Yunden


Basic information
Interviewee ID: 990165
Name: Yunden
Parent's name: Tserendorj
Ovog: Buurangiinhen
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bat-Ölzii sum, Övörhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
relations between men and women
environment
urban issues


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

work - labor
leather and hide factory
collective
men and women
family
democracy
urbanization
city life
nature and environment
foreign relations
childhood
schoolchildren's life
techniques and technology
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу?

Юндэн -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Одоо хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье. Та арьс ширний үйлдвэрт хотод хэдэн онд ирсэн билээ дээ..., ?

Юндэн -

Би 74 онд.

Саранцэцэг -

74 онд одоо арьс ширний үйлдвэрт одоо ажилд орж байсан, та тэр тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Юндэн -

Би энэ Био үйлдвэрт нягтлан хийж байгаад, 450 цаасны цалинтай, хотоос.., гэр хотод байсан, тэгээд ер нь 450 цаас хол газар явж ажил хийхэд хүрэлцэхээ байсан л даа. Түүнээс гадна цалин бага, тиймээс амьдралаа сайжруулахын тулд хотод ирж, хот руу орж арьс ширний үйлдвэрийн нэгдлийн шевретийн үйлдвэрийн бээлийний цех гэдэгт өөрийн хүсэлтээр нормчингоор орсон. Заа тэр үед ажил их хүнд, бүх төрлийн натри шохой, заа тэгээд л цууны хүчил, аммиак гэх мэтчлэнгийн бүх хортой материалуудтай харьцаж ажилладаг, гутал салтаагаа тулсан усны гуталтай, урдуураа резинэн хормогчтой, резинэн шляпан малгайтай резинэн бээлийтэй, ингэж ажил хийдэг, хүнд нөхцөл. Тэгэхдээ тэр болбол тухайн үедээ болбол суралцаад, хийгээд нэг сар гарантай болбол ер нь нэлээн залхаж байснаа сүүлдээ тэрэнтэйгээ ажилдаа дасч эхэлсэн. Тэгээд тэр үйлдвэртээ ер нь тэтгэвэрт гаран гартлаа 91 оны 3-р сар 15-нд төрсөн өдрөөрөө тэтгэвэрт гарч байсан. Энэ хооронд би тэр үйлдвэрийг тэр нэгэн дамжлага дээрээ л явж байгаад, сүүлдээ тэгээд бригадын дарга 50, 60-аад хүнийг удирддаг, тэр хийсэн ажлынхаа 25%-н нэмэгдэлтэй бригадын даргыг ийм байлаа. Цалин хөлсний хувьд болбол ер нь тухайн үед үнэхээр чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр ав гэдэг зарчмаар тэр үед би зарим өндөр сард өндөр цалин авч байсан тохиолдлууд байдаг. Ер нь 2250 цаасны цалин нэг сард авч байхад, Паавангийн Дамдин гэж Улс төрийн товчооны гишүүн Хөнгөн хүнсний үйлдвэрийн Яамны сайд өөрийнхөө ажилчидтай уулзахдаа илтгэлдээ оруулж ...заа энэ хүн ийм өндөр цалин авч байгаа нь юу гэхдээр зэрэг «Чадлынхаа хэрээр хийж хийснийхээ хэрээр авдаг» гэдэг зарчмыг баримталж байнаа, миний хувьд Монгол улсын 9 удирдагчийн нэг боловчиг миний цалин ердөө л 1500 цаас. Тэгэхэд энэ хүн надаас 1000-аад цаасаар илүү байна шүү дээ гэж байсан. Заа тухайн үед би тэр үедээ ажилд бол одоо ер нь төлөвлөгөө норм гэж байсан, тэрнийгээ давуулна, 5 жилийн төлөвлөгөөт ажил гэж одоо ажилчид болгонд өгнө. Миний хувьд болбол одоо сүүлчийн гурван 5-н жилд гавшгайч болж байлаа. тийм. Голдуу нэг 5 жилийн ажлыг болбол ер нь тэр жилдээ багтаагаад, хийдэг байсан. Тэгэхэд чинь манай үйлдвэрээс ер нь “Хөдөлмөрийн баатар” 2 төрж байсан байх, тухайлах юм бол Хуушааны Нямжав, Өвөрхангай аймгийн Өлзий сумын харьяат, Балжинням гэдэг улсууд хөдөлмөрийн баатар болж байлаа. Түүнээс гадна бусад одоо медалиар манай үйлдвэрт олон хүн шагнагдаж байжээ. Заа миний хувьд болбол одоо гурван 5 жилийн гавшгайч, Ойн медалиудаар дээр нь Засгийн газрын жуух эд нар. Тийм юугаар шагнагдаж байжээ. Заа ийм шив дээ.

Саранцэцэг -

Хувь хүн үйлдвэрт ажилчин болоод оръё гээд очиход ямархуу журмаар ажилд авдаг байсан бэ?

Юндэн -

Тэр үеийн үйлдвэрт орох улсууд 1-рт чадах эсэхийг нь бас асууна л даа, ийм хүнд нөхцөл шүү гэж. Түүнээс гадна ийм ийм одоо хортой, ийм ийм одоо юмнаас болгоомжилж ингэж хий, гэж юугий нь сайн зааж өгнө. Заа тэгээд чадахгүй тэрүүнд одоо би нэг л амжмааргүй байна, чадмааргүй ажил шиг байна, гэвэл заавал ч үгүй албадан оруулж байсангүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр л авч байсан. Тэр хөдөлмөр хамгааллыг тэр үед бас маш сайн хийж байж л дээ. Тэгэхэд үйлдвэрийн ажилчдад нормын хувцсыг бол ерөөсөө бүтнээр нь өгнө. Одоо нэг ч одоо нормын хувцсыг дутуу өгнө гэж байхгүй. Түүнээс гадна юу гэхдээр зэрэг байнгын одоо нормын сүүтэй, аа амрах өдрөө амрах хугацаатай, өглөөний 8 цагт орсон хүн болбол оройны 5 цагт тараад, тэгээд оройн ээлжийн хүн юу гэхдээр 5 цагаас ороод шөнийн 1 цагт, шөнийн 1 цагаас бас нэг ээлж ороод өглөөний 8 цаг ийм 3 ээлжээр явж байсан юм. Ингээд 3 ээлж л бол одоо тасралтгүй явж байсан. Одоо үйлдвэр бол үлгэр юм шиг санагдаж байна. Тэр үед одоо арьс ширний үйлдвэр, ноосон эдлэлийн үйлдвэр орой 5 цаг, өглөөний 8 цаг шөнийн 1 цагт болбол ажилчид нь багтаж ядаж, гарч орж байлаа л даа. Иймэрхүү сайхан нүсэр юу байжээ. Одоо бүтээн байгуулалтын газар байж дээ.

Саранцэцэг -

Танай тэр үйлдвэр гадагшаа бүтээгдэхүүн гадагшаа экспортолдог байсан уу?

Юндэн -

Заа, одоо гадаадад экспортолдог, заа үслэг эдлэлийн үйлдвэр гээд манай үйлдвэрээс салсан тэр л бол одоо гадаадад нэхий дээл, элдсэн нэхий эд нар гаргадаг байлаа. Манай шеврет үйлдвэр хонины арьс боловсруулаад, бээлий, дээл, савхин дээл эд нарыг гаргадаг байжээ. Гутлын үйлдвэрээс болбол манайх Монголоос гаргасан гутлыг бол гадаадад экспортолдоггүй байсан.

Саранцэцэг -

Заа, тэр үйлдвэрт ажиллаж байгаа улсууд өөрийн нормт ажлаа хийхээс гадна, өөр ямар олон нийтийн ажил, амралтын ажлууд зохиогддог байсан бэ, өшөө одоо ямар ажлууд үйлдвэр дээр явуулдаг байсан бол ?

Юндэн -

Заа, үйлдвэр дээр олон нийтийн ажил их явагдана л даа. Өглөөний сонин уншлага, оройны юу гэхдээр зэрэг яриа. Түүнээс гадна соёл урлаг хүмсүүдийн хооронд, үйлдвэрүүдийн хооронд уралдаан тэмцээн, заа мөн одоо аялал зугаалга, иймэрхүү ажлууд жилд одоо юу гэхдээр зэрэг ажилласан жилээр нь хүмсүүдийн амралтыг өгдөг байлаа. Заа бага цөөхөн жил ажилласан улс болбол нэг 18 хоногтой, заа тэгээд өшөө олон жил ажиллаад ирэх юм бол 35,36 хоног хүртэл амардаг. Ажилласан жилээр нь болж амралтыг нь удаашруулж өгдөг, бас тухайн үед юу гэхдээр зэрэг арьс ширний нэгдлийн үйлдвэр, ноосон эдлэлийн үйлдвэрийн нэгдэл дундын нэг “Баянуул”-ын амралт гэж нэг сайхан амралт байлаа. Тэрэн дээр юу гэхдээр зэрэг энэ 2 нэгдлийн ажилчид тэнд амардаг, гэхдээ хөнгөлттэй нөхцлөөр тийм. Өөрөөр хэлбэл улсын амралтанд одоо 120 цаас төлдөг байсан бол, тэр амралтанд 80 цаас төлдөг жишээтэй. Тэгэхдээ тэд нар нь юу гэхдээр зэрэг өөрийн гэсэн малтай, адуутай үхэртэй, бүх малтай, тийм сайхан юу байсан даа, амралт. Аа ингэж л одоо бид нарыг харж үздэг байсийм.

Саранцэцэг -

Үйлдвэр дээр ажиллаж байгаа улсуудад “Социалист хөдөлмөрийн бригад” гэдэг юм байдаг. Тэрний гишүүд нь одоо яг нэг хүн шиг ажилладаг, бие биендээ ажлын талаар ч ахуйн талаар ч тусалдаг байсан гэж ярьдаг юм байналээ. тийм юм байсан уу, танай үйлдвэрт?

Юндэн -

Тиймээ, тэр социалист хөдөлмөрийн төлөө бригадууд бол байсан. Ер нь тэгээд сүүлдээ ер нь нэг 80-аад оны үед болбол төлөө бригад гэдэг юм тэгээд байхгүй болсон л доо. Тэгэхдээ юу гэхдээр зэрэг бригад бригадаараа уралдаантай ажилладаг, аа тэд нар нь өөрсдийнхөө тэр хийх ёстой жишээ нь би л байлаа гэхэд нойтон цехийн бригадын дарга байлаа. Тэгээд нэгэндээ ямар нэгэн одоо өвчин зовлон, үхэл эд нар тохиолдоход бол бригад тэр чигээрээ тэрүүнд туслах ажлаа зохион байгуулна. Түүнээс гадна, бригад нь үйлдвэртээ хэлж, үйлдвэрээс тусламж эд нар гаргуулж, ингэж ажилладаг байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрийн ажилчдыг зэргээр мастер зэрэг хүртэл нь зэрэг дэвээр дээш нь тэгж ажиллуулдаг, танай дээр тийм байсан уу?

Юндэн -

Тэгэлгүй яахав, тэр чинь. Юун дээр зэрэг дэвийг ахиулах юу гэхдээр зэрэг үйлдвэрийн комисс гэж байсан. Тэр комисс юу гэхдээр зэрэг ажилчдын мэргэжилдээ дадсан эсэх, мэргэжлээ дээшлүүлсэн эсэх, эд нар дээр хяналт тавина, үйлдвэрийнхээ нормыг биелүүлсэн эсэх дээр, түүнээс гадна сургалт явуулдаг байсан, тэгээд нөгөө сургалт явуулаад л ерөөсөө сургуулийн сурагчид шиг л тийм тийм, ийм ийм, юуны.., ажлын дадлагын талаар сургалт явуулдаг. Тэгээд тэрнийгээ юу гэхдээр шалгалт авч байж, одоо жишээлэхэд 6,5, 4, 3,2,1 гэж ийм дамжлагаар нөгөө зэргийг нь нэмнэ. Одоо тэгээд тэр зэрэг нэмэгдэх тусам л тэрүүнд ашиг байдаг л даа, зэргээ сайн ахиулсан хүн болбол аа одоо актны мөнгө гэж ярьдаг, актны мөнгө бол ахиу хувиар олгоно гэх жишээний. Бас шагналт цалин гэж байдгийм, шагналт цалин бас юу гэхдээр зэрэг хичнээн өндөр зэрэгтэй байна төдийчинээ өндрөөр тэр хүний шагналт цалин бодогдоно. Ийм ашигтай.

Саранцэцэг -

Ер нь хэвлэл мэдээллийн хрэгслээр үйлдвэрүүдийн тухай хэр мэдээлэл цацагддаг байсан бэ?

Юндэн -

Тухайн үед сайн цацагдана. Ер нь л бол одоо тэр л идэвхтэй, одоо манай үйлдвэрийг чинь хариуцсан үгүй ээ хариуцах ч юу байхав, яамнаас зарлаж байсан “Хөдөлмөр” сонин гэж байлаа. Тэрүүн дээр л бол одоо тэгээд л үйлдвэрүүдийн тэргүүн туршлага, одоо аль үйлдвэрийн аль цех, тэргүүн туршлага гаргасан байна одоо тэр яаж биелэгдэж байна, энэ талаар л бол байнгын тэрэн дээр гаргана. Тэгээд тэр тэргүүнийхээ улсуудыг зураг, хөрөгтэй сурталчилгаанд гаргана. Нөгөө талаар юу гэхдээр зэрэг телевизээс их сурвалжлагч очдог байлаа.

Саранцэцэг -

Гадаадын мэргэжилтэн гээд танай үйлдвэрт хичнээн хүн ажиллаж байв?

Юндэн -

Манай үйлдвэрт тэр манайх Чех улсын тусламжтай тэдний технологиор ажлаа явуулж байсан. Тэр учраас юу гэхдээр зэрэг Чехийн мэргэжилтэнгүүд ажиллаж байсан.

Саранцэцэг -

Тэр гадаадын мэргэжилтнүүд монгол хүнтэй харьцахдаа ямархуу байдлаар харьцдаг байсан бэ?

Юндэн -

Ерөөсөө тэр үед чинь социалист систем гэж байсан болохоор ер нь багагүй энгийн байдлаар, тэгж тушаасан, гэсэн юмнууд гадаадын мэргэжилтнүүдэд байгаагүй. Тэд нар болбол мэргэжлийнхээ ажлыг Чехэд мэргэжил эзэмшсэн улсуудаар орчуулуулаад, заа энэнийг ингэмээр байна, энийг тэгмээр байна гэдэг зөвлөгөө өгнө үү гэхээс биш, шууд одоо тийм удирдах юмнууд бол хийдэггүй байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажиллаж байсан эрх тушаалтай дарга улсууд доод тушаалын улсуудтайгаа ямархуу харьцдаг байсан бэ?

Юндэн -

Ердөө жирийн харьцаатай, тэр үед. Ер нь нэг их тушааж яах гэж байхгүй шүү ер нь, гайгүй.

Саранцэцэг -

Яг танай дарга нар ямар улсууд байсан?

Юндэн -

Манай үйлдвэрийн дарга чинь одоо одоогоороо л байна даа. Хэн гэж, Авирмэд гэж. Шевретийн үйлдвэрийн дарга Авирмэд гэж шевретэд олон жил хийсэн хүн дээ, маш их туршлагатай хүн байсан. Авирмэдийн дараа Дашдондов гэж тэр үед чинь нэхий эдлэлийн үйлдвэр дээр тэр хүн дарга байлаа. Хуучин гавьяат жүжигчин Баточир гээд хүний хүүхэд дээ, төрийн шагналт Дандар гэдэг хүн дарга байлаа.

Саранцэцэг -

Яг танай үйлдвэрийг хамгийн сүүлийн үеийн шинэ технологи ашиглаж барьсан үйлдвэр байсан уу, тухайн үедээ?

Юндэн -

Тухайн үедээ болбол ер нь Чех улсын тусламжаар баригдсан үйлдвэр, тэдний технологиор, яг тэр үедээ болбол яг сүүлийнх гэж хэлэхгүй ээ, бас л одоо нэг надыг ажилд орж байх үед болбол жаран хэдэн онд байгуулагдсан үйлдвэр чинь болбол юм хум нь муудаж барьсан, тэрэг техник болбол байсан. Тэрэг техник гэж би юу хэлж байна гэхлээр нөгөө арьсаа боловсруулдаг, техникүүдийг ярьж байна л даа. Тэгээд ер нь муудаад, яагаад ирэхдээр зэрэг нь ардчилсан Германаас Чехээс сэлбэг юунуудаа, машин механизм оруулж ирдэг

Саранцэцэг -

Та одоо 450 төгрөгний цалин авдаг байж байгаад, 2250 төгрөгний цалин авдаг болсон, энэ үед та өөртөө мөнгөний хуримтлал үүсгэж чадав уу?

Юндэн -

Би тэтгэвэрт гарахынхаа урд тал дээр надад тухайн үедээ бол би асар их мөнгө өөртөө бол цуглуулсан байсан. Тухайлах юм болбол би тэр үед нөгөө ямар ч гэсэн 70-аад мянган цаастай байжээ. Тэр үеийн 70-аад мянган цаас бол 3 машины өртөг буюу, юм л даа. Тэгээд ганц юу нь гэхдээр зэрэг тэрнийг ашиглаж чадаагүй. Яагаад вэ, 20-р тогтоол гарсан. Цаас бол цаас л болсон. Дараа нь юу гэхдээр 7000 төгрөгөөр хэдэн хүүхдүүдээ ч гутал авч хүргээгүй ийм л юм болсон. 70,000 төгрөгөөр. Ингэж одоо шатаж байлаа даа. Тэр одоо 20-р тогтоол гарсны дараа бол тэгээд юм мөнгө 2 нугаларсан, юмны үнэ болбол тэгээд замбараагаа алдаад идэж уух юм, хувцас хунар дийлдэхээ байсан, тэгээд тэр болбол юм болоогүй өнгөрсөн. Тухайн үед би бараажуулсан болбол тэр мөнгө болбол их мөнгө байсан тэр үед чинь.

Саранцэцэг -

Та тэр үед гэр бүлтэй болсон байсан уу?

Юндэн -

Өө тэгсэн. Хүүхэдтэй байсан.

Саранцэцэг -

Заа, ер нь бол эмэгтэй улсуудын байдал яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ, одоо амьдралын туршлагаас харж байхад?

Юндэн -

Ер нь ажиглаж байхад уу, одоо бол ер нь тэр үеийн юу гэхдээр зэрэг амьдрал амьдарч байсан эмэгтэйчүүд, тэр үед амьдарч байсан эрэгтэйчүүд, тэд нарын ерөнхий юу нь харьцуулаад үзэхэд болбол ухамсар нь ч тэр, амьдрал нь ч тэр ердөөсөө өөр ертөнцөд очсон юм шиг л өөрчлөгдсөн. Тухайлах юм бол тэр үед юу гэхдээр зэрэг Улаанбаатар хотод биеэ үнэлдэг эмэгтэй хүн гэж хаана ч байгаагүй. Тэр үе юу гэхдээр зэрэг наймаа, сул наймаа хийгээд явж байдаг тийм хүн болбол ерөөсөө ажил хийлгүйгээр наймаа хийдэг хүн гэж байсангүй. Хэрвээ наймаа хийх юм болбол чи ер нь дамын наймаа хийлээ гэнэ, ийм байсан. Одоо болбол ерөөсөө бүгдээрээ наймаагаар амьдарч байна, бүх эмэгтэйчүүд нь ер нь харьцаа, одооны энэ улсуудад бол тэр үеийн тэр улсуудын харьцаанаас бол өөр болсон л доо. Тухайлах юм бол эмэгтэчүүдийн тэр биеэ авч явах байдал, хүнтэй харьцах харьцаа энэ бүгд тэр үеийн тухайлах юм болбол зүгээр монгол хүний юу гэхдээр зэрэг хэвшлээс өөр, тийм нэг энэрэнгүй биш, тийм болж хувирсан л даа. Ер нь эрэгтэй эмэгтэй ялгаагүй, одоо ийм л. Тэр үед чинь бол хүүхдүүд, тэнэмэл хүүхэд гэж ерөөсөө байсангүй. Тэнд траншейны хүн гэж ганц ч байсангүй. Архичин гэх юм бол би бараг л бүгдээрэнг нь тоолно, тэр үед хэдэн архичид Урт цагааны тэрэнгээр эргэлддэг, аа нэг 20-иод тооны эрэгтэйчүүд, 4,5 тооны эмэгтэйчүүд л байсан. Өөр одоо архичин гэж байгаагүй. Энийг л мэдэх юм.

Саранцэцэг -

Эрэгтэйчүүд яаж өөрчлөгдсөн?

Юндэн -

Мөн л ижил. Ер нь ялгах юм байхгүй. Тэр үеийн бүх улсуудын юу бол миний насны улсуудын эх эцгээсээ уламжилж ирсэн, араншин болбол одооны хүнд болбол ерөөсөө байхгүй. Тэр бол өнгөрсөн. Хүнийг хүндэтгэхээ байсан, зүгээр бүгдээрээ бол бас биш боловчиг ер нь настныг хүндэтгэх, заа нэг сандал суудал, одоо тэр чинь социализмын үед чинь настай хүн автобусанд ороод л ирэх юм бол одоо бушуухан босоод л, та энд суу гээд л сандлаа өгч байсан. Тэгдэг юм бол одоо байхгүй болж л дээ. Хүнтэй зөв мэндлэхээ байж. Одоо жишээлэхэд хэл яриа нь өөрчлөгдчихсөн. Тухайлах юм бол одооны энэ залуучуудтай ярих юм бол ...тийм ш дээ, ийм ш дээ, тээ тээ тээ... гээд ярьж чадахгүй тээглэчихдэг, одоо тэгээд яриа хөөрөө эд нар хүндэлж байгаа нь ч гэсэн, ..бака ч.. гэдэг юм уу, юу гэдэг юм ийм болчихсон. Монгол сайхан, ...та амархан сайн байна уу.. гэдэг бол одоо тэгээд байхгүй болж. Аягүй л бол монгол хэлний юу нь сангаас хасагдах нь л дээ. Ийм дээрээ л тулж.

Саранцэцэг -

Социализмын үеийн гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Юндэн -

Тэр социализмын үед гэр бүлийн амьдрал бол үнэнч шударга, тухайлах юм бол салалт гэж байсангүй бараг. Хэрвээ салахын болбол тэгээд ажлын газраас дээрээс нь юу гэхдээр зэрэг гэр бүлийн талаар тогтворгүй, гэж арга хэмжээнд ордог, Эвлэлийн гишүүн бол эвлэлийн байгууллагаасаа арга хэмжээнд ордог, намын гишүүн бол намынхаа шугамаар арга хэмжээнд ордог, ажилтай бол ажлынхаа газрын шугамаар зэмлүүлнэ. Найз нөхөд нь зэмлэнэ. ...Чи одоо өдий болчихсон юм байж, та хоёр юу салах, одоо болбол тэр сална нийлнэ, ерөөсөө жирийн үзэгдэл болчихсон, өнөөдөр салаад маргааш нь нэг хүнтэй сууна, маргааш нь салаад, нөгөөдөр нь нэг хүнтэй суух янзтай л болчихсон байна, ашигтай л болбол. Хамаагаа алдсан. Тийм л болчихож.

Саранцэцэг -

Улс тухайн үедээ тэр гэр бүлийн талаар ямар бодлого баримталж байсан бэ?

Юндэн -

Тэр үед болбол гэр бүлийг тэр үеийн гэр бүлийн бодлогыг төр засгаас болбол ер нь маш дээд зэргээр л харж үзэж байсан гэж л хэлэх гээд байна. Яагаад вэ гэвэл та олон хүүхэдтэй болохын бол одон авчихдаг, тэгээд одоо 1-р одон, 2-р одон гээд л байдаг. Тэр нь цалинтай. Тухайлах юм бол олон хүүхэдтэй хүн хүүхэд нь 18 нас хүртэл нь 4 хүүхдээс дээшхи хүүхэдтэй айлыг олон хүүхэдтэй боллоо гээд жилд одоо мөнгөн тусламж үзүүлдэг, тэгээд юу гэхдээр зэрэг салалтыг бол ер нь жигшүүртэй л гэж үздэг байсан, ер нь гэр бүл салалтыг болбол хуулиар бүр одоо бүр салж болохгүй гэсэн үг биш л дээ. Ер нь салах дээрээ тулах юм бол та нар одоо эвлэр, та нарыг одоо 1 сар харъя, 2 сар харъя та нарыг буцаалаа гэж шүүх нь тэгж буцаадаг байсан. Одоо болбол тийм юм байхгүй л дээ. Зүгээр саллаа л бол салаад явчихна ш дээ.

Саранцэцэг -

Аа гэр бүл болоогүй байсан бол улсад татвар төлдөг байсан уу?

Юндэн -

Үнээн, тэр чинь юу гэхдээр зэрэг 18 нас хүрээд гэр бүл болоогүй болбол хүүхэдгүйн мөнгө, тийм. Хүүхэдгүйн мөнгө, хүүхэд гарга. Юу гэхдээр зэрэг Монгол улсын одоо тэр 2 сая хэдэн зуун мянган хүнийг чинь одоо үржээ, та нар одоо үр хүүхэдтэй бол. Монгол улсад 2 ч хүүхэд, 3 ч хүүхэд гаргаадах гэж бас нэг тэрнийг өөрөөр хэлбэл цалингаар нь юу гэхдээр торгох, маягаар одоо тэрнийг хүнтэй суу чи, хүүхэд гарга гэж тийм юм болбол байсан юм.

Саранцэцэг -

Цаагуураа тийм учиртай байжээ, тиймээ?

Юндэн -

Тийм.

Саранцэцэг -

Одоо ингээд гэр бүлийг дэмжиж байгаа ямар бодлого явуулж байна, та энэ талаар юу гэж боддог вэ ?

Юндэн -

Одоо ч яахав дээ, гэр бүл болсон улсуудад сая нэг энэ ч одоо дэмий шахуу юм даа, 500,000 цаас өгнө гэж байгаад баахан хуурамч гэрлэлтүүдийг л хийчихлээ. Өөр одоо юу гэхэв. Одоо энэ гэрлэлтийг дэмжиж байгаа нь гэж балай юм хийсэн. Би энэнийг хэзээ ч зөвшөөрөхгүй, 500000 цаас өгнөө, та нарыг гэрлэчих юм бол, шинэ гэр бүл болбол гээд. Энэ бол сонгуулийн юугаар нэг ийм байлай юм хийчихсэн, одоо юу гэхдээр нэг хүн 3 хүнтэй гэрлэчихсэн, сая сонин дээр байж л байна ш дээ. Ийм л балиар, нөгөө мөнгөөр нь аваачиж өгч байж, тэд нарыг гэрлүүлэх гэж байгаа юм уу, яах гэж байгаа юм, ингээд одоо хүүхэд болгоныг мөнгөтэй болгоно л гэсэн, одоо нөгөөдөх нь ихэнх нь эргүүлээд, одоо хүүхэд болгонд өгөөд байх чадвартай ч юм уу, чадваргүй болчихсон юм бишүү, энэ тэгээд нэг бантангий нь хольсон юм энэ юун дээр гараад ирэх шив. Би болбол тэгж л боддог. Мөнгөөр гэрлэнэ гэж юу байхвээ дээ.

Саранцэцэг -

Монголд 90-ээд оны үед ардчилсан хөдөлгөөн гарсан, таны гэр бүл тэр хөдөлгөөнд оролцож байв уу, таны амьдрал тэр үед одоо ямархуу байдалтай байв ?

Юндэн -

Тэр үед ардчиллын хөдөлгөөн оролцож байхад манай залуучууд болбол очдог байлаа л даа. Тэгээд юманд болбол нэг жаахан суурьтай байх хэрэгтэй, та нар нэг учир мэдэхгүй байгаа юм биш үү гээд би тэднээс арай ахмад учраас дүү нартаа ярьдаг байсан. Тэр нь хамаагүй, тийм юм хийгээд байхын ч хэрэггүй байхаа даа, суурьтай л байсан дээр шүү, гэж. Тэгээд одоо ингээд харж байхад, би 40, 50-иад хүн удирддаг байсан, бригадын дарга хийж байсан гээд ярилаа ш дээ, тэд нарыг одоогоороо юу гэхдээр зэрэг нөгөө бид нарыг ад үзээд байсан ч гэмээр тийм жагсаал магсаалд ороод байсан улсууд нь яасан б гэхээр үйлдвэрийг нь хувьчлаад, нэг хүний мэдэлд өгчихсөн. Хувьцаат компани гээд. Тэгэхээр үйлдвэрийн эзэн болбол ерөөсөө 2,3 хүний мэдэлд орчихдээр үйлдвэрүүд нь зогсчихсон. Нөгөөдүүл чинь юу гэхдээр зэрэг хятадуудыг авчраад, оёдол моёдол нээгээд, шевретийн үйлдвэр зогсчихсон, бүх үйлдвэрүүд зогсчихсон. Тэгээд хөндий байшингууд үлдсэн, нөгөөдүүл чинь ажилчдаа халаад хаячихсан, хувьцаат компаниуд. Өө тэрнийгээ агуулах болно уу, яах ийх тэр одоо тэр дарга хэдхэн хүний ажил болоод, нөгөө нэг сайхан үйлдвэрүүд хаагдсан. Нөгөө надтай цуг ажиллаж байсан, нөгөө ардчилсан хөдөлгөөнийхнийг дэмжиж байсан залуучуул маань бүгдээрээ ажилгүй болчихоод л, одоо нуухаа гоожуулаад л гудманд сууж байна. Энэ л болбол юу гэхдээр ардчилал гэдэг нэрийг барьж, монголын ард түмнийг үнэндээ хохироосон. Яагаад вэ гэхдээр тэр их сайхан ажиллаж байсан, язганаж байсан, тэд нар болбол ардчилал гэхдээр зэрэг бүр ерөөсөө бэлэн одоо ерөөсөө нэг дураараа яасан нэг танхай улсууд л болохыг нь бодоод амьдрал нь ч ингээд үйлдвэр нь ч яваад байхын бодсон чинь нөгөө үйлдвэрийг нь хэдэн хүн худалдаж аваад, нөгөө нэг цэнхэр, ягаан тасалбар цуглуулж аваад л, нөгөөдүүлийг нь аваачаад бут бут цохиод хаячихсан. Ийм л юм болсон. Юу гэхдээр зэрэг би ардчиллын талаар жаахан дурамжхан бодолтой явдаг л даа. Одоо энэ гадуур болж байгаа юм, тэр ардчилалаас хойш хүний амьдрал миний амьдрал бол улам муудсан, тэр 2000 цаасны цалинтай байсан хүн 70000 цаас кассанд байсан, 70000 гэж би худлаа яриад байнаа даа. Тиймээ, тийм 70000. Тэгээд тэр эд нараа тэр болбол орлого болчихсон, нөгөөд 20-р тогтоол гэдэг юмаар чинь. Тэгээд ер нь 7 цаас 50 мөнгөөр нэг мах авч иддэг байсан болбол одоо 3000, 4000 цаасаар кг мах авч байгаа юм чинь. Чүдэнз 10 мөнгөөр авдаг байсан бол одоо 40 төгрөг болчихсон байж байна. Мөнгө гэдэг бол ерөөсөө тэр мөнгөний юуг нугалснаас болоод л, задгай мөнгө гэдэг одоо гүйлгээнд орохоо байчихлаа, задгай мөнгөөр чинь одоо ер нь их юм авдаг байлаа ш дээ. Тэгээд ингэхээр чинь ахуй амьдрал доройтолгүй яахвээ дээ. Одоо тэгээд тэтгэврийн улсууд бол хэцүү л дээ.

Саранцэцэг -

Ардчилал хүмүүст хүйсээр ялгаатай нөлөөлж байсан уу?

Юндэн -

Заа, даа одоо мэдэхгүй юм даа. Ерөөсөө тэд нарын хувьд бол ямар байдаг юм, ерөөсөө сонирхдог ч үгүй.

Саранцэцэг -

Төрийн бус байгууллагуудтай та харьцаж байсан уу? Ер нь энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Юндэн -

Би ер нь бол тэр талаар ер нь тэтгэвэрт гарсан хүн чинь ер нь нэг зурагт хардаг л өвчтэй болчихдог юм байна ш дээ. Тэр талаар ер юм хараад байх юм байхгүй.

Саранцэцэг -

Хамгийн анх хотод орж ирэхэд хотын амьдрал ямар байсан, одоо хотын амьдрал яаж өөрчлөгдөөд байна?

Юндэн -

Надыг техникумд орох гээд 58 онд Улаанбаатар хотод орж ирж байхад УБ хот их сайхан цэлгэр, гудамжаар нь явахад ч их чөлөөтэй, дэг журамтай, юуны.., машин техник их ховор, сайхан байлаа. Тэгээд одоо төв талбайн урд талд тэр сад /цэцэрлэг/ мад чинь янзын сайхан чөлөөтэй, их сайхан хот байсан. Тэр үедээ хөдөөнөөс ирсэн хүндээ л тэгж харагдаж байсан болохоос үнэндээ Улаанбаатар 58 онд надыг орж ирэхэд, энэ тээврийн товчоон дээр л бууж байсан энэ 2-н хооронд, энд юугэхдээр зэрэг 1-р цахилгаан станц, төмөр замын нэг хэдэн 2 давхар 3 давхар байшингууд, тэгээд энэ 40 мянгатын барилгууд хэдхээн, цаашаагаа яваад, одоо нөгөөд бирж эд нар орчихсон Элдэвочирын кинотеатр нэг өндөр байшин харагддаг байсан. Өндөр хоршоо гэж одоо нөгөө, байж байгаад тэр нэг жаахан өндөртөө орчихно. Тэгээд Засгийн газрын ордон хүртэл одоо 2 давхар байсан санагдаж байна. Тэгээд л цаашаагаа Дуурь бүжгийн театр, Санхүү эдийн засгийн техникум, энэнээс өөр нэг тийм үзэгдчихээр тийм том байшингууд байгаагүй ш дээ, 58 онд. Одоо бол багтахаа байчихаж, байшингууд нь.

Саранцэцэг -

Ер нь болбол хот гэдгийг юу гэж ойлгодог вэ?

Юндэн -

Хот гэдгийг үү?

Саранцэцэг -

Манай энэ Улаанбаатар хот чинь бусад суурьшмал газрын хотуудаас юугаараа онцлогтой вэ?

Юндэн -

Манай энэ хот болбол их сайхан байсаан. Заа энэ хувийн хэвшил гэж нэг юм гарч ирээд л, одоо ерөөсөө жишээлэхийн болбол нөгөө юмыг тооцоотой төлөвлөгөөтэй л эрхэлдэг л дээ. Жишээлбэл хотын ирээдүйн юуг гэхдээр зэрэг нэг тийм эмхтэй цэгцтэй л зураг төсөл л байдаг бол тэрнийг хувийн хэвшлийнхэн гараад ирэхээр газраа булаацалдаад л, хаа л бол хаа байшин бариад ирэхдээр зэрэг нөгөө эмх замбараа нь алдагдаад, одоо Улаанбаатар хотод хаашаагаа л бол хаашаа мухар, ийм л жигтэйхэн байшингуудын амьсгаа давчидмаар өндөр байшингуудын юу болчихлоо ш дээ. Овооролдоод, тэгээд тэр үеийн юу гэхдээр зэрэг эхлээд цэгцтэй байсан тэр журмаар нь явуулсан болбол уул нь зүгээр байсан юм. Одоо УБ хот болбол ерөөсөө хот руу ороход төвөгтэй, үгүй ээ одоо наана хаялаа гэхэд нөгөө ганц урсдаг Туул голынхоо бургаснуудыг бүгдийг нь хядаж хаячихаад, ирмэгээр нь одоо орон сууцны барилгууд барина гэдэг чинь Туул руугаа л баас шээс нь орно гэсэн үг ш дээ, ийм л юм. Туул гол маань ширгэх байх. ер нь одоо манай УБ-ыг болдогсон болбол одоо тэр Шувуун фабрик руу нөгөө талыг нь энэ Налайхтай одоо ингэж л тэлж өгөхгүй л нэг газар нь овоолоод л байхгүй тэлж өгөхгүй л бол энэ чинь хачин юм болно л доо. Утаа, угаар униар, найгаа алдсан.

Саранцэцэг -

Танд одоо хотын амьдралаас таалагддаг юм нь юу вэ?

Юндэн -

Байхгүй болсоон, хөдөө л гармаар болж байна.

Саранцэцэг -

Та хамгийн сүүлд өөрийнхөө нутаг руу хэдэн онд очсон бэ?

Юндэн -

Би жил болгон очдог, намаржаад л ирдэг.

Саранцэцэг -

Өө тиймүү, танай нутагт байгаль орчин яаж өөрчлөгдсөн байна? Сайн өөрчлөлт юу байна, муу өөрчлөлт юу байна?

Юндэн -

Дэндүү бас, манай нутаг ч гэсэн нутаг биш болчихоод байна, тухайлах юм бол Орхон гол маань одоо ерөөсөө ширгээд тасалдаад байдаг болчихож. Улаан цутгалангийн Хүрхрээ урсахаа байчихаж. Могойтын рашаан Хятрууны рашаан, Хамрын рашаан, Жимстийн рашаан, Хустын рашаан, Үүртийн тохойн рашаан гээд олон рашаан байсан, бүгдээрээ юу гэхдээр зэрэг жижгэрчихсэн багасчихсан байна. Тэгээд түүнээс гадна Цагаан гол, Хамрын гол, Могойтын гол, Хүнэгийн гол гээд л олон тэгээд л Баруун сөдтэй, Зүүн сөдтэй гээд л Билүүтэй гээд л олон амнуудын голууд бүгдээрээ ширгээд дуусчихсан байна. Ер нь одоо байгаль бол ерөөсөө найгүй муухай болж дээ. Тэгээд л Баруун сөдтэй, Зүүн сөдтэйн энүүгээр алтны уурхай гараад ирчихсэн, эх газрыг нь онгичиж өгөөд л, Орхон голын эх өөд юу гэхдээр зэрэг алтны одоо юу яагаад л, гол горхи нь ингээд ширгээд л, ийм л болчихсон байна.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдсөн юм байна уу?

Юндэн -

Тэр ч ёстой үгүй байхаа. Нэр ч нэг их өөрчлөгдөөгүй.

Саранцэцэг -

Танай тэрүүгээр овоо сайхан, нааштай ингээд өөрчлөлт гарсан юм гэвэл ?

Юндэн -

Одоо харагдахгүй юм даа, сумын төв л одоо энэ олон байшинтай, бас л нэг УБ хот шиг нэг их нэлийсэн л хороолол болсон. Ер нь хөдөө тэр хөдөөний жалга болгонд, ам болгонд л мал ахуй бэлчээд л, айл хунар тэр голын хөвөөгөөр сайхан налайгаад л байдаг байсан, одоо ер нь бүгдээрээ л сумын төв рүүгээ л чихчихсэн байлаа ш дээ. Тэгэхээр ямар өөдтэй байхав, нөгөө л УБ хот руу ерөөсөө л аймгийнхан чихлээ гэдэг шиг л, сумын төв рүүгээ хөдөөний малчид маань сумынхаа төв рүү л бууцгаагаад, бас л одоо суурьшиж төвшиж, тэгээд эхэлж байгаа юм байналээ. Нутаг маань харин эзгүйрэх нь үү, зарим ам өөд нь гэмээр харагдаж байна, сумын төв дээрээ. Заа тэгээд цагаачид гэж дүүрчихсэн, тэр чигээрээ. Урд нь болбол манай Батөлзийд чинь заа даа, нэг 10 хүнтэй 10 хүн байлаа гэхэд л нэг 3 нь л Батөлзий сумын унаган иргэд, бусад нь гаднаас ирж суурьшсан улсууд, энэ яагаад тэгж байгаа юм бэ, гэхлээр тэгэхээр манай Батөлзий чинь модны газар болохдээр мод бараадаж амьдрах гэсэн улсууд л тийшээ маш их ирж байгаам.

Саранцэцэг -

Танай нутагт одоо алт олборлоод байгаа юм байна тээ?

Юндэн -

Тийм.

Саранцэцэг -

Аа тэгээд төрийн хамгаалалтанд авсан газар байхгүй юу?

Юндэн -

Нэг ч байхгүй. Төвхөн хийд одоо нэг жишээлэхийн бол Төвхөн хийдийг төрийн хамгаалалтанд тэр одоо Орхоны Улаан цутгаланг, ер нь Орхон голоо тэгээд тэр нэг хэдэн Хангайн согоо гэж урд тал дээр нь яг сумын төвийнхөө урд тал дээр тэр эд нарыгаа төрийн хамгаалалтанд авбал авчихаж болмоор л байгаа юм. Тэгээд ерөөсөө Монголд чинь цутгалан гэхээр ерөөсөө Улаан цутгалангийн л хүрхрээ л байдаг юм ш дээ. Одоо тэр нь тэгээд л дээд тал дээр нь алт олборлоод л, тэгээд л нөгөөдөх нь ширгээд байж байгаа юм чинь. Тэгэхээр одоо яахав, одоо тэгээд дараагийнх нь жуулчдын бааз эд нар байгуулж байна, наагуур нь, үгүй ээ тэгээд ширгэчихсэн Улаан цутгалангийн Хүрхрээний зүгээр нэг жасаагий нь харуулах юм уу яах юм, тэр тэр Улаан цутгалангийн хөвөөн дээр жаахан юм барьчихсан байналээ. Наад Үүртийн тохой дээр бас жуулчдын бааз эд нар барьчихсан байналээ, тэгээд одоо нэг Орхон гол нь ширгэчихээр чинь тэд нар чинь юугаа үзэх гэж явахав, жуулчид очоод. Тэгэхээр эхлээд гол горхио хамгаалж байж, дараа нь тэр жуулчдаа явна гэхээс өөр юугэхэвээ дээ.

Саранцэцэг -

Малыг одоо малчдад нь өгөөд, малчдын амьдрал сайжирлаа гээд байгаа, тийм юм ажиглагдаж байна уу?

Юндэн -

Заа даа, би энэ дээр нэг янзын бодол байдаг юмаа, манай эцэг улсын сайн малчин байсан. Би олон хүүхэдтэй айлын хүүхэд, эхээсээ 14-үүлээ, тэгээд надыг 58 онд юу гэхдээр зэрэг хамгийн сүүлд овоо хэдэн малтай болохоороо манай аав нэгдэлд орохгүй гээд 8-хан хүн үлдчихээд байж байхад манай эцэг ороогүй байсан юм. Тэгж байгаад л аргагүй эрхэнд шахагдаад л орсон доо. Тэгэхэд би манайх 600-аад хонь, 100-аад адуу, бас тэр тооны үхэр 10-аад атан тэмээ нийгэмчилж өглөө дөө. Сая бол юу гэхдээр зэрэг хөдөө байдаг хэдэн дүү нарт маань бол тэрний 10 % нь ч ирээгүй, яагаад вэ гэвэл нэгдэл тарахад 10 хонь, 2 үхэр, 2 адууны тоотой л юм дүү нарт маань өгсөн байналээ. Тэгээд юу гэхдээр зэрэг 7,8 айлын чинь тийм тоо гэдэг чинь эцгийнхээ голомтын нэг 100-аад хонь, 20, 20 адуу үхэр, хоёр авсан байналээ, бусад нь байхгүй. Тэгэхээр тэрнийг яасан б гэхээр ерөөсөө тэр нийгэмчилж байх үед хичнээн юм авсан, тэрнийг нь жаахан харж үзэж тараалгүйгээр л ерөөсөө ганц “чаа” гэх ямаагүй айл ч орж байсан, тэр болгондоо л өгчихсөн байхгүй юу дээ. Тэгэхлээр чинь нөгөө юм чинь заавал ч үгүй нэг их..., ер нь тэгээд хөрөнгөө ахиу оруулчихсан улсууд бол одоо өнөөдөр нэг ийм компьютер дээр ингээд яах юм бол ...өө энэ чинь ерөөсөө ягаан тасалбар 1000-г гэсэн байна ш дээ, энэнийх ийм байх ёстой хувьцаа гээд л үзнэ дээ, тэгээгүй. Зүгээр тэгшлээд л тараачихсан.

Саранцэцэг -

Социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай харьцдаг тийм боломж байсан уу, Монголд ер нь Зөвлөлтийн иргэдээс гадна өөр ямар улсын иргэд амьдардаг байсан бэ?

Юндэн -

Заа даа, ер нь байгаагүй дээ. Ер нь Зөвлөлт Орос хүсмүүс л байсан, ер нь тэгээд хятадуудыг ч, хятадууд харин хүмүүс нэг хэсэг орж ирээд, харин 2 орны харьцаа муудаад, жаран хэдэн онд, тэгээд ерөөсөө л орос мэргэжилтнүүд байсан юм.

Саранцэцэг -

Та болон таны гэр бүлийнхэнд гадаад найз нөхдүүд байсан уу?

Юндэн -

Байгаагүй.

Саранцэцэг -

Гадаадын эд барааг монголчууд ер нь хаанаас олж авдаг байсан бэ?

Юндэн -

Заа гадаадын эд бараа юу. Гадаадын эд барааг зах дээрээс нэг хайна, орос дэлгүүрээс нэг хайна, өөрөөр бол бололцоо байхгүй. Заа зүгээр амралтаараа ч байдаг юм уу, шагналаар гадаадад явсан улсууд яахав дээ, нэг гутал оймсхон л байх даа, өөр юу байхав дээ. Нэг тийм л юм олж ирнэ үү гэхээс өөр юм байхгүй.

Саранцэцэг -

Гадаадын улсууд руу аялалаар, жуулчлалын журмаар хүмүүсийг шагнаж, урамшуулаад явуулдаг байсаан, тэр орнууд нь дандаа социалист орнууд байсан уу?

Юндэн -

Тэгсэн. Дандаа социалист орнууд. Чехд ч байдаг юм уу.

Саранцэцэг -

Та өөрөө хувиараа гадаад орнууд руу явсан уу?

Юндэн -

Яваагүй. Би ганцхан удаа юу гэхдээр зэрэг юугаар Кяхтаар нэг гарч, нэг 2,3 хоног зугаалгаар яваад л ирсэн. “Галуут нуур” эд нар гээд. Өөр ерөөсөө явж байгаагүй.

Саранцэцэг -

За дахиад таны хүүхэд нас руу эргэж оръё л доо, таны одоо хүүхэд нас бусад хүүхдүүдийнхээс ялгаатай юм байсан уу?

Юндэн -

Одоо тэр үеийн, тэрүедээ юу? Тэр үедээ би хэдийгээр баян айлын хүүхэд ч байлаа гэсэн манай эх эцэг бид нарыг малын гэдэс дотроор л өвөлжүүлж байсан, зуны цагт юу гэхдээр зэрэг цагаан идээгээр гадар мах болбол бараг барих эрхгүй л байсан, тэр нь яагаад вэ гэхдээр хүүхдийг багаас нь амьдралд сургаж байна л даа. Аа гадны улсуудад болбол хонины мах чанаж өгөөд л, хүүхдүүдэд бол гэдэс л өгнө шүү дээ. тийм. Тэгээд тиймэрхүү одоо юугаар яасан, аа ажлыг болбол их хийнээ, өглөө ерөөсөө тэгээд л хониндоо явна өдөржингөө л хийнэ дээ, тэгээд. Хонь хурга гэж л гүйж байгаад л, шөнө болсон хойно айраг бүлнэ. Их оройтож унтана, айргаа бүлсээр. Өглөө эрт босно, үхэр малаа хураана гээд. Тэгээд өдөржингөө тиймэрхүү л байдлаар тэгээд. Тэр одоо бид нарт юу боллоо гэж муу болохов. Амьдралын ухаантай болгосон, амьдралын тэсвэр хатуужилтай болгосон. Тийм байдлаар л өссөн. Заа харин юу гэхдээр зэрэг сумын төв дээр сургуульд орж байхад 1-р ангид ороход бол сумын төвийн хүүхдүүд хар феодалын хүүхэд энэ тэр гэж бас үзүүрлэнээ, баян айлын хүүхдийг. Тиймэрхүү тал одоо цухалздаг байлаа ш дээ. Одоо тэгэхэд чинь бас нэг тийм байсан юм, баян хүний хүүхдийг феодалын хүүхэд энэ тэр гэж. Тэгнээ бас, жаахан гадуурхах гэнэ. Хар феодалын хүүхэд гэж, хөрөнгөтэй хүнийг л тэгж байгаа юм биз дээ

Саранцэцэг -

Яаж одоо хүүхэд эх эцгийн хоорондын харьцаа өөрчлөгдөж байна, одоо яаж өөрчлөгдөж байна?

Юндэн -

Тэр үеийн хүүхдүүд чинь болбол ер нь хачин шүү дээ. Тэр эцэг эхийн үг л бол ерөөсөө тэгээд жинхэнэ зарлиг . Аав тийм л юм хий гэвэл тэр, ийм л хоол ид гэвэл тэгнэ. Тэгээд аавынхаа өмнөөс хялайх ч юм уу, чадахгүй гэх юм уу, тэр үед тийм хүүхэд байгаа ч үгүй байх ч үгүй. Тийм дэгтэй журамтай, одоо жишээ нь гэртээ байж байхад чинь л гаднаас хүн ороод ирье, аавтай нөгөө хүн чинь юм ярина, би хажууд нь байх албагүй, бүр ёсгүй, том хүний үг, хүүхэд битгий чагна, хүүхдүүдийг гаргадаг, том хүн юм ярьж байхад. Урдуур, хойгуур нь гарахгүй, зочныхоо урдуур гарахгүй, зочноосоо дээш гарч ирэхгүй. Эмэгтэй хүн болбол одоо зүүнд, эрэгтэй хүнтэй бол гэрийн баруун талд сууна. Эмэгтэйчүүд нь зүүн талаар сууна, эмэгтэй хүний тэр тэгэхдээ бол гаднаас орж ирсэн эмэгтэй хүн айлын багананаас дээш гарч суухгүй шүү. Тэгсэн бол энэ чинь яасан балай, тэр битгий хэл айлын хайртай морийг эмэгтэй хүн унах ёсгүй, гэхмэтчлэн тэр үед ер нь айхтар, айхтар юм зүгээр их байсан. Одооны хүүхдүүд бол ерөөсөө хэрэг алга, тэгж л хэлнэ. Өөр ерөөсөө хэлэх юм байхгүй. Яагаад вэ гэвэл одооны хүүхдүүд эх эцгээрээ тэжээлгээд, тэгээд зарим нэг нь шүү, бас гайгүй, хүүхдүүд байлгүй яах вэ, ер нь одоо тэгээд л гэртээ ажилгүй, одооны хүүхдүүд эх эцгийнхээ үгэнд орно гэж байхгүй. Хоолны дээдийг иднэ, эх эцэгтээ магадгүй, харин муу цувдай өгөөд байж мэдэхээр юм шиг болчихоод байх шив. Одооны хүүхдүүд муухай эвдэрчихсэн. Гэхдээ эвдрээгүй хүүхдүүд их байнөө. Надад ч одоо тус болоод л, тэгж байгаа хүүхэд. Ямар сайндаа эртээд эмнэлэгт хэвтэх гээд өглөө тэрэн дээр явж байсан чинь хажууд байсан охин...Та хаа хүрэх гэж байгаа юм бэ гээд, хөлсөлсөн машинаараа үүдэнд буулгаж өгчихөөд, мөнгийг нь өгөх гэсэн чинь, ...Хэрэггүй ахаа гэчихээд, би тэртэй тэргүй энэ унаа хөлсөлсөн юм чинь таниас авахгүй ээ, гээд надыг хүргэж өгчихөөд, ...энэ одоо хөөрхий өвгөн зайлуул, эмнэлэг л хүрэх гэж байгаа юм байна, ядарсан юм гээд хүргэж өгчихөөд яваад өгнөлээ. Тийм улс байна ш дээ, хааяа тааралдаж л байна.

Саранцэцэг -

Ер нь сурагч болоод, сургуульд юу голдуу сурав?

Юндэн -

Би 2 эгчийнхээ оронд сургуульд хөөгдөж орж байсан гэж би ярьсан байхаа, түрүүн. Тэгээд би дээрээ ганцхан ах, нэг ахтайгаа 2-уулаа нэг айлын 2 хүүхэд, нэг ангид орсон. Тэгээд ах маань юу гэхдээр зэрэг надаас арай илүү ухаан тэлчихсэн байсан юм уу, туж онц сурна, дүү би болохдээр дандаа нойл сурна. Арайчүү 7-р ангийг ахынхаа дэвтрээс хуулж, арайчүү 7-р ангийг төгсөхчөөн болсон. Тиймэрхүү тэгэхдээ тэрэн дээрээс болбол би нэг юм холбоод биччихдэг, төдийхөн л дөө. Тэгээд тоо моондоо их муу, тиймэрхүү л байдалтай, 7-р ангиа л нэг төгсөхчөөн болоод, тэгээд хүний чихээсэнд, одоо хүн очдоггүй юм байна л даа. Алтанбулагийн техникумд хол газар гээд, тэгээд ерөөсөө шалгалтгүй хүүхдүүдийг авчихдаг, тэгээд тэрүүнд л очсон. Тэгээд харин их сонин нь нэг сонин юм болсон л доо. 1-р курсдээ бас 2-р бас нойл сураад, 3-р курсдээ ороод ирсэн чинь зүгээр дуу маань ч бүдүүрээд, бие хаа ч том болоод, ухаан нь ч нүгэлтэй тэлэгдсэн байгаам л даа. Тухайлахын бол багшийг нэг юм хичэл заачихаад л, маргааш нь асуухад ёстой тэгээд л ямар ч байсан бүгдээрэнг нь панаалдчихаад л гараад явчихдаг, нэг юм заалгачих юм бол тоо моог болбол нэг л удаа багш самбар дээр биччих юм бол маргааш нь ёстой зүгээр, тэгээд би 4-р курсээ төгсөхдөө 1, 2-р курст хаагдсан хичээлүүдээ бүгдийг нь буцаж асууж, эргэж шалгалт өгч байж, бүгдээрэнг нь тав болгож, улаан дипломтой төгсч байлаа. Ганцхан жил тийм байлаа, бие ч өссөн, Бацаан Юндэн гэдэг байсан, бацаан биш бариад, савчихдаг болсон ангийнхаа дээрэлхдэг байсан хүүхдүүдээ. Тэгж л бие өсдөг, ухааждаг, юу яадаг өсдөг юм байналээ. Нээрээ их сонин юм л гэж боддог

Саранцэцэг -

Ер нь одоо тэр үед төр боловсролыг яаж удирдаж ирж байсан бэ, одоо яаж өөрчлөгдөж байгаа юм шиг санагддаг вэ?

Юндэн -

Заа энэ тал дээр ч маруухан даа, за ер нь яахв дээ, ер нь 10 жилийн сургалт бол тэгээд тэр үед чинь нэг сайхан тал байсиймаа, уг нь надаас өөр хүнд болбол. 10-р анги төгсчих юм бол гадаадад хүүхдээ явуулдаг хүн гэж байхгүй, гадаадад дээд сургуульд явуулах гэхээр ...Өө чи, тэр гадаад яваад яахнав, тэгж байгаад аваад үлддэг, тэгээд дотооддоо дотоодынхоо дээдэд ордог. Тэгээд ер нь тэгээд хөдөөний малчид бол голдуу юу гэхдээр зэрэг сургуулиас гаргах гээд өө зүгээр л ерөөсөө хөөцөлдчихнө. Зүгээр сургуульд ч явуулах дургүй. Тийм байсан юм. Өөрөөр хэлбэл яах гэж байна гэхдээр зэрэг мэдээж хэрэг зарах гээд байгаам. Мал дээр л одоо уях гээд байгаам.

Саранцэцэг -

Таныг одоо бага байхад кинотеатрт кино жүжиг мүжиг үзэж байв уу, хамгийн санаанд үлдчихсэн тийм сайхан юм байдаг уу?

Юндэн -

Аа байнаа, эхлээд юу гэхлээр сургуульд орсон чинь өвөл нь ёлка /шинэ жил/ гэдэг юм болоод л, цаасан гинж хийлгүүлээд л хүүхдүүдээр, тэрүүн дээр юу гэхдээр зэрэг хавсай боовоор хүүхдүүддээ бэлэг өгөөд л, өвлийн өвгөн нь. Тэгж нэг юу яаж байсан, тэгээд л, нэг ийм цаасыг хүүхдүүд 1 метр гинж хийж ир гэнэ, тэгээд л ногоон улаанаар будна, нөгөөдхөө цаасаа тэгээд л ингээд л, гинжилж нааж ирнэ. Тэрнийгээ тэр модоо тойруулж барьж, тэгээд л нөгөө л баавгай маавгай эд нар тоглуулаад л, тэгээд л нөгөө өвлийн өвгөн нь хүүхдүүдэд, нэг нэг зүсмэл боовоор шагнаад л, гараар хийсэн ш дээ. Тэгээд тэгж эхэлж байлаа. Одоо тэр юуг энэ “Сүхбаатар” киног үзэж хамгийн анхны кино “Сүхбаатар” киног үзсэн. Тэр эд нар их сонин байсан л даа. Тийм, тэгээд кино гэдгийг анхлаж үзээд л.

Саранцэцэг -

Та одоо хамгийн анх машин үзэж байсан, телевиз үзэж байсан юм уу, тэр үед хамгийн сайхан шинээр нэвтэрч байсан шинэ технологи гэвэл юу вэ?

Юндэн -

Тэр манай Батөлзийд машин хааяа нэг гарч ирнэ. Тэр үед юу гэхдээр зэрэг “Урал-Зис” гэж модон кабинтай нэг тэрэг байсийм. Тэр л дээ. Тэгээд тэр хааяа нэг ерөөсөө Батөлзий дээр ирнэ. Тэгээд тэр голын ерөөсөө адуу, үхэр тэгээд ерөөсөө хулжаад алга болно. Машины дуугаар. Надыг бага байж байхад. Надыг одоо жаахан, одоо өөрөөр хэлбэл 7,8-тай эд нар байхад. Тэгж, одоо юу яаж байлаа. Тэгээд дээгүүр онгоц явнаа, царцаа ногоон ерөөсөө тэрний ерөөсөө энэ дээрээс гарч ирэхээс нь харсаар байгаад л дуусгана. Тэгээд хойд тал дээр нь юу гэхдээр зэрэг сумын төвөөсөө гараагүй, машин дээр сууж чаддаггүй, сууж үзээгүй байж байсан, Хужиртад сургуульд суух болохдээр зэрэг шуудангийн 51 гээд сууж анх эхэлж машин дээр сууж үзэж байгаа нь тэр. Шуудангийн 51 гээд тэвшин дээр. Дараа нь 7-р ангиа төгссөний дараа АН-2 гэж царцаа ногооноор сууж юу гэхдээр Улаанбаатарт хүрч ирж байлаа. Тэгж л нэг ийм юмнуудыг, заа тэгээд дараа нь Алтанбулагийн техникум руу явахдаа вагонд сууж үзлээ. Тэгж л дэвшиж эхэлсэн дээ. Тэгээд дараа нь жаран хэдэн онд энэ хотод манай нэг эгчийнх байсан, тэднийд зурагт гээд юмыг харлаа. Зурагт гэснээс нэг сонин юм байдгийм. Тэр Хужиртад сургуульд байж байхдаа оросууд юу гэхдээр зэрэг зурагт радио гэж байдаг, тэрнийг одоо ингээд хардаг тэр нь юу гэхдээр зэрэг цаана нь ярьж байгаа хүн эд нар нь дотор нь ингээд байж байдаг энэ тэр ярихгүй юу. Тэгэхээр чинь зурагт гэж дотроо бодоод л байх юм, тэр одоо өөр газар ярьж байгаа хүн зурагтан дотор нь ороод ирчихсэн байгаад байдаг, яг энэ кино шиг ингээд яваад байдаг энэ тэр гээд ярихаар ...Өө тэр жаахан хүүхдүүдийн толгойд тэр л нэг багтаж ядаад л, тэрнийхээ тэр шидийг жаран хэдэн онд л үзэж байгаа нь тэр л дээ.

Саранцэцэг -

Монголчууд ер нь нас барсан улсуудаа дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдөж ирвээ дээр үед оршуулгыг ямар хэлбэрээр явуулдаг байв,одоо яаж өөрчлөгдөөд байгаа юм болоо ?

Юндэн -

Манай тэнд ерөөсөө хүн өөд л болох л юм бол өдөр мөдөр гэж одоо хүлээж мүлээж байлгаад байдаггүй ш дээ. Өдөрт нь надыг жаахан байж байхад манай нэг дүү маань усанд осолджээ. Тэр өдөр чинь юу гэхдээр зэрэг манай өвөг эцэг чинь дүүрээд л яваад өгсөн. Тэгээд л ил тавьчихаад л, ер нь тэгж л оршуулдаг байсан. Дараа нь юу гэхдээр зэрэг ээж аавыгаа ч одоо юу яалаа. Дандаа ил тавьсан. Тэр үедээ болбол яахвээ, тэр аав ээжийг маань бол 80, 90-ээд оны үед бол өөд болохдээр бид нар машин унаатай ах дүүгийндээ очиж тэгэхдээ ер нь зүгээр өөрсдийнх нь гэрээслэл тийм юм. Харин өвөг эцгийгээ өөд болоход бол манай ах өвгөн ах тэмээний 2 талд араг тэгнэчихээд, тэрүүн дээрээ хөндлөн шарилыг нь тавьчихаад л, тэгээд л тэмээнд хөтлөөд яваад өгч байгаа юм. Өдөрт нь шүү дээ.

Саранцэцэг -

Тэр өдөр юмыг нь ламаас асууна биз дээ?

Юндэн -

Тэрнийг бол асууна, заа жаахан түрүүний үед бол асуугаад ч байдаггүй санагддаг юм, одоо болбол их юу ёс төртэй болчихсон билээ, тэгэхдээ газар доогуур нэг хийх жаахан тийм сайхан ч юм биш юм шиг байгаам, одоо энэ манайд энэ чандарладаг л их зүгээр энэ л бол болж байнаа. Төвдүүд бол одоо зурагтаар харж байгаа биз дээ, төвдүүдийн тэр юу яаж байгаа нь манай монгол шиг, ерөөсөө аваачаад юу яадаг газар байх юм, шарилыг аваачдаг газар байх юм. Тэнд нэг 2 хүн шарилыг задалдаг, тэгээд нэг 2 хүн байх юм, тэгээд сүхдээд сүхдээд юу ч үгүй цавчаад хаячих юм, тэгээд тас шувуунууд сууж байх юм, нөгөөдүүл нь цавчаад л дуусангуут нь хүрч ирээд л, идээд л дуусгачихаж байгаа ш дээ. Одоо Төвдөд одоогоороо тийм байна. Тэрнийг хараагүй ээ? Хүүш, ноднингоос хойш зөндөө гарч байгаа. Тэр битгий хэл хүний толгойгий чинь тэр чигээр нь хага цохиж байна ш дээ. Хага цохиод бүр жижиглэж байна, өө нөгөө тэндхийн таснууд ингээд суучихсан, тойроод суучихсан байх юм. Тэгээд л тэр 2 хүн чинь явна, тэгэхлээр хүрч ирээд л хоорондоо булаацалдаад л, ерөөсөө дор нь байхгүй болгочих юм. Тэгж оршуулгаа хийх юм. манайд ч гэсэн манай тэнд юу бол тэгж тасдаж хаанаас болохов л дээ, тэгээд тэр манай тэнд бол хөдөө оршуулчихдаг, тэгээд л дараа нь шувуу мувуу идээд л дуусгадаг байсан гэсэн. Тэр Төвдийг болбол тэгээд л устгаад хаячихдаг, одоо манай дээр энэ ар талаар явж байгаа 70 давхрыг л хар л даа, айл нь холилдоод буучихсан, тэгээд л цөмөрчихсөн энэ тэр, манайх шиг одоо арчаа муутай орон болбол дараа нь одоо тэр Цагаан Давааны эх байдиймуу, тэр хойд талын оршуулга бас л ингээд л айл наанаас нь явсаар байж байгаад л, айлтай саахалтна. Тэгээд л нохой, шувуу тэгээд л тийм л овойсон, тийм л хачин газар болчих гээд байх шиг байна. Тэгээд тэр нөгөө газар доогуур хэвтэж байх нь юу байхав, тэгээд л зарим нь цөмөрчихсөн, ингээд л тийм л юм харагдах юм байна ш дээ. гадаадын орнуудад бол зүгээр одоо энэ оршуулгын чинь газар цэцэрлэгжүүлчихсэн, ногоожуулчихсан мод тарьчихсан, одоо тийм манайх тийм болтол удна ш дээ. Чадах ч үгүй. Ойрын хэдэн зуун жилд л, чадахгүй байх. Тэгэхлээр энэ чандарлах л их зөв юм гэж л бодож байна.

Саранцэцэг -

Би одоо таниас асуух юмаа асуусан, та асуугаасай гэж бодож байсан юм байвал ярихгүй юу?

Юндэн -

Заа одоо над асуух, ярих тийм юм байхгүй ээ. Тийм.

Саранцэцэг -

За таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Юндэн -

За баярлалаа.

Саранцэцэг -

Та эрүүл энх байгаарай.

Юндэн -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.