Tuulaihüü


Basic information
Interviewee ID: 990187
Name: Tuulaihüü
Parent's name: Shirendev
Ovog: Hotgoid
Sex: f
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: retired, economist
Belief: Buddhist
Born in: Nömrög sum, Zavhan aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
childhood
repressions
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

state farm
agricultural industry
childhood
schoolchildren's life
games - naadam
repression
cultural campaigns
collectivization
work - labor
boss - worker relations
techniques and technology
nature and environemnt
belief


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа сайн байна уу?

Туулайхүү -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

За би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан, тэгэхлээр хоёулаа ярилцлагаа эхэлье, та одоо өөрийгөө танилцуулахгүй юу, та хаана төрөв, одоо эцэг эхийнхээ талаар, хүүхэд ахуй байх үеийнхээ тухай, гэр орон нутаг орныхоо талаар дэлгэрэнгүй сайхан танилцуулахгүй юу?

Туулайхүү -

Намайг Ширэндэвийн Туулайхүү гэдэгээ. Би Завхан аймгийн Нөмрөг суманд, Харзын гол гэдэг газар 1939 онд төрсөөн. Эхээс ганцаараа, эцэг эхээсээ. 2 дахь охин нь, Ширэндэв гэдэг айлын. Төрөөд эцэг эхийнхээ гар дээр өсөн бойжиж, 10 нас хүртлээ байж байгаад,10 настайдаа сургуульд орсиймаа. Завхан аймгийн Улаагчин сум гэж байсан, тэнд сургуульд орж, анх сургуульд орсон. Тэгээд тэрнээсээ 10-р ангийг төгсөж, 1955 онд санхүүгийн техникумд энд суралцсан даа, Улаанбаатар хотод. Тэгээд санхүүгийн мэргэжилтэй болоод 1959 онд төгсөөд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуй /САА/-д очиж тэр данс хөтлөгч гэдэг ажлыг хийж эхэлсэн. Улсад ингэж юу яасан юм байгаам. Улсад 33 жил ажиллаж байж 1990 онд тэтгэвэрт гарсан. Энэ хооронд улсад сонгуультай ажил, эвлэл пионерийн намын сонгуульт ажил хийж байгаад, 65 онд Намын дээд сургуульд орж 69 онд төгсөөд, Ерөө сангийн аж ахуйн Намын хорооны орлогч, Ардын хянан шалгах хорооны дарга, гэсэн ийм томилгоог аймгийн намын хорооноос авч ажиллаж Ерөө сумын сангийн аж ахуйд 30 гаран жил ажиллаж, тэтгэвэрт гараад, тэгээд 2006 онд Улаанбаатар хотод үр хүүдүүдээ бараадаж амьдарч байнаа. Миний ажиллаж амьдрах хугацаанд би энэ голцуу хөдөө аж ахуй /ХАА/ үйлдвэрлэлд ажиллаж байсан, аж үйлдвэрт биш. 1959 оноос хөдөө аж ахуйд чинь атар газар эзэмших их гоё ажил явагдаж байсан ш дээ. Яагаад гэвэл их олон залуучууд илгээлтээр эвлэлийн илгээлт авч гарч, газар тариалангийн үйлдвэрийг хөгжүүлж, техник одоо хөдөө аж ахуйн техниктэй харьцаж мэргэжил эзэмшиж, ингэж ажиллаж байсан. Энэ над их гоё үе санагддаг юм. Өөрөө техник бариад явж байгаагүй ч гэсэн тэр олон техник технологи, тэгээд одоо Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/-аас орж ирсэн тэр олон трактор комбайнууд, янз бүрийн техник машинуудаар их бахархдаг ийм залуу үе байлаа. За ингээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд залуу насаа буурал болтлоо янз бүрийн ажил эрхэлж, хөдөө аж ахуйд ажиллаж байгаа аливаа сэхээтэн, албан хаагч хэн ч гэсэн ХАА-н ажилд гар бие оролцдоггүй ажилтан гэж байдаггүй байлаа. Хавар силкэн дээр сууна, тариа тарина, хүнээ зохион байгуулна, зун нь болохоор нөгөө хонио хяргана, хавар нь болохоор төлд явна, төлчдөө эргэж тойрно, өөрөө бас төл авна. Ингээд завсаргүй ажилд л ингэж сэхээтэн албан хаагч, арай сангийн аж ахуйн дарга намын дарга нь төл барьж авахгүй ч гэсэн дандаа эргэж тойрч, тэр улсуудынхаа аж байдлыг эргэж тойрч явдаг байсан даа. Заа нэг САА-н талаар танилцуулахад туслах үйлдвэрүүд ихтэй, тариа тарина, ногоо, хүнсний ногоогоо өөрөө авна, зөгий үржүүлнэ, нөгөө туслах бригад ингээд модон эдлэл хөрөө рам ажиллуулдаг, барилга засал, барилгаа барьдаг одоо өөрснөө, тэгээд техникчдийн орон сууц, ажилчдын орон сууцыг хийж байлаа ш дээ, ийм сайхан үйлдвэрлэл явдаг байлаа. Аж үйлдвэр бол өөр шүү дээ, олон хүн олон мянган ажилчид тэгэхдээ хөдөө сум гэдэг чинь бас олон хүн ажилладаг байсаан. Ер нь л нэг 450-600-аад хүн ажилладаг, аа тэр сум, САА-г түшиглээд, хүний их эмчийн салбар, сум дундын эмнэлэг, 8 жилийн сургууль, цэцэрлэг, ясли, ахуй үйлчилгээ одоо сүүлд ахуй үйлчилгээ гэдэг байсан, дээр үед артель гэдэг байсан. Аа мөн худалдаа бэлтгэлийн анги, цаг уурын станц гээд ийм байгууллага ажиллаж тэрэн дээр чинь янз бүрийн мэргэжлийн боловсон хүчнүүд очдог, хэрэндээ бас мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг, ялангуяа тэдэнд бас толгойд нь юм хийж өгөх зорилгоор лекц, сонин уншлага, биеийн тамирын арга хэмжээ, янз бүрийн юмнууд явуулж зохиодог байсан. ХАА-н үйлдвэрлэл зогсонгигүй ажилладаг, байнгын ажиллагаатай, ийм байлаа.

Саранцэцэг -

Та бүр хүүхэд ахуй үеэ дурсаж ярихгүй юу, таны аав ээж ямар улсууд байв, гэр орон тань ямар байв, та одоо Завханд яг ямар нэртэй газар амьдарч байв, таны ойр орчинд айл ахуйн улсууд ямархуу улсууд байв, тэр талаараа дурсаж ярихгүй юу ?

Туулайхүү -

Би чинь гэртээ манай аав, ээж би чинь айлын 2 дахь хүүхэд гэртээ ганцаараа өссөн. Эмээ ээжтэйгээ, өвөө өвөг эцэг байдгийм, мэдэхгүй л дээ. Манай эмээ ээжийн удам бол бас нэлээн удамтай, тайж гаралтай, манай эмээ ээжийн төрсөн дүүг Дилав Хутагт Жасранжав гэдэг байгаад Америк гараад явчихсан, одоо саяхан Америкт сууж байгаад бурхны оронд явсан, тэр хүн явахдаа өөрийнхөө бурхан бүтээж ах дүү төрөл төрөгсөддөө тийм бурхан зураг бүтээж явсан, тэрнийг нь манайхан их тахин шүтдэг ийм байсан. Аа өвөг эцгийн хувьд бол мэдэхгүй юм, миний ээж Дэжиннамсал гэж хүн байсан. Аав маань Ширэндэв гээд, ингээд гэртээ бол 4-үүлээ амьдардаг. Эргэн тойрондоо хот хотоороо, ах дүүгээрээ амьдардаг байсан, 7-8 гэр. Айлууд цуг өвөлждөг, цуг зусдаг, аавын талын ах дүү, ээжийн талын ах дүү, манай ээж чинь эхээсээ 5-уулаа, манай аав эхээсээ 5-уулаа байсан. Ийм улсууд амьдарсан юм байна лээ. Тэгээд би 10 настайдаа сургуульд орсон гээд би түрүүн ярьсан тиймээ.Тэр үеийн дандаа мал аж ахуй, хувийн мал аж ахуй гэж байсан. За хувийн мал аж ахуйтай улсууд чинь, тэр үед чинь нөгөө малаас авах бүх л түүхий эд, ноос ноолуур, үхрийн хөөвөр, адууны дэл сүүл бүгдийг нь ноогдол шиг албан татварт тушаадаг. Тэр чинь тэгээд хавар өдий 4 сард адуугаа хөөвөрлөнө, дэл сүүлийг нь авна, ямаагаа самнана. Тэгээд одоо нөгөө хоршоо, худалдааныхаа байгууллагад тушаана. Мал мах өгдөг ийм байсан. Манайх бол дундаж л айл байсан, нэг 300 гаад богтой, хонь ямаа нийлсэн, 20 иод үхэртэй, 5 тэмээтэй, нэг азарга адуутай, голцуу унаа морьд, морь голдуу, тэгээд дундажийн айл байсан. За манай ээжийн ах дүү болбол бас л нэг 500-аад богтой, тэр хэмээний малтай бол нь манайхаас илүү байсан гэж ярьдаг юм, дундаж амьдралтай айлууд байсан. За тэгээд цаг агаарын хувьд бол эрс тэс өвөлдөө хүйтэн цас ордог, зундаа бол сайхан зун болдог. Одоо бол цаг уур өөрчлөгдсөн байна ш дээ, тэр чинь зун нь урт бороо хур ихтэй, одоо бол ган гачиг ихтэй болчихож. Аа манай тэр Завхан нутаг руу чинь цас их унадаг, уулархаг, өндөр газар болохоор өвөлдөө их хатуу болдог юм, сүүлийн жилүүдэд сонсч байхад.

Саранцэцэг -

Та чинь 10 нас хүртлээ гэртээ байж байгаад,10 настайдаа Улаагчин сум руу ирсэн тиймээ? Улаагчин сум таны байж байгаа газар 2 хэр хол зайтай вэ?

Туулайхүү -

Одоо миний төрсөн нутаг төрсөн газраас 10км-ын дайтай байдаг байсан. Манай өвөлжөөнд их ойрхон. Манай өвөлжөө 15км-ын зайтай байсан. Бид нар явган гүйгээд, сургуульдаа ирдэг байсан.

Саранцэцэг -

Таныг сургуульд өгөхдөө аав ээж чинь дургуйлхэж өгсөн үү? Яалт ч үгүй сумаас багаас бичиг ирээд, сургуульд хүүхдээ хүргэж өг гээд тийм журмаар өгсөн үү?

Туулайхүү -

Аа би нөгөө айлын ганц охин багадаа их жижигхэн хүүхэд байсан, жижигхэн биетэй, тэгээд жижигхэн биетэй хүүхэд тэр үед аав, ээж нь аав бичиг үсэг мэддэг, гэрээрээ бас нэг хагас хугас монгол бичиг заадаг, хот дотроо нөгөө айлууд дотроо тэгээд жижигхэн биетэй учраас жаахан томруулж байж сургуульд оруулна гээд тэгээд 10 нас хүргэсэн юм.

Саранцэцэг -

Таны аав харин хаанаас бичиг үсэг сурсан, хэнээр заалгасан байх вэ?

Туулайхүү -

Тэр авга лам нь гэж хүн байсан. Авга лам Рагчаа гавж гээд одоо тэр Нөмрөгийн хүрээний гавж хүн байсан гэсэн. Тэр нь Түвд бичигтэй, Монгол бичигтэй. Тэгээд тэр хүнийдээ байж, жоохон байхдаа тэгээд жоохноосоо хоол цайг нь хийдэг байсан юм гэнэлээ, лам нарт. Тэгээд тэр нь номтой хүн болгоно гэж гэртээ байлгаж, тэгээд хоолыг нь хийж өгдөг, үнсэн самбар дээр ном заалгадаг байсан гээд аав чинь тэр түвд бичгийг заалгадаг, монгол бичгийг заалгадаг, тийм байсан гэнэ лээ.Тэгээд аав чинь бас хот дотроо бас хотынхоо улсуудад айлынхаа хүмсүүдэд бас монгол бичиг заадаг, зарим нь сурсан зарим нь сураагүй юм гэсэн. Манай ээж бас бичиг сураагүй, надад заадаг байсан, “А” “Э” гээд заадаг байсан. Жоохоон панеран самбар дээр модон дээр үнс түрхчихээд, тэгээд зомголоор нь түлээний тэгээд ингээд бичээд.

Саранцэцэг -

Танд бичиг ном заахдаа бүр орой хотны ажил дууссан хойно уу?

Туулайхүү -

Өө хотны ажил, хонь малаа хашсаныхаа дараа, хоол ундаа идчихээд, тэгээд дээр үеийн улсууд чинь маань хөгжөөнө гэж манай хөгшин ээж чинь хүүхдүүдээ дуудаж ирүүлээд, маань хөгжөөдөг.Тэгээд мааниа хөгжөөчихөөд, хөгшин ээжийн номыг дуусахаар дараа нь манай аав нөгөөх дуртай улсууддаа заана, дургүй нэг нь гараад, гараад явчихна. Тэгээд дээр үед чинь нэг судар бариад, гэрээ тойроод явдаг. Нөгөө ном тарниа уншаад, тэгснийх нь дараагаар....

Саранцэцэг -

Таныг хүүхэд байхад танайд бурхан тахил ном судар байдаг байсан уу?

Туулайхүү -

Зөндөө байсан. Нэг бурханы авдар гээд хоймроо ингээд, ер нь баруун аймгийнхан чинь их олон авдартай ш дээ. Нэг том гэртэй айл бол 2 ортой, том гэргүй айл бол ээж аавын ор гээд ганц модон ортой бусад нь бол газраар ширдэг, гудсаа дэвсээд тэгээд унтдаг.

Саранцэцэг -

Аа тэгээд цагаан сарын үеэр зул барьдаг уу?

Туулайхүү -

Өө орой болгон зул барина.Бурхныхаа өмнө орой болгон зулаа барина.

Саранцэцэг -

Аа гайгүй л байсан юм байх даа. Хэдий үеэс бурхан тахилаа нуудаг болсон юм бэ?

Туулайхүү -

Аа тэр хэлмэгдлийн үед л 38, 39 оны үед юм шиг байгаа юм. Миний тэр мэдээ орсон цагаас бол бурхан тахилаа нуудаггүй байсан аа тэр намын гишүүд бол нуудаг.Манай тэр ээжийн том ах Рагчаа гэж Мэгзэм гээд 2 хүн байсан. Тэр 2 намын гишүүн бурхан тахилаа ил гаргахгүй, авдран дээрээ тавьсан ч урдуураа хөшигтэй, тэгээд орой унтахдаа зулаа барьдаг тийм байсан.

Саранцэцэг -

Аав тань орой та нарт хотныхоо хүүхдүүдийг цуглуулаад үлгэр домог, туульс ярьж өгдөг байсан уу?

Туулайхүү -

Тийм юм ярихгүй гэхдээ л яахав, бас нэг их ярьдаггүй л байсан. Манай хөгшин ээж л их үлгэр ярьдаг байсан

Саранцэцэг -

Та нар тоглоом тоглоно гэхээрээ ямар тоглоом тоглох вэ?

Туулайхүү -

Шагайгаар тоглоно.Шагалцдаг байсан.

Саранцэцэг -

Өөр тоглоом байгаагүй юу ?

Туулайхүү -

Шатар тоглоно.Манай аав чинь шатарт их дуртай. Шатар их тоглодог, модон модон тийм шатартай, тэгээд шатар тоглоё гэсэн хүмсүүдтэйгээ, улсуудтай тоглодог. Манай ээжийн тэр том ах Рагчаа гээд аягүй шатар тоглох дуртай, хоёулаа шатар тоглоод л суучихдаг, аа тэгээд хүүхдүүд болохоор даалуу, аа тэгээд тэр хүүхдүүдээр бас даалуу тоглуулах дургүй, шагай шүүрүүлдэг, морь уралдуулдаг, 4 н бэрх хаяна. Тийм юм хийдэг байсан.

Саранцэцэг -

Таны бага хүүхэд нас бусад хүүхдүүдийнхээс ялгаатай, тийм онцлогтой юм байсан уу

Туулайхүү -

Нэг их онцлогтой юм байгаагүй дээ. Хотынхоо хүүхдүүдтэй л. Манайх ер нь хүүхэд цөөтэй ш дээ. Нэг нь нэг, хоёр нь хоёр хүүхэдтэй, нэг эмэгтэй нэг хоёрхон эрэгтэй хүүхэдтэй, тэгээд бид нар өвөлжөөнийхээ хойд талын нэг толгой байдаг байсан юм. Тэрэн дээр гарч их дуу дуулнаа. Чулуугаар тоглоом барьчихаад л, зун намар чинь хүмүүс эсгийгээ хийчихээд найрладаг. Тэгээд л уртын дуу дуулаад л, эсгийний баяр болдог байсан юм байх даа. Тэрнийг нь нөгөө бид нар давтаад л найрлаж өгнөө. Тэр толгой дээрээ чулуугаар гэр бариад дунд нь суугаад, чулуун дээрээ шороо хийгээд л, та цай уу, та айраг барь, архи барь гээд л тэр гуай, энэ гуай гээд өөрийнхөө ах дүү нарын нэрийг хэлээд л тэгж их тоглодог байсан. Тийм тэгж их тоглодог байсан. Тэгээд их сайхан морио уралдуулаад ...хөөе тэдний морь түрүүлж байна, ...хөөх тэр халтар морь тэгж түрүүлж ирлээ, тийм болж байна гэж зөгнөж, ярьж тоглодог байсан.

Саранцэцэг -

Таныг бага байхад наадам ямар болдог байсан бэ?

Туулайхүү -

Бага байхдаа ёстой наадам үзэж байгаагүй, бид нарыг явуулдаггүй

Саранцэцэг -

Цагаан сар ямар болдог байсан бэ?

Туулайхүү -

Цагаан сар их сайхан болдог байсаан. Цагаан сар чинь нөгөө боов хасаагаа өөрснөө хийнэ. Хүүхдийн хувь гэж хийнэ. Нэг сайхан юм нь нөгөө цаг цагт нэг цаддаг, цагаан сард нэг цаддаг гэгчээр өвөл хоол хүнсээ идэхдээ, хичнээн л айлын хүүхэд байна тэр хүүхэд болгонд хувь өгдөг. Цагаан сараар хүүхэд болгонд хувь болгож, дугуй боов хийдэг. Тэр их гоё, бүр зориулаад, цөцгий хийгээд голд нь, ул боовыг чинь ийм дугуй хэвэнд оруулаад, тэгээд нэг нэг ширхэг боов өгнө. Тэгээд тэр манай ээжийн 2 дахь ах нь тийм нарийн боов хийдэг, тийм хүн байсан юм.

Саранцэцэг -

Дээр нь домбон ёотон оногдох уу?

Туулайхүү -

Аа нэг ганц хоёр ёотон өгнө. Ганцхан ширхэг цаастай чихэр өгнө тэрнийг нь юу гэдэг байсан гээч тэрнийг нь голио чихэр гэдэг байсан/инээв/.

Саранцэцэг -

Тэр хаанаас ирсэн чихэр вэ? Цаастай чихэр нь?

Туулайхүү -

Тэр одоо оросын чихэр байсан байх даа. Цаастай, эрээн цаастай чихэр байдаг байсан. Дотроо чөмөгтэй, тэрнийг голио чихэр гэдэг байсан.

Саранцэцэг -

Хүүхдүүд голдуу ямар хоол иддэг байсан бэ?

Туулайхүү -

Цагаан идээгээ л иднэ, аарц ааруулаа, өвөлд нь цагаан тосоо иднэ. Зундаа бол таргаа уугаад л мах ховор иднэ ш дээ. Зундаа бол мал гаргахгүй. Хааяа нэг бороо орсон үед борцтой сайхан хоол хийгээд, ээж аав иднэ. Нэг нэг модон савх барьчихсан, май гээд хүүхэд болгоны гар дээр нэг жоохон модон аяганд хийж өгөөд л, тэгээд болоо тэрнээс цааш горьдох ч үгүй амссан л бол, тэгээд л нөгөө том улсууд айлчилж ирэхээр хоол хийнэ. .Айлчин гийчин ирэхээр, тэгээд л ингээд нүдээрээ дохичихно тэгэхээр гараад л явчихна. Хүний яриа чагнана, барина энээ тэрээ, гаднаас том улсууд ирчихсэн байхад чинь гэрт байхгүй, гадаа л тоглож байна. Аа тэгээд тэр хүнийг орж ирсний дараа ганц нэг ёотонтой ирсэн байвал нөгөө ёотонг чинь жаахан жаахан хуваагаад амсуулна шүү дээ, нэг ч отог нэг ч хуваадаг юмуу, 2 ч хуваадаг юм уу май тэр айлчингийн юм гэж хүртээдэг. Гэрт хичнээн хүн байна тэр болгонд хүртээдэг. Тэр үед их журамтай дажгүй сайхан байсан, тэр үед чинь шүд хорхойтох эд нар янз бүрийн юм байхгүй байсан байхаа, цэвэр агаарт өөрийнхөө гараар хийсэн юмаа л иднэ. Тэгээд л зун хонио саана ямаагаа саана, үнээгээ саана, гүүгээ барина айргаа хийж ууна, тэр үед одоо нэг их архи уудаггүй байсан санагддаг юм. Манайхан л лав тэгж архи ууж юу яадаггүй байсан. Намар эсгийгээ хийгээд дуусахад нөгөө айргаа уугаад л найрладаг ш дээ, дуулаад л, уртын дуу дуулдаг сайхан цаг байсан ш дээ. Тэгээд манайхан шиг ийм модон хаалга байхгүй, эсгий үүд унжуулчихдаг, тэгээд л тэрүүгээр нь шагайгаад хардаг. Тэр гуай ёстой сайхан дуулж байна даа гээд л, гадаа дууриаж дуулаад л, тэгдэг л байсан. Тэгээд л ....Хөөе хол очиж дуулцгаа та нар гээд л энэ золигнууд хотын урд тал руу яв гээд л. Үгүй бол хотын баруун тийшээ хойшоо яв гээд л тэгээд л дураараа хөөцөлдөөд. Тэгээд л морь болж тоглоод л, хоорондоо уралдаад тэгж байлаа.

Саранцэцэг -

Хүүхдүүд ихэвчлэн юу хийдэг вэ?

Туулайхүү -

Хургаа хариулна, тугалаа хариулна. Хонь тугалаа эргүүлнэ. Ер нь мал дагачихдаг юм баруун аймгийн хүүхдүүд, нэлээд өлчир, багаасаа ажилд сурдаг даа. Тэгээд эмэгтэй хүүхдүүдээ ээж нь багаас нь юм оёулж сургана. Шилбэ хөвөрдүүлж юм оёулж сургана. Хурганы арьс элдүүлж, нөгөө арьсны год гээд байдаг ш дээ.Тэрнийг чинь сайхан элдүүлж, зөөлрүүлж байгаад янз бүрийн хэлбэрээр эсгээд нөгөө үснийх нь ширхэгийг нь тааруулж байгаад хөвөрдүүлнэ, утас ээрүүлнэ. Тэмээний ноосон утас ээрүүлж сургана. Ноосыг томж, тугалын хүзүүвч тэгээд л нөгөө тэмээний бурантаг, морины олом жирэм, эмээлийн олом тийм юм хийнэ. Ер нь хүүхдийг зүгээр байлгахгүй шүү. Голдуу тэр эмэгтэй хүүхдийг бол тэртээ тэргүй энэнийг хийж сурах ёстой. Юм оёулдаг, хийлгэдэг байсан.

Саранцэцэг -

Хүүхдүүдийн өмсч байгаа хувцас нь тааруу юу?

Туулайхүү -

Тэр үед чинь том жижиггүй тааруу ш дээ. Зунжингаа л хөл нүцгэн таваргана. Намаржингаа хөл нүцгэн явна. Цагаан хяруу уначихсан хүйтэн ш дээ, манай Завхан чинь. Намрын өдөр чинь цагаан хяруу уначихсан бас хүйтэн, хөл нүцгэн яваад л, үхрээ туугаад ирнэ. Гүйж өгнө дөө. Гүйж очоод үхрийнхээ цавинд хөлөө хийнэ. Босгож байгаад шээсэн дээр нь нэг гишгэж аваад л, бөөгнүүлж аваад л, туухаар чинь даарч л байгаа ш дээ.Үхэр баахаар нь баасан дээр нь нэг гишгэж аваад л. Хаана үхэр баанав баасан дээр нь гүйж очоод гишгэж авдаг\инээв\. Тонгочиж зогсож байгаад л, тэгээд зун эхлээд тэгээд хавар чинь хөл нүцгэн явахаар чинь хөл хагараад, тэгээд сүүлдээ сурчихдаг юм. Тэгээд аргал түүнэ, түлээ бэлдэнэ, одоотой адилхан машин машинаар гадаа түлээ буулгаж, түлнэ гэж байхгүй ш дээ, тэгээд л байнга ажил хийнэ. Тэгээд нөгөө зун болохоор үхрийнхээ баасыг хатааж байгаад, дээш нь авна. Холын хол яваад, аргаар аргал түүнэ. Модонд ойрхон газар мод руу явж, түлээ түүж ирнэ. Модоо унагаагаад хөрөөддөг. Тэр үед чинь булгийн эхнээс мод авахуулдаггүй. Ялангуяа манай тэнд чинь харзын эхэнд Алаг Чулууны рашаан, доошоогоо Устын рашаан гээд тэндээс бол ерөөсөө авхуулахгүй, чулуу ч ховхлохгүй.

Саранцэцэг -

Та арван настайдаа Улаагчин гэдэг сум руу ирсэн, та тэнд ирээд дотуур байранд суусан уу? Айлд суусан уу?

Туулайхүү -

Айлд суусан.

Саранцэцэг -

Таны суусан айл ямар айл вэ? Хамаатан айл уу?

Туулайхүү -

Зүгээр л нутгийн айл. Хүүхэдтэй нь үерхдэг тэгээд л манайд бай гээд байсан. Тэгээд байгаад яахав дээ, ойрхон юм чинь. Дуртай үедээ гэртээ харичихаад харихгүй үедээ тэднийд унтчихаад, тэгээд нэг ногоон даалимбан дээлин дээр цэнхэр сатинаар хошмог гаргаад эмжчихсэн, тэгээд даавуун цүнхтэй, хөх даалимбаар цүнхэн дээр нь улаан 5-н хошуу даалимбаар хайчлаад оёчихсон, гараар оёно гэхээс биш машинтай айл ховор байсан. Харин сургуулиас дэвтэр харандаа өгдөг байсан Сурах бичиг гэж байхгүй, багшийн амнаас л. Тэр үеийн байгш нар чинь дэвтэр дээр нь бичиж өгдөг. Тэгээд л нэг хоёр үсэг бичиж өгдөг, тэрнийг нь дуурайлгаад бичдэг. Тэгээд л ийм суух ширээ сандал байхгүй, нөгөө наар гээд дугуй юм байдаг байсан, тэрэн дээрээ унтана, хичээлийнхээ юугаар гэрт, тэгээд тэндээ хичээлээ хийнэ хоолоо иднэ. Сургуульд яахав, байрны тогооч гээд нэг хүн хоолоо болохоор саванд хийгээд, оруулж ирнэ. Нөгөө унтдаг газраа нэг нэг модон аягатай, тэрэнд хийгээд өгнө, тэрнийгээ идчихээд, тэгээд хичээлээ хийгээд, шөнө тэндээ унтана.

Саранцэцэг -

Тухайн үед ямар хичээлүүд үздэг байсан бэ?

Туулайхүү -

Ер нь тоо монгол хэл, эхлээд латин үсэг гээд орж байлаа. Цөөхөн хоног, тэгснээ монгол бичиг. Аа монгол бичиг үзэхээр чинь би ангидаа мундаг онц сурлагатай, аа нөгөө ааваараа заалгачихсан, мэддэг болчихсон тэгсэн мөртлөө би ангидаа хүүхдүүдэд хичээл давтуулна, за тэгээд тоо үзнэ ийм л. Намайг нэгдүгээр ангид байхад Томоо гээд багш байсан хөөрхий, одоо надаас тэр үед чинь 4-р анги төгсөөд, бичиг үсэг мэддэг л бол багш гэдэг байлаа ш дээ. Тэгэхдээ надаас нэг 4, 5 ах хүн байсан Одоо амьд байвал байх л байх даа.

Саранцэцэг -

Тэгээд дараа нь бага сургуулиа төгсөөд яасан билээ?

Туулайхүү -

Бага сургуулиа төгсөөд, Завханы төвд ирсэн. Төв дээр ирээд, манай ээжийн ахын хамгийн том охин айл орон болчихсон, тэнд байдаг байсан, тэнд очоод 7-р анги төгсөөд, тэгээд энд ирж, санхүүгийн техникумд ирсэн.

Саранцэцэг -

Анх санхүүгийн техникумд Улаанбаатарт ирэхэд танд ямар санагдаж байсан бэ?

Туулайхүү -

Аа 55 онд чинь Завханаас гараад 3 хонож байж ирсэн.Энэ Эмээлтийн дөрөлж дээр ирээд л Улаанбаатар тэр гээд л харахад их гоё юм шиг санагдаж байсан. Тэгээд яахав ирээд энд хотод Толгойтод нэг нутгийнхаа айлд 4-н хүүхэд ирж байгаа юм. Тэрний нэг нь л айлд байдаг. Тэгээд Толгойтод айлд 2 хоночихоод, тэгээд нөгөө айлынхаа хүнээс санхүүгийн техникум хаана байдгийг заалгаж аваад, тэгэхэд чинь энэ Сэлбийн гүүрний цаад талын эдийн засгийн их сургууль чинь шинэхэн баригдсан байсан. Наанаа нэг хавтгай байранд хичээллээд, тэр байр нь ашиглалтанд орчихоод байж байсан. Тэгээд тэнд ороод, оюутан болж байсан.

Саранцэцэг -

Тэр үед боловсролыг төр яаж удирдаж байсан бэ?

Туулайхүү -

Тэрийг би одоо сайн ялгаж чаддаггүй юм, одоо бодож байхад. Бас ер нь хүнээ сургахын тулд их системтэй биш ч гэлээ гэсэн ер нь бичигтэн болгохын төлөө их явуулж байсан. Тэгээд л намайг чинь 4-р анги төгсчихөөд, очиж байхад чинь хуваарилж өгдөг байсан. За чи одоо энэний багш энэ хүнийг бичигт сурга, ингээд сургууль төгссөн хүүхдүүдийг тэр чинь нөгөө сүүн завод дээр айлууд бөөгнөөд буучихсан зусдаг, голын өөд. Тэгээд л нэг цаг тогтоодог, тэгээд л хэд хэдээр нь хуваарилаад өгчихсөн, сургууль төгссөн хүүхдүүдийг. Тэгээд бичиг заана. Тэр айлуудынхаа авгай нарт 4,5-н хүүхэд бичиг зааж өгдөг. Тэгээд зарим нэг овсгоотой улсууд нь сурчихна. Зарим нь бичээд өгөөч гээд нөгөө багшаасаа дэвтэр дээрээ бичүүлэх гээд\инээв\ бичиж чадахгүй, тийм байдаг байсан, сонин байгаа биз, ийм юм ярихаар\тэгээд инээв\.

Саранцэцэг -

Танай хотноос бүр огт сургуулиар яваагүй үлдсэн хүүхэд бий юу?

Туулайхүү -

Бий. Манай тэр хойд ээжтэй, манай ээжийн тэр дундах ахынх нь дээрээсээ 2 дахь ахынх нь авгай нь хүүхэд гаргахаасаа болоод нас барчихсан, тэрнийх нь 2 хүүхэд үлдчихсэн байсан. Тэрний тэр том нь тэгж сургуульд оролгүй үлдсэн. Биднийг сургуульд явахаар уйлаад л үлддэгсэн, чааваас тэгээд л өөрөө гэрээрээ хойд ээж нь аав нь хичээл заасаар байгаад бүр сүүлдээ сурчихсан байсан. Өөрөө уншиж бичдэг болчихсон байсан.

Саранцэцэг -

Та хүүхэд байхдаа кино, жүжиг үзэж байснаа одоо санаж байна уу?

Туулайхүү -

Тийм юм байхгүй.

Саранцэцэг -

Сумын төв дээр кино үзвэр гардаг юм уу? Хотоос хүмүүс ирдэг юм уу?

Туулайхүү -

Сумын уран сайханч гээд тэр чинь ёолк гээд сургууль дээр хийдэг болоод намайг 3-р ангид байхад байхаа, манай захирал байсан юм. Бүлтгэр Дэмбэрэл гээд том бүлтгэр нүдтэй багш байдаг байсан, тэр нэг өвгөний толгой хийгээд, одоо цагаан өвгөний толгой байж л дээ, будчихсан ийм толгой, тэгээд тэрнийг нь ингээд баг хийж өмсөөд, ёолк болоод юун яасан бид чинь нөгөө цагаан өвгөнөөсөө айгаад орж чаддаггүй\инээв\. Тэгээд багш тэр багаа авчихаад, Дэмбээ багш багаа авчихаад багш нь байна ш дээ, орж ирээч гэж тэгж оруулж байсан. Тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэгээд тэр Дэмбэрэл багшийн авгай Ичинхорлоо гээд тэр нэг мандолин тоглоод дуулаад, би нэг шүлэг уншдаг байсан байхгүй юу, тэгээд тэр шүлгээ уншаад, юу уншиж байснаа мэдэхгүй. Манай тэр уйлж хоцордог байсан, охины дүү нь их сайхан дуулдаг охин байсан тэр үед. Тэр нэг дуу дуулаад, нэг 2 гурван хүүхэд дуулаад, нэг ёолк тэмдэглэж байсан. Тэр үе санаанаас гардаггүй юм.

Саранцэцэг -

Танай гэр бүл хамаатан садан дотроос ер нь хэлмэгдсэн хүн байдаг уу?

Туулайхүү -

Манай аавын авга лам Рагчаа гэж, Рагчаа гавж гээд хүн, Нөмрөгийн хүрээнд тэр хүн хэлмэгдсэн гэдэг.

Саранцэцэг -

Яг яаж хэлмэгдэж байсан талаар та юу гэж сонсож байсан бэ?

Туулайхүү -

Энэ нөгөө л лам нар баригдаж тавигдаж байхад л баригдаад л явсан юм гэсэн. Тэгээд одоо манай аавын тэр эгчийнх нь хүүхэд хөөцөлдөөд явсан, тэр тэгээд чухам яасан юм мэдэхгүй. Бид нар нэг их хөөцөлдөж яагаагүй. Уг удмаа мэдэхгүй болохоор чинь. Тэгээд багаасаа нутгаасаа гарчихаар хөөцөлдөж мэддэггүй. Рагчаа гавж гээд том лам. Гавж нь л байсан юм, гэсэн Нөмрөгийн хүрээний.

Саранцэцэг -

Тэр сүүлд хэрэг нь цагаадсан уу?

Туулайхүү -

Би энэ цагаатгалын номон дээр уншаад л хараад байдаг юм. Цаад овог үндсийг нь мэдэхгүй болохоор хөөцөлдөж чаддаггүй юм. Тэгээд тэр цагаатгалын номон дээр харж байхад ерөөсөө тэр хүний нэр гарч ирдэггүй.

Саранцэцэг -

Та өмнө нь сонсож байв уу, тухайн үед төр хэлмэгдлийн талаар юу гэж ярьдаг байсан юм бэ? Хүмсүүд бас баригдаад явж байсан хүмүүсийн талаар юу гэж ярьдаг байсан юм бол?

Туулайхүү -

Ерөөсөө л байж байхад нь ачаад явчихдаг байсан гэсэн.

Саранцэцэг -

Ямар нэгэн тайлбар, шалтгаан хэлж авч явах уу?

Туулайхүү -

Ерөөсөө ямар ч шалтгаан хэлдэггүй байсан гэсэн. Ёстой нөгөө дээлийг нь толгой дээгүүр нь нөмрүүлээд тэгээд аваад явчихдаг байсан гэсэн. Морин дээр зайдан мордуулаад, олон хүн тэгж авч явсан гэсээн тэрүүгээр. Манай ээж л тэгж ярьдаг байсан.

Саранцэцэг -

Тэр Нөмрөгийн хүрээ чинь танайхнаас ойр байв уу?

Туулайхүү -

Нөмрөгийн хүрээ чинь одоо тэр байгаа Нөмрөг суманд байдаг байсан. Тэр Завхан аймгийн Нөмрөг сум гээд олон хэрэгсүүрийн дунд байдаг, тэрний хойд талын нэг сайхан ам өөд Нөмрөгийн хийд чинь байсан.

Саранцэцэг -

Яг тухайн үедээ Нөмрөгийн хүрээнд шавилж байсан олон лам байсан байх даа?

Туулайхүү -

Байсан юм, байсан юм. Тэгээд 55 онд гараад энэ рүү ирчихээд, зундаа очиж амарчихаад, тэгээд 59 онд ээж аав хотод хүрээд ирсэн.Тэгээд би нутаг явалгүй байж байж, 89 онд очсон.

Саранцэцэг -

Хэлмэгдэж байсан улсуудын шүүх хуралдаан болж байсан гэж та сонсож байсан уу?

Туулайхүү -

Овгийг нь мэдэхгүй болохоороо асууж чаддаггүй юм. Рагчаа гавж гэж байсан, уг нь явбал явах л байх. Би цаад нарийн юмыг нь мэддэггүй болохоор хөөцөлддөггүй.

Саранцэцэг -

Та соёлын довтолгооны талаар мэдэж байна уу? Соёлын довтолгоог яг яаж явуулж байсан юм болоо?

Туулайхүү -

Тэр ч одоо хэцүү ш дээ. Гадаадынхан сонсвол нөгөө бөөс, хуурснаасаа салах гээд, бичигтэн болох гээд. Тэр чинь 61 оноос эхлээд шатчилж явуулсан шүү. Нэгдүгээрт одоо эрүүл мэндийн талаар эрүүлжүүлэх, 2-рт бичигтэн болгох, нөгөө хир буртагнаас нь салгах, шатчилж явуулсан юм.

Саранцэцэг -

Хүмүүсийн амьдралд яаж нөлөө үзүүлсэн бэ?

Туулайхүү -

Тэр бол их сайн нөлөө болсон. Нөгөө бичиггүй улсууд чинь бичигтэн болсон, нөгөө харанхуй бүдүүлэг, нөгөө соёлч багш довтолж байна гээд манай нөгөө Сэлэнгэ аймгийн боловсролын хэлтсийн дарга Гомбосүрэн гээд хүн байсан. Тэрний их сайхан сайхан шүлгүүд байдаг юм ш дээ, нарийн сураглах юм бол Сэлэнгээс олдоно доо.

Саранцэцэг -

Тухайн үед соёлын довтолгооны талаар бичиж байсан юм уу?

Туулайхүү -

Аа ер нь сайн найрагч байсан л даа. Танай ээж бол сайн танина даа. Тэрний шүлэг байвал олж авбал хэрэгтэй л юм даа.

Саранцэцэг -

Соёлын довтолгооны үеэр шалгалтын комиссынхон явах уу?

Туулайхүү -

Өө тэр айл болгоноор орно тэр чинь. Нөгөө эмнэлэг гэгээрлийн ажил гээд 3 дахь өдөр явдаг байваа. Албан байгууллага, айл гэр бүрээр эмнэлгээс явна. Сумаас хавсарсан комисс явдаг байсан. Тиймээс соёлын довтолгооны суурь нь бөөс хуурс, хувийн ариун цэвэр сайжруулах, тэгээд айлуудыг чинь хөнжил гудастай болгох. Дээлээ нөмрөөд л унтдаг байлаа ш дээ,тэрнийг чинь больж хөнжилтэй болгох, цагаан даавуун хэрэглэлтэй болгох, тэр чинь одоо тавин хэдэн оноос хэрэгжиж эхэлж байсан юмаа. Хөдөөдөө бол жаран хэдэн оноос. Төв суурин газартаа бол хийгдсэн байсан, тэгэхэд чинь бас ч гэж Оросын нөлөө их байсан шүү, манай Монголд чинь. Тэгээд ер нь хөнжил гудасгүй айл бол бараг байхгүй, төвлөрсөн газраа бол, хөдөөдөө бол дээлээ нөмрөөд л унтдаг байсан юм. Ялангуяа энэ баруун чиглэлийн аймгуудад бол ер нь жоохон алсдуу. Тэгээд тэр соёлын довтолгоон чинь явж айл болгоныг цагаан бүрээстэй, хүн болгоныг солих орны цагаан хэрэгсэлтэй тийм болгож байсан юм. Тэр соёлын довтолгоон чинь.Тэгээд соёлын довтолгоонтой хамтраад, бичигтэн болгох, бичиг үсэг сураагүй хоцорсон улсууддаа, бичиг заадаг. Тийм байсан. Тэгээд харин тэр довтолгоон бол хүмүүст их өгөөжөө өгсөн дөө. Тэр эрүүл мэндийнхээ талаар ч их өгөөж өгсөн, тэр үзэл суртал бичигтэн болгох талаар ч өгсөн.

Саранцэцэг -

Тэр үед нөгөө соёлын довтолгооны үед номын сан, ном уншдаг хөдөлгөөн чинь нөгөө өрнөж байсан уу?

Туулайхүү -

Тэр нөгөө социалист хөдөлмөрийн бригад, төлөө бригад, социалист нөхөрлөл гээд тэр энэ тэр чинь өрнөж байсан. Тэр чинь одоо 65, 66 оноос л эхэлж 62, 63 оны үед л тэрийг чинь өрнүүлж байсан. Социалист хөдөлмөрийн бригад төлөө бригад гэж нэг жил үүрэг авдаг, тэгээд 1 жилийнхээ үүргэн дотроо бичиггүй хүнийг бичигтэн болгоно, тэгээд одоо бүх талаас нь бүх юмаа хийнэ, хамтарч амьдрах одоо нөгөө хоршоолол коммун гэдэг шиг хамтарч ажиллаж, одоо нөгөө хамтын хүчийг тиймээ, хамтаараа ажиллавал ямар байх нь уу, ганцаараа ажиллаж амьдарч байгаа хүн бол яах уу, ахиц гарахгүй ш дээ, хамтын хөдөлмөр, хамтын бүтээл тэрнийг их төвлөрүүлж өгч их зөв бодлого явуулж байсан шүү. Тэгээд л 1 жилийн хугацаанд чинь үүрэг авна, тэр 1 жилийн хугацаанд чинь маш их юм хийнэ ш дээ. Өөртөө ч их юм хийнэ, албандаа ч их юм хийнэ, төвлөрсөн газруудаар оройн сургуулиар ч их явна, бүр “А”, “Э” г хүртэл заалгаж байсан. тэгээд 1-р ангид сурч байгаа юм шиг, оройн сургуульд бичиг заалгана. Тусгай багштай тэгж явуулдаг байсан. Тэр чинь их сайн нөлөөлсөн.

Саранцэцэг -

Тэр нөгөө улсуудад урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, гадаадын эмч нартай хамтран ялангуяа энэ Зөвлөлтийн эмч нар хөдөөгүүр явж тариа хийдэг байсан чинь бас соёлын довтолгооны үеийнх үү?

Туулайхүү -

Үгүй тэр чинь тавин хэдэн онд. Бас жаран хэдэн онд ч явж байсан л даа. Нөгөө арьс өнгөний өвчин.., тэр үеэр. Тэр үеэр чинь орос эмч нар үзэж, нөгөө манайхнаас муухай яр, тэмбүү гэж өвчнийг чинь салгах ажил хийгдсэн. Орос эмч нарын экспедици үзлэг хийгээд аймаг сум болгонд очиж, тэр нөгөө эрүүл мэндийн үзлэг хийгээд, тэр улаан тариа, цагаан тариаг чинь хийж, тэр чинь одоо 56 оноос эхэлсэн байхаа. Нэлээн удаан хугацаанд явсан шүү, тийм. Тэгээд хөдөө багт нэг бага эмч бэлтгэж, санитар тариа хийдэг хүн бэлтгэж аймагт нь сургалт явуулаад, тэгээд хөдөө баг дээр улаан, цагаан тариа хийж тэгж байж салгасан шүү, тэгээгүй бол манайхан чинь нөгөө хамар ам нь муухай болж байсан, тэр өвчнөөс болж байсан ш дээ, тэгээд тэр нь байхгүй болж байгаа байхгүй юу. Түүхийн юм даа, одоо. Түүх болж үлдэж байна даа.

Саранцэцэг -

Яг одоо комиссынхны тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг байсан бэ ?

Туулайхүү -

Тэр үед чинь улсууд чинь их дуулгавартай байлаа. Хүн ер нь ёстой нөгөө “За гэвэл ёо гэдэггүй” гэдэг шиг байсан. Тэр үед чинь нийгмийн халдварт өвчин гэхээр чинь юу гэж зугтаахав. Одоо чухам манайхан яаж байгаа юм гэхээс. Одоо малчид чинь морио унаад л яг хугацаандаа очно. Тийм. Хүн эрүүлжүүлж байхад чинь хэн зугтааж байхав, тэр тэргүй үнэгүй эмчилж байгаа юм чинь. Тэгдэг байсан.

Саранцэцэг -

Хэрвээ сайн биелүүлж байгаа, шаардлага хангаад байгаа улсуудаа яаж урамшуулдаг байсан бэ?

Туулайхүү -

Мэдэхгүй тэр урамшууллыг. Тэр үед ч одоо хүн их зөөлөн чихтэй өвчнөөсөө ч их салъя гэж бодож байсан байх, эсэргүүцэх юм байхгүй байсан. Хичнээн холоос морьтой давхиад л ёстой 10, 20-иулаа нийлээд л явдаг байсан. Сонин байгаа биз, түүх болгоод ярихад.

Саранцэцэг -

За нэгдэлжих хөдөлгөөний талаар та ярьж өгөхгүй юу? Яаж одоо хувь хүнийг нэгдэлжүүлж байв, ямархуу журмаар нэгдэлжих хөдөлгөөн явагдаж байсан бэ?

Туулайхүү -

Заа, нэгдэлжих хөдөлгөөн чинь 57 оноос, их богино хугацаанд нэгдэлжих хөдөлгөөн болсон шүү. 57 оноос 59 оны хооронд. Ер нь тэгээд 61 он гэхэд чинь бүх ардын аж ахуйтан гэж байсан, хувийн аж ахуйтай улс нэгдэлд орчихсон байсан шүү. 59 оноос л эхэлж байсан юм. Хамтын хөдөлмөрийн давуу тал гээд л их яригддаг байсийм.

Саранцэцэг -

Ухуулагчаар ямар улсууд явдаг байсан?

Туулайхүү -

Аа намын гишүүд явдаг байсан. Тусгай семинар хийгээд, сумандаа, аймагтаа. Тэгж явдаг байж. Тэгээд л зарим нь дуртай орно, зарим нь дургүй, ер нь олон малтай улс бол дургүй. Ер нь дунд зэргийн, дунд дундаас доош амьдралтай улсууд бол их ордог, тэгээд яадаг уу гэхлээр нэгдэлд орсон малынхаа ашиг шимийг ашиглана, хөдөлмөр өдрийн хөлс авна гээд ингэчихсэн. Хөдөлмөр өдрийн хөлс нь нэг хэдэн 3,4 төгрөг ч байдгиймуу, тиймэрхүү журмаар ярьдаг байсан. Тэгээд ер нь 59-61 он гэхэд нэгдэлд бүгдээрээ орчихсон шүү. Тэгээд л ер нь задраад л, дахиад энэ чинь нэг задарсиймаа. Нэгдэл байгуулагдаад, зарим газраа задраад, нөгөөдөх дарга марга нь удирдаж чаддаггүй байсан юм уу, яадаг ч байсийм, мал хөрөнгөө тараагаад, татан буугдаад, гэхдээ манайх Завхан аймгийн Нөмрөг сумын “Их эхлэл” гээд нэгдэлд орж байсийм. Тэр их сайн нэгдэл байсан л даа, хажуу талдаа мал аж ахуйн машинт станц гэж өвс хадлан бэлтгэдэг станцтай байсан, тийм. Тэр одоо сая энэ өмч хувьчлалын үеэр тарсан шүү, тэр бол нэлээн сайн бэхэжчихсэн сайн нэгдэл байсан.

Саранцэцэг -

Хүмүүс ер нь малаа нийгэмчлэхгүй гэж нуудаг энэ тэр тохиолдол гарч байсан бол уу?

Туулайхүү -

Одоо гарч л байсан байх даа. Ганц нэг одоо нэртэй гайгүй том.., би л одоо лав жороо морио өгөхгүй гэж манай аав бол. Нөгөө ирж малыг нь тоолж авч байгаа улсууд чинь тэр тэрийг нь авна гэж үнэндээ одоо нугалаа ч юм уу, өөрсөндөө унах гэж ч тэгж байсиймуу, манай аав лав хоттой хонийг минь бүгдийг нь туугаад яв, би энэ хэдэн морьдоо өгөхгүй гэж тэгж байсийм, манай аав.

Саранцэцэг -

Ер нь одоо нэгдлийн гишүүнийг хурлаар оруулж байж авах уу?

Туулайхүү -

Хурлаар орно. Хуралдаад элсэх үү элсэхгүй юу, орох уу, орохгүй юу гээд. Өдөржин шөнөжин 3,4 хоногоор ч хуралддаг үе байсан гэж ярьдгийм. Тэгээд манай нагац ах Рагчаа гээд тэр хүн тэр нэгдлийг анх санаачилж байгуулсан гэнэлээ. Тэгээд тэр хүнийг тэгж ярьдаг юм сүүлд нь, нэгдэлжих хөдөлгөөнд хүн оруулах чинь эвтэй нь эвтэй, эвгүй эвгүй байсан, хүний малыг тоолоод хураагаад явж байхад чинь яаж ч тийм сайхан байхав дээ, хичнээн олон жил малаа гэж зүтгэчихээд, манайх чинь хэл ам ч их байсан, тэр чинь бүр сүүлд хожуу тэгж ярьдаг байсан юм зайлуул.

Саранцэцэг -

Тэгээд танайх малаа нийгэмчилсний дараа нэгдлийн ямар мал хариулж байв?

Туулайхүү -

Хонь хариулдаг байсан.

Саранцэцэг -

Тухайн үед тэр айлдаа одоо бог бодыг дүйцүүлж байгаад, нэг бог бол одоо 75 орчим бог гээд үлдээдэг байсан гэж ярьдаг юм билээ?

Туулайхүү -

Тэр бол яахав, нөгөөдөх нийгэмчлэх малаасаа авч үлдэж байгаа нь тэр. Одоо 100 хоньтой айл байлаа гэхэд чинь одоо 70 хонь авч үлдээд, 30 хонио нийгэмчилдэг.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүд хөдөлмөр өдрийн хөлс гэж авдаг байсан, жилийн ноогдол ашиг хуваана гэж юм байсан гэсэн ?

Туулайхүү -

Тийм, нэгдэл яахав ашигтай ажилласан болбол одоо нөгөөдөх бүтээгдхүүний борлуулалт байна ш дээ, өнөө малаас авч байгаа ноос ноолуур юу ч байдгийм, тэр нь одоо ингээд одоо тэр чинь одоо ингээд 10 тн ноос ч гэдгиймуу, 15 ноолуур тэрнийг нь өгөөд, ингээд тушаагаад, тэрний мөнгийг одоо нэгдэл авнаа даа, нэг 10000 төгрөг ч юм уу, хорин мянган төгрөг ч юм уу, тэрнийхээ 0,2% -г 0,1%-ийг ингээд бодоод ирэхээр чинь хэдэн төгрөг илүү гарнаа даа, нөгөөдөх ажил хийсэн нэгдлийнхээ гишүүдэд өгнө, заа тэрнийгээ сайн ажил хийсэн хүнд нь одоо 50 төгрөг ч гэдгиймуу, дунд зэргийнхэд нь 20 төгрөг ч гэдгиймуу, бүүр хөдөлмөр өдөртөө хүрээгүй хүнд бол өгөхгүй, тийм жишээтэй. Тэгж л хүмүүст олгодог. Тэгээд тэр нь хэдэн төгрөг авч байсан гээч, арван хэдэн төгрөг. 20,30 төгрөг. Тийм юм авдаг байсан.

Саранцэцэг -

Ер нь одоо огт малгүй хүн нэгдэлд элсэж байсиймуу, нэгдлийн гишүүн болдог байсиймуу?

Туулайхүү -

Ер нь одоо огт малгүй хүн гэж байдаггүй байсан. Зүгээр нэг бага л малтай. 20,30 хоньтой, нэг 2,3 үнээтэй ч юм уу, нэг ганц унааны морьтой тийм л хүн ядуу гэдэг болохоос байна уу болохоос бүр ор хоосон малгүй айл гэж лав л би мэддэггүй ээ. Тэднийх бага малтай, цөөхөн хэдэн богтой л гэж ярина уу гэхээс бүр малгүй айл гэж байдаггүй байсан.

Саранцэцэг -

Та санхүүгийн техникумыг 59 онд төгсөөд, Зүүн хараад ажиллаж байсан, хамгийн анх хөдөлмөрийн гараагаа эхэлсэн чинь данс хөтлөгч хийж байсан гэсэн. Та тэнд томилгоогоор очиж байв уу?

Туулайхүү -

Манай нөхөр тийшээ Эвлэлийн Төв Хорооны илгээлтээр манай өвгөн эвлэлийн ажилтнаар очиж, тэгээд би төгсөөд, хойноос нь очсон байхгүй юу. Тэгээд тэнд нөгөө данс хөтлөгч гээд одоо тоо бүртгэгч л байсан байх даа, бодвол. Тийм, тэгээд л Цацрал гээд л, өндөр Цацрал гээд л нэг хүн ерөнхий нягтлан бодох нь. Тэгээд л энийг энэ дээр хуулаад бич гэхээр л хуулаад бичээд л сууж байдаг/инээв/ тэгж л ажил хийж эхэлсийм даа, анх.

Саранцэцэг -

Та ямар цалин авч байсан бэ?

Туулайхүү -

Тэр чинь одоо нэг 170 төгрөг авч байсиймуу даа. Би л лав стипенднээсээ бага авдаг байсан. Би 180 төгрөг авч байсан, тэнд очоод 170 төгрөг авч байсан. тийм.

Саранцэцэг -

Ер нь хүмсүүд социализмын үед ажилд орохдоо ямархуу журмаар ордог байсан бэ?

Туулайхүү -

Заа тэр үед ч яахав дээ, өргөдлөө өгөөд л, мэргэжилтэй нь мэргэжлийнхээ ажлыг мэргэжилгүй нь болбол тэгээд л янз бүрийн л ажил хийнэ л дээ. САА болохоор голцуу л үйлдвэрлэлээс гарсан ажил дээрээ л ажиллана ш дээ. Ногоо тарина, одоо ногоогоо яадаг ч байсийм, ялгана тэгээд л малын төл авах үед чинь баахан төлд улсуудаа гаргана. Аа хоолыг нь өгчихнө. Төл сайн бойжуулсан байвал хэдэн төгрөг өгчихнө, муу бойжуулахын болбол одоо юу өгөхөв дээ, тэгээд л. Нэмэгдэл хүч болгож байгаам. Аа тариа тарих үед бол одоо бас нэмэгдэл хүч.., нөгөө силкэнд суулгана, будаа үрлэнэ тарина гээд. Бас их ажилтай. Намар тариагаа хураахаараа үтрэм дээр ажиллуулж, тариагаа цэвэрлүүлнэ. Тэгээд туслах үйлдвэр их байдаг байсан ш дээ, тэр үед чинь. Модны үйлдвэр тэрэн дээрээ ажиллуулна. Тийм.

Саранцэцэг -

Та тэгээд данс хөтлөгч гэхээр САА-н данс хөтлөгч л гэсэн албан тушаалд ажиллах уу?

Туулайхүү -

Тийм. Тэгэхдээ л нөгөө санхүүгийнхаа бүх ажлыг хийнэ ш дээ. Нөгөө дансны харьцаануудыг чинь хооронд нь хийнэ. Одоо нөгөө Д-бүртгэл тэдийн тэд гээд л. Нөгөө нягтлан чинь заана ш дээ. 77-1-д цалингаа, 77-2-т ашгаа ч гэдгиймуу ингээд л, нөгөө дансныхаа харьцаагаар явчихдаг байхгүй юу.

Саранцэцэг -

Одоо ингээд л харж байхад улсуудын социализмын үед ажилд орж байсан байдал одоо хүмсүүдийн ажилд орж байгаа байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Туулайхүү -

Одоо чинь боловсрол өндөртэй болчихож. Мэргэжилгүй хүн гэж байхгүй. Тэр үед чинь боловсролтой, мэргэжлийн хүн чинь ховор байлаа ш дээ. Ер нь сайндаа нэг 4-р анги төгссөн, муухан гарын үсгээ зурчихдаг, заа тэгээд миний үед овсгоотой нь нэг техникум төгссөн, голцуул дээд сургууль төгссөн хүн ховор байсийм даа, дандаа л техникум төгссөн, тиймэрхүү л байлаа. За одоо багш л гэхэд л багшийн сургууль төгссөн дунд, санхүүч гэхэд л санхүүг төгссөн дунд, ер нь их сургууль төгссөн хүн намайг төгсөөд очиж байхад байдаггүй байсан шүү. Орост төгссөн гээд л нэг инженер хүүхэн байдаг байсан. Спиртийн үйлдвэрийн нэг инженер залуу байсан. Зүүнхараагийн урд тал руу нэг хэдхээн байшин харагдаж байгаа даа. Нэлээн урд талд анзаардаг уу, үгүй юу. Хуучин спирт заводын туурь гээд. Тэрэн дээр нэг цөөхөн хүн байдаг байсан.

Саранцэцэг -

Тэр үед одоо хүмсүүдийн ажилд хандах хандлага ямар байсан, одоо яаж өөрчлөгдөж?

Туулайхүү -

Тэр үед чинь улсууд чинь сэтгэлээсээ, ёстой бичиг мэдэхгүй ч гэсэн ажилдаа их үнэнч, тийм байдаг байсан. Ер нь их үнэнч, их зүтгэлтэй, байдаг байсан.

Саранцэцэг -

Яг одоо та өөрийнхөө хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байсан уу?

Туулайхүү -

Энэ та нарын насаараа идэх хоол шүү гээд, нөгөө Моломжамц даргын авгай Цэрэнянжин гуай чинь манай ангийн багш байсийм, тэгээд та нарын насаараа идэх хоол чинь энэ шүү, толгойгоо сайн ажиллуул, тэгээд л байнга тэгнэ. Эмэгтэй хүн тэгж биеэ авч явах ёстой, эрэгтэй хүн тэгж биеэ авч явах ёстой, ингээд одоо энэ Улаанбаатар.., санхүүгийн холбооны дарга Цэндсүрэн гээд, тэр бид нэг анги, тэр их сурлага сайтай, одоо цөмөөрөө л Цэндсүрэн шиг сурна, жаахан дультраа хэлтэй, буриад авгай байсан, энэ хүү шиг сайхан сур, энэ Туулайхүү шиг сайхан хувцсаа цэвэрхэн өмс, энэ дээлийг 3 жил өмслөө, нэг ч хир байхгүй гээд тэгдэгсэн. Би нэг ногоон сатинан дээлтэй /инээв/ яагаад манай ээж надад тэгж 2 дээл хийж өгсөн юм, ногоон сатинаар, тэр үед одоо олдож байсан нь тэр байх даа, нэг хурган дотортой дээл, тэгээд нэг ижил сатин тэрлэгтэй. Тэгээд тийм хоёр дээлтэй. Оюутан болж төгсч байсан. Тэгээд энэн шиг ийм цэвэрхэн бай л гэж тэгж байсан.

Саранцэцэг -

Таны одоо ажиллаж байх үед хамгийн их бахархдаг, хамгийн их жигшдэг зүйл гэвэл юу байв?

Туулайхүү -

Хамгийн одоо миний ажиллаж байх үед чинь хамтын хөдөлмөр.., социалист хөдөлмөрийн бригад ч байсан гээд л гарч ирж байлаа ш дээ, тэр үед чинь хүнийг ингээд хамтаар нь, одоо хүмүүжлийн нэг хэлбэр юм даа, тэр надад их аятайхан санагдаж байсан. Сайн муу, дээр доор гэхгүй их том хэмжээг хамарч байсан тэр чинь. Жигшдэг юм гэвэл одоо би архи ууна, хулгай хийнэ, тийм юм чинь одоо маш их жигшүүртэй. Тэгээд нөгөө олон нийтийнхээ дундаас ингээд тасраад, ингэж хамтарч явдаггүй хүнээ бид нар чинь ёстой сунгаж өгнө шүү дээ. Тэрийг чинь хамт олон дотроо оруулах гэж, маш их зөрүүд, юманд их идэвхгүй хүн байдгийм ш дээ. Тэрнийг чинь ёстой ...Чи магт, би зэмлэнэ гэж ингэж хүмүүжүүлдэг байлаа, хүн хүнийгээ. Социалист хөдөлмөрийн бригад, төлөө бригад, тэр сэхээтний нөхөрлөл гэдэг чинь хүнийг хүмүүжүүлэхэд маш их сайн нөлөөлж байсан. Одоо тэр байхгүй болжээ.

Саранцэцэг -

Та 170 төгрөгний цалин авч байсан гэсэн, таны амьдралд 170 төгрөг хүрч байв уу? Та ажил амьдралаа яаж зохицуулж байв?

Туулайхүү -

Одоо болж л байсан юм байгаа биз. Манай нөхөр чинь 250 төгрөгний цалинтай, тэр үеийн мөнгө гэдэг чинь мөнгө шүү дээ. Юм хямдхан, мөнгөний ханш өндөр, өө 170 төгрөгөөр чинь их юм авна ш дээ. Бид 2 чинь тэнд ерөөсөө л 2-уулаа, нэг хөнжилтэй, 2 гудастай, нэг нэг аягатай, нэг цагаан данхтай л очиж байсан хоёр ш дээ. Ор мор гэж байхгүй, хоёулаа тэгээд л. Өвгөн түрүүлээд оччихсон айлд байдаг байсан, би араас нь очихдоо яаж чамайг би хоосон явуулахав гээд нэг хөнжил 2 гудас, 2 аягатай, нэг цагаан данхтай явж байсан, өө нэг жижигхэн халуун савтай бас болоогүй. Тэгээд л очиж айл болж байсан хоёр байгаам. Тэгээд бид 2 очоод нэг жижигхээн одоо энэ өрөөг 3 хуваасны дайтай, нэг ийм жижигхээн өрөөнд 2-уул амьдрана, тэрний наана нэг 2 орос амьдрана бас, гэр бүлийн 2 орос. 4-үүлээ 2 оростой. Тэр одоо анх л ХАА-н одоо нөгөө атар газар эзэмших үед л ирж байсан байгаам л даа. Би тэгэхэд чинь орос хэл мэдэхгүй, манай өвгөн чинь бас хойно сураад ирчихсэн, овоо гайгүй ярьчихдаг, Эвлэлийн Төв Хорооны шугамаар комсомолын дээд сургуульд сураад, 2 жил болоод ирчихсэн, тэдэнтэй бол хэл мэлээ сайн нэвтрэлцэнэ. Би болохоор байхгүй. Тэгээд нэг тэгж байсийм.

Саранцэцэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?

Туулайхүү -

Заа даа, тэр чинь дарга нар л байсан дөө. Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо доод тушаалын улстайгаа дарга нар ямархуу харьцаатай байсан бэ?

Туулайхүү -

Дээр үед чинь нэг их албадаад чи тэг ингэ гээд гэхгүй ч гэлээ гэсэн, ер нь их зөөлөн харьцаатай, тэгээд бас тийм хүний төлөө гэдэг чинь тэр үед бас байсан шүү, тийм. Тэр улсын хөрөнгийг иднэ, ашиглана, гэсэн тийм юм ерөөсөө байхгүй. Тэр үед чинь их шударга, тэр үеийн удирдлага чинь элэгсэг нөхөрсөг, одоогоос арай өөр байсан шүү. Би одоо бодоод л байдгийм, одоо үеийн энэ дарга нар захирал гэж байгаа улсууд чинь ер нь юмыг бол өөр лүүгээ татаад байхаас биш, энийг өөд нь татчихъя гэсэн бодолгүй юм шиг над санагдаад байдгийм. Би буруу хардаг байх. Аа тэр үед болбол бас ч гэж хүнээ өөд нь татах юм сургах, ялангуяа энэ ХАА-н техник эзэмшүүлсэн, мэргэжилтэй залуучуудтай бол нэлээн ажилладаг, сайн ажилладаг байсан шүү. Тийм ч учраас манайх атар газрыг сайн эзэмшсэн, манайх залуучууд техникт сайн эзэмшиж, их олон баатрууд төрсөн шүү. Олон сайчууд төрсөн шүү, бас. Тийм. Социализмын үед чинь хүнтэйгээ их сайн ажилладаг байсан юм шүү.

Саранцэцэг -

Одоо эрх мэдэлтэй улсуудад хандаж байгаа хүмүүсийн хандлага одоо яаж өөрчлөгдөөд байна? Өмнө нь ямар байсан?

Туулайхүү -

Ер нь ч их дуулгавартай сайхан, биеэ боловсруулах талаар, ер нь хүнтэйгээ ажиллах талаар их сайн ажилладаг байсан шүү.

Саранцэцэг -

Доод тушаалын улсууд дарга нарт хандахдаа ямар байсан?

Туулайхүү -

Тэр үед үү? Маш их дуулгавартай ш дээ. Тэр үед чинь нөгөө хүнээ өөд нь татах гээд байхад хүн нь цаашаа зугтахгүй ш дээ. Тэр үед чинь “төлөө бригад” хамтын хөдөлмөрийн давуу талыг хүндээ их ойлгуулдаг байлаа, тэр олон социалист хөдөлмөрийн төлөө бригад, сэхээтний нөхөрлөл нь бол дандаа сэхээтний нөхөрлөл нь бол дандаа тэр улсуудтай толгойтой нь ажилладаг. Одоо юм ярьдаг, заадаг сургадаг, хууль зүй ч байдгиймуу бичиг үсэг ч байдгиймуу, дуу хуурч байдгиймуу, одоо хүний толгойтой нь их ажилладаг, дандаа сэхээтнүүд чинь сэхээтний нөхөрлөлд байсан шүү. Одоо тэр жинхэнэ бригадад орж байгаа тэр хамт олон чинь одоо дандаа үйлдвэрлэгч, үйлдвэрийн ажилчид байхгүй юу даа. Тэдэнтэйгээ л сайн ажилладаг. Энэн дээр чинь одоо бичиг үсэг сурдгиймуу, янз бүрийн юм сурахад чинь дандаа л хамт сурдаг байлаа ш дээ. Тэгээд юмаа сайхан оёж сурна, юм бичнэ, техник дээр хамт ажиллана хөдөө аж ахуй чинь, ер нь трактор барьж чадахгүй хүнгүй болчихсон байсан ш дээ, нэг хэсэг нь. Эмэгтэй, эрэгтэйгүй л трактор барина, бие биенээсээ сураад.

Саранцэцэг -

Яг социализмын үед шинэ технологи гэвэл юуг хэлэх вэ, ямар ямар шинэ технологиуд нэвтэрч байв, юу нь хамгийн их гайхамшигтай сайхан санагдаж байв ?

Туулайхүү -

Шинэ технологи гэхээр чинь ХАА-д бол трактор, комбайн, тэгээд ийм дүүжин машинууд, өнөө тракторын чинь араас явдаг зүүдэг, газраа боловсруулдаг, тэр машинууд анжис ч байдгиймуу, үрлэгч ч байдгиймуу, тэр чинь их сайхан технологи орж ирсэн ш дээ.

Саранцэцэг -

Хаанаас орж ирдэг байсан бэ?

Туулайхүү -

Дан Оросоос. Дандаа шинэ. Сайхан шинэ техник орж ирдэг байсан. Тэрнийг чинь эзэмшээд бариад явж байгаа их олон тракторын жолооч эмэгтэйчүүд техникт ажилладаг байсан шүү. лав Зүүнхараа гэхэд чинь арван хэдэн, 18 эмэгтэй трактор комбайнч ажиллаж байсан. Улсын аварга ч болж байсан, харин хөдөлмөрийн баатар болоогүй ээ. Зүүнхараагаас чинь олон баатар төрсөн шүү. Дашдорж гээд ууган баатар байдаг юм, тэгээд тэрний дараагаар Цайван, Мөнхөө өшөө хэн билээ, өө чааваас золигийн чинь нэрийг мартчихаж, хэн Ням билээ дээ, манай Ерөөгийнх чинь бас 3 баатартай, хамгийн ууган баатар чинь Хөдөлмөрийн баатар Бямбацогт гэж Ерөөгөөс төрсөн, нэг шалчгар өвгөн явж байна.

Саранцэцэг -

Яг одоо эрх мэдэлтэй улсууд өдөр тутмын байдлаараа доод тушаалын улсаас ялгагдаж харагдах уу?

Туулайхүү -

Үгүй ээ, одоо инженер механикууд, гэхэд чинь ерөөсөө тэрэн лүү яваад л орчихно ш дээ, яг л үйлдвэрлэгч ижилхэн, би дарга, би инженер гээд хармаанд гар хийгээд зогсохгүй ш дээ, адилхан л тостой хутгалдана, тэгж байж л манайх энэ атар газрыг чинь сайн эзэмшсэн, машин техникийг чинь сайн эзэмшсэн, ялангуяа эмэгтэйчүүд хүртэл маш сайн ажилладаг, сайн эзэмшсэн ш дээ, тэр үед чинь. Одоо сүүлийн үед л тэгээд л олон боловсронгуй аппарат, улс орон маань хөгжөөд л янз бүрийн гоё машин унаад байгаатай адилхан ХАА-н үйлдвэрлэлд ажиллаж байсан эмэгтэйчүүд чинь бүгд л тракторчин байсан ш дээ, сонирхолтой болчихсон.

Саранцэцэг -

Яг одоо Зүүнхараадаа гадаадын мэргэжилтэн гэвэл ямар улсууд байсан бэ?

Туулайхүү -

Одоо мартчихаж, зөндөө олон оросууд ажиллаж байсан. Тэр оросуудыг чинь дагуулаад нэг 2 хүнийг сургадаг юм, оросууд чинь их юм хийж өгсөн шүү. ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ялангуяа энэ газар тариаланд, намар нь ирээд тариагаа хураачихна, тэр олон таракторчдыг чинь дагуулаад сургаад, өөрөө ажиллаад, бүр манайд 3,4,5 жил ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад буцдаг. Тийм байсан шүү.

Саранцэцэг -

Ер нь монголчуудын гадаад улсуудтай харьцдаг харьцаа нь ямар байсан бэ?

Туулайхүү -

Тэгээд тэр оросуудтай ажилаж байгаа хүн чинь халтар хултар ч гэсэн хэл сураад авчихаж байна. Тэд нарын чинь соёлтой талыг нь сураад авчихаж байна, гэр бүлийнх нь. Тэд нарын чинь гэр бүлийг ашиглаад, юм оёхыг заалгана. Тэр нөгөө янз бүрийн палааж, малааж эрээн даавуугаар хийх тэгээд ганц нэг секц дугуйлан ажиллуулаад, тэгээд бас хэлтэй бас ярьдаг, 5,10 үгтэй болж овсгоотой нэг нь сайн ярина, овсгоо муутай нэг нь ямар ч гэсэн сайн байна уу гээд зөв хэлдэг болчихсон, үлдэж байсан даа.

Саранцэцэг -

Яг тэр Зүүнхараагийн САА-д чинь хүмсүүд нь газар, тариалан их эрхэлдэг байсан, хятад хүмүүс олон байсан уу?

Туулайхүү -

Хятад ер нь байхгүй, цөөхөн байсан. Цөөхөн байсан. Тэнд нутагшчихсан, тийм нутгийн монгол авгайтай, хүүхэд шуухадтай, цөөхөн дөө, нэг 3, 4 хүн л байсан. Наад Зүүнхараа хот руугаа болохоор аягүй олон хятадтай, ЗүүнХараагийн САА чинь одоо тэр спиртийн урд, голынхоо урд талд байгаа биз дээ.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Туулайхүү -

Миний амьдралд одоо гүнээр нөлөөлсөн, хамгийн сайхан зүйл гэвэл одоо нөгөө амьдралдаа их түшигтэй ханьтай болж, 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо ханьдаа их халамжтай, тэрэндээ бас над их гүнээр нөлөөлсөн, сурч боловсрох үр хүүхдээ өсгөхөд их халамжтай, ханьдаа их баярладгийм. Заа ээждээ их баярладаг юм, олон хүүхдийг минь өсгөж өгсөн, намайг эрдэм ном сургахад өөрийгөө хаа байсан хаяад, нэгдлийн олон мал маллаад, намайг явуулж байсан. Энэ 2-ыгоо би ерөөсөө мартдаггүй юм, тийм. Заа улсынхаа талаас бол яахав, намайг мэдлэг мэргэжилтэй болгосон, намайг голоогүй том үйлдвэрлэл дээр ажиллуулж байсанд бас их баярладгийм. Тэгээд ХАА-н үйлдвэрлэл сайхан ш дээ, тэндээс олон баатар төрсөн, олон сайхан залуучууд одоо нийгэмдээ их хөдөлмөрлөж, алдар гавьяагаа цуурайтуулсан олон аваргууд бий ш дээ, Зүүнхараа, Ерөөгөөс чинь. Улсын аварга комбайнч, аварга тракторчин олон төрсөн ш дээ, миний ажиллаж байсан газраас чинь.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Туулайхүү -

Юу байхав дээ. Бусдын л ижил, нэг их олон хүүхэдтэй юм чинь. Улсад ажил хийсэн, гучин хэдэн жил ажилласан, ийм л.

Саранцэцэг -

ХАА-үйлдвэрлэл дээр ажиллаж байсан хүний хувьд, тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр их мэдээлэл цацагддаг байсан бэ ?

Туулайхүү -

Өө сайн явдаг байсан байхөө. Тийм. Аймгийн сонингуудад, энэ улсын сонингуудад, тэгээд энэ радио сүүлийн үед л их телевизээр яригддаг байсан дөө, 70 оноос хойш, тэрнээс өмнө бол голцуу л юугаар явдаг байсан, радиогоор. Сонинд их бичдэг байлаа, “Хөдөлмөр” сонин, “Намын үнэн” сонин, аймгийнхаа сонингуудад, ажлынхаа талаар их сурталчилж мэдээлэл цацдаг байсан.

Саранцэцэг -

Та болбол Завхан нутгийн хүн, та Сэлэнгэ аймагт очоод, Зүүнхараагийн САА-д очиход байгаль, цаг агаар, бусад юмаараа юу нь одоо өөр, нэлээд сонин санагдаж байсан бэ?

Туулайхүү -

Яахав, манайх чинь эрс тэрс уур амьсгалтай их хүйтэн, уулархаг газар, аа Сэлэнгийн нутаг бол их дулаахан, адилхан уул устай ч гэсэн, далайн түвшнээс нам дор газар юм чинь. Тэгээд миний ажил амьдралын гараа одоо ажлын гараа Сэлэнгээс эхэлсэн болохдээр Сэлэнгэ нутагтаа бүр идээшээд дасчихсан, би 88 онд нутаг явсан. Маш их сэрүүн, их даарч ирсэн, 7 сарын 10-нд очсон, очоод айлын авгайн үстэй дээл өмсч байсан, даараад орой болохоор уур амьсгал гэдэг чинь тийм эрс тэрс өөр байдаг юм байналээ.

Саранцэцэг -

Таныг нутагтаа очиход таны байсан үеэс юу нь өөрчдлөгдсөн байна?

Туулайхүү -

Байгаль орчин бол нэг их өөрчлөгдөөгүй байналээ. Би ч зун очсон болохоор сайхнаараа л байналээ. Хүмүүс нь жаахан цөөрсөн, таньдаг хүнгүй болчихсон байсан. миний үеийнхэн болохоор чинь хөгшрөөд бие биеэ танихгүй, миний үеэс дээшхи нь цөмөөрөө бурхны оронд явчихсан, ганц нэгхэн улсууд үлдчихсэн, тэгээд уйлаад юмаа ярьж чаддаггүй юм байналээ. Би бас нэг бичлэг хийж авъя даа, ганц нэг улсуудаас уулзахаар ярьж чаддаггүй хөдөөний, бүр хөдөө гарчихсан улсууд чинь үгээ эвлүүлж ярьж чаддаггүй зайлуул, тэгээд л юм асуухаар жаахан яриад л, тэр ингэсэн үү гэхээр л уйлаад хөгшчүүл тийм болчихсон байсан.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдсөн газар байсан уу?

Туулайхүү -

Байхгүй, тэр чинь ёстой үгүй. Янзаараа. Тэр битгий хэл бидний хүүхэдтэй тоглож байсан, чулуугаар барьж байсан тоглоомууд, өвөлжөөний ард яг хэвээрээ байналээ. Ёстой би тэрнийгээ хараад, нүдний нулимс гарч байсан шүү. Ямар сонин юм бэ, ингээд байж байдаг.

Саранцэцэг -

Малчдын ахуй амьдрал сайжирч уу?

Туулайхүү -

Өө сайжирчихсан. Ёстой айл болгон унагатай гүү барьчихсан, шал өөр болчихсон байналээ, хүмүүсийн харьцаа, хөөе, хаая гээд л хашгираад ярьдаг байсан, тэр нь ч гэсэн больчихсон байналээ. яриа хэлний соёл ч гэсэн, шал ондоо болчихсон байналээ/инээв/

Саранцэцэг -

Одоо малыг болбол малчдад нь хувьчлаад өгсөн ш дээ?

Туулайхүү -

Өгсөн өгсөн. 92 оны хувьчлалаар чинь.

Саранцэцэг -

Тэр болбол мэдрэгдэж байна уу?

Туулайхүү -

Намайг явж байхад чинь юу яагаагүй, хувьчлагдаагүй байсан. Тэгэхдээ л ер нь уур амьсгал орчихсон, ер нь ч манай Завхан чинь мал ихтэй ш дээ. Тийм бүр одоо ядуу тэр малгүй айл гэж байхгүй. Би 88 онд явахдаа тэр нагац эгчтэйгээ очиж золгоод, нутгаараа нэг орчихоод, тэгээд САА-д малчин элсүүлж авах ажлаар явсан юм, албан ажилтай явж байсан юм. Тэгэхэд нутгаасаа гараад явчихъя гэсэн хүн байхгүй байналээ шүү. Би бүтэн 14 хоноод 2-хон айлтай ирсэн. Ёстой гуйж гувшиж, ёстой хоосон 3,4 том тэрэгтэй, 1 жижиг тэрэгтэй оччихсон улс хоосон буцалтай биш дээ. Бүүр ар луу тэр Тэс сум гэж бий, тэндээс нэг айл, Нөмрөгөөс нэг айл, тэгээд тэр авгай сүүлдээ ярьж байналээ, өвгөн нь энэ шоронд орчихсон байсан юм байна л даа, тэрэнтэйгээ ямар ч байсан уулзъя гэж бодоод л хэдэн хүүхдээ аваад л ирсэн, тэрнээс мал маллая гэж ч ирээгүй. Одоо л ярьдгийм. Тэгээд л ирсэн хүн чинь яах юм, малыг нь тоолж өгөөд л маллуулж байгаа юм чинь. Ямар сайхан газар вэ гээд л тэгдэг, дулаахан, нарийн нарийвтар ноостой хоньтой, манай САА чинь, тэгээд л бараг нэг хониноос 1 литр сүү гарах юм ямар сайхан юм гээд л, би нөгөө авчирсан болохоор л хэд хонож байгаад л, очиж нэг эргэдэг юм, нутагшиж байна уу, яаж байна гээд л. Ийм газар нутагшилгүй яахвээ, мэдсэн бол эрт л ирдэг байж гээд л, ёстой сайхан газар ирсэн, сайхан амьдарч байна, баярлалаа гээд л тэгж байсан.

Саранцэцэг -

Таны амьдралын туршлагаас харахад Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байгаа санагддаг вэ?

Туулайхүү -

Аа энэ ч зүггүй юм болж байна л даа. Ялангуяа энэ Улаанбаатарт бол гадны шашин маш их орж ирсэн юм биш үү. Яахав, одоо манайд тусалж байгаа тэр янз бүрийн улсуудыг хооллодог, тусалдаг л гээд байна. Тэгэхэд чинь арай л хэтэрчихсэн нэг л эвгүй санагдаад байдаг юм. Би ч өөрөө нэг их оролцдоггүй юм. Жилд нэг л удаа Гандангаар орно. Цагаан сарын дараахан. Тэгээд л өөр нэг их яваад байдаггүй.

Саранцэцэг -

Төрд шашин шүтлэг нөлөөлж байна уу?

Туулайхүү -

Заа тэгээд сайнаар ч нөлөөлсөн юм байхгүй, муугаар ч нөлөөлсөн юм байхгүй, түүхэндээ. Одоо бол гайгүй л дээ.

Саранцэцэг -

Та бол өөрөө сүсэг бишрэлтэй юу?

Туулайхүү -

Нэг их сүсэг бишрэл гээд байх юмгүй. Биднийг чинь бүр эхнээс нь “Шашин бол хар тамхи” гээд багаас нь намын ажилтан байсан, тэгээд тэрэнд нь явуулсан байсан, нэг их шүтдэггүй, тэгсэн мөртлөө мартдаггүй. Ямар ч байсан жилд би Гандангаар нэг ороод мөргөөд, нэг хүрд эргүүлээд л гардаг.

Саранцэцэг -

Заа, за. Бид 2 яриад бараг цаг гаран болчихжээ, энэ удаадаа хоёулаа ярилцлагаа өндөрлөөд, дараа дахиж уулзаад яриагаа үргэлжлүүлье?

Туулайхүү -

Өөө заа за.

Саранцэцэг -

Заа танд их баярлалаа.

Туулайхүү -

Баярлалаа. 2-Р ХЭСЭГ

Саранцэцэг -

За сайн байна уу, та?

Туулайхүү -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Та 1990-ээд оны үеэр ардчилсан хөдөлгөөн Монголд гарч байх үеэр таны амьдрал ямархуу байв, яг тэр үед танай хүүхдүүдээс тэр ардчилсан хөдөлгөөний жагсаал юманд оролцож байсан уу, та тэр талаараа ярьж өгөхгүй юу?

Туулайхүү -

90-ээд оны үед сураг дуулдаад л байдаг байсан. Дуулдаад л байсан. 90-ээд оны л эхэн үе юм даа, гэнэтхэн л нэг тооллого явуулаад л бүх дэлгүүр хоршооны юмнуудыг чинь хураагаад л тэгж байлаа. Лангуун дээр нь ёстой давс, гоймонгоос өөр юмгүй байлаа, ингээд л эхэлж байсан. Тэгээд л тэрний дараахан чинь Ардчилсан холбоо эвсэл гарлаа, өлсгөлөн зарлаж байна гээд л тэгээд нэлээд хүн амьтан ч сэтгэл санаагаар тогтворгүй, алийг нь ч ойлгохгүй, сайн ч юм гарч байгаа юм уу, муу ч юм гарч байгаа юм уу, ойлгодоггүй, тиймэрхүү л байсан үе шүү дээ. 90 оны үед чинь тэгээд тэр үеийг чинь дэмждэг ч үгүй, чагнаад л байж байлаа, тийм л байлаа.

Саранцэцэг -

Ер нь тэр ардчилсан хөдөлгөөн гарч байх үеэр хүмсүүд юу бодож байсан бэ, энэ ардчилал гарснаар бид нарт юу авчирна гэж их боддог хүлээдэг байсан болоо?

Туулайхүү -

Ер нь тэр 90 оны үед чинь хүмүүс нэг их сайн ойлголтгүй байсан. Энэ юу вэ, юу вэ гэж их асуудаг. Бие биеэсээ ч асуудаг бас нэг над мэтийн удирдах ажил хийж яваад, тэтгэвэрт гарсан хүнээс ирээд асуудаг зөв юм гарч байна уу, буруу юм гарч байна уу, яах гэж байна, ингээд их асуудаг, тэр талаар нэг их юм их тааруухан гарч ирсэн шүү. Эхлээд ардчилал тийм сайн, ийм муу гээд таниулга өргөн явагдаагүй гарч ирсэн юм шиг байгаам, би тэгж боддог юм. Тиймээс аль нь сайн нь мэдэхгүй мууг нь ч мэдэхгүй, баахан улсууд л залуучууд голдуу шивэгнээд л, энд тэнд бөөгнөөд л юм яриад байдаг байсан болохоос, нэг их тийм тодорхой ойлголтгүй байсан юм шиг байгаам. Тэгээд л нэг их хэвлэл радио ч хаалттай, тодорхой юм бичдэггүй л байсан юм даа. Бас л одоо мэдэх хүн амьтан бид нар чинь одоо мэдсэн юмаа бие биендээ дуулгах, хариу өгөх, юм яриад ирж байгаа хүнд чинь тодорхой юм хэлж өгөөд, сонин монин дээр хайхаар ч тодорхой юм бичихгүй, тийм л байсан үе байсан үе шүү дээ, эхлээд гарч байхад. Баахан холбоо эвсэл гээд , “281 холбоо” гээд л нэг юм гараад л ирсэн, тэр чинь харин радиогоор их ярьдаг байсан. Энэ ардчилсан хувьсгал гээд л яригдаад л байдаг байсан.

Саранцэцэг -

Яг одоо хүний амьдралд нөлөөлсөн үү?

Туулайхүү -

Одоо яах вэ дээ, яг миний амьдралд болбол нөлөөлөөд байх ч юу байхав. Амьдрал тогтчихсон болохоор. Ер нь ардчилал гэж юу вэ гэж ойлгох л гэж их боддог байсан. Ардчилалын ашиг тус нь юу вэ. Ардчилал гараад тэр өмч задарсан нь их буруу задарсан, тэр задрахаас өмнө түрээсийн гэрээ гэж гарлаа ш дээ, түрээсийн гэрээ манайх хэдэн жил байх ёстой байсан бол уу, гэж одоо тэгж боддогийм. Тэгэхийн бол хүн болгон өмчтэй болчихсон, арай өөр байх байсан байхаа. Тэгээд ингээд өмч хувьчлал гэж гараад өмчөө задлаад хаячихсан, үйлдвэрүүд задраад маш их олон хүн ажилгүй болоод, амьдрал доройтчихсон. Энэ их буруу хийсэн би одоо тэгж боддогийм.

Саранцэцэг -

Ер нь болбол одоо ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүйсийн ялгаатай нөлөөлсөн үү?

Туулайхүү -

Байсан, байсан.

Саранцэцэг -

За, ямар улсуудад илүү нөлөөлсөн?

Туулайхүү -

Энэ дээр одоо боловсрол багатай, ер нь одоо өөрөөр хэлбэл бид нар одоо ...Аа тэр нэг золигийн сагсуу юм байдаг, тэр нэг онгироо юм, тэр орчихсон явж байна гээд нэг тиймэрхүү улсууд байдаг ш дээ, юм мэдээд ч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг, тийм улсууд их ордог байсан. Тэгээд энэ өмч хувьчлал их буруу явагдсан, манайд. Тэрнээс өмчөө тараадаг, энэ үйлдвэрээ тараадаг, манайд их буруу байхгүй юу.

Саранцэцэг -

Өмч хувьчлалыг ер нь яаж зарласан бэ?

Туулайхүү -

Нэг ягаан тасалбар цэнхэр тасалбар гарч ирээд л, одоо энэ ерөнхий сайд байсан Бямбасүрэн, халзан Ганболд 2 чинь эхэлж гаргасан, би тэгж ойлгодгийм. Энэ бол миний хувийн дүгнэлт, тийм. Энэ хоёр гарч ирж ингэж өмчөө задлаад, хувьчлаад, тэгээд одоо тэдэн хонь тэдэн үхэр ч гэдгиймуу, тэр байшин тэр өвөлжөө гээд л. Энэ чинь эхлээд л энэ өмчөө хураахдаа бол худалдаа бэлтгэл худалдаанаас эхэлсэн ш дээ. Бүх одоо байсан худалдаанд одоо юу байсан тэр болгоныг нэг л орой лацдаад л, маргааш нь тооллого хийгээд л, тэгээд л давс, гоймон 2-г лангуун дээр үлдээгээд л, бусдыг бүгдийг нь лацдаад,складанд хийчихсэн. Тэрний дараахан өмч хувьчлал явсан. Тэгээд л ингээд л одоо хурал цуглаан хийгээд л, өмчийг одоо ингээд л хэсэг хэсгээрээ бөөгнөрөөд яриад л, гэхдээ энийг хоорондоо л бөөгнөж ярьж байсан болохоос дээрээс Ардчилсан хувьсгал ингэж гарах гэж байна, өмчийг ингэж хүнд өгөх гэж байна гэсэн суртал ухуулга хөдөөд лав явдаггүй байсан. Бид нар чинь бас ойлгоц авбал авахаар улс ш дээ. Тэгэхэд чинь сумын дарга ч мэддэггүй, намын дарга ч мэддэггүй байсан даа. Тэгээд энэ явцын дунд тасалбар тараагаад, өмч хувьчлаад, тэгээд л нэг 2.., САА чинь их хөрөнгөтэй айл байлаа ш дээ. одоо нөгөө ХАА-техник машинтай, газартай, газраа харин хувьчлаагүй, тэгээд тэрний чинь өмч хөрөнгө хичнээн их юм байлгүй яахав дээ. Гүүзүү /кузов/ машинаас эхлээд трактор комбайн бүх л эд анги, тэгээд тэрний запас хэрэглэл, тэгээд л засварын газар гээд л, их өмч байсан даа, хэдэн зуун сая төгрөг, тэгээд л туслах үйлдвэрүүд байна. Тийм тийм юмнууд байсан болохоор, тэгээд ямар ч учраа мэдэхгүй өмчөө задлаад хаячихсан байхгүй юу, энэ болбол их манайд буруу хийгдсэн. Би тэгж боддогийм.

Саранцэцэг -

Ямар хэлбэрээр улсууд одоо бусдаасаа илүү өмч эзэмшиж авсан гэж боддог вэ?

Туулайхүү -

Хөдөөд болбол ерөөсөө тэр тэрнээсээ илүү юм авчихлаа гэх юм ерөөсөө байхгүй. Яахав, тэгээд л одоо нөгөө цэнхэр тасалбараар авч байгаа улсууд нь төрийн өмчтэй давуу эрх эдэлнэ ш дээ, би одоо нэг 75-трактор барьж байсан бол миний өмч, би өөрөө эдэлнэ гэсэн ийм бодолтой нь нэг за яахав нэг трактор комбайнчтай нэг 150 хүн байлаа, гэхэд тэрний нэг 90-ээд % нь тэрнийгээ авч чадсан. За бусад нь болбол тэгээд нэг мал.., хэдэн хонь монь үхэр ч юм уу, тугалтай үнээ ч байдгиймуу, нэг тиймэрхүү юм авсан. Тэгээд байшин барилгын хувьд ч гэсэн, тиймэрхүү. Тэгээд би өмч хувьчлалыг бол ингэж боддогиймаа, тэгээд тэр сайхан байшин барилга, тийм одоо байшин барилга чинь хөдлөхгүй хөрөнгө ш дээ, тэр хүртэл тэгээд л тоногдоод л ямар ч юм хийхгүй ингээд л үлдсэн, сайн ч тийм юм байсан муу талд ч их юм байсан дөө, өмч хувьчлалаар. Тэгээд энэ өмчийг л их буруу задалсан гэж боддогийм. Аа хот суурин газартаа болбол болсон, орон сууцгүй хүмсүүд орон сууцтай болсон, одоо ингээд хөдөө хоттой харьцулахаар төвийнхөн нь хожоод, хөдөөнийхөн нь алдсан, яагаад гэвэл өмчөө задлаад, одоо нөгөө хамтын хөдөлмөр байхгүй болчихсон, тэгээд яахав, хувийн компаниуд, хэдэн авсан техниктэй улс нь нийлээд, нэг компани байгуулаад, одоо бол арай засраад, гайгүй болж байна л даа, одоо сүүлийн 2,3 жил, хүн хөдөлмөрөө нэгтгээд, компаний байгуулаад техникээ нэгтгээд, хөдөлмөрөө хоршоод ирэхээр нөгөө газар тариалангийн үйлдвэрлэл чинь сэргээд өмч хувьчлалын чинь дараа 91- 96,97 оны үед бол газар тариалан нөгөө гурил будаа тарина гэдэг чинь байхгүй болсон ш дээ. Будаа тариа ч ургахаа байсан, нөгөө өөрснөө ч ард түмнийг шаарддагийг биелүүлж чадахаа байсан, өнөөх нь хэдэн тийшээ тараад явчихсан юм чинь, яадаг юм. Үр нь ч муудчихсан. Одоо бол сайхан болжээ. Улсууд чинь тэрэндээ дасаад, тэгээд хувьчлагдчихсан болохоор чинь өөрийнхөө төлөө ажиллахаар шал ондоо. Тийм байсан.

Саранцэцэг -

Ер нь хувьчлалд, хувьчлахад эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн юм байсан уу?

Туулайхүү -

Байсан. Тэр тухайн үеийн удирдаж байгаа улсуудаас их шалтгаалж байсан байх. Тийм. Бас одоо юм өгчихөөр хүндээ онож өгч чадаагүй, аа зарим авсан улсууд нь юмаа тогтоож чадаагүй, бас одоо хувь улсуудын буруу ч их байсан. Гэнэтхэн ингээд мал авчраад өгчихөөр чинь өөрсдийн сууцнаас өөр юм байхгүй улс чинь яадгийм, 10 хонь өглөө гэхэд хаанаа хийх юм,тэгээд л тийм алдаатай юмнууд гарч байсан.

Саранцэцэг -

Та өмч хувьчлалын тасалбараа аваад яасан бэ?

Туулайхүү -

Нэлээн их байлгаж байгаад би өөрийнхөө компанид өгсөн.

Саранцэцэг -

Ноогдол ашиг авсан уу?

Туулайхүү -

Аа нэг 2 удаа авсаан, тэгээд бүр худалдчихаад ирсэн. Бүр тэр компанидаа өгчихөөд ирсэн, жил болгон нэг хэдэн төгрөг өгдөг байсаан. Тэднийх чинь бас ашигтай ажилладаг.

Саранцэцэг -

Ямар үйл ажиллагаа явуулдаг компани уу?

Туулайхүү -

Үр тарианы. Одоо ч ажиллаж байгаа. Одоо тэр гавьяат техникч Гантөмөр гээд тэрний компани. Тэднийх ургац сайн авна.

Саранцэцэг -

Яг одоо ХАА-н салбарт ажиллаж байсны хувьд хувьчлал байдлаар явагдсан бэ?

Туулайхүү -

ХАА-н салбарын хувьчлал одоо арай л эрт эхэлсийм. Би бол эхэндээ дургүйцэж л байсан. Энэ хувьчлал буруу явагдах нь ээ, сайн ойлгоогүй, ард түмэн ч ойлгоогүй, бид нар өөрснөө ямар ч ойлгоц байхгүй байгаа юм чинь. Тэгэхээр энэ хувьчлал бол арай л эрт эхэллээ. Би бас энэ Засгийн газарт бичиг явуулж байсан. Тэгээд хариу ч ирээгүй, яах ийхийн завгүй явчихсан ш дээ, энэ хувьчлал. Ерөөсөө л сарын дотор бужигнуулаад хаячихсан ш дээ. Ялангуяа малыг болбол, сарын дотор бужигнуулаад л, нэг 10 хоногийн дотор тасдаад тасдаад, тараагаад тараагаад өгчихсөн ш дээ. Манай хөдөө, сангийн аж ахуйд, тэгээд хоосон хоосон конторууд үлдсэндээ бараг, хэдэн албан хаагч нь үлдээд. Малд дуртай нэг нь нэг тугалтай үнээтэй, малд дургүй нэг нь нэг шар аваад л алж идээд л, тэгээд л нэг өвөл идээд л дууссан. Тийм жишигтэй. Аа техниктэй улсууд нь болж байна л даа, бол нэг ....ч байдгиймуу, нэг 25-тай ч байдгиймуу, нэг комбайнтай ч байдгиймуу, нөгөө олон ам бүлтэй айл чинь тасалбараа өгөөд авчихсан, тийм. Манай хөгшин бид 2 бол авсан юм юу ч байхгүй, бид 2 чинь ямар трактор барьж байсан биш, комбайн барьж байсан биш, бид хоёрт ямар юу ноогдохов дээ, надаа нэг 5 хургатай хонь л өгсөн, нэг тугалшуу юм, эхийг нь манай хүргэнийд өгөөд, тугалыг нь би аваад, тэгээд би ..за танайх энийгээ ав, гээд өгөөд л хургыг нь хүргэнийдээ өгөөд харин хонио бол өсгөсөн, хонь чинь лав арван хэд болсон шүү.

Саранцэцэг -

Ер нь одоо малыг малчдад нь өгснөөр сайн нөлөөтэй боллоо гэж боддог уу?

Туулайхүү -

Сайн нөлөө болсоон. Ор малгүй, сангийн аж ахуйн мал маллаж байсан улсууд чинь хувьдаа малаа авчихаар одоо хол ойроос холын аймгаас ирсэн янз бүрийн л улсууд байсан, тэд нар бол цөөхөн өгсөн, малчиддаа бол сайн өгсөн, лав л 25 хургатай хонь ч гэдгиймуу, ямаа тэд гээд ингээд өгсөн. Тугалтай үнээ, унаа морьтой нь өгсөн шүү малчдад, малчдаа бол сайн харж үзсэн.

Саранцэцэг -

Ер нь томоохон газруудыг бол одоо жишээлбэл, үйлдвэрийн газрыг хувьчлаад авчихсан хүн ямар шалгуураар, ямар баталгаа гаргаж одоо замаар ийм том обьектыг хувьчлаад авчихсан гэж боддог вэ?

Туулайхүү -

Тэднийг толгой улсууд дандаа авсан, том байгууллага тэр бол яахав, тасалбар ч байсан байх, тэр том суурин газар төвлөрсөн газар бол мэдээ мэдээлэл сайн байгаа ш дээ, тэр улсуудын чинь толгой нь хүртэл сайн байгаа, гадаадын юмнуудыг бас, гаднаас нөлөөлөх юм, гадаадын юмнаас сургах юм, харах юм бас их байх л даа, боловсрол өндөртэй улсууд, тэд нар хожсон л доо, хожсон ч юм байгаа, алдсан ч юм байгаа, ялангуяа манайхан бол үйлдвэрийг задалдаг бол их буруудсан. Тийм учраас ажилгүй олон хүн болсон ш дээ.

Саранцэцэг -

Ардчилсан хөдөлгөөн гарсны дараагаар ТББ-ууд олноороо гарсан. Та ер нь төрийн бус байгууллагуудтай хэр их харьцаж байсан уу?

Туулайхүү -

За даа, манай хөдөө бол нэг их төрийн бус байгууллага гээд..., Ардчилсан Холбоо эвсэл, Ардчилсан Нам гээд л байдаг байсан. Тэгээд хүн чинь хичнээн таньдаг сайн сайхан найзуудтай байлаа ч гэсэн, үзэл суртал дээрээ таардаггүй, дандаа бие биенийгээ үгүйсгээд байдаг, нэг сүрхий дэвшилттэй.., санаа бодол нь нийлдэггүй .

Саранцэцэг -

Та ер нь ТТБ-уудыг улсад ямар ач тустай гэж боддог вэ?

Туулайхүү -

Одоо болбол бас ач тус байна л даа, ТББ-ууд чинь бас зохих хэмжээний сургалт явуулж байна, хүнтэйгээ бас ажиллаж байна. Бас зөв зүйтэй юм хийж эхэлж байгаа шүү, одоо бол үйлдвэрүүдээ тараах гээд байгаа юм алга, бас үгээ хэлдэг зарим нь, бас нэг ард түмнийхээ нийтийнхээ төлөө үгээ хэлдэг байгууллага байнаа гэж ойлгодог ш дээ.

Саранцэцэг -

Энэ ардчиллын хөдөлгөөн эрэгтэй, эмэгтэй хүмсүүдэд хүйсээр ялгаатай нөлөөлсөн юм байгаа юу?

Туулайхүү -

Үгүй байх дөө, ёстой хэн дуртай нэг нь л орж байгаа ш дээ. Эвсэл мэвсэлд, дуртай нэг нь орно, дургүй тэрний үзэл бодол ч байдгиймуу, тэрнийг зөвшөөрдөггүй нь орохгүй л байгаа ш дээ.

Саранцэцэг -

Эрэгтэй, эмэгтэй улсуудын оролцоо нь ямар байсан бэ?

Туулайхүү -

Заа хөдөө энэ суманд радио телевизээр харж байхад, ер нь тэнцүүхэн харагдаад байдгийм ш дээ. эрэгтэйчүүд нь санаачилдаг, эмэгтэйчүүд нь дагалддаг, бас дэмждэг, ер нь тэнцүүхэн харагдаад байдаг ш дээ. Миний өөрийн дүгнэлт ер нь тэнцүүхэн байх даа.

Саранцэцэг -

Ер нь таны амьдралын туршлагаас харахад эрэгтэй, эмэгтэй улсуудын байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Туулайхүү -

Сайн өөрчлөгдсөн, одоо сүүлийн үед нэг ардчилал гараад л бизнесийн юунд орлоо доо, тээ. Тэгэхэд чинь одоо эмэгтэйчүүд л ихэвчлэн гэр бүлээ тэжээж байна ш дээ. Тэр л нөгөө наймаа худалдаа хийх, тэр нөгөө гахай чирэх, нөгөө гахай гэдэг байхаа, би ямар өөрөө тэрнийг чирч явж үзсэн байсан биш, ер нь л хараад л ингээд л дүгнэлт хийж байхад эмэгтэйчүүд бол маш их дайчин, тэр тал дээр бол эрэгтэйчүүдээс арай л өөр болсон доо.

Саранцэцэг -

Социализмын үед эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого хэр байсан бэ?

Туулайхүү -

Сайн явагддаг байсан, социализмын үед чинь нөгөөх ажилгүй хүн гэж нэг их байдаггүй байсан шүү, хүн заавал ажилтай болгоно. Одоо нэг гэр бүлийн хүмсүүд байлаа гэхэд л ер нь л туслах үйлдвэр дээр ч юм уу, аль нэгэн газар, одоо ахуйн үйлчилгээ гээд л нэг их сайхан газар байлаа ш дээ. Артель гээд, тэрэн дээр чинь одоо маш олон эмэгтэйчүүд орж юм оёж сурч байлаа, юм хийдэг байлаа, САА гэхэд чинь конторынх ч яахав ойлгомжтой, ажилгүй хүн байлгахгүй шүү, дуудаж авчраад л ажил хийлгэнэ. Зүгээр суулгахгүй гээд, хэр таарсан ажлыг нь хийлгэнэ, тэрэндээ ч бас ядуу зүдүү цалин авдаггүй хүн байхгүй байсан шүү, тэд нар чинь ажиллаад тав арван төгрөг заа нэг 180 төгрөгнөөс дээш цалин авдаг л байсан ш дээ. Тэгээд л малчин байна, малаа өгөөд л маллуулна. Ээ дээ, ажилгүй хүн бол тун цөөхөн байсан шүү. Үтрэм гээд сайхан ажил байлаа, ногоо тарьдаг нэг сайхан ажил байлаа, одоо манай Сэлэнгийнхэн чинь ногоо тарьж чадахгүй хүн байхгүй болоо шив. Хүн болгон л ногоочин болж байна ш дээ, бараг. Тийм, тэгэхэд тэр чинь юуны үр шим үү, газар тариалангийн үр шим, газрын үр шим, тэнд ажиллаж байгаа улсуудын хөдөлмөрийн ...нөлөөлж байгаа биз дээ, би бас тэгж боддогийм.

Саранцэцэг -

Таныг залуу байхад эрэгтэйчүүд ямархуу байдалтай байдаг байсан, одоо яаж өөрчлөгдөж байна?

Туулайхүү -

Заа миний залуу үед ч залуучууд ном сурах, биеэ боловсруулах, ялангуяа техниктэй ажиллах, техникийн ажил, техникийн сургуулиудад их сурч байсан дөө. Одоо бол яахав, боловсролтой нь боловсролтой, боловсролгүй нь боловсролгүй, тэгээд одоо янз бүрийн муу арга их сурчихсан, муу аргаар амьдрах одоо үед, их муу тал руугаа орчихож. Одоо бор дарсыг их хэтрүүлэн хэрэглэдэг болчихож, хулгай дээрэм их гардаг болчихож, дээр үед социализмын үед бол их ховор өмчийг чинь нүдлэн хамгаална гэж Улс төрийн товчооноос мундаг тогтоол гарсан, том лоозонтой, гудамжинд бичээд тавьчихдаг тиймээ, хүн болгоныг орос монгол дээр цээжлүүлдэг, сэхээтнүүдээ орос дээр монгол дээр цээжлүүлдэг, зүгээр одоо нэг дунд тушаалаас доод улсуудад бол монгол дээр цээжлүүлдэг, социалист өмчийг нүдлэн хамгаалах гэж том арга хэмжээ авдаг байсан. Том ийм зохион байгуулалттай лоозонтой байсан. Одоо болбол зарим талаараа сайхан дэвшилттэй, олон улсад руу явчихсан юм үзчихсэн, олон хэлний боловсролтой, олон сайхан техник технологийг эзэмшчихсэн, одоо дэвшилт юмнууд их байна. Сайхан байна, аа муу юм ч их байна. Архи уудаг, хулгай дээрэм хийдэг, бас муу юм бол их байна л даа. Сайны хажуугаар саар юм бол бас байна. Тэгээд ер нь эрэгтэй эмэгтэйчүүд сайхан болж дээ, боловсрол өндөртэй, ер нь 100 хүн байлаа гэхэд 80-аад % нь бол ямар нэгэн боловсролтой байна ш дээ. Бичиг үсэг мэдэхгүй хүн бол ховор л байх, гэхдээ залуу үеийнхэнд бол бас байнаа, ялангуяа энэ хүүхдүүд гадуур хүүхдүүд нь подьезд/орц/-онд хоноод явж байгаа улсуудад бол муу байна. Энэнтэй бол манайхан бас ажиллаж л байгаа байх. Залуу үеийг бүр харанхуй болгочихвий гэж айдаг. Бид нар чинь зүдэрч байж нэг бичигтэн болсон улсууд ш дээ. Намайг хүүхэд байхад ....За чи 2 хүн 35 үсгэнд сургана шүү гээд өгч сургаж байсан үе бий ш дээ, надад.

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийн талд ямар бодлого баримталж байсан, гэр бүлийг дэмжиж ямар бодлого явуулж байсан?

Туулайхүү -

Заа, социализмын үед ч яахав гэр бүл бологсод өөрснөө л нэг болгодог байсан даа. Социализмаас өмнө 40 –өөд оны үед бол бариад бариад суулгачихдаг, танай хүүхнийг одоо бэр болгож авна шүү гээд суулгачихдаг, 50-иад, 60-аад оноос бол өөрсдөө саналаараа бие биетэйгээ суудаг байсан даа, тэр богтлож өгдөггүй болсон. Тэгээд нарийн үзэхийн бол бас хуультай чанга дэглэмтэй, одоотой харьцуулахын болбол одоо чинь өнгө мөнгөний юу болчихсон болохоор хэн хэнтэйгээ сууж байна хэдэн удаа сална уу, хамаагүй болчихсон шиг байнаа зарим нэг нь, хүн болгон тийм биш л дээ. сайхан гэр бүлүүд байна, боловсролтой, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлчихсэн, сайхан явж байгаа улсууд их байна, салж сарнисан тааруухан явж байгаа улсууд ч бас байна. Бүүр ч нөгөө гэр орноосоо дайжчихсан, ёстой нөгөө хог түүж идээд явж байгаа улсууд ч байдаг л байх, янз бүрийн л байдаг байх, ямар тэр улсуудтай уулзаад ярих биш. Тэгээд энийг чинь хуулиар их зохицуулалт хийж байна ш дээ. Манайхан чинь дээр үед хуулиа их сайн биелүүлдэг байлаа ш дээ. Ямар ч хуулийг сайн биелүүлдэг. Одоо чинь хуулийн зай завсар чөлөө хуулийн юугаар л гээд байна, энэ болбол хуулиндаа муу биш, хувь улсуудаас л энэ их муу юм гараад байна гэж тэгж боддог. Хуулиндаа захирагддаггүй, энэ гэр бүлийн хууль гэдэг чинь их сайн хууль байлаа ш дээ. Одоо гэр бүл, ийг тогтвортой гэр бүлийг урамшуулдаг, сонин хэвлэлээр сурталчилдаг, хүүхэдтэй хүнд тэтгэвэр тэтгэмж өгдөг, хүүхдийн тэтгэвэр гээд. Тэр чинь их нэмэртэй ш дээ. Тийм, 4 хүүхэдтэй айлд 400 төгрөг, 5 хүүхэдтэй айлд 600 төгрөг, тэрнээс дээш хүүхэдтэй айл чинь 1000 гаргаад ч авах жишээтэй, тэгээд одон медаль өгдөг, “Алдарт эх”-ийн 1,2-р одон гээд л өгдөг, тэгээд л өлгий сүүний мөнгө гээд л өгдөг нам засгаас үед улс чинь бас хүнээ өсгөх талаар том арга хэмжээ авч байсан шүү. Тэгээд бичигтэн болгох, соёлжуулах талаар том арга хэмжээ авдаг байсан шүү. Ямартаа л над 3 хүн даалгаж бичиг үсэг сургах вэ дээ, тээ. Тэгээд л одоо хэл сурах, орой чинь их дугуйлан ажиллуулдаг байлаа ш дээ. Маш их ажилладаг байсан, ерөөсөө. Тэгээд энэ гадаадын мэргэжилтнүүдээр хүртэл одоо орой секц, дугуйлан ажиллуулдаг, юм оёж сургадаг, нөгөө социалист хөдөлмөрийн бригадын чинь үед гадаадын мэргэжилтнүүдийг чинь ашигладаг байсан ш дээ. Арав таван үг заалгадаг, дуу сургадаг бичиг сургадаг, янз бүрийн юм хийдэг байсан, энэ бол соёлтой холбоотой шүү. Одоо бол тэгэхгүй ш дээ, тэгж албадан тэгж зохион байгуулах юм алга. Одоо өргөн нэвтрүүлэг явж байна л даа, телевизээр. Хүн одоо ямар л хэл суръя гэвэл сурахаар болчихож. Чихэндээ радио хийж байгаад сурчихна, телевизээр хэл зааж байна, радио сонсож байна, янз бүрийн хэвлэл ном их болчихож, хүн л өөрийгөө дайчилж чаддаг болбол хичнээн ч дээд сургууль төгссөнтэй адилхан ном ашиглахаар болсон байна. Бидний үед бол тийм юм байхгүй л байлаа ш дээ. 2000 үгтэй 5000 үгтэй словарь/толь бичиг/ л оросын словарь нухаад байдаг, нухаад байдаг, үг цээжлээд л байдаг, холбоод ярих гэхээр чаддаггүй тийм л байлаа ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харьцдаг байсан бэ?

Туулайхүү -

Заа нэг шагналын журмаар Орос руу нэг явна, ардчилсан улс руу нэг шагналын журмаар явна. Сурах журмаар яахав залуучууд нэг явдаг, нэг одоо үнэхээрийн одоо сурах, төв хорооноос ч байдгиймуу, Засгийн газраас ч байдгиймуу, нэр томилж явуулна, тийм байсан. Одоо бол дуртай сургууль руугаа явж байна ш дээ. Одоотой харьцуулахад бол цөөн явдаг байж. Тэгэхдээ л манайхан чинь түүхээс харж байхад үгүй ээ мөн олон явж сурч байжээ. Монгол хүний толгой потенциал гэдэг чинь тэр аяараа л одоо бодож байхын компьютер байж дээ. Одоо манай нэг ах байдаг ш дээ, 5,6 улсын хэл мэддэг. Тэр толгой дотор ямар сайхан толгой юм, энэ компьютер байхгүй байхад.

Саранцэцэг -

Монголд ер нь ямар гадаадын иргэд амьдардаг, ирж очдог байсан бэ?

Туулайхүү -

Хэдэн элчингүүдээс өөр юу байсийм. Элчингүүд л байдаг байсан байх. Би одоо бодоод л байдаг юм. Орос ах нар бол их байсаан. Бүтээн байгуулалтанд их юм хийж өгсөн ш дээ, ХАА-д ч их юм хийж өгсөн, энэ үйлдвэрүүдэд ч их юм хийж өгсөн. Энэ Улаанбаатарын тохижилтонд, барилга байгуулалтанд их юм хийж өгсөн дөө. Олон ч хүн сурсан.

Саранцэцэг -

Энэ үйлдвэрүүд дандаа гадаад орнуудын тусламжтай, тэр дундаа социалист орнуудын тусламжтай байгуулж байсан уу?

Туулайхүү -

Тийм. Одоо мах комбинат гэхэд чинь л Германых, энэ гутлын үйлдвэр гэхэд чинь л Чехийнх, заа тэгээд л энэ АПУ мапу чинь Оросынх, маш их олон, ер нь л энэ ардчилсан 15 орон чинь бүгд л тусалдаг байсан ш дээ. Сургуульд гэхэд чинь л багш нар ирж сургадаг байсан, барилга байгууламж гэхэд чинь л их барьж өгч байсан ш дээ, тэгээд тэр үйлдвэрүүдийн технологиудаа ч өгч байсан. Энэ арьс ширийг чинь боловсруулах, энэ үйлдвэр өгөх л их ёсгүй байсан юм манайхан, энэ малын гаралтай үйлдвэрүүд ноос угаах арьс шир боловсруулах гээд их сайхан юмнууд байлаа ш дээ, одоо юу ч байхгүй.

Саранцэцэг -

Үйлдвэрт одоо жишээ нь арьс ширний үйлдвэрт ажилд оръё гээд очиход ямар журмаар үйлдвэрийн ажилтнаар авах уу?

Туулайхүү -

Өө тэр чинь өргөдлөө хийгээд л очно. Тэгээд л одоо нэг сайн мэргэжилтэй ажилчин байлаа өөрөө, намайг дагалдуулна, одоо сарын дагалдан ч байдгиймуу, одоо сарын хугацаатай дагалдуулаад, сайн сурах юм болбол яахав нэг хэдэн цаасны цалин өгнө л дөө, дагалдангийн хугацаанд, сайн сурахын болбол урамшуулаад, мэргэжлийнх нь үнэмлэх гээд бас нэг жаахан юм бичээд өгчихнөө бас.Тэгээд тэр хүнтэй зэрэгцээ ажиллаад, ингээд цалингаа нэмүүлээд явчихна. Дагалдан их сургадаг байсан, дагалдангаар тэр техник дээр яаж ажиллах уу, яах уу, тэр технологийг их сургадаг байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрт ихэнхдээ ямар улсууд голдуу очих уу?

Туулайхүү -

Өө ихэнхдээ тэгээд залуучууд голдуу ордог байсан. Оёдлын үйлдвэр, гутлын үйлдвэр, ээрмэлийн үйлдвэр, тэр чинь их олон төрлийн үйлдвэр байсан ш дээ. дандаа л өргөдлөө бичээд л нөгөө захиргаа үйлдвэрчнээр, эхлээд л Үйлдвэрчний хороогоор цохуулаад л захиргаанд өгчихдөг. Тэгээд л ажилд ордог. Тэр үед чинь мэргэжлийн улс их цөөхөн байлаа ш дээ. Мэддэгээсээ мэддэггүй нь их, ёстой л бор зүрхээрээ гэдэг шиг, тэгээд л үйлдвэрийн сайн ажилчин болдог. Хөдөлмөрийн баатар хүртэл болж байсан, үйлдвэрээс.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын цалин мөнгө хүрэлцээтэй байсан бол уу?

Туулайхүү -

Хийснээрээ л авдаг байсан. Их сайн хийдэг нь сайн аваад, дунд хийдэг нь дунд зэргийн 200, 300-г аваад, бага хийдэг нь нэг зуун хэдийг авдаг байсан байх. Тэр үеийн зуун хэдэн төгрөг 500 төгрөг гэдэг чинь одоогийн сая төгрөгтэй адил биш үү, одоо юмны өртөг бага, мөнгө өндөр үнэтэй өндөр ханштай байсан болохдээр. Бод доо, Ерөөгийн САА-аас бид 100 төгрөгтэй ирчихээд, 3 хүүхдээ хувцаслачихаад, өөрийгөө хувцаслачихаад, буцдаг байсан ш дээ. Тэгэхээр чинь мөнгөний ханш их өндөр байсан байгаа биз. Тэр үеийн чинь 70, 80 цаасны цалин чинь өндөр, хангалттай л цалин байхгүй юу.

Саранцэцэг -

Үйлдвэрийн ажилчдын хангамж ямар вэ?

Туулайхүү -

Өө яахав дээ, гайгүй ш дээ. Үйлдвэр дээрээ хоолоо идчихнэ, дотроо бас цайны газартай, хямдхан өгдөг. Ер нь 1 төгрөгнөөс л доош, 1 төгрөгний үнэтэй хоол гэдэг чинь нэлээн сайн хоол байна ш дээ, 1 хүн чинь нарийлаад, 80 мөнгө 50 мөнгөний талх аваад цайтайгаа, ер нь 1 төгрөгөөр бол хангалттай хооллочихоод гардаг байсан ш дээ. Одоо 1 төгрөгөөр ямар хоол авч идэх үү, юу ч авч чадахгүй ш дээ. 1 төгрөг нь ч алга, 1 төгрөгний дэвсгэрт ч байхгүй болчихсон байна. Одоо 100 төгрөгтэй хүн хоол авч идэж чадахгүй ш дээ.

Саранцэцэг -

Ер нь бол үйлдвэрийн ажилчдын зэрэг дэвийг тогтоох уу?

Туулайхүү -

Өө мэргэжлийн хичээл заана, шалгалт авна, мэргэжлийн зэрэг тогтоож өгнө, тэгээд нөгөө 1-р зэрэгтэй, 2,3-р зэрэгтэй, 4,5,6-р зэрэгтэй хүн чинь аягүй өндөр зэрэглэлтэй, тэр хүн бол өндөр тарифтай, юм болгон тарифтай, тэрүүгээрээ цалинждаг байсан.

Саранцэцэг -

Үйлдвэр дээр социалист хөдөлмөрийн төлөө бригад гэдэг юм ажиллаж байсан уу?

Туулайхүү -

Тийм, ажиллаж байсан. Бөөн бөөнөөрөө хөдөлмөрөө хоршиж. Нөгөө дамжлагаар явдаг, би одоо энэ цамцыг оёход, энэ юмыг би оёод, энэ цамцыг чи оёод, энэ товчийг нь оёод ингээд дамжлагаар аягүй хурдан хурдан гаргаад явчихдаг, тэгэд брак /гологдол/ оёж болохгүй, тэрийгээ төлнө. Тэгэхээр хүн маш сайн юм сурдаг байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажлаас гадуур ажил амралтын, олон нийтийн, ямар арга хэмжээ зохиогддог байсан бэ?

Туулайхүү -

Өө тэр янз бүрийн дугуйлан сургалтууд их явагдана. Тэгээд л энэ гадаадын мэргэжилтнүүдийг чинь ажиллаж байхад хэл сургах гээд бас их яана, оройн цагаар бас тэр технологиудаа их заадаг, ажлын бус цагаар, ажил дээрээ нэг их заахгүй ч гэлээ гэсэн ажил тараад, нэг 2 цаг завсарлачихаад, тэгээд буцаж ороод нэг улсууд чинь их идэвхтэй тийм байдаг байсан.

Саранцэцэг -

Та болон таны гэр бүлд гадаад найз нөхөд байсан уу?

Туулайхүү -

Байсан.

Саранцэцэг -

Монголчууд ер нь гадаадын улсуудтай харьцаа сайтай л байдаг байсан уу?

Туулайхүү -

Харьцаа сайтай байдаг байсан. Ерөөсөө л тэгээд л нэг эвэнд орчихдог. Никита Тимерова гээд, тийм орос хүүхэн байдаг байсан, өөрөө оёдлын мэргэжилтэй хүн байсан, нөхөр нь трактор комбайны механик хийж байсан байхаа, бид хоёр 2, 3 жил үерхсэн. Би тэрнээсээ юм оёж сурсан, их нөлөөтэй ш дээ. Гэртээ дугуйлан ажиллуулаад, тэгээд нөгөө гоё гоё палаажуудыг чинь Зүүнхараагийн хүүхнүүд оёж сурсан ш дээ, САА-н хүүхнүүд нөгөө эрээн даавуу аваад, тэр бол өдөр оройн цагаар гэртээ авчирч байгаад 1 хүн орсон ч зааж өгнө, 10-уулаа орсон ч зааж өгнө, тэгж амьдардаг байсан, хөөрхий.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед гадаад эд бараа олж авъя гэвэл хаанаас яаж олж авдаг байсан?

Туулайхүү -

Тэр үед чинь Оросын бараа бол элбэг байдаг байсан. Дандаа Оросоос бараа ирж байлаа ш дээ, Оросын гутал хувцас, даавуу даалимба чинь. Хятадаас бол цөөхөн юм орж ирдэг байсан. Торго дурдан л их ирдэг байсан дөө, хятадын бараа чинь, хүнснээс чинь улаан чавга, үзэм тиймэрхүү л юм ирдэг байсан байх. Нар хамба, нандин чавга гэсэн юмнууд. Голцуу л манайх болбол Оросын бараа л авдаг байсан.

Саранцэцэг -

Та гадаад орнууд руу явсан уу?

Туулайхүү -

Орос улсад 2 удаа явсан.

Саранцэцэг -

Ямар санагдсан танд?

Туулайхүү -

Зүгээр, найрсаг. Дандаа нөгөө ХАА-н чиглэлээр явж байгаа болохдээр нөгөө л өөрийнхөө л хийж байгаа ажлын шугамаар л харж үзэж явахаас тэрнээсээ хэтэрдэггүй л байж дээ, одоо бодож байхад.

Саранцэцэг -

Монголчууд ер нь оршуулгыг ямар журмаар, дээр үеэсээ улсуудаа яаж оршуулдаг байсан бэ?

Туулайхүү -

Их хүндэлдэг байсан дөө. Дээр үед бол ил, их сайхан наранд ээвэр газар, энгэр газар, тэгээд одоо хойд үеэ бодож, үр хүүхэд төрөл төрөгсөддөө муу юм болгохгүй гэж, сайн сайхныг бодож, тэр хүнээ хүндэлж, ингэж оршуулдаг байсан. Бурхны номын бичигтэй даавуугаар бүтээдэг, тэгээд чулуу толгой доор нь тавиад, тэгээд хадгаар нь чулуугаа бүтээж хүндлээд, таныгаа бүтээгээгүй ертөнцийгөө харж байгаа шүү гэж хэлээд, тэгээд хадгаа дээрээ дэлгэж тавиад, одоо лус савдгаа аргадаж байгаам. Тэр заншил нь. Тэгж оршуулдаг байсан. Аа сүүлдээ тэр чинь жаран хэдэн оноос хотоос л гарсийм даа, далд газарт булж оршуулдаг чинь. Одоо бүр улам боловсронгуй болж дээ, одоо нөгөө чандарлаад, сүүлийн шатаадаг.., тэрийг болбол их зүгээр юм гэж бодож байгаа. Нэг их хүн амьтан алхаад гишгээд байхгүй, тэрнээс нь жаахныг нь аваад хананд нь юу яагаад, булштай оршуулгын газар нь, тэгээд тэнд нь олон лам нар ирж ном уншдаг, тийм болчихсон юм байналээ. Тэр оршуулгын газар. Тэгээд одоо оршуулгын газар энэ 70 давхар, ингээд айл буучихсан, ямар их газар сүйтгэж байнаа манайхан, тэгээд тэрийг их зөв юм байна даа гэж би газар сүйтгэхгүй, тэрийг зөв юм гэж дотроо боддог.

Саранцэцэг -

Танд аягүй их дурсгалтай эд зүйл байдаг уу?

Туулайхүү -

Манай ээж, аав тайж хүмүүс байсан болохоор тэрний нь хүний отго, жинс байдаг. Тийм, тэрний нь хадгалдаг даа.

Саранцэцэг -

За таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.

Туулайхүү -

За баярлалаа, та нарын ажилд амжилт хүсье. Эрүүл энх, урт удаан наслаад санасан ажил чинь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.

Саранцэцэг -

Ерөөл бат оршиг ээ, танд бас сайн сайхныг хүсье, эрүүл энх байгаарай.

Туулайхүү -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.