Sumiya
![](../assets/images/interviewees/990164.jpg)
Basic information
Interviewee ID: 990164
Name: Sumiya
Parent's name: Sharavdorj
Ovog: Gal
Sex: f
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenemandal sum, Arhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
democracy
funerals
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
children's upbringing
urbanization
democracy
foreign relations
family
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа сайн байна уу?
Сумьяа -
Сайн сайн байна уу,
Саранцэцэг -
Өмнөх ярилцлагаа хоёулаа үргэлжлүүлээд хийе. Заа, таны хүүхэд бага нас чинь бусад тэр үеийн хүүхдүүдийнхээс ямар ялгаатай байсан бэ, тийм ялгаатай юм санагддаг уу?
Сумьяа -
Заа, би айлын 2 дахь охин, би дээрээ ахгүй байсан, тийм учраас гэр орны аавдаа туслах ажил бол надад гол үүрэг нь болж ирсэн. Би багадаа аавтайгаа хамт даага сургах, морь унах, адуунд явах, гүү адууг нь хурааж ирж унага даага барих, унага татах ажлыг би хийдэг байсан. Би бүр бага байхаасаа эхлэн ээж аавынхаа ажилд их тусалдаг, тэр үеийн хүүхдүүд бол ерөөсөө дандаа хөл нүцгэн жилжин, гутал бол өмснөө байхгүй, өглөө яагаа ч үгүй эрт босоод, ээждээ тэгэхэд чинь заводын сүү өгдөг байсан. Өглөө 5 цагт босоод, тугал нь эхийгээ олохгүй, нүд нь аниастай, тийм харанхуй байхад босоод л, тугалаа тавьж өгөөд л, ээждээ үнээ ивэлгэж өгдөг байсан. Тэгээд хөл нүцгэн явдаг учраас хөл их даараад хэвтээд, боссон үхрийн дулаан хэвтэр дээр нь хөлөө тавьж суух, эсвэл шээж байгаа үхрийн шээсэнд хөлөө дүрэх гэхмэтчлэнгээр хөлөө дулаацуулна. Тэгээд л зны цагт бол гутал өмсөнө гэж ерөөсөө байхгүй, хөл нь сайртчихсан, шавар дундуур гүйнэ, усан дундуур гүйнэ, тугал бяруундаа гүйнэ, хөл нь сайртчихсан, хөл нь хагараад цус гоожно ш дээ. Тиймэрхүү амьдралд. Тэгээд л ер нь хүүхэд байхад чинь ээж аавынхаа үгнээс бол гарахгүй, том хүн ороод ирэхэд бол тэдэнтэй зэрэгцэж юм ярих, тийм юм байхгүй, ээж аав л яа гэнэ, ээж аавын хэлснээр л байна. Тэгээд жаахан байхад бол ер нь тэр үед бол ер нь ганцхан би ч биш, миний үеийн хүүхдүүд зуны цагт зөндөө малтай мөртлөө зуны цагт бол тэр болгон мал гаргах гэж байхгүй, зүгээр хотоос юм уу, эсвэл чухал ах дүү ирэхэд л нэг хонь гаргаж шөл уугаад, томчуул нь мах зах иднэ болохоос хүүхдэд бол тэр болгон мах шөл өгөөд л, одоогийнхтой адилхан хавиргыг нь далыг нь сүүжийг нь бариад суухгүй. Зүгээр нэг яахав, ээж аавын өгсөн булчин мах ч юм уу, нэг жаахан юм аваад өгвөл тэрнийг нь авч идчихээд л байж байна. Аа тэгээд зуны цагт бол ерөөсөө хүн гаднаас амьтан хүн ирээгүй байхад өдөр болгон хоол хийх гэж байхгүй, хааяа нэг бороотой орой бол нэг жаахан шөл юутай борцтой, бантан ч юмуу, эсвэл дотор махтай бантан ч юм уу, будаатай хоол ч юм уу, тийм юм хийж иднэ. Тэгээд яахав гэвэл дандаа л сүү тараг ээдэм, хоормог гээд нөгөө айраг.., нэрдэг айрагныхаа аяганд хийгээд, цөцгийтэй сүүгээр зуураад тэгээд ууна. Тийм л юмаар ихэнхдээ яана. Өвлийн цагт бол нөгөө тосоо хайлаад, цагаан идээгээрээ өрмөө иднэ, цагаан идээгээ иднэ, голцуухан л ааруулаа иднэ. Ааруул, ээзгийгээ идэж иймэрхүү маягаар л бага насаа бол өнгөрөөж байсан. Аа тэгээд би бас 12 настайгаасаа эхлээд нэг ээж аавдаа туслаад, хөдөө ээж аав нөгөө бусад малаа маллаад, би ээжийнхээ нэг төрсөн эгчийнд үнээ 3 сааж, заводон дээр сүү хийсэн. Тэр сүүгээ өглөө босч 5 үнээгээ саагаад, сүүгээ аваачиж өгөөд, тэгээд сүүг оочертой өгнө ш дээ, зөндөө айлууд байгаа юм чинь, тэгээд сүүгийн сүүгээ эргүүлж аваад л, сүүгийн сүүгээ аваачиж ааруул хийнэ, тэгээд өдөр 1 цагийн үед ахиад үнээ ирнэ, тэрнийгээ саана, орой 7-гийн үед үнээ ирнэ, тэрнийгээ саана. Тэгээд л бараг л шөнөд нэг 4,5-хан цаг л унтаад л үргэлжилдэг, тэр үнээ 3 саах үед бол сайндаа нэг 2,3 сарлаг ирүүлж байсан байх, тэгээд л больсон л доо. Тэгээд тийм ээж аавынхаа ажилд тусалдаг байсан. Тэгээд бидний үед бол ажил хөдөлмөр их хийдэг, одоо ч гэсэн бид нар бол зүгээр тэгж гар хумхиж суухгүй, хашаанд байлаа гэхэд л хашаагаа цэвэрлэх, багад сурсан ажлаа алддаггүй, одооныхтой харьцуулахад одооны хүүхдүүд даан ялангуяа орон сууцны хүүхдүүд ер нь хийх юм их багатай, нэг шал арчих тоос арчих гээд л, аа гэр хорооллын хүүхэд бол усаа авна, модоо хагална, түлээгээ хөрөөднө, байр сууцны хүүхдүүдийг бодвол ажил хийнээ. Одоогийн хүүхдүүд дээр үеийн хүүхдүүд амьдрал нөхцөл байдлын хувьд бол шал өөр. Ийм л үед бага насаа өнгөрөөсөн дөө.
Саранцэцэг -
Хүүхэд эцэг эхийн хоорондхи харьцаа одоо яаж өөрчлөгдөж байна?
Сумьяа -
Ер нь бол одоо зөв ч бай, буруу ч бай, бидний үед бол ээж аавын үгнээс бол зөрөх ахмад хүний өмнөөс юм хэлэх тийм юм байхгүй, тэр хүний өөрийн гэж ярихгүй, тэр нутгийн л ахмад хүн юу гэж хэлнэ, ерөөсөө яг яс биелүүлдэг, хэрвээзаяа би малд яваад л адуугаа хураагаад ирэхэд л хамар айл юмуу хажуу айлын тэр Дорж гуай Самбуу гуайн мал адуу хамт байж л байвал хамт аваад ирэх л жишээтэй. Хэрвээзаяа айлын адуу ойролцоо байхад нь орхиод ирэх юм бол зэмлүүлнэ. ....Дэргэдээ байгаа малыг яахлаараа ялгаад хүрээд ирдэг юм, тийм учраас эцэг эх, тэр нутгийн улс бол зэмлүүлэхгүй тулд тэр үеийн хүүхдүүд бол ерөөсөө тэр айлын мал ялгах барих юм байхгүй, байнга л өөрийнхөө малыг л яаж авчирна тэр хавьд л мал байх юм бол бүгдийг нь авчирна. Бүгдийг нь хашиж өгнө. Ийм л байсан, тийм. Тэгээд бол ерөөсөө хүний үгнээс гарахгүй, ахмад хүнээс бол ер нь их зовно доо. Ахмад хүний дэргэд хараал ерөөл хэлэх, тийм юм бол тэр үеийн хүүхдэд ерөөсөө байгаагүй. Эмэгтэй хүүхэд бол гадны хүн, тэр ээж аавынхаа дэргэд хамаагүй хувцас солино гэж байгаагүй. Тэгээд орныхоо..., орны урдуур ингээд хөшиг татчихна ш дээ монгол гэрт, тэрнийхээ ард л орж хувцас хунараа солино. Тэрнээс биш нөмгөн, нүцгэн байж байгаад л хувцас гадуур, дотуур хувцас хунар юугаа өмсөнө гэж бол байхгүй. Дэгтэй журамтай тийм л байсан даа.
Саранцэцэг -
Одоо ингээд хүүхдээ бага сургууль энэ тэрд явуулахад чинь хөдөөний айлууд сумын төв рүү явуулдаг, очоод дотуур байранд суудгаа. Тэгэхээр хүүхдүүдийнхээ араас эцэг эхчүүд санаа зовдог энэ тэр байсан байх даа?
Сумьяа -
Өө зоволгүй яахав, гэрээсээ гарч үзээгүй хүүхэд чинь тэгээд л дотуур байранд очихлээрээ гэрээ санана. Тэгээд идэж уух юм ч гэсэн байнга нөгөө гэр орондоо байхад чинь эжий аавынхаа гараас тогтмол иддэг хүүхэд чинь нөгөө цагийн хоол моолондоо дасахгүй, их л явдалтай байж дээ. Тэгээд л нөгөө хүүхэд нь арчаа муутай хүүхэд чинь тэр үед чинь бохир заваан, угааж арчихаас өгсүүлээд л угааж арчиж чадахгүй, 7 хоногт ээж аав нь нэг аваад л, халуун ус ч гэж бараг байхгүй, байсан ч гэсэн тэр нь тогтмол ажиллахгүй, тэгээд л үс толгойг нь угаах, ус цасанд оруулах, тэгээд л тэр 7 хоногийнх нь идэж уух, хуурай идэх юмыг нь бэлдэж явуулах, гэх жишээгээр л хүүхдүүддээ эцэг эхүүд их л анхаарал тавьдаг байсан л даа. Тэгээд тэр байранд боломжтой, тийм малтай ахуйтай айл бол байранд сууж байхад нөгөө байрныхаа хүүхдийн хоол, өдрийн юуны идээ цагаанаасаа хүүхдийн хоолны юуг бол сургуульдаа өгдөг байсанш дээ. Аа тэгээд мал багатай юм уу, ядуувтар айлын хүүхэд бол улсаас тэр байрныхаа хоолыг үнэ төлбөргүй иддэг юм. Ийм журамтай л байсан, бидний үед.
Саранцэцэг -
Та одоо хот руу анх орж ирж байхад хот таньд ямар санагдаж байсан бэ?
Сумьяа -
Би чинь хөдөө суманд байж байгаад л аймгийнхаа төв дээр нэг хэсэгхэн байгаад л орж ирсэн. Эгчтэйгээ, хамаатныхаа ах эгч хоёртой. Тэгээд л орж ирэхэд хот бол их л том нүсэр л газар санагдаж байсан. Бага байсан болохдээр чинь аймгийн төв хүртэл их л газар санагдаж байсан. Тэгээд одоо ингээд бодоход бол буцаад л ингээд л аймаг руугаа очиж барихад бол, нөгөө нэг их том, нөгөө сургуулийн чинь том барилга чинь аль вэ гэхдээр нэг жижигхэн шавар амбаарууд, харагдаж байгаам. Эхлээд тэр үед чинь Улаанбаатар их л хөгжил багатай байсан л даа. Гандан гэхэд л тэр аяндаа л ерөөсөө дан айлууд, тэгээд энэ Гандангаас Американ дэнж хүртэл тэр болгон нэг их автобус явдаггүй, Американ дэнж хүртэл явган явна. Автобусанд суучихаар төөрчихнө гэж 1-рт айна. 2-рт унаа хүлээж тэгж тойрч байхаар гээд л явна. Автобус чинь тэгэхэд нэг буудал нь 20 мөнгөөр явдаг байлаа. Тэгээд энүүгээр чинь гараад л, тэр нөгөө одоо энэ Урт цагааны энүүгээр чинь Хятадын баахан юунууд байсан, зах.., байсан юм даа тэгээд л. Гуанз дандаа хятадын юмнууд л байдаг, Хятад улсууд зөндөө ихтэй, хөдөөнөөс орж ирсэн байхад л нөгөө хятад эмэгтэйчүүд жижигхээн жижигхэн хөлтэй, салхи гарахлээр чөөчгөнөж явж байгаад л суучихдаг, тэгээд нөгөө хөдөөнөөс ирсэн болохдээр тэрнийг чинь их сонирхноо. Тэгээд л тэрнийг их хардаг, тэгээд хятадын шанз гээд л, нэг одоо энэ “Ялалт” кинотеатрын урдхан хойшоо харсан байранд л нээх хятад дуунууд чинь хангинаад л, өглөө оройгүй. Тэрнийг бас их сонирхож явдаг байлаа. Тэгээд л одооны энэ шар дэлгүүрийн хавьд чинь эргэн тойрон дандаа хятадуудын орон сууц хятадууд байсан ш дээ. Зөндөө хятадтай байсан ш дээ, намайг орж ирж байхад. Тэгээд л бид нар чинь тэр хятад хоолны газраар орноо, тэгэхэд чинь одоог бодоход бас үнэнч тэр хар шөл, бинтэй хар шөл, вандуйтай хар шөл тэрүүгээр орж ирж бас идэж уудаг байсан одоо бол хамаагүй өөр болж л дээ.
Саранцэцэг -
Одоо бол хотын иргэн болчихсон та чинь, одоо ингээд хотод амьдарч байхад тааламжтай сайхан санагддаг юм нь танд юу санагддаг вэ?
Сумьяа -
Үгүй ээ яахав, хотын иргэн болсон хотод сайхан юм их л бий л дээ. одоо тэгээд янз бүрийн дэлгүүр, хоршоо энэ бүгд зөндөө л болж, янз бүрийн сайхан шинэ шинэ, юунууд бол их л болж. Барилга байшин ч гэсэн жигтэйхэн сайхан өндөр, намайг тэр юу яаж байхад бол ерөөсөө их дэлгүүр нь л гэхэд одоо энэ Туулын цаад талын юу тэр чинь л их дэлгүүр байсан ш дээ. Давхар барилга марилга байгаагүй. Одоо бол өчнөөн давхар барилга орон сууц, зөндөө л болчихсон байна. Тэрэнтэй харьцуулаад үзэх юм бол их л хөгжиж, их л яаж байна гэж бодож байгаа ш дээ. Тэгээд одоо тэр одооныхыг надад бол дээр үеийнхтэй харьцуулаад бодоход бол орон сууц хүний амьдрал ахуй, бүх л юм нь бол их л өсөж өөдөлж, аа тэгэхдээ миний хамгийн их гутарч явдаг юм бол энэ байгаль орчиндоо л аягүй их харамсч явдгийм. Даан ялангуяа Туул голын энэ хавиар энэ Туул гол чинь хаврын хаварт л ингээд усгүй болчихоод л, хайрга болчихсон байж байгаад л, тэгээд л дээрээсээ нэг юм ус ирэхлээр л урсдаг болчихсон юм байна. Намайг ирэхэд чинь энэ Туул гол чинь багад хотод орж ирэхэд чинь бол зөндөө их устай, бүр дээр үед бол сал мал явдаг аягүй их том байсан гэж ярьдаг юм байналээ. Тэрийг нь бол би мэдэхгүй. Тэгээд л тэр одоо ингээд яахад тэр Яармагийн гүүрний наад талд тэр нээх сайхан бургаснууд байсан, одоо тэнд чинь барилга бариад нөгөө бургаснуудыг чинь бүгдийг нь авах байх даа. Тэгээд ноднин зурагтаар яриад байсан, гүний ус гараад, нөгөө гүний усыг нь хоолой хийгээд гадагш нь шахах гэж байна гээд л. Энэ чинь нөгөөд Туул голыг чинь ширгээх, юу л болчихоод байгаам. Тэгээд л зурагтаар яриад л байх юм, яриад л байх юм, томчуулынх нь байдаг юм уу, алиных нь ч байдаг юм, ямар ч арга хэмжээ аваагүй, одоо тэгээд тэр бургаснуудыг нь устгаж барилга барих гээд л байж байгаа болтой байна. Энэнд л би хамгийн их эмзэглэдэг. Тэр л байгаль, газар уснуудаа тэр сонгуулийн үеэр “Ногоон нам”-аас нэг Монголын газрын зураг дээр газар газрыг дөчин хэдэн газрыг тэр газар манай орон нутгаас газар эзэмшиж байгаа ийм юмнуудыг харлаа. Тэрнийг хараад би аягүй харамсч байсан. Газар аль ч аймгийн аль ч суманд гадны улсууд газар эзэмшээгүй газар гэж ерөөсөө алга. Хамгийн их газар эзэмшсэн улсууд чинь тэгээд л Америк, Орос, тэгээд л хамгийн бага нь 2,3 газар л эзэмшсэн байх юм. Тэгээд л үндсэндээ бол 200-аад л газрыг гадны улсуудад л эзэмшүүлчихсэн байх юм, энэ бүгд л би үнэн харамсдаг. Эцсийн эцэст л манайхны хүүхдүүд өөрийн гэсэн газар усгүй л болчих юм байна даа, эзэмшиж байгаа газар усных нь их мөнгөнөөс нь улсдаа ордог юм уу, нэг хэсэг нь завшаад баяжаад байдаг юм уу, тэрний учрыг бол ерөөсөө олдоггүй. Тэгээд дээрээс бол энэ талаар тэр болгон нэг их ярихгүй л байна ш дээ, одоо тэгээд. Ийм юмнуудыг бол шууд, шууд болиулчихмаар л харагдах юм. Тэгээд улсдаа ашигтай л байдаг юм байлгүй дээ. Тэгээд ингэж бодож суух юм.
Саранцэцэг -
Өөр одоо таньд хотын амьдралаас таалагддаггүй юм гэвэл юу байдаг уу?
Сумьяа -
За, өвлийн цагт айхтар энэ утаа байнаа, энэ утаа хотын гэр хорооллынхон олон болохоор ч шалтгаалдаг байх, ядууралтай ч холбоотой байх. Тэгээд Яармаг гэхэд чинь л ядуу айлууд зөндөө ш дээ. Хоногийн хоолгүй, түлшээ авч чадахгүй, тэр айлууд бол юу хамаагүй түлнэ ш дээ. Даавууны өөдөс, дугуй, янз бүрийн гутлын улны янз бүрийн шир, хаймар, тэд энэ тэр бүр муухай үнэртэй, янз бүрийн үнэр утаа гарна, гэхмэтчлэнгийн айл зөндөө бий. Тэр бол ёстой жинхэнэ хортой юмнууд, тэгээд тэр ядууралтай бас их холбоотойгоор утаа униар, гардаг байх гэж боддогийм. Тэгээд яриад байх нь хэдэн тербум төгрөг л утааг арилгахад зориуллаа л гэх юм, тэрнээс хийгээд, тэдэн хувиар утаа униар багаслаа, гэх юм алга. Тэгээд л эцсийн эцэст л ер нь үнэхээрийн ярьж байгаагаар гэр хороолол цөөрвөл л энэ утаа униар нь багасах байх даа. 2-рт энэ олон машинууд, явдаг явдаггүй, утаатай утаагүй энэ машинуудаас утаа улам ихэсч байна. Улаанбаатар хотын хөгшин, залуу улсуудын уушиг, зүрхэнд их нөлөөлдөг байх л гэж боддог юм. Энэнд бас их эмзэглэж явдаг. Тэгээд өнөө янз бүрийн өнөө залуу залуу хүүхдүүд л янз бүрийн өвчин ихсэхээр ууж байгаа, идэж байгаа ус агаар энэ бүгдээс л нөлөөлдөг байх л гэж энэ бүгдэд л их эмзэглэж суудаг юм даа.
Саранцэцэг -
Монголд ардчилсан хөдөлгөөн гарсаан, яг энэ ардчилсан хөдөлгөөний одоо, үр нөлөө таны амьдралд нөлөөлөв үү?
Сумьяа -
Заа, энэ ардчилсан хөдөлгөөний үед чинь манай хүү нөгөө анхны өлсгөлөн зарлалаа ш дээ, тэгэхэд манай хүү тэр өлсгөлөнд Мартын-8-ны өдөр хамгийн сүүлийн өлсгөлөнгийн улсууд гарсан, тэгэхэд миний хүү суусан. Тэгээд тэгэхэд бол яахав, ардчилсан хөдөлгөөнийг бол бас дэмжиж л байсанл даа би. Тэгээд тэр хөдөлгөөн яагаад..., Мартын 8-ны өдөр аягүй их шуургатай, өдөр байсан тэгээд л яахав дээ, бас л эх хүн болохдээр болох болохгүй юм дайрчихвий дээ гээд хүүдээ санаа зовоод л, тэгж л байсан. Тэгээд л яахав, тэр орой нь өлсгөлөнгийнхөн буугаад л, хүүхэд ч гэртээ хүрээд ирсэн. Тэгээд ардчилсан хөдөлгөөнийг бол би ерөнхийд нь дэмждэг, ардчилсан хөдөлгөөнд бол буруу зөрүү ч юм байгаа л даа, тэр болгон бүгд зөв гэж байхгүй, тэгэхдээ ардчилсан хөдөлгөөн бол улсуудын үг хэлэх эрхийг бол бүрэн нээлттэй болгож өгсөн, дээр үед бол жаахан эвгүй л хэлчихвэл улс төрийн хэрэгт холбогдоод л, хэрэгт татаад л энээ тэрээ болдог бол одоо тийм юм байхгүй. Хэн гуайгаа хэн гуай нь ч шүүмжилчихдэг, арай дэндүү задгай болсноос биш, ярих барих юм нь чөлөөтэй болсон, дээр үед чинь бид нар чинь багш байж байгаад, ингээд л 2,3 малтай байх юм бол баяачуул, гээд үзэхгүй ш дээ. Тийм, ерөөсөө бид нар бол ажлаас өөр юм бол эрхлэх тийм юм байхгүй, тэгэхэд бол одоо яахав өөрөө л чадаж байвал малаа ч өсгөж болж л байна, тусгай.., ажлынхаа цаана ч ажил хийж болж л байна. Энэ бүгд бол ардчилсан хөдөлгөөний л хүч гэж боддог. Тэгээд энэ ардчиллын үед одоо яахав дээ, тэр Зориг байсан бол энэ ардчилал бол ещё энэнээс сайхан, ещё/өшөө/ жинхэнэ ардчилалаараа явах байсан байх даа боддог юм. Аягүй сайн хүү байсан. Одоо энэ ардчилсан хөдөлгөөн бол яахав дээ, зарим нь үнэн ардчиллын төлөө явж байгаа улсууд ч байна. Аа зарим нь болбол дунд нь явж байгаа улсууд чиг л байна. Зарим нь бол сайхан юм ярьчихаад, өөрийнхөө эрх ашгийн төлөө явж байгаа улсууд ч байна янз бүр. Надад бол нээх нөлөөлөөд ч сүйд болсон юм алга, аа нээх буруудаад ч сүйд болсон юм алга. Тэгэхдээ ардчилсан хөдөлгөөнийг би дэмждэг. Тэгээд бид нарт бол энэ орон сууц хувьчлалыг ардчилал өглөө, мал юуг бол ардчилал өглөө, ард түмэнд малыг үнэ төлбөргүй өглөө, энэ бол хөдөөний ард түмэн бол баяжсан. Одоо болбол бас хөдөөнийхөн бол ёстой хотоос дутахгүй амьдралтай, манай дүү нар бий л дээ. дэлгүүртэй, малтай хурдан морио уяад хүн шиг л сайхан амьдарцгааж байна энэ бол ардчилалын буян л гэж бодож байгаа.
Саранцэцэг -
Ер нь бол ардчилсан хөдөлгөөнд оролцож байгаа улсууд ч тэр, ардчилалд одоо өөр хүйсийн ялгаатай нөлөөлсөн нөлөөлөл ажиглагддаг уу хүмсүүдэд ?
Сумьяа -
Өө ер нь ардчилсан хөдөлгөөнд бол эхний үед эрэгтэй голдуу л ардчиллын төлөө тууштай тэмцэж байсан л даа. Тэгээд тэр үед чинь шахалт хавчилт ч их байсан. Тэр өлсгөлөнд суусан хүүхдүүд бол улсууд бол тэр үед чинь бас байгууллага нь хавчаад, миний хүү чинь бас геодез зураг зүйн газар ажиллаж байсан, ажлаасаа халагдаад л, сүүлдээ нисэхэд ажилд ороод л, тэгээд ингэж явсаар байгаад сүүлд нь мэргэжлийнхээ ажлыг хийсэн л дээ. Ийм, нэлээн хавчигдмал байсан, тэгээд одоо бол яахвээ, эрэгтэй эмэгтэйгүй л ардчиллыг ойлгоод, дэмжих нь дэмжээд, дээшээ гарах нь гараад л, ажиллаад л явж л байна. Одоо бол хүйсийн ялгаа гээд байх юм байхгүй. Дэмжиж чадаж байгаа нь бол тууштай дэмжиж л байгаа.
Саранцэцэг -
Яг тухайн үед ардчилсан хөдөлгөөн гарахад ер нь ардчилал ихэвчлэн юу авчирна гэж боддог байсан болоо?
Сумьяа -
Эрх чөлөө, тусгаар тогтнол бид нар чинь бас л нэлээн хавчигдмал байсан байгаам шүү, тэр үг яриа хэлж болохгүй, шүүмжилж болохгүй, хэрвээзаяа ажил дээрээ л даргыгаа ч юм уу, тэр удирдлагыг нь шүүмжилчихсэн байхад бол хавчигдана ш дээ. Тийм учраас бас тэр болгон шүүмжлээд байхгүй, тийм ч учраас бид нар бол хүлцэнгүй л их улсууд байсан ш дээ. Одоо бол хамаагүй ээ, өөрийнхөө санасныг хэлэх чөлөөтэй болчихсон үе дээ.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүмсүүд, гадаад оронтой харьцах боломжтой байдаг байсан уу?
Сумьяа -
Үгүй ээ, яахвээ, яахав. Явдаг улс нь явдаг л байсан. Бидний үед тэр болгон нээх яваагүй ажил төрөл хийдэг л байсан. Миний хүү Зөвлөлт Холбоот Улсад сургуульд суугаад, төгсөхийнхөө жил намайг урьж, Орос улсаар нэг сар аялсан. Новосибирск, Ленинград, Москвагаар явсан. Тэгээд сүүлд одоогоос нэг 10 жилийн өмнө охин маань Швед орноор яваад, тэгээд Шведэд тэнд амьдарч байгаа. Тэгээд тийшээгээ нэг 3 сар, тэнд Швед Оросоор явсан. Нэг 7 сар очсон. Одоо бол хаа л бол хаа, мөнгө төгрөгтэй л бол хаашаа л явъя, чөлөөтэй явуулж байгаа юм биш үү, тийм.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед хятад иргэд хотод зөндөө амьдардаг байж, бас орос хүмсүүд их байдаг байсан байхаа?
Сумьяа -
Зөндөө, зөндөө. Хамгийн олон нь хятадууд. Тэгээд 2-рт оросууд. Тэгээд мэр сэр улсууд байсан байх л даа. Хятадууд ч ихэддэг болоод, тэгээд хөөгдөж гарсан л даа. Нэг хэсэг нэлээн их хятадууд гарсан байх. Тэрнээс хойш дахиж ирээгүй. Дахиж гараад л байх юм даа, хятадууд ойр ч болоод тэр юм уу, тэр барилгын янз бүрийн ажил, мажил дээр очиж ажиллуулах гээд манайхан ч их оруулж ирдэг болтой юм.
Саранцэцэг -
Ер нь одоо гадаадын тэр улстай монгол хүмсүүд ямархуу харьцдаг вэ?
Сумьяа -
Гадаадынхныг бол ер нь хятадыг нь чухам яадаг байсан юм, тэрнээс орос морос бусад юунуудаас ирсэн улст, гадны улсыг их хүндэлж, хүндэтгэлтэй ханддаг байсан ш дээ, манайхан чинь. Мэргэжилтэн гээд л цалин хөлс нь ч өндөр, тэд нартаа их..., тэд нар ч манай улст их тусалж, үнэн сургаж, оросуудтай байхад сайхан юм сургаж, юу яаж байсан юм шиг байгаам.
Саранцэцэг -
Гадаадын эд бараа олж авъя гээд л тэгэхэд олддог байсан уу, одоо голдуу хаанаас худалдаж авдаг байсан бэ?
Сумьяа -
Тэр үес чинь харин гадаад бараа бол зөвхөн Оросын бараа байдаг байсан. Заа оросын бараа бол дэлгүүрүүдээр мэр сэр гарнаа, их дэлгүүрүүдээр гарна. Нэг л гэм нь жаахан оочертой. 2-рт одоо энэ юуны..., “мэргэжилтний 20” гээд байна. Тэр чинь орос барааны дэлгүүртэй, тэнд бол бас яахав, юугаа өөрснөө юмаа авчихдаг, юунуудын.., дарга нарын дэлгүүр гээд тэр Улаан хуарангийн тэнд рүү байсан. Тэнд рүү очоод авчихдаг, бас боломжийн л байсан. Тэгээд голцуухан л орос бараа байдаг байсан. Өөр бусад орны үнэтэй цайтай тийм, нээх тийм лут бараа байгаагүй, оросын бараанууд бол үнэхээр бөх чанартай, тэгээд л биднийг чинь тэр үед 45-н гутал чинь их л гоё гутал шиг, тэгээд бүүр сүүлрүүгээ хамгийн үнэтэй нь нэг 180-н туфль муфль тийм л байлаа. Тэгэхэд чинь би хоёр зуун хэд, гурван зуун хэдэн төгрөгний цалинтай улсууд чинь 180-н гутал тал мөнгөөрөө л авахдээр чинь үнэтэйд л тооцогддог л байлаа. Тэгээд л яахав, кофт мофт, хятадын бараанууд бол ирдэг байсан, тэгэхэд. Тэр хятадын кофт голдуу, хятадын бараа үнэн чанарлаг байсаншиг байдгийм, залуу байх үед бол. Тэгээд л энэ үйтэн хуар, торгонууд чинь яг үнэн чанартай, сайн юмнууд ирдэг байсан юм. Сүүлийн үед л харин Эрээн, мэрээн гээд л чанаргүй болсон болоогүй хувийн үйлдвэрийн юм ирдэг болчихсон шиг байна, тийм. Үнэн чанартай, Хятад Оросын л юмнууд ирдэг байсан, өөр гаднаас бол тэр болгон ирдэггүй.
Саранцэцэг -
Танд болон таны гэр бүлийнхэнд гадаад найз нөхдүүд байсан уу?
Сумьяа -
Байхгүй, байгаагүй.
Саранцэцэг -
Та түрүүн ярилаа л даа, Туул голын тухай ярьсан. Сүүлд өөрийнхөө төрсөн аймагт очоод явж байхад байгаль орчин ер нь яаж өөрчлөгдсөн байна? Сайн өөрчлөлт нь юу байна, муу өрчлөлт нь юу байна?
Сумьяа -
Би тэгээд багадаа нөгөө аавтайгаа янз бүрийн эрэгтэй хүүхдийнх нь үүрэг гүйцэтгээд л, модонд явах, малд явах энэ бүх ажлыг хийж байсан, тэгээд аавтайгаа ингээд ууланд яваад мод авчирдаг байсан. Мод авчирч байхдаа бид нар чинь тэгээд үхэр тэргээр явна, тэгээд мод руу ингээд л явахад чинь өвс чинь ингээд л аягүй өндөр ургачихсан, модон дотор яваа үхэр тэрэгтэй хүн явахад хүний толгой шоволзно уу гэхээс биш, харагддаггүй. Тийм сайхан өвс ургадаг, тийм сайхан байгальтай байсан ш дээ. Тэгээд одоо ингээд л яваад л үзэхэд тэр өвс хайччихсан юм бэ, мэдэхгүй. Өвдөг хүрэхтэй үгүйтэй өвс харагдана уу болохоос тэр болгон өвс харагддаггүй. Юу нь бол ерөөсөө ерөнхий ургамлын гарц бол бага болчихсон, шингэрчихсэн, ой мод нь ч гэсэн, түлш түлээндээ ч их яачихсан, тиймэрхүү л харагдлаа. Бидний байхын үеийг бодвол ус багатай болчихсон, жижиг голууд нь ширгэчихсэн, бас нэг гандуухан, гундуухан л харагдаж байналээ. Хамгийн гол одоо сайхан юм нь тэр мал хувьчлагдсанаас айлуудын малууд л үнэн сайхан харагдаж байсан. Нэг л өнгөлөг, өөдрөг, тэр мал нь их сайхан харагдаж байсан. Бусад нь ерөөсөө гүйцэхээ байчихсан байналээ.
Саранцэцэг -
Газар усны нэр өөрчлөгдсөн юм байна уу?
Сумьяа -
Үгүй байна. Тийм юм бол үгүй байналээ. Миний багадаа тоглож байсан газрын уул, хадаар бол ерөөсөө тэр тэр чигээрээ. Тоглож байсан чулуу нь хүртэл тэр чигтээ л байж байналээ.
Саранцэцэг -
Социализмын үед гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ, одоог хүртэл?
Сумьяа -
Үгүй ээ яахав, социализмын үед бол ерөөсөө тэр үед болбол бид нар гэр бүл бол янз бүрийн тийм салалт, сарнилт тийм юм ерөөсөө бараг байхгүй ш дээ. Тэр үед чинь бол хамгийн гол нь бол яахав, зарим нэг нь өөрийн санал хүсэлтээрээ дурлал, хайраараа суудаг л байсан байх, аа ихэнхдээ бол эцэг эхийн заасан айлын хүүхэдтэй сүй тавиад л суулгадаг. Тийм л байсан, тийм учраас бол гэр бүл бол их бат, хүүхдүүдийнх нь хүмүүжил, их сайн, тийм л байсан даа. Одоо бол ч яахав дээ, дээр дооргүй л салсан сарнисан, хүүхдийн хүмүүжил ч гэсэн тааруухан тийм л болсон харагдаж байгаам. Тэгэхдээ сайхан гэр бүлүүд ихээ, их. Юу гэж л юм болгон тийм байх юм.
Саранцэцэг -
Өөр одоо гэр бүлийг дэмжсэн бодлого энэ тэр байсан уу?
Сумьяа -
Тэр үед үү? Явуулалгүй яахав. Тэр гэр бүл сайн гэр бүлийг чинь шалгаруулдаг барьдаг, ер нь бол тэр үед чинь явагдаж л байсан. Тэгээд л айлуудаар ч явдаг, айлын тэр өрхийн тэргүүнийг шалгаруулдаг, сайн олон хүүхдээ зөв хүмүүжүүлсэн айл, тэд нарыг чинь бас шалгаруулдаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Гэр бүлгүй бол гэрбүл болоогүйн татвар төлдөг байсан гэлүү?
Сумьяа -
Тийм, гэр бүлгүй улсуудад татвар төлнө ш дээ. Олон хүүхэдтэй улсууд бол мөнгө авна. Гэр бүлгүй, 18-аас дээш насны улсууд бол татвар төлдөг. Тэгэхдээ бол хүнээ олон болж өсгөхийн л юу байсан байх л даа, шаардлага.
Саранцэцэг -
Гадаадын иргэдтэй гэр бүл болно гэдэг тийм юм байсан уу социализмын үед?
Сумьяа -
Өө энэ Улаанбаатар.., хөдөө бол бараг байхгүй, Улаанбаатар хотод бол бас хятад иргэдтэй суусан авгай нар бишгүйдээ л байсан.
Саранцэцэг -
Монголчууд ер нас барсан улсуудаа яаж оршуулдаг байсан юм бэ?
Сумьяа -
Дээр үед бол голцуухан л ил оршуулдаг байсан. Ил оршуулахдаа тэгээд нөгөө цагаан даавуу тавиад дээр доор нь дэвсээд чулуу дэрлүүлээд, даавууныхаа үзүүрүүд дээр чулуу тавиад л, нүдэн дээр нь хадаг тавиад л, тэгээд л ил тавьчихдаг. Тэгээд нэг 3 хоноод нөгөөхөө эргэж очдог, тэгээд л шувуу амьтан идэж дуусгадаг. Одоо нэг битүүлээд ингэчих юм бол шувуу амьтан юу яахгүй даавууг нь задгай чулуугаар дараад орхичихдог, тиймэрхүү байдлаар л оршуулдаг. Одоо бол сүүл юу руугаа бол авс хийж газартаа булж, хөдөө гадаагүй л тийм болсон байна. Одоо сүүлийн үед юугаар яах ч гэдгийм, чандарлах тийм арга хэмжээ авагддаг болсон байналээ.
Саранцэцэг -
Социализмын үед одоо таны харж байгаагаар ямар одоо шинэ сайхан технологи нэвтэрч байсан бэ, та одоо жишээлбэл хамгийн анх радио сонсч байснаа, хамгийн анх телевиз үзэж байсан ч байдаг юм уу?
Сумьяа -
Тийм, хөдөө байхад хамгийн анхан тэр зурагт мурагт бол саяхнаас л үзсэн юм чинь нэг радио дэлгүүрээс худалдаж аваад, тэрнийгээ хамгийн гол нь нөгөө шугамын радио л гэж байсан даа, тэр үед ч. Шугамын радио сонсдог. Тэгээд нэг юугаар, цахилгаанаар явдаг нэг “Эх орон-52” тэр радио л их хэрэглэдэг байсан. Тэгээд л тэрнийг чинь сонсоод л, тэр радиотой айлдаа хавийн хүүхдүүд цуглаад л үлгэр сонсоно. Дуу сонсоно. Тэрүүгээр л юм сонсож, мэдээллээ авдаг байсан ш дээ. Одоо бол яахав дээ, телевизор мелевизор, мэдэхгүй сонсохгүй юмгүй л чөлөөтэй л болчихсон байна, хөдөө гадаагүй. Утсаар ярина, утас мутас байхгүй ш дээ, сум мумтай холбоо барих юм ердөөсөө байхгүй, тэгээд 7 хоногт 2 удаа шуудан явна, тэгээд шуудангаар л тэр захиа махиа, нутгийн ах дүүтэйгээ харьцана. Тэгээд тэр мэтчлэн 7 хоногт ч юм уу, сар ч юм уу, болж байж захиа махиа нь ирнэ. Аа ойрхон газар болбол унаа, морьтой л хүн яахгүй бол холбоо барина гэж тэр үед байхгүй л байсан.
Саранцэцэг -
Заа анх онгоцонд сууж үзсэнээ ярихгүй юу?
Сумьяа -
Анх Архангайд нэг вертолёт гэж ногоон онгоц, тэрэнд анх удаа сууж үзсэн. Тэрэнд суусан чинь л тавин хэдэн онд л байх даа, тавин хэдэн оноос чинь наана юм уу, тэгээд их л юутай, донсолгоотой их л хэцүү л байсан. Тэгээд Улаанбаатарт ирэхэд харин цагаан онгоцонд суугаад, нөгөөдхөд чинь харин хямарч барьдаггүй л байсан даа. Тэгээд сум Улаанбаатар хооронд чинь дандаа л шуудангийн машин явж байсан. Машинаар чинь засмал зам байхгүй болохдээр чинь 2 хонож байж л Архангай ордог, сум руугаа бол бүтэн өдөр явж байж ирдэг, өглөө гарсан шуудангийн тэрэг чинь 8,9-ийн үед л тэгж л явдаг байсан. Өвөл зунгүй л явна ш дээ, тэр чинь хүйтэн ч гэсэн дахтай, дулаан хувцастай тэгээд л шуудангийн машинаар л.
Саранцэцэг -
Та ер нь төрийн бус байгууллагатай харьцаж байв уу?
Сумьяа -
Үгүй ээ.
Саранцэцэг -
Заа, танд хэлье дээ, гэсэн миний асуугаагүй юм байвал ярьж болно?
Сумьяа -
Байхгүй, байхгүй.
Саранцэцэг -
За таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа, та эрүүл энх байгаарай.
Сумьяа -
Заа чамд ч гэсэн баярлалаа. Заа,чиний ажилд амжилт хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.