л байдаг, юм нь хямдхан, тэгээд гурван зуун хэдээр чинь хувцсаа ч авчихна, юмаа ч авчихна, нэг 10 төгрөгөөр чинь тор дүүрэн идэх юм аваад л, бараг л 7 хоногийн идэх юмаа авчихдаг, тийм л байсан. Одоо чинь нэг гурван зуун хэдэн мянга гэхэд чинь л чүүтэй чаатай хүргээд л, нээх их том мөнгө дуулдаад байхаас биш хувцсаа өмсөөд, бүх юмаа авчихна гэхэд хэцүү л болчихсон байна ш дээ.

Саранцэцэг -

Хэрвээ одоо сургууль соёл төгсөөгүй, би одоо ямар ч сургууль төгсөөгүй зүгээр нэг үйлдвэрийн газар очоод ажилд оръё гэхэд очиход яаж ямар журмаар ажилд авдаг байсан юм болоо?

Сумьяа -

Өө тэр чинь өөрөө л сонирхол байвал өргөдөл бичүүлээд л, ажилд нэг 7 хоног юм уу, ямар ажилд орох юм, чадварыг нь шалгаад л, тэгээд л авна. Тэрнээс биш авахгүй, боловсролгүй байна, чи тийм байна гэхгүй ш дээ. Ялангуяа энэ хивсний үйлдвэр, оёдлын үйлдвэр эд нар чинь бол чөлөөтэй ажилд оръё л гэсэн бол төвөггүй л байсан, тийм.

Саранцэцэг -

Та одоо ямар ажил хийж байв, таны одоо цалин.., ямар цалин авч байв?

Сумьяа -

Би чинь ерөөсөө л 38 жил бага ангийн багшийн ажил хийлээ. Аа 2-р эмнэлэгт аль залуу насандаа 8 жил сувилагчийн ажил хийсэн. Тэгээд энэ хугацаанд сувилагч хийж байхдаан бол 280 төгрөгний л цалинтай, багшийн ажил хийж байхад нэг 390 төгрөг, дөрвөн зуун хэдэн төгрөгний цалин аваад ажил хийж байсан. Аа манай нөхөр бол дунд ангийн багш байсан, болохоор нэг зургаан зуун хэд, таван зуун хэдэн төгрөгний цалинтай.

Саранцэцэг -

Таны авч байсан цалин, таны нөхрийн авч байсан цалин таны амьдралд хүрдэг байсан уу?

Сумьяа -

Хүрнэ, хүрнэ. Авах юмаа аваад хэрэглэх юмаа хэрэглээд, хувцсаа аваад хүүхдүүдээ хувцаслаад, хүүдүүдээ хооллоод, цэцэрлэгийнхээ бүх юмнуудыг өгөөд, чөлөөтэй л хүрч байсан, тийм.

Саранцэцэг -

Таныг одоо ажил хийж байх үед хэцүү, шантармаар зүйл тохиолддог байв уу?

Сумьяа -

Үгүй ээ, үгүй. Тийм юм байгаагүй. Би бол ажилдаа сонирхолтой, мэргэжилдээ сонирхолтой байсан болохдээр тийм юм тохиолдож байгаагүй.

Саранцэцэг -

Та ажлынхаа хамт олны тухай ярихгүй юу, багшилж байсан хамт олныхоо талаар?

Сумьяа -

Заа, би тэр 2-р эмнэлэгт ажиллаж байхдаа их сайхан хамт олонтой, ерөөсөө ажилд эхлээд орсон болохдээр Гомбо эмч, Дондог эмч эд нар бол бид нар яг аав, ээж шиг сайхан ханддаг, аа тэр томчуултай ажилладаг болохдээр одоо юуны Их сургуулийн захирал байсан Содном, Анагаахын дээдийн захирал байсан тэд нар хэвтээд, бид нар чинь аягүй сайхан зөвлөгөө өгдөг, тэгээд тэд нарын хэлсэн барьсан юмыг биелүүлдэг, ер нь тэгээд хүүхэд асрах, хүүхэд мүүхэд сахиулдаггүй байсан ш дээ тэр үеийн эмнэлэгт, үнэн сэтгэлээсээ ханддаг, аягүй юутай. Тэгээд л багш болоод л хөдөөнөө ирэхэд яг аав ээж дээрээ ирж байгаа юм шиг л, бид нар ч тэд нартаа хайртай, тэд ч бид нартаа хайртай, ах дүүдээ ирж байгаа юм шиг л санагддаг байлаа. Тэгээд одоо ирчихээд Улаанбаатарт ирчихээд, энэ 63-р сургуульд ажилласан. Тэр цагаасаа хойш би дандаа нэр хүндтэй, намайг 63-ийнхан “Өндөр ээж” гэж нэрлэдэг, тэгээд л яахав, янз бүрийн зугаалга экскурсс болно, тэгэхэд чинь нөгөө хонь монь төхөөрнө, бүгдийг нь арилгана, тэгээд гэдсийг нь хуваагаад, нөгөө хэдэд чинь би өгнө, бүх л юманд л би оролцоно, тэгээд л манай хэд чинь өндөр ээж гэдэг, аа энэ Ариунаагийн ээж Баянжаргал гээд манай хөдөлмөрийн багш байсан, манай Архангайнх уул нь, шанз их сайхан тоглоно, яаагаа энэ Төмөрийн Ариунаа юуны дуучин, гавьяат. Тэрний ээж чинь манайд хөдөлмөрийн багш байсан. Тэгээд энэ суруулиараа дээр үед чинь одоо их ажил хийдэг, сургуулиараа дүүрэг дүүргээрээ концерт давтаад л, шалгаруулаад л, дүүрэгтээ шалгарнаа, одоо энэ лимбчин нөгөө “Тогдгор” Галсантогтох чинь манай сургуульд очоод бэлтгэнэ. Тэгээд л энд тэндээс очоод л улсууд бэлтгэнэ. “Үлэмжийн чанар” дуугаар манай дүүрэгтээ манай сургууль 1-р байр эзэлж байлаа, тэгээд тэр шанзчин тэр, манайд тэр Оюунгэрэл гээд нэг сайхан дуучин, Цэдэв гээд л сайхан дуучин, тэр Баянжаргал хөгжимчин их урлагийн улсууд ихтэй байлаа манай сургууль. Тэгээд юм болгоноор л нэлээн дээгүүр явдаг байсан, одоо ч яахав, 300 гаруй хүүхэдтэй, оюун эд нар нь нэлээн хөгжсөн байналээ. Жил болгоны 10-р сард бид нарыг хүлээж авдгийм. Тэгэхдээ нөгөө ахмад багш нартайгаа уулзаж баахан сайхан сууцгааж, ярьж хөөрдгийм, өнгөрсөн зун биднийг Нүхтийн амралтанд хүлээж авсан, тэгээд л одоо яахав дээ, хуучцуулаас өөд болсон барьсан янз бүрийн юм байж л байх юм, хамт олон бол сайхан л даа, ер нь. Аав ээж шиг л сайхан л болчихсон, тэгээд л нэгэндээ одоо ингээд намайг энд хэвтэж байхад чинь дуулаад л, эргээд л гүйгээд ирнэ ш дээ, нөгөө ахмад өндөр настангууд чинь ...Яагаад хэлсэнгүйв, яасангүйв, гээд хоёролдоод, гурвалдаад л хүрээд ирнэ. Гэхмэтчлэнгээр л амьдарч байна даа, одоо. Тэгээд яахав.

Саранцэцэг -

Та ингээд багшлаад явж байхад таны одоо хамгийн их жигшдэг зүйл, хамгийн их бахархдаг зүйл гэвэл юу байсан бэ?

Сумьяа -

Үгүй яахав, хүүхдүүд онц сураад, ангийн нийтээрээ тэргүүн болоод ангийн сургуульдаа аваргууд шалгаруулахад анги дотроосоо шалгарахад энэ бүгд бол дандаа л баяр баясгалан авчирдаг л даа. Тэгээд тэргүүний багш болоод, тэргүүлэх зэрэг аваад, шагналд тодорхойлогдоод, энэ бүгд хамт олон хүүхдүүдийн минь л гавьяа ш дээ, энэндээ бахархдаг юм. Заа тэгээд нэг худалч хуурмаг, юмыг нэг өнгөц хийдэг, худлаа, нэр хүнд олох гээд сайхан ярьдаг, улсуудад жаахан дургүй. Тийм.

Саранцэцэг -

Заа, за. Ер нь одоо таны мэдэж байгаагаар боловсролыг ер нь төр яаж удирдаж ирсэн бэ?

Сумьяа -

Үгүй ээ яахвээ, яахав. Ер нь бол боловсролыг хөгжүүлэх талаар төрөөс бол зөндөө л арга хэмжээ авсан л даа, тэгээд бол одоогийн.., одоо бас ч сургууль соёлын хангамж бол их л сайхан болж байналээ дээ, минийхийг бодвол. Тэгэхдээ боловсролын тогтолцоо бол тэгээд зарим үед бол сургалтын юун дээр бол доголдол зөндөө байдаг юм шиг байгаам. Тэгээд тэр нь жишээ нь л одоо миний бодоход хүүхдүүдийг бага ангиас нь эхлээд янз бүрийн хэл сургана гээд л байна энэ нь 4-р ангиас нь сургамаар л байгаам, хуучин бичиг нэг үе овоо сураад л байсан, өнөөдхийгөө бас хоцрогдуулаад л байна, энийг бол 4-р ангиас нь юм уу, арай 5-р ангиас нь сургавал хүүхдүүдийн сурах сонирхол нь арай илүү, бага ангид чинь нөгөө шуу нэг юм шинэ үсгээ үзээд, нэг юмыг чөлөөтэй ойлгоогүй байхад нь давхар бас нэг хэл юм уу, давхар бас нэг хуучин бичиг чинь бол тогтмол уншаад, тогтмол хийж байхгүй л бол дорхноо мартагдчихна, энэ юутай чинь адилгүй л юм билээ. Бид ч гэсэн сүүлд сурсан болохлээр нэг хэсэг овоо уншаад л, бичдэг байсан одоо тэгээд уншихгүй болохдээр чинь тэгээд л мартагдчихаж байгаа. Тиймэрхүү л байх юм, тэгээд яахав. Тэгээд одоо бол ерөнхийдөө яахвээ, боловсролын юм бол яахав, болж л байна.

Саранцэцэг -

Таны одоо сурагч байсан үе, одоо ингээд таны сургуульд багшилж байх үед сурагчдын байдал ер нь яаж өөрчлөгдөж байх юм?

Сумьяа -

Намайг ажиллаж байх үед бол одоо хөдөөний хүүхдүүд үнэн хүлцэнгүй бөгөөд багшийгаа хүндэлж, үнэн багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг яс биелүүлнэ ш дээ. Ер нь даалгавар хийж ирэхгүй хүүхэд гэж байхгүй, багшийн өгсөн даалгаврыг хийхгүй хичээлд ирнэ гэж байхгүй, заа ер нь ном унших аягүй сонирхолтой, зохиолын ном, үлгэрийн ном, би ер нь хүүхэддээ бага ангид болохлээр чинь үлгэр их ярьж өгөх дуртай, хүүхдүүд ч өөрснөө ярих дуртай, өөрснөөр нь яриулах дуртай, аа одоо хараад байхад ер нь ном уншиж байгаа хүүхэд ер нь цөөхөн ховор, номын тэмдэглэл хөтөлнө, тэгээд л номыг зохиолч нь хэн зохиосон юм, гол баатар нь хэн бэ гээд л хөтлүүлээд л, ном уншуулаад л, номын.., “5 онцын эзэн”, “ном хэн олон уншсан бэ” уралдаан тэмцээн зохиогоод л ирэхлээр чинь хүүхдүүд чинь зөнд нь ном уншдаг, би тэдэн ном уншлаа, би тэдэн номын сайн нөхөр болно гээд ингээд тэмцэлддэг байсан. Одоо бол тийм юм байдаг юм уу, үгүй юу. Ном унших хүүхдийн тоо багассан одоо яахав дээ, компьютер юугаар ашигладаг болчихсон юм байна, тэгээд зохиолын номнууд бол ер уншихаа байчихсан юм байна, хичээлийн ном мом бол яахвээ, тэгээд уншдаг л байх, тэгээд тэр болгон даалгавар яг хийгээд бүх юмаа биелүүлээд, байгаа хүүхэд яг өөрснийхөө хүүхдийн амьдралаар өөрснийхөө ач зээ дээр харж байхад бага л болчихсон харагдах юм байна ш дээ. Тэгээд би ямар сайндаа өөрийнхөө ач зээ нарыг “Ертөнцийн гурав” оньсого, моньсого, тэгээд ном авч өгөөд л нөгөөдүүлтэйгээ ...За хэн нь түрүүлж цээжлэх нь үү, хэн нь ялах нь уу гээд л тэгдэг юм ш дээ. Тэгэхлээр зэрэг урам ороод л, нөгөөдүүл чинь ёстой би энийг түрүүлчихсэн ч гэх шиг ааваа хоёулаа англи хэлээр үг яах уу, ч гэх шиг хийж байх шиг тэгэлцэж л байдгийм.

Саранцэцэг -

Заа. Монгорлд ер нь хувьчлалыг анх яаж зарласан юм бэ? Хувьчлалын талаар та жаахан ярих уу?

Сумьяа -

Хувьчлалыг ер нь би нээх нарийн утга учрыг ч ойлгоогүй. Хувьчлалын нэг хоёр тасалбар ирсэн, тэрийгээ ч хаана яаж өгөөд, яаж ашиглавал хэрэгтэй юм, тэр болгоныг нарийн ч сайн судлаагүй, сүүлдээ одоо бодоод байхад тэгээд нөгөө хувьчлалынхаа цэнхэр тасалбарыг манай нэг дүү хаана ч билээ, компанидаа өгнө гэж авч яваад, тэгээд өгсөн юм уу, яасан юм, тэгээд л алга болсон. Аа нөгөө ягаан тасалбарыг нь энэ “Агар-амгалан” гээд нэг юу байна ш дээ, ногоо юу тарьдаг, энэ юу хүлэмжтэй газар байсан. Тэнд манай нэг эгчийн төрсөн хүүхэд ажиллаж байсан, бүгдээрээ тэнд өгсөн. Нэг удаа хувьчлалын юуны нэг ашиг ирлээ гээд 900 төгрөг ирсэн. Тэрнээс хойш байхгүй. Тэгээд юун дээр очоод нэг асуусан чинь ...Үгүй ээ энэ хувьчлдалын юу нь ерөөсөө ирэхгүй юм, тэр Агар-амгалан гээд тэр Агар–амгалан гэдэг чинь ажилладаг юм уу, яадаг юм гээд тэгсэн чинь ....Өө тэр хувьчлалаа өгч чадахаа байсан, дампуурсан гэлүү урд нь ажилладаг л байсан юм байналээ. Тэгээд тэр ягаан тасалбар нь байж л байналээ. Та зарвал зарахгүй юу, өөрөө л мэд. Зараа ч үгүй тэгээд л одоо байж л байдаг ш дээ. Тэр бол ямар ч үр дүнгүй л юм болсон. Тэр томчууд юм хийж чаддаг улсдаа нэлээн л ашиг гарсан юм шиг байлээ, одоо ингээд сураглаад, анхаараад байхад.

Саранцэцэг -

Ер нь энэ хувьчлал хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлсиймүү?

Сумьяа -

Нөлөөлөөгүй ээ.

Саранцэцэг -

Зарим улсууд үйлдвэрийн газрыг хувьчлаад авчихсан байгаам, тэр одоо ямар замаар ингээд авчихав?

Сумьяа -

Тийм, энэ бол одоо удирдах ажил хийж байгаа, юмыг жаахан ойлгодог, хувьчлалын юунуудыг өөрснөө сайн мэддэг улсууд л тэгсэн. Тэрнээс бид мэтийн хувьчлалаа нарийн ойлгоогүй, ямар ашгийг нь мэдэхгүй, үйлдвэрлэл явуулж мэдэхгүй улс чинь тэгээд мэдэхгүй, тэгээд л нөгөө хувьцаагаа ийш тийшээ тараагаад, тэгээд л дууссан. Тэгээд тэрүүгээр үйлдвэрлэл явуулдаг томчуулд л аши хонжоо, тэр бизнес юу хийдэг улсууд л авснаас биш жирийн ард түмэнд бол ямар ч нөлөө ямар ч ашиг гараагүй.

Саранцэцэг -

Ер нь энэ хувьчлалд эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм харагдаж байсан уу?

Сумьяа -

Үгүй.

Саранцэцэг -

Ялгаа нь чухам юундаа байсан бэ?

Сумьяа -

Мэдэхгүй тэрийг нь. Эрх тушаал. Эрх тушалдаа л байсан байх, тэрнээс эрх тушаалтай жаахан мэдлэгтэй, бизнес юутай улсад л нөлөөлсөн. Түүнээс биш доод ард түмэн бол жирийн дунд юуны улс бол ерөөсөө мэдэрсэнгүй.

Саранцэцэг -

Тэгээд энэ малчид чинь малаа өөрсдөө авлаа, мал их өслөө, сайн юм боллоо гээд яриад байгаа?

Сумьяа -

Өө энэ бол ёстой малчдад бол үнэхээр нөлөөлсөн. Хөдөөний малчид чинь нэгдлийнхээ малыг бүх улсууддаа тараагаад өгчихсөн, тэгээд нэг яг амин дээрээ гар дээрээ ирэхдээрээ мал чинь аягүй өсдөг юм билээ. Тэгээд ингээд хөдөө амралтаар явсан чинь нэгдэлжих хөдөлгөөн гээд байж байхад чинь нээх сайхан тийм шар мар, том малууд тэр болгон харагддаггүй байсан, одоо ингээд л хөдөө явахад чинь айл болгоны гадаа чинь шарнууд ёстой үхэр дотор чинь мал ёстой өссөн, үхэр мүхэр чинь ёстой зөндөө өссөн, аягүй гоё харагдаж байгаа юм чинь. Малчдад энэ хувьчлал үнэн ашгаа өгсөн. Малчид биш зүгээр бидний энэ хотын зүгээр нэг дунд тушаалын, тийм улсуудад бол юу ч үгүй. Хөдөөний улсад бол энэ хувьчлал үнэхээрийн нөлөөлсөн.

Саранцэцэг -

Таны яг ажиллаж байсан газар хувьчлалд өртсөн үү?

Сумьяа -

Үгүй ээ, сургууль ямар ширээ сандлаа хуваах биш, бид нарт бол юу ч хувьчлалаар юм ирээгүй.

Саранцэцэг -

Та болбол тэр хувьчлалын үед орон сууцанд байсан уу? Хүмүүст орон сууцыг үнэгүй хувьчилсан биз?

Сумьяа -

Үгүй. Би ерөөсөө гэр хороололд одоогоороо ч гэр хороололд,тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо ингээд таны амьдралын туршлагаас харахад эрэгтэй эмэгтэй улсуудын байдал яаж өөрчлөгдөж байнаа? Эмэгтэйчүүдийн талаар социализмын үед ямар бодлого явуулж байсан юм?

Сумьяа -

Үгүй ээ яахав, одоо бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ илүү миний бодлоор илүү ухаалаг ажиллаад байна. Ер нь бол миний бодоход эмэгтэйчүүдийг бол бас төрийн юунд нэлээн дэвшүүлж тавих нь хэрэгтэй. Үнэхээрийн ажил хийж чадах юмыг одоо юу яах улсууд бол их байна л гэж боддог. Аа дээхнэ бол эрэгтэйчүүд нь голлоод, эмэгтэйчүүд нь тэр болгон тэр дээшээгээ ажил төрөл хийдэггүй, дандаа доогуур ажил хийдэг, мэргэжлээрээ ч гэсэн тэр бүр дээд мэргэжил багатай, ийм л байсан. Одоо бол эмэгтэйчүүд ихэнх нь мэргэжлээрээ бол ерөөсөө эрэгтэйчүүд нь харин мэргэжил доогуур талаараа бол дийлэнх байгаа болов уу гэж бодоод байгаам. Тэгээд айлын хүүхэд болгоныг сурахад л манай хүү тийм юм хийж байгаа, манай тэр охин тэр тэнд тийм дээд сургууль төгссөн л гэж ярьж байх болтой юм байна ш дээ. Тэгээд яг хийж байгаа ажлууд нь болохдээр яахав дээ, хуучинтай адилхан мэргэжлийн ажил тэр болгон хийгээд байгаа улсууд нь бол ховор юм, мэргэжилтэй дээгүүр мэргэжилтэй, дээд сургууль төгссөн бол сургуультай, танил талтай бол мэргэжлийнхээ ажлыг хаа нэгэн газар хийдэг, танил талгүй бол тэгээд дээд мэргэжилтэй хүн худалдагч мудалдагч, дээд мэргэжилтэй хүн ойр зуур л юм хийдэг тийм л байх шиг байна шүү.

Саранцэцэг -

Ер нь бол ажилд ороход заавал танил тал харах уу?

Сумьяа -

Яг танил тал. Гоо сайхан хардаг болтой юм, өндөр нам хардаг болтой юм, нас хүйс хардаг болтой юм, ах дүү гайгүйтэй дээш нь татдаг бол ажил хийгээд байх, тэхгүй бол нэг сургууль төгссөн ч шууд нэг ажилд авах ч төвөгтэй л болчихсон байх шиг байна.

Саранцэцэг -

Ер нь бол социализмын үед эрх тушаалтай дарга улсууд доод тушаалын улсуудтайгаа ямархуу харьцаатай байдаг байсан?

Сумьяа -

Ер нь гайгүй шүү, ер нь бол нэг их тийм давуу гээд байх юмнууд бол гайгүй. Албан ёсоор томилолтоор ирсэн ажлаа сайн хийж байгаа бол тийм юм байхгүй. Одоо бол тийм тушаалаар дарамтлах юмнууд бол их байдаг шиг байна.

Саранцэцэг -

Таныг ажил хийгээд ингээд явж байхад ажлаас гадуур одоо ажил амралтын, олон нийтийн арга хэмжээ гэж ямархуу ажлууд зохиогддог байсан бэ?

Сумьяа -

Өө ажлаас гадуур бол нөгөө ажил хийж байх үед бол дугуйлан гэж явна, лекц гэж явна, тэгээд л ер нь их ажил зохиогдоно ш дээ. 7 хоногт болбол 3,4 хоногт нь бол ерөөсөө ажлын гадуур өглөө, орой бүр тогтмол ажил зохиогддог байсан. Одоо бол тиймгүй, хагас сайн өдөр болоход л ерөөсөө цэвэрлэгээний ажил эсвэл мод зүлэг тарих, ч юм уу, хамт олноороо дан тийм хийх ажил лекц, дугуйлан ярианд суух, семинарт явах тийм ажил байнга явагддаг байсан ш дээ. тэрэнд бол аягүй сайн явдаг. Хамт оноороо оролцдог, тэрэнд ордоггүй хүн байхгүй тийм л байсан.

Саранцэцэг -

Сургуулийн захирал махирал гэж таны ажиллаж байсан газар ямар улсууд байсан бэ?

Сумьяа -

Аа манай сургуулийн захирал бол тэр Балдорж гээд нэг захирал байсан, тэр Балдорж бол юуны тусгай сургуулийн юугаар хойно төгссөн тэр бол олон жилийн юугаар дефектологич /хэл заслын мэргэжилтэн/ тэрний дараа Давааноров гээд бас хойно төгссөн дефектологич, одоо 27-р тусгай сургуульд ажиллаж байна. Бишээ, өнөө хараагүйчүүдийн сургууль чинь юу билээ, тэнд ажиллаж байгаа. Тэгээд дандаа бол мэргэжлийн улсууд ажиллаж байсан даа, тэгээд сүүлийн харин тэтгэвэрт гарснаас хойш, захиралууд бол тэр дефектологич нар биш, зүгээр жирийн дээд сургууль төгссөн багш нар ажиллаж байгаа юм байналээ. Одоо бол Эрдэнэбат гээд захирал нэг эрэгтэй залуу байналээ. Тэр Балдорж багш их юм хийсэн дээ. Их ч юм бүтээсэн Давааноров хоёр. Мэргэжлийн улсууд болохдээрээ. Тэгээд нөгөө мэргэжлийнхээ дипломын хичээлийг хичээл тарчихаад, бид нар чинь ямар хүүхэдтэй яаж ажиллах уу, яаж хийх үү, юуг яаж хийх үү, заа нөгөө конспектийг чинь 3 хоногоор хийгээд, хэрэвзаяа янз бүрийн шалтгаанаар конспект хийгээгүй байх юм бол орж ирж үзчихээд ...Та хичээлээ тараачих, юмаа хий гээд л шахаад л суулгана ш дээ. Тийм шаардлагатай, лут улсууд. Их ч юм сурсан даа, Балдорж багш, Давааноров багш хоёроос. Тэгээд сүүлд нь Эрдэнэсайхан гээд захирал байсан, тэгээд тэр халагдаад, тэгээд дараад нь биднүүсээс Эрдэнэбат гээд одоо хүртэл ажиллаж байна. Тэр Япон улстай юутай, шеф тэндээс нэлээн туршлага судалдаг, нэлээн сайхан болчихсон л байналээ, сургууль нь. Хоол хүнсээ, хүүхдийнхээ хоол хүнсийг тэндээ хийдэг, гал тогоо, могоо янз бүрийн боов хийдэг, машин техниктэй, техник юугаар бол нэлээн хангагдсан л байналээ.

Саранцэцэг -

Эрх мэдэлтэй, мэдэлгүй хүмсүүд өдөр тутмын байдлаараа яаж ялгардаг байсан бэ, ер нь бол одоо хувцаслаж, хэрэглэж байгаа байдал эд юмс, биеэ авч яваа байдал нь ч юм уу?

Сумьяа -

Өө бидний ажиллаж байгаа социализмын үед бол тийм нээх айхтар ялгаа байхгүй. Багш нар болохдээр яахав, хувцаслалт юман дээрээ анхаарна л даа, ер нь хүүхэд дунд ажиллаж байгаа болохдээр. Тэгээд яахав ганц нэг тийм, амьдрал нэлээд сайтай, томчуудын болтой тийм ажилладаг улсууд бас арай өөр л дөө, унаа малтай, энээ тэрээ гэхдээ бол бие биендээ дээрэлхүү янзбүрийн тийм хандлагаар бид баян, бид цатгалан гэсэн хандлагаар хандахгүй, ямар л харьцаа байна, тэр бүгд л ижилхэн л харьцаатай ижилхэн л юунд ажилладаг байсан.

Саранцэцэг -

Социализмын үед ер нь эрх мэдэлтэй хүн гэдэгт ямар улсууд орох уу?

Сумьяа -

Удирдах улсууд л орно л доо. Сургууль дээр бол захирал, хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч

Саранцэцэг -

Яг одоо эрх мэдэлтэй тийм улсуудад хандаж байгаа байдал социализмын үед ямар байж байгаад, одоо ингээд харж байхад яаж өөрчлөгдөөд байна?

Сумьяа -

Өө тэр үед бид нар үгүй ээ яахав, захирал эрхлэгчээ хүндлэлгүй яахав, хүндлэнэ. Тэднийхээ хэлсэн юуг биелүүлнэ. Одоо бол ерөөсөө яахав, хараад л байхад ер нь дэндүү тийм, нэг долигнуур зантай, аа нөгөөдүүлийгээ дандаа нэг тийм нэг бодлын хахуульдагч гэх үү дээ. Тэдэндээ юм барьсан, тал зассан, нөгөөдүүлийнхээ нүүрэн дээр нь худлаа, долигносон тийм юм бол их ажиглагддаг юм байналээ. Тийм.

Саранцэцэг -

Та ер нь сүсэг бишрэлтэй юу?

Сумьяа -

Нээх айхтар, тийм сүсэг бишрэл гэдэггүй ш дээ. Тэгэхдээ бол хөгшрөөд, өвдөөд зовоод ирэхлээрээ бас сүжиглэнээ.

Саранцэцэг -

Таны туршид ингээд харж байхад, Монгол дахь шашин, шүтлэг яаж өөрчлөгдөж байна?

Сумьяа -

Заа, дээр үеийн юу бол их үнэнч, хүний төлөө байсан. Одоо чинь ингээд олон сүм хийдтэй болоод, олон лам нартай болоод байхад л мэдэхгүй зарим нь мөнгөний төлөө юмнууд харагдаад л байх юм. Би бол тэгэхлээрээ лам л гэхлээрээ өөрөө лам ахтай байсан болохдээрээ үнэхээр хүний төлөө үнэхээр юм хийдэг л, тэгээд одоо ингээд л харж байхад л зүгээр ингээд юмаа хийгээд сууж байхдаа утсаар яриад ч байх шиг, юм хум асуугаад байхад өөр хүнтэй ч яриад байж байх шиг, аа эсвэл эд мал, авгай хүүхэд яриад байж байх шиг байхаар ...Ээ ийм ч лам байх гэж дээ гэх шиг юм бодогдоод, тэгээд дээр нутаг яваад л манай нэг дүү өөд болчихоод, эндээс лам аваачаад, ном мом уншуулаад, тэгээд лам аваад явсан, тэгээд хотоос лам ирлээ гээд улсууд тэгээд юм асуугаад л, мал зал амлаад л, тэгээд л. ....Би Увсад явж байгад яасан чинь л улсууд мал зал амлаад байсан, тэгээд яагаа ч үгүй, аа одоо танай энд ингээд л амлаад л байна, яах болоо ахаа, гээд, манай дүүгээс тэр лам асууж байгаам. Тэгэхлээр ....Ишш авахын төлөө л бодож байнаа даа, гээд би эвгүй бодогдоод л, тэгээд манай дүү тэгж байсан. Ах нь энэ нутгийнх болохдээр чи тэрэнд зоволт байхгүй, чамайг хэзээ л авъя гэсэн цагт чинь л амьдаар нь ч бай, махаар нь ч бай, авчраад өгчихнө, ингэж байсан. Тэгэхлээр нь би ерөөсөө нэг л мөнгөний төлөө л ингэж ирсэн юм байна даа гэж л үнэн сайн тэгж мэддэг хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, дэндүү бас сүм хийд нь олдчихсон, дэндүү мэргэлдэг түргэлдэг, хүн нь олдчихсон одоо юм болбол нэг л олон бөөтэй болчихсон, дэндүү олон зурхайчтай, дэндүү олон мэргэч төлөгчтэй болчихсон тэр болгон нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу, тэрэнд их итгэл муутай болчихсон, тийм. Дээр манай нэг хүүхэд өвдөөд ерөөсөө болохгүй, тэгээд эмнэлэгт энэ хүүхдийн эмнэлэгт байсан эмэгтэй хүүхэд, тэгээд нэг буриад эмч байсан тэнд, сар шахуу хэвтээд болохгүй, тэгээд би “100 айл”-ын тэнд лам байна гээд дуулаад очлоо, тэгээд ... Манай нэг хүүхэд өвдөөд болохгүй юм, одоо яадаг юм билээ, гэсэн....Аа та хүүхдээ эмнэлгээс гарга, гуйгаад эмчээс нь гуй, болохгүй гэвэл яахав, та дураараа гар, тэгээд нэг сар болоод үзэхгүй юу, эмч нь ирэхээрээ ингэдэг байхгүй юу, танай хүүхэд чинь манго татаад, тэгээд ингэчихлээ гээд, бөөрний өвчтэй байсан, тэгээд ерөөсөө шинжилгээ нь сайжрахгүй байна гээд л тэгдэг, тэгээд эмчид нь хэллээ. ...Эмчээ одоо сар боллоо, ерөөсөө хүүхдийн бие сайжрахгүй байна, охиныгоо ер нь гаргаад авах уу, даа, гээд тэгээд гэрээрээ харж байгаад тэгээд шинжилгээ өгье, ...Тэгээ тэг. Тэгээд гэрээрээ харж байгаад 7 хоноод шинжилгээ өгсөн, зүв зүгээр. Тэгээд тэр хүнийг үнэн гээд шүтэж ёстой мэддэг юм байна даа, гээд. Тэгж байсан чинь бас нэг хүү гараад л, нөгөөх чинь юугаар өвдөөд, Эх нялхасаар яваад дээшээ хавдарт яваад, тэгээд өвдөөд. Нөгөө хүн дээр чинь очлоо. Тэгсэн .....Өө отголох ёсгүй хүүхдийг отгон гээд нэр өгчихсөн байна, нэрийг нь соль гэж байна. Баасансүрэн нэр өг гэж байна, тэгээд л нөгөө хүүхдээ Баасансүрэн нэр өгчихөөд л, тэгээд л цөмөөрөө ах дүүгээрээ л Баска, Баска гээд л тэгээд албан ёсных нь нэрийг солиогүй, тэгээд нөгөө хүүхэд чинь тэрнээс хойш нэг ч өвдөөгүй. Тэрнээс хойш үнэн юм мэддэг хүн байна гээд л, тэгсэн. Одоо бол ингээд л лам нараас юм асуухаар ерөнхий л, тэгээд л тэр дагуу нь хийхэд тэр хийсэн юм нь үнэхээр тэр хүнд тийм тусгал болж байгаа юм тэр болгон ажиглагдахгүй л, тэгээд л би энэ олон лам зарим нь их сайн улсууд ч байдаг л байх, тэгэхдээ би бас голыг нь олж асууж чаддаггүй юм уу гээд л заримдаа өөртөө л тэгдэг юм. Тэгээд шүтнээ, шүтнэ. Шүтэлүй яахав, тэгээд л Гандан мандангаар чинь мөргөнө. Бурхан мурханд нь мөргөнө. Хүж зулыг нь асаана. Юм хийлгэнээ, хийлгэнэ. Тэгээд цагаан сарын дараахан 15 хоногт нь бүгдээрэнд нь засал юмыг нь хийлгэнэ, бүгдийг нь л гүйцэтгэнэ л дээ.

Саранцэцэг -

Төрд ер нь шашин нөлөөлдөг байсан уу?

Сумьяа -

Төрд бол нөлөөлдөг байсан, одоо харин төрдөө нөлөөлдөг юм уу, үгүй юу мэдэхгүй. Тэгээд харин миний бодоход ингээд хараад байхад, тэр олон шашны байгууллагууд их л мөнгө олдог юм шиг байдаг, тэгээд тэрнээсээ төрдөө татвар төлдөг юм бол уу үгүй юм бол уу гээд би боддог ш дээ. Төлдөг юм уу, үгүй юу тэр нь. Ер нь хараад л байхад тэр нэг зурхайч гээд л байж байна, хамгийн дотных нь хүний төрөл гээд л 5000 төгрөг гээд л юугаараа өгч л байгаам, тэгээд л боддогийм.

Саранцэцэг -

Монгол оронд ер нь аж үйлдвэржилт яаж явагдаж байсан бэ? Хэдэн оны үед, таны санаж байгаагаар Улаанбаатарт ямар ямар үйлдвэрүүд шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бэ?

Сумьяа -

Намайг ирэхэд тэр аж үйлдвэрийн комбинат гэж байсан. Тэр чинь өглөө яндан дуугараад л, ажилчид нь цуглана, өдөр цайны цагаар яндан дуугараад л цай хоолондоо орно, орой ажил тарахад нь яндан дуугарна. Аж үйлдвэрийн комбинат гэж байсан, хивсний үйлдвэр гэж байна, ноос ноолуурын үйлдвэр гэж байсан, шеврон үйлдвэр гэж байсан, гутлын үйлдвэр гэж сүүлрүүгээ баригдсан гэхмэтчлэн олон сайхан үйлдвэр байсан. Зөндөө юм хийж байсан, зөндөө ажилчидтай гутлыг бол ер нь их л сайхан хийж байсан даа. Тэгээд тэр малынхаа түүхий эдийг боловсруулдаг, сайхан үйлдвэрүүд байсан, одоо тэгээд тэд нар нь тарчихсан, ажилчид нь тэгээд ганц нэг нь яахав, хувийн жижиг юмнууд аваад гарсан улсууд байдаг л шиг байналээ. Тэгээд ихэнх нь ажилгүй болчихсон, гутлын үйлдвэр гэхэд л одоо тэр болгон гутлаа оёод хийчих хүн цөөхөн, оёдлын үйлдвэрүүд яахав дээ, тэгээд хятад мятад энд тэндхийн юуны доор тэр байруудаа түрээсэлчихсэн, тэгээд түрээсийн юмнууд л байдаг шиг байна. Дэндүү муухай үгүй болсон ш дээ, тэгээд тэр үйлдвэрүүдээ сайхан сэргээгээд, ингэж устгаагүй бол өшөө манайх өшөө л их юутай байсан даа. Одоо унагаачихсан юмыг босгоно гэдэг бол хичнээн төгрөг мөнгө орно, хэрвээ байж байсан бол энийг сэргээхэд өшөө л амар л байх байсан байх.

Саранцэцэг -

Ер нь яг үйлдвэрт ажилд орж байгаа улсууд ямархуу улсууд үйлдвэрт ажилд орддог байсан бэ?

Сумьяа -

Үгүй ээ яахав дээ, дээгүүр удирдлагын улсууд нь мэргэжлийн голдуу л улсууд байсан байх. Аа удирдлагын биш доогуур зүгээр ажилчид нь бол ерөөсөө мэргэжлийн бус зүгээр курсээр ч юм уу, аа нөгөө техник мэргэжлийн сургууль /ТМС/ гэж байсан, тэрэнгээр төгссөн ч юм уу, эсвэл дагалдангаар сурсан улс л голцуухан ажиллана ш дээ. Тэрнээс биш яг тэгээд юу яачихсан, дан мэргэжлийн улс ерөөсөө байхгүй, тэгээд л тэд нар чинь сайхан ажилтай, баатар маатар, бишгүй л тийм ажилчид төрж байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрийг бол Монгол оронд голдуу гадны тусламжтай эд нар л барьж байсан байх? Үйлдвэрт гадаадын мэргэжилтнүүд зөвлөхөөр эд нар ажилладаг байсан уу?

Сумьяа -

Тийм. Тэгдэг байсан. Тэнд бол дандаа л мэргэжлийн улсууд үйлдвэрт ажилладаг, тэрнийхээ дагуу л ажиллацгааж байсан байх.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажиллаж байгаа улсууд бусад жирийн газар ажиллаж байгаа улсуудаас цалингийн хувьд илүү авдаг байсан бол уу?

Сумьяа -

Илүү, илүү авдаг байсан. Одоо ч тэтгэвэр нь илүү, тэгээд ч ер нь би багш байгаагүй, үйлдвэрийн ажилчин байсан бол тэтгэвэрт гарсан хойноо зүгээр суухааргүй л санагдаж байгаам. Одоо тэр үйлдвэрт ажиллаж явсан улс чинь ажилгүй суухгүй, зүгээр суухгүй байгаам. Хотод ажиллаж байсан улс бол хувьдаа ингээд гутал хийгээд, оёдолд байсан улс бол жижигхэн тасаг байгуулаад, хэдүүлээ ажиллах жишээтэй. Ерөөсөө л бас юм хийнэ, үйлдвэрт байсан улс бол. Нэлээн өөрсөндөө юм сураад үлдсэн байгаам. Тийм.

Саранцэцэг -

Тэр үйлдвэрт ажиллаж байгаа улсуудад бас хангамж энэ тэр ..., өөр хангамжууд байдаг байсан бол уу ?

Сумьяа -

Хангамж уу, тэрнийг би сайн мэдэхгүй.

Саранцэцэг -

Яг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ үйлдвэрийн талаар ярьдаг байсан уу ?

Сумьяа -

Ярьдаг байсан, ярьдаг байсан.

Саранцэцэг -

Энэ үйлдвэрт ажиллаж байгаа улсаа зэрэг дэвийг нь ямархуу журмаар ахиулдаг байсан бол?

Сумьяа -

Сайн мэдэхгүй юмаа. Дагалдангаар л голцуухан ажиллуулж байгаад л тэгээд л заримынхаа зэргээ ахиулдаг байсан байхаа даа. Тэгээд л курс семинар хийгээд л яадаг байсан байх.

Саранцэцэг -

Заа за хоёулаа яриад цаг гаран болчихжээ, тэгэхээр энэ удаадаа хоёулаа ярилцлагаа өндөрлье, дараа дахиж уулзаад хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье дээ?

Сумьяа -

Заа, за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.